Уншиж байна...

Танин мэдэхүйн нэг өвөрмөц хэлбэр болох уран сайхны сэтгэлгээ нь ухамсрын бус зөн билгийн мөн чанартай байдаг.Уран сайхны сэтгэлгээ нь аливаазохиол бүтээлийг танин мэдэх үндэс суурь бөгөөд ерөөс аливаа уран сайхны бүтээлийн суурь болдог ойлголт. Уран сайхны сэтгэлгээ нь зохиол бүтээлийн суурь болдог төдийгүй аливаа уран сайхны бүтээлийн эцсийн үр дүнг танин мэдэх, ойлгож ухамсарлах үндэс суурь нь болдог бөгөөд энэ үйл явцад уран сайхны хэл найруулга буюу уран сайхны хэлбэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг,

зөвхөн хэл найруулга буюу хэлбэрийн тогтолцооны хүрээнд л ийнхүү сэтгэж болох билээ. Уран сайхны сэтгэлгээ нь хүний бүхэллэг сэтгэлгээний хөгжлийн нэг төвшин юм.
Түлхүүр үг : зөн билиг, ухамсар, өөрийгөө ухамсарлахуй, ахуй, танин мэдэхүй, уран сайхны сэтгэлгээ, уран сайхны найруулгын хэв маяг, уран бүтээл, хөгжил, философи мэдлэг.
Философийн бүх түүхийн туршид зөн билгийн асуудал нь хамгийн их нарийн төвөгтэй ойлголтуудын нэгд тооцогдож ирсэн юм. Бидний сонирхож буй асуудлууд нилээд нарийн төвөгтэй гэдгийг урьдчилан тэмдэглэж байна !
Эрт цагийн аугаа их сэтгэгч Аристотель улс төр, шинжлэх ухаан, ёс суртахуун, уран сайхны бүтээлүүд буюу урлагийн тухай философи үндэслэлүүдийг боловсруулсан билээ. Түүний үзэл бодлоор уран бүтээл гэдэг нь амьдрал дээр байдаг бүх зүйлийг буюу бүх боломжийг бодит зүйл болгож дүрслэн улмаар хүний оюун ухаан оюун ухаантайгаа зөвшилцсөний үр дүн бөгөөд тэрээр үүнийгээ “ нийтлэг ерөнхий мэдрэхүй” хэмээн тодорхойлжээ.
Энэ бол үнэн хэрэг дээрээ Аристотель оюун ухааны үүрэг нь аливаа эргэцүүлэл ойлголтын далд битүү агуулгыг тодруулан илрүүлэх төдийгөөр хязгаарлагдах бөгөөд зөвхөн зөн билгийн үндсэн дээр л түүний бүрэн агуулгыг буюу бүх хүрээг хамран тодорхойлох боломжтой гэдэг гаргалгаанд дөхөж очсон хэрэг юм.
Зөн билгийг ойлгож ухамсарлах цаашдын зам Зенон, Клеанф, Хрисипп, Посидон нарын стоик урсгалын философичдындэг сургуулиудад боловсруулагдсан байна. Танин мэдэхүйн жинхэнэ эхлэл эдгээр эрдэмтдийн идэвхтэй оролцоотойгоор бүрэлдсэн нь:Логос ба Оюун ухаан хэмээх ойлголтууд ньжинхэнэ танин мэдэхүйн үндэс суурь болж өгсөн түүхтэй. Оюун ухаан бүх юмс үзэгдэл тэдгээрийн хоорондын харьцаа холбоонд үйлчилж байдаг байнгын хууль, зүй тогтлуудын гүнд нэвтрэн ордог. Харин сэтгэл санаабол орон зай цаг хугацааны дотор үгээр илэрхийлэгддэг. Ертөнц боламьд оюун санааны мөн чанартай. Зайлшгүй гэдэг бол материйн хөдөлж буй хүч. Стоикуудын метафизик философид хүч гэдэг бол юуны өмнө сэтгэлгээний хүч, амьдралын хүч биеийн болон оюун санааны ахуйг хэлбэржүүлж байдаг тэрхүү амьдралын хүч гэж үздэг.
Плотин болон түүний шавь Проклийн философид огторгуйн нэгдэл нь зөвхөн үнэмлэхүй дээд эх ундаргатай нөхцөлд л боломжтой тухай сургасан санаа бодлуудтай бид тулгарах болно.
Декартаар эхэлсэн Шинэ үеийн философичид шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэний үндсэн дээр хүний сэтгэлгээний мөн чанарт нэвтрэн орохыг эрмэлзэх болсон бөгөөд тэрчлэн зөн билиг бол үнэмлэхүй мэдлэгийг дам бус байдлаар шууд хүлээн авах нэг арга боломж гэж тодорхойлж байв.
Спиноза, Локк, Лейбниц, Мальбранш нарын философид зөн билгийг оюун ухааны мөн чанар буюу үнэнийг шууд танин барих оюун санааны дээд хэлбэр /чадвар – С.Э/ гэж төсөөлж байв. Зөн билгийг ойлгож ухамсарлах үйл явцад И.Фихте, Ф.Шеллинг, Новалис, Э.Гуссерль нарын Германы сонгодог философи нь өөрөө нэг шинэ үе шат болсон юм. Тэрчлэн Фихте үзэхдээ зөн билиг гэдэг бол үнэнийг шууд бясалгах ухааны эрхтэн гэж үзэж байсан бөгөөд өөрөөр хэлбэл оюуны зөн совин гэж тодорхойлж байжээ. Байгалын шинжлэх ухааны боловсрол эзэмшээд яруу найрагч, философич болсон романтизмын эхэн үеийн нэг төлөөлөл болох Новалис “шидэт реализм” хэмээн тодорхойлсон өөрийн философи сургаалиа үндэслэсэн. Хүн гэдэг бол Новалисын хувьд нэг бичил ертөнц гэж төсөөлөгдөх бөгөөд түүнийг танин мэдэх арга зам нь саланги тасархай байдлаас нэгдмэл байдалд нь авч үзэх арга зам ажээ. Тэрээр үзэхдээ ухаан, бодол, уран сэтгэмж зэргийг жирийн үг хэлний тусламжтайгаар илэрхийлэх бололцоогүй тийм гүн гүнзгий далд битүүлэг “БИ”- ийн гүйцэтгэж буй үүрэг гэж тодорхойлж байсан бөгөөд түүнийг тайлбарлахад үгийн хүч хүрэлцэхгүй бөгөөд Новалисын бодлоор бол зөвхөн Тэнгэрлэг дээд нууцлаг ахуйн мөн чанар л түүнийг илэрхийлж /тайлбарлаж – С.Э/ чадна. Новалисын төсөөллөөр бол ертөнцийг танин мэдэхүй нь зөвхөн урлаг, шинжлэх ухаан, философийн нэгдмэл байдалд л боломжтой бөгөөд зөн билиг нь энд амьдралын эх ундаргыг ойлгуулж өгөх болно.
Шеллинг өөрийн философи үзэл баримтлалын хүрээнд дараах дүгнэлтэд хүрсэн. /дөхөж очсон/.Үүнд : танин мэдэхүйн хэлбэрүүд нь баримт, нотолгоо,, жишилт, дүгнэлт зэрэг биш харин оюун санааны зөн совин болон оюун ухааны бясалгалын замаар судлагдхуунаа шууд ойлгож мэдэх явдал гэж үзсэн байна. Аливаа бодол нь хэлний хэлбэрт орох тусмаа төдий чинээ ядуурдаг бөгөөд дээд танин мэдэхүйд тус болохоосоо илүү ус болдог. Тиймэрхүү танин мэдэхүйн субьект нь ерийн өдөр тутмын ухаан бодол байх боломжгүй, харин зөвхөн философийн буюу уран сайхны бүтээлүүд болон бодомжууд байх боломжтой. Ийм учраас урлаг уран сайхны сэтгэлгээ, уран сайхны хэл зэрэг нь ерөнхий түгээмэл танин мэдэхүйн дээд хэлбэрт хамаарагдана.
Э.Гуссерль бол философийн шинэ дэг сургууль буюу бие даасан шинэ урсгалыг үндэслэсэн хүн бөгөөд түүний зорилго нь шинжлэх ухааны хатуу логикт баригдсан философийг өөрчлөн хувиргаж, философийн салбарыг логикийн категориуд болон хатуу царцанги /хөдөлгөөнгүй – С.Э/ хуулиудаас салгах явдал байсан юм. Тэрээр судлагдхуундаа буюутэрчлэн обьектод хандахдаа зөн билгээрээ хандах явдлыг үндэслэсэн.Мөн үнэний шалгуурууд бол субьектийн хувийн сэтгэл хөдлөлүүд гэж үзсэн. А.Бергсон үзэхдээ ухамсар болон дээд ухамсар нь амьдралын эрмэлзэл тэмүүлэл, мандан бадралын эх үндэс гэж дүгнэсэн. Хүний ухамсар амьтны ухамсраас ялгарах гол ялгаа нь түүний цоо шинэ чанар болох уран бүтээл болон зөн билигт хандах чадвар, бололцоо боломжинд нь оршдог. Бергсоны бодлоор бол энэхүү уран бүтээлд хандах чадвар нь аливаа хүнд амьдрах ба цаашид хөгжих итгэл найдварыг өгч байдаг. Уран бүтээл гэдэг бол түүний бодлоор философи болон гоозүйн танин мэдэхүйн дээд хэлбэр болох оюун санааны зөн билгийг тодруулахаас өөр юу ч биш гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байдаг.
Хэрэв эртний философи нь газар дэлхийн ахуй бол хорвоо ертөнцийн нэг хэсэг гэдэг сэтгэлгээгээр тэжээгдэж байсан бол Оросын философи нь аливаа философи асуудлыг үндэсний ухамсрын өнцгөөс судлан шинжлэх эрмэлзэл тэмүүлэлтэй байв. 19-р зуунд Орост үүссэн “славчирхах үзэл” хэмээх тодорхойлолтыг өөртөө хүлээсэн философи чиглэлийг авч үзэх нь бидний энэхүү судалгаанд бүрэн зүй ёсны асуудал билээ. Үндэсний оюун санааны өвөрмөц байдлыг илэрхийлдэг Славчуудын энэхүү философи нь уран сайхны бүтээлүүдтэй шууд харьцаатай байсан юм. Энэхүү“славчирхах үзэл”- ийг үндэслэгчдийн нэгА.С.Хомяков өөрийн бүтээлүүдэд : мэдрэмж ба оюун ухаан гэх мэт хүний ердийн өдөр тутмын танин мэдэхүйн бололцоо боломжийн тусламжтайгаар жинхэнэ танин мэдэхүйд хүрэх боломжгүй, “дотоод гүн мэдлэг” болон “билгийн мэлмий” зайлшгүй хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн байдаг.
В.С.Соловьёв үнэмлэхүй хэмээх категорын үндсэн дээр танин мэдэхүйн онолыг цааш хөгжүүлэхдээ жинхэнэ буй бүхний – үнэмлэхүй дээд нэгдэл гэх үзэл санааг тунхагласан бөгөөд энэ нь аливааүзэгдлүүдийн бүх нийтийн түгээмэл холбооны тухай түүний өөрийнх нь хувийн ертөнцийг үзэх үзлийн хүрээнд боловсорсон үзэл бодол юм. Соловьёв танин мэдэхүйн үйл явцыг өөртөө шинжлэх ухаан, урлаг, философ зэргийг багтаасан ямар нэгэн нэгтгэн дүгнэх үйл явц гэж сэтгэж байсан бөгөөд энэхүү синтез дотор зөн билиг нь тухайн судлагдхууны туйлын-үнэмлэхүй үнэн утгыг өгч /илэрхийлж –С.Э/ чадна гэж үзэж байжээ.
Сергей Трубецкой болон Евгений Трубецкой нарын философчид өөрсдийн бүтээлүүддээ мөн зөн билгийн асуудлуудын талаар үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Тухайлбал “Оросын бурханы хөргийн таталбарууд” дахь “Өнгө будган дундах билиг билгүүн” хэмээн нэрлэгдэх болсон ажлууд нь уран сайхны бүтээлд зөн билиг оролцдог болох тухай эргэцүүлэмжид түлхэцөгсөн бөгөөд энэхүү ухааны мэлмий буюу зөн билгийн оролцооны тухай үзэл бодлыг Оросын уран барилга болон бурханы хөрөг зураачид тусган авсан юм.
С.Трубецкой “Логосын тухай сургаал” хэмээх өөрийн философийн номлолдоо мухар сүсгийн зөн билгийг үгүйсгэж, тэмдэглэхдээ : Танин мэдэхүй нь биднээс гадуур биш харин бидний дотроос манай Тэнгэрлэг оюун санаанд бид бүх талаасаа, жинхэнэ үнэн дүр төрхнөөсөө тусдаг. Манай тодорхой ухамсарт буйжинхэнэ үнэн мэдлэгийн тийм эх үүсвэрээс л бид үнэнийг хайх ёстой.”Тэрээр цааш нь тэмдэглэхдээ : “Буй бүхний тухай түгээмэл үнэнийг оролцуулсан манай тийм танин мэдэхүйн мөн чанар нь тодорхой үйл ажиллагааны хүрээнд л өөрөөр хэлбэл манай Бурханы сэтгэл, мэдрэмж, хүсэл зоригт л оршино” /Трубецкой 2000,606,608/
Н.А.Лосский философийн шинэ сургаал болох интуитивизмыг үндэслэсэн. 1907 онд тэрээр “Зөн билгийн үндэслэл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Дараа нь энэхүү асуудалдаа зориулж өөрийн философийн суурь бүтээл болох “Мэдрэмж болон оюун санаанд өртсөн тэрчлэн мухар сүсгийн зөн билиг” хэмээх зохиолоо бичсэн нь А.Бергсоны эхлүүлсэн танин мэдэхүйн үйл явц дахь чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болох зөн билгийн философи үндэслэлийн талаар хийж байсан судалгааны ажлын үргэлжлэл болсон юм.
Эцэст нь тэмдэглэхэд ийнхүү 19-20 зууны Оросын философийн дэг сургуулиудад зөн билгийн асуудал чухал судлагдхуун болж байсан бөгөөд энэ тухай С.Л.Френк “Бидний танин мэдэхүйд өртөж байдаг хүрээлэн буй орчны юугаар ч тайлбарлахын аргагүй, тоо томшгүй, нууцлаг, бодит байдлаар хязгаарлагддаггүй тэр зүйлүүд манай ердийн ухамсарт зөвхөн зөн билгээр дамжин нээгддэг.” /Френк 1990,47/
Ерөнхийдөө төгс санаануудыг бүгдийг нь харахад зөн билгийн асуудлуудыг судлах судлагдахуунууд ньөөрөө хязгаарлашгүй олон янзын өнгө төрхтэй гэдгийг тэмдэглэвэл зохино. Эртний үеэс эхлэн зөн билгийн асуудал нь метафизик, танин мэдэхүй, онтологтэрчлэн тусгай шинжлэх ухаануудын сэтгэлгээний хөгжилтэй холбоотойгоор байнга анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд жишээ ньой санамж ба сэтгэлгээний хоорондын харилцан уялдаа холбооны асуудлаар хийсэн А.Бергсоны судалгаа байна.
Уран сайхны сэтгэлгээ зөн билиг хоёр хэрхэн харилцан нэвчдэг асуудалд болон энэ үйл явц хэрхэн өрнөдөг тухай В.А.Моцартын өөрийнх нь жишээн дээр тодруулж болно. Үүнд: “Надад таалагдсан хөгжмийн санааг би эхлээд толгойдоо тогтоон барьж аваад дараа нь тэдгээрийг өөрөө бүх биеэрээ мэдэрдэг. Янз бүрийн хөгжмийн зэмсгүүдийн дуу авианы тухай, эсрэг өнгөний тухай зэрэг бусад санаа бодлууд гарч ирэх яг тэр агшинд би өөрийн санааг олж авдаг. Энэ нь миний сэтгэлийг маш иххөвсөлзүүлэн хөдөлгөдөг бөгөөд хэрвээ надад хэн ч саад болохгүй байвал, чухам тэр үед маш их санаа бөөн бөөнөөрөө урган гарч ирээд би улам бүр асан дүрэлзэж, тэдгээр уран санаа уран сэтгэмжүүдийнхээ амин сүнсийг ухамсарладаг бөгөөд хэдийгээр бүдэг бадаг боловч бараг бүтнээрээ бэлэн болсон хөгжмийн зохиолминий толгой дотор жүжиг мэт харагдаж эхэлдэг. Ийнхүү эцэст нь би түүнийг өөрийн сэтгэл санаандаа яг л гайхамшигтай уран зураг юм уу үзэсгэлэн төгс хүний дүр төрх мэт ганц харцаар л эзэмдэн авч, гэнэт түүнийг бүх дүрслэлд нь ямар ч дэс дараалалгүйгээр бөөнд нь бүхлээр нь сонсдог. Бүх боловсруулалт, зохион бичих зэрэг нь надад яг л гайхамшигтай зүүд шиг болоод өнгөрдөг” /Лосский 1999, 225/.
Хөгжмийн/уран сайхны/ санаа Моцартийн ухамсарт төрөхдөө яг л уран бүтээлийн зөн совин мэт, гэрэл гийх мэт, зүүд нойр мэт өнгө – аялгууны хэлбэрээр бууж ирдэг байна. Хөгжмийн буюу ерөөс уран сайхны сэтгэлгээний явцад зөн билгийн мэдрэмж хэрхэн илэрч байдгийг энэхүү баримтаар тодорхойлж болно. Ийнхүү санаа ургуулан бодохуй хоёр нь сүлэлдэн нийлэх үед – “Би өөрийн санааг тогтоож аваад...” . Моцарт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралт, дээшлэх доошлох өнгө, хурд, айзам хэмнэл зэрэг хөгжмийн хэлний бусад олон арван элементүүдийг бүгдийг нь нийлүүлэн нэгэн цогц байдлаар бөөнд нь сэтгэх замаар тухайн хөгжмийн зохиолыг бүхэлд нь нэгэн цул байдлаар төсөөлдөг байжээ. Чухамэнэ тохиолдолд бид оюун санааны зөн билиг хэрхэн илэрч байгааг /харж/ тэмдэглэж болох билээ. Моцартын хөгжмийн сэтгэлгээ хэрхэн хөгжсөнийг шинжлэн үзсэнээр уран сайхны сэтгэлгээ бол уран дүр болон уран сайхны санаа – сэтгэлгээг бүхэлд нь цогц байдлаар төсөөлөн тусгаж авах чадвар бүхий зөн билгээр /зөн совин – С.Э/ өгөгдсөн бэлэн өгөгдлүүдийг ашиглах явдал мөн гэсэн товч тодорхойлолт өгч болох ажээ
хххххх.
Бид хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, зураачид, зохиолчдын уран бүтээлийн үндэс болох уран сайхны сэтгэлгээний учрыг олох зорилт өмнөө тавиагүй,учир нь ингэвэл энэ нь В.Левийняг оновчтой илэрхийлсэнээр зүгээр л бодол санааны араас ангуучлан хөөцөлдсөн хэрэг болох хэрэг билээ.
Танин мэдэхүйн явц дахь хүний зөн совин уран сайхны сэтгэлгээ хоёрын хоорондын харилцан хамаарлын үүргийг илрүүлэх нь нэн чухал гэж бид үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор биологийн нэг төрөл зүйл болохын хувьд хүний хөгжлийн цаашдын хандлага болон орчин үеийн хүний асуудлуудыг онцгойлон анхаарах явдал зайлшгүй чухал болж байна. Энэхүү асуудлаар олон тоооны үзэл бодол гарч ирж байна. Харин бидний үзэл дараах үндсэн гурван чиглэлд суурилж байна. Үүнд : сэтгэлзүйч, философич К.Юнг, биологич бөгөөдмөн л философич П.Тейяр де Шарден болон А.Горц нар.
20-р зуунд амьдарч буй хүний тухай ярихдаа К.Юнг бичсэн нь : “Орчин үеийн гэдэг бол дөнгөж саяхан боловсорсон хүн, орчин үеийн асуудлууд гэдэг бол дөнгөж саяхан л бий болсон асуудлууд бөгөөд түүнийг хэрхэн шийдвэрлэх нь одоохондоо алс ирээдүйн хэрэг байна. Орчин үеийн гэж бидний нэрлэдэг тэр хүн өөрөөр хэлбэл ерөөс яг одоо шууд өнөөдөр амьдарч байгаа хүн бол нэг ёсондоо түүхийн хязгаарт, түүний оргил дээр зогсож байгаа хүн бөгөөд : тэдний дээр тэнгэр, харин тэдний доор эртний түүхийн мананд далдлагдан алга болсон бүх хүн төрөлхтөн өөрийн туулж өнгөрүүлсэн түүхэн замналтайгаа хамт оршиж байгаа бол тэдний өмнө гагцхүү үзүүр хярхаггүй алс ирээдүй л байна.” /К.Юнг 1998, 335/
П.Тейяр де Шарден орчин үеийн хүнийг тодорхойлохдоо биологийн хөгжлөөсөө сэтгэлгээний оргилд гарах замыг туулсан давтагдашгүй өвөрмөц бодгаль гэж үзсэн. Хүн хувьсал хөгжлийнхөө энэ замд өнөөдөр, байж үл болом мэдээллийн тэсрэлт, компьютер зэрэг аж үйлдвэржилтийн эрин үед олзлогдож, улмаар хиймэл оюун ухаан болон өөрийн ижлийн өрөөсөн болох биологийн роботыг бүтээж байна. Энэ бүхний гаргалгаа ердөө л ганцхан утгатай : хүн өөрийн мөн чанарынхаа гүнд живэн алга болох тийм цаг ирлээ. Энэ бүхний дараа өөрийн жинхэнэ амин хувийн түгээмэл нийцэт мөн чанараа ойлгож авах, өөрийн ахуй болон нийтийн ухамсарт оршихуйгаа алдаж дуусгах болно. /Шарден 1987/
А.Горцын бүтээлд туйлын хатуу байр суурь илэрхийлэгдэж байна. Хүн төрөлхтөн хаашаа явж байна гэсэн асуултанд тэрээр хариулахдаа : хүний дараах иргэншилрүү, хиймэл оюун ухаанаас биологийн хэлбэрийн хувьд өөрчлөн хувиргах “аллотехнологи” -руу болон “гомеотехнологи”гэгч үйл ажиллагаа руу явж байна. Үүнд : “Хүний оюунухаан өөрсдийн бүтээж буй бүтээлүүд дээрээ тэрчлэн шинжлэх ухаан, техникийн түрэмгийлэл дээр хяналтаа алдсан бөгөөд нийгмийн болон түүхнийн байгууламжууд тэдгээрийн байлдан дагуулалтад хяналт тавьж, хориг саад хийж чадаагүй. Оюун ухаан өөрийнхөө бүтээсэн тэдгээр хүчирхэг машинуудыг хянаж байгаа юм шиг боловч,үнэн хэрэг дээрээ энэхүү хүчирхэг машинуудын логик өөрсдийн ээлжинд тэрхүү инженерүүд, эрдэмтэд, улс төрчид, социологчдыг бүр ч илүү ихээр хянаж байгаа бөгөөд тэрчлэн тооцоог хянаж захирч буй тэдгээр удирдлагууд /энд зохиогч Н.Е.Черткова орчин цагийн автоматжуулалт, компьютержүүлэлт, био технологи, хиймэл оюун ухаан, төрөл бүрийн сүлжээний кодолсон болзолт удирдлага зэрэг мэдээллийн технологийн сүлжээг бүхэлд нь хэлж байх шиг байна – С.Э/ тооцоонд ордоггүй тэр бүх зүйлс, тухайлбал сэтгэл зүрх, мэдрэмж, шаналал зовлон, баяр хөөр зэрэг хүний мөн чанар огт хамаагүй болж, ач холбогдлоо алдаж байна. Иймэрхүү байдлаар энэхүү хиймэл /зүрх сэтгэлгүй хүйтэн – С.Э/ логик нийгмийн анхаарлын төвд шилжин орж улмаар тэднийг удирдсанаар амьдралын бүх хүрээнд дэлгэрэх болно. Хиймэл оюун ухаан аль хэдийн манай засгийн газрууд, эрх баригчдын оюун ухаанд өөрийн ул мөрөө үлдээх болсон бөгөөд харин манай боловсролын систем энэхүү логикийн зүгээс / төрөл бүрийн автомат удирдлага, мэдээллийн технологи, сүлжээний зүгээс – С.Э/ бидний жинхэнэ төрөлх оюун ухаанд үзүүлэх дарамт нөлөөг дэмжиж байна.
Өнөөдөрманай бүх сэтгэлгээг өөрчлөх асуудлаар оюун ухааны талбар дээр тулалдаан болж байна, өөрөөр хэлбэламьдралын үнэт зүйлийг ухамсарлах тал дээр оюун санааны эргэлт гарч байна.” /Горц 2008, 29/
Хүн төрөлхтөн өөрт нь ойртон ирж буй “мэдээллийн дарангуйлал”-ын өөдөөс юуг сөргүүлэн тавьж чадах вэ? уг нь бол Ф.М.Достоевскийн “Гоо сайхан ертөнцийг аварна” хэмээх үгийг хамгийн өндөр дуугаар ямар ч гэнэн сэтгэлгүйгээр чин санаанаасаа хэлэх юм бол, энэ үзэл санааны ард хүн төрөлхтний ашиглагдаагүй аугаа их бололцоо боломж хийгээд хүний мөн чанарын бодит бус гайхамшигт чадвар зөндөө бий билээ.
Уран сайхны сэтгэлгээ нь энэхүү мөн чанарыг бүрдүүлэгчдийн нэг юм. Орчин үеийн бие хүн төлөвших явцад уран сайхны сэтгэлгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг ертөнцийг үзэх үзлийн төвшинд ухамсарлах нь хүн хүнээрээ үлдэхэд хэрэгтэй гэдгийг ойлгоход нэмэртэй юм. Уран санаа, уран сайхны сэтгэхүй, уран сайхны бүтээл – энэ бүхэн юу ч байлаа гэсэн хүнд өөрийнх нь “БИ”- г нээн үзүүлэх, ахуйг дүрслэх боломжтой байдаг бөгөөд харин хүн төрөлхтний хувьд түүний хөгжлийн түүхийг нээн харуулдаг билээ. Уран сайхны сэтгэхүйн гарал үүслийг ажиглан судалцгааж байгаа билээ.
Эрдэмтэд хүй нэгдлийн үеийн хүмүүсийн сэтгэлгээг судлаад тэр үеийн ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл нь анимизм /бүх юмыг сүнстэй гэж үзэх үзэл – С.Э/ байсан бөгөөд тэд уран сайхны, домгийн, бодит дүрүүдийг хооронд нь ялгадаггүй байсан гэсэн дүгнэлт хийжээ. Эцэст нь домгийн сэтгэлгээний дүрүүдээсээ тэд эртний хүмүүсийн шүтэн биширдэг бурхадын дүрүүдийг ялгадаг болсон байна. Яваандаа уран сайхны болон домогзүйн сэтгэлгээний суурин дээр хэлний болон шашны ухамсар үүссэн байна. Пифагорчууд сэтгэхүй хуваагдашгүй чанартай гэж үзэж байсан бөгөөд амьдралын янз бүрийн үе шатыг танин мэдэх, оюун санааны амьдралын гүн дэх нууцлаг ахуйг танин мэдэх зэрэг нь зөвхөн дэлхий дахины урлаг уран зохиол болоод түүний хувьсал хөгжлийн түүхээр дамжин хэрэгжих боломжтой, танин мэдэхүй нь гагцхүү хувь хүний уран бүтээлийн замар л нэгдмэл чанарт хүрдэг гэж сургасан байдаг. Энэ үйл явцад зөн билиг онцгой хөтөч үүрэг гүйцэтгэдэг.
Н.А.Лосский зөн билигт ангилал хийсэн. Тэрээр тэмдэглэхдээ зөн билиг гэдэг бол ертөнцийг бүхэллэг нэг цул байдлаар ойлгож хүлээн авах нандин чадварыг эзэмших онцгой авьяас, мухар сүсгийн зөн совин зэрэг нилээд хэдэн хүчин зүйлсийг өөртөө агуулсан философийн нэг категори юм гэж үзээд оюун санааны зөн билиг гэдэг бол бүтээлч бие хүний авьяас чадвар бөгөөд уран сайхны бүтээлүүд болон шинжлэх ухааны нээлтүүд нь мэдрэхүйн зөн билиг дээр суурилж буй болдог гэсэн. Улмаар мэдрэхүйн зөн билиг гэдэг бол хүний удмын санд оршин хадгалагдаж байдаг авьяас чадвар гээд Лосский түүнд “идэвхтэй бүтээлч субстанциональный /эзэн биегүй мөн чанар – С.Э/ зүтгэлтэн” хэмээх тодорхойлолтыг өгсөн.
Сэтгэхүй бол хүний оюун санааны үйл ажиллагааны тасралтгүй урсгал бөгөөд нэгэн цул бүхэллэг чанартай байнгын хөдөлгөөнт үйл явц мөн. Уран сайхны сэтгэлгээ нь өөрийн гэсэн тодорхой төвшинтэй байдаг бөгөөд энэхүү төвшин нь түүхэн хөгжлийн явцад хүнтэй хамт дэвшин дээшилж иржээ. Зөн билгийг философийн үүднээс нэгтгэн дүгнэвэл танин мэдэхүйн өвөрмөц хэлбэр болох уран сайхны сэтгэлгээний явцад ахуйн утга учрын тухай бэлэн мэдлэгийг хүлээн авах механизмыг нээн илрүүлдэг байна. Хүн төрөлхтний түүхэн хувьсал хөгжлийн явцад ертөнцийг танин мэдэх янз бүрийн хэлбэрүүд боловсруулжээ. Энэ хэлбэрүүд ерөнхийдөө хоёр туйлд хуваагдсан. Үүнд : шинжлэх ухааны танин мэдэхүйн арга ба уран сайхны сэтгэлгээ. Харин эднийг нэгтгэдэг ерөнхий үндэс нь зөн билиг юм.Зөн билгийн,хорвоо ертөнцийн хязгааргүй ахуй дахь өөрийн “БИ”-г ухамсарлах оролдлого, ертөнцийг ойлгож танин мэдэх, эзэмших үйл явц нь дурын ямар ч хэлбэрээр илрэн гарч болно.
Аливаа уран сайхны бүтээл нь уран сайхны сэтгэлгээний нэг үр дүн бөгөөд юуны өмнө өөртөө өнгөрсөн, одоо, ирээдүй цаг хугацааны дарааллыг тээж явдаг ахуйн агуулгыг нээн илрүүлдэг бөгөөд тухайн цаг үеийнх нь хэл найруулгаар дамжин уран бүтээлд дүрслэгдсэн дүрслэлүүдийг агуулж байдаг. Уран сайхны хэл найруулга гэдэг бол тухайн бүтээл дэх хувь хүний болон цаг хугацаа орон зайн асар том хүчирхэг илэрхийлэл юм. Найруулгын хэв маягийн тухай олон тооны тодорхойлолт байдгаас нилээд товч тодорхой нь дараах томьёолол бөгөөд : оюуны соёлын бүх үзэгдлүүдийг бүхэлд нь нэгтгэж байдаг, урлагийн янз бүрийн төрөл хэлбэрүүдэд өргөн дэлгэрсэн философийн түгээмэл категори. Уран сайхны аливаа зохиол бүтээлүүд дэх цаг үеийн болон, ард түмний тэрчлэн хувь хүний найруулга нь урлаг дахь онцгой, ерөнхий, нэгдмэл чанарыг илэрхийлдэг.
Урлагийн бүтээлүүд гэдэг бол орчин үеийн урлаг, шинэ үе, Дахин сэргэлтийн үе, феодалын нийгэм, эртний үеийн уран сайхны бүтээлүүд тэрчлэн хүй нэгдлийн үеийн хүний урлагийн эхэн үеийн хэлбэрүүд гэх мэт өөр өөрсдийн цаг үеийн олон хэлбэрийн төрөл зүйлүүдийн төлөөлөл болсон орон зай – цаг хугацааны хэлбэрүүд юм. Цаг үе болгон Хүн болоод амьдралд хандах өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байсан бөгөөд тэр бүхэн нь урлаг уран зохиолд нь дүрслэгдэн үлджээ. Урлагийн бүтээл бүхэн өөрийнхөө бүтээгчдийн оюун санааны мөн чанарын илэрхийлэл болж байдаг өөрөөр хэлбэл түүний оюун санааны ахуйд хамаарагдах хамгийн сайн, зохист хэлбэрийг илтгэн харуулж байдаг.
Уран сайхны зохиол бүтээлүүд нь матер болон оюун санааны нэгдэл нягтрал болсон тийм бүтээлч энергийн их эрчим хүчийг өөртөө төвлөрүүлж, уран сайхны огторгуй дахь тэдгээрийн хоорондын харилцан учир холбогдол ба зөн билгийг хэрэгжүүлдэг. А.Бергсоны оновчтой тодорхойлсоноор “Уран сайхны ахуй гэдэг бол идэвхтэй, амьд, бүтээлч хөдөлгөөн мөн.” Энэхүү ахуйг зөвхөн зөн билгийн болон бясалгалын замаар л гагцхүү танин мэдэх бололцоотой. Энэхүү уран сайхны ахуйд оюун ухааны сэтгэлгээгээр хандах боломжгүй. /Бергсон 1992,15/Уран сайхны сэтгэлгээ нь тодорхой уран сайхны хэлбэр болох уран сайхны зохиол бүтээлд нэвчин шингэж, үнэнийг болон гоо сайхны утгыг өөртөө тээсэн бүтээлч баримт бөгөөд хүнд өөрийнх нь өндөр дээд оноо тавиланг ойлгуулж, эрх чөлөөг нь мэдрүүлэн, аливаа төгс төгөлдрийг ойлгож ухамсарлахад нь тусалж, хүний хувьд өөр юугаар ч орлуулшгүй тийм эрхэм нандин үүрэг гүйцэтгэдэг.
Урлагийн бүтээлийг танин мэдэх үйл явц нь басхүү уран сайхны сэтгэлгээг тодруулах үйл явц бөгөөд танин мэдэхүйн идэвхит чанар зайлшгүй нэг нөхцөл нь болж өгдөг. Ийм учраас урлаг цаг хугацаанаас ангид мөнх зүйл бөгөөд М.Булгаковын гайхамшигтай илэрхийлсэнээр “гар бичмэлүүд шатдаггүй !”. Уран сайхны зохиол бүтээлүүдтэй хамт, тэдгээрт дүрслэгдэн илэрхийлэгдэж буй утга, цаг – орон, улс үндэстэн, ард түмэн, бодгаль хувь хүний тухай тодруулга дүрслэгддэг. Түүнд /урлаг уран зохиолд – С.Э/ тухайн үндэстний үзэл санаа, улс үндэстэн, ард түмнүүдийн ахуй амьдрал нэвчин шингэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан үндэстнүүд болон ард түмнүүдийг басамжлах, хяхан хавчих, хөгжлийг нь боогдуулах, тэднийг баллуурдан арчих зэрэг үзэгдлүүд орчин үеийн хандлага болж буйг гүнзгий задлан шинжлэх нь чухал. Энэ бүх үзэгдлүүдийн цаана : үндэстний ухамсрыг уусган үгүй болгож, хүнийг төрлийнх нь хувьд устгах буюу хөсөр хаягдсан өвөрмөц нэгэн шинэ бүлэглэлд шилжиж байгаа юм биш биз ?
Хэрвээ Чайковский, Моцарт, Бетховен нарын хөгжмийн зохиолууд болон хүн төрөлхтний оюун ухааны өөр бусад аугаа их бүтээлүүд ерөөс уран сайхны бүтээлүүдээс эдгээр асуултын хариуг хайвал хариулт нь бас ч найдвар төрүүлнэ, үүнд : хүн төрөлхтөн бурханлиг бүтээлч оюун санааны гэрэл гэгээг ойлгох хэрэгтэй, Н.О.Лосскийн илэрхийлсэн “бурханлиг хайр”-нд буюу ахуйн үнэмлэхүй төгс төгөлдөрт тэмүүлэх нь түүний зорилго болсон үед л хүн өөрийн газар дэлхий дээрх амьдралын бүх царцанги хөшүүн байдлаа даван туулж чадах магадгүй.
Энэ зам дээр хүн төрөлхтөний өмнө өнөө хэр нь шийдвэрлэгдэшгүй, шийдэж чадаагүй асар их асуудлууд нийгмийн хөгжлийн эдүгээгийн энэ шатанд үүсэн хуримтлагдсан байна. Хэрвээ Эх дэлхий маань амьд мөн чанартай бөгөөд бид түүний нэг хэсэг нь мөн л юм бол бүх хүн төрөлхтний үйлс хийгээд бүх орчлон ертөнц төгс төгөлдөр гэдэг бол – оюун сүнсний баримтууд бөгөөд харин уран сайхны бүтээлүүднь бүтээлч оюун санааны илэрхийлэл мөн л юм бол өөрийнх нь үндэстний язгуур ухамсрыг нь хадгалахгүйгээр харин ч түүнийг нь устган сүйтгэснээр хүнийг биологийн төрөл зүйлийнх нь хувьд өөрийнх нь хувьсал хөгжлийг шинэ зэрэг шатанд дэвшүүлж болно гэж үү?
Энэ үйл явц нь бусад үйл явдлуудтай холбоотой бөгөөд тухайлбал ялангуяа үндэстний уламжлал болон тухайн үндэстний хэл яриаг хадгалан хамгаалахад хариулт нь оршино. Орчин үеийн хүн өөрийн ард түмний, үндэстнийхээ уламжлалыгхөгжүүлэн үргэлжлүүлэхгүйгээр хөгжил дэвшилд хүрч болно гэж үү? Мэдээж энэ асуултад нэгэн утгат хариулт өгөх боломжгүй бөгөөд аливаа ард түмэн, үндэстэн бүр энэ асуудлыг өөр өөрийнхөөрөө шийдвэрлэнэ. Олон улсын хэл бий болгох гэж оролдсон түүхэн жишээ баримтууд бий, жишээ нь “эсперанто” хэл байна, гэвч энэ нь хэтийн төлөвгүй туршилт болох нь нотлогдсон билээ. Тэрчлэн энэ нь үндэстний урлаг уран сайхны бүтээлүүдгүйгээр бололцоогүй зүйл юм. Ард түмэн болон үндэстнүүдийн олон янз байдал нь тэднийг бие биетэйгээ адилгүй асар их ялгаа бүхий болгон хуваан салгаж буй боловч энэ нь бас тэдэнд тэсч үлдэх, урлаг уран бүтээлийн хувьд ялгаран хөгжих боломжийг нээж өгч байна. Янз бүрийн ард түмэн үндэстнүүдийг нэгтгэх нь Дээд тэнгэрийн төгс төгөлдөрийг мэдрэх нэг шаардлага өөрийн үндэстний хамаарлаасаа тусгаар байгаа хүн бүхэн энэ асуудлыг дотроо боддог бөгөөд харин бидний үзэл бодол дараах гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд : аливаа ард түмний уран сайхны бүтээлүүдэд ямар нэг хэмжээгээр дүрслэгддэг эрх чөлөө, хайр, хөдөлмөр.
“Ахуйн төгс байдал” хэмээх категори нь өөрөө юуг төлөөлдөг вэ гэдгийг харцгаая. Философийн бүх түүхэнд Ахуйн тухай сургаал болох мөн чанарыг танин мэдэхүйн хэсэг байдаг бөгөөд энэ ойлголтын гүнд нэвтрэн орохын тулд “мөн чанар”, “субстанц”, “амьдрал”, “үнэн” хэмээх ойлголтуудыг сайтар ухамсарлаж, ашиглах хэрэгтэй бөгөөд учир нь эдгээр нь ахуйн категориудтай салшгүй холбоотой.
Эртний философитой хамт эхлэхдээ бүр тодорхой хэлбэл элеатуудын философитой хамт эхлэхдээ ахуй нь гурван гол шинжээр тодорхойлогдож байжээ. Үүнд : 1 -рт: ахуй оршин буй харин ахуй бус зүйл бол эс оршиж буй 2 –рт: ахуй бол нэгдмэл бөгөөд хуваагдашгүй цул мөн чанартай. 3 –рт: ахуй танин мэдэхүйд өртөнө, өөрөөр хэлбэл түүнийг танин мэдэж болно, харин ахуй бус зүйл бол танин мэдэхүйд өртөхгүй, өөрөөр хэлбэл түүнийг ухаарч ойлгож болохгүй. Энэхүү үзэл анх өөрийн дурлалт бүсгүй Эвридикийг хайн газар доорх үхэгсдийн ертөнцөд илгээгдсэнОрфейн дүрээр дамжин утга зохиолд дүрслэгдэж эхэлсэн юм. Үгээр илэрхийлэх боломжгүй бүхнийг уран сайхны хэлээр илэрхийлэх бололцоотой, гэхдээ үзсэн харсанаа тэмдэглэх боломжтой : Орфей болон Эвридик хоёрын тухай миф нь философийн мэдлэгийг уран сайхны сэтгэлгээгээр нэгтгэн дүгнэх шаардлагаар төржээ: аливаа урлагийн бүтээл уран санааны хэтрүүллээрээ ялгардаг : тухайн тохиолдлуудад дүрслэгдсэн үхэл, бодит бус ахуй гээд л бүгд үнэн хэрэг дээрээ бодит амьдрал дээр боломжгүй зүйлс байдаг. Гэвч уран сайхны сэтгэлгээний үүднээс аваад үзвэл цаг хугацаа – орон зайн эдгээр огторгуй нь бүрэн боломжтой : Орфей газар доорх ертөнц рүү бууж чадсан, яагаад гэвэл түүнийг Хайр болоод мэдрэмж нь хөтөлж байсан бөгөөд энэ нь бүх саад бэрхшээлүүдийг тэр ч байтугай үхлийг ч даван туулах бололцоотой.
Эрин цаг, эрин үе бүхэн ахуйн тухай философийг хөгжүүлж, уран сайхны мөнхийн бүтээлүүдийг бүтээн туурвиж ирсэн түүхтэй билээ. Энэ бүхэн урлаг уран сайхны бүтээлүүд болон философи хоёр нь хоорондоо харилцан холбоо хамааралтай болох тухай сэтгэлгээ үүсэн төлөвшихөд хүргэсэн билээ.
Түүхийн эрин үеийн дараалал ээлжилсээр 19-р зуунд Оросын философийн орон зайд шилжсэн юм. Энэ үед чухамдаа ахуйн тухай сэдэв мэтгэлцээний гол сэдэв болж байв. В.Л.Соловьёвын философийн бүх өгүүллүүд Ахуйн нууцлаг бүрхүүлийг нээн илрүүлэхэд зориулагдаж байсан бөгөөд : ертөнц танин мэдэгдэхүйц бодитой оршин байна, хүнийг байгалын гоо сайхан хүрээлэн байна, түүний зорилт нь энэ гоо сайхныг авран хамгаалах, хадгалах, тэрчлэн амьдралын оюун санааны ертөнц юунд оршиж байна, хайрын утга учир юунд оршиж байна гэх мэт асуудлуудад хариулт эрж байлаа. В.Соловьёвын философийн үзэл баримтлалууд нь зөвхөн дараа үеийнхээ Оросын философийн хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй басхүү тухайн цагийнхаа уран сайхны сэтгэлгээний нэг дуу хоолой нь болж байсан юм.
М.И.Глинк, М.П.Мусоргский, Н.П.Бородин, П.И.Чайковский нар болон бусад хөгжмийн зохиолчид зураачдын бүтээлүүдэд энэ үг өргөн утгаараа ухамсарлагдаж, дүрслэгдсэн байдаг бөгөөд ерөнхий утга санаа нь өөрөө ахуйн агуулгын талыг бүрэн дүүрэн төлөөлж чаддаг билээ. Энэ үзэл санааны утга учир нь уран бүтээлчид болон философичдын далд ухамсар ба бүтээлч ухамсарт байнга төрж, хэлбэржиж байдаг. Тухайлбал уран сайхны бүтээлүүдэд төрсөн утга санаанууд нь эцсийн бүлэгт үндэсний ухамсрын хүрээнд л хэлбэржиж, нийтлэгийн ерөнхий ухамсарт хувирсан байдаг. Жишээ нь : 1908 оны 11 сарын 7-нд тоглосон Н.П.Бородины “Игорь ван” дуурьт Ф.Шаляпины дуулсан “Эх, эрх чөлөөг надад өгөөч, өгөөч” хэмээн харийн дайсны олзноос чөлөөлөгдөхийг хүсэж буй вангийн тухай утга санааг илэрхийлсэн Игорь вангийн аридайсуй ирээдүйн эрх чөлөөг зөгнөсөн бүх Оросын ард түмний нийтлэг хүсэл зоригийг ухамсарласан /зөн билгээрээ – С.Э/ байдаг.
ОХУ-ын ШУА-ийн “Вопросы философии” сэтгүүлийн 2012 оны №4
Орчуулсан С.Энхбаяр
2014.02.09

Бусад мэдээ

Mar 30, 2024 112

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/