Эхний тахилга нар мандахтай уралдан идээ тахилаа засан нарны тахилгаар эхэлсэн. Нарны тахилгыг Монгол бөөгийн зайран М.Төгөлдөр толгойлон бөөлж, үргэлжлүүлэн Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Байгальтөгс, Тэнгэрийн тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар нар толгойлон бөөллөө.
Тахилгаар өөрсдийн онгодын хамгаалалт болсон хамжаа онгодуудаараа удган Б.Отгонжаргал зайран Г.Гэнэнхүү нар хуур манжигаараа дэмжин залбирч хүчжүүллээ.
Бид улаач байх хүнийхээ үүргээ биелүүлж, хан тэнгэрийнхээ дор хаан хатан хайрхадынхаа хормойд хөх лусаа хөглөж цагаан лусаа цалигуулж хар лусаа халигуулсаар идээ өргөлөө шүншилээр өргөлөө.
Олон түмнийхээ өмнө хариуцаж хийсэн тахилгадаа есөн цагаан сүүнийхээ заслаар ерөөл буяныг нь даатган төр түмэн олноо хүндэтгэн даатгалаа. Тэнгэр дугарч бороо шивэрлээ мөнх тэнгэр бидний мэдээллийг хүлээж авчээ.
Нар хэвийж байх. Бид оройны тахилгын бэлтгэлээ хийлээ . Ингээд хүрэлцэн ирсэн бүх удган зайрангууд хамтран галын тахилгаа хийгээд үйл ажилгаагаа өндөрлөлөө.
Өнөөдөр Их говь маань нэг л гуниглал дүүрэн байгаа. Учир нь хэн бүхэнд ойлгомжтой. Олон арван уул уурхай байгуулж уул усыг минь хөндөөд, харийн нэгэнд арилжаа наймаа болгож, алт эрдэнэсийг маань наймаалцан ашиг хонжоо хайгчид олширчээ. Хайран сайхан уул ус, газар шороо минь өрц нь онгойж ус нь ширгээд аюулд өртөх ойртжээ. Өнөө маргаашийн жаргалдаа улайрсан хэдхэн баячуудын үйлийн үр гэлтэй, ард үлдэх ард түмэн үр хойчоо бодохгүй байна. Нутаг усны маань их эзэд их л уур хилэнтэй байх юм. Арга ухаанаа хослуулан айлдах тэнгэрийнхээ захиасаар аргадан домнон гуйлаа бид.
Тахилгыг төрийн үйлчилгээний зарим нэг байгууллага дэмжсэнд бид баяртай байнаа. Хүрэлцэн ирсэн удган зайрангууддаа баярлалаа. Та бүгдэд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Н.Байгалтөгс

Leave a Reply