Category: Үйл явдлын тойм

  • ТӨВДИЙН ХАР ЦАГААН ба МОНГОЛЫН сургамж

     

    Шашины философийн их авшиг хуралдсан энэ газар ирсэн маань барилдлага гэж талархана. Магадгүй энэ цаг үед олон залуусын хамгийн сонирхолгүй газар Төвд бизээ. Зарим нэг нь голоод, зарим нь сэтгэл холдоод, зарим нь анзаарахгүй ийшээ зүглэхгүй биз.
    Гэхдээ эх орондоо хэрэгтэй ганц санаа горьдож яваа залуу хүний хувьд Төвдийн тухай хэдэн дүгнэлт хэлэх ёстой гэж сэтгэнэ.
    Үнэндээ ТӨВД ХҮНИЙ НҮДНИЙ ЦОГ, НҮҮРНИЙ ГАЛ БҮДГЭРЭН ДОРОЙТЖЭЭ.
    Гундуу, хар бараан, ядуу зүдүү, бохир заваан, үхээнц тэмцэлгүйн туйлд хүрчээ.
    Тэртээ VII зуунд алдарт Соронзонгомбо хааны сүр хүчин дор нэгтгэгдэж бичиг үсэг, засаг захиргаа, нэгдмэл оюун санаан дор нягтарч мэргэн шийдвэрээр олноо нэгтгэж, илдний ирээр торгоны замыг хянаж, Тан улс гүнжээ илгээн, Непаль улс өргөл барьж, Энэтхэгийн дээдэс элч хүндэтгэн илгээдэг тэр цаг үе үлгэр домог, хууч яриа, ханын зураг болон үгүйрчээ.
    Яагаад ?
    Тэд Бурханы шашины агуу сургаалыг оюун санаагаа чөлөөлөхөд биш боомилоход, хөгжилд дэвшилд биш мухар сүсэгт, өрсөлдөөнд биш хүлцэхэд, иргэний боловсрол биш иргэдээ хянахад зориулан хэдэн зууныг элээхдээ төрийн хар хүн номын багш хоёрын чиг үүргийг хутгаж, өөрийн сайханаа өрөөлийн сайнаас хэтрүүлэн үнэлж, гүнзгий-өргөн байх ёстой тэнцэлийг гүнзгий талыг дангаар хөгжүүлж мухарджээ.
    Өнөөдөр Буддын шашинтай Япон, Солонгос, Хятад, Тайланд гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилийн үлгэр жишээ олон орон байна.
    Төвдийн сүм бүрээр ороход манай Ганданд байдаг хүслийн мод хэмээх хадаг яндран чимэгтэй сүрлэг мод харагдана. Ингээд хүслээ өөртөө биш модонд шивнээд байвал яаж урагшлах билээ. Үнэндээ хүслийн мод бол Бурханы шашинтай ямарч хамаагүй байгаль дэлхийг шүтэх Хятадын Даоизмын урсгалын шүтээн.
    За тэгээд энд тэнд Хийморийн дарцаг хэмээх морь, үхэр, луу, чоно зурсан дарцгаар уул овоог дүүргэжээ. Гэтэл энэ дарцаг нь Төвд 7-9 зууны үед бүгдээр Хятадын Бумбын шашин шүтэж байхад үлдэж Бурханы шашинтай холилдсон заншил болжээ.
    Даавуунд зурсан дарцагаар хэмжигддэг хийморь лундаа байдаг бол хөдөлмөрч, бүтээлч, шударга гээд олон чанарыг товчилоод ганц дарцаг хийсгээд бүх ажил бүтэх биш үү.
    Гэтэл бурхан Будда бүхнийг энгийн бөгөөд энгүүн тайлбарласан шүү дээ.
    Тэрээр – Үйлийн үрийн хууль гэж байдаг. Ажилч, хөдөлмөрч залхуугүй байвал чи баян болно. Эртэч, уншигч, багшаа шүтэж байвал эрдэмтэй болно. Унтаад байвал ядуу болно. Өшөрхөөд байвал өчүүхэн болно гэж л хэлсэн.
    Ийм энгийн үнэнийг тайлбарлахдаа ямарч хүслийн мод, дарцаг, тахилтай хайрхан, хойд дүр номлоогүй.
    Бурхан багшийн хамгийн гайхалтай үг бол надад итгэж үнэмших бус эцсээ хүртэл эргэлзэж судал гэсэн. Ингэж хэлснээрээ тэрээр Шинжлэх ухаанаар замнах, эргэлзэх, танин мэдэх, техник технологид суралцах хязгааргүй хөгжлийн боломжийг бидэнд номлосон.
    Бурханы шашин Төвдөд өнөөдрийнх шиг хямарсан байхад Богд Зонховын сургааль шинэчлэл авчирсан шиг дахин нэг суурь шинэчлэл хэрэгтэй болжээ.
    Цастын БАТАЛО ордон бол Төвдийн төрийн ордон. Гэтэл төр байрлах ордны гадаа хүмүүс ажлын байр, цалин тэтгэвэр, шударга шүүх засаглалыг нэхэж, дэвшилтэт хууль, шинэлэг санааг санал болгож, хүлээн авахгүй бол шүүмжилж, жагсах ёстой атал өглөөнөөс үдэш хүртэл гороолж мөргөөд, урт нас сайн сайхан амьдрал гуйгаад байх нь яагаад ч зөв биш юм.
    Мөн Төвд угсаа гарвалаа алджээ.
    Бүх түүх нь Соронзонгомбо хааны Тан улсаас залсан Хятад хатан ирээд энэ улсыг хөгжүүлсэн гэнэ. Тэр хатан мод тарьсан, тэр хатанд зориулж Ботала ордоныг барьж эхэлсэн гэнэ. Хэдэн зууны өмнөх ханын зураг дүүрэн Тан улсын гүнж.
    Үүний дэргэд Монголчууд бид чинь угсаа гарвал тодорхой өгүүлж – Бөртэ чоно шүтээнтэй нэгэн аймаг, Гоо марал шүтээнтэй өөр аймгийн хамт Байгаль нуураас нүүн ирж хоорондоо үр хүүхдээ ураг барилдуулж Батцагаан хэмээх Монгол захирагч төрсөн тухай өгүүлдэг. Гэхдээ зарим түүхийн багш нар Төвд сүсэг гаргаад Бөртэ чонийг жинхэнэ чоно, Гоо марлыг жинхэнэ буга гэж өвчигнөдөгөө болих хэрэгтэй.
    Төвдүүд бурханчлан шүтэх Далай ламууддаа зориулж бүх алтаараа суварга босгожээ. Нэг л далай ламын суваргад 3270 кг алт, очир алмасаас эхлээд 1000 эрдэнийн чулуу орсон гээд бодьё. Тэгээд тэр суваргадаа бүгд эрүүл амьдрах, урт наслах, элбэг баян амьдралыг хүсэж зальбирна.
    Уг нь тэр их алтаар эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, даатгалын системээ шинэчилж, ажлын байр бий болгох төслүүдийг шалгаруулж, боловсролын салбартаа шинэчлэл хийвэл гуйгаад байгаа тэр хүслээ гуядаад биелүүлэх биш үү.
    Өнөөдөр Төвдийн эдийн засгийн гол орлого уул уурхай, аялал жуулчлал, уламжлалт анагаах ухаан гэнэ.
    Гэтэл уул уурхайг Төвдөд хувь хүн эзэмшиж болохгүй. Лхас хотын жижиг бүсийг тойроод 500 гаруй алтны уурхай байдгийг бүгд төр эзэмшдэг. “энэ хэсэг хэт улс төртэй холбоотой”
    Төвдийн эм тан уламжлалт эмчилгээ үнэхээр агуу бөгөөд ӨвөрМонгол, Хятад, Непаль, Бутан, Шинжянчууд ихээр ирж сурдаг гэнэ. Гэтэл амьдралын чанар дор, хүнсний аминдэм дутмаг, халаалттай орон сууцанд амьдардаггүй тул мянган сайхан тан эмээ уугаад дундаж наслалт 40-50 хооронд.
    Орлогынх нь амин чухал хэрэгцээ болсон Аялал жуулчлалын бизнес хөгжсөн шинж алга.
    Гэрээн дээрээ 5 одтой буудал гэж хүмүүсийг авчирдаг ч ирсэн хойно нь 2 одтой буудалд оруулна. Өглөө эрт хоол захиалахад хоносон будаа авчирч өгчихөөд мөнгөө бүтэн авна гэж уурлана. Аз болж би Монгол хүн байсан болохоор надад арай уурлаж чадахгүй худлаа инээнэ. Ингэж жижиг зүйл дээр хүртэл хүнийг хуурч залилаад минутын дараа бурханд хачин сүжигтэй залбирах нь хачирхалтай.
    Гэхдээ энэ бүхнийг бусдыг шүүх гэж хэлсэнгүй ээ. Эсэргээрээ Төвдөөр дамжуулж өөртөө хэлээд ч байж магад. Монголыгоо ийм битгий болоосой, Бурханы шашинаа цэвэр тунгалагаар нь хөгжүүлээсэй, хойд дүр, гэгээнтэн хутагт гэж мухар сүсэгтэй битгий хутгаасай гэж хүсэхдээ хэлээд байгаа байх.
    Монгол Богд Зонховын агуу шинэчлэгч байсны нэг баталгаа бол өөрийнхөө хойд дүрийг тодруулахыг хориглосон зориг байсан юм.
    Одоо Монголчууд бид Буддын ариун сургаалаар үр хойчоо сэтгэлийн боловсролтой болгох, шинжлэх ухаанаар оюуны боловсролтой болгох хоёр зүйлрүү тэмүүлэх хэрэгтэй.
    Энэ зуун бол технологи, инноваци, интернетийн зуун. Бурханы сургаалийг интернетээр зааж болно. Гэмт хэрэгтэй тэмцэх, боловсрол олгох, эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэдэг тэр чигтээ технологийн шинэчлэл.
    Өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй шашин бол Капитализм. Монголчууд дэлхийн түүчээ Капитализм хэмээх мөнгөний шашинд живэхгүйн тулд Буддын шашины дархлаа чухал хэрэгтэй.
    Бурхан Буддагийн шударга ёс, ёс суртахууны онолын цэвэр тунгалагаар нь хүмүүжсэн хойч үе учир шударга бус, авилгалч, зальхай төр засагтай хэзээ ч эвлэрч чадахгүй.
    Тиймээс бидний хэрэгжүүлэх шинэ хос ёсны онол бол Төр- Шашин биш. Буддын ёс суртахуун + Технологийн дэвшил гэсэн шинэ Хос ёсны замнал юм.
    Эцэст нь өв соёл зузаан, зан заншил ижил, түүхийг олон нухчааг давж байгаа Төвдийн ард түмэнд энэ хорвоогийн сайхан бүхнийг дээдийг ерөөе.
    ХЯТАД ОРОН НҮҮДЭЛЧИН НҮДЭЭР тэмдэглэл…Буянаагийн Ган-Очир

  • БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯР.

     

    НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганаас 54/115 тоот тогтоолыг батлан гаргаж, бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, НҮБ-ын төв байгууллага болон харьяа бүх байгууллагуудад албан ёсоор тэмдгэлдэг байх уламжлалыг 1999 оноос тогтоосон түүхтэй ажээ. Манай улс албан ёсоор энэ жилээс төрийн хэмжээнд тэмдэглэж эхлэж буй бололтой.
    Бурханы намтарт гурван удаа их ном айлдсан гэдэг ба анхны номыг дагасан шавь нар нь Шри ланк, Тайланд, тэргүүтэй зүүн өмнөд Азийн ард түмэн, хоёр ба гурав дахь номын айлдварыг нь дагасан шавь нар Энэтхэг, Төвд, Монгол тэргүүтэй зүүн хойд Азийн улс орнууд дэлгэрүүлж, гэгээрэл сэхээрэлд зорьж, бурханы өөрийн бошго дэлгэрсээр байна. Энэ арга хэмжээнд Монголын бөө мөргөлийн төлөөлөл анх удаа оролцож үг хэллээ.

    Түүнчлэн, Бурхан Багшийн их дүйчэн өдрийг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээнд тэмдэглэх нь Монгол Улсын Их хурал, Засгийн Газраас Баримталж буй бодлого Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

     

  • МОНГОЛ ДАХЬ ШАШНЫ ТӨЛӨӨЛЛИЙНХНИЙ УУЛЗАЛТ.

    (Оролцогчийн сэтгэгдэл)
    Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын төлөөлөгч нар оролцох ёстой байлаа. Мусулманыхан, Буддынхан ирж оролцсонгүй. Ватиканы биет төлөөлөгч өөр арга хэмжээтэй давхцсан тул ирсэнгүй. Буддынхан мөн өөр арга хэмжээтэй гээд ирсэнгүй, гэхдээ тэд төлөөлөгч явуулж болох байсан гэж би үзэж байгаа. Хэдий бүгд оролцоогүй ч уулзалт зохих хэмжээнд амжилттай болсон гэж үзэж байна.
    Танхай Балчир

  • ДОРНОДЫН БӨӨ НАР НЭГДСЭН ТАХИЛГАД ОРОЛЦОНО.

    МБНЭ-ийн энэ жилийн Нэгдсэн их тахилга Дундговь аймгийн Их газрын чулуун дээр хийгдэхээр төлөвлөгдсөн билээ. Энэхүү нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг хариуцан хийх хамтарсан баг хийгдэх бэлтгэл ажлын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.
    Нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Монголын буриад бөөгийн зан үйлээр хийхэд анхаарч, бэлтгэл хангах талаар санал бодлоо солилцлоо.

  • САЯХАН СОЛОНГОСТ НЭГ ХҮНЭЭС ИЙМ ҮГ СОНСЛОО.

    Тэднийг ахлаж явсан Их сургуулийн профессор өвгөн ингэж хэлжээ. “Ний нуугүй хэлэхэд солонгос залуучууд, оюутнуудыг Монгол руу олноор нь явуулж байх хэрэгтэй юм байна. Тэд улсаа буруу тийш нь хөтлөвөл, ард түмнээ бодохгүй бол ямар болдгийг нүдээрээ үзэг. Шулуухан хэлэхэд би ирээд Пак Жөнхи ерөнхийлөгчийн хөшөөн дээр очиж “биднийг зөв замаар хөтөлж улсаа үсрэнгүй хөгжүүлсэнд нь талархаж мөргөмөөр санагдсан. 1960 аад он гэхэд Монгол улс үйлдвэржиж байсан. Тэгэхэд манай улс маш ядуу, өлсгөлөнд нэрдвэгдсэн төрийн эргэлт гарч туйлдсан улс байсан юм шүү дээ. Энэ бүхнээс салгасан хүн бол Пак Жөнхи. Би Тэгү явж Пак Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлмээр байна” гэжээ… Миний танил ихэд ичсэн, харамссан өнгөөр надад шивнэх шахан ярьсан нь энэ… Тэгээд би бодлоо. Нээрээ л 1960 аад онд Пак Ерөнхийлөгч төрийн эргэлт хийж гарч ирсэн цэргийн хүн байсан. Тэр үед одоогийн БНСУ маш ядуу өлсгөлөнд нэрвэгдсэн улс байсан нь ч үнэн. Харин манай улс бол жинхэнэ үйлдвэржиж байсан. Тэгээд одоо яав, бүгд мэднэ. Бид үйлдвэрүүдээ дампууруулсан. Газрын баялгаа өнгөрсөн 32 жилд түүхийгээр нь Хятад руу зөөж эдийн засгийн хувьд нэг улсын хараат болсон. Өнгөрсөн 32 жилд бид ардчилал биш анархизм байгуулсан нь үнэн. Одоо үйлдвэрлэл ярьсан болгон ад үзэгдэж хавчигдаж байна. Ийм болохоор солонгос өвгөний хэлснээр “улсаа, ард түмнээ бодохгүй бол ийм болдог юм шүү ” гэсэн муугийн жишээ болохоос өөр яах билээ… Ko

    Цэдэнбалын Төмөрсанаа
    ·

  • ХӨХ ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР ХӨВСГӨЛ НУУРЫН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ.

    Мөн тус эвлэлийн гишүүн, далай ээжийн хүү “ХОРЬДОЛ ЭЭЖ” жуулчны баазын захирал Б.Өлзийбаяр аяныг маань дэмжиж, хэл, хөл залган халуун сэтгэлтэй сайхан хүмүүстэй уулзуулж, учруулж байгаад миний бие баярлаж талархаад баршгүй билээ.

  • БИД ХООЛ ИДЭЖ БАЙНА УУ? ХОРТ ХАВДАР ИДЭЖ БАЙНА УУ?

    Монголчуудын хувьд дотоодын хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл өндөр байдаг бөгөөд байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг илүү таашааж байна.
    Мэдээж энэ бол сайн хэрэг. Гэхдээ бид үнэхээр чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадаж байгаа юу? Бидэнд анхаарах шаардлагатай зүйлс бий юу?
    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт иргэдэд дутмаг байна.

    Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг ба түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэдэг тухай ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурджээ.

    Гар аргын нядалгаа хийгдсэнээр хэзээ, ямар антибиотик тариаг тухайн малд тарьсан болох, эмийн үлдэгдэл бий эсэх, гарал үүсэл нь тодорхой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байдаг. Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд малчны хотноос эхлээд арчилгаа, маллагаа, эмчилгээний үйл явцаас эхлээд нядалгааны үйл явц, тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэл гэсэн шат дамжлагыг дамждаг. Тиймээс бүхэлд нь эдгээр үйл явцыг стандартжуулах, хянах шаардлагатай юм.
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүний биед антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэлтэй махны талаарх ойлголтыг өгөх, сурталчлан таниулах сургалт, боловсролын чиглэлд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
    Тэгвэл эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудлын талаарх ойлголтыг илүү тодотгон Цагаантун Эрдэнэ мал эмнэлэгийн ерөнхий захирал, Малын их эмч С.Сарантуяа иргэд, олон нийтэд зориулан https://www.facebook.com/MongolMalEmneleg хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна.

    Энэхүү хуудсад нийтлэгдсэн зөвлөмжүүдээс эмхэтгэн энэхүү мэдээг бэлтгэн хүргэж байна.

    Эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөл юу вэ?

    Малд хэрэглэсэн эмийн бодис, антибиотик малын биед хуримтлагдаж, бүрэн гадагшлаагүй байхад нь мах, сүүг бид бүхэн хүнсэндээ хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл, химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг.
    Мал, амьтны биед агуулагдах эмийн үлдэгдлүүд малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед харшил, хордлого, хорт хавдар, бэлгийн сулрал мөн удамшлын мэдээлэлд нөлөөлөх, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох, ходоод гэдэсний хэвийн микрофлорууд устах гэх зэрэг олон эрсдлийг дагуулж байдаг ажээ.
    Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх, хүүхдийн санах ойг сааруулж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэгийг ДЭМБ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Хорт хавдрын үзүүлэлтээр манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь Монголчууд бидний амьдралын хэв маяг, хүнс хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой болов уу.
    Эмийн үлдэгдэлтэй махыг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг.

    Хэрхэн эмийн үлдэгдэлтэй махны хэрэглээг хязгаарлах вэ?

    Нэгт, малчдын мэдлэггүй байдлын улмаас мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр малын өвчнийг таамаг тавьж оношлох, зөвлөмж зааваргүйгээр, хэмжээ тунг зөрчин эм тариаг дур мэдэн хэрэглэх нь тухайн малын мах, сүүнд эмийн үлдэгдэл үүсэх суурь нөхцлийг бүрдүүлж байна. Малчдын түгээмэл хэрэглэдэг ивомек тариа нь нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй үед мах, сүүнд эмийн үлдэгдэл хадгалагдсаар байх болно. Хэр сахилга баттай, хариуцлагатай хандаж байгаа нь тодорхойгүй байна. Тус тариаг хавар хамуунаас, зун өтнөөс, намар хачигнаас хамгаалах зорилгоор түгээмэл хэрэглэдэг.
    Аль ч эм тариа, антибиотик нь оношлогдсон өвчинд зохих тунг тааруулан хэрэглэх ба арьсан дор тарих, булчинд тарих зэргээр ялгаатай эмчилгээг хийдэг.

    Хоёрт, нийтийн хоолны газар, мах, сүүний худалдаа эрхлэгчдийн мэдлэггүй байдлын улмаас тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн үйл явцад хяналт сул тавьж, улмаар хямд үнийг чухалчлан худалдан авалт хийх байдал үүсэх нөхцөл бүрддэг.
    Энэ байдлын улмаас иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд дараах эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрддэг.

    • Малчид эмчилгээ авахгүй болсон өвчтэй, эм тариагаар шахуулсан малыг шууд нядлан зах зээлд хямд үнээр нийлүүлэх хандлага гардаг.
    • Иргэд эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт багатайгаас болж эрүүл ахуйн хяналт тавих, гарал үүсэл, шинжилгээний бичиг шаардах, зэргээр хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах тал дээр хангалтгүй байна.
    Тиймээс эмийн үлдэгдэлтэй малын мах нь хүн амын эрүүл мэндэд маш хортой болохыг ойлгуулах, мэдээлэл сургалтаар малчид болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг хангах нь малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай байна.

    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь ямар үр дүнтэй вэ?

    Иргэд, олон нийт эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх мэдлэгтэй болж, хяналт сайжирснаар дараах үр дүнгүүд гарна. Үүнд:
    • Малчид эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийх байдлаа бууруулж, мэргэжлийн байгууллага, малын эмчид ханддахыг чухалчилдаг болно.

    • Малчид малын тарилга туулга, эмийн бүтээгдэхүүнийг малдаа зохисгүй хэрэглэснээр өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэндэд хэрхэн хөр нөлөө учруулж буй талаар мэдлэг ойлголтыг олж авна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдах, улмаар ХБӨ-ийн тоо хэмжээ буурахад тодорхой нөлөөг үзүүлнэ.

    • Малчид өвчтэй малыг эмчилгээний үр дүн гарахгүй байдлаас шалтгаалж шууд нядлах, махыг зах зээлд нийлүүлэх “мөнгө” төвтэй хандлагад бодит өөрчлөлт хийж, ёс зүй, мэдлэг боловсрол төвтэй “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.
    • Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөлийн талаарх бодит мэдлэгийг олж авснаар гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээгүй мах худалдан авах байдлыг хязгаарлах, нухацтай, анхааралтай ханддаг дадал хэвшил бий болно.
    • Нийт ард иргэд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махны эрүүл аюулгүй байдалд чухалчлан анхаардаг, хэрхэн эрүүл мах худалдаж авах талаар, мах худалдан авахдаа гарал үүсэл, эм тариа вакциныг хэдийд тариулсэн эсэх дээр хяналт тавьдаг худалдан авалтын боловсролтой иргэд бий болно.
    • Хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн төдийгүй нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал үр дүнтэй юм.

    Малын эмийн зохистой хэрэглээний талаар системтэй мэдлэг ойлголтыг малчид, мах, сүү борлуулагч, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон мал эмнэлэгийг холбосон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, ХХААХҮЯ болон холбогдох төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

    Малын эмч Б.Баярмаа

  • ХЯТАДТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

    Хятадад газар хөдлөлт болжээ гэсэн мэдээний дор үхэж байвал таарна, бүр олон үхсэн бол сайн байх байлаа, сайхан мэдээ байна гэж хөгшин хөвөөгүй, эр эмгүй бичицгээх нь маш их. Тэгсэн хэрнээ тэр үзэн ядаад байдаг улс нь хилээ хаачихаар хамаг юмных нь үнэ өсөөд, өөрсдөө сүйрчих дөхдөг. Хараан хараан хятад бараа хэрэглэдэг.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд алаад өгнө хил хаагаасай гэж дуулдаг хэрнээ хил хаамагц хамаг юмных нь үнэ өсөөд, нөгөө ганцхан чамайгаа л авна гэсэн үндэсний үйлдвэрээ хараан, яасан ч авахгүйдээ тулдаг. Хил нээгдэж энэ хэдэн юм үнэ хөөрөгдөхөө болиосой гэцгээдэг. Тийм овилгогүй юм уу, бодлогогүй юм уу.
    Уул уурхайг бараг нийтээрээ үзэн яддаг. Тэгсэн хэрнээ тэндээсээ л гол мөнгөө олдог. Өөр гадагш зарж байгаа бараа байхгүй.

    Монголчуудаа, арай илүү ухаантай байх хэрэгтэй байнаа. (Миний фэйсбүүкийн найзуудын дийлэнх нь харин арай дажгүй шүү. Юм боддог, хоёрыг тунгаадаг, наадах цаадахыг хардаг)
    Зүгээр л үзэн ядалтаар амьдармааргүй байна. Бас улирсан баларсан сэтгэлгээгээ орхихгүй бол болохгүй байна. Яаж ч их үзэн ядсан урд хөрш маань 3 сая хүнтэй, автомашины түгжрээгээ дийлэхгүй байгаа мань хэд байтугай цаана чинь АНУ-ын бүлгийг чичрүүлдэг дэлхийн том нууц ноёнтон болж байна ш дээ.

    Өнгөрсөн хэдэн зууны өмнөх хятад биш, 1940-1950-иад оны хөвөнтэй өмдтэй хужаа биш болоод машин үйлдвэрлэдэг, пуужин үйлдвэрлэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн хамгийн баян хэтэвчтэй, бас метротой улс болчихоод байнашд. Жилд 10-20 сая хятад хүүхэд төрж байна. Чамайг тэднийг үзэн ядаж байгаа эсэхийг огтхон ч тоохгүйгээр. Газар хөдлөөд үхээсэй, живээсэй гэж хүсэж байхад чинь, өдөрт 40 мянган хятад хүүхэд мэндэлж байна. “Үх үх, сөнө сөнө” гээд хэлж байх зуур чинь минутанд 30 хятад хүүхэд төрж байна. Ингэж хэллээ, үзэн ядлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй нээ. Яах вэ?

    Хятадууд бидний тэднийг хэр их үзэн ядаж байгааг даанч тоож анзаарахгүй ажлаа хийж байгаа нь сайхан юм даа. Хэрэв тэд биднийг бид тэднийг үзэн яддаг шиг үзэн яддаг байсан бол яах вэ? “Муусайн монголчууд үх үх, сөнө сөнө. Угаартаад үхэж байгаа гэсэн. Болж” гэцгээгээд. Хилээ хаая гэж уриалаад. Монгол нүүрс авахгүй гэвэл яах вэ. Япон руу онгоцоор нүүрсээ тээвэрлэх үү? АНУ-д нүүрсээ заръя гэтэл Байден өвөө “Монголын нүүрс дэлхийн хамгийн өмхий нүүрс” гээд зарлачихсан байдаг. Бүр Монголын онгоцыг хил дээгүүрээ нисгэхгүй гээд зөрчихвөл бид хаагуур яаж дэлхийтэй холбогдох вэ?

    Яг л өөрөө гадагшаа гарах хаалгагүй, хоёр хөршийнхөө өрөө, хашаагаар дамжиж гадагшаа гардаг сонин зохион байгуулалттай айл шиг. Тэгсэн хэрнээ хоёрхон хөршийнхөө нэгнийг байнга үхээсэй, сөнөөсэй гээд байдаг хүмүүс шиг. Тэгтэл тэр хоёр хөрш нь хоёулаа хорооллынхоо атмаанууд. Тэгсэн хэрнээ хоорондоо бас маш сайн найзууд. Урьд нэгийг нь нөгөөд нь ховлоод арга эвийг нь олоод байдаг байсан бол одоо хоёр атмаан маниусаар дамжуулалгүй хоорондоо хэл амаа олцгоочихсон. Нэгийг нь нөгөөд нь ховлох аргагүй болчихсон. Яах вэ? Бод доо. Тээр холын өөр байрны атмааныг дуудах гэхээр манай атмаанууд айлгаад явуулчихдаг. 107 -руу утасдвал яагаад ийш тийш утасдаад байна аа гээд хөрш маань орж ирээд нухчихвал яана.
    Уг нь энэ урдах айлын атмаан манайхтай гайгүй л харилцаатай байгаашдээ. Манайхтай хашааны маргаан байхгүй. Худалдаа наймаа дажгүй. Манай барааг боломжийн үнээр худалдаж авдаг. Урагшаа явсан манай наймаачдыг дээрэмдэж тонож, дээрэлхээд байдаггүй. Тэгсэн хэр нь л бид харааж зүхээд байх юм. Бид эсвэл сэтгэцийн өвчтэй юм уу

    Ингээд буруу харахаараа хараагаад л суудаг Солонгос киноны авгай нар шиг баймааргүй байнаа. Арай бодолтой, соёлтой, зарчимч байцгаая л даа. Зөв үү? Хөгжицгөөе л дөө. Өөрсдөө хөдөлмөрлөе. Хийе, бүтээе. Суръя. Харин ч ийм том дэлхийн зах зээлийн хажууд байж ашиглах хэрэгтэй биз дээ.
    Бид л өөрсдөө далчигнаж элдэв зан гаргахгүй бол Хятад хэзээ ч манайхыг тоож дээрэлхэхгүй. Тэгж нэрээ унагахгүй. Цаана нь маниустай маниусгүй Африк, Латин Америк гээд олон зуун сая хүнтэй том зах зээлүүд манайд үйлдвэрээ байгуулаач, манайтай худалдаа хийгээч гээд тосоод хүлээж авч байна.

    Орос хүчтэй байгаа цагт хэзээ ч Хятад Монгол руу сарвайхгүй. БНХАУ гэхдээ Гоминдааны хятад биш шүү. Манайхан бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гоминдааны хятад нь Байтаг богдод Монголын хилчидтэй байлдсан болохоос биш коммунист намын БНХАУ-ын Хятад байлдаагүй. Нэгийг нь муулах гээд андуураад гэмгүй нөгөөг нь нулимаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хоёулангийнх нь дургүйг хүргэнэ. Харин ч одоогоор ганц Гоминдаан нь л биднийг үзэн ядаж, эзлэнэ дээ гэж боддог ба тэр Гоминдааны засагтаа эх газрын Хятад нь дургүйд баярлах хэрэгтэй. Хэрэв байдал эсрэгээрээ байсан бол, эсрэгээрээ эргэвэл, Гоминдааны үзэл эх газрын Хятадад түгвэл харин тэр үед бид хичнээн үзэн ядаж, хараагаад Монголын ирээдүй бүрхэг болно шүү.
    Зүгээр л ухаалаг байгаад өөрсдөө хөгжье. Дэвшье. Эрх чөлөөтэй тусгаар улс байгаагийнхаа жаргалыг эдэлье. Ухаалгаар үүнийгээ хамгаалъя. Түүнээс юм л бол хий хоосон харааж балайрахаа больцгооё. Чингис хаан харааж, халаасандаа салаавч үзүүлэх замаар дэлхийг эзлээгүй байх. За тэгээд манайхан санаа оноогоо хуваалцана биз ээ.
    Saagii Sansar

  • АЛТАЙН НУРУУНААС АРХЕОЛОГИЙН ШИНЭ СОЁЛЫГ НЭЭЖЭЭ

    Тус экспедицийнхэн 2500 метрийн өндөрт уулын бэлд орших уг булшийг өнгөрсөн жи- лээс малтжээ. Экспедицийн удирдагч Алексей Тишкин “Уг бунхант булшнаас тахилын ёслол үйлдсэн ул мөр олсон. Оршуулгын зан үйл, булшны бүтэц нь 2007 онд Ховд аймгийн нутаг Буянт голын хөндийд малтсан булштай төстэй. Гэхдээ хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас гадаад зохион байгуулалт, чулуун дараасын хувьд төстэй ч дотоод байгууламж, тахил үйлдсэн хэв маягаараа бага зэргийн ялгаатай Алтайн нурууг дагасан шинэ соёл юм” гэжээ.

    Х.ЭРДЭНЭ

  • Д.ДАМБА: ЭНЭ ЧИГЭЭР НЬ АРАЙ ГАРГАЧИХГҮЙ БАЙХ, ГАРВАЛ АЮУЛТАЙ

    -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай та танилцаж амжсан уу. Шинэчилсэн найруулга хэр болсон байна вэ?
    -Хуулийн төсөл уншсан. Алдаатай юм олон байна. Энэ чигээрээ гарвал бүтэхгүй ээ. Арай тийм зүйл болохгүй байх. Гарвал аюултай. Төрийн хүнд суртлыг багасгаагүй, харин ч нэмэгдүүлсэн байсан. Төрийн оролцоог хумих бус тэлсэн харагдсан. Ингэж шинэчлэл хийвэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дахиад Оюу толгой шиг том бүтээн байгуулалтууд бий болохгүй. Дараа дараагийн том орд ч илрэхгүй. Геологи, хайгуул ч урагшлахгүй. Шинэчлэгдэж байгаа хуулийн төсөл миний хувьд таалагдаагүй. Журмаар зохицуулах боломжтой маш олон асуудлыг хуульчлах гэж оролдсон байсан. Стратеги нэрээр төр булааж авах, өөртөө бүхнийг хураах процесс энэ хэвээр үргэлжилбэл уул уурхайн салбар мухардалд орно. Хөрөнгө оруулалт ч нэмэгдэхгүй. Эдийн засаг ч хөгжихгүй. Тиймээс нэлээд нухацтай хандаж, сайжруулахаас аргагүй. Салбарынхан, салбарын оролцогч талууд одоо санаа оноогоо хэлж, тусгах байх. Хууль гарсан хойно биш гарахаас нь өмнө бултаараа хэлэлцэж, алдаг мадаг багатай гаргах нь чухал. Энэ бол өргөн хүрээнд авч үзэх асуудал. Гурван жил шахам боловсруулсан гэхэд судалгаа, тооцоо муутай, салбарын хөгжлөө том зургаар нь харж чадаагүй байсан. Төрийн зохицуулалт нэмэгдсэн. Өнгөрсөн хугацааны алдаагаа давтахгүй, оноогоо ахиулахын төлөө зорих ёстой. Тэгж байж л бид хариуцлагатай, хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлж чадна. Хууль бүхий л талын оролцоо, эрх ашгийг хангаж, түүнд нийцэж байвал улсаараа хожно.
    -Хэт хатуу нөхцөл тулгасан байна уу?
    -Журмаар зохицуулж болох зүйлийг хуульчлах шаардлага байхгүй л дээ. Тухайн цаг үе, дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарах юм гэж байна. Бүхнийг хуульчлах нь эргээд хүнд суртал үүсгэдэг. Гэтэл шинэчилсэн найруулгад ийм зүйл их байна лээ. Дээр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг их өндөр байлгах нөхцөлүүд тавигдсан байсан. Олон үе шаттайгаар тогтооно гэдэг нэг талдаа татвар тооцож ногдуулахад ч, татвар төлөхөд ч төвөгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ ханш өсөж, буурч байгаа энэ үед татвар нэг буураад, нэг өсөөд байж болохгүй. Анхнаасаа татвар нь тодорхой байвал талуудад амар. Шинэчилсэн найруулгад анхаармаар зүйл олон орсон байсан. Төрийн өмчит компаниудын оролцоог багасгах, тоог нь цөөлөх ёстой. Төрийн оролцоо хэтэрхий данхайж байна.
    -Энэ удаагийн найруулгад чухал ашигт малтмал, уурхайн хаалт гэсэн шинэ агуулга оруулж ирсэн байсан. Стратеги нэршил нь хадгалагдах юм байна.
    -Дэлхий дээр стратегийн орд гэсэн нэр томъёолол байхгүй. Манайх л 2006 онд гаргаж ирсэн. Ер нь стратегийн орд гэдэг нэр томъёо буруу л даа. Стратегийн ордуудаас Оюу толгой л гаднын хөрөнгө оруулалт татлаа. Бусад нь чадсангүй. Зарим нь хөдөлсөнгүй. Уул уурхайн салбарт төрийн өмчит компани л олноор нэмэгдлээ. Стратегийн чухал түүхий эд гэж байж болно оо. Гэхдээ цаг үе, зах зээл үүнийг тодорхойлно. Мөнхийн юм гэж байхгүй. Хэрэгцээгээ дагаад өөрчлөгдөнө. Том орд нээх, том уурхай ашиглах боломжийг хаасан, эсрэгээрээ жижиг хүчин чадалтай уурхай, бага нөөцтэй ордыг ашиглахыг илүү дэмжсэн. Бодлого ингэж л явж байна. Уг нь олон жижиг биш, цараатай том уурхай байснаар тэр хэрээр эдийн засагт үр нөлөө жинтэйхэн ирнэ. Ашигт малтмалын тухай хууль салбарын хөгжлийг тодорхойлох бодлогын маш чухал баримт бичиг. Тиймээс олон талаас нь харж, харгалзаж үзэх учиртай. Ойлгомжгүй, тодорхой бус, хоёр утгатай зүйл, заалт огт байж болохгүй, таарахгүй. Салбарын харилцааг зохицуулж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг ч арилгах шинэчлэл болоосой гэж харж байна.
    -Шинэчилсэн найруулга дээр өөр ажиглагдсан зүйл юу байсан бэ?
    -Нүх сүв ихтэй. Яаж ч тайлбарлаж болохоор тийм заалт их харагдсан. Тиймээс өмнө хэлсэнчлэн олон талын санаа бодлыг сонсож, тусгах байх. Хэлэлцүүлэг ч нэлээд өрнүүлж, тэндээс сайжруулалт хийгдэх байх. Хоорондоо зөрчилдсөн агуулга их байсан. Энэ ньэргээд маргаан дагуулдаг. Цоорхой үүсгэдэг. Үүнийг ашигладаг, ашиглаад сурчихсан хэсэгт боломж олгохоор байсан.
    -“Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт эхэллээ. Танд ямар сэтгэгдэл төрөв?
    -Эдийн засаг талаасаа ч, улс төрийн талаасаа ч бодсон Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал. Энэ том төслийг Монгол Улс хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, явуулна гэдэг манай эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй, бүс нутагт ч гэсэн нөлөөтэй. Энэ том үйлдвэрийн бүтээгдэхүүн бүс нутагт зарагдана. Бүс нутгаас мөн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөө басавна. Тэр утгаараа Зүүн Азийн бүс нутагт ач холбогдол өндөр. Ер нь төслийг хэрэгжүүлэхийн төлөө манай Уул уурхайн ассоциаци олон жил зорьж, ярьж, олон түмэнд зөв ойлголт өгөхийн төлөө явж ирсэн. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй нутагшуулж, байршуулах, үүний үр шимийг хүртэх том эхлэл “Оюу толгой”. Ил уурхай ашиглалтад ороод хэдэн жил болж байна. Хүдрийн агуулга нь далд уурхайн агуулгаас ихээхэн бага. Ордын нийт нөөцийнх нь 85 хувийг агуулсан гүний уурхайн зэсийн баяжмалын агуулга нь хамаагүй өндөр. Агуулга өндөр байна гэдэг орлого нэмэгдэнэ гэсэн. Компанийн ашиг, орлого ч сайжирна. Татвар, хураамж ч дагаад өснө. Татварын орлогоор дамжаад төслийн үр шим нь харагдаж эхэлнэ. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд татвараар л хүргэнэ. Татварын орлого сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийгмийн дэд бүтцийг сайжруулах учиртай. Уул уурхайн салбарын ашгийг олон нийтэд хүргэх арга зам нь татварын орлого л байдаг. Гол нь энэ орлогоо улс хэрхэн зарцуулах, үр ашигтай байлгахаас их шалтгаална.
    -Хувьцаа эзэмшүүлэх нь хэр оновчтой вэ?
    -Хамгийн сонгодог, шударгаар хүргэдэг арга бол татвар, татварын тогтолцоо. Үүгээр л үр шим хүртэнэ. Татварын орлогоор дамжуулж баялгийн өгөөжийг хүргэнэ. Түүнээс хувьцаа эзэмших замаар баялгийн өгөөж хүртэхгүй, ийм замаар хүртээнэ гэдэг тийм ч зөв шийдэл биш. Манай Засгийн газар хувьцаа олгосон. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг үнэ төлбөргүй иргэдэд эзэмшүүлсэн. Үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэдэг сонгодог утгаараа байж болохгүй. Компани яах гэж хувьцаа гаргадаг гэхээр үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө босгох гэж, хөрөнгө оруулалтаа нэмэх гэж тэр. Мөнгөгүй тараагаад өгөхөөр ямар ч ашиггүй. Зах зээлийн нийгэмд бид амьдарч байна. Ардчилсан зах зээл, чөлөөт нийгэмд шилжсэн үед нэг ойлголтыг манай ард түмэн иргэд мэдэх ёстой. Үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй юм гэж байдаг бол тэр хулганы хавханд л байдаг гээд байгаа. Тэгэхээр үнэтэй л байх ёстой. Хамгийн шударга хуваарилалт татвараар дамжуулж ард иргэддээ баялгийн өгөөжийг өгөх, үр шимийг хүртээх. Тэгж ойлгож байгаа. Хувьцааг арилжаалдаг. Арилжаалж байж компани хөрөнгө оруулалт хийнэ. Дахиад хэлье. Хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэгэдэг оновчтой хувилбар биш. Энэ баялгийн шударга хуваарилалт болж чадахгүй.