Уншиж байна...

Монгол туургатнаас Европ тийш үсэрсэн цус, тасарсан мах бол халимаг түмэн билээ. Тэд бол Хоо өрлөг жанжны тугийн дор Баруун Монголын Зүүнгараас умрыг чиглэн нүүдэллэсээр Ижил мөрний хавьд анх 250 мянгуулаа очиж суурьшсан ойрад, торгуудын үр сад. Халимаг зоны дундаас ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Ерөнхийлөгч, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч асан улстөрч Кирсан Илюмжинов, яруу найрагч Давид Кукультинов, Дилова хутагтын хойд дүр Данзанламэд, туульч О.Цагаанзам /Владимир Харуев/, ОРТ-ийн хөтлөгч Александра Буратаева,

хөлбөмбөгийн тамирчин Юрий Жоркаев нарын зэрэг алдартнууд төрөн гарчээ. Пролетарийн их удирдагч хэмээх В.И.Лениний эмэг эх халимаг эмэгтэй байсан ч гэдэг.
Халимаг түмэн хэдэн зууны тэртээ эх Монгол нутгаасаа алслан нүүсэн ч Монголоо гэх сэтгэлээ алдсангүй, Жангарын туулиа тасалсангүй, товшуур хөгжмөө тавьсангүй, хөхүүр суулгаа хагсаасангүй, бурхны шашнаасаа буруулсангүй.
Халимагийн нийслэл Элстэйд хөл тавихад Монголынхоо нэг аймагт яваад очсон шиг л санагдана. Манай нэг аймгийн төвийн хэртэй дээ, Элстэй хот. Өчнөөн удаан нүүж зовж зүдэрсний хойно бууж төвхнөсөн газрыг нь ээ. Яльгүй элсэрхэг хөндий, явган зэрэглээ бэлээр нь бэдэрлэсэн эрэвгэр сэрэвгэр уул толгод. Яг л Монголын хээр тал мөн дөө. Нутгийн нүдийг олж агт морьдын эмээл хуулж, атан тэмээдийн тэгнээ буулгаж, шар үхрийн буулга мулталж, ханаа дугуйлж тооноо өргөхдөө чухам заяаны нутгаа олсон мэт сэтгэл тэнийн амс хийсэн биз ээ.
Монгол зочдыг угтан хүндэт харуулд зогссон бор цэргүүд, цагаан хадаг дэлгэн “Үсэрсэн цусан,тасарсан мяхан минь манийгаа гэсээр хүрээд ирэв үү. Саравчлаад л хараад суудаг шүү, бидэн” гэсээр тосох эмгэд, бишүүрхэнгүй харах улаахан хацарт охид, замын турш хамгаалалтад гарсан бүсэлхий хавиараа зузаан намхан чийрэг цагдаа нар. Харангуут “Хаа хол ингээд сууж байх гэж дээ эд маань” хэмээн бодохуйд өөрийн эрхгүй хоолой торж нулимс мэлтрэх юм билээ. Урлагийн тоглолт нь гал цогтой. Уулынхан, кавказынхны маягаар хувцаслаж товшин товшин бүжиглэвч хэлэх үг нь монгол, царай төрх нь монгол, товшуур хөгжмийн хөг нь монгол. Монгол, халимагийн сэтгүүлчдийн уулзалт дээр бүжиглэсэн нэг охин санаанаас салдаггүй. Түүний эрэмгий гэдэг нь. Шир суран тоногтой хувцас өмсөж, Германы “Чингис хаан” хамтлагийн ижил нэрт дууны аянд үсрэн цойлон бүжихэд нүдэнд нь оч гялалзан бүх биеэс нь эрч цацрах мэт, бусад нь тойрон зогсож “Чингис хаан, Чингис хаан” хэмээн түрэх нь сүртэй.
Халимаг нь Европ тив дэх цорын ганц Буддын шашинт улс. Бурхны шашны “Бурхан багшийн Алтан сүм” буюу халимагаар “Алтан сюмэ” хэмээх том төвд эргэлчин мөргөлчин тасардаггүй шинжтэй. Уг нэрийг Далай багштан морилон очихдоо хайрлажээ. Хийдийн гадна хаалганы өмнөх өндөр шатны хоёр талын тавцангаас ус тасралтгүй мяралзан урсах нь Алтайн өндөр уулсынхаа түргэн урсгалт голыг дүрслэн хийсэн болов уу гэлтэй.
Хөдөө айлд зочлоход ч монгол ахуй тосно. Сүүтэй, задьтай шаргал цай самарч, шар тостой улаан боорцог чанаад жижигхэн гэрт хэдэн хүүхэн завгүй. Бүхэл мах тавьчихсан, монгол ердийн буузнаас арай томхон хонин бууз таваглачихсан. Амт шимт бол яг л монголоороо. Эх нутгаасаа нүүгээд хэдэн зуун жил болчихсон байхад ахуй амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй ажээ.
Халимагчуудын туйлын мөрөөдөл бол Монгол нутагтаа ганц ч болтугай очиж Есөн хөлт цагаан тугандаа мөргөх. Тэдний нэг болох ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова хэдэн жилийн өмнө хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн төлөөлөгчдийн хамт үндэсний хувцсаараа гоён Монгол төрөө ихэд хүндэтгэн Төрийн ордонд бараалхсан билээ.
Нина Уланова Халимагийн язгууртан гаралтай хүн. Нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байж. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулж явжээ. Нина Уланова өвөг дээдсийнхээ шүтээн болох тугийн бумба /зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлсэн юм. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь тэрхүү Монголд авчирсан бумба ажээ. Байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.
Эх нутгаасаа холхид нүүсэн халимагуудыг оросууд Догшин Иван хааны үе 1574 онд хүлээн зөвшөөрч зарим цайзад худалдаа, наймаа хийх боломж олгожээ. Оросын I Петр их хаан Астраханьд биеэрээ морилж, халимаг цэргүүд Оросын өмнөөс олон дайнд их гавьяа байгуулсан алдрыг нь өргөмжлөн Халимагийн Аюух ханд алтан сэлэм бэлэглэж, алба гувчуураас чөлөөлж байсан үе бий. Гэвч төвхнөсөн нутагтаа бас амар тайвныг үзсэнгүй ээ.
Екатерина II хатан хаан өмнөх бүхнийг үгүйсгэж, Хоо өрлөгийн тавдугаар үеийн хан Убашийн хэргэм цолыг хасаж, Туркийн дайнд олон цэрэг дайчилж, татвар гувчуур нэмж, суурин амьдралд татан христийн шашинд дагаар оруулахыг албадан тэсвэрлэхэд бэрх болсноос Убаши хун тайж 1771 оны эхээр, тэсгим хүйтний дундуур хагас хүнээ дагуулан аяны замд гарч орос, казах, киргизийн цэрэгтэй тулгарахын сацуу өлсөж, осгож, өвчинд баригдаж, тууж гарсан малаа барж хагас жилийн дараа сая Монголдоо эргэн ирсэн гэх. Дэлхийн түүхэнд хагас жил аяны зам туулсан их нүүдэл өөр гараагүй юм гэдэг.
Нүүдэлчин цустай халимагуудаас түм илүү хүн Ижил мөрнөөс Дон руу нүүж Доны казакуудтай нийлэн улаантан, цагаантны цэрэгт элсэж бужигнуулж явсан удаатай. Төрөлхийн омголон дайчин халимагууд Оросын хааны морин цэргийн гол хүч болж 1665 онд Орос-Польшийн дайнд нэгэн түмэн цэрэг гаргасан бол 1668-1676 онд Турк, Крымын дайн, 1701 онд Орос-Шведийн дайн, мөн Орос-Персийн тулаан,1812 онд Францын Напалеоны цэргийг бут цохиход сумны зэв, жадны үзүүр болж явав. Түрүүхэний Орос-Чечений тулаан, өдгөө ид үедээ байгаа Орос-Украины дайнд ч халимаг цэргүүд “өргөж авсан”эх орныхоо төлөө тэргүүн эгнээнд явж буй.
Дэлхийн II дайны үед гитлерчүүдэд Есөн цагааны бэлэг өргөж, армид нь хэсэг халимаг цэрэг элсэн тулалдсаны улмаас И.В.Сталины тушаалаар 1943 онд Зөвлөлт социалист Автономит Халимаг улсыг татан буулгаж, газар нутгийг нь Оросын ойролцоох мужуудад хуваан өгч, 120 мянган халимаг хүнийг Сибирь, Алтай, Сахалинд хуваан цөлсөн эмгэнэлт түүх бий. Улаан армийн бүрэлдэхүүнд олон халимаг тулалдаж байсан ч элэг нэгтнүүдээ цөллөгөөс аврахад тус болсонгүй. Ид өвлийн хүйтнээр Сибирь рүү ачааны галт тэргээр 15 хоногийг туулуулан байж цөлөх үед хамгийн голдоо балчир хүүхдүүдээ, түүний гадуур өвгөд хөгшдөө, тэгээд эмэгтэйчүүд, хамгийн гадна идэр эрчүүдээ хүрээ болгон зогсоож явсан ч олон хүн аяны хөл даалгүй хорвоог орхиж, цогцсыг нь галт тэрэгний явдал дунд хөлдүү гулууз мэт гаргаж чулууддаг байсан тухай торгууд хөгшид хуучилдаг билээ. Олон жил цөлөгдөж, хатуу амьдралд нухлагдсаны эцэст 13 жилийн дараа буюу 1956 онд Н.С.Хрущевын шийдвэрээр тэд нутагтаа эргэн ирж Автономит Халимаг улсаа сэргээн байгуулжээ. Өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг улсыг 1992 онд байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, К.Илюмжинов анхны Төрийн тэргүүнээр сонгогдож байв. Холхиос Монголынхоо зүг саравчилж, эмээлийн бүүргээ урагш харуулан тавьж, “Элгэн саднаа нүдээ онийтол харуулдан суудаг даа” хэмээн элгэмсдэг халимаг түмний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.
Д.Оюунцэцэг

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/