Category: Монголын түүх

  • Богдын сүүлийн хатан Н.Гэнэнпил

    Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/
    Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг Богд хаантан 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхэдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн. Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр алсарсаар л авай…
     
    Үндэстэн агентлаг 
     
  • Баруун Монголын их баатар Галдамбаа гэж хэн бэ?

    Дундад улсын Шинжиангийн Ойрад нутаг, Өвөр монголын Алашаа, Эзэнээ, Хөх нуур мужийн дээд монголчууд, Монгол улсын Ховд, Увс аймаг, Ижилийн Халимаг Тангыч зэрэг Ази, Европыг холбосон өргөн уудам нутагт Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр, тууж шаштирууд тархан уламжлагдсан байдаг. Шинжиангийн Ойрадын дунд бол Галдамбаагийн тухай дуу, домог хамгийн ихээр хадгалагдан уламжлагджээ.

    Бидний судалгааны эх хэрэглэгдэхүүнд нийт 27 дуу цугларсан байгаа бөгөөд тэдгээрийн дотор Монгол улсаас 10, Дундад улсаас 9, Халимгаас 6, Буриадаас 2 дуу тус тус байна. Хэдийгээр эдгээр 27 дуу Галдамбаатай холбогдсон бүх дуунуудын бүрэн цуглуулга эс боловч эдгээр дуунуудын тархацын бүс нутгийн онцлог шинжийг илэрхийлэх боломжтой гэдэг нь тодорхой байна. Эдгээр 27 дууны дотор 19 нь магтаал дууны 5 нь Галдамбаагийн хүсэлтийн, 3 нь эмгэнэлийн шинжтэй дуунууд байлаа.

    Судалгааны хүрээнд нийт 21 домог цуглуулснаас 15 нь Шинжиангийн Ойрадаас, 5 нь Ижилийн халимагаас тэмдэглэгдсэн байна. Аман зохиолын хэлбэрээс гадна Халимаг улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичмэл бий ажээ. Эндээс харахад Галдамбаагийн түүхэнд холбогдох сурвалжууд нь бичгийн болон аман зохиолын хэлбэрээр Хятад, Монгол, ОХУ-ын нутагт тархан дэлгэрчээ.

    Судалгааны товч тойм. Оросын эрдэмтэн А.М.Позднеев 1876-1877 онд монголд ажилласан Г.Н.Потанины шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ажиллахдаа Монгол улсын Улаан гомийн дөрвөдүүдийн дундаас ”Усны чинь эхэнд хонхолзуур нь” гэдэг тууль дууг тэмдэглэж аваад 1880 онд хэвлүүлсэн нь Галдамбаагийн дуу, домгийн судалгааны суурийг тавьж өгчээ.

    А.М.Позднеев “Өөлдүүдээс миний тэмдэглэж авсан тууль дуунуудын дотроос Галдамбаагийн тухай дуу гарлын талаар хамгийн эртнийх арай биш байна. Харин Галдамбаа бол эдгээр тууль дуунуудад гардаг хүмүүсээс ахмад нь юм” (А.М.Позднеев.,1880) гэж тэмдэглэсэн бөгөөд тус дууг тууль дууны төрөлд багтан үзжээ. Зөвлөлтийн эрдэмтэн К.С.Ладыгин Халимагаас Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр тэмдэглэж “Ойрад ноёдын дотор хошууд Галдамбаатай адил олны сэтгэлд ийм сайхан дурсгал үлдээсэн хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг.

    Түүний цуглуулсан материалын дунд “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичгийн эх байжээ. Энэ гар бичмэл нь хар бэхээр бичигдсэн 9 хуудас. Хамгийн олон нь 33 мөртэй, бага нь 21 мөртэй байжээ. Зохиогчийнх нь нэр байхгүй. Эх бичгийн сүүлд ”1904 дүгээр жилийн 6 сарын 10” гэж оросоор тэмдэглэжээ. Гар бичмэлийн “Галдамбаагийн тууж” (Ладыгин :Ойрадын түүхийн материал -’’Халимаг түүх утга зохиолын дурсгал болон түүний орос орчуулга”, Элстэй.,1969) нь Галдамбаагийн намтараас гадна Цэцэн хааны үхэл, Ойрадын дотоодын эвдрэл бутрал зэргийг тэмдэглэсэн байна.

    Монгол улсын академич П.Хорлоо ардын дууны судалгааны хүрээнд (“Монгол ардын дууны яруу найраг”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо,1989.,Р67) судалгаа хийхдээ Галдамбаа, Шуну нарын тухай домог нь тууль дуу болон хувирсныг өгүүлжээ. Академич Х.Лувсанвандан агсан 1973 онд Галдамбаагийн тухай судалгааны өгүүлэл бичсэн боловч бид түүнийг олж үзэж чадсангүйдээ хүлцэл өчье.

    Тус өгүүллийг бичигчийн хувьд ”Усны чинь эхэнд хонхолзуур” [21] дууны талаар тусгайлан авч судлахдаа өмнө судалгааны хүрээнд ороогүй байсан Монгол улсын алтайн урианхай, захчин хувилбар болон Шинжиангийн хошууд, торгууд, өөлд хувилбаруудыг ашиглаж уг дууны зохиогдсон байдал, агуулга, хувирал, тархалтын талаар өгүүлжээ. Үүнээс гадна торгуудын Зүүн замын чуулганы төрийн бишрэлт жүн ван Палтийн охин Нэрзидмаа цуглуулан эмхэтгэж хэвлүүлсэн ’’Монголын арван найман дуу” (Францын Парис хотын 1937 оны 7 дугаар нүүр) номд “Галдамбаа” гэдэг дуу оржээ.

    Тус дууны нотыг тэмдэглэж, тод бичгийн гар бичмэл текст хийгээд галиглал хавсаргасан нь эрдэм шинжилгээний зохих үнэ цэнэтэй болжээ. Дундад улсад анх удаа Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас 1959 онд “Шинжиангийн монгол ардын дуу, шүлгүүд” (тал 36) гэдэг номонд “Галдамбаа бүргэдийн хайсан (эрсэн) дуу” гэдэг хэрэглэхүүн оржээ. 1980-д оны эхэн үеэс Галдамбаагийн холбоотой дуу, домогууд олон арваар хэвлэгдэж олны хүртээл болжээ.

    Энэ талаар Шинжиангийн Баянгол жуугийн хошууд Б.Цолмон, На.Басан, А.Бумаа, торгууд А.Дорж, Тарвагатай аймгийн Ховогсайр сумын торгууд На.Бөхөө, Дөрвөлжин сумын өөлд С.Базар нар урьд өмнө нь нийтлэгдээгүй дуу, домогууд олноор хэвлүүлсэн нь судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болсон юм. Шинжиангаас гадна Өвөрмонголын Алшаа нутгийн хошуудын дунд “Арван гуравтай Галдамаа”, Алшаа аймгийн Эзэнээ хошууны торгуудын дунд ”Хан хөндий нутаг” гэдэг дуунууд дуулагдаж байсныг судлаачид хэвлүүлж олны хүртээл болгожээ.

    Эдгээрийг дагалдан Галдамбаагийн талаар судалгаа эрчимжээ. Анх удаа Ш.Норовын хэвл үүлсэн “Г алдамбаагийн тухай” (’’Үүрийн цолмон” сэтгүүлийн 1988 оны ?9, тал 35-51 дүгээр нүүр) өгүүлэл бол хэвлүүлж Ойрадын түүхэнд холбогдох олон хэлийн сурвалж бичиг, ардын дуу, домогт тулгуурлан Галдамбаа баатар болон Галдан бошигтын ялгаа, Галдамбаагийн уг удам, гэр бүл, гавьяа зүтгэл зан чанар, цөс зориг, эрдэм ухаан, түүний Ойрадын түүхэнд эзлэх байр суурь, нас барсан учир шалтгаан, Галдамбаагийн алдаа дутагдал зэргийг олон талаас нь авч үзжээ. Ш.Норов, Бу.Мөнхөө нарын “Галдамбаа баатрын тухай өгүүлэх нь” (На.Басан, Бу.Мөнхөө, Г.Лижээ нарын зохиосон “Хошуудын түүх, соёлын судлал” ШАХХ.,1992, тал 250-258) өгүүлэл хэвлэгджээ.

    Бээжин дахь Төвийн үндэстний их сургуулийн их сургуулийн оюутан Хуримбай их сургууль төгсөх дипломын ажлыг “Ойрад монголын түүхт баатарын магтаал дууны тухай өгүүлэх нь” (’’Ойрад судлал” сэтгүүлийн 1996 оны 4 дүгээр хугацаа) гэдэг сэдвээр хийжээ. Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Эрдэнэбилэгийн “Ойрад монголын гурван баатар -Амарсанаа, Шуну, Галдамбаагийн дуны тухай” (Дундад улсын монгол судлал, 2007 оны ?5) гэдэг өгүүлэл бол Галдамбаагийн дууны хамаатай зохих баялаг материалд тулгуурлан бичигдсэн нилээд чанарлаг өгүүлэл болно.

    Эрдэмтэн Дамбий-Өлзий багш “Ойрад монголын эртний уран зохиолын товчоо” (Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо.,1998)- доо Галдамбаагийн угсаа гарал, гавъяа зүтгэл, түүний түүхэн дууны үүсэл гарал, агуулга үзэл санааны тухай товч танилцуулсан бол доктор Мо.Улаан ’’XVII зууны Ойрадын түүхийн судлал” (ШАХХ.,1998,8) гэдэг номдоо харин янз бүрийн үсэг бичигт тэмдэглэгдсэн тулгуур бичгийн материалд үндэслэн Галдамбаа баатарын тухай дурджээ.

    Үүнэс гадна Цэцэнбат ’’Хошууд баатар Галдамбаа” (Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1988 оны 2 дугаар хугацаа), Гэрэл “Галдамбаагийн дууны тухай” (’’Монгол хэл бичиг” сэтгүүл,2005 оны 12 дугаар хугацаа), Ө.Оюуны Талдамбаа баатарын домог яриа дуу хийгээд түүний явсан олон мөрийн тухай ажиглалт” (Дундад улсын зургадугаар удаагийн Ойрад монголын түүх соёлын эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл ба товчлол, 2009 оны 7 cap, Хөлөн- буйр) зэрэг өгүүлэл нийтлэгдэж, Галдамбаагийн тухай түүхэн талаас, дуу, домгийн талаас шинжлэн судлаж, хожмын судлаачдад их бага ч гэсэн зохих мэдээ, мэдээлэл хангаж өгсөн байдаг.

    Галдамбаагийн намтар. Галдамбаа 1636 онд төрсөн тухай “Зая бандидын намтар” -т (1) тэмдэглэсэн ба “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх”-д Галдамбаад Эрдэнэ хун тайж гэдэг нэг ах байсан тухай “Цэцэн хааны хөвгүүн Эрдэнэ хун тайж, Галдамбаа хоёр” гэсэн мэдээ (2) байдаг. Үүнээс гадна Зүүн гарыг эзэлсний дараагаар Манж чин улсын засгийн газраас бичүүлсэн “Гадаад монгол ба Хотон аймгийн ван, гүн нарын илтгэл шаштир”, “Монголын нүүдлийн тэмдэглэл” гэх мэт түүхэн зохиолын дотор Галдамбааг хошууд Цэцэн хааны хоёр дугаар хөвгүүн мөн (3) гэж тодорхой тэмдэглэснээс үзвэл Галдамбаа нь суут Богд Чингис хааны угсааны хүн юм. Хошууд язгууртнууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын шууд хойчис нь болно.

    Галдамбаагийн эцэг 4 ойрадын дээд эрх барих байгууллага “Ойрадын чуулган”-ы дарга Очирт цэцэн хаан тул тэрээр Хавт Хасарын 21 дүгээр үе болж байна. Гаван Шаравын бичсэн “Дөрвөн Ойрадын түүх”, болон ”3ая Бандидын намтар”-т хошууд Цэцэн хаан Доржравдан, Пунцагролмаа, Солмон гэх гурван хатантай гэжээ. Түүний дотроос Ижилийн торгууд Аюук хааны охин дүү болох Доржравдан, хатан Пунцагролмаа, нарын тухай сурвалж бичгийн тэмдэглэл багагүй байдаг боловч харин тэднийг Галдамбаатай эх хүүгийн ёсоор элэгсэг дотно хамт амьдарч байна гэх мэт зүйл бичигдсэнгүй Галдамбаагийн эх биш шиг байна.

    Харин Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх”- н “Сайн хатадын бүлэг”-т: “Ноён Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу, буу хийж дайнд шийдсэн хүмүүнд шан өгч албатын дор авдаг Солмон хатан” гэжээ. Солмон гэдэг нь хэний охин болохыг түүхэнд эс тэмдэглэжээ. Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу (хуяг мэт өмсөж хэрэглэх хувцас) буу хийж өгдөг нь төрсөн эхээс өөр хэн байх ажээ.

    Үүнээс үзэхэд Солмон бол Галдамбаагийн төрсөн эх мөн (4) гэж болно. “Зая Бандидын намтар”-т Галдамбаа 1645 онд “Торгууд (Шүхэр) дайчингийн хээрийн биед ирж хэргийг бүтээн” үйлдсэн (5) тухай, 1654 онд “Торгууд дайчин Авлайн дээр байсанд Галдамбаа … нар (Шүхэр) дайчинд золгохоор ирсэн ба …Галдамбаа ч нутаг эзгүй хэмээн үтэр харисан” (6) тухай өгүүлдэг. Энэ бүхнээс холбон бодоход Ижилийн торгуудын тайш Шүхэр дайчинг (торгуудууд түүнийг Ноёнтон гэнэ) Төвдөд очиж мөргөөд буцаж харихдаа өөрийн дагуулж явсан ач охин уу эсвэл өөрийн төрсөн охиныг Галдамбаад мордуулсан нь илт байна.

    Учир нь гэвэл Ойрад монголын уламжлалт ёсонд хүргэн бологч нь гэрээ нүүлгэж хадам эцгийнхээ гэрийн дэргэд хуримаа хийдэг заншилтай (7) юм. Галдамбаагийн өргөө их төлөв Зуй гол, Талас голын орчим байсныг [12]”3ая бандидын намтар”-т тэмдэглэсэн байна. “Зая Бандидын намтар”-т 1652 онд 17 настай Галдамбаа эцэг Цэцэн хааны Буруудыг дайлах дайнд Хасагийн Ашимийн хөвгүүн Янгир хааныг дарсан (8),

    1658 онд цагаан сарын шинэд Бухарын цэргийн ноён Авдаршүхэр 3 түм 8 мянган цэрэгтэй Таласт хүрч ирсэнд Галдамбаа 3 мянган хүн удирдан Бухарын цэргийг ялан Авдаршүхэрийг алсан бөгөөд оруулж авсан Бухарын цэргийг 2 хүнд нэг морь өгч тавьж явуулсан (9), 1661 онд Очирт цэцэн хан болон Авлай баатрын хооронд үүссэн дайн байлдааныг зогсоон эвлэрүүлэх ажил хийж “…Галдамбаа ч шивээ суманд (Авлайн хийд) …хадран орсонд …бүгдээрээ баясан үйлдэж жаргахын наран ургав” хэмээн баяссан [10] тухай тэмдэглэжээ.

    Галдамбаа ийнхүү дотоодын тэмцлийг эвлэрүүлэн аливаа аймгийн хоорондын найрсаг харилцааг бататгасан талаар бусад сурвалжуудад ч тэмдэглэсэн байна. Үлгэрлэвэл Зүүнгарын зүүн ба баруун гарын тэмцэл, 1661 оны эцэг Цэцэн хаан ба Авлайн тэмцлийн зохицуулан зогсоож байжээ. Үүнээс болж Ойрадуудын дунд ийм үлгэр уламжлагджээ.

    “Галдамбаа болон Авлайн хөвгүүн Цагаан нар хоорондоо гүн зузаан найрамдал нөхөрлөлтөй байж дайн тулааны талбарт олон удаа өөрсдийн эцгийг хориглон ятгаж тэмцэлдээнийг шийдвэрлэх найртай аргыг зөвлөн ярьж байв гэнэ. Зөрчил тэмцэл тохиолдох бүр нас залуу тэр хоёр хөвгүүн нэг нь шатрын тавиур, нөгөө нь шатар авч дайны талбар дунд очоод шатар наадаж суудаг гэнэ.

    Үүнийг харсан тэдний эцгүүд хайрт үрсийнхээ нөхөрлөлд сэтгэл хөдлөн дайныг зогсоогоод гэр гэртэй харих хүртэл шатар нааддаг [11] байсан ажээ. Үүнээс гадна Таван Шаравын түүх”-д – “Цэцэн хаан Авлай хоёр байлдаж байхад Галдамбаа гурван хүний хамтаар зэр зэвсэггүй довтолж ороод” [13] эвцүүлсэн, Галдамбаад Малиа хашиг гэдэг сайн анд байсан тухай [14] тэмдэглэл байдаг.

    Үнэхээр нилээд хэдэн түүхэн домогт Малиа хашиг гэдэг домогт баатар эрийн тухай дурдагддаг нь түүхэн үндэстэй болохыг “Галдамбаа аливаа бүхнийг бүр Малиа хашигт тушааж өгсөнд Цэцэн хаан уурлаж чи Моголойдоо (боолдоо) тушааж өгвөл албат иргэний сэтгэл холдож одно” [15] гэсэн мэдээ давхар баталж байна. Тэгвэл энэ Малиа хашиг гэдэг хэн вэ? гэвэл Хан ноён Хонгорын “Таван барс” хэмээн алдаршсан ахан дүүсийн хамгийн сүүлийн “Нэг барс” болох Буян хатан баатрын хөвгүүн Малиа болно.

    Тэр Галдамбаатай авга, ачийн сүлбээтэй маш сайн харьцаатай байсан ажээ. ”3ая бандидын намтар”-т Авлайг яахин шийтгэх тухай зөвшин ярилцахад: Сэнгэ тэргүүлэн ноёд бүгд “Үхэх үл үхэхийг хаан та мэдэх” хэмээсэнд тэнд хаан ойр зуураа хэлэлцсэнд…Малиа хашиг өгүүлэв: ’’Үүнийг та хэн болгоноо. Авлай бишүү хэмээн үүнийг алах зөв. Эс албал улсыг нь цөмийг өгөх нь зөв.

    Энэ хоёрын нэгийг хийх нь зөв хэмээсэнд” хаан ч ” Галдамбаа ч: (миний санаа бас тэр мөн хэмээсэнд ч) хаан ч та хоёрын зөв” [16] гэж тэмдэглэжээ. Энэ нь нэг талаар Малиа хашиг бол хошууд аймгийн хүн бөгөөд Авлайг яахин шийтгэх тухай асуудалд тэр урьдаар саналаа хэлснээс үзэхэд нилээд нэр хүндтэй байжээ. Нөгөө талаар Галдамбаа болон Малиа хашигийн харьцаа маш нягт байсныг [17] тусгажээ.Галдамбаа бөв Азийн олон үндэстнийг дайлсан дайны талаар төвд хэлээр бичигдсэн түүхийн сурвалжуудад ч дурдсан бий.

    Үлгэрлэвэл: “Галдан (Галдамбаа- ишлэгч) угаасаа баатар байв. Тэр хасаг, бурууд (киргиз) хийгээд хотон (уйгур)-ын ихэнхи газрыг эзэлснээр барахгүй “Эрчис голын наад хөвөөнөөс Оросыг хөөж цаад хөвөөнд хүргээд тун их нэр сүртэй [18] болж байжээ. Тод бичгийн сурвалжуудад Галдамбаагийн хотон (уйгур) газар орноор дайнд мордсон тухай тэмдэглэл байхгүй боловч Шинжиангийн Ойрадуудын дунд Галдамбаа хотоны хааны дагиныг залж авахаар хотон оронд очсон тухай хэд хэдэн домог үлгэр байдаг.

    Сонирхолтой нь Махмуд нарын зохиосон ’’Түүхийн тэмдэглэл”-д Галдамбаа Уйгурын Агасуг довтолсон, Кашгарыг дайлан Кашгар хотыг эзэлсэн, Уйгурын язгууртнуудтай холбоо тогтоож байсан, Эзэлж авсан Кашгар хотыг орхин ухран буцсан тухай мэдээ занги нилээд буй. Энэхүү “Түүхийн тэмдэглэл”-с үзвэл Галдамбаа 1660 оны орчим цэрэг авч Уйгур оронд хүрсэн нь үнэн лавтай байна.

    Иймээс Ойрадуудын дунд тархсан хөгшидийн уламжлал яриа үндэс баримттай гэдгийг энэхүү түүхийн мэдээ бидэнд гэрчилж [19] байна. 1667 оны намар Галдамбаа Кэжинд 32 настайдаа нас барсан ба түүний нас буяныг ихэд дэлгэрэнгүй үйлдэж, хүүрийг нь чандарлан Төвдөд хүргүүлжээ. Далай лам чандрыг нь үлээж хийсгэсэнд зүрхэнд нь зүрх мэт чулуу байжээ. Ингээд Далай лам ”Сайн хүний ясан зүрхтэй хэмээх нь үнэн амой” гээд чандар ясыг хадгаар завсарлан мутартаа барьж үлээгээд түүний сүнс нэгэнт “Тэнгэрт төржээ” хэмээн айлдсан [20] байна.

    Галдамбаагийн үхлийн шалтгааныг …Цэцэн хаан насан өндөр болсон хойноо нэгэн залуу хатан авсан байна. Тэр хатан нь Хоо өрлөгийн ач Пунцагийн охин Өдөн-Агас гэдэг байв. Залуу хатны хүсэл таалалд хөгшин хаан үл тохирохын учир тэр Гага эмч гэгчтэй далдуур сэм нөхцсөн байв. Тэр байдлыг Галдамбаа ч мэдэж Галдамбаагийн мэдлээ гэдгийг хатан эмч хоёр ч гадарлажээ.

    Тэгээд хатан эмч 2 энэ аюултай нууцаа чанд хадгалахын тулд боломжтой үе гарвал Галдамбааг алахаар зэхэж байв. Галдамбааг хамрын ханиад хүрсэнийг далимдуулан хор найруулан Өдөн-Агас дамжуулан өгсөн байжээ. Галдамбаа хорыг ууж 32 насандаа буюу 1667 оны намар Бижид газар нас барьжээ [22] гэж судлаач үзсэн байна.

    Эцэст нь дүгнэхэд: Галдамбаа бол Очирцэцэн хааны хөвгүүн, Шүхэр дайчин хийгээд Сэнгэ хунтайжийн хүргэн, Галданбошигтийн хадам эцэг болох нөлөө ихтэй хүн мөртлөө нутаг усандаа хайртай дотоодын бүлгэмдэлийг хамгаас эрхэмлэдэг, харь дайсанд хатуу цохилт өгдөг, эрдэм ухаан, баатар зориг хосолсон нэгэн үеийн шилдэг гарамгай баатар цэргийн жанжин байжээ.

    Домогт баатар Галдамбаагийн тухай Ойрадын ард түмэн аман уламжлалт дуу домгийг олон тоогоор зохион уламжилж энэ агуу баатараа дурсан санагалзаж байснаас гадна Ойрадын эртний түүхчдийг багтаасан олон үндэстэн угсаатны бичгийн мэргэд ч гэсэн Галдамбаагийн тухай сонирхон тэмдэглэж судалгаанд чухал гарын авлага болох олон тооны сурвалж бичгийг зохион туурвиж бидний үед уламжилсан байна.

    Галдамбаагийн тухай Ойрадад тархсан ардын дуунуудаас жишээ болгон Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай нарын дуулж ирсэн хувилбарыг үзье.

    Усны эхэнд хонхолзуур сойлгоостой

    Улсын дунд Галдамба минчүүрсэн

    Эр төрсөн Галдамба

    Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба

    Ард архалсан алагтай Галдамба

    Асгаруулсан тавьсан тэвэгтэй Галдамба

    Хэцэд архалсан хээртэй Галдамба

    Хэнзлэн тавьсан тэвэгтэй Галдамба

    Эр төрсөн Галдамба

    Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба

    Буурал ээжээ уйлуулсан Галдамба

    Ботготой ингээ буйлуулсан Галдамба

    Буман цэрэг дагуулсан Галдамба

    Буугийн утаа бургиулсан Галдамба

    Дахилт

    Сая цэргээ дагуулсан Галдамба

    Саадаг сумаа хавчуулсан Галдамба

    Хурц хөх тамхитай Галдамба

    Хунгийн хүзүүн гаанстай Галдамба

    Дахилт

    Хар хадны хахилгаатай Галдамба

    Харцага бүргэдийн шүргээтэй Галдамба

    Цахир хадны цахилгаатай Галдамба

    Цахилгаа бүргэдийн шүргээтэй Галдамба

    Дахилт

    Хаан тэнгэрээс төлөөстөй Галдамба

    Хаш цэнхэр нутагтай Галдамба

    Эзэн тэнгэрээс төлөөстөй Галдамба

    Эрхэт цэлгэр нутагтай Г алдамба

    Дахилт

  • Хэл соёлоо мартсан Хэнаны монголчууд

    1. Төөрсөөр төрөлдөө
    Түвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр түвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо түвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний мах цусны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Түвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.
    Хятадын баруун хойд орны Цинхай муж буюу Хөхнуур Түвдийн өндөрлөгт орших Түвдийн өөртөө засах Хуаннан жүгийн Хэнан шенгийн дөрвөн түм орчим монгол ийнхүү Хятад газар дахь түвдийн тоог “нэмжээ”. Дөрвөн үеийн өмнө гээгдсэн монгол хэлний ор мөр болох ганц нэгхэн монгол үг хааяа тэдний амнаас унах хэдий ч өмссөн зүүсэнтэйгээ үл зохицох мэт харь сонсогдоно. Нэгэн цагт Хошууд хаант улсыг байгуулж Хөхнуур Төвдөд эзэгнэлээ тогтоож асан Төрбайх гүш /Гүш гэдэг нь “гуо ши” буюу улсын багш гэсэн утгатай хятад үг. Төрбайх эе эвийг эрхэмлэсэн, эрдэм билэгт нэгэн байжээ/ хааны ноёрхол суларч асан 1700-аад оны эхэн үед түүний 5-р хөвгүүн Илдүүжийн ач хүү Цагаан Данзан авгаа Манжийн төрд худалдаж олж авсан хэргэмээрээ энэхүү Хэнан шенгийн монголчуудын анхны Чин вангаар өргөмжлөгджээ. Чухам энэ үе бол Хэнаны монголчуудын алтан сайхан цаг үе байжээ. Манжийн төрд нүүртэй эзэн вантайн хувьд өнгөтний дээдийг өмсөж амттаны сайныг зооглож эхэлсэн тэд Чин вангаа бурхан лугаа шүтэж байхдаа энэ нь тэдний хожмын унал мөхлийнх нь бартаат замын эхлэл болохыг мэдсэнгүй.
    Цагаан Данзан шарын шашныг хөхиүлэн сайшааж Түвдийн бурхан шашны томоохон төв Лавран хийдийг санаачлан байгуулж эхний ээлжинд 500 монгол залууг сонгон хувраг болгож дуган дацангийнхаа хэтийг цахижээ. Дараа дараагийн Чин вангууд ч Лавран хийдийн “боловсон хүчний” энэхүү уламжлалыг сахин хадгалж эрдэмтэй монгол залуусыг сүмийн горлом руу илгээхийн зэрэгцээ бурханы шавь болсных нь төлбөрт эд агуурс, гэр малаар урамшуулан тэтгэсээр байсан юм. Ийнхүү бурханы номхон шавь нар олшрохын хэрээр ард нийтээрээ Лавран хийдээс өөр харах бараа хандах зүггүй болж нэг л мэдэхэд боолчилж явсан түвдүүдийнхээ боол нь болжээ.
    Одоо эндэхийн монголчуудыг монгол гэж хэлэх аргагүй болж. Өгүүллийн эхэнд дурдагдсан хүлхгэр дээлтэй хүрэн улаан түвдүүд шүү дээ, тэд маань. Харин монгол хэлээ мэдэхгүй ч монголоороо дуу сайхан дуулчихдаг аж. Дууныхаа утгыг мэдэхгүй ч, бүр нэг сэтгэлээсээ дуулна. Шенгийн төвөөс холгүйхэн өвөлжиж байгаа малчдынхаар хэсэж явахдаа энэ нэг дууг өр шимшрэн сонссон юм. Настай аав гэрийнхээ гадаа араг тохойлдон суучихаад жаахан сөөнгө боловч аргилхан хоолойгоор ийнхүү дуулна.
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Жороо морио санана
    Яагаад саналаа гэвэл
    Жороолж явснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Ах дүүгээ санана
    Яагаад саналаа гэвэл
    Наадаж байснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Эзэн ноёноо санана
    Яагаад саналаа гэвэл
    Эзэлж явснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Үрээ морио санана
    Үрээ мориндоо мордохоор
    Үг хэлтэй байснаа санана…
    Тэд лам хүнтэй тааралдвал малгайгаа авч хүндэтгэдэг. Бас монгол хэлтэй хүнтэй тааралдвал өөрийн мэдэлгүй малгайгаа аваад нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг…

    2. “Морьтой” ч болоосой…
    Энэ нутагт морийг маш их дээдэлж, адууны хийморьт сүслэдэг. Тиймээс морьтой холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйл арвинтай. Гүү унагалахад айлын эзэн ямагт унагаа “эх барьж” авна. Шинэ унагыг шандаст сайн хүлэг болгох гэж эгээ л хүүхэд өсгөх лугаа нарийн нямбай ажил болно. Энд хүүхдийг анх морины нуруун дээр гаргах гэж бас нэг лут ажил байна. Настнууд өдөр судар харж, айл хотлоороо цуглан идээ шүүсээ дэлгэн хүүхдийг моринд мордуулна. Хүүхдийг гурван нас хүрэхээс өмнө морь унуулах хориотой. Тусгай ёслол үйлдэлгүйгээр моринд мордуулах бас цээртэй.
    Манай хөдөөнийхөн бол бага балчир хүүхдүүдээ хонины мориноос нь эхэлж дасгадаг, номхон морийг хүүхдийн унаа гэж өхөөрддөг. Харин энд бол яг эсрэгээрээ. Нутаг усандаа нэр цуутай хурдан хүлгүүдийг “хүүхдийн морь” гэж нэрлэнэ. Хүүхдийг анх морь унуулахдаа олон түмний мэдэх, нэр хүндтэй моринд мордуулахыг ихэд чухалчилна. Хожим нь тэдгээр хүүхдүүд том эрчүүд болсон үедээ, би тэрний тийм нэрт хурдан хүлгэнд анх мордсон хэмээн бахархан дурсч, энэхүү бахархал нь насан турш хэлэгдэх яриа хөөрөөний чимэг болдог. Анх морь унаж байгаа хүүхдийн жолоог томчуул нь барьж дэмнэхийг хориглоно. Хүүхэд өөрөө жолоо цулбуураа барьж гэр хотоо гурвантаа тойрдог. Түүнийг ийнхүү гороолж ирсний дараа томчуул нь цай идээ дээжилж амар мэндийг нь асуун, аян замдаа сайн явж их юм үзэж дуулав уу гэж хүүхдийг урамшуулдаг. Хүүхэд энэ үед эгээ л том хүн шиг хүндлүүлж байгаадаа урамшин морио дээдлэн бахархах үзлээр лугшиж байдаг. Энэ нутагт монгол ахуйгаас үлдсэн хамгийн гол зүйл нь морин эрдэнэ. Наадам найрын үед монголчуудын уясан морь маш сайн хурдалдаг, Түвд нутагт Хэнанчууд мориороо алдартай гэнэ. Хэнаны төв талбайд аргамаг хүлгийн уран гоёмсог цутгамал бий. Нутгийн захиргаанаас анх эл талбайд сарлагийн хөшөө босгохоор хэлэлцсэн ч монголчууд зад үзэлцсээр байгаад морины хөшөө болгож аваад санаа нь амарцгаажээ.
    Ер нь эндэхийн монголчууд заргачаараа алдартай гэнэ. Түвд Монголчуудын хооронд нутаг ус булаалдсан тэмцэл үеийн үед өрнөсөөр, буу шийдэм хөдөлгөж хоёр талаас олон хүний амь насыг үрсэн ч эрх баригч хятадууд олигтой арга хэмжээ авч чадсангүй. Учир нь түвд, монголчууд хятадыг хүн гэж үздэггүй ажээ. Энэ нутагт хууль цааз, цэрэг цагдаа гэхээсээ илүү шарын шашны хэргэм мяндаг өндөртэй гэгээнтнүүд тэдний хэргийг шийддэг байжээ. Харин саяхнаас нутгийн захиргаанаас газар нутгийг нь хуваарилж өгснөөс хойш бэлчээрийн “мөргөлдөөн” зогсчээ.
    Эндэхийн Монголчууд урин цагт зусландаа буухдаа айл хотлоороо бие биеэ бараадаж нэг газарт гэрээ тойруулан хүрээ үүсгэж буудаг байна. Чингисийн үеийн аравт мянгатыг санагдуулам эл хүрээгээ тэд “Зөвхөн монголчуудын ёс” хэмээн тайлбарладаг гэнэ. Нээрээ ч түвд айлууд ингэж буусантай тааралдаж байгаагүй хэмээн орчуулагч маань нотолно. Мөн дашрамд хэлэхэд гэрээ хэрхэн цэвэр цэмгэр барьснаас эхлээд гэрийнхээ гадаа хураасан зүйлс, аргалаа яаж хашаалсан зэргээсээ монгол айл андашгүй танигдана. Түвдүүд шиг хаа тааралдсан газраа хар майхнаа босгоод унаад өгөхгүй, гэр малаа адгуулах байдал нь эрс ялгарна. Ер нь монгол хүмүүс хаа яваа газраа, яаж ядарч зүдэрч байсан ч, хятад түвдүүдтэй харьцуулшгүй эрхэмсэг шүү гэх яриа хөөрөө Өвөрмонголд явахад олонтаа чих шүргэсэн ч цагийн эрхээр хайлж буй үндэстнүүдийн өөрсдийгөө дөвийлгөдөг хийтэй үгс төдийд бодон тоогоогүй сэн. Тэгтэл хэл усаа алдчихсан Хэнаны монголчуудын бургасан тоонотой монгол гэрт сарлагийн сүүгээр сүлсэн аагтай шаргал цайг амтархан оочлох зуураа өвөг монгол ухаан өнгө зүсээ гээтлээ удахын учрыг танилаа. Дэлхийг захирч явсан дээдсийн удам шүү дээ, бид чинь…
    Гэсэн хэдий ч… морьтны үр хойчис энд монгол нутаг устайгаа хамт гээгдэж, эх хэлээ алдаж, эрэмгий түүхээ мартаж мориныхоо эмээлээс өөр тухтайхан суу-далгүй Монголынхоо сургаас өөр дэмнэх ханьгүй явган сууж нүцгэн жаргаж буйг үзээд “морь муутай” улс юм даа бид гэж хөндүүрлэлээ.
    3. Монгол улс минь байгаа цагт “сайхан” үхэж чадна
    Хонины нэхий, кока кола, сарлагийн борц, хятад шаахай, ясан эрхи, цусан эвэр гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг өнгө алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гишгэчихгүйг хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохион болоод явчихлаа. Зээлийн эхэнд явахад л хоёр түвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт тас няс буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг барааг булаалдан хэрэлдэж эхэлжээ. Тэгтэл нэг нь чи бид адилхан Хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь “Чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн” гэсэн байна. Нөгөө түвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад “Чамайг би тэгвэл алчихъя л даа” гээд дайрчээ. Гэтэл монгол нь “Би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн, алагдахад гомдолгүй. Харин чи урт наслаарай, чамаар чиний улс дуусаж байгаа шүү” гэж хорыг нь маажсан аж. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм, хутга мэсэндээ тулдаг гэнэ.
    Гаднаас нь харахад хоёр түвд хоорондоо түвдээр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамнасан “олон улсын” хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай. Түвдүүд шаралхахаараа “Чи тэгвэл эх хэлээрээ ярихгүй юунд манай хэлээр яриад манай хувцасыг эгэлдрээд яваа юм бэ” гэж монголчуудын хорыг малтдаг. Монголчууд нь болохоор “Эх орон чинь та нараар дуусч байгаа шүү, урт наслаарай” гэж тавлан хариугаа авдаг ажээ. Харин Хятадын эсрэг заалдах болбол мөнөөх эвлэршгүй дайснууд чинь атгасан гар шиг нэгдэж аваад ханцуй шамлан орж явчихдаг гэнэ.
    Энэ өдөр Хэнан шенгийн гудамжаар хүн ёстой багширч байлаа. Торгон дээлийнхээ энгэр хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдарсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй түвд дээл хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрч түүртсэн эхчүүд гээд түвд монгол холилдсон олон түмэн зай завсаргүй сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа таваар олгох болсон сургаар хөдөөнийхөн ийнхүү шенгийнхээ төвд орж ирцгээжээ. Тусламж авах айл өрхийн тоонд орсон эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөөд ирж.
    Тусламж тараах ажиллагаа төв талбайд эхэллээ. Хятадууд төрөөс хуваарилсан атга будаа, чимх гурилаа тараах гэж ёстой л нэг сүрийг үзүүллээ. Будаа гурилаасаа үнэтэй баймаар том анонс өлгөж, улаан бүрээстэй сандал ширээгээр тайз засан, буутай хамгаалагч зогсоож байгаад л нам төрийнхөө бодлогыг сайшаан магтаж гарлаа. Удтал магтан сайшаасан мөнөөх ярианаас нь илүү өмнө нь хураалгаастай гурил будаанд нь л ардуудын нүд хоргодоостой. Нүдэн баримжаагаараа жинлэж, орой оройны хоол ундандаа тааруулан банжиж байна уу гэлтэй. Тусламжийн хүнснээс хувь хүртчих сэн гэх хүсэл хүн бүхний нүдэнд илхэн, түүнийгээ ч нууж хааж эрээлж байгаа шинжгүй, нүд нь шуудайтай гурилнаас салахгүй. Хотын хүмүүс хөдөө явахдаа хүүхдийн нүд хуурах хэдэн чихэр цүнхэлж явдгийг санаад энэ хүмүүс хүүхдээс өөрцгүй өрөвдмөөр нялх сэтгэхүйтэй болохыг зүрхшин харж байлаа.
    Тусламж тараах ёслол өндөрлөхөд хувь хүртээгүй хэсэг нь бодож санах ч юмгүй мотоциклио сүрхийтэл асаан сархийтэл инээлдээд дүрхийтэл давхиад явчихлаа. Харин тусламж хүртэгсэд нүүрэндээ баяр хөөр тодруулсаар шенгийн гудамж зээлийг метрлэн хоршоо дэлгүүр хэсэн хоорондоо мөргөлдсөөр өдрийн хугас явцгаав. Чихэр жимс, хоол ундны голдуу жижигхэн түнтгэр богцуудыг хувцас хунарынхаа нэг хэсэг шигээр биендээ дүүжилж бөндөгнүүлсээр яваа тэднийг хараад ахиад л шимшрэв.
    Харин тэд маань бодож санасан юмгүй, цагаахан инээмсэглэл гэрэлтүүлж, харь гаригийн зочин харж байх шиг хачин жигтэй нүдээр намайг ширтэн улаан цайм нүдэн дээр минь миний тухай эрээ цээргүй ярилцан тас тас инээнэ. Өмсөж зүүснийг минь шоолон хэрдээ л гоочилж байх бололтой. Өндрийн салхинд зутраад ноосон малгайн дээрээ хүрэмнийхээ юүдэнг дараад өмсчихсөн, нүүр нүдгүй ороолт давхарлаад ороочихсон, нүдний шил нь цантчихсан хачин л юм харагдаа л даа тэдний хувьд. Харин түвдүүд хасах гучин хэмийн хүйтэнд энгэр заамаа ил гаргачихсан, хөдсөн дээлээ сугалдаргалчихсан явах нь ерийн үзэгдэл. Мотоциклиэ асаагаад хөдлөхдөө харин дээлээ ханцуйлж, захыг нь босгоод, толгой бие нь ялгагдахгүй нэг л хачин уул овоо шиг хүнхийсэн юмнууд болж аваад давхиж одно. Уул руугаа учиргүй яарахыг нь яана…

    4. Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу?
    Хүлхгэр дээлтэй хүрэн улаан царайтай энэ хүмүүсийг аль нь түвд аль нь монгол гэдгийг нь ялгах арга байхгүй. Харин манай орчуулагч залуугийн яриагаар “монголчууд бол андашгүй” гэнэ. Тэд хэдийгээр түвдөөр ярьж байгаа ч соёл сэтгэлгээний хувьд яагаад ч ижилсэхгүй, илүү сэхээлэг, соёллог хэмээн ярьж байлаа. Эндэх монголчуудыг түвдээр Суху гэж нэрлэдэг ажээ. Суху гэдэг нь үгчилж орчуулбал “далчин” гэсэн түвд үг бөгөөд монголчууд анх ирж суурьшихдаа бөөгийн шашны зан үйлийн нэг хэлбэр болох “дал шатааж төлгө тавих”-ыг түвдүүдэд зааж байжээ. Явуулын хүнээс “Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу” гэж асуугаад Сухуд гэвэл монголчуудтай уулзах хүн байна гэж ядах юмгүй таачихна. Суху гэдэг нь тусдаа газрын нэр биш мөнөөх л Хэнанаа хэлж буй хэрэг. Тийн атлаа нэг газрыг түвд монголоор нь хоёр хуваан ийн нэрлэдэг аж.
    Хуаннан жү нь дотроо зургаан шентэй. Жү гэдэг нь манайхаар хошуу хэмээн орчуулагдаж харин шен гэдгийг нь сум гэж хөрвүүлэх боломжтой. Тэгэхдээ Хятад Түвдийн хошуу болоод сум нь оршин суугчдынхаа тоогоор Монголын бараг нэг хот, аймагтай тэнцэх тул уншигчдынхаа ойлголтыг төөрүүлэхгүйн тулд засаг захиргааны нэгжийг нь хятад нэршлээр нь бичлээ. Мөн Өвөрмонголын хошуу, сум гэх ойлголт нь Түвд газрынхаас өөр ажээ.
    Хуаннан жүгийн зургаан сумын хоёр нь болох Хүйсэн, Сэрмүлэн /өвсний соргог гэсэн монгол үг/-гийн монголчууд харьцангуй хожуу үед буюу 1960-1970-аад оноос монгол хэлээ гээжээ. 1980-аад оны дунд үед монгол бага сургууль хаагдаж багш нар нь амьдралын эрхээр хот газар бараадаж сурагчид нь уйлаад үлдэж байсан гэх. Надад хэлмэрчилж яваа залуу тэр сургуулийн сүүлчийн сурагч. Дөнгөж монгол бичгээ сурахаар эхэлж байх үед сургуулийг нь гэнэт хаах шийдвэр гарчээ. Ингээд тэрээр Хайши жү буюу Хөхнуурын баруун эргийн Дээд монголчуудын үндэстний бага сургууль руу сураар оджээ.
    Өндөрлөг уулын бүсэд малаа дагаж он цагийн уртад монгол соёлоо хадгалсаар ирсэн Хөхнуурын Хайши /Хай гэдэг нь хятадаар нуур, ши гэдэг нь баруун гэсэн үг/-ийн монголчууд энэ нутагтаа монгол соёлын цөм нь болон оршсоор иржээ. Хөхнуурт байгаа 80 түмэн монгол /Хятадын хүн амын статистикт ийнхүү дурдсан байдаг/-ын тэн хагас нь Хайшид, үлдсэн хагас нь Хэнанд болон бусад ганц нэг шен гацаанд байдаг ажээ. Иймээс Хэнаны монголчууд Хайшийн Дээд монголчуудыг хамгийн ойрын саднаа гэж үздэг. Үнэхээр ч нэг цаг үед буюу 1636 онд Гүш хааныг дагаж ирэн Хөхнуур Түвдийн өндөрлөгт хаан сууж энэ газрыг эрхшээж байсан баатарлаг дээдсийн удам аа. Дөрвөн ойрадын холбоог тэргүүлж байсан Хошуудын хаан Төрбайхын хүү Даш баатарыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын бүх Монголчуудын эзэн залгамжлагчаар өргөмжлөгдсөн ажээ. Тухайн үед Манжийн төр нутаг орныг захирагч ноёд түшмэддээ Чин ван цол өгдөг уламжлалын дагуу Хөхнуурын Монголчууд Лувсанданзангаа Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилж байх тэр үес Төрбайхын ач Бошгот Жинүүний хүү Цагаан Данзан вангийн хэргэмийн төлөө авгатайгаа шөргөөлцөж эхэлжээ. Чухам яг энэ үед тухайн үеийн Далай ламыг баривчлан авчирч тушаахыг Хөхнуурын монголчуудад Чингийн төрөөс зарлиг болгожээ. Харин хошууд монголчууд Далай ламыг Манжийн төрд хүргэсэнгүй. Угийн жөтөөрхөж явсан Цагаан Данзан Манжийн хаанд очин “Далай ламыг хүргэсэнгүй энэ учир Лувсанданзангийнх” хэмээн хошуу өргөж Хөхнуурын чин вангийн хэргэм хүртжээ. Ийнхүү хошууд монголчууд хоёр Чин вантай болсон байна.
    Зүүнгар Түвдийг цохих үед Чингийн төр Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт Гүш хаан цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй. Иймд Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, монгол цол хэргэмүүдээ сэргээн Хошууд хаант улсаа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд Цагаан толгойд цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Чингийн өмгөөлөлд очжээ. Ингээд Чингийн гурван замын цэрэг Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилсөн байдаг. /Энэ үеийн тухай зүрх өвдтөл шүлэглэсэн “Гасын цагаан дэрс” хэмээх дууг дээд монголчууд эрхэмлэн дуулсаар өдгөө хүрчээ/. Тэр үеэс Цагаан Данзанг дагасан Хэнан /”Хэ” гэдэг нь хятадаар гол, “нан” гэдэг нь өмнөд гэсэн үг бөгөөд Хатан гол буюу Шар мөрний өмнөд хэсгийн монголчуудын нутгийг Хэнан хэмээн нэрлэжээ/-ы буюу монголчууд шарын шашинд нэвтэрхий орж, харин Хөхнуурын баруун бие Хайшигийн хошууд /Лувсанданзангийн/ монголчууд эзэн вандаа тэрслээгүй ч эгэл номхон ардын хувиар малаа даган амьдарсаар Дундад их гүрний шуурган хөгжлийн эл цаг үетэй золгожээ. /Эл дашрамд дурдахад 2006 онд би Хайшийн буюу Хөхнуурын монголчуудын тухай “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх аян замын цуврал тэмдэглэлүүд бичин Монголын нэлээд хэдэн цахим хуудсуудад тавьж байсныг эрхэм уншигчид санаж буй биз ээ/
    …Хөхнуурын дээд монголчууд руу амь тэмцэн зорьж очсон манай залууг том жижиггүй гайхаж “Энэ нэг түвд хүүхэд яагаад монгол сургуульд сурах гээд зүтгээд байдаг юм бэ” хэмээн ихэд сониучирхан угтаж байсан гэдэг. Ганц ч монгол үггүй тэрээр эхлээд хүүхэд багачуудын доог болж байсан ч угийн монголдоо сэтгэлтэй найрсаг Дээд монголчуудын халамжинд төдий удалгүй эх хэлээ сурч, багш нарын хамгийн хайртай сурагч болтлоо дэвшсэн байна. Удалгүй Хөхнуурын монгол үндэстний их сургуульд суралцан төгсч ирээд төрөлх Хэнан шендаа засгийн ажил хийжээ. /Энэ газарт Засгийн алба хашихын тулд хятад түвд хэлэндээ маш гаргуун байх ёстой/. Таван үеийн өмнө мартагдсан монгол хэлээ “нөхөж” сурсан түүн шиг “эрдэмтэй номтой хүн” энэ шенд дахин гарсангүй. Хөгшчүүл нь түүнийг “хол явах хүү” хэмээн хэлэх үгээ олохгүй магтана.
    Нэгэн настантай уулзахад тэрээр, “Хөдөө амьдардаг түвдүүд соёл дорой. Монгол Улс байдаг гэдгийг ойлгодоггүй. Хэнан шенгийн монголчуудаар Монголыг төсөөлдөг. Бид улстай, үндэстэнтэй гээд хэлэхээр Хятад улсыг хэлж байна гэж ойлгодог. Эсвэл Хөхнуурын Дээд монголчуудыг түших нөмрөө болгож байна гэж боддог. Залуус бас түвдүүд шиг харанхуй болж байна. Бичиг үсгээ мартсан, түвдээс өөр хэлгүй, ядаж хятадаа ч сураагүй. Энэ газраас өөр газар явъя аа хэлгүй, хөлгүйтэй адил болжээ. Монгол улс бий гэдэг үгийг настнуудынхаа ярьдаг үлгэр гэж түвдүүдтэй адил боддог болсон нь хамгийн харамсмаар. Одоо бид бүгд түвдүүдэд хайлсан учир Сухутай уулзъя гэж зорьж ирэх монгол хүн байхгүй ээ. Биднийг монгол гэж үзэхгүй хаяжээ, халаг. Хаягдахаас аргагүй учир бас байна аа. Бид хэлээ мэдэхгүй ээ, түүхээ бас мэдэхгүй ээ. Тэгэвч түвдүүдтэй хэрэлдсээр үзэлцсээр байна аа. Нэг усанд живж байгаа боловч нэгийгээ үзэх тангарагтэй. Үр хүүхэд харанхуй болж байгаа нь хамгийн хэцүү еэ. Сэтгэл амар нүд аних аргагүй ээ. Үр хүүхдээ энд үлдээж үхэшгүй ээ. Монголоо бараадаг гэж их бодно оо. Өвөр Монгол руугаа явуулъя улс зөвшөөрөхгүй, тийм бяд бидэнд бас байхүй ээ” хэмээн цөхрөн үглэж байсан юм.
    Энэ нутагт өвгөд настнуудтай уулзавч үүх түүхээ үл мэдэх байдал нь намайг үнэнхүү гайхшруулж байсан юм. Та бүхэн энэ газарт хэдийд нүүдэллэж ирсэн, ямар дээдсийн хойчис вэ гэхэд хариулах хүн олдоогүй. Бид монгол хүмүүс, түвдүүдээс өөр шүү гэхээс өөр үг хэлж үл чадна. Аливаа улс үндэстний бичиг үсэг гэдэг тухайн улс орныхоо түүхийг тээж явдаг ажээ. Түүхээ мэдэхгүй ард түмнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг нь тун чиг оносон адилтгал юм гэх бодол гол харлуулж билээ.
    5. Сайхан зүүд зүүдэлсэн юм, хүү минь ирэх байж
    Хэнан шенгийн гудамж зээлээр түвд монгол нь мэдэгдэхгүй түрэмгий ширүүхэн улсын дунд гутлынхаа халцарсан хоншоорыг ширтэн дуугүйхэн гэлдэрч явахдаа юунд ч юм жигтэйхэн их гуниглаж байлаа. Ийнхүү өлөг өвчтэй хүн шиг баахан тэнэсний эцэст юу ч болсон нэг настантай уулзаж аяга бүлээн цай оочлонгоо ганц нэг юм асууж шалгаагаад авахаар шийдэв. Ахиад л ажлыг нь хийлгэхгүй дуудах боллоо нөгөө муу орчуулагч “эрдэмтнийгээ”. Манай хүн ч цааргалалгүй давхиад ирлээ. Намайг очсон цагаас эхлээд л баярлаад хөөрөөд, цаг зав л гарвал “Монголын сонин ярь” гээд шалгаагаад суучихдаг хүн. Би ч Монгол Улсын сонинг дуртайяа хуучилна. Юу асууна, тэрэнд нь хариулна. Нутгаа санаж явааг ч хэлэх үү, ярих хачин дуртай болчихож. Хөх хотод хэдийгээр элэг нэгтнүүдийн дунд байгаа ч Улаанбаатараа л санаад заримдаа ч “уяанаасаа алдуурчихмаар” болно.

    -Монгол Улсад олон эхнэр авдаг болжээ гэж манай энд яригдсан, энэ үнэн юмуу? Бүр нэгээр тогтохгүй нэлээд хэдэн “худлаа хэлэхгүй” хүн хэлсэн шүү…
    -Худлаа, худлаа. Тийм юм ёстой байхгүй. Хууль нь ч байхгүй юм чинь. Олон эхнэр авахын тулд чинь эхлээд ядаж хуультай болох хэрэгтэй биз дээ? Монгол Улс ардчилсан бусад улс орны адилаар хүний эрхийг дээдэлж хувь хүний үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг ямагт хүндэтгэдэг. Яахав, зарим нэг хүмүүс наргиан наадам болгож “Олон эхнэртэй болох хууль батлуулъя” гэж алиалдаг л байхгүй юу. Юу гэж энэ хөгжил дэвшлийн 21-р зуунд монголчууд тийм балай юм хийж байхав дээ.
    -Оо заза. Сайхан юм. Нээрээ монгол хүн олон эхнэрээр ч яах вэ дээ гээд л манай залуу цайлгахнаар инээн өөрийгөө шоолно. Тэгснээ л тэсгэлгүй ахиад л хөгийн хөгийн юм асууж эхэлнэ. Хоёулаа ийнхүү түвд сууринг монгол инээдээр хөгжөөсөөр нэгэн настныд ирлээ. “Эрдэмтэн” маань эхлээд утсаар ярьчихсан болохоор настан үүдэндээ зогсож байлаа. Бид хоёр дэмий балай юм ярих сан гэж ам загатнахдаа унаанд суулгүй алхсаар ирсэн юм. Хөөрхий нэлээд даарчихсан бололтой гаднаа хүлээж зогсоо настныг хараад яаралгүй алхсандаа үнэхээр гэмшлээ.
    -Заа, сайн байна уу Та? Сайхан өвөлжиж байна уу гээд мэндэлсэн чинь өвгөн өөдөөс
    -Сайн байна уу гэж байна. Монголоор дуу гарчихав уу даа гэж бараг цочих шахуу зогтустал орчуулагч маань араас нударч би ч бантсандаа чигээрээ алхаад гэрт нь орж явчихав. Эндэхийн айлууд бие биенээ дуурайгаад хийчихсэн юм шиг яг адилхан жижиг шавар байшингуудад сууна. Гаднаа хэцтэй, таславч бүхий үүдэн хэсэгтэй, хоёр өрөө шавар тагз. Хаанаас нь ч харсан хятад газрын оромж. Дотроо харин харьцангуй тохилог. Өвөө араас орж ирээд пийшин дээр даргилж байсан данхтай хар цайнаас шаазан аяганд хийгээд барилаа. Төмөр тавган дотор боов боорцог гаргаад таваглаж байна. Эргэнэгнийхээ ар өврөөс борлочихсон даавуу ууттай чихэр боорцог гаргаж ирэн түнтгэнэж байх нь эмээтэй минь эгээ адилхан. Нэг их сайхан санагдаад сэтгэл цадаад явчихлаа. Ядарч зутарч явахад тохилог хээнцэр зочид буудалд биш ийм нэг борог тарчигхан ч гэлээ гэрийн дулаанд ороод ирэхэд л сэтгэл санаа амраад тайвшраад явчихдаг юм.
    Өвөөтэй хууч хөөрлөө. Өвөө асуусан бүхэнд айхтар цэгцтэй нямбай хариулах мөртөө өөрөө санаачилж “буу халахгүй” юм. Хэлмэрч маань бид хоёрын үгийг нааш цааш нь болгож байх зуур өвөө хэдийнэ ухасхийж босоод цай цүй болоод л түнтгэнэчих юм. Аян холын хүн ядарч яваа гэж бодож байгаа нь харваас андашгүй. Өвгөнөөс үүх түүхийн учир жанцан тодруулах гэж хэдэнтээ оролдоод барсангүй. Мань хэлмэрч “Би танд хэлээд байгаа шүү дээ. Настнууд маань ч түүхээ мэдэхгүй. Тэгэхээр мэдэхгүй юмыг нь ахин дахин асуух хэрэггүй ээ. Өвгөн сандарчихна” хэмээн эвтэйхэн мулталж байна. Өвөө харин надаас Монгол Улсын сонин сайхныг асуугаад орчуулагчийг цангааж орхилоо.
    -Монголчууд маань Цагаан сараа тэмдэглэж байгаа юу, эсвэл нөгөө Христийн баярыг тэмдэглэдэг үү?
    -Цагаан сараа тэмдэглэлгүй яахав. Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа хамгийн өндөр настныд очиж золгодог…
    Хэлмэрч залуу уулга алдан “Нээрээ үнэн үү” гээд сүйд. Тэр хөөрлөөрөө сүртэй ч орчуулав бололтой. Орчуулж эхэлтэл өвөөгийн нүдэнд нулимс мэлтрээд ир-лээ. Өвөө нулимсаа эрээ бараагүйхэн шударчихаад ахиад л асуулт асууна.
    -Монгол маань одоо дэлхийн улсуудын хаахна явна, хөгжлөөрөө?
    -Нийгмийн тогтолцоо, залуусын боловсрол, улсын нийт иргэдийн эрүүл мэндийн түвшингээрээ бол дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж яваа. Монголд баян ядуугийн ялгаа эндэхийнх шиг биш ээ. Нийтээрээ хангалуун, эрх чөлөөтэй амьдарч, сурч боловсорч байна. Хүн амын тоо ч өсөн нэмэгдэж байгаа. Олон хүүхэд төрүүлсэн ээжид төр засаг одон медаль өгдөг, бас хүүхдүүддээ төрөөс мөнгө өгдөг.
    -Ямар сайхан бэ гээд өвгөн хэнгэнэтэл санаа алдаад тачигнатал гэнэт инээд алдах нь “Үхсэн ч гомдолгүй боллоо” гэж хэлэх шиг…
    -Өвөө, та энд ямар ажил алба хашиж байсан бэ, эсвэл малаа л дагасан уу?
    -Би уг нь энэ хажуугийн Хүйсэн сумын хүн юмаа. Хүйсэн гэдэг чинь монгол нэр шүү дээ хүүхээ /гэж хэлээд над руу сүрхий нухацтай харав/. Намайг Гаадаа гэдэг. Аавыг минь Абу гэдэг байсан. Би олон жил ардын төлөөлөгч хийсээн. Малчдын амьдрал ахуйг хянаж мэдээлдэг, цалин хөлсгүй нэг тийм ажил даа. Би уг нь ижий ааваас 11-үүлээ хүн юм. Хоёр ах минь Соёлын хувьсгалын үед биеэ хорлосон. Бусад нь ч насалж жаргаж гавьсангүй өөр өөрийнхөө жам мөрөөр өөд болцгоосон. Одоо 70 гарсан өвгөн ганцаараа үлдчихээд л байна даа. Хүний үйлийн үр гэдэг хэцүү юм даа. Өөрөө би зургаан хүүхэдтэй. Гурав нь бас үгүй болсоон. Одоо ганц хүү, хоёр охин мал дээр байгаа даа. Энэ газарт монгол их урт насалдаггүй юмаа…
    Юм асуух гэсэн чинь хоолой дээр бөөн юм зангирчихаад дуугарч болсонгүй. Дэмий л тараг халбагадаж суулаа. Өвгөн намайг ирэхэд жигтэйхэн хөөрөөд “Хэдэн өдрийн өмнө би хүн болсоор үзээгүй хачин сайхан зүүд зүүдэлсэн юмаа. Эмгэндээ ярьж өгөөд нэг л сайхан юм болох нь дээ гэж хоёулаа хөөрцөглөж суусан юм. Тэгтэл эмгэн өнөөдөр яагаад ч юм гэнэтхэн бүр холын айл руу майжигнаж очоод тараг аваад ирсэн. Тэгсэн мөртөл хоёулаа таргаа идсэнгүй шинээр нь хадгалаад байж байлаа. Хүү минь ирэх байж…
    Өвгөний хөл газар хүрэхгүй хөөрнө. Эмгэнээ л дуудчихмаар байна, эмгэнтэй минь уулзаад яв гэж гуйсаар байтал нь яараад босоцгоолоо. Орчуулагч маань нэг монгол хэлтэй андыгаа дуудчихсан, их холоос ирж байгаа юм гээд байдаг. Нөгөө хүн нь оройн зоог барихаар хоолон гэрт мах чануулчихаад хүлээж ядан утас цохиод арга буюу хөдлөх боллоо. Өвгөн биднийг ирэхэд хүлээж зогссон яг өнөө газраа хадаатай юм шиг үлдлээ. Гараа далласан чинь өөдөөс гар далласангүй, харин алга хавсарч байгаа харагдлаа. Хангинатал уйлмаар санагдсан ч нулимс их хол байлаа…
    Б.Занданхүү /сэтгүүлч, яруу найрагч/

  • Догшин Төмөр хааны ач хүү гайхамшигт Үлүгбэхийн түүх

    Тэр цагт дэлхийг донсолгож асан түүхэн хүн, их хаан Доголон Төмөрийн ач гэдгээрээ ч дэлхийн их түүхийн алтан хуудаснаа мөнхөрсөн алдартан.
    Энэхүү эрэлхэг, сүр жавхлант хаан Евроазийг хурааж, эмхэлж явсныг уншигчид маань мэдэх биз. Нарийндаа бол Үлүгбэх нь их хааны отгон хөвүүн Шахрухын ууган хүү ажээ. Эх нь Персийн язгууртан гаралтай эмэгтэй болох Гуаршадбэхи бүлгээ.
    Түүнийг өсөж хүмүүжихэд эхийн нөлөө байсан нь гарцаагүй. Персүүд үлгэр домог, түүх шашдир, яруу найраг, утга зохиолоор арвин бас алдартайг хүн төрөлхтөн мэднэ. Тийм улс үндэстний үр сад болох дээрх хатан тухайн үедээ хартьцангуй өндөр боловсролтой нэгэн явсан нь ч дамжиггүй ээ. Үлүгбэх Төмөрийн эзэнт гүрний Персийн нутаг дахь султаны эдлэнд 1394 онд хаврын сайхан улирал хийгээд цаг дор төржээ. Өвөг эцэг нь 1405 онд тэнгэрт халихад эзэнт гүрэн нь хоёр хуваагдаж, нэг хэсгийг ач хүү Халил Султан, нөгөө хэсэг болох Төмөрийн эзэнт гүрний ихэнх хэсгийг эцэг Шахрух нь захиран суух болжээ.
    Тэр цагт нийслэл Самаркандыг Шахрух орхин өөр газар буйраа сэлгэн засгийн хэргийг явуулж байжээ. Тодруулбал, эцэг нь буюу Шахрух хаан улсынхаа нийслэлийг одоогийн Афганистан улсын нутагт залсан байна. Ингээд 15 нас хүрч асан Үлүгбэх хүү эртний түүхт, гоо үзэмжээрээ алдартай Самаркандыг захиран суух болсон нь чухамдаа их хувь заяа гэлтэй. Одоогийн өнцгөөс үзэхүл чухам л нүдээ олсон хэрэг билээ. Яван явсаар 1411 онд Мавренахрын эзэн хаан болжээ.
    Түүний авьяас билиг хар нялхад нь илэрсэн гэдэг. Хүүхэд ахуйдаа одот тэнгэрийг ажиглаж, одон орны шинжлэх ухааныг шимтэн сонирхож иржээ. Ялангуяа математикийн шинжлэх ухаанд машид авьяастайн дээр ихэнх цагаа эцгийнхээ өвлүүлсэн баялаг номын санд өнгөрүүлдэг байж. Бага залуу насандаа эрх мэдлийг өөртөө хураасан язгууртан жаал хүү өөрийн мэдлийн улсыг эрдэм оюуны гэрэлт төв болгохыг зорьж, тэр л мөрөөдлөө биелүүлэх гэж махран зүтгэсэн түүхтэй. Үнэндээ түүний хичээл зүтгэл итгэл үнэмшлийг ухамсарт оюун ухаан бус бараг бурхан удирдаж байсан юм уу гэмээр.
    Монголын түүхэнд эрх мэдэл бүхий хүмүүсээс хамгийн оюунлаг удирдагч тэр байсан гэхэд хилсдэхгүй байх. Түүн шиг ихийг сэдэж, бүтээсэн нь ч үгүй. Харин нурааж, шатааж, түйвээж явсныг дурсвал барагдашгүй ажгуу. 1417-1420 онд Самаркандад \”Үлүгбэхийн медрес” хэмээх их сургууль, хүрээлэн байж болох газар байгуулж, исламын хамгийн алдартай далаад одон орончийг урьж авчиран, шинжлэх ухааны цоо шинэ үйлсийг хааны сан хөмрөгөөс сахүүжүүлж байсан нь ч түүний гэрч гэхэд болно.
    Хожим энэ нь улам өргөжсөөр Төв Ази дахь одон орны шинжлэх ухааны маш том, тэргүүлэх хүрээлэн болжээ. Шилдэг судлаачид суун, одон гарагийн нууцад нэвтэрч асан гэхээр одоо бол бараг итгэшгүй бүлгээ. Тэрбээр өөр хоёр ч судалгааны хүрээлэнг Гиждуван, Бухар хотноо байгуулсан гавьяатай нэгэн бүлгээ. Мань нөхрийн хамгийн алдартай шавь нь нэрт одон оронч Али Кушчи байлаа. Тэд шинжлэх ухааны төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үл мартагдах, асар гайхамшигт үйлсийг амжуулж чадсан юм.
    Үлүгбэхийн удирдсан багийн хүчээр, дайн дажны голомт байсан Самарканд хот дундад зууны үеийн дэлхийн шинжлэх ухааны ариун ордон болж хувирсан байдаг. Үлэмжийн сайхан, үлгэр домгийн гайхамшигт Самарканд түүний үед ийнхүү дахин сэргэсэн гэмой. Үлэгбэх одон орон судлалд бүхий л анхаарлаа хандуулж, 1424-1429 онд Үлүгбэхээр овоглосон дэлхийн одон орон судлалын анхдагч төв хэмээгдэх асар том цогцолборыг мянга мянган боолын хүчээр барьж дуусгажээ.
    Самаркандыг тэр чигт нь бүр бүхэлд нь харж болох хотын ойролцоох толгой дээр уг одон орон судлалын төвийн оргил нь сүндэрлэжээ. Түүнийг өөрийн нүдээр үзсэн Бабур хааны бичсэнээр бол гоёмсог бөмбөгөр оройтой, 30 метр өндөртэй, маш гоёмсгоор хуарлан хээлж, пааландсан гурван давхар барилга байжээ. Оргилын гол танхимд нар, сар, бусад од гарагсыг ажиглах асар том дуран авайг суурилуулсан урьд хожид байгаагүй эртний уран барилгын хосгүй нандин дурсгал байсан гэнэ билээ. Барилгын хавтан ханан дээр уур амьсгалын янз бүрийн бүс дэлхийн бөмбөрцөг, од гарагийн хөдөлгөөнийг тэмдэглэсэн хүснэгт, зураг сэлт өлгөөстэйн дээр тэр бүгд одот тэнгэрийн заадсыг ажиглахад хамгийн тохиромжтой байж

  • Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан

    Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй. Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов. Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ. Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.
    Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрчээ. Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв. Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав. Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.

    1239 оны намар Бат хаан цэрэг, морьдоо амраасны дараа өмнөд, баруун өмнөд Оросыг байлдан эзлэхээр хөдлөсөн байна. 1239 оны эцсээр Монголын цэрэг Крымийг байлдан авчээ. 1240 онд баруун зүг давшиж, мөн оны зун Переяславль, Чернигов хотыг байлдан эзэлсэн байна. Монголын цэрэг мөн оны 12 дугаар сарын таванд Киев хотыг авч, улмаар баруун зүг давшин Галиц, Владимир, Болынский зэрэг газар орныг эзлэн авчээ.

    Команы хаан Котнян хэдэн мянган албатаа дагуулан Унгарт хорогдохоор очиход нь Унгарын IV Бела хаан түүнийг хүлээн авчээ. Энэ нь Бат хааны хувьд Унгараас ял асууж довтлох аятайхан шалтаг болсон байна. Ингэхдээ Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолжээ. 1241 оны дөрөвдүгээр сарын есөнд Монголын цэргийн тэргүүний анги Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохин, тэндээсээ цааш хөдлөн Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн оржээ.
    Мөн сарын 11-нд Бат хан, Сүбээдэй баатрын цэрэг Унгарын цэргийг Тиеса гол дээр бут цохижээ. 1241 оны зун Монголын цэрэг Унгарын нутгаар хөндлөн гулд явж сүйтгэсэн байна. Унгарын хаан IV Бела, Монголын цэргийг Гротиа гэдэг газар эсэргүүцэн тулалдах гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиог довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ.
    Унгарын хаан Бела Доламацод руу зугтаахад хойноос нь цэрэг явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрын Вена хотын гадна очиж байжээ.
    Цөст Их ойрадууд Манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан

    Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ.
    Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.
    Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.
    Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмогц манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
    Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ.
    Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

  • Монголчуудын овог болоод адуучин, алаг адуун овог тэргүүтэн…

    Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон, Тавнан, Тангуд зэрэг овог маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
    Завханы Сартуулуудад Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах нь мэдээж ээ.
    Энэ үүднээс нь аваад үзвэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Олхунуд буюу Олгонууд, Олгон нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм. Уг овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно.
    Олхонууд овог нь Монгол Улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй. Энд л алаг адуун овогтон буй болжээ. Алаг адуу овог нь Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар “БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм. Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой. Тэгвэл ойрын жишээ татахад адуун сүрэг олонтой Тэсийн голын унаган хүлэг их хурдан, бие сайхан морьдтой, тэр сайхан хүлгийн эзнээ адуучин хэмээн хүндлэхээс үүдэн тийм нэртэй овог үүсчээ.
    Басхүү сүрэгчин овог гэж тэмдэглэгджээ. Энэ нь Манжийн үеэс үүдэлтэй. Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Манжууд Дарьгангачуудыг 5 гар гэдэг өвөрмөц нэртэй засаг захиргааны нэгж байгуулан манжийн хааны үржил сүргийг адуулах үүрэг хүлээлгэж байсан. Сүрэг гэдэг нь адуун сүрэг байсан. Дайн байлдаан уналга эдэлгээнд хэрэглэх зориулалттай агтыг хошуудаас шилэн цуглуулж, сүрэглэн маллаж байсан байдаг.
    Энэ бол мөн л адуу түүнтэй холбогдон гарсан овог юм. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг.
    Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ.
    Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм. Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.
    Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.

    Лханаагийн Мөнхтөр

  • СҮМБЭ (СЯНЬБИ) УЛС

    Сүмбэ аймгийн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай аймгийн холбоодын нэгтгэн 150 оноос эхлэн 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн юм.
    Таншихуайн хаанчлалын үед Сүмбэ улс нэн хүчирхэгжиж, Модун хааны хааны үеийн Хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг эзэмшсэн төдийгүй эдийн засаг, худалдаа арилжааны хувьд ч Хүн гүрнийг залгамжилжээ.
    Сүмбэ нарын өвгө дээдэс нь Дунху (дорнод ху) мөн гэх бөгөөд генийн хувьд Хүн нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан.
    Сүмбэ улс төр ёсны талаар Хүн улсыг өв тэгш залгамжилж урагшлан хөгжижээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.
    Сүмбэ улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон.
    Сүмбэ улс задрах үед Муюун улс (318-360 он) Тоба Вэй (Их Юан) улс (307-581 он) тэдний төр ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ.
    Муюны нэг салбар Тогоон нар Хөх нуур, Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогоон улсаа байгуулсан. Тэд нар бол монгол угсаатан мөн болох нь түүх, угсаатны зүй, генетик, зэргийн бүх судалгаагаар тов тодорхой болжээ.

    СҮМБЭ ГҮРЭН Н.Т II ЗУУНЫ СҮҮЛЧЭЭС III ЗУУНЫ ДУНД ҮЕ (153 ЖИЛ)

    д/д Хаадын нэрс Цол Төр барьсан Нас барсан Хэдэн жил Түүхэн үйл явдал
    1. Таньшихуй*
    (141-181) Эцэг Тоулухау (Тэнчихайн) (хаан) Шаньюй- Хайн-Хаан
    -Сайн хүн н.т- ын
    155 н.т- ын
    181 26 Сүмбэ гүрнийг хүчирхэг болгоход их үүрэг гүйцэтгэсэн хүн. Таван хөвүүнтэй.
    2. Хэлянь (Холянь) (Эцэг нь
    Таньшихуй (Кэбинин) Хайн (хаан) 181 235? 54 Улс орноо нэгэн төрийн жолоонд захирах талаар дутуу удирдаж байв. Төрийн хэргийг шударга бус явуулжээ. Нанхиадтай байлдаж байгаад алагджээ.
    3. Куйтоу (Хэляны үеэл ахын хөвүүн) Хайн (хаан) II зууны эхээр Хэляны их ахын үеэл дүү юм.
    4. Цяньмань (Хэляны хөвүүн, Таньшихуйн ач) Хайн (хаан) 240 оны орчим Эцгээ үхэхэд нас бага байсан учир хаан ширээ нь булаагдсан юм.
    5. Кэбинин Ван цол 222 онд Нанхиа-даас авав. 220 235 15 Авга, дүүгийн хөвүүн хоёрын байлдаанаас болж сүйрэлд оров. Сүмбэ гүрнийг дахин сэргээсэн Вэй улс ван цол олгов. Вэй улсын хааны зарлигаар хорлогдсон.

    * – «Тэнчи хайн (хаан)»-г, «Таньшихуй» гэж Нанхиадууд галиглажээ.
    Куйтоу, Бүдүгэнэ, Кэбинин нар шаньюй болох гэж өрсөлдөв. Кэбинин, Бүдүгэнэ нар их тэмцэлдэж, тэр хоёулаа Нанхиадаас дэмжлэг авах гэж байв. Энд Кэбинин ялагдав. Нанхиад энэ хоёрыг ээлжлэн дэмжиж, нэгийх нь эсрэг сөргүүлэн тавьж байв.
    – 235 онд Сүмбэ гүрэн нь Сүмбэ, Ухуань, Муюн, Тоба, Юэвань, Түгүхүнь (Тогоон), Дуань зэрэг аймаг улс болж салжээ.
    Аж ахуй
    Сяньби улс нь урьдын улсын адил өөрийн эрхлэх аж ахуйтай байсан. Монгол оронд шинэ чулуун зэвсгийн үеэс газар хагалах, тариа тарих ажил эхэлсэн бөгөөд сяньбичууд мөн газар хагалан үр тариа тарьдаг байв. Сяньби нарын амьдрал хөгжилд гар урлал нэлээд хөгжиж, чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Сяньби нар үхрийн эврээр нум сум хийдэг, алт, мөнгө, зэсээр багаж зэвсэг, эдлэл хэрэглэл үйлдвэрлэлдэг, малын арьс, ангийн үсээрдээл хувцас хийж, бөс бараа нэхдэг, гэр ахуйн бараа хийдэг байсан байна.
    Сяньби нарын ангийн үсээр хийдэг дээл хувцас хятадад их үнэ хүрдэг байсан байна. Сяньби улсын түүх археологийн талаар эд өлгийн дурсгал хараахан их олдоод байдаггүй билээ.

    Соёл, зан заншил
    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны төв азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой байсан нь дээр дурьдсан бүх зүйлээс тодорхой байгаа юм. тэд цөм бөө мөргөлтэйөөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ёс суртахуунтай байсан нь тодохой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан байна.
    Сяньби угсааны аймгууд аажмаар төр улс, засаг төртэй болсноор үл барам, бичиг үсэг, гэгээн соёл буюу нүүдлийн иргэншилт соёл, өөрөөр хэлбэл нүүдэл иргэншилтэй болж хөгжин байсан нь илт билээ. Энэ асуудлыг тодруулахад анх Э.Болше эртний түрэгүүд Хүннү, Сяньбигаас Жужанаар дамжуулан орхон Енисеин шаантаг үсэг хэмээх рүни бичиг хэрэглэсэн хэмээх шинэ санаа гарган баталсан байдаг.
    Зарим сурвалжид Сяньби нарыг мод сийлэх аргаар түүх, судар маягийн зүйл бичиж тэмдэглэдэг хэмээн хятад сурвалжид тодорхой заасан байдаг. Эртний хятадын Вэй улсын сударт сяньби нарыг мод сийлэн таних тэмдэг болгож, хол ойрын хэрэг явдлыг хүмүүст улируулан уламжилсан нь түүхч түшмэлийн тэмдэг мэт болсон байдаг” гэснээс үзвэл тэд ямар ба нэг модыг зүгээр нэг огтчин сийлдэггүй харин утга санаа оруулан ойлгогдхоор зурж сийлэх бичиг үсэгтэй байсан байна.
    Дундад зууны үеийн хятадын таван төрийн Чжоу улсын түүхийн 50-р бүлэг “Умард төрийн түүхийн 99-р бүлэг Түрэгийн хаант улсын орхон Енисеин бичгийн тухай өгүүлэхдээ тэдний бичиг нь Ху нарынхтай төстэй гэсэн байдаг.[1]Ху нар гэж хүннү, сяньби нарыг хэлдэг

  • “Ахан дүүсийн цус асгаруулахгүй” хэмээн тангарагласан Баатад эцгийнхэн

    . Хүн амьтан ч тэднээс дайжин зугтдаг байв гэнэ. Тиймээс буриадын угийн бичигт “Арван зүгт гал түлүүлсэн ашивгад” гэж бичигдсэн байдаг билээ. Ашивгадууд Сөх, Хүдэрийн голоор нутаглан цөөн тооны мал маллаж, ан гөрөө хийж амьдардаг байв. Нэгэн өглөө тэр хүрээний баатрын хүү гөрөөлж яваад үргээлгэнд гарсан нөхдийн хэлсэн зүгт хүрч очвол морин тэргэнд гуалин мод дүнхийтэл ачаад дуулж яваа нэгэн буриад басгантай тааралджээ. Үүрийн гэгээ, үнэг чонын гүйдлээс үл эмээн дуулж яваа бүсгүйг их л гайхаж гэнэ, нөгөө баатрын хүү. Уулзаад үг хэлээ ойлголцож, ажилсаг чамбай бөгөөд үзэсгэлэнтэй сайхан охин байсанд ихэд таалж, хайр сэтгэлтэй болов гэнэ. Удалгүй өвгөн баатрын хүү залуу баатар, хөвгүүнгүй нэгэн буриад айлд хүргэн ороод суучихжээ. Хэдийгээр хүргэн орсон айл нь нэр хүндтэй сайн айл гэвч буриадууд хүргэн орсон хүнийг “Хадамд очлоо” хэмээн шоолдог байсан юм санжээ. Учир иймийг мэдсэн хашир ухаалаг эцэг нь аян дайнд явж, аялал нүүдэл хийж, ажил хөдөлмөрт зүтгэж, ухаан тэлж, бяд суусан хүүгийнхээ эрдэм чадлыг түмэн олонд үзүүлэх хэрэгтэй хэмээгээд худ болсон буриад дархан өвгөнтэйгээ зөвлөн, овооны найр хийхээр шийдэж, ойр холын нутгийнхныг урьсан гэдэг. Буриад дархан өвгөн охиноо ойрад, буриад хосолсон ганган гоёлоор гоёж, эрийн гурван наадмын нэг – сур харваанд оролцуулахаар бэлтгэжээ.

    Энэ нь дайчин баатар эрийн гэргий нь хэрэгтэй цаг ирвэл нөхрийнхөө зэвсгийг барьж дайснаа даралцдаг монгол түмний эртний уламжлалт заншил байсан юм. Худ, ургууд зуны эхэн сарын налгар сайхан өдрийг товлон Дунгуй нутгийн нэгэн сүрлэг ууланд шав тавьж, хөлд орсон балчраас эхлээд хөл дээрээ босч чадах бүх хүнээр нэжгээд чулуу зөөлгөн овоо босгож тахижээ. Тэр овоогоо орхин гарсан өлгий нутаг Хан Алтайнхаа нэрээр нэрлэсэн байна. Наадамд ойрад баатрын хүү, залуу хүргэн түрүүлж, нум сум харвахад буриад бэр түрүүлжээ. Тэр цагаас хойш буриад охид “сур харбаан” гэдэг наадамд оролцож, эрчүүдтэй ана мана өрсөлдөх болжээ. Ойрадын хүрээнийхэн алс холоос өвөрлөн ирсэн Алтайнхаа чулууг Алтай овоондоо өргөн энэ нутгийн тэнгэр доор үүрд нутаглахаар болоод буриадуудтай ийнхүү ураг барилджээ. Удалгүй хүргэн баатрынх хүүтэй болов. Ойрадын цэргийн хүрээний захирагч баатар аюулгүй тэр нутагт ард олноо авчраад, овоо босгож нутаглах нутагтай болгоод, уугуул нутгийнхантай худ ураг болж, ач хүүдээ өмсч явсан хуяг дуулгаа залж явсан хүрээнийхээ тугийн хамт ёслол төгс уламжлуулахдаа: “Үеийн үед, үрийн үрд хуяг дуулга дахин бүү өмсч, хүн хүнээ бүү дарагтун. Харин энэ тугаа нутаг усаа тахин найрлахдаа овоон дээрээ хийсгэж, хуяг дуулгыг минь голомт залгамжилсан үр ач нар минь өмсч сүр хүчээ дуурсгаж явтугай” гэсэн гэдэг. Баатрын хүрээнийхэн ухаант өвгөн баатар, түүний хүү залуу баатрынд айлчлан ирж, хууч хөөрөн, аж амьдралаа ярилцдаг байжээ. Басгад, самгад нь ойрад, буриад хавсарган янзыг нь тааруулж хийсэн бэрийнхээ гоёлыг дуурайлган зүүтгэл хийлгэхээр уран худынд нь ирдэг байв.

    Тэд замд тохиосон улстай мэнд усаа мэдэлцээд “Ач, авга нартаа айлчлая” гэдэг байсан нь буриадуудын “ч”, “ш” авиаг ижил дууддаг аялгуутай холилдсоор өнө удаан хугацаанд “Ашивгад” овгийнхон гэгдэх болжээ. Өвгөн баатрын ач хүү өсч өндийгөөд баатар өвгийн нэрийг дуурсгахын тулд Хүдэр голын хойд ууланд “Баатад” овоо босгон хүрээнийхнийгээ “Баатад эцгийнхэн” гэж нарлэжээ. Улмаар залуу баатрын үр хүүхэд өсч үржээд өрх тусгаарлаж, хүрээнийхэн хуваагдан “Харнууд”, “Шарнууд”, “Баатад эцгийнхэн” гэгдэх болсон билээ. Баатад эцгийн хуяг дуулга, туг яндар нь 1932 он хүртэл баатрын голомтын айлд байсан хэмээснийг 1963 онд нас элсэн Цогтын Цэндэм эмээ, ач охин Долгоржавдаа
    /ОБДС-д багшилж байгаад тэтгэвэртээ суусан/ хуучилсныг тэмдэглэн бичсэн
    Л.БАТБАЯР

  • Монгол хатад №2

    Монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг, эмэгтэйчүүдэд Чингис Хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг олон зүйлээс харж болно. Чингис Хаан эмэгтэйчүүдийг худалдах, наймалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлтэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилсөн юм.
    Орд өргөөндөө тэдгээр язгууртан эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны хүмүүсээс сүрлэг өндөр болгон, ялангуяа “морь унах үед нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байж”. Тэд энхийн цагт үр хүүхдээ өсгөж, шаардлага гарвал дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Эр нөхөр болон хөвгүүд нь аян дайнд мордож, харин эхнэр болон охид нь ард үлдсэн өрх гэрээ төдийгүй улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ.
    Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ. Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах, хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ хууль тогтоомж ч гаргана.
    Чингис хааны охид байгаагүй бол Монголын Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингэс Хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь Торгоны Зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах хаант улсуудыг захиран сууж байв.
    Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол аль нь болох нь мэдэгдэхгүй холилдон, толгой эргүүлэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис Хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч байсан гэж тодорхойлсон байдаг.
    Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XVII зууны үед [Буддист] түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
    Чингис Хааныг нас бараад удаа ч үгүй байхад түүний охидрүү хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биеэнийхээ эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед ньтэдний үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо уруу, түүнчлэн түүний охидын удам уруу дайрах дайралтаа улам эрчимжүүлсэн байна.
    Монголын Эзэнт гүрний эриний ихэнх үеүдэд буюу 1206-1368 он хүртэл Чингис Хааны Боржигон овгийн язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ.
    Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
    Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн Мандухай Сэцэн хатан байв.
    Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсжээ. Зүүнгарын хаан Галдан бошигтийн гэргийАну Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн бөгөөд түүнээс хойш Монголын түүхэнд онцгойлон дурьдагдсан монгол хатан гарсангүй. Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц байна.
    Бэлтгэсэн Г.Чугаа

  • Чингис хааны дархан бэр Сорхугтани бэхи хатан

    Улс төрийн алсын хараатай том бодлоготон, холч мэргэн ухаантай төрийн зүтгэлтэн, цэрэг дайны гарамгай сратегич, удирдагч байлаа. Түүний хажууд өнөө дэлхий нийтээр мэддэг, гайхан шагширдаг Францын Жанна Д Арк бол зүгээр л нэг тосгоны эр зоригтой, зөн билэгтэй эмэгтэй төдийхөн юм. Тэдгээр гайхамшигт монгол бүсгүйчүүдийн нэг, Эзэн Богд Чингис хааны хамгаас хайртай Дархан бэр, Монгол төрийн нэрт зүтгэлтэн, оюун билэгт Сорхугтани Бэхи хатны тухай энд өгүүлье.

    … Сорхугтани Бехи хатан Тулуйтай бага насандаа учирчээ. Аль эрт Чингис хаан Хэрээдийн Ван хаантай эцэг, хүү бололцон явахдаа энэ дотно харилцаагаа бататгах үүднээс Ван хааны ах Жаха Хамбын хоёрдугаар охин Сорхугтанийг отгон хүү Тулуйдаа сүй тавьсан байна. Хожим 1203 онд Хэрээд аймгийг мөхөөх үед Сорхугтани, Тулуй хоёрыг нийлүүлжээ. Тэрээр Тулуйн хамгийн хайртай их хатан төдийгүй Их Богд эзэн Чингис хааны хамгаас хайрлан хүндэтгэж байсан дархан бэр нь байжээ. Лувсанданзангийн “Алтантовч”-д “Богд эзний бие чилээрхэж, бас Тулуй эзэн чилээ болсонд ёрчин энэ хоёрын нэг нь сайн болвоос нэгэн нь муу буй хэмээсэнд, Тулуй эзний хатан Чаур бэх, тэнгэрт өчиг өчсөн нь: Хаан эзэн үгүй болбоос, хамаг улс бэлбэсэн болном за. Тулуй эзэн үгүй болбоос би ганцаар бэлбэсэн болох буй за хэмээн залбирав. Богд эзний чилээ дээш болсонд тэрээр сэтгэл нь хөдөлж, өөрийн эрийг үл сэтгэн эцгийг хүндэлж, их төрийг сэтгэсний тул богд эзэн би чамайг бэр гэж бүү хэлсү. Бэхи тайху гэсү. Шиу гэж бүү хэлсү. Сутай тайху хэмээе гэж цол өгөөд, найман отог цахар түмнийг сонгон өгч соёрхов. Хэрээдийн Ван хааны дүү Жаха Хамбын охин Чаур бэх энэ бөлгөө гэжээ. Энэ нь Өгөөдэйн бие чилээрхэхэд Тулуй эзэн өмнөөс нь тэнгэрт залбиран өөрийгөө өргөсөн тухай домогтой агаар нэг агаад юутай ч Сорхугтани Бэхиг Чингис хааны зүгээс ихэд хүндлэн байсны илрэл юм.Тэрээр чин журамт, оюун билэгт эх байжээ.

    Түүхийн тулгар бичгүүдэд түүнийг Өүлэн эхтэй адилтгасан нь нэг бус. Тэр ч бүү хэл түүнийг нэг талаар Өүлэн хатнаас илүү гэлцдэг байна. Тулуй 1231 онд Зүрчидийн Алтан Улсыг дайлах аянд 38 насандаа нас элж, бага балчир хөвүүдтэй насан залуу Сорхугтани бэхи бэлбэсэрэн үлджээ. Өгөөдэй хаан ууган хүү Гүюгтээ бэлэвсэрсэн Сорхугтани Бехи хатныг авч өгөхөөр элч заран хэлүүлэхэд тэрээр хааны зарлигийг дагахгүй байж яахан болох билээ. Гэсэн ч “Их хаантанд өчихөд би хүүхдүүдээ эрийн цээнд хүргэж, эцгийн сургаалиар хүмүүжүүлэхийг хүсэж байна” хэмээн хариулахад Өгөөдэй ч, Гүюг ч аль аль нь их шахамдуулалгүй Сорхагтанийн хэлснээр болгожээ. Харин Өүлэн бол Мэнлиг эцэгтэй суусан. Ийнхүү Сорхугтани Бехи хатан чин журмыг хичээн дахин нөхөрт гараагүйгээрээ Өүлэн эхээс илүү юм гэсэн нь бий ажээ. Хэдийгээр Сорхугтани Бэхи Өүлэн Үжиний адилаар өнчин хөвүүдээ тэжээхийн эрхэнд дээлийн хормой шуун бүсэлж, царсан шор барин сөд гичгэнэ ухаж, өглөө эртлэн босож өлөрс мойл түүгээгүй ч наснаас эрт бэлбэсэрч, бага балчир хөвүүдээ эцгийн суртлаар зарчимтай хүмүүжүүлэн өсгөсөн нь “Нууц товчоо”-нд “…Гоо Үжин эхийн Гогод мангираар тэжээсэн хөвүүд Хутагтан сайд болов. Зарчимтай Үжин эхийн Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд Заяатан сайд болов” гэдгийн адилаар болсон юм. Тулуй, Сорхугтани Бехи хоёрын дөрвөн хөвүүн нь/Монголын эзэнт гүрний 4-р үеийн Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Их хаан Хубилай, Иранд төвтэй Ил хаант улсыг үндэслэгч Их хаан Хөлөг, Монголын эзэнт гүрний 5 дугаар үеийн Их хаан Аригбөх энэ дөрөв болой/ дөрвүүл их хүмүүс болон хожмын өдөр Монголын төдийгүй дэлхийн түүхийн тавцанаа товойн гарсан нь санамсаргүй хэрэг яавч биш юм.
    Чингис хаан амьд сэрүүндээ хөвүүдээ хэн ямар газар нутгийг захиран эзэмшихийг зааж өгсөн. Үүнд: Ахмад хүү Зүчийн хүүхдүүдэд Эрчис мөрний хөндий Арал нуур болон Каспи, Хар тэнгэсээс цааш үргэлжлэх Кипчакийн өргөн уудам нутгийг, Цагаадайд Зүүн, баруун Туркестаныг, Өгөөдэйд Имил голын сав, Алтай, Тарвагатай, Жунгарыг өгч, отгон хөвүүн Тулуйд уламжилж ирсэн заншил ёсоор эцгийн гал голомтийг сахиулж, Монголын уугуул нутгаа гэрээслэн, эзэн улсын байдалтайгаар үлдээсэн байна.Гэвч тэрхүү голомт нутаг нь Их хааны эзэмшлийн бүсэд багтаж байсан, мөн Тулуй төрийн эвийг эрхэмлэн эзэмшил нутгаа Өгөөдэйд найр тавьсан зэргээс үүдэн Тулуйн үр хүүхдүүд Чингис хааны үр ач нар, бусад ахан дүүстэйгээ харьцуулахад нэн ядмаг байжээ. Ийнхүү өөрийн гэх эзэнт улсгүй үлдсэн гэр бүлээ, үр хүүхдүүдээ бусад ахан дүүсийнх нь зэрэг зиндаанд хүргэж, улс төрийн тавцанд нэр нөлөөтэй болгохын төлөө зүтгэсэн Сорхугтани Бехи хатны зүтгэл нь Өүлэн эхийн нэгэн биеийг огоорон зүтгэсэнтэй агаар нэгэн юм. “Судрын чуулган”-д “Тулуйг нас барсаны дараа түүний хүүхдүүд эхийн хамт Өгөөдэйн дэргэд үлджээ. Нэг удаа Сорхагтани Бехи хатан хааны худалдаачдын нэгийг дэргэдээ авахыг хүсэхэд хаан өгсөнгүй. Тэгэхэд нь Сорхугтани хатан “Миний хань нөхөр, үр хүүхдүүдийн минь эцэг чухам хэний төлөө золиос болж амиа тэнгэрт өргөсөн юм бэ? Тэр тийнхүү бие барсан нь хэнд хэрэгтэй байв?” хэмээн уйлахад энэ үг нь хааны сонорт хүрчээ. Энэ үгийг Өгөөдэй хаан сонсоод “Сорхугтанийн зөв” хэмээгээд түүний хүсэлтийг ёсоор болгосон байна. Тэр цагт Тулуйн хүүхдүүд балчир байв. Мөн “Өгөөдэй хэнтэй ч зөвшилгүй Сорхугтани Бехи хатны эзэмшилд байсан 2000 өрхийг хүү Годандаа дур мэдэн өгчээ. Гэтэл тэдгээр иргэдээс Сорхугтани Бехи болон том хүү Мөнх нар дээр ирээд “Бид бол Чингис хааны соёрхолоор Их ноёны /Тулуйн/ харьяат болсон билээ. Гэтэл биднийг Годанд өглөө. Чингис хааны зарлигийг хэн зөрчиж болох вэ? Иймд Их хаанд зарга мэдүүлье” гэхэд Сорхугтани Бехи хатан “Та нарын зөв. Гэхдээ бидэнд их өв хөрөнгө эзэмших алдар гавьяа алга. Мөн цэрэг ардын хэрэгцээ ч алга байна. Их хаан юу хийхээ өөрөө сайн мэдэж байгаа. Бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэжээ. Энэ үгийг нь сонссон ноёдууд их сайшаажээ”/1.112/ гэсэн байна. Энэ талаар Академич Владимирцов “Сорхугтани Бехи хатан нь ийм ухаалаг зан чанарынхаа хүчээр өөрийн хүүхдүүдээ бусад ах дүү нарынх нь өмнө гаргаж ирж чадсан юм” хэмээн бичжээ. Плано Карпини “Монголчуудын түүх” тэмдэглэл зохиолдоо “Сорхугтани Бехи хатан бол татаруудын дотор эзэн хааны эхийн /Гүюг хааны эх, Монголын төрийг 5 жилийн турш захирсан Наймалж хатан болой/ дараа орох хамгийн нэр хүнд нөлөө бүхий хатан байсан…” гэжээ. Үнэхээр тийм байжээ. Өгөөдэй хаан Чормаган ноёныг Иранд илгээхдээ дундад Азийн эзлэгдсэн болон хараат бүх улс, мужуудын бискаки /Эзлэгдсэн улс, хотуудад иргэний хэргийг шийдүүлэхээр суулгаж байсан Их хааны бие төлөөлөгч/, захирагч нарыг Чормаганд биечлэн туслахыг тушаажээ. Ингээд Их хааны зарлигийн дагуу Чормаганд туслахаар Хорасан, Мазандерийг захирч байсан Чинтөмөр цэргийн хамт Хорезмаас Шахризтан орохоор гарчээ. Мөн хан хөвүүдийн эзэмшил газруудаас ч хан хөвүүдийг төлөөлж нэг нэг ноён Чормаганы дэргэд ирцгээсэн байна.
    Үүнд -Өгөөдэй Их хааны нутгаас буюу монголын төв нутгаас Кол-Булат -Батын улсаас нэг ноён, -Цагаадайн улсаас Кызыл – буха нар ирсэн бөгөөд нас барсан Тулуйн нэрийн өмнөөс Сорхугтани Бехи хатанг төлөөлж мөн нэг ноён ирсэн байна. Мөн Өгөөдэйн үед Хан хөвүүдээс болон Их хааны чухал зарлиг бичгийг хүргэхээр өөр хоорондоо тасралтгүй довтолгож байсан элч нарыг шуурхай болгох үүднээс өртөө байгуулах болжээ. Ийн өртөө байгуулахдаа Хан хөвүүд бүрээс нэг нэг төлөөлөгч гарч, тэд нийт улс орон даяар явж, газар хэмжиж өртөөг тогтоожээ. Энд -Их хаан Өгөөдэйн төлөөлөгч болж – Куридай, -Цагаадайн талаас – Имкалчин, Тайчутай, -Батын талаас Суку, Мулчитай нар ирсэн ба харин Тулуй ханы талаас Сорхугтани Бехи хатны зарлигаар Илжигдэй ноён ирж энэхүү өртөөг анхлан байгуулалцаж байсан байна. Энэ нь Чингисийн дөрвөн хүүгийн эзэмшил улсууд аливаа асуудлыг шийдэхдээ харилцан зөвшилцөж, нягт хамтран ажилладаг байсныг харуулахын зэрэгцээ хэдийгээр Тулуй бие барсан, түүний хүүхдүүд нь төрийн хэрэгт оролцох насанд хараахан хүрээгүй байсан ч Тулуйн голомтоос Сорхугтани хатныг заавал оруулж байсан нь түүний нэр нөлөө ямархан өндөрт байсныг гэрчилнэ.Энэ мэтээр Сорхугтани Бехи хатан эр нөхрийг эндсэний дараах хүндхэн жилүүдэд улс төрийн аливаа хэрэг явдлуудад нэн идэвхтэй оролцож байсан нь харагддаг. Гүюгийг хаан ширээнд суулгах Их хуралдайн дараа Гүюг хаан Сорхугтани Бехи хатныг хүүхдүүдийн нь хамтаар ихэд магтаж, бусдад үг хэлэхдээ тэднийг үлгэрлэн хэлж байсан гэдэг. Тэр ч бүү хэл Гүюг хаан төрийн зарим чухал хэргийг шийдэхдээ эх Наймалжаас илүүгээр Сохругтани Бехи хатны зөвлөгөөг хүлээдэг байжээ. Гүюг хаан дорнод Европт байлдаж бүхий аянд явахдаа ихэд муудалцан улмаар дайны талбарыг орхиход хүргэсэн Батыг гэнэдүүлэн цохихоор 1248 оны өвлийн сүүл сард их цэрэг аван “тэнгэрийн байдал дулаарах тийш хандлаа, Эмил нутгийн уур амьсгал надад зохидог юм. Тэндэхийн ус умдаа өвчинд минь тус болно” гэдгээр халхавчлан баруун зүг мордоход Сорхугтани Бехи хатан яаравчлан Батад хүн илгээн учир байдлыг дуулган сэрэмжтэй бай гэж хэлүүлжээ. Гүюг хаан Батыг дайлах санаагаа гүйцээж чадалгүй Илийн хөндийд тэнгэр болж, гашуудал бэлбэсэрэлийн ёсыг гүйцэтгэж дуусмагц, Чингис хааны алтан ургийн доторх ахмад хөвүүний хувьд Бат хаан дөрвөн зүг, найман зовхист элч довтолгон, бусад хан хөвүүд, ихэс ноёд тэргүүтэнийг урьж, Их хуралдай хуралдуулан хаан сонгох учирыг хэлэлцэе гэжээ. Өгөөдэй, Цагаадайн угсааныхан түүнд дургүйцэж “Чингис хааны үндсэн нутаг, өргөө гэр Хэрлэн мөрний хөвөөнд байтал Батын Хивчаагийн тал нутагт юугаан хийхээр очих вэ, гээд Хархорин хотын дарга Төмөр ноён зэрэг Алтан ургын бус цөөн ноёдыг төлөөлөгч болгон томилж явуулав. Гэтэл Сорхугтани Бехи “Хаан хөвүүд ахынхаа үгийг үл сайшаан очсонгүй учир чи олон дүү нараан дагуулж очоод өвчтэй ахдаа бараалх” гэж Мөнхөд хэлээд бас Бат бол олон хаан хөвүүдийн ах нь болохоор түүний хэлсэн үг ба зарлиг нь бидний эргэлзэлгүй дагах хууль цааз юм. Иймээс бид түүний зөв гэж үзсэн зүйлсийг цөм зөвшөөрөн хүлээн авах ёстой” гэсэн агуулга бүхий бичиг өгч явуулжээ. Энэ удаагийн хуралдаан нь Алагтаг нуурын орчимд болж, түүхэнд Алагтагын хуралдаан хэмээн тэмдэглэгджээ. Энэхүү хуралдаан дээр Мөнхийг монголын хаант улсын дөрөвдүгээр үеийн хаан өргөмжлөхөөр урьдчилсан шийдвэр гарсан бөгөөд дараа жилийн хавар Хэрлэн мөрний хөвөөнд дахин Их хурал хуралдуулж жинхэнээр хаан сонгохоор тогтжээ. Мөнхийг их хаанд өргөмжлөх гэсэн чимээ дөрвөн зүг найман, зовхист тархмагц Сорхугтани бехи Чингис хааны алтан ургийнханыг биедээ татахийн төлөө ихээхэн бэлгэ сэлт тарааж эхэлсэн бөгөөд ард иргэдийн сэтгэлийг олохын төлөө их хэмжээний өглөг өгч эхэлсэн байна. Хожим нь Мөнхийг их хаан ор сууж, хаан суудал Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжихэд чухам Зүчийн удмынхны шууд дэмжлэг, хүчин чармайлт голлосон нь Сорхугтани Бэхийн энэ мэт эрсдэлтэй алхамуудын цаана улс төрийн нэлээд алсыг харсан бодлоготны хэрэг явдал харагддаг.Монголын алтан ургын 35 хаанаас 33 нь Тулуйн угсааны хаад юм.
    Чухам түүхийн ийм эргэлтэнт Сорхугтани Бехи хатны зүтгэл, ухааны хувь их байсан билээ.Сорхугтани хатанг Христосын шүтлэгтэй байсан гэлцэх нь бий. Тухайн үеийн Хархорин хот бол хэдийгээр хэмжээгээр бага ч дэлхийн улс орнуудын улс төрийн голт зүрх нь болж байлаа. Тэр үедээ л хөгжил дэвшлийн баян бүрд болж асан Бухар, Самарканд, Багдад, Константинополь, Кордов болон Өмнөд Хятадын Ханжоу зэрэг аль ч хот ийм нөлөөтэй, сүр хүчин төгөлдөр байсангүй. Хархоринд ирж очихгүй хүмүүс үгүй. Цагаан пансаар хөвчин биеэ ороосон ширүүн хурц харцтай саррацин дайчид, католик шашны хувраг, оросын хар лам нар, хятадын бомбын сургаалийг дагагсад, зэнүүд болон бурхны шав нар, эрээн мяраан хувцастай сартуул наймаачид, нестарион хийгээд зүсэн зүйлийн вавингардич, агь тарнийг шүтэгчид, Туркестан, Мавераннарх болон Хорасаны эмирүүд, Ирак, Луристан, Ширваан, Румын султанууд, Азербайжан, Гүржийн хан хөвүүд, Багдадын халиф, Франц болон Ромын папын элчин сайд нар, Халеб, Фарс, Керман, дээд Месопотамийн Мосулын эзэн ноёд, Оросын вангууд, Хятад, Тангудын түшмэд, Солонгосын ван, төв Европын рыцар, Франкууд төдийгүй алс Нубийн хар арьст төлөөлөгч, Англи боол, мажар үйлчлэгч, Уулын өвгөний/исмайлитийн/ дайчид хүртэл ертөнцийн хязгаар бүрээс хүмүүс ирж очиж байлаа. Хархоринд Бурхны хийгээд христос, нестерион, лал зэрэг тухайн үедээ л нөлөөгөө өргөтгөж байсан шашин шашны сүм хийдүүд өөрсдийн гэх эзэмшил бүхий сүм хийдүүдийг байгуулж, энэ талаар ёстой л ардчилал төгс байв. Рубрукийн тэмдэглэж үлдээснээр Хархоринд худалдаачин сартуул зэрэг дундад Азийн лал мөргөлтнүүдийн суудаг нэг хороолол, мөн хятадууд зонхилох гар урчуудын хороололтойгоос гадна хаад ноёд, ордны ихэс дээдсийн олон том ордон өргөөнүүд байжээ. Мөн янз бүрийн иргэдийн онгон шүтээний арван хоёр дуган, Лалын шашны хоёр сүм, христосын нэг сүм байсан байна. Эдгээр шашныхан бүгд л Төв Азид байгалийн гэнэтийн, ер бусын үзэгдэл мэт гарч ирсэн энэ ард түмнийг өөрийн шашиндаа оруулахаар улайран хичээж байсан юм. Энэ нь тэдэнд хамгийн наад зах нь гэхэд аюулгүй байдлыг нь баталгаажуулж өгөх байлаа. Харин Монголын хаад ихэс ноёд тэдний аль нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэн эрхэмлэх нь үгүй, үгүйсгэн дарамтлах, өргөн мандуулах үгүйгээр эвгээлт эцгийн адил ивээл нөмөртөө байлгаж байсан байна. Энэ нь XIII зууны Монголын эзэнт гүрнийг үнэхээрийн аугаа их байсны нэг илрэл юм. Түүхчдийн зүгээс Монголчууд орон орны шашин шүтлэгт хүлээцтэй, хүлцэнгүй хандаж байсан нь тухайн орныг боолчлон захирахад нэн дөхөм байсных хэмээн тайлбарлах нь бий. Гэвч энэ бол нэг талын хэрэг бөгөөд тэр үеийн монгол хаад, ноёд бол цаг үедээ л байж болох дээд хэмжээнд ертөнцийг гэтлэн туулж, ихийг үзэж, ухаан бодол нь тэлсэн, шашны уг мөн чанарыг гүнээ ухан таниж, аль нэгнийг илүүд үзэн явцуурахын хязгаараас хальсан хүмүүс байжээ гэвэл илүү үнэмшилтэй санагдана.Янз бүрийн угсаа гарал, үндэстэн ястны хүмүүс Бурханы тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Энэ нь зүйрлэвээс Сүмбэр уулын оргил өөд бартаатай, дардан, шулуун, муруй, ойр тойруу олон янзын замаар тал талаас нь мацаж буй хэрэг бөгөөд тэрхүү оргил ганцын адил Бурхан гэдэг нь авралыг хүссэн дээд зам, үнэний эрэл, хүн төрөлхтөний сэтгэлийн агуу их ариуслыг төлөөлсөн нэг л ойлголт юм. Тухайн үеийн Монголын хаад, ихэс дээдэс, баатар эрс энэхүү үнэнийг сайтар таньж мэдэж байжээ. Үүнийг гэрчлэх нэгэн явдал болсоныг өгүүлбэл: Мөнх хаан нэгэн удаа Францын XI Людовикийн элчин Рубрукийг дуудаж шашны тухай ярихдаа “… Монголчууд бид цорын ганц бурхан байдаг гэдэгт итгэдэг. … гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгчээ. .. Бурхан та нарт судар ном хайрласан, түүнийг та нар сахихгүй байна. Бидэнд оточ төлгөч нарыг оноож өгсөн бөгөөд бид тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг” гэж байжээ. Энэ үг нь нэг талаас Мөнх хаан өөрөө бөө мөргөл шүтдэг байсныг гэрчлэхийн зэрэгцээ шашин тус бүрийг шүтлэгтний зам мөн хэмээн хүлээн зөвшөөрч, хүндэтгэн байсныг тодорхой харуулж байгаа юм. Язгуурын ухаан талбиу, оюун сэргэлэн Сорхугтани Бехи хатан ч ганц христосыг талархан дэмжиж байсангүй. Тэрээр лалын шүтлэгтнүүд дотор ивээн тэтгэгч, хамгаалагч хэмээн ихэд алдаршиж бас бурхны шавь Хай-Юн хувраг болон Тай яй шашны арш Цой-Жунхэй нарыг хүндэтгэн шүтдэг байсан байна. Харин шашин шашны төлөөлөгчид монголын аль нэгэн нөлөө бүхий хүн өөрийнх нь шашинд нааштай хандсаныг тухайн шашны шүтлэгтэн хэмээн зөвхөн өөрийн булангаас, эрх ашгийн үүднээс харан хөөрцөглөн бичиж тэмдэглэн үлдээж байжээ. Үүний цаана бас улс төрийн явуулга, ашиг сонирхол ч байсан биз. Тэгэхээр Сорхугтани Бехийг Христос шүтлэгтэн байсан гэх нь ихээхэн эргэлзээтэй хэрэг юм.Сорхугтани Бехи хатан мөн Борхая Минсс, Доржиу зэрэг уйгар мэргэдийг хүндэтгэхийн сацуу хүү Хубилайгаар дамжуулан умард хятад дахь харьяат газраасаа эрдэм мэдлэгтэй хятад сэхээтнүүдийг Хархориндоо удаа дараалан дуудан авчирч байсан нь төөрөлдөж, мунгинасан гэхээс илүү тэр хүний оюун билгийн олон талтайн илрэл, эрдэм мэдлэгийг эрхэмлэн боловсон соёлтой ард түмэнд ойртох гэснийх болов уу. 1242 онд Монголчууд Европод хоёр дахь удаагаа довтлох үеэр Мажарын Белград хотоос Мөнх хааны эцэг нэгт дүү нь Францын уран дархан Вильгельм Бушийг олзолж авчирчээ. Түүний дарханы ур чадвар гайхамшигтай байсан тул Сорхугтани Бехи хатан Мөнх хаанаас удаа дараа шаардан нэхэж байж харьяат ардаа болгож авчээ. Хожим Сорхугтани Бехийг нас барсны дараа эх эцгийн бүх эзэмшлийн хамт Вильгельм Буш дархан ч Аригбөхийн харьяат болсон байна. Чухам энэ дархан Хархорины хааны ордны өмнөх бүрээ бишгүүрт Ангелийн дуудлагаар бал, айраг, дарс зэрэг гоождог алдарт мөнгөн модыг урласан.
    Вильгельм дархан хэдийгээр олзлогдож ирсэн боол ч Хархоринд элбэг хангалуун, хавчигдаж хяхагдахын зовлонгүй хувь заяандаа сэтгэл хангалуун аж төрж байсан гэдэг. Энэ нь зөвхөн ганц Вильгельмд хамаатай биш, энд оршин амьдарч байсан харь газрын хүмүүсийн амьдрал харьцангүй өндөр түвшинд байсныг харуулна.Тулуйн ганц охин Тэмүгэ Бехи бурхны шашны сүмийн хувраг Хай-юний сургаалийг хүртэж байжээ. Харин Хөлөг хаан өрнө дахинд христийн шашныг ивгээгч хэмээн ихэд нэрд гарсан төдийгүй Лалын ертөнцөд цээртэй Бурхны шашны сүмийг Персид бариулж байсан түүхтэй хүн билээ. Хубилай хаан бол бурхны шашныг ихэд мандуулан, төрийн шашнаар залсан төдийгүй түүний засаглалын үед Дорно дахины соёлд үлэмжхэн хувь нэмэр оруулсан олон ажил хийгдсэн юм. Тулуйнханы энэ мэт үйлийг харвал тэд бүгдээр оюун эрдмийг эрхэмлэн дээдэлсэн билэг төгс хүмүүс байжээ гэж хэлж болно. Үүнд эх Сорхугтанийн нөлөө их юм. Содон хүний үхэл нь ч содон л байдаг. Сорхугтани Бехи хатны нас барсан түүх нь жирийн бус аа. 1251 онд Мөнх Монголын Эзэнт гүрний дөрөвдүгээр үеийн Их хаанаар өргөмжлөгдмөгц юуны өмнө түүний хаан ор суухыг илээр эсэргүүцэж байсан Хаймиш хатан /Гүюгийн хатан Ойгул Хаймиш нь Гүюг хааныг нас барсны дараа төрийн хэргийг хоёр жил барьж байсан хүн/ тэргүүтэй Өгөөдэй, Цагаадайн угсааныханы эсэргүүцлийг нуга дарахыг зорьж алтан ургийнхны цусыг багагүй урсгасан юм. /Тэгэхэд Мөнх алтан ургийн 75 хүнийг цаазалсан/ Энэ үед Сорхугтани бехи “Чи хаан суугаад удаагүй тул өршөөлт засаг явуулбал зохино. Түүнчлэн Хаймиш хатан хийгээд түүний хөвгүүдийн асуудал бол ураг төрөл, садны хоорондох явдал болохоор нэн ч алгуур аажмаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж сургажээ. Гэвч Мөнх хаан эхийнхээ сургаальд хайш яйш хандаж Өгөөдэй, Цагаадайнханы үр удмынханыг хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлж эхэлсэнд Сорхугтани Бехи дургүйцэж отгон хөвүүн Аригбөхөөн дагаж төрийн хэргээс хөндийрөн Хархориноос баруун хойгуур, Орхон мөрний цутгалан болох Жарантай, Цагаансүмийн голын дагуу мал маллан амьдарчээ. Тэгээд сэтгэл санаагаар унан маш хурдан хөгширч, дараа жил /1252 он/ нь Алтайд байсан Аригбөх хааны зуны ордонд нас баржээ. Ийнхүү төрийн хэргээс хөндийрснөөс хойш нас барах хүртлэх жил орчмын хугацаандаа тэрээр дөрвөн зүг, найман зовхисоос Хархоринд хүрэлцэн ирсэн үгээгүй ядуу хүмүүст өдөр бүр асар их хэмжээний өглөг өргөж, түгээл түгээж байсан юм. “Судрын чуулган”-д дурдсанаар түүний шарилыг Аугаа их Будда /газрын нэр/ Өндөрт, Чингис хааны Их дархан цаазат газар аваачиж нутаглуулжээ. Хубилай хаанаас бусад бүх хаан хөвүүдийг тэр газарт оршуулсан гэснээс үзвэл Сорхагтани бехи хатныг Бурхан Халдун дахь Ихсийн газарт хаадын зэрэгт оршуулжээ.Сорхугтани бехи Чингис хааны сургаалийг хөвүүддээ чанга хатуу сургадаг, шаарддаг боловч эгэл ард хийгээд энгийн шашин суртахууны мөргөлтөнд тун их энэрэл хайртай байжээ. Сорхугтани хатан газар газрын шашинтан, түмэн олонд энэрэл нигүүлсэлээ хайрлаж, буян номыг эрхэмлэж байсны нэгэн жишээ бол нэгэн удаа мянган өлгий шижир алтан өгөөд Бухар хотноо сургууль байгуулж, Исламын мөргөлтний мянган хүүхдийг элсүүлэн авч суралцуулсан байна. Исламын шашны мөргөлтөнүүд Сорхугтани бехийг дурсахын төлөө тус сургуулиан “Хатны сургууль” гэж нэрийдэж байжээ. Өрнө дахины бичиг материалд энэхүү сургууль нь түүхийн урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж, одоо болтол исламын шашины үр хүүхдүүдийг боловсруулж байгаа гэжээ. Өдгөө Бухар хотод хөл тавьсан болон тавих нэгэн бээр буй аваас энэ түүхийг сонирхон сураглаваас их л сонин учиг олдож мэдэх юм.Сорхугтани Бехи хатантай холбоотой нэгэн баримт сүүлийн жилүүдэд гарч, судлаачид эрдэмтэдийн сонирхолыг ихэд татаж байна. Энэ нь Сорхугтани Бехи хатны цээжээр өгүүлсэн гэгдэх “Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх ном юм. Чингис хааны зарлигаар Их Аурагт Цагаадай, Елюй Чуцай, Долоодой болон Сорхугтани Бехи хатан нар Монгол төрийн чинхүү бодлогыг тодорхойлсон гурван боть номыг бичжээ. Елюй Чуцай зэрэг их эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцэж төрийн их хөлгөн судрыг бүтээлцсэн гавьяа Сорхугтани Бехийнх юм. Гэвч Өгөөдэйг нас барсаны дараа 1245 онд уг 3 боть номыг Өгөөдэйн Их хатан Туркина Аравт явуулчихжээ. Тэгээд 1251 онд Мөнхийг хаан ширээнд суухад Монголын төрийн уламжлалт хар хайрцагны бодлого, төрийг барих арга ухааныг илэрхийлсэн ямар нэгэн уламжлан өргөх зүйл байхгүй байсан байна. Ингээд Сорхугтани бехи хатан өмнөх 3 боть номын амин чанарыг түүвэрлэн авч “Алтан аялгуу” болгон Мөнхийг хаан ширээнд суухад цээжээр дуудан өргөсөн байна. 1251 онд хэлэгдсэн энэхүү бүтээл эдүгээг хүртэл 750 гаруй жилийн туршид гээгдэн үрэгдэлгүй хадгалагдан ирсэн түүх нэн сонирхолтой юм. Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, инженер Хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 онуудад Увс аймгийн Сагиль сумын харьяат авга ах, өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйлийн хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Ийнхүү Хөхнохой овогтнууд арван таван үеийн туршдаа уг номыг өртөөлөн цээжилсээр өдгөө цагт үрэгдүүлэн гээгдүүлэлгүй авчирсан нь энэхүү овгынхны үндэснийхээ соёл, түүхийн өмнө байгуулсан гавъяа юм. Харин Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ утга оноон хөрвүүлэн 2000 онд хэвлүүлж, судлаач шинжээчдийн өмнө дэлгэн тавьжээ. Одоо гагцхүү энэхүү “Алтан аялгуу”-наа буй утга санаа, хэл хэллэгийг нарийвчлан судалваас XIII зууны үеийн Монголын түүх, төрийн бодлого төдийгүй ахуй, хэл, соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааны хэрэглэгдхүүн зоримог судлаачаа хүлээж буй ажээ. Энэхүү бүтээлийг сөхөн үзвээс мөр толгой холбосон цэцэн цэлмэг үг хэллэг төдийхөн бус ертөнцөд төр оршихуйн, хүн оршихуйн нууцыг уран яруугаар өгүүлсэн гүн сэтгэлгээ захын мөрт буй нь мөнхүү давхараа Сорхугтани Бехи хатны оюун бэлгэ нэн төгөлдөр байжээ гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ.
    Тухайлбал:
    “Хяруул, гөрөөс идэх заяагаарАрслан барс болсон бөгөөтөл
    Хүчгэнэ туулай хөөгөөд цадах юу
    Аргаль янгир идэх заяагаар
    Чоно, ирвэс болсон бөгөөтөл
    Чогчиго, бохишорго барих юу,
    Төрөөр иргэний бадраах үүрэгтэй бөгөөтөл
    Тунбаогоор төрийг бадраагаад хөгжил биш ээ. Гэх мэт байна.