Нэг. ЭРЭЭН ХҮРТЭЛ
Монгол орон даяар өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон мал хорогдсон сүүлийн 50 жилд тохиогоогүй хахир өвлийн үеэр өмнө зүе аялж явна. Хэдий хавар эхэлсэн ч Монгол оронд сүүлийн хагас зуунд тохиогоогүй хахир өвөл, түүний үргэлжлэл болсон хавар цаг иржээ.
Зудын гамшиг нийт нутгийн 75 хувьд нөлөөлөөд буй бөгөөд цаашид ч нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Хавар болчихсон, гэвч Монголд өвөл үргэлжилсээр байна. Цастай хэвээр, мал сүрэг үхсээр байна. Энэ жил ч, өмнөх жилүүдэд ч монголчууд бэлтгэл сайтай байсан. Гэвч эрс тэс нөхцөл байдлыг даван туулахад энэ нь хангалтгүй байлаа.
Монгол Улсын засгийн газар өнгөрсөн сард өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд энэ нь тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Зудын улмаас малчдын эдийн засагт ихээхэн хохирол учирч, хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд худалдаа, эрүүл мэнд, боловсрол гэх мэт үйлчилгээ тасалдсан.
Малчин өрхүүд эх орныхоо өргөн уудам нутгаар малдаа шинэ бэлчээр хайж, улирлаа даган нүүдэллэдэг. ДЭМБ-ын мэдээлснээр, энэ жил сүүлийн 49 жилд тохиолдож байгаагүй хамгийн их цас орсон бөгөөд нэгдүгээр сард улсын нийт нутаг дэвсгэрийн 90 хувьд цас орсон байна.
Гэвч арваннэгдүгээр сард агаарын температур огцом буурч, цас эрт орсон нь температурын огцом өсөлтөөс өмнө цас гэсэхэд хүргэжээ. Үүний дараа гэнэт хүйтний эрч чангарч, зарим нутгаар агаарын хэм -40 хүрэв.
2009-2010 оны өвөл нийт нутагт дунджаар 8.5 мм цас орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан бол энэ жил 9.6 мм буюу дунджаас 1.6 дахин их цас ороод байна.
Жигд хурдтай яваа галт тэрэгний цонхоор Төв, Дорноговь аймгийн цасны тогтоцыг харж явлаа. Хот, хотын дүүргийн цас өмнө зүг явах тусам нимгэрч Дорноговь аймгийн нутагт ороход цасгүй болж хувирав. Төмөр замын дагуу тогтсон цасан хунгараг, овоолго цасан шуурга, их цасны мэдээллийг өөртөө шингээн үлджээ.
Энэ л галт тэргээр 30 гаруй жил зорчижээ. Хаа ч очсон хөгжил дэвшилээр нүд хужирладаг бол манайд бол цаг зогсчихсон юм шиг бүр хуучирч харахад хэцүүхэн тасалгаа нүдэнд торно. Цонхнуудын завсрыг нойтон цаасаар чихэж хөлдөөн хүйтэн салхи орохоос хамгаалсан байдал харагдана. Сэтгэл дотроо 00-ын өрөөг хол байгаад баярлаж суулаа.
Вагоноос буугаад хил хурдан гарах гэсэн хүсэл биднийг ёстой төөрөлдүүлж орхив. Хурдан гаргадаг гэсэн Жипэнд суусан боловч дөрвөн машин дамжин суудал сэлгэн хил гарахад хүрэв. Монголын хилийн шалган нэвтрүүлгийн компьютрийн удаан ажиллагаа ихэнх цагийг авч одов. Харин хятадын хилийн шалган нэвтрүүлгийг хурдан давлаа.
Олон газрын улсын хилээр нэвтэрч явахдаа төр засаг нь сул бол иргэдэд хандах хандлага сул байдгийг мэдэрдэг. Гүйсэн харайсан, цагт хавчигдсан монголчуудын шалганы очер, энэ бүхэн Эрээн хотруу аялах нь бидний хөл хөдөлгөөний билэгдэл болж харагддаг.
Шууд л замын машин хөлсөлж Шилийн гол аймаг руу хөдөллөө. Замын хоёр талаар үргэлжлэх хот тосгоны хөгжил дэвшилийг харж явна. Тун богино хугацаанд эрчимтэй өөрчлөгджээ.
Эрээнээс нэг хүний 150 юаний такси хөлөглөн өвөр монгол жолоочоос сонин хачин дуулсаар Сөнөд хошуу, улмаар Авгын хошуу дайран Шилийн гол аймагт шинэхэн тавьсан засмал замаар 130 км|цагийн хурдтай давхисаар ирлээ. Харанхуй бүрэнхий болох цагаар бид зорьсон газартаа очлоо.