Category: Монголын түүх

  • ЖУЖАН НАР

     

    Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд,хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн цумын хутагт Цамбагарав уулын “Хар хад” гэдэг хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдоно гэж судлаачид үздэг байна.
    Жужанд урьдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг ч ингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёс бус алдаа гаргахыг үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий,буурьтай,туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон яүүүлдаг тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан бололтой.
    Жужан нар идэвхитэй, уян хатан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг байжээ. Жужан улсын нийгэм-төрийн байгууллыг ныгтлан үзсэн эрдэмтэн Г.Сүхбаатар тэдний төр ёсны олон зүйл нь хожмын нүүдэлчдэд, түүний дотор монголчуудад улламжлагдан өвлөгдөж, цаашид боловсронгуй болж, хөгжсөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
    Зарим судлаачийн өгүүлснээр, тэр үед Жужан улсын газар нутгийн зүүн өмнөд хязгаар нь Солонгос улсад баруун этгээд нь Хар Шаар (Сайр), умард тал нь Байгал далай, өмнөд хязгаар нь Их элсэн говьд тулж байжээ. Тэдний хааны орд өргөө Хангай ууланд байсан бололтой
    Жужан улс олон удаагийн гаднын довтолгоон, мөн дотоодын дайн самуунд өртөж, бас төрийн эрхийн төлөө тэмцэл үргэлжлэн өрнөж ирсэн зэргээс ихээхэн сулдан доройтоод байв.
    Тоба улсын халдлага довтолгооноос гадна Жужан улсыг мөхөлд түлхсэн нөгөө нэг шалтгаан нь түүний харьяа Түрэг, Уйгур аймгуудын эсэргүүцэл тэмцэл байжээ.
    Тянь Цзяньы хаанчлалын үе буюу 507-519 оны үед Динлин нарыг бут цохиод, дотоод, гадаад давхар хэрэм бүхий хотыг анх удаа байгуулж эхлэн, түүнийгээ Мумэчон (мумо) гэж нэрлэсэн байна. Энэ хот чухам хаана байсан нь тодорхойгүй . Г.Сүхбаатар Мумо хотыг Хар хорум хавьд байсан, Ц.Хандсүрэн Архангай аймгийн тамирын хойд эрэгт буй Мөөмт толгой хавьцаа байсан гэж үзсэн байдаг
    Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолонн бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг.
    Жужаны хаан Чоуну цухуй хэмээх нэгэн хүүтэй байж. Гэтэл тэр хүү гэнэт алга болж. Түүнийг эрээд эс олсон учир Дивань хэмээх удганаас асуухад.- Танай хүү одоо тэнгэрт байна. Би түүнийг дуудан ирүүлж чадна гэжээ. Хүүгийн эцэг, эх нь баярлан түүнийг дуудан ирүүлэхийг удганаас хүсчээ. Тэгээд Дивань удган хүүгийн эцэг, эхээр намагтай газар майхан(гэр) бариулаад, хоног ариутгал мөргөл үйлдэн, тэнгэрт залбирсны дараа шөнө цухуй хүү майханд нь ирсэн байжээ. Хүү эцэг эхдээ -Би одоо болтол тэнгэрт байсан гэжээ. Чоуну хаан, түүний хатан хүүтэйгээ уулзсандаа баярлан, их найр хурим хийн, Дивань удганд гэгээн дагина цол өргөжээ.Мөн Чоуну хаан уг удганыг авч хатан цол өгөөд, түүний нөхөр Фушэнмү гэгчид бас хэргэм зэрэг шагнан, адуу, үхэр, хонь гурван мянгыг өгчээ. Харин хэдэн жил өнгөрсний дараа Цухуй хүү өөрийн эцэг, эхдээ: -Би тэнгэрт байгаагүй, Дивань удганы гэрт л байсан юм гэж хэлсэн байна.
    Энэ домгоос, Жужан нар бөөгийн мөргөл шүтдэг, тэнгэр, удганд итгэдэг байсан нь тодорхой харагдаж байна. Жужан нар тийнхүү бөө, удганыг шүтдэг байсан хэдий боловч бас эмчийг хүндэтгэн үздэг байж. Жужаны эрх баригчид 483 онд Өмнөд Ци улсын хаанаас эмч илрүүлэхийг хүсч байсан нь дээрхийн нэг баримт болно.
    Жужаны соёлын бас нэг онцлог бол тэдний дунд хожимхон бурхны шашин түгэн дэлгэрч, бүр төрийн шашны хэмжээнд хүрсэн явдал юм. Судалгаанаас үзэхэд, бурхны шашин Хүннүгийн үеэс Монгол нутагт ямар нэг хэмжээгээр нэвтэрч эхэлсэн ба Жужаны үе болоход хөгжин гүнзгийрсэн байна. Тийнхүү Жужанд бурханы шашин дэлгэрэхэд тухайн үеийн нийгмийн дэвшил хөгжил, зарим хэрэгцээ шаардлага, хөрш улс орнуудад бурхны шашин түгэн дэлгэрч байсан зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
    Жужан нарт хожмын Монгол туургатанд байсан улирах гэрлэлтийн ёс (левират) ёс байсан аж. Өөрөөр хэлбэл эцэг нь нас барвал, хүү нь хойд эхтэйгээ гэрлэдэг, ах, дүүсийн нэг нь нас барвал, нөгөөгийнхөө эхнэрийг авдаг байжээ.энэ н; хожмын монголчуудад байсан ёс юм. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл, Жужан нар хар овгоос гэрлэх ёсыг (экзөгам) ёс) чанд баримталдаг байжээ. Тэдэнд мөн хааны угсааныхан , удган мэтийн ихэс язгууртан хүмүүсийг цус гаргахгүй алах заншил байв. Датань хаан 414 онд хаан угсааны Булучжэнь, Шэба хоёрыг, мөн бас Чоуну хаан Дивань удганыг тус тус бүтээн алсан байна.XIII зууны эхээр Чингис хаан Жамух сэцнийг мөнхүү цус гаргалгүй хороож байсан билээ.Бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор хүний гавлаар аяга хийх ёс мөн байжээ.Нэг баримт дурдвал, Чоуну хаан Өндөр тэргэтний Миэтү ванг ялж, баривчлан гавлынх нь ясаар аяга хийлгэсэн гэдэг.Жужан нарын дунд өөрийн гэх баяр ёслол байжээ. Тэдний мэддэг юм нь гэвэл бөх барилдах, морь уралдах юм гэсэн Хятад сурвалжийн мэдээнээс энэ нь харагдаж байна.
    Дээр өгүүлсэн зүйлийг хураангуйлаад, Жужан нар нь Монголчуудтай гарал, түүх, хэл соёлын холбоотой бөгөөд Монгол угсаатны соёлын нийтлэгт хамаарагдах ард түмэн байжээ гэж болно. 1Г.Сүхбаатар. Монгол Нирун улс.УБ., 1992. Тал 155-156, 2Мөн тэнд, тал 157
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

     

  • АМГАЛАНБААТАР БУЮУ МАЙМАА ХОТ

    Анх Элбэг-Амгалан гацаа гэж нэрлэгдэж байсан энэ сууринг 1925 он хүртэл Маймаа хот хэмээн нэрлэдэг байв. 1807 оны үед Маймаа хот 800 гаруй байшин барилгатай, 4000 орчим оршин суугчтай байжээ. Маймаа хотын баян хятадууд эргэн тойрон шургааг шавар хэрэмтэй байсан бол хэрэмний гадна талд жирийн монгол, хятад иргэд гэр, шавар тагзанд амьдран суудаг байжээ. Маймаа хотод Гэсэр, Дара эхийн сүм тэргүүтэй долоон сүм байсан. Эдүгээ Дара эхийн сүм, түүний өмнөх 11 метр өндөр, сийлбэртэй хоёр чулуун багана хадгалагдан үлджээ. Монгол иргэд Дашсамдинлин хэмээх хурал, мөргөлийн сүм байгуулан ажиллуулж байжээ.

    Маймаа хот 72 дамнуурчинтай байсан гэдэг ба бийлэгжүү баян нь үхэр, илжиг тэргэнд бараагаа ачаад, ядуу нь дамнуурганы хоёр үзүүрт бараагаа өлгөн өглөө эртлэн Их Хүрээний зүг цувж, орой болохоор эргэн цувдаг байжээ. Маймаа хот анхандаа хятад худалдаачдын төв болж байснаа сүүлд ажил амьдрал эрсэн хэрмэл цагаач монголчууд олноор суурьшин эцэстээ хятадуудтай холилдон ажил, хөдөлмөр, амьдрал байдалдаа тэдний зан заншлыг нэлээд авсан, эрлийз хурлийз маягийн хүмүүс бий болжээ. Хиагт ба Хаалган хотын төмөр утасны шугамын станц нь Их Хүрээний Маймаа хотод байжээ.
    Маймаа хот.1925 он.

  • ГҮЙГҮҮЛ МОРЬ БУЮУ АЛДУУЛ МОНГОЛЧУУД

     

    1972, 73 оны үед хүлэг морьтой холбоотой сэтгэл сэртхийлгэсэн хоёр зүйл сонинд нийтлэгдсэний нэг нь унаж эдэлж дийлээгүй залуу морио хоригдлуудын идшинд өгчихсөн чинь тэр нь сугандаа гуурстай байсан тухай нэр, хаяг, баримттай зүйл, нөгөө нь Вьетнамаас монгол адуу биендээ олон шарх сорвитой хүрч ирсэн (тухайн үед гуурстай хүлгийн тухай би өөрийн биеэр уншсан боловч газрын холоос гүйж ирсэн адууны тухай олж уншаагүй) тухай нийтлэл гарч байсан талаар хүмүүст ярихад өрөвдөх, хайрлах сэтгэлээр сонсох хүн байхад тийм юм гэж хаанаас байхав дээ, уран сайхны аргаар дүрсэлсэн зохиомж байлгүй гэж хэлэх хүн ч тааралддаг.

    Морь ярих сонирхолтой миний бие өнгөрсөн хавар Нарантуул зах дээр хэдэн танилуудтайгаа адууны талаар хуучилж байснаа “1970-аад оны эхээр бэлгэнд өгсөн азарга Вьетнамаас гүйж ирсэн тухай сонинд бичигдсэн байсан юм. Замын саад, уул, ус, даваа гүвээ, гол мөрнийг яаж туулж ирсэн юм болдоо гэж яригдаж байсандаа. Тэр талаар ярихаар зарим хүмүүс худлаа гэдэг юм” гэхэд миний дотны танил Сэрээнэн: -Тэр үнэн. Хоёр жилийн урд ээжийнхээ бурхан тахилыг тоосолж суухдаа зурмал бурхны жаазны ар тагийг авч доторхы нь засч янзлахад сонингийн хайчилбар байхаар нь уншсан чинь хүрэн зүсний байлуу даа, нэг адуу тэр холоос гүйж ирсэн тухай аавын маань амьд сэрүүндээ хайчилж хадгалсан зүйл байсан, одоо ч байгаа гэсэн. Завханы Тосонцэнгэлд айлын бурхан тахил дотор тэр хайчилбар байгаа юм чинь архив, айлын номын сан, авдар, шүүгээнд байж л байгаа.

    …Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үед манай улс хавар 5-р сард гадаадад гаргадаг мал мах бэлтгэх ажлаа сум бүрт хийж мал бүхий иргэдээс авсан малаа хүч тарга авахуулан нутаг ойролцоогоор нь Улаанбаатар, Дархан, Дорнод, Баян-Өлгий аймгуудад хөлөөр нь тууж хүргэдэг байсан.

    – Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч А.Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо бор хээр морио ариг гамтай унаж эдэлж явсаар Төв аймгийн нутагт гайгүй үнэ өгсөн хүнд худалдчихаж. 8-р сарын сүүлээр малаа тушаагаад тооцоогоо бодуулж хөлсөө авсан Товуу хотод байдаг ах дүүсээрээ орж, хоршоо дэлгүүрээс ойр зуурын хэрэгцээт зүйлээ аваад машин техник хөлөглөж аймаг, сум дамжин 9-р сарын эхээр гэртээ харьсан байна.

    Олон хоног, сараар адуу малаасаа хөндийрсөн хүн адуугаа эргэж унаа морио солиход хэдэн морьд нь тарга тэвээрэг сайтай сайхан л байж.

    Очсоноосоо хойш cap гаруйн дараа адуун дээрээ очиход Улаан-баатар хотын \Баянхайрхан сум, Улаанбаатараас 1050 км зайтай\ ойролцоо зарсан жороо морь нь адуундаа байж байна гэнэ. Арай биш байлгүй, би эндүүрч байгаа хэрэг гээд дэргэд нь очсон чинь яг зүсээрээ… 1000 км-ын цаана орхисон биш билүү? Би ижилдээ ирчихсэн байна. Намайг харж байгаа биз гэсэн байдалтай эзнээ ширтэх морио хараад өөрийн эрхгүй хоёр нүдэнд нулимс хурж билээ гэж Товуу эмч хуучилдаг байсан.

    -Шувуун фабрикийн харалдаа голын хойно Булагийн тохой, Хүйтний онгорхой орчмоор нутаглаж байсан Содгоо \Содномжамц\ олон жилийн урд надтай хүүрнэлдэж байхдаа “Би Баянхонгороос Дарханд хэдэн жил мал туусан. Хүрээ Маралын Дэнсмаагийн хээр морийг гурван жил тууварт унаж, гурван удаа худалдсан. Зам зуураа ч худалдсан, Дарханд дөхөж очоод худалдсан. Гурвуулаа нь нутагтаа гүйж очсон. Адуу сонин амьтан. Тэр тусмаа тэр хээр морь нутаг амьтай адгуус байсандаа гэж ярьж билээ”

    – Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж буй Сувдхүү наян хэдэн онд хар зүсний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд хэдэн төгрөг болгоод ирэхийг хүссэнд цаадах нь хүсэлтийг ёсоор болгон хар морийг боломжийн үнээр борлуулжээ.

    Тууварчин буцаж очиход хар морь зэрэг шахам ижилдээ очихоор нь хот оруулж худалдаагүй, хотны захад борлуулсан юм шив дээ гэх мэтээр тоглоом шоглоом болоод өнгөрчээ. Хойтон жил нь дахиад тууварт авч яваадУлаанбаатархотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөөд дахиж зараагүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хэлж байсан.

    -2013 оны 5-р сард Ховд аймгийн Зэрэг сумын ардын аж ахуйтан Г. Батаа Төв аймгийн Баянхангай сумын Ц. Батсайханаас найман настай азарга, хоёр үрээ худалдаж аваад нар шингэхийн үед машинд ачаалж 1200 гаруй км газрыг хоёр өдөр, хоёр шөнө туулж гуравдахь шөнийн ОЗ цагт Зэрэгийн баруун хаяанд очжээ.

    Хоёр хоног хоолтой хоолгүй ачигдсан адуунуудаа аргамжаад унтсан залуу хархүү бага үдийн алдад сэрээд аргамжаатай байгаа азаргаа услаад аваад ирэхийг ахаасаа хүсэхэд ах нь дүүгийнхээ хэлснээр аргамж, чөдрийг нь тайлаад услахаар худаг руу хөтөлж очоод алдчихаж. Суларсан азарга Их Гүвээ давж Зэрэгийн хөндий туулаад Зүүн хөдөе өгсөж Хөтөл усаар даваад Чандмань сумын Тахилт баг \3авхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа\ орсныг нь хурдан техникийн ачаар гүйцэж барьж авсан байна.

    Хөлөөрөө биш машинаар, өдөр биш шөнө тэр нутагт очсон адгуус энэ зүгт явбал нутагтаа очиж ижилдээ нийлнэ гэдгээ яаж мэддэг байна аа. Дуучин Хосбаярын дуулдаг бодит үнэнээс сэдэвлэгдсэн Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаа зорьдог тухай дууг сонсох бүрт буянт малтай харьцдаг монгол хүний самсай шархирахгүй байхын аргагүй юм билээ.

    Ганц адуу ч биш тэмээ, үхэр, ямаа, нохой хүртэл идээшиж дассан нутаг бэлчээрээ бэдэрсэн жишээ олон. Увс, Ховдоос Сэлэнгэ, Булган, Төв аймаг руу малтайгаа нүүдэллэж ирсэн хүмүүсийн яриаг сонсож байхад мал нь орой бүр нутгийнхаа зүг харж хэвтдэг, өглөө босоод ирсэн зүг рүүгээ бэлчдэг гээд өрөвдмөөр зүйл ярьцгааж л байсан.

    Социализмын үед харийн, хүнтэй гэр бүл болох, гадаадад цагаачлах асуудал давшгүй даваа, бүтэшгүй зүйл байлаа. Өнгөцхөн бодоход хэний хүү, охин аль орны хэнтэй ч гэр бүл болж болох мэт санагдавч монгол хүний ген, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн үеийн төр, засгийн удирдлага хатуу байр суурь баримталдаг социалист, капиталист хоёр системийн улс төрийн бодлого, шашин шүтлэг, ёс заншил бас нөлөөлж байсан.

    1980 хэдэн онд Микоян хочит Дамдинсүрэн гэдэг эр Монголоос анх гадаадад гэр бүлээрээ цагаачлах эрх олж авахдаа амаргүй даваа давж зам зуураа авч явсан эд зүйлээ алдаж үрэгдүүүлэн зовж зүдэрч явсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан үг дуулдаж, төрөлх сайхан эх орноо голж гоодон, харь орныг сайн сайхан хэмээн доншуучилж яваа хүн яаж ч өөдтэй явах вэ гэсэн яриа зарим хүмүүсийн амнаас гарч байж билээ…

    Удалгүй цагаан морин жилийн хувьсгал гарч одоо бидний амьдарч байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэсэн халхавчтай харгис нийгмийн үр шимийг үзэхийг хүссэн хүмүүсийн уяа хүлэг тайлагдсанаар олон мянган хүн \голдуу залуус\ хөлөө хүрэх газар очиж, хэл нэвтрэх бүхэнтэй харьцах боломж олдсоны бодит нэг жишээ нь харийн хүнтэй гэр бүл болох асуудал.

    Гадныхантай гэр бүл бологсод энэ тухайгаа тайлбарлахдаа нутаг нэгтнүүдээ амь, амьдралдаа арчаагүй ханддаг, соёлгүй бүдүүлэг, архичин, тамхичин [залуучууд энэ шүүмжлэлд ач холбогдол өгч дутагдлаа засмаар] гэх мэтээр гоочилдог ч тэр улс гүрэн, газар орныхоо эрчүүдээс удам судар, заяа тавилан сайтай, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, соры нь олж ханилдаг уу гэвэл үгүй.

    Хир тааруу “амьтад”-тай гэр бүл болцгоосон байдаг. Түүгээр ч барахгүй шашин суртал, ёс заншлын дарамтанд орсон, сэтгэл санаа, эд материалын эрх чөлөө эдэлж чадаагүй зарим нь салж сарнин эх нутгаа бэдэрч байхад, нэрэлхүү нэг нь насаа өтөлж, үсээ цайтал тэсэх аядан унасан газар, угаасан усаа санан гансарч эцсийн мөчид эх орондоо ясаа тавихын хүслэн болж явдаг нь нууц биш ээ.

    Тэдний сэтгэлийн мухарт “хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн буг дээр” гэсэн үг бодогддог ч нэгэнт хийсэн үйлийн лайгаа үүрэхгүй гээд яалтай билээ. Голсон юм голд орж, шилсэн хүн шилэн хүзүүн дээр морддогийн шидийг үзэхээр эргэх хорвоогийн аясыг дагаж шар нар, бор хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй.

    Уг нь “хүүхэн хаашаа бол хархүү тийшээ, хүзүү хаашаа бол толгой тийшээ” гэдэг үг байдаг даа. Үнэхээр л тийм сайн, сайхан хүн юм бол эх орон нэгтэнтэйгээ ханилаад өөд нь татаад хүний дайтай амьдарч болмоор… За энэ ч яахав. “Үйл эзнээ дагаж, үнээ тугалаа дагадаг” юм хойно…

    1970 хэдэн оны дунд үеэр Сүхбаатар аймагт хэдэн жил ажиллах үүрэг надад ноогдсон юм. Тэр нутагт хочгүй хүн ховор. Аймгийн хойд талын суманд амьдардаг ахимагдуу насны нэгэн эрийг Алдуул хэмээн хочилдог тухай хүн надад танилцуулахад нь “- арай ч дээ. Мал биш хүнийг алдуул гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд аль 1930 хэдэн онд Увс аймгаас Байшинтын дивизэд ирж цэргийн алба хаагаад \Японы милитаристүүдээс эх орноо хамгаалах монголын цэргийн гол хүч Сүхбаатар аймгийн Халзан сумын Байшинтад байрлаж байсан юм.\ манай нутгаас гэрлэж 30 гаруй жил нутгийнхаа барааг хараагүй хүнийг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? хэмээн миний амыг таглаж билээ.

    Тухайн үед уг хүний тухай сонсоод цочирдож байсан бол одоо Монголоос зуларсан алдуулуудын тоо толгой тоймгүй болохоор энэ асуудал ерийн үзэгдэл мэт санагдах болждээ. Тэр ч бүү хэл, тийм хүний үр сад эвгүйтээд шарил чандруу нь ирж гэнэ ээ гэхэд эхэн үедээ сэтгэл сэртхийдэг байсан бол хоорондох хоног хугацаа нь ойртсон зөөврийн олон шарилын /Ард үлдэгсэддээ муу гээд монголчууд өөд бологсдын, тэр тусмаа эмэгтэй хүний шарилыг зөөвөрлөдөггүй заншилтай байсан гэдэг/ тухай сонсоцгоогоод байх ёстой зүйл юм шиг бодогдох болжээ.

    Алдуул Монголчуудын аав ээж, ахан дүүстэй нь уулзаж учран ярилцаж байхад арай сэргэлэн золбоотой нь гадаадад гарцгаадаг. Хүү тэнд ажиллаж, охин тийм сургуульд сурч байгаа гэх боловч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулж төдий хэмжээний хөрөнгө мөнгө хандивлалаа, улс ардын аж ахуйн
    салбарт хэрэг болохуйц санал санаачлага ирүүллээ, бидний амь амьдралд нэвтрүүлмээр ийм арга туршлага байна гэнэ гэж ярих хүн тааралдахгүй \ар гэр орондоо тус дэм болгон ирүүлдэг тав арван зоосыг би үгүйсгээгүй\, эх орон, төр засгийнхаа удирдлагыг муулан, боломжтой нэгнийгээ ар араасаа чирч гулдран хүний нутаг гүний хошуунд шингэхийг хичээдэг, мах идэж өсчихөөд манайсдаггүй, өөх идэж өсчихөөд өөриймсөг сэтгэлгүй зуугуулууд олшроод байгаа нь сонин.

    Мөнгөн ембүүн хэлбэртэй Монгол эх оронд төрж өсч хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн хэн ч болов эх орон ард түмнийхээ тусын тулд хийх ажил багагүй байна. Сурч мэдэж, эзэмшсэн мэрэгжлээрээ эх орондоо ажиллая, хийе бүтээе гэхээр одоогийн төр засгийн удирдлага нөхцөл боломжоор хангадаггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Энэ үнэн.

    Ард түмнээ бодохоосоо илүү хувийн эрх ашиг, нэр хүндээ бодож төрд суудал эзэлсэн эрхмүүдийг хилийн чандаас хараад суугаад байвал “бухын доодохыг хараад үнэг турж үхэх”-ийн үлгэр болно. Хувиа борлуулж довоо шарлуулан амьдарч байгаа аргаасаа салцгааж цааш явах газаргүй мухардалд ороод байгаа капиталист нийгмийн чиг баримжааг өөрчлөх, хөгжлийн өөр гарцыг сүвэгчилэхэд мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ зориулах шаардлага хүн бүхэнд тулгарч байгааг дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч буй нутаг нэгт монголчууд маань анзаарах, анхаарах болоогүй юм болов уу даа.

    Хүн өөрийгөө малаас дээр гэж үздэг. Мал нутгаа бэдэрч ижилээ дагаж байхад арав, хорин жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс их л юм үзэж, мэдэж ойлгосон баймаар…

    Элсжиж, тоосжсон ч гэлээ эх орон нь, ухаа, хогтой ч Улаанбаатар нь хүлээж байна аа. Харь нутагт хатирч, хальтирч явтал хамаг сайхан залуу нас, хийх бүтээх чадал, чадвар чинь дундарч, дуусчих вийдээ…

    Т.Баттулга

  • НУУЦЫН ЭЗЭН АВТАЙ САЙН ХАН ТҮВДИЙГ ЗОРЬСОН ДОМОГ

    Абтай хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруунд тулж, нутгийн гол төв Орхон Туулын бэлчирт байжээ. Абтай хаан Жалайр, Сүлдэсүн зэрэг Монголын эртний алдарт том аймагтай ураг холбож гурван хатантай байснаас хоёр хөвүүн, гурван авхай төрсний ахмад хөвүүн Өлзийт Шибагудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эртэхий нь угсаа залгамжилсан байна.
    Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил Халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан дөрвөн Ойрадын толгойгоо даан тусгаарлах оролдлогыг эцэслэж, Халх Ойрадыг нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич Ш.Нацагдорж Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь Халх, Ойрадын ноёд засгийн эрхийн төлөө удтал тэмцэлдэж байсны үргэлжлэл болох юм.
    Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтайн хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн, олонхийг нь хядсан хар явдлыг хэлж байгаа юм. Тэр цагаас хойш ноёдын үхэл чуулганд гэх хэлц үг монголчуудын дунд гарсан байдаг.
    Абтай хан бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ.
    Асрагч нэртийн түүхэнд «Абтай хан модон тахиа (1585) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (1586) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ.
    Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (1577) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвөд сурвалж бичигт, Ю.Н.Рерихийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 1577 онд нутгаасаа гарч замдаа Алтан ханы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 1587 онд очиж уулзсан байна.

    Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг.
    Нууцын эзэн Очирваань бурхан Монголын Бурханы шашны түүхэн холбоо
    Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж түүх шаштирт олонтаа байдаг. Үүнийг Монголын түүхэн олон үйл явдал тодорхой харуулдаг юм. Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Абтай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ.
    Энэ тухай “Баруун Төвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.
    Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Төвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ “Зүүн Халхын Абтай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав.
    Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” хэмээн гэж бичсэн байдаг . . .
    Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ.
    Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна”хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ.
    Ийн байтал Абтай хан хүрч иржээ. Абтай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө.Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ.
    Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.
    Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.
    Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. …Халхын
    Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:
    -Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.
    Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Абтай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирваанийн ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.

  • СЯНЬБИ УЛС

    Сяньби улс Хүннү гүрний нэгэн адил Төв Азийн нээдэлчдийн хүчирхэг гүрэн болсон. Сяньби нарын дунд хаан ширээнд үе залгамжлан суух журам жигдрэн тогтсон байв.
    Өмнөд хүннүгийн Чжао улс Муюны Янь улсын эсрэг аян дайн хийж 36 хотыг нь булаан эзэлжээ. Удалгүй Муюны Янь улсын цэрэг Бээжин хотыг бүслэн авчээ.
    Хүннү гүрний үед МЭӨ II зууны орчим Мао хан гэгч аймгийн холбооны зонхилогч тэргүүтэй тоба нар 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.
    Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснийг дөрвөн үе өнгөрсний дараа, тухайлбал, Хүннү гүрэн мөхөөд сяньби нар баруун зүг Ар Монголд шилжиж, муюнчууд өмнө зүг нүүж Өвөр Монголын зүүн хэсэгт шилжин очихын хамт тоба нар бас өмнө, баруун өмнө зүг нүүж Түийнь ханы үед Өвөр Монголын хойд талын Шилийн гол, Цахарын чуулганы Долнуур хэмээх Долоннуур, Далай нуурын тэнд хүрэлцэн ирж нутагласан байна.
    III зууны дундуур тоба аймгуудын холбооны зонхилогч байсан Ливэй хан одоойин Өвөр монголын Бугат хот байгаа газрын зүүн хойтох Ченло сууринд төвлөн суух болжээ.
    Үнэхээр Хятадын Цзинь улсын төрийн бодлого Тоба зэрэгх Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд найрсаг дотно байсангүй, хамгийн наад зах нь Тобагийн “Овог аймгуудын ахлагч зонхилогч нарыг далдуур хээл хахуульдаж, өвөр хооронд нь эвдрэлцүүлэн мөргөлдүүлэх” зорилт тавьж, “тэднийг хэрэлдүүлэн мөргөлдүүлэх арга хэрэгсэл олсон “ байв. 1Мөн тэнд, тал 189-190.
    338 оны үест Шэигянь Тоба улсын хаан ширээнд өргөгдөн гарч ирсэн байна.Тэрээр ухаантай, зоригтой хүн байсан бөгөөд төрийн бодлогод өндөр боловсрол, дадлага туршлагатай хятад сайд, түшмэдийг өргөнөөр ашиглаж, засаг заслал, цааз хуулийг жигдлэн тогтоолгосон байна. Засаг заслал , цааз хууль ял шийтгэл зэрэгт нэлээд шудрага байдлаар хандах гэсэн нь олны талархлыг хүлээж, харъяат албат нар нь нэг хэсэгтээ тайвширсан хэмээн түүх сударт тэмдэглэн үлджээ.
    Тоба Гүй хааны үед Тоба улс Юань Вэй хэмээх нэртэй, Хятадын Пинчен хотод нийслэлсэн, дэвсгэр нутаг, хүн амын ихэнх нь хятад иргэд болсон, хятад, тоба холимог, нүүдэл суурьшил хосолсон улс болж хувирсан байна. Удалгүй Тоба хаад нийслэл хотоо эртний хятадын Зүүн Хянь улсын нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн,хятад маягаароны цол сэлттэй болж, түүнийг бас хятадаар нэрлэх болсон байна. Шашин соёл, зан заншлын хувьд ч Тоба хаад бөө мөргөл , нүүдлийн соёл заншлаас аажмаар хөндийрч хятад маягийн амьдрал,Хань улсын үеэс Хятадад нэвтрэн дэлгэрч, хангалттай хятаджсан буддын шашныг илүү баримтлах болж байсан байна.
    Тоба Вэй улсын хаад, ноёд Умард Хятадад ноёлон удах тусам хятадын нөлөөнд аажмаар автагдан эцэс сүүлд нь тоба нарыгаа хүртэл хятадчилах тийш хандаж байжээ.
    Өвөр Монгол, Умард Хятадад ноёлж байсан Муюны улс, Тоба Юань Вэй улс мөхсөн боловч Муюн, Тоба нар бүхэл бүтэн аймаг, овгуудын хувьд бас тэр доро устаж үгүй болоогүй билээ.
    Түгүхүнь нар нэг хэсэгтээ иньшан; уулын баруун өмнө хэсэгт буудаллан байж байгаад 4 зууны эхээр цааш нүүж, Хөх нуурын газарт очиж, тэндэхийн Цян угсааны тангад аймгуудыг засаглан захирах болсон ажээ. 2 мөн тэнд, тал 229.
    Хөх нуурын газарт очиж засаглан суусны дараа Түгүхүнь ноён хэрэг дээрээ тэндэхийн өвөг монгол угсааны анхны хаан болсон байна. Түгүхүнь нар өөрийн хааныг “кэхань” (каган) хэмээн цоллодог, хатныг “кэцзүнь” (катунь) хэмээдэг байсан нь бас л цөм өвөг монгол хэлний мөнгөл бичгийн эртний дуудлагаар байгаа байна.
    Эр хүн эцгийгээ нас барсны дараа хойд эхээ, ахын үхсэний дараа гэргий нарыг нь эхнэрээ болгож авдаг заншилтай байсан Хүннү, Сяньбийн угсааны бусад аймаг, овгууд дахитай нэг адил байжээ.
    4 зууны 20-оод оны үест төр барьж байсан Ачай хаан 20 хөвгүүнтэй байсан бөгөөд нас бархынхаа өмнөхөн эхийнхээ отгон дүү хөвгүүнийг дуудаад “Чи нэг цум аваад хугалаад орхи” гэжээ. Сумыг хөвгүүн хичнээн хугалж орхисонд одоо “19 сум авчраад хугал” гэжээ. Хөвгүүн хичнээн оролдовч хугалж чадсангүй. Ачай хаан үр хүүхдүүддээ хандаж “Та нар ганчаныг хугалхад амархан , харин олныг хугалхад хэцүү гэдгийг та нар ойлгов уу? Хүчээ нэгтгэж нэг санаатай бай! Тэвэл газрын онгодыг тахих тахилгын ширээ тань бат бэх байх болно. (Засаг заслалын суурь батжин бэхжинэ)” гэж байжээ.
    Эдүгээ хүртэл Хөх нуур, Ганьсү нутагт баоань дүнсянь, монгор гэх зэрэг эрт, дундад зууны монгол хэлтэн аймаг ястнууд байгаа нь чухамхүү түгүхүнь-төгөөн нарын үр удмынхан хагас дутуу ч гэсэн хадгалагдан үлдээд байгаа сонин бөгөөд чухал үзэгдэл мөн хэмээлтэй.
    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюны соёлтой байсан нь дээр дурдсан бүх зүйлээс тодорхой байгаa юм.
    Тэд цөм дөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ес суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил , ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.
    Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна.
    Тоба нар ч гэсэн анхны үед бөө мөргөл шүтдэг байсан. Харин Умард Хятадыг эзэлж, Тоба Вэй улсыг байгуулсны дараа Буддын шашинд орж Энэтхэгийн соёл иргэншлийн нөлөө их дэлгэрсэн байжээ. Тоба нар буддын шашныг эхний үед Хятадаас уламжлан авсан бололтой байдаг. Тоба Вэй улсад буддын шашин нь төрийн шашин болсон байжээ.

    Сяньби нар ялагдсан дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчиж ховхлон авдаг тоног авах ёсыг их үйлддэг байжээ. Тоног авах ёс эртний скиф, индиан, монголчуудын дунд ч байсан бөгөөд 13 зууны үед “тоног” гэдэг нэрээрээ хадгалагдан үлдээд байжээ. Хожим монголчууд тоног авахыг бүрмөсөн цээрлэн хориглосны улмаас хонины толгойг чанаж болгон идэхдээ түүний оройн хатуу зузаан баатар хуйх гэгчийг “хүнд өстэй болно” гээд авч идэхийг цээрлэдэг заншилтай болсон байна.
    Тоба нарын тэнгэр тахих ёс бас их сонин бөгөөд зарим зүйл нь хожмын үеийн монгол зан заншлын зүйлтэй адил төсөөтэй байсан байна.
    Датун хотын баруун дүүрэгт 405 оны үест тахилгын дөрвөлжин цөнж бариад, түүн дээр 7 модон хүн тавьсан зэргийг нэлээд тодорхой дүрслэн бичжээ. Тэнд дурдсанаар тал хэнгэрэг барьсан удган нар цонжийн хоёр хажуугаар зогсож, хааны угсааны 7 хүн архи барин, удган нартай хамт цонж дээр гарч тэнгэр дэвээр мөргөн, 7 хүн баруун тийш хандан архиа тэнгэрлиг модон хөрөгт өргөж байжээ. Түүнчлэн 420-иод оны үест Тоба Вэй улсад хэрхэн тэнгэр тахиж байсан тухай эртний Хятадын “Өмнөд ци улсын судар” түүхэнд дурдсан зүйл их сонин бөгөөд чухал. Тэнд дурдсан нь: Хотын баруун талд тэнгэр тахих цонж бий. Түүний дээр дөчин есөн модон хүн, өндөр нь хос алд орчим, мөн цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл тавьжээ Дандаан (билгийн улирлын) дөрвөн сарын дөрвөнд үхэр, мориор тэнгэр тахидаг гэжээ. Доктор Г.Сүхбаатар Өмнөд Ци улсын түүхчдийн дурдсан цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл зэрэг нь хойч үеийн монголчуудын адууны дэл сүүлээр үйлдсэн хар, цагаан сүлдийг санагдуулж байна. Үүнд, марины сүүл гэдэг нь гилбэрийг тойруулан адууны сүүл уядагийг хэлж байна, тэр сүлдний ерөнхий байдлыг төсөөлөн бодоход Чингисийн үеийн хар, цагаан сүлдтэй үндсэндээ адил санагдана гэсэн санаа дэвшүүлсэн нь үнэхээр тийм байсан байж бүрэн болно.
    1Өмнөд Ци улсын судар 59-р бүлэг (хятадаар), 2Г.Сүхбаатар. Сяньби. УБ., 1971, тал 137-138
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ХУЛАН ХАТНЫ ОНИСОГО

     

    Солонгосын Монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор И Сөнг юү, “Улаанбаатар” дээд сургуулийн захирал, профессор Чой Гихо нар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хуралд хоёр орны хэл шинжлэл, түүхийн эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүлэв. МУИС-ийн доктор Е.Равдан “Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр”, мөн сургуулийн багш Ц.Баттулга “Эртний түрэгийн зарим нэр цолыг бичих тухай”, М.Баярсайхан “Мэргид ямар угсаа гаралтай байсан бэ?”, С.Дулам “Солонгосын Тангүний домгийг Монголчуудын баавгайн домогтой харьцуулах нь”, Г.Эрдэнэчимэг “Юан, Корейгийн төрийн ураг барилдлагын тухай”, Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Минжин “ХШ-Х1Ү зууны үеийн Монгол-Солонгосын худ ургийн харилцаа”, Солонгосын “Юн-Нам”-ын их сургуулийн эрдэмтэн Квак Тэ Чун “Солонгосын уламжлалт хөгжмийн гоо сайхан” мөн сургуулийн доктор Пак Су Хён “Солонгос-Монголын дипломат харилцааны 20 жилийн хөгжмийн соёлын солилцоо” зэрэг 30 гаруй илтгэл тавьсан юм.

    Монголын Солонгос судлалын тэргүүн, доктор, профессор Б.Сумьяабаатар сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, шинэ баримт сэлтээс танилцуулсан нь эрдэмтэн, судлаачдын сонирхлыг ихэд татав. Тэрбээр дундад зууны Монгол, Солонгосын харилцаа ямар байв аа гэдгийг үүх түүх, бичиг соёлын холбооны талаас нь нягтлан судалж үнэн мөнийг баримтаар батлах нь бидний гол зорилго гэлээ.

    Монгол хаад хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байв
    Дундад зууны Монголын Солонгос судлал, Солонгосын /Гуулин улсын/ түүх соёл, хэл яриа, бичиг үсэг, улс төр, эдийн засаг, газар тариалан, өмч хөрөнгө, одон зурхай, цэргийн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарч байсныг онцлов. Монгол хаад, төрийн зүтгэлтэн нар хоёр орны найрамдалт харилцааг туйлаас эрхэмлэдэг байжээ. Чингисийн үед Монгол, Солонгосын харилцаа сайн байсан. Домгоор бол Монгол нь Солонгосын хүргэн улс /Хулан хатны домог/, түүхээр бол Монгол нь Солонгосын хадам улс, нөгөө талаас Солонгос ч Монголын хүргэн улс. Хубилай хааны охин Хотолгэримши 1274 онд Солоносын бэр болсон. Мөн, Хубилай хааны ач хүү Гамалагийн охин Солонгос вангийн хатан байжээ. Энэ хатан Монгол бичиг сайн мэддэг. Монголоор захиа бичиж нутагтаа илгээж байсан тухай Солонгос түүхийн сурвалжид тэмдэглэсэн байсан нь олджээ. Найман зууны тэртээ ч гэсэн ийм л соёлтой бүсгүйчүүд Монголд байжээ. Мөн Монгол эмэгтэй гадаадад элч болж очиж байсны 790 жилийн ой 2011 онд тохиох аж. Энэ бол дэлхийн дипломатын түүхнээ бичигдэх түүхэн баримт гэнэ. 1225 онд Монголын элч Гуулин улсад очоод буцаж явахдаа алагдсан тоогүй явдал гарчээ. Элчийг алсан учир дайлаар мордох нь зүйтэй гэж баатрууд хэлэхэд Чингис хаан “Баттай баримт нотолгоогүйгээр хэрхэн дайлж болох” хэмээн өгүүлж болиулж байсан удаатай.

    Монгол төрийн зүтгэлтнүүд Монгол, Солонгосын харилцааг хэчнээн хүндэтгэдэг байсны нэг түүхэн баримт энэ бөлгөө. 2010 он бол Монгол, Солонгосын харилцаанд онцгой жил болж байгаа билээ. Солонгос /Гуулин улс/-аас Хятанд, хятан хэл сургахаар 10 оюутан илгээж байсны 1015 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хятаныг Монголын өвөг дээдэс гэж үзвэл, Монгол, Солонгосын соёлын харилцааны 1015 жилийн ой болж байна гэсэн үг. Хятан хэл Монгол хэлтэй бүтэц ижил. Нангиад үсгээр тэмдэглэсэн хэдэн үгийг хянаваас, Монголоор барахгүй Солонгос үгтэй ч тохирдог.

    Хятан бичгийн дурсгал манайд, мөн Өвөр Монголд нэлээн хэд байдаг аж. Хятан бага бичгийн гуулин толин дээрх нэгэн сонин дурсгал одоо ч Сөүл хотын үндэсний түүхийн музейд хадгалагдаж байдаг бөгөөд хараахан тайлан уншиж чадаагүй,. Энэ дурсгал хаанаас, хэзээ, хэрхэн Солонгост очсоныг тодруулах ажил эзнээ хүлээж байгаа гэлээ. Монгол оюутан Солонгосд 791 жилийн өмнө сурч байв. 1219 он Монгол жанжин 41 хүнд “Та нар Корей хэл суралцаж бай” гэсэн захиа үлдээсэн түүхэн тэмдэглэл Солонгос сурвалжид байна. Энэ бол Монгол, Солонгосын соёлын түүхийн алтан хуудас яриагүй мөнийг харуулж байгаа хэрэг. Монгол Улс Солонгосоос бэх, бийр, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл авахаар жуу бичгийг 790 жилийн өмнө илгээж байсан баримт байдаг. Энэ нь Гурван голын буюу Чингисийн Монголчууд бичиг үсэггүй, харанхуй бүдүүлэг байсан гэсэн зарим эрдэмтдийн саналыг үгүйсгэх бодит баримт. Алдарт “Монголын нууц товчоо”-г манай толь бичгүүдэд байдаг солхо цаас буюу Солонгос цаасан дээр бичсэн байж магадгүй гэсэн саналыг эрдэмтэн Б.Сумьяабаатар дэвшүүлж байгаагаа ч дуулгав. Монгол, Солонгосын археологичид цаасны хоёр ч үйлдвэрийн ором буурийг Монгол нутгаас олоод байгааг дурдав. Монголоос Солонгост 686 жилийн өмнө 17 мянган дэвтэр бүхий 4371 боть ном бэлэглэж байсан түүхэн баримт Солонгосын эх сурвалжаас олджээ. Энэ бол бүхэл бүтэн номын сан гэсэн үг. Дундад зууны ямар ч улс гадаадад ийм олон тооны ном түгээж байсан түүх дэлхийд байхгүй. Дэлхийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх зүйл гэж бахархан бодно. Эдгээр номс одоо хаана байгааг Манай Солонгос эрдэмтэд /Дундад зууны Монголын хууль цаазын цорын ганц эмхтгэл бичгийг олсон шигээ/ хайж олно гэдэгт найдаж байна гэлээ. Энэ мэт дэлхийн Монголч эрдэмтдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж, оюуныг мялаасан түүхэн сурвалжуудыг судлан тогтоосноо эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлж байлаа.

    Хулан хатан Солонгос биш Мэргидийн угсааных гэв
    Бас нэг сонирхол татсан илтгэл бол МУИС-ийн багш, доктор М.Баярсайхан “Мэргид ямар угсаа гаралтай вэ” судалгааны бүтээл байлаа. Тэрбээр Бухцагаан хааны охин Хулан Солонгос биш гэсэн санаа дэвшүүлж байгаагаа хэллээ. Судалгааны үндсээ тайлбарлав. “Алтан улсын судар”-т Нюйчжи улс угтаа Мохэ-гээс гарав. Дайляо-гийн адил өөр улс ажгуу хэмээн тэмдэглэжээ. Мохэ нар нь Бохай улс /698-926/-ыг байгуулж явсан түүхтэй. Мохэ нэрийн талаар судлаачид голоор нутаглагч гэсэн утгаар нэрийдсэн түнгүс үг гэж үздэг. Зарим судлаач Мохэ-гийн нэрийг Монголын нууц товчоонд гарах “мэргид” аймгийн нэр болон мэргэн хэмээх үгтэй холбон тайлбарладаг.

    Энэ нэрийг Япон, Солонгос хэлэнд “mokid”, “moji”,”malgal”, гэх зэрэг хувилбар дуудлагатай хэлдэг. Тэгвэл тэдний баруун хөрш болох Монгол овог аймгууд тэднийг юу гэж нэрийдэж байсан бэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ илтгэлд миний бие тэрхүү “мэргид” хэмээх нэр мохэ-тэй холбогдоно гэдэг саналыг дэмжиж, Монгол түүхийн сурвалж дахь зарим мэдээ үүнд холбогдож болох талаар ажигласнаа дурдаж байна гэлээ. Тухайлбал Монголын нууц товчоонд мэргидийг дотор нь ялган нэг хэсгийг нь “увас мэргид” гэж бичсэн байдаг.

    Түнгүсүүдийн дотор “уван” гэдэг нэр нөлөө бүхий овог байдаг аж. “Увас мэргид”-ийн “увас” бол тэр уван овгийн нэрэнд олон тооны дагавар залгаж бүтсэн нэрийдэл гэж бодож байна. Мөн Монголын нууц товчоонд увас мэргидийн ноён Дайр усун өөрийн Хулан нэрт охиноо Чингис хаанд хатан болгон өргөсөн гэж гардаг. Гэтэл Хураангуй “Алтан товч зэрэг зарим түүхийн сурвалжид Хулан хатныг солонгуудын Буха цагаан хааны охин гэж бичсэн байдаг. Энэ мэдээ бол санаандгүй ч зүйл бус. Тэр солонгууд гэдэг нь Солонгос улсыг заасан үг биш, түнгүсийн нэгэн хэсэг болох солоон хүмүүсийг заасан үг гэж үзэх нь зүйтэй. Нэрийн хувьд Монгол сурвалжийн мэргид хэмээх нэр, Солонгос сурвалжийн малгаль, Хятад сурвалжийн мохэ зэрэг нь нэг л нэрийн олон хувилбар дуудлага мөн. Харин 12-13 дугаар зууны үед байсан мэргид аймаг гарлын хувьд жүржчиний өвөг дээдэс-мохэ нартай шууд холбоотой гэж болохгүй. Гэвч мэргид бол ямар нэгэн хэмжээгээр түнгүстэй холбоотой гэж үзэж байна. Дашрамд, эртний түрэгийн Орхоны хөндийн руни бичээсд гардаг “bukli” хэмээх нэр бол мохэ болон тэдний бүрдүүлсэн Бохай улсыг заасан үг гэж үзэх нь зүйтэй хэмээн тайлбарласан юм.

    Монголын их хаадын охид Солонгос нөхөртэй байжээ
    ШУА-ийн түүхийн хүрээлэн, Дундад зууны үеийн Монголын түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжингийн “ ХШ-Х1Ү зууны үеийн Монгол-Солонгосын худ урагийн харилцаа” илтгэлд “Их Монгол Улсаас Солонгост зарсан элчийн хамгийн олон хүнтэй нь Отчиган ноёны 1221 оны 8 дугаар сард ирүүлсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй элч байдаг аж.

    Отчиган ноёны илгээсэн элчийн шаардлага ёсоор Солонгосоос халиуны арьс нэг түмэн ширхэг, торго 3000 толгой, олс 200 боодол, мяндас түмэн жин, лунтун бэх 1000 хийлүүр, бийр 200, цаас буман хуудас, бэрээмэг, будаг, тоор модны тос тус бүр арван жин нийлүүлсэн гэж Солонгосын сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг байна. Дэндүү их алба татвар нэхэж, Солонгос иргэдэд их чирэгдэл учруулсан гэж Отчиган ноёныг Чингис хаан зэмлэн буруушааж байсан боловч Монголчуудад өргөн энэхүү алба нь Алтан улсад өргөж байсантай харьцуулахад өчүүхэн бага байжээ. Мөнх хааны охин Солонгосын Ко Жон ваны төрөл гүн Ён нён буюу Ван сунтай гэрлэсэн.

    Чингис хаанаас хойш Монголын хаадын гүнжтэй гэрлэсэн Коре хүний нэг бол Вонжоны хүү Чүнрёл ван. Чүнрёл ван ихэд ухаалаг сэргэлэн хүн боловч сайхан эмэгтэй харвал шөнийн нойр нь хулждаг шахуу хүүхэмсэг нэгэн байжээ.

    Тэрээр Хубилай хааны отгон охин 16 настай Хутаг бэх гүнж ихэд гоо үзэсгэлэнтэй гэдгийг мэдээд, Хубилай хааны ордонд 3 жил шахам бүгж охиноо өгөхийг гуйжээ. Хаан элдвээр шалтаглан охиноо өгөхгүйг хичээсэн боловч эцэст нь Чүнрёл вантай гэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Хутаг бэх гүн ингэж Коре Чүнрёл вантай гэрлэсэн бөгөөд энэхүү худ ураг барилдах явдал Монгол, Солонгосын харилцаанд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг байна. Монголын эзэнт гүрний түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Солонгос гүнж нь Тогоонтөмөр хааны авааль хатан болох Чи овогт Өлзий хуту юм.

    Түүний хүү Аюуширидара гэх билэгт хаан нь Тогоон төмөр хааны том хүү бөгөөд 1370-1378 онд төр барьж байжээ. Тогоонтөмөр хаан Монголын хуучин зуршлыг эвдэж Чин овогт хатныг гол ордны хатан болгосон явдал нь Чи овогт хатны сэцэн сэргэлэн зан чанар таалагдсанаас гадна бас төрд зөвлөх авьяас чадвартай байсан аж. Ийнхүү судлаач, эрдэмтдийн олон жилийн нөр их судалгааны бүтээлээс та бүхэндээ цухас сонирхууллаа. Дараагийн дугаартаа дэлгэрэнгүй толилуулах болно.
    작성자: 숙향- СҮГХЯН 시간: 오전 9:08

     

  • МОНГОЛЫН ТЭНГЭРИЙН ҮЗЭЛ БА ЭДҮҮГЭЭГИЙН ДЭЛХИЙЧЛЭЛИЙН ҮЗЭЛ

    Тэрхүү үзэл санаа нь тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл бүхэл бүтэн улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж болно. Тэнгэрийн үзэл нь аль нэгэн сурвалж бичигт тодорхой хэлбэрээр томъёологдон үлдээгүй боловч манай үед хүрч ирсэнмонгол болон бусад олон хэлээр бичигдсэн сурвалжуудаас бид түүнийг сэргээн тодорхойлж, утга агуулгыг нь шинжлэн судлах бүрэн бололцоотой. Юуны өмнө тэнгэрийн үзлийн талаар тодорхой бөгөөд магадлалтай анхны ойлголтыг “Монголын нууц товчоо”-ноос олж үзэж болно. Түүнд Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай болохыг түүхэн домгоор нотлон харуулсан нь илт байна. Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох бөө мөргөлийн тулгуур үзэл баримтлал болох Тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг Тэнгэр Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрхи байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. “Монголчууд зөвхөн гагц Тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал, зовлонгийн эзэн хэмээн үзнэ” гэж тухайн цагт Монголд ирж байсан гадаадынхан гярхай ажиглан бичсэн байдаг. 13-14 зуунд монголчууд ер бусын их өргөн түрэмгийлэл явуулан, улмаар дэлхийн их эзэнт гүрэн байгуулан тохинуулахын хамтад Тэнгэрийг тахин шүтэх үзэл нь улам их боловсронгуй болж, ертөнц дахины чанартай үзэл суртал болон хувирав. Энэ талаар эх сурвалжуудын мэдээ баримтыг авч үзье. Монголын их хаадын албан ёсны бичгүүдийн эхэнд нэгэн маягийн тогтсон оршил байсан нь:”Мөнх Тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл-дур…” Энэ томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хосёсны үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба Хаган хэмээн хослол нь эцэг Тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж ч болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд, ер бусын нэгэн төрлийн бурхан мөн бөгөөд тэр нь ”хүчин” хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Үүний ачаар Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Өөрөөр хэлэхэд Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн “суу зали” буюу харизмагийн ачаар Тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Тэнгэр, Хаган хэмээх хослол санаа нь Монголын их хаадын албан ёсны баримт бичгүүдэд улам хөгжиж нарийсаж иржээ. Жишээ нь: Байжү ноёноос Ромын пап Инносент IY-т бичсэн захидалдаа хавсран илгээсэн Гүюг хааны нэгэн зарлигт болон мөн Мөнх хаанаас Францын хаан Хутагт Луйд илгээсэн захидлын оршлуудад “Мөнх тэнгэрийн хүчин-дор, Дээр ганц Мөнх тэнгэр, дор газар гагц эзэн Чингис хаган, Тэнгэрийн хүвгүүнтй захидал…” хэмээжээ. Энэ мэтийн Монголын их хаадын албан бичгүдийн оршилд Тэнгэрийн үзлийн гол философи товч боловч тод илрэлээ олжээ. Тэрхүү филисофийн ёсоор дээр гагц Хагаан байх учиртай, өөрөөр хэлбэээс Монголын хаан нь “Наран ургахуй зүгээс, наран жаргахуй хүртэл” буюу Мөнх Тэнгэрийн дорхи бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ. Тэнгэрийн үзлийн энэ гол үзэл санааг Монголын их хаадаас Ромын пап нар, Европын улсуудын хаадад тухайн үедээ явуулж байсан албан бичиг, захидлуудаас олж үзэх болно. Энд нэгэн зүйлийг тусгайлан тэмдэглэхэд монголчуудын цэргийн довтолгоон 1240 хэдэн онд Зүүн Европын орнуудад хүрэх үеэр Монголын Тэнгэрийн үзэл нь тэр цагт Европ дахинаа ноёрхож байсан Христийн шашин ертөнцийн үзэл сурталтай халзмөргөлдөн тэмцэлдэж эхлэв. 1245 онд Инносент 4 пап ламтан Христийн шашинтны тэргүүний хувьд ихэд санаа зовж, Монголд өөрийн бие төлөөлөгч элч Плано Карпини хэмээх христийн ламыг тусгай захидлын хамт яаралтай довтолгов. Папын 1245 оны 3-р сарын 13-ны өдрийн захидалд Христийн шашинтан ба бусад орнуудын эсрэг довтлон сүйтгэж, цаашид ч алс холын улс орны эсрэг үргэлжлүүлэн, байгалаас заяасан уялдаа холбоог таслан эвдэж, нас хүйсийг үл хайхран сүйтгэж байгааг нь хүчтэй эсэргүүцэн, ялангуяа христийн шашинтныг үй олноор нь бүрэлгэн сүйтгэхээ даруй зогсоохыг хатуу шаарджээ. Үүний хамтад пап ламтан өөрийн бие төлөөлөгч, их номтны номнол, үгийг хүндэтгэн хүлээн авч зөвшилцөхийг хүсчээ. Үнэн хэрэг дээрээ ромын пап Монгол хааныг Христийн шашинд оруулахыг эрмэлзэж байсан нь ч тодорхой. Гүюг хаанаас 1246 оны 11-р сард мөнхүү элчээр нь дамжуулан Инносент IV папад илгээсэн хариу захидалд пап ламтныг нөхөд сэлтийн хамт хүрэлцэн ирж хүчин зүтгэхийг сануулж “Христийн шашинтан улс орныг бүрэлгэн сүйтгэж байна” хэмээн зэмлэснийг нь “үл ухаж байна” хэмээн няцааж, өөрсдийн довтолгооныг гагцхүү “Мөнх Тэнгэрийн зарлигийг биелүүлж буй хэрэг хэмээн, мөн “Дээд тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран жаргахуй хүртлэх бүх улс орон” Монголын хаанд захирагдсан болохыг дурджээ. Эцэст нь “Тэнгэрийн зарлигийг хэн эс дагах буй. Бид ил боол тань болон хүчээ өгсүгэй…”, “эдүүгээгээс эхлэн та бүхнийг ивээлдээ орсон хэмээн үзсүгэй. Тэнгэрийн зарлигийг эс даган, бидний үгийг эс дагаваас дайсан болохыг мэдтүгэй. Юун болохыг гагц Тэнгэр мэдтүгэй “ гэжээ. Гүюг хааны захидлаас найман жилийн дараагаар Мөнх хаанаас Францын Луи хаанд илгээсэн захидалд ч мөн иймэрхүү утгатай зүйлийг өгүүлсэн байдаг. Монголын Тэнгэрийн үзэл, Христийн шашны ертөнц дахины үзэл хоёрын мөргөлдөөн тэмцэл төдий л удаан үргэлжилсэнгүй. 1241 онд Өгөдэй хаан нас нөгчиж, улмаар монголчуудын Европын гүнд явуулсан довтолгоон зогссоноор тэрхүү тэмцэл ч үндсэндээ дуучгавар болжээ. Харин тэнгэрийн үзэл тухайн цагийнхаа өөр нэг хүчирхэг үзэл Исламын шашинтай халз тулгаран өрсөлдөв. Энэ нь Мөнх хааны монголчуудын түрэмгийлэлийг Исламын шашинтан Дундад ба Ойрхи Дорнодын орнуудын эсрэг чиглүүлэн явуулах болсонтой холбоотой байв. Өрнө зүгт Мөнх хааны дүү Хүлэгүгийн явуулсан аян дайны дүнд монгол цэргүүд Аббасидын Халифат устан, Багдад, Дамаскийг эзлэн улмаар Инд мөрнөөс баруун тийшэх Исламын шашинтан бүх улс орныг байлдан дагуулж, эцэст нь зуу шахам жил үргэлжилсэн Ил хааны улс хэмээн Монгол хаадын улсыг Иранд үндэслэн байгуулав. Энэ бүхэн нь голдуу цэрэг зэвсгийн хүчээр болсон хэрэг байсан боловч Монголын тэнгэрийн үзэл багагүй түүхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үзэл нь тухайн улс оронд он удаан ноёрхож байсан Исламын шашны эсрэгт Монгол хаадын ноёрхолыг үзэл суртлын хувьд үндэслэн зөвтгөж байв. Үүний нөгөө талаар Тэнгэрийн үзэл нь зорилгодоо хүрэхийн тулд нөгөө нэг ертөнц дахины үзэл суртал болох Христийн шашинтай ойртон нягтарч холбоо тогтоон Исламын эсрэг тэмцэхийг эрмэлзэж байв. Үүнд тааламжтай хөрс суурьч бүрэлдсэн байжээ. Юуны өмнө, Христийн шашинд монгол хаадын илүү дотночлон хандах явдал Мөнх, Хүлэгүгийн үед хүчтэй болж ирэв. Тэдний эх Соргагтани хатан өөрөө Христийн несториан шашинтан байсан учир нөлөө нь түүний хаан хөвгүүдэд багагүй нөлөөлсөн ажээ. Хүлэгү болон түүнийг залгамжлагч зарим Ил хаад ч Несториан шашинтан хатадтай байжээ. Исламын шашинтан улс орны эсрэг монголчуудын явуулсан аян дайн тэдгээр оронд олон зуун жилийн турш хавчигдаж байсан Христийн несториан шашинтныг чөлөөлөн урамшуулж, тусламж дэмжлэгийг авах бололцоог хангав. Монгол хаад ч уг байдлыг овжин ашиглан Исламын шашинтан орнууд, ялангуяа тэр цагт монголчуудад эзлэгдээгүй үлдсэн хүчирхэг Мамлюкийн Египетийн эсрэг түрэмгийлэлдээ Ромын папын улс болон Европын Христийн шашинтан улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэн, цэргийн эвслийг ч байгуулан тэмцэхийг чармайж байсан юм. Үүнийг түүхийн сурвалж бичгүүд ч гэрчилнэ. Жишээ нь 1289 онд Ил хаан Аргунаас Францын Гуа Филипп-д явуулсан захидалд Мисир /Египет/-ийн эсрэг хамсан довтлох саналыг нь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч” Димисги /Дамаск/-д морилон бууж, “Тэнгэрт мөрөгдөж тэд иргэдийг авбаас Орислим /Иерусалим/-г танд өгье…” хэмээжээ. Үүнээс 13 жилийн дараагаар 1302 онд Ил хаан Газан Ромын пап Бонифас 8-д илгээсэн захидалдаа мөн л Исламын шашинтан улсуудын эсрэг цэргүүдээ харилцан засан, болзсон хугацаанд илгээж хамсан довтолж “Тэнгэрийг залбирч их үйлийг ухаад нэгэн зүг болгъё” хэмээжээ.Энэ бүхнээс үзэхэд монголчуудын ер бусын их өргөн түрэмгийлэлбол зөвхөн гагц аюумшигт аллага хядлага, сүйрлээр дүүрэн зэрлэг нүүдэлчдийн гэнэтийн нэгэн хэрцгий уулга довтолгоон төдий байсангүй, харин тухайн цагийнхаа дэлхийг бүхэлд нь хамарсан гүн гүнзгий их их үр дагавар бүхий нэгэн төрлийн сонирхолтой үзэгдлийг хүн төрлөхтний түүхэнд үүсгэн буй болгосныг бид тусгайлан анхааран үзвээс зохино. Дорно, өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Үүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Өртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орны хооронд чөлөөтэй явагдаж байв. Дорно, өрнийн харилцаа холбоо тэр цагийнх шиг тийм үр бүтээлтэй бөгөөд идэвхитэй байсан нь урьд өмнө түүхэнд үзэгдээгүй ажээ. “Монголын энх амгалан” /Pax Mongolica/ хэмээн нэрлэгддэг нэг ёсны Монголын дэлхийн дэг журам ч тогтсон байв. Үүгээр үл барам, тухайн үедээ дэлхийн ердийн нэг их эзэнт гүрэн байгуулагдах төдийгээс илт хэтэрсэн, ертөнц дахины шинжтэй ер бусын нэгэн том үйл явц явагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү үйл явцыг бид монгол нэр томъёогоор “тэнгэрчлэх” үйл явц буюу тэнгэрчлэл хэмээн нэрлэж болно. Түүх-үзэл баримтлалын үүднээс авч үзвээс Монголын тэнгэрчлэл бол эдүүгээгийн бидний “дэлхийчлэл”, Тэнгэрийн үзэл /тэнгэризм/ нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй төстөй учир харьцуулан авч үзэж болмоор байгаа юм. Энд зөвхөн нэр томъёоны ялгаа байгаа бөгөөд Тэнгэрийн үзэл /Тэнгэризм/ нь “Тэнгэр хэмээх алтай гаралтай хэлнүүдийн үгнээс үүсэлтэй бол глобализм нь “giobus” /газар дэлхий/ хэмээх хоёр үзэлд зарчмын бөгөөд тулгуур их ялгаа оршиж байгаа нь мэдээж хэрэг.Ийнхүү Монголын тэнгэрчлэх үзлийн тухай ярихдаа бид хуучны юмыг хэт эдүүгээчлэн он цагийн замбараагүй байдлыг үүсгэх гэсэн бус, харин түүхэнд эрт, орой болсон төстэй үзэгдлийг харьцуулан судлаж ойлгохыг оролдсон нь болой. Монголын түүхэн туршлагаас үзэхэд одоогийн дэлхийчлэл хэмээх үзэгдэл нь түүхэнд сая үзэгдэж байгаа тийм ч их шинэхэн үйл явц бус ажээ. Энэ нь бас өөрийн эртний түүхтэй бөгөөд Монголын туршлага бол дэлхийчлэлийн үзлийн хамгийн нийтлэг төрхтөй өвөрмөц нэг хэлбэр нь байжээ. Бидэнтэй энэ сэдвээр ярилцсан Америкийн нэрт сэтгүүлч Лесли Чань монголчууд бол “глобализмын үзлийг анхлан санаачлагч”, “анхны хэрэгжүүлэгч” нь байжээ хэмээн дүгнэн бичсэн юм. Гэхдээ Монголын тэнгэрчлэл бол голдуу улс төрийн үзэгдэл байсан хийгээд түүнийг юуны өмнө хүчирхийллийн аргаар хэрэгжүүлжээ. Ийм учраас тиймэрхүү маягийн дэлхийчлэл төдий л их амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэр нь удалгүй бүтэлгүйтэн нурсан билээ. Энэ бол хүн төрлөхтөн заавал мэдвээс зохих хийгээд хэзээ ч марташгүй, үл тоомсорлох ёсгүй агуу их түүхэн сургамж мөн. Одоогийн дэлхийчлэл нь Монголын тэнгэрчлэлээс эрс ялгаатай, үндсэндээ тайван замаар явагдаж байгаа билээ. Гэхдээ тэр нь хэтэрхий их материаллаг, прагматик шинжтэй, эд хөрөнгийн ашиг сонирхлыг урьдал болгоод оюуны болон зан суртахууны үнэт зүйлсийг төдий л үл анхааран орхигдуулж байгаа талтайг хэлэх хэрэгтэй. Эдүүгээ дэлхийчлэлийн үйл явц хүчтэй болох тусам дэлхийн өөр өөр иргэншил, шашны өвөрмөц шинж байдал, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл, тэрч бүү хэл эсэргүүцэл тэмцэл,ч ихсэх хандлага илт ажиглагдаж байна. Одоогийн дэлхийчлэлийн үзэл илүү их ул суурьтай, илүү их хүмүүнлэг бөгөөд болвсронгуй филисофийг шаардаж байгаа нь илт байна. Дэлхий дээрх олон соёл, шашин, хэв заншил, уламжлалын ялгааг үл харгалзан хүн төрлөхтөн нийт даяараа хүлээн авч чадахуйц тийм нийтлэг бөгөөд түгээмэл дэлхийчлэлийн үзэл онолыг гаргана гэдэг тийм ч хялбархан зүйл огт биш болох нь тодорхой. Гэвч үүний төлөө нийтээрээ хамтран ажиллах нь харилцан тэмцэлдэн сөргөлдөхөөс илүү их ирээдүйтэй болохыг онцлон тэмдэглүүштэй. Мөн үүний хамтад “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн их хаан Мөнхийн айлдсан үгийг хүн төрлөхтөн альч үед санаж явахад илүүдэхгүй бөгөөд энэ үг одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
    Академич Ш.Бира

  • МОНГОЛ БҮСГҮЙ ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНИЙН МАНЛАЙ

    Эрхэлж, тоглож “жаран чавганцын ажил” хийсээр нэг мэдэхэд нэхий бойтгоо элээж цоолоод хаячихаж би. Нагац ээж асууж. “Чиний энийг тэгээд хэн оёх юм”. Би хариулж. “Муу сайн хөгшчүүл л оёно биз”. Дээдсээс уламжилж ирсэн олон бөгөөд хачин сайхан бурхан тахилтай айл байсан юм. Даанч бүтэлгүй бэр нь, санаатай, санаагүй нь бүү мэд, үнс тоос болгоод хаячихсан гэдэг.

    Ганц хүүгийн нь тэр бүтэлгүй эхнэрээс гарсан хэдэн хүүхдийн зарим нь эрэмдэг зэрэмдэг төрж, эрүүл саруул өссөн нэг нь осолд орон талийгч болцгоосон билээ. Яагаад ийм болов гэж зурхайч мэргэдээс асуухлаар “бурхан тахилаа буруу замаар оруулсан байна” гэдэг гэсэн. Миний аавын бага ээжийг бид “хөгшээж” (хөгшин ээж) гэдэг байлаа.

    Авга ах нартай минь хамт амьдарч байгаад насныхаа сүүлийн жилүүдэд манайд байж, аавын минь гар дээр өнгөрсөн юм. Нагац ээжээс хойш хөгшээждээ ганц эрхэлж өгнө дөө. ёстой л “санаснаа хэлж, сарвайснаа авна”. Авга ах нараа ээлжээр эмээллэж унахаа шахна. Дөрвөн хөллүүлж байгаад зайдагнана.

    Гэтэл тэд насан эцэс болтлоо намайг хайрлаж, намайг дуудаж, өвчин хуучинд баригдаж, хоногоо тоолж байхдаа намайг л хүлээж, арай гэж нэг юм хүрээд очихоор намайг үзээд баярлан түр сэргэж, тэгээд сэтгэл нь ханасан бололтой бурханы оронд одоцгоосон билээ. Ээж минь шороон могой жил төрсөн, найман цагаан мэнгэтэй хүн байлаа.

    Амьд сэрүүн байсан бол энэ жил 85 сүүдэр зооглох байв. Өвөг аав минь бас могойтой хүн байжээ. Могойтой хүмүүсийг цэцэн ухаантай, авьяас төгөлдөр гэцгээдэг юм. Дамдины Сүхбаатар, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд олон суут хүнийг могой жил төрцгөөсөн гэж бодохоор үнэн ч юм шиг. Ээж минь намайг төрүүлсэн төдийгүй хүн болж төлөвшихөд их том үүрэг гүйцэтгэсэн юм.

    Аав минь багийн дарга гээд гэрийн бараа бараг харахгүй, гэр орны хамаг ажил ээжийн минь нуруун дээр үүрэгдэнэ. Намайг дөрөв таван настай байхад хонинд дагуулаад явна. Хоёулаа хонины захад сууж байхдаа надад цэцэн үг зааж, дуу дуулж, үлгэр ярьж өгнө.
    Сарьдаг өндрийн өврөөр
    Сайхан яргуй цэнхэртээд
    Саахалт айлын хоньд нь
    Сархиагаа дагаад идээшилж байна гээд залуу бүсгүйн шингэн хоолойгоор дуулдагсан.
    Тэр л өдрүүдэд “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг мэргэн үгийг надад зааж, яагаад тийм болохыг үлгэрээр тайлж өгсөн юм. Нэгэн хүү зовлонд унаад, яагаад тийм болсон, тэр зовлонг хэрхэн туулахыг асуухаар алсад суугаа мэргэн хүнийг зорин явж гэнэ. Гэтэл замд нь бас зовлонд унасан гурван хүн таарч гэнэ.

    Тэд хүүгийн зорьсон хэргийг асуугаад өөрсдийнхөө зовлонгийн шалтгааныг асуугаад ирээрэй гэж. Хүү ч амлаж. Мэргэн хүнд очвол, гурван л юм асуу гэж. Хүү бодож, бодож, өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бус нөгөө гурван хүнийхийг асууж. Мэргэн хүн тэдний зовлонгийн шалтгааныг тайлж, туулах аргыг нь зааж. Хүү буцаад явахдаа нөгөө гуравт учрыг хэлж, зовлонг туулах аргыг зааж.

    Тэгтэл өөрийн нь зовлон хийсэн арилж жаргал ирж гэнэ. Тэр мэргэн үг, үлгэр хоёр насан турш намайг дагаж яваа юм. Ээж минь дандаа л цэцэн үг хэлдэгсэн. Эгч дүү бид тэдгээрийг дор нь тогтоогоод хэлэлцэх, хэрэлдэхдээ хэрэглэнэ. Тийм болохоор миний бие ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл цэцэн үг, цэцэн үгтэй ном судар цуглуулж яваа.

    Зөвхөн цэцэн үг ч биш, Ертөнцийн гурваас эхлээд дуу, үлгэр, домог, тууль цуглуулдаг. Манай дарьгангачуул цэцэн мэргэн үг хэлтэй түмэн. Тэгээд ч олон олон яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, орчуулагч төрсөн. Одоо ч төрсөөр л байна. Ирээдүйд ч төрнө. “Билүүтэй уулынхаа овоонд нь
    Чулуу ганцыг нэмлүү дээ
    Биеэ хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Алтан гандиртай талдаа
    Ойрдоо би очлуу даа
    Амиа хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Уйлах шиг мэлтэгнэх усандаа
    Өссөн биеэ харлуу даа
    Ухаанаа асгаж ургуулсан
    Ижийнхээ ачийг ч яалаа даа” Бавуугийн хүүгийн энэ дуулал ээжийхээ ачийг хожуу таньсан үрийн нь хэлсэн сонгодог аксиом мөн. Мөхөс миний бие ийм л хүмүүсийн нэг л дээ. Дээрх бүхнийг нуршсаны учир нь айл гэрээс нийгэм бүрэлдэж, айл гэрээс нийгэм босч ирдэгт байгаа юм. Монгол айлд эмэгтэй хүн, эх хүн асар том үүрэгтэй.

    Монгол эр хүн суурин соёлтой орны эрчүүл шиг гэрийн мухар, эхнэр хоёроо сахин суудаггүй, адуу мал, аян жин, ан гөрөө, ажил явдап гээд алс хол олон олон хоног сараар явчихдаг болохоор өрх айлыг үндсэндээ эх хүн толгойлдог. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн том эрхтэй. Эр нөхөр нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Тоолшгүй цагийн чинадаас тийм байж ирсэн гэвэл эндүүрэл болохгүй.

    Одоо ч тийм л байгаа. Нөгөө “Аман хуур” кинон дээр Дарь авгай өвгөнөөсөө “Энэ гэрийн чинь өрхийн тэргүүн тэгээд хэн юм бэ” гэж асуухад Соном өвгөн “Нэр нь над дээр болохоос уг нь чи шүү дээ” гэдэг шиг. Монгол эх нь хүүхдүүддээ эцгээс нь илүү ойр. Тийм болохоор хүүхдүүд ээждээ ааваасаа илүү дотно байдаг гэвэл бас л эндүүрэл болохгүй.

    “Энэ хорвоо дээр ээж ганцхан, харин аав хэд ч байж болно” гэж хошигноцгоодог нь дэмий чалчаа үг бус бололтой. Тэгээд л ээжийн тухай дуу, шүлэг, найраг мянга түмээрээ байхад хөөрхий аавын тухай нь тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. “Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олохсон, миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөхсөн” гэж дуулцгаадаг мөртлөө хөөрхий муу аавдаа мөнхийн ус олж уулгая гэсэн дууг би л лав сонсоогүй юм байна.

    Бас “охинтой хүн баяжиж, хүүтэй хүн хоосордог” гээд байгаа. Бивээр найман настай сургуульд ороод дараалан гурван ч эмэгтэй багшаар анх ном эрдэм заалгасан хүн байгаа юм. Содовын Нарангэрэл, Магсарын Долгоржав, Аюушийн Пүрэвсүрэн гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан бүсгүйчүүд байлаа. Зөөлөн элбэрэлт мөртлөө хатуухан багш нар.

    Тэд миний болоод нөхдийн маань оюуны амыг нээж савныхаа хэмжээгээр эрдмийн абшиг хүртэх замд хөтөлсөн төдийгүй хүмүүний ёсыг таниулсан ачит хүмүүс билээ. Одоо нэгээс бусад нь энх тунх байгаа. Түүх сөхөөд монгол ээжийн тухай яривал Өэлүн эх, Сорхагтани бэх хатан хоёрыг л дурсахад хангалттай. Аугаа ээж нар.

    Есүхэй баатрыг тэнгэрт хальснаас хойш Өэлүн эхийн амссан зовлон далай мэт боловч зовлонгийн далайг хатамжилан туулж өчүүхэн хөвгүүдээ өвс ногоо, загас жараахайгаар тэжээсээр энэ уудам дэлхийн талыг эзэлсэн, Македоны Их Александр ч, Наполеон Бонапарт ч, Адольф Гитлер ч санаархаад бараагүй, хүмүүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй, хойшид ч байх боломжгүй Их Гүрнийг байгуулж чадсан мэргэн ухаант, хатан зоригт, энгүй хүчирхэг хаан, баатрууд болгон өсгөсөн эхийн алдар үеийн үед мөнх билээ л.

    Монгол үндэстний эцэг Их эзэн Чингис эцгээсээ Их Монголын голомтыг хүлээн аваад Өгөдэй хаан ахынхаа өмнөөс амиа зольсон гэдэг (яг үнэн түүх нь одоо болтол тодорхойгүй) Тулуй хаанаас хойш Их Монголын Мөнх хаан, Хүлэг хаан, Аригбөх хаан, Хубилай хаан гэсэн дөрвийн дөрвөн их хааныг өсгөж хүмүүжүүлсэн сэцэн ухаант Их хатан эхийн алдрыг яалтай.

    Иймийн учир монгол ээжийн алдар даян дэлхийд цуутай байх нь арга үгүй ээ. Монгол ээжийн энэ алдар төрийн Их хатан ээж нар төдийгүй тоолшгүй цагийн чинадаас өнөөдрийн өдрийг хүртэл айл гэрийг авч яваа хамгийн жирийн гэргий бүхний алдар мөнөөс мөн өө. Өнөөдрийн жирийн ээжүүдийн хөвгүүд, охид дотор хэн гэгч агуу хүмүүн өсч байгааг урьдаас тааварлан хэлэх аргагүй. Монгол ээж нарын апдар нь улам бадраг аа.

    Энэ бүхнийг хураан бодоод үзэхүл Монголын нийгэм хэнээс бүрэлдэж, ямар тавилангаар урсахыг монгол ээж нар ихээхэн хэмжээгээр шийдэж байсан гэж зоригтойёо хэлж болно. Өэлүн эх дэлхийн талыг эзэлсэн Их Гүрнийг байгуулсан юм гэж дам утгаар хэлж болно. Сорхагтани бэх хатан Их Монгол гүрнийг хаанчилж, их Юан Улсыг байгуулж, Багдадыг эзлэн захирч явсан юм гэж бас болно.

    Эцэг дээдэс, удам ясныхаа өштөн дайсанд олзлогдон булаагдаж, богтлогдсон боловч авааль эрийнхээ аягатай идээнд хор хийлгүй, ажил үйлсэд нь ухаан нэмж, сэтгэлийн нь зовлонг нимгэлж, хэвлийдээ үрийг нь тээж, төрүүлж, хүмүүний ухааны дээдээр угжиж, суртахууны дээдээр төлөвшүүлдэг Их хатад монгол бүсгүйгээс өөр дэлхийн ямар гүрний хатад дотор байсан юм бэ?

    Монгол айлын хамгийн жирийн эзэгтэйгээс эхлээд төрийн Их хатан хүртэл авааль эрийнхээ хаан ухааныг хатан ухаанаараа сүлж явдгаас Монголын төр хүчирхэг ялагдашгүй байсныг нанхиадаас эхлээд зүрчид манжийн төрийн бодлоготнууд тандаж мэдээд монголчуудын хаан ухааныг хатан ухаанаас нь салгах аргыг түмэн зүйлээр сүвэгчилсэн нь Монголын Их Гүрэн хүчгүй болон задран унасан нэгэн шалтгаан болой.

    Түүний нэг баримт нь “Ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй, тэмээн толгойг тэнгэрт тавьдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй” гэсэн үг юм. Энэ үгийг монгол хүн гаргаагүй бөгөөд харийн төрийн бодлогын жадны үзүүр бөлгөө. Тэр байтугай, Бурханы шашныг сэтгэл, итгэлдээ дээдэлснийг нь далимдуулан бүсгүй хүн гэрийн баганаас дээш хойморт гарч болохгүй, тахилгатай уул овоон дээр гарч болохгүй, төрийн хэрэг байтугай эрийнхээ хэрэгт оролцож болохгүй хэмээн төвдүүдээр дамжуулан ятгасан билээ.

    Монгол эрсийн төдийгүй бүсгүйчүүдийн нь сэтгэлд хоногшуулсан тэрхүү хорт явуулга өнөөдөр ч монгол амьдралд хэрэгжсээр байна. Улс төрийн намууд хууль тогтоох байгууллагад сонгуулахаар мэдлэг, чадвартай эмэгтэй гишүүдээ сэтгэл харамгүй нэр дэвшүүлэвч ард түмэн нь сонгохгүй байдаг нь тэрхүү хорт явуулгын бодит үр дүн юм.

    Монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагдахгүй. XII-XIII зуун, XV зуун, XVII зуун, XX зууны Монголын төрийн түүхэнд монгол бүсгүйн байгуулсан гавьяа элэгдэшгүйгээр товойн үлджээ. Энэ тухай монгол түүхчид, зохиолчид төдийгүй гадаадынхан гайхан, шагшран бичсэн нь олон.

    Тэдгээрийн дотроос алс холд орших Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жак Уэтерфордын бичсэн “Монголын Их Хатдын нууц товчоо” (УБ 2009 он) бүтээл дэлгэрэнгүй бөгөөд онцлог. Садарсан үсээ хураагаад, саадаг нумыг агсч, хуяг өмсөн, хурцыг хурайлж, хүлгийн нуруунд дарцаглан, их цэргийг манлайлж, төрт улсаа өмгөөлөн, алтан ургийн суурин дээр монгол түмнийг нэгтгэх гэж амьдралаа зольсон, задран унасан гүрнийг ухаан, хүчээр сэргээн мандуулсан хатан зоригт, сэцэн Мандухай хатан билээ.

    Жак Уэтерфорд бичихдээ: “Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө.

    Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг ирэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа” (141) гэжээ.

    Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс Tөpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг өдгөө бидний мэдэж байгаагаар Өэлүн эхээс эхлээд хөдөөний малчин айлын эзэгтэй,

    Хятадын Эрээнээс цүнх, гахайтай хямд бараа зөөн, авааль эрийнхээ бүтэлгүй, алтан төрийнхөө хайхрамжгүйгээс Нарантуулын зах, Улаанбаатарын гудамжинд хөөгдөн, хавчигдан, эцэж цуцан, даарч хөрөн, халж ядран, эрүүл саруул биедээ эдгэршгүй хүнд өвчин тусахаас шантралгүй зогсч, хоногийн хоолны зоос олж үр хүүхдээ өлсгөхгүй, мөр бүтэн явуулж байгаа бүсгүйчүүдээс бэлээхэн олж харж болно.

    Тэр эрт цагт, тухайлбал, Мандухай сэцэн хатан болоод түүнээс өмнөх үед, суурин соёлтой орнуудын хаад, ноёд, дээдэст боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчин хэмээгдэж явсан бидний дээдэс бүсгүй хүнийг, эх хүнийг, хатан хүний ухаан, чадварыг одоогийн XXI зууны биднээс илүүгээр мэдэж, ойлгож, хүндэлж явсан байна.

    Тийм бус байсансан бол залуухан бүсгүй Мандухай баатар эрсийн өрсөлдөөн, тэмцэл, тулаан дундуур төрийн эрхийг гартаа авч, задран унасан гүрнийг нэгтгэн, сэргээн мандуулж чадахгүй байсан биз ээ. Монголчууд бидний дээдэс мянга мянган жилийн турш оршин тогтнохын төлөө нум сум, илд жадаар байлдан тулалдсаар ирсэн боловч “сэлэм жад адгийн зэвсэг, сэцэн ухаан дээдийн зэвсэг” гэж үзсээр, баримталсаар явжээ.

    Тэрхүү “дээдийн зэвсэг”-ийг хатан ээжүүд эзэмшиж, хэрэглэж дайчин баатруудад өргөн барьж, үр хойчдоо өвлүүлж иржээ. Эндээс, өнөөдрийн XXI зууны Монголд бүсгүй хүнийг үнэлэх нийгмийн сэтгэлзүй XV зуун болоод түүнээс өмнөх үе, баттай хэлэхэд, Өэлүн эхийн үеийнхээс ухарсан байна хэмээн дүгнэж болно.

    Хэдийгээр монгол бүсгүйг чиглэсэн нанхиад, зүрчид манжийн төрийн бодлого хэрэгжсээр байсан боловч Монголын төрийн бодлоготнууд бүсгүй хүний хатан ухааныг үнэлэх ухаанаа гээлгүй эрх мэдлийнхээ хэрээр дэмжиж ирсэн байна. Үүний нэг нотолгоо нь Монголын Төрийн долоон эрдэнийн бодлого билээ.

    Монголын Шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан “Монголын нэвтэрхий толь”-ийн тэргүүн ботийн 335 дугаар талд “ДОЛООН ЭРДЭНЭ-Монголын төрийг өнө удаан тогтохыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг. Хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, баатар эдгээрийг хүндэтгэн дээдэлдэг” гэж бичжээ.

    “Төр, улс, айл гэр, хүн ард нь номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэшгүй бат байхын билэгдэл”-хорол, “Зүрхэн эрдэнэ” гэсэн утга бүхий самгарди үгээс монголжсон “үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн билэгдэл” чандмань хоёрын дараа хатан хүнийг дээдэлсэн байна.

    Төр гэгч нь хүмүүний нийтлэгийг зохион байгуулах нэгэн хэлбэр учир элбэрэлт хатан эх болох эргэлзээ нь үгүй монгол бүсгүйг хаадын түшиг, төрийн хэргийг баригч мэргэн түшмэл, улсаа хамгаалагч баатар хоёрын өмнүүр гишгүүлэн соёрхсон нь монгол бүсгүй Төрийн долоон эрдэнийн манлай мөнөөс мөн гэсэн хэрэг даруй үнэн билээ.

    Амьдран буй нийгмийнхээ сэтгэлзүйд дарлагдан, үнэ цэнээ бүрэн олохгүй байгаа эрхэмсэг Монгол бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгаж, их найрагчийн бичсэнчлэн “наддаа нар, гэртээ гэгээ”, алтан төрийнхөө ариун эрдэнэ болон гялалзаж явахын эрхэм ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья.

    Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт утга зохиол судлаач,
    яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржав

  • Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.

     

    Буган хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно.

     

    Буган чулуун хөшөө тархсан бүс нутгийн хойд зах нь Байгал нуур, өмнөд зах нь Монголын их элсэн говийн ар хэсэг, зүүн зах нь Хэнтий аймаг, баруун зах нь Эльба мөрөн хүрэх бөгөөд тархалтын төв, гарал үүслийн цөм нь мөн болохын хувьд нийт бүртгэгдсэн хөшөөний 90 гаруй хувь буюу 1200 орчим нь өнөөгийн Монгол улсын нутагт байна.

    Судлаачид буган хөшөөн дээрх дүрслэлийн онцлог, тархсан газар нутгийн хүрээнд нь тулгуурлан хийсэн дараах гурван ангиллыг баримталж байна. Үүнд:

    Монгол, Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөө,

    Саян-Алтайн хэлбэр буюу буга болон бусад амьдтын бодит дүрст хөшөө,

    Евразийн хэлбэр буюу амьтны дүрслэлгүй хөшөө.

    Буган хөшөө голдуу 1-4 м гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй байх бөгөөд түүнийг үйлдэхдээ цоолбор, сийлбэр, уран баримлын аргуудыг хэрэглэсэн байдаг.

    Буган хөшөөг хэд хэдээр нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас хэдэн зуу хүртэлх тахилгын байгууламж, том дугуй далантай хиргисүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж, бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтоо.

    Буган хөшөөг судлаж эхлэснээс хойш өнөөг хүрэх хугацаанд олсон амжилт багагүй бөгөөд эдгээрийн нэг нь ерөнхийдөө үгүй болсон баа­тар­лаг өвөг дээдэст зориулагдсан тахил тайлгын зориулалттай хүн хөшөө болохыг тод­руулсан явдал юм. Өөрөөр хэлбэл хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог, аймгийн толгойлогч-язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь тодорхой бөгөөд түүнд дүрслэгдсэн дүрслэл, тахилгын байгууламжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа гүн шингээстэй байдаг.

    Өнөөгийн байдлаар буган хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радиокарбоны он цагууд үндсэндээ хиргисүүртэй адил буюу НТӨ XIV-VIII зуунд хамаарч байна.

  • ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ЖИНХЭНЭ ЗУРАГ (ПАТИАР)

    Гэрэл зургийн аппарат 1820-иод онд үүссэн гэж үзвэл 15 жилийн дараа мэргэжлийн аялагч судлагчдын хэрэглээд аль хэдийнэ нэвтэрсэн байж таарна. Нутгийн хүмүүсээр газарчлуулж, морь, тэмээ хөлөглөн, үлэмжхэн ачаа хөсөгтэй явдаг байсан гадныхан зураг угаах төхөөрөмжөө хүртэл авч явдаг байсан юм болов уу. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ зургийг хутагтын бодит гэрэл зураг мөн гэдгийг хуучцуулын яриагаар баталж өгсөн юм. Зураач У.Чимэддорж гэж Догмид гуайн ах найз байж. Одоо байсан бол 100 шахсан буурал байх байж. Аймгийн төлөөлөгчөөр Хутаг уулын хошуунд явж байгаад оройхон нэг айлд ортол настай хөгшин бурхандаа мөргөж байжээ. Гэрийн баруун талд суунгаа бурханыг нь харвал нэг лам хүний гэрэл зураг байв. Эмгэн мөргөж дуусаад авдар дээрх хүрдийг эргүүлэн залбираад гийчдэд цай идээ тавьж өгчээ. Чимэддорж гуай жавдан дээр суусан номын хувцастай хуврагийн зургийг хараад “Эмээ, энэ ямар нэртэй бурхан бэ?” гэж асуувал “Говийн ноён хутагтын патиар” гэж. “Үнэн үү? Ноён хутагтынх гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэвэл “Мэдэлгүй яахав. Өвөг маань адис жанлавыг нь хүртэж байсан хутагтыг сайн мэдэх хүн. Манай өвөг дээдсийн гурван үеийн шүтээн” гэж итгэлтэй хариулжээ. Чимиддорж гуай хуулбарлахаар авсан уг зургийг халамцуудаа хаячихаж гэж их халаглаж байсан гэдэг. Гэтэл хаа хойно түүний шавь, зураач Халтарын эхнэр Цэрмаа нөхрийнхөө номын завсраас олж бөөн хөөр баяр болжээ. Үнэндээ Чимэддорж гуай хаяж үрэгдүүлээгүй, харин Халтарт “Би хаячихаж магадгүй, чи хямгадаж бай” гээд өгснөө өөрөө мартсан байж.

    Эрт цагт вспышка буюу гэрэл цацруулагч гэж байгаагүй болохоор сүмийн үүдэнд хутагтыг залаад нарны өөдөөс харуулж суулгаад өмнө номын ширээг нь тавьж авсан бололтой. 1830-аад оны үед Саран хөхөөг үзэж байсан хүүхэд багачуул, 1900-гаад оны үеийн настнууд уг зургийг хараад ноён хутагтын патиар мөн болохыг хөгшинд хэлж байсан удаа ч бий гэдэг.
    Via:Gun-Uils Dugarsuren