Category: Монголын түүх

  • Монголчууд анх манжид дагаар орох үед

    Манж Чин засаг 300 жил Монголд ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй бөгөөд зөвхөн СҮМ хийдүүдийг олноор бариулсан. Сүм хийд олон байвал Сүмд суух лам нар нэмэгдэх ёстой. Одоогийн Монголд байгаа сүм хийдүүд бүгд Манж Чин гүрний үед баригдсан бөгөөд (одоо байгаа 700 гаруй сүм хийдийн 80 гаруй хувь нь 1700 оноос хойш байгуулагдсан байдаг) сүм хийд байгуулахыг хүсэхгүй байсан ч хүчээр бариулж байсан ба зарим мөнгийг нь манжаас гаргаж бариулжээ.
    Монгол айл 5 хүүтэй бол, 2-3 хүү лам заавал байх ёстой гэж хуульд заасан байдаг康熙《大清会典》规定:! бөгөөд лам болсон бол тухайн айл татвар, цэргийн албанаас чөлөөлөгдөж болно гэж хатуу заасан байдаг.
    Сүүлд Цяньлун乾隆帝(1711-1799)
    (6 дахь ) хааны үед Монгол хүүхэд дөнгөж 5 нас хүрэхэд сүм хийдэд суулгаж лам болгодог болжээ. Лам хүн эхнэр авч хүүхэдтэй болохыг хориглоно.
    Эрэгтэйчүүд эхнэр авахгүй байх нь нийгмийн хүн амын бүтцэд нөлөөлж гэрлээгүй эмэгтэйчүүд нэмэгдсэнээр аяндаа бэлгийн зохисгүй зан үйлд хүргэж, улмаар бэлгийн замын халдварт өвчин тархаж, хүн амын өсөлтөд ноцтой нөлөө үзүүлсэн.энэ нь аажимдаа геноцид шинжтэй болж үндэстэн мөхөх дөхсөн.
    Энэ мэтчилэн Монголын хүн амыг цөөлөх бодлого явуулжээ.
    Шарын шашинд итгэсэн Монголчууд АЙМХАЙ, НОМХОН, ХЯНАХАД АМАРХАН болсон нь Манжийн яг хүссэн зүйл байлаа.
    Шашины удирдагч хутагт хувилгаадад манж засгаас асар их шагнал урамшуулал олгож,их хэмжээний хошуу нутаг таслан өгч
    Шашныханы цол хэргэм нь тасралтгүй дээшилж засаг ноёд язгууртнуудаас зарим үед дээгүүр гарч нутаг хошуу тасдан шавь болон хамжлагат ард (зарц)дагуулан өгдөг болтлоо өсчээ. Нийгмийн баялгийг лам нарт өгч , энгийн ардыг шашны хараат албат боол болгож өгч байсаны ҮР ДҮНД Монголын ЯЗГУУРТНУУДЫН эрх мэдэл суларч нутаг хошуу албат иргэдийн тоо цөөрч хүн амын өсөлт зогсож нутаг хошуугаар зааглагдан Монголчуудын хүч үлэмж ихээр суларсан.
    Үүний дүнд ТӨР болон ШАШИН хосолсон Монгол төрийн тогтолцоо үүсэж тогтсон.
    Манж Чин засгийн Дэлгэрүүлсэн шарын шашины секц зорилгодоо хүрсэн.
    1: Баатарлаг, дайчин Монголчууд аажимдаа “буян үйлдэж, буян хураах”болж, тууштай тэмцэгч чанараа аажмаар алдаж, Хүлцэнгүй зан чанартай болж Үндэсний ухамсар нь бараг л устсан, Сэтгэхүйн хямралд орж, Дарангуйлагчидийн эсрэг тэмцэлийн бодлого нь бүдгэрч эхэлсэн байдаг. Дараагийн амьдралдаа азжаргалыг хүлээдэг ламын шашинд бүрэн орсон байжээ .
    2: Сүм хийд их хэмжээгээр баригдсан нь Монголын эдийн засгийг сүйрүүлж, дахин сэргээхэд хүндрэл учруулсан.
    3: Монголчуудын сор болсон ухаантай эрчүүдийг сонгон лам болгож байсан нь нэг талаас Монголын хүн амыг эрс цөөрүүлж, нөгөө талаас Монголын удам угсааг доройтуулан дордуулсан.
    4: Манж Чинг эсэргүүцэгч цэргүүдийг тайвшруулахын тулд шарын шашны дээд түвшний хүмүүсийг байнга ашиглан тархийг нь угааж, дарлагдсан ард түмнийг үргэлж хуурдаг байжээ.
    Цяньлун эзэн хааны 乾隆帝(1711-1799) хэлсэнчлэн:
    乾隆皇帝所说:“以黄教柔训蒙古”Шарын шашинаар Монголыг номхоруулах (зөөлруулэх сургах )нь манж чингийн дээдийн зорилго.
    Монгол үндэстэн Юань гүрнээс хойш дэлхийд нэр хүндтэй, өндөр хөгжилтэй улс байсан ч 200 гаруй жил Чин гүрний эрхшээлд орсны эцэст өндөр хөгжилтэй улсаас ядуу буурай, хоцрогдсон улс болон хувирсан.
    Улс орон өөрийн иргэдээ хөгжүүлэх үүрэгтэй ёстой боловч ангид дарлуулсан нийгэмд, ялангуяа үндэсний дарлалд байгаа нийгэмд дарангуйлагч үндэстнүүд улс төр, эдийн засаг, соёл болон бусад хөгжлийг сааруулах арга хэмжээ авдаг. Манжууд Монголыг захирахдаа улс төрийн дарлал, эдийн засгийн дээрэм, соёл, үзэл суртлын мунхаглалд оруулж байсан тул боолчлох зорилгодоо хүрчээ.
    Манжийн засаг Дөрвөн том амьд Буддагийн буюу… хутагт хувилгаадыг дэмжиж, Монгол болон Түвдэд Шашны болон оюун санааны хүчээр хяналт тавьж удирдаж байжээ.
    Хятадаар бичсэн үгнүүд бүгд түлхүүр үгнүүд бөгөөд эдгээр түлхүүр үгнүүдээр хайлт хийвэл эдгээр бодлогуудын (ЗАРЛИГ, ТУШААЛ, БОДЛОГО) талаар илүү дэлгэрэнгүй их материал олдох бөгөөд эдгээр нь нийтэд нээлттэй болсон баримтууд юм .
    Эдгээр бодлогуудын талаар Монголчуудад хэвлэл мэдээлэл телевиз гээд өргөн хэмжээний мэдээлэл нийтэд түгээх хэрэгтэй бөгөөд эх сурвалж болон түлхүүр үгнүүдийг нийтэлсэн болно.
    Монголын аймаг дүүрэг сум хороо баг сүм хийдээр дүүрчээ . суварга бариагүй уул үлдсэнгүй , хамгийн бага нэгж БАГ дээр хүртэл сүм дугана байх
    Hasar Asar

  • АНТИ УЛСТӨРЧИД

    Төрийн шагнал авахгүй ээ гээд тэрээр нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, сумынхаа зон олонд ил захидал бичиж орхисон. Тэнэг гэхэд дэндүү тэнэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд гудамж, траншейнд амьдарч байгаа цагт энэ төрөөс ямар ч шагнал авахгүй гэж гүрийсэн хэрэг. Энэ бол Монголд анхны тохиолдол байлаа. Төрийн шагналд нэрээ дэвшүүлэн, араас нь хэл сураг тавьж, нутгийн зөвлөл, танил тал, нэг намын нөхөд энэ тэрээрээ хэлүүлж, дэмжүүлж, хөөцөлддөг бичигдээгүй хуулийг манай баатар ингэж юу ч үгүй болтол нь үгүйсгэсэн юм. Энэ бол иргэний том эсэргүүцэл байлаа.

    Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тэрээр бүр зах зээлийн гэх эд мөнгөний төлөөх өлөн ховдог, улангассан эдийн засгийн харилцаа, хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэх атлаа тэр бүхнийхээ эсрэг яваад байгаа улс төрийн тогтолцоог ул сууриар нь, уг мөн чанараар нь эсэргүүцэн тэмцэл зарласан юм. Бүр эвлэрэшгүй тэмцэл. Тэгэхдээ тэрээр нам, хөдөлгөөн байгуулж гудамж, талбайд жагссангүй. Өлсгөлөн суулт зарласангүй. Тэгсэн хэрнээ маш хүчтэй, бүр асар хүчтэй оюун сэтгэлгээний эсэргүүцэл, үл эвлэрэл, эс үйлдэх тэмцэлд бүхнээ зориулж, одоо ч гэсэн зүрх сэтгэлээ шатаасаар яваа.
    Үүгээрээ тэр бол Монголын хамгийн том улстөрч. Бас үзэл бодлоосоо ухраагүй цорын ганц улстөрч ч байж мэднэ. Мэднэ гэдгийн учир нь түүн шиг өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай улстөрчид өөрийгөө хэзээ ч зарлан тунхаглаж, олны танил болох гэж омтгойрон зүтгээд байдаггүй тул тэднийг өнөөгийн нийтлэг олонхийн үнэлэмж, шалгуураар хайн бэдрэхэд нэн бэрх. Ямар ч байсан тэрээр яах аргагүй Монголын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож, хүчтэй нөлөө үзүүлж буй “эс үйлдэгч” улстөрч мөн. Тэр хүн Сүхбаатарын талбайгаар зүүн хойноос баруун урагш, баруун урдаас зүүн хойш гэсэн ганц жимээр л алхахаас бусдаар Төрийн ордонд огт ойртож байгаагүй шахуу. Яам, тамгын газрууд хаана байдгийг бол бүр мэдэхгүй. УИХ-ын 76 гишүүнийг ч танихгүй. Тиймээс бүгдийг нь “Миний дүү” л гэж нэрлэдэг. Тэр нь ч амар. Мань хүний философи угаасаа тийм юм. Бусдыг үл алагчлах. Тиймээс хүн л бол хүн. Дүү л бол дүү. Бүх хүн дүү нь. Тийм л халуун дулаан, зөөлөн эевэрүү сэтгэлээр бүхэнд хандана. Харин аль нэг дүү нь ядуу дорой амьдарч байгаад, хэн нэг дүү нь хог ухан голоо зогоож, бас өөр нэг дүү хүүгийнх нь хүүхэд гудамж, траншейд хоног төөрүүлж байгаад тэрээр улаан голоо гогодуулсан мэт, цээжээ халуун төмрөөр хайруулсан лугаа адил халуунаар энэлэн, сэтгэл зүрхэндээ эмзэглэн шархирч түүнээсээ болоод зах зээлийн гэгдэх энэ харгис хатуу, хахь хүйтэн нийгэмтэй иргэний үл эвлэрэл зарласан юм. Иргэний үл эвлэрэл зарлаад зогсохгүй “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулан 20 гаруй жил энэ бүхэндээ үнэнчээр тууштай тэмцэж буй. Бүхэл бүтэн 22 жил байтугай хоёр жилийн өмнөх байр сууриасаа 180 градус эргэдэг улстөрч өнөөдөр борооны дараахь мөөг шиг олон болжээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, нам, тойрог, найз нөхөд алив бүхнээ тун амархан сольчихдог, хувийнхаа явцуу эрх ашигт хөтлөгдсөн тийм улстөрчид олшрох тусам манай баатрын дүр улам тодорсоор байгаа юм.
    1997 он. Улс төр ч, эдийн засаг ч бужигнаантай хэвээрээ л байлаа. Анти улстөрч маань ч асар бухимдалтай, гутранги шатанги хэвээр тэмцлээ үргэлжлүүлсээр. Иргэний үл эвлэрлийн тунхагаа зарласныхаа дараахан тэрээр ард түмэндээ хандсан захидал сэтгэмжүүдээ бичив. Хөхөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл өрнүүлсэн “Цогт” нэгдлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ухамсар, ёс суртахууны хүлцэшгүй доройтлыг үл тэвчин тэмцэхээ дахин учирлав. Тэрээр “Үнэнийг бүү ялгаварлагтун” гэсэн чиг шулуун үгээ тэр үед хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан хатуу үгтэй ил захидал бичин, ард түмнийг агшин хугацаанд ч золиосолж үл болно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн албан тасалгааны тоног төхөөрөмж, Их тэнгэрийн харшийн зоог гүнцэгт зориулж хямрал хүндрэлтэй эдийн засгаа үл тоон улсынхаа багахан төсвөөс асар их хөрөнгө мөнгө төсөвлөөд байсныг ийнхүү шүүмжлэн буруушаасан хэрэг.
    Тухайн үед улс төрийн намуудыг мань хүн хурцаар шүүмжилж эрүүгийн бүлэг хэмээн нэрлэсэн юм. Үүнийгээ тэрээр “Өнөөгийн улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагаа бол нидэртээ ухна, хуц хоёрын л “моносекс” чанартай үйл ажиллагаа байна шүү дээ. Тэд хоорондоо хэчнээн өөр, хэчнээн сөрөг үзэл бодолтой байлаа ч ард түмний минь халаасыг суйлах, өөрсдөө хөрөнгөжих ашиг сонирхол дээрээ тулахаар ганц ч сөргөлдсөн үг ганхийлгүй гар барилцдаг” хэмээн тодотгосон байдаг. Энэ үгийг өнөөгийн улстөрчид уншаад өөрсдийгөө толинд харах шиг л болох вий.
    1998 он. Улс орны нөхцөл байдал уруудан доройтсонд сэтгэл зовнихдоо тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандан ил захидал өргөн барив. Уг захидалдаа улс төр, нийгмийн тогтолцооны таван бурууг илчлэн оношилсон юм. Тэр нь нэгт, Монголын төр өөрийн ачаагаа хөнгөлж, үүрэг хариуцлагагүй болсон, хоёрт, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бусниулсан өмч хувьчлал явуулсан, гуравт, хөрөнгөлөг цөөнхөд зориулсан ганц “орц”-той ардчиллыг бий болгосон. Монголд хэрэгжиж буй ардчилал үнэн чанартаа жинхэнэ ардчиллын эсрэг шинж чанартай үйл ажиллагаа, хуурамч хээ хуартай баг хэмээн палхийтэл хэлсэн юм. Мъянмарын ардчилагч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг “Дүр эсгэсэн ардчилал” гэж тодорхойлохоос арван таван жилийн өмнө манай хүн ийнхүү голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Дөрөвт, нийгэмд хүлээх иргэний үүргээс ангид, ажлын хариуцлагын гадна оршигч эрх чөлөөг тэрээр буруутгасан байдаг. Тавд, зах зээлийн харилцаа бол Монголын түүхэн ахуй нөхцөлд, монголчуудын унаган зан заншилд үл тохирох буруу тогтолцоо хэмээн үзсэн юм. Ард түмэн хэрэглэх юмаа хийж чаддаг, хийж чаддаг юмаа хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энгийн бөгөөд үнэн бодитой үзэл баримтлалыг тэр бас гаргаж тавьсан. Түүнчлэн ард түмнээ “хоосолдог” нийгэмд утга зохиол үйлчлэх ёсгүй хэмээн тэр үзэг нэгт нөхдөдөө хандан уриалсан билээ.
    1999 онд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсан руу чиглэсэн гүтгэлэг, доромжлол, эсэн бусын дайралт хэрээс хэтрэхэд тэрээр их найрагчийг өмөөрөн хамгаалж үнэн, халуун үгээ хэлсэн юм. Ийнхүү О.Дашбалбарын баримталдаг газар хувьчлахын эсрэг хатуу, зөв байр суурийг дэмждэгээ энэ үед хурцаар илэрхийлсэн билээ. Энэ бол анти улстөрчийн маань бас нэг том суурь үзэл баримтлал нь. Тэрээр хүн төрөлхтний дайсан бол эд баялаг. Хүнийг зөв ухаалаг амьдрахад, жинхэнэ аз жаргалыг мэдрэхэд эд баялаг саад тотгор учруулдаг гэж үздэг. Энэ үзлийнхээ үүднээс газар өмчлөлийг эрс буруушааж, эсэргүүцсээр ирсэн билээ. Хүний амьдралын бодит хэрэгцээнээс илүү хэт их баялаг хуримтлуулсан хүмүүсээ гэмт хэрэгтэнд тооцдог болсон цагт нийгэм сая нүгэлгүй, хэрэг зөрчилгүй, цэвэр ариун болно гэж тэрээр итгэдэг, үүнийгээ ч байнга ярьж, бичдэг. Хүний нэг насны хэрэгцээ байтугайгаас хэд дахин давсан мөнгө хөрөнгөө оффшор дансанд нуудаг болсон өнөөгийн улстөрчид, бизнесмэнүүдэд энэ үг ялын тогтоол шиг л сонсогдох байх. Жинхэнэ сонгодог ардчиллыг өмчийн сэтгэхүйгүй нийгмийн харилцаа, эв хамт, нийгэм журамт ёсны бурханлаг, дээд хүмүүнлэг оюунлаг харилцаа гэж үздэг анти улстөрч маань тэр бүхэнд зөвхөн үнэн шударга хамтын хөдөлмөрөөр хүрнэ гэж итгэдэг. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг тэр чигт нь үгүйсгэн буруушаах бөгөөд арчилсан чөлөөт сонгуулийг ч мөн үл хүлээн зөвшөөрнө.
    Ингээд тоочоод байвал анти улстөрчийн маань анти үзэл баримтлал тун олон. Хамгийн гашуун нь түүний 20 гаруй жилийн өмнөөс ярьж, илэрхийлж ирсэн тэр бүхэн анти биш амьд, зөв үзэл байсан ажээ. Үүнийг ойлгоогүй бид дөнгөж өнөөдөр л үнэнтэй улаан нүүрээрээ тулна гэдэг ямар хэцүүг мэдэрч сууна. “Үнэн улстөрждөггүй” хэмээн тэрээр хэлсэн нь үнэн байж.. Улстөрч Урианхайн хувьд үнэнтэй хамт амьдарсаар ирсэн. Харин үнэний “үгэнд ордоггүй” ардчилагч хүүхдүүдэд тэр үгээ хэлэхээс залхсан уу, эсвэл бүр тэмцлийн хурц хэлбэртээ шилжсэн үү. Ямар ч байсан сүүлийн арваад жил нам гүмхэн, анир дүнсгэрхэн байх болов. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэдэг өнгөцхөн аксиом бий. Мөн чанарыг, үнэнийг оносон Урианхай гуай шиг анти улстөрч хүний хувьд дуугүй байх шиг хурц, ширүүн тэмцэл гэж үгүй. Тэрээр ард түмнийхээ хувь заяаны төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэр цээжин чинаддаа аргалын гал мэт уугих амин халуун бодол, шаналандаа шатаж, дагжиж яваа. Агуу их шаналан гуниг үг дуугүй байдаг гэдэг дээ.
    “Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Сонинбаяр

    5Хишигтийн Цэрэнбат and 4 others

  • ААТАЙ ХЭЛЖЭЭ

    1402.07.20-ны энэ өдөр Анкарагийн тулалдаанд Доголон Төмөр Османы султан Баязидыг ялав. Олзлогдсон хараа муутай Баязидыг хараад Төмөр инээд алдаж “Хорвоо яахаараа сохор, доголон чи бид хоёрт захирагдаж байдаг байнаа?” гэжээ
    via Ёндонгийн Отгонбаяр

  • АНТИ УЛСТӨРЧ

     

    1994 он. Зах зээлийн нийгэмд хөл тавиад удаагүй монголчууд хөл толгойгоо мэдэхгүй бужигнаж байсан цаг. Мань эрийг уугуул нутаг уснаас нь төрийн шагналд тодорхойлжээ. Гэтэл шал анти юм яриад олныг алмайруулсан юм. Төрийн шагнал авахгүй ээ гээд тэрээр нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, сумынхаа зон олонд ил захидал бичиж орхисон. Тэнэг гэхэд дэндүү тэнэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд гудамж, траншейнд амьдарч байгаа цагт энэ төрөөс ямар ч шагнал авахгүй гэж гүрийсэн хэрэг. Энэ бол Монголд анхны тохиолдол байлаа. Төрийн шагналд нэрээ дэвшүүлэн, араас нь хэл сураг тавьж, нутгийн зөвлөл, танил тал, нэг намын нөхөд энэ тэрээрээ хэлүүлж, дэмжүүлж, хөөцөлддөг бичигдээгүй хуулийг манай баатар ингэж юу ч үгүй болтол нь үгүйсгэсэн юм. Энэ бол иргэний том эсэргүүцэл байлаа.
    Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тэрээр бүр зах зээлийн гэх эд мөнгөний төлөөх өлөн ховдог, улангассан эдийн засгийн харилцаа, хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэх атлаа тэр бүхнийхээ эсрэг яваад байгаа улс төрийн тогтолцоог ул сууриар нь, уг мөн чанараар нь эсэргүүцэн тэмцэл зарласан юм. Бүр эвлэрэшгүй тэмцэл. Тэгэхдээ тэрээр нам, хөдөлгөөн байгуулж гудамж, талбайд жагссангүй. Өлсгөлөн суулт зарласангүй. Тэгсэн хэрнээ маш хүчтэй, бүр асар хүчтэй оюун сэтгэлгээний эсэргүүцэл, үл эвлэрэл, эс үйлдэх тэмцэлд бүхнээ зориулж, одоо ч гэсэн зүрх сэтгэлээ шатаасаар яваа.
    Үүгээрээ тэр бол Монголын хамгийн том улстөрч. Бас үзэл бодлоосоо ухраагүй цорын ганц улстөрч ч байж мэднэ. Мэднэ гэдгийн учир нь түүн шиг өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай улстөрчид өөрийгөө хэзээ ч зарлан тунхаглаж, олны танил болох гэж омтгойрон зүтгээд байдаггүй тул тэднийг өнөөгийн нийтлэг олонхийн үнэлэмж, шалгуураар хайн бэдрэхэд нэн бэрх. Ямар ч байсан тэрээр яах аргагүй Монголын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож, хүчтэй нөлөө үзүүлж буй “эс үйлдэгч” улстөрч мөн. Тэр хүн Сүхбаатарын талбайгаар зүүн хойноос баруун урагш, баруун урдаас зүүн хойш гэсэн ганц жимээр л алхахаас бусдаар Төрийн ордонд огт ойртож байгаагүй шахуу. Яам, тамгын газрууд хаана байдгийг бол бүр мэдэхгүй. УИХ-ын 76 гишүүнийг ч танихгүй. Тиймээс бүгдийг нь “Миний дүү” л гэж нэрлэдэг. Тэр нь ч амар. Мань хүний философи угаасаа тийм юм. Бусдыг үл алагчлах. Тиймээс хүн л бол хүн. Дүү л бол дүү. Бүх хүн дүү нь. Тийм л халуун дулаан, зөөлөн эевэрүү сэтгэлээр бүхэнд хандана. Харин аль нэг дүү нь ядуу дорой амьдарч байгаад, хэн нэг дүү нь хог ухан голоо зогоож, бас өөр нэг дүү хүүгийнх нь хүүхэд гудамж, траншейд хоног төөрүүлж байгаад тэрээр улаан голоо гогодуулсан мэт, цээжээ халуун төмрөөр хайруулсан лугаа адил халуунаар энэлэн, сэтгэл зүрхэндээ эмзэглэн шархирч түүнээсээ болоод зах зээлийн гэгдэх энэ харгис хатуу, хахь хүйтэн нийгэмтэй иргэний үл эвлэрэл зарласан юм. Иргэний үл эвлэрэл зарлаад зогсохгүй “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулан 20 гаруй жил энэ бүхэндээ үнэнчээр тууштай тэмцэж буй. Бүхэл бүтэн 22 жил байтугай хоёр жилийн өмнөх байр сууриасаа 180 градус эргэдэг улстөрч өнөөдөр борооны дараахь мөөг шиг олон болжээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, нам, тойрог, найз нөхөд алив бүхнээ тун амархан сольчихдог, хувийнхаа явцуу эрх ашигт хөтлөгдсөн тийм улстөрчид олшрох тусам манай баатрын дүр улам тодорсоор байгаа юм.
    1997 он. Улс төр ч, эдийн засаг ч бужигнаантай хэвээрээ л байлаа. Анти улстөрч маань ч асар бухимдалтай, гутранги шатанги хэвээр тэмцлээ үргэлжлүүлсээр. Иргэний үл эвлэрлийн тунхагаа зарласныхаа дараахан тэрээр ард түмэндээ хандсан захидал сэтгэмжүүдээ бичив. Хөхөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл өрнүүлсэн “Цогт” нэгдлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ухамсар, ёс суртахууны хүлцэшгүй доройтлыг үл тэвчин тэмцэхээ дахин учирлав. Тэрээр “Үнэнийг бүү ялгаварлагтун” гэсэн чиг шулуун үгээ тэр үед хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан хатуу үгтэй ил захидал бичин, ард түмнийг агшин хугацаанд ч золиосолж үл болно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн албан тасалгааны тоног төхөөрөмж, Их тэнгэрийн харшийн зоог гүнцэгт зориулж хямрал хүндрэлтэй эдийн засгаа үл тоон улсынхаа багахан төсвөөс асар их хөрөнгө мөнгө төсөвлөөд байсныг ийнхүү шүүмжлэн буруушаасан хэрэг.
    Тухайн үед улс төрийн намуудыг мань хүн хурцаар шүүмжилж эрүүгийн бүлэг хэмээн нэрлэсэн юм. Үүнийгээ тэрээр “Өнөөгийн улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагаа бол нидэртээ ухна, хуц хоёрын л “моносекс” чанартай үйл ажиллагаа байна шүү дээ. Тэд хоорондоо хэчнээн өөр, хэчнээн сөрөг үзэл бодолтой байлаа ч ард түмний минь халаасыг суйлах, өөрсдөө хөрөнгөжих ашиг сонирхол дээрээ тулахаар ганц ч сөргөлдсөн үг ганхийлгүй гар барилцдаг” хэмээн тодотгосон байдаг. Энэ үгийг өнөөгийн улстөрчид уншаад өөрсдийгөө толинд харах шиг л болох вий.
    1998 он. Улс орны нөхцөл байдал уруудан доройтсонд сэтгэл зовнихдоо тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандан ил захидал өргөн барив. Уг захидалдаа улс төр, нийгмийн тогтолцооны таван бурууг илчлэн оношилсон юм. Тэр нь нэгт, Монголын төр өөрийн ачаагаа хөнгөлж, үүрэг хариуцлагагүй болсон, хоёрт, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бусниулсан өмч хувьчлал явуулсан, гуравт, хөрөнгөлөг цөөнхөд зориулсан ганц “орц”-той ардчиллыг бий болгосон. Монголд хэрэгжиж буй ардчилал үнэн чанартаа жинхэнэ ардчиллын эсрэг шинж чанартай үйл ажиллагаа, хуурамч хээ хуартай баг хэмээн палхийтэл хэлсэн юм. Мъянмарын ардчилагч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг “Дүр эсгэсэн ардчилал” гэж тодорхойлохоос арван таван жилийн өмнө манай хүн ийнхүү голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Дөрөвт, нийгэмд хүлээх иргэний үүргээс ангид, ажлын хариуцлагын гадна оршигч эрх чөлөөг тэрээр буруутгасан байдаг. Тавд, зах зээлийн харилцаа бол Монголын түүхэн ахуй нөхцөлд, монголчуудын унаган зан заншилд үл тохирох буруу тогтолцоо хэмээн үзсэн юм. Ард түмэн хэрэглэх юмаа хийж чаддаг, хийж чаддаг юмаа хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энгийн бөгөөд үнэн бодитой үзэл баримтлалыг тэр бас гаргаж тавьсан. Түүнчлэн ард түмнээ “хоосолдог” нийгэмд утга зохиол үйлчлэх ёсгүй хэмээн тэр үзэг нэгт нөхдөдөө хандан уриалсан билээ.
    1999 онд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсан руу чиглэсэн гүтгэлэг, доромжлол, эсэн бусын дайралт хэрээс хэтрэхэд тэрээр их найрагчийг өмөөрөн хамгаалж үнэн, халуун үгээ хэлсэн юм. Ийнхүү О.Дашбалбарын баримталдаг газар хувьчлахын эсрэг хатуу, зөв байр суурийг дэмждэгээ энэ үед хурцаар илэрхийлсэн билээ. Энэ бол анти улстөрчийн маань бас нэг том суурь үзэл баримтлал нь. Тэрээр хүн төрөлхтний дайсан бол эд баялаг. Хүнийг зөв ухаалаг амьдрахад, жинхэнэ аз жаргалыг мэдрэхэд эд баялаг саад тотгор учруулдаг гэж үздэг. Энэ үзлийнхээ үүднээс газар өмчлөлийг эрс буруушааж, эсэргүүцсээр ирсэн билээ. Хүний амьдралын бодит хэрэгцээнээс илүү хэт их баялаг хуримтлуулсан хүмүүсээ гэмт хэрэгтэнд тооцдог болсон цагт нийгэм сая нүгэлгүй, хэрэг зөрчилгүй, цэвэр ариун болно гэж тэрээр итгэдэг, үүнийгээ ч байнга ярьж, бичдэг. Хүний нэг насны хэрэгцээ байтугайгаас хэд дахин давсан мөнгө хөрөнгөө оффшор дансанд нуудаг болсон өнөөгийн улстөрчид, бизнесмэнүүдэд энэ үг ялын тогтоол шиг л сонсогдох байх. Жинхэнэ сонгодог ардчиллыг өмчийн сэтгэхүйгүй нийгмийн харилцаа, эв хамт, нийгэм журамт ёсны бурханлаг, дээд хүмүүнлэг оюунлаг харилцаа гэж үздэг анти улстөрч маань тэр бүхэнд зөвхөн үнэн шударга хамтын хөдөлмөрөөр хүрнэ гэж итгэдэг. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг тэр чигт нь үгүйсгэн буруушаах бөгөөд арчилсан чөлөөт сонгуулийг ч мөн үл хүлээн зөвшөөрнө.
    Ингээд тоочоод байвал анти улстөрчийн маань анти үзэл баримтлал тун олон. Хамгийн гашуун нь түүний 20 гаруй жилийн өмнөөс ярьж, илэрхийлж ирсэн тэр бүхэн анти биш амьд, зөв үзэл байсан ажээ. Үүнийг ойлгоогүй бид дөнгөж өнөөдөр л үнэнтэй улаан нүүрээрээ тулна гэдэг ямар хэцүүг мэдэрч сууна. “Үнэн улстөрждөггүй” хэмээн тэрээр хэлсэн нь үнэн байж.. Улстөрч Урианхайн хувьд үнэнтэй хамт амьдарсаар ирсэн. Харин үнэний “үгэнд ордоггүй” ардчилагч хүүхдүүдэд тэр үгээ хэлэхээс залхсан уу, эсвэл бүр тэмцлийн хурц хэлбэртээ шилжсэн үү. Ямар ч байсан сүүлийн арваад жил нам гүмхэн, анир дүнсгэрхэн байх болов. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэдэг өнгөцхөн аксиом бий. Мөн чанарыг, үнэнийг оносон Урианхай гуай шиг анти улстөрч хүний хувьд дуугүй байх шиг хурц, ширүүн тэмцэл гэж үгүй. Тэрээр ард түмнийхээ хувь заяаны төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэр цээжин чинаддаа аргалын гал мэт уугих амин халуун бодол, шаналандаа шатаж, дагжиж яваа. Агуу их шаналан гуниг үг дуугүй байдаг гэдэг дээ.
    “Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Сонинбаяр

  • ОЙРАД МОНГОЛЧУУД

    Илид суусан Банди жанжин эл байдлыг Тэнгэрийн тэтгэсэн хаанд уламжлахад, Амарсанааг барих даалгавар хариуд нь өгчээ. 500 цэрэгтэй Банди жанжинд босогчдын хүчийг хуралдуулсан Амарсанааг амархан барих боломж байсангүй. Амарсанаа шуурхай хөдөлж, Манжийн тэр бага хүчийг 1755 оны 10 сарын 3-нд дарахад, эцсээ тултал тэмцсэн Банди жанжин амиа хорлож, тэднээс нэг ч хүн амьд үлдээгүй. Амарсанаа улам сайн хүчээ хуралдуулж, Или хавийг бүрэн хяналтандаа авчээ.
    Тэнгэрийн тэтгэсэн хаан маш богино хугацаанд цэрэг бэлтгэж, 1756 оны эхээр Зүүнгар руу хөдөлгөжээ. Манжийн цэрэг урдын адил хойд ба баруун хоёр жигүүрээр давшиж, Амарсанаа нохойн хэрлээр тосон тулалдаж, Манжийн цэргийг бүтэн жил хорьж, өгөө аваатай тулалдсан байна. Амарсанаа цэргийн чадварлаг жанжин болохоо эдгээр тулаануудаар харуулсан гэнэ.!Амарсанаагийн талд байсан хасгийн ноёд Манжид буугаад өгчихжээ. Гайтай юм шиг Амарсанаагийн цэрэг дотор салхин цэцэг өвчин бас дэлгэрсэн байна. Түүнээс болж сандарсан олон цэрэг Амарсанааг хаян, таран оджээ. Эдгээр шалтгаанаас болоод хүч нь нэлээд суларсан агшинд нь Жоохуй хэмээх залуу манж жанжин Амарсанааг нэхэн цохижээ. Амарсанаа цөөн нөхдийн хамт Орост зугтан гарч, цагаан хаанаас зэр зэвсгийн тусламж хүссэн байна.
    Орос Амарсанаад тусалсангүй, Манжтай байгуулсан гэрээ ёсоор түүнийг Манжид барьж өгсөнгүй. Тэнгэрийн тэтгэсэн хаан Амарсанааг барьж өгөхийг ихэд уурсан Оросоос шаарджээ. Тэр хооронд Амарсанаа салхин цэцгээр Орост өөд болжээ. Харин Оросын тал Хиагтад Амарсанаагийн шарилыг Манжийн элчид үзүүлснээр Тэтгэрийн тэтгэсэн хааны хүсэл биелж, эл асуудлыг хаясан байна.
    Зүүнгарын хүн ам 10 дахин цөөрсөн нь дайнд хядагдсан, дайны хөлөөс дүрэвсэн, цэцэг өвчинд нэрвэгдсэн, олзлогдсон гэсэн 4 гол шалтгаантай ажээ. Зүүнгарт хүн ардыг Манжийн хаан төвдөө ойртуулж татсанаас болж Зүүнгарын нутаг улам эзгүйрч, хасаг, киргиз, уйгар, хотон зэрэг лалын шашинтай үндэстнүүдэд ихэнх нь шилжсэн байна. Хожим торгуудын хэдэн отог Ижилээс буцаж нүүж ирснээр Зүүнгарын нутгийн багахан хэсэг нь эзэнтэй болжээ. Тэнгэрийн тэтгэсэн хаан “Зүүнгар” гэдэг үгийг хэрэглэхийг 1759 онд цаазаар хорьжээ. Түүнээс хойш Зүүнгарыг Өөлдийн нутаг гэх болсон. Тус номыг гол болгож, бусад сурвалжаас сэлбэсэн билээ.
    Дотроо эвгүй байхдаа бусдын хоол хэрхэн болдог байсан гэдэг талаас нь энэ бичлэгийг хүлээж аваарай. Даваачийг баатар, Амарсанааг дайсан мэт туйлширч бүү савлаарай. Дээдсийн явдлыг бид шүүхгүй, тэдний алдааг л давтахгүй байхад түүхээ мэдэхийн учир оршино.
    Зураг: Зүүнгарын баатар эрс
    Ochir-Erdene Battogtokh-ны бүтээл
    Ш.Баатар

  • “Бошгыг халах Залуучуудын эвлэл” (Монголын Залуучуудын Xолбоо)-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг, МАХН-ын болон Залуучуудын Эвлэлийн Төв Xорооны гишүүн В.Баваасан

     

    …Хийрхсэн залуус Хувьсгалын эхэн үед бөөн зөрчил үүсгэсэн юм. Эхлээд “бүх нийтийн хувьсгалчирхаг” өвчин тусчээ. Хуучин дарлаж байсан феодалын ёсыг устгаж, ардын эрхт ёсыг тогтоосон учраас одоо ард хүн, ялангуяа нам, эвлэлийн гишүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж олон хүн үзэх болов. Ингээд дүвчигнэж гарчээ. Гэзэг үс хяргах, нударга тайрахаас эхлээд хүн баривчлах, зодох хүртэлх тун олон тэнэг зүйл хийжээ. Үүнийг “Өглөө” кинонд тов тодорхой харуулсан. Харин кинонд гардаг шиг ганц Бодоо биш, тун олон хувьсгалч тэгдэг байсан. Түүнээс гадна Хятадаас Жан Зо лин дайрах гэж байна гэсэн цуурхал их гарч, түүний довтолгооноос хамгаалах цэргийн бэлтгэл хийдэг байв. Наад зах нь эвлэлийн гишүүд “хөл гарын” (жагсаалын) сургууль тогтмол хийдэг байсан. Зарим дарга нарт нь гар буу хүртэл тараадаг байжээ. Тэр үед үсээ тайрч, халимаг тавьсан, нударгагүй дээл өмсөж, шөвгөр хар (хромон гутлыг монголчууд тэгж хэлдэг байсан-Х.Д.Г. ) жийж, ташаандаа гар буутай, энгэртээ эвлэлийн тэмдэгтэй, бас КИМ-ийн тэмдэгтэй (Дэлхийн Залуучуудын Интернационалын товчилсон нэр-Х.Д.Г.) залуу хүн бол одоогийнхоор бол Харвард буюу Баруунд төгссөн хүнээс дутахааргүй мундаг хүн байсан юм. Хэрэв тэр нөхөр бичиг үсэгтэй бол шууд дарга, мөн КУТВ (Дорно Дахины Коммунист Их Сургууль) төгссөн бол шууд л нам, төрийн удирдах албанд очдог байв. Хэт хувьсгалчирхах явдал ихээхэн газар авсан учир Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар тэсэхээ байгаад ухуулах бичиг гарган: “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” хүртэл гаргаж, түүнийгээ 1922 оны 3 дугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан байна. (Улсын Түүхийн Төв архив. Д.Сүхбаатарын фонд. 2 дугаар бүлэг.) Ингээд үзэхээр байдал тун хэцүү байсан бололтой. Яг одооны Монгол Улс шиг эрх чөлөөгөө эдлэх нэрээр дураараа дургиж байж…
    …Үүнээс гадна Д.Нацагдорж Эвлэлийн гишүүн байж, ямар нэг албан тушаалтай байсан нь мэдэгддэг юм. Учир нь Д.Нацагдорж, В.Баваасан хоёрыг эвлэлийн гишүүдийн “хөл гарын сургууль”-д оролцсонгүй гэж шүүмжилсэн баримт архивт байсантай би тааралдаж байсан юм. Д.Нацагдорж нь их “зальтай” эвлэлийн үүртээ “-их ажилтай тул чөлөө өгнө үү” гэхчлэн бичиг өгч аргалаад байжээ. Харин Засгийн Газрын нарийн бичгийн дарга, Нам, Эвлэлийн Төв хорооны гишүүн В.Баваасан болохоор “-нам төрийн их ажилтай” гэчихээд эвлэлдээ томроод загначихаад яваад байж. Энэ нь хожим түүний амь насанд хүрсэн бөгөөд 1924 онд С.Данзантай хамт буудуулсан билээ…
    …Тэр үед нам эвлэлийн хооронд онцын ялгаа байсангүй. Сүүлдээ эвлэл нь намтайгаа эн зэрэгцэж, түүний үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцох болов…
    …Эвлэлийн гишүүд намын Их Хурлын гадаа жагсаал хийх, хурал дотор орж ирэх, буутайгаа хуралд суух, мэдэгдэл гаргах, дуудахад нь ирэхгүй байх, сүрдүүлэх зэргээр намаа дарамталсан жишээ тэнд асар олон буй. Энэ нь тэр үеийн нам төрийн зөрчил, будлиант байдлыг тод харуулдаг. Ингээд намын ажилд хэт оролцсон, бас “эсэргүү нартай” нийлсний учир МХЗЭ-ийн Төв Хорооны гишүүн В.Баваасан Солийн Данзангийн хамт цаазлуулж, МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буяннэмэх баривчлагдсан юм. Бас эвлэлээс нэлээд олон хүн хэлмэгдсэн. Үүний дараа ухаан орж, нам эвлэлийн харьцааны асуудлыг анхаарч эхэлсэн юм…
    Босоо Хөх Монгол Хүн

  • ХЯТАН НАР

    Хятан нар буудалласан газартаа олон тэргээ тойруулан тавьж хүрээ үүсгээд, дунд нь буудаг байсан нь хожмын монголчуудын хүрээтэй адил юм.
    VIII зуунаас Хятан нарын аж ахуй нь өсч дэгжихийн зэрэгцээ хүн ам нь олширсоор байж.Урьд н; тэд 10 аймагтай байсан бол IX зууны сүүлч үед Хятан 38 аймгаас бүрэлдэж байсан аж.
    Хятан улс 936 онд Хятадыг дотолж, хойд зүгийн нь 16 муж улсыг эзлэн авчээ.Түүнээс хойш Хятан улс их гүрний шинжтэй болж, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэж, гүрний нийслэлийг байгуулж эхэлсэн байна.
    Хятан гүрний дарлал мөлжлөгийн хүчрийг хүлээсэн Зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж, өөрийн нутгаа чөлөөлж, Хятанд гүрний зарим газар нутгийг ч эзэлж, улмаар 1115 онд Алтан улсыг сэгхийх завдал өгөлгүй довтолж, 50 илүү хотыг нь эзэлжээ/ 1118-1125 онд Алтан улс Хятадын Сүн улстай талцан хүч хавсран Хятан гүрнийг хоёр этгээдээс нь довтлон, нутаг газрыг нь жил жилд ахин эзэлсээр Хятаны Тяньцзо хааныг олзолж, 200 гаруй жил тогтносон Хятан гүрнийг мөхөөж, түүний газар нутаг ба хүн ардын үндсэн хэсгийг эзлэн захирах болжээ.
    1125 онд Хятан улсын хаан нь Алтан улсад олзлогдсон, Хятан улс мөхсөн нь Елуй-Даши орхон, Туулын газарт цаашид удаан суух аргагүй болжээ.Чингээд тэр цэрэг, дагалдагсадаа авч баруун тийш хөдлөн, одоогийн Шинжааны Турфан хотын орчноор тэр үеийн Уйгурын нутгийг хүрэв.
    Хар Хятан улс нь монгол угсааны аймгуудын үүсгэн байгуулсан Хятан улсын уламжлалыг залган, Дундад Азид тогтсон төр улс юм.
    13 зууныы нэгэн муцульман түүхч Хар Хятаны тухай тэмдэглэхдээ, ;;Гүр хаан бүх Туркестанд хоёрхлоо тогтоож байв. Тэгэхдээ Гүр хаан өөрийн хүрдэггүй.Хүн ардаас татвар авах нь бага, харьяат улсын ван нарт хандахдаа энэрэнгүй, түүнд дагасан (ван) хүн бүрийн энгэрт нэгэн мөнгөн тэмдэг зүүж явдаг. Тэр н. түүний хараатын тэмдэг;; тын гэжээ.
    Хятан нар нийгэм-эдийн засгийн хөгжлөөр урьдах Хүннү, Сяньби Жужан, Түрэг зэрэг аймаг улсуудаас нилээд ахиу байсны нэгэн адил , эдийн ба оюуны боловсрол нь бас давуутай болсон байжээ.
    378
    1110,1118 онд Хятанд их өлсгөлөн болж, хүмүүс модны холтос, хальс идэхэд хүрч байсан нь түүний эдийн засаг сүрхий доройтсоны шинж тэмдэг юм.Шивэй хэмээх ерөнхий нэрийн доор тэр үед гуч гаруй аймаг байсан бололтой. Тэднийг түрэг (VI-VIII зуун)-ийн гэрэлт хөшөөний бичигт, гучин Татар гэж нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Шивэйн 30 аймаг, гучин татар гэдэг нь нэг зүйл аж.Шивэй нар Хятаны баруун хойд талаас хойд зүгийн ой хөвч хүртэл олон зуун км газрыг эзэмшин сууж байжээ.Шивэйн олон аймгийн дотор хожмын язгуурын монголчуудын өвөг дээдэс оролцож явжээ.Судлаачид Да Шивэй бол хожмын Тайчууд аймаг гэж үзсэн байна.Мөн Хар тэрэгт Шивэй нар Хятантай өргөн харилцаж явсан байна.Тэд 907 онд Хятанд эзлэгдсэн бөгөөд тэрэг, гэр тэрэг хийдгээрээ ихэд алдаршиж байв.Хар тэрэгт Шивэй нар Хятанд гэр- тэрэг хийх аргыг зааж өгсөн ажээ.
    Улгу. Хэрлэн голоос урагш нутаглаж агсан гэнэ.Тэд бол хожмын Олхонуд аймаг бололтой. Нанхиад сударт, Олхонуд гэдэг нэрийг Улгу буюу ургу хэмээн хазгай тэмдэглэсэн байна..Улгу нар 10 зууны эхээр Хятан нарт эзлэгджээ.Хятаны эрх баригчид тэднийг эзлэн аваад, 3 хувааж, тус бүрд нь толгойлогч тавин захиргажээ.
    Улянха(Урианхай) аймаг 909, 963 онд Хятанд бэлэг хүргэн, алба барьж байжээ. Тэд алаг гөрөөсөөр алба өргөсөн гэсэн нь ойн урианхад бололтой.Урианхад анх Хятан улсын үед түүхэнд нэр тэмдэглэгдсэн байна.Тэд нанхиад сударт, Кумоси буюу кумохи хэмээн нэр нь тэмдэглэгдсэн монгол угсааны аймагт анхандаа багтаж явсан бололтой.
    Мэй-ли-зи (Мэргэд).Тэд чухам хэзээ Хятанд эзлэгдэн хараат болсон нь тодорхойгүй.1057 онд У-ду-вэн аймаг Хятанд тэмээ, мориор алба өргөж байсан нь Гурван Мэргидийн доторхи Удуйд Мэргэд мөн бололтой тэгэхээр 1057 оноос өмнө л тэд Хятаны хараат болсон байна.1096 онд тэд Хятаны эсрэг эсэргүүцэн тэмцээд ялагдаж байв.1097 онд Зүбү нар Хятаны эсрэг хүчтэй тэмцэж, тэднийг сүрхий шахамдуулах үеэр Мэргидийн ноён Хулуба бас хөдөлж, уугуул нутгаа эргүүлэн авахыг Хятанаас шаардаж, бас нутгийн бүтээгдэхүүнээр тэдэнтэй худалдаа хийхийг тулган байжээ.
    Татар. 1005 онд есөн татар нар Хятанд алба өргөсөн байна. Тэр үеийн хятад сурвалжид, татар гэдэг нэрийн дор Тутукулиут, Алчи, Куйн, Биркуй, Терат, Камаши, Ниучи, Айрагуд, Буйургуд нараас бүрдсэн есөн татараас гадна Хамаг Монголчууд зэрэг зарим монгол аймгуудыг бас багтаан ойлгож, судар бичигт тэмдэглэсэн бололтой байна. Тиймээс тухайн үеийн нанхиад сударт гарч буй дада бую дадан гэдгийг хоёр янзаар ойлгож болно. Түрэг (VI-VII зуун) -ийн гэрэлт хөшөөний бичээсэнд 30 татар хэмээсэн нь Шивэйн 30 аймгийг хэлсэн гэдгийг өмнө нь тэмдэглэсэн билээ. 1124 онд Хятаны эрх баригчид татар аймгуудаас 50 000 цэрэг татаж байсан гэсэн нь гагц есөн татарыг заасан хэрэг хараахан биш бололтой.
    Дэлэ. Энэ аймаг нь Олхонуд аймагтай зэргэлдээ Хянганы нурууны орчмоор нутаглаж явсан бололтой.Тэднийг бас заримдаа нанхиад сударт янз янзаар тэмдэглэжээ. Бүгд найман аймгаас бүрдэж агсан тул Дэлэгийн 8 аймаг ч гэсэн нь үзэгддэг. Хятаны эрх баригсад дэлэ нарыг тусгай аймагт хуваасангүй. Тэд Хятан нартай тэмцэлдэн, түрэмгийллийг нь эсэргүүцэх нь олонтой байжээ. Энэ аймгийн угсаа гарал нь тодорхойгүй. Уг аймгийн нэрийг тэмдэглэсэн Хятад үсгийн дуудлага, нутгийнх нь баримжаа зэргээс хөөж бодвол, дэлэ нар нь хожмын Жалайр аймаг байж магадгүй санагдана. Жалайр гэх нэрийн сүүлийн -р- нь олны нөхцөл бөгөөд үндэс нь Жалай юм. Хожим нь Жалайр нь 10 аймгаас бүрдэж байжээ. XI зууны эхээр жалайр нар Хятаны түрэлтэнд өртөн, баруун хойшлон, Хамаг Монголын нутагт орж иржээ. Тэгээд тэдний хүүхдүүд нь мангир, гогод зэргийг түүж идсээр Хамаг Монголын язгууртан эмэгтэй Монулун хатны морь уралдах газрыг эвдсэн шалтгаанаар зарим нь хядагджээ. Түүнээс болж Жалайр, Хамаг Монгол хоёрын хооронд тэмцэл үүсч, яваандаа жалайр нар ялагдан, тэдний өтөгү боол аймаг болсон гэдэг.
    Онгуд. Энэ аймаг Хянганы нурууны баруугаар, Их цагаан хэрэмийн араар нутаглаж байжээ.Хятад сурвалжид тэднийг Шато буюу Цагаан татар хэмээн нэрлэж байжээ.941 онд тэд түгүхүний заримын хамт Хятаны шахалтанд өртөн, Хятадад дагахыг завдаж байв.
    Монгол. Нанхиад сударт, VII-VIII зууны хэрэг явдалтай холбогдуулан Мэньү Шивэй гэх аймгийн нэр тэмдэглэгдсэн ажээ. Тэрхүү Шивэй аймгуудад хамаарч агсан Мэньу нь Монгол гэсэн нэрийн хазгай гэсэн үг ажээ. Тэр үед Мэньү Шивэй нар Далай нуур, Хөлөн нуур хавиар нутаглаж явжээ. Хятан улсын үед тэднийг Мэнгули хэмээх болжээ.Энэ нь монгол гэсэн үг гэдэг нь илэрхий.Тэд Хятаны нутгийн баруунаар зах залган оршиж, өвс, ус даган жилийн дөрвөн улиралд байнга нүүдэллэн мах, айргийг хүнсэндээ хэрэглэн, Хятан нартай арьс шир, үхэр, хонь, тэмээ, адуугаар худалдаа хийдэг байжээ.1087 онд Монгол улсаас Хятан улсын амар амгаланг асууж элч зарж байжээ.Энэхүү Монгол улс гэсэн нь хамаг Монголыг хэлж буй бололтой.1122 оны үед Монгол улс нь хятан нарт эцсийн түшиц хүч болж байсан гэж сурвалжид өгүүлжээ.
    Элжигин. Энэ аймаг Хятан улсын үед төрийн засаг захиргааны байгуулалтаас үүсч буй болсон бололтой.Хятаны эрх баригчид өөрийн улсын харьяат болон хараат улс аймгуудыг хэсэглэн хуваагаад, хэсэг бүрийг тусгай төлөөний хүмүүсээр захируулдаг байсныг дээр өгүүлсэн билээ.Тийм төлөөний хүмүүс нь дотроо хэдэн зэрэг дэвтэй байсан бөгөөд хамгийн дээд тушаалтныг илижин (илицзин) хэмээдэг байж.Энэ илижин гэдэг үг нь угтаа элжигин гэдэг үгийн хазгай бичлэг бололтой гэж судлаачид үзэж байна.Илицзин гэдэг үгийг эхний -эл- нь өөрийн хүн, элгэн садны хүн гэсэн утгатай эртний алтай хэлний үг.Харин -жигин- нь эртний түрэг хэлнээ хан хүүгийн болон хааны гэр бүлийн гишүүдийн өргөмж нэр, өндөр зэрэг тушаалын нэрээр хэрэглэгдэж байсан тегин гэдэг үгийн сунжирсан хэлбэр бололтой.Энэ хоёр үг нийлэн хэвшээд, элжигин гэсэн үг үүссэн бололтой.Энэ нь илижин хэмээх албан тушаалтын агуулгатай ч дүйцэж байна.Хятан улсын хааныг төлөөлөн, тусгай аймгуудыг захирдаг, хааны ураг садны тэр хүнийг Хятан нар илижин буюу элжигин гэж нэрлэдэг байсан нь яваандаа түүний захирсан хараат хүмүүсийн нэр болон хувирсан аж.Монголын элжигин аймаг нь эрт цагт хонхирад, барга нартай нэг тамга хэрэглэдэг, гарлын холбоотой байсан аж.Энэ нь элжигин нар дээрх айимгуудаас голлон үүссэний гэрч байж болно.XI зууны эцэс XII зууны цагт элжигин нар одоогийн Монгол улсын нутгийн зүүн хэсгээр нутаглаж явжээ.
    Дээр нэр дурдсан хэдэн аймгуудаас гадна Хятан улстай дээр үеэс харилцаж, түүнд захирагдаж явсан Диэ-лиэ-ди, Юань-цюай гэдэг хоёр аймгийн нэр сударт гардаг нь мөнхүү монгол аймгууд бололтой ажээ.Диэ-лиэ-ди гэдгийг зарим судлаач Монголын далуд аймагтай, нөгөөдөхийг нь ижи аймагтай дүйлгэсэн байна.
    1012, 1015 онд Хэрлэнгийн дээд биед Шимали, Диэ-лиэ-диь, Юань-цюай гурван аймаг Хятаны эсрэг бослого гаргаад, Хятаны сайд Елюи Шилян тэднний бослогыг дарж, олон хүнийг хядсан байна. Дээр босогчдоос үлдэгсдийг Хэрлэн голын доод урсгалын газарт хоёр хот барьж, заримыг нь суулгажээ.Тэр хоёр хотын үлдэц нь өдгөө ч Зүүн хэрэм, Баруун хэрэм нэртэйгээр Монгол улсын Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Хэрлэн голын хойд хөвөөнд байна.
    Дээрх гурван аймгийн хүн ам тэр хоёр хотод байсан Хятаны төлөөны сайдуудад захирагдан, зарим нь хотын дотор суун, гар үйлдвэрлэлийн ажил үйлдэж байжээ. Тэр үеийн Монгол аймгуудын эсэргүүцэл тэмцэл Хятан улсын хүчин чадлыг сулруулж байсныг тэдний сайдууд ч хүлээн зөвшөөрч байжээ.
    XI зууны эхээр Хятан улсын дотоодод бослого тэмцэл олон гарсан байна.Тэр тэмцлийг дарахын тулд Монгол аймгуудаас цэрэг, мал татах нь нэмэгдэв, Энэ нь Монгол аймгуудын тэмцлийг улам өрнүүлж байжээ.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • Хүн чулуу

    Эдгээрийн онцлог шинж нь, хоёр гараар хэвлийн өмнө сав барьсан босоо дүрстэйгээс гадна хоёр чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгайтай, олон унжлага зүүлт бүхий бүстэй байдаг.эдгээрт түрэгийн хүн чулуунд байдаг шиг хутга, сэлэм зэрэг зэр зэвсгийн зүйл үгүй, мөн түүнчлэн харьцангуй их том хэмжээтэй байна. Түүнээс гадна ойр орчинд нь, түрэгийн дурсгалд байдаг шиг тахилын хашлага чулуу, цуварсан зэл чулуу зэрэг зүйлс огт тохиолддоггүй байна.
    Ийм хэлбэрийн хүн чулуу Тува, Хакаст олдож байжээ.Манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун талын аймгуудын нутгаар тохиолддог ба төдийлөн нарийн сайн судалж хараахан амжаагүй юм.Эдгээрийн жишээ болгон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8.5 км зайтай Битүү хэмээх газарт орших хөшөө, мөн Ногоон нуур сумын төвд буй 2 хөшөө зэргийг дурдаж болно.
    Дээрх хүн чулуудын хийц дүрслэл болон дэргэд нь байх байгууламжийн хэлбэр дүрс түрэгийн хүн чулууныхаас эрс ялгарч байна.Харин газар зүйн байршлын хувьд, түрэгийн хүн чулуу элбэг тархсан Баруун Монгол, Алтайн уулсаар байх ба Уйгур улын төв байсан Монголын төв нутагт огт тааралддаггүй ажээ.
    Киркисүүд
    Уйгурын ноёрхлыг мөхөөж Монгол нутагт түр ноёрхлоо тогтоосон овог аймаг бол киргис нар бөгөөд тэд Төв Азийн эртний ард түмний нэг болно.
    Киргисүүд нь ийнхүү Төв Азийн ихэнх нутгийг эрхшээлдээ оруулсан ч тэнд удаан ноёрхож чадсангүй.Тэдний Төв Азид байсан цаг хугатсаа болон энэ нутгийг орхиж явсан шалтгааныг икин янзаар тайлбарладаг.Өмнө нь Төв Азид ноёрхлоо тогтоож байсан улс гүрнүүд Монгол орны төв нутаг Орхон голын хөндийд төвлөн төр улсаа байгуулж байсан бол Киргисүүд энэ уламжлалыг дагасангүй.Тэд ерөөс энэ нутагт суурьшин идээшихийг эрмэлзээгүй бололтой Зарим судлаач, тэдний эндээс явсан цаг хугацаа, шалтгааныг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарладаг байна.Тухайлбал, тэд 10 зууны эхэнд монгол хэлт хятан нарт хүч түрэгдэн энэ нутгийг орхиж явсан гэж үздэг.
    Киргис нь бөө мөргөлтөн байсан ба өөрсдийн бөө нарыг “Гянь” буюу кам гэж нэрлэдэг байв.Тал газар цугларч бөө бөөлөн лус савдаг тахидаг байжээ.12 жилийн тоололтой бөгөөд жил бүрийг бар хулгана, нохой гэхчкэн амьтны нэрээр нэрлэдэг байв. Баяр наадам цуглааны үеэр тэмээн ба морин уралдаан зэргийг зохиодог байжээ.Бишгүүр, хэнгэрэг, цоор зэрэг хөгжмийн зэмсэгтэй байв. Эхнэр богтлон авахдаа адуу, хониор сүй бэлэг барьдаг, эрд гарсан эмэгтэйчүүд нүүрэндээ шивээс тавьдаг мөн эрэлхэг баатарлагийн тэмдэг болгож эрчүүд ч нүүрээ шивдэг байв.
    6 зууны үеэс Түрэг улс хүчийг олж, одоогийн Монгол улсын нутгаар төвлөрсөн их улсыг байгуулан нийт Төв Ази дахинд ноёрхлоо тогтоон явах үес, монгол угсааны овог аймгууд одоогийн байгаагаасаа ихээхэн зүүн тийш шахагдан нутагласан байлаа. Тэр үед Байгал нуураас урагш Ляодунгийн хойг хүртэлх уудам газар нутагт аж төрөн сууж байсан нүүдэлч овог аймгууд нь монгол хэлтэн байсан гэж эрдэмтэд үзэж байна. Эдгээр овог аймаг нь Дорнод Ху буюу Дунху-аас үүсэн гарч, Сяньби, Жужан зэрэг томхон улсуудыг байгуулж явсан тэр л өвөг монгол хэлтний удам угсаа болно.
    Татар хэмээх нэр түрэг хөшөөний бичээст гардаг төдийгүй, үүнээс ч бүр эрт үед нангиад сурвалжид эхлэн гарч, дада, датань, тантань гэх хэлбэрээр тэмдэглэгдэн хэрэглэгдсээр иржээ.
    Энэхүү улс үндэстнийг нэрлэх Татар хэмээх нэр анх гарснаас хойш Күль-Тегиний хөшөөний их бичээсэнд “Отуз-Татар” (Гучин татар) гэх нэрээр гартал 200 жил, цаашид Тан улсын үе хүртэл 100 гаад жил өнгөрчээ. Улмаар энэ нэрээр дундад зууны Монголчуудыг нэрлэж байсан ба XIII зууны Монгол аймгуудын дотор байсан Татар нэртэй аймаг нь Жужаны шууд удам гэж эрдэмтэн Г.Сүхбаатар үзжээ. 2 мөн тэнд тал 65

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ТҮРЭГ

     

    Дурьдсан газар нутагт МЭӨ 2-1 зууны үеэс Хүннүгийн засаглал тогтож байсан бөгөөд сурвалжид түрэгүүд нь Хүннүгийн нэг аймаг байсан гэдгийг онцлон тэмдэглэснээс үзэхэд Түрэгийн өвөг дээдэс нь Хүннүгийн бүрэлдэхүүнд ордог, тэдний нэг аймаг байсан нь тодорхой харагдаж байна. Ийинхүү жужаны захиргаанд орсноор түрэгүүд нь Алтайн өвөр биеэр нутаглаж төмөр хайлуулан боловсруулж Жужан нарт алба барих болжээ.Энэ үеэс тэдний овог аймгийг Түрэг хэмээн нэрлэх болсон ба хуучин нэрлэж байсан “Ашина” хэмээх үг нь тэдний ноёлох овгийн нэр болон үлджээ.энэхүү “Ашина” хэмээх үгийг монгол хэлний чоно хэмээх үг болох бөгөөд энэ нь түрэг угсаатан бүрэлдэн тогтоход өвөг монгол хэлт аймгийн ойролцоо нэлээд байсны илрэл гэж зарим эрдэмтэд үздэг байна Энэ нь өөрсдийгөө чоноос гаралтай хэмээн үздэг Төв Азийн нүүдэлчин Монгол-Түрэг угсаатны угийн нийтлэг домогтой нягт холбогддог юм.
    Түрэгүүдийг нангиад сурвалжид нэрлэн тэмдэглэсэн “Туцзюе” хэмээх үгийг “Туркут” хэмээн тайлж тодруулсан ба энэ нь монгол хэлний олон тооны дагавар залгаж үүсгэсэн нэр бөгөөд энэ баримт нь анх энэ нэрийг монгол хэлт жужан нараас дам авч хэрэглэсний гэрч баримт хэмээн судлаачид үздэг ба тэд чонын алтан толгойгоор чимэглэсэн тугтай байсан нь чоно тотемтой байсныг гэрчилдэг. Энэхүү үзэл санаа түрэг угсаатны дунд нэн өргөн дэлгэрч оюун санаанд нь гүн бат шингэсний гэрч баримт нь Архангай аймгийн Их тамир сумын нутгаас олдсон Түрэгийн түрүү хаант улсын үед холбогдох Бугатын хөшөө хэмээх нэрээр алдаршсан согд, брахми бичигт пайлуур хөшөөний оройн чимэг дэх дүрслэл юм.Энэ нь хөшөөний оройн хэсэгт чонын бие товойлгон цоолборлож түүний доор хүний биеийн жижиг дүрс гаргаж чимэглэсэн байна. Үүнийг, өлөгчин чоно хүүхдийг тэжээн өсгөж түүнээс нь түрэг угсаатан үүсэн бүрэлдсэн хэмээн өгүүлсэн домгийн үйл явдлыг дүрсэлжээ гэж судлаачид үздэг. Түрэгийн хаант улсын эхэн үед холбогдох энэ хөшөө нь тэдний гарал үүслийн домгийг биет байдлаар дүрслэн үзүүлснээс гадна хөшөөний үсэг бичгийг согд болон зарим хэсгийг брахми үсгээр үйлдсэн байгаа нь түрэгүүд энэтхэг иран хэлт овог аймагтай нягт уялдаа холбоотой явж, тэдний соёлын ололт дэвшилтийг тусган авч, бурхны шашныг дэлгэрүүлж байсны нэгэн баримт болдог ажээ. Түүнчлэн Түрэгийн соёл үүсэн бүрэлдэхэд Угор, Самоед болон Монгол угсаатны нөлөө оролцоо байсан нь тодорхой болжээ.
    Түрэгүүдийн баруун зүгт хийсэн аян дайныг Буман хааны дүү Истеми толгойлж Баруун тэнгис “Арал нуур”-ийн умард биеээр нутаглах, хионит, вар, огор зэрэг аймгуудийг эзлэн Ижил мөрөнд тулж очсон ба Урал хавийн тал нутгийг эрхэндээ оруулжээ. Тэрвээр “ябгу” цолыг хүртэж хаант улсын баруун хэсгийг захирах болсон нь улмаар Түрэг улс баруун зүүн хэмээн хоёр хуваагдахын эхлэл болсон юм.
    Ийнхүү Түрэг улс нь 582-603 оны үед, Орхоны хөндийд төвлөрсөн Дорнод Түрэг, Дундад Азид төвлөрсөн баруун Түрэгийн хаант улсууд болон бүрмөсөн задарснаар барахгүй эдгээр нь дотооддоо мөн хямран тэмцэлдэж байжээ. Шаболио хаан (581-587) ор суумагц Монгол нутат байсан үеэл дүү Яньло, Далобянь нар урваж тус тусдаа бие даасан байна.
    Түрэгийн хожуу хаант улс
    Түрэгийн түрүүчийн бослого дарагдаад жил ч өнгөрөөгүй байхад Нангиадын эсрэг дахин том бослого гарч нэн эрчимтэй өрнөв.Энэ бослогыг Түрэгийн сурвалжит язгууртан Күтүлүг, Нанхиадын эрхшээлд хүмүүжин боловсорсон зөвлөх түшмэл Тоньюкук нар удирджээ.
    Күтүлүгийн бослого эхнээсээ амжилт олсон шалтгаан нь тэрбээр бослогын эхлэл цаашдын явцыг маш нарийн төлөвлөн, өөрийн бодит хүчинд зөв зохицуулсанд оршино.
    Күтүкүгийн байгуулсан улс нь Монголын төв нутагт Хангай уулын хавиар төвлөрч байжээ.
    Түрэг улсын умард болон өрнөд хил хязгаар нь 699-708 оны үед Тагнын уул Алтай, Тарвагатай орчмоор байжээ.
    Билгэ хаан, эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд хэцүү цаг үед хаан ширээнд суусан ажээ.
    Ингээд Билгэ хаан, Куль-Тегин нар Уйгурыг довтолж бут цохисноор Токуз, Огузын аймгийн эсэргүүцлийг зогсоож, их хэмжээний олз омгийг олсон байна 718 оны зун Киданыг бут цохиж, Хянган хавийг дахин эзэллээ.
    723-724 оны өвөл цаг Түрэгүүдийн хувьд тун хүнд хэцүү байсан бөгөөд зудад олон удаа малаа алдкээ. Хавар нь Огуз, татартай дахин байлдаж эхэлсэн нь өмнөх жилүүдийн ололт амжилтыг алдах аюул хүргэв. Асар их хүчин чармайлт гаргасан хүчинд босогчдыг дарж дотоод байдлаа төвшитгөж чадлаа. 72 онд Билгэ хаан Түвэдээс дэвшүүлсэн цэргийн холбоо байгуулах явдлаас татгалзсаныхаа шанд Хятадтай хилин худалдаа өргөтгөх боломж бүрдүүлжээ. Энэ үеэс эхлэн Түрэгийн хаанд жил бүхэн их хэмжээний торго бэлэглэх болжээ.
    731 онд Куль-Тэгин нас нөгчив. Билгэ хаан ихэд гашуудан түүний дурсгалд сур төгөлдөр тахилын онгон байгуулсан ба энэ явдалд Хятадын хаанаас тусгай элч томилон илгээж гашуудлын үг хүргүүлэхийн хамт чулууч урчууд гаргад тахилын сүм цогцолж үзэмжтэй сайхнаар чимэглэн хөшөөний үг сийлүүлжээ. Билгэ хаан ч төдий л удаан насалсангүй, 734 онд шадар хүмүүсийнх нь нэг болох Мээйлүчжө гэгч хорлон алжээ. Хаан амьсгал хураахын өмнө хорлогчийг цаазаар өвч ураг төрлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэн устгаж амжжээ. Хятадын эзэн хаанаас энэ явдалд мөн л дээрхийн адил хүндэтгэл үзүүлсэн байна. Түрэгийн түүхийн энэхүү догшин ширүүн дуулиант он цагийн түүхийг бүтээлцэж явсан ах дүү хоёрын тахилын онгон эдүгээ Орхоны хөшөө Цаайдамын хөндийд он жилийн уртийг давж хадгалагдан үлдсэн нь өөрсдийн түүхээ өөрсдийн гараар туурвин үлдээсний биет дурсгал болон мөнхөрчээ
    Билгэ хааны авч явуулсан арга хэмжээнүүд нь Түрэг улсыг түр зуур сэгээн эдийн засаг улс төрийн хүнд байдлаас гаргасан юм
    Нэлээд хожуу үеийг хүртэл, Долоон мөрөн, Енисэй орчмын нутаг дахь руни бичгийн дурсгалыг хамгийн эртнийхэд тооцож байсан бол сүүлийн үеэс манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулуун дээр бичсэн бичгийг хамгийн эртнийх гэж үзэх болов Энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм.Үүнээс үндэслэн түрэгийн руни бичиг нь төв Азид, тэр тусмаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ.Дурсгалуудын олдож байгаа байршил ч үүнийг нотолдог юм.Энэхүү бичиг 7 зууны хоёрдугаар хагаст үүсч улмаар 13 зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль нэг нутгийн чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн тархсан байжээ.
    Эртний түрэгүүдийн хувцас хунар, гэзэг үсний хэлбэр, зарим эдлэл хэрэглэл, гоёл чимгийн зүйлсийг тодруулан судлах гол нэгэн сурвалж нь хүн чулуун хөшөө юм.эдгээр нь түүхэн тулгар сурвалж төдийгүй тэр үеийн дүрслэх урлаг, уран сайхны хөгжлийн төвшинг илтгэн харуулдаг. Манай нутагт одоо Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруйг илрүүлэн бүртгээд цааашид ч нэмэн олдох боломжтой. Ийм төрлийн дурсгалыг Алтай , Тува, Дундад азийн нутгаас Оросын эрдэмтэд их хэмжээтэй судлан тодорхойлж эрдэм шинжилгээний олон бүтээл нийтэлжээ.
    Төв Азид ноёрхож байсан Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний ор суурийг Уйгур улс эзэлж 8-9 зууны үед Монгол нутагт төвлөрөн засаглажээ.Уйгур нь мөн Алтай хэлний бүлэгт багтах Түрэг угсаатан юм.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • 1620-1630 ОНЫ ТҮҮXЭН ҮЙЛ ЯВДЛЫГ ХАРУУЛСАН АТЛАС

    Лигдэн хааны эзэмшил Цахарын хил хязгаарыг улбар хүрэн өнгөөр, Нурхачийн захирсан Манжийн Алтан улс болон түүнд дагаар орсон Монголчуудын газар нутгийг саарал хүрэн өнгөөр дүрсэлжээ. Нэлээд сайн судалгаатай зуржээ.
    ТАЙЛБАР:
    -1616 онд Манжийн Нурхачи ноён Зүрчид овгуудаа нэгтгэж, хожуу Алтан улс (1616-1636)-ыг байгуулсан. Нурхачи хаан 1616-1626 онд хожуу Алтан улсыг захирсан.
    -Манж нар Монголын Лигдэн хааныг дарсаны дараахан 1636 онд өмнөд Монголын зургаан аймгийн (баруун Түмэд, Ордосоос бусад) 49 ноёдыг цуглуулан, Мүгдэн хотод чуулган чуулж, Манжийн Абахай (Хунтайзи) хааныг Монголын хаан хэмээн өргөмжилсөн. Өмнөд Монголыг Манжид нэгтгэсэн 1636 оны энэ чуулганаар Манж нар “Алтан” гэдэг улсынхаа нэрийг өөрчилж, “Чин” (Цэвэр, ариун) улс гэж нэрлэсэн билээ. Мөн Абахай хааны оны цолыг Дээд эрдэмт (Чүндэ) хэмээн өөрчилжээ.
    А.Ганпүрэв.