Уншиж байна...

1943 оны 12-р сарын 28-31-ний өдрүүдэд Иосеф Сталины шууд удирдлага дор /Улусы/ хэмээх ажиллагаа явуулж 93,000 Халимагчуудыг Сибирийн бүсрүү албадан нүүлгэн шилжүүлсэн.
Энэхүү үйл ажиллагааг хийх болсон үндсэн шалтаг нь 5,000 халимаг эрчүүдээс бүрдсэн морьт хороо Германы талд Dr. Rudolf Otto Doll гэдэг ноёнтны удирдлага дор тулалдаж байсан бөгөөд ерөнхийдөө ард түмэн нь буддын шашин шүтдэг, социализмд таашаалгүй ханддаг гэж үзсэнээс болж. Гэвч үнэн хэрэгтээ тухайн үед Элстэй хот Германчуудад эзлэгдсэн байсан бөгөөд 23,540 Халимаг эрчүүд Улаан армийн талд тулалдаж байсныг тэд тоосонгүй.


Энэ бол 1930-1950 онуудад ЗХУ-ын хэмжээнд үндэсний цөөнхийн хэд хэдэн сая хүмүүсийг албадан нутаг шилжүүлж, хөдөлмөрийн хүнд талбарт ажиллуулж байсны нэг хэсэг байсан юм. Ард нь тухайн ард иргэдийн суурин нутгийг Оросжуулах далд бодлого нуугдаж байсан хэрэг.
Халимгуудын түүх 1630-аад оноос бичигдсэн байх бөгөөд Баруун Монгол, Зүүнгарын хаант улсаас хэд хэдэн овог аймгууд баруун зүгт нүүдэллэн Волга мөрний орчимд суурьшсан нь Халимаг хэмээх угсаатныг бий болгосон. Тэд Монголоор ярьж, Буддын шашин шүтдэг байсан.
1920 онд большевикүүд төрийг удирдаж эхлэхэд нилээдгүй Халимагчууд дүрвэн Болгар, Югослав зэрэг улсруу гарсан ч ихэнхи нь мал аж ахуйгаа эрхлэн үлдсэн. Хамтралын үед мал аж ахуйг нэгтгэх гэсэн оролдлогыг эсэргүүцэн партизаны бүлэг үүсгэн 1926 он хүртэл тэмцэж байсан. Ингээд Иосеф Сталин комунист намын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга болсноор бүх зүйл эхэлсэн. Америкийн түүхч Бен Киернан /Ben Kiernan/ хэлэхдээ “Сталины эрин үе нь Зөвлөлтийн тэр ч байтугай Оросын түүхийн хамгийн цуст үе байсан” гэжээ. Тэр нь ч үнэн юм.
Эхлээд 1930-аад онд Халимагийн Буддын шашны эсрэг ажиллагаа явуулж 1917 онд Хаант оросын үед тоологдоод байсан 175 буддын сүм хийдийг 1940 он гэхэд нэгийг ч үлдээлгүй устгасан.
1935 онд Элстэй нийслэлтэй Халимагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улсыг байгуулж 1939 оны хүн амын тооллогоор нийт 131,271 Халимаг бүртгэгдсэн боловч баталгаагүй эх сурвалж тэднийг ямар ч байсан 134.400 байсан гэсэн байдаг.
Үндэсний цөөнхүүдийг хөөх, нутаг заах, гулагт илгээх, цөлөх явдал 1937 онд 172.000 Оросын Солонгосчуудыг хөөн гаргаснаар эхэлсэн. Удалгүй дэлхийн дайн эхлэхэд Халимагуудын 4/1 нь Волга мөрнийг гатлан нацистуудаас зугтаж байсан бол эрчүүд нь хоёр талд тулалдаж байсныг дээр өгүүлсэн. Улаан арми 1942 оны 12-р сарын 31-нд Элстэйг эргүүлэн авах үед олон тооны Халимагууд Германчуудтай хамт нүүдэллэн явсан байна. Зөвлөлтүүд өөрийн талд олон эрчүүд байлдсаныг эс тоон Халимгуудыг эсрэг талд байлдсан, эх оронч бус хэмээн шүүмжиллээ.
Дэлхийн 2-р дайны үеэр ЗХУ-ын засгийн газар Волга, Герман, Чечень, Ингуш, Балкар, Карачай, Крымийн Татар, Месхетийн Түрэг, Халимаг гэсэн найман угсаатныг төрөлх нутгаас нь хөөжээ. 1943, 1944 онд Кавказын бүс нутгаас ойролцоогоор 650,000 хүнийг албадан гаргасан бөгөөд дайны туршид нийт 3,332,589 хүнийг албадан нутаг заажээ.
Зөвлөлтийн нууц цагдаагийн газрын дарга Лаврентий Берия халимагуудыг "найдваргүй" гэж үзэн тэднийг албадан гаргах шийдвэрийг 1943 оны 10-р сард Сталин батлав. 1943 оны 10-р сарын 27-нд НКВД-ийн /Дотоод Хэргийн Ардын Комиссариат/ орлогч Иван Серов Элистэйд бөөнөөр нь албадан гаргах бэлтгэл ажлыг эхлүүлэхээр ирэв. Тэр сард НКВД-ийн орлогч В.В.Чернышов Москва, Алтай, Красноярск, Омск, Новосибирскийн НКВД-ийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, Халимагуудыг эдгээр газарт нүүлгэн шилжүүлэх талаар ярилцав. Халимагийн бүс нутаг, түүний хамгийн том хот болох Элистэйг хэд хэдэн дүүрэгт хуваан төлөвлөв. НКВД-ийн нэг алба хаагчийг дүүрэг бүрт хуваарилж, албадан гаргах ажлын төлөвлөгөө боловсруулах, үүнд төмөр замын маршрутын зураглал гаргах, шаардлагатай ачааны машин, цэргүүдийн тоог тодорхойлох шаардлагатай байв.
12-р сарын 27-нд Зөвлөлт Холбоот Улсын засгийн газар Халимагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсыг албан ёсоор татан буулгасан. Хуучин нутаг дэвсгэрийн зарим хэсгийг Астрахан, Сталинград, Ростов, Ставрополь, Дагестанд хуваарилав. Хуучин Элстэй хотын нэрийг Степной болгон өөрчилжээ. Халимагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг албан ёсоор тодорхойлсон Ардын Комиссаруудын Зөвлөлийн 1432 425 тогтоолыг 1943 оны 12-р сарын 28-нд батлав. Үүнд Вячеслав Молотов гарын үсэг зурсан боловч олон нийтэд зарлаагүй.
1943 оны 12-р сарын 28-ны өглөө НКВД-ийн ажилтнууд Халимагуудын гэрт орж, Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн тогтоолыг зарлаж, халимагуудыг нэн даруй Сибирь рүү цөлөх болсноо дуулгасан. Халимагуудад эд зүйлээ баглах 12 цаг олгов. Тэд нэг гэр бүлд 500 килограмм хүртэлх эд хөрөнгийг авч явахыг зөвшөөрсөн бөгөөд олон гэр бүл нэг ачааны машинд хамт ачигдах ёстой байв. Зөвлөлтийн цэргүүд халимагуудын байшингуудад нэгжлэг хийж, галт зэвсэг, Зөвлөлтийг эсэргүүцсэн уран зохиол, гадаад валютыг хураан авч байжээ. Эмэгтэйчүүд, хүүхэд хөгшид гээд халимаг үндэстэн бүрийг ачааны машинд ачиж, ойролцоох төмөр замын буудлууд руу аваачин ачааны галт тэргэнд чихэж байв. Зөвхөн халимаг биш, албадан гаргахгүй угсаатны эрчүүдтэй гэрлэсэн халимаг эмэгтэйчүүд л үлдэх эрхтэй байв. Зөвлөлтийн хүчнүүд болзошгүй эсэргүүцлээс урьдчилан сэргийлэхийн тулд Халимагийн суурингуудыг эхнээс нь 10,000 гаруй цэргээр бүслүүлсэн байв. Албадан гаргах ажил эхлэснээр 750 халимагийг "террорист бүлэглэлийн гишүүн" эсвэл "Зөвлөлтийг эсэргүүцэгч элементүүд" хэмээн баривчилжээ.
Зөвлөлтийн засгийн газар уг ажиллагаанд 10,000 цэргээс гадна НКВД-ийн 4421 төлөөлөгч, 1226 цэрэг, 1355 ачааны машин ажиллуулж байжээ. Иваново мужийн НКВД-ын дарга, Улсын аюулгүй байдлын хошууч генерал Маркеев албадан гаргах ажлыг хянав. “Улусы” ажиллагааны хүрээнд 93,139 халимаг нутаг заагдсан бөгөөд нийт 26,359 гэр бүл багтжээ.
Халимагуудыг нийт 46 ачааны галт тэргэнд ачих үйл ажиллагааг 12-р сарын 28-31-ний өдрүүдэд багтаасан бөгөөд тэднийг 1000 гаруй км-ийн зайд байх ГУЛАГ-руу илгээж байсан. Тэднийг ачааны галт тэргэнд ачсан тул эрүүл ахуйн тал дээр ярих юм байхгүй. Халимагууд ачааны галт тэрэгний шалыг цоолж чемодан зэргээр халхлан жорлонгийн асуудлыг шийдсэн бол хоол ундны гачаалыг давах хүнд байсан тул заримдаа хамгаалж яваа цэргүүд хоолоо тэдэнтэй хуваалцаж байсныг гэрчүүд бичиж үлдээжээ. Ийм хүнд нөхцөлд тэд хүрэх газраа очтол дунджаар 14 хоног явсан.
1944 оны 01-р сар гэхэд 24.352 нь Омск муж, 21.164 нь Красноярскын хязгаар, 20.858 нь Алтайн хязгаар, 18.333 нь Новосибирск муж руу илгээгджээ. Тодорхой бус эх сурвалжаас үзэхэд 1944 оноос эхлэн Халимагийн 6.167 өрх Алтайд, Красноярскад 7.525, Новосибирскэд 5.435, Омск мужид 8.353 гэр бүл байжээ. Түүнчлэн Томск мужид 660, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстанд 648, Тобольск хотод 522, Ямало-Ненецкийн автономит тойрогт 2.796, Ханты-Мансигийн автономит тойрогт 1.760 гэр бүл байрлаж байжээ.
Түүхч Николай Бугайн бичсэнээр албадан гаргах ажлыг дөрвөн үе шаттай хийж: Эхлээд Халимаг муж дахь иргэдийг; 2-рт Ростов муж дахь халимагуудыг; 3-рт Сталинград мужийн нутаг дэвсгэрээс халимагуудыг албадан гаргах; 4-рт Улаан армид алба хааж байсан одоо идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа халимагуудыг албадан нутаг зааах байж. Эцсийн шат нь 1944-1948 оны хооронд болсон бөгөөд үүнд зөвхөн халимагууд төдийгүй Улаан армид алба хааж байсан Карайч, месхетийн турк, Крымийн татар, чечень, ингуш, балкар нар оролцсон - бүгд армиас халагдаж, тусгай албадан хөдөлмөрийн сууринд /гулаг/ цөлөгдсөн байв.
Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчид 1948 оны 11-р сарын 26-ны өдөр "Аугаа их эх орны дайны үеэр Зөвлөлт Холбоот Улсын алслагдсан бүс нутагт цөлөгдсөн хүмүүсийн албадан болон байнгын суурьшлын газраас зугтсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай" зарлиг гаргав. Зарлиг ёсоор албадан гаргасан бүх угсаатны бүлгүүд байнгын цөллөгт үлдэх ёстой гэж мэдэгджээ.
Халимагуудыг цөлсөн бүсүүд нь ЗХУ-ын хамгийн хөгжил багатай бүсүүд байсан бөгөөд тэд албадан хөдөлмөрийн газарт өдөрт 12 цаг хүртэл ажиллаж өлсгөлөн, ядаргаа, тав тухгүй байдлаас өвчилж, үхэж байлаа. Тэднийг ХАА, уул уурхай, алт олборлох, нүүрс олборлох, модны үйлдвэр зэрэгт ажиллаж, давчуу орчинд бөөндөө амьдарч байв.
Цөллөгрүү тээвэрлэх явцад л гэхэд 1,400 Халимаг нас барж мөн тэр тооны иргэд хүнд өвчин туссан. 1945 оны тооллогоор 83,688 халимаг цөллөгт тоологдсон нь эхний жилд нийт 13,000 гаруй халимаг нас барах юм уу сураггүй алга болсныг илтгэнэ. 1945 онд л гэхэд 3,735 халимаг хүүхэд нас барж дөнгөж 351-хэн халимаг хүүхэд шинээр мэндэлсэн байна. Янз бүрийн эх сурвалжуудын тооцоогоор нутаг заагдсан халимагуудын 17-19% нь нас барж 1939 онд 134,0 мянга байсан Халимагууд 1959 оны тооллогоор 106,1 мянга болсон нь 20 гаруй хувиар цөөрч хамгийн их хохирол амссан угсаатны бүлэг болжээ.
1953 оны 12-р сарын 13-нд Жаб Наминов-Бурхинов тэргүүтэй Халимагийн төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельд /Dag Hammarskjöld/ албан ёсоор гомдол гаргажээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа Никита Хрущев өмнөх олон бодлогыг буцааж, сталингүйжүүлэх үйл явцыг эхлүүлжээ. Хрущев 1956 оны 2-р сарын 24-нд угсаатнуудын албадан нутаг заасан цөллөгийг буруушаав.
Халимагуудыг 1956 оны 3-р сарын 17-нд суурин газрын тусгай хяналтаас албан ёсоор чөлөөлөв. 1957 оны 1-р сарын 9-нд Зөвлөлтийн тогтоолоор Халимагийн Өөртөө Засах Орныг байгуулж, 1958 оны 7-р сарын 29-нд албан ёсоор Халимагийн Өөртөө Засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс болов.
1959 он гэхэд цөлөгдсөн халимагуудын 60 гаруй хувь нь нутагтаа буцаж иржээ. 1989 он гэхэд Зөвлөлтийн халимагуудын бараг 85% нь Халимагтаа оршин сууж байв. Гэсэн хэдий ч албадан гаргасан нь тухайн бүс нутгийн угсаатны бүрэлдэхүүнийг бүрмөсөн өөрчилж, хүн амын дунд 1926 онд 75% байсан халимагуудын тоог 1989 онд 45% болгон бууруулсан. Олон халимагууд Хрущевт газар нутгаа сэргээж өгсөнд талархаж байсан бөгөөд Элиста дахь гудамжийг түүний нэрэмжит болгож нэрлэжээ.
1989 оны 11-р сарын 14-нд Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөл Сталины бүх цөллөгийг "хууль бус, гэмт хэргийн шинжтэй" гэж зарлав. Оросын түүхч Павел Полиан Сталины үед бүх угсаатны бүлгүүдийг албадан нутгаас нь гаргаж, цөлснийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг байв.
Цөллөгө, нутгаас нь албадан гаргасны улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг ямар ч хэлбэрээр өгөөгүй бөгөөд 2012 онд 1,800 гаруй халимгууд хохирогч хэмээн засгийн газраас нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан ч Элистэй хотын шүүх тэдний өргөдлийг хүлээн аваагүй байдаг.
1996 оны 12-р сарын 28-нд уран барималч Эрнст Нейзвестный Элистэйд цөлөгдсөн халимагуудын "Цөллөг ба буцах зам" нэртэй 3 метр (120 инч) өндөр хүрэл баримал хөшөөг нээжээ.

2
2
3
3
4
4
5
5
6
6
7
7
8
8
9
9
10
10
11
11
Previous Next Play Pause
2 3 4 5 6 7 8 9 10 11

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/