Уншиж байна...

Ойн иргэдийг Чингис хааны том хүү Зүчи нэгэн цагт эмхлэн нэгтгэсэн бөгөөд Хойд аймгийн тэргүүн явсан Хутуга бэхи гэгч тухайн үеийнх нь анхны тайш болж байв.

Их Монгол гүрний үед явуулсан Алтан улсын эсрэг хийсэн аян дайн хүнд үеэр ар нуруунд нь бослого гаргаж Чингис хааны өргөмөл дүү Борохулыг хөнөөсөн ялтай Таргун Ботохой(Хори түмэдийн тэргүүн байсан Дайдугал согур буюу Дулдухайн хатан)-ын Түмэд аймаг урагшаа Торгоны замын харуулчаар Шар мөрөнд цөлөгдсөн байна. Үлдсэн ойрад нар Хутуга бэхийн дараа чуулганаа тараан Зүчи, Өгөдэй, Гүег болон Толуйн хүү Аригбөх нарын эзэмшилд байсан байна. Юан гүрний цэргийн жанжин явсан Мөнхтөмөрийн захиргаанд өгснөөр Ойрадыг цорос омгийн ноёд захирах болжээ. Цоросын ноёд бол их эзэн Чингис хааны үеийн Уранхан(түрэг урианхай л лав биш) аймгийн аданхан овогт Жарчигудай дарханы хүү Зэлмэ өрлөгийн үр удам хойчис ажээ. Түүний байгуулсан Ойрадын 2-р чуулган Цорос авогт Махмудын хүү Тогоон тайш, түүнийг залгамжлагч Эсэн тайш нарын үед дахин задарсан байна. Баруун монголын олон аймгууд нэгэн цагт холбоо болон нэгдээд, удахгүй олон хэсэг болон бутрах нь дундад зууны үеийн ердийн үзэгдэл мэт байжээ. Цорос овогт Явган мэргэн нь хэрнэгүүд, барга, хори баатад зэрэг аймгуудыг зохион байгуулж Ойрадын анхны чуулганыг үүсгэсэн боловч удалгүй замхарчээ.
Явган мэргэн- Ойлондой Буд- Цэлмэн тайж- Цорлон тайж- Өрлөг хошууч- Хуухай Даюу- Батула Чинсан(Махмуд)- Тогоон тайш- Эсэн тайш Юан гүрний мөхлийн дараа Мин улс ба Монголын хаант улсын хоорондын хямрал тэмцлээс болж төвийн нутгаас олон омог, ястангууд баруун тийш нүүж, Ойрадын хүн мал нь олширч хүчирхэгжин улмаар хааны мэдлээс гарах эрмэлзлэлтэй болжээ. Үүнд эртний Хэрэйдийн эзэн Тоорил ханы дүү Жаха Хамбын удмын Амгалангийн эзэмшлийн торгууд нар, Хавт Хасарын удмын Уругтөмөр гэгчийн эзэмшлийн хошууд нар(хорчин нараас тасарсан) мөн нүүж очин суурьшжээ. Ойрадын холбоо үүсэхэд бүрэлдэхүүнд нь хойд, торгууд, хошууд, цорос аймгууд багтаж байв. Хойдын дотор барга(мөн барга нарын хавсарга омгууд болох буриад), цорос аймгийн дотор дөрвөд нар багтаж байжээ. Эсэн тайш алагдсаны дараа “тайш”-ийн ширээний төлөөх тэмцэл явагдан, бутралын үе нь улмаар 100 гаруй жил өрнөжээ. Монголын хаан ширээнд суух эзнийг чуулган ноёдын хуралдайгаар шийддэг байсан болохоор хэн нэгэн тайш нь угсаа залгамжилсан аль нэг хааныг алж талаад өөрийгөө “хаан” гэж өргөмжилснийг хаанд тооцдоггүй байжээ. Тийм ч учраас тэд өөрсдийгөө хаанд өргөмжлөөд байсан байх учиргүй юм. Эсэн нар өөрсдийгөө хаанд өргөмжилсөн гэж бичээд байгаа зарим нийтлэлч нартай санал нийлэхгүй.
1487 онд Цорос аймаг хоёр тасрав. Дөрвөд нар салж явснаар үлдсэн цорос нарыг ахалсан Хамаг тайш гэгч аймгийнхаа нэрийг Өөлд гэв гэсэн нь бас бий. 1550 онд Ойрадын олон аймгууд цугларч шинэ чуулган(Ойрадын 3-р чуулган) хийж хошуудын ноён Бүүвэй Мирц(Хасарын удам Уругтөмөрийн угсааны ноён)-ийг “хан” хэмээн зөвшөөрчээ.
Бүүвэй Мирц хан- Ханай Хонгор хан- Байбагас хан- Очирт цэцэн хан- авга Төрбайх гүш хан Халхын Засагт хан Лайхур нөлөөгөө өргөтгөхөөр 1587 онд Завхан, Хүнгүй голуудын сав газар дахь ойрадын гол цогц нутгийг нь довтолж эзлэн хүү Субадайгаар захируулав. Лайхурыг хальсаны дараа ойрад нар Субадай ханг хөнөөжээ. Улмаар өшөө авахаас эмээн Алтай, Тагнын нуруу давж Эрчис, Обь мөрний эх саваар нутаглан алсалжээ. 1600-аад оны эхээр тэд Сибирийн өмнө тал хүрч тархжээ. Бэлчээр нутаг булаалдан өөр хоорондоо тэмцэлдэхээс гадна Оросын казакуудтай сөргөлдөж байсан байна. Ойрадын дотоодын хямралыг зогсоох гэсэн хүн бол Төрбайх гүш хан байжээ. 1628 онд Цоросын Хархул ноён хальж, түүний хүү Хотогчин баатар хунтайж залгамжлав. Тэрээр хошууд аймгийг дайлах гэхэд нь Төрбайх гүш хан очиж, хор уршгийг ухуулан улмаар нөхөрлөжээ. Халхын зүгээс хотогойдын ноён Омбо-Эрдэнэ(Түшээт ханы харьяат Шолой увашийн хүү) байн байн цэрэглэн дайрч хүн малыг нь олзолсоор байжээ. Төрбайх, мөн 1629 онд Омбо-Эрдэнэтэй бас биечлэн очиж уулзан ухуулаад цус асгаруулах дайныг зогсоожээ.
Төрбайх хан, тэгээд завшааныг ашиглан цэрэглэн мордож Алтай, Эрчис, Тарвагатай, Ховогсайр, Өрөмчи, Тэнгэр уул хүртэл газрыг эзлэн авчээ. Ойрадын гол цогц нь Сибирээс урагш шилжин суужээ. Хошууд аймаг нь Зайсан нуураас Балхаш нуур хүртэл, баруун тийн Чүй голд тулж, урагш Өрөмчи хүрсэн байна.
Зүүнгарын хан Баатар хунтайж(Цоросын), Засагт хан Субадай нарын санаачилгаар 1640 онд Тарвагатайн өврийн нэгэн бэлчирт чуулган хийж “Халх-Ойрадын цааз”-ыг батлан гаргажээ. Гэвч уг цаазынхаа дүрэм заалтыг хоёр талаас аажмаар зөрчсөөр байгаад хэн хэнийх нь дотоодын хямрал нь даамжирчээ. Хошуудын Очирт цэцэн хан бол Ойрадын түүхэнд чухал байр суурь эзэлдэг. Тэр Цоросын Эрдэнэбаатар хунтайжтай дотно нөхөрлөж “Хоёр тайж” хэмээн Хошууд-Цоросын эв эеийн нэр хүндийг сахин хүлээж явжээ. Очирт цэцэн бол Галдан бошготын хадам өвөг болох юм. Төрбайхаар ахлуулсан хошууд нар Хөх нуурын зүг, Хоо өрлөгөөр ахлуулсан торгууд нар Ижил мөрөн хүртэл нүүжээ. Үлдсэн ойрад нар хойд аймгийн тэргүүн Исэлбай ноёны хүү Сайнхиа ханы мэдэлд үлджээ.
Голлох сөрөг хүчнүүд дайжин одсоны дараа Цоросын Хархул ноёны хүү Баатар хунтайж Зүүнгарын хант улсыг байгууллаа. Ойрадууд хэдийгээр Монголын баруун талд байдаг авч дөрвөн ойрад дотроос Цорос овгийнхон зүүн талд нь оршдог байжээ.
Баатар хунтайж- Сэнгэ хан- дүү Галдан бошгот- Цэвээнравдан хан- Галданцэрэн хан- Цэвээндоржнамжил хан- ах Лхамдаржаа хан- авга ах Даваач хан(Ойрадын сүүлчийн хан)
Хорчины Зайсан бөх (Хасарын 20-р үеийн угсааны хүн) гэгчийн хүү Манзшири нь Манжийн хааны гүнжийг авч хошой эфү цол авсан. 1628 онд тэрээр харьяат цэргээрээ манжийн эрх ашгийн өмнөөс Монголын сүүлчийн хаан Лигдэнтэй тулж ялалт байгуулж байжээ. Манзширид манжийн төрөөс үе улиран суух “Дархан баатар чин ван” хэргэм цол хүртээсэн байдаг, аймгийг нь “Дархан хошуу” гэх болсон байдаг. Манзширийн хүү Банди дархан чин ван гэгч этгээд Манжийн хааны зарлигаар Ойрадын сүүлчийн хан Даваачийг дарахаар хөдөлсөн зүүн замын их цэргийг захирч явжээ.
Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Чингүнжав(Хотогойдын)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Чин ван Эринчиндорж(Халхын)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)
Манжийн их цэрэг ямарч эсэргүүцэл үзэлгүй явсаар 1755 онд хоёр фронтын цэргийн хошууч ангиуд Борталд нийлжээ. Даваач ханыг бууж өгөхийг шаардсан боловч тэрээр татгалзсан учир, тэр шөнө нь захчин омгийн Харбаатар Аюуш тэргүүтэй шаламгай цэргийг оруулжээ. Даваач зугтан гарч чадсан боловч отолтонд хүлээн сууж байсан кашар омгийн Гүшич гэгчид баригдан хүргэгдэв гэсэн байдаг.
Зүүнгарын хант улсын мөхлийн дараа үлдсэн дөрвөн ойрад нь дээр дурьдсан манжийн хаант төрийн цэргийн туган дор явсан тэрслэгч ноёдын угсаа залгамжилсан захиргаат аймаг, хошууд болох юм. Хүн ам нь Зүүнгарын хант улсын иргэдийг эр эм гэлгүй хүйс тэмтэрч хядагдсанаас амь зулбан үлдсэн цөөнхийг өөрсөддөө нэгтгэсэн 4 аймгууд байх болтой юм.
Хойдын хан Амарсанаа
Хошуудын хан Банзор
Цорос, Өөлдийн хан Галсандорж
Дөрвөдийн хан Цэрэн
Манжийн хаант төрөөс Дөрвөдийн ноёд болох Цэрэнд Чин ван, Цэрэн увашид жүн ван, Цэрэнмөнхөд бэйл, Сэвдэнд бэйл, Нэмэхт жүн ван, харин хошууд Банзорт жүн ван цол тус тус олгожээ. Цоросоос тасарсан өөлдийн хэсэг нь Чин улсын эрхшээлд орж Орхон голын саваар нутаглаж байгаад дийлэнх нь 1754 онд Ховдын хязгаарт суурьшжээ. Харин Орхонд үлдэгсэд нь Архангай, Завханы өөлдүүд бөгөөд халхад уусаад арилжээ.
Сүүлд нь Амарсанаа нарыг дарах зорилготой Манжийн төрөөс өдөөсөн цуст дайны хөлд үлдэж хоцорсон тэдгээр ойрад нар дахин өртөж тэдний талд хамаг л хүчээ өгсөн Дөрвөд аймгаас бусад нь сарнижээ. Хожим Ховдийн хязгаарт захирагч Дамбийням тайжийн өөлдүүд гэж цөөхөн үлдсэн байдаг. Ойрадын эзэмшил бүх нутгаар манж, хорчин, цахар цэргүүд самнан яваад нийт 600 мянга гаруй ойрад нарыг нас болон хүйсээр нь үл ялгаварлан(хүйс тэмтэрч) хядаж устгасан тухай зарим баримт байдаг. Манж нар харин өөрт нь хүчээ өгч үнэнчээр зүтгэсэн дөрвөд аймгийн ноёдод, мөн түүний дотор явсан баяд, урианхай нарт нааштай хандсан байдаг. Ховдийн хязгаар гэгч нутагт Дөрвөдийн шинээр үүсгэсэн зүүн, баруун хоёр аймаг(Дөрвөд далай хан, Зоригт хан аймгууд)-т нь дөрвөдийн 10, баядын 10, Алтайн урианхайн 7 хошууг тус тус байгуулж өгсөн байдаг.
Ойрадын эзэд болж тодорч гарсан түүхэн баатарлаг хүмүүс нь их эзэн хаан Чингис хааны дүү Хавт Хасарын угсааныхан, мөн уранхан халх ясны аданхан омгийн Зэлмэ өрлөгийн үр хойчис байсныг харж байна. Харин өнөөгийн ойрад нар гэж нэрлэгдээд байгаа, тэгээд Зүүнгарын хант улсын мөхөлд халх монголын ноёдыг эзэрхэг Манжтай нийлсэн хэмээн буруутган суудаг олон бага ястан улдын дээд өвөг нь чухам ямаршуухан эх түүхтэй болохыг нарийвчлан гаргаж болох мэт. Өөрсдийгөө Ойрад хүн гээд эрэлхэг баатарлагаар цээж дэлдэн явдаг зарим хүмүүс(ялангуяа дөрвөд, баяд, урианхай, захчин, хотон) үнэнхүү болж өнгөрсөн эх түүхээ эргэж хааяа нэг харцгааж баймаар байгааг эелдгээр зөвлөж байна. Комментернийн улаан оросуудын бидэнд зохион найруулж өгсөн гажуу түүхийн буруу суртал нь соёлжсон энэ орчин цаг үед аль хэдийнээ үеэ өнгөрөөсөн байна. Халх монголын тархай бутархай аймгуудийн эзэн хангууд, хошуу ноёд(халхын нутаг Түвдийн далай ламын тухирлагаар цөмрөн орсон Зүүнгарын Галдан бошгот гэгчийн олон үндэс ясны бүрэлдэхүүнтэй цэргийн хөлд бүрэн гишгэгдэж эзлэгдсэн хүнд бэрх цаг үед)нутгаас дайжин гарч, хэдийгээр өөрсдийн хүсэлтээр боловч язгуур монголын үндэсээ мөхөөхгүй үлдээх санаа зорилгыг агуулсан утга бүхий хатуу чанга гэрээг барин нэгэнт Манжид дагаар орж хараат статустай үлдсэн боловч тэдний явуулсан цэрэг дайны эзэрхэг түрэмгий үйлд нь гар нийлэн оролцож явсан түүх бараг л байдаггүй. Манжийн хааны задлан бутаргах бодлогоор халхад шинээр үүсгэн байгуулж өгсөн Сайн ноён хан аймаг, түүний зарим хошуудын засаг ноёд, тухайлбал Жүн ван Цэрэн эфү(Ноонох үйзэний удам болох Данзан ламын хойчис Намжил үйзэн ахайн хүү Цэрэн гэгч 1691 онд Долнуурын чуулганд оролцож яваад тэндээ үлдэж Манжийн хааны гүнжтэй ханилан улмаар хошой эфү цол авч 30 гаруй жилийн турш амьдраад, адагт нь халхын Сайнноён хан аймгийн туслах жанжинаар Улиастайд суух томилгоотойгоор буцаж ирсэн)-гийн хөвгүүд болох хошой чин ван Цэнгүнжав, Цэдэнжав нарыг, тэдний үр хойчсыг эс дурьдвал халхын ноёд илт зай барьж байсан байдаг. Харин өмнөд монголын хорчин, харчин, цахар аймаг, тэгээд ойрадын дөрвөд, хойд аймгуудын ноёд өөрсдийн хувийн ашиг хонжоог хайсан сувдаг сэтгэлийнхээ үүднээс тэдгээр харгис дайн дажны үйл явцад сайн дураар татагдан оролцож байсан нь нэлээд түгээмэл бий.
Хойдын Амарсанаа, Хотогойдын Чингүнжав нарын Манжийн төрийн эсрэг явуулсан бослогын талаарх бодит дүгнэлтийг өнөөгийн түүхчид байснаар нь үнэн зөвөөр бас л гаргах учиртай болов уу. Хоёул адилхан нэгэн цагт Манжийн төрд хамаг хүчээ өгч Зүүнгарын тооны хувьд хавьгүй цөөн ойрад цэргийг өөрсдийн харьяат цэргийн хүчээрээ манжуудтай хавсран довтолж явсан цэргийн урлагийн чадварлаг жанжид боловч ямархуу эрх ашгийн үүднээс эргэж харь эзнээ ноцов, үүнээс улбаалан монголчууд юуг алдав, юуг хожив гэх мэт мэдвэл зохих зарим асуудлыг нарийвчлан судалж гаргах учиртай гогцоонууд байдаг. Тэдгээр хүмүүсийн тухайн үеийн үйлдлүүдийг ажиглахад тэд зөвхөн хувийн эрх ашгаа нийт монголчуудын эрх ашгаас арай өндөрт тавьж байсан байх магадлал илүүтэй ажиглагддаг.
Тэр цагаас хойш монголчууд Манжийн холбооны нэгэн улс болоод тарж суугаад нутгийн бүх жалга судаг бүрийн ноёд нь зүгээр суугаад л, цалин пүнлүү, торго дурдангаа аваад, тэгээд бас болоогүй ган сэлэм болон нум сумныхаа ган зэвээ хүртэл цөмийг хамж шимэн хураалгаад, гартаа зөвхөн ташуур, малынхаа махыг идэх хэт хутгаа л авч үлдсэн болтой байдаг. Төмрийн дарханы бүх үйлээ цагдаж хориулан багаж бүхнээ хураалгаад, гал голомтныхоо ган төмөр тулгыг хүртэл өөрсдөө хийх эрхгүй болж манж эзнийхээ захиалгаар нангиад инжааны дархалсан хэрээ хошуут 4 хөлт төмөр тулгыг уламжлан авсан байдаг. Баярын ширээны чимэг болсон идээний боовоо хүртэл ул(хэвийн) боов гэж хийнэ. Монголчуудын тэнгэрийн хишгийг Манжийн хаад болон Тангудын харьяат Түбдийн лам нар идээнийх нь ширээн дээр нь хүртэл гишгэлэн байгаа мэт муухай бэлэгдэл өнөөг хүртэл монголчууд бидэнд уламжлагджээ. Монгол язгуурын айл өрх гэр бүхэнд хадгалж байсан эртний соёлын үнэт өв болсон ном судар(монгол хэл дээр бүтээгдсэн) бүрийг нь уран аргаар мэхлэн Бээжинд зөөж хүргээд хуу шатаан устгажээ. Мин улсын төрөөс Монголд илгээх өөрийн заншлаач тагнагч нартаа зориулан хазгай монгол хэлээр боловч ханз үсгээр бүтээгдсэн "Монголын нууц товчоо" гэгч засварлаж хуулбарласан буруу суртлын номыг "Оройн дээд шүтээн"-ээ болгох хүртлээ монголчууд бидний оюун тархи хоосорчээ.
Манж нар халхын ноёдыг эд мөнгөөр аргадан суулгаж байсан болохоор, тэдэнд айхтар татвар шимтгэл ноогдуулан сорж цөлмөж байсан эсэхийг нь мэдэхгүй ч, халхын аймгууд доторх өртөөний алба залгуулахаар өмнөдөөс харчин нарыг зориуд(халхууд өртөөний алба барих үүрэггүй байжээ) суулгаж байсан байдаг, Манжийн хаан өөрийн төмөр сүрэг болох адуу, хонь малаа Дарьганга нутагт үзэмчин, цахар нарыг тусгайлан суулгаж маллуулдаг байжээ. Түүнээс нь халхын шилийн тангарагтай олон сайн эрс эрэмгий чадал, хүлэг мориныхоо шандасыг сорин тэмцэж төмөр сүргээс нь таслан авч чаддаг, түүгээрээ нь ч ард олон бахдан ярилцдаг байсан саяхны гэмээр түүх олон байжээ.
Гал

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/