Уншиж байна...

Ажлаа амжуулсан болохоор зав чөлөөтэй байдаг. Их хайрханаа ойрхоноос нэг харж, хиймор лундаагаа сэргээмээр санагдав. Ойрын хэдэн өдөр тэнгэр битүү үүлтэй, бороо зүсрэн орно. Хэдэн өдөртөө уйланхаайрч орсон бороо гандаж байсан өвс ногоог сэргээж, ургамал амьтад өнгө ороод ирэв.

Тэнгэр юугаа ширтэж, өнөөдөр бороогоо түр завсарлахыг аргадан гуйж залбирав. Тэгээд их хайрханы зүг хөдлөв.

голын урсгалын шүржигнээт дуу ямар нэг хөг аяыг сэтгэлд гижигдэнэ. Голын хоёр эргээр хаяа нийлүүлэн буусан олон айлын дэргэдүүр өнгөрөв. Энэ жил хавар, зун сайхан болсон болохоор хүн ардын сэтгэл тэнэгэр, малын зоо тэнүүн харагдана.
Их уулын бэлд ирэв. Миний байгаа орчинд бороо ч намжлаа. Олон өдөр үргэжилсэн бороо биднийг машинтайгаа дээш өгсөх боломжийг хязгаарлав. Тэгээд уулын огцом оргил өөд явганаар мацаж эхлэв. Хамт яваа залуучууд аль хэдийн урагшаа тасарч одов. Эхлээд 20 метр дутам амарч байсан бол дээшлэх дутам 10 метр дутам, улмаар 5 метр дутам амарч дөтөлсөөр урагшлав. Хамт яваа нөхдөөсөө улам хоцров. Бүх биений хөлс асгарч, амьсгал багтарч, хөл цуцна. Аргагүй биз. Ширээний ард ном, цаастай ноцолдож өдрийг бардаг миний хувьд энэ удаагийн аялал биеэнд огцом ачаалал өгсөн гэнэтийн аялал байлаа. Өндөр уулын хугаст хүрч янз бүрийн хэлбэр дүрс агуулсан хад асганд хүрэв. Асга хадан дунд халтирчихгүйг хичээн харайж явахдаа нүдний үзүүрт нэгэн зүйл торох шиг болов. Зогтусан тэр зүйлийг нүдээ гүйлгэн хайлаа. Асга хадны дунд хэсэгхэн зүлэг ногоо байх агаад түүний захад нэгэн өнгө цацруулсан цэцэг байгааг харав. Эхлээд хэсэгхэн хугацаанд сонирхон харж зогсов. Тэгээд өөрийн эрхгүй “Нааш ир, энд том цэцэг байна” гэж орилов. Юм олж харсан, сониуч зан хөдөлсөн, бас олзуурхан хашгирсан миний дуу надаас холдсон нөхдөд тэр дороо хүрэв. Тэд төдөлгүй миний дэргэд ирэв. Тэдний нэг нь “Вансэмбэрүү” гэж ориллоо. Тэгэхэд толгойд минь ийм цэцэг байсан юм уу гэсэн зурвас бодол гялсхийн орж ирэв.

Хорин долоон жилийн өмнө Их хайрханы оройд цэргийнхэн авиралт хийж байсан санаанд буув. Цэрэг эрс буу зэвсэгээ агсан, цанын ботинк өмсөж, түүндээ “муурын хумс” бэхлэж, бие биетэйгээ уулчдын нэрлэдэг “үндсэн” олсоор хоорондоо холбогдсон хоёр баг Их хайрханы онгоц мөргөж сүйрсэн тэр талаас нь авирч байсан сэтгэлд бодогдов.
Их уулын оргилд гарав. Энэ оройгоос алс холын газар нутаг, уул ус, нуур, гол мөрөн зурсан зураг шиг харагдана. Их хайрханы оргилд гарсаны дараа хүн болгон дэвхцэж цовхцож, баяр хөөрөө сэтгэлээсээ гадагшуулан баясан гүйцгээж байлаа. Биднийг ахалж явсан “мэргэжлийн уулчин” бүгдийг цуглуулан нэгээхэн хэсэг газрыг “уулчны алх”-аар тогшиход цас цөмөрч ёроол нь харагдахгүй их ангал үүсэв. Одоо бид хүлцэнгүй номхон дуулгавартай нэгэн болов. Заасан газраар явж бөөндөө нэгдэн зураг хөргөө татуулав. Тэгээд авч гарсан хүн нэг бүрийн зэвсэг болох гар буу, автомат, тасгийн пулеметоор ёслолын буудлага хийлээ. Олон төрлийн бууны дуу, уулын оргилын цуурай давтамж нэгдэн сүрлэг дуу авиа тархав.
Гэтэл тэрхэн агшинд их оройг тойрон үүлс хуралдан цас орж салхи ширүүсэв. Бид яаралтайгаар оргилоос буух маршрутаар хөдлөв. Ууланд авирч гарахаасаа буух нь хэцүү гэдэг.
Сүйрсэн нисэх онгоцны багийнханы оршуулсан гэх чулуун овоо, онгоцны ослоос үлдсэн агааржуулах “мөгөөрсөн” хоолойны үлдэгдэл, онгоцны сүүлний далавч, цаахан нь уулыг нэвт зүссэн тогтоц бүхий гүн ангал харагдана.
Бид ууланд авирах бэлтгэл хийх зорилгоор ноён оргилын эргэн тойронд дахь бүх уулын оройд гарч билээ. Хэн нэгний нь ээжийн бие муудсан түүнд Вансүмбэрүү өгвөл эдгэх тухай яриа гарч, бид ч хэрдээ түүнд туслах санаатай тэр хавийн уулсыг бүхэлд нь самнаж билээ. Тэгээд Вансэмбэрүү цэцгийг олсонгүй, Их хайрханаар нэрлэсэн арцтай, бас хүлхэдэг бөөрөнхий чулуутай, “хайлдаг” элстэй буцсан юмдаг.

Одоо миний өмнө тэр олон жилийн өмнө хайгаад олдоогүй цэцэг харагдана. Түүн рүү тун болгоомжтой дөхлөө. Тэр цэцгийн тухай дуу, шүлэг, домог, хачин жигтэй түүхийг олонтой сонссон болохоор тэгж их болгоомжилсон байхаа.
Цэцэг залуухан, дөнгөж л дэлбээгээ хумж эхлэж байгаа үе нь бололтой. Цэцгийн дэлбээний хэсэг тод цагаан гэгээнлэг өнгийг өөрөөсөө ялгаруулна. Миний үзэж харж байснаараа төсөөлөн бодвол түүнийг харанхуйд гэрэлтэх фосфорын гэрэлтэй зүүрлэв.
Нялх хүүхдийн зулайд хүрч байгаа мэт эмзэгхэн, алгуурханаар гараараа цэцгийн дэлбээнд хүрэв. Хөвөн шиг зөөлөн зүйл гарт мэдрэгдэв. Түүнээс цааш би гар хүрч зүрхэлсэнгүй. Тэгээд гараа авлаа. Нөхдүүдийнхээ зөвлөснөөр гарынхаа алгыг үнэрлэв.
Ямар сайхан, бас гоёхон үнэр ханхалсан гээч. Дэлхий дээр хүнд таалагдах үнэртэн хийх гэж хичнээн олон нарийн мэргэжлийн хүмүүс амьдралаа зориулж, хичнээн олон хүн хөдөлмөрлөж байгаа билээ. Гэтэл дэлхий, байгаль эх өөрөө энэ бүхнийг бүтээчихсэн байдаг. Байгаль эх өөрөө юутай нууцлагыг бас гайхамшигийг өөртөө агуулна вэ. Цэцэг өөрөө, түүнээс ялгарах өнгө, бас үнэр нь намайг Вансэмбэрүү цэцгэнд дуртай бас хайртай болгож орхив.
Амьдралдаа би олон цэцэгтэй таарч явсан. Манайхан, хүмүүс хоорондын харилцаанд сарнай цэцгийг өргөн хэрэглэж ирсэн билээ. Телевизорын дэлгэцээр цэцэгсийн тухай дэлхийн уралдаан тэмцээнийг үзэж байсан.
Умард солонгост хоёр их удирдагчийнхаа нэрээр нэрлэсэн цэцгийн музейг үзэж, тэрхүү цэцгийн дэргэд дурсгалын зургаа авахуулж явсан.
Хүүхдүүдээ дагуулан Улаанбаатар хотын төвийн хэдэн үнэртэн зардаг дэлгүүрүүдээр явж, бүхий л үнэртэй усыг үнэрлэн сонголт хийж байсан цаг саяхан. Тэр бүхэн одоо Вансэмбэрүү цэцгийн дэргэд зүйрлэх юмгүй мэт сэтгэгдлийг төрүүлэв.
Хүн үзэж харсанаараа бүхнийг жишиж, бас харцуулж дүгнэдэг. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан үнэртэй, гайхамшигт үзэсгэлэн гоо цэцэг–Вансэмбэрүү байлаа. Өндөр уулын оройд шахуу газраа сонгон ургасан энэхүү цэцэг онгон байгалийн зэрлэг төрхийн өөртөө шингээсэн, ертөнцийн гоо сайханы бахархал байлаа.

Бид оргил өөд мацлаа. Байгаль дэлхийн бүтээсэн үзвэр, хад асганы дүрсийг ажиглан, өнгө алаглах ногоо цэцэгсийн зүг нүдээ билчээн урагш тэмүүлэв.

Хад асгадаар өөрийгөө тойруулан хамгаалуулсан жижигхэн дэвсэг зүлгэн дунд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах Вансэмбэрүү цэцэгтэй дахин таарлаа.
Цэцэг бүхэн дэргэдээ байгаа аль нэгэн хадыг нөмөрлөн ургасан харагдана.
Хүн хүнээ түшиж амьдардаг, байгаль ч гэсэн нэг нэгнийгээ түшиж амьдрахаар заяасан тэр хувь тавиланг давтжээ.
Цэцэгсийг би бишрэн шүтэн харна. Вансэмбэрүү цэцэг намайг онгон зэрлэг нүдээр нэвт шувт ширтэн харна. Амьдралдаа би ийм нэвт шувт ширтдэг, онгон танхил зэрлэгхэн нүдтэй таарч яв луу.
Энэ өдөр тав дахиа Вансүмбэрүү цэцэгтэй тааралдав. Миний эргэн тойрон Вансэмбэрүү цэцгүүд байна. Би ийм сайхан цэцэгсийн дунд амьдарч байна. Би ийм онгон сайхан байгаль, үүлгүй хөх тэнгэр, тэнгэрлэг хувь заяатай ард түмний нэг болон төрсөнөөрөө бахархаж байна. Вансэмбэрүү цэцэг чамдаа би хайртай болжээ.

Өндөр уулын цэцэг гэнэ лээ Вансэмбэрүү
Өргөн олон шүтдэг гэнэ лээ түүнийг
Цэцэг цэцэгсээс тэс ондоо гэнэлээ Вансэмбэрүү
Цэвэрхэн төрсөн чамайг түүнтэй зүүрлэлээ би

Ариун нэрийг нь хадгалж явах хариуцлага чамд ногджээ
Алдар нэр, итгэл, хүндэтгэл түүнд нь багтжээ, Вансэмбэрүү минь ээ
Д.Жаргалсайхан
Улаанбаатар-Бээжин-Берлингийн
онгоцонд явахдаа үүнийг тэрлэв.
2008.09.09

1
1
4
4
5
5
6
6
Previous Next Play Pause
1 4 5 6

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/