Хилийн хорио тавигдаж энэ жилийн анхны аялал Бээжин байлаа. Цаг хожигдохгүйн тул өдөр эрт Чингис хаан нисэх онгоцны буудал зорилоо. Энэ долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр байсан тул яармагийн чиглэлд замын хөдөлгөөн саадгүй байв. Тиймээс цагаас эрт шинэ нисэх онгоцны буудал болох төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан нисэх онгоцны буудалд очлоо.
Шинэ нисэх онгоцны буудалд очиход анхны хувийн сэтгэгдэл сонихон санагдав. Бид одоо үедээ таарсан нисэх буудалд барьжээ. Ерөөс ийм хэмжээнд нислэг байхаар төлөвлөсөн бололтой. Миний төсөөлөл бол арай илүү алсыг харсан, цар хүрээтэй буудал байх болов уу гэж бодож байлаа. Чамлахаар чанга атга гэдэг бил үү, тэгж л бодож явахад хүрэв.
Өргөн уудам талбайтай болохоор улам тэлнэ биз ээ. Цаг болж нисэх онгоцонд байраа эзлэж, алсын замд гарлаа. Нисэх зурвасаар хөөрөх үед Зуун мод хот алган дээр тавьсан мэт ил тод харагдав. Уул, тал хөндий цасаар битүү хучигдсан харагдана. Нутгийн минь уудам тал битүү цасан дээлээ өмссөн нь өмнөх жилүүдийг бодвол онцлог байлаа. Монгол улсын агаарын хилээр гарах үед харанхуй нөмөрч орчин харагдахааргүй боллоо.
Үүлэн хөнжлийг нэвтлэн доошилж байж хотын гэрэл харагдав. Онгоц аажимхан доошилсоор Бээжингийн олон улсын Капитал нисэх буудал газардлаа. Урьд жилүүдийг бодвол нисэх буудал хүнгүй шахам байлаа. Үгийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг газар эл хуль байх нь содон санагдав.
Нисэх буудлаас таксинд сууж, Бээжин хотын төв рүү хөдөллөө. Оройн гэрлэн чимэглэлээр өнгө зүсээ гайхуулах хятадын нийслэл хот автозамын хөдөлгөөн мөн л багассан санагдав. Гэхдээ энэ бол миний хувийн сэтгэгдэл билээ. Энэ удаагийн нислэгтээ Бээжингийн хоёр нисэх буудлаар үйлчлүүлж байснаа жишиж тавьж байна.
Бээжинд очсон эхний өдөр ковед үйлчилсэн хоёр жилд эвдэрсэн, хэмхэрсэн компьюртерын техник хэрэгсэлээ засуулах, шинэчлэх ажилтай өнгөрөв. Бээжингийн компьютерийн төв зах нүүж, одоо ганцхан замын зүүн тал дахь “асарт” худалдаа үлдсэн байна. Хайж байсан зүйл бүгд байна. Хэрэглээний зургийн аппарат нилээд үнэтэй засагдлаа.
Кино зураг авалтын техник хэрэгсэл зардаг захаар орлоо. Үйл ажиллагаа нь хэвийн үргэжилж, сүүлийн үеийн техник тоноглол бүгд л нүдэнд тусна. Худалдааны үнэ дэлхийн нийтийн үнэд шилжиж буй нь харагдана. Хэтдээ энэ бүхэн биднийг “зорьж” буй үнийн дарамтийг илэрхийлнэ.
Бид нэг нэгнээ шүүмжлэн шүлс үсэргэхээс өмнө сайн зүйлийг олж харахыг эрмэлзэх цаг үе айсуу. Энэ бол хөгжил дэвшлийн мэдээ билээ. Дэлхийн шилдэг бүхнийг алсаас хайдаг тэр үе хэдийнээ өнгөрчээ. Тэр бүхэн чинь дэргэд чинь байна.
Бид хөрш болон оршиж, цаг хугацааны хувьд ижил хэмжигдэхүүнд байрладаг. Гэхдээ хөгжил дэвшлийн гараагаар асар хурдтай ялгарал явагдаж байгаа билээ. Бээжин хотод шинэ, шинэ хороолол байгуулагдаж байна. Өвөрмөц шийдэлтэй шинэ хороололуудыг харахад бас сэтгэлд нэгэн зүйлийг бодогдуулна. Бас өөрсдийн хөгжилтэй харьцуулахад хүргэнэ. Барилгуудын загвар, хүрээлэн буй орчин, байгалийн цогцолбор, хүнд таатай орчин бүрдүүлэх гээд олон зүйл нүд булаана. Бидэнд суралцах зүйл их байна. Өдрийн цагт нүд булаам өвөрмөц шийдэл шөнө бас л хүний сохирхол татам байх ажээ.