Category: Монголын түүх

  • Чингис хааны тухай 9 баримт

    НУГАРШГҮЙ, ӨРШӨӨЛГҮЙ ТЭМЦЭГЧ
    Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүй хатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нум сумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээс эхэлсэн гэж үздэг.

    ЦЭРГИЙН ГАРАМГАЙ УДИРДАГЧ
    Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр ялан дийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёр гар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.

    ДИПЛОМАТ ЁСЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтад үнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.

    НУУЦЛАГ
    Чингис хаан өөрийн хөрөг, дүрийг зурж буулгахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байв. Түүний анхны хөрөг зураг нас барсных нь дараа бүтээгдсэн байдаг. Үр хүүхэд, албат харъяатууд нь их хааныхаа шарилыг ихэд нууцлан онголжээ. Хаана оршуулсныг нь мэдэгдүүлэхгүйн тулд дөрвөн өөр газар яг адилхан томоохон ёслол хийн онголж, уг газар дээр түмэн адуу хурааж газрыг нь тэгшлэн засч, зүлэг ногоо ургуулсан гэдэг.

    ГОО САЙХНЫГ ТААШААГЧ
    Монголчууд ялалт байгуулсны дараа олзны охид бүсгүйчүүдийг хаан, ноёд, жанжны өмнө жагсаадаг байжээ. Хаан таалалдаа нийцсэн гоо охидыг өөрийн болгож, бусдыг нь ноён, гарамгай цэргүүддээ үлдээдэг байв. Түүхийн зарим эх сурвалжид Чингис хааныг 40 гаруй татвар эмтэй байсан гэдэг. Харин Чингис хаан их, бага нийлээд зургаан хатантай байжээ.

    ҮР УДАМ
    Дэлхийн эрэгтэй хүн амын 0.5 хувь нь Чингис хааны цэвэр үр удам ажээ. Нийтдээ 16 сая хүний судсаар Чингис хааны цус гүйж байдаг. Харин шууд бус удмын хүмүүсийг тоолбол 800 саяд хүрнэ хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

    ДЭЛХИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Монголын Эзэнт гүрний хөгжил, байлдан дагуулал дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжилд ихээхэн түлхэц болж өгсөн юм. Монголчууд буухиа шуудан, дипломат элчийг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Монголын байлдан дагуулалтад сүрдсэн европчууд нэгдэж, өнөөгийн Европын нэгдмэл байдлын үндэс суурийг тавьсан ч гэж үздэг.

    ЧИНГИС ХААН ХЭРХЭН ТЭНГЭРТ ХАЛЬСАН БЭ?
    Түүний үхлийн шалтгаан амьдралынх нь хамгийн учир битүүлэг зүйл. Хамгийн их түгсэн хувилбар нь мориноос унаж гэмтсэний улмаас гэдэг билээ. Мөн халуурч, өвчилж нас барсан, хөлөндөө сумны шарх авч өөд болсон гэх нь бий. Хятадын гүнжид хорлогдсон гэх яриа ч байдаг. Гэвч Чингис хаан өөрийн гэрээслэлээрээ мөнх, амар тайван нойрсох газраа нууцалж чадсан юм. Эрдэмтэн, мэргэд их хааны онгоныг Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд байдаг хэмээн үздэг билээ.
    Н.МӨНХЖИН

  • №12. Мөнхийн байдлан дагуулал

    Чухам ингэж монгол цэргийн Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэгү өөрийн ах Мөнх ааны зарлигийг гүйцэд биелүүлж, Иран улсын эзэн болжээ.
    Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бүх хятадыг байлдан эзлэн явдал байв. Гэвч бүх хятадыг эзлэн авах гэдэг тийм ч амар ажил огт биш байжээ.
    Мөнх хаан 1259 оны эхээр Сычуаны нутагт цагаан сарын баяр тэмдэглэж, цэргийн зөвлөлийн хаалттай зөвлөгөөн хийлгэж, дайны явц, цаашдын зорилготой холбогдсон тактикийн асуудал хэлэлцжээ.
    Дяоюйчэн боомт хотыг бүслэн байлдах явцад Мөнх хаан өвчилжээ. Хааны өвчин хүндэрч нэгэн уйгар эмчээр тусгайлан эмчлүүлсэн боловч тус өгсөнгүй өвчин нь улам даамжирсаар байжээ. Ингээд Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж сувилуулахаар явж байгаад зам зуураа нас баржээ.
    Мөнхийн шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг хаадын шарил тавих газар Чингис, Тулуй нартай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.
    Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
    Мөнх хааны үеэс манай үед уламжлагдаж ирсэн дурсгалын зүйлс цөөнгүй бий. Тэдгээрээс нээсэн шинэ олдворын дотроос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрөнд байсан гэрэлт хөшөөг дурдаж болно. Мөнх хааны гэрэлт хөшөөг хөх занар чулуугаар хийсэн байх бөгөөд зузаан боржин чулуун суурь дээрг углуурга гарган суулгажээ. Хөшөөн дээр уйгуржин монгол, хятад бичээс сийлсэн нь бараг бүрэн бүтэн байна. Уйгуржин монгол бичээсийг ажиглавал: “Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуулав. Ургийн ургаар хэдэн хэдэн үест хүртэл энэ дабаригту буян хүртүгэй” гэсэн үг байна. Хятад бичээсийн /монгол үсгээр Барс Түгэ/, Исицзи гүнж нар хааны ачийг санаж урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөж босгов” гэжээ.
    Монголын ноёд, жанжин нар, ялангуяа хааны ордны дотоод амьдрал ихээхэн тансаг, хээнцэр болж байсан нь бас ард түмний аж байдалд нөлөөлж байжээ.”…жил бүр буюу хэдэн жил болоод тэр /хаан Н.И/ татарын бүх хязгаараас эмс, охидыг татан цуглуулж, санаандаа таарагсдыг дэргэдээ үлдээж бусдыг хувийн үзэмжээр өөрийн хүмүүст хуваан өгдөг байв”4 гэж сурвалжийн дотор тэмдэглэжээ. 4 Плано Карпини.45-р тал
    Гүюг хааны нас бардаг жил 1248 оны зун монгол нутагт сүрхий ган болж, хүн ардын аж амьдрал тун хүнд болжээ. “Юан улсын судар”-т өгүүлсэн нь: “Энэ жил их гантай тул голын ус бүрнээ ширгэж, амь зууж чадахгүй болжээ”2 гэсэн байна. 2 “Юан улсын судар” 2-р дэвтэр
    Эзлэгдсэн орнуудын ард түмний аж байдал, эсэргүүцэл тэмцэл
    Монголын байлдан дагуулагчдын нөгөө нэг чигийг баримтлагчид бол Чингисийн “Алтан ураг”, Их гүрний хааны засаг төртэй холбоотой монгол язгууртан ноёд болон тэдэнд дагаар орсон Хятад, Перс орны сайд түшмэд байсан ажээ. Тэд монгол, түрэг угсааны нүүдэлчин язгууртан, цэргийн эрхтэн дархтануудын төвөөс хөндийрч хоолдох гэсэн эрмэлзлэлийг хязгаарлан барьж, нийт гүрнийг захирч байх зорилгоор хүчирхэг хааны засаг бүхий нэгдсэн улсыг эмхлэн цэгцлэх бодлого баримтлан явуулж байжээ. Энэ бодлого монголын хааны засаг төрийг эзлэгдсэн орнуудын амьдрал, худалдааг тэтгэж дэмжих, эзлэгдсэн орнуудын дайны хөлд сүйдсэн үйлдвэрлэхүй хүчнийг сэргээх, тэдгээр орны ард олноос авах алба гувчуурыг нарийн чанд болгох зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн байна. Иймэрхүү арга хэмжээ авахгүйгээр эзлэн авсан орнуудыг удтал ноёрхон захирах нөхцөлгүй болохыг тэд ойлгож байжээ.
    Дээрхи хоёр чиглэлийг баримтлагчид монгол гүрэн анх байгуулагдсан цагаас эхлэн харилцан маргаж тэмцэлдсээр ирсэн түүхтэй.
    Монголын эрх баригчдаас Бээжин хотод томилон суулгасан даргач хятан угсааны нэгэн ноёны төрөл садан нар тэргүүтэй хэсэг хүмүүс нийлж, тус хотод аллага, таллага хийж их төвөг гаргахад Тулуй ноён, хааны бие төлөөлөгчийг Елюй-Чу-цайн хамтаар яаарлтай довтолгрож, хотын дотор дэглэм журам тогтоохыг тушааж байжээ. Хааны бие төлөөлөгч аллага таллаганд оролцогсод нь монгол эрх баригчдын үр хүүхдүүд байсан учир тэдгээрийг цээрлүүлэн шийтгэхээс түдгэлзэн хаанд энэ тухай тусгайлан айлтгах гэж байжээ. Гэтэл Елюй-Чу-цай өөрөөр хандаж хэрэв шийтгэн цээрлүүлэх арга хэмжээ авахгүй бол тохиолдож болох “зовлон буяныг ухуулсанд дотоод түшмэл айж, түүний үгийг дагаж”1 уул хэрэгтнүүдийг цээрлүүлэн шийтгэж хотод дэглэм тогтоож байсан гэнэ. 1 “Юан улсын судар” 146-р дэвтэр.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • Монгол төрийн түүхэн их хатад

    Монгол төрийн түүхэнд Алунгуа, Өэлүн, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Харин эдгээр гурван хатны амьдрал Баян-Адарга сумын нутгаар дайран урсах Онон голтой холбогддог талаар судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг аж. Тиймээс Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг ийнхүү өнгөрөгч 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгуулжээ. Үүнээс гадна Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хоёр хатан энэ нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Монгол төрийн залгамж бодлого үргэлжилж Богд гэгээн ч гэсэн энэ нутгаас хоёр хатнаа тодруулсан хэмээн үздэг байна.

    Их хатдын өргөөнд бэлгэдлээ бодож есөн хатны хөрөг зургийг залжээ. Эдгээр хатад Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн, өөрийн амьдарч байсан түүхэн цаг үед Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулж байсан хатад юм.

    Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.

    Өэлүн хатан: Өэлүн бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх юм. Монгол судлаачид түүнийг Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлоон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүлсэн нэгэн хэмээн өргөмжилдөг. Мөн Монголын түүхэнд хэзээ ч, хэнд ч, юунд ч дийлдэхгүй гэр бүлийг бий болгосон нь энэ хатны түүхэн их гавьяа хэмээн үздэг. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд Монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон түүхтэй.

    Бөртэ хатан: Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүүжинтэй сүй тавьсан. 1180 оны үед Тэмүүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжиний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна. Бөртэ хатныг Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хатдын нэг гэж үздэг.
    Сорхугтани Бэхи хатан: Их Эзэн Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Сорхугтани Бэхи хатан өөрийнхөө дөрвөн хүүг Монгол эзэнт гүрний дөрвөн их хаан болгоход бүх амьдрал, оюун ухаанаа зориулсан гайхамшигтай эмэгтэй хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тодруулбал, Мөнх хаанаас хойш Лигдэн хаан хүртэл 400 жил Монгол төрийн хаадын гал голомтыг Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гээд дөрвөн хүү нь авч явжээ.

    Дөргэнэ хатан: Дөргэнэ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргэнэ хатны талаар сайн болон саар зүйлүүд түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
    Мандухай сэцэн хатан: Хоёр их хааны хатан байх хувь зохиолтой гайхамшигтай эмэгтэй. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.

    Мандухай сэцэн хатан 36 насандаа Батмөнх хаанд эрхэм таньд долоон бурхан одны тоогоор долоон хүү төрүүлж өгье, алтангадас одны тоогоор нэг охин төрүүлж өгье гэж андгай тангараг өгсөн байдаг. Зарим түүхийн эх сурвалжуудад Мандухай сэцэн хатныг хэлсэн амандаа хүрч гурван удаа ихэр хөвгүүд төрүүлж зургаан хүүтэй болсон, мөн нэг охин төрүүлсэн гэж бичсэн байдаг.

    Ханджамц хатан: 17 дугаар зууны үеийн сурвалжит хүн, Түшээт хан Гомбодоржийн хатан. Өндөр гэгээн Занабазарын ээж нь гэдгээр нь Монгол түмэн ихэд хүндэтгэн биширдэг. Хүмүүнлэг хийгээд энэрэнгүй сэтгэлийг биедээ шингээсэн сайхан эмэгтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Монгол төрийн түүхэнд Занабазар хэмээх агуу хүнийг төрүүлж, Монголд буддын шашныг нэвтрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмрийг оруулж, анхны сүм хийдүүд, бурхан шүтээний их сургуулиудыг босгосон. Өөрөөр хэлбэл, Буддын шашны эх үндсийг Монголд нутагшуулсан гавьяатай хүн гэж үздэг.

    Ану хатан: Ану хатан хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн хэмээдэг. Түүнчлэн Ану хатны амьдралынх нь талаас илүү хувь нь морин дэл дээр дайн байлдаан дунд өрнөсөн байдаг. Манжийн Энх-Амгалан хаан хожим нь өөрийн архивт Ану хатны талаар “Миний үзсэнээр Ану хатан болвоос Зуун модны тулалдаанд үлээх салхинд үл хийсэм, харвах суманд үл оногдом нэгэн дайчин эмэгтэй манай цэргийг хиар цохин тэгж орсон нь хэн ч харсан сэтгэл уулгалж хүндэтгэхээс өөр аргагүй. Гэтэл тэр эмэгтэй нь Ану хатан байлаа” гэж бичсэн байдаг.

    Дондогдулам хатан: Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4 кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Богд хаан, Их дагина хоёрт хэдийгээр үр хүүхэд заяагаагүй хэдий ч өргөөндөө 30 гаруй өнчин хүүхдийг өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлж байсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж юм.

    Гэнэнпил хатан: Дондогдулам хатныг таалал төгссөний дараа Монгол төрийн долоон эрдэнийн хатан суудлыг эзгүйрүүлж болохгүй учраас хэдий Богд гэгээнтний бие чилээрхүү байсан ч дахин хатан буулгасан нь Гэнэнпил хатан байжээ. Гэнэнпил хатан хөл хүндтэй байхдаа хэлмэгдэн таалал төгсжээ.

  • МОНГОЛЫН ТҮҮХ №11. Сорхугтани бэг хатан, шүтлэг, шашины тухай

    Чуулган дуусмагц Бат хаан Бэрхэд цэрэг өгч, Мөнхийн хамт Хэрлэнд очоод түүнийг даргуй хаан ширээнд суулагтун гэж зарлиг буулган мордуулжээ.
    1251 оны 7 дугаар сарын 1-ний3 үед Монголын Их гүрний хаан өргөмжлөх Их хуралдайг Бэрх ноён удирдан, Хэрлэнгийн Хөдөө аралд4 хуралдуулсан Хүлэгү, Муха, Аригбөх нар болон Мөнхсар тэргүүтэй олон ноёд жанжид хүрэлцэн иржээ. Хуралдайд Мөнхийг хаан суулгах үед түүний талын ноёдоос гадна хүлээхгүй эсэргүүцэж болзошгүй хүмүүс бас нэлээд байсан бололтой.
    Бэрх нён Хуралдайг Хубилайгаар даргалуулж, ордны дотроос хан хөвгүүд, ноёдыг гаргалгүй саатуулж байхыг Мухад даалган, үүд мануулж, хэн хүний зүй бус үг гаргахыг хянан хорихыг тушаан, бие хамгаалагч хоёроос өөр хэн хүн босож нааш цааш сэлгүүцэн явахыг хоригложээ. Тэрээр ах дүү 11-үүлээ. Эдгээрээс Мөнх, Хувбилай, Хүлэгү /Үлэх/ Аригбөх дөрөв эх нэгтэй юм. Эд нар Сорхугтани хатнаас төрсөн дөрвөн хүү юм.
    3 “Юан улсын судар”-т Цагаагчин гахай жилийн зуны 6-р сар гэжээ. Энэ нь 1251 оны 36-р сарын 21-нээс 7-р сарын 20 хоорондохыг хэлнэ. 4 “Юан улсын судар” 3 дугаар бүлэг.
    Ширэмүн, Нагу нар тэргүүтэй хуучин хан хөвгүүд хуйвалдаан байгуулж, Мөнх хааныг дарахаар олон тэргэнд ачааны байдлаар зэвсэг нууж ирж явсныг Хишиг гэдэг хүн олж мэдээд, Мөнх хаанд мэдэгджээ. Мөнх хаан өөрийн дүү Хүлэгү, жанжин Мөнхсар нарт цэрэг өгч угтан мордуулж, Ширэмүн, Нагу нарыг бариулж, дагалдсан 77 ноёны нь хамт цаазаар аваачих зарлиг буулгажээ.1 Мөнх хаан Өгэдэй, Цагаадайн талын голдуу 70 гаруй сайд, ноёдыг цаазалж нэн дарангуйлал үйлджээ. Тэр үеэс Зүчи, Тулуйн угсааныхны толгой өндийн төрийн эрхтэнд гарчээ.
    Мөнх хаан Их Монгол улсын төрийг хямралаас гаргаж, хатуу захиргаа тогтоожээ. Мөнхсарыг их захирагч болгож, хаант улсын цэргийн эрхийг атгуулсан байна. Булганг Их бичээч болгож, улсын бичиг хэрэг, алба татварыг эрхлүүлжээ. Өнгөр ноёноор Хархорумын орд харш, сан хөмрөг хариуцуулжээ. Аландар дэд сайд болжээ. Эзлэгдсэн орнуудад урьдах хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж, Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестан, Мавереннахр, Уйгур, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгажээ.
    Туракина, Гүюг, Хаймишийн үед ихэс ноёдоос зүй бусаар пайз тараан, алба татвар олгосон явдлыг буруушаан, цөмийг хүчингүй болгож, хойшид хэн хүн эзэн хааны төлөөний сайдын зөвшөөрөлгүйгээр муж, хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоор зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ.
    1 Рашид-ад-Дин 137-р тал
    Чингис, Өгэдэй нарын үед алба татварын тухай хуулиуд гаргасан боловч тэр нь байн байссаар сунжирсан учир, Мөнх хаан улсын дотор мөрдөх алба татварын журмыг дахин цэгцэлж, жинхэнэ монгол нутаг ба бусад нүүдлийн мал аж ахуйт орны 100 мал тутмаас жил бүр нэгэн толгой мал татах, 100 хүрэхгүй малтай айлыг алба оногдуулахаас хэлтрүүлж, урьдын албаны дутууг нөхүүлэн төлүүлэхийг хэрэгсэхгүй болгосон байна.3
    Улс даяар Чингис, Өгэдэй нарын зариг ёсоор будда, лалын ба загалмайтны шашны ихэс лам нар, өндөр настангууд, ажил үл чадагчдыг албанаас чөлөөлж байсныг хэвээр явуулжээ. Гэхдээ Мөнх хаан Бөө мөргөлийг гол шүтсэн хэвээр байжээ. 3 Рашид-ад-Дин II боть. 142-р тал
    Шашны талаар Мөнх хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Мөнх урьдах хаадын нэгэн адил бөө мөргөлийг шүтдэг байжээ. “Юан улсын судар”-т Мөнх хааны тухай өгүүлэхдээ: “Бөө удган ба бэлэгдэх, төлөгдөх ёсыг даанч итгэмүй”1 гэжээ. Тэр үеийн Хархорумд загалмайтны, лалын болон буддын шашны .нэлээд сүм хийд, олон лам байдаг байжээ. Тэд өөр өөрийн шашны нөлөөг ордонд нэвтрүүлэх гэж элдэвчлэн оролддог байжээ. Мөнх хаан тэдний аль нэгнийг алагчлахгүй, цөмийг нэгэн адил дэмжин, цөмд нь итгэн бишрэх дүр үзүүлдэг байжээ.2 Үүнтэй уялдуулж, Рубрукт Мөнхийн хэлсэн зарим зүйлийг ажиглахад сонин байна. Мөнх Рубрукийг гэж итгэдэг… гэвч бурхан, хүний гарыг янз бүрийн хуруутай болгон бүтээсний нэгэн адил хүмүүст бас янз бүрийн зам зааж өгжээ… Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна. Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид,тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”3 гэж байжээ. Ингэж шашны талаар хүлцэнгүй бодлого явуулсны гол шалтгаан нь эзлэгдсэн орны хүн ардын санал сэтгэлд хэт их сэв оруулалгүй, харин ч шүтлэг бишрэлийг нь ашиглаж, тэднийг номхон дөлгөөн байлгах гэсэн нарийн бодлого байжээ. 1 “Юан улсын судар” 3-р бүлэг, 2 Плано Карпини…146-р тал, 3 Мөн тэнд.174-р тал

    ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН Д.ЖАРГАЛСАЙХАН

  • Тууриас төрсөн бодрол буюу Чу мэргэн

    300 тохой гэдэг нь 100-аад метр өндөр гэсэн үг. Хээр талдаа эсгий гэртээ амьдарч ирсэн монголчууд баруун, зүүн далайг алдалсан их гүрнийг байгуулсныхаа бахархал дурсгал болгож ийм том сүмийг сүндэрлүүлжээ.

    Эндээс нэг асуулт ургана. Өгөөдэйн хүү Годан хунтайж Цастын их мэргэн Саж бандитатай багш, шавь барилдаж, Эрдэнийн сан Субашидыг сонсож байсан боловч энэ нь нийслэлээс хол Хөх нуурт болсон явдал. Мөнх хаан Мял богдын оюун санааны удам Гарма ламыг Хархорумд залж байсан нь түүнээс хожуу явдал. Гэтэл уг сүмийг Өгөөдэй хааны үед барьж эхэлжээ. Тэр үед Буддын шашин суртахууныг Хархорумд хааны ордонд тийм өндөр төвшинд хүлээн зөвшөөрүүлсэн хүн хэн бэ? Чу мэргэн л гэж сэтгэлд буунам.
    Тэр гэгээн хүний тухай өгүүлэх далим төдий ч байж магад. Хэрэв Цогт их асар Хятан гүрний Буддын сүмтэй ижил хэв маягаар баригдсан нь нотлогдвол Чу мэргэний санаа оноо гэдэг нь гарцаагүй. Гол нь зүгээр нэг сүм биш их гүрний бэлгэ тэмдэг болох Хархорумын хамгийн өндөр, хамгийн сүрлэг байгууламж гэдэгтээ учир нь бий. Эл асуултын хариултыг цаг хугацаанд үлдээгээд Чу мэргэний талаар уншсан, дуулснаасаа уншигч тантай хуваалцъя.
    Елүй Чуцай (1189-1243) хэмээх түүний Елүй овог нь Хятан монголын алтан ургийн овог юм. Тэрээр Хятан гүрнийг үндэслэгч Абужи гэгдэх Амбагай хааны аравдахь үеийн ач ажээ. Хятан гүрний ордонд Буддын хөлгөн судрыг нандин шүтээн болгон залж ирсэн уламжлалтай. Буддын шашны олон дурсгал цогцлоосны дийлэнх нь өнөөдөр хилийн чанадад оршиж буй. Монгол нутаг дахь томоохон үлдэц нь Дорнод аймгийн нутагт байх Хэрлэн Барсын суварга юм.
    Харь газар Хятан гүрнийг цогцлоож, Гадаадын дайсанд хэзээд эрэлхэг явсан гэж Нацагдорж абугай “Түүхийн шүлэг”-тээ бахдан өгүүлсэн нь учиртай. Дорно зүгт Шар тэнгист тулж, өрнө зүгт Уйгур, Тангудыг эрхшээсэн энэ их улс хоёр зуун жил оршин тогтсон юм. Хожим Зүрчидэд эзлэгдэх үед Елүй Даш ноён хэсэг цэрэг иргэнээ аван баруун тийш нүүж, Дундад Азийн өргөн нутгийг эзэлж, Хар Хятан улсыг байгуулсан нь Чингисийн үе хүртэл нэгэн зууныг элээжээ. Түрэг угсаатанд дарагдаж, Эргүнэ Хунд хоргодон, хожим ч хэдэн зууны турш гурван голын бэлчирээс хальж үзээгүй язгуур монголчуудын хувьд угсаа нэгт Хятанчуудын дорно, өрнөдөд улс гүрнээ байгуулж, эрэлхэг явсан ойрхи түүх омог зоригийг нь хөвчилж, дэлхийн энгээр харах харааг Чингис хаанд хурцалж өгсөн бизээ. Тэр түүхийг ухуулж сэнхрүүлсэн хүний нэг Чу мэргэн байж таараа.
    Тийм атал Зүрчидийн Чу мэргэн гэгдэж явсан нь учиртай. Хятан гүрнийг мохоож гарч ирсэн Зүрчидийн Алтан улсын түшмэл байж. Алтан улсын нийслэлийг эзлэх үед амь гуйн өвдөг сөгдөх сайд, түшмэдийн дунд гуниглангуй боловч цэх зогсох идэр эрийг Чингис хааны зөнч мэлмий тэр даруй анзаарчээ. Овог угсааг нь асуугаад хятан монгол гэдгийг нь мэдсэн Чингис хаан “Өвөг дээдсийн чинь өшөөг энэ өдөр би авч өгч байхад баярлахын оронд юунд гуниглана вэ?” гэж асуухад залуу эр “Хэдий би хятан угсаатан боловч миний өвөг, миний эцэг болоод би өөрөө Алтан төрд зүтгэж явсан. Зүтгэсэн төрөө унахыг хараад түшмэл хүн яахин баярлах вэ?” гэжээ. Үнэнч шударга занг үнэлдэг Чингис хаанд энэ хариулт таалагдахаас аргагүй. Гэвч шударга байлаа гээд ухаан мөхөс, эрдэм дорой бол юун тус. Харин тэр шударга зангийн цаана нэгэн биеийн жаргал, зовлоос хэтийдэж, үхэх төрөхийн айдсаас ангижирсан мэргэн аршийн гэгээрэл байгааг анзаарчээ. Идэрхэн насандаа тийм гүн ухааралд хүрсэн нь их хааныг бишрүүлсэн тул отгон хүүтэйгээ үе тэнгийн залууг “Урт сахалт Чу мэргэн” хэмээн ёгтлон авгайлж, өрлөг сайдаа болгожээ. “Урт сахалтын үгийг хэн хүн хөнгөн үзэж болохгүй, анхааран сонсож бай” гэж лүндэн буулгасан байна.
    Урт сахал нь төрийн ихсийн сүрийг үзүүлэх гээгүй, даяанч номын ёсных нь бэлгэдэл байв. Тэрбээр бага насандаа өнчирсөн ч эртний их сурвалж язгуураа санан, таван ухааны эрдэм номд шамдаж, тэр үеийн шалгалт шүүлгийг давж түшмэл болсон аж. Мөн Буддын хийдэд гурван жилийн нямба дияаныг үйлдэж, билгийн мэлмий нээсэн нэгэн байжээ. Тийм учраас л Чингис хаан хэн болохыг нь даруй таньжээ. Аминд хүрэх шахсан дайсны мэргэн харваачийг тэргүүн жанжнаа болгосон шиг, долоон үеийн өш зангидсан Татарын өнчин хүүг хуурай дүүгээ болгон өсгөж, улсын их заргач болгосон шигээ л. Өөрөө түүнийг эзэмшсэн, буюу амталсан хүн л өрөөл бусдын зүрхэнд буй нандин чанарыг олж хардаг биз ээ.
    Тэр цагаас Чу мэргэн их хааны дэргэд сүүдэр мэт дагаж, шадар зөвлөх нь болж явжээ. Тухайн үед монголчууд Сартуулыг эзэлж, Тангудыг мөхөөсөн он жилүүд байлаа. Ганц жишээг дурдахад 1226 оны өвөл Монголын цэрэг Тангудын Түрэмгий балгасыг эзлэх үеэр олон ноёд, жанжид алт мөнгө эд бараа олзолж байхад Чу мэргэн хэдэн хайрцаг бичиг судар, хоёр ачаа ургамлын үндэс л цуглуулж авчээ. Хавар болж дулаарах үеэр алт, мөнгө олзолсон жанждын цэргийн хуаранд хижиг өвчин дэлгэрэхэд мөнөөх үндсээр цэргүүдийг эмчилж хэдэн мянган хүний амийг аварчээ. Хожмоо дайны хөл дунд цуглуулж явсан ном судраараа тэр Хархорумд Монгол улсын судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан юм.
    “Төрийг төвхнүүлж, түмнийг хамгаалах аргыг Чу мэргэнтэй зөвлөж яв” гэсэн Чингис хааны гэрээс ёсоор Өгөөдэй хаан түүнийг тэргүүн сайдаар томилжээ. “Морин дэл дээр байгуулсан улсыг морин дэл дээрээс удирдаж болохгүй” гэж Чу мэргэн хэлж, Евразийн дийлэнхийг агтын хурд, илдний хурцаар эзэлж дажны хөлд нэрвэгдсэн тэр их газрыг нарийн хууль дүрэм, засаг захиргаа, алба татварын уян хатан тогтолцоо, өртөө холбоо зэрэг бүхий л хэлбэрээр нэгдмэл гүрэн болгож зангидсан билээ. Эзэнт гүрний уран барилгач нь байжээ, тэр. “Их төрд мэргэн бодлогыг өргөж, дүрэм тогтоолыг байгуулан, шалгалт журмыг явуулах, гэгээн мэргэдийг шилэх, төв голчийг эрэх, хойрго залхууг дарах, эрүү шүүлтийг цөөлөх, гааль гувчуурыг хөнгөлөх, чин зоригтныг хөхиүлэх, илүү тушаалтныг хасах, авлигач түшмэдийг огцруулах амуй. Хэрэв ийм болбол амьдрал тайван, сэтгэл тэнүүн байх нь алга урвуулах мэт хялбар” гэж Баруунш зорчсон тэмдэглэлдээ Чу мэргэн бичжээ.

    Гэвч гэгээн мэргэдийн таалал бэртэгчидийн хүсэл шуналтай гал, ус мэт харшилдаж таараа. Өгөөдэй хааныг учир битүүлэг хальснаас хойш тэрбээр гуравхан жил насалжээ. Угийн чин шударга сайд төрийн эрхийг ёс бусаар авсан Турхан хатанд ад үзэгдэж, түүний шадар хор найруулагч Абдурхманы гавъяаг судар бичигт бич гэсэн зарлигийг дагаагүйнхээ төлөө гараа огтлуулах шахжээ. Эндээс нэг зүйл анзаарагдана. Монгол төрийн жинхэнэ Нууц товчоог Чу мэргэн хөтөлж байсан мэт. Бидний мэдэх Нууц товчоо бол билиг цэцийн гайхамшиг боловч түүхэн тэмдэглэл талаасаа оочин цоочин, төгс бус. Төрийн албан ёсны шастир биш нь илэрхий. Чу мэргэн шиг Хятан гүрний сурвалжит язгууртан, Алтан улсын түшмэд, таванд хэлэнд нэвтэрхий, гурван богдын сургаалд боловсорсон, Чингис хааны дэргэд есөн жил, Өгөөдэй хааны дэргэд арван дөрвөн жил шадарласан эрдэмт хүмүүн жинхэнэ төрийн шастирыг туурвисан буйза. Гагцхүү тэр Нууц товчоо нууц хэвээрээ үлджээ. “Товчоо” гэж судар номоо монголчууд нэрлэх болсон нь ч санамсаргүй хэрэг биш. Энэ бол “сутра” гэдэг самгарьд үгийн шууд үгчилсэн орчуулга. Тэгэхлээр “сутра” гэж юу болохын утгыг ухсан хүн л тэр нэрийг оноож таарна. Жинхэнэ Нууц товчоог дагаж, сэцэн билигтнүүд аман уламжлал болоод бичгээр олон товчоог туурвисан буйза. Мин улсын цэргүүд Хархорумыг газрын хөрстэй тэгшилж, Цогт их асар сүмийг нурааж сүйтгэх үед Монгол түмний оюуны их өв ч үрэгдсэн нь гарцаагүй.
    Чу мэргэний хятад хэлээр зохиосон олон шүлэг, “Баруунш зорчсон тэмдэглэл” зэрэг нь л хятад сурвалжид үлджээ. Уг тэмдэглэлийн доод дэвтэрт Бумбын шавьтай хийсэн Чу мэргэний нэгэн ярилцлага бий. Тэнд “Гурван богдын (Будда, Лаоз, Күнз) сургаал аль аль нь ертөнцөд тустай. Гэхдээ Бурханы сүмийг Бумбын шавь нар эзлэхийг санаархвал би яахин баясах” гэж өгүүлжээ. Уг ярилцлагад Чу мэргэн өөрийгөө Увш гэж нэрийдсэн байна. Увш бол Буддын ёсны таван сахилтны нэр.
    Хүн төрөлхтөнд тустай суртал ёс бүхэнд найртай хандаж, гэгээн багш бүхнийг хүндэтгэж үзнэ. Гэхдээ билгийн чанадад хүрэх Ном ёсыг ямагт сахин хамгаална гэсэн санааг энд хэлжээ. Хэдий хувь хүний итгэл үнэмшлийн илэрхийлэл төдий боловч Чу мэргэний эл үзэл санаа Монголын их хаадын үед төрийн алтан хайрцгийн бодлого болж явсныг түүх гэрчилнэ. Цогт их асар ч түүний бэлгэ тэмдэг байх. Гэхдээ энэ нь Буддын сургаал номыг мухар сүжгээр шүтсэн хүний үг биш. Утгыг таньж, үнэнийг бясалгасан хүний үг. Будда бол хүн бүхний дотоод сүнслэг ухамсрын бэлгэ чанар, Дарма буюу Ном бол мөнх тэнгэр мэт оршихуйн чанад зүй тогтол гэж ойлгосон хүний үг. Тиймдээ ч Буддын сүмийг их гүрний зүрхэн тольтод цогцлоох нь орчлон ертөнцийг шүтэн барилдлагаар нь ухаарч, элбэрэл журмыг эрхэмлэнэ гэсэн тунхаг. Хэрвээ Чу мэргэн шиг мэргэд залгамжилж явсан бол Цогт их асар нь зүгээр нэг эргэл мөргөлийн газар биш номын их өргөө, бясалгалын төвхөн байсан байх учиртай.
    Г.Жамсранжав гуайн “Билгүүн оддын гэгээ” номоос олж уншсан Чу мэргэний шүлгийн хоёр мөр сэтгэлд нэг л дотно.
    Нуугдмал эрдэмтнийг дуудах цагт дорнын хотыг орхин одов.
    Морины аяар анхилгыг сурвалжлахад зам асуух хэрэггүй.
    Чанадын дуудлагыг соргог зүрхэндээ хүлээн аваад, ертөнцийн амар жимэр, ая тухыг орхин үнэний мөрийг нэхэхдээ бусдаас зам асуух шаардлагагүй, анхилмыг тэмтрэх зөгий мэт дотоод зөн совингоороо хөтөч хийн явжээ, тэрбээр. Нас барсных нь дараа эрдэмт мэргэнийг ад үзсэн нүглээ зөвтгөх шалтаг эрж, улсын нийт гааль, албан татварыг хураадаг байсан тул завшсан байх магадлалтай гэсэн ноёдын хатгалгаар Турхан хатны зарлиг гарч шалгасан боловч хэдэн хуур, бишгүүр хөгжим, мянга орчим ном л олдсон гэдэг. Тийм бодь хүмүүн Монгол төрийн сайд байжээ. Бид дээдэс мэргэдээ мартах ёсгүй. Үйлс бүтээлийнх нь үнэн учрыг тайлж ойлгон, үлгэр дуурайл болгож амьдрах учиртай гэж бодсон юм.

  • МОНГОЛЫН ТҮҮХ №10 Өгэдэй хаан

    Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, монгол, хятад бичиг сайн сурсан авьяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ.Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Хацар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ.Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна.
    Гэтэл Хүчү нэгэнт нас барсан тул Туракина хатан ач хүү Ширэмүнээр хаан ширээ залгамжлуулахыг бодсон боловч тэрээр нас балчир, эрийн цээнд хараахан хүрээгүй байжээ.
    Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсыг монгол гүрний улс төрийн төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлэв <,Монголын нууц товчоо>> г бичуулж дуусгаад 1210 онд гардан хүлээж авав. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан дүр төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ.
    Нэг гэм нь архи балгах дуртай, энэ талаар эцэг Чингис, ах Цагаадай нараасаа удаа дараа хатуу үг сонсож явсан удаатай. Гэхдээ архи уулаа гээд төрийн хэрэг цалгардуулсан явдал огт байсангүй. Өөрийгөө ,,махнаас өөр хоолгүй, малаас өөр хайргүй,, гэж үздэг байжээ. Үүнээс ургуулж бодохул , Өгэдэй маханд дуртай монгол эр байж. Мал, малчин хоёрыг хайрладаг монгол хаан байжээ.Малгүй бол монгол байхгүй, малыг хайрлагтун,малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрдэнийн шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.
    Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө Чингис эцгийнхээ зүдэрч байгуулсан улыг бүү зовооё, хөлий нь хөсөр гарыг нь газар тавиулж жаргаая хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ.Мөн тэрээр эцэг Чингис хааны гаргасан бүх зарлигийн нэр агуулга өөрчлөгдөхгүй хуучин хэвээрээ байх болно гэж зарлиг болгож байжээ. Өгэдэй хаан суусны дараа ард олноо амруулан жаргааж ард иргэддээ төвөг тээргүй дэг журам тогтооно гэж андгайлж байв. Түүнийг андгайлан хэлсэн энэ үг яг л биелэгдсэн билээ.Тэрчлэн Өгэдэй хаан зуун хонь тутмаас нэгэн хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудад тусламж болгон өгтүгэй хэмээн зарлиг гаргаж ядуу ард түмний амьдрал ахуйг харж, тэтгэн дэмжиж байжээ.
    Өгэдэй хаан нэг удаа хятад хүн мусульман хүнийг доромжилсон жүжиг тоглохыг үзээд тэр жүжгийг үргэлжлүүлэн тоглохыг зогсоож хэлсэн нь: Мусульманчуудын хамгийн ядуу аюул гэхэд л хэдэн хятад зарцтай юм. Гэтэл ямарч баян хятад айлд нэг ч мусульман зарц үгүй. Эцэг Чингис хааны тогтоосон хуулинд нэг мусульман хүн албал дөчин хэлхээ шижир алтаар төлөх. Нэг хятад хүн албал нэг илжигээр төлнө гэж заасан нь ийм л учиртай юм гэжээ. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтан хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ. Энэ бол их хааны нэгэн өвөрмөцц шинж байсан биз. Өгэдэй хаан 1241 оны 12-р сарын 9-нд олон хүн дагуулан их ав хомрого зохиож 10-ны өдөр ордондоо бүх хатад, хөвүүд, ноёд, түшмэд, эрдэмтэн мэргэд, жанжинуудаа ирүүлж хэлсэн нь: Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, Зүрчид иргэнд аялж зүрчид иргэнийг мохоов би. Хоёрдугаарт, бидний хооронд элч хурдан уавуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав Гуравдугаарт, усгүй газар худаг малтуулж гаргуулаад улс иргэдийг ус өвсөнд хүргүүлэв. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин иргэдэд ахлагч, тамгачийг тавьж улс иргэний хөл хөсөр гар газар тавиулж амар түвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дөрвөн үйлийг нэмэв би. Бас хаан эцгийнхээ сууринд сууж олон улс иргэнийг тээж захирах их үүргийг хүлээсэн бөгөөтөл бор дарсанд дийлэгдсэн минь нэгдүгээр буруу минь болов. Хоёрдугаарт, ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос охид авчруулж, улсын эзэн хаан байтлаа ёсгүй муу ажлаас үйлэнд хазайсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт, Доголоху-г далдаас хардсан нэгэн буруу бас бий Ямар буруу вэ гэвээс хаан эцгийн минь харах нүдний өмнө хамгаас түрүүн хатгалдаж явсан Доголоху-г муу үгэнд автаж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгэж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн өмнө зүтгэсэн журамт хүнийг үл ухааран өшөөлдсөнийгөө өөрөө буруушаана би. Дөрөвдүгээрт, тэнгэр газраас заяат төрсөн гөрөөсийг ах дүүгийн оруузай хэмээн харамлаж одоо хэрэм нүдүүлж хориг саад болгосны учир ах дүүгээс гомдох үг сонсов би Энэ бас нэг буруу болов. Хаан эцгээсээ хойш дөрвөн үйлс нэмэв би. бас дөрвөн үйлс буруу үйлдэв хэмээжээ. Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хааанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсээр ийнхүү насан өөд болжээ. Түүхээс заяагдсан ийм л эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.
    Нөгөөтэйгүүр Өгэдэй хаанчлалынха сүүлчийн үед бор дарсанд хэт орж, төрийн хэргээс зарим талаар хөндийрөх байдал гарч байснаас 6-р хатан Туракина төрийн эрхийг барилцаж байжээ. Туракина бол мэргид аймгийн ноён Тогтоа бэхийн хөвүүн Ходын хатан байжээ. Мэргидийг дагуулан авсны дараа Чингис хаан түүнийг Өгэдэйд өгсөн ажээ.
    Туракина төрөлхийн эрмэг зантай, чадварлаг хүн учир бусад хатны дотроос Өгэдэйд ихээхэн эрхэмлэгдэж, улмаар төрийн хэргийг шүүрэн авсан байжээ. Туракина лалын худалдаачин нарыг дотночлон, тэдэнд зүйл бүрээр тусалж байжээ. Ялангуяа, лалын худалдаачин Абдурхман, хатан Туракинад онцлон дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль гувчуур хурааж авах түшмэл болсон жээ. Тэр Туракина хатантай хуйвалдаж хааны тамгыг хоосон цаасан дээр олноор даруулж, сүүлд хааны нэрээр зарлиг зохион бичиж, ард олноос албан татварыг өдий төдий хувь нэмэгдүүлэн хурааж авдаг байжээ. Өгэдэйн хаан болсон эхний жилүүдэд суурьшсан ард түмнээс хураах гааль гувчуурын үнэ 140 түмэн лан мөнгө байсныг Абдурхан 220 түмэн лан хүртэл нэмэгдүүлжээ. Ер нь Өгэдэйн үед лалын ба хятадын худалдаачид ард олноос авах албыг өөрийн хөрөнгөөр урьдчилан төлж улсын санд оруулаад, сүүлд ард олноос албан татварыг тогтоосон дүрэм хэмжээнээс хэтрүүлэн дур зоригоор хурааж ашиглах нь нэгэнт зуршил болсон байжээ. Ийнхүү монголын байлдан дагуулагчид, Дундад Азийн том худалдаачдын хооронд нэг ёсны эвсэл холбоо байгуулагдан эзлэгдсэн орны ард түмнийг хамтаар захирч байжээ.

  • Төвдөөс болж Монголын хүчирхэг байдал унтарсан түүх

    Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
    Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
    1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм…
    Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.

  • №6. Дундад Азид

    Тэрхүү эмгэнэлт хэргийг сонсоод Чингис хаан гурван өдөр, гурван шөнө гашуудал үйлдэн мөнх тэнгэрт цацал цацан Бурхан Халдунд гарч залбиран мөргөж өшөө хонзон авахад туслахыг дээд тэнгэрээс гуйсан гэж Рашид-ад-Дин бичсэн байна.

    3. Рашид-ад-Дин. Сборник летописей. 1 боть 2 дэвтэр

    Хятад Дундад Азийг байлдан эзлэх нь Чингисийн гадагш хийх дайны холын стратеги байсан нь мэдээж бизээ.

    Чингис хаан солонгос улсад цөөн тооны морьт цэрэг оруулж, солонгостой харилцах харилцаа тогтоожээ. Гэхдээ Чингис хаан солонгосыг тайван замаар эрхэндээ оруулах бодлого баримталжээ.

    2<<Монгол солонгосын эртний түүхэн харилцаа>> УБ., 1998, 14-р тал.

    Туулай жил буюу 1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж Хорезмыг дайлах асуудлыг гол болгон хэлэлцүүлжээ. Их хуралдайгаас дайны бэлтгэл хангагдсан, их цэргийн явах чиглэл зам зөв тогтоогдсон, дайн хийх төлөвлөгөө сайн боловсрогдсон, их цэргийг Чингис хаан биеэр удирдах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Их Хааныг хамгаалах торгон цэрэг, дагалдан явах сайд, жанжин нарыг тогтоож, арын алба, цоохор цэргийн асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ. Хатдаас мэргэн бодлогот Хулан хатнаа авч бас хөгжимчин, бүжигчин 20 үзэсгэлэнт охид дагуулжээ. Мөн Есүй хатны санаа оруулснаар Их хааны орыг залгамжлах хөвгүүн Өгэдэй мөн гэдгийг бичгээр бичиж үлдээжээ. Тэрхүү Их хуралдайгаар бас Алтан улсыг дайлсан дайны дүн, цаашид үргэлжлэн байлдах ажлыг Мухулайд хариуцуулсан тухай, тангудын эзэн Бурханыг дахин дайлах, улсын хил хязгаарын хамгаалалт, Ойн иргэн болон Хорь түмэдийн нутагт дэг урам сахиулах, ард олныг амар тайван амьдруулж улсын эдийн засгийг түргэн өөд татах, эзлэгдсэн харь улсын ард иргэдээс алба гувчуур татах зэрэг олон асуудал хэлэлцэн шийдвэрлэж мөн эх улсаа хааны ордны хамт хариуцан сахиж үлдэх хүнийг томилж үүрэг даалгавар өгчээ.

    Чингис хаан мордохын өмнө гурван хоног уул усанд мөргөх, овоо тахих бөө бөөлүүлэх, өдөр судар үзүүлэх, хатад, үр ач нартаа захиас захих зэрэг ёслол гүйцэтгээд холын аян дайнд мөнх тэнгэрийн хүчинд итгэн морджээ.

    1219 оны зун цаг эхэлж байхад Чингисийн удирдсан их цэрэг Эрчис мөрөн хүрч хороолон буугаад зуны цагийг тэнд өнгөрүүлж цэрэг морио амраан, бүх цэргээ бөөгнөрүүлэн сургуулилж, цэргийн анги, салбарын зохион байгуулалт, арын албаны хангамж зэргийг шалган цэгцлэжээ. Бас Сэцэдийн зөвлөлийн нууц хурал хийж Хорезмыг ялж байлдах, ямар замаар явах, хэдэн чиглэлээр дайтах зэрэг байлдааны тактикийг хэлэлцэн тогтжээ.

    1221 онд Монголчууд Хорезмыг бүрэн эзлэн авч ингэснээр Дундад Ази руу хийсэн монголчуудын аян дайн үндсэндээ шувтарлаа. Чингис хаан 1221-1222 онд Хорасан. Афганистан, Энэтхэгт аялан байлдав.

    1221 онд Хорезмын Шах Мухаммедын хүү Желал-ад-Дин монголчуудаас эх нутгаа чөлөөлөхийн тул Афганистаны нутагт их цэрэг цуглуулж дайтах бэлтгэл хийжээ.

    1222 оны эцсээс 1224 он гэхэд Чингис хаан Орос,Европыг эзлэн байлдаж буй жанжнуудынхаа ялалтыг чих тавин сонсож, буцаан дуудсан Зэв, Сүбээдэйгээ хүлээж, Дундад Азийн үзэсгэлэнт бэлчээр нутгаар агт морьдоо амрааж Хорезмын нутагт таран байлдсан бүх цэргээ дуудан бөөгнөрүүлж, нэгэн удаа Их хуралдай хурж, Хорезмыг байлдан эзэлсэн тухай, Монголдоо буцах тухай болон эзэлсэн нутгийн захиргааны журмыг хэлэлцжээ.

    1220 оны 10 дугаар сард Чингисийн даалгавараар Отчигин ноён Чан Чунийг хоёр дахиа урьжээ. Иймээс Чан Чунь бомбо арга буюу илтгэлт 10 гаруй шавь нараа дагуулан Монгол орныг дамжин явахаар шийдэж 1221 оны 2 дугаар сарын 8-нд Чжунду хотоос гарч Үнэгэн даваагаар давж Монгол нутгаар урт аялал хийжээ.

    Ингээд бомбо лам Отчигин ноёны өмнөд ордноос гарч Хөлөн нуурыг дайрч Хэрлэн голыг даган явсаар Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг голыг дамжин явахдаа монголын байгалийн үзэсгэлэн, уул ус модыг бишрэн гайхаж монголын малчин айл өрхийн амьдрал, худалдаа арилжаа, гар урлал зэргийг сонирхон тэмдэглэл хөтөлсөөр байж. Нэгэн газар монгол охид, хөвгүүд дуулан бүжиглэж байсанг сонирхсон байдаг. Ингээд тэр жилийн 6 дугаар сарын 28-нд Идэрийн голд хүрэлцэн очжээ. Өөрөөр хэлбэл цэвэр ус агаар, үзэсгэлэнт байгалтай монголын гурван голын сав газрыг хятадын бомбо лам ирж буй хаврын сайхан цагаар явж өнгөрөөжээ.

    Тэндээс Хангайн үзэсгэлэнт нурууг эгцлэн давж, Алтайн өвөрт ирж Чингайн балгасанд 7-р сарын 5-нд хүрсэн байдаг. Чингай тэнд тариа ногоо тарьж ургуулсан байдлыг нүдээр үзэж ихэд гайхан, бас Чингай ноёнтой ярилцсан байдлаас Монголын эзэн хаан Чингисийн урилга бол урилга, үг бол үг, тэр хуулийг хэн ч үл зөрчих байдлыг олж мэджээ.

    Чан Чунь бомбо арав шахам шавь нартайгаа Алтайн Улаан даваагаар давж Булган голыг уруудан Зүүнгарын элс манханыг өнгөрөн 8-р сарын 27-нд Тэнгэр уулын ард хүрчээ. Чан Чунь бомбо Тэнгэр уулаас цааш явсаар мөн оны 11-р сарын 18-нд Хорезмын шинэ нийслэл Самарканд хотод хүрэлцэн очжээ. Тэр өвлийг Самаркандад өнгөрүүлжээ.

    Чан чунь Самаркандаас 1222 оны 3 дугаар сарын 16-нд мордож 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингис хааны байсан явуулын ордонд хүрэлцэн очиж Чингис хаанд бараалхжээ.

    Харин Чан Чунь бомбо нэг удаагийн уулзалтаар ан агнах ажилд биеэр бүү оролц. Мориноос унах аюул тулгарч болох юм байна. Хаан биеэ хамгаалж явагтун гэж захисан байдаг. Чан Чунь бомбыг хоёр жил шахам Дундад Азид байлгаж, эцэст нь түүний хүсэлтээр нутагт нь хамгаалуулан буцаажээ.

    Ингээд тэндээс хөдөлж 1225 оны 2-р сарын сүүлчээр Туулын хөвөөнд буй орондоо Чингис хаан 64 нас сүүдэр зооглон морилон ирсэн түүхтэй ажээ.

    Чингис хааны ерөнхийлөн удирдсан монгол цэргийн Дундад Ази, өрнө зүгт хийсэн таван жилийн (1219-1224) аян дайн ялалтаар дуусч, монголын цэрэг Дундад Ази, Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Ирак, Иран, Азебажайн, Гүрж, Армен, Өмнөд оросын тал нутгийг үндсэндээ байлдан дагуулав. Ингэж Их Монгол Улсаар төвлөсөн монгол гүрэн үүсч хятадаас гадна Дундад Ази, Иран, Орост хэд хэдэн бие даасан шинжтай хаант улс тогтох үүд хаалга нээгдэв.

  • Мулан- Тоба баатар бүсгүйн түүх

    “МУЛАНЫ ТУУЛАЛ” буюу “МУЛАНЫ ДОМОГ” нь Хятадын ТАН династийг байгуулагдахаас өмнө 6-р зуунд Тоба улсын түүхэнд анх тэмдэглэгдсэн байна.

    Тэгвэл одоо Монгол угсааны Тоба баатар эмэгтэй Мулан нь Тоба улс (386–534) –ын үед Тоба-Сяньби өрлүг /Өрлөг жанжин / ноёны охин болж төрсөн байна. Мулан нь багаасаа эхлэн морь унаж, зэвсэг илд нум сум агсаж, тоба өрлүг ноён эцгийнхээ хамт их цэрэгийн тэргүүнд байлдаар явж, цэрэгийн эрдэмд суралцсан байна. Өөр нэгэн Тобагийн домогт : Тоба бүсгүй Замбага (Мулан) нь нэгэн Тоба айлын охин бөгөөд өндөр настай эцгийгээ дайнд явуулахгүйн тулд идэр бүсгүй дайнд оролцож, баатарлаг гарьяа байгуулдаг, 12 жилийн турш дайнд тэр бээр оролцож, буцаж гэртээ эргэж ирж байгаагаар үгүүлдэг байна. Тэр цагт одоогийн Умард хятадын нутагт Тобачуудтай ид өрсөлдөж байсан хүннүгийн үлдэгдэл аймгууд, хүннү-сяньби угсааны холимог аймаг Нирунчууд (монголчуудын дээд өвөг) оршин тогтнож, Умардын тал нутаг, говь цөлийг ихээхэн хөл хөдөлгөөнтэй болгож байжээ. Энэ л үед Тоба бүсгүй Мулан баатар төрж, 12 жилийн турш тэдгээр Өмнөт Хүннүгийн үлдэгдэл аймгуудтай байлдаж, дайлж, дарж явсанаар түүхэнд үлдсэн юм. Муланы домогт үгүүлсэнээр тэрбээр эцгийнхээ ор суурийг залгаж, их цэрэгийн тэргүүлэгч Өрлүгөөр /өрлөг жанжин/ томилогдож их цэргээ удирдан хүнчүүдтэй байлдаж байжээ. Мулан баатар нь тус бүс нутаг дээр оршиж байсан бусад ханлигуудын / династууд/ эсрэг довтолж, тэдний удирдагчидыг дарах зэрэгээр их үйл хэрэгийг бүтээж байжээ.
    Мулан гэдэг нэрийн тухайд хятад тайлбарууд олон бий, хятадаар mùlán (s 木兰, t 木蘭, lit. “wood-orchid”) гэжээ, Мин улсын түүхэнд түүний овогийг Zhu (朱)гэсэн бол, Чин гүрний түүхэндWei (魏) гэжээ. Одоогийн хятадын түүхэнд Hua Mulan гэдэг болж, түүний овогийг花 (Huā, lit. “flower”-цэцэг) гэж тэмдэглэж байна. Монгол хэлэнд “Молон” гэдэг хүний нэрийг монгол бичгээр “Мулан” гэж бичдэг. Тоба улсын түүх нь Вэй улс нэрээр хятадын түүхэнд бичигддэг, Тобачууд нь Хятад нэгэн хант улсад цэргийн хүчээр туслан дэмжисний шагналд,Хятадын 50 гаруй хот сууринг бэлгэнд авсаны дотор өнөөгийн Бээжин хот багтсан байдаг.Иймээс Хоёрдугаар Тоба Хун хааны үед нийслэлээ урагш нүүлгэж, хятад түшмэд төрийн хэрэгт оролцох, хятад бичиг соёлыг авч, улмаар ууссан юм. Тэр цагт зарим Тоба ноёд бослого гаргаж, умард уруу зугатаасан, Нирун уруу ирсэн гээд түүх хөвөрч байна.

    “Муланы домог” нь тэр чигтээ нүүдэлчидийн ахуй байдал, соёл бүхэлдээ туссан байдаг, түүгээр барахгүй тэрхүү домогт тухайн улсын эзэн хааныг “хаган” /khagan; khan/ гэж тэмдэглэсэнийг та бүхэн унших болно. Тэгэхээр “Муланы домог” бол монголчуудын домог зүйн судлалын нэг хэсэг гэдэг ойлгомжтой асуудал юм. Тус домогт “хаан”, “Шар мөрөн”, “Хар уул” зэрэг түүх газар зүйн талаар нэлээд тодорхой үгүүлдэг байна. Энэ домог дээрээс үүдээд Тобачууд хятадын “Хуанди” цолыг хэрэглэж байгаагүй, “Хаган” гэдэг монгол цолыг хэрэглэж байсаныг шууд ойлгож болно. “МУЛАНЫ ДОМОГ” хэмээх тоба яруу найргийг англи хэлээр сонирхбол:
    Ballad of Mulan
    The sound of one sigh after another,
    As Mulan weaves at the doorway.
    No sound of the loom and shuttle,
    Only that of the girl lamenting.
    Ask her of whom she thinks,
    Ask her for whom she longs.
    “There is no one I think of,
    There is no one I long for.
    Last night I saw the army notice,
    The khan is calling a great draft.
    A dozen volumes of battle rolls,
    Each one with my father’s name.
    My father has no grown-up son,
    And I have no elder brother.
    I’m willing to buy a horse and saddle,
    To go to battle in my father’s place.”
    She buys a fine steed at the east market;
    A saddle and blanket at the west market
    A bridle at the south market;
    And a long whip at the north market.
    She takes leave of her parents at dawn,
    To camp beside the Yellow River at dusk.
    No sound of her parents hailing their girl,
    Just the rumbling waters of the Yellow River.
    She leaves the Yellow River at dawn,
    To reach the Black Mountains by dusk.
    No sound of her parents hailing their girl,
    Just the cries of barbarian cavalry in the Yan hills.
    Ten thousand miles she rode in war,
    Crossing passes and mountains as if on a wing.
    On the northern air comes the sentry’s gong,
    Cold light shines on her coat of steel.
    The general dead after a hundred battles,
    The warriors return after ten years.
    They return to see the Son of Heaven,
    Who sits in the Hall of Brilliance.
    The rolls of merit spin a dozen times,
    Rewards in the hundreds and thousands.
    The khan asks her what she desires,
    “I’ve no need for the post of a gentleman official,
    I ask to borrow a camel fleet of foot,
    To carry me back to my hometown.”
    Her parents hearing their girl returns,
    Out to the suburbs to welcome her back.
    Elder sister hearing her sister returns,
    Adjusts her rouge by the doorway.
    Little brother hearing his sister returns,
    Sharpens his knife for pigs and lamb.
    “I open my east chamber door,
    And sit on my west chamber bed.
    I take off my battle cloak,
    And put on my old-time clothes.
    I adjust my wispy hair at the window sill,
    And apply my bisque makeup by the mirror.
    I step out to see my comrades-in-arms,
    They are all surprised and astounded:
    ‘We travelled twelve years together,
    Yet didn’t realize Mulan was a lady!’”
    The male rabbit is swifter of foot,
    The eyes of the female are somewhat smaller.
    But when the two rabbits run side by side,

    How can you tell the female from the male?
    ТОБА-МОНГОЛЫН түүхэнд бичигдсэн “ЗАМБАГЫН ДУУН” хэмээх домог нь Тоба Вэйгийн “МУЛАНЫ ДУУЛАЛ” болж таарчийнэ. Тэгэхээр энэ 2-ийг харьцуулбал нэг домог нь тодорхой болж байна.

    – ЗАМБАГА ДУУНЫ ҮГИЙГ СИЙРҮҮЛБЭЛ :
    Үүдэн тушаа Замбага охин үйл нэхэх зуураа
    Үймэрч санаа алдах нь байн байн агаад
    Үйл нэхмэлийн хөндөл, холхигч тачигнах нь үгүй,
    Өнөө охин л ганцаар эмгэнэн энэлэн амой.
    Хэний тухай бодон шаналан байгааг асуувай,
    Хэн хүний үрийн төлөө ийн гансрааг сурвай.
    “Хэн бээрийн ч тухай бодоо нь үгүй,
    Хэн гуайг ч хүлээгээ нь үгүй ээ.
    Цэргийн зарлан ирэхийг урьд шөнө үзэв,
    Зэвсэгт их цэргээ хаан хуралдуулж байнам.
    Арваад тулааны зар хуйлаастай,
    Ар бүрт нь аавын минь нэр бичээстэй.
    Эцэгт минь идэр хөвүүн үгүй билээ,
    Эрийн цээнд хүрсэн ах надад үгүй.
    Эмээлт морь арилжаалж авах сан,
    Эцгийн өмнөөс тулаанд орох сон” гэвэй
    Хүлэг сайн морийг зүүн захаас,
    Хөнгөн эмээл, тохмыг баруун захаас,
    Хазаар амгай юуг нь урд захаас,
    Хөндлөн урт ташуурыг хойд захаас авч гэнээ
    Үүр шөнийн заагаар эцэг эхийн гэрээс гаржухуй,
    Үдшийн бүрийгээр Хатан мөрний эрэгт хүржүхүй,
    Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
    Хатан мөрний урсгал л долгиолон түрхрэх болой.
    Үүр шөнийн заагаар Хатан мөрнөөс морджухуй,
    Үдшийн бүрийгээр охин Хар уулнаа хүрвэй.
    Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
    Хүн дайчдын хүүгэлдээн л Янь уулнаа дуулдму.
    Дайн тулаанд тэрбээр түмэн бээрийг туулжухуй,
    Даль жигүүртэй мэт даваа уулсыг гэтэлжүхүй.
    Харуулын харанга хойд умардын агаарт хангинаж,
    Хүйтэн гэрэл ган хуяган дээр нь гялтасхиймүй.
    Зуун тулааны дараа өрлөг жанжин амиа өргөж,
    Цэрэг дайчид арван жилийн дараа эгэмүй.
    Тэнгэрийн хүүд бараалхахаар тэд буцаж иржүхүй,
    Тэр хүмүүн Гэгээн тэнхимнээ залармой.
    Алдар гавьяаны бичиг арвантаа хуйлагдмуй,
    Арав, зуу, мянгаар нь харамж хишиг хүртээмүй.
    Хүсэл зориг юундыг хаан охиноос асуувай,
    “Хишиг хүртэж алба түших гэсэнгүй билээ,
    Хурдан хөлт тэмээ гуйж болох сон болов уу,
    Харьж, төрөлхи сууриндаан очих гэсэн билээ” гэвэй
    Охиноо ирж буйг сураад эцэг эх нь гялайж,
    Орон суурингийнхаа захад угтан тосож амуй.
    Охин дүүгээ ирж буйг эгч нь олж мэдээд,
    Орон гэрийнхээ үүднээ оо энгэсгээ түрхвэй.
    Хөвүүн дүү нь эгчийнхээ ирж явааг сонсоод
    Хурга, торой төхөөрөхөөр хутгаа ирлэн зэхвэй.
    “Би зүүн өрөөнийхөө хаалгыг нээж орсу,
    Баруун өрөөнийхөө орон дээр сууму.
    Байлдан тулааны хуяг нөмрөгөө тайлж,
    Багын хуучин хувцсаа эгэлдэрмү.
    Нарийн шингэн үсээ шил цонхноо янзлаад,
    Нимгэн энгэсгээ тольдон оодож түрхмү.
    Мөр зэрэгцсэн анд дайчдаа ийн золгосу,
    Мэлийн гайхалдаж бүгдээр ийн хэлэлцсү:
    ‘Арван хоёр жилийн турш хамтдаан зорчсон атал,
    Анд Замбага эмэгтэй байсныг огтоос анзаарсангүй байж ээ!’”
    Эрэгчин туулайн хөл хурдан, эмэгчний нүд жартгай жижигхэн атал
    Эл хоёр туулай зэрэгцэн давхихуй, аль нь эр, эмийг хэрхэн ялгах буй?

  • МОНГОЛЫН ТҮҮХ №5. Төрийн хууль цааз ба Тангадтай байлдсан нь

    Засаг хуулиас гадна Чингисийн хэлсэн үг, зарлиг тушаалыг эмхтгэсэн <<Билэг>> гэдэг сургаал байжээ.
    Чингист дугүйцсэн Хасар, Бэлгүдэй нар ба тэдний талын ноёд Чингисийг ширээнээс зайлуулах нууц хуйвалдааныг зохион байгуулжээ.
    Тус хуйвалдаанд асар их нөлөөтэй Тэб тэнгэр хэмээх Хөхөчү бөө оролцжээ.
    Мэнлигийн долоон хөвүүний доторхи Хөхчү бол алдартай зайран бөө байжээ. Хөх чү бөөг тэнгэр нартай шууд харилцан ярилцдаг, агуу хүчтэй, ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчид шүтэн биширдэг байжээ. Тэгээд Хөхчү бөө, түүний дүү нар улмаар эрэмшин дур зоргоороо аашлах явах тул хонхтоны долоо гэж алдаршжээ. Хасар, хөхөчү бөөгийн нөлөөг ашиглан түүгээр өөрийгөө дээд тэнгэрээс хаан сууж, улсын эрх барих зөн өгөв гэж цуу үг тараалган, олны сэтгэлийг биедээ татахыг оролдсон байна.
    Хасар Чингис хоёрын зөрчил туйлдаа хүрч, Хасар үлдсэн албатаа авч Чингисээс салж зайлан олдсон байна. Чингис, Сүбээдэй баатарт үлэмжхэн цэрэг захируулан явуулж, Хасарыг хүчээр буцаан авчирчээ. Энэ удаа хэдийгээр Хасарыг баривчлан шийтгээгүй боловч түүний хань хамсаа Хөхчү бөөг Чингис арга хэрэглэн устгасан байна. Хасар, Хөхчү бөө тэргүүтэй ноёдын тэмцэл нь нэгэнт тогтсон Монголын нэгдмэл улсыг дахин бутлан задруулахад чиглэснээрээ тэр үедээ харгис чанартай зүйл байжээ.
    Тангуд улс 1032 онд байгуулагдаж 1227 онд мөхжээ. Газар нутаг нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗӨ-ны Ордос, Ашалаа,Эзэнээ нутаг болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг тухайлбал, Хэшигийн хоолойг тэр аяар хамаарч байсан байна. Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал дорно, өрнийг холбосон торгоны замын гол зангилаа болж байв.
    Баруун Тангуд улстай Чингисийн хийсэн дайн бол урьдаас төлөвлөсөн, тактикийн чанартай хил залгаа харь улсыг дайлсан анхны тулаан юм.
    Дайн үүсэх шалтаг бас хэд хэд байжээ. Юуны өмнө нэг үе эцэг Есүгэй баатрынх нь өшит дайсан болж түүнтэй байлдаж байгаад ялагдаж тангуд улсад зугатаж очоод амь хорогдож байсан Хэрэйдийн Гүр хааныг Чингис мартаагүй санаж явжээ.
    Гүр ханыг орогнуулсан ял тангудын эзэнд зүй ёсоор оногдох ёстой гэж Чингис үздэг байжээ. 1203 онд Чингис хэрэйдийг дайлж ялалт байгуулахад Ван хан Тоорил алагдаж, хүү Сэнгүм зугатаж Тангудад очоод бас тэнд орогножээ. Эдгээр нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. 2<<Юан ши>>судар -1р бүлэг
    Тангудын Бурханы үзэсгэлэнт охин Чага-г Чингис хаан дөрөвдүгээр хатнаа болгожээ.
    Чингис хаан Хорезмыг дайлахын өмнө шар барс жил буюу 1218 оны хавар тангудыг дөрөвдөх удаагаа дайлав. Чингисийн цэрэг маш богино хугацаанд тангудыг номхотгон нийслэл Иргай хотыг бүсэлж, тангудын хааныг цээрлүүлэн Аша Хамбын омог бардам занг даржээ.

    Алтан улстай дайтав
    Чингис хаан Алтан улсыг байлдахын тул тэдний дотоод байдал ялангуяа цэргийн хүчийг тандан мэдэх, хөрш холбоотон улсуудаас холбоог нь таслах, шавар хэрэмтэй хот бэхлэлтийг яаж эзлэхийг цэргүүддээ зааж сургуулилах, цэргийнхээ бэлтгэл сургуулийг эрс сайжруулах, Алтан улсаас монголыг түйвээж байсан хорт бодлогыг цэргүүддээ ярьж ойлгуулах, Түвэд, Энэтхэг Дундад Азитай харилцах Торгоны заммын гол зангилааг хяналтандаа бүрэн авах, Тангудын нутгийг дайний түшиц газар болгож ашиглах зэрэг бүх талын бэлтгэлийг хангалттай хийжээ.
    1211 оны 2-р сар гэхэд Чингис хаан Алтан улстай байлдах бэлтгэлийг үндсэндээ бүрэн хангасан гэж үзээд цэргээ Халх голын орчимд сургуулилж, өөрөө Хэрлэнд түр саатан биеэ амраажээ.
    1212 оны 3-р сард Чингис хаан Хэрлэн голын хөвөөн дээр онц Их хуралдай хуралдуулж Зүрчидийн Алтан улсад дайн зарлах асуудлыг хэлэлцүүлжээ. Чингис хаан өөрийн биеэр Алтан улстай дайтахын учир шалтгаан, дайны бэлтгэл хангагдсан эсэх зэргийг шалгаад дайтах төлөвлөгөө танилцуулжээ. Дайн байлдааны ажлыг Их Хуралдайгаар авч хэлэлцээд хамтын нухацтай шийдвэр гаргадаг байсан нь энэхүү Их хуралдайн ажиллагаанаас тодорхой харагддаг. Чингис хаан Их хуралдай дээр Алтан улсын хаадаас эцэг дээдсийнхээ өшөөг авна гэдгээ өчиж тангарагласан байна. Мөн Их хуралдай дээр Уйгарын хаан Монголд дагаар орж хүчин туслана гэсэн хүсэлт бичгийг уншин сонсгов. Дараа нь Чингис хаан бөө мөргөлийн зан үйл ёсоор Бурхан Халдун ууланд гарч бүсээ тайлан хүзүүндээ өлгөж сөгдөн дээд тэнгэрт залбиран өчиж хэлсэн нь ,,Мөнх тэнгэр ивээтүгэй. Би Охинбархаг, Амбагай хаан тэргүүтэн миний өвөг дээдсийг Алтан улсын хаан нэн харгисаар тамлан алсан билээ. Энэхүү цусан өшөө авахыг мөнх тэнгэр ивээх аваас өчүүхэн над нэгэн мөчийн хүчин соёрхохын хамт нөхцөгсдийн ариун сүнс болон эл намайг ивээн дэмжих болов уу,, гэжээ. 2 Сайшаал <<Чингис хааны товчоон>> дээд дэвтэр, 696-р тал
    Монголчууд Алтан улсыг бүрмөсөн эзлэхдээ гурван үе шаттай дайн хийжээ. Хэгдүгээр нь 1211-1217 оны хооронд Чингис хаан өөрийн биеэр дайлсан шийдвэрлэх дайн: хоёрдугаар нь 1217-1223 онд Мухулай жанжин удирдан хийсэн дайн: гуравдугаар үе нь 1229-1234 оны хооронд Өгэдэй, Тулуй нарын удирдсан сүүлчийн мөхөөх дайн болно.
    1212 оны хавар хятан угсааны эрэлхэг жанжин Елюй Люгэ хятан цэрэгтэйгээ монголын талд орсон нь Алтан улсад том цохилт болж харин монгол цэрэг шавар хэрэмтэй боомт хотыг байлдахад их хэрэг болжээ. 1213 онд Чингис хаан Алтан улстай хийх дайнаа бүх чиглэлээр өргөжүүлж, хурдан амжилт олжээ. Эхлэн 1213 оны 7-р сарын 20-ноос 8-р сарын 17 хүртэлх богино хугацаанд монгол цэрэг Шуандэ, Дэсинь хотыг эзэлж улмаар Үнэгэн давааны боомтыг эзлэх үед Шимо Мянган гэдэг цэргийн жанжин Чингист урван орж, Алта улсын цэргийн хамаг нууцыг задалсан гэдэг. Шима Мянганы урвалт Алтан улсын хаанд их том цохилт болж түүнээс хойш Алтан улсын цэргийн дотор уравлага гарах болжээ. Алтан улсын эсрэг гарсан тариачдын бослого, зарим газрын эзний цэргийг хүртэл Чингис хаан ашиглан Алтан улсын хүчийг улам бүр сулруулсаар байжээ. Алтан улсын дийлдэшгүй бат цайз хот гэж нэрлэгдэж байсан Датуныг монгол цэрэг нэлээд хүч гарган бүслэн байлджээ. Тус Цайз хотыг дайран эзлэх гол төлөвлөгөө боловсруулан дайныг Тулуй биеэр удирдан эцэст нь эзлэн авчээ. Дараа нь монгол цэрэг Цагаан хэрмийн гол нэгэн хаалга Чавчаал боомтыг бүслэн байлдав. Энэ дайныг Зэв жанжин голлон удирдаж арга ухаан сийлэн цэргийн их хохирол үзэхгүйгээр Чавчаал боомтыг эзлэн авчээ. Монгол цэрэг Умард Хятадын бусад нутгаар дайнаа үргэлжлүүлэн Чжунду (Бээжин)-г гурван удаа бүслэн байлдсан байна.
    Алтан улсын эзэн хааны хариу хүлээж байх хугацаанд Чингис хаан Сэцэдийн зөвлөлийн нууц хуралдаан хуралдуулж Алтан улсыг байлдсан гурван жилийн дайны дүнг хэлэлцүүлж, амжилт, хохирлоо илэн далангүй ярилцжээ. Сэцэдийн зөвлөгөөнд оролцсон сайд, жанжин нарын хэлсэн үг, гаргасан саналыг Чингис их анхааралтай сонсчээ Зөвлөгөөнд оролцогсод далай их хаан таныхаар болтугай хэмээн нэгэн зэрэг хүндлэл үзүүлжээ.
    Ингэхдээ Чингис хаан Умард хятадыг эцэслэн гүйцэд байлдаж, эзэлсэн хятад нутгийн сайтар захиран баримтлах онц эрхийг төрийн сайд хүлэг баатар Мухулайд олгожээ.
    1215 оны хавар Хорь түмэдийн бослого гарч дарагдахгүй нэлээд уршиг тарьсан байна. Энэ нь Чингис хааны нутаг буцах бас нэг шалтгаан болсон байна. Чингис хаан 1216 оны хавар нутаг буцаж ирсэн гэдэг бөгөөд тэрээр Алтан улсыг дайлсан нь Алтан улсын эрхшээлээс ангижирч тусгаар тогтнолоо хамгаалах зорилготой байсан учир монголын ард түмний дэмжлэгийг хүлээж байжээ. Алтан улсыг дайлж тийнхүү ялалт байгуулсан нь дэлхийн зарим улс орон ялангуяа Хорезм улсыг ихэд цочоов. Чингис хаан Алтан улсыг бүрмөсөн сөнөөж, Зүрчид нараас өшөөгөө гүйцэд авна гэдгээ хэзээ ч мартахгүй явсаар дахин Алтан улсыг дайлж чадахгүй нас барсан билээ. Чингисийн үйл хэргийг түүний хүү Өгэдэй залгамжлан гүйцэтгэв.