№34 Зургаан түмэн буюу Зургаан улс

Дөрвөн Ойрад
XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.
XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад1, Хойд, Баатуд Түмэн нэг Ойрад2, Барга, Буриад нэг Ойрад3, Өр* Монгол нэг Ойрад4 болж явсан гэжээ.
Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын 7 дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харъяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ5. Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.
Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь тураг, биеэрхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв.
1 “Тод үсгийн дурсгалууд” УБ, 1976, тал 379. “Ойрадын түүхэн сурвалж Хөх хот. 1986, тал 307
2 “Ойрад түүхэн сурвалж”, тал 379
3 “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх тууж оршив” Тод үсгийн гар бичмэл. ШУА, ХЗ хүрээлэн
*Өр монгол гэж, Зүүн монголыг хэлж буй бололтой.
4 “Ойрад түүхэн сурвалж” тал 307. Тод үсгийн дурсгалууд. УБ, 1976, тал 337
5 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 19936, тал 82
Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ1. Хутуга бэхийн үр хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үзе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон”2 гэж сурвалжид тэмдэглэж байна.
Хойд нь Их мянган, Өл түмэн, Алан гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв3.
Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харъяат аймгаа “Өөлд” хэмээн нэрийджээ4. “Өөлд” нь өсгөлүүн, биеэрхүү том гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ.
1 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 82.
2 “Тод бичгийн дурсгалууд”, тал 333.
3 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 73.
4 “Ойрад түүхэн сурвалж…”, тал 280.
Ойрадын ноёдын эрх мэдэл, харъяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ.
Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ.
XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугатсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ.
Шарын шашин дэлгэрүүлсэн нь
Шашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр, хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын феодализмд онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.
Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид үзэхдээ түүнийг гурван үндсэн үд багцаалан хувааж болмоор байна.
Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн нэгдүгээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.
Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд шарын шашныг албат харъяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж монголчууд шарын шашинд нэлэнхүйгээр орсон үе. Энэ үеийн нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нь Монголын хант улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм. Энэ удаагийг шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх болсон юм.
Гуравдугаар үе нь: Монгол орон харин булаан эзлэгчдийн эрхэнд орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их хязгаарлагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд, шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны хоёрдугар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийг том эзэд болж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч, Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм.
XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсан явдал байлаа.
Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг /1542-1588/ хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүн Ордосын бусад феодалыг шашинд оруулсан байна. Монголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламжтайгаар Монголыг эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыг тавьж байсан нь эргэлзэх газаргүй. Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өөрсдийн биеийг Хубилай ба Пагва ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжүүлэгчид гэж үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрсөн ажээ. Тэгээд Алтан хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий том ноён Сэцэн хунтайжид шашны цааз хууль боловсруулан зохиохыг даалгасан байна. Сэцэн хунтайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан ханы хамт Монголд шарын шашныг идэвхтэй дэлгэрүүлж байжээ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts