Уншиж байна...

 

Нийслэлийн Баянгол дүүргийн өндөр настан Ж.Баатар гуай энэ сонирхолтой болсон явдлыг ярьсан билээ. Тэр намар санагдана. Нэг их үерийн дараа юм. Наяад оны эхэн байх. Би ахын хүүхэдтэй хамт тарваганд явлаа. Гачууртын автобусаар

гарч өгсөн дөө. Тосгонд буучихаад, хүн амьтны нүд хариулан зүүн уулыг хярлаад алхчихав. Хэдэн уул даваад Хуандын эхээр гараад ойн захад хүрлээ. Доошоо тал руу буухад л тарваганы орон гэсэн үг. Үд өнгөрч байсан тул ойн захад орж өдрийн цай, хоол болохоор зэхэв. Гэтэл хажууханд хэдэн сойр идшилж харагдав хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш ингэж ярив. Калибртай явсан тул сойрын шөл уумаар санагдаад болдоггүй. Ингээд томхон мод таширлаж очоод хоёрыг нухаад авав. Доохно нэгэн өвөлжөө байх юм. Үдэш болгоод тэнд очиж хонодог хэрэг гэж товлоод, өглөө сахих тарвагаа дурандан сонгож хоёр саарал дош шиллээ. Дүүтэйгээ хоёулаа хоёр сойроо янзлаад нэгийг нь түүдэг дээр голоор нь мод шургуулан шарж, нөгөөхөөр нь төмстэй шөл хийв. Салахын арга алга. Шөлийг нь ханатлаа ууж аваад, шорлогоо орой идэхээр нөөгөөд хэвтчихэв. Нар ч жаргаад ирлээ. Жаал дуг хийж орхиж. Босоод оройн хоолоо идэж уун энэ тэрийг ярьсаар байтал үдшийн бүрий ч болов.

Нөгөө намаржаанд очвол хүн амьтны хөлийн ул мөр ч алга. Эзэнгүй хашаа, энд тэнд хураасан өвснөөс өөр юм харагдсангүй. Малын хашааны саравчин доогуур харвал гар чийдэнгийн гэрэлд хэсэг өвс дэвссэн хуучин хэвтэр харагдав. Очоод хэвтэж орхилоо. Дүү маань залуу хүн болохоор хэвтэв үү, үгүй юү хурхираад өгөх нь тэр. Хэсэг хөрвөөж байгаад би ч зүүрмэглэж орхиж. Нэг мэдсэн чинь хүн амьсгаадаад, өвс зөөгөөд байх шиг санагдлаа. Сэмхэн босч өнгийвөл нүдэнд үзэгдэх юм алга даа гэсэн ч гурван газар байсан өвсийг нийлүүлж орхиж.
Хашааны эзэн ирж өвсөө янзалсан юм болов уу гэж бодоод дахин хажуултал дахиад өвс зөөгөөд болдоггүй. Чимээ гарсан чигийг тоочиглоод харвал юу ч байдаггүй шүү. Бүр аргаа барав. Босоод очих гэхээр ганц нэг хүн яваад айж цочих вий гэж бодоод болив. Яалт ч үгүй эрэгтэй хүн амьсгаадаад, ажил хийгээд байлаа. Хоолой засч чимээ өгвөл хариу алга. Дүү сэрчихэв. “Та яагаад унтахгүй байна?” гэлээ. Би эхлээд ямар нэг юм хэлсэнгүй. Айчихна гэж бодсон хэрэг л дээ. Есдүгээр ангийн хүүхэд шүү дээ. Юм үзэж, сонсоогүй улс аюултай шүү дээ. Цочирдож айгаад сэтгэцийн өвчтэй болохыг хэн байг гэхэв. Нойр хулжаад гээд залчихлаа. Дүү эргээд унтав бололтой. Тэгтэл өнөө хүн дахиад л ажиллаж эхэллээ. Их амьсгаадах юм. Гэтэл дүү сэрчихэж. “Ах аа, энэ юун чимээ гараад байна вэ?” гэх нь тэр. “Түрүүнээс хойш л тэгээд байсан юм. Хоёулаа гарч харъя” гээд босов. Гараад очвол сарны гэрэлд юу ч харагдсангүй. Юун хүнтэй манатай юм болов. хашаа саравчийг нэгжээд юу ч олсонгүй дээ. Хэрэг ч бишидлээ. “Эзэнтэй хашаа юм байна” хэмээн битүүхэн хэлбэл “Юун эзэн?” гээд дүү ойлгох янз байсангүй. Хэлэхээс аргагүйд хүрлээ. Хоёулаа энд хонож болохгүй нь ээ. Ойн зах руу дөхөж хоноё гээд явав. Нэгэн модны ёроол бараадаад өвсөн дээр хэвтээд өгөв. Тэгээд бид ийн ярилаа. “Энэ намаржаа эзэнтэй бололтой. Буг чөтгөр гээд л хүмүүс ярьдаг даа. Намайг багад манай нутагт бас нэг ийм өвөлжөө байсан юм. Хэн ч очоогүй байхад цэмбийтэл цэвэрлэж орхидог юм билээ. Эзэн нь Чантуу гэдэг хачин нэртэй хүн байсан юм. Тэгээд Чантуугийн сүнстэй өвөлжөө болоод удсан. Тэр хавийн өвс ургамал сайхан гардаг ч хүн, мал өвөлждөггүй байв. Бааст гэдэг хуучны номтой нэг өвгөн аргыг нь хайчихаад өөрийн өвөлжөө болгож авсан юм. Тэгсэн ч Чантуугийн чөтгөртэй өвөлжөө нэрнээсээ салаагүй юм” гэх зэргээр ярьсаар үүр цайлгаад өглөөний ундаа уучихаад би хоёр дошоо сахив.

Өглөөний гараан дээр хоёр дошоос нэг, нэгийг аваад харих замдаа гарав. Шууд хот орчихож болсонгүй. Хорио ид байсан болохоор бүр доошоо бууж Туулын хөвөөнд хоёр тарвагаа янзалж авъя гэж бодоод доош алхчихлаа. Гол дөхөж явтал хоёр айл байхаар нь цай уух санаатай орсон юм. Төв аймгийн айл нь хараажаар илт. Унд ус муутай, үг дуу цөөнтэй хүмүүс юм. Хоосон цай залгилангаа үг өдөв. Ойгоор жаал алхаж, үдэш болгоод дээр буй намаржаа бололтой газрын хашаанд хонох гээд хоёулаа чадсангүй. “Эзэнтэй юм шиг байна” гэвэл гэрийн эзэн бололтой өндөр хөх хүн сая нэг юм ам нээв. “Өө, тэгээ юу. Бардаггүй юм чинь тэр байх. Эзэн нь өнгөрсөн жил эндчихсэн юм. Насан гэдэг хүн байгаад өнгөрчихсөн. Сүнс сүлд нь хоргодоод яваагүй гэдэг. Та нар явуулын улс учраас мэдээгүй байна. Насангийн сүнстэй намаржаа гэдэг чинь тэр дээ. Тэгэхдээ хүн хард хиргүй ээ. Яах ч үгүй. Айж ичээгүй л бол болох нь тэр” гэж ирээд ярьсан юм. Насан гэдэг залуугийн өвөлжөө байсан юм билээ. Тэгээд өнгөрөхөөрөө сүнс сүлд нь намаржаандаа хоргодож орхихгүй юү. Ер нь хааяагүй тиймэрхүү өвөлжөө, хаваржаа, намаржаа бишгүй байдаг юм билээ. Хүүхэд байхдаа ч сонсч явлаа. Хожим нь өөрийн биеэр ч учирч үзлээ. Гэхдээ ихэнх нь гэм хоргүй юм шиг санагдсан. Надад л лав ийм тийм юм тохиолдоогүй шүү. Дээрх хар хүний хэлснээр айж цочихгүй аваас муу юм болдоггүй юм билээ гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэр намаржаа одоо ч бий байх. Гэхдээ арга чаргыг нь хайлгаад хэн нэгэн аль хэдийнээ өөрийн болгосон байлгүй дээ гэснийг нь уншигчиддаа өргөе дөө.
М.Тэлмэн

Бусад мэдээ

Feb 14, 2024 382

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 195

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/