Уншиж байна...

Хязгааргүй цэнхэртэх говийн залуу монгол эр харь улсын цэргийн албанд татагдаж олон жил элээжээ. Хайртай амрагаа санаж мөрөөдсөөр эх нутагтаа зорьж захын айлаас бүсгүйгээ сураглав. Гэтэл “өөр хар хүнтэй болсон, өдөр очвол чи алуулна, шөнө очвол чи дийлнэ” хэмээсэн үг сонсчээ. Шөнө дунд гэрт нь орж гэрэл гаргаж харвал унаган багын бүсгүй нь нэгэн эрийн өвөрт унтаж байв гэнэ. Хурц хутгаа гарган өнөөх эрийн хоолойд ойртуулсан боловч энхрий хүүхнийхээ царайг хараад сэтгэл нь уярч “барааг нь харсан хойно алагдсан ч яахав” гэж бодоод унтаад өгч гэнэ.


Уур нүдүүрийн дуунаар сэрээд дээлнийхээ сугаар отож хартал бүсгүй “Миний хүү босоорой! Аав нь ирсэн шиг байна” хэмээн хүүгээ дууджээ. Залуу эрийн хүү нь том сайхан эр болж, сүйт бүсгүй нь үнэнчээр хүлээж байсан нь энэ ажээ. Явуулын хүмүүсээс болгоомжлон хүүгээ өвөртлөн унтдаг байсныг мэдээд баярлахын сацуу санаа муут хүн үр хүүхдийг нь эцгийнх нь гараар алуулж бузар хэрэг хийлгэх гэж байсныг ухаарчээ. Залуу эр хүүгээ эрдмийн дээдийг сурч энэ мэт муу муухай хэргийн үр үндсийг таслах чадалтай болгохыг хүссэн гэдэг.
Аавын сургаалийг сонссон хүү ертөнцийн хаана ямар эрдэм чадал байна, түүнийг олж суръя, тэгээд ард олноо муу муухай бүхнээс аваръя гэж өдөр бүр боддог болов. Хүрээ хийд, сүм дуган бүрийн номыг төгс эзэмшээд, бурхан багшийн шидийг бишрэн дагаж, хийд хүрээнээс холдон Захуй Зармангийн говьд сүндэрлэх Ээж хайрхан уулнаа ирж даяанчлан хүн амьтны зовлонг мөнхөд үгүй хийх шидтэй болохын тулд амь биеэ зориулан бясалгав. Ургамал амьтнаар баян боловч хүнгүй зэлүүд энэ ууланд түм буман ном уншиж бясалган 3 жил, 3 сар, 3 хоног өнгөрчээ.
Нэгэн өдөр бясалгалын зүүднээс сэрээд хартал цэцэг мэт тансаг нэгэн охин агуйн үүдэнд зогсож байв гэнэ. 16 орчим настай танхил охин алд цэнхэр хадаг дэлгэж ийнхүү учирлажээ. Санаа сэтгэл тогтохгүй сониуч нь дэндсэн охин би хан уул шиг аавыгаа дагаж өмнө зүгт алсыг зорьсон юм. Илчит нар уначихсан мэт халуун, зах хязгааргүй энэ уудамд хэдэн хоног сараар яваад усгүй ангах шахаж арай гэж нэг урц овоохойн бараа харсан билээ. Аав бид хоёр баярлан очтол тогос шувуу шиг ганган хүүхэн угтаж тогоо дүүрэн мах чанаж байсан нь хүний мах байв. Том цар таваг дээр гар хөл, өвчүү ууцыг үе үеэр нь салгаж тавиад өмнөөс минь барьсан билээ. Аав минь үүрч явсан “Сундуйжадамба” судраа биенээсээ салгалгүй намайг хөтөлсөөр урцнаас холдсон. Цааш явтал нэг сайхан ширээ бөхтэй ингэ зам дээр хэвтэж байв. Аав бид хоёр тойрч гараад явтал хойноос дагав. Буцах замдаа аав маань нөгөө ингэнд ачаа ачиж, эзгүй цөлийн Довондойн усанд дөхөж очтол өнөөх ингэ хэвтчихээд боссонгүй. Аав маань ядаж цөхөөд ачаагаа өөр тэмээнд ачаад “миний охин Довондойн усанд очоод унаа малаа амрааж, майханаа бариад, цай унд чанаад байж бай, аав нь энэ ингийг босгоод араас нь очно” гээд “Сундуйжадамба” судраа надад үүрүүлэв. Усны захад ирж буудаллан хүлээтэл нар шингэх ч дөхөв. Буцаад аав руугаа яаран очтол аав минь дөнгөж амьсгалж байлаа. Хартал нөгөө ингэ чинь ингэ биш өхий /зэвхий чөтгөр/ байв. “Аавыг чинь хорлочихлоо, сая чиний барааг хараад эндээс холдов, одоо би сэхэхгүй, миний охин хурдан явж нутгийнхаа барааг хар, энд удвал бас хорлогдоно” гэв. Би яаран майхан руу буцаж судраа үүрээд аавыгаа авахаар тэмээ хөтлөн эргэж очтол аавын маань нэг гарыг ханцуйтай нь таслаад хаясан байв. Өнжин хонон хайсан боловч олсонгүй, их говьд ангав ... хэмээжээ.
Лам багш охиныг дагуулан Довондойн усны захад очиж майхан барьж, цай чанах зуурт улаан толгойтой нэг хонь хургаа хөхүүлж зогсох нь харагджээ. Охин “энэ эзэнгүй цөлд юун хонь вэ” гэтэл лам багш “говь гаталж яваа аянчин гийчний хонь биз” гэж хэлээд тогоотой цайгаа аваад үүдээрээ гаргаад алдаад асгачихжээ. Лам багш “би дахиад цай чаная” гэв. Цайны дараа охин бин хайрч суутал лам багш хэд хэдээр нь авч гараад тоорой модны мөчирт өлгөж тогтоогоод байв гэнэ. Дараа нь ачаа хөсгөө янзлаад цааш явах гэтэл гэнэт тэмээ унасан хүн нөгөө бин өлгөсөн тооройн төгөл рүү шургаад орчихож гэнэ. Охин эзэнгүй цөлд хүн явж байгаа учрыг ламаас асуутал “явуулын хүн биз, би очиж уулзаад араас чинь очно, харанхуй болтол намайг гүйцэж очихгүй бол буудаллаад цайгаа чанаарай” гэжээ. Харанхуй болж лам багш ирсэнгүй, охин буудаллаад цайгаа чанав. Шөнө тарни унших дуу сонсогдож чимээ өгсөөр лам багш ирж гэнэ. Өврөөсөө нэг эрхи гаргаж ирсэнд эрхиний яс бүрээс улаан ягаан шүүс гарч байв гэнэ. Маргааш нь охин багш хоёр Баруун Зүүн бурханы оронд хүрч очиход олон лам гэгээнтнүүд багш ламыг хүндэтгэн эрхинээс нь адис авах гэж хачин их хөл болж байна гэнэ. Багш лам охины эцгийг хорлосон өхийд унд хоол өгч хүчийг хариулж байгаад өхийн толгойны ясаар тийнхүү эрхи хийж иржээ. Нэгэн өдөр багш лам “охин минь нутаг буц даа, энэ хүмүүс хэсэгтээ надад явах чөлөө өгөхгүй бололтой, би удахгүй Ээж ууландаа очно” гэв.
Охин лам багшийнхаа хэлснээр Ээж ууланд номоо уншин суутал хэд хоногийн дараа багш нь ирээд “Өхий мянга хувилдаг чадалтай. Улаан толгойтой хонь, нөгөө ингэ, төгөл рүү орсон тэмээтэй хүн, хүний мах чанаж байсан хүүхэн зэрэг нь нөгөө өхий байсан. Өхийг арай гэж дарж хүмүүсийг аюулаас аварсан нь их завшаан” хэмээв.
Охин лам багшаас “та өхийг дарсан хэрнээ гунигтай байхын учир юу вэ” хэмээв. Хүний махаар хооллодог өхий үгүй болсон боловч хүн хүнээр хооллох аюул ирж байна, түүнд л санаа минь зовном, би маргааш Ээж уулнаа наран төгс мандах үед орхин одохоос өөр аргагүй, удахгүй зэвсэг агссан хүн ирж намайг өчиггүй тонилгоно, түүний дараа сайныхаа дээр муу нь гарна, бүтээх биш бүрэлгэнэ, асрах бус ашиглана, туслах биш гэмтээнэ, хүн хүнээ хараад айх цаг ирнэ, сайхан хувцас өмссөндөө бусад нь дургүйлхэнэ, бие биенээ амьд явахад битүүхэндээ дургүй болно, атаач сэтгэлтнүүд амьдралыг утгагүй санагдуулна. Хүнийг араатан амьтнаас дор үздэг атаа жөтөөний мунхаг бага боловч нимгэрч эхлэх тэр цаг үед хоёул дахин учрахын ерөөл талбитугай” хэмээн лам багш яриагаа өндөрлөв.
Гэтэл охин “Багш минь өчүүхэн намайг авралдаа багтааж аваад залраач” хэмээсэнд “тэгвэл, хоёул бүх ном судар, бурханаа энд үлдээж, эрдэм чадлаа нутаг усандаа шингээе” гэв.
Маргааш өглөө нь наран төгс мандахад багш лам нь “миний орхимжны үзүүрээс сайн бариарай” гэснээр охин орхимжноос зүүгдэн багш ламын хамт агуйн үүднээс огторгуй өөд солонго адил гэрлэн замаар оджээ. Ийнхүү тус агуйд багш ламын судар ном, бурхан тахил үлдсэн гэдэг. ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДАЯАНЧ ЛАМЫН АГУЙН ДОМОГ ийм болой

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/