ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Хар ус нуурын хаяагаар засмал замаар салхи татуулан давхих сайхан. Ховд хот түүхэн үйл явдлаар байлаг. 1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан.
Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж, Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ. Эртний түүхт сангийн хэрэмний шавар туурь дээр очиж сонирхолоо.
1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм. 1940 оноос Ховд аймгийн төв болж, 1952 онд Жаргалант хот, 1961 онд Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэж, 1992 онд Жаргалант сум болсон юм. Ховд хот нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засаг нийгмийн хөгжлийн төв болж байна. Хотын төв талбайд байрлах Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд дурсгалын зураг авахуулав. Олон зуун жилийн настай түүхэн моддыг харах ч сайхан.
Буянт голын хоёр хөвөөгөөр хотын айлууд зусланд гарчээ. Тэдгээр зуслангийн айлуудын дунд майханаа барьж хоноглосон билээ.
Жаргалант сум Засаг захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25 гаруй хүн ам, 6800 гаруй өрхтэй. Ховд их сургууль, ХААИС-ын салбар, Ховд-Эрдэм дээд сургууль зэрэгт нийт 2500 гаруй оюутан сурч суралцаж байна.
Энэ л хотоор өнгөрөх бүрдээ Ховд аймгийн МБНЭ-ийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Лувсанлхамо холбогддог. Холын аянд зорих замдаа түүнээс ярилцлага авч кино мэдээлэл хийх санаа байсан ч ковид өвчин тархсан энэ цаг үе бидэнд саад боллоо.
Хотоос гараад засмал замаар Баян-Өлгийг зорив. Замын хоёр талаар уул, хөндий жирэлзэн өнгөрнө. Мөн ч олон удаа энэ нутгаар аялжээ.