Уншиж байна...

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /4031м/ мөнх цастай, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай, уулсын сайхан Завхан нутаг билээ. Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан Улсын ууган дөрвөн аймгийн нэг юм.


Завхан аймаг нь өөрийн үүсэл хөгжилийн өвөрмөц түүхтэй юм. XYI зууны сүүл XYII зууны эхэн үед эртний монголын зургаан түг түмний нэг Халх түмэн арван хоёр отогтой гэх боловч үнэн хэрэгтээ таван отог халхчууд Өвөрлөгч нутагт шилжин нүүж Арын угуул нутагт долоон отог үлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бүрдүүлсэн юм. Халхын зүүн гарт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сүүл орчимд бүрэлдэн тогтжээ. Үүнээс үзэхэд Засагт хан аймгийн эх үүсвэр энэ үеэс баттай тавигдсан гэж үзэж болно.
1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав.
1934 оны эхээр Засгийн газраас Алтай аймгийг татан буулгах комиссыг байгуулж, шийдвэрлэснээр Завхан аймаг 37 сумтай том аймаг болов.
1940 онд хуралдсан Улсын 8 дугаар их хурлын шийдвэрээр Завхан аймгийг хувааж, одоогийн Говь-Алтай аймгийг 20 сумтайгаар салгаж байгуулсан.
Манай аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай.
Эртний сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий соёлын биет өв болох 658 дурсгалт газрын 7835 дурсгалыг тоолж бүртгэн хамгаалалтад авсан байна.
Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгүйн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Бор хярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хүдэр, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай юм
Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Төмөрт, Зарт, Цэцүүх, Хос зайгал, Зүйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мөрөн, Хар дөрөө, Тэлмэн, Бүст, ар Бадархундага, өвөр Бадар хундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хөх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Усны эрчим хүчний нөөц их. Өндөр уулын, тайгын, ойт хээр, хээрийн, хуурай цөлжүү хөрстэй, хээрийн олон хэв шинжийн ургамалтай.
Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил шимт хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг.
Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтнүүд, армийн генерал, генаралууд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм. Эдгээрээс Монгол улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Армийн генерал Б.Дорж, Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцгойлон дурдууштай.
Улиастай хотод томоохон клиник эмнэлгүүдтэй, арван жилийн сургууль, МСҮТ, Хөгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг.
БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ. 2017 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан.

Бусад мэдээ

Mar 30, 2024 417

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 185

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/