Олон өндөр уулсын нугалаанд ноён оргил нь үл харагдана. Сүүн голын гүүрээр гараад сурлэг уулсыг хөндлөн гараад хоёр уулын хөндийгөөр орсоноор бидний бартаат зам дуусч жижиг машин ч явахаар замтай болдог.
Алтай таван богдын оргилын наахан орших Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын улсын хамгаалалтын хяналтын цэгэд тулж очно. Ковидын үедтэй зэрэгцэн олон хүн, машин цугларсан харагдана. Иргэдийн ярьж байгаагаар гэрт хоноглоход 500 мян төг, Овоо хүртэл очоод ирэх 6 км замыг туулахад Пургон машины хөлс 100 мян төг гэж чих дэлсэв. Шавартай хөндий, бартаат замыг туулсаар Алтай таван богдын овооны наана орших нуурын дэргэд очиход байгаль тэрхэн агшинд бороо хураа хайрлаж манан үүсч оргилууд харагдахаа болив. Хэдий хугацаанд тэнгэр онгойтол хүлээх болдоо хэмээн дотроо бодож амжаагүй байтал, солонго татаж тэнгэр онгойж, овоо, Алтай таван богд цэлийтэл харагдаж эхэллээ. Овоон дээр хүн маш их байлаа.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш олон зуун уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.
Энд хилийн отрядын дарга нартай, Өлгий хотын танилуудтайгаа учирч хуучлаад өнгөрөв. Үндсэн лагераас 2 км уруудаад майхнаа босгон амарлаа. Тунгалаг сайхан нуурын усыг харан байгалийн сайханыг үзэж, чимээг сонсох сайхан.
Маргааш өглөө нь бартаа багатай “цагаахан” замаар давхисаар Өлгий хотруу орж ирлээ. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газраар бүхэлд нь явж, олон жил судалгааны ажилаар ажиллаж байсан тул олон газраар аялсангүй товчхон аялал хийлээ.