Category: Монголын түүх

  • Шашны талаарх Манжийн бодлого, сүм хийдийн зохион байгуулалт

     Мөн Манж улс эрэлхэг байлдаанч монголчуудын дунд номхон хүлцэнгүй, энэрэнгүй ёс, номлолыг гол болгосон бурхны шашин дэлгэрэх явдлыг дэмжиж байсан Мин улсын бодлогыг үргэлжлүүлжээ.
     Манжийн хаадын XVII зууны 30-аад оноос 1690-ээд он хүртэлх хугацаанд бурхны шашны талаар явуулсан төрийн бодлого нь шарын шашнаар дамжуулан монголчуудыг өөртөө татахын зэрэгцээ Монгол дахь байр сууриа бататган бэхжүүлэхэд чиглэжээ.
    1 Жамбадорж.”Болор толь”. Хөх хот. 1984. Тал 502.
     Өмнөд Монголь дахь шашны сүм хийдийг нэгдмэл удирдлага, төвтэй болгон захирахын тулд Өвөр Монголын Жанжаа хутагт Агваанчойндан /1642-1714/-ыг шарын шашны тэргүүнээр өргөмжилж, Долоннуурт сүм байгуулж өгчээ. Манжийн хаан 1733 онд Жанжаа хутагтыг Чин гүрний төрийн багш болгов1. Тэгээд Халх, Хөх нуур, Түвэдэд Манжийн төрийн бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх төлөөлөгч болгон түүнийг ашиглах болов.
     1691 онд Манж нар Долоннуурын чуулганаар Халх Монголыг эрхэндээ оруулж явахдаа Халхын шарын шашны тэргүүнээр 1639 онд өргөмжлөгдсөн Жибзундамба хутагт Занабазар /1635-1723/-ыг хэвээр нь үлдээжээ2. Мөн нийт сүсэгтэн монголчуудад зориулан “Буяныг цугларуулагч” хэмээх сүм байгуулж өгчээ.
     Манжийн Найралт төв хаан 1723 онд Халхын I Жибзундамба хутагтад “шашныг мандуулагч” цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөл хүртээж, түүний шавь нарыг захирсан Эрдэнэ шанзудба ба Их Хүрээний хамба Номун ханд тамга олгожээ.
    1 Дамчойжамсу.”Цагаан лянхуа эрхэс”. Бээжин. 1996. Тал 85.
    2 Галдан. “Эрдэнийн эрхи хэмээх түүх болой”.УБ.1960.тал 106.
     Монгол дахь бурхны шашны үзэл суртал болон сүм хийдүүдийн оюун санааны эх ундарга болж, удирдан чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Түвэдийн байр суурийг өөрчилж, энэхүү гол төвийн эрх, үүргийг Бээжинд шилжүүлэх бодлогыг Манжийн хаад баримталж байв. Манж нар шарын шашныг Чин улсын төрийн шашин хэмээн тунхаглаж, хутагт хувилгаадыг зүйл бүрээр ивээн хөхүүлж байв.
     Манжийн төрөөс Монголд бурхны шашны шарын урсгалыг дэлгэрүүлэх бодлого баримталж байв. Монгол нутагт улааны шашныг шүтэх явдлыг албан ёсоор цаазлан хориглож, зарим үед зөвхөн шарын шашныг чандлан сахих талаар зарлиг гаргахад хүрч байв.
     Халхын шарын шашны тэргүүн Жибзундамба хутагтын Хүрээний засаг захиргааны зохион байгуулалт гэвэл, бүх дээд эрхийг хутагт барьж, гүйцэтгэх эрх баригчийг томилж байв.
     Долоннуур хотод 14 хутагт хувилгаан байнга сууж байсны 8 нь их хутагт байжээ2.
     Сүм хийд олноор байгуулагдаж, лам нарын тоо олшроход Монгол язгууртнууд их үүрэг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн эзэмшил хошуунд сүм хийд байгуулж байв.
    1 С.Пүрэвжав.”Хувьсгалын өмнөх Их Хүрээ”. УБ. 1961. Тал 30.
     Манжийн төрөөс Монголыг баримтлан захирах талаар удаа дараа гаргасан хууль цаазын бичгүүдэд Монголын шарын шашин, том хутагт хувилгаад хийгээд сүм хийд, лам, шавь нарын эрх зүйн харилцааг зохицуулж баталгаажуулсан байдаг.
     Гэхдээ Манж нар Монголын шарын шашны талаар баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчлөлгүй хэвээр үргэлжлүүлж, хүрээ хийдийг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авч байжээ.
    1900 оноос өмнө Монголд нийт 246 гэгээн хувилгаан байсны 147 нь Өмнөд Монголд, Хөх нуурт 35 хутагт байжээ. Халх Монголд Манжийн Жибзундамба хутагтаас гадна 13 байв. 1814 онд зөвхөн Жибзундамба хутагтын Их шавийн харъяанд 26 хутагт хувилгаан байв2.
    2 С.Пүрэвжав. “Монгол дахь шарын шашны хураангуй түүх”. УБ.1978. тал 194.
     XIX зууны сүүл үе гэхэд Монголын лам нарын тоо нийт эрэгтэйчүүдийн гуравны нэгийг эзлэх болсон бөгөөд зөвхөн Ар Монголд 100 000 гаруй лам байжээ. Лам нарын энэхүү механик өсөлтийн нөгөө талд сүм хийд, дуган номын газар бас олширч байв. Ар Монголд 940 гаруй, Өмнөд Монголд 1800 гаруй сүм хийд, хурал номын газар, 150 000 орчим лам байжээ.
     Манжийн төрөөс Монголын шашны талаар явуулсан бодогыг он цагийн хувьд үндсэн 2 үе шатанд хуваан үзэж болно. Эхний үе нь XVII зууны эхнээс XVIII зууны дунд үе буюу манжууд Өмнөд Монголыг эзлэхээс Амарсанаа, Чингүнжавын бослогыг дарах хүртэлх үе юм. Энэ үед Манж нар Монголд шинэ тутам тогтоосон засаглалаа бататгахад шашныг ашиглахын тулд хутагт  хувилгаадыг хүндэтгэн өргөмжлөх, улмаар тэдний тоог олшруулах, сүм хийд байгуулах, лам нарыг элдэв алба гувчуураас чөлөөлөх зэргээр шарын шашныг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлэх бодлого явуулж байв. Удаах үе нь XVIII зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх хугацааг хамарч байна. Энэ нь Монголд шашин дэлгэрүүлэх Манжийн төрийн урьдын бодлого суларч, түүний зохицуулалт, хэм хэмжээ аажмаар алдагдаж эхэлсэн үе юм. Манж нар Монголд шашин хүчлэн дэлгэрүүлэх урьдын бодлогоо өөрчилж, түүнийг аль болох тодорхой хэмжээ хязгаарт барьж байхыг оролдсон хэдий ч нэгэнт эрч хүчийг олсон сүм хийд, лам нарын олшролтыг бүрэн хянаж, зогсоож чадаагүй юм.
     Тийнхүү Манж нарын Монголын шашны талаар явуулсан бодлого нь яван явсаар монголчуудыг цэрэг байлдааны чадвартай байлгах, төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг алдагдуулж, Монгол орныг шарын шашны ёс сурталд хэт автагдсан газар болгон хувиргасан байна.
                                      Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан
     
  • МОНГОЛООС АНХ ТОДОРСОН МАРШАЛ ЖУКОВ

    Оросуудын ярьдгаар, Жуков бол эх орны их дайны гол сахиус (бог) нь байлаа. Москвагийн дэргэд немцүүдийн галзуурсан довтолгооныг анх зогсоон бут цохиж, Ленинградыг хамгаалж, 900 хоног үргэлжилсэн бүслэлтийг нь сэт цохин, Сталинградын тулалдаанд ялснаар дайны явцад үндсэн эргэлт гаргаж, Курскийн тулалдаан, Украина, Белорусыг чөлөөлөх, 1945 онд Берлинийг буулгах операцийг зохион байгуулахад Жуковын стратеги тактикийн ухаан,ур чадвар, эр зориг, шийдэмгий зан чанар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна маршал Жуков монголчуудад элэгсэг дотно хандаж, Монгол оронтой холбогдсон хувь тавиландаа талархаж явсныг бахархмаар. Тэр агуу их жанжны дайн тулалдааны ялалтын гараа Монгол орноос эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэгджээ.
    ХАЛХ ГОЛ БА ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ
    1939 оны 5-р сараас Монголын зүүн хил дорнод тал, Халх голын орчмоор Япон баргын цэрэг түрэмгийлэн довтлоход, Зөвлөлт, Монголын цэргийн ажиллагаа эхэн үедээ хүчин мөхөсдөж байсанд Сталины сэтгэл түгшиж, Батлан хамгаалах ардын комиссариатын санал болгосноор армид хаант засгийн үеэс эхлэн 24 жил алба хаасан, морин цэргийн туршлагатай дарга, Белорусын цэргийн тойргын командлагчийн орлогч, дивиз командлан захирагч Жуковыг Москвад яаралтай дуудаж, Монгол руу шууд илгээсэн юм билээ. Ингээд Жуков 1939 оны 6-р сарын 12-ноос Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн тусгай корпусын командлан захирагч, улмаар Зөвлөлт, Монголын 1-р Армийн группын командлагчаар томилогдож, 1939 оны 5-8 дугаар сард Халхын голд Японы цэргийн 6-р армийн томоохон бүлэглэлийг бүслэн бүрмөсөн бут цохих операцийг гарамгай удирдаж ЗХУ-ын баатар цолыг анх удаагаа хүртсэн юм.
    Ийнхүү Халх голын зарлаагүй дайн нь Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар дууссан нь Ази тивийн үйл явдал мэт боловч тэр нь дэлхийн II дайны эхлэл, анхны том сорилт, туршилт байсан гэж нотолдог судлаачдын тоо нэмэгдсээр байна.
    Халхын голын ялалт Жуков жанжны баатарлаг түүх намтрын эхлэл байлаа. Энд тэр анх удаа томоохон тулалдаан удирдсан. Зөв мэргэн тактик боловсруулан хэрэгжүүлж түүхэн том ялалт байгуулсан. Эндээс л түүний алдар суу, цэргийн агуу их жанжны гараа эхэлсэн гэж дүгнэхэд нэг их ташаа дүгнэлт болохгүй бизээ. Урьд нь олонд танигдаагүй, Сталин барааг нь ч хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй корпус командлагч Жуковалс холын Монголын тал нутгаас , их Чингис хааны төрж өссөнтэр өлгий нутгаас анх тодорсон нь түүний асар их ирээдүйн эхлэл байжээ. Их Чингис хааны ялан дийлэх ухаан билгийн өлзий хутаг Жуков жанжинд дамжин уламжлагдсан байж ч болох юм гэж бодогддог удаа цөөнгүй.
    Жуков жанжин хожим нь Монгол орныг, Халхын голыг, монголчуудыг хамгийн их талархалтайгаар эргэн дурссаар, эх орны дайны фронт дээр зөвхөн ЗХУ-ын баатрын анхны тэмдэг, Халх голын байлдааны “Бид ялав” медалиа зүүж явдаг байсан гэж дурсан ярьсан байдаг.
    Халх голын ялалтындараа Г.К.Жуковыг Монголд 1940 оны 4-р сар хүртэл байлгаж, Монголын ардын армийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан нь тохиолдлын шийдвэр биш ч байж мэднэ. Зөвлөлтийн Улаан армийн олон шилдэг дарга нарыг хоморголон баривчилж байсан улс төрийн их хэлмэгдүүлэлтээс Жуковыг Монгол орон аварч, хадгалж үлдээсэн байж ч болох талтай. Г.К.Жуков болон К.К.Рокоссовский, И.С.Конев, В.А.Судец зэрэг зөвлөлтийн таван маршал, И.И.Федюненский, И.А.Плиев зэрэг армийн генералууд, Зөвлөлтийн цэргийн олон нэрт зүтгэлтнүүд манай Монголд алба хааж, Халх голд байлдаж явсан хүмүүс дараа нь Эх орны дайны фронт дээр гарамгай гавьяа байгуулцгааж, нэр алдар нь түүхэнд мөнхлөгджээ. Эх орны дайны үеийн фронтын домогт сурвалжлагч, нэрт зохиолч Константин Симонов Халх голын тулалдааныг биечлэн сурвалжилжээ.
    Халх голд хүчтэй дайсантай тулгарсан хатуу ширүүн энэ тулалдаанд баатарлаг тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан Зөвлөлтийн дайчдаас 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, эрэлхэг нисгэгч С.И.Грицевец, Г.В.Кравченко, Я.В.Смушкевич нарт ЗХУ-ын анхны хошой баатар цолыг олгожээ.
    Монгол цэрэг эрс энэ дайнд хүч хамтран оролцож Эх орноо хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан билээ. Жуковоос Сталинд албан ёсоор танилцуулахдаа Монголын цэрэг сайн байлдсан, багагүй хохирол амссан гэж тэмдэглэсэн байдаг. Улаан армийн удирдах ажилтны нэг зөвлөлгөөний үед монгол цэрэг байлдааны бэлтгэл, зэвсэг техникийн хангалтаар тааруухан байсныг дурдсан нь бий. Хамгийн хатуу ширүүн довтолгоонд оросуудл ордог байсан гэж манай ахмад дайчид дурссан баримт олон байдаг. Магадгүй, 1939 онд бидний эцэг өвгөд Халх голын дайнаас амар мэнд буцаж ирсэн нь оросууд, Жуков жанжин тэдний минь амийг дэмий үрэхгүй гэж өөрсдөө түрүүлэн давшиж, дайсны сумыг цээжээрээ хааж ялж дийлж байсан их эр зориг, Монголыг хайрлах нинжин сэтгэл, гэгээн ухаан байсан юм биш үү. Гэхдээ Жуковын хувьд монгол цэрэг дарга нарын нийтийн баатарлаг үйлсийг олонтоо биеэр үзсэнээ, морин цэргийн домогт дарга, гарамгай баатар Л.Дандарын удирдсан 6-р дивиз хэрхэн эрэлхэг зоригтой тулалдаж, залуу жанжин Ж.Лхагвасүрэн монгол цэргийнхээ анги нэгтгэлийн давшилтыг чадамгай удирдаж байсныг талархалтайгаар дурсдаг байжээ.
    Ямар ч байсан Сталин хувь заяаны тохиолдлоор Дэлхийн 2-р дайны ялалтын жолоог Г.К.Жуковын гарт Халх голоос эхэлж атгуулжээ. Зөвлөлт Монголын цэрэг Халх голд Японы цэргийг бут ниргэсний үр дүнд 1939 оны 8-р сард Герман улс ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээг яаравчлан байгуулж, Япон урьд нь Германтай тохиролцсон холбоотныхоо үүргийн дагуу 1941 онд ЗХУ руу хоёр талаас нь нэгэн зэрэг хавсран довтлох стратеги төлөвлөгөөнөөсөө бүрмөсөн татгалзжээ. Үүний дунд Зөвлөлтийн дорнодхилийг Японы довтолгооноос хамгаалахаар байрлуулсан 40 дивизийг 1941 оны намраас Москвагийн дэргэд Германы цэргийн довтолгооныг зогсоон бут цохиход татан оролцуулах боломж гарч, Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө нурахад хүргэсэн түүхэн ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбогдуулж Японы цэргийн нэг томоохон зүтгэлтэн ”Бид Хасан нууртцэрэг дайны анхны, Халхын голд дунд шатны сургамж авсан бол дээд шатныхыг авах гэх хэрэггүй юм” гэж тэмдэглэж байжээ. Квантуны арми Халх голд бут цохигдсондоо удтал хорсож, Гитлерт алтан цар (поднос) илгээж, Жуковыг олзолж, толгойг нь түүн дээр тавьж илгээхийг гуйсангэсэн яриа ч байдаг.
    Халх голын дайн бол Зөвлөлтийн эх орны дайны оршил, эхлэл (генеральная репетиция) байлаа. ЗХУ нь орчин үеийн томоохон дайнд хэрэглэх танк, онгоц, агаарын пуужин зэрэг бүх зэвсгээ туршин, эх орны дайны өмнө амжиж сайжруулах арга хэмжээ авч, цэрэг армийнхаа зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,байлдааны бүх дүрмээ шинэчилжээ. 1939 оны 8-р сарын 31-нд Халхголд дууссан дайн тулалдааны сургамжийн тухай асуудлыг 9-р сарын 2-нд Москвад анх авч хэлэлцсэн байдаг.
    АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МАРШАЛ
    Эх орныдайнд аль ч хэсэгт Жуковгүйгээр шийдвэрлэгдсэн асуудал, ялалт байгаагүй гэж санагддаг. Тэр Халх голын ялалтын дараа анх удаа Сталинтай нүүр учрах боломж гарч, ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, армийн генерал цол хүртэн Улаан армийн дээд удирдлагад багтан оров. Улаан армийн жанжин штабын дарга, авьяаслаг жанжны хувьдболох гэж байсан дайны талаар хамгийн их мэдэрч, төсөөлж, санаа зовсон хүний нэг нь Жуков байжээ.
    Нэгэн зүйл. Европын бүх улсуудын цэрэг эдийн засгийн чадавхийг шавхан дайчилж, дэлхийн томоохон империалист гүрнүүдийн ил далд дэмжлэгт дулдуйдан шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы фашист арми улангасан довтолсоор Кремльд 25-хан км-т дөхөн ирж, немцүүд ялалтын баяртаа бэлтгэж, шагналынхаа одон медалийг вагон вагоноор ойртуулж байхад, Зөвлөлт Засгийн газар, гадаадын бүх элчин сайдын яамдыг Куйбышев хотод шилжүүлэн, Сталин хүртэл Ярославскийн вокзал дээрээс Москваг орхих эсэхээ шийдэж ядан хойш урагш алхан тэвдэж явахад Москваг немцүүдэд алдахгүй гэдгийг хэлж чадсан төдийгүй хэрэгжүүлж чадсан гавьяатан бол Жуков. Гитлерийн ялагдашгүй гэгдсэн цахилгаан дайны төлөвлөгөөг анх замхруулж, Москвагийн дэргэд Улаан армийн анхны ялалтыг байгуулснаар Георгий Жуков Зөвлөлтийн ард түмний үндэсний баатар болж, дэлхийд алдаршиж, нэртжанжны зэрэгт хүрчээ.
    Алдар нэрийн оргилд гарах, дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын булаан эзлэлтээс аврах ялалтын зам нь хэзээ ч шулуун дардан байгаагүй, алхам тутамдаа ялах, ялагдахын хутганы ирэн дээр дэнжигнэж байжээ. Жуковт байгалиас заяасан цэргийн жанжны агуу их авьяас билэг, тэсвэр хатуужил, эгнэшгүй хатуу чанга шаардлага нь өөртнь нэг биш удаа гай болохдоо болдог байсан ч, хүн хүнээс илүү ширүүн дориун ааш зан нь чухамхүү хамгийн аймшигт дайсантай үхэх сэхэхээ үзэж, амь өрсөлдөн тэмцсэн тэр хэцүү цагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Жуковыг улам бүр тодруулан ялгаруулж байсан хэрэг.Дээд ерөнхий командлал дээр асуудал шийдвэрлэх үед Сталины өөдөөс ам нээж, бодол саналаа хамгаалах Жуковоос өөр цөстэй зоригтой эр хэзээ ч гарч байсангүй. Тиймдээ ч Сталины зөрүүд, дээрэлхүү зан хөдөлж “Бид Ленингүйгээр болсон юм, тангүйгээр болох л байлгүй” гээд түүнийг Жанжин штабын даргаас чөлөөлж, фронт командлагчаар явуулсан удаатай. Гэхдээ Жуковын цэргийн жанжны эгнэшгүй авьяас чадвар, эрэлхэг зан чанарыг эцсийн эцэст зөв үнэлж, шийдвэрлэх том тулалдаан болгоныг бэлтгэж, зохион байгуулахдаа түүнд асар их найдвар хүлээлгэж, Дээд ерөнхий командлагчийн орлогч, батлан хамгаалах ардын комиссарын 1-р орлогч болгосон нь Сталин удирдагч хүний хувьд гол хүнээ зөв таньж түшиглэж чадсан гавьяа нь оршино. Түүгээр ч үл барам Жуковыг элдэв хэл ам, атаархагчдын дайралт, хардлага сэрдлэгээс хамгаалдаг, Жуковыг би мэднэ, Жуков хэзээ ч Намын Төв Хорооны эсрэг явах хүн биш гэдэг байжээ.
    Нэгэн зүйл. Сталинградын дэргэд Зөвлөлтийн улаан арми немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч, дэлхийн 2-р дайны явцад эцсийн эргэлт гаргасныг тохиолдуулж, цэргийн дээд жанжингуудад олгох Суворовын одонгийн хамгийн эхний нэгдүгээр үнэмлэхтэйг нь Жуковт гардуулж, дайны жилүүдэд ЗХУ-ын маршал цолыг хамгийн анх Жуков толгох тухай Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газарт шууд удирддаг даргынх нь хувьд Сталин тодорхойлохдоо ”Жуков Москваг аварсан юм” гэж товчхон бичсэнээ “хангалттай гэж бодож байна” гэжээ.
    Нэгэн зүйл. Германы булаан эзлэлтээс Зөвлөлтийн газар нутгийг бүрэн чөлөөлөх нүсэр тулалдааны явцад 1944 оны 4-р сард Украиныг чөлөөлсний төлөө аугаа их эх орны дайны үеийн цэргийн хамгийн том шагнал Ялалтын одонгийн анхныхыг Жуковт гардуулж,1944 оны 7 сард Белорусыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын баатар цолоор хоёр дахь удаагаа шагнасныг Сталин, Калинин хоёр гардуулжээ. Ер нь Ялалтын одонгоор 9 удаа шагнасан бөгөөд ганцхан Жуковт нэг жилийн дотор 2 удаа олгосон нь түүнийг ЗХУ-ын төр, ард түмэн хэрхэн өндөр үнэлж байсныг илэрхийлнэ.
    Нэгэн зүйл. Эх орны аугаа их дайныг дуусгах, Европын орнуудыг чөлөөлөх, тэр дундаа Берлинийг буулган авах операцийг зохион байгуулж, дайсныг үүрэнд нь бүр мөсөн устгах тэмцэл хамгийн хүнд байсан. Гитлер Берлинийг эцсээ хүртэл хамгаалахыг тушааж, хүн амын дунд 12-60 насны бүх эрчүүдийн цэрэг татлага явуулж, байшин барилга бүрийг алхам тутамд нь цайз мэт хамгаалан тэмцэцгээсэн. Хамгийн сүүлд нь зөвхөн Рейхстагийн орой дээр Ялалтын туг хатгахаар ойртсон бүгдийг буудаж олон хүний амь үрэгдсэн юм. Г.Жуков, К.Рокоссовский, И.Конев нарын командалсан Зөвлөлтийн цэргийн гурван фронтууд Берлинийг эзлэхэд немцүүд “гурван монголд эзлэгдлээ” гэсэн яриа гаргаж байсан нь эдгээр маршалууд Монголд алба хааж байсныг давхар дурдсан хэрэг биз ээ.
    Жуков жанжинд 1945 оны 5-р сарын 08-нд Берлинд фашист Германы зэвсэгт хүчин үг дуугүй бууж өгөхөөр гарын үсэг зурсан актыг Зөвлөлтийн цэргийн ерөнхий дээд командлалын нэрийн өмнөөс хүлээн авах, 1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд явуулсанаугаа их эх орны дайны Ялалтын парадыг хүлээж авах зүй ёсны хувь зохиол, хамгийн их итгэл хүндэтгэл оногджээ. Жуковт Берлинийг буулган авсны төлөө 1945 оны 6-р сард ЗХУ-ын баатар цолыг гурав дахь удаагаа олгож, 1945 оны 8 сард Ялалтын одонгоор хоёр дахь удаа нь шагнажээ.
    Нэгэн зүйл. Дайны дараа алдарт жанжны амьдрал, хувь заяа тийм ч амар тайван байгаагүй. Жуковтой эн зэрэгцэх тийм өндөр алдар хүнд өөр хэнд ч байсангүй. Сталин ч эмээж байсан байж магадгүй. Жуковын хатуу ширүүн зан чанар нь тайван цагт тохироогүй, өөрийн дайснууддаа ашиглагдсан байх ч талтай.Жуков гэж бодоход дэндүү дорд үзсэн мэт албан тушаалуудад томилогдож байсан ч, Сталин амьд сэрүүн байхдаа дахиад дайн гарвал яана гэсэн бодолтойгоор Жуковт шууд халдах боломжийг олгоогүй.
    Харин 1955-1957 онд ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Дайны дараа ч эр зориг, байр суурь шалгасан хүнд хэцүү сорилтын үед чтөр, засаг нь Жуковыг нэг биш удаа хайр найргүй ашиглахад хүрч байв. Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн төр засгийн дээд эрхийг эзлэх өрсөлдөөний үед Аюулаас хамгаалах яамны сайд, нэр нөлөөтэй хүчирхэг Л.П.Берияг баривчлах ажлыг зөвхөн Москвагийн гарнизоны дарга байсан Жуковт даалгахаас өөр аргагүйд хүрцгээж байжээ. 1955 онд Сталинг залгамжлагч Н.С.Хрущевыг нам төрийн дээд удирдлагаас зайлуулах хуйвалдаан гарах үед Намын төв хорооны бүгд хурал дээрзалирхаг, овжин Хрущевыг Жуков цээжээрээ хамгаалж, “Миний тушаалгүйгээр нэг ч танк хөдлөхгүй” гэсэн үг нь хожим өөрт нь гай болж, насныхаа эцэст гэрийн хориондсуусаар 1974 онд өөд болсон ажээ. Энэ аугааих жанжин ямар ч хүнд хэцүү цаг үед эх орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, үнэнч шударга хүн байсныг түүх гэрчилнэ.
    МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ ХАЙРТАЙ ЖАНЖИН НЬ
    Г.К.Жуков хэдийгээр дэлхийд алдаршсан цэргийн суут жанжин, Оросын ард түмний хамгийн агуу их хүмүүний нэг байсан боловч бүхий л амьдралынхаа туршид Монгол орон, монголчууд, Халх голынхоо тухай хайрлан дурсаж, дайчин нөхдөдөө онцгой хүндэтгэлтэй хандаж, Орос Монголын найрамдалд үнэхээр их хувь нэмрээ оруулсан манай үнэнч их анд нөхөр минь байлаа .
    Тэрээр: “Монгол хүний цайлган сэтгэл, ЗХУ-д үнэн сэтгэлээсээ итгэдгийг санахад сэтгэлд сайхан байдаг. Гэр байшин, албангазар, цэргийн анги, хаана ч очсон В.И.Лениний зургийг хамгийн хүндтэй байрандаа тавьж, монгол хүн бүр түүнийг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэдэг юм” гэж дурссантай нь адилаар монголчууд өөрийг нь ч эрхэмлэн хүндэтгэсээр байдаг билээ.
    Ялангуяа Жуков жанжны алдар гавьяаг мөнх жүүлэхэд их анхаарч түүний ажил, амьдралынх нь ямар ч үед байнгын холбоотой байж, эргэж тойрч явсан хүн бол Монголын удирдагч Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хэрэгт түүний оруулсан гарамгай гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн болгон, дурсгалын хөшөөг нь босгож, Халх голын дайны дараагаар Жуков эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байсан байшинг өргөтгөн засварлаж, музейг нь байгуулжээ. Гэр орныхон нь, охидууд нь Монголд ирж очдог байсан цаг ч бий.
    ОХУ-аас төр засгийннь дээд удирдлагууд Монгол оронд ирэх бүртээ Жуков жанжны хөшөөнд заавал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэр хавьдаа цэргийн баяр, ялалтын баяраар олны хөл тасрахгүй. Олны танил Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн салбарыг хол, ойроос зорьсон хүмүүс Жуковын хөшөөгөөр баримжаалж ирцгээнэ. Ялалтын баярыг монголчууд оросуудаас дутахааргүй тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын сэтгэлд ардын дуунаас ялгаагүй шингэсэн “День Победы”-г сонсоход дуулсан, сонссон бүгд нүд дүүрэн мэлмэрцгээнэ.
    Жуков жанжныг 1971 онд цус харваж, хэвтэрт орсон үед нь өөрийнх нь хүсэлтээр манай Цэдэнбал дарга үүрэг өгч, Монголоос нэрт бариач, ардын эмч Рагчаагийн Биханз гэдэг буянтныг Москва рууявуулж, гэрт нь эмчилж хөл дээр нь босгосон сонин түүх бий. Биханз гуай зөвхөн Жуковыг илааршуулсан төдийгүй, Зөвлөлтийн удирдлагуудын гэр оронд нь залагдсаар Москвад зунжиж, намартаа л буцаж ирсэн бөгөөд насныхаа эцсийг хүртэл өвдөж зовсон олонд тусалсаар, түүний дотор оросуудыг ч хүлээн авсаар 2014 оны эхээр тэр эгэл биш сонин содон авьяас билэгтэн чимээгүйхэн таалал төгссөн дөө.Би өвгөнөөсЖуков монголчуудын талаар юу ярьж байв гэж их асууна, хариуд нь олигтой юм ярихгүй, зайлуул тийм тангарагтай байсан биз. Ганцхан удаа: Монголчуудад буу зэвсгийг нэг удаа л задалж, угсарч харуулахад шууд тогтоодог ой тогтоолт сайтай байсан гэж хэлсэн шүү гэж билээ. Орос Монголын харилцааны амьд домог болж үлдсэн Биханзын гэр бүл болон Улаан армид бэлэг хүргэж явсан хүмүүсээс ганцаар үлдсэн Дундговийн фронт Цэгмид, 1945 оны намар орос эмчамь насаараа дэнчин тавьж аварсны хүчинд дахин төрсөн Өвгөн бүргэд Соболев мэтийн хуруу дарам хэдхэн содон хүмүүсийг ядаж амьд сэрүүн байхад нь битгий мартаасай билээ.
    Жуков жанжныг Монголын ард түмэн үргэлж хайрлаж бахархдаг наад захын жишээ баримт өдий төдий байдаг. Монголчууд хүүхдэдээ Ленин, Сталин гэж нэр өгдөг байснаа бас Жуков гэж нэрлэх болсон. Манай Дундговийн Эрдэнэдалай суманд л гэхэд Жуковын мандаж, бадарч явах үед мэндэлсэн Тогооборын Жуков гэж ахмад багш одоо ч байгаа. Говь талын малчны хүү миний төрсөн гэрийн хойморт байх ойр дотнын олон хүний зурагны хамгийн дээд талд залаатай байсан их жанжин Жуковын жавхаалаг зургийг харж, биширч өссөн болохоороо үргэлж л сонирхож, үзэж харсаар өдийг хүрч явна.
    Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй.
    Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын захирлынүүрэг гүйцэтгэгч, Доктор (Sc.D) Л.ДУГАРЖАВ
    Г.В.Плехановын нэрэмжит
    ОЭЗИС-ийн профессор С.А.ФИЛИ

     
  • Манжийн эрхшээлийн үеийн монгол Засаг захиргаа

     Манжийн эрхшээлийн сүүл үед Халхын Түшээт хан аймагт 20 хошуу, 51 сум, Засагт хан аймагт 19 хошуу, 17 сум, Сэцэн хан аймагт 23 хошуу, 40 сум, Сайн ноён аймагт 24 хошуу, 31 сум байв. Тэр үеийн Ар монголын засаг захиргааны том нэгж нь аймаг байв.
     Манж нар Ар Монголыг эзлэн авах үезд Халхад Түшээт хан, Засагт хан,Сэцэн хан 3 аймаг байв. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан, Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэснээр 4 аймагтай болов.
     Өвөр Монголын аймгуудыг, Хорчин 6, Жалайд, Дөрвөд нэжгээд, Горлос 2, нийт 10 хошууг Жирмийн чуулган; Харчин 3, Түмэдийн 2, нийт 5 хошууг Зостын чуулган; Аохан, Найман, Ар хорчин, Хишигтэн, Халхын зүүнгарын нэжгээд хошуу, Баарин, Жарууд, Оннигуд хошууд, нийт 11 хошууг Зуу-удын чуулган; Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга, Авга нар тус бүр 2, нийт 10 хошууг Шилийн голын чуулган; Дөрвөн хүүхэд, Муумянган, Халхын баруун гарын тус бүр 1, Урадын 3, нийт 6 хошууг Улаанцавын чуулган; Ордосын 7 хошууг Их зуугийн хэмээх 6 чуулган1 болгон хуваан зохион байгуулжээ.
    1 “Мэнь-гу-ю-му-цзи” Записки о монгольских кочевьях. Перевод с китайского П.С.Попова. Спб. 1895, стр 1-47.
     Хар мөрөн мужид суурьшиж байсан Баргыг 1732 онд Хөлөн буйрын нутагт шилжүүлж авчирсан бөгөөд тэднийг хуучин Барга гэж нэрлэдэг. Харин Халх Монголоос 1734 онд Хөлөнбуйрт нүүлгэн авчирсан Баргуудыг шинэ Барга хэмээж, Хөлөн Буйрын хошуу сумыг зохион байгуулахад зүүн, баруун хоёр гар болгон хуваасан байна2.
    2 Харгана. Ж.Өлзий. “Барга монголын түүх” УБ, 1999, тал 40, 89-94, 98.
     Манж нар Хөхнуурын монголчуудын нэгдмэл байдлыг задалж, хошууны зохион байгуулалтанд оруулж, Хөхнуурын 5 аймгийг 29 хошуу болгожээ. Үүнд: Хошууд 21 хошуу, Цорос 2 хошуу, Хойд 1 хошуу, Торгууд 4 хошуу, Халх аймаг 1 хошуу байгуулжээ.
     1697 онд Алшаагийн монголчуудыг хошуу, сумын зохион байгуулалтанд оруулж, 8 сумтай 1 хошуу зохиож, Хоролид төрийн бэйл өргөмжлөн, Алшаа засаг хошуу болгов. Алшаа нь бие даасан нэг аймаг мэт байсан ба чуулган байгуулаагүй аж.
     1753 оноос тэднийг Эзнээ гол хавь нутаглуулсанаас Эзнээ голын Торгууд хошуу буй болжээ2.
     Манж нар 1758 онд Зүүнгар хаант улсыг эзлэн, илийн газрыг байлдан дагуулах үед Торгуудын Шэйрэн тайж, Хойдын Дэжид тайж нар харъяатаа аван, угсаа нэгтэнтэйгээ нийлэхээр Ижил мөрнийг зорьжээ.
     1761 онд Ижил мөрөн дэх Торгуудын хан нас нөхцөж, түүний дөрөвдүгээр хүү Увш эцгийнхээ хан орыг эзлэв. Тэр үед дээр дурдсан ноёд харъяатаа дагуулсаар Халимагт очив.
    2 “Торгууд хаадын тууж”. Ойрад түүхийн сурвалж бичиг. Хөх хот. 1985. Тал 338-340.
    Тиймээс Увш Торгуудын нөлөө бүхий ноёдыг цуглуулан зөвлөлдөж, нутаг буцах нууц шийдвэр гаргажээ1.
     Гэвч тэд найман сар гаруй үргэлжилсэн хүнд аяны эцэст дөнгөж 10 мянга гаруй өрх, 70-80 орчим мянган хүн эх нутагтаа эргэн иржээ.
     Манж хаан 1771 онд Торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч, хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв.
     Тэнгэр уулын өмнө бие, Хар Сайр орчмын Торгуудын 4 хошууг Үнэн сүжигтийн өмнөд замын чуулган, Ховог сайрын Торгуудын 3 хошууг Үнэн сүжигтийн умарт замын чуулган, Хүр, Хар усны торгуудын 20 хошууг Үнэн сүжигтийн дорнод замын чуулган, Жин хэ орчмын Торгуудын 1 хошууг Үнэн сүжигтийн өрнөд замын чуулган, Жултас орчмын Хошуудын 3 хошууг дундад замын Батсэтгэлтийн чуулган хэмээн тус тус нэрийдэв.
    1 Намсрай.”Дайчин улсын үеийн монголын түүх”. Улаанхад. 1993. Тал 274-276.
     Түнлий номын жасаа. Жил бүр Ар, Өвөр монголын нэр нөлөө бүхий хутагт лам нар ээлжээр Бээжинд очиж, Найралт Найрамдах ордог гэгчид цуглаж, манж хааны насан уртасгах ном уншихыг тийн нэрлэдэг байв.

     
  • Чингүнжавын тэмцэл

     Манжийн төр Чингүнжавын эсрэг их цэрэг хөдөлгөхийн хажуугаар Хутуринга, Дорж тэргүүтэй залхаан цээрлүүлэх цэргийн ангийг Их хүрээнд ирүүлж, улмаар орон нутагт тархсан бослогыг цэргийн ангиудыг цувруулан цохиулж, бослогод оролцсон хүмүүсийг бариулж, элдэв янзаар тарчилган зовоож, цаазаар авахуулаад, толгойг нь олны явах газар модон шонд өлгүүлж, нийтийг айлган сүрдүүлэх аймшигт үзмэр болгох зэргээр харгислан байж, Халхын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийг цуслан дарсан байна.
     Зүүнгар, Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдаж байх үед Амарсанаа Орост очиж тусламж гуйж байгаад, 1757 оны 9-р сарын 21-ний өдөр цэцэг өвчнөөр нас барсан, Чингүнжав Оросын зүг зугатан яваад Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн, 1757 оны 3-р сарын 11-ний өдөр цаазаар авагдсан байна.Түүнээс гадна 1757-58 оны үест II Богд болон Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож алаад, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар аваачсан байна. Энэ бүхэн нь зөвхөн 1757-1758 оны хөдөлгөөнийг дараад зогссонгүй, Халхын ард түмнийг дахин босох бололцоог хааж, Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үр хөрөнгийг таслан үгүй хийх гэсэн зорилго байжээ.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл хэдийгээр дарагдаж, түүний удирдагч Амарсанаа, Чингүнжав нар амь үрэгдсэн боловч монголчууд тэр их тэмцэл, түүний удирдагч нарыг хэзээ ч марталгүй үргэлж дурсан дуулсаар ирсэн юм. Монголчууд Амарсанаа, Чингүнжав нарт харь Манжийн харгис ноёрхлын эсрэг зүрх зоригтой тэмцсэн эрэлхэг баатрууд гэж магтан дуулахын хамт тэднийг асар удалгүй дахин гарч ирээд Манжийн талхидалыг түлхэн унагаж, ард түмнээ авран жаргаана гэж мөрөөдөн, зөгнөж ярьдаг байжээ.
     Монголчуудын 1755-1758 оны хөдөлгөөн бол манжийн талхидалын эсрэг хандсан тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, том бослого байв. Амарсанаа, Чингүнжав нар эх орноо Манжийн талхидалаас чөлөөлж, өөрийн нийслэл, өөрийн цэрэг мөн өөрийн албан татварын журамтай тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахаар зорьж байжээ.
     Энэ нь Монголын ард түмний 1755-1758 оны туршид явуулсан их тэмцлийн гол зорилго болж байв.
     1755-1758 оны хөдөлгөөн Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан бөгөөд жирийн ард, дорд лам болон нилээд олон ноёд түүнд оролцжээ. Гэвч тэдгээр ноёдын олонхи нь тууштай тэмцэгч байсангүй, шийдвэрлэх чухал үед гуйван дайвж, зарим нь шууд урван дайсны талд орж байжээ.
    Амарсанаа бол XVIII зууны дунд үеийн Зүүнгар улсын хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг юм. Тэр Манжийн цэргийн хүчийг ашиглан, өрсөлдөгч этгээдээ Зүүнгар улсын хаан ширээнээс зайлуулж, ширээг нь эзлэн авах гэжээ. Гэтэл хэрэг явдал санасны эсрэг чиглэлээр эргэж, Амарсанаа манж нарыг ашиглаж чадсангүй, харин манж нар түрэмгий бодлогоо биелүүлэхэд түүнийг чадамгай ашиглажээ. Энэ бол Амарсанаагийн гаргасан ноцтой алдаа, түүний үлдсэн харгис явдал мөн. Гэвч Амарсанаа удалгүй өөрийн хийсэн  осол эндэгдлийг ойлгож, маллагдсанаа мэдмэгц Манжийн эсрэг эргэлтгүй хандаж, эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг толгойлон босоод, харийн дайсан болон урвасан ноёдын эсрэг баатарлаг тэмцсэн байна. Дайсны давуу хүчинд цохигдон дарагдсаны дараа ч гэсэн зориг мохож санаагаар унан хөрш Орос улсад очиж, тусламж гуйж байгаад нас барсан юм. Чухам ийм учир Амарсанааг эцсийн эцэст эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг цогтой тэмцсэн эх оронч баатар байсан гэж үзнэ.
     Чингүнжав нь угаас Манжийн талхидалыг дургйцэж, алба ажилд нь огтхон ч идэвхтэй зүтгэдэггүй, харин байнга битүүгээр эсэргүүцэж байдаг дэвшилттэй хүн байсан бөгөөд цаашдаа нийт Ар монгол, Халхын ард түмнийг толгойлон босож тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахын төлөө Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зүрх зоригтой тууштай тэмцэн жинхэнэ эх оронч баатар мөн.
     Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан гол шалтгаан нь тус оронд ноёлж байсан улс төрийн тархай бутархай байдлын гүнд оршиж байжээ. Улс төрийн бутралын учир бослого эмх замбараагүй  дарвин дэгдэх шинжтэй эхэлж, цаашдаа мөн нэгдмэл зохион байгуулалт, төвлөрсөн удирдлагагүй, урсгалын байдалтай үргэлжилсэн нь түүний дарагдахын нэг гол шалтгаан болжээ. Бослого дарагдсан нөгөө нэг шалтгаан нь бослогын удирдагч ноёд, тайж нар эв нэгдэлгүй, зарим үед шууд хоорондоо байлдахад хүрч байсанд оршино. Гуравдахь шалтгаан нь нөлөө бүхий ноёд урваж манж нарт тусалсан явдал болно. Манжийн цэргийн зэвсэг хурц, зохион байгуулалт нарийн чанд, босогчдын зэвсэг дорой, удирдагч .нар нь ухран тусаж, хориглон хамгаалах тактикийг голлон баримталсан явдал хөдөлгөөн дарагдахын нэрмээс нөхцөл болсон юм.
     1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тийнхүү дарагдаж, монголчууд Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн оролдлого дарагдаж бүтэмжгүй болсон нь Монгол орныг туйлын хүнд байдалд оруулж, түүний цаашдын хөгжилд хортой нөлөө үзүүлсэн юм. 1755-1758 оны хөдөлгөөнийг дарснаар манж нар монголчуудын дундаас тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн сүүлчийн ганц улс болон Зүүнгарын хаант улсыг мөхөөж, нийт Монгол орныг эрхшээлдээ оруулж эзлэн авах зорилтыг биелүүлж, Монгол орон бүхэлдээ Манж чин улсад эзлэгдсэн байна.

     
  • АМАРСАНАА БААТРЫН ЗҮРХНИЙ ХАЙРТ ДЭЛЭГДОРЖ ХАТАН

    Удалгүй тэр уг хуйвалдаанаа дахин үргэлжлүүлж өшөөт болсон ханыгаа харваж алаад Зүүнгарын хаан ширээг Даваачид өгчээ. Гэвч тэр эрх мэдэл, газар нутгийн асуудлаас болж Даваачтайгаа зөрчилдөн гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдаж, эцэст нь Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглан Даваачийг дарж авсан ч эргээд Манжийн эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар амь хайргүй тэмцэлдсэн түүхтэй. Үнэндээ тэр амин хувьдаа бол маш их зөрчилтэй бие хүн бөгөөд дөрвөн сайхан хатны дөлгөөн харцанд талимаарч явсан жаатай эр юмсанж. Анхны хатан нь язгууртан гаралтай Ишсоном гэж байгаад залуудаа нас баржээ. Үүний дараа Хасагийн Аблай хааны охин Гульнарыг гэргий болгож авсан байна.
    Дараа нь Дүрвэдийн Далайдаш хааны охин Дэлэгдоржтой дэр нэгтгэж, эцэст нь Зүүнгарын Галданцэрэн хааны охин Битэй хэмээх үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авчээ. Энэ хатан Амарсанааг Орос руу зугтаж одсоны дараа хүү Пунцагийнхаа хамт хойноос нь очиж Ойрадын баатрыг сүүлчийн замд нь үдсэн гэдэг. Битэй ухаан орсон цагаасаа эхлэн Зүүнгарын тусгаар байдлыг бэхжүүлэх гэсэн эцгийнхээ бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд “Миний гоо үзэсгэлэн инээмсэглэлдээ байдаг” хэмээсэн түүний брэнд үг Монголын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ерөөс хаад, жанжидын хатад үзэсгэлэнгүй байхын ч аргагүй. “Хаана сайхан хүүхэн байна, тэр эзний өвөрт” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан болохоор хамгийн сайхан нүдэнд торсон хүүхэн болгон л хаан, ван, гүн, жанжидын эхнэр болж байсан түүхтэй. Дандаа л хаадын гүнж нартай амраглаж явсан Амарсанааг Манжийн хаан бас охиноороо татах гэж үзсэн байдаг. Гэхдээ Амарсанаа “Надад энэ гүнжийг хатан болгож өгөх гэж үү. Юу гэсэн үг вэ, би эхнэр, гурван хүүхэдтэй хүн” гэж татгалзсан хариу барьдаг бөгөөд хааны үзэсгэлэнт гүнж нулимс цийлэгнэсэн том алаг нүдээр Ойрадын баатар эрийг гомдонгуй хараад, торгомсог урт банзалаа чиргүүлэн үүд рүү зүглэхдээ ширээн дээр байсан шаазан аягыг татаж унагаад гарч оддог. Дөрвийн дөрвөн сайхан хатантай амраглан цэнгэж асан Амарсанаа харь улсын гүнжийг хараад тэгтэлээ унаж тусаагүй нь “Хүүхний сайхныг зөвхөн Монголдоо” эдлээд үзчихсэн сайн эрийн мөн чанар гэлтэй. Амарсанаа “Би эхнэр, гурван хүүхэдтэй” гэсэн нь Дэлэгдорж хатныг онцолсон хэрэг бөгөөд түүний дөрвөн хатнаас хамгийн их зовлон туулсан нь, бас хамгийн хайртай бүсгүй нь Дэлэгдорж хатан юмсанж.
    Тэрбээр Амарсанааг Манжийн эсрэг ид тэмцэлдэж байх үед гурван хүүхдийнхээ хамт ах Базар вангийнхаа ивээлд түшиглэн Завхан голд суурьшиж байжээ. Тухайн үед Дэлэгдорж хатан Амарсанаагийн явуулсан хүмүүстэй учирсан боловч оргож нүүх эсэхээ шийдэхгүй удааширч байгаад 1755 оны 10-р сард Манжийн цэргийн жанжин Арантайд баригдаж долоон настай хүү Гэцэл, дөрвөн настай охин Дэжид, гурван настай хүү Коокүш нарын хамт Манжийн хааны Халуун гол дахь зусланд хүргэгджээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан “Хууль дор уучилж хэрхэвч болохгүй” гэсэн зарлиг буулган Дэлэгдорж хатанд ял оноож, Амарсанаагийн долоон настай хүү Гэцэлийг цаазаар аваачсан гэдэг билээ. Би бээр “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Дэлэгдорж хатны тухай “Зүүн гарын мөхөл” хэмээх туужаараа оролцож, уг бүтээлээ шилдэг зохиолын тоонд шигтгэж чадсанаа энд онцолсу. Амарсанаа, Дэлэгдорж нарын халуун хайр дурлал, зовлон жаргал, үхэл хагацал, дайн тэмцэл, ялалт, ялагдал хосолсон ээдрээт ертөнцийг гаргаж ирсэн “Зүүн гарын мөхөл” туужийг маань зохиолч, сэтгүүлч, судлаач олон арван хүн “Сайн зохиол болжээ” гэж үнэлсэн билээ.
    ЗУЛЫН ГОЛ БОЛЖ МАНДСАН “ХЯЛАР” ХАТАН
    Монголын түүх, судар бичигт “Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат “Могойн чуулган” роман, “Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ.
    Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд “Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг “Хялар хатан”, “Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам “Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ “Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж “Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх “Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам “Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна.
    Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд “Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.
    ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАТ ЖУРАМТ СЭВЖИДМАА ХАТАН
    “Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
    Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
    Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
    Урд уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь хө
    Угтаад очсон чинь үгүй л байна аа, хө
    Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
    Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа, хө” “Ай Нанаа” хэмээх энэ сайхан дууг монголчууд бид янаг амрагийн дуу гэж ойлгосоор ирсэн. Гэтэл энэ нь хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслын дуу болохыг бид саяханаас л ойлгож ухаараад байгаа. Манжийн дарангуйллын эсрэг цогтой тэмцэгч, Үндэсний эрх чөлөөний баатар Чин ван Ханддорж энэхүү дууг анх зохиож дуулсанаар монголчуудын зүрх сэтгэлд бүтэн зуун жил эгшиглэж буй. Чин ван Ханддорж эрдэм номтой ганц сайхан хүүгээ Ай Нанаа гэж өхөөрдөн дууддаг байж. Тэрбээр хүүгээ мэдээ ормогц Далай ламыг дагуулаад Баруун зууд ном сургахаар явуулжээ. Далай лам замдаа Манжийн хаанд бараалхсан байна. Тэр үед Манжийн хаанд бараалхах “Шар зам” гэж байдаг байж. Энэхүү зам дээр бараалхаж буй хүнээс өөр хүн гишгэхийг хориглодог байсан бөгөөд Далай ламыг дагаж явсан Ай Нанаа хүү санамсаргүйгээр мөнөөх “Шар зам” дээр нь гишгэчихэж.
    Тухайн үед Чин ван Ханддорж манж нартай эв түнжин муутай, харин оросуудтай найрамдах бодлого баримталж байсан болохоор Манжийн хааны занаанд орчихоод байж л дээ. Ингээд манж нар Чин ван Ханддоржоос өш хонзон авахын тулд Ай Нанаа хүүг нь эзэн хааны “Шар зам” дээр гишгэсэн гэдгээр цаазалчихжээ. Тэгээд “Хүүгийн чинь бие муу байна” гэж Чин ван Ханддоржийг Бээжинд дуудаж авчраад Ай Нанаа хүүгийн толгойг цар тавган дээр тавин хадгаар бүтээж эцэгт нь барьж байсан гэдэг. Энэхүү доромжлол, басамжлалын хариуд Чин ван Ханддорж отго жинстэй малгайгаа авч шидээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Халхын нутагт гишгүүлэхгүй” гэсэн тангараг тавиад хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ тайтгаруулахын тулд “Ай Нанаа” дууг зохиож дуулсан гэдэг. Тэгэхдээ хүүгийнхээ тухай хайрт хатан Сэвжидмаа болон нутаг усныхандаа хэлэлгүй ганцаараа гиюүрэн гансарч явдаг байж. Манай түүхч, зохиолч нарын өгүүлсэнээр бол Сэвжидмаа хатан нь төгс төгөлдөр, бат журамт, авир ялдам, аргагүй сайхан монгол эмэгтэй байжээ.
    Тэрбээр өнөөгийн Булган аймгийн Бүрэгхангай сум хавьцаа амьдарч асан нэгэн тайжийн охин юмсанж. Чин ван Ханддорж ч Булган нутгийн хүн. Сэвжидмаа хатныг төгс төгөлдөр, бат журамт хатан байсныг нь 8-р Богд Жибзундамба хутагт ихэд үнэлж 1915 онд “Ухуулах өргөмжлөл” олгож байсан байна. Тэрхүү өргөмжлөлд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Гадаад яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Ханын зэрэг, сайныг удирдагч Эрдэнэ дайчин засаг хошуучийн ван Ханддоржийн аблай хошой хатан Сэвжидмаа болбоос анх хадамласнаас нааш гэрийн ёсыг бат журмаар болгоож, цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсан тул өргөмжлөл олгов” хэмээжээ. Түүнчлэн Чин ван Ханддоржийн эх, монгол бүсгүйн эрхэмсэг намба төрх бүрдсэн “Хошой хатан” Сосорт Богд хаан мөн ийм өргөмжлөл олгож байжээ. Сосор хатан нутаг усандаа ахай ижий гэж алдаршсан авир ялдам эмэгтэй байсан бөгөөд тайж, ард, баян, ядуу цөм л Сосор хатантай зовлон жаргалаа хуваалцаж зөвлөгөө авдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд Чин ван Ханддоржийг улсын их дагина Дондогдуламтай янаг амрагийн харьцаатай байсан тухай ном зохиолд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Академич П.Хорлоо гуай “Эдүгээ нийслэл хотын төвд байгаа Чин ван Ханддоржийн байшин тухайн үедээ тэр үеийн хамгийн өндөр өргөө байсан юм. Ноёны хатан Сэвжидмаа нөхрийгөө Богдын ногоон сүм рүү явсан үед тагтан дээрээ гарч тэр зүг рүү дуранддаг байж. Ханд чин ванд хүүхнүүд ихэд талтай байсан гэдэг. Сүүн хашааны цэцэрлэгт улсын их дагина Дондогдулам Ханд чин вантай салхинд гарахыг Сэвжидмаа хатан дурандаж харчихаад орой ирэхэд нь сануулга өгдөг байсан гэнэ лээ” гэж хуучилсан байдаг билээ.
    ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
    Жич: Галдан бошигтод булаагдаж явсан Боржигон хошууны Цагцаахай, Дарьгангын Орлой мэргэн Цагааны эхнэр “Эрх цагаан” Зэндэм, Өндөр Гэгээний хайрт бүсгүй Амина, Ховог сайран бэр болсон Хосгүй үзэсгэлэнт Дантийхүү гэх мэт арав гаруй хатны домог түүх энд багтсангүй.

     
  • Богдын хатны төрсөн дүү Дэндэвдуламын түүх

    Наймдугаар Богд Жавзандамбыг Амарбаясгалант хийдэд 1900-гаад оны эхээр залрахад Сэцэн хан аймгаас Засаг Түмэнтогтох гүн хатантайгаа бараа болж явжээ. Замын уртад залуу Богд, хатны аягач Ц.Дондогдулам нар танилцан дотноссон гэдэг. Түүнийг зарим эх сурвалжид Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага эхнэр байсан гэх нь ч бий. 1902 оны зуны сүүл сард Богд гэгээн Дондогдуламтай хуримлаж, түүнд эрх цагаан дарь цол өргөмжилжээ. 1903 онд Эх дагинын аймгийг байгуулж, 4700 гаруй лан мөнгөөр дугана хашаа байшин бариулжээ. Богд хаан ширээнд суусан үеэс Дондогдулам цагаан дарь хатныг Улсын эх дагина болгон өргөмжилсөн юм.
    Дондогдулам Богд гэгээнтэй 21 жил амьдраад 1923 онд 49 насандаа таалал төгссөн гэдэг. Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
    Н.Цогбадрах “Би Богд Жавзандамба хутагтын эх дагинын дүүг эхнэр болгож авсан учир Дондогдулам хатан шүр сувд гэх мэтийн элдэв зүйл хайрлаж байсныг нарийн тодорхойлж чадахгүй боловч барагцаагаар 400 гаруй хувийн юм (1 хувь нь 30 төгрөгийн үл хөдлөх ба нэг адуу, нэг үхэр, 0.6 тэмээ, таван хоньтой тэнцэх хөдлөх хөрөнгөтэй тэнцдэг байжээ) болсон ба үүнээс цааш үрэгдсэн зүйл багагүй” хэмээн мэдүүлсэн нь үлджээ.
    Дондогдулам хатан төрүүлсэн хүүхэдгүй учраас дүү Дэндэвдуламынхаа хүүхдүүдэд ойр дотно байсан юм билээ гэж бидний зорьж очсон Т.Навчаа хэлсэн юм. Тэрбээр Хөвчийн жонон ван Цогбадрахын том охин Ашид Шийтэрийн төрүүлсэн ганц охин юм.“Хөвчийн жонон вангийн гурван Шийтэр гэж байжээ. Миний ээж Ашид Шийтэр, дунд эрэгтэй дүүг нь Лувсан- Шийтэр, бага охин дүүг нь Отгон-Шийтэр гэдэг байжээ.
    Хөвчийн жонон ван Цогбадрах манай өвөө, харин бидний эмээ Дэндэвдулам гэгч нь Богд хааны хатан Дондогдуламын төрсөн дүү охин юм. Эмэг эх Дэндэвдулам 13 хүүхэд төрүүлснээс эндэх нь эндээд гурав нь л насанд хүрч насалцгаасан юм билээ” гэж тэр хуучлав. Дондогдулам хатан эрхнийхээ тоогоор 108 хүүхэд үрчилж авсан гэдэг юм хэмээн тэр бас сонирхуулав. Энэ талаар Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай сайн мэднэ. Тэр Дарханд ирэхдээ манайд зочилдог байлаа хэмээн Т.Навчаа эмээ хэлсэн.
    Гучаад оны хэлмэгдүүлэлт Богдод ойр байсан хүмүүст хүндхэн тусчээ. Богдын шадар сайд, Цэргийн хэргийг бүгд таслан шийтгэх яамны тэргүүн сайд байсан Н.Цогбадрахыг гурван удаа баривчилж, суллаж хот хөдөөд байсан хөрөнгийг нь хоёр удаа хурааж, эцэст нь буудан хороожээ.
    Цогбадрахын дүү бүсгүйн хөвүүн С.Навааны дурссанаар хотын гэрээс нь 20 гаруй тэрэг, хөдөөгийн гэрээс нь 10 орчим бүгд 40 тэмээн тэрэг хөрөнгө хураасан ажээ. Тухайн үед даншиг наадамд түрүүлсэн хээр азаргыг Цогбадрах ноён 40 хомтой тэмээгээр худалдан авсан гэдэг. Ноёны буянаас үлдсэн хээр азаргыг Хэнтий сумын даргаар олон жил ажилласан Д.Жамъяанжав коммунаас салгаж үлдээгээд олон сайхан хурдан хүлэгтэй болжээ хэмээн түүхч Д.Гомбосүрэн “Хөвчийн жонон ван Цогбадрах” номондоо өгүүлжээ. Харин морины эзэнд аз тохиосонгүй.Хожим 1996 онд Н.Цогбадрахыг цагаатгасан байдаг.
    Н.Цогбадрах ноёны ганц хүү Лувсаншийтэрийн охин Нарантуяа ийн дурсчээ.“Өвөг эцгийнд маань хүү тогтдоггүй байжээ. Аавыг маань төрмөгц хүрээний сайн зурхайч айлд гэрийн хатавчаараа өгч өсгүүлээд, гурван нас хүрэхэд нь буцааж авч хүүтэй болсон гэдэг.
    Аавыг маань улаан нялзрай байхад өсгөсөн зурхайчийн эхнэр Удвал эмээ маань төрүүлсэн үр хүүхэдгүй учраас аавд маш хайртай, үргэлж санаа тавьдаг байжээ. Өвөг эцэг Цогбадрах төрийн өндөр алба хашдаг учраас цаг зав муутай, аав маань өсгөсөн ээж Удвалын асрамжинд байсан бололтой.
    Аавыг 16-17 настай байхад Удвал эмээ үеийн хүүхнүүддээ “Хүүгийн маань аав баригдаад хоригдож байгаа гэнэ” хэмээн ярихыг аав сонсчээ. Удвал эмээ аавыг дагуулаад өвөг эцгийг маань эргэж шоронд хэд хэд очсон гэдэг. Гэсэн ч бараг уулзуулдаггүй байжээ. Аав маань өвөөтэй уулзахын хүслэн болж, өдөр болгон шоронгийн үүдээр эргэлддэг болжээ.
    Гэтэл нэг өдөр нөмгөн дээлтэй өвөг эцгийг маань хоёр, гурван буутай цагдаа туугаад гарч ирж гэнэ. Аав маань холоос барааг нь алдалгүй дагаж явсаар Тасганы овоон дээр ухсан нүхний хажууд авчрахыг холоос харжээ. Буутай хүмүүс бичиг гаргаж уншаад, аавыг нь буудчихаж гэнэ. Энэ бүхнийг нүдээр харсан хүү нь цагаан цамцаа дэрвүүлээд, хоёр гараараа чихээ дараад буцаж гүйжээ. Маш их цочролд орж, чихэнд нь үргэлж буун дуу сонсогддог байсан гэж аав маань надад ярьсан юм. Аав маань амьд ахуйдаа “Энэ төр засагт би их гомддог” гэж ярьдаг байж билээ” …
    Охиных нь хэлснээр бол Цогбадрах ноёны ганц хүү сургууль соёлын мөр хөөгөөгүй ч хурц сэргэлэн ухаантай хүн байжээ. Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгчөөс цехийн мастер, тоноглолын фабрикийн дарга байгаад 1957 онд Зүүн хараад шилжин амьдарч мод боловсруулах үйлдвэрт бригадын дарга хийж байгаад 1972 онд өвчнөөр өөд болжээ. Дөрвөн хүү, дөрвөн охинтой хүн байжээ.
    Харин Цогбадрах ноёны Их Шийтэр буюу том охин нь (1915-1994) бага залуугаасаа хуулийн байгууллагад бичээч, нарийн бичгийн дарга хийж байжээ. Түүний төрүүлсэн ганц охин Т.Навчаа өдгөө Дарханд амьдардаг өндөр настан. Хөвчийн жонон вангийн Бага Шийтэр буюу отгон охин нь (1923-1997) бичиг үсгийн багшаар олон жил ажилласан гэнэ. Өргөмөл ганц хүү нь Зүүнхараад амьдардаг ажээ.
     Т.Навчаа эмээ залуудаа сайхан байсан болов уу гэмээр толиотой эмэгтэй байлаа. Богдын хатны өнгө зүс удамшсан юм болов уу гэж бодогдсон ч тэр өөрийгөө “Аавтайгаа адилхан” гэсэн л дээ. Түүний ээж, Цогбадрах ноёны том охин Ашид Шийтэрийг 1939 онд Шүүх яаманд нарийн бичиг, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Феодалын хүүхэд” гээд ажлаас нь хална гэхээр нь овгоо хасч Цог болгоод нэрээ товчлон Шийтэр болгосон гэнэ лээ.“Дараа нь Цогбадрах өвөөг баривчлагдахаар нь ээж маань миний эцэг Төмөртогоотой суугаад, аавын томилогдсон Нисэх рүү шилжсэн гэнэ билээ. Миний аав Б.Төмөртогоо 1962 онд Дарханд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх товчооны даргаар ирсэн. Тэр үед би 18 настай байлаа. Ээж маань худалдагч, дэлгүүрийн дарга байгаад тэтгэвэртээ гарсан.
    Би тэр үеийнхний нэрлэдгээр Орос сургуулийн комбинатад цахилгаан мотор ороомгийн курст суугаад мотор ороогчоор ажиллах болсон.Цехдээ дандаа орос мэргэжилтнүүдтэй ажилладаг байлаа. Оросуудтай олон жил хамт ажиллаад ах дүүгээс ялгаагүй болсон. Хоол хүнсээ сонгох, тохируулах, ялангуяа эмийн ургамал хатааж ашиглах талаар тэднээс их юм мэдэж авсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жил бүр Тарнийн амралтанд амрангаа эмийн ургамлуудаа түүж авдаг ажээ. Эмээ нохойн хошуу, боролзгонын шар цэцэг, долоогонотой цайгаар дайлсан. Гүзээлзгэнийн навчийг түүж сүүдэр газар хатаагаад, усанд буцалгаж уухад даралт их бол 120-д буулгадаг, даралт бага үед 80 дээр аваачдаг гэж тэр сонирхууллаа. Эмийн ургамал хатаагаад зах дээр зардаг хүмүүст эмээ сүжиггүй. “Сүүдэр газар хатаах ёстой юмыг наранд хатаагаад, нарны хордлого болгочихдог” гэсэн.
    Эмээ өдгөө дал гарч байгаа ч шашин шүтлэггүй гэнэ. “Цогбадрах өвөө хэд дахин баригдсан болохоор ижий лам үздэггүй байсан” гэсэн л дээ.Навчаа эмээгийн орос мэргэжилтнүүдээс сурсан өөр нэг эрдэм нь хутга урлах аж. “Сайн хутга хийгээд, Мах комбинатад очиж тууварчдад хониноос өгдөг байсан” гэнэ.“Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг. Хутгаараа гурил, талх зүсч мохоогоод байдаг. Талх зүсдэг хөрөө гэж байдаг” хүүхдүүддээ их үглэдэг юм гэж эмээ хуучиллаа. Эмэгтэй хүнд ахдахаар мотор төмөртэй ноцолддог ажилтай байсан тэрбээр мэргэжлийн өвчний тухай ч хуучилж амжлаа. “Нэг өглөө босоод ирэхэд шүднүүд угаараа хөхөрчихсөн нь зэсийн хордлогын шинж” гэнэ. Хуучны түлээний гар хөрөөгөөр хутга хийхэд насны юм болдог л гэнэ.
    Тэднийд хуучны эд зүйлс байдаг эсэхийг сонирхвол “Ээжийг маань мэндлээд гурав хонож байхад Цогбадрах өвөө маань урт наслахын бэлгэдэлтэй хаш тэмээг өлгийд нь зүүж өгсөн юм гэнэ билээ” хэмээн сонирхуулсан. Навчаа эмээ дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн ач, зургаан зээтэй болжээ. Богдын хатан Дондогдулам үр хүүхдийн мөрөөсөл болсон эмэгтэй байсан талаар зарим судлаачид өгүүлдэг. Хэдийгээр тэр эрх мэдэлтэй хатан байсан ч хүүхэд төрүүлж, эх болох эгэл мөрөөдлөө хэзээ ч биелүүлэх тавилангүй байлаа.
    Богдыг удам залгамжлах үр хүүхэд нь бус хойд дүрээр нь тодруулдаг уламжлалтай байсан учраас нэгэн эмэгтэйн жирийн хүсэл биелэх боломжгүй байж. Хүрээний лам нар Дондогдуламыг хүүхэдтэй болгуулахгүй гэж хараал хийдэг байсан гэж зарим судлаач өгүүлсэн байдаг. Харин Богдын хатны төрсөн дүүгийн удам судрын түүх иймэрхүү. Хатан үнэхээр хүүхэд төрүүлсэн бол ээдрээтэй хувь тавилантай хүнийг хорвоод үлдээх байсан бус уу.
    Б.Янжмаа
     
  • Зүүнгарын ард түмний бослого

    1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нар Зүүнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Манжийн цэргийн дотор хамт явах үедээ мөн оны намар Халх, Зүүнгар ба Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, Манжийн ноёрхлыг түлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бүхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бас Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөнө гэж, Бээжинд дуудаж аваачаад, зэрэг хэргэмийг эвдэж, гэр хашаанаас гаргахгүй болгон хорьжээ. Энэ нь бололцоо муухан байсан Өвөр Монголд бослого гарах явдлыг улам бүтэмжгүй болгосон юм. Манжийн ноёрхлыг Амарсанаа зөвшөөрөн хүлээхгүй байсан учир бослогыг даруй эхлэхээр шийдсэн байна. Манжийн хаан түүнийг гэнэдүүлэн барьж авахын тулд “хэрэг зөвлөнө” гэж, Бээжин рүү яаралтай дуудуулжээ. Амарсанаа учрыг нь мэдэж, аргад арга хэрэглэн, “Эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн чанад дахь Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан босож, хамт явсан Манжид итгэлтэй түшмэд, цэргийг цохин зугтуулаад, бослогыг өрнүүлэхээр нутгийг зүг буцан оджээ. Энэ бол 1755 оны 9 сарын 24-ний өдөр болсон хэрэг бөгөөд 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн эх үүсэл мөн байлаа. 1755 оны 10 сарын 4-ний өдөр Амарсанаагийн туслагч Зүүнгарын зайсан Дондогмаанж нар цэргэг авч хөдлөн, Илид байсан Манжийн цэргийн жанжин Банди, Уянгу, Саарал нарыг бүслэн авчээ. Дайсны цэрэг хүчлэн тулж чадахгүй болохын хамт Саарал нь тугаа хээр хаяж, жинст малгай, жанжны тамгыг авч нуугаад, хэсэг цэргийн дунд хутгалдан орж зугатан гарсан, Банди, Уянгу нар амьд баригдахгүйн тулд амиа хорлож үхсэн байна. Амарсанаа цэрэг элсүүлсэн хүчээ нилээн зузаатгаж байгаад, 1756 оны 1 сарын 16-17-ны өдрүүдэд Саарал, Шигэширгэ нарын цэрэгтэй маш ширүүн байлдаж, хиартал цохисон нь ардын аман зохиолд тусгай сэдэв болон орж уламжлагдсан байна. Баруун Монголд тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл өрнөсөн явдал Манжийн төрийн эрх баригчдыг ихэд сандаргажээ. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бослогыг дарж, Зүүнгарыг дахин өөрийн эрхшээлд оруулж авах зорилгоор нэгэн талаас Зүүнгарыг дөрвөн бага ханд хувааж захирах гэсэн нууц шийдвэрээ нэн даруй хэрэгжүүлж, Амарсанаад цохилт өгөхөөр Зүүнгарын ноёлог аймаг болох Шоросын ханаар Галсандоржийг, Хойдын ханаар Баярыг, Дөрвөдийн ханаар Цэрэнг, Хошуудын ханаар Шагдарманжийг тус тус томилж, нөгөөтэйгүүр дахин хоёр замын их цэрэг татаж, умард замыг Хадаха, баруун замыг Жалафунгагаар захируулан хөдөлгөжээ. Энэ удаа хоёр замын их цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар Жалафунгааг, туслах жанжнаар Халхын Сайн ноён аймгийн эфү Цэрэнг, зөвлөлийн сайдаар Юй Баог тавьсан юм. Удалгүй Манжийн баруун замын их цэрэг Илид ойртон очжээ. Гэтэл дайсны цэрэг тулгаран ирэхэд Амарсанаа, Дондогмаанж нар тэргүүтэй бослогын удирдагчид хүчээ нэгтгэн тэмцэж чадсангүй, харин өөр хоорондоо зөрөлдөж цус урсган байлдаж, Амарсанаа ялагдаад, Хасагийн зүг зугатан гарчээ. Дондогмаанж үлдсэн цэргийн хамт Манжийн цэрэгт цохигдож, бослогын эхний их гараа дайсанд автсан байна. Манжийн хаан өөрийн жанжин Жалфунга, Цэрэн, Юй Бао нарын тийнхүү Амарсанаад хууртаж, түүнийг барьж чадалгүй алдсан явдалд хорсон гурвууланг нь тушаалаас огцруулж, оронд нь их замын цэргийн жанжнаар Жаохуйг, туслагч жанжнаар Далдангааг, зөвлөлийн сайдаар Фүдэг тус тус тохоон томилсон байна. Умард замын цэргийн жанжин Хадаха, баруун замын цэргийн туслагч жанжин Далданга нарт зүүн Хасагийн султай Аблайгаас Амарсанааг даруй нэхэж авчрахыг тушаах, тэр хэрэв Амарсанааг эс гаргаж өгвөл, шууд дайран орж булаан авах тушаал өгч хөдөлгөжээ. Амарсанааг Манжид барьж өгөхийг Аблай зөвшөөрөхгүй, харин түүнтэй хүч хавсран Хадаха, Далданга нарыг эсрэг байлдахаар шийдсэн байна. 1756 оны 8 сард Амарсанаа Хасагийн ноён Хожибэргэний хамт Далдангаагийн цэрэгтэй бүтэн долоо хоног ширүүн байлдаан хийсэн боловч дийлсэнгүй. Аблай Хадахагийн цэрэгтэй байлдаж, хүнд шарх олоод, цэргээ авч нутгийн зүг зугтан оджээ. Манжийн цэрэг Амарсанаа, Аблай нарыг нэхэж байлдалгүй буцжээ. Амарсанааг Хасагт очсон хойно 1756 оны 10-р сарын үеэр Оросын зүгээс элч ирж, захиа өгөн, тусламж дэмжлэг үзүүлж болохыг мэдэгдэхийн хамт, өөрийг нь бас Оренбург хотод морилон ирнэ үү гэж урьсан байна. Тэр зуурт Зүүнгарт тусгаар тогтнолын тэмцлийн гал дахин бадарчээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар цэргийн хамт босож, Манжийн цэргийг хэдэн удаа сүрхий цохижээ. Манжийн цэргийн жанжин Жаохуй цэргийнхээ үлдмэрийг авч зугтан гараад, 1757 оны 2 сард Үрүмчи хотод хүрэлцэн очжээ. Галсандорж манжийн цэргийг цохин утгаад, биеэ Зүнгарын хаан өргөмжлөхөөр шийдэж байжээ. Гэтэл Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан, түүнийг барьж алжээ. 1757 оны 3-р сарын үед Амарсанаа нутагтаа буцан ирсэн юм. Гэвч Амарсанаа, Занагарбу, Ням нар хүчээ нэгтгэн дайсантай тэмцсэнгүй, хэн хэн нь Манжийн эсрэг дан ганц өөрийн хүчээр тэмцэхээр шийдсэн байна. Манжийн төр энэ удаа хоёр замын их цэргийн жанжнаар Халхын Сайн ноён аймгийн туслах жанжин, Манжийн хааны хүргэн, эфү Цэрэнгийн хүү чин ван Цэнгүнжавыг томилж, Жаохуйг түүний туслахаар тавиад, Баруун монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цуслан дарж, Зүүнгарын газар нутгийг бүрмөсөн эзлэн авах үүрэг өгч, хөдөлгөсөн байна. 1757 оны 6-р сарын 30-нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжавын түм гаруй цэрэгтэй учирч тулалджээ. Тулалдаан хагас сарын турш туйлын ширүүн үргэлжилсний дараа Амарсанаа дайсны давуу хүчинд автаж, 2500 гаруй цэргээ алуулж, хэдэн зуун цэргээ шархлуулж олзлуулаад цөөн хүний хамт Оросын зүг зугатан оджэ. Шарбэлийн тулалдаан бол Зүүнгарын босогчдын зүгээс Манжтай хийсэн хамгийн сүүлчийн, шийдвэрлэх том тулалдаан байсан юм.

  • Халх Монголд гарсан бослого хөдөлгөөн

     Манжийн төрийн зүгээс Халхын зарим ноёд тухайлбал, 1756 оны 4 сард чин ван Ринчиндоржийг Амарсанаагийн хэрэгт холбогдуулан барьж цаазаар аваачсан нь II  Богд тэргүүтэй Халхын том язгууртнуудын занал хилэнг бадруулжээ. II Богд өөрийн нэг ахыг цаазаар авахуулсанд унтууцаж, “Дөрвөн аймаг хэлэлцээд, их түйвээн өднө”1 гэж Манжийн эсрэг бослого хөдөлгөөн гаргахад бэлдүүлж эхлэсэн байна.1 Жамбадорж.”Болор толь”. 14-р дэвтэр. Тал 16.
     Манжийн төрийн эрх баригсад ил, далд элдэв муу аргаар II Богдыг гартаа оруулж, бослогод шууд идэвхтэй оролцох бололцоог хааж чадсан боловч Халхын ард түмнийг тусгаар тогтнолынхоо төлөө зэвсэг барьж босохоос урьдчилан сэргийлж чадаагүй юм.
     1756 оны 6-7 сарын үед Манжийн хааны зарлиг ёсоор, Зүүнгарын бослогын эсрэг хөдөлгөсөн их цэргийн нэгэн багийг толгойлж явсан шадар ван Чингүнжав дайны талбараас босож, цэргээ удирдан нутгийн зүг хөдөлгөсөн, мөн тэр үед Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибазар, Сайн ноён Дэчинжав, Дамиран гүн нарын зэрэг ноёд Манжийн албыг хаяж, тус тусн нутагт нэгэн зэрэг буцсанаар Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл эхлэсэн юм. Чингүнжав зам зуур Улистай орчим Халхын Цэвдэн бэйл, Дамиран гүн нартай чуулган нийлж, бослогын хэрэг хэлэлцэн, Улиастайн цэргийн хороонд хүн зарж, манжийн эсрэг босохыг ятган, олон харуул, өртөөний цэрэгт зар тарааж, Манжийн харуул, өртөө, цэргийн албыг хаяж босохыг уриалжээ. Түүнээс гадна Халхын томхон ноёдод нууц бичиг илгээж, Манжийн ноёрхлоос даруй чөлөөлөгдөхийг уриалсан байна.
     Их хүрээ II Богдын хамт нэгэнт Манжийн хатуу хяналтанд орж, чин ван Цэнгүнжав Манжийн талыг тууштай баримталж байсан учир Их Хүрээнд чуулган нийлэх явцад бүтэхгүй болсон юм. Чингүнжавын шууд удирдлагын дор 2000-аад цэрэг цугларсан байна.
     1756 оны зун, намраас эхлэн нийт Халхчууд Чингүнжавын уриалгаар Манжийн өртөө, харуул, төмөр сүрэн болон цэргийн албыг хаяж босчээ.
     Чингүнжав Монгол дахь Манжийн ноёрхлын гол бэхлэлт цайз болох Улиастай хотын асуудлыг ихэд анхаарч, түүнийг дайсны гол хүчнээс тасалж цохих бодолтой байсан байна.
    Бослого дарагдсан нь, түүний шинж чанар, ач холбогдол
    Шарбэлийн тулалдаанд бослогын цэргийн гол хүчин цохигдож бослогын удирдагч Амарсанаа гадагш зугадан гарсан нь Баруун монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн цаашдын хувь заяанд ноцтой нөлөөлсөн юм.
     Бослогын цэргийн ангиуд, гол хүчин төвлөрсөн цэргийн удирдлагагүй болж, дан дангаар толгой мэдэн дайсантай тэмцэх болсон байна.
     Шарбэлийн тулалдааны дараа үлдсэн цэргийн ангиуд дотроос хамгийн хүчтэй нь Занагарбу, Ням нарын цэрэг байв. Занагарбу, Ням хоёр нэг үе хоорондоо эрх булаалдан байлдаж эхэлсэн боловч дараа нь дайсны эсрэг хүчийг нэгтгэн тэмцжээ. 1757 оны 7-р сарын 24-ний өөр Манжийн жанжин Миншүй нар Эвтэй даваа гэдэг газар Занагарбу, Ням нарын цэрэгтэй учирч байлджээ. Занагарбу, Ням нарын цэрэг 1000 гаруй хүн шивээлэн байлдсан боловч Манж нарт цохигдон зугтжээ. Миншүй нар тэднийг нэхэн байлдаж, Эрээн хавиргын Улиастай голын орчим гүйцэн очсонд, Занагарбу, ням нарын цэрэг хад асга, бартаа бэрх чухал газруудыг эзлэж, их буу жагсаан бэлдэж, дайсныг тосон байлджээ. Шөнө нь дайсны цэрэг давшиж хүчлэн байлдах гэтэл Занагарбу, Ням нарын цэрэг нэгэнт бүслэлтээс гарч одсон байжээ. Дайчны цэрэг хөөж байлдсанд Занагарбу, Ням нарын цэрэг ялагдаж, Занагарбу алагдаад, Ням баригджээ.
      Гэвч Манжийн цэрэг бослогын цэргийн анги, багуудыг ганц ганцааранг нь цувуулан цохисоор удалгүй Баруун Монголын тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийг үндсэнд нь дарсан байна.
     Манжийн төрийн гол зорилго бол бослогыг үндсэнд нь дарах зогсоох биш, харин бослогын бүх цэрэг, Баруун монголын бүх хүн ардыг хүйс тэмтрэн хядаад, газар орныг бүрмөсөн эзлэн авах явдал байжээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан сүүлчийн удаа Зүүнгарт цэрэг оруулахдаа, бослогын цэрэг болон ер Баруун монголын хүн ардыг цөмийг хүйс тэмтрэн хядаж устгах тушаал өгсөн байна.
     Манжийн цэрэг өөрийн хааны зарлиг ёсоор, 1757-1758 оны турш зүүнгарын нутгийн уул, тал, шугуй хөвчийг өдөр шөнөгүй шүүрдэн нэгжиж, Өөлд монголчуудыг хэдэн зуу буюу мянгаар нь хядаж байв. Манжийн цэрэг Баруун монголын хүн ардыг тийнхүү эр, эм, хөгшин, залуу, хүүхэд нялхас гэж ялгалгүй дайралдсан бүгдийг нэгд нэггүй хүйс тэмтрэн хядаж байв. 1758 онд Манжийн түрэмгийлэгчид Баруун Монголын хүн амын дийлэнх олныг хядаж устгаад, бослогыг дарж, газар нутгийг эзлэн авч нэгэнт амжсан байна.
     Чин ван Цэнгүнжавыг Улиастайн жанжнаар томилж, Чингүнжавыг даруй барих, бослогыг дарах даалгавар өгч хөдөлгөсөн, Хөх хотоос 2000 цэрэг гаргаж, Хахын эсрэг мордуулсан байна. Нөгөөтэйгүүр 1756 он 10 сарын үеэс Жанжаа хутагтыг Халхад ирүүлж, Орхон, Тамирын бэлчирт Живзундамба хутагттай хамтран Халхын ноёдын чуулган хийлгэж, Чингүнжавыг барих, бослогыг дарах тухай асуудал хэлэлцүүлжээ.

     
  • “Монголын нууц товчоо”-ны тайлал: Тэмүжин ба тайчууд

    Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж Өэлүн эхэд өгч тэжээлгэв” гэсэн байна. Уул нь Тэмүжин Буур хээрийн байлдааны дараагаар Жамухатай хамт МНТ-нд тэмдэглэсэнчлэн “Шөнө нэгэн хөнжилд орж хонож (МНТ §95)” андлалдан нэгэн жил хагас болжээ.
    Гэвч энэ хугацаанд Тэмүжиний алдар нэр Жамухатай эн зэрэгцэж, яваандаа илүү гарч эхэлснийг Жамуха мэдэрч салж нүүхээр шийджээ. Энэ нь Тэмүжин тэр хугацаанд гар хумхин зүгээр суулгүйгээр их үйлийг сэдэж, өмнө нь эцгийнхээ харьяат байсан албат иргэдээ эргүүлэн нэгггэж, Хамаг Монголыг сэргээн байгуулах талаар идэвхийлэн зүтгэж байсантай, түүнд нь Жамуха атаархах болсонтой холбоотой байсан нь дараа, дараагийн үүх түүхээс тодорхой харагддаг.
    Тийнхүү 1181 оны зуны тэргүүн сарын дундуур Тэмүжин, Жамуха нар нүүдлийн замаас салж одоцгоосон бөгөөд чингэж салж нүүдэллэн явах замдаа Таргудай Хирилтуг тэргүүтэй Тайчуудыг шөнө дүлээр гэнэдүүлэн дайрч бутаргасан нь тэр байв. Энэ байлдаан хэдийгээр хэмжээний хувьд бага боловч дээр өгүүлсэнчлэн Тэмүжин хэн нэгэнтэй хүч хавсралгүйгээр бие дааж цэргээ удирдан тулалдсан анхны байлдаан байсан бөгөөд цэргийн урлагийн үүднээс авч үзвэл шөнийн довтолгоон
    хийж дайснаа гэнэдүүлснээрээ онцлог мөн. Тэмүжин тэр үед багагүй хүчтэй цэрэгтэй болсон байсны баримт юм.
    Ирээдүйн их хаан тийнхүү тайчуудтай тулалдах болсон нь дараах учир шалтгаантай байлаа. Тайчууд уг нь Тэмүжиний дээдэс зургадугаар

     
  • №52 Амарсанаа

    Даваач 1753 оны эцсээр Амарсанаагийн тусламж дэмжлэгийг түшиглэн шинэ өрсөлдөгчийг гэнэдүүлэн барьж алаад, хаан ширээг дахин эзэлсэн байна. Гэвч удалгүй Даваач, Амарсанаа нарын хооронд ноцтой зөрчил гарч нэн ширүүн тэмцэл эхэлжээ. Тэгж муудсаны дараа Амарсанаа Хасагийн  зүг зугтаж, Эрчисийн сав газарт очиж, тусгаарлан суув гэсэн байдаг. Даваач Амарсанаагийн эсрэг гурван удаа цэрэг илгээвч дийлсэнгүй, эцэст нь өөргөө гурван түмэн цэрэгтэй очиж байлдсанд, Амарсанаа дарагдаад цэрэг, албатын хамт Манжийн хил рүү зугтан оджээ.

     1750 онд Ламдаржаа, Дөрвөдийн ноён Дашдавааг алсанд, түүний зайсан Саарал албатаа авч Манжид дагаар оржээ. 1753 оны үеэр мөнхүү Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэн убаш, Цэрэнмөнх нар Даваачид дургүйцэн, албатын хамт манжид дагаар орсон байна.
    1 И.Я.Златкин. “Русские архивные материалы об Амарсане”, “Филология и история монгольских народов” М, 1958, стр 292
    2 “Тэнгэрийг тэтгэсэн хааны богд сургаал”, тал 186.
     Манжийн хаан тэдний дагаар орохыг зөвшөөрч Амарсанааг Жэхэ буюу Халуун гол дахь Сэрүүн ордондоо урьж бараалхуулан, хошой чин ван өргөмжлөөд, эхнэр хүүхэд, гэр бүлийг нь 1000 гаруй албатын хамт Завханд, бусад албатыг Орхон, Тамирт тус тус шилжүүлэн суулгасан билээ2.
     Ингэж XVIII зууны дундуур Зүүнгар хаант улсын дотор ноёдын самуун дэгдэж, арваад жилийн турш дотоодын дайн дажин үргэлжилсэн нь түүний нэгдмэл хүчирхэг байдлыг бүрмөсөн алдагдуулж, аажмаар задран мөхөх тийшээ хандуулсан байна.
     Гэвч Манжийн төрийн злүгээс Зүүнгарыг түрэмгийлэх бодлого ганц энэ удаа идэвхжсэн юм биш, аль Энх-Амгалан хааны үеэс тасралтгүй уламжлан үргэлжилсээр ирсэн билээ.
    1712 онд Энх-Амгалан хаан /1662-1722/ Халимагийн Аюка ханд элч зарж хамтын хүчээр Зүүнгарыг байлдан эзлэхийг ятгажээ.  1721 оны үеэр нууц зарлиг буулгаж, Зүүнгарын дотор эвдрэл самуун гарах төлөв бүхий учир дайран ороход бэлэн байх хэрэгтэй5 гэж Солон, Дагуур, Халх, Хотгойд, Урианхай цэрэг татаж, Бархөлд суулган, Зүүнгарыг довтлон байлдахад бэлтгүүлж байжээ. Ялангуяа Найралт төв хаан /1723-1736/ Зүүнгарыг байлдан эзлэхээр сүрхий махран оролдсон юм. Тэр хаан зорилгоо биелүүлэхийн тулд Зүүнгарын дотоодын урван тэрслэгч нарыг дэмжин ашиглах бодлого явуулжээ. 1729 оны үеэр Сычуань, Шэньси хоёр мужийн бүгд захирагч сайд нарт нууцаар зарлиг буулган “Галданцэрэнг барьж алаад, дагаж ирэх нь буй аваас даруй түргэн айлтга” гэж тушаасан байна. 1731 оны эхээр Москвад тусгай элч зарж Оросын хаантай уулзуулан, Манж улс, Зүүнгарыг байлдан дагуулах гэж байгаа бөгөөд түүний газар нутгийн хагасыг орост найр тавин өгч болно, бас Оросын зүгээс Зүүнгарын оргодлыг шингээн авахыг зөвшөөрнө, гагцхүү зугтан очсон ноёдыг барьж өгч байхыг хүснэ гэж хэлүүлж байжээ. 5 “Зүүнгарын бодлогын бичиг”. Жинхэнэ злохиол. 9-р дэвтэр.
     Түүнчлэн Халимагийг Зүүнгарын эсрэг дайнд татан оролцуулахын тул хоёр ч удаа элч явуулсанд, Оросын засгийн газар бас зөвшөөрсөнгүй, тэр ч байтугай хоёрдахь удаагийн элчийг Халимаг руу нэвтрүүлэлгүй буцаажээ. Гэвч Найралт төв хаан бас Зүүнгарыг байлдан эзлэх зорилгоо биелүүлж чадаагүй юм.
    Манжийн цэрэг Зүүнгарт цөмрөн орж байлдан эзэлсэн нь
    Манжийн төр, Зүүнгартай албан ёсоор найрамдлын харилцаа тогтоохоор шийдэж, 1739 онд хэлэлцээн байгуулсан ажээ. Гэсэн ч манжийн төр Зүүнгарыг эзлэн бодлогоо бүрмөсөн орхисонгүй, гагцхүү түр хойшлуулж, зохистой цаг үеийг хүлээж байсан юм.
     1755 оны 3-р сарын эцэс, 4-р сарын эхэн үеэр Зүүнгарын дорно этгээдээс Манжийн хоёр замын их цэрэг нэгэн зэрэг бүчин дайрч орсон юм. Манжийн цэрэг Зүүнгарын хилд хялбархан цөмрөн орж, 5-р сарын үеэр эрээн хавирга, Бор талын зэрэг чухал газруудыг ямар ч эсэргүүцэлгүй эзлэн авчээ. 6-р сарын эхээр Зүүнгарын улсын төв нутаг Илид хүрч, Даваачтай шийдвэрлэх тулалдаан хийх болжээ. Даваач 7000 орчим цэрэг толгойлж, Хашин нуурын дэргэд хориглон байлдахаар шивээлэн хүлээж байжээ. 1755 оны 6-р сарын 23-нд Манжийн цэрэг хүрэлцэн очиж, чухал газруудыг эзлэн, улмаар Даваачийг өдөөн гаргаж, барьж авахыг оролджээ.
     Гэтэл Даваач гарч байлдсангүй өөрийн цэргийн хамт бэхлэн хамгаалж, шөнө болгожээ. Шөнө нь Манжийн цэрэг түүний бүгсэн газрыг дайран байлджээ. Даваачийн цэрэг тоо цөөн, зэвсэг муутайн дээр хамгийн гол нь зохион байгуулалтгүй байсан учир Манжийн цэргийн довтолгооныг няцаан байлдаж чадсангүй, зүг зүг сарнин зугтаажээ. Даваач эхнэр хүүхэд, гэр орноо орхиж, хоёр мянга гаруй цэрэг дагуулж зугтан оджэ. Манжийн цэрэг Даваачийн сууж байсан өргөө гэр, эхнэр хүүхдийг хэдэн мянган цэргийн хамт олзлон авчээ. Даваач зугтан явсаар Кашгарт хүрэлцэн   очсонд, 1755 оны 7-р сарын 16-нд Куча хотын дарга түүнийг барьж Бандид хүргүүлсэнд, Банди даруй Бээжин рүү илгээсэн байна. Даваачийг баригдсаны дараа Манжийн цэрэг Зүүнгар хаант улсын газар нутгийг асар их эсэргүүцэл үзэлгүй эзлэн авчээ. Ингэж Зүүнгар хаант улс 1755 оны 7-р сарын үеэр Манжийн түрэмгийлэгчдэд эзлэгдэн мөхөж, Монгол угсааны улс аймгуудын дундаас ганцаар XVIII зууны дундуур үе хүртэл тусгаар тогтнолоо хамгаалан чадсан Баруун монголчууд бас Манжийн төрийн эрхшээлд орсон юм.
     Манжийн төрийн тэр хорт бодлого Баруун монголыг ямар ч нэгтгэн захирсан эзэнгүй болгож, хуучин хан нарыг халж, шинэ томилсон дөрвөн ханд хуваан захируулах гэсэн явдалд хамгийн хурцаар илрэн гарчээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан Илийг түвшитгэн тогтоосон хойно “Дөрвөн Ойрад аймагт дөрвөн хан өргөмжилж чөдөрлөвөл барав”2 гэж байсан байна. Гэвч Манжийн хаан тэр бодлогоо ил тунхаглан зарласангүй, хэрэв Баруун монголын ард түмэн мэдвэл, дургүйцэн эсэргүүцэхээс болгоомжлон, аль болохоор нууц далдуур гүйцэтгэхийг оролдож, Дөрвөд Ойрадыг дөрвөн аймаг болгон зохож, тус бүрд нэжгээд хан өргөмжилж суулгасугай хэмээн хэлэлцсэнийг түр бүү тэдэнд хэлэгтүн3 гэж байжээ.
    2 “Зүүнгарын бодлогын бичиг” Жинхэнэ зохиол. 44-р дэвтэр. 3 Мөн зохиол. 2-р дэвтэр.
     1755 оны 9-10 сарын үеэр Долоннуурын газарт Ар, Өвөр, Баруун монголын ноёдын чуулган нийлүүлж, Зүүнгарыг Манж гүрний бүрэлдэхүүнд оруулан авах их баяр ёслол хийхээр бэлтгүүлж байжээ. Гэвч Манжийн түрэмгийлэгчдийн цуст үйл тийм амархан бүтэх ёсгүй байлаа. Тэдний санаад ороогүй хэрэг гэнэт гарч, бэлтгэсэн баяр ёслолоо зогсоож, татаж тараасан цэргээ дахин дайчилж хөдөлгөхөд хүрсэн юм. Тэр нь Баруун монголын ард түмэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө харь манжийн ноёрхолын эсрэг зэвсэг барин боссон явдал болно.