Уншиж байна...

Дурсамж эргэцүүлэл

Дорнын говьдоо багтаж ядан төрсөн Жагдалын Лхагва хэмээх жинхэнэ байгалиасаа, говийн хараа цуцаам буурал талаасаа яргаж ургаж гарсан, ертөнцөд гагцхүү зохиолч байхын ид шидэнд төрсөн, нэн ховор авьяастан, урлахуйн гэгээнтэн гэмээр юм юмаараа дэндүү элбэг нэгэн байсан юм. Харин элбэгийнхээ дайтай элбэгийг гүйцээж хараахан чадаагүй боловч үлдээсэн бүхэн нь чадсан ч юм шиг уншигчдын сэтгэлд, номын хуудсанд мөнхрөн үлджээ.

Үг хэл, өнгө төрхөө төрөл арилжтал сэгсэрч чадсан, нийтлэлийнхээ бодлогыг 1ОО хувь өөрчилсөн наяад оны дайчин, шударга, нударга зангарагтай "Үнэн" сонины редакцийн нэгэн дээвэр дор бид тун ойрхон ажилладаг боловч хааяахан л тааралдах. Хөгжилтэй хошин үг шидээд л гарна. Уулзаж учирсандаа мартагдахгүй хүн гэвэл тэр мөн. Үй зайгүй, цаг наргүй ажилладаг сурвалжлагч бидэнд тухлах зав ч гарсангүй. Хаагуур явдагийг мэдэхгүй, чухам юу бичсэн нь сонины хуудсан дээр төдий л үзэгдэхгүй.Тэгсэн байтлаа хаа явсан газраа хүндлэгдээд, дээдлэгдээд явна. Сонины дарга нараас донго хүртэхгүй. Харин бичсэн бид зэмлэгдэнэ. Нөгөөх хатуу дэглэмт сонины дүрэм захиргааны гадуур л дэлээ хийсгэсэн ардаг адуу шиг явдаг байсан юм болов уу?

Цаг хувьсан өөрчлөгдөж, тэрхүү манлайлагч том сонины хэлтсийн дарга гэгдэн Ш.Цэрэнпил мэтийн залуу сурвалжлагч бидний толгой дээр цахилгаан буулгаж явсан ланжгар сэтгүүлчид болох Г.Дамба, Д.Цэвэлээ гуай хоёр маань гэнэт миний цэрэг болж хувирлаа. Мөнөөх том Хорлоогийн Цэвлээ абугай нь биш шүү дээ.Улс төрийн тоймчоор гаршсан Д.Цэвэлээ гуай бол орос хэлээр дэлхийн бүх сонгодогийг уншчихсан, эгэлгүй эрдэмт, эгэлгүй ачит болоод даруухан нэгэн сэхээтэн байсан юмсан. Одоо хүмүүс дурссан нь харагдахгүй л юм. Жулдрай намайг тоохгүй ээ, өрөөнд томчууд цуглаж, элдвийг ярина, цуурна, хошигноно, инээлдэнэ, хааяахан ууж ч иднэ. Ж.Лхагва "Та нарын муусайнуудтай ярих юм алга. Харин энэ хүүг чинь хэсэгхэн дагуулж явбал юманд хүргэж болохоор юм байна" гэж наргиантай хэллээ. "За Лхагваа минь, больж үзээрэй. Залууг минь одоо нохойн замаар оруулах нь ээ дээ" гэж хошин шогч Гаажидын Дамба гуай жоготой инээмсэглэн хэлэхэд "Нохойн замаар бишээ, номын замаар оруулнаа, хө" гэж тэр дор нь үгийн хариу барьж билээ. Үнэндээ би тэр их хүмүүний аль ч замаар нь орсонгүй.Тэр бүр сүүдэр шиг дагаад, ойртож сүжирхээд сүйд ч болсонгүй. 1995 онд "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам болоход хөтлөгч яагаад ч юм хэний ямар өгүүллэг сайн санагдав, алийг дэмжиж байна вэ? гээд үзэгдчийн дунд асуулт тавив. Гэтэл мань хүний "Бид ялав" өгүүллэг, миний "Мэнгэ" гэж хашгиралдлаа. Энэ үед нөгөө хэнэггүй даруухан, жаахан хүртчихсэн Лхагва абугай босоод "Энэ богино өгүүллэг гэдэг чинь миний мэргэжил юм, миний ганц чаддаг юм нь" гэж часхийтэл хэлээд суучихав. Өөрийгөө ч, өрөөлийг ч байранд нь тавьж чадна гэж энэ байх. Тэр даруйд шуугиан дарагдаж, "Бид ялав" өгүүллэг тэргүүн байр эзэлсэн.

Олныг нуршилгүй Жагдалын Лхагвагийнхаа талаар цөөн зүйлийг товч дурдая. Би хэрээ мэдэхгүй "Шөнө ногоо ургадаг" номынх нь тухай 8О-аад оны дундуур "Цог" сэтгүүлд "Олз байвч..." гэсэн шүүмж бичсэн ч гэлээ тэнгэрт ч гэрэл үгүй, газарт ч чимээ үгүй юм болоод өнгөрөв. Үнэндээ энд тэндээс нь хасаад, илүү дутуу юм оруулаад даанч дээ гэмээр юм болгочихсон байв. Тэр үед бичсэн болгон минийх биш юм шиг болчихсон байдаг нь харамсалтай санагддаг. Залуу хүний "Үг бүрт үзэг хүргэ" гэсэн үл итгэсэн хатуу шаардлагыг редакцийнханд тавьдаг байжээ.

Морийг гаднаас нь шинжиж сониучирхдаг, мордож унаж үзээд бүр илүүтэй таньдаг. Зохиолчийг хэлнээс нь мөн сониучирхдаг, уншиж үзээд өгүүлэмж дүрслэл, дүрийн сэтгэлзүй, ур чадварыг таньдаг. Уранзохиол гэдэг нь чухамдаа эх хэлний тунгалаг яруу, төгс төгөлдөр, найрсуу уян илэрхийлэл юм. Эх хэлбичгээ, эх хэлнийхээ баялаг үгийн сангийнхаа бүх үгийг биш гэхнээ тавиас дутуугүй хувийг эзэмшиж байж л томоохон хэмжээний зохиол бичнэ. Ж.Лхагва бол эх хэлнийхээ гарамгай урлаач байлаа. Үг гоё гангандаа биш, эгэл энгийн хэрнээ, байраа олж оносондоо байдаг. Ж.Лхагвагийн өгүүллэг бүрийн тааралдсан мөр бүрт олон мяндас торгомсог өнгөөр шаглаж урласан урлал шиг гоц хурц хийц тодорч харагдана. Би ч энэ удаа сонгож авах гэж ядаж цөхөлгүй, тааралдсан хуудсан дээрээс "Охидын инээд цасанд дарагдаж байгаад сая гарч ирээ юу? гэлтэй чанга сонсогдож, өөрсдөө ч дээл гутлаа нимгэлэн хэд хэдээр орж гарах нь шар үсээ хаясан сарваа адил цовоо цолгин үзэгдэнэ" гэсэн өгүүлбэр олж уншив. Жаахан цаашилбал, "Хавар цагийн тарлан цастай газар дэлхий галд ойр тавьсан цагаан тосны гүзээ шиг их л нүнжигтэй бөгөөд тулганы тотгонд хайруулчихсан мэт машин зам хайлмагтан замын дагуу ус тунана" Адилтгал, зүйрлэл бол тасархай даа. Харин ч түүнийгээ гамгүй эдэлнэ. Монгол үг, хэллэгийн дүрслэлийн донж маяг....уран хийц гэж энэ мэт л дээ. Үүнийг бичиглэх завсар "Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй" гэсэн "Анхны хайрын дууль" киноны сэтгэлд хадагдсан үг чихнээ сонсогдвой. "Дээвэр өндөлзөн өндөлзөх нь ямар нэгэнд яарсан мэт бөгөөд хүвэрхий уясан оосор гэрийн туургыг пид пид балбана. Яндан хангир жингэр хавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүр салхинаа улина" гэх зэргийг хойш тавьж "Толгодын цаана ингэ буйлна" гэх энэ гарчиг гэхэд л яруу найргийн эмзэг мөр шиг ажээ. Ерөөс өчүүхэн миний ажиглалтаар бол, шүлэг бичиж байгаад хүүрнэлч болсон зохиолч, шүлэг бичиж үзээгүй шуудхан хүүрнэлч болсон зохиолч хоёрын хооронд хэл, сэтгэлгээ, мэдрэмжийн ялгаа зааг байх шиг санагддагаа дашрамд нь тэмдэглье. Тэрбээр шаггүй шүлэгч байлаа. Тиймээс ч өгүүллэгийн үг нь яруу уянгалаг, санаа тод ончтой, ховор сонин дүрслэлтэй, цаанаа гүн сэтгэлгээтэй болсон нь ажиглагддаг.
Ялаархсан адуу шиг арваад байшин
Яргайтын амны эхэнд байдаг
Үдийн халуунд зэрэглээ хөллөж
Үүлний наахна хөвж харагддаг
Яргайтын амны өндөр байшинд
Ялдам нэгэн бүсгүй суудаг
Өвсний шүүдэр цуглуулж цай чанадаг юмуу?
Өглөө чи яагаад ус үл баринам...Хөөрхөн, эгдүүтэй шүлэг.

Нүүдэлчин монголын малчны хөх бууцанд хөлбөрч өсөөд, гадаад гол мөрөн, тэнгисийг гатлан өрнөдийн мэдлэг боловсролыг эзэмшиж, дэлхийн мундагчуудыг уншиж гэгээрсэн оюунлаг чансаа, хэн хүнд ховор олдох хошигнож ёгтолж чаддаг авьяас, нүүдэлчдийн ахуй амьдрал, өвгөд дээдсийн ухааныг шүүж, тэдний сэтгэлийн дотуур дураараа сэлгүүцэн давхих морьтон шиг хийсгэж, эрхлэн хөрвөөж чаддаг ийм арвин их "ҮҮЦТЭЙ" зохиолч тэр үедээ ч тийм олон байгаагүй ээ. Одоо бол бүр нүдний гэм болж дээ. Гэвч хүмүүний амьдралыг зугаацаж, наадаж, наргиж, хөгжөөж л явдаг хэнэггүй эгэл төрх, зан аашаасаа болоод тэрхүү гайхалтай ховорхон ҮҮЦЭЭ бүрэн гүйцэд задалж амжилгүй хорвоогоос буцсан юмуу гэж боддог оо. Сайн зохиолч, сайхан найрагчаас улам ихийг хүсэж шаарддаг болоод ч тэр үү? тэр хийх ёстойгоосоо хамаагүй багыг хийжээ. Роман, тууж, найраглал гээд юуг ч хийж бүтээх гайхамшиг өмнө нь байсаан. Ийм ховор зохиолч тэр бүр Монголын их уран зохиолд олдоггүй юм шүү дээ. Өөрийгөө ч үрж дууссан гэхлээр үлдээсэн өв нь үрэгдээгүй үлдэхийн дээдээр үлджээ. Товч, донжлог, онч цэцтэй, зугаат, дүрслэлт, уншуурт, энэрэлт халуун, ухаан саруул, эгдүүт, хар хоргүй, онц мэдрэмжит гээд гайхамшигт чанарууд хөөрхий Лхагва зохиолчид цогцлон бүрдэж байсан даа. Уран санаа, уран саналгын ёстой нөгөө нэг оновчтой хэллэг биш байж ч болох "ИХ ДЭЛГҮҮР" байсаан.

До.Цэнджав

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/