Завхан аймгийн төв Улиастай орох гол зам Загастайн давааны зам баригдах болсон тул Яруу сумаар тойрч явж байлаа. Улиастай хот талаас Донойн хөндийгөөр дайрч Хар ус нуурын зүгт явдаг замаар давхиж, Яруу сумын баруун талаас очив. Энэ зам ямар ч автомашин явахаар бартаагүй ажуу.
Эндээс Завхан аймгийн Түдэвтэй сум очихын тул зам нийлсэн таван машин Их монгол элсийг хөндлөн туулахаар хөдлөв. Уртын голын хоёр талаар айлууд зэрэгцэн буусан учраас зам төөрөлгүй явсаар Их монгол элсний Сүв хэмээх газарт ирлээ. Бид Их монгол элсийг голын судал даган хөндлөн туулсан юм. Ланд круйзерээс авахуулаад приус хүртэл бүх маркын дөрвөн автомашин, хөнгөхөн газар өөрсдөө түрж, элсэрхэг газар том машин нь жижэг тэргээ чирсээр их элсийг хөндлөн туулав. Нэгэнт наран шингэсэн учраас элсийг гарангуут бид амрахаар аяны майхнаа барьж тухлан хоносон билээ. Хөгжилтэй бас адал явдалтай энэ өдрийн амралт хотын бидэнд сонирхолтой өнгөрлөө. Нэгэнт харанхуй болсон тул бид амрахаар шийдвэр гаргав.
Өглөө босоод эргэн тойрноо харахад элс, нуур, хангай нийлсэн байгалийн үзэсгэлэнтэй газар бид хоножээ. Тэндээс элсэн дөрөлжийг даван хангайн замд оров. Жижиг тэргээ чирсээр багахан элсэн замыг туулж аялал цааш үргэлжилсэн билээ.
Жин үдийн үед Завхан аймгийн Түдэвтэй суманд ирж, тус сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын гэрт очлоо. Тэд дөнгөж гэртээ ирсэн байхтай таарав. Хэдий аян замд ядарсан гэлээ ч тэд байдаг боломжоороо биднийг дайлж билээ.
Нэгдсэн их тахилгаас дөнгөж ирээд байсан тул онгодын гэрийн дотоод зургийг нь авах боломжгүй байсан. Онгодын гэрт нь орж хүндэтгэл үзүүлээд бид цааш аяны замаа үргэлжлүүлэв. Хэдий байдаг хэмжээндээ зүтгэсэн боловч ажлын цагт багтаж хилийн боомт хүрч чадсангүй.
Бид хилийн цэргийн отрядын зочид буудалд амрахаар болов. Нэгэнтээ хил тойрч явахад танилцсан хурандаа Батбаяр бидэнд тав тухтай хонох боломжийг олгосон билээ. Миний хувьд хил хамгаалагчдын тухай, гэр бүл, хүүхдийн талаар авч байгаа арга хэмжээний талаар сайхан мэдээ сонссон билээ.
Өглөө эртхэн бид хилийн боомтын зүг хөдөллөө. Есөн цаг гэхэд бид эхний машин болж хилийн боомтод очсон байлаа. Нутгийн нэгэн тэрэг бидэнд учирлаж гуйсан тул урдуур оруулав. Яагаад гэвэл олон удаа орж гардаг тул уддаггүй юм гэсэн шалтгаан хэлсэн билээ. Бид шинээр бүртгүүлж удах учир тэдний хүсэлтийг зөвшөөрсөн юм. Монголын тал шуурхай шалгах ажээ. Энд өмнө ажиллаар явж байхад таарсан ажилтантай уулзлаа. Магадгүй хамгийн удаан хил дээр тогтвортой ажилласан нэгнээр тодорч болох нэгэн байлаа. Харин ОХУ-ын тал хоёр талаас ирсэн машиныг ээлжлэн оруулж шалгадаг журамтай бололтой. Биднийг шалгаж дуусаад Оросын боомтоос гарч байхад анх орсон машин буцаад хил гарч байгаа харагдсан.
Хилийн боомтыг явганаар гарч болдог тул хэд хэдэн монгол зорчигч гарч байгаатай таарав. Хэдхэн минут ярилцахад Оросын иргэн 30 кг ачаатай гарах эрхтэй бол манай иргэд шинэ бараа авч гарах боломж муутай, гарахаар бол гаалийн бүрдүүлэлт хийдэг гэж хэлсэн билээ. Харин хүнсний зүйлд энэ журам хамаардаггүй гэлээ.
ОХУ-ын хилийн боомтын үйл ажиллагаа урьд өмнөхөөс сайжирсан сэтгэгдэл надад төрсөн. Нарийн дэс дараатай, шуурхай үзэж шалгаж байлаа. Бид оросын талд шалгуулахад хоёр цаг болжээ. Энэ бол Арцсуурь-Цагаантолгойн хилийн боомт байлаа.