Уншиж байна...

“Монголын нууц товчоо” (МНТ) номыг би сурагч байхдаа ч, оюутан байхдаа ч, бас 40 гарсан насандаа ч уншиж байлаа. Унших бүрдээ л сэтгэл дундуур, олон салаа бодолтой үлддэг байв. Эргэлзэх зүйл, бүдэг, бүрсгэр санаа ихтэй, хардах, сэрдэх зүйл ч олонтой, нэгэн утгаар тод ойлгох юм үгүй шахам л үлддэг байж билээ.



Энэ ном түүхэн үнэнийг түүхчлэн өгүүлж байна уу, эсвээс энэ ном уран зохиол юм уу? Номыг бичсэн зорилго нь яг чухамдаа юу болох? Бөртэ чиногоос Есүхэй хүртлэх 22 үеийн өвөг дээдсийг нь нэрлэж тоочжээ. Энэ үнэн юм уу? Ер нь Бөртэ чино бодитой байсан, түүхэн, хувь хүн мөн үү? Энэ 22 үеийнхний наад зах нь л 18 орчим нь зохиомол биш гэж үү? Есүхэйгээс хойш Лигдэн хаан хүртэлх 21 үеийн хаадыг 1640 онд дэс дараалан нэрлэхэд ч бичиг, цаас харж, судалж байж л зөв хэлнэ шүү дээ. Бөртэ чиногоос Есүхэй хүртэлх 500 орчим жил, мөн Есүхэйгээс хойш Лигдэн хүртэлх 500 орчим жилийг хамаарсан 1000 орчим жилийн ургийн бичиг байгаа бол өөр хэрэг л дээ. Гэтэл эхний 500 орчим жилийн ургийн бичиг байсан гэж үү? 1240 онд ямар материал ашиглаад 22 үеийнхнийг нь нэр устай нь тоочдог байна вэ? 1240 оноос өмнө Монголчууд ургийн бичиг хөтөлж байсан юм уу? Энэ номын бичмэл эх нь ямар бичгээр байсан бол оо? Энэ номыг уйгаржин монгол бичиг, үсэгтэй Монгол хүн бичсэн үү, эсвээс Хятад ханз бичигтэй Монгол хүн бичсэн үү? Хятад ханз бичигтэй хятад хүн (монгол хэл мэддэг) хятад бичгээр, Монгол хэлээр нь хуулж авсан юм уу? Энэ бол Уйгаржин бичгээр, Монгол бичиг мэддэггүй, гэхдээ Монгол хэл мэддэг хятад хүн уг номыг монгол хүнээр уншуулж байж хятадаар бичиж авах хувилбар юм. МНТ-г бичиж дууссан 1240 он бол Их Монгол улсыг тунхагласнаас хойш 34 жил өнгөрсөн, Чингис хаан нас бараад 13 жил өнгөрсөн цаг үе. Энэ үед Уйгаржин Монгол бичиг үсэгтэй хүн, түшмэдүүд хаана л бол хаана олширчихсон байсан нь тодорхой. Ингэхлээр МНТ-г бичих боломж бодьтой юм. Харин хэн, ямар материал ашиглаж, ямар зорилгоор бичсэн юм бэ? гэдэг нь сонин болно.

МНТ ном шууд Бөртэ чино, Гоо Марал хоёроос эхэлдэг. Тэр хоёрын угсаа, гарал, хэлний талаар өгүүлсэнгүй. Тэд Монголчууд гэж ойлгогддог. Номын эхний өгүүлбэр: Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу". Гэргий Гоо Марал нь жирийн хүн бололтой. Бөртэ чоны эцэг, эхийг нэрлэсэнгүй. Яагаад дээд тэнгэрээс заяатайг нь ч дурдсангүй.


Үлгэр, уран зохиол л ингэж эхэлдэг. “Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ”. Энэ бас үлгэрт л байдаг дүр. “Тэнгэс гэтэлж ирэв.” Энэ бас л үлгэр гэхээр... Зохиогч Чингисийн намтраар дамжуулан Монголын түүхийг бичих гэсэн, эсвээс Чингисийн намтрыг бичиж түүний тэнгэрлэг угсаа язгуур, хаадын хаан байсан их гавъяаг алдаршуулах гэсэн байж ч болох юм. Угсаа, гарвалыг нь зохиомжлон дээдэлж үзүүлээд өөрийн нь амьдрал, үйл ажиллагааг тоочин өгүүлэх аргыг сонгосон байж ч мэднэ. Энэ номын зохиогч нь ихэд шашинжуулж бичсэн, ид шид, мөнх тэнгэрийн хүчинд хэтрүүлэн дулдуйдсан нь мэдрэгддэг бол сүүлд орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлсэн хүмүүс нилээд улстөржүүлж, бас шүлэглэж, уран зохиол талруу нь хазайлгажээ. Номонд байгаа утгыг сэжүүрээс нь дөнгөж шүүрээд л шүлэглэж бүүдгэрүүлсэн, дүрсэлж хэтрүүлсэн нь мөн ажиглагддаг. 9 настай Тэмүүжин эцгийнхээ үхэлд гашуудан уйлж байхад нь хүмүүс улстөр, цэрэг ярьж тайтгаруулж байх жишээтэй... Хятадаас олдсон эх, Хятадруу аваачсан эх нь Хятад үсгээр, Монгол хэлээр байгаагийн учир, зорилго юу байв аа? Хятадуудад зориулж аваачсан бол хятад хэлээр л баймаар юм. Мин улсын үед МНТ-г Хятад хэлэнд хөрвүүлж 1382 онд одоогоос 641 жилийн өмнө хэвлэжээ. Судлаач Кафаров МНТ-г Орос хэлэнд хөрвүүлж 1866 онд (одоогоос 175 жилийн өмнө) хэвлүүлжээ.

Хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн 1908 онд МНТ-г зарим тайлбартайгаар мөн хэвлүүлжээ. Энэ гурван хэвлэлийг уг эхтэй харьцуулж, хятад бичгээр Монгол хэлээр бичигдсэн уг эхийг хэр зөв хөрвүүлсэн болохыг хянах, шалгах хэрэгтэй. XIII зууны хятад ханзын утга, XIII зууны эртний Монгол хэлний нэр томъёо, хүний нэр, газар усны нэр, тогтмол хэллэг, зүйр цэцэн үгний утга гэх мэтийг ойлгож, тооцож орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлэн гэдэг бол амар ажил огт биш юм. Махчилж орчуулах аваас нэг янз, чөлөөтэй орчуулах аваас өөр янз, жинхэнэ шинжлэх ухаанчаар орчуулах аваас гуравдахь янз байх магадлалтай... Эх хувийг хятадаар, хятад орчуулгыг оросоор, Орос орчуулгыг Монголоор хөрвүүлэхэд ч мөн их алдаа, мадаг гарнаа даа! Анхны Монгол эхийг (Уйгаржин Монголоор л бичсэн болов уу) хятад ханзаар буулгасан хүний мэдлэг, чадвар ч мөн тооцогдох учиртай. Энэ ажлыг Монгол хэл мэддэг Хятад хүн хийсэн үү, эсвээс хятад бичиг мэддэг Монгол хүн хийсэн үү? Уг номыг бичсэн хүн өөрөө хийсэн үү, эсвээс өөр нэгэн хүн хийсэн үү? Монгол хэлээр, Хятад ханзаар бичиж хадгалахын зорилго, зориулалт нь юу юм бэ? Арай МНТ-ны зохиогч нь Монгол хэлтэй Хятад хүн байсан юм биш биз? Түүний бичсэн эх нь гар бичмэлээр үлдээж, хожуу нь бээжингээс олдсон байж ч болох юм. Энэчлэн нягтлах, бодох, тооцох, судлах, хардах, сэрдэх зүйлс ч их байгаа болно. Ер нь хятадаас олдсон эх нь гар бичмэл юм уу, барласан хэвлэсэн хувь юм уу?

1949-1954 онуудад Зөвлөлтийн судлаач, эрдэмтэд Сталины даалгавараар Монголын товч түүхийг бичиж өгсөнтэй адилхан ажлыг хятадын Мин улсын түүхчид (хааныхаа даалгавраар) 1382 онд хийж гүйцэтгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв тийм ахул энэ номонд улс төрийн зорилгоор нэмсэн, хассан, гуйвуулсан зүйл олон байх нь эргэлзээгүй. Зөвлөлтийн судлаачдын бичсэн түүхэнд ч тэр, мөн Хятадаас олдсон гэх МНТ номонд ч тэр Монголын түүхийг Чингис хаанаас л эхлүүлсэн байдаг нь адил юм, сонин юм...

Монголчуудын өвөг дээдэс Хүннү улсыг, хожуу Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулсан болохыг Чингис хаан мэддэг, энэ тухай Чан Чун Бумбад (1148-1227) илгээсэн захидалд дурдсан байдаг даа... Тэгэхлээр Чан Чун-гийн үеийн хятад судлаачид (XIII зууны дундуур) энэ талаар мэддэг, мэдээлэлтэй байсан нь тодорхой. Гэтэл XIV зууны хятадын судлаачид энэ талаар таг дуугүй л байцгаажээ. Чингисээс өмнөх үеийн Монголчуудын түүхийг Орос судлаачид ч, мөн хятад судлаачид ч мэддэггүй байсан танин мэдэхүйн шалтгаан ч энд байсан байж болох юм. Улстөрийн зорилгоор биш, харин танин мэдэж чадаагүйн улмаас иймэрдүү байдал, үр дагавар гарсан байж болно л доо... Тодорхой угсаатны түүхийг, алдартай хувь хүний намтрыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн холч санаархлаар өөрчилж, худал зохиож бичих тохиолдол олон байсан нь баримттай зүйл билээ. Монголын түүхийг, Модун шаньюй болон Чингисийн намтрыг улстөрийн зорилгоор өөрчилж бичсэн байхад гайхах зүйл үгүй юм. Хятадын түүхчид Модун шаньюйгийн намтрыг нүүдэлчдийн, өвөг Монголчуудын зан чанар, ёс суртахууны үүднээс бол итгэхийн аргагүй зэрлэг, догшин болгож бичсэн буй билээ. Нүүдэлчдийг, Модуныг доош хийх, үзэн ядуулах зорилгоор худал бичих, буруугаар сурталчлах нь тэр цаг үеийн улс төрийн шаардлага, сонирхол байсан бизээ. Хаадууд, ордны түүхчид битгий хэл том шашинууд, бүр нэг шашины өөр өөр урсгалууд хүртэл хоорондоо дайсагналцаж, элдвээр муулж, гүтгэж, бүр дайтаж байсан л хорвоо шүү дээ. Хятадын нийслэл хот, хааны ордон хавийн барилга, цэцэрлэг, нуур мэтийг Монголчууд (Хувилай хаан) дэлхийд гайхагдахуйц түвшинд тохижуулж, гоёмсог болгосон бол харин хятадууд Их Монгол улсын Хархорин хотыг 30 жилийн зайтайгаар 2 удаа эвдэлж шатаажээ. 1380 онд хятад цэрэг 4 чиглэлээр давшсаар Хархорумыг эзэлж балгас болтол нь сүйтгэжээ. Энэ үед хархоумд хадгалагдаж байсан бүх бичиг цаас устсан болохоор 1389 онд хятадууд МНТ-г хятадаар орчуулж хэвлэхдээ элдвийн өөрчлөлт, нэмэлт, хасалт хийсэн байж ч болох юм. МНТ-ны өөр эх, бичмэл эх байх боломжгүй гэж тэд тооцсон байж болох билээ. XX зуунд холбогдох цөөн жишээ дурдая: Оросын академич Б.Я.Владимрцовын (1884-1931) бичсэнээр (Общественный строй монголов. Монголский кочевой феодализм 1934г) “Монголчуудын хувьд феодализм XI-XII зуунд хөгжиж эхэлжээ”. Мөн орос түүхч А.Ю.Якубовский “Монголын нийгэм XII зуунд хүй нэгдлийн байгууллын зардалд өртжээ” хэмжээжээ (Из историа изучения монголов). “Чингис хаан 1206 онд Монголын тулгар буюу анхны улсыг байгуулсан (БНМАУ-ын түүх, I боть. УБ 1966он 214 дэх талд)”. “800 гаруй жилийн тэртээ цагт Монгол угсаатан бүрэлдэж, XIII зууны эхэнд улс төрөө байгуулжээ (БНМАУ-ын түүх 1984 УБ 664 дэх талд)”. “Монголын нууц товчооны 10 дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ (МНТ 1990он 34дэх талд)”. Монголын ард түмний түүх Чингис хаанаас эхэлнэ (Ш.Нацагдорж Чингис хааны цадиг УБ 1991он 298 дахь талд)”. X зууны Монголчуудын гол шинж бол... овгийн байгуулал задарч, ангит нийгмийн үр хөврөл боловсорч эхэлж байв (Ч.Далай Хамаг Монгол улс (1101-1206) 1996он 10дахь тал)”- ийм л үзэл санаа ноёрхож байлаа.
Орос, Монголын түүхчид XX зуунд өмнө дурдсанчлан алдаж эндсэн байхад 2000 жилийн өмнөх, 1000 жилийн өмнөх Хятадын түүхчид алдаж эндсэн байх нь гайхах зүйл ер биш болно. Нүүдэлчдийг дорд үздэг “түүхийн нялхсын өвчин,” “хятад төвийн синдром,” “хөгжилтэй Европ, хоцрогдсон Ази” гэх бурангуй хандлага зэрэг нь түүхэн үнэнийг танин мэдэхэд чөдөр, тушаа болсоор ирснийг тооцох аваас онол-аргазүйн уг үндэстэй алдаа, төөрөгдөл дэлхий дахины түүх бичлэгт ч олон буй.

1.Биологийн нэгэн зүйл амьтан 2.Оюун ухаантай амьтан 3.Нийгмийн амьтан болохынхаа хувьд аль ч угсаа, гарлын аль ч тивийн хүмүүс адилхан. Тэд бүгд л хомосапиенсын дэлхийгээр нэг тарсан үр хойчис, удам судар, төрмөл заяагдмал тэгш эрхтэй хүн зон. МНТ номны “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн” гэх утга бол уран сайхны халил төдий уг утга юм. Суурин иргэдийн болон нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн түвшинг зөвхөн, ганцхүү үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж зэвсэгтэй шууд хамаатуулж, хатуу холбож үзэх нь ч зөв арга, хандлага биш. Хүний хүмүүнлэг, оюунлаг чанарын нь хөгжил, төлөвшлөөр, хоорондох харилцааны нь төгс төгөлдөр л тухайн угсаатны хөгжлийг үнэлэх нь зөв. Нүүдэлчдийн түүх, дэлхийн түүхэнд нүүдэлчдийн үзүүлсэн нөлөө, үр дагавар, нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөгжил, онцлог зэргийг судлах ажил байнгад л орхигдсоор иржээ. Энэ бол “хөгжилтэй суурин иргэд, хоцрогдсон нүүдэлчид” гэх бурангуй, бас дээрэнгүй үзэл, хандлагын илрэл болж байв. “Хүнд, хүмүүст байвал зохих зан чанар, ёс суртахуун өнөө гэхэд ганцхүү нүүдэлчдэд л үлдэж хоцорчээ” хэмээсэн ухаантны үг буй. Хүний нийгэмд юуны өмнө л хүмүүнлэг байх ёстой. Голлож, бахархаж энэ үзүүлэлтээр л нийгмийн хөгжлийн түвшинг үнэлэх учиртай. Хөгжил нь мөнхүү нийгмээ улам бүр л хүмүүнлэг бус болгосоор байх аваас, хүн хүндээ чоно болох чигт хувьссаар байх аваас хөгжиж байгаа бус юм. Ямар ч нийгмийн хөгжил бол хүнээ л хөгжүүлсэн хувьсал, өөрчлөлт, шинэчлэл байх учиртай.Хувьсал, өөрчлөлтийн явцад хүмүүс эвдэрч, хүмүүнлэг мөс чанараа алдаж байвал тэр хөгжил биш. Баруунд ийм үзэгдэл буй...

Сыма Цян Хүннүгийн тухай, Модун шаньюйгийн тухай бичсэн цаг үе нь тэр цагийн Хятад хааны их цэрэг Хүннүд довтлоод ялагдсан, жанжин нь олзлогдсон (уравсан), Сыма Цян мөнхүү жанжингийн ялагдлыг аргагүйн эрхээр болсон үзэгдэл мэтээр өмгөөлж үг хэлснээсээ болж ялд унаж хэлмэгдсэний дараахан тохиосон нь үнэн юм. Хүннүг харааж, Модуныг харлуулж, Монголчуудыг гутааж бичихээс өөр аргагүй нөхцөл, байдал бүрэлдчихээд байжээ. Монголчууд зэрлэг, бүдүүлэг, хүний мөсгүй зан авиртай болгож харуулснаар өөрсдийн ялагдлыг, арчаагүйг зөөллөх цайруулах хэрэгтэй болсон байх л даа. Түүхэн тэр үед Хятадууд Түмэр шаньюйгийн хүү Модуны талаар, түүний намтар, түүхийг сайтар мэдэж байх нь худал л даа.
“Модун (хааны хүү) харьд барьцаанд байсан, аав түүнд хайргүй байсан (бүр хөнөөх санаатай), Модун хариас өөрөө оргож гарсан, цэргүүдийг үг дуугүй, автоматаар захирагддаг болгохын тулд хүлэг сайн морио (байлдааны хүлэгээ) харваж хөнөөсөн, авааль гэргийгээ харьд өгсөн (бараг худалдсан), ааваа харваж алсан...” гэх мэтээр бичиж Модунг дүрсэлжээ. Махчины тухай, мангасын тухай үлгэр нэг тийм байдаг даа...
Нууц товчоог нийтэлж, олонд ил болгосон цаг үе бас л Монголчуудад хорсож, үзэн ядаж байсан мөн л нэг төстэй цаг үе юм. Монголчууд Хятадаас хөөгдөж гараад, эргэж довтолсоор, хядалцсаар, харилцаж үзэн ядалцаж байсан уур амьсгал ноёрхох болсон 1382 онд МНТ Хятад хэлээр хэвлэгджээ. Дайсан нь дайсныхаа тухай бичиж, дайсныхаа талаар мэдээ тараажээ дээ? Нүүдэлчдийн гарал түүхийг гуйвуулах, гутаах хятад оргодол, босуулаас эх авсан мэтээр үзүүлэх сонирхол Хятадын түүх бичлэгт ноёрхсоор ирсэн нь үнэн юм.

МНТ дахь өгүүлэмж нь Модуныхтай төсөөтэй. Тэмүүжин эцэг нэгтэй, нэг дор өссөн дүүгээ харваж алдаг. Бусдад гадуурхагдаж, хоригдож, оргож амиа авч гардаг. Эхнэрээ харьд булаалгадаг, есөн шаргаа дээрэмдүүлдэг гэх мэт.

Дорно дахинд, тэр дундаас хятадаас хаадыг дээд тэнгэрээс тэтгэгддэг хэмээх ойлголт ноёрхсоор ирсэн (күнзийн суртал). МНТ ингэж л эхэлж байна. Монголд тэнгэс, далай үгүй атал Бөртэ чино далайн чанадаас ирсэн мэт болгож гарал, үүслийг нь далайн чанадад болгож Монголоос салгажээ... (Гэхдээ орчин цагийн утга нэр томъёогоор шүүх). Нийтийн тооллоос өмнө Сыма Цяны бичсэн тэр л хэв маяг МНТ-ны эхний хэсэг, домог мэт хэсэгтэй яг л танигдахаар давтагджээ.
Мин улсын үед, 1382онд МНТ-г хятад хэлээр хэвлэхдээ тэд яаж ч засварлаж яаж ч гуйвуулж, ямар ч санаа, зорилгоор хавчуулж болох байв. Монголын нийслэл хотыг (хархорин) хоёр удаа эвдэлж, шатааж, тэнд байсан ном, судар мэтийг, ер бүх бичиг баримтыг устгачихаад байсан цаг шүү дээ. МНТ-ны бичмэл эх үгүй болсон гэдгийг Мин-гийн төр мэдэж л байсан болов уу. МНТ-г хятад хэлэнд хөрвүүлж бэлдэх, барлах нь хувь хүний хийх ажил биш. Энд төр, хааны оролцоо байх нь маргаангүй. Нүүдэлчдийн тухай Сыма Цяны бичсэн зүйлийн эхний хэсэг нь, мөн МНТ-ны эхний хэсэг нь домгийн, тэр дундаа хятад домгийн шинж, өгүүлэмжтэй байгаа нь анхаарал татдаг, энэ талаар судлах, нягтлах хэрэгтэй. Энэчлэн МНТ-нд тайлах, тодруулах шаардлагатай зүйлс олон байна.

МНТ-г Цэнд гүн Хятадаас Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, МНТ-г оросоос Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, Цэнд гүнгийн хөрвүүлгийг аман зохиол, уран зохиолын хэлбэр рүү оруулж өөрчилсөн Дамдинсүрэн гуайн арга, барил, ер аливаа орчуулга бол 1.Махчилсан 2.Чөлөөтэй 3.Шинжлэх ухааны хэмээгдэх ангилагдах үүднээс үзвэл аль нь юу болох гэхчилэн нягтлах, тулгах шалгах, судлах, цаг үетэй холбох, түүхээс үнэнд аль болохоор ойртуулахыг бүх талаар хичээх гэх мэтийн бүтээлч хандлага одоо ч гэсэн үгүйлэгдсээр байна. “МНТ-ны сонгодог эх” гэх нэр үнэн утгаараа төрөн гарах ялгаа ч үгүй байгаа юм шүү. Нөр их ажил, гүн хийгээд алсуурх бүтээлч сэтгэлгээ, үнэ цэнтэй, хийгүй боловсруулалт, олон өнцөг адилгүй байр суурины үүднээс хандах маргаан, мэтгэлцээн үгүйлэгдсэн янзаараа л байна. Нимгэхэн мэдлэг, ядуухан чадварын түвшнээс чанар төрөн гарах нь бараг үгүй билээ.

Судлаач,профессор Д.Чулуунжав

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/