Уншиж байна...

Бүх улс орон, ард түмний хувьд сайн, муу бүх зүйл байнгад л дээрээсээ эхлэл, нөлөөтэй байсан нь байгалийн ч шалтгаантай, бас нийгмийн ч шалтгаантай нь үнэн агаад түгээмэл үзэгдэл болно. Нар ургаад л дээшлэх тусам халуун, шатам халуун болдог. Ус хичнээн л өндрөөс бууна үүдэх аюул нь төчнөөн л их болдог. Үүл хичнээн л өндөрт хөөрч ихээр хуралдана орох мөндрийн хэмжээ төчнөөн том, их болдог.


Дээрээс бороо их орвол нам доор газарт төчнөөн л их намаг, шалбааг үүсдэг. Дээр тэнгэрт үүл хуралдаж, тэнгэр дуугарч, цахилгаан цахиж эхэлбэл доор газар дээр айдас, түгшүүр үүсэж амьтан, хүмүүс хоргодох газар эрэн бужигналддаг. Ингэж дээрээс л сайн, муу бүх зүйл үүдэгддэг байжээ.
Хүмүүс дээшээ харж, тэнгэр шинжиж, шүтэж байсан нь улс орон дотроо мөн л дээшээ харж, хаад, түшмэдүүдээс жишээ авч, тэднийг дууриаж амьдрахад хүргэжээ. Улстөрийн намуудын дотоод амьдрал ч гэсэн мөн дээшээ харсан, дарга нараа дууриасан шинж, байдалтай нь үнэн юм. Байгалийн энэ дээрээс үүдэгддэг аюул, аврал нь бөө, удган нарын сурталд тусаж тэд “дээрээс, тэнгэрээс асууж байж” хэрхэхийг хэлдэг болжээ. Зурхайч нар ч гэсэн тэнгэр дэх од, гаригсын нөлөө хэмээж 100 хувь шахам худлаагаа үнэн болгож сурталчилдаг. Чингэж бөө, удган нарын сурталд түшиглэн, тэднээс улбаалж зурхай, зурхайчид анх үүсчээ. Хожуу нь шашны суртал ч гэсэн тэнгэр, бурхныг зааж, тэднээс улбаалуулан, тэдэнтэй холбон үзэл, сургаалаа боловсруулж, түмэн олонд номлох болсон байна.
Нийгмийн хувьд, нийт ард иргэдийн хувьд бол тэдний дагах, дууриах, үлгэр жишээ авах хүмүүс нь хаад, түшмэдүүд, улстөрчид, сайд, дарга нар байдаг. Лам нар ч хамбуудаа дууриадаг, цэргүүд ч жанждаа дууриадаг, сурагчид ч багш нараа дууриадаг. Ингэхлээр нийгэм дэх муу болон сайн зүйлүүд мөн л дээрээсээ эхлэл, нөлөөтэй ажээ.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ ч олохгүй” хэмээхийн учир ийм юм. Ардчилсан нийгэмд ч гэсэн сайн, муу бүх зүйл мөн л дээрээсээ эхлэлтэй, төр засгийн томчуудаас үүдэлтэй байдаг. Ардчиллын алтан хараацайнууд бүгд авлигачид, хулгайчид болчих аваас нөхцөл, байдал яг л өнөөдрийн Монголынх шиг болчихдог ажээ. Эрх барьж ирсэн хоёр нам хоёулаа л “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө” гэж лоозогнодог шүү дээ...
Байгаль дахь сайн, муу ч дээрээс, тэнгэрээс, мөн нийгэм дэх сайн, муу ч дээрээс, томчуудаасаа гэдэг нь үнэн юм. 1990, 1991, 1992 онд Монголын нийгэм, улстөр болон эдийн засгийн амьдралдаа шинэчлэлт хийж, 1960 оны үндсэн хуулийг халж, 1992 оны үндсэн хуулийг баталж, мөрдөх болсон үеэс л Монголын төр, засагт ажиллаж байсан эрхмүүд шударга, зарчимч, ёс суртахуунтай байж чадсансан бол ард түмний амьдрал шал өөр, сайхан болчихоор байв. Гэтэл Төрийн Ордонд 32 жилийн туршид хэн хэн байв аа? Бараг л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид! Тийм болохоор л тэдний жишгээр дунд, доод тушаалын дарга нар дагаад, тэднээс үлгэр аваад, дээдсийн мөрөөр ороод л мөн л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид болцгоочихжээ. Сайн, муу бүх зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг дээр дурдсан зүй тогтол Монголд маань яг хэргээ хийж, мөрөө үлдээлээ. Оросууд энэнийг “загас толгойноосоо эхэлж ялзардаг” гэж дүрслэн хэлдэг дээ.
Аль ч улс орон, аль ч нийгэм дээдсээ, ихэсээ дагаж, дууриаж байдаг болохоор, муу, сайн аливаа зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг болохоор Монголын төр, засгийн томчууд л (эрх барьж ирсэн хоёр намын томчууд л) дунд үе, залуу үеэ уруу нь татаж, увайгүй байдалд оруулчихлаа.
Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурсан нэртэй, үнэндээ бол мэдлэг цуглуулсан биш, зөвхөн диплом, хавтас цуглуулсан савангийн хөөс адил магистр, докторууд ч олон боллоо. Дээдсүүд нь хулхи болохоор цүнх баригчид нь дагаад л хулхи болцгоочихдог ажээ. Өнөөдөр төрийн өндөр алба хашиж буй 55-аас дээш насны хүмүүсийн дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдож байгсад, тэдний дараах үе болох 40-өөс дээш насныхны мөн олонхи нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, энэ хоёр үеийнхний араас явж буй 25-аас дээш насныхны мөн л олонхи нь хулхидуу, хуудуутай, шуналдаа хөтлөгдөж мэдэх хүмүүс болчихоод байна.
Ардчилсан нийгмийг байгуулнаа гэсэн хүмүүс маань зөвхөн л дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний төр, засгийг буй болголоо. “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон нь жирийн иргэдийн амьдралд нэвтэрч хэрэгжсэнгүй. 8 сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбоглож шалгагдсаар, ял зэмлэл хүлээсээр л байна. Арга, заль хэрэглэн уснаас хуурай гарсан хүмүүс ч олон боллоо.
Эрх баригч хоёр намын дунд үе, залуу үе нь бүгд л дээшээ харж, дарга нараасаа үлгэр, жишээ авч улам л том авлигач, улам том шахаа, чавчаа хийж, улам их хор найруулагчид болсоор байгаа нь хууль, хүчний байгууллагууд дээр мөрдөгдөж байгаа гэмт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Томчуудынхаа эхлүүлсэн гэмт, нууц үйлдлүүдийн залгамжлагчид болж, нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж, нам дамнасан хуйвалдаанд оролцсоор эцэсдээ гэмт хэрэгтний эгнээнд шилжиж буй залуус хөөрхийлөлтэй. 1990, 1991 оноос л гэмт хэргээ эхэлсэн (засгийн газрын 20-р тогтоолын нууц, алт диллерийн гэгдэх хэрэг, олон банкны дампуурал, өмч хувьчлал, лицензийн болон газрын наймаа гэх мэт) хууччууд нь тэрбумтан гэгдэж, тэргүүн зэргийн одон зүүж, гавъяатан гэгдэн “жүжиглэж”, харин тэдэнд уруу татагдсан хүмүүс ял зэмлэл хүлээсээр байна. Хууль, шүүхийнхэн маань яг л Манжийн үеийнхэн шиг “Хэргийн ихээр болохгүй, хээлийн ихээр шийднээ хө” хэмээн амандаа аялаж, шивнэж байх болцгоожээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/