Уншиж байна...

Батбаяр БАЯРТОГТОХ

-Олон жижиг биш, цараатай том уурхай байснаар үр нөлөө нь жинтэй байна-
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Оюу толгой”-н гүний уурхайн талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай та танилцаж амжсан уу. Шинэчилсэн найруулга хэр болсон байна вэ?
-Хуулийн төсөл уншсан. Алдаатай юм олон байна. Энэ чигээрээ гарвал бүтэхгүй ээ. Арай тийм зүйл болохгүй байх. Гарвал аюултай. Төрийн хүнд суртлыг багасгаагүй, харин ч нэмэгдүүлсэн байсан. Төрийн оролцоог хумих бус тэлсэн харагдсан. Ингэж шинэчлэл хийвэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дахиад Оюу толгой шиг том бүтээн байгуулалтууд бий болохгүй. Дараа дараагийн том орд ч илрэхгүй. Геологи, хайгуул ч урагшлахгүй. Шинэчлэгдэж байгаа хуулийн төсөл миний хувьд таалагдаагүй. Журмаар зохицуулах боломжтой маш олон асуудлыг хуульчлах гэж оролдсон байсан. Стратеги нэрээр төр булааж авах, өөртөө бүхнийг хураах процесс энэ хэвээр үргэлжилбэл уул уурхайн салбар мухардалд орно. Хөрөнгө оруулалт ч нэмэгдэхгүй. Эдийн засаг ч хөгжихгүй. Тиймээс нэлээд нухацтай хандаж, сайжруулахаас аргагүй. Салбарынхан, салбарын оролцогч талууд одоо санаа оноогоо хэлж, тусгах байх. Хууль гарсан хойно биш гарахаас нь өмнө бултаараа хэлэлцэж, алдаг мадаг багатай гаргах нь чухал. Энэ бол өргөн хүрээнд авч үзэх асуудал. Гурван жил шахам боловсруулсан гэхэд судалгаа, тооцоо муутай, салбарын хөгжлөө том зургаар нь харж чадаагүй байсан. Төрийн зохицуулалт нэмэгдсэн. Өнгөрсөн хугацааны алдаагаа давтахгүй, оноогоо ахиулахын төлөө зорих ёстой. Тэгж байж л бид хариуцлагатай, хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлж чадна. Хууль бүхий л талын оролцоо, эрх ашгийг хангаж, түүнд нийцэж байвал улсаараа хожно.
-Хэт хатуу нөхцөл тулгасан байна уу?
-Журмаар зохицуулж болох зүйлийг хуульчлах шаардлага байхгүй л дээ. Тухайн цаг үе, дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарах юм гэж байна. Бүхнийг хуульчлах нь эргээд хүнд суртал үүсгэдэг. Гэтэл шинэчилсэн найруулгад ийм зүйл их байна лээ. Дээр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг их өндөр байлгах нөхцөлүүд тавигдсан байсан. Олон үе шаттайгаар тогтооно гэдэг нэг талдаа татвар тооцож ногдуулахад ч, татвар төлөхөд ч төвөгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ ханш өсөж, буурч байгаа энэ үед татвар нэг буураад, нэг өсөөд байж болохгүй. Анхнаасаа татвар нь тодорхой байвал талуудад амар. Шинэчилсэн найруулгад анхаармаар зүйл олон орсон байсан. Төрийн өмчит компаниудын оролцоог багасгах, тоог нь цөөлөх ёстой. Төрийн оролцоо хэтэрхий данхайж байна.
-Энэ удаагийн найруулгад чухал ашигт малтмал, уурхайн хаалт гэсэн шинэ агуулга оруулж ирсэн байсан. Стратеги нэршил нь хадгалагдах юм байна.
-Дэлхий дээр стратегийн орд гэсэн нэр томъёолол байхгүй. Манайх л 2006 онд гаргаж ирсэн. Ер нь стратегийн орд гэдэг нэр томъёо буруу л даа. Стратегийн ордуудаас Оюу толгой л гаднын хөрөнгө оруулалт татлаа. Бусад нь чадсангүй. Зарим нь хөдөлсөнгүй. Уул уурхайн салбарт төрийн өмчит компани л олноор нэмэгдлээ. Стратегийн чухал түүхий эд гэж байж болно оо. Гэхдээ цаг үе, зах зээл үүнийг тодорхойлно. Мөнхийн юм гэж байхгүй. Хэрэгцээгээ дагаад өөрчлөгдөнө. Том орд нээх, том уурхай ашиглах боломжийг хаасан, эсрэгээрээ жижиг хүчин чадалтай уурхай, бага нөөцтэй ордыг ашиглахыг илүү дэмжсэн. Бодлого ингэж л явж байна. Уг нь олон жижиг биш, цараатай том уурхай байснаар тэр хэрээр эдийн засагт үр нөлөө жинтэйхэн ирнэ. Ашигт малтмалын тухай хууль салбарын хөгжлийг тодорхойлох бодлогын маш чухал баримт бичиг. Тиймээс олон талаас нь харж, харгалзаж үзэх учиртай. Ойлгомжгүй, тодорхой бус, хоёр утгатай зүйл, заалт огт байж болохгүй, таарахгүй. Салбарын харилцааг зохицуулж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг ч арилгах шинэчлэл болоосой гэж харж байна.
-Шинэчилсэн найруулга дээр өөр ажиглагдсан зүйл юу байсан бэ?
-Нүх сүв ихтэй. Яаж ч тайлбарлаж болохоор тийм заалт их харагдсан. Тиймээс өмнө хэлсэнчлэн олон талын санаа бодлыг сонсож, тусгах байх. Хэлэлцүүлэг ч нэлээд өрнүүлж, тэндээс сайжруулалт хийгдэх байх. Хоорондоо зөрчилдсөн агуулга их байсан. Энэ ньэргээд маргаан дагуулдаг. Цоорхой үүсгэдэг. Үүнийг ашигладаг, ашиглаад сурчихсан хэсэгт боломж олгохоор байсан.
-“Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт эхэллээ. Танд ямар сэтгэгдэл төрөв?
-Эдийн засаг талаасаа ч, улс төрийн талаасаа ч бодсон Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал. Энэ том төслийг Монгол Улс хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, явуулна гэдэг манай эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй, бүс нутагт ч гэсэн нөлөөтэй. Энэ том үйлдвэрийн бүтээгдэхүүн бүс нутагт зарагдана. Бүс нутгаас мөн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөө басавна. Тэр утгаараа Зүүн Азийн бүс нутагт ач холбогдол өндөр. Ер нь төслийг хэрэгжүүлэхийн төлөө манай Уул уурхайн ассоциаци олон жил зорьж, ярьж, олон түмэнд зөв ойлголт өгөхийн төлөө явж ирсэн. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй нутагшуулж, байршуулах, үүний үр шимийг хүртэх том эхлэл “Оюу толгой”. Ил уурхай ашиглалтад ороод хэдэн жил болж байна. Хүдрийн агуулга нь далд уурхайн агуулгаас ихээхэн бага. Ордын нийт нөөцийнх нь 85 хувийг агуулсан гүний уурхайн зэсийн баяжмалын агуулга нь хамаагүй өндөр. Агуулга өндөр байна гэдэг орлого нэмэгдэнэ гэсэн. Компанийн ашиг, орлого ч сайжирна. Татвар, хураамж ч дагаад өснө. Татварын орлогоор дамжаад төслийн үр шим нь харагдаж эхэлнэ. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд татвараар л хүргэнэ. Татварын орлого сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийгмийн дэд бүтцийг сайжруулах учиртай. Уул уурхайн салбарын ашгийг олон нийтэд хүргэх арга зам нь татварын орлого л байдаг. Гол нь энэ орлогоо улс хэрхэн зарцуулах, үр ашигтай байлгахаас их шалтгаална.
-Хувьцаа эзэмшүүлэх нь хэр оновчтой вэ?
-Хамгийн сонгодог, шударгаар хүргэдэг арга бол татвар, татварын тогтолцоо. Үүгээр л үр шим хүртэнэ. Татварын орлогоор дамжуулж баялгийн өгөөжийг хүргэнэ. Түүнээс хувьцаа эзэмших замаар баялгийн өгөөж хүртэхгүй, ийм замаар хүртээнэ гэдэг тийм ч зөв шийдэл биш. Манай Засгийн газар хувьцаа олгосон. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг үнэ төлбөргүй иргэдэд эзэмшүүлсэн. Үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэдэг сонгодог утгаараа байж болохгүй. Компани яах гэж хувьцаа гаргадаг гэхээр үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө босгох гэж, хөрөнгө оруулалтаа нэмэх гэж тэр. Мөнгөгүй тараагаад өгөхөөр ямар ч ашиггүй. Зах зээлийн нийгэмд бид амьдарч байна. Ардчилсан зах зээл, чөлөөт нийгэмд шилжсэн үед нэг ойлголтыг манай ард түмэн иргэд мэдэх ёстой. Үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй юм гэж байдаг бол тэр хулганы хавханд л байдаг гээд байгаа. Тэгэхээр үнэтэй л байх ёстой. Хамгийн шударга хуваарилалт татвараар дамжуулж ард иргэддээ баялгийн өгөөжийг өгөх, үр шимийг хүртээх. Тэгж ойлгож байгаа. Хувьцааг арилжаалдаг. Арилжаалж байж компани хөрөнгө оруулалт хийнэ. Дахиад хэлье. Хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэгэдэг оновчтой хувилбар биш. Энэ баялгийн шударга хуваарилалт болж чадахгүй.

Бусад мэдээ

Mar 30, 2024 133

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/