Уншиж байна...

Дэнж ногоорсон дэлгэр зуны цагтаа Цоргийн гол маань жирэл¬зэн мэлмэрээд хүүхэд насны гэнэн цагаан дурсамжийг эрхгүй санаг¬дуул¬даг сан. Ээжийнхээ хормой¬ноос зүүлттэй эрх танхи үеийн хонхны хэл шиг жингэ¬нэсэн хонгор багын явдлууд энд л хадгалаатай. Голын дэнжээр ургадаг гоё тод шар цэцгийг түүгээд ишийг нь үлээ¬хээр жив жив дуу гарна.

Түүнийгээ дуу¬гар¬даг шар гээд хоёр хацраа түмбийтэл цэцэгний иш үлээж жигтэйхэн их баясдагсан. Бага нас минь ер нь өдөржингөө л голын захад цэнгэг усандаа шумбан наадаж цэцэг эрвээхэйтэй хөөцөлддөг ажилтай байжээ. Сумын төвийнхөө дээхнээс эхтэй Цоргийн гол Сант толгойн араар Гозгор, Барчигар уулсын урд талыг эмжин уруудсаар Ойгон нууртаа цутгадаг. Голоо дагаад айл саахалтаараа хотлон буусан мөөгөн цагаан гэрүүд гүүгээ барьж айргаа исгээд, ааруул идээгээ дэлгэн налайх нь цаанаа л дотно. Нутагт минь өдийд хаврын сар гараад хачин сайхан байгаад даа.
Газрын холд ч гэлээ сэтгэлийн хойморт дэндүү ойрхон уул усандаа цагийн цагт цацлын сүүгээ өргөж тайтгардаг сэтгэл минь жаргалтай юм даа. Манай сум орой дээрээ овоо тахилгатай ар биеэсээ рашаан ундардаг Сант хэмээх толгойн өвөрт эргэн тойрон сүрлэг сайхан уулсаар хүрээлүүлсэн уудам хөндийд байдаг юм. Толгойн орой дээр гарахаар эргэн тойрны уул ус болон сум маань бүхлээрээ нүднээ илхэн. Сум дундын сургууль, эмнэлэг, цагдаагийн тасагтай, соёлын төв хүүхдийн цэцэрлэг, цахилгаан холбоотой төрийн болон хувийн хэвшлийн хориод байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байдаг товхийсэн төвтэй.
Сумын урд талын сунайсан урт нурууг Хөдрөг гэх. Хөдрөгийн нуруу их олон амтай. Морь хашдаг, Нүхэн хад, Зүрх чулуу гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд элбэг бол баруун урдуураа ч Баянцагааны уулсын Улаагчны хавцал, Улаагчны элс, Хунт нуураар үргэлжилнэ. Баруун талыг Шар нуруу эзэлнэ. Сумын хамгийн өндөр цэг нь энэ нурууны Бээсийн овоо гэдэг. Шар нуруунд Сөрд мандааны хяр, Халзангийн даваа, Тогоон чулуу гээд хүн нь байтугай хүлэг нь буцаж гүйдэг алдартай газрууд бишгүй. Баян цагаан Шар нурууныхан хуучнаар Засагт ханы Сэцэн сартуулын хошуунд харьяалагдаж байсан сартуул түмний үр сад. Өнөөгийн Түдэвтэй сумын түүхийг харж байхад 1927 онд Завхан мандал сумын нутагт анх байгуулагдсанаас хойш салж нийлэн энд тэнд нүүж суусаар 1959 онд Нөмрөг сумын нутаг болох Цоргийн голын эхэнд Нөмрөгийн хойд талын гурван багтай хуучин Түдэвтэйн өрх малаа нийлүүлэн тоолуулж нэгтгэн суурьшсан байдаг. Миний багад манай сумын төвийн айлууд хашаагаа ижилхэн голдуу холтостой бөөрөнхий шургаагаар барьсан байдагсан. Хашаан дотор мөн тийм шургааган дөрвөлжин амбаартай. Би сав л хийвэл тэр амбаарынхаа орой дээр гараад хойшоох ихээ холдоо цэнхэртэн суврагалах хөх уулсыг ширтэн суудаг байж билээ. Баруун, зүүн Аргалант хэмээх тэр уулсын Тав¬сагт хөгшин аавынх маань өвөлждөг байсныг хожим нь мөн л тэр уулын Бумбатын булагт хөгшчүүлийг минь нутаглуулсныг дуулаад эцэг дээдэс, нутаг усны хүйн холбоо ямархан нарийн шижмээр холбоотойг ухаарч байсан даа.
Аргалантаас зүүн хойгуураа Онц, Дааган дэл, Баян-Айраг уулсаар хүрээлүүлнэ. Баян-Айраг уул нь Ойгон нуурын хойт бие хэсэг. Нуур сумын төвөөс арван найман км-т оршдог. Ойгонд нутгийн Цорго, Жарамтай, Жаргалант, Могой, Харганын голууд цутгадаг. Олон зууны туршид халх Монголын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний их тулалдаан болж байсан эртний түүхтэй энэ нуурын хөвөө үнэхээр үзэсгэлэнтэй. Нуу-рын урд Бөөрөгийн төв гэж газар байх. Овойж товойж тогтсон жижиг жижиг толгодын дунд том жижиг нийлсэн зуун найман нууртай гэж нутгийнхан ярьдаг. Эдгээр зуун найман нуурыг эмэгтэй лустай гэж хэлэгддэг Ойгон хатан ээжийн усан тахил нь гэж хүмүүс сүслэн итгэдэг юм.
Нуурын тухай ам дамжин ирсэн хууч домог ч их. Эрт нэгэн цагт ангаж цангаж явсан бадарчин энэ хавиар явж байтал нуурын дэргэд гуулин шар домбо харагдаж гэнэ. Очоод үзтэл аагтай шаргал цай домбонд байсныг үзээд их л баярлаж цайг ууж тэнхрэн цааш явах¬даа эргэн эргэн хараад байтал нуураас нэгэн гоо бүсгүй гарч ирээд домбоо аваад орчихсон. Эргүү толгой би цайных нь оронд лусын зай хийчихдэггүй гэж ярьсан гэдэг домог сонссон. Нуурын урд хойд талаас түрж тогтсон уулыг урд, хойд Шанаа гэнэ. Шанааны овоогоо олон үеийн турш тахин шүтэж ирсэн ус нутгийн ахан дүүс маань сүсэг бишрэл ихтэй язгуурын шашинлаг түмэн. Аргагүй юм. Учир нь Ойгон нуурыг тойрон Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Арь гэгээн Б.Дамдин-чогдан, Гүн бандид гэгээн Ч.Жигмэджанцан, Бага бандид гэгээн Б.Чойгдамба нараасаа гадна шашны ловон, цорж, гавж мяндагтай эрдэм чадал их билэг авьяаст олон олон лам хуврагууд төрөн гарсан болохоор тэр юм. Ерөөс надад Ойгон минь ерийн нэг нуур биш ертөнцийн чинадын үнэн, далдын нууц увдисыг хадгалж оршоосон бурханы мэлмий шиг л санагддаг. Манай сумын Ойгон, Цорго, Аргалант, Баян-Айргаар нутагладаг багууд бол Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуунд харъяалагдаж явсан хотгойд түмэн. Хотгойдын таван хошуу гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэгддэг Цогтой вангийн, Эрдэнэ дүүрэгч вангийн, Архай бэйсийн, Далай гүний, Мэргэн түшээ гүний эдгээр таван хошууг Чингис хааны арван тавдугаар үеийн Батмөнх даян хааны отгон ач Гэрсэнзийн удмынхан үе залгамжлан захирсаар 1921 оны ардын хувьсгалтай золгосон байдаг.

Харин хоёр их хутагт маань хотгойд Гүн Загдсамбарын үед тодорсон бөгөөд тэдний ид ухаан сууж эхэлсэн цаг Монгол орны хамгийн эгзэгтэй, эргэлтийн үетэй таарч өөрсдийн оюун ухаан, эрдэм чадал бүхий л амьдар¬лаа улс орныхоо тусгаар тогтнол, эгэл олныхоо тусын тулд зориулан зүтгэсэн түүхэн гавьяатай. Халхын арван гурван тамгатай хутагтын нэг Ховдын хязгаарыг чөлөөлө¬хөд томоохон хувь нэмэр оруулсан 1911,1921 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Жалханз хутагтаараа, Үндэсний хувьсгалчдын удирдагчдын нэг, Улиастайн сайд, Өмнөдөд дотоод яамны тагнуул¬чаар ажиллаж байх¬даа Банчин богд,Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж улмаар Чан Кайшитай зөвлөлдөн байж "Монгол бусад тусгаар тогтно¬сон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно" гэж хүлээн зөвшөөрүү¬лэн Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимд уйлж суусан Дилов хутагтаараа ус нутаг байтугай улс Монгол бахар¬хахгүй байхын аргагүй, санахгүй байхын учиргүй ээ. Холыг харах нүдтэй хоёрыг тунгаах ухаантай баатарлаг дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлэн төрийн жолоо атгалцах хотгойд, сартуул түмний түүчээ тасраагүй нь анхдугаар үндсэн хууль зохиолцсон Найдансүрэн мээрэн, Г.Наянбуу, аж үйлдвэрийн яамны дэд сайд, Завхан аймгийн дарга асан Б.Батжаргал, улсын бага хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Б.Ламжав, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга асан Ц.Дүгэрсүрэн МАХН-ын дарга Г.Очирбат, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нараар үргэлжилсэн.
Түдэвтэй сумаас төрөн гарсан хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,гавьяат, эрдэмтэн докторууд хөдөө аж ахуй болон урлаг соёлын салбарын алдар цуутнуудыг энд бүгдийг нэрлэх гэвэл цаг цаас хүрэлцэхээргүй уртаас урт жагсаалттай. Утга зохиолын ертөнцөд үлдээсэн бүтээлтэй үнэлэгдсэн гавъяатай төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай минь, хөг аялгуу¬гаараа хорвоогийн олон өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,"Өнөр бүл"-ийн өнөөх хөөтэй Ч.Алтан-Өлзий гавьяат,"Суварган цэнхэр уулс"-ын Солонгоороо хэдэн үеийн сэтгэлд хоногшсон гавьяат Н.Батцэцэг, манай циркийн алдарт ардын жүжигчин Л.Нацаг, гавьяат дуучин Б.Отгон, жүжигчин Л.Цэндсүрэн гээд авьяас билэгтнүүд ус нутгийнхаа дуудлагаар урлагийн тэнгэрт гялалзаж чадсаан. Эрдэнэт хүний биеийг олж, эцэг дээдсийн нутгийг онож төрнө гэдэг ховорхон олдох аз завшаан гэдэг дээ. Нутгаа санахаар ээжийгээ санадаг. Миний ээжийг Цэрэннамжилын Должинжав гэдэг эхээс зургуулаа. Том ах Ц.Галдандэмбэрэл нь сумын анхны Бадрал нэгдлийг үүсгэн байгуулалцаж даргаар нь ажиллаж байсан насаараа л сум орныхоо засаг захиргаанд удирдах ажил хийж явсан хүн бий. Дараагийн ах Ц.Лхамсүрэн эдийн засагч мэргэжилтэй аймгийн төвд хоршоодын холбооны дарга, Баянхайрхан суманд эдийн засагчаар ажиллаж байсан. Өдгөө ная гарсан хэдий ч хоёр нагац ах маань анууханаараа энх тунх сайн сууж байгаа. Ээж маань тухайн үеийн хөдөөний хүүхдүүдийн адилаар бага насаа мал дээр өнгөрөөж, бага сургууль дүүргэсэн гэдэг. Ээж надтай хүүхэд насныхаа дурсамжаас хааяа хуваалцана. Миний багад хүүхдүүд их ажилсаг зүгээр суухыг мэддэггүй байсан. Одооны хүүхдүүдтэй зүйрлэх аргагүй. Хааяа нэг малынхаа ажлыг эрт дуусгасан үедээ хотны хүүхдүүд нийлээд бөмбөг тоглохоор саахалтынх нь нэг хөгшин морьтой давхиж ирээд задарсан тархинууд шаагилдаад хийтэй шир тэнгэр лүү шидэж баяслаа гээд тараагаад хөөчихдөг . Тэр хөгшинөөс хүүхдүүд үнхэлцэгээ хагартал айна. Тэгэхээр манай ээж уухайс даа ганц болж үгэнд ордоггүй лүднүүдийг ахиад тогловол сайн элдэж өгч байгаараа гээд бахтай нь аргагүй инээж суудагсан мөн ч дэгтэй байсан байгаа юм даа гээд ярьдагсан. Бас соёлын довтолгооны үеэр байнгын бэлэн байдалд байж бүүр сар гарсан хойно ч шалгалт ирэх гэнэ гээд цагаан халаад өмсчихсөн саальчид гадаа зогсож байсан гэдэг хөгжилтэй яриаг нь мартдаггүй юм. Ээж маань нас биед хүрч айлын хүн болоод бид зургааг төрүүлж өсгөсөн. Би бага нь болохоороо ч тэр үү эрх, ээж амьтай гаравч оровч ээжийн хормойноос зүүгдсэн хөгийн л амьтан байж. Залуу идэр насандаа сумынхаа зочид буудал, эмнэлэгт ажиллаж хорвоогийн хагацлыг эрт үзэж ханиасаа хоцорсон ээж минь хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх айлын дайтай айл явах гэж ухаан, тэвчээрээр урагшаа харж амьдарсан жирийн л нэг эмэгтэй. Найман жилийн өмнө хорвоогийн хоосныг таниулж бурханы орноодоо заларсан ээжтэйгээ хамгийн сүүлд 2000 онд төрсөн нутагтаа очиж уул усандаа золгон, Улиастайн баярт оролцоод улмаар Отгон-тэнгэр хайрхандаа мөргөөд ирсэн. Сайхан ээжийн минь амьдралын түүхийг хадгалж нандигнасан нутагтаа зав л гарвал гүйгээд очих санаатай явдаг билээ найрагч охин чинь. Нутаг ижий хоёроо санахаар нулимс аяндаа дүүрээд ирэх юм даа.
Үндэс бүхэн нь тарнийн шившлэгтэй өвс ногоо

Уруудахын учиргүйг зааж өгсөж ургадаг

Үзүүр нь тэнгэрийн зарлигтай өндөр уулс

Буруудахын учиргүйг нууж завилж оршдог нутгийн минь тэнгэр нь илүү цэлмэг, газар нь дэндүү зөөлөн одод нь илүү тод байдаг аа. Нар сарны ээлжлэх орчилд намар, хавар, зун, өвөл солигдовч өнөөх л хэвээрээ өлгий¬дөн угтаж үдэн мордуулах амьдын диваажин алтан сайхан нутаг минь ард олныхоо зүрхний угаас алдуурах аргагүй аргамжаатай.
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Должинжавын ОЮУНДЭЛГЭР

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/