Category: Монголын түүх

  • Цөст их ойрадууд манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан

     
       Энэ байлдаанд Галданг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн Энх- Амгалан хааны бодролын бичигт өгүүлдэг байна.Арнай жанжин ийнхүү ойрадуудад ширүүн цохигдон буруулсан бөгөөд Энх-Амгалан хаан түүнийг “Зарлигийг зөрчин омтгой байлдсан” хэмээн тушаалаас бууруулан шийтгэсэн байна.Үүнээс үзэхэд, Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байв.Тэрбээр Галдан Бошготод элч зарж тал засахын зэрэгцээ, цаг хожин цэргийн хүчээ татан хуримтлуулжээ.Энэ үеийг хүртэл Галдан Бошгот дийлэгдэж ялагдаж явсангүй тул ойрад нутагт ар хударгаар нь Цэвээнравдан хаан ширээг нь гудайлгаж, өөрт нь цохигдсон халхууд манжид хүч хавсран дайсагнан байсныг үл тоон манжийн их цэргийг нэгмөсөн цохихоор улайран зүтгэв.Чухамдаа энэ нь Чингис хааны үйлсийг давтахаар мэрийсэн гэлтэй.Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг.
     
       Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг 3 түм байсан бөгөөд түүн дээр Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар 10 түмэн цэргийг дайчлан татсан байжээ. Тэрээр өөрийн ах Фу Чуанд “Хол дахиныг дагуулагч их жанжин” цол өгч, 5 түмэн цэрэг бүхий зүүн жигүүрийг захируулсан бол, гуравдугаар ах чин ван Цин Нянд “Умар дахиныг амаржуулагч их жанжин” цол олгон 5 түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон Галданг тосуулахаар явуулжээ. Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан ийн цэрэг томилон явуулахцаа Галдан Бошготын их цэрэгтэй байлдана гэж алдаршуулсангүй, харин хааны ах, агь нар Улаанбудан гэдэг газар ирж, өвөрмонголын олон ноёдын хамт Галдантай чуулган хийж, Тушээт хан болон Жавзандамба хутагт нарын бурууг хүлээлгэж, ял хэлтрүүлэх явдлыгхэлэлцэх гэж байна гэх зэргээр халхлан, Галданд бичигявуулсан байна. Галдан үүнийг гэнэдүүлэх арга болохыг мэдэж, мөн уг аргыг хариу хэрэглэн чуулганд очно хэмээн алдаршуулан хэлэлцэж, цэргээ аван урагшлав.
     
        Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Улаанбуданд Галдан Бошготын цэргийг очиход манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.Уулын бэлд байрлуулсан манжийн цэрэг их буу олонтой, тэр нь наранд гялалзаж ярайтал жагсаасан байх нь ойрадын эсрэг Энх—Амгалан хаан лут том хүчийг хуралдуулсныг илтгэнэ.Мөн халх, өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдүүлсэн морьт цэргийг ганга жалганд бөөгнүүлсэн байлаа.Галдангийн цэргүүд их төлөв хөвөнтэй дээлний гадуур нимгэн төмөр цагираг хэлхэж хадсан хуягтай бөгөөд зарим нь тэр хуягныхаа гадуур гинжин хүрэм давхарлан өмссөн байлаа.Түүнчлэн, хүний хүзүүг ч тас харвах хурц иртэй саран зэв, хутган зэв, шөвгөн зэв бүхий нум сумтай байлаа.Хоёр их буутай байснаа манжийн цэрэг эхлээд довтлон ирэх байх гэж үзсэн онь газарт зоов.
     
       Манжийн цэрэг нэмэгдэн ирсээр нэгэнт давуу хүчтэй болсон тул санаачлагыг авч, үхэр буугаараа буудаж сүрийг бадруулсаар уулан дээр давшин гарч ирэхэд, ойрадууд дор шугуй дотор эрэг бүхий голын тэртээ тэмээнүүдээ хэвтүүлэн халх босгож, манжийн цэргийг тосон байлджээ. Ингэхдээ унаж ачиж яваа 500 орчим тэмээг хөндлөн хэвтүүлэн, босч туйлахгүйгээр хөлийг тушин боож, дээрээс нь банз мод тавьж, нойтон эсгий олон давхарлан бүтээсэн нь сумны зэв нэвтэрхээргүй зузаан хаалт болсон байлаа. 2 саахалтын хэр газарт ийм хаалт хийжээ.
     
       Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.Манжийн талаас олон их буу зэрэг галлан сүрийг бадруулах нь урьд өмнө сонсож байгаагүй чимээтэй болов.Хаалт эвдрэн, тэмээний зарим нь үхэж, зарим хэсэг нь босож туйлан зугтаалаа.Ойрадын цэрэг энэ үед хариу дайралт хийн цавчилдаж гарав.Их бууны нүргээн, цэргүүдийн хашхиралт, тэмээ орилох, морьд янцгаах дуун нийлж тэнгэрт тулсан бөөн хар утаан дунд чих дүлийрэм чимээ үргэлжлэв.Ойрадын цэргүүд давуу хүчтэй дайсантай тулалдаж, манж цэргийн бөөн бөөн дайралтыг няцаасаар байлаа.Энэхүү ширүүн тулалдаан нар бууж уулын сүүдэр гартал үргэлжилсээр байлаа.Бөөн хүч хавиралдан, тулаан болж байгаа газар хүний, өөрийн цэрэг яаж явааг мэдэх тойм алдагдав.Галдан Бошгот хотойн цөмөрч буй хүрээ рүү нөөц хүчнээсээ явуулан сэлбэг өгч, манжийн цэргийн дайралтыг торгоон барьсаар байлаа.
     
       Оройхон ойрадын цэргийн байгаа уулын араас гэнэт морьт дайсан бөөн хүчээр дайралт хийн улаан манан татуулсан хэдэн мянган иэрэг хуйлруулан орж ирэхэд, Галдан Бошгот ганганд нуусан нөөц морьт цэргээ сөрөн довтолголоо. Уулын бэлд хоёр талын цэрэг нүүр тулж, илд бамбай начигнан, морьд  янцгааж, манж, монгол, хятад хүмүүсийн дуун хадаж байв. Ийнхүү морьтой болон явган цэргийн тулаан уулын хяр бэл, голын хөвөө, эрэг ганганд үргэлжилсээр байв.Галдан Бошготын цэрэг нэн овсгоо зориг гарган тулалдсан учир манжийн морин цэргийг өөрийн   хүрээнд оруулсангүй гэдрэг нь няцаан зайлуулжээ.Хоёр талын цэрэг унасан дээрээ даван хатгалцаж, газарт урссан цусаа гатлан нүдэлцсээр үдэш болгов.
     
        Ойрадын цэргийг баруун жигүүрээр нь ороон цохих гэсэн манжийн цэргийн хэдэн мянган морьтон болон явган цэрэг энэ үед голын хөвөөний зузаан намагт орж шигдээд, урагшаа ахих аргагүй болж, зарим нь зоогдон, үлэмж хэсэг нь ухарчээ.Энэ явдал ойрадын цэргийн амьд хүчинд их жийрэг болов.Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмощ манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
     
       Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан Бошгот энэ үед цагийн байдлыг тооцоолоод хүчтэй дайсантай тулгарснаа мэдэж, энэ тулалдаан хэт нь ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор “төр шашны тулд хэлэлцээр хийе ” хэмээн эхлээд Ялгуусан хутагт дараа нь Жирон хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж найрамдахыг гуйв. Манж нар энэ үед тулалдааны хүч нь сарнисан, нөгөөтэйгүүр Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хараахан хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галдан Бошготын элчийг тусгай цацар барьж хүндэтгэн хүлээн авчээ. Манжийн цэргийн удирдлага Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харьяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч, бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.
     
       Галдан өөрийн хүрээнд манжийн элч Арнай нарыг хүлээн авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ.Гэхдээ хоосон гуу барьж тангараг тавьсан гэдэг.Манжийн элчийг буцаахад Галдан Бошгот “Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн оршин буй газар хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн очиж, зарлиг хүлээхийг хүсч буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ. Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байсны дээр найрамдал байгууллаа хэмээн сэрэмж буурсныг далимдуулан Галдан Бошгот манжийн элчийг буцсан шөнө зай сүвийг олж бүслэлтээс гараад Шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь үхэр, уналгын агтыг олж, өдөр шөнөгүй довтолгон явсаар гөвийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна. Манж нар Галдан Бошготын буруулсныг 3 өдрийн хойно мэдэж нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа.Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц гол дайснаа нэгмөсөн дарж чадаагүйдээ бухимдан цухалдаж, харьяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна.Бас Галдан Бошготод захиа бариулан элч довтолгож “Чам лугаа байлдах гэсэн учиргүй, гагцхүү чиний хүн урьд гар хөдөлсөн учир манай цэрэг аргагүй байлджээ” гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч ойрадууд зогсолтгүй явсаар 10-р сард Онон голын савд буцаж ирсэн байна.Галдан Бошгот 1690 оны 10 дугаар сарын сүүлээр Ононгийн орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурыижээ.Галдан Бошготын цэрэг Ононгоос Ховд хүртэл урт замыг туулсны дээр Халхын олон нийт түүний замын зуур дайсагнасан учир их хохирол амсжээ.
     
       Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

    2013-06-27 16:46:12
    Мэдээ оруулсан: undesten
     
  • Сорхогтан бэхи хатны түүх

    Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор  орж ирсэн цагаас насан эцэс болтлоон эр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхитайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл,  улс орондоо мөн  гадаад дэлхий  дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны  отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан  бэхи   Мөнх, Хубилай, Хүлэг, Ариг бөх  дөрвөн  хөвүүн  төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе  залгамжлан барьж ирсэн түүхтэй.   Тулуй эзний үнэнч хань Сорхогтан  бэхи   түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.

    Рашид-ад Диний өгүүлсэнээр: Сорхогтан бэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэн ч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан. Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн.Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг.Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Динихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяал санал бат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужууу хаан, хол ч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.  
    Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө   хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтан бэхи  бараа бологсод  хийгээд  цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан  байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана.
     Хан хөвгүүддээ  өндөр боловсрол олгож, цэрэг дайны  болон  байлдах эрдмийн   мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтани бэхи хатантны төрт ёсны бодлого залгамж  чанарыг барьж байсантай холбоотой.   Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юмуу өөрчлөхийг хориглосон  хатуу зарчмыг Сорхогтан бэхи хатан баримталж байсан байна.
    “Холын хүнд өршөөл тус хүргэвээс
    Алдар нэр дуурсана
    Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
    Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”. Гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтан бэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна.
    Гүюүг  хаан их цэрэгтэйгээр Бат хааны  хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтан бэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож,  Чингис хааны алтан ургийн  хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг  Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн  Мөнхийг  ухаан билэг төгс,  авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа  юм.   Бат хаан түүнийг байхад яахин би  хаан болохсон билээ.  Мөнхийг дэмжээд ах  дүүс, төрөл төрөгсөд ба бүх  ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг.
     Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтан бэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь.  Бат хааны элэгсэг дотны  ухаалага лхам   түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.  Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их  ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтан бэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ.
    Сорхогтан бэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтан бэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай,  Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ.
    Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал
    Төвгөөс удах  гурван  дайсныг монголчууд үзэхгүйсэн.
    Угсаасайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж
    Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад
    Тулуй эзэн-эр нөхрийнхөө  хойноос тэнгэрт хальсан нь Төрт ёсонд хүндхэн  гарз  тохиолдсон нь түүхэнд үлджээ.  Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь  Сорхогтан бэхи хатны  орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг.  
    Эх сурвалж  http://www.info.mn
     
  • Юань гүрнийг үндэслэгч Хубилай Сэцэн хаан

     
      Сүн улсын нутаг баруун талаараа мөн давшгүй бэрх бартаа бүхий мянга гаруй километр үргэлжилсэн Күн Лүн, басхүү Гималайн уул нуруугаар хүрээлэгдэж, тэдгээр нь гадны дайсан нэвтэршгүй бат бэх хэрэм болж, хятадын уудам тал нутгийг төвдийн өндөрлөг газраас битүүлжхамгаалжбайв.Урьдөмнөдавшгүй, нэвтэршгүй гэгдэжбайсан энэхүү сүрлэг их уулсын оронд Хубилай хаан ахынхаа даалгавраар буман хүнтэй их армиар цөмрөн оржээ. Хэнд ч захирагдаж үзээгүй омголон дайнч овог аймгууд уулын зөрөг жим бүрийг хамгаалж, замыг нь хааж байв.Тиймээс өдөр тутам дайсантай учирч байлдаж, ялж дийлсээр урагшлав.Овог аймаг бүрийг дараалан бут цохиж байлдан дагуулаад толгойлогчоор нь дараагийн аймгийн нутаг руу газарчлуулж, хоол хүнс гаргуулан, дайчдаар нь цэргээ сэлбэж шаргуу давшин явжээ.Ийнхүү алхам алхмаар урагшилж замдаа байнга тулалдан дийлсээр урьд хожид ямар ч цэрэг арми туулж байгаагүй тэр их уулсын орноор 1500 км аялан өнгөрчээ.
     
      Чингээд Хубилай өнөөгийн Юннаний хил болох Кин Шачианд хүрэв.Энд Нан Чаогийн хаант улсын цэрэг нутгийн овог аймгуудтай хүч хавсран уулсын гол даваагхамгаалан, Хубилайн замыгхаажхоригложээ.Тэд дагаж орохыг шаардаж явуулсан элчийг барьж алав.Тэгэхээр нь монголчууд тэднийг дайран орж амь хайргүй хядав.Нан Чаогийн хаан уулын цайзад амь хорогдон бүгэн суухад нь монголчууд цайзыг дайрч эзлэн Юннан хот руу дутаалгав.Амь тэмцсэн хааныг бариулахаар Хубилай хойноос нь их жанжин Сүвээдэйн хүү Урианхадайг илгээгээд өөрөө улсын нийслэл Та Ли хот руу хөдөллөө.Гэвч энэхүү нийслэл хотыг маш хүчтэй бэхэлж хамгаалсан байсан тул Хубилайн цэрэг хотыг хүрээлэн хуарагнан буугаад, өглөө эртлэн довтлон орохоор бэлджээ.
     
      Хубилай цэргийнхээ хүрээнд сууж байхдаа нэгэн хятад зөвлөхийнхөө өгүүлсэн ганц ч хүний аминд хүрэлгүйгээр дайсны хотыг эзэлж авсан хятадын нэгэн жанжны тухай домгийг сонсоод босон харайж “Чиний ярьсан үлгэр домог байна.Харин би маргааш үнэн түүх болгоно” гэж ам алдсан гэдэг.Тэгээд үүнийгээ удалгүй ажил хэрэг болгож “Хүний амь хороохыг цаазлан хорилоо” гэж томоор бичсэн туг хиуруудыг босгоод, бууж өгөхийг шаардан цэргийн дарга гурван хүнийг төлөөний элч болгон хот руу явуулжээ.Хотыг хамгаалах цэргийн 2 дарга элчийг алсан ч энэ хооронд үлдсэн нэг монгол цэрэг нөгөө туг хиуртайгаа хотод нэвтрэн оржээ.Тэгэхдээ хотын гудамж талбайд “Хүн алахыг цаазлан хориглож байна” хэмээн чангаар зарлаж явахад нэг ч хүн түүнд гар далайсангүй гэдэг.Ийнхүү нэг ч хотын иргэн монголын нэг ч цэрэг амь хохирсонгүй.Хубилай хотыг ийн буулган аваад элчийг нь алсан нөгөө хоёр даргыг л зарлигийг зөрчсөн учир хэмээн буруутгаад цаазаар авчээ.Тэгээд өөрөө Юннан хотыг яаравчлан зорьж аврагдах ямар ч найдваргүйгээ ойлгосон хан хүү нь буужөгөхөдхэдийгээр монголын ёсонд элчийг алах нь хүнд гэмт хэрэгт тооцогдож заавал алж хороодог заншилтай ч энэ удаа элчийг нь алсан түүнд гар хүрсэнгүй.Түүнийг эхлээд Хархорум хот руу их хаан Мөнхөд хүргүүлэх гэснээ дагаж захирагдахаа илэрхийлмэгц, улсад нь харьяат ноёны албанд нь эргүүлэн тавьжээ.Сүрлэг өндөр уул нуруу дамжин Юннанийг эзлэн авах аян дайн ийнхүү жил гаруй үргэлжлэн дуусав.Хубилай ийнхүү аян дайнаа амжилттай дуусгаж буцахдаа Урианхадайг үлдээж Сүн улсын ар талд түшиц газар бий болгож бэхжүүлэх үүрэг ногдуулжээ.
     
      Хубилайн алсын аян дайнд авч гарсан буман монгол хүнээс хоёр түмэн хүн үлджээ.Аян дайны явцад их цэргийн тавны дөрөв нь амь үрэгдэх буюу өвчин тахлаар хиарсан ч нутгийн ялагдсан ард түмнээс нөхөн авсаар цэрэг дайчид нь дайнд дөнгөж мордож буй мэт бэлэн байлдааны чадвараа хадгалан байв.Хэдийгээр Хубилай авьяас билэгтэй эрэлхэг зоригтой жанжин ч гэлээ хятад хүмүүжил нь даравч далдайж булавч бултайж байлаа.Энэ байдлыг нь Мөнх хаан мэдэж хойш дуудан тушаалаас огцруулж буруутган яллах гэж байснаа даруй эвлэн учир зүйгээ ололцсон байна.
     
      Улмаар итгэлийг эвдэн элчийг нь алсан Сүн улсын эсрэг аян дайнд Мөнх хаан өөрөө оролцохоор болжээ.Чингээд хүчээ төвлөрүүлэн өмнөд хятадын Сүн гүрнийг гурван талаас нь нэгэн зэрэг довтолжээ.Энэ үед Хубилай умар зүт Хунаны дэргэдээс хөдлөн Сүн улсад цөмрөн Хөх мөрнөөс хойшхи нутгийг бүхэлд нь эзлээд мөрнийг гаталж, Учань Фү хотыг бүслэхэд Урианхадайн цэрэг баруун өмнөөс нь нэвтэрч орсноор хүчээ нийлүүлж аваад Сүн улсыг тэг дундуур нь тасалж авахаар заналхийлэв.Яг энэ мөчид Хочаугийн дэргэд байлдаж байсан Мөнх хааны цэрэгт цусан суулга өвчин дэлгэрч хаан өөрөө өвдөн нас баржээ.Энэ байдлыг ашиглан Хубилай Долнуурын Шандуд садан төрлийнхөн болон хятад цэргийн ноёд, дарга нар болон хятад мужуудын монгол захирагч нараар хурал хийлгэн өөрийгөө их хаанаар зарлуулав.Чингис хааны нас барснаас гучин жилийн хойно хааныг алтан уршйнхныг бүгдийг нь байлцуулан сонгох, өрсөлдөгч гаргаж ирэхийг цаазлан хориглосон хууль ийнхүү мартагдав.    Улмаар улсын нэрийг өөрчлөн нийслэлийг дотор газар шилжүүлж, Хубилайн удирдсан монгол хятадын нэгдсэн цэрэг Арибөхийг бут цохив.Монголчуудьга өөр хоорондын дайн тулаан өрнөснийг Сүн улс ашиглан дахин толгой ондийлгөж ирэв.Гэвч байр сууриа нэгэнт бататгаж чадсан Хубилай гадаад аян дайнд дахин анхаарлаа хандуулав.Чингисийн дайнбайлдааны сургууль мөн гуравдахь үе дээрээ ялан дийлж алдраа дуурсгав.Сүн улсын нийслэлийг эзлэн авч эзэн хааныг нь олзолсон ч 40 жилийн дайн үүгээр дуусангүй.Хятадьтн өмнөд нутагг эсэргүүцэл үзүүлснээр байсныг ихээхэн хүчин чармайлт гарган бүрэн дарж эрхшээлдээ оруулав.
     
      Хубилайн цаашдын аян дайны ажил үйлс дорно өмнө зүгт чиглэх болжээ.Меконг мөрний өмнөд хэсгийн Нам Бо улсын хаан дагаар орохоо илэрхийлж бараалхахаас татгалзсан учир монгол цэрэг нутаг оронд нь халдан орж нийслэлийг нь эзлэн эвдэн сүйтгэжээ.Аннам улсьгн хаан нутаг дээгүүрээ монгол цэршйг өнгөрүүлэхээс зайлсхийж нэг үзсэнээ сайн дураар алба барьж эхэлжээ.Бирмийн хаан хүүгээ Хубилайд илгээсэнгүй учир нутаг орон нь гурван ч удаа халдлагад өртөв.Хубилайн цэргүүд Сиам, Энэтхэг, Ганга мөрний цаад тал мөн Ява аралд дайтаж явлаа.Дайны ялалт ашиг тусаа өгөх эсэхээс нэг их хамаатай бус гагцхүү газар сайгүй ноёрхож захирах дон Хубилайг эзэмдэж сэтгэл санааг нь тавируулах болжээ.Иймээс Чингис хааны хянуур болгоомжтой аян дайнд бэлтгэдэг шургуу нухацтай бодлого орхидох болсны учир бэрх ялагдал хүлээх нь гарцаагүй мэт болжээ.
     
      Үнэхээр ч түүхэндээ харийн ноёрхол гэдгийг үзээгүй Япон улсад тулган шаардсан нь доромжлол байсан агаад хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 45 мянган монгол, 120 мянган хятад, солонгос дайчид бүхий асар том армийг япон аралд буулган тэгш тал газрыг эзлэн сүйтгэсэн ч бэхлэлт суурингуудыг эзлэх гэсэн оролдлого нь япончуудын баатарлаг эсэргүүцэлтэй тулгарч ахисангүй, дээр нь байгаль дэлхий туслаар ирсэн мэт хар шуурга Хубилайн байгуулсан тэнгисийн цэргийн урьд хожид байгаагүй агуу их флотыг устган сүйрүүлжээ. Японы аралруу Хубилай дахин цэрэг илгээсэн ч дээрх гунигт хувь тавилан давтагдсан байна.Хубилай хятадыг түүний ахуй амьдрал соёлыг хүндэтгэдэг байсан ч хятадуудад итгэдэггүй байв.Хэдэн зуун мянган хүнээр 60 сая хүний хазаарлан барьж буй гэдгээ их хаан хэзээ ч мартдаггүй байсан бөгөөд тэдэнд нэгдэж нягтрах ямар ч бөлөмж гаргаж болохгүй гэдгийг хатуу анхаарч байв.Хятадын цэргийг ашиглахдаа тэрбээр өмнөд хятадынхыг умард хятадад, умардынхыг өмнөдөд суулгаж, дорно зүгийн дайчдыг өрнөдөд, уул хөвчийн овог аймгийг тал хээрт байрлуулан, 2 жил тутамд сольдог байжээ.
     
      Тэрбээр Монголын төрийн төвийг хятад газар шилжүүлсэн ч өөрийгөө хэзээ ч хятад хүн гэж үзсэнгүй тэднийг захиран дарангуйлсан монголын их эзэн хэмээн үзэж байв.Энэ үед Хубилай их хааны хувиар Ази Европ тивийн тав хуваасны дөрвийг захирч байв.Тэр бол Алтан Ордны улсын ч мөн эзэн байв.Хятад Манжуурт аян дайн явуулахдаа Ижил Днепр мөрөнд ахуй Оросын хотуудаас цэрэг цуух дайчилж байв.Түүний торгон шадар цэрэгт алаан дайчид, кавказ гарлын цагаан арьстнууд, христ түшмэдүүд алба хашиж байжээ.Өмнөд Азид Хүлэгүгийн байгуулсан Амударьяагаас Сири хүртэл дамнан оршиж, Византийн гүрэнтэй хиллэж байсан гүрэн бол Хубилайн улсын гадаад муж гэгдэж байлаа.Хүлэгүгийн улсын хаад Хубилайгаас “Ил хаан” гэдэг хааны хэргэм цолыг хүртдэг байв.Тэбриз хотноо цутгасан зоос Хубилайн нэрээр гарч байв.Энэ асар том гүрэнд монгол хэв ёсны энх журам ноёрхож байсан юм.Даян дэлхийн түүхэнд анх удаа Ойрхи Дорнод, Хятад, Орос, Төвд зэрэг улс орнууд туулшгүй их говь цөл, давшгүй өндөруул нуруугаар зааглагдан оршиж байсан нь одоо өөрчлөгдөж, дайсагнасан улс орнууд харилцан халдан түрэмгийлэхээ больж, хоорондоо мөнхөд олзлолдон булаалдахаа зогсов.Дээрмийн халдлага үймээн самууныг эгнэгт арилгав.Монгол цэрэг аяны зам харгуйг сэргийлэн хамгаалж, монгол түшмэд өртөө бүрт ирэх, явах жингийн цувааг бүртгэн суух тул харьяат аль нэг аймгийн нутагг жингийн ачаа тээш алга болвол амбан сайд нь ялд унах билээ.Ийнхүү Хубилайн алдар суу тив дэлхийгээр дамжин түгсэн билээ.
     
    2012-11-27 15:47:48
    Мэдээ оруулсан: undesten

     
  • -Монгол наадмын түүх-

    Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2400 орчим хурдан морь, 30 орчим км газарт шандас юугаа сорин уралддаг нь манай гараг дээрх хамгийн том морины уралдаан учраас гадныхан уулга алддаг юм билээ.
    Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байсан нь түүхийн хуудаснаа шарлан үлдсэн байх .1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
     
    Улмаар 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн. .
    Харин 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэх болсон гээд наадмын тухай үүх түүхийг баяжуулах болсон юм.
    Монгол хүн бүрийн хүүхэд насны дурсамж үндэсний их баяр наадамтай салшгүй холбоотой. Наадам үзэж, цэнгэлдэхийн гадаа тухлан хуушуур идэж, улаан ус уун  бөхчүүдийг дэргэдээс нь харж бишрэн харваачдын нумыг татахсан хэмээн мөрөөдөж, хурдан морины хүүхдүүдэд атаархдаг байгаагүй гэж үү.
     
    Жил жилийн наадам монгол хүн бүрийн сэтгэл дэх их омогшлыг бадраан төрт ёс уламжлалаараа бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.
    -Дэлхийд ганцхан Монгол наадам-
    Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнах их үйлсийг үеийн үед бүтээх Монгол наадам өргөн дэлгэр эхэллээ. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ цагийг гэрчилж, өмнөх түүхийг бататгаж, ирээдүйг гэрэлтүүлэх түүчээ нь юм. Энэ л өдөр эх орны минь өнцөг булан бүрт эцэг өвгөдийн үеэс уламжлуулан ирсэн их түүх, соёлын гайхамшгийг наадамчин олон маань нүүрэндээ мишээл тодруулан ёс жудагтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.
     
    Энэ удаагийн улсын их баяр наадмаар олон тэгш ой тохиож, 1024 бөх 10 даваанд барилдана. Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар  1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх ес давбал Улсын арслан цол өгөх юм байна. Хэрэв тэр бөх 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгоно. Харин Улсын арслан болон түүнээс дээш цолтой бөх түрүүлбэл хуулийн ердийн журам үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Улсын арслан цолтой бөх Улсын аварга цол авах юм. Улсын аварга цолтой бөх түрүүлбэл Улсын даян аварга цол авна. Улсын даян аварга түрүүлбэл Улсын дархан аварга цол авна гэж хуульд заажээ.
     
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй болно. Өнгөрсөн жил УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар Монгол түмний аж амьдралыг Хүннү гүрнээс улбаалуулан харуулсан бол энэ жил дахин тэрээр наадмын нээлтийг нээхээр хэдийнээ Төв цэнгэлдэхэд түүний баг хамт олон байраа эзэлжээ.
    Их Эзэн Чингис хааны үеэс эрийн гурван наадмаа тэмдэглэж, хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьж, шандаст хурдан хүлэг нь хурд хүчээ үздэг байсан өвөг дээдсийн үрс билээ бид.
    Миний Монголын наадам нарыг аргамжиж, наадамчин олныг сэтгэлийг баясгаж, Төрийн дууллаа эгшиглүүлж, дуу хууртайгаар өргөн дэлгэр өрнөх болно.
    Дэлхийд ганцхан наадмаараа , дэнж хотойтол сайхан наадаарай.
     
  • Цагадайн улсын тэргүүн,эвт найрсуу Эргэнэ хатан

    Гүюг 1246 онд их хаан болохдоо: “Хүү нь байхад яахан ач нь захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс нь зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байна.
     
    Тэрбээр 1251 он хүртэл төр барьжээ. Их Монгол Улсын хаан ширээ 1251 онд Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж, Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрчээ. Мөнх хаан өөрийн ээлжинд дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг шилжүүлэн өгчээ. Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсчээ. Энэ байдалд Хархүлэгийн орыг Мөнх хааны зарлигаар түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Цагадайн улсын шинэ хаан балчир байсан тул засгийн эрхийг энэ үед Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авсан байна. Ийнхүү Эргэнэ хатан 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд анхлан гарчээ.
     
           Юуны өмнө Эргэнэ хатан нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид бөлөн бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан, Бат РУУ явуулсан байна. Гэвч Бат хаан түүнийг хэсэг зуур байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Гэвч Есөнмөнх удалгүй Эргэнэ хатны өш хонзонгийн золиос болон амиа алджээ. Эргэнэ хатан төр барьснаар Хабаш Амид болон түүний хүү Насир Адцины дэргэд шадар сайд болжээ. Есөнмөнхийн шадар сайд байсан Имам Беха Аддин Маргинанийг 1251 оны сүүлээр амийг нь хөнөөжээ. Эргэнэ хатан энэ үедээ Цагадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй.
     
         Цагадайн улсын зарим хэсэг, Өгэдэйн улсыг бараг бүхэлд нь Тулуй болон Зүчийн удмынхан хуваан авсан байна. Мөнхийг хаан суулгасан гол этгээд хийгээд алтан ургийнхны хамгийн ахмад нь болох Бат хаан Монголын Эзэнт Гүрний хэмжээнд онцгой байр суурьтай байв. Өгэдэй, Цагадайн удмын насанд хүрсэн ихэнх төлөөлөгчид энэ үед бараг цөм хадагдсан ба аль эсвэл цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хувиарийг төвөггүй хийж чадсан байна. Харин энэ үед Цагадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ.
     
         Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байхдаа 1254 онд их хааны зарлигаар персийг дайлаар явж байсан Хүлэгүг хүлээн авчээ. Эргэнэ хатан түүнд зориулан их найр хийж, бэлэг сэлт өгсөн байна. Хүлэгүг ийнхүү ихэд хүндэтгэсэн явдал бол Эргэнэ хатан төрийн ёс үйлдсэн төдий хэрэг бус, харин Эргэнэ хатны төрсөн эгч Кубак болон түүний дүү Өлзий нар хоёул Хүл эгү хааны хатан байсан тул Эргэнэ хатан хүргэн ах, эгч д үү нартаа ийнхүү гүн хүндэтгэл үзүүлсэн хэрэг байжээ.
     
         Хүлэгүг Самаркандын орчим 1255 оны намар дөхөж очиход, Цагадайн улсын захирагч Масуд бек Ялавич 40 хоногийн турш түүнийг мөн дайлсан байна. Эндээс үзэхэд Эргэнэ хатан Тулуйн удмынхан дунд нилээд нэр хүндтэй байсан юм. Тиймээс Цагадайн улсын түүхийн эмгэнэлтэй хүндхэн үед төр барьж байсан Эргэнэ хатан улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байна. Цагадайн удмынхан дунд ч түүний нэр хүнд өндөр байсны баримт бол Цагадай бүх бэрүүдээсээ түүнийг онцгойлон үзэж, Эргэнэ бэр хэмээн дотночлон дууддаг байжээ. Эргэнэ хатан өөрөө бурханы шашин шүтдэг байсан ч, лалын шашинтныг ихэд ивээдэг байв. Түүний хүү Мубарек шах алтан ургийнхнаас хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. Мөнх хааны төр барьсан хугацаанд Эргэнэ хатан балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг захирч байгаa
     
        Их Монгол Улсад дэгдсэн хаан ширээний төлөе тэмцэлд Аригбөхийн талыг дэмжив. Аригбөхийг дэмжихэд хүргэсэн нэг шалтгаан бол мөн л худ ургийн холбоо байжээ. Учир нь Эргэнэ хатны өөр нэг эгч Илчигмиш нь Аригбөхийн хайртай хатан нь байжээ.
     
        Хубилай Эргэнэ хатныг өөрийн талд татан авах зорилгоор дэргэдээ байсан Цагадайн гуч хүү Абишкаг Цагадайн улс руу илгээсэн боловч тэрбээр тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж, удалгүй Аригбөхийн тушаалаар хороогдсон байна. Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагадайн улс руу өөрийнхөө дэргэд алба хашиж байсан Цагадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ зарлиг өгч явуулсан байна. Алгуй өвөг эцгийнхээ хувь улсад очиж, улсаа бүрэн эрхтэйгээр захирч эхэлжээ. Эргэнэ хатан энэ үед захирагч Масуд бекийн хамт Аригбөхийн зүг явж очоод, Алгуйн талаар гомдол мэдүүлж, түүний халамжинд нилээд хугацаагаар хажууд нь байжээ. Гэвч эцсийн бүлэгт Аригбөх Хубилай хаантай хийсэн тэмцэлд дийлдэн, бууж өгөхөөр одохдоо Эргэнэ хатан болон Масуд бекийг Алгуй руу илгээсэн байна.
     
         Энэ үеэс Алгуй Эргэнийг хатнаа болгож, Цагадайн улсыг бүрэн эрхтэй захирч, Масуд бекийг Самарканд, Бухар хотын захирагчаар томилжээ. Цагадайн удмын төрийн залгамж холбоог алдагдуулахгүйн тулд Эргэнэ хатан ийнхүү Алгуйтай гэрлэсэн байна. Алгуй удаан төр барьж чадсангүй, 1265 оны сүүлээр нас баржээ. Энэ үед Эргэнэ хатан ноёд, түпгмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек шахыг хаан ширээнд өргөмжилжээ. Тэрбээр Их Монгол Улсын түүхэнд анх удаа их хааны зарлиггүй хаан болсон байна. Тиймээс лалын шашны нөлөө бүхий санваартан л ам нарын дэмжлэг олох үүднээс Мубарек шах өвөг дээдсийн сүсэг бишрэлийг орхиж, лалын шашинд орсон байна.
     
        Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрөн, Цагадайн удмын Боракийг Мубарек шахтай хамтран төр бариулахаар зарлигджээ. Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, түүний итгэлийг олсон хүн байв. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек шах болон Эргэнэ хатны байр суурь нилээд бат бөх болохыг олж харжээ. Тиймээс хаан ширээг ов мэхээр эзлэн авахаар шийдэж, тэдэнд зарлигаа үзүүлээгүй байна. Улмаар Борак 1266 оны сүүлээр Мубарек шахыг зайлуулж, барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. Хагас жил хүрэхгүй хугацаанд Борак дан заль мэхээр хаан ширээг эзэлж чадсан нь Мубарек шахын гол түшиг тулгуур болж байсан эх Эргэнэ хатан нас барсантай холбоотой байжээ.
     
        Ийнхүү Эргэнэ хатан 1251-1260 он хүртэл дангаар, 1260-1265 онд Алгуйтай, 1266 онд Мубарек шахын хамт 10 гаруй жил Цагадайн улсын хүнд бэрх үед засгийн эрх барьсан, төр улсын гарамгай зүтгэлтэн байжээ. Тэрбээр хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байжээ. Чингис хааны зээ охин, Цагадай хааны хайртай бэр бөгөөд алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй, улс төрийн нөлөөтэй байсан Эргэнэ хатан Их Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн бөлгөө.

     
  • №47 Халх, Зүүн гарын дайн, Халхын тусгаар тогтнол алдагдсан нь

     Хүрэн бэлчирийн чуулган нь Манжийн төрийн хяналт заавраар хийгдсэн, цаад зорилго нь 1640 оны Монгол-Ойрадын чуулганы шийдвэрийг хүчингүй болгох, ноёдын хямралыг Манжид ашигтайгаар намжаах алхам хийх, Халхын Зүүнгар хаант улсын эсрэг тавих зорилт бүхий байсан юм.
    Гэвч уг чуулганаар бүх зүйлийг шийдэж чадсангүй. Харин улам ч ээдрээтэй  асуудал
    гарч, Халх-Ойрадын болон Манж-Монголын зөрчил тэмцэл хурцдан, ширүүн тулалдаан гарахын үр хөрөнгийг бүрэлдүүлсэн юм.  
    Галдангийн Манжийн хаанд илгээсэн элчийг нь Түшээт хан Чахундорж нар 300 цэрэг илгээн замаас нь довтлон цохисон болон дүү Доржжавыг нь алсан, мөн Чахундорж бас өөрөө цэрэглэн Зүүнгар улсын нутгийн хязгаарт орж ирсэн зэрэг ноцтой мэдээг аваад, Галдан хаан Равдан, Данзан Омбо нарын жанжин, түшмэдүүдээ дуудан ирүүлж уг асуудлыг хэлэлцээд, Түшээт хан Чахундоржийг дайлах шийдвэр гаргажээ1. Чингээд 1688 оны хоёр сард Галдан нутгаасаа цэрэг удирдан гарч, Элжигин хошуугаар дамжин, Чахундоржийн араар нь Халхын нутагт цөмрөн оржээ.
     Түшээт хан Чахундорж Манжийн хааны ятгалгаар Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээн суутал, Галдан нэгэнт Халхад цөмрөн орсныг сонсоод, Эрдэнэ-Зуугийн зүг тосон хөдөлсөн ба Түшээт хан Чахундоржийн хөвгүүн Галдандорж Эрдэнэ-Зуугийн орчим Галданы цэргийг угтан байлдаж, бут цохиулаад зугатан, Цахиртай гэдэг газар ирээд байсан эцэг Чахундоржтой нийлэн, Төмөрт гэдэг газар Галданы цэрэгтэй дахин байлджээ.
     Галданы цэрэг Эрдэнэ-Зуу хийдэд хүрч очиход Өндөр гэгээн Занабазар Эрдэнэ-Зуугаас нэлээн зайтай байсан ба Ойрадын цэрэг орж ирсэн мэдээг сонсоод, Түшээт ханы эхнэр, хүүхдийг авч, Орхон голыг өгсөн, Жанчидаар дайрч, зүүн тийш эргэн, Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин явсаар Сэцэн ханыг түшихээр очсон боловч тэр үед Сэцэн хан Норов өвчнөөр нас барсан учир Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад, цааш Сөнидийн нутгийг тэмцэн явсан бололтой.
     Галданы цэрэг Өндөр гэгээнийг тэр даруйд нь бус, хэсэг хугацааны дараа сургаар яаравчлан нэхсэн боловч өндөр гэгээн нар нэгэнт Манжийн харъяат нутагт нэвтрэн орсон байжээ.
     Галдан бошгот Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээр мэдэн, хойш эргэн, Олгой нуурын хөвөөнд Түшээт ханы цэрэгтэй хэдэн хоногийн турш байлджээ.
    Галдан бошигтын довтолгоонд шахагдсан Түшээт хан Чахундорж тэргүүтний энэ байдлыг нь далимдуулан бүрмөсөн оруулж авах гэсэн Манжийн хааны тулгалтанд өртсөн Халхын ноёд 1688 оны 9 сард Ар элстэй гэдэг газар чуулган чуулжээ.
     Уг чуулганаар, Галдантай хэрэхэн тэмцэх, Халх цаашид хэрхэн оршин тогтнох, Манж, Орос улсын алиныг нь дагах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэхэд, Халхын ноёдын нэг хэсэг нь Манжийг дагаж орьё, нөгөө хэсэг нь Оросыг түшье хэмээн санал хуваагдсан учир нэгдсэн шийдвэр гаргуулах зорилгоор Занабазарыг саналаа хэлэхийг хүсэхэд, тэр “Хойд зүгийн шар Хятад /Орос/ хэмээх улсын хааны төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцадын зах буруу тул үл болмуй. Өмнө зүгийн хар Хятад /Манж-С.Ц/ хэмээх улсын хааны төр төвшин амгалан сайны дээр бас түүнд бурхны шашин дэлгэрсэн, ялангуяа Манжийн хааны эд агуурс нь тэнгэр лусын эд эрдэнэсийн хив хадаг, торго тэргүүтэн бүрдсэн их буянтай хаан мөний тул тэр зүг явбаас, төр тогтож, хамаг амьтан жаргамуй2” хэмээн өгүүлснээс үүдэн тэр чуулганаас Халх Манжид дагаар орох шийдвэр гаргажээ.
    2 “Богд гэгээн бээр Халх монголын оронд анх хувилан шашныг дэлгэрүүлж, төр дагаж сайтар үзүүлэн амьтныг жаргуулан айлдсан цадиг оршвой”. УТНС. ГБС
     Тийнхүү 1688 оны 9-р сард Түшээт хан Чахундорж, Занабазар нар харъяат нарынхаа хамт захирагдахыг албан ёсоор зөвшөөрсөн бичиг үйлдэж, Манжийн хаанд өгчээ.
     1685 оны 6-р сарын 11-нд Халхчууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлсэн ба мөн л монгол нутгаас гарч явах шаардлагыг тавьжээ. Гэвч бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй дуусчээ.
     1687 оны эцсээр Халхчууд дахин Сэлэнгэ, Үдийн шивээг довтлон бүсэлсэн ба Оросын элч Ф.А.Головиныг Үдэд ирэхэд нь Оросын хилд буй буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг монгол нутгаас гаргах шаардлагыг дахин тавьжээ.
     Тийнхүү Түшээт хан Чахундорж Оросын эсрэг удаа дараа цэрэглэж байсан ба Оросын эсрэг тэмцэлдээ манж нараас дэмжлэг авч байсан, мөн эсэргүүцэл этгээд Галдан нь Оростой сайн харилцаатай, мөн тэрбээр Оросоос тусламж авсан хэмээн цуурхуулж байсан зэрэг нь Занабазар тэргүүтэй Халхын эрх баригчид Манжид дагаар орох шийдвэр гаргахад ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байна.

     
     
  • Алтан улсын цэргийн сүлд хийморийг унагасан үнэгэн давааны байлдаан

     
         Тэр жилийн долдугаар сард Зэвийн захирсан цэргээр Алтан улсын шинэхэн барьсан цайз Ушабааог довтлон эзлүүлж дагуул хотыг гартаа оруулахад, Алтан улсын жанжин Дүжя Сыжун, Вангин Хуша нар олиггой эсэргүүцэлгүйгээр ухарч, умард хилээ хамгаалалтгүй орхижээ. Чингис хаан энэ үед цэргээ хоёр хувааж хоёр чиглэлээр давшив. Иймд Алтан улс шахагдан нилээд хэдэн хотоо алдаад, гол хүчээ Үнэгэн даваа хавьд бөөгнүүлж, монгол цэрэгтэй тулалдах болов. Энэ газар нь одоогийн Хэбэй мужийн Чуулалт хаалганаас хойш байдаг газар бөгөөд Алтан улсын Вангин Жижун, Вангин Ваньну нарын жанжидад гучин түмэн цэрэг захируулан Үнэгэн даваанд амдан байлдахаар бэлтгэж байв. Мөн Хуша жанжинд арван түмэн цэрэг удирдуулан, буруулж дийлдэхээр бол залгаж байлдах нэмэгдэл хүч болгохоор бэлдэв.
     
         Жижуны тосон байлдах цэргийн дотор кидан үндэсний Багуши болон Санчэн гэдэг нэртэй хоёр цэргийн жанжин байжээ. Тэд Жижун жанжинд санал дэвшүүлж хэлэхдээ: “Монголчууд Фужоу руу шинэ довтолгоо хийхдээ, таллага дээрэмдлэг заавал явуулна. Тэр үедээ агт морьдоо хээр гадаа орхих нь тодорхой. Хэрэв бид тэднийг иймэрхүү бэлтгэлгүй байх үед нь тааруулан хөнгөн морин цэргээр гэнэдүүлж дайрвал ялалт олно” гэжээ. Жижун жанжин үүнийг эргэцүүлээд “Ингэж довтлох нь дэндүү осолтой, аз сорьсон хэрэг болно. Харин морин цэрэг нь явган цэргээ хүлээгээд хамтруулан довтолвол илүү ашигтай болно” гэжээ. Тэр үед Шимо Мянган гэгч кидан жанжин Жижуны цацарт байв. Тэр хүн умард этгээдийн муж буюу Хэнжоуд төрсөн бөгөөд газар орны байдлыг сайн мэдэхийн дээр, урьд нь элчээр Чингис хаантай уулзаж байсныг харгалзан, монгол цэрэг рүү илгээж: “Чингис хаан Алтан Улстай ийн дайтах гэсний шалтгаан юунд орших вэ” хэмээн асуулгахаар явуулжээ. Гэвч тэдний итгэж сонгон явуулсан Шимо Мянган нь кидан, монголчууд нэг гарвалтайн дээр Чингис хааны сүр жавхлантай байдлыг үзэн монголчуудад дагаар орж, монголын цэрэгтэй Алтан улсын их цэргийн тосон тулалдах хамаг нууцыг задалж өгчээ. Чингис түүнийг дэвшүүлэн урамшуулж монгол цэргийн ноён болгов. 1125 онд Зүрчидийн Алтан улс өмнөд хятадын Сүн улс хоёр нийлэн Кидан гүрнийг довтлон мөхөөсөн түүхтэй тул урьдын өсийг санасан киданчууд олноороо ийнхүү монголчуудын талд орж байлаа. Чингис хаан ч үүнийг бодлогоор дэвэргэж “Киданчууд, монголчууд нэг гарвалтай хүмүүс тиймээс ч монголчууд Алтан улсыг дайлж байгаа нь их Кидан гүрнийг мөхөөсөн өсийг давхар авч байгаа хэрэг” хэмээн ухуулдаг байв.
          Үнэгэн даваанд монголчууд Алтан улсын гол цэрэгтэй ийнхүү шийдвэрлэх тулаан хийхийн өмнө тагнуулын мэдээ олон сувгаар олох, тэдгээрийг харьцуулж баталж нотлохыг ихэд чармайсан байна. Иймээс ч Чингис хаан энэ тулалдааны өмнө “Дайсныг шинжил” хэмээн Цагаан ноёныг баг цэрэгтэй илгээсэн байна. Цагаан ноён явж ирээд “Дайсны хөл хөнгөн хөдөлмой. Амар бус” гэж нарийвчлан мэдээлжээ. Ингэж Шимо Мянганы мэдээг давхар шалгасан байна. Мухулай Цагааны мэдээг сонсоод Чингис хаанд: “Дайсны цэрэг олон, миний цэрэг цөөн буй за. Иймд бид амиа үрж эс байлдваас, хожим нөхөшгүй бэрх болно” гэж хэлжээ. Хоёр тал цэргийн хүрээгээ цэгцэлж, бие биенээ тандан ажигласаар хэд хонов. Авагдсан мэдээллээр Алтан улсын цэрэг монголчуудаас хэд дахин их хүчтэй нь мэдэгдсэн тул дайсны зүг яаран хөдлөхийг Чингис хаан бодсонгүй, эгзэгтэй мөчийг хүлээж байв.
     
         Гэтэл нэгэн өглөө Алтан улсын цэргийн морин төвөргөөн сонсогдож, монголчуудтай байлдахаар айсуйг толгойн сэргийлэх харуул мэдэгдэв. Энэ үед өглөөний хоол цайгаа зооглож байсан Чингис хаан ухасхийн мордож, их цэргээ журамлан удирдаж урагш давшив. Гэвч тооны хувьд монгол цэрэг хэтэрхий цөохон байв. Чингис хаан Мухулайгаар манлай цэрэг удирдуулан явуулахад, түүний үхлээс эмээдэггүй олон дайн тулааныг үзэж хатуужсан цэрэг эрс морио ташуурдан, зэвсгээ   далайн уулгалан Алтан улсын цэргийг сэт татан ороход Чингис хаан их цэргээ оройлон хойноос ньдайран орж алалдав. Хятад явган цэргийн шигүү эгнээнүүд энэ үед монголын харваачдад тун таатай бай болов. Бараг сум болгон байндаа тусаж байв. Суман мөндөр асар их хохирол учруулсны дараа залган бие биетэйгээ нягт хослон ажиллах морьт цэргийн довтолгоон явагдахад түүнийг тэсвэрлэж чадах явган цэрэг дэлхийд хараахан гараагүй байв. Длтан улсын цэрэг зууралдсан байлдаанд ийнхүү тэсэлгүй бутцохигдон, бөөн бөөнөөрөө амь зулбан зугтав. Монгол цэрэг тэднийг хөөн байлдсаар, Ваньчюань хошууны өмнө талын Куайхэ голын орчимд гүйцэн эсэргүүцэх тэнхэлгүй бутарч сарнисан Алтан улсын цэргийг дураар хядсан бөгөөд үхдэл хүүр хэдэн зуун бээр газрыг бүрхсэн ажээ.
     
         Байдал хүндэрсэн үед монголчууд руу нэмэгдэл хүчээр байлдах үүрэг хүлээсэн Вангин Хуша энэ үед үнхэлцгээ хагартал айсан тул тулааны эхний шугам дээр үхэх сэхэхээ үзэж байгаа Алтан улсын цэрэг дээр хүрч очиж зүрхзлсэнгүй. Харин түүнийг хар амиа бодон, ухарч явахад нь орон нутгийн эрхтэн: “Та цэргээ манлайд явуулна уу. Бид орон нутгийн цэргээр хамжилцаж, дайсантай үхэх сэхэхээ үзье” хэмээн гуйсанд, Хуша үг сүггүй тэвдэж, цаашлан ухран зугтах замыг хүнээс сураглаж байжээ. Нутгийн захирагч, хошин шогч тэр хүн дахин хэлэхдээ: “Гол ус, нутгийнхаа булан тохойг бид сайн мэднэ. Газар зүйн байршлаа ашиглан давуу тал олж байлдаж чадахгүй, зугтаахаас өөр бодолгүй чамд бид зам зааж өгөхгүй. Зориг байвал долоо үхэж, найм сэхдэг гэсэн хуучны үг байдаг. Цэрэг хүнд зүрх зориг гол нь юм шүү. Чам шиг ийм нулимсаа гоожуулж, чичирч айсан амьтан, урвайж зэвхийгээд байж байгаагаа хардаа. Их Алтан улс эрт орой та нар мэтийн хүмүүсийн гарт үрэгдэнэ дээ” гэж хулчийж ухарсан жанжинд хатуу үг хэлэхэд, Хуша ухаарч сэтгэх нь бүү хэл, хар амиа бодож, тэр шонөдөө цэргээ авч өмнө зүг хөдлөв. Гэвч түүнийг монголчууд гэзэг даран хөөсөөр голын хөндийд гүйцэн ирэхэд арга мухардсан жанжин эсрэгцэн тулалдсан боловч Алтан улсын 10 түм гаруй нэмэгдэл цэрэг толгой дараалан монгол цэрэгт устгагдаад, ганц биеэр үлдсэн Бангин Хуша Сюаньдэд зугтан очиж амь хорогдов. Алтан улсын шилдэг торгон цэргүүд ийн бүгд цохигдон устгагджээ.
     
         Үнэгэн давааны байлдаан бол Их Монгол улс болон Алтан улсын хооронд болсон дайны гол гогцоо байсан бөгөөд Алтан улстай хийсэн дайны дараа дараагййн тулалдаануудад томоохон эргэлт авчирсан юм.

     
  • №46 Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл

     Хаант Оросоос Зүүнгар улстай харилцах харилцан 1680-аад оны эцэас 1690-ээд оны эхээр өөрчлөгдөж иржээ. 1680-аад оны эцсээр Ойрад-Халхын харилцаа хурцдан, улмаар Манж нартай нүүр тулан учрах явдал гарцаагүй тулгарч ирэхэд, Галдан Оросын засгийн газраас цэрэг, зэвсгийн тусламж хүсчээ.
     Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг сэтгэл дэнслэн хүлээж байжээ. Гэвч Орос, Манж Чин улстай найртай хөршийн харилцаатай байж, Амур, Сунгар мөрний чиглэлд явуулж буй бодлогоо амжилттай хэрэгжүүлэх сонирхолтой байсан учир Галданд хэсэг хугацаанд тодорхой хариу өгөхгүй байв.
      1647-1652 онд Амурын орчим нутаг албан ёсоор бус боловч хэрэг дээрээ бараг бүхэлдээ Оросын мэдэлд орсон байв. 1685 онд тэр хавийн нутгийн засаг захиргааны төвийг Нерчүү хэмээн зарлажээ. Энэ явдалд дургүйцсэн Манж улсын эрх баригчид Амурын хоёр эргээс оросуудыг шахан гаргахыг чармайж, Оросын суурин руу удаа дараа довтолж байжээ. Хэдийгээр Манж нар тооны хувьд давуу байсан боловч Оросын албаны болон үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хохирол учруулсанаас бус, оросуудын Амурын хавиас шахан гаргаж чадсангүй.
    Манж нар дахин их цэрэг бөөгнөрүүлж, 1685, 1686 онд Амур хавийн орос суурин уруу довтолж, тэр нутгаас оросуудыг хүчээр суугчдыг хүчээр буцаан, Манжуурын нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэлт хийж байв.
     Оросууд Амурт суурьшлаа бэхжүүлж, цайз бэхлэлт нэмэн байгуулсан төдийгүй хүн хүчээ нэмэгдүүлэн, Албазины цэргийн тойргийг нэгэнт байгуулжээ.
     Оростой энэ асуудлаар тохиролцож чадахгүй бол Орос нь Манжийн гол өрсөлдөгч Галданд цэрэг, зэвсгийн үлэмж тусламж үзүүлж, Төв Азид ноёрхолоо тогтоох гэсэн Манжийн төрийн бодлогод сөрөг нөлөөлөх байсан нөхцөлийг аргагүй харгалзсан байна.
     Тиймээс хоёр тал бие биеийн ашиг сонирхолын үүднээс зарим зүйл дээр харилцан буулт хийж, 1689 онд Нерчүүд Манж-Орос улсын найрамдлын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь хоёр улсын харилцаа албан ёсны болсны баталгаа болов.
     Үүний дараа Орос улс саяхан байгуулагдсан Нерчүгийн гэрээг зөрчихгүй, Чин улстай сайн хөршийн харилцаатай байх сонирхолын үүднээс Зүүнгар хаант улсад туслах бололцоогүй, уг гэрээнд үнэнч байх ёстойгоо Галдан бошигтод албан ёсоор мэдэгджээ.
     Манжийн хаан Галдан, Орос хоёрын найртай харилцааг таслан зогсоохын тулд их чармайлт гаргаж, Галданг Оросоос тусламж авах замыг хаах зорилгоор Нерчүгийн гэрээ яаравчлан байгуулж, Оросоос түүнд туслах явдлыг зогсоож чадсан нь Галданд хүчтэй цохилт болсон юм.
    Мөн үүний зэрэгцээгээр Галданг зүүн тийш Халх руу явсан хойгуур түүний ах Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан Зүүнгар хаант улсын нэлээд хэсгийг оруулан авч, өөрийгөө Зүүнгар улсын хаан хэмэаэн өргөмжилсөн нь Галданд давхар цохилт болж, түүний ар талын гол бааз хүчнээс нь таслав.
     Галдан Халхын нутагт  хүч хэрэглэн, цэрэглэн орж ирсэн болохоор Халхын олон нийт Галданг булаан эзлэгчийн ёсоор үзэж, хоол хүнс, унаа мал, цэрэг зэвсгийн дэмжлэг  үзүүлээгүйгээр барахгүй, манжийн нутагт  дүрвэн. Очигсод нь хүний нутагт зовж зүдэрч байгаагийн гол буруутан нь Галдан гэж үзэж, түүнийг Халхын нутгаас түргэн хөөн зайлуулж, хуучин нутаг усандаа буцахыг хүсч байсан учир, Галданы эсрэг манжийн тэмцэлд туслахад бэлэн байжээ. Тухайн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан Энх-Амгалан хаан Халхыг бүрмөсөн оруулан авах үйл ажиллагаагаа Галдангийн түрэмгийлэлээс Халхыг чөлөөлнө хэмээх уриалгаар халхавчилсан нь амжилтанд хүрч, Халхын олон нийтийн үлэмж хэсгийг Манжийн талд татан оруулж, Галданы эсрэг тэмцэлд босгосон юм. Энэ нь хүнд байдалд ороод байсан Галданг гарцгүй болгов. Галдан тэр үед манж нартай шууд байлдах хүч, бэлтгэл хараахан хүрэлцэхгүйгээ мэдэж байсан тул хүчээ сэлбэх, нөхөр хань олж авахын тулд цаг хожим зорилгоор эхний үед Манжтай найрамдалын журмаар харилцаж, Түшээт хан, Занабазар нарын асуудлаар хэлэлцээр хийх санал тавьж байжээ. Манж нар Өндөр гэгээн, Түшээт хан нарыг өгөхгүйг тэр сайн мэдэж байсан боловч ингэж цаг хожим нь түүнд ашигтай байжээ.
     Тэр үед Дрисрид Санзайжамц, Далай ламын нэрээр Шамбалин хутагт гэгчийг элч болгон, Манжийн хаанд илгээж, Галданы шаардаж байгаа ёсоор Өндөр гэгээн, Түшээт хан хоёрыг түүнд тавьж өгвөл, хамаг хэрэг барагдаж, шажин амьтанд тус болно гэх зэргээр хэлүүлж, Галданд туслахыг оролдсон боловч Энх-Амгалан хаан түүнийг эрс буруушаан, Далай ламыг ихэд зэмлэсэн хариу бичиг явуулжээ.
     Ингээд Бошигт хааны их цэрэг Үзэмчин зүүн хошууны зүүн хойд хилд ойрхон орших Соёлз уулын баруунтай Улхуй голын зүүн эрэг Улаан гэдэг газар буудаллажээ.
     Галдан өөрийн жанжин Дугарравданы хүү Хандад хоёр мянган цэрэг өгч, Үзэмчин хошууны хязгаарт ухуулах ажлыг хийлгэжээ.
     Галдан бошигтыг Халхыг дайлах явдлаа зогсоохыг ятгуулахаар Энх-Амгалан хаан Ялгуугсан хутагтыг өөрийн төлөөний элч болгон, Галданд илгээсэн байв. Гэтэл Ялгуугсан хутагт нь өнгөн дээрээ Манжийн хааны зааврыг биелүүлэгч мэт байсан боловч, дотроо Манжийн дарлалыг эсэргүүцэж байсан болон өөрөө Ойрад хүн байсан зэрэг учраас Галданг ятган болиулах нь битгий хэл, түүний тэмцлийг дэмжиж, Дисрид Санзайжамцын Далай ламн нэрийн өмнөөс дайтахыг зогсоолгохоор Галданд илгээсэн Ирүн хутагттай хамтран, Өвөр Монголын олныг Галданы талд татан оруулах явууллага хийхэд нь туслаж, мөн Галданы дайн эхлэх өдөр, цагийг нь үзэж, тогтоож өгч байжээ.

     
  • №45 Галдан бошгот

     Тэр 1678-1680 онд Дорнод Туркестан, Хами, Турфан, Зашгар, Яркенд зэрэг газар оронд довтлон, улмаар цаашлан ахисаар Сайрам, Самарканд, Бухар хотыг эзлэн авчээ. Тэр 1681 онд Тэнгэр уулын Хиргисүүдийг довтолж, цааш нь Ферганд нэвтрэн, хоёр жил орчим дайтаж, тэндэхийн нэлээд газрыг эрхшээлдээ оруулсан байна.
     Галдангийн баруун тийш хийсэн энэ аян дайны зорилго нь газар нутгаа өргөтгөх, эдийн засаг, цэргийн чадамжаа нэмэгдүүлэхэд чиглэжээ.
     Галдан бошготын зорилго нь бүх Монголчуудыг нэгтгэж, Манжийн түрэмгийлэлийн эсрэг тэмцэхэд оршиж байв2. Гэтэл тухайн үед Халхын баруун, зүүн гарын ноёд хоорондоо эвдрэлцэн, Манжийн хаан тэр хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Халхын дотоод хэрэгт хөндлөнгөөс хутган оролцож, байдлыг улам хурацатган байсан тул энэ бодлогоо тайван замаар гүйцэлдүүлэх боломжгүй байв.
     Иймд Галдан 1688 онд Халхыг байлдан эзлэхээр цэрэг авч орсон байна. Энэ үеэр Сэнгийн хүү Цэвээнравдан хэдэн зайсангийн хамт долоон мянгаад хүн авч, Зүүнгар хаант улсын нутгийн баруун өмнө тал Эрээн  хавиргад зугатаан оджээ. Галдан үүнийг мэдмэгц Цэвээнравданг  цохиулахаар хоёр мянгаад цэргээр нэхүүлсэн боловч бүтсэнгүй. Цэвээнравдан өөрийгөө Зүүнгарын хаанд өргөмжлөн, хуучин Ойрадын нутгийг захирах болжээ.
     Галдан, Цэвээнравдан нарын энэ зөрчлийг Манжийн хаан овжин ашиглаж, Цэвээнравданд тусгай элч илгээн, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, өөртөө татахыг оролдохын зэрэгцээ Галданг хөнөөхийг ятгажээ.3
    2 Д.Гонгор.”Халх товчоон”.УБ. 19670. Тал 236, Б.П.Гуревич.”Международные отношения в Центральной Азии. XVI-XVIII веков”.М_ 1979, стр 476.
    3 “Монголын түүхт хүмүүсийн тухай өгүүллүүд”. Хөх хот. 1984. Тал 249.
      Галдан Халх, Манжтай байлдаж явах хойгуур Цэвээнравдан төдий л их төвөг бэрхшээлгүйгээр Ойрадын хаант улсын гол хүн ам, газар нутгийг эрхшээлдээ оруулан, богинохон хугацаанд бэхэжсэн байна. Тэр эхэн үедээ арилжаа хийх бодлого баримталж байв. Гэтэл Манжийн хаан Галданг дарталаа түр зуур Цэвээнравдантай өнгөн дээрээ найрсаг харилцах дүр үзүүлж байсан тул Галдан бошготыг бут цохисоныхоо дараа Зүүнгар улсад дарамт үзүүлж, Хөх нуур, Турфаныг эзлэн түрэмгийлж эхэлсэн байна.
     1715 онд Цэвээнравдан цэрэг томилон, Хамийг байлдан, 1716 онд Түвэдийг эзлүүлэхээр Их Цэрэндондовт 6 000 цэрэг өгч явуулсан байна.
     Цэрэндондовын цэрэг Түвэдийг эзэлж байсан Хошууд угсааны хаан Лхавзаныг алж, Лхасыг эзлэн авчээ. Манж нар Цэвээнравдангийн цэргийн эсрэг Түвэдийг хамгаалуулахаар цэрэг илгээсэн боловч бут цохигджээ.  Цэрэндондовын цэрэг удалгүй Хөх нуурын газрын эзлэн аваад, 1719 он хүртэл тэнд суужээ.Манж нар Түвэдээс илүү Хөх нуурыг стратегийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, түүнийг алдахгүйг машид хичээж байжээ.
     Манж нар Хөх нуур, Түвэдийн хоорондын харилцааг таслах арга хэмжээ авахын хамт дахин цэрэг дайчилж, 1720 онд Баруун Зууд оруулан, Ойрадын цэргийн гол хүчийг бут цохиулан үлдсэнийг нь ухраажээ. Тэр үеэс хойш Түвэд нь Манжийн эрхшээлд орсон юм.
     1723 онд Лувсанданзан тэргүүтэй ноёд Манжийн эрхшээлээс гарч, Хөх нуур, Түвэдийн бие даасан байдлыг сэргээхийн төлөө босчээ. Гэтэл чин ван Цагаанданзан нар Манжийн талыг баримтлан, тэдний эсрэг зогсчээ. Лувсанданзан цэрэг хуримтлуулан 1723 онд Цагаанданзангийн цэргийг бут цохисонд, тэд Манжаас аврал эрэн, Цагаан хэрмийн дотор зугатаан оджээ. Лувсанданзан тэдний хойноос нь нэхэн байлдаж, Чин улсын хилийн зарим хотыг довтолсон ажээ. Хөх нуурын Шарайголчууд болон Тангуд нар бас Манжийн эсрэг босч, Лувсанданзантай нэгджээ.
     Манж нар даруйхан цэрэг дайчлан, Хөх нуурт оруулан давуу хүчээр 1723-1724 онд Лувсанданзангийн цэргийг бут цохисонд, Лувсанданзан Зүүнгарт зугатаан гарчээ.
     Манж нар тийнхүү Хөх нуурын бослогыг дарж, Түвэдийг эзлэн авсан байна.
     Манжийн түрэмгийлэгчид 1729 онд Зүүнгарыг байлдахаар Тэнгэр уул, Ховдын хоёр чиглэлээр их цэрэг хөдөлгөсөн байна. Зүүнгарын шинэ хаан Цэвээнравдангийн хүү Галданцэрэг /1727-1745/ Манжийн түрэмгийлэлийн эсрэг шийдвэртэй тэмцэхээр шийдэж, их, бага хоёр Цэрэндондовоор удирдуулсан цэргийг Ховдын чиглэлээр Фурдангийн удирдан айсуй цэргийн эсрэг 1731 онд мордуулжээ.
     Цэрэндондовын цэрэг Ховдын орчим Манжийн нэг замын цэргийг хиартал цохиод, Халхын нутагт гүн орж байлджээ. Гэвч тэднийг Манж нар таслан цохиж, ухраан нутгийн зүг зугатаалгажээ.

     
  • Орчлон ертөнцийг эзэгнэгч Чингис хаан

    дэлхийн түүхийн хамгийн агуу байлдан дагуулагч алдрыгзүй ёсоор эзэмшигч Тэмүжин Онон мөрний эрэгдагуу нүүдэллэн амьдардаг Хамаг Монголын тэргүүлэгч Есүхэй баатрын ууган хүү болж мэндэлжээ.Есөн настай байхад эцэг нь татаруудад хорлогдон нас барснаар гэр бүлээ тэжээгч бүх малаа алдсан бэлэвсэн эх нь таван хөвүүнээ дагуулан, дайсагнагч отог омгоос зугтаж, ойд гарч зутруу өвөлжив.Энэ үед хуучин тэдний захиргаанд байсан тайчууд тэднийг мөрдөн мөшгиж, улмаар Тэмүүжинг баривчилж, хүзүүнд нь модон хүзүүвч зүүж, алж устгахаар заналхийлэн, ихэд зовоожээ.Гэвч нугарашгүй хатан зоригтой, зүйргүй их тэвчээртэй Тэмүжин модон хүзүүвчтэйгээ оргож, төрөлх аймагтаа буцан ирж, гарамгай дайчин удирдагч болон төлөвшжээ.

    Тэмүүжин 20 нас хүрээгүй байхдаа аймгийнхаа цөөн цэрэгтэй багийг удирдан, хөрш нүүдэлчин аймгуудыг заримдаа хүчээр бас арга заль хэрэглэн өөртөө нэгггэсээр байв.Нэгэн удаа Мэргид аймгийнхан гэнэт гэнэдүүлэн довтолж эхнэрийг нь олзлон авч одсон нь түүний басамжилсан хэрэг байлаа.Иймд Тэмүжин цэргийн хүчээ зузаалж, эцгийн хуучин анд Хэрэйдийн Ван хан Тоорил, өөрийн багын анд Жамуха нартай цэргийн холбоо тогтоон, жилийн дараа хүчирхэг Мэргид аймгийг бутцохин эхнэрээ чөлөөлж авчээ.Энэ ялалтын дараа түүний нэр хүнд улам өсөж, нүүдэлчин аймгууд дараалан дагаж орсоор байв.Гэвч эрх мэдлийг нь зөвшөөрөхгүй байгаа аймгуудыг дайран довтолж, зарим тохиолдолд харгис хэрцгийгээр толгой дараалан хядаж байв.Тухайлбал, эртний өст, хатуу шийдмэг эсэргүүцэн тулалдсан Татар аймгийн насанд хүрсэн бүх иргэдийг хүйс тэмтэрчээ.

    Чингис хаан хүнийг маш сайн таньж чаддагг байв.Нэгэнт таньсан хүнээ тэр шашин шүтлэг, гарал үүсэл, нийгмийн зиндаа зэргийг огг ул харгалзан өөртөө ажиллуулж чадцаг, мөн итгэл өгч дэвшуулдэг байв.27 настай идэр залуу Тэмүжинг Хамаг Монгол улсын хаан ширээнд залсан 1189 он бол Монголын тулгар төрийн түүхэнд чухал үе болсон юм. Тэр цагт Байгал нуураас Их цагаан хэрэм хүртэл, Хянганы уулсаас Ил Тарвагатай хүртэл өргөн уудам нутагт түүн шиг бас 12 хаан байсны хэн нь ч цэрэг зэвсэг, нэр сүрээрээ Тэмүжингээс дутахгүй, түүндээ эрэмшин зоргоороо аж төрж байсан билээ. Гэвч Тэмүжин 15 жилийн лотор буюу 1189-1206 оны хооронд тэр бүх хаадыг доройтуулан дарж, Монтол нутаг дээр түүхийн бас нэг шинэ үеийг нээж чадсан юм.

    Тэмүжин 1206 он гэхэд Төв Азийн ондөрлөгт орших монгол, түрэг угсааны голлох бүх аймгийг нэгтгэж дуусган, Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдөж, Чингис хаан цолыг хүртжээ. Чингис хаан үйл ажиллагаагаа цэргээ бэхжүүлэх ажлаас эхэлж, аймгуудын ноёдоос цэргийн багаа нутаг дэвсгэрээ гадны халдлагаас хамгаалах, хөрш нутагт аян дайн хийхэд ямагт бэлхэн байхыг шаардаж, эрх мэдлээ хамгаалж байх, аливаа эсэргүүцлийг дарж байхын тулд 20 мянган хүнтэй шадар хишигтэн цэрэг байгуулж, түүнд аймгуудаас хамгийн шилдэг дайчдыг сонгон авдаг, тэд нараас армидаа даргаар томилгоо хийхийн дээр армиа аравтын зарчмаар зохион байгуулсны зуут мянгат нъ бие даасан байлдааны үүрэг гүйцэтгэж, харин түмт нь тактикийн зорилтыг хэрэгжүүлдэг байв. Монголын армид захирах захирагдах ёсыг чанд сахиж, зөрчих явдлыг огт гаруудцаггүй байжээ.

    Монголын армийн цөм нь нум сум, сэлмээр зэвсэглэж анхандаа хатуу арьсан цээживч, дуулга хэрэглэдэг байсан бол хожим нь төмөр хуяг дуулга өмсдөг болжээ.Чингис хаан тухайн үеийнхээ аугаа стратегич, тактикч болон цэргийн урлагийн түүхэнд алдаршсан билээ.Монголын цэрэг тулалдааныг дайсан руугаа суман мөндөр буулган байлдааны журмыг нь эвдсэнээр эхэлж, дараа нь шууд дайралт хийдэг байв.Байлдааны үед отолт хийх, залилан мэхлэх зэрэг аргыг байнга хэрэглэж, морин цэргийн маневрыг чадварлаг гүйцэтгэж, дайснаа байлдааны олзоо нэмэгдүүлэх биш чухамдаа бүрмөсөн устгах хатуу ширүүн зорилгоор мөрдөн хөөдөг байжээ.Чингис хаан байлдан дагууллынхаа эхэн үед аян дайн хийхдээ монголын их цэргийг тэр бүр хуралдуулж байсангүй, тагнуул туршуул явуулж дайсны цэргийн тоо байрлал, зэвсэг хэрэглэл, хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа дайснаа хиар цохиход хүрэлцэх тооны цэргийг л төвлөрүүлдэг байв.Чингис хаан ийнхүү найдвартай мэдээлэл, судалгаан дээр үндэслэн дайны бэлтгэлээ тун чамбай бэлтгэж хийж, цэргийн техникээ тулалдаан бурт сайжруулж, дайснаасаа ч суралцаж чаддаг байсанд түүний бүхнээс агуу давуу талтай болгожээ.

    Тэрбээр 1207 оноос байлдан дагууллаа эхэлж, Сэлэнгэ мөрнөөс хойш Енисей мөрөн хүртэлх нутагт суудаг ойн олон иргэдийг эрхшээлдээ оруулж, тэдний эрчүүдийг нь цэрэггээ нэгтгэж, улмаар хөрш хүчирхэг суурин улс болох Тангудыг хэдэнтээ довтлон, буулган авч, холбоотон болгоод айлган хашраах стратегийн ачаар эрхшээлдээ оруулсан ард түмнүүдийг дуулгавартай, хүлцэнгүй байлгаж чадав. Чингис хаан 1211 онд умард хятадад тогтож байсан Зүрчидийн Алтан улс руу аян дайн хийхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хориглолтын байгууламж болох хятадын цагаан хэрэм тэдэнд саад болсонгүй.Монголын морин цэрэг замд тааралдсан Алтан улсын их цэргийг хэсэг хэсгээр хиар цохин нийслэл Бээжин буюу тухайн үеийн Яньцзин хотыг 1215 онд удтал бүслэн суусны эцэст буулган авчээ. Монголчууд энэхүү аян дайны хугацаанд хойд хятадын нутагт хүчтэй эсэрүүцэл үзүүлсэн 90 гаруй хотын хүн амыг залхаан цээрлүүлж устган, байлдааны явцад хятадуудын хэрэглэдэг янз бүрийн шидэгч чулуудагч, хэрэм хана цөмлөгч төхөөрөмжүүдийг амжилттай хэрэглэн, улам бүр боловсронгуй болгон ашиглав.

    Чингис хаан 1218 онд Солонгосын хойгийг дайлж нөлөөндөө оруулсны дараа анхаарлаа баруун зүгт хандуулж, хилийн хот Отрарт монголын 500 худалдаачид, элч төлөөлөгчдийг алж, итгэлийг эвдсэнд ял асуун, Дундад Азид оршин тогтож байсан лалын шашны хамгийн том гүрэн болох Хорезмтой дайн эхлүүлэв. Энэ дайнаар монголын цэрэг Отрар, Жэнд, Бухар, Самарканд, Ургенч зэрэгтомоохонхотуудыг дараалан эзэлж, хэт их гүрний эзэн Мухамед шахыг амь тавьтал ямар ч сэхээ завдал өгөлгүй шахамдуулан хөөж, энэ хугацаанд Хорезмын хаант улс Дундад Азийг байлдан дагуулж, баруун хойд энэтхэгийн нутгийг бүхэлд нь гартаа оруулж авсны дараа өмнө зүг явсангүй харин нар жаргах зүгт байгаа үл мэдэх улс орнуудын зүг хүлгийн жолоог залжээ. Энэ үед тогтсон заншлаар аян дайны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж, явах зам маршрутыг тодотгон, шилдэг цэргийн жанжин Зэв Сүвээдэй нарыг алс өрнө зүг илгээсэн нь Иран болон Кавказын чинад дахь газар нутгийг байлдан дагуулж, Донын хөндийд ирж оросын вант улсуудын нутагт нэвтэрчээ. Зэрлэг тал нутагт амьдран суудаг дайнч догшин комануудыг энд Зэв, Сүвээдэй нарын гавшгай морин цэрэг эд бад хийгээд 1223 онд Калка голын эрэг дээр болсон тулалдаанд оросын вангуудын нэгдсэн цэргийг хиар цохин эргэжээ.

    1226-1227 онуудад Чингис хаан итгэлийг эвдэн, тангараг зөрчсөн Тангуд улсын нутагт аян дайн хийж байхдаа өөд болжээ.Чингис хаан амьсгаа хураах хүртлээ тэртээ тэргүй уудам том болсон газар нутгаа өргөжүүлэхийн төлөө зүтгэсээр байв.Тиймд монголын цэрэг жил өнгөрөх бүр төрөлх нутгаасаа улам алслан холдсоор, монгол дайчдын морьдын туурай Номхон далайгаас Газрын дундад тэнгис хүртэлх өргөн уудам нутгийн бүх гол мөрөн, нуурын усаар угаагдсан байдаг. Чингис хаан орон зайн агуу мэдрэмжтэй хүн байсан бөгөөд түүний булаан эзлэлт нь Евразийн өргөн уудам тивийг нэгэн цул болгон Ромчуудын 400 гаруй жил тэмцэж байж эзэлснээс ч илүү газар нутгийг тэрбээр 25 жилийн дотор л зуун мянгаад дайчныхаа хучээр эрхшээлдээ оруулжээ. Чингис хааны үүсгэсэн, хөвгүүд, ур ач нь тэлэн өргөжуулсэн энэ Их гурэнд Энэтхэгээс Сибирь хуртэлх орон зайд Вьетнам, Хятад, Орос, Перс, Төв Европын түмэн хэлтэн ястан захирагдан амьдарчтао, күнз, будца, ислам, христийн гээд олон шашин соёл энх амгалан зэрэгцэн оршиж байв. Чингис хаан Торгоны замыг мэдэлдээ оруулаад тууний аюулгуй байдлыг хангах болсноор Хятад, Ромыг олон жилээр холбох гуур тавигдсан юм.Энэ л жимээр урьд хожид байгаагуй тайван нөхцөлөөр өрнө, дорнын иргэншлийн хооронд худалдаа, соёл, шашин чөлөөтэй нэвтэрч байлаа.

    Чингис хаан бүх дэлхийг эрхшээлдээ оруулах мөрөөдлөө бүрэн биелүүлж чадаагүй боловч тэр мөрөөдлөө биелүүлэхийг хөвүүд ач нартай захисан байна. Түүнийг агуу удирдагч, даяаршлын суурийг тавигч, олон улсын худалдааг сонгодогутгаар нь анхлан хөгжүүлж, өрнө дорнын соёлыг холбох гүүрийг бүтээгч болсон бөгөөд Түүний үүсгэсн Их гүрэнд тайван тогтвортой байдал ноёлж, худалдаа чөлөөтэй хөгжиж, хангалуун амьдрал бий болж эхэлсэн нь эдийн засаг, соёл иргэншил, технологийн тэсрэлтийн угтвар нөхцөл болж өгчээ.

    Өнгөрсөн зууны төгсгөлд АНУ-ын хамгийн нэр хүндтэй хэвлэлийн нэг “Вашинггон пост” сонины газраас хоёр дахь мянган жилийн дэлхийн хамгийн суут хүнийг шалгаруулахад Чингис хаан тодорсон билээ.Өөрөөр хэлбэл, түүний удирдсан монголчуудын байлдан дагуулалт нь дэлхийг анх тойрсон Ф.Магеллан, агуу В.Шекспир, Леонардо Да Винчи, И.Гүтэнбэрг, Мартин Лютер, Г.Галилей зэрэг хүн төрөлхтний өч төчнөөн суут хүмүүсээс илүүтэйгээр өнөөгийн ертөнцийн дүр төрх бүрэлдэхэд нөлөөлсөн хэрэг л дээ.

    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий