Category: Үйл явдлын тойм

  • САНСАР СУДЛАЛЫН МУЗЕЙД ЗОЧЛОВ1.

    Сансар судлалын төвд амьдрагчдын хотхон, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. Тэр үедээ энэ бол ховорхон завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж гарчээ.
    Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үе байжээ.
    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Хуучин загвараа хадгалж үлдсэн гудамжинд Циолковскийн гэр музейгэр ороход түүний анх хийж байсан пуужингийн загварын зураг бүтээлийг үздэг. Гудамж өгсөөд нэг их холгүйхэн Сансар судлалын музей байдаг.
    Энд аялж явахдаа хөнгөн цагаан аяг таваг хийдэг нэг үйлдвэрээр орж билээ. Цэрэг хүний хувьд шууд л мэдэрнэ. Тэр үйлдвэр бол үнэн хэрэгтээ цэргийн техникийн зориулалтай байлаа.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагсдын байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” Гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.

    djmedia:542
  • “ЮРИЙ АЛЕКСЕЕВИЧ ГАГАРИН БУЮУ … ЯВЛАА…”

    Тосгон бүрт алтан алх, хадуурыг зөрүүлсэн улаан туг намирч, иргэний дайнаас бие, сэтгэлийн шархтай үлдсэн хүмүүс аг жиг амьдарна. Смоленскын хязгаар Гжатск хотын ойроцоох Клушино тосгонд мөн л тийм аж байдал үргэлжилж, ариун христийн загалмай, морин хонхыг нь хураан авсан сүмийг агуулах сав болгожээ. Тэсгим хүйтэн тас нясхийнэ. Клушино нутаг тийм ч их мартагдсан газар биш байлаа.
    Энд 1610 онд польш, хасгууд нэгдэн Дмитрий Шуйский тэргүүтэй орос, Швейдийн армийг бут цохисон, ширүүн тулаан болж байсан юм. Өвгөн Иван Гагара аж ахуйдаа тун ч нямбай хандана. Үнэндээ тэднийх шиг тохилог сайхан байшин, саруулхан малын саравч, үзэсгэлэнтэй том цэцэрлэг, ногооны талбайтай айл тэр цагийн Зөвлөлтөд ховорхон байсан даа. Тэр бүү хэл, Гагарныханд зотон болон ээрсэн утасны жижигхэн завод хүртэл байсан нь санаанд багтамгүй зүйл байв. Хүү Алексей Иванович ёстой л нэг алтан гартай дархан. Оросууд ийм дархцуулаа ховордож байгаа эрчүүл гэдэг.
    Харин түүний эхнэр Анна Тимофеевна болвоос Санкт-Петербург хотод бага сургууль төгссөн ч амьдралын шаардлагаар гимназид суралцаж чадаагүй байжээ. Гэсэн ч түүний уншсан, мэдсэн, ухаарсан бүхэн тэр цагийн нам төрийн тэргүүн ухуулагчаас дутуугүй байсан төдийгүй, орос ардын үлгэр, домог, аман зохиолын тухай гарамгай мэдлэгтэй эмэгтэй байв. 1934 оны гуравдугаар сарын 9-ний өдөр… Хоёр хүүхдээ хөтөлсөн хижээл эр Алексей Иванович тосгоны эмнэлгийн гадаа зогсоно. Хэзээний наргианч эр Иван Гагара шинэхэн ачаа тэврэхээр зэхэж, шарласан хуруунуудынхаа өндгөөр тамхи орооно. Өвлийн жавар тачигнаж, нөгөө л хамтралын эрчүүл ууланд мод унагаана. Хүү төрлөө… Алексей Иванович хоёр дахь хөвгүүнээ өлгийдөж, эхнэр Анна мэнд амаржив. Өвгөн Гагарин удаах ач хүүдээ Юрий Алексеевич Гагарин хэмээх мянга мянган жил цуурайтах ариун алдрыг хайрлаж, утсан загас, шарсан гахай, хатаасан талх, халуун төмс, дарсан өргөст хэмх, нэрмэл дарс өрсөн ширээнээ өргөн найрлалаа. Мондалин хөгжимтэй залуу охид дуулж, идэр хөвүүд үндэсний хөгжим тоглож, эрэлхэг орос дуунууд эгшиглэнэ. Үдшийн тэнгэрт мянга мянган одод ирэмчиж, хүн төрөлхтний хүслийг урин дуудна.
    Мөнгөн улиас модод хэдэнтэй шарлаж, хэдэнтэй ногоороод он жил улиран одож байлаа. Залуу хөвгүүд цэргийн албанд мордож, хүдэр чийрэг хүрэн эрс болон эргэж ирсээр, хуучин жим бүдгэрч, шинэ зам тодорсоор… Гагарныхан шав хийтэл нь аж төрнө. Юра хүү үеийн хүүхдүүдээсээ бие жижигтэй ч сэргэлэн цовоо гэдэг нь жигтэйхэн, хөл нүцгэн энд тэндгүй харваж явна. Тусархуу энэ хүүд тосгоныхон ам сайтай. Тэгж байтал 1941 он ирж Юра сургуульд орох боллоо. Ай… алимны мод найгасан Смоленскын хязгаар цэнхэртэнэ. Нэгдүгээр ангийн сурагч Юрий Гагарин жижигхэн цүнхээ үүрээд даруухан дүрэмт хувцастай сургуулийн зүг алхана. Тэр үргэлж гараа өргөдөг хүүхэд байлаа. Багш нар нь түүнийг “Юра гараа буулга. Чамайг хичээлээ сайн уншсан гэдэгт итгэж байна” гэлцэнэ.
    Гэтэл алсын хөх униар дундаас нэг л өдөр хас тэмдэгтэй танкууд гарч ирсэн юм. Найрал дуу шиг өдөр хоногууд салхинд хийсч, навчис цагаасаа өмнө өтөллөө. Немцүүд Клушино тосгоныг тонон дээрэмдэж, танхайрав. Тосгоны эрчүүд цөм фронт руу явсан болохоор тэднийг өмгөөлж хамгаалах хэн ч байсагүй. Юрагийн нүдэнд гуниг шингэнэ. Немцийн ахмад Альберг харгислан, хөгжилдөх дуртай нэгэн байлаа. Тэр хүүхдүүд рүү эхлээд чихэр шидэж, дараа нь тэдний булцгар хөөрхөн гаран дээр нь гишгэж тоглоод, тас тас инээнэ. Энэ үйлдлийг нь харсан Юрагийн аав Алексей Иванович немцүүдтэй зарга хийтэл түүнийг морины зүчээнд оруулаад нэвширтэл ташуурдчихлаа…
    Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул Гагарныхан ногооны талбайдаа оромж ухаж, нууцлаад улаан армиг давшиж иртэл тэндээ хорогдсон юм. Гэвч харамсалтай нь улайрсан немцүүд Юрагийн ах Валентин, эгч Зоя хоёрыг нь туугаад оджээ. Тэднийхээ араас нулимсаа арчин арчин зогсох Юрий Алексеевич Гагарин…
    Ингэж Гагарины бага нас аугаа Орос орны тарчлаан дотор өнгөрсөн юм. Сэтгэлийн шархтай хэрсүү хүү өсч торнин 1949 онд зургаадугаар ангиа төгсөөд Москва руу явахаар шийдлээ. Тэр эхлээд Люберцы хотын гар урлалын техникумд элсэж, “цувин цехийн хэвчин” мэргэжлээр “онц” дүнтэй төгсөв. Үүний дараа Саратов хотод аж үйлдвэрийн сургуульд элсэн суралцлаа. Алдарт Гагарин энд байхдаа л анхлан тэнгэртэй нөхөрлөжээ. Учир нь тэрбээр улс эх орны хөгжил дэвшлийн хөтөч болсон аж үйлдвэрийн их сургуулийн оюун байхдаа агаарын клубт элсэн, нисч үзжээ.
    Мөн л сургуулиа онц төгссөн Гагарин нисгэгч болохоор эргэлт буцалтгүй шийдэж 1955 онд Оренбургийн агаарын цэргийн сургуульд оюутан болов. Сурч мэдэх, хийж бүтээх, бас тэнгэрт амьдрахыг мөрөөдсөн залуу хөвгүүнээс бага насных нь гунигт дурсамжууд алгуурхан холдсоор. 1957 он болоход Юра насан туршийнхаа ханьтай учирлаа. Сайхан сэтгэлт бүсгүй Валентина Голичева түүний үлдсэн амьдралынх нь хайр сэтгэл байжээ. Шинэ хосуудыг амьдралд гар хөтлөлцөөд ортол Мурманскын цэргийн ангид хуваарилсан юм. Одоо Гагарин тэнгэрийн хүн болсон…
    Хүн төрөлхтнийг туйлдуулсан дэлхийн хоёрдугаар дайны дараа өрнө дахинд илүү чухал зүйл болсон юм. Тэд сансар эрхэст мөрөө түрүүлж гаргахаар өөр хоорондоо өрсөлдөж, огторгуйн уудмыг эзэгнэхээр ширүүн тэмцэлдэж байв. Гэвч Зөвлөлтийн давамгайлал илүүрхэж байсан агаад Москвагийн гудамжнаас олдсон гэр оронгүй Лайка хэмээх алаг нохой 1957 онд анхлан сансарт нисч, од эрхэсийн зүг зорчих хүн төрөлхтний замыг засч өгсөн байлаа. Үүний дараа хязгааргүй алс руу хүн нисэх шаардлага аяндаа ургаж гарч ирэн, тэгэх боломжтойг нотолж тогтоов. Харин хэн нисэх вэ?, түүнийг хэрхэн бэлтгэх вэ? гэдэг их гүрний толгойны өвчин байжээ. 1960 он болоход Юрий Гагарин өөр хорин мэргэжилтний хамт сансрын анхны нисгэгч шалгаруулах хүндхэн давааны өмнө зогсож байжээ.

    Зөвлөлтийн шилдэг нисгэгчид бэлтгэл сургуулилтын хатуу ширүүнийг давж чадалгүй шантарч, өдөр, хоногууд өнгөрсөөр эцсийн сорилт ирэхэд Юрий Алексеевич Гагарин, Герман Титов хоёр үлдлээ. Асар их хурд, чичиргээ, татах хүчнээс ангид орчин… хүн төрөлхтөн урд өмнө нь хэзээ ч ийм хүнд сорилтыг давж байгаагүй. Гэтэл Гагарин чадлаа. Тэр ертөнцийн бүхий л шувуудаас өндөрт нисч, алаг нүдэн гарагаа анхлан дэргэдээс нь харах болно.
    1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө… Байконур сансар судлалын эрдэм шинжилгээний төв… “Восток-ЗКА-2” хөлөг нисэх зурваст бэлхэн, хэзээ хэзээгүй л “нисцгээе хүү минь” гэх шиг… Нөхөр Хрущейв албан өрөөндөө баахан догдолж, бас түгшинэ. Анхны энэ нислэгийн үеэр хэрэглэсэн код бол “Хуш” гэдэг үг байсан юм. Умараас сэрүүн сэвшээ үе үе үлээж, цэв цэнхэр тэнгэр “нааш ир, нааш ир” хэмээн дуудах шиг… Цаг болж, нөхцөл бүрдлээ. Гагарин сэтгэл хөдлөлөө нэгэн түвшинд барьж явна. Задгай сансарт энэ л хамгаас чухал. Хэрэв тэгж сураагүй бол сэтгэцийн өөрчлөлтөд орж, нислэг амжилтгүй болохоор барах уу өөр илүү аюултай зүйл хүлээж байж мэдэх. Тэр улаан өнгийн скафандер хувцастай “Восток-ЗКА-2” хөлгийнхөө дэргэд ирлээ. Хүн болгон түүнд нэн хүндэтгэлтэй хандана. “Орь ганцаараа, алсын алс руу…”
    Юрий Гагарин аварга том сансрын хөлгийн нисгэгчийн бүхээгт орж, бэлтгэлийг хангалаа. Байконур чив чимээгүй, Орос орон чив чимээгүй, дэлхий дахин чив чимээгүй… гэтэл гэнэтхэн “Восток-ЗКА-2” хөлгийн хөдөлгүүр асч, үл мэдэг чичирхийлэл мэдрэгдэж эхэллээ. Нислэгийг хянах төвд Юрагийн инээмсэглэн байгаа дүр төрх тодорно. “Эх орон минь түр баяртай, эх дэлхий минь түр баяртай… Би заавал эргэж ирнэ. Хүн төрөлхтөнд гайхамшгийг бүтээж өгнө”… ингэж бодсон Гагарин скафандерынхаа нүүрний хамгаалалтыг хаалаа. Асар хүчтэй түлхэлт мэдэгдэж, хурд хүчний дээд хязгаарт тулан, чичирхийлэл, донсолгоо оргилдоо хүрлээ. Яг энэ эгшинд Юрий Гагарин… алдарт Поехали… буюу ЯВЛАА гэдэг үгээ хэлсэн юм. Тэр үнэхээр хаашаа явж байгаагаа мэдээгүй юм.
    “Восток-ЗКА-2” хөлөг дэлхийн татах хүчнээс амжилттай тасарч, задгай сансарт гарлаа. Гайхамшгийг бүтээж чадсан Зөвлөлтийн ард түмний сэтгэлд мянга мянган оргилуун дарс үйсэн бөглөөгөө шидэж, болор хундага харшив. Тэгэвч баярлах бас болоогүй.
    Өндрөө авах тусам тэсэхийн эцэсгүй байсан агаарын даралтын нөлөөлөл алгуурхан арилж, хамаг зүйл хачин чөлөөтэй болоод ирлээ. Өмнөөс хэзээ ч төсөөлж байгаагүй зах хязгааргүй орон зай угтаж, зуу зуун мянган гэрлийн жилийн цаанаас одод анивчина. Хөхрөгч тэнгэрийн цаана юу хүлээж байсныг сая үзсэн Гагарин гайхсан, бас биширсэн нүдээр алсын алсыг ширтэнэ.
    Юрий Гагарины жолоодсон “Восток-ЗКА-2” хөлөг сансрын тойрог замыг эхлүүлж, дэлхийг тойрч эхэллээ. Төрж, өссөн, бас хүсэж мөрөөдсөн, хайрлаж дурласан, гуниж ухаарсан тэлмэн цэнхэр дэлхий аугаа их хүмүүн тэгэхэд дэргэдээс нь харж, улам ихээр хайрласан биз. Нислэгийн үеэр “ТАСС агентлаг” дэлхий дахины хамгийн анхны сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарин хошууч цолоор нэхэн шагнасан тухай мэдээлж байлаа. Энэ мэдээг Юра тээр дээр сонссон гэдэг.
    Судлаачид харин Зөвлөлтүүд Гагариныг амьд мэнд эргэн ирж чадахгүй хэмээн үзэж тийн сансарт нисч байх мөчид нь шагнасан тухай бичжээ. Энэ нь сансрын хамгийн анхны нисгэгч Лайка нохой эргэж ирээгүйтэй холбоотой… Юрий Гагарин 1 цаг 50 минут задгай сансарт нисч, эх дэлхийгээ нэгэнтэй тойроод амжилттай газардлаа. Восток хөлөг 7000 метрын өндрөөс нисгэгчээ амжилттай шүрхээр буулгаж, Юраг хэмжээлшгүй алдар нэр, цэцгийн баглаа угтав.
    Никита Хрущев шинэхэн баатраа гүн хүндэтгэлтэйгээр угтан авч, орос орон төдийгүй, коммунист дэглэмтэй бүхий л улс гүрнүүд энэ өдрийг үндэсний баяр шиг ээ тэмдэглэж, сансрын баатрын алдар сууг магтан, мөнхжүүлэв. Сонирхолтой нь тэр алтан мөчид нэгэн сэтгүүлч Юрий Гагаринаас “Тэр дээр бурхан байна уу?” гэж асуусанд Юра: “Үгүй. Би тэнд бурханыг олж хараагүй. Тэнд бурхан байхгүй” гэж хариулсан байдаг. Энэ бол түүний хэлсэн хамгаас алдартай үг юм.
    Юраг олон олон шинэ зүйлс тосч, тэр хорьдугаар зууны хамгийн алдартай хүн болж хувирав. Ингэлээ гээд Гагарин хэзээ ч оддын өвчнөөр өвчилж байсангүй. Учир нь тэр жинхэнэ одод гэж юу болохыг харсан юм. Тэр нам төрийн удирдагчид, эгэл тосгоны тариачидтай ижилхэн уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хүмүүсийг хүндэтгэв.
    Хэзээ ч дуусахгүй юм шиг баярын жагсаал, урилга, заллага…
    Цаг хугацаа улиран одож саяхан л алдар суу нь дөрвөн далай, таван тивд багтахгүй байсан сансрын анхны нисгэгчийн нэр алгуурхан хуучирч эхэллээ. Дараа дараагийн нисгэгчид оддын тийш амжилттай хөөрч, бас газардаж байв. Нөгөөтэйгүүр зөвлөлтийн сансрын ноёрхолын эсрэг америкууд хүчтэй тэмцэж байлаа. Гагариныг дахин сансарт нисгэсэнгүй. Учир нь “анхны сансрын нисгэгч амьд байх ёстой” гэсэн нууц тогтоолыг Коммунистууд гаргачихсан байжээ. Уйтгартай, нэгэн хэвийн амьдрал дунд нууцхан тарчилж байсан Гагарин… Түүнийг бүр байлдааны нисгэгчийн албанаас хүртэл чөлөөлжээ. “Надад бүх юм байна. Гэвч надад бас бүх зүйл байхгүй байна… Би яах ёстой вэ?” гэж бодох Юрий Гагарин…
    Юра сайн эцэг байлаа. Түүнийг бас багагүй шүтлэгтэй нэгэн байсан агаад Москвагаас алс хол охидоо загалмайлуулж, нууцгайлан шашны ёс гүйцэтгэсэн гэх нь ч бий.
    Дахиад л цаг хугацаа өнгөрсөөр. Юрагийн тэсвэр үнэхээр алдарлаа. Шувууг газарт удаан байлгаж болдоггүй байжээ. Чингээд тэрбээр зөвлөлт засаг, нам, төрөөс дахин сансарт нисэхийг удаан хугацааны турш хүсч, энэ хүсэлтийг нь цаг алдалгүй, насны залуу, цусны шингэн байгаа дээр нь биелүүлж өгөхийг удаа дараалан хүссэний эцэст санасандаа хүрлээ. Тэгээд даруй бэлтгэлдээ гарч, байлдааны онгоцоор дадлага хийж, мартагдсан дасгал, сургуулилтаа базааж, эрчимтэй амьдарч эхлэв. Сансрын хөлөг зохион бүтээх ажилд оролцож, 1962 онд ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдон ажиллаж байсан эр яг л 20 гаруйхан настай, байсан шиг ээ өдөр, хоногуудыг тун ч завгүй үдэж байлаа.
    1968 оны гуравдугаар сарын 27-ны өглөөний 6 цаг 10 минут… Юра нойрноосоо сэрж, орноосоо босоод түргэн, түргэн хувцаслан, 7 цаг 40 минутад ажил руугаа гарлаа. Цахилгаан шатанд тэр сансрын нисгэгч Георгий Добровольскийтэй дайралдаж, мэнд усаа мэдэлцсэний дараа тэрбээр гэнэтхэн ажлын үнэмлэхээ мартсанаа мэджээ. Ингээд гэр рүүгээ эргэтэл Георгий “Хэрэггүй биш үү? таныг хүн бүхэн танидаг шүү дээ” гэв. Гэсэн ч Гагарин Георгийг үдээд гэр рүүгээ эргэж, үнэмлэхээ авсан байдаг. Энэ үйлдээс нь түүнийг ямархан даруу хүн байсныг мэдэж болмоор.
    Өдрийн 10 цаг 19 минутад Юрий Гагарин туршлагатай нисгэгч Владимир Серегины хамт “Миг-15” сөнөөгч онгоцонд суугаад хөөрлөө. Тэнгэр цэлмэг…
    Гэтэл… 10 цаг 43 минутад тэдний онгоц Локатортаас арилав… Сансрын нисгэгчдийн бэлтгэлийн төвийн дарга нөхөр генерал Камашин түгшиж, “Ил-14”, “Ми-4” нисдэг тэргүүдийг эрэлд гаргалаа… Өдрийн 14 цаг 50 минутад гашуудалтай мэдээ ирлээ… Тэд “Миг-15” онгоц сүйрсэн байхыг олжээ…
    Эрлийн багийнхан нисгэгчдийг амьд мэнд шүхрээр буусан байгаасай хэмээн залбирч, нислэгийн талбайг хэдэнтэй нэгжсэн боловч юу ч эс олдов. Тэгтэл ослын газар дээр ирсэн генерал Камашин ойролцоох модны оройд Гагарины хувцасны тасархай өлгөгдсөн байхыг олжээ… Тэр үнэхээр явчихаж…
    Сансрын хүн ингэж домог болсон. Энэ үед тэрбээр дөнгөж 34 настай байжээ. Ослын шалгааныг хэд хэдэн хувилбараар тайлбарладаг. Тэдгээрийн хамгийн бодит байдалд ойрхон нь жирийн сөнөөгч онгоцтой нисч байсан тэдэнтэй маш ойрхон дуунаас хурдан онгоцоор хэн нэгэн этгээд шунгаж өнгөрөхөд агаарын хүчтэй долгионд цохиулсан Гагарин, Сергей хоёр ухаан алдаж, онгоцоо эргүүлж чадалгүй унасан байх гэдэг хувилбар. Хамгийн хачирхалтай нь тэрхүү дуунаас хурдан онгоцыг хэн жолоодож, хэн түүнд тийн нисэх, бас аугаа их хүмүүнийг хөнөөх зөвшөөрөл олгов гэдэг Орос орны оньсого болж үлдсэн юм.

  • ТӨРИЙН ТАМГААРАА ТАНИГДСАН ЧИНГИС ХААНЫ ОНГОН ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

     

    Өмнө нь манай оронд Их хааны онгоныг олох төсөл 1990 оноос эхэлж хэрэгжсэн. Тэр үед олон түмний зүгээс их чэсэргүүцнлтэй тулгарсан. Гэхдээ гурав гурван жилийн давтамжтай төсөл хэрэгжсэн билнээ. Харин өнөөг хүртэл амжилт олоогүй байсан. 1993 оны зун ГЯЯ дээр болсон гурван гол төслийн эрдэм шинжилгээний бага хурлын үед нэгэн зүйл учир битүүлэг үлдсэн гэдэг. Тэр нь өнөө баталгаажин илэрч байгаа бололтой. Тухайн төслийн багт олон улсын эрдэмтэн, судлаачдаас гадна манай улсын нэртэй эрдэмтэд ч багтаж ажиллаж байсан. Зөвхөн Монгол нутагт хайгуул хийгээд зогсоогүй Өвөр монголын зарим газар нутагт эрэл хайгуул хийж байсан. Үүнийг манай Засгийн газар дэмжиж хөрөнгө, санхүү хүртэл гаргаж өгч байсан. Тухайн хайгуулын баг Их эзэн хааны онгоныг олоогүй ч манай улсад хэрэгтэй газар доорх маш олон эрдэнэсийг илрүүлээд зогсохгүй эртний хаадын олон бунхныг олж тогтоосон байдаг.

    Харин ард түмэн Их хааныхаа онгоныг олох, хөндөх нь түүхээ үл хүндэтгэсэн зүйл хэмээн үзэж маш эмзэглэж байсан. Тийнхүү зон олон тухайн хайгуулыг багийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан. Тэгвэл өчигдөр Америкийн “Nasa” сансар судлалын төв, Японы сансар судлалын GVC-тэй хамтран Монгол Улдсын Зүүн хойд бүсээс дэлхийн түүхэнд урд өмнө нь олдож байгаагүй маш том цогцолбор буюу Их эзэн Чингис хааны онгоныг оллоо. Ингэхдээ Япон Улсад бүтээсэн олон мянган метрийн газрын гүн дэх зүйлийг татдаг “LCI” дурангийн тусламжтайгаар илэрүүллээ. Энэхүү дуран нь сүүлийн үед гео хайгуулын эрдэмтэд, судлаачдын гол зэвсэг болж байгаа өндөр зэрэглэлийн багаж юм.

    Хан-Хэнтий нурууны зүүн хормой Бурхан халдун уулын сав нутагт орших Их хааны шарилын орчин нийт 1000 метр шоо дөрвөлжин хэлбэртэй, найман тасалгаатай аж. Гол хэсэгт нь Их эзэн Чингис хаан хэвлий орчимдоо уран сийлбэр бүхий тамга барьсан хэлбэртэй байршуулсан янзтай. Бас хөлийнх нь хоёр талд хэвтэж буй арслангийн сийлбэр байгаа бол тэргүүн дээр нь хөх тэнгэрийг билэгдсэн дүүлэн нисч буй шонхор шувууг байрлуулжээ.

    Мөн урд зүгт нь найман бүгээн зүсмийн морь байх агаад, эргэн тойронд үнэт эрдэнэс, эмээл хазаар байгаа аж. Харин бусад хэсэгт нь хөлөг баатрууд, хатад гэх мэт хүмүүсийн шарил байгааг тусгай нарийвчлалтай дурангаар илэрүүлсэн байна. Түүхэнд Чингис хааны үеийн их төрийн тамга өнөөг хүртэл олдоогүйг тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэгвэл ийнхүү их эзэн хааны онгон төрийн тамгаараа танидсан гэж судлаачид үзэж байна.

    Одоогоор энэ талаар олон улсын судалгааны багийхан хамтарч хуралдах тухай зарлажээ. Улмаар онгоныг малтах ажлын баг бүрдүүлж Монгол Улсын Засгийн газраас тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа аж.
    В.Нэргүй

     

    11

  • ӨМНИЙН ГОВЬД МОДЖУУЛАХААР АЖИЛЛАВ.

    Үндсэн ажил болох Оюутолгойн ойжуулах нөхөн сэргээлтийн мод ургамал үржүүлгийн газар 5 хоног ажиллалаа. Гол ажил маань мод үржүүлэгт зориулсан хүлэмж, мананцар үүсгэх систем суулгаж байршуулах ажил байв.
    Энэхүү бүтээн байгуулалтын зорилгот боломж нь нийт 11 хүлэмжинд жилд 100 аас 120 мянган мод үржүүлэх хүчин чадалтай бөгөөд 1 тэрбум мод тарих аяний хүрээнд ахин 4 иж бүрэн хүлэмж нэмж суулгасанаар жилдээ 200 аас 250 мянган модний үржүүлэх боломж бүрдэж байгаа юм.
    Ингэснээр Оюунтолгойн орчимд болон Ханбогд сум, цаашлаад говийн бүсэд шаардлагатай хэрэгцээт модний нилээд хэсгийг хангах хүчин чадал бүрдэж байгаа болно.
    Ийнхүү Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд өмнийн говьд очиж их ажлын эхлэлээ тавиад иржээ.

  • Фэйсбүүк хэрэглэгчдийн заавалчгүй мэдэх шаардлагатай 7 тохиргоо

     

    1. Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)

    Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, найзууд гэх мэтээр ангилж болно. Ингэснээр та дараа нь хайлт хийхэд амар байх болно.

    2. Өөрийн мэдээллээ бусдаас нуух

    Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings – Profile Information цэсээр ороод About me-ын хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.

    3. Өөрийгөө хайлтын системээс устга

    Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.

    4. Өөрийгөө Google-ээс устга

    Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.

    5. Зураг, видеогоо нууцлах

    Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
    Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.

    6. Фото цомгоо хамгаал

    Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.

    7. Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал

    Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.

    Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

  • 2022 ОНЫ АНХНЫ ХҮЛЭМЖЭЭ АШИГЛАЛТАД ӨГЛӨӨ.

    Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах ялангуяа төрөл бүрийн эрдэс бодис, амин дэм, үнэртэн, амттан зэрэг биологийн идэвхит бодис агуулж байдаг бага тархацтай дулаанд илүү дуртай, боловсрох хугацаа урттай нарийн ногоог манай орны уур амьсгалд тааруулан тариалахын тулд нийлэг хальсан бүрхүүл бүхий хүлэмжийн шаардлага, ач холбогдогдол улам нэмэгдсээр ирсэн.

    djmedia:537
  • МБНЭ-Д ОЛОН ИРГЭН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ

     

    МБНЭ-ийн дүрэмд :”Бөө шүтлэг бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль, дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл билээ.
    Монгол Бөөгийн Нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн шүтлэгийн байгууллага юм.” Гэж тодорхойлсон байдаг.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн гишүүд зөвхөн улаачийн хувьд төдийгүй, “Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх” зорилт тавин ажилладаг.
    МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.

    djmedia:532
  • БӨӨ НАР ХРИСТИЙН СҮМИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.

    Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмэд зочилоход захирал Г.Түвшинжаргал, Азийн хойд бүсийн хуулийн зөвлөх Кэннэт С.Барроу нар, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаа нар угтаж мэндэллээ.

    Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн явуулж байгаа үйл ажиллагаатай Монголын бөөгийн төлөөлөл болсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Анхмаа нар танилцаж, байрны дотоод байдалтай явж танилцлаа.
    Азийн хойд бүсийн хуулийн зөвлөх Кэннэт С.Барроу Монгол бөөгийн тухай сонирхосон зүйлээ тодруулан харилцан санал бодлоо солилцлоо. Уулзалт харилцан сонирхосон, ажил хэрэгч болж өнгөрлөө.

    Шашин нь хүмүүсийн үйлддэг, аливаа номлолыг дагадаг сүсэг бишрэл, ёс суртахуунуудыг хэлнэ. Энэ нь дотроо ертөнцийг үзэх үзэл, соёл болон итгэлийн системийг агуулж өөрийн гэсэн ёс зүй түүнээс үүдсэн ёс суртахууны үнэт зүйлс, дагаж мөрдөх ёстой хууль дүрмийг агуулж байдаг. Аливаа шашин тухайн эриний ард түмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг, түүнийг агуулан хадгалагч хүч нь болж байдаг. Энэхүү соёл иргэншлийн гол хэсэг болох шинжлэх ухааны ангиллын тодорхой хуваарьт оруулах шаардлага аяндаа гарч ирдэг. Энэ ангиллын эхэн хэсэг нь түүхийн хэсэг, удаах нь судлалын хэсэг, эцсийнх нь дүгнэлт тодорхойлолтын хэсэг болдог.Хүн төрөлхтний түүхэнд олон шашин бий болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ.
    Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Хиндү шашин 4000 жил, Иудейн шашин 3670 жил, Буддын шашин 2545 жил, Христийн шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил, Бахай шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна. Хамгийн гол нь дэлхийн хамгийн том гурван шашныг үндэслэгчид гурвуулаа түүхэн биет хүмүүс байсан юм. Дэлхийн хэдэн тэрбум хүмүүс өдгөө ч тэр гурван хүний үзэл номлолоор амьдарч байна.
    Тооцоогоор дэлхийн нийт 7,5 тэрбум хүнээс 2,1 тэрбум хүн нь Христ итгэлд итгэдэг ба энэ нь Дэлхийн нийт хүн амын 33,32 хувь юм. Анхны Христ итгэл чуулган нь ганц сургаал, ганц урсгалтай байсан боловч Христ итгэлийн түүхэнд библийн тайлбар, онол сургаалаас олон урсгалд хуваагдсан. Хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс, Протестант болно.

    djmedia:531
  • “ЦЭРГИЙН АНДУУД” ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО

     

    Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оролцлоо.
    “Цэргийн андууд” дурсамж уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэв.
    Монголын ард түмэн цэргийн албыг эрдмийн алба, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль хэмээн үнэлдэг. Цэргийн албанд манлайлагчид, үлгэрлэн дагуулагч байсан эрхэм чанар насан туршид нь ажил алба, амьдралд нь мөрдөх хэвшил, зуршил, хэм хэмжээ нь болдог.
    Саяхан зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие оролцож үндэстнийхээ аюулгүй байдал, Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, өнөөгийн Монголын нийгэмд гарч буй төрөл бүрийн гэмт хэрэг зөрчил, хүчирхийллийн эх үүсвэр болсон архидалттай тэмцэхийг уриалаад байна.
    Дурсамж уулзалтын хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үзэсгэлэнгүүд дэлгэгдэж, ЦДБЭЧ, Цагдаагийн “Сүлд” чуулга, ХЦДБЭЧ-ын уран бүтээлээс гадна ЗХЖШ-ын ҮЖҮНХ, зочдын сэтгэлийг баясгаж, дурсамж уулзалтын үйл ажиллагааг улам төгөлдөр болгожээ.
    Мөн Үндэсний урлагийн их театр, Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлагууд болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Жаргалсайхан, Наран нарын цэрэг эх орны сэдэвт уран бүтээл баяр дээр баяр нэмэх аж.

    djmedia:530
  • ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫГ ШИНЭ ТОГЛОГЧООР ЗАРЛАХ ЗӨӨВЧ-ОВООГИЙ УРАНЫГ ОЛБОРЛОЖ ЭХЭЛЛЭЭ

    Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Орано майнинг” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани эхлүүлээд байна. Тус компани Монгол Улсад 15 жил гаруйн хугацаанд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд нээн илрүүлсэн орд дээр бэлтгэл ажлаа базаасны үр дүнд өнгөрсөн долдугаар сард ийнхүү үйлдвэрлэлийн туршилт эхэлжээ.

    Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж юу вэ?

    Энэ бол монголчуудын сонсохоос ч айж ирсэн үнэн чанартаа ямар нэгэн хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, нэг литр усанд 4-10 грамм буюу дунд зэргийн тариураар нэг хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэх агууламжтай уусмалыг газрын гүн рүү нэг талаас шахаж, нөгөө талаар буцаан соруулж авах тасралтгүй цикль явагдах юм. Уг уусмалд газрын гүнд байгаа уран уусаад шингэн гарч ирнэ гэсэн үг. Энэ явцад шүлтлэг байсан орчин хүчиллэг болсон нь тодорхой хугацааны дараа байгалийн аясаараа буцаад шүлтлэг болох буюу нөхөн сэргээгддэг учраас байгаль орчинд хамгийн нөлөө багатай технологи болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.

    Мэдээж үүнд тогтмол хяналт тавьдаг. Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг байна. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна. Үүний тулд үйлдвэрлэлийн талбай дээрээ тогтмол ажиллагаатай лаборатори ч байгуулжээ.

    Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжлэх ба ураны уурхайн бүх үе шат тухайлбал, уран олборлолтоос, ураны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг хамарч байгаа гэж ойлгож болно. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталгаажуулах юм. Төлөвлөж байгаагаар 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилтын явцад 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолно. Онцлох нэг зүйл бол энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ.

    Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийх юм байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна.

    Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаанд “Бадрах Энержи” компанийн нийт 90 ажилтан ажиллаж байгаагаас 65 нь хээрийн ангид ажилладаг байна. Хээрийн ангийн үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгч компаниуд 30-35 хүнийг орон нутгаас авч ажиллуулдаг ажээ.

    Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. Зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал “Бадрах Энержи” компани үйл ажиллагаандаа жилд дунджаар 7-8 сая ам.доллар зарцуулж байгаагаас нийт ажилтны цалингийн зардал 3.1 тэрбум төгрөг болсон талаар тайландаа бичжээ.

    Эдийн засгийн том дүнгээр нь харвал үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм. Гэхдээ үүнээс илүүтэй ирээдүйн өгөөж анхаарал татах чухал үзүүлэлт.

    Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг байх нь. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж.

    Хамгийн их анхаарал татах асуудал бол ураны хор аюул бодитой байгаа юу гэдэг асуулт

    Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийснээ 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд тооцогдож байна.

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан энэ тухай танилцуулахдаа “Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй.

    Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” гэдгийг хэлсэн.

    Энэ хүрээнд усны судалгааг мөн хийжээ. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан юм. Ийнхүү судлахад газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.

    Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн байсныг онцолж байв.

    Малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ.

    Энэ бүх дүгнэлт иргэдийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлж байсан удаатай. Үр дүн нь мөн л энэ түвшинд гардаг.

    Багаж бариад хэмжилт хийгээд үзвэл Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрт цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг тухай “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал ярьж байсан удаатай.

    Ямартай ч том зургаар нь харвал Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт ямар нэгэн байдлаар байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа гэж болно. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм. Учир нь эрчим хүчний 70 гаруй хувиа уранаас гарган авдаг Франц улс шинэ он гарсны дараа атомын станцын сэргэн мандалтаа зарлаж, ногоон эрчим хүчний эх үүсвэр болохыг нь баримт бичгээр Европын холбоо баталсан. Дээр нь манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тиймээс төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам тодрох төсөөлөл бий болоод байна.

    Н.Энхтайван
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин