Уншиж байна...

ЯАГААД БИД ШАШИН ШҮТДЭГ ВЭ?

“Шашин гэж юу вэ?” гэхээр бүхнээр хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн тодорхойлолт үгүй юм билээ. Олон хүний хувьд шашин нь итгэл үнэмшлийн зохион байгуулалттай систем, зан үйл. Өөр олон хүний хувьд шашин бол бурханлаг дээд ойлголт. Гэтэл зарим нь шашин гэдэгт тодорхой бурхан тодорхой үнэмшлийг оруулж тооцдоггүй. Цаанаасаа зохион байгуулагдсан системийг биш, зөвхөн өөрийнхөө хувийн итгэл үнэмшил, амьдрах арга, ертөнцийг үзэх үзлээ шашин гэж ч олон хүн ойлгодог.

Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж үздэг.

Үндэсний болон гэр бүлийн уламжлал, соёл, ёс заншил гэсэн энгийн утгаар олон хүн шашин шүтдэг. Далдын дээд хүчин өөрийг нь харж байдаг учраас амар амгаланг олох гэж шүтэгсэд их бий. Ийм төрлийнхөн дээд хүчнээс аврал эрэх нь их. Аврал өгнө, аз жаргал авчирна, үхлийн дараах амьдрал бэлэглэнэ гэсэн амлалтанд автаж шашин шүтэгсэд ч олон бий. Маш олон хүн хувийн тайвшрал, амьдралд хандах хандлагаа тодорхойлоход шашин туслана гэж шүтнэ. Тэд “Амьдрал гэж юув?”, “Хүний хувь зохиолын төгсгөл юув?”, “Нүгэл буяны ялгаа юув?” гэсэн асуултад хариу олно. Эцэст нь маш олон хүн сэтгэлийн зовлон, түүнээс ангижрах аргыг шашнаас хайж шүтдэг.

Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэрталь (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.

ӨНӨӨГИЙН ШАШИНУУД

Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос (Загалмайн), Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.

Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургаал үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.

Ихэнх шашин сургаалаа даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургаал. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрлөхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалийнхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.

Шашинууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг эх зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхадын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Бөөгийн болон Африк, Далайн орнуудад оршсоор байгаа бөө маягийн шүтлэгүүд ч олон бурхныг хүлээн зөвшөөрдөг.

Хиндуизм, Буддизм хоёр нь мөн л ах дүү шашин. Хэрэв Христос, Лал, Иудайн сургаалаар бүтээгч Бурхан энэ хорвоог зөвхөн хүнд зориулж хийсэн гэж үздэг бол Буддын болон Хинду сургаалаар орчлонгийн бүхий л амьд юмс тэгш эрхтэй, хүнд онцгойлох давуу юм байхгүй, тэр байтугай эдгээр амьд биес үхлийн дараа нэг нэгэндээ шилжин явдаг аж. Хятадын гол хоёр сургаал нь найрлын онол юм. Күнз төрийн тухай, түүний найрал зохицлын тухай сургасан бол Бумбын шашин хувь хүн нийгэм болон ялангуяа байгальтай хэрхэн зохицож найрах тухай сургажээ. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашинууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.

Дэндүү хатуу чанга дэглэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө багтааж, шашин болгонд хүлцэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэвчил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнээ өнгөрөөжээ. Чингисийн монголчууд магадгүй анхны шашны хүлцэлтэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

АНИМИЗМ

Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологч Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурханы тухай анхдагч ойлголт байжээ. Мөн Германы шашин судлаач Оттогийн тайлбарласнаар хүмүүс аяндаа далдын хүчийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй ариун гэгээн гэсэн юмаа шүтэж дээдэлж биширдэг болжээ. Хүн байх утга учир гэсэн ойлголт ингэж буй болсон гэнэ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод төвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа. Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилийн шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно.

Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенк-тунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг. Австрали, Бразил, Африкийн бөөгөөс их ялгаатай нь мэдээж. Үгүй дээ л цаг агаарын онцлог, гарал үүслийн хол, зан заншлын ялгаа гээд байлгүй яахав. Гэхдээ цаад үндсэн агуулга нь бараг л яг ижил. Ер нь дэлхийн эртний бүх үндэстний уугуул шашин нь бөө мөргөл мөн. Ингэхээр хэзээ нэгэн цагт энэтхэгчүүд ч, хятадууд ч, европчууд ч бөө мөргөлтэй л байсан байж таарна.

МОНГОЛ БӨӨ

Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй байдаг. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ. Буддизм анх VII зуунд хачирхалтай нь өнөөгийн Афганистанаас орж иржээ. Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ. Тодорхой системтэй, сургаалтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаалт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.

Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаалт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Энд тэндгүй үргэлж дайн хийдгийн хувьд Төв Ази нь тухайн үедээ дэлхийн геополитикийн том төв байсан, тэр утгаар нь янз бүрийн шашин нааш их зочломтгой байж. Харин хээр талаас хойгуур уул мод руугаа ойр Хамаг Монголд бөө ноёрхож байлаа. Гэвч дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Чингис хаан насны бөгсөнд Бумбын шашинд их автсан байдаг. Түүний бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.

Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн төвдийн буддизм юм. Монголд төвд буддизм, тэр дундаа шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ноогдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрдод бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байжээ. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм.

Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрдуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ.

Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр монголын дунд суугаад тун амархан монголжижээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.
БУДДАГИЙН СУРГААЛ
Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрлөхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрлөхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн.
Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ. Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу.
Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрэлжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.
Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгээ ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрлөхтнийг аврана гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхэн өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэнь гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.
ТӨВДИЙН БУДДИЗМ
Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ. Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дахь нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авилга. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авилгаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхрага үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй.
Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.
Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очино гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачлана, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.
1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авилгач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад - Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.
МОНГОЛД БУДДИЗМ ИРСЭН НЬ
Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз? Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!
МОНГОЛ МАЯГИЙН БУДДИЗМ
Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.
Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой. Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.
Шашины энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.
МАРКСИЗМ БА БУДДИЗМ
“Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй бизээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо. Маркс шашныг басамжлан үздэг байсан бол түүний хамгийн үнэнч шавь Ленин шашныг шууд үзэн яддаг байлаа. Ленин, дараа нь Сталин марксизмыг шинэ шашин болгон хувиргасан юм. Ердөө л орлуулах журмаар. Маркс, Ленин нар сүсэгтэй сэхээтэн айлд өсөж хүмүүжсэн бол Сталин шашны сургуульд сурч байжээ. Ингээд л орлуулж гарлаа. Коммунизм-диваажин, сүм хийд-нам, хувраг-намын дарга нар, сүмээс хөөх-намаас хөөх, усан баталгаа-пионерт элсэх, дагшин газар-удирдагчийн бунхан, Есүс-Маркс болон бусад удирдагч, архад-улс төрийн товчооны гишүүд, чойг-намын батлах, шашны баяр-хувьсгалын баяр, тарни-намын лоозон, шүтээн алтарь-лениний болон сүхбаатарын танхим... гэх мэт. Гэхдээ өөр шашин болон ямар ч үзэл бодлыг үл зөвшөөрдөг дундад зууны католикуудын үеийн загвараар буй болгожээ. Иймээс коммунист инквизаци ч ажиллаж байсан.
Оросуудын оруулж ирсэн энэ шашны цаад мөн чанарыг монголчууд эхлээд ойлгохгүй байлаа. УБХ-ын дарга Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэж хоёр аугаа бурхан төрсөн...” гэж хурал дээр айлдаж байв. Хоёр удаагийн Ерөнхий сайд Амар шүтлэгтэйгээ нуух байтугай илт идэвхитэй буддист аж. 1940 он гэхэд бүгдийг нь алж устгаж, буддын сүм хийдийг шатааж нурааж дууссанаар ортодокс марксизм өрсөлдөгчгүй ноёрхох боллоо. 1943 онд намын хатуу хяналтын дор Гандантэгчлэн хийдийг нээжээ. 1990 он хүртэл энэ сүм төрийн нэгэн хавсрага болж байсан төдийгүй нууц цагдаагийн газрын нууц туршуулын ч үүрэг гүйцэтгэж байсан. Төвдийн буддизм анхлан орж ирэхдээ бөөгийн бүдүүлэг зан заншлыг устгаж Энэтхэг Төвдийн асар их соёлыг тээн орж ирснээрээ нийгэмд мундахгүй их дэвшил авчирсан. Яг адилхан процесс энд бас болсон юм. Марксизм орж ирснээр өрнийн соёл иргэншлийг тээн авчирч шинжлэх ухааныг ихэд хөгжүүлсэн. “Шар машин” гэгдэх оюун санааны хүлээсийг зад татан, мухар сүсгээс үүдэлтэй бүдүүлэг зан заншлыг халж, нийгмийн асар том дэвшил дагуулсан билээ.
МОНГОЛ СҮЖИГ
Иргэншлээс зөвхөн бэлэн зүйлсийг нь хэрэглэж байсан талын нүүдэлчин монголчууд иргэншсэн шашныг мухар сүжгийн хэмжээнд ашиглана уу гэхээс цаад мөн чанар руу нь орж автаж байсангүй. Эзэлсэн орондоо суурьшсан монголчууд л хэдэн үе өнгөрсний дараа жинхэнэ лал, күнз, христос, буддын шашинтан болж байлаа. Рүбрүкийн баталж байгаагаар христос мөргөлтөн болсон нүүдэлчид байтугай миссионер, хуврагууд нь хүртэл олон авгайтай, архи дарс уугаад явдаг аж. Загалмайд хүлэгдсэн Христын дүрсийг хуу татаад авчихана. Хүн төрлөхтний гэмийг өөртөө хүлээн шаналж байгаа жинхэнэ утгыг нь ухахгүй, тиймдээ ч бусдад тайлбарлаж чадахгүй болохоороо ингэж байсан болов уу.
Төвдийн буддизм орж ирсэн ч энэ шашны жинхэнэ философи, арга ухаан, мөн чанар нүүдэлчдийн дэндүү ихэнхид дэндүү холын юм байлаа. Бөөгийн мухар сүжгийг орлох төдий үүрэг гүйцэтгэх болов. Ерөөсөө бөө нь үхэгсэдийн сүнсийг шүтэх гаргалгаатай. Өөрийн өвөг дээдсийн сүнс тэр хүндээ Бурхан байдаг. Ингэхээр зэрэгцээ хоёр хүний шүтээн бурхан тус тусдаа байдаг нь гайхмаар зүйл биш төдийгүй, ерөөсөө л угаасаа ийм байх ёстой аж. Иймдээ ч нүүдэлчид алив шашныг хэзээ ч харилхдаггүй, хэрэгцээ гарвал тун амархан өөриймшүүлчихдэг ажгуу. Чингисийн их гүрэнд дайсагнагч шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж байсны нууц энд болов уу.
Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр!
1937-38 онд 800 шахам сүм хийдийн 6 мянга орчим барилга байгууламжийг үнэн хэрэгтээ монгол хүн гараараа галдан нураасан. Заавар, зандрал тулгалт нь цаанаасаа байсан ч монгол хүн өөрийн гараар энэ нүглийг үйлдсэн. Хэрэв буддын ухааныг мөн чанараар нь ойлгодог байсансан бол ийм нүгэл хийхээс үхлийг дээрд үзэх байсан болов уу. Үүнээс даруй дөрвөн зууны тэртээ хэдэн мянган жил шүтсэн бөөгийн ёсоо төвдийн буддизмийн суртлаар харгислан дарж үгүй хийсэн билээ. Төвдөөс суртал нь ирсэн болохоос үүнийг мөн л монгол гар гүйцэтгэсэн. Хожим нь орж ирсэн марксист шашинд монголчууд үнэнчээр үйлчилж, үүгээр урьд нь байсан буддизмыг орлуулах болжээ. 1980-аад оны дундуур энэ талаар судалгаа хийсэн европын шинжээчдийн тайланд “марксизмыг шашны хэмжээнд ритуал, итгэл үнэмшилтэй нь мөрддөг магадгүй цорын ганц ард түмэн” гэж гайхшран нэрэлсэн байдаг. “Шашин хориглогдоод хэдэн үе өнгөрсний дараа хүмүүс орлуулж болох юуг ч шинэ шашин болгон мөрддөг юм байна” гэсэн нээлтийн хэмжээний дүгнэлт гаргаж байлаа, тэд.
АРДЧИЛАЛ БА ШАШИН
1990 оны ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирлаа. Гучаад онд Монголд арчигдсан төвдийн буддизм 1990 онд буцаж ирэх хооронд Монголын нийгмийн харилцаа, бүтэц, зэрэг дэв үндсээрээ өөрчлөгджээ. Иргэншил гүн шингэсэн, хүн амын ядахнаа тал нь иргэншсэн орчинд амьдардаг, бүх нийтээр бичиг үсэгтэй, үйлдвэржсэн, хотжисон, ухамсаржсан, соёлжсон нийгэм болжээ. Шинжлэх ухаан энэ нийгмийн ертөнцийг ойлгох гол аргачлал нь болсон юм.
1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш! Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг нь биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм. Христосын шашинтай 5 хувь, лалын шашинтай 3 хувь, бөө мөргөл шүтдэг 5 орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагдаггүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэй аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Марко Пологийн номын орчуулгад ийм хүмүүсийг “дүрс хөрөг шүтэгчид” гэсэн байдаг. Мөнөөх Майскийтэй тааралдсан олон шашинтан эрийг хэлээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл ердөө л мухар сүсэгтэн. Бөө ч мухар сүсэг, тэгэхээр юугаараа ялгагдах вэ? Бөө шүтэгч хүмүүс тэрийгээ л итгэл үнэмшил болгодог бол анимистууд бөөг оруулаад юуг л бол юуг сүслэнэ.
Эд хэн бэ? Шалгалтын өмнө хүрд эргүүлдэг оюутнууд, гаалийн байцаагчийн өмнөөс шороо цацдаг наймаачид, айл ухсан олзноосоо Ганданд аваачиж өгдөг хулгайчид, өвчин зовлонгоо эдгээх гэж боловсон эмнэлэгээс эхлээд бөө хүртэл тэнэдэг өвчтөнүүд, өр ширнээсээ салах гэсэн зовлонтон, өрсөлдөгчөө хорлож үхүүлэх гэж гүрэм уншуулдаг атаач, олсон хэдээ эргүүлж алдахаас айн даатгал “төлдөг” баячууд, албан тушаал ахих гэсэн горьлогчид, үрэгдэгчийн араас гунихрагч, зүгээр л нойр шингэрсэн бие чилээрхсэн хүмүүс гээд нийгмийн бүх давхрагаас янз бүрийн асуудалтай улс юм. Ер нь ч тэгээд цайчихсан тэнэгийг тооцохгүй бол асуудал бэрхшээлгүй хэн байх билээ. Үүндээ чухам яаж хандаж байна гэдэгт л хэргийн учир бий.
Шинжлэх ухаан, техник технологийн ийм өндөр эрэмбэд гарсан XXI зуунд, муу ч сайн ч нийтээр сургууль номоор явсан орчин цагийн хүмүүс ийм олноороо яагаад мухар сүсэгтэн болж хувирав? Олон шалтгаан бий байх. Итгэл үнэмшил байхгүйгээр гурван үеийг өнгөрөөжээ. Явсаар ганц итгэл нь коммунизм болсон. Гэтэл коммунизм ганцхан өдрийн дотор хайлан урсахад хүмүүсийн итгэл үнэмшилд асар том хоосон орон зай гарчээ. Итгэл үнэмшил, ариун дээд юм, эрхэмлэх зүйл, амьдралын утга учрын тухай төсөөлөл, ертөнцийг харах үнэлэмж асар дээр үеийн бүдүүлэг отог омгийн гишүүдэд үүссэн тухай дээр өгүүлсэн. Шинжлэх ухаан нь хүмүүсийн мэдлэг дээр суурилж, байгаль эд юмсын объектив талыг нь судлан нууцыг нь ойлгуулдаг. Харин шашин бол оюун санаа, төсөөлөл дээр суурилан хоосныг судлана. Аль алин нь танин мэдэхүй, гэхдээ нэг нь биет зүйлийг, нөгөө нь биет бус зүйлийг танина. Шашин бол ариун, дээд танин мэдэхүй. Шинжлэх ухаан мэдлэгийг буй болгодог бол шашин мэдэрхүй буй болгоно. Хүн шинжлэх ухаангүйгээр амьдрана, харин хомо сапенс хэмээх оюунт хүмүүн шашингүйгээр бараг л бололцоогүй болов уу. Хэрэв шашин гэдгийг итгэл бишрэл, ариун дээд юм, үнэмшил, бишрэл гэж үзэх юм бол шүү дээ. Шашин бол танин мэдэхүй төдийгүй соёл, урлаг, гүн ухаан, боловсрол, хүмүүжил юм. Орчин үеийн ихэнх шашин олон жилийн намтартай, өөрийн үзэл санаатай, ёс журамтай учир хүмүүнд хар багаас нь сууж хүмүүжүүлж, ёс суртахууныг нь тогтоож, болох болохгүйн заагийг тогтоож өгдөг. Харин ердийн мухар сүсэг нь бэлтгэлгүй хүнд тун амархан сууна. Чухам ийм л шалтгаанаар гэнэт өөрийн ариун нандин гэх зүйлгүй, итгэл үнэмшилгүй болсон нийгэмд мухар сүсэг хүчтэй нэвтрэн орсон болов уу. Олон шалтгаан бий байх, гэхдээ энэ бол хамгийн гол учир нь байхаа. Иймдээ ч хүмүүс үзтэл галзуу солиотой, эсвэл улайм цайм луйварчид руу “юм яаж мэдэхэв!” гэсэн үндэслэлээр өргөл өвөртлөн цувна.
ШАШНЫ ЗАХ ЗЭЭЛ
Эрэлтийг дагаж нийлүүлэлт буй болдог. Нийлүүлэлт ч эрэлтийг өдөөдөг. 1990 оноос Монголд оюун санааны тулгуурын асар их эрэлт буй болжээ. Шилжилтийн эхний үе ядуурал, инфляци, гэр оронгүй хүмүүс, барааны хомсдол, ажилгүйдэл дагуулсан. Ингэхээр хүмүүс юун түрүүн аврал хайж юунд л бол юунд итгэхэд бэлэн болжээ. Анхны оюуны аврал амлагч нь Ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг хүүхэн, алтан цөгц, өөр гаригийнхан, Ромбу хэмээх нууцлаг биест, 69 машинд угсарсан мөнхийн хөдөлгүүр, Чингисийн булш, Унгерний нуусан алт эрдэнэс байсан, бүгд л хөдөлмөр заралгүйгээр амархан хөлжих арга зааж өгөв.
Шашин болгонд “культ” гэгддэг гажсан, үндсэн санаанаас хол зөрсөн, зарим тохиолдолд хүчирхийлэл, амиа хорлол, солиорол суртчилдаг хориотой урсгал бий. Тэр жилүүдэд чухам ийм культууд эхэлж орж байв. Мэккагаас “буруу номт” гэж зарлагдсан, лалын ихэнх оронд хориглогдсон урсгал л 1990 онд Баян-Өлгийд хамгийн түрүүн ирж байсан. Энэтхэгээс хиндугийн хориглогдсон зарим культ орж ирсэн нь одоо болтол энд байсаар байгаа. Христийн сайнслоги гэх мэтийн культ ч орж ирсэн. Токиогийн метронд хорт утаа тавьж олон хүнийг үхүүлдэг Ом Шанригийн бүлэг ч төвдийн буддизмын нэг культ юм. Ийм гаж үзэгдэлд нийгэм хамгаалалтгүй байлаа.
Бараг мөхөж алга болоод 400 жил болсон бөө мөргөл эргээд гараад ирлээ. Угсаатан судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүд шинэ бөө нарын гарын авлага болох нь тэр. Эрдэмтэн Пүрэв, Бадамхатан нарын бүтээл ингэж луйвар хийх хэрэгслэл болдог байжээ! 1996 онд нар хиртэхэд гадаадын жуулчдыг хоргоож байсан бөө нар Ураалын их сургуулийг төгссөн сэхээтнүүд байж билээ. Хөвсгөлийн тайгад цаатан болж жүжиглэн урцанд сууж бөөлөгчид дунд сургууль төгссөн монгол хүмүүс байдаг. Бөө удамшдаг гэж ярьдаг, тийм юм бол тэнэг ч, зальхай ч, луйвар ч удамших ёстой. Юутай ч удамшдаггүй юм гэхэд халдвартай бололтой. Хөвсгөл гэдэг гучаад оны үед байгуулсан зохиомол аймаг. Урд сумд нь Сайн ноён ханых, баруун сумд Засагт ханых, зүүн хэсэг нь Түшээт ханых. Зөвхөн хойд тайга нь Богдын шавь байлаа. Одоо ч “би хөвсгөлийнх” гэвэл “мөнгө өгөхгүй бол хараана шүү” гэсэн утгатай болоо шив дээ! Өвчин бүх улс даяар тархаж дотроо ихээхэн өрсөлдөөнтэй, захиалга ч ихтэй дажгүй бизнес болжээ. Биенийгээ хараалгаж өрөөл татуу болгох, улмаар үхүүлэх захиалга хамгийн эрэлттэй нь. Нэгийг нь хараачихаад, нөгөө дээр нь очиж хараал хариулаад орлогоо хоёр нугална.
Буддистууд гэгч манай лам нарын тухай олон юм яримааргүй байна. Урьд бол До яамны нууц мэдээлэгчид цөөнгүй байсан, одоо ч олзонд явдаг ичих нүүргүй гар л олширч. Тэд хаа л бол хаа, ингэхээр бүгдээрээ сайн мэдэх болоо биз. Энэтхэгт зуу зуун монгол лам сурч байна. Тав зургаа нь үнэхээр дээшээ гараад явчихсан залуучууд байнаа. Бусад нь Монгол Энэтхэгийн хооронд бумба зөөх юм. Бумба тахиулахаар айл баяждаг гэнэ. Хөдөлмөр заралгүйгээр баяжих хүсэлтэн санасныг бодвол олон шүү дээ. Намсрай гэж бурхан бий, мөнгөтэй хүн түүнээ хэрхэн зарцуулахыг, яаж түүгээрээ буян үйлдэх ёстойг заасан ёс суртахууны кодекс болохоос ядуу айл болон компанийг баяжуулах ямар ч ид шид түүнд байхгүй. Манал бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэх эдгэрүүлэх далдын ид шид үгүй. “Таравчимбо”, “Жадамба”, “Банзрагч” гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ? “Ганжуур” бол буддизмын нэвтэрхий толь, орчин үеийн ойлголтоор “Британника” энциклопеди юм даа. 108 боть энэ аврага судар хэд хэдэн янзын хэвлэлтэй. Номын хавтаслалтаас нь болоод нэгийг нь Алтан ганжуур, нөгөөг нь бэхэн Ганжуур гэнэ. Харин Гандангийн унших тариф өөр өөр, ямар учиртайг нь Будда өөрөө ч ойлгомгүй. “Ширнэн” бол Буддагийн сургаалын дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шастир. Одоогийн ойлголтоор Кантын “Цэвэр шалтгааны шүүмж”-ийн зэрэглэлийн гүн ухааны бүтээл. Ийм нарийн юмыг хүний буян заяа дуудахад зориулж уншихаар яахав? Занабазар “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. “Хар хятадыг хорихуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”-аар мөн ч олон юм аргалж болохнээ? “Жадамба” бол Буддагийн сургаалын хураангуй эмхтгэл. Энийг суудал засах гэх мэт мужаан маягийн юм болгожээ, манай лам нар. “Банзрагч” хэмээх гүн ухааны зохиол “малын банзрагч” болсон нь доромжлол уу? “Таравчимбо” хэмээх гайхалтай зохиолын монгол нэр нь “Үлэмж гэгээрүүлэгч”. Энийг төвдөөр уншуулж сонсохоор хувь заяанд эргэлт гардаг юм бол Гегелийн “Шашины философи” зохиолыг германаар уншуулал даа, ялгаа бий юу?
Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч асан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуугаараа мөн ч их дуудуулж байсан аж. Эдгээр зохиолын төвд бичлэгийг одоогийн төвд хүн ч ойлгохгүй, учир нь хэл өөрчлөгддөг болохоор номын сонгодог хэлбэр гэдэг нь болсон. Эдгээр номонд нь уг нь буддагийн сургаалыг энгийн сүсэгт хүмүүст хялбарчлан тайлбарлаж өгөхийг захисан байгаа. Эдгээр номонд нь од гаригийн хөдөлгөөн, он сараар хүнийг мэргэлж мунхруулахыг тас хориглосон байгаа. Эдгээр номонд нь ид шид гэж байхгүй, хүн зөвхөн өөрөө хайж байж үнэнийг олно гэсэн байгаа. Харин монгол сүсэгтэн тарифаар мөнгө төлөөд хэтэвчээ дундлаад л гарна. Зонхов, Адиша нарын үед Төвдөд ч, Монголд ч бичиг үсэгтэй хүн ховор байсан, иймдээ л лам царайчлах хэрэгтэй байж. Нийтээр бичиг номтой болсон өнөө үед хөтлөгч хэрэгтэй юу? Ойлгохгүй юм гарч болно, тэрийг хэлээд өгөх лам ч ховор доо, ховор. Гандангийн үүдэн дээр гадаад хүн харуулдаад суудаг лам нарыг хэн хүнгүй таних болоо биз. Бурханы өргөөнд орж үзэхийн тулд 10 доллар төлдөг өөр тийм сүм дэлхий дээр үгүй байхаа.
Суврагыг анх энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сейфний зориулалттай байсан нь сонин. Тэнд номын эхийг хадгалдаг, хожим маргаан гарвал тэндээс судраа гаргаж тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй. Харин энэхүү улаан халтуур овоотой өрсөлдөн олширсоор. Ньютоноос хойш од гаригийн хөдөлгөөн маш тодорхой болсон. Хүсвэл үүнээс цааш хэдэн мянган жилээр гариг эрхэсийн хөдөлгөөнийг секундээр нь тодорхойлж болно. Үүнд нэг их ухаан орохгүй. Пифагорын теоремыг сургуульд хүүхдэд заадаг болохоос математикийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө бүр энэ теоремыг дахин батладаг, үүнийхээ төлөө цалин авдаг төдийгүй теоремыг өдөр болгон зөв баталдаг гээд цол зэрэг авбал ямархуу байхав? Шинэ жилээ хэднээс тоолох нь ёс заншил дагасан үзэмжийн асуудал, энд ямар ч шинжлэх ухаан хэрэггүй. Календарь зарах гэсэн луйварчдын маргаан буддын философи, шинжлэх ухааныг хэлмэгдүүлнэ.
Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашиглагддаг нохойд барьдаг мод. Устгаж нэг тоглоод л, сэргээж нэг тоглоод л, үйлийн ч үртэй юм даа. 1990 оны сонгуульд аравнайлсан шүдэнз тарааж санал авч байлаа. Одоо ч замаа алдсан. Бөө, буддизм хоёрыг ялгах тэнхэлгүй улс төрийн зүтгэлтнүүд тэнд ч уул овоо тахиж гол нуур руу алт эрдэнэс цацаад л, энд ч төвдийн бурханжсан чөтгөр шуламны зураг хөрөг хийлгэж төрийн байгууллагын шүтээн болгоод л. Чингис хаан хүртэл төвд бурханы хойд дүр болоод явчихлаа. Өөрөө мэдвэл эднийг цаазлах байсан даа. Уул нь важрапаань бурханыг XVI зуунд халхын Автай сайн хан Төвдөөс залсан гэдэгсэн. Богд хаан уул овоо тахих журмыг цэгцэлж төрийн тахилгатай дөрвөн уулыг нэрэлж, шүүсийг нь орон нутаг гаргах, ёслолд дэд сайдаас доогуур хүн төр төлөөлж оролцохоор зарлиг гаргасан байдаг юм. Одоо ч сум болгон төрийн тахилгат овоотой болох гэж уралдан, сонгуулийн өмнө үүнээ баталгаажуулж авах болж. Уул нь тахилгыг номоор нь хийх гэж байгаа бол залуу онгон охидыг усанд үйж, галд шатаадаг ёстой юм шүү дээ, дарга нар минь! Төрийн яам агентлаг албан газрууд бөө нь мэдэгдэхгүй, буддизм нь мэдэгдэхгүй тахилга шүтээний албан танхимтай болоод авлаа. Батлан хамгаалах яам хүртэл шүү! Сүхбаатарын танхимыг орлож байгаа юм байх даа? Тэнд салбаганасан бөө гэгч, улаан шарыг намируулсан лам нар уралдан очиж гүрэм уншиж, хараал хийж, даатгаж, сүр үзүүлж дөвчигнөцгөөнө. Төр шашин хоёрыг салгасан Үндсэн хуулийн заалт цаанаа олон утга агуулсан бүхэл бүтэн зарчим юмсан. Монголын үр хүүхдийг төр даан заавал нийтийн сургалтанд хамруулах хууль бий. Энэ бол хойч үеийн өмнө хүлээсэн үе үеийнхний үүрэг, хариуцлага. Сүм болгонд бичиг үсэгт ч тайлагдаагүй мухар толгойтой тэнэг банди нар олширсоор. Хүүхдийг сүмд аваачиж хүн биш болгодог өөр ийм шашин байдаг болов уу? Сүсэг бишрэл гэдэг бол насанд хүрсэн хүний чөлөөт сонголт шүү дээ. Тэр дундаа буддизм бол хүүхдийн шашин биш. Өнчин тэнэмэл хүүхдийг хайрлах халамжлах хүмүүжүүлэх, тэднийг гэгээрүүлэх ажил гадныхны л үйл хэрэг юмаа даа. Уул нь буддизм ч ийм буян хийдэг болох нь Их хөлгөний сүм, III хорооллын сүм зэрэг гадаад захиргаатай буддын сүм хийдийн ажиллагаанаас харагдаад байх юм. Тэд өргөл барьц ч авдаггүй, төлбөртэй ном уншдаггүй, мэрэг төлөг тавьдаггүй.
Жич: Энд шашиныг үгүйсгэсэн, буддизмыг доромжилсон ямар ч санаа агуулаагүй, харин ч өмөөрч байна. Үеэ өнгөрөөсөн ч бай, бүдүүлэг ч бай хэн хүнгүй бөө ч шүтэх эрхтэй. Залилан бол шашинаас их л өөр зүйл. Орчин үеийн ертөнцөд аль ч орны хуулинд залиланг эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Үнэн сүсэгтэн, жинхэнэ номтой лам цөөнгүй бийг энд огт үгүйсгээгүй. Харин шашиныг бизнес луйвар, дээрэм болгосон үзэгдэл манай нийгэмд илэрхий давамгайлаад байгааг эрхбиш та зөвшөөрнө бизээ? Бидэнд зовлон маш их байна. Манай нийгэм зовж байна. Монгол орон зовж байна. Зовлонтой нь биш шалтгаантай нь тэмцэж, шалтгааныг олж арилга гэж суут Сиддарта Гуатама тэртээ 2500 жилийн өмнө хүн төрлөхтөнд сургасан. Түүнийг бид Будда гэдэг нэрээр нь сайн танинаа.
2009.2.10

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/