Монголчууд мал аж ахуй эрхлэх болсоор түүний зарим яс, шагааг хүндэтгэх, оршуулгын ёслолд оролцуулан хэрэглэх болсон олдвор манай орны нутаг дэвсгэрээс нэлээд олдсон байна. Тухайлбал Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасан тал дахь Хүннүгийн язгууртны нэгдүгээр булшны гуравдугаар дагуул булшнаас олдсон богийн шагаан дээр төрөл бүрийн тамга, дүрс зураас гаргажээ. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын энгэр дэх хоёрдох дөрвөлжин булшнаас богийн 22 шагаа олдсоны 12-ыг морь байдлаар босгож өрсөн байсан зэрэг археологийн маш олон олдворууд малын зарим яс, ялангуяа шагааг хүндэтгэн оршуулгын ёслолд хэрэглэх, тоглоом наадгайд ашиглах болсон нь маш эрт үеэс улбаатай болохыг баталж байна.
Leave a Reply