Уншиж байна...

(Судлаач энэ өгүүллийг 2019 оны эхээр бичээд хэвлүүлж чадалгүй хадгалж байжээ)


“1992 оны Ардчилсан Үндсэн хуулийн төслийг Монгол орон, Монголын нийгмийн түүхэн уламжлал ба онцлогтой уялдуулан боловсруулах, хэлэлцэн батлах оюуны чадамж 1990-1992 онд Монголд байгаагүй” мэтээр ойлгодог, сэтгэдэг, хардаж сэрддэг хүмүүс өнгөрсөн 28 жилийн туршид цөөнгүй гарлаа.

Мэдээлэл ч үгүй, мэдлэг ч үгүй, тэр мөртлөө мэдэмхийрэх өвчин эрт олсон, түүгээрээ өөрөө ихэд бахархдаг нэр, хаягаа нуусан “ухааны, оюуны ба ёс суртахууны хомсдолтой” хүмүүсийн тоо ухаалаг утасны тооны өсөлттэй пропорционалаар мөн өслөө. Нийгмийн сэтгэл зүй ба ухамсарт хор хүргэж, сөргөөр нөлөөлж болох энэ үзэгдэлтэй тэмцэхийн чухлыг анхааруулдаг хүмүүсийн тоо ч мөн өссөөр байна. Гэвч нийгмийн бодит амьдрал, түүний өөрчлөлт, хөгжил нь бусармаг явдал ба буруу сэтгэлгээтэй хүмүүсийн элдэв санаа, зоригт ер захирагддагүй, ард түмэн ч тэдэнд хууртдаггүй юм. Тэр дундаас Монголчууд бол ер бусын ул суурьтайгаар, тун ч сийрэгхэн сэтгэдэг ухаалаг хүн зон билээ. Энэ ард түмэн бүхий л түүхийнхээ туршид оюунлаг хөвгүүд, охидоор дутагдаж, гачигдаж байсангүй. Ухаалаг, оюунлаг иргэд цаг цагтаа л бэлхнээ байж, тулгарсан ямар ч асуудлыг шийдсээр ирсэн түүхтэй...
1992 оны Үндсэн хууль битгий хэл 1924 оны Үндсэн хуулийг тун ч богино хугацаанд хоёр ч хувилбараар боловсруулж чадсан билээ. Магсаржав хурцаар толгойлуулсан комисс “хязгаарлагдмал эрхтэй хаан бүхий Бүгд Найрамдах улсын Үндсэн хууль”-ийг Англи, Бельги, Голландын жишгээр, яг л тэр цаг үеийн Монголын онцлогт тохируулан боловсруулжээ.
Энэ ажилд судар бичгийн хүрээлэнгийн ажилтнууд ч оролцжээ. Гэвч Богд хаан таалал төгсч нөхцөл байдал өөрчлөгдсөний учир шинээр хоёр дахь комисс томилогдоод тун ч богино хугацаанд Зөвлөлт Оросын Үндсэн хуультай ижлэвтэр өвөрмөц төсөл боловсруулж Улсын Анхдугаар Их Хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Үндсэн хуулийн эрх, эрхийн философийн үүднээс үнэлж, дүгнэх аваас мөнхүү хоёр хувилбар нь “байдаг л хуулиуд” гэгдэхээр бичвэрүүд мөн болно. Энэ ажилд оролцсон хүмүүсийн боловсрол, туршлага, юм үзэж нүд тайлсан байдал, гадаад хэлний мэдлэг зэргийг сонирхох аваас тэдний дунд Хятад, Манж хэлтэй, мөн Герман, Англи, Орос хэлтэй, Өрнийн болон Дорнын соёлтой биечлэн танилцчихсан эрхмүүд ч байжээ.

1990-1992 оны нөхцөл, байдлыг 1924 оныхтой харьцуулж үзэхтүн! Тэмээ, ямаа хоёроос ч их ялгаа байх бизээ... Хэдэн ч янзын төсөл боловсруулчих чадамж бэлхнээ байсан юм шүү.

Ар Монголыг Хятадын салшгүй хэсэг болохыг нууцаар хүлээн зөвшөөрцгөөсөн Орос ба Хятадын нууц хэлэлцээрийг яаралтай сөрж “Бүгд Найрамдах Улс”-ыг тунхаглан ил, шууд тэмцэхээр шийдсэн Монголын эх орончид Улсын Анхдугаар Их Хурлын товыг яаравчлан зарлажээ. Уралдах, өрсөх, хоёр хөршийн нууц хэлэлцээрийн мөрөөр практик арга хэмжээнүүд авагдахад саад болох тулгамдсан шаардлага ийнхүү “урагш нь довтлоход” хүргэсэн байна. Хоёр хөрш маань 1924 оны 5-р сарын 31-нд нууцаар тохиролцсон бол Монголчууд мөн оны 11-р сард Улсын анхдугаар Их Хурлаа хийж “Монгол Улсыг тунхаглаж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлж, Ардын ардчилсан бүгд найрамдах засаг төр, парламентын суурийг тавьж, шинэ үндсэн хуулиа баталжээ.” Энэ их хуралд уригдаж оролцсон Коминтернийн төлөөлөгч Рыскулов, Оросын элчин Юдин, Зөвлөлт Казахын төлөөлөгч Хангелдинов, Буриадын ерөнхий сайд Ербанов, мөн Төвд, Барга, Хөлөнбуйр, Ордосын төлөөлөгчид Монголчуудын эрс шийдэмгий байдал, эв нэгдэл, улс төрийн зоригтой алхмыг гайхаж, ихэнх нь дэмжиж байжээ. Зөв зүйлийг зоригтой сэдэж, оновчтой хэрэгжүүлэхийн урлагийг Монголчууд ийнхүү үзүүлж чаджээ.
Улсын анхдугаар их хуралд 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь хүрэлцэн иржээ. Тэд хурлын явцад тун идэвхтэй оролцож зарим нь бүр 15 удаа үг хэлж, онц чухал асуудлуудаар тайлбар шаардаж, дүгнэлтүүдийн үндэслэлийг ч нэхэж байжээ. Хурал 21 өдөр үргэлжилж ажил хэрэгч шинжээрээ гадаадын төлөөлөгчдөд гайхшрал төрүүлж байв. Анхдугаар их хурлаас дарга, 7 гишүүнтэй байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал (Парламент), 12 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг байгуулжээ.
Энэ их хурлын зорилго, бэлтгэл, явц, үр дүнгээс үзэхүл тэр цагийн Монголчуудын улс төрийн мэдрэмж, соёл, боловсролыг голох, гоочлох аргагүй байна.
Одоо 1992 оны Үндсэн хуультай холбогдуулж цөөн зүйлийг өгүүлье. 1988, 1989, 1990, 1991 оны сонин, сэтгүүлүүд дэх улс төийн сэдэвтэй нийтлэлүүд миний өгүүлэх зүйлийг гэрчилнэ, бас нотолно.

1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн найруулах даалгавар авсан Ж.Батмөнх даргатай комисс 1990 оноос өмнө ажиллаж байв. Энэ ажилтай холбоотой нийтлэлүүд ч төвйин сонингуудад үзэгддэг байлаа. МУИС-ийн хуулийн тэнхэмийн багш нар, Философи, Социологи, Төр эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон онол-арга зүйн семинараар, мөн намын улс төр-гэгээрлийн дээд шатны дугуйлангуудад Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг шүүн хэлэлцдэг байв.

Гэвч энэ ажил 1990 оны тэмцэл, хөдөлгөөний улмаас орхигдсон билээ. Нийгмийн амьдралыг ардчилахын төлөө өрнөсөн тэмцэл өргөжих, хот хөдөөгүй дэмжлэг олохын хэрээр 1960 оны Үндсэн хуульд эн тэргүүнд оруулбаас зохих өөрчлөлтийн талаар хурцаар яригдаж, хэрэг дээрээ ч түргэн хийгджээ. 1990, 1991 оныг дамнан буй болсон шилжилтийн шинжтэй төр засаг (Ерөнхийлөгчийн алба, Улсын бага хурал, эвслийн маягийн Засгийн газар) Ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлахын чухлыг хаа хаанаа мөн сайтар ойлгосон байв.
1990 оны 10 сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлын 15-р тогтоолоор Шинэ Үндсэн Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 16 хүний бүрэлдэхүүнтэй (дарга нь П.Очирбат, орлогч дарга нь К.Зардыхан) байгуулжээ. Төсөл боловсруулах, Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлаар хэлэлцэх, батлах хооронд 1 жил, 4 сар өнгөрчээ. Эрхийн философи, төр эрхийн онол, төрийн байгуулалт, Үндсэн хуулийн эрх, үндэсний төр эрхийн түүхэн уламжлал, улс орны хөгжлийн хэтийн төлөв, ардчилсан Үндсэн хуульд тавигдах шаардлага, энэ талаарх бусад орны ололт, туршлага, зэргийн гүнзгий мэдлэг, мэдээлэлд тулгуурлан нягт нямбай үйлдэгдэх, зохион байгуулагдах, учиртай байсан тэр ажил ерөнхийдөө бүх талаараа л шаардлагын түвшинд бус байв. Мөнхүү цаг үед Монголд Үндсэн хуулийн эрхийн асуудлуудаар нарийн мэргэжсэн судлаачид, эрдэмтэд байсангүй.
1990 оны 10-р сарын 18-ны өдөр уг ажлыг зохион байгуулах комиссын 01-р тогтоолоор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг (нийтдээ 39 хүн, 4 хэсэгтэй) байгуулжээ. Мөнхүү ажлын хэсгүүдийн боловсруулсан төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцэж сайшаагаад, Ардын эрх сонинд нийтэлж олон түмнээр хэлэлцүүлж эхэлсэн байна. Хэлэлцүүлэг бүтэн гурван сар үргэлжилжээ.

Хэлэлцүүлгийн явцаас харахад түүнд хүн амын бүх давхраа идэвхтэй оролцжээ. Төслийн бүх бүлэг, зүйл шүүмжлэлд өртөж, тоймгүй олон санал гарч тэр бүхнийг төсөлд тусгах, эс тусгах талаарх асуудлыг судалж шийдвэрлэх нь тулгамдсан зорилт болжээ.

1991 оны 7-р сарын 26-ны өдөр зохион байгуулах комиссын 01 дугаар захирамж гарч “Монгол улсын Их цаазын төслийн талаар иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналыг судалж төсөлд тусгах, нэгтгэн дүгнэх ажлын хэсгүүдийг дахин шинэчлэн байгуулжээ.” Энэ удаа нийтдээ 90 хүнээс бүрдсэн 10 хэсэг байгуулагджээ. Эдгээрээс яг Үндсэн хуулийн төслийн бүлэг, зүйлүүд дээр ажилласан нь II, III, IV хэсэгт хамрагдсан 32 хүн байв. Захирамжид нэр орсон 90 хүнээс зөвхөн 20 гаруй нь л “Үндсэн ажилчид”, идэвхтэй, бас ч хэрэг болох түвшний мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байлаа. Захирамжид нэр заагдан орсон 90 хүний 40 орчим хувь нь хааяа нэг үзэгдэхээс өөр үүрэггүй шахам байсныг хэлэх нь зүйтэй байх... Энэ хоёр дахь ажлын хэсгийнхний буй болгосон хувилбарыг л Улсын Бага Хурлаар хэлэлцээд дараа нь Анхдугаар Их Хурлын чуулганд оруулж батлуулжээ. Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлын чуулганы аль нь ч төслийн мөнхүү хувилбарыг бараг л тэр хэвээр нь шахам үлдээж баталсан болно. Анхдугаар Их Хурлын чуулган 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг төслийг 70 гаруй хоног сунжруулан хэлэлцсэн хэдий ч эцсийн дүндээ зарим нэг багаахан засварыг эс тооцвол яг л байснаар нь баталсан юм. 2 сар гаруй хэлэлцсэн явцыг шударгаар үнэлэх аваас тэдний хэлэлцэх хэр чадвар, мэдлэг, мэдээллийн түвшин яахын ч аргагүй жолдож ихэнхдээ дутуу, мөчидхөн ойлгосны улмаас л хэрэггүй шахам маргаан, мэтгэлцээнээр цагийг дэмий үрж их зардал, сүйтгэл гаргасан болно. Хий хоосон сүржигнэл, хэрэггүй улс төржилт, өнгөц буруу ойлгосноос үүдсэн маргаан, үндэсгүй болгоомжлол, хардаж ба хаяагаа манаж хэлсэн явуургүй, холчиргон үгс мэт нь мэдлэг, мэргэжил, ухаан шаардсан мөнхүү ажилд зөвхөн л саад болж, саатал, тасалдал авч ирж байлаа. Их ч цаг алдсан юм.
Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэгдсэн комисс ч тэр (16 хүнтэй), мөнхүү хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй эхний ажлын хэсэг ч тэр (39 хүнтэй), мөн хоёр дахь өргөтгөсөн ажлын хэсгүүд ч тэр (90 хүнтэй) бүгд л ихэд улс төржүүлсэн байр сууринаас хандсан бүтэц, бүрэлдэхүүнтэй байв.
Олон, олон шинжлэх ухааны уулзвар, хослолын үүднээс яригдаж, боловсрогдож, бүтээгдэх учиртай оюуны үйлдвэрлэлийн онц чухал үр дүнг яг өөрт нь тохирсон арга технологиор л буй болгох, бүтээх ёстой билээ. Ийм шаардлагын үүднээс ярих, үнэлэх аваас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, олон шатаар хэлэлцэж чамбайруулах, бусад орны өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, тухайн салбарын нарийн мэргэжилтнээс санал авах, нэр томъёо, бичлэг найруулгын хувьд жигдлэх, Ардчилсан Үндсэн хуульд XX зууны өндөрлөгөөс тавигдах болзол, шаардлагад нийцүүлж чанаржуулах зэрэг ажил, арга хэмжээ тун хангалтгүй гэхээр түвшинд зохион байгуулагдаж, хэрэгжжээ.
Улс төр, хууль эрхийн ямар ч асуудлыг ард иргэд өөр өөрийн байр сууринаас хэр чадлаараа шүүн хэлэлцэх чадвартай байдаг хэдий ч улсын Үндсэн хууль мэтийн чухал баримт бичгийг зөвхөн л шаардлага хангахуйц түвшний мэргэжилтнүүдийн баг л боловсруулж, чамбайруулж, эцэслэн хэлбэржүүлж чаддаг нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон, практикаар шалгагдсан үнэн билээ.

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 8 жилийн дараа түүнд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд ч гэсэн өмнөхийн нэгэн адил хөнгөн, гоомой ажил, арга хэмжээ болж түүхэнд үлдэх нь эргэлзээгүй.

Парламентын гишүүн ба Засгийн газрын гишүүний эрх, үүргийг давхар эдэлж, гүйцэтгэж байхын сөрөг тал, муу үр дагаврыг Франц улс дэлхий нийтэд аль хэдийнээ нотлон харуулсан бэлэн туршлагыг мэдэх, тооцох ухаан тэр үеийн Улсын Их Хурлын гишүүд ба намуудын дарга нарт байсангүй. Францын томоохон улс төрчид, судлаачид энэ талаар бүр онцгойлон анхааруулж бичиж, сурталчилж байсан билээ.
XXI зууны өндөрлөгөөс үзэх, хэлэх аваас мэдлэгийн тухайн салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг аль болох өргөнөөр татан оролцуулж байж л чухал, тулгамдсан асуудал нэг бүрийг шийдвэрлэж байгаа нь үнэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилго яг л ийм арга, хандлагын үр дүнд амжилттай хэрэгжих болно. Тохиолдлын, мэргэжлийн бус хүн өнөөдөр ямар ч өндөр албан тушаал хашиж байгаа ч гэсэн “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэхийн адил илүүц байх болно.
Дор дурдсан 2 тогтоол, 1 захирамжид нэр заагдан орсон хүмүүсийн ажил, мэргэжил, нийгмийн байдлаас үзэхэд зөвхөн хоосон улс төржилтийн улмаас л бүтсэн бүрэлдэхүүнтэй байв. Өөрөөр хэлбэл тогтоол, захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд нь өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадваргүй байлаа.
Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас сүүлийн жилүүдэд удаа дараа томилсон ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн ч гэсэн өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадамжгүй нь мөн илт харагдаж байв.
Өнгөрсөн 25 жилийн дотор Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг төр барьж байсан намууд тусгайлан үзэж бэлтгэж болох байлаа. Энэ ажил хийгдсэнгүй. Ядаж л Үндсэн хуулийн бүлэг, зүйлүүдэд албан ёсны бус онолын тайлбар хийлгэж болох байв. Энэ талаар ч анхаарсангүй. Ингэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглаж болох нарийн мэрэгшсэн хүн хүч өнөөдөр ч гэсэн залуу улс төрчдийн дунд алга шахам байна.
Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд өмнө нь хэдэн сараар дайчлагдан ажиллаж байсан гол гол хүмүүс өнгөрсөн 25 жилийн дотор тун ч ихийг эргэцүүлэн бодож, дүгнэлт хийж, юу юунд анхаарах, юу юуг хэрхэн өөрчлөх талаар сэтгэсэн, товлосон байх учиртай. Иймээс тэдэнтэй ярилцлага хийх, заримыг нь уг ажилд дахин томилон оролцуулах хэрэгтэй. Тэдний зарим нь Үндсэн хуулийн эрхийн асуудлаар судалгааны өгүүллүүд, нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээлийн бүлэг, зүйлүүд олныг бичиж хэвлүүлжээ. Тэдний үгийг сонсох нь Үндсэн хуулийг чанаржуулж өөрчлөх нэгэн эх сурвалж болж ашиглагдах ёстой. Энэчлэн бодох тооцох юм их байна!
Үндсэн хууль боловсруулах болон төв төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны Үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улс төрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн, туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, Үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ. Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байлцжээ.
АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа анхны Үндсэн хуулиа боловсруулж эхэлжээ. Тусгаар улс болсны дараа 12 жилийн турш дахь улс төрийн амьдарлын практик нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVII зууны эцэс дэх Үндсэн хуулийн эрхийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж уг Үндсэн хуулийг боловсруулжээ.

Анхны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ.
Парламентын хоёр танхимын хатуу хяналтын доор ажиллах нэг хүнээр засгийн газрыг удирдуулж, зөвхөн тэр ганц хүнтэй хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж тэд үзэцгээжээ.

1787 оны 9-р сарын 17-нд эцэслэн батлагдсан, АНУ-ын Үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл болсон юм.
АНУ дахь улс төрийн шинэ нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь Америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн Ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл, хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүхтэй...

х х х

1924 онд тун богино хугацаанд боловсрогдож батлагдсан Үндсэн хуульд Коминтернийн төлөөлөгчдийн нөлөө, Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн жишээ, загвар, Оросын элчин болон зөвлөхүүдийн нөлөө аргагүйн эрхээр шийдвэрлэх хэмжээгээр туссан нь хэнд ч илэрхий хэрэг болно. Яг тэр цаг үед өөр гарц, хувилбар байсангүй. Байх ч боломжгүй нөхцөл бүрдсэн билээ.
1992 оны Үндсэн хуулийн тухайд бол 1924 оны үеийнх шиг шахаа, дарамт, гадны оролцоо үгүй байв. Харин улс төрийн үйл ажиллагааны хувьд шинээр байгуулагдсан Ардчилсан намын “жулдрайчуудаас” хэд дахин илүү их туршлага, атгаг санаа бүхий “Ах намын” гол хүмүүс, нөлөө бүхий хүмүүсийн ил, далд явуулга, санаархал “хэргээ хийж” чадаж байв. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76, үүнээс ч олон байхын чухлыг тэд далдуур ухуулж, “нарийн учрыг” нь шивнэлдэн зөвшилцдөг байв. Тэдний гол үндэслэл нь “гишүүдийн тоо олон байх аваас 1992 оны сонгуульд МАХН олонхи болох магадлал бараг 100%”, “энэ шалдан банди нараас дээд тал нь л 20 хүн сонгогдох бизээ” гэсэн тооцоо юм. Тэд мөн “Улсын Их Хуралд сонгогдох насыг 30 болгоё энэ ч бас том хаалт шүү” гэцгээж байв. Гэхдээ далдуур, ойр зууртаа шүү. “Ерөнхийлөгчид сонгогдох насыг 50 болгох аваас сөрөг хүчнээс ойрын 15-20 жилд Ерөнхийлөгч гарч ирж харагдаа ч” гэж шууд хэлцгээдэг байлаа. “Улсын Их Хурлыг 6 жилээр сонгох нь зөв, ирэх 6 жилийн дотор манай нам (МАХН)-ын гарт бүх зүйл дахин орох л болно” гэж ил хэлдэг хүн ч цөөн бус байлаа. Энэ бүхэн нь шинэ Үндсэн хуулийн төсөлд суучихсан буюу үргэлжлүүлэн суусаар, үлдсээр байсан юм шүү! Иймэрдүү атгаг санаа, тооцооны илрэлүүдийг Улсын Бага Хурлын гишүүд ч олж тогтоож, бодож хүрэхгүй байлаа. Ардчилал, шинэчлэлийн хувь заяанд чин сэтгэлээсээ зовниж, боломжтой бүхнийг далдуур хэлж, хийж байсан цөөн хүмүүсийн хүчин чармайлт л олон зүйлийг засаж, зөөллөж чадсан нь аз, ёндоо гэгдэхээр байж билээ. Энэчлэн ярих, дэлгэх аваас их зүйл бий. Бусад хүмүүс ч олныг өгүүлэх байх...
1989-1992 оны үйл явдлууд түүх болон үлдэх, тодрохын цагт “Ах намын” элдэв явуулга, махинаци, санаархал эзэн, холбогдогчтойгоо цуг нийтэд ил тод болж танигдах бизээ! Чухам тэр үед л ард олон үнэнийг олж сонсох, мэдэх, бас гайхшрах болно.
Зөвхөн түүхэн үнэн, яг яс үнэн л эзэд ба гэрчлэгчидтэйгээ түүх болон үлдэхийн цагт хэн нь хэн байсан нь тодордог жамтай билээ. Улс төрийн янз бүрийн хүчин, популист намуудын худал зохиомж, рекламаар “гавъяатанг төрүүлж”, Төрийн Ордонд зургуудийг нь тавиад байж хэрхэвч таарахгүйг учир мэдэх хүмүүс олонтой анхааруулсаар ирсэн ба одоо ч анхааруулсаар байна.
Ах нам “МАН” хууль бүхнийг, бүр Үндсэн хууль, сонгуулийн хуулиудыг ч гэсэн зөвхөн өөртөө ашигтай байхуйцаар боловсруулж баталсаар ирсэн нь шударга ёсонд харш үйлдэл болно. Энэ намын ёс зүйтэй гишүүд, залуучууд намаа шинэчилж чадахгүй байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ нам бүрэлдэхүүн бүх хэсгээрээ ялзарчихсан юм гэж үү?
УИХ-ын сонгуулийн хуулийг УИХ-аар биш, харин улс төрийн бүх намын төлөөлөл оролцсон хурлаар хэлэлцэж дийлэнх олонхийн нь саналаар баталдаг болмоор байна.


Судлаач, профессор
Д.Чулуунжав

Бусад мэдээ

Apr 04, 2024 695

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 517

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 195

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 347

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/