Уншиж байна...

Нас ахих тусам хүүхэд багын дурсамж сэргэнэ.

Эр өсч эсгий сунахын жамаар эрийн цээнд хүрч, эрдэм, боловсрол эзэмшиж, ажил хийж явахад тохиолдсон олон юмыг мартсан боловч хүүхэд насны явдал үл мартагдана. Нялх багадаа бивээр гурван ч ээжид эрхэлж өссөн байх юм. Нагац ээж, хөгшин ээж, төрүүлсэн ээж. Нагац ээж гэж нэг бор хөгшин байсан санагдана.


Эрхэлж, тоглож "жаран чавганцын ажил" хийсээр нэг мэдэхэд нэхий бойтгоо элээж цоолоод хаячихаж би. Нагац ээж асууж. "Чиний энийг тэгээд хэн оёх юм". Би хариулж. "Муу сайн хөгшчүүл л оёно биз". Дээдсээс уламжилж ирсэн олон бөгөөд хачин сайхан бурхан тахилтай айл байсан юм. Даанч бүтэлгүй бэр нь, санаатай, санаагүй нь бүү мэд, үнс тоос болгоод хаячихсан гэдэг.

Ганц хүүгийн нь тэр бүтэлгүй эхнэрээс гарсан хэдэн хүүхдийн зарим нь эрэмдэг зэрэмдэг төрж, эрүүл саруул өссөн нэг нь осолд орон талийгч болцгоосон билээ. Яагаад ийм болов гэж зурхайч мэргэдээс асуухлаар "бурхан тахилаа буруу замаар оруулсан байна" гэдэг гэсэн. Миний аавын бага ээжийг бид "хөгшээж" (хөгшин ээж) гэдэг байлаа.

Авга ах нартай минь хамт амьдарч байгаад насныхаа сүүлийн жилүүдэд манайд байж, аавын минь гар дээр өнгөрсөн юм. Нагац ээжээс хойш хөгшээждээ ганц эрхэлж өгнө дөө. ёстой л "санаснаа хэлж, сарвайснаа авна". Авга ах нараа ээлжээр эмээллэж унахаа шахна. Дөрвөн хөллүүлж байгаад зайдагнана.

Гэтэл тэд насан эцэс болтлоо намайг хайрлаж, намайг дуудаж, өвчин хуучинд баригдаж, хоногоо тоолж байхдаа намайг л хүлээж, арай гэж нэг юм хүрээд очихоор намайг үзээд баярлан түр сэргэж, тэгээд сэтгэл нь ханасан бололтой бурханы оронд одоцгоосон билээ. Ээж минь шороон могой жил төрсөн, найман цагаан мэнгэтэй хүн байлаа.

Амьд сэрүүн байсан бол энэ жил 85 сүүдэр зооглох байв. Өвөг аав минь бас могойтой хүн байжээ. Могойтой хүмүүсийг цэцэн ухаантай, авьяас төгөлдөр гэцгээдэг юм. Дамдины Сүхбаатар, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд олон суут хүнийг могой жил төрцгөөсөн гэж бодохоор үнэн ч юм шиг. Ээж минь намайг төрүүлсэн төдийгүй хүн болж төлөвшихөд их том үүрэг гүйцэтгэсэн юм.

Аав минь багийн дарга гээд гэрийн бараа бараг харахгүй, гэр орны хамаг ажил ээжийн минь нуруун дээр үүрэгдэнэ. Намайг дөрөв таван настай байхад хонинд дагуулаад явна. Хоёулаа хонины захад сууж байхдаа надад цэцэн үг зааж, дуу дуулж, үлгэр ярьж өгнө.
Сарьдаг өндрийн өврөөр
Сайхан яргуй цэнхэртээд
Саахалт айлын хоньд нь
Сархиагаа дагаад идээшилж байна гээд залуу бүсгүйн шингэн хоолойгоор дуулдагсан.
Тэр л өдрүүдэд "Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ" гэдэг мэргэн үгийг надад зааж, яагаад тийм болохыг үлгэрээр тайлж өгсөн юм. Нэгэн хүү зовлонд унаад, яагаад тийм болсон, тэр зовлонг хэрхэн туулахыг асуухаар алсад суугаа мэргэн хүнийг зорин явж гэнэ. Гэтэл замд нь бас зовлонд унасан гурван хүн таарч гэнэ.

Тэд хүүгийн зорьсон хэргийг асуугаад өөрсдийнхөө зовлонгийн шалтгааныг асуугаад ирээрэй гэж. Хүү ч амлаж. Мэргэн хүнд очвол, гурван л юм асуу гэж. Хүү бодож, бодож, өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бус нөгөө гурван хүнийхийг асууж. Мэргэн хүн тэдний зовлонгийн шалтгааныг тайлж, туулах аргыг нь зааж. Хүү буцаад явахдаа нөгөө гуравт учрыг хэлж, зовлонг туулах аргыг зааж.

Тэгтэл өөрийн нь зовлон хийсэн арилж жаргал ирж гэнэ. Тэр мэргэн үг, үлгэр хоёр насан турш намайг дагаж яваа юм. Ээж минь дандаа л цэцэн үг хэлдэгсэн. Эгч дүү бид тэдгээрийг дор нь тогтоогоод хэлэлцэх, хэрэлдэхдээ хэрэглэнэ. Тийм болохоор миний бие ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл цэцэн үг, цэцэн үгтэй ном судар цуглуулж яваа.

Зөвхөн цэцэн үг ч биш, Ертөнцийн гурваас эхлээд дуу, үлгэр, домог, тууль цуглуулдаг. Манай дарьгангачуул цэцэн мэргэн үг хэлтэй түмэн. Тэгээд ч олон олон яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, орчуулагч төрсөн. Одоо ч төрсөөр л байна. Ирээдүйд ч төрнө. "Билүүтэй уулынхаа овоонд нь
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Уйлах шиг мэлтэгнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа" Бавуугийн хүүгийн энэ дуулал ээжийхээ ачийг хожуу таньсан үрийн нь хэлсэн сонгодог аксиом мөн. Мөхөс миний бие ийм л хүмүүсийн нэг л дээ. Дээрх бүхнийг нуршсаны учир нь айл гэрээс нийгэм бүрэлдэж, айл гэрээс нийгэм босч ирдэгт байгаа юм. Монгол айлд эмэгтэй хүн, эх хүн асар том үүрэгтэй.

Монгол эр хүн суурин соёлтой орны эрчүүл шиг гэрийн мухар, эхнэр хоёроо сахин суудаггүй, адуу мал, аян жин, ан гөрөө, ажил явдап гээд алс хол олон олон хоног сараар явчихдаг болохоор өрх айлыг үндсэндээ эх хүн толгойлдог. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн том эрхтэй. Эр нөхөр нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Тоолшгүй цагийн чинадаас тийм байж ирсэн гэвэл эндүүрэл болохгүй.

Одоо ч тийм л байгаа. Нөгөө "Аман хуур" кинон дээр Дарь авгай өвгөнөөсөө "Энэ гэрийн чинь өрхийн тэргүүн тэгээд хэн юм бэ" гэж асуухад Соном өвгөн "Нэр нь над дээр болохоос уг нь чи шүү дээ" гэдэг шиг. Монгол эх нь хүүхдүүддээ эцгээс нь илүү ойр. Тийм болохоор хүүхдүүд ээждээ ааваасаа илүү дотно байдаг гэвэл бас л эндүүрэл болохгүй.

"Энэ хорвоо дээр ээж ганцхан, харин аав хэд ч байж болно" гэж хошигноцгоодог нь дэмий чалчаа үг бус бололтой. Тэгээд л ээжийн тухай дуу, шүлэг, найраг мянга түмээрээ байхад хөөрхий аавын тухай нь тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. "Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олохсон, миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөхсөн" гэж дуулцгаадаг мөртлөө хөөрхий муу аавдаа мөнхийн ус олж уулгая гэсэн дууг би л лав сонсоогүй юм байна.

Бас "охинтой хүн баяжиж, хүүтэй хүн хоосордог" гээд байгаа. Бивээр найман настай сургуульд ороод дараалан гурван ч эмэгтэй багшаар анх ном эрдэм заалгасан хүн байгаа юм. Содовын Нарангэрэл, Магсарын Долгоржав, Аюушийн Пүрэвсүрэн гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан бүсгүйчүүд байлаа. Зөөлөн элбэрэлт мөртлөө хатуухан багш нар.

Тэд миний болоод нөхдийн маань оюуны амыг нээж савныхаа хэмжээгээр эрдмийн абшиг хүртэх замд хөтөлсөн төдийгүй хүмүүний ёсыг таниулсан ачит хүмүүс билээ. Одоо нэгээс бусад нь энх тунх байгаа. Түүх сөхөөд монгол ээжийн тухай яривал Өэлүн эх, Сорхагтани бэх хатан хоёрыг л дурсахад хангалттай. Аугаа ээж нар.

Есүхэй баатрыг тэнгэрт хальснаас хойш Өэлүн эхийн амссан зовлон далай мэт боловч зовлонгийн далайг хатамжилан туулж өчүүхэн хөвгүүдээ өвс ногоо, загас жараахайгаар тэжээсээр энэ уудам дэлхийн талыг эзэлсэн, Македоны Их Александр ч, Наполеон Бонапарт ч, Адольф Гитлер ч санаархаад бараагүй, хүмүүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй, хойшид ч байх боломжгүй Их Гүрнийг байгуулж чадсан мэргэн ухаант, хатан зоригт, энгүй хүчирхэг хаан, баатрууд болгон өсгөсөн эхийн алдар үеийн үед мөнх билээ л.

Монгол үндэстний эцэг Их эзэн Чингис эцгээсээ Их Монголын голомтыг хүлээн аваад Өгөдэй хаан ахынхаа өмнөөс амиа зольсон гэдэг (яг үнэн түүх нь одоо болтол тодорхойгүй) Тулуй хаанаас хойш Их Монголын Мөнх хаан, Хүлэг хаан, Аригбөх хаан, Хубилай хаан гэсэн дөрвийн дөрвөн их хааныг өсгөж хүмүүжүүлсэн сэцэн ухаант Их хатан эхийн алдрыг яалтай.

Иймийн учир монгол ээжийн алдар даян дэлхийд цуутай байх нь арга үгүй ээ. Монгол ээжийн энэ алдар төрийн Их хатан ээж нар төдийгүй тоолшгүй цагийн чинадаас өнөөдрийн өдрийг хүртэл айл гэрийг авч яваа хамгийн жирийн гэргий бүхний алдар мөнөөс мөн өө. Өнөөдрийн жирийн ээжүүдийн хөвгүүд, охид дотор хэн гэгч агуу хүмүүн өсч байгааг урьдаас тааварлан хэлэх аргагүй. Монгол ээж нарын апдар нь улам бадраг аа.

Энэ бүхнийг хураан бодоод үзэхүл Монголын нийгэм хэнээс бүрэлдэж, ямар тавилангаар урсахыг монгол ээж нар ихээхэн хэмжээгээр шийдэж байсан гэж зоригтойёо хэлж болно. Өэлүн эх дэлхийн талыг эзэлсэн Их Гүрнийг байгуулсан юм гэж дам утгаар хэлж болно. Сорхагтани бэх хатан Их Монгол гүрнийг хаанчилж, их Юан Улсыг байгуулж, Багдадыг эзлэн захирч явсан юм гэж бас болно.

Эцэг дээдэс, удам ясныхаа өштөн дайсанд олзлогдон булаагдаж, богтлогдсон боловч авааль эрийнхээ аягатай идээнд хор хийлгүй, ажил үйлсэд нь ухаан нэмж, сэтгэлийн нь зовлонг нимгэлж, хэвлийдээ үрийг нь тээж, төрүүлж, хүмүүний ухааны дээдээр угжиж, суртахууны дээдээр төлөвшүүлдэг Их хатад монгол бүсгүйгээс өөр дэлхийн ямар гүрний хатад дотор байсан юм бэ?

Монгол айлын хамгийн жирийн эзэгтэйгээс эхлээд төрийн Их хатан хүртэл авааль эрийнхээ хаан ухааныг хатан ухаанаараа сүлж явдгаас Монголын төр хүчирхэг ялагдашгүй байсныг нанхиадаас эхлээд зүрчид манжийн төрийн бодлоготнууд тандаж мэдээд монголчуудын хаан ухааныг хатан ухаанаас нь салгах аргыг түмэн зүйлээр сүвэгчилсэн нь Монголын Их Гүрэн хүчгүй болон задран унасан нэгэн шалтгаан болой.

Түүний нэг баримт нь "Ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй, тэмээн толгойг тэнгэрт тавьдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй" гэсэн үг юм. Энэ үгийг монгол хүн гаргаагүй бөгөөд харийн төрийн бодлогын жадны үзүүр бөлгөө. Тэр байтугай, Бурханы шашныг сэтгэл, итгэлдээ дээдэлснийг нь далимдуулан бүсгүй хүн гэрийн баганаас дээш хойморт гарч болохгүй, тахилгатай уул овоон дээр гарч болохгүй, төрийн хэрэг байтугай эрийнхээ хэрэгт оролцож болохгүй хэмээн төвдүүдээр дамжуулан ятгасан билээ.

Монгол эрсийн төдийгүй бүсгүйчүүдийн нь сэтгэлд хоногшуулсан тэрхүү хорт явуулга өнөөдөр ч монгол амьдралд хэрэгжсээр байна. Улс төрийн намууд хууль тогтоох байгууллагад сонгуулахаар мэдлэг, чадвартай эмэгтэй гишүүдээ сэтгэл харамгүй нэр дэвшүүлэвч ард түмэн нь сонгохгүй байдаг нь тэрхүү хорт явуулгын бодит үр дүн юм.

Монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагдахгүй. XII-XIII зуун, XV зуун, XVII зуун, XX зууны Монголын төрийн түүхэнд монгол бүсгүйн байгуулсан гавьяа элэгдэшгүйгээр товойн үлджээ. Энэ тухай монгол түүхчид, зохиолчид төдийгүй гадаадынхан гайхан, шагшран бичсэн нь олон.

Тэдгээрийн дотроос алс холд орших Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жак Уэтерфордын бичсэн "Монголын Их Хатдын нууц товчоо" (УБ 2009 он) бүтээл дэлгэрэнгүй бөгөөд онцлог. Садарсан үсээ хураагаад, саадаг нумыг агсч, хуяг өмсөн, хурцыг хурайлж, хүлгийн нуруунд дарцаглан, их цэргийг манлайлж, төрт улсаа өмгөөлөн, алтан ургийн суурин дээр монгол түмнийг нэгтгэх гэж амьдралаа зольсон, задран унасан гүрнийг ухаан, хүчээр сэргээн мандуулсан хатан зоригт, сэцэн Мандухай хатан билээ.

Жак Уэтерфорд бичихдээ: "Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө.

Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг ирэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа" (141) гэжээ.

Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс Tөpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг өдгөө бидний мэдэж байгаагаар Өэлүн эхээс эхлээд хөдөөний малчин айлын эзэгтэй,

Хятадын Эрээнээс цүнх, гахайтай хямд бараа зөөн, авааль эрийнхээ бүтэлгүй, алтан төрийнхөө хайхрамжгүйгээс Нарантуулын зах, Улаанбаатарын гудамжинд хөөгдөн, хавчигдан, эцэж цуцан, даарч хөрөн, халж ядран, эрүүл саруул биедээ эдгэршгүй хүнд өвчин тусахаас шантралгүй зогсч, хоногийн хоолны зоос олж үр хүүхдээ өлсгөхгүй, мөр бүтэн явуулж байгаа бүсгүйчүүдээс бэлээхэн олж харж болно.

Тэр эрт цагт, тухайлбал, Мандухай сэцэн хатан болоод түүнээс өмнөх үед, суурин соёлтой орнуудын хаад, ноёд, дээдэст боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчин хэмээгдэж явсан бидний дээдэс бүсгүй хүнийг, эх хүнийг, хатан хүний ухаан, чадварыг одоогийн XXI зууны биднээс илүүгээр мэдэж, ойлгож, хүндэлж явсан байна.

Тийм бус байсансан бол залуухан бүсгүй Мандухай баатар эрсийн өрсөлдөөн, тэмцэл, тулаан дундуур төрийн эрхийг гартаа авч, задран унасан гүрнийг нэгтгэн, сэргээн мандуулж чадахгүй байсан биз ээ. Монголчууд бидний дээдэс мянга мянган жилийн турш оршин тогтнохын төлөө нум сум, илд жадаар байлдан тулалдсаар ирсэн боловч "сэлэм жад адгийн зэвсэг, сэцэн ухаан дээдийн зэвсэг" гэж үзсээр, баримталсаар явжээ.

Тэрхүү "дээдийн зэвсэг"-ийг хатан ээжүүд эзэмшиж, хэрэглэж дайчин баатруудад өргөн барьж, үр хойчдоо өвлүүлж иржээ. Эндээс, өнөөдрийн XXI зууны Монголд бүсгүй хүнийг үнэлэх нийгмийн сэтгэлзүй XV зуун болоод түүнээс өмнөх үе, баттай хэлэхэд, Өэлүн эхийн үеийнхээс ухарсан байна хэмээн дүгнэж болно.

Хэдийгээр монгол бүсгүйг чиглэсэн нанхиад, зүрчид манжийн төрийн бодлого хэрэгжсээр байсан боловч Монголын төрийн бодлоготнууд бүсгүй хүний хатан ухааныг үнэлэх ухаанаа гээлгүй эрх мэдлийнхээ хэрээр дэмжиж ирсэн байна. Үүний нэг нотолгоо нь Монголын Төрийн долоон эрдэнийн бодлого билээ.

Монголын Шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан "Монголын нэвтэрхий толь"-ийн тэргүүн ботийн 335 дугаар талд "ДОЛООН ЭРДЭНЭ-Монголын төрийг өнө удаан тогтохыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг. Хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, баатар эдгээрийг хүндэтгэн дээдэлдэг" гэж бичжээ.

“Төр, улс, айл гэр, хүн ард нь номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэшгүй бат байхын билэгдэл"-хорол, "Зүрхэн эрдэнэ" гэсэн утга бүхий самгарди үгээс монголжсон "үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн билэгдэл" чандмань хоёрын дараа хатан хүнийг дээдэлсэн байна.

Төр гэгч нь хүмүүний нийтлэгийг зохион байгуулах нэгэн хэлбэр учир элбэрэлт хатан эх болох эргэлзээ нь үгүй монгол бүсгүйг хаадын түшиг, төрийн хэргийг баригч мэргэн түшмэл, улсаа хамгаалагч баатар хоёрын өмнүүр гишгүүлэн соёрхсон нь монгол бүсгүй Төрийн долоон эрдэнийн манлай мөнөөс мөн гэсэн хэрэг даруй үнэн билээ.

Амьдран буй нийгмийнхээ сэтгэлзүйд дарлагдан, үнэ цэнээ бүрэн олохгүй байгаа эрхэмсэг Монгол бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгаж, их найрагчийн бичсэнчлэн "наддаа нар, гэртээ гэгээ", алтан төрийнхөө ариун эрдэнэ болон гялалзаж явахын эрхэм ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья.


Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт утга зохиол судлаач,
яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржав

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/