Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаал өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.
Тус явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар жагссан.
Дараагаар нь Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээг сурталчилж чадвал жилээс жилд оролцогчид өсөх хандлагатай байна. Эх оронч үзэл, ахмад үеийн баатарлаг дайчин алдарыг сурталчлахад энэ хүндэтгэлийн жагсаал маш ач холбогдолтой юм. Уг арга хэмжээ нь Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тул БХЯ, Хүчний байгуулагуудын төлөөлөл оролцсоныг эс тооцвол, ГХ-ийн сайд хоцордогоороо хоцорч, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд ач холбогдол өгөлгүй өнгөрөв.
“Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, алба хаагчид, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, Орос хэлний сургалттай сургуулийн багш, ажилтан, сурагчид, Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан дайчдын үр сад оролцсон юм. Мөн цэрэг иргэний олон нийтийн байгууллага, МБНЭ-ийн төлөөлөл, залуучуудын байгууллага оролцлоо.
Дээрх жагсаал Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрөөр буюу жил бүрийн тавдугаар сарын 9-нд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн онд ОХУ-д болсон “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ.
Б.Цэлмүүн