Уншиж байна...

(Эхний хэсэг)

Газрыг хувьд өмчлүүлэх тухай асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Эцэст нь өмчлүүлэх санал дийлэнх олонхи болбол, газрыг өмчлүүлэх, гэхдээ өмчлөгч этгээд /Монголын иргэд/ нь гадаадынханд өмчлүүлх, түрээслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, арилжих, барьцаалах бүх замыг хааж, зөвхөн өөрөө болон гэр бүлийнхэн нь газар дээрээ орон сууц барих, үйлдвэрлэл явуулах, ногоо тарих, үхэр мал тэжээх, бас бус хэрэгцээгээ хангахаар байх ёстой.

Монголын иргэд газраа үр ачдаа үе залгалмжлуулан өвлүүлэх, өөр хэнд ч эзэмшүүлэх эрхгүй байх явдал нь үндэсний аюулгүй байдалд нийцнэ.

Монголын иргэд харин хоорондоо газраа солих, ашиглуулах явдал байж болох юм.
Гадаадынхан үүнд гомдох, хүний эрх, ардчилал зөрчлөө гэж орилох явдалгүй.

Учир нь “Үндсэн хуулинд” гадаадынханд газрыг өмчлүүлэхгүй, худалдахгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гээд нэгэнт бат нот заачихсан юм. Гэхдээ бас “гадаадынханд хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох”-ыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн учир, газрыг гадаадын хувь хүнд, байгууллага, пүүс, концерн, компанид Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалт хийлгэхээр хугацаатай, төлбөртэй, эзэмшүүлж ашиглуулж, түрээслүүлэхийг зөвхөн төр хариуцах ёстой.

...Алтан дэлхийн хагасыг өмчилж бидэнд үлдээхэд алгын
чинээ болтол нь буцааж бид алдсан...
Хамгийн аюултай нь өнөөдрийн Монголд газрын үнэлгээ хийгдээгүй, хууль ёсоор тогтоогдоогүй байна. Үржил шимтэй нутаг, өвс, ус, булаг шанд, байгалийн баялаг ихтэй нь хэн очих юм?..

Үзэсгэлэнтэй нуга хөндий, уул, толгодыг хэн эзэгнэх юм? Өвс ургахгүй талбай, чулуулаг хөрстэй, эсхүл төв суурингаас алс газрыг хэн өмчлөх юм? Монголын газрын хөрсөн доор хаана нь нүүрс, вольфром, зэс, мөнгө, хаана нь алт, рашаан, оюу, номин, хаана нь юу байгааг хэн мэдэж, тодорхойлж байгаа юм?

Улаанбаатарт юм уу, Сүхбаатарт хэн нэг иргэн хувьдаа газар өмчилж авч гэж бодъё. Тэр газар нь Монголд ховор ходоодын ч юм уу, элэг цөсний рашаан байж гэж бодъё. Газрыг өмчилсөн иргэн түүнийг мэдэж захиран зарцуулах уу. Төр мэдэж, буцааж авах уу?...

Үржил шимтэй газар, эсхүл томоохон суурин, соёл иргэншлийн төв рүүгээ газар өмчлөх их нүүдэл эхэлж /тэртээ тэргүй эхэлсэн, түүнийг нь зогсоох аргагүй, Үндсэн хуулинд хүн дуртай газраа амьдрах тухай заасан/ болохоор яах вэ? Хөдөө нутаг, хил хязгаар эзгүйрвэл яах вэ?

Миний өмчилж авсан газар нүүрсний юм уу, алтны уурхай байвал яах вэ?

2 сая гаруй хүний 1 сая нь зөвхөн нийслэлд дөрвөн уулын дундаа газар өмчлөх хүсэлтэй бол яах вэ?

Өмнөговийн ихэнх хэсэгт юм уу, Хөвсгөлийн тайгад хэн ч газар өмчлөхийг хүсэхгүй, харин Хэрлэнгийн хөвөө дагаад хэдэн зуун мянган хүн газар өмчилье гэвэл яах вэ? Ийнхүү үй түмэн асуулт,сөрөг зүйл гарна. Энэ бүхнийг шийдээгүй, газрын ямар ч үнэлгээ, хаа ч хийгээгүй байхад газар өмчлүүлнэ гэдэг дэндүү гоомой явдал юм.
“Алтан дэлхийн хагасыг
Өмчилж бидэнд үлдээхэд
Алгын чинээ болтол нь
Буцааж бид алдсан.
Цаг цагийн чуулган дээр
Нүүдэл нүүдлээр нь бид алдсан
Цагаан хэрэмнээс хойшхийг нь
Түрээс төлбөрт алдсан.
Хаад хаадын чуулган дээр
Уул уулаар нь алдсан
Уул уулаар нь алдахын өмнө
Ухаант мэргэдээ алдсан” гэж манай нэгэн яруу найрагч эмэгтэй бичжээ.

Одоо ч гэсэн Улсын Их Хурлын чуулган ийм нүгэл хийхийн ирмэг дээр байна.
1939 онд баривчлагдаж, 1941 оны 7 дугаар сарын 10-нд Сталины тушаалаар цаазлуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай зогсогч,эрдэмт хүмүүн А.Амар “Монголын товч түүх” номынхоо оршилд:
“Монгол угсаатан эрт дээр үед ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ орны дунд тэр мэт хүчирхэгээр мандан хөгжиж явсан атал, хожмын үед ийнхүү хэсэг хэсгээр бутарч, зарим нь өөрсдийн үндэс угсаа, зан суртал, газар орон, ашиг хөрөнгөө хамгаалж чадахгүйд хүрч, аль нэгэн хүчирхэг этгээдэд сүсэлж, өөрөө ямар ч хэрэг явуулах ба үйл үйлдэх мэдэл бодлогогүй, ямагт бусдын эрх мэдлийн доор орсноор үл барам, харь этгээдийн бодлого ашгийг гүйцэтгэхийн төлөө зүтгэж явах нь үнэхээрийн гаслалтай байна” хэмээсэн нь өдгөө цагт өөрийгөө монгол гэж явууштай үг даруй мөн.

Гавъяат сайд тэрбээр “манж, Хятад зэрэг хүчирхэг түрэмгий улсууд Монгол орныг өөрсдийн худалдааны дэлгүүр болгон дангаар эзлэх буюу үнэ ханшийг санааны дураар тогтоон ашиглаж, мөлжих бодлогыг явуулж байсан бөгөөд одоо хэд бидний нэгэн үндэсний дотоод монголчуудыг эзэрхэг түрэмгий улсууд нь өөрийн худалдааны дэлгүүр болгохын төлөө булаалдан тэмцэлдэж буй бөгөөд мал аж ахуйтан Монгол орон нь харин бусад улсын дэлгүүр болон хуваагдахад хүрчээ” гэж тэр нэгэн цаг дор гаслан асан нь өдгөө ч хэв хэвээр, харин ч бүр долоо дордож, “Дэлгүүр улс” гэдэг оновчтой томъёоллыг нь шинэ цагийн ноёдууд хэрэгжүүлж эхлэв.

Монголын ноолуур, монголын зэс, монголын бүх баялагт харийн эзэд үнэ тогтоож, Монгол Улс нь Америк, Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсын “дэлгүүр” болох ажлыг шинэ үеийнхэн сайн дураараа хийж эхлэв.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Гавъяат сайд Амарын сүнс нь он оны нягт зузаан ханыг нэвтлэн та бүхэнд хандаж байна.

Нэгэн зүйл: “Бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдаж байсан бусад аймгууд нь харин биднийг эзлэн захирахад хүрээд, бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ...” /одоо ч хэвээрээ.О.Д/

Нэгэн зүйл: “... Монголын газар шороог гадаадын хүн өнгийж, ашиг хөрөнгийг гадаадын хүн дураар ашиглан, Засгийн эрхийг гадаадын хүн санааны дураар хамаарч байсан бөлгөө...” /одоо ч хэвээрээ.О.Д/

Нэгэн зүйл: “...Гадаадын хүчирхэг түрэмгий улс бидний өргөн уудам нутаг газар ба бидний баялаг мал аж ахуйд шунаж өнгөлзөх болон амуй ...” /одоо ч хэвээрээ.О.Д/

Нэгэн зүйл:”... Монголын мал адуулах газрыг тариалангийн газар болгож, монгол хүний мал адуулж амьдрах байдлыг хувируулан, өөр бэрх байдалд татан оруулах буюу Монгол угсаатны язгуурын хэв суртлыг халж өөрчлөн, өөрсдийн аль нэгэн эрх мэдэл, заншил байдалдаа хавчин оруулж...” /одооч хэвээрээ.О.Д/

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Та бидний төлөө, та бидний гэгээн эх орны төлөө, та бидний үр хойчийн төлөө, бусдын нутагт алтан амиа алдсан Монгол Улсын Ерөнхий сайд Анандын Амарын ариун сүнс хэдэн арван жилийн ханыг нэвтлэн ийнхүү шивэгнэж байна. Зүүдэндээ ч бүү мартагтун. Өглөө бүхэн санагтун. Та бид явна, газар нутаг минь үлдэнэ. Та бид буцна, үр хойч минь үлдэнэ. Харин бидний үр хойчид газар нутаг минь үлдэх үү? Үгүй юу? ... гэдгийг өнөө маргаашгүй, та бид энэ ордны дотор, энэ олон ширээний ард, өөд өөдөөсөө харан сууж, “газрыг Монголын иргэдэд өмчлүүлэх нэрээр гадаадынхны хоол болгох” гэж буй хуулийн төслөөрөө шийдэх гэж байна.

Нам үнэтэй юү? Эх орон үнэтэй юү?

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!
Та аль намын гишүүн байх нь хамаагүй, харин та Монгол Улсын иргэн л байх ёстой.

Монгол Улсын иргэнд бол тусгаар тогтнолоос илүү үнэтэй юм байх ёсгүй. Тусгаар тогтнолын хувьд бол газар шорооноос үнэтэй юм үгүй. Үүнийг мартвал түүх өршөөхгүй.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Та бүхээс би нам чинь үнэтэй юу? Эх орон чинь үнэтэй юу? гэж асууж байна.

Монголд 70 жил социализмыг механикаар хэрэгжүүлэх гэж оролдсон шигээ, зах зээлийн эдийн засгийг хүчээр хэрэгжүүлэх гэж оролдсоор эцэстээ хүүхдүүд нь гэдэс хоосон, залуус нь толгой хоосон, төр нь билигдэл төдий, хууль нь нэрийтгэл төдий улс болж, үндэсний аюулгүй байдал хохирох вий гэж айж байна.

Тал хээрийн Монгол орон Польшийн эвв санааны нэгдлийн хуулиар хөгжихгүй, Америк маягийн зан суртахуунаар хол явахгүй гэдгийг өнгөрсөн 7 жил бидэнд нотолсон биш үү?

270 сая хүнтэй их гүрнийг тарааж чадсан улсуудад хоёрхон сая хүнтэй Монгол юухан ч билээ дээ.

Зонхилох их гүрнүүд өөрийн ноёрхол эзэмшлийн хүрээг тэлэх бодлогыг экспортлохдоо “ардчилал” гэж цэвэрхэн нэрээр халхавчилж, ачир дээрээ алив буурай улс орны газар нутаг, баялгийг булаан авах стратегийг хэрэгжүүлэхээ урьдал болгодог юм.

Толгойтыг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж явсан монголчуудын үр ач нь өнөөдөр харийн хүн харвал бөхөлзөж, монгол хүнээ харвал хялалзаж эхлэсэн нь юутай гашуун. Гэтэл “Монголын хаад уламжлалт ёс заншил зөрчсөн гадна дотнын хүмүүстэй хатуу тооцоо хийж шийтгэдэг байжээ. Их Монгол Улсын үед гэрийн үүд алдалж, тотго гишгиж, хоёр галын хоорондуур явж ариутгал хийгээгүй зэрэг ёс алдсанаас болж Монголын хаадад яллуулж, цаазлуулж байсан гадаадын хүмүүс ч байдаг байж. Өөрөөр хэлбэл тэр үед монголчууд ёс заншлаа их дээдлэн хүндэлдэг нандин чанартай улс байжээ” /Доктор Чулууны Далай. “Монголын түүх. Их Монгол Улс. 1206-1260” дэд дэвтэр, 243 дугаар хуудас/.

Өдгөө ч гэсэн дэлхийн улс үндэстнүүд хууль дүрмээ дээдэлж, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдагийн жишээ нь АНУ-ын нууцыг задалсан Эймс гэгч бүх насаараа хоригдох ял шийтгүүлж, эхнэр нь мэдсээр байж илчлээгүй гэдгээр 3 жил бас хорих ял авсан явдал юм.

“Сингапурт хар тамхи хулгайгаар хил давуулсан нэг энэтхэг, нэг сингапур хүнийг цаазлав. Тэр хоёр хүн 10 кг хар тамхи, мансууруулах бодис нууцаар оруулах гэж оролдоод ийнхүү цаазлуулжээ. Сингапурын хуулиар 12 грамм мансууруулах бодис, 30 грамм морфин, 1.2 кг хар тамхи хулгайгаар хил нэвтрүүлэх гэж оролдвол цаазаар авах ял өгдөг.

Сүүлийн хэдэн жилд 100 гаруй хүнийг ийм хэргээр дүүжилсэн байна” /”Засгийн газрын мэдээ” 1995 он. № 60/302/

Мөн Ван Дамм нэртэй нэгэн Бельги эр ийм ял авч, үүнийг өршөөхийг Бельгийн хатан хаан Сингапурийн дээд удирдлагаас хүсээд ч аварч чадаагүй билээ. Гэтэл манай Ерөнхийлөгч П.Очирбат Канадын Флинн гэгч луйварчин хууль зөрчиж, залилж мэхэлж улс орноор маань “тоглоод” өршөөл үзүүлээд буцаасныг түүх мартаагүй байна.

Учир иймд гадаадынханд найр тавьж, эх орныхоо баялаг, ард түмнийхээ хувь заяа, үндэсний аюулгүй байдлаар тоглогчидтой хатуу тэмцэл явуулж, тэднийг илчлэх нь иргэн бүрийн үүрэг мөн. “... Хэрэв баобо модыг цаг тухайд нь ялган танихгүй бол дараа нь ангижрах аргагүй. Тэр мод бүх гаригийг бүрхэн авна. Түүнийг өөрийн үндсээр нэвт сүлбэн цоолно. Хэрвээ уг гариг маш жижигхэн, харин баобоб олон байвал гаригийг хэдэн хэсэглэн тасдана” гэж Францын их бичгийн хүн Антуан де Сент-Экзюперийн хэлснийг санагтун.

Гэхдээ би гадаадынхан бүгд муу гэж хэлээгүй байна. Харин үй түмэн харийнханд нөхөр ч бий, дайсан ч бий, бүр “баобоб” мод шиг Монголыг тасчих гэж яваа нь ч цөөнгүй бий гэдгийг л сануулах гэсэн юм. “Баобоб” модны аюулаас биднийг аврах гэж боддог нь ч бий л байх.

Харийнхныг хэн тоолно вэ?
Улс орноо баобоб мод шиг хүчирхэг гүрнээр хэсэгчин тасчуулж, сүйтгүүлэхгүйн тулд эртний хятадын нэгэн хаанаас Хүннүгийн Шаньюйд илгээсэн захидалдаа: “хальсан эздийн тогтоосноор цагаан хэрэмнээс хойшхи нумтны нутгийг Шаньюй захирч, урагшлах малгай бүстнийг би эзэгнэдэг бөгөөд ... догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг би...

Хан, Хүннү хоёр бол мөр зэрэгцэх хөрш гүрэн билээ. Хүннү тэсгим хүйтэн эрт ордог умарт оронд оршдог. Иймд амуу будаа тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг Шаньюйд хүргэхийг түшмэдүүдэд зарлиг буулгасан... Хүннү нар хязгаар үл нэвтэрч, хятадууд хязгаар эс даваг. Үүнийг зөрчигчдийг цаазаар аваачиж байя. /Ли-Дай “Шицзи” боть. 31-32 дахь тал/.

Нэн эрт цагт ийнхүү хятадууд Хүннү-гийн хаадыг эвээр засаж, эдээр хуурч, төрийн нарийн бодлого явуулан, амуу будаа, тутарга, торго, хоргой, бөс бараа зэргийг монгол угсаатны эртний өвөг эздэд хүргүүлэн “догшин тэрслэгчид үгүй байлгахыг хичээдэг” байсан бодлого нь одоо ч хэвээр үргэлжилж буйг Улсын Их Хурлын гишүүн дэд доктор М.Зэнээ нарийн судалж, эдийн засгийн талаар эрхшээлдээ оруулах, газар нутгийг хэсэглэх, шашнаар мунхруулах, хүйсээр уусгах, дотроос нь задлах, ёс суртахуунаар доройтуулах” үндсэн есөн арга хэрэглэж, харийнхан тусгаар тогтнолд маань заналхийж буйг тодорхойлсон юм.
Ноён урваач, нохой шарваач
“Баяжих шунал нь хувь хүний чадал боломж болон нийгмийн түргэн хөгжиж байгаа техник хэрэгслийг ойрын хугацаанд хамгийн орлого өгч чадах байгалийн тэр нөөц, объектыг цөлбөн мөлжих зорилгод ашиглах болов” гэж оросын эрдэмтэн И.Даптев хэлсэн бол Америкийн эрдэмтэн Р.Парсон: “Удаан хугацааны турш, сүүлийн үеийг хүртэл, нефть олзворлож болох газрын эздийн хооронд нефть бүхий газар нутгийг эзэмшихийн төлөө хатуу, ширүүн мулгуу тэмцэл явагдсан байна. Хүн бүхэн аль болох олон цооног өрөмдөхийг хичээж байв. Тэд “булаан авах” үхширмэл зарчмыг баримталж, айл зэргэлдээ хүнийхээ өрөмдсөн газрыг өөрийнхөө өрөмдлөгөөр үр ашиггүй болгохыг оролдох болсон байна. Нефть бүхий газар, ялангуяа бусадтай хил залгаа газар өрөмдлөгийн цамхаг зай засваргүй дүүрсэн байна.../М.Парсон. “Байгаль өр нэхэж байна” 1969-498 дахь тал/

“Хөрсөн доорхи зүйлийг хоёрдогч баялаг гэж хэлж болно. Түүнд тийм хялбар гар хүрэхгүй. Эхлээд амьтдын ертөнц, хөрс хохирдог юм. Газрыг ямар нэг панз худалдааны фонд гэж ойлгох болсон нь түүнд ухаангүй тэнэгээр хандахад хүргэсэн байна. Хүмүүс түүнийг үрэлгэн, шунаг, утга учиргүй сүйтгэж байлаа. Хөрсний элэгдэл хүний бараг бүх үеийн турш дагалдсаар ирсэн бөгөөд урьд өмнө үзэгдээгүй их эрчимтэй болжэ.

Европчууд өөрийн газар тариалангийн системийг туйлын тохиромжтой гэсэн бүрэн итгэлтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт очиж байлаа. Мянга мянган жилээр шалгагдсан газар боловсруулах аргыг хайр найргүй устган Британи, Испани, Голланд, Португалийн гэх мэт аргаар сольж байлаа.

Дагнасан тариалалтыг шийдвэртэй нэвтрүүлж эхлэв. Цаг уур, хөрсний нөхцөл байдлын ялгааг анхаарч үзэх нь ховор байлаа. Тив дэлхийгээр хар шуурга дайраад өнгөрсөн мэт болжэ.

Газар тариаланчид “бизнесменүүдийн” адил ажилласан бөгөөд тэд үнэхээр ч бизнесменүүд байлаа. Тэдний дурсгал нь тив бүхэнд үлдэж хоосорсон хөндий, үхэж мөхсөн ой болжээ. Авилгач зангаар байгальд хандаж, түүнээс хэт ашиг хожоо хайх явдал нийгмийн дэвшил хөгжлийн төлөө тугийн дор хийгдэж байлаа”. /И.Лаптев, “Оюуны өлгий” 44 дүгээр хуудас/.

Тиймээ, манай Монголд өнөөдөр “нийгмийн дэвшил хөгжил”, “зах зээл”, “ардчиллын тугийн дор байгалийг хайр найргүй цөлмөх”, ямааг “ноолуур”, хонийг “арьс”, бугыг “эвэр”, зээрийг “мах”, баавгайг “доньт” гэж ойлгон эх орноо “дэлгүүр”, газар шороогоо “наймаа” болгон сагсуурагчид мянга мянгаараа сүрэглэн, харийнханд үйлчилж, ихэс дээдэс маань ч
“Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан сайдууд гуай
Дэнс, дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай” болох гэж байна.

Манай зууны эхээр
“Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаад гялайв уу” гэдэг дуу гарч, ардын бослого эхэлснийг бүү мартагтун
“Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануулахад илүүдэх юун.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/