Category: Монгол үндэсний түүх

  • Хар зүрхний Хөх нуур.

    Нуурын баруунд байх Зүрх уулын урд үзүүрт сайхан гурвалжин дэнж бий. Тэнд Их хааны маань гэрийн буурь байжээ. Хуучны хөгшид тийн хуучилдаг байж. Тэнд майхнаа барьдаггүй, хоноглодоггүй байж.
    Одоогийн жуулчдын бааз шавсан, зүүн эрэгт тэр цагт айл буух боломж муутай. Нэгд салхины сэлгээгүй учир ялаа, шумуул ихтэй, мал хэвтэх хотлох боломж муу, хоёрт гэнэтийн дайсан ирэхэд зугтах газаргүй. Харин баруунд байх тэр дэнж нь гурван талаасаа салхины сэлгээтэй, харуултай, бас аль ч талруугаа гараад зугтаах боломжтой хэмээн Сүхбаатар багш тайлбарлана.
    Нуурын ар дагзнаас ундрага сайт булаг гарна. Тэмүчин өглөө бүр булгаас ус зөөн ээждээ шинэ усаар цай чанаж өгдөг байсан тухай яриа ч байдаг аж.
    Энэ Хөх нуур нь Монголын Нууц Товчоонд дөрвөнтөө дурдагдана.
    1. Тэмүчин Тайчуудын барианаас оргоод, Ононг өгсөж мөр мөшгөөд Химурга горхины Бидэр хошууны Хорчихуй болдогт бүхүйд ээж, дүү нартай золголдоод, тэндээсээ Хүрэлхү доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд, тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ.
    2. Мөн энд байхдаа шаргатай найман агтаа дээрэмд алджээ.
    3. Бөртэтэй дэр нэгтгэжээ.
    4. Сача Бэхи нар Тэмүчинийг Чингис хаанд өргөмжилжээ.
    Энэ нуур яахын аргагүй Монгол түмний нэн хүндэтгэлт газар байх учиртай. Одоо бол хүн шавсан, архи найр үргэлжилсэн, бохир хөглөрсөн, мөнгө сэгсэрсэн л газар болжээ. Санаагаар болдог бол зүүн талд байх жуулчны баазуудыг нүүлгэж, хөтөл давуулан байрлуулах, ийш орох ёс хүндэтгэл үзүүлэх маршрут бий болгох, хог новшгүй байлгах талаар орон нутаг нь ч болтугай юм хиймээр…
    Naminchimed Baasan
    Гэрэл зургийг Tuumuu Miigaa

  • БАТ, СVБЭЭДЭЙ НАР ДОРНОД ЕВРОПТ

     

    Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
    Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч… Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
    Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
    Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
    Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ.
    Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. /Энэ үйл явдлуудын талаар “Бат, Сүбээдэй нар Орост” гэсэн өөр бүлэгт өгүүлэх учир энд дурдах төдий өнгөрөв/ Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна.
    Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
    Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
    /Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна.
    Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
    4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв.
    Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нугтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй ажээ.
    Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
    Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж, мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ.
    Үүнийг Дэлхийн цэрэг дайны түүхэнд Монголчууд анх удаа биологийн зэвсэг хэрэглэсэн гэж үздэг нь ч байна. Өмнөх Лигницийн дэргэд болсон тулалдаанд хэрэглэсэн утаа ч мөн юуны өмнө өөрсдийнхөө цэргүүдийн байрлал, хүчийг дайснаас халхлах, нууцлах, дайсны цэргүүдийг сүрдүүлэх зэргээс гадна тэр утаанд ухаан санаа мансууруулах, уймруулах нөлөөлөл байсан гэж үздэг судлаачид ч бас байдаг юм билээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
    Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд нэг дор хядуулсан тэрхүү тулалдааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн, Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан энэ баг цэрэгт 20-35 мянга орчим л цэрэг байсан гэсэн тооцоо бий.
    Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ. Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг. Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ. Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ. Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа.
    Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”..Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
    Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ.
    Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
    Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь үйл явдал, бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас дагалдах хэд хэдэн учир холбогдол, шалтгаан байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана хэрэм бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз. Нөгөө талаар Дорнод, Өрнөд Европт өөрсдөд нь аюул занал авчрах ямар нэгэн хүч үгүй байгаа нь Монгол эрсийн буцах болсон хамгийн бодитой байж болох шалтгаан нь юм
    . Хамгийн заналт дайсан Куманууд нэгэнт сэхэл авахгүйгээр дарагдлаа/Үнэхээр ч тэд тэр цагаас хойш сэхээгүй билээ/, мөн тэднийг өмгөөлсөн, цэргийн холбоо байгуулж, эсрэглэн тэмцэхийг санаархсан Мажар, Орос өвдөг сөхрөв. Тэд бол Монголчуудын өмнө хэн ч биш болов, дайсан нь ч биш, дайсагнах ч чадваргүй болов. 1223 онд Зэв, Сүбээдэй хоёрын аяны ар худрага руу довтолж байсан Булгарууд мөн сэхэшгүй болж, тухайн үедээ Дорнод Европт цэргийн хүчээр тэргүүлж байсан Польш, Германууд ч хичнээн хичээгээд мань монголчуудад дайсагнан, аюул занал авчрах чадваргүй болох нь ч мөн тодорхой болов. Үнэхээр ч тэрхүү гашуун гутамшигт ялагдлынхаа дараа, үгүй ядахдаа хариугаа авах, өш хонзонгоо тайлахаар Европчууд Дорно зүгт цэрэглэн довтлох нь бүү хэл алхаж ч зүрхлээгүй билээ. Тевтонын бүлэглэлийнхэн, Гельф намыхан умард Орос руу үе үе уулгалан дээрэм хийдэг байсан ч, Оросуудад туслахаар Монгол морьдын ам эргэсэн сураг сонсох төдий өнөөх Рыцар баатрынх нь эр зориг салхинд өртсөн чандар мэт хийсэн арилаад, ичгүүргүйгээр ум хумгүй зугтацгаадаг байсан гэдэг.
    Ийнхүү шинэ тутам байгуулсан Монголын Их гүрний өрнөд хил хязгаарыг амар амгалан болгох зорилго нь нэгэнт биелж, Өрнө дахинд ямар нэгэн аюул занал авчрах хүч нэгэнт үгүй болох нь тодорхой болж, тэд Монголийн эрхшээлийг хүлээн зөвшөөрсөн нь Бат, Сүбээдэй нарын аян дайны зорилгын бодит биелэл, мөн буцах гол шалтгаан байсан байх аа. Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ. Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
    Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Дээрх Людовик айн мэгдэж, асгартал уйлах хатан эхийгээ тайтгаруулан “…Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. /Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“/
    Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал нь огтхон ч байхгүй мэт. Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий… Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв. Польшийн Краков хотод өнөөг хүртэл нэгэн сүмийн гонхот хонхыг нэгэн тогтсон цагт тогтмол цохин дуугаргадаг нь даруй 8 зууны өмнө монголчуудын үлдээсэн айдас, түгшүүр, болгоомжлолын ул мөр, үлдэгдэл… Тэр үеийн түүхэн тэмдэглэлд бичсэнээр Сүмийн хонхоч өглөө эрт хотынх нь ойролцоо Монголчуудын зэр зэвсэг гялалзахыг хараад, Монгол цэргийн оньч суманд сүлбүүлэн унахынхаа өмнө хотдоо аюулын дохио өгөн хонхоо дэлдэж амжжээ. Гэсэн ч тэгэхэд Краков аврагдаагүй билээ. Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ сатааруулдаг “Татарууд ирж байна” гэсэн хэллэг байдаг гэсэн. Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншилийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ.
    1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан … Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон…. Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино…. Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу… юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй…” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ …аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ. Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм. Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
    Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм. Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хийгээд Гүржид нийт 5 сая орчим хүн оршин амьдарч байжээ.
    Бат, Сүбээдэй нарын удирдсан цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна. Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.
    Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Түүхэнд Их хуралдайн шийдвэрээр монголын түмтийн ноёноос дээших бүх ноёд ихсийн хүүхэд залуус нөхөд сэлтийн хамт оролцсон энэ аян дайныг “Хан хөвгүүдийн аян” гэдэг.

     
  • Б.Мэргэн: ТББ бол хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн

    Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж байгаатай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор зохион байгуулсан “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг монголын олон телевиз шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан билээ.
    Цахим орчинд иргэдийн дунд энэ үйл ажиллагаатай холбоотой маргааш өндрөө авч байна.
    Хуульчид харин үүнийг хууль бус гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд Хүүхдийн фондод төрийн албан хаагчдын цалинг хандивласныг мөн шүүмжилж байна.
    Ингээд хуульчдын байр суурийг хүргэж байна.
    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа “Төрийн албан хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладгийг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж болно” гэсэн юм. Мөн тэрээр үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй дурьдсан юм.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа одоогийн хууль зүйн орчинд төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгов.
    Тэрээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.
    УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.
    Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа…
    Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ…” гэсэн байна.

    Харин Хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудастаа “ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг гэв.
    Тэрээр “ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй ТББ байгуулагдсан. Байгуулчихаад мартчихсан нь ч бий, ТББ нэрийн дор далд эдийн засгийг тэлж, мөнгө угаадаг. Хамгийн энгийн нь гэхэд гаднаас тусламжийн гэх бараа оруулж ирээд л зардагууд нь өчнөөн. Бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь ч маш олон байх магадлал өндөртэй байдаг. Хяналт байхгүй, тайлан өгдөггүй нь олонх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан 6 улирал дараалан тайлан өгөөгүй бол татан буулгадаг байсан заалт хэрэгжиж үзээгүй байсаар хүчингүй болсон. Уг нь 20 мянгаас 11 мянга гаруйг нь татан буулгах шийдвэрийг 2015 онд гаргуулж байсан ч хэрэгжээгүй.
    Товчхондоо ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн. Одоо бүр Ерөнхийлөгч нь улс төрдөө ашиглаж, олны танилууд нь хөхиүлэн дэмжиж, учраа мэдэхгүйнүүд нь сайшаан дэмжиж байна. Хуулийг нь 10-аад жил шинэчлэх гээд барахгүй л байгаа. Хичнээн ажлын хэсэг байгуулагдаж, хичнээн янзын төсөл боловсруулж, хэдэн хэлэлцүүлэг хийснийг тоолвол нэлээд их тоо яригдана. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, ТББ-ын тухай хууль гэж анзаарагдамгүй мөртлөө далдуур үндэсний аюулгүй байдалд ч хор уршиг тарих аюултай 2 хууль байдаг даа” хэмээжээ.

     

  • ТУГ СҮЛДНИЙ ШҮТЛЭГ

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.
    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.
    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.
    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.
    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.
    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж
    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.
    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.
    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.
    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.
    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.
    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

  • АРГАЛЫН УТАА1

    Монголчуудын аргын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их ажилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол аргал” тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг.

    Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ.
    Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургисан малчны гэр ариун болой.
    Л.ТҮДЭВ

  • ЭТГЭЭД ХЭЛ /Б.РИНЧЕН/

    Үг нь монгол, үгүүлбэр нь орос
    Үзэхэд этгээд сонин хэл
    Өв соёлоо үл тоомсорлон
    Өнөөгийн байдал ийм болмай.
    Зуун түмэн үгтэй хэлэнд
    Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
    Харийн үгээр далдайгагсдыг
    Хамгийн боловсорсон гэхэд бэрх
    Гадаадын үгээр гайхуулагсдыг
    Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх
    Хэвлэл сонин үзсэн үдэшдээ
    Хэлний шинжлэлтний нойр хулжаад
    Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
    Хэнхдэг дээр чулуу дарах мэт
    Харь үгийн бүлхинд хахаж
    Харанхуй шөнө хар дарах мэт /1958.05.07/ Утга зохиол урлаг сонин

  • ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ, ЭНЭ ҮНЭН

     

    Энэ аюулын эхлэл нь Кэмбриж төгссөн доктор, судлаач нэртнүүдийн энэ мэтийн тархи угаалт юм. Бид ямар ч үед тэдэнд хууртаж болохгүй. Нэгэн үе нийтлэлч Баабар гэгч монголчуудыг бие даасан үндэстэн, угсаатных нь хувьд үгүйсгэж, монгол цус гэж байхгүй, “Антропологийн хувьд, Хань (Хятад) үндэстэн нь Өмнөд Хятад, Умард Хятад, Төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд Умард Хятадын ангилалд багтана” гэж бичиж байв. Тэгвэл одоо ийм ухуулга мэргэжлийн угсаатан судлаач, доктор гэх хүмүүсийн зүгээс хүчээ авах шинжтэй байна.
    Соёлын антропологийн доктор бөгөөд “Монгол телевиз”-ийн хөтлөгч хийж байсан Д.Бум-Очир Баабарын дээрх суртал ухуулгыг үргэлжүүлж, энэ тэнд ярилцлага өгч явна. Тэрээр ikon.mn сайтад ярилцлага өгөхдөө монголчуудын угсаа гарвалын талаар ингэж ярьжээ:
    “Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.”
    “Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.”
    “Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.”
    “Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн.”
    “Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ.”
    “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш.”

  • И.К.Азизов: Айсуй үхэр жил Орос, Монголын нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх болтугай

    Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хоёр талын хугацаагүй гэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Бид Аугаа их Ялалтын болон Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ. 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалтад оролцон, Улаан талбайгаар алхав. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 60 дахь ойн өдрүүдийг цахимаар зохион байгууллаа. Эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа ид өрнөж, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих боломжийг судлах, Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллалаа.
    2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жил, 3 дугаар сарын 22-ны өдөр сансарт хамтран ниссэний 40 жил гээд агуу ойн баярыг тус тус тэмдэглэнэ. Харин Монголын ард түмэн манай хоёр талын хамтын ажиллагааны түүхтэй салшгүй холбоотой Ардын хувьсгал, Монгол ардын нам, Зэвсэгт хүчний 100 жилийн, мөн Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойг тэмдэглэнэ.
    Зовсны эцэст жаргана гэгчээр өнөөгийн зовлон бэрхшээл ард хоцорч, ирж буй үхэр жил нь бүхнийг сайн сайхнаар өөрчилж, бидний нөхөрлөл, иж бүрэн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх болтугай.Та бүхэнд 2021 оны Шинэ жилийн халуун мэнд хүргэе! Эрүүл энх, энх тайван, эв эе, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  • ТУСГААР ТОГТНОЛООРОО ДААЖИГНАСАН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ буюу 109 ЖИЛИЙН хятад ТОХУУРХАЛ:

    2020.XII.29.
    Өнөөдөр, Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосоны 109 жилийн ойн өдөр. Монголчууд Та бид ч, хятадуудаас дутахгүй энэ өдөрийг, өргөн баяр болгон тэмдэглэж, хөөр бахдал болон амарцгааж сууна. Ингэхээс ч яахав: “… жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР болгон тэмдэглэж, улс Монголоороо амарч бай…” гэсэн УИХ_ын хуультай юмчинэ… :
    ИНГЭХЭД, улс Монголоороо баярлалдан хөл хөөрцөг болоод байгаа энэхүү XII сарын 29_ний өдөр нь: Монголчуудын ҮНДЭСНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР мөнүү???
    Юун хэмээн байцааваас, дараах зүйлд анхааралаа төвлөрүүлсүгэйл. Энэ ийм буй за, ИЙМ:
    … … …Ю.Н.Рерих, Инесса Ломакина нар: “…1911 оны XII сарын 15_нд VIII Богд Жавзандамба хутагтыг, Монгол Улсын Олноо Өргөгдсөн хэмээх цол бүхий хаанаар өргөмжилсөн…” (2, 3) гэдэг. Харин, 1955 онд хэвлэгдсэн “БНМАУ_ын түүх” номондох: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын Хаанд өргөмжилөн суулгах ёслол болсон…” (4) гэсэн өгүүлэмж, миний анхааралыг ихэд татдаг бөгөөд энэ тухайд одоо, жаахан тодотгоё:
    “Монгол ардын хувьсгалын түүх” номондоо Б.Ширэндэв гуайч мөн: “…1911 оны XII сарын 16_нд…” VIII Богдыг, Монголын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах ёслол болов…” (5) гэж, онцлон тэмдэглэсэн байдаг нь басчуу үнэний ортой байж мэднэ. Халхын VIII Богд Жавзандамбыг, Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн, хаан ширээнд суулгах өргөн их баяр ёслол болсон өдөрийн тухайд үгүүлсэн бичлэгүүдээс нягталж үзэвээс, хаанаар залж ёслол үйлдсэн хамагийн өндөр магадлалтай өдөр нь энэхүү “…1911 оны XII сарын 16_ны өдөр юм…” хэмээн, миний бие үздэг.
    1911 оны, Үндэсний Эрх Чөлөөний Хувисгалыг анхлан санаачилалцаж, уламаар тусгаар тогтнолын энэл их үйл хэрэгтээ эр биеэрээ идэвхийлэн зүтгэж явсан Хайсан гүнээс, Котвичид илгээсэн захидалдаа: “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээн 1911 оны XII сарын 16_нд Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөгдлөө…” хэмээн (6) дуулгасан нь, анхаарах ёстой гол сэдэв бүлгээ. Энэ үед, Харчины Чин Зүтгэлт гүн Хайсан нь: Монгол Улсын Дотоод Яамны дэс түшмэлд зарлигаар томилогдон ажиллаж явсан түүхт хүмүүн төдийгүй, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслолд өөрийн биеэр оролцож явсан төрийн түшээ хүн. Тиймээс, Хайсаны энэ тэмдэглэл бол ямар нэгэн хийсвэр таамаглал биш, үйл явдалын өрнөл, бодит үнэн байдал юм. Тухайн үед Халхын Их Хүрээнд сууж байсан Хаант Орос улсын элчин коонсул Лавдовский яг энэ “1911 оны XII сарын 16_ны өдөр”, өөрийн улсынхаа Гадаад Явдалын Яамандаа илгээсэн 1,234 тоот нууц цахилгаандаа: “…Өнөөдөр, Халхын ноёдууд олон хүн оролцсон баяр ёслолын цуглаан дээр Гэгээнтэнийг, Бүх Халхын хаанаар өргөмжиллөө…” хэмээн (7) илтгэсэн байдаг нь ч мөн, тухайн үйл явдалын өрнөл, үнэнхүү учир байдал юм. “…VIII Богд Жавзандамба хутагт гэгээнийг Монгол улсын эзэн хаанаар өргөмжлөн хаан ширээнд залан суулгасан 1911 оны XII сарын 16_ны өдөрийн их баяр ёслолд…” өөрийн биеэр оролцон харж байсаныгаа, Хаант Оросын худалдаачин А.Д.Корнаков (8) дурсан бичиж үлдээсэн байдаг нь ч басал, түүхэн үнэн. Хаант Оросын офицер М.Г.Торновский ч мөн адилаар, “…1911 оны XII сарын 16_ны өдөр, Монголын хаан ширээнд Ариун гэгээн Жавзандамба хутагтыг залсан…” хэмээн (9) тэмдэглэж үлдээсэн нь санаандгүй ч юм бас биш. Энэ бүхэнээс би бээр чухам юуг сэдэвлэхгээд байна вээ гэвэл:
    “… VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан ширээнд залан суулгах их баяр ёслол болсон өдөр нь 1911 оны XII сарын 29 биш, 1911 оны XII сарын 16_ны өдөр юмаа…” л гэсэн сэдлэгийг хөх Монгол чамд ульж байгаа хэрэг. VIII Богд Жавзандамба хутагтын Монгол бичиг соёлын багш, Монгол Улсын Ардын Засагийн Шүүх Яамны Сайд явсан Н.Магсаржав хурц бээр: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 буюу Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөр 11 цагт…” (10) гэгээнтэнийг Монголын хаан суудалд залан суулгах их баяр ёслол болсон гэж, “Монгол улсын шинэ түүх”_дээ бичиж үлдээсэн байдаг нь, тухайн цаг үеийн амьд гэрчийн үг, үнэн тэмдэглэл бүлгээ. Манж хятадаас тусгаар тогтносон Монгол улсынхаа хаан ширээнд VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ залан суулгасан их баяр ёслолын энэ өдөрийг, 1930_аад оны төрийн түшээ Лог.Дэндэв, Ц.Пунцагноров нар: “…Монголын цагаагчин гахай жилийн 11 сарын шинийн 9 бөгөөд Европын 1911 оны 12 сарын 16_ны өдөрийн 11 цагт…” хэмээн (11, 12) бичсэн байдаг нь ч, түүхэн үнэнийг дэнслэн тогтоож хойч үедээ зүслэн зааж үлдээсэн нөр их өв билээ…
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласаны 109 жилийн ойн их баяр цэнгэл биш, Халхын VIII Богд Жавзандамба гэгээнтэнээ Монгол улсынхаа хаанаар өргөмжилөн хаан сэнтийд нь залсан төрийн их баяр ёслолын 109 жилийн ой бол, бүүрч БИШ!!!
    2020 оны XII сарын 29…
    ЭНЭ ӨДӨР БОЛ: “…Хятадын өмнөт болоод төв газарын 17 мужийн төлөөлөгчид 1911 оны XII сарын 29_нд Нанжин хотноо чуулж Хятадад Бүгд Найрамдах Засагийг зарлан, түүний анхны ерөнхийлөгчөөр нь Сүн Ятсенийг сонгосон…” (13) Хятад ҮНДЭСТЭНИЙ ЭРХЧӨЛӨӨНИЙ 109 ЖИЛийн баярын их өдөр бөлгөө. ГЭТЭЛ:
    Хятадын автономи болчихсон юм аятай, энэ өдөр: улс хөх Монгол минэ юунд ийн хөхин баясацгааж, улс хөх Монголынхоо тусгаар тогтнолоор даажигнана вэ? Та бид, социализмаасаа татгалзаад 30 жил болж буй атал, социализмын түүхэн гуйвуулга, дүйвээлэгээсээ ЯАГААД, татгалзаж чадахгүй явна.
    Хятадын биш, тусгаар тогтносон Монгол улсын, УИХ л юмбол: “…жил бүрийн XII сарын 29-ний өдөрийг, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх…” харалган энэ хууль юугаан даруй түргэнээ цуцлан халж л, хөх Монгол миний зүрх сэтгэлийг амараагаач. сэр, СЭР: миний хөх МонгОлоо… … …
    1- Л.Жамсран: Монголчуудын сэргэн мандалтын эхэн. Улаанбаатар хот, 1992 он, 71 дэх талд
    2- Ю.Н.Рерих: Тибет и Центральная Азия: Статьи, лекции, переводы, Научный редактор М.И.Воровьева-Десятовская, Самара: Издательский дом “Агни”, 1999 г, с,306-307
    3- Инесса Ломакина: Агуу их босуул. Улаанбаатар хот, 2012 он, 49 дөх талд
    4- БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, СССР-ийн Шинжлэх Ухааны Академиас хамтран хэвлүүлсэн: БНМАУ-ын түүх. Улаанбаатар хот, 1955 он, 252 дахь талд Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    5- Б.Ширэндэв: Монгол Ардын Хувьсгалын түүх. Улаанбаатар хот, 1999 он, 27 дахь талд
    6- В.Котвичийн хувийн архиваас олдсон Монголын түүхэнд холбогдох зарим бичиг. УБ хот, 1972 он, 116 дахь талд
    7- Архив Внешней политики Российской империи ф.Китаский стол 143, Опись 491, д,644, с,388
    8- А.Д.Корнакова: По поводу провозглашения монгольской независи мости… с.23-24
    9- М.Г.Торновский: Монголчуудтайгаа бол би, Лиссабон ч хүрнэ. Улаанбаатар хот, 2009 он, 39 дөх талд
    10- Н.Магсаржав: Монгол улсын шинэ түүх. Улаанбаатар хот, 2010 он, 22 дахь талд
    11- Лог.Дэндэв: Автономит Монголын товч түүх. Улаанбаатар хот, 2011 он, 25 дахь талд
    12- Ц.Пунцагноров: Монголын автономит үеийн түүх. (1911-1919) Улаанбаатар хот, 1955 он, 38 дахь талд
    13- Б.Ширэндэв: Сэрэл. (түүхэн найрууллууд) Улаанбаатар хот, 1990 он, 67 дахь талд

     

     

  • Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна

    Ажлын далимаар франц зохиолчидтой уулзах үед тэр хэд маань зохион байгуулаад “Мянган найрагчийн шугуй”-даа мод тариулж байлаа. Тэнд зөвхөн мод тариад зогсохгүй, Францын болоод олон улсын яруу найрагчид шүлэг найргаараа мялааж, тэдэнд гэрчилгээ олгодог юм. Францын төв цэг болсон Весдэн хотод уг шугуй бий.
    Таны шүлэг, найргийг уншиж байхад Франц орон, тэр дундаа Парис хот танд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн шиг санагддаг?
    Социализм ид хүчтэй байхад Франц руу явсан. Тэнд би Монгол хэл, соёлоо заах үүрэгтэй ч далд нэг хичээнгүйлэл байсан нь энэ орны соёл иргэншилтэй чадлынхаа хэрээр танилцах. Би далдыг хардаг Далай лам биш болохоор Монгол орон эргээд ийм эрх чөлөөтэй болчихно гэж тухайн үед итгээгүй хэрэг. Тиймээс завтай өдрөө хагас, бүтэн сайныг ер алгасахгүй хүүхдүүдээ дагуулаад, “Michelin green guide”-аа бариад л аялдаг байлаа. Уг номд Францын сонирхолтой газруудыг таван хошуугаар зэрэглэсэн байдаг. Энэ бол цэвэр өрнийн соёл иргэншлийн өлгий газартай танилцах, өрнөдийн ертөнц гэж юу юм бэ гэдгийг таньж мэдэх эрмэлзэл байсан. Тэр үеэс л яахаараа манай орон заавал нэг намтай байдаг юм, эдэн шиг яагаад ийм олон янзын намтай, болох болохгүйгээ харилцан яриад, үнэн зөвийг нь тунгааж болдоггүй юм бэ гэдэг бодол аяндаа орж ирсэн. Тэр цагийн, муу үгээр хэлбэл хөрөнгөтний нөлөө, нөгөө талаас нь харвал нүдний цагираг тэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд Францын яруу найраг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Францын яруу найраг дотроо орчин цагийн модернист найрагчдын эцэг гэгддэг Шарль Бодлер, араас нь Артур Рембо, Гийом Аполлинер нарын шүлгийг эх хэлээр нь унших ер бишийн завшаан оногдсон. Энэ бүхэн мэдээж миний яруу найрагт нөлөөлсөн. Франц явахаас өмнө бичиж байсан шүлгүүд, тэнд байхдаа бичсэн шүлгүүдийг хүмүүс их тодорхой ялгаж хэлдэг юм.
    Миний ажигласнаар Парист бичсэн таны шүлгүүд илүү эх оронч санагдсан. Хүн ер нь хүний нутагт очихоороо эх орноо санагалзаж, сайхныг нь илүү тод хардаг юм шиг ээ?
    Энэ ч бас хүний жам юм. Энд байж, тоосон дотор нь цуг давхиад байхаар өөрийнхөө сайхныг, нутгийнхнаа сайхныг, хүнийхээ сайхныг, соёл иргэншлийнхээ гайхамшгийг мэдэрдэггүй юм уу, анзаардаггүй. Өөр иргэншлийн дунд яваад орохоор өөрийнхөө ажигладаггүй байсан, урьд нэг ч удаа бодож үзээгүй санаа сэдлүүд төрдөг юм билээ. Нөгөө талдаа “носталгия” буюу нутгаа эргэн дурсах, санах мэдрэмж их хурц болдог.
    Сүүлийн хэдэн зуунд бид тасралтгүй дуурайж ирлээ. Манж сайхан байснаа Орос илүү таалагдаад одоо бол Солонгос, Америкийн “сайхан”-д автаад л. Гэтэл эдний маань байр суурь дэлхийн тавцанд ганхаж эхэллээ. Монголоороо үлдэхийн тулд бид хэрхэх хэрэгтэй вэ?
    Дуурайх сэтгэлгээ хүн төрөлхтөнд байдаг. Тийм учраас Аристотелийн “байгалийг дуурайх” гэсэн онол хүртэл гарч байсан. Хүн байгалийг дуурайж, үй олон зүйлийг бүтээж, мэдэж авсан тал бий. Харин дуурайхаас гадна бүтээх, туурвих сэтгэлгээ нь олон зүйлийн амьтнаас зөвхөн хүн гэдэг бодгалистл заяагдсан. Энэ бүтээх туурвих хосгүй зүйлийг олон утгаар ойлгож, урагш давшин шинэ юмыг нээж, соёл иргэншлийг бүтээсэн байна. Монголчууд ч гэсэн өөрийнхөө өвөрмөц соёл иргэншлийг бүтээж чадсан. Хүн төрөлхтөн дөрвөлжин орон сууц барьдаг байсан бол монголчууд дугуйлжин сууц барьдаг ч юм уу. Бусад нь газар тариалан голдуу эрхэлдэг байсан бол монголчууд мал аж ахуй голлон эрхэлж, үүнтэйгээ уялдан өөрийнхөө утга соёлыг цогцлуулсан байх юм. Тэр нь эргээд хэлэндээ нөлөөлөөд хэл маань үгсийн сангийн хувьд мал ахуйн соёлтойгоо илүү холбоотой үгсийн сантай болсон гэхчлэн олон зүйлийн ялгаа бий. Бид XVI, XVII зууны үеээс эхлээд л үндсэндээ Энэтхэг, Төвдийн соёлын хүрээнд ороод Бурханы шашнаар дамжуулан бүх юмыг Бурханы шашны гүн ухааны сэтгэлгээгээр үзэж, харж, шийддэг нэгэн хэсэг цаг үе явсаар XX зуунтай золголоо. Төр улсын талаас үзвэл Манжийн нөлөө, Манжийн төр улсын байгууламж бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Дараагаар нь XX зууны нэлээд хойно өөр ертөнцтэй харьцаж эхэлсний нэг нь Орос болоод Оросоор дамжуулаад Европын соёлтой танилцаад ирэнгүүт бид юмыг харах өөр хараатай болсон нь европ маягийн үзэл, сэтгэлгээ. Энэ маань 70-аад жил үргэлжлээд 90-ээд оноос барууны соёл иргэншилтэй танилцаж, юмыг Америк маягаар харж, нэн ялангуяа орчин үеийн залууст америкийн прагматик сэтгэлгээ хүчтэй нөлөөлж байна.
    Тэгэхээр бид зөвхөн дуурайгаад бүтээх, туурвих сэтгэлгээгээ ор тас мартжээ дээ, тийм үү?
    Тэгж хэлж болно. Одоо болохоор бид хэт дуураймхай, өөрийн гэсэн дагасан суртахуунгүй, сэтгэлгээгүй болж, гуйвж дайвсан маягтай явж байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм л даа. Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна. Ер нь соёл, оюуны дархлаа нимгэрэх тусам дуураймхай чанар нь төдий чинээ ихэсдэг. Амьтнаар зүйрлэвэл тоть, сармагчин төрөл рүү ер нь жаахан дөхөж байна гэсэн үг. Хүмүүн гэдэг бодгалиас нь бүтээлчээр сэтгэж, туурвих чадвартай амьтан байдаг байтал бид нөгөө чадвар нь буюу байгалиас заяасан дуурайх маягаар явна гэдэг бол сэтгэлгээнийхээ хэлбэрийн хувьд ч гэсэн ядуу зүдүү болж хувирч байна. Бид өнөөдөр Монгол ухаан, Монгол сэтгэлгээ байна, байхгүй гэж элдвийн зүйл ярьдаг. Гэлээ гэхдээ аливаа зүйл байгаль дээр оршин байхдаа нэг л юм үзэгдэл байдаг. Уул гэдэг юм бол ямар ч тохиолдолд хувирахгүй. Харин уулыг аль талаас нь харах, хэрхэн сэтгэж, төсөөлөхөөс хамаарч өөр өөр сэдэл төрүүлэх явдал бий. Ингэж олон талаас нь хараад ирэхээр хэлээрээ илэрхийлнэ. Тиймээс хэл, соёл хоорондоо маш их холбоотой сэтгэлгээний соёлоор холбогдож байдаг юм уу гэж ойлгож болно. Ялгаагүй, бид хүн төрөлхтөнд байгаа бүх хэлтэй адилхан хууль жамтай, Монгол хэл гэдэг зүйлийг, энэ соёлыг бүтээсэн. Энэ соёлоороо ертөнцийг бусад үндэстэн угсаатнаас өөрөөр ялгаж хардаг, өөрөөр сэтгэх боломжийг бидэнд заяажээ. Энэ боломжийг хэрэглэх үү, үгүй юу гэдэг бидний асуудал. Хэрэглэхгүй бол бидний сэтгэлгээ маань ядуураад л байна. Энэ боломжийг хэрэглээд л байвал энэ сэтгэлгээ маань хөгжөөд л байна. Гадаад хэл сурна гэдэг бол ямар нэг хэмжээгээр тэр орны соёлыг сурна гэсэн үг. Соёл сэтгээлнийх нь орчинд орж, түүгээр нь “амьсгалаад” ирвэл хэлийг аяндаа сурна. Өөрийн төрөлх хэл ч гэлээ бидэнд олон үеэр дамжсан, генд буй өгөгдөл байгаа гэж боддог. Байгаа учраас хүүхэд хэлд орохдоо гэнэтхэн хэнээр ч заалгаагүй мөртлөө маш олон нэр томъёог мэдээд, хэлээд байдаг чинь бол тэр хүний удамд нь заяасан, оршиж байсны шинж тэмдэг. Үүнээс үзвэл аливаа юмыг бүтээлчээр хэрэглэх, бүтээх нэг эх сурвалж бол бидний өөрийн хэл гэж бодож байна.
    Биднийг Монголоороо үлдэх гэж эрмэлзэж байх зуур дэлхийд нэг шинэ хандлага гарч ирсэн нь “дэлхийн хавтгай болж байна” гэх үзэл. Дэлхийн иргэн байхын хажуугаар Монголоороо үлдэх давааг бид хэрхэн давах ёстой гэж та бодож байна?
    Энэ бол нэг юмны л хоёр тал гэж би бодож байна. Монгол хүн байлаа гээд дэлхийгээс хэзээ ч нүүхгүй шүү дээ. Дорж гэдэг бодгаль Монгол хүн мөн, дэлхийн иргэн ч мөн. Аль талаас нь харснаас л болно. Юмыг хоёр тийш нь хүчээр заагладаг явдал нь жирийнээр хэлбэл хүнээр тохуурхаж байгаа хэрэг. Би өөрийгөө дэлхийн хүн гэж хэчнээн тунхаглалаа ч гэсэн заяамал өгөгдөл нь хэзээ ч арилахгүй. Хүмүүн гэдэг амьтнаар “робот” хийх туйлын хүслэн байдаг юм шиг ээ. Бид өөрийн бүтээснээрээ робот хийж, өөрөө зарцалж үүгээр хөдөлмөрөө хөнгөвчилж амьдрахыг бодно уу гэхээс заяамал хүмүүн гэдэг бодгалиараа робот хийж амьдарна гэдгийг би зөвшөөрөхгүй. Эцсийн бүлэгт ямар ч соёл бие биедээ саад тотгор болдоггүй л байхгүй юу. Түүнийг тотгор болгуулдаг юмуу зориудаар болгодог систем, улс төрийн төлөөлөгч нар бол байдаг. Түүнээс бишээр дэлхий дээр 6900 гаруй хэл байна гэдэг нь энэ хэрээр юмыг хүлээж авах, сэтгэх нөөц боломж байгаа гэсэн үг. Энэ боломжийг заавал арчиж, бүгдийг нь тэгшхэн хэмтэй болгох юм уу, бүгдийг хуурайдах хэрэггүй гэж бодож байна. Миний бодлоор хүн гэдэг амьтан ялгаа нь илүү сонирхолтой нийтлэг нь харьцангуй сонирхолгүй байдаг шүү дээ.
    Дэлхийн анхны соёл иргэншил дорноос үүдэлтэй. Гэтэл нэлээдгүй хугацаанд өрнийн соёл иргэншил голлох үүрэгтэй байж ирлээ. Одоо харин эргээд дорнын “цаг, үе” ирж байгаа нь ажиглагдаж байна. Энэ цаг ирвэл монголчуудын байр суурь дорно дахинд хэр хүчтэй байх бол?
    Европ маягийн соёл иргэншлийн ноёрхлын их эрин үе байлаа. Гэтэл одоо байдал өөр тийшээ хандаж байгаа буюу дэлхийн хөгжлийн тэнхлэг Ази, Дорно руу хазайж байна. Энд ганц хятад гэсэн ойлголт байхгүй гэж би бодож байна. Одоогоос хэчнээн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгчөөр африк гаралтай хүн болно гэдэг нь хүний санаанд багтамгүй, америк хүний ухаан санаанд яагаад ч орохгүй асуудал байсан. Одоо гэсэн ч түүгээрээ удирдуулаад, сайн сайхныг нь үзээд л явж байна. Энэ бол цагаан арьстнуудын ноёрхол буурч байгаагийн нэг бэлгэ тэмдэг болж байна гэж би бодож байна. Европ бус цагаан арьст бус хүмүүсийн сэргэн мандал эхэлж байгаагийн шинж. Тэгэхээр арьс, үндэс угсаагаар нь огт ялгахгүйгээр хүний шинж чанар, чадвар гэж байдаг. Энэ чадвар ази, африк хүнд ч байдаг. Соёл иргэншлийн урт удаан хугацааны түүхээр үзвэл Инд, Ганга мөрний хөндийд үүссэн Энэтхэгийн, Тигр, Ефрат мөрний хөндийд байсан Месопотамийн соёл иргэншил, Нил мөрний хөндийд үүссэн Мисир, Египетийн соёл иргэншил цөм азийнхны бүтээл. Европын хамгийн эртнийх болох Крит-Миккейн соёл иргэншил л гэхэд азийнхны өмнө гишгэхгүй. Соёл иргэншлийн эргэлт, оршил дахиад буцаж ирж байгаа нэг цаг үед л бид амьдрах нь л дээ. Монгол бусдаас өвөрмөц, газар тариалан голлосон бус мал ахуйн соёл иргэншлийг цогцлоож, Төв Азийн өндөрлөгт товойж гарсан. Энэ өвөрмөц онцлог бидэнд ирээдүйд заавал хэрэг болно. Ирээдүйд Монголыг хүмүүс юугаар нь сонирхох вэ гэвэл соёл иргэншлийнх нь өвөрмөц онцлогийг л харна. Түүнээс биш Америкийг яаж дуурайж вэ, аль зэрэг сайн дуураймал болж гэдгийг хэн ч сонирхохгүй. Оросыг хэр дуурайж вэ, 40 мянгатын байшингууд нь оросыг сайхан дуурайсан байна шүү гэж бараг хүн ирэхгүй дээ. Монгол хүн иргэншлээ хэрхэн бүтээснийг үзэх гэж л хүмүүс ирнэ. Үүн рүү л өөрийнхөө ирээдүйн бүх юмыг чиглүүлэх ёстой. Бид монгол иргэншлээ шинэчилж болно, гэхдээ уг язгуураа бүр мөсөн алдах юм уу, монгол хүнийхээ чанарыг бүр мөсөн зайлуулах гэж хэт тэмцэх ёсгүй л гэж бодож байна.
    Хууль дүрэм гэж зохиогоогүй байхад монголчууд бэлгэдлээр, өөрсдийн цээр ёсыг дагаж мөрддөг, үүнийгээ өнөөгийн хуулиас ч дээгүүр үзэж, дээдэлдэг байсан. Гэтэл өнөө цагт бэлгэдэл нь ч тэр, хууль нь ч тэр үнэ цэнгүй болоод ирэхээр бид буцаад л адгуусан төрөл рүүгээ ойртож байх шиг харагдах юм.
    Аман хуулиар нийгэм зохицоод явж байхдаа маш их дэг журам, эмх цэгцтэй байжээ. Миний багад аав ээж, хэн нэг ахмад хүн “нүгэл” гэж хэлсэн бол тэр үйл дахиад үйлдэгддэггүй байв. Тэр нүгэл гэдэг нь нэг л үг шүү дээ. Тэр нэг үгээр л бүх нийгмийг зохицуулдаг байж. Энэ маань бидний нэг үнэт зүйл мөн. Гэтэл олон янзын туршилтад ороод ирэхээр бид чинь нэг туршилтын туулайрхуу л болсон юм уу даа. Оросын коммунизмын туршилтад нэг хэсэг орлоо, Американизмын прагматизмын туршилтад одоо явж байна, өөр юуныхаа ч туршилтад орох гээд байгаа юм бүү мэд. Энэ олон туршилтын дундуур гараад явахаар л ийм гажуудал үүсэж байгаа юм.
    1981 онд Монгол хэл, зохиолын тэнхимээс салбарлан гарсан Утга зохиолын тэнхимийн 30 жилийн энэ жил тохиож байна. Хүний насаар яривал ид хийж бүтээдэг, бас ч гэж эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлтэй нас юм уу даа. Танаас түүх сонсмоор байна?
    Миний залуу багш байх үед Хэл бичгийн факультет дотор монгол болоод гадаад хэлнүүд нь тэр чигээрээ багтддаг байлаа. Сүүлд Монгол Судлалын Сургууль маань ялгараад, Гадаад Хэл Соёлын Сургууль ч бас биеэ даасан. Энэ тэнхимийн үүслийг Б.Ринчен багш эхлүүлж, Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Сүхбаатар багш нар маань залгамжилсан. Тэгж байгаад Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны 1981 оны 245/36 дугаар тогтоолоор Утга зохиолын тэнхим байгуулах шийдвэр гаргасан. Анх байгуулахдаа “Монголын утга зохиолын тэнхим” нэртэй байлаа. Тухайн үед ШУА-ийн Урлаг судлалын тасгийг толгойлж байсан С.Лувсанвандан докторыг урьж тэнхимийн эрхлэгчээр хавсран ажиллуулсан. Тэр үед эрдмийн зэргээ хамгаалаагүй залуу багш байсан намайг орлогч эрхлэгчээр тавиад Д.Жамбаажамц багш эртний уран зохиол, Ж.Дагвадорж багш аман зохиол, би дорно дахины уран зохиол, уран зохиолын онол зааж, энэ хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Тэр үеэс эхлэн бид Монголын уран зохиол судлал, аман зохиол судлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар бодож, миний бие санаачлан хээрийн шинжилгээний ажил бие даан хийж эхэлсэн. ШУА хээрийн шинжилгээ хийгээд Монгол орноор явдагтай адил. Тэгэхэд эрдэм шинжилгээ хариуцсан проректор н.Батсуурь багш энэ санаачилгыг дэмжиж, бид жил бүр хөдөөгүүр хээрийн шинжилгээний ажил хийх болсон. 1983 онд Ховдын бүх сумаар, 1984 онд Увсаар явсан. Ингэхдээ халх биш сумдаар явж Монголын бусад ястны соёлыг судлах, угсаатны зүйн эх хэрэглэхүүн, туульс цуглуулж явлаа. Үүний үндсэн дээр тэнхим өөрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, аман зохиолын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх арвин нөөцтэй болсон. Дараа нь би Парисын Дорно дахины хэл иргэншлийн сургуульд багшлахаар явах зуур манай тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. С.Лувсанвандан Ч.Билигсайхан багшийг телевизэд байхад нь, Техникийн их сургуулийн Орос хэлний тэнхимээс Н.Төмөрхуяг багшийг урьж авчирч гадаадын уран зохиолын заалгахаар авчирсан. Мөн Ч.Дагвадорж багшийг ШУА-иас урьж багшлуулсан. 90-ээд оны үед тэнхим дахиад залуу хүмүүсээр бэхжих шаардлага гарсан. Тэр үед ардчиллал хөдөлгөөнд орсон, хүмүүсийн ая зан янз бүрээр хувирсан цаг үе таарч Б.Хишигсүх, Г.Нандинбилиг, Г.Галбаяр гэх залуу багш нарыг тэнхимдээ авлаа. Үүнээс өмнө манай Д.Галбаатар багш Ховдоос шилжиж ирчихсэн байсан юм. Ингээд тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн бүтэж бүрэлдсэн байна. Бүр сүүлд нь До.Цэнджав, С.Дашдэжид, Д.Батжаргал нар нэмэгдлээ.
    Эдгээр залуу багш өдгөө бүгд эрдмийн зэрэг хамгаалсан байна уу?
    Манай тэнхимийн нэг онцлог нь бүх багш эрдмийн зэрэг хамгаалсан, өдгөө бүгд тодорхой салбарт амжилт гаргаж байна. Гадаад, дотоодод өөрийн судалдаг зүйлээрээ танигдаж, уригдаж лекц уншдаг болоод ирэхээрээ аливаа шинжлэх ухааны байгууллагын амжилт нь төлөвшдөг. Манай тэнхимийн нэг зорилго бол өөрийн мэдлэг, мэргэжлээрээ Монголдоо болоод олон улсын хэмжээнд нэр, нүүрээ таниулах. Энэ маань тодорхой хэмжээнд биелэж байгаа. Францын Үндэсний эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд болох Амайэн, Мари-Доминик Эвен, Страсбургийн их сургуулийн доктор Изабелла Бианки, Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Каролайн Хамфрийнартай хамтран ажиллаж, харилцан биенээ урьж, лекц унших маягаар өрнөдийн ертөнцөд өөрсдийнхөө бүтээл, номыг танилцуулж ирсэн.
    Тэнхим байгуулагдсан нь Монголын уран зохиолд ямар нөлөөл үзүүлсэн бэ?
    -Манай тэнхимийн мэргэжилтнүүд мэргэжлээрээ өдгөө ямар хэмжээнд хүрч байгаа тухай ярья л даа. Профессор Д.Галбаатар Монголын уран зохиол онолын асуудлаар Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Уран зохиолд олон хөдөлгөөн болж, хуучин голдрилоосоо гараад шинэ гольдрилд шилжиж, уран зохиолын ертөнцөд шинэчлэл болж байна. Энд манай тэнхим, тэр дундаа ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагийн шинэ эрэлхийлэл хийсэн залуус манай сургуулийн Утга зохиолын нэгдлээс гарсан. Эднийг зүглүүлж чиглүүлэх үүргийг гүйцэтгэх гэж нэг үгээр хэлбэл монголын орчин үеийн модернист, постмодернист уран зохиолын онол аргазүйг нь манай тэнхим боловсруулсан гэж үзэж байна. Тухайн үед манай оюутнууд “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам зохиож, үүгээр уран зохиолд бусдын хэлээгүй үгийг хэлэх боломжийг бүрдүүлсэн. Одоо ч энэ наадам маань үргэлжлэн, зохиогдсоор байна. Ер нь манай уран зохиолын дугуйлангаас үе үед гарсан хүмүүс тэр цагийнхаа уран зохиолын ачааны хүндийг нуруундаа үүрч явсан юм шүү. Ахмад үеийнхээс Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба хоёр бол тэр чигээрээ монголын уран зохиолын нэг үеийн ачааг үүрсэн. Бас Ж.Бадраа гуай байна. Дараагийн үе болоод ирэхээр манай сургуулийг төгссөн С.Эрдэнэ, Д.Мягмар нар байна. Дунд хэрийн үе болохоор Ш.Сүрэнжав гуай, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, Д.Цэдэв гэсэн нэг ангийнхан уран зохиолын бүхэл бүтэн үеийг авч явсан юм шүү дээ.
    Дараа нь таны залуу багш байсан үе таарах байх. Тэр үе “Ду багшийн дугуйлан” их нэр хүндтэй байсан, тэнд болдог зүйлсийн тухай үлгэр, домог шиг олон дурсамж байдаг юм билээ.
    Миний залуу багш байх үед уран зохиолын нэг сэргэлт, дэлбэрэлт ч гэмээр юм уу, маш олон залуу найрагч орж ирж, түүнийг дугуйлан удирдагчийн хувьд залж чиглүүлэх үүрэг надад оногдсон. Тэр үед одоогийн манай уран зохиолын ачааг үүрч яваа төрийн шагналт Д.Норов, Д.Төрбат, Дан.Нямаа, З.Түмэнжаргал, Б.Цэнддоо бас Б.Энхтуяа, Д.Сумъяа гэхчлэн эмэгтэйчүүд ч байлаа. Тэдний нэг төлөөлөгч болох доктор Д.Батжаргал өдгөө надтай цуг ажиллаж, хүүхдийн уран зохиолын талын сүрхий төлөөлөгч болчихсон явж байна. Манай дугуйлангаас зохиолчдын бүтэн үе төдийгүй, уран зохиолын нийгэмлэг хүртэл гарсны жишээ нь“Хөх мэдрэхүй” ТББ, Монголын уран зохиолын сүүлийн үеийн залуу авьяастнуудыг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Бүр сүүлийнх гэхэд л ноднин төгссөн манай Д.Нямдорж хамгийн авьяаслаг залуусын тоонд гарцаагүй орно гэж би бодож байна. Энэ мэтчилэн авьяастны урсгал, давалгаа манай сургуулиас тасарч байсангүй. Социализмын үед юм хатуу байхад хүртэл Монголын хамгийн чөлөөтэй нэг байгууллага манай дугуйлан байсан. Улс төрийн клуб байдаггүй, клубын зохион байгуулалт гэж мэддэггүй байхад л манай дугуйлан хамгийн чөлөөтэй ярилцдаг, залуус өөрсдийн бодсоноо илэрхийлдэг газар байсан. Тэд өөрсдийгөө муулна, зохиолчдын хороо, том зохиолчдоо хүртэл шүүмжилнэ, өөрсдийгөө ч магтана. Дугуйлангийн яриа хэлэлцээр маань шөнө дөл, үүр цайтал үргэлжилнэ. Дараа нь гудамжинд үргэлжилэх мэтээр их бүтээлч хандлагатай. Нэг загварт баригдсан биш, чөлөөтэй сэтгэх боломжийг нээж өгсөн нь хамгийн чухал үнэт зүйл юм даа.
    Та олон жил багшилсан хүний хувьд оюутнууд төгсөөд гарахдаа мэргэжлийн ур чадвараас гадна ямар үнэт зүйлийг мэдэрч, сурч гараасай гэж хүсдэг вэ?
    Миний ч биш, манай тэнхимийн баримталдаг зүйл бол оюутнуудын сэтгэлгээг нь хөгжүүлэх. Энэ бол онцгой чухал. Түүнээс биш хэдэн хүний намтар, он, сар цээжлээд урдаас магнитафон шиг хариулаад байх нь сайхан биш. Үүний оронд аливаа юм үзэгдлийг өөрийнхөөрөө сэтгээд өөрийнхөөрөө бодоод хариулдаг, заримдаа тэрслүү байг, заримдаа буруу байг, заримдаа утга муутай ч байсан хамаагүй тэр нэг өөрөөрөө бодох гэж оролдож байгаа уураг тархийг бол бид дэмжинэ шүү.
    Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Таны өвөө их үлгэрч хүн байсан гэдэг. Та өвөөгийнхөө авьяасыг хэр өвлөсөн бэ, одоо хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байна уу?
    -Өвөөгийн үлгэрийг сонсох гээд л сумын төвийн албан хаагчид амралтаа аваад, манайд ирж зуныхаа амралтыг өнгөрөөдөг байсан. Хүмүүс эгнэж суугаад л, өвөө маань үлгэр ярихаар би суганд нь шигдээд сонсоно. Тэгж байтал ээж үхэр, тугал болохоо байлаа гээд муухай орилно. Тэгэнгүүт гарах нэг хэцүү, гарахгүй нэг хэцүү нэлээн шигдэнэ, дараа нь их муухай орилохоор нь гарахаас аргагүй болно доо. Тэгж өвөөгийнхөө үлгэрийг сонсож өссөн. Маш харамсалтай нь бага насанд судлаачийн ухамсар байх биш, тогтоож цээжлээгүй. Харин ээжид үлдсэн, ээжээр дамжуулсан зарим нэг үлгэрийг, тухайлбал “Мэрзийн тухай домог” гэдгийг миний өвөө хэлсэн, үүнийг судалгааныхаа ажилд хүртэл оруулж байсан. Би бас үлгэр ярина аа. “Би дандаа үлгэр ярих юм, чи хааяа үлгэр ярьж өгч байгаач” гэхээр эхнэр “Та чинь өнгөтэй ярьдаг байхгүй юу” гэнэ. Үлгэр ярихдаа чоно гарвал чонын дуугаар дугараад тэнд гарч буй үйл явдлыг биеэрээ үзүүлээд, заримыг нь бараг мах, чихэнд нь хүргээд өгөхөөр хүүхдүүд чинь үлгэр яриулах гээд салахаа байдаг байхгүй юу.

    Эх сурвалж: “Өнөөдөр” сонин