Author: admin_shaman

  • Арван хоёр. АЯНЫ ЗАМ, КУЛТУКЫН ДАВАА

    Тэгсэн харин жимс биш мөөг байдаг байгаа. Буриадууд л зарж байгаа харагдана.
    Улаан горхон өнгөрөв. Одоо буцаад Эрхүү явах төв замруу явж байна. Захтуй өнгөрөв, Сасалтуй өнгөрөв, Шанай өнгөрлөө гэх зэргээр тосгод, голууд өнгөрсөөр явав.
    Үргэлжлүүлэн цааш яваад Слудянка ороод Эрхүүгийн гол замруугаа нийлэв. Төд удалгүй Култукын давааг давлаа. Баруун гар талд далай харагдана. Огцом огцом 2-3 эргэлээ. Үзэмж нь их гоё харагдах юм гээч эндээс.
    Тэгээд хурдны зам дээрээ том машинуудтайгаа уралдаад л, Монгол дуугаа сонсоод л давхиж гарлаа даа. 16:00 цагийн үед Эрхүүд орж ирлээ. Дөнгөж орж ирээд манайхаар мишээл шиг худалдааны төвөөр жаал хэсэв.
    Эрхүү хотын төвөөр давхилаа. Машины сэлбэгийн дэлгүүр хэсэж, бас бус зүйлсийг худалдан авав.
    Андрейн гэр бүлтэй Ярко молл гэх газарт уулзахаар болоод шууд тийш очив. Тэд биднийг Грузин ресторанд хоолонд урьж байна. Яг Ангар мөрний эрэг дээр байх ажээ. Хоол нь ч гэсэн маш олон төрөл сайхан амттай. Ер нь мах ихтэй хоолтой юм билээ. Бас аймаар том хийлсэн хуушуур тэр бол үнэхээр өвөрмөц байсан. Мөн рестораны дүрэмд төрсөн өдөр нь тохиож буй хүнд 60 градусын архи уулгадаг ёстой гэнэ. Зөөгч нар нь дуу тавиад л бөөн дуу шуу болж төрсөн өдрийн эзнийг тойрч зогсоод уулгах нь тэр. Багийн гишүүн Сайхнаа Грузины үндэсний хувцас малгайг өмсөж зураг даруулав. Манайханд бол зохихгүй юм билээ. Хоолоо идчээд шууд амрахаар хөдлөв. Бидэнд байр бэлджээ.
    Манайхнаар бол 40 мянгатын байр шиг тэрийгээ хүмүүст хоногоор хөлслүүлчихдэг юм байна. Унтлагын 2 өрөөтэй яг буудал шиг нэг удаагийн хэрэглэлүүдтэй бараг буудлаас тухтай санагдав. Ингээд амарцгаав.

    djmedia:769
  • Хасагт хайрхан

    Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий.
    Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг.

  • Арван нэг. БУХ НОЁНД

    Хамар дабан гэдэг нэртэй хоолны газар хооллочихоод шууд буга үзэхээр явлаа. Дотроо ч ойруу ороод л холоос харах байх гэсэн төсөөлөлтэй байлаа. Яг үзэх гээд очиход зөөлөн шивэрч байсан бороо зогсож бүтэн солонго татах нь тэр. Үнэхээр үзэсгэлэнтэй. Борооны дараа нар гарахад ямар гоё байдаг билээ яг тийм. За дотогшоо орлоо газрын нэрийг “Сараяны марал” гэнэ. Хүний зам дагаад л хойд зүгрүү алхлаа модон өндөр хашаатай хаалга байна онгойлгоод цааш гарлаа үлгэрийн орон шиг л санагдлаа үнэхээр.
    Борооны дараах үзэсгэлэнтэй байгаль дээр нэмээд өчнөөн олон буганууд байж байх нь тэр. Хүмүүс тэдэнд овъёос өгдөг юм байна. Үнэхээр үзэсгэлэнтэй зүйл үзсээн үнэхээр гайхалтай. Яг тэр үеийг бичих гэхээр дүрсэлж хэлэх үг олдохгүй нь. Дэлхий ертөнц минь ийм гайхалтай гэжүү гэж шагшин магтмаар. Ард нь Саяаны уулс цэнхэрлэн сүндэрлэнэ. Сүрлэг гэж яана. Наана нь модтой тэгээд ногоохон зүлэг үргэлжилнэ. Буга чөлөөтэй бэлчинэ.
    Ийм сайхан хүлээж авч байгаа Андрейн гэр бүлийнхэнд үнэхээр их баярлалаа. Шагшин биширсээр үзэж дуусаад хөдөллөө. Гэртээ очоод зургаа үзлээ. Тийм сайхан мөчийг буулгахгүй бол өөр юу үлдэнэ гэж. За тэгээд оройн хоолны цаг болж Андрей шорлог, бууз, десерттэй гээд л төрөл бүрийн хоолоор дайлав. Тэгээд унтахаар зэхлээ. Оросод Фэйсбүүк орохыг хориглосон юм билээ. Хэсэгхэн интернэт ухаж байгаад амрав. Маргааш Эрхүү орно.
    Ингээд Эрхүү орох замдаа Бух ноёны бунханд өргөл өргөхөөр зогсов. Уламжлалаа бодож, дарга цэрэг хувцасаа өмсөж, өргөлийн зүйлсээ дэлгээд залбирч эхэллээ. Өргөл өргөөд л яг дуусч байхад Саяаны нуруугаар хэсэгхэн газарт бороо орж эхэллээ.
    Бороог хараад явахаа түр азнав. Баруун талаас эхэлсэн бороо нүүсээр, асгарсаар Бух ноёны хээрийн онгонд дээр нүүж очлоо. Ингээд холоос ирсэн бид чинь сүсэглэн залбирч, биднийхээ өргөлийг хүлээж авлаа хэмээн баясав.
    Цааш яваад Торы гэх газрын ойролцоо хөшөө байхаар бууж зураг дарав. Дотор нь яваад ортол лам нарын нэг үйл ажиллагаа болж байгаа бололтой. Ярьж байгаа зүйлийг нь сонсоод маш сайн ойлгож байна шүү, тэгсэн нээрээ Монгол лам нар байж л дээ. Тэгээд л сайн ойлгоод байж. Ингээд цааш явалтаа үргэлжлүүлэв.

    djmedia:768
  • Хэнтийн мэргэн жаалын хэлмэгдсэн аймшигт түүх

    Монголын хоёр мянган жилийн төрт ёсны түүхэнд хамгийн харгис улаантны засаглал хорьдугаар зууны эхэнд тогтож бүтэн далан жил ард түмнээ дарангуйлсан байдаг.Тэр үеийг ард түмэн улаантны цөвүүн цаг хэмээн нэрлэдэг байлаа. Хорьдугаар зууны гучаад онд Хан Хэнтий нутагт нэгэн гайхамшигт мэргэн хувилгаан хөвгүүн мэндэлсэн бөлгөө. Улаантнууд бяцхан хөвгүүний хувилгаан ид шид, алдар хүнд, ард олны сүсэг бишрэлийг нь хүчээр нухчин дарахын тулд элдэв арга хэрэглэж, эцэст нь аав, ээж, лам багшийг нь хөнөөж, адаг сүүлд нь арван настай бяцхан хүүг хорооосон эмгэнэлт түүх байдаг. Харгис засгийн хар балаг эдүгээ илчлэгдсээр байна. Худал хуурмаг манан мэт замхарч, Үнэн наран мэт мандах цаг иржээ. Түүх өгүүлье.
    “Хэнтийн мэргэн жаал” буюу “Ламаадан хутагт” хэмээн алдаршсан бяцхан хөвгүүн бол цөвүүн цагийн улаан Монголд төрсөн сүүлчийн хувилгаан хүү байлаа. Ламаадан хутагт хуучнаар Хөвчийн Жонон вангийн хошуу буюу одооны Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутагт малчин ард Цэсэнгийн Сэрээтэрийн хөвгүүн болон 1936 онд мэндэлжээ. Хүүдээ Цэрэнпунцаг хэмээх нэр хайрлажээ. Энэ нутагт Богд хатан Дондогдулам мэндэлсэн газар юм. Ламаадан хүүгийн төрсөн эх нь хараагүй сохор эмэгтэй байжээ. Эцэг Сэрээтэр нь мөн нэг нүд нь хараагүй байсан гэдэг. Эцэг эх нь амьдрал хүнд, нүд хараагүй тул хүүгээ өсгөх нь хүнд хэцүү гэдгийг мэдэж нэгэн өдөр нутгийн айл “Онин” Гомбо хэмээх айлын гэр дээр нялх хүүгээ тавьчихсан ажээ. Ийнхүү Цэрэнпунцаг хүү одооны Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Гаравын Гомбо хэмээх айлд үрчлэгджээ.
    Гомбынх Өмнөдэлгэр сумын Хөгнө, Шанаган, Дундбаян, Шар талаар нутаглаж мал маллан амьдардаг байжээ. Дөнгөж хоёр гурван нас хүрсэн бяцхан хүү Цэрэнпунцаг шавар, чулуу, элсээр суварга босгон тоглодог, үе үе “суварга, сүм дуган, бурхны орон…” гэсэн үгнүүдийг хэлж явдаг хүүхэд байж. Цэрэнпунцаг хүү дөнгөж гурван настай байхдаа зөнч мэргэн хүүхэд гэдэг нь анх мэдрэгдэж иржээ. Тэр үед нэгэн адуучин эр адуугаа алдаад эрж явахдаа тэднийд бууж “Хүүхэд ер нь зөнч байдаг. Энэ хүүхдээс адууныхаа сургийг асууя” хэмээн бодоод асууж гэнэ.
    Цэрэнпунцаг хүү: “Таны адуу тэр зүгт тийм ууланд байна” гэхэд тэр газар нь очтол адуу нь яг байж байсан гэдэг. Үүнээс хойш нутгийн хүмүүс алдсан мал сүргээ асуудаг болжээ. Асуусан болгоныг нь алдалгүй хэлдэг байж.
    Удалгүй түүний ах Гомбын Амгаабазар 1938 онд цэрэгт явжээ. Ах нь цэрэгт яваад нэг жил болсны дараа нэгэн халуун өдөр гурван настай Цэрэнпунцаг: “Ах маань цангаж байна, хатаж үхэх гэж байна” хэмээн ээждээ хэлж бүтэн домботой цайгаа зүүн зүгт цацсаар байгаад дуусгажээ. Ах нь 1943 онд цэргээс халагдаж ирэхэд нь ээж нь энэ талаар асуухад Амгаабазар: “ Үнэхээр тийм явдал болсон.1939 оны 6 дугаар сард манай цэргийн хүнд пулемётийн тачанкны морьд халуун өдөр зогсож морьд маань зуурч цэргүүд бид ам цангаж хатаж үхдэгийн даваан дээр устай залгаж амь гарсан” гэж байжээ.
    1943 оны зун Гомбынх Ононгийн халуун рашаанд очжээ. Чухам тэнд л бяцхан хувилгаан хүүгийн ид шид, эрдэм чадал, өнгөрсөн, одоо, ирээдүйг нэвт хардаг гоц чадвар, амьтан хүмүүний өвчин зовлон, гай барцадыг зайлуулж авардаг хүч чадал нь тодорсон гэдэг. Юмс үзэгдлийг илт мэдэх чадвар нь түмэн олонд гайхагдаж байлаа. Тэр үед Ононгийн халуун рашаанд ирсэн олон хүний зовлонг нимгэлж, өвчин зовлонгоос нь салгаж, асуусан бүрт нь хариулж байсан бяцхан хувилгаан хүүгийн алдар нэр талын монгол нутгаар гэрлийн хурдаар түгэх болжээ.
    Мэргэн жаалтай уулзаж байсан нутгийн ахмад буурлууд хуучлахдаа: ”Ламаадан хүү бол ширэлдсэн долгиотсон өтгөн их урт үстэй , сэргэлэн хурц хар нүдтэй, хөөрхөн хүүхэд байсан. Биднийг хүүхэд байх үед зарим хүмүүс хүүхэдгүй тул “Хэзээ манайх хүүхэдтэй болох вэ? Эхнэр яагаад өвдөөд байна вэ?” хэмээн мэргэн жаалаас асуудаг байсан. Мэргэн жаал “Та тэдэн хүүхэдтэй болноо” гэхэд яг л тийм болдог байсан. “Эхнэр өвдсөн, одоо яах вэ?” хэмээн нэг хүн асуухад мэргэн жаал тэр хүнд “Танай өвөлжөөны дэргэд хар ус байна. Тэр усны хажууд ургасан хус модыг та цавчаад муна хийжээ. Иймд та тэр модон мунаа сэмээд нуур руу шид. Тэгээд Алтангэрэл судар 25 удаа уншуул” гэдэг байлаа. Яг хэлснээр нь хийхэд өвчин зовлон арилж бүх юм сайхан болсон доо” гэдэг байв.
    Нэгэн удаа нутгийн ард 1937 оны хэлмэгдэлтэд алга болсон аав, авга ах нарынхаа тухай асуужээ. Мэргэн жаал: “Авга ах чинь сайн байна. Удахгүй та нар дээр ирнэ, та нарыг дэмжиж тусална. Аавын чинь яс цайчихсан байна” гэжээ. Үнэхээр тэр хүний авга ах нь удалгүй иржээ. 40 жилийн дараа аавынхаа сургийг нэгэн орос хүнээс дуулахад хилс хэргээр аав нь Орос улсад сибирт цөлөгдөж шоронгийн хүнд ажлыг даалгүй тэндээ нас барсан байжээ.
    Нэгэн удаа Төв аймгийн харьяат, эмийн сангийн эрхлэгч Лувсангомбо гэдэг хүн Хэнтийд ажиллаж байхдаа Өмнөдэлгэр сумын Дунд буян нутгаар дайрч Хэнтий нутгийн Гиваа гэгч бүсгүйтэй ханилахаар явж байхдаа нэгэн айлын гадна зогстол гэрийн гадаа шилбүүр унаад тоглож байсан нэгэн сэргэлэн бяцхан хүү хүрч ирээд эмийн сангийн эрхлэгчийг шууд нэр усаар нь дуудаж: “Лувсангомбо ах та сайн явж байна уу, Та эндээс хурдан яв. Таны очиж уулзах гэж байгаа Гиваа эгч ахдаа зодуулаад тэр уулын ард хоньтойгоо явж байна. Та яаралтай оч” гэхлээр нь хурдан эргэтэл араас нь бяцхан хүү “Та зургаан хүү, хоёр охинтой болноо. Бушуу яваарай” гэсэн гэдэг. Үнэхээр ч Лувсангомбо, Гиваа хоёр ханилан амьдарч зургаан хүү, хоёр охинтой болж элэг бүтэн сайхан амьдарчээ.
    Нэгэн удаа Хэнтийн Шагдар гэдэг хүн Ламаадан хүүтэй уулзахаар явж байтал замд тааралдсан айл энэ тухай мэдэж мөн л гай барцадаа даатгуулахаар хадаг, дээлийн өнгөний хамт дайж явуулжээ. Шагдар Гомбынд очоод хувилгаан хүүтэй уулзахын өмнө гэнэт шунал нь хөдөлж дээлийн өнгийг нь өөртөө үлдээж айлын гадаа нуугаад гэрт орж мэргэн жаалд зөвхөн хадгийг барьтал Ламаадан хүү: “Дээлийн өнгийг авснаараа Та ихэнхийг нь даа, хадгийг нь авснаар би багааханыг нь даая. Гадаа нуусан дээлийн өнгийг чинь үхэр идэж байна шүү” гэхэд нь гараад хартал үнэхээр дээлийн өнгийг нь үхэр идэж байсан гэдэг.
    Нэгэн удаа саахалт айлынх нь хүн мэргэн жаалтай уулзахаар явахад нь тэр айлын хүн “манай барцадыг арилгах талаар мэргэн жаалаас асуугаад ирээрэй” гээд ембүү мөнгө, торго хоёр өгчээ. Гэтэл саахалт айлынх нь нөгөө хүн мэргэн жаалынд очих замдаа торгыг нь өөртөө авна хэмээн шуналтаж торгыг тарваганы нүхэнд нуужээ. Нөгөө хүн мэргэн жаалд ембүүг барьж юм асуухад мэргэн жаал: “ Би ембүүний чинь юмыг хэлж өглөө, харин таны тарваганы нүхэнд хийсэн торгыг чинь тарвага гарч ирээд хөдөлгөхчих вий дээ” гэсэн гэдэг.
    Өмнөдэлгэр сумын иргэн,өндөр настан Нарангэрэл ах дурсахдаа “Тэр үед би таван настай байсан. Мэргэн жаалтай хамт тоглодог байсан. Насанд хүрсэн том хүмүүс ялангуяа буриад хүмүүс мэргэн жаалыг мөрөн дээрээ байнга өргөж явдаг байсан. Би дөнгөж таван настай хүүхэд байсан болохоор өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй л дээ” гэж байлаа.
    Өмнөдэлгэр сумын А.Ханд хэмээх нэгэн буурал эмээ дурсахдаа: ”Би хүүхэд байхдаа мэргэн жаалтай хамт саваа мод унаад тоглодог байв. Мэргэн жаалыг ногоон малгайтнууд барьдаг зун Өмнөдэлгэрийн Шанаган хэмээх нутагт манайхан нутаглаж байлаа. Тэр үед мэргэн жаал маш том жартаа чулуугаар татуулсан юм даг. Мөргөлчид жартааны дотор талаар явна. Үүдтэй. Үүдээр нь мөргөлчид орж гарна.Тэр үед нүүр амаар нь дүүрэн яр шарх болсон нэгэн аймаар хүн ирж Мэргэн жаалаар эмчлүүлсэн юм. Мэргэн жаал хар цох авчруулж сүүнд дүрээд эхлээд тэр хүний хамрын үзүүрийн шархан дээр тавихад цох шархыг нь идэж байгаад газарт унахад нь дахин сүүнд дүрээд хацарт нь тавьж идүүлээд тэр хүнийг эдгээж билээ. Нэгэн удаа Мэргэн жаал нутгийн олноор чулуу түүлгэж суварга босгуулж билээ. Тэгтэл нутгийн Дуламсүрэн хэмээх нэг ганган хүүхэн “ Чулуу хормойлуулж хувцас хунарыг минь муухай болгож, дээлийн хормой маань урагдчихлаа” хэмээн Мэргэн жаалд уурлажээ. Гэтэл Мэргэн жаал түүнд: “Чи үүнээс хойш хогон дотор амьдрах юм байна даа, Чиний бүх амьдрал чинь хогон дотор өнгөрөх юм байна даа” хэмээсэн. Үнэхээр л түүнээс хойш тэр эмэгтэй бүх насаараа хогон дотор ядуу амьдарч байсан даа. Энэ түүхийг Өмнөдэлгэр сумынхан бүгд мэднэ дээ” гэсэн байдаг.
    1944 оны намар Мэргэн жаалыг Хэнтий аймгийн төвийн дунд сургуульд оруулсан байна. Тэр үеийн Хэнтий аймгийн дарга Дондов гэдэг хүн сургуулийн багш нарт “Мэргэн жаалыг сайтар ажиглаж алхам тутмыг нь надад болон дотоодыг хамгаалахын даргад мэдээлж бай” хэмээн үүрэг өгчээ. Тэр үед мэргэн жаалтай хэсэгхэн хугацаанд хамт сурч байсан хүмүүс дурсахдаа: “Удалгүй намар болж хичээл эхлэхэд Өмнөдэлгэр сумаас ирсэн Ламаадан гэдэг хүүхэд улаан шар дээлтэй, тормолзсон сэргэлэн хар нүдтэй, улаа бутарсан шардуу царайтай, үсээ авахуулсан хүүхэд байсан сан. Сургуулийн дотуур байранд тэр хүүхэд амьдарч байхад нь сүсэгтэй хүмүүс, настай чавганц нар сургуулийн дотуур байранд дайрч орж ирээд тэр хүүхдэд сөгдөн мөргөж адис авдаг байсан. Хүүхдүүд дотуур байранд тэр хүүхдээс аав ээжийнхээ тухай, гэртээ хэзээ очиж чадах вэ? энэ миний атгасан гарт хичнээн ширхэг чулуу байна вэ? гэх мэт энэ тэрийг асуухад шууд хэлдэг , хэлсэн бүхэн нь үнэн байдаг байж билээ” гэдэг байжээ.
    Нэгэн өдөр Ламаадан хүү сургууль дээр хичээлээ хийж байснаа “Хүүхдүүд ээ. Хулгайч ирж явна. Үзэг дэвтрээ хямгадаарай” гэжээ. Сургууль дээр тэр өдөр жижүүр хийж байсан багш орж иртэл Ламаадан дахиад хүүхдүүдэд хандаж: “Хулгайч орж ирлээ. Үзэг харандаагаа далд хийгээрэй гэж гэнэ.Тэр жижүүр багш уурлаж: “Чи юу гэж хүн доромжлоод байгаа юм бэ?” гэхэд Ламаадан хүү түүнд “Чи хулгайч шүү дээ” хэмээн огт айсан шинжгүй хэлж байсан гэдэг. Дараа нь жижүүр багш Ламаадан хүүг захирал багшид ховлон матжээ. Захирал багш түүнийг дуудаж “Чи яагаад жижүүр багшийг хулгайч гэв? Багш хүн хулгайч байдаггүй юм. Дахиад багшийгаа хулгайч гэж хэлдэггүй юм шүү” гэхэд Ламаадан хүү: Тэр багш үнэхээр хулгайч. Танд хүн бэлэглэсэн улаан өнгөтэй үзгийг тэр багш хулгайлсан байна. Та үзэгнийхээ хойноос сэтгэл гонсгор явдаг юм байна. Тэр багш одоо гэртээ таны үзгийг авдрандаа хадгалж ихэд нууж байна. Заримдаа гэртээ хүнгүй үед гаргаж юм бичээд бусад үед далд хийчихдэг юм байна” гэсэн нь үнэн байсан гэдэг. Үнэхээр тэрхүү дайны үед нүдний гэм байсан авторучкийг нь хулгайч авчихсан болохоор захирал багш их л сэтгэл дундуур явдаг байжээ. Мэргэн жаалыг хэлсэн бүгд үнэн байсанд захирал ихэд гайхжээ.
    Ногоон малгайтнууд мэргэн жаалын аавыг нь Өмнөдэлгэр сумын нутагт хөдөө малаа хариулж явж байхад нь нууцаар баривчилж нийслэл хотод авчирч Ганц худгийн шоронд хорьжээ. Ногоон малгайтнууд Гомбын унаж явсан морийг нь эмээлтэй нь нутагт нь орхиж “Гомбо мориноосоо унаж, сураггүй алга болжээ” гэсэн худал цуу үг тараажээ. Удалгүй ногоон малгайтнууд бяцхан Ламаадан хүүг Өндөрхаан хотын сургуульд сурч байхад нь нууцаар баривчилж Улаанбаатар хотод аваачиж шоронд хорижээ.
    Хувьсгалт Монголын төрийн тэргүүн Х.Чойбалсан тэр үед Дотоодыг хамгаалах яамны сайд асан Цэдэвийг дуудаж: “Хэнтийн мэргэн жаалын эцэг, эхийг нь нэн даруй устга” хэмээн тушаал өгчээ. Долоон наснаасаа арван долоон нас хүртлээ Сэцэн хан аймгийн Санбээсийн хүрээнд арван жил бурхны ном үзсэн, хувраг байсан Чойбалсан эцэстээ ийм харгис улаантан болжээ. Чойбалсан арван жил хувраг байхдаа ядаж амьтны амийг тасалж болохгүй гэсэн бурханы ганцхан сургаалийг сурсан бол хүн алж хүрээ талахгүй байх сан, ямар ч гэм зэмгүй хорин хоёр мянган монгол хүнээ хөнөөхгүй байх сан. Ай халаг гэж.
    Ингээд 1944 оны 11-р сарын 13-ны өдрийн Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар тогтоол гарч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ямар ч гэм зэмгүй жирийн нэгэн малчин ард Гаравын Гомбыг 1948 оны 4-р сарын 14-ны өдөр Дотоод явдлын яамны орлогч сайд Дүйнхоржав, 2-р хэлтсийн дарга Болд нар буудан хороожээ. Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд мэргэн жаалын эх Ч.Янжинлхамыг нөхөр, хүүхдээ эрж Хэнтийгээс нийслэл хотод ирээд Гандан хийдэд мөргөл хийж байхад нь баривчилж, Түргэний голын дэргэд аваачиж 1948 оны 4-р сарын 6-ны өдөр ДЯЯ-ны 2-р хэлтсийн дарга Болд буудан хороожээ. Аравхан настай бяцхан хувилгаан хүүг Дотоод явдлын яамны хэлтсийн дарга, өнөөх Болд гэгч буудан хөнөөсөн гэдэг. Хожим нь “Болдын нэг охин Хятадад сурч байгаад хятадуудад хорлогдож нас барсан гэнэ.Үйлийн үр гэдэг ийм л юм даа” гэсэн яриа жараад онд орон даяар тарж байсан гэдэг. Бяцхан хувилгаан хүүд бурхны ном заасан хэмээн зохиомол ял тулгаж Норов ламыг мөн л Дотоод явдлын яамны ногоон малгайтнууд буудан хөнөөжээ. Мэргэн жаалыг амьд үлдээсэн, үлдээгээгүй гэсэн яриа үе үе гарч байлаа. Нэгэн удаа дотоод явдлын яамны хурал дээр уг асуудал босч “Мэргэн жаалыг яасан бэ?” гэсэн асуултад ДЯЯ-ны Дүйнхоржав,Болд нар “Маршалын тушаалыг ёсоор болгож гүйцэтгэсэн” гэсэн хариулт өгч байсан гэдэг.
    Харгис улаантнууд ингэж л монголын жирийн нэгэн малчин айлыг голомтоор нь хүйс тэмтэрсэн ажээ. Ийнхүү Манзушир Бурханы хувилгаан, Ламаадан хутагт, Мэргэн жаал хэмээн алдаршсан монголын хамгийн сүүлчийн хувилгаан бяцхан хүү цахилгаан цахих мэт хоромхон хугацааны амьдралдаа буянт үйл олныг бүтээж, аравхан настайдаа хүний арьс нөмөрсөн улаантан чөтгөрүүдийн гарт алтан амиа алджээ. Хайран хувилгаан хүү. Хайран эцэг эх. Хайран багш. Үүнээс хойш Монголд дахин хутагт хувилгаад мэндэлсэнгүй. Бурхад хувилгаад хүртэл нүгэлт Монголоос нүүрээ буруулжээ.
    Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар

  • Арав. АРШАНД

    Хоолоо идчихээд хэсэгхэн байцгааж байгаад 13:00 цагийн үед бүгдээрээ Кингыргы /хэнгэрэг/ хүрхрээрүү гарлаа. Дээшээ өгсөхөөс өмнөх уулын бэлд зах гарчээ. Тэнд бүх зүйлс байна. Эмийн ургамалууд яг оригоороо зарагдаж байх, хувцас хунар, дурсгалын зүйл гэх зэрэг бүх зүйлс байна. Замдаа рашаанаас нь аваад л алхаж гарлаа зураг бичлэгийг бол байнга аваастай л явна. Рашаан нь харин газтай рашаан байдаг юм байна. Өмнө нь шууд байгалиас гарч буй газтай рашаан ууж үзээгүй юм байна. Манайд байдаг Кукархуу амттай гэх юм уу даа.
    Дээшээгээ цаг гаран алхлаа үнэхээр гоё тохижуулжээ. Хүмүүсийг явах модон зам барьчихсан. Дээшээ өгсөхөд ямар ч аюул алга. Замд амрах сандал, мөн кафе хүртэл байлаа. Замын талдаа ирээд цаашаагаа төлбөртэй ордог юм байна лээ нэг хүний 200 руб. Төлөөд цааш явцгаалаа. Явсаар тулж очоод хүрхрээ дээр очив. Үнэхээр гоё тогтоц харагдлаа. Хүрхрээ тийм ч өндрөөс урсаагүй ч маш хүчтэй урсгалтай мөн цайвар өнгийн харагдаж байлаа. Хүчтэй урсгалтайнх уу чулуулагаас нь болж байна уу гэж бодлоо. Хүмүүсийг үзүүлэх гээд бүр зориулалтын гүүр барьчихсан түүн дээрээс хүрхрээгээ үзээд л, усруу орох нь ороод л. Зураг авсан яг л уран зураг шиг гарч байгаа юм чинь. Үнэхээр гайхалтай. Түүнийг үзэх гэж очсон хүмүүс маш их байсан. Гүүрэн дээр ганцаараа зураг авхуулах бараг л боломжгүй байв.
    Хүн болгон л энд тэнд зургаа даруулаад л байгалийн сайхныг харж биширч байсан. Бас экстрем маягийн үйлчилгээнүүд байдаг юм байна. Олсоор бэхлээд гүүрэн дээгүүр явах, олсоор нэг уулын оройгоос нөгөө уулын оройруу явах гэх мэтчилэн. Ингээд хүрхрээн дээр бараг нэг цаг гаран байсан байх. Энүүгээр тэрүүгээр нь явлаа, усанд нь ороход маш хүйтэн байсан. Удаан байвал хөл хага ташихаар байв. Зорьсон зураг бичлэгээ хийгээд доош буухаар уруудав. Буухдаа жаал ядарсанаа мэдэрлээ. Байгалийн сайханыг харж гүйсээр байгаад ядрахаа ч мэдрээгүй аж. Буухдаа харин өнөөх захаар тухтай сонирхож ганц нэг дурсгалын зүйлс авав. Ингээд буусар байтал бараг 16:00 цаг болж нилээн цаг явсан байв.
    Өрөөндөө орж хэсэг тухлаад байж байтал Андрей, Аюуна хоёр оройн хоолонд дуудав. Тэдний амралтын газар байгаа тул тэдний ресторанд нь хооллоно. Эздээр нь хоол хийлгээд л холоос ирсэн хүндэт зочид. Андрей их яриа хөөрөө сайтай мундаг хүн шиг санагдав. Буриадын тухай сонирхолтой зүйлс ярьж, зарим нэгэн түүхийг хүртэл бидэнд сонирхуулж ярилцана. Одоо хамгийн халуун сэдэв болох Украйны дайны талаар ярилцав. Нэг хэсэг манай Монголд дайнаас зугтааж ирсэн Буриад залуус ихээхэн ирсэн дээ. Тэгэхээс ч өөр аргагүй яагаад гэвэл буриад залуусыг хамгийн түрүүнд дайнд татаж байгаа юм байна. Тэгээд дайнд явсан хүний ар гэрт нь сард 250,000 руб өгч байгаа гэнэ. Дайнд яваад ирсэн танилууд нь Украйныг аймар их сүнстэй гэж ярьдаг гэнэ гэх мэтчилэн зүйлсийг ярилцан сууцгаалаа.
    Оросод амаржсан эх хүнд сард 100,000 руб өгдөг юм байна. Манайхаар бол одоогоор 4 сая орчим төгрөг байх. Иймэрхүү хангалттай мөнгө өгдөг бол ээж нар санаа зоволтгүй гэртээ үр хүүхдээ асарч байхгүй юу. Мөн одоо нутагтаа 40,000 гаруй Буриадууд амьдарч байна.
    Ийнхүү хооллочихоод 21:00 цагийн үед халуун рашаанд орохоор явцгаалаа. Очоод нэг цаг гаран оочирлоод хүлээлээ. Буриад нэг эгч ажиллуулж байна шүү ааштай гэж жигтэйхэн. Хүлээх зуураа буриад хоолны газар бууз идэв. Энэ рашааны онцлог нь дээрээс хүчтэй даралтаар халуун рашаан гоождог юм байна.
    Анх удаа ийм рашаанд орлоо. Хүмүүс яагаад оочирлоод байсныг сая ойлгов. Хуян, нуруун дээр хүчтэй даралттайгаар ингэж оруулах маш гоё байдаг юм байна. Яг л бариулчихсан юм шиг болов. Тэгээд ирээд шууд амарлаа.

    djmedia:767
  • “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна”

    бодит түүхийн улбаагаар замнахаар хөтлөх бүлгээ. Тэр явдлаас хожуухан 1237-1242 оны хооронд Бат хаан Дорнод Европыг байлдан дагуулж Алтан ордны улсыг байгуулсан агаад энэ улсын гол цөм нь Их Орос орон болов. Оросын их түүхч Лев Гумилев энэ талаар ултай судалж урьд өмнийн судлаачдын үзэл бодол, дүгнэлт хандлагыг үндсээр нь өөрчилсөн цоо шинэ ойлголтод хүрсэн юм. Тэрбээр бичихдээ: “Энэ бол ердөө л томоохон довтолгоон байснаас бус урьдаас төлөвлөсөн байлдан дагуулал биш байсан юм. Орост ч тэр, Польшид ч тэр, Балти орчмын болоод бас бус зах хязгаар нутагт ч монголчууд цэрэг суулгаагүй, хүн амыг нь байнгын алба гувчуураар дарамтлаагүй, ван гүнгүүдтэй тэгш бус гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Тийм болохоор “Харийн түрэмгийлэлд автсан боловч дийлдэшгүй Орос орон” хэмээх ойлголт үнэнд нийцэхгүй” гэсэн байдаг. Түүний үзсэнээр бол эртний Орос орныг хуваан салгасан нь Монголын язгууртнуудын засгийн эрхийг авсантай холбоотой агаад үүнд тухайн үеийн Орос орны нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна. Тухайлбал: Невийн Александр ван Зүүн хойд Оросын ноён болж, харин түүний дүү нь Галицын (одоогийн Украйн Я.Г) ноён Данилтай хамсаатан болсон бөгөөд тэрээр Европтой холбоо тогтоон Монголыг эсэргүүцэхээр төлөвлөж байсан гэдэг.
    Оросын хувьд чингэх нь бараг үлгэр мэт байсан монголчуудыг ялсан тохиолдолд ч үгүйрэл хоосрол л нүүрлэх байсан бөгөөд Оросын газар нутаг дамнан их дайн дэгдэж, католик шашинд автан уусч, үндэсний соёл уусах байсан төдийгүй Балтийн хавь газар нутгийн адилаар Новгород, Владимирийн нутаг рыцарийн загалмайтнуудын эзэмшил болох байжээ.
    Новгородын их ван, Невийн хэмээн алдаршсан Александр эл бүх нөхцөл байдлыг ухаалгаар шийдэж, Орос дахь Алтан ордны улстай холбоо тогтоох замаар Орос орныг дээрх болзошгүй аюулаас аварсан байна. 1251 онд Александр ван, Бат хааны ордонд бараалхаж нөхөрлөн, хааны хүү Сартагтай ах дүү бололцон хүж барилцаж, улмаар Бат хааны өргөмөл хүү гэгдэх болсон түүхтэй. Чухам яг энэ үед буюу 1251 оны өвөл Ладог нуурын дэргэд болсон их тулалдаан Орос орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Герман, Швед, Норвег, Литов зэрэг Европын холбоотон улсуудын загалмайтны их цэрэг Оросыг эзлэхээр ээлжит удаагаа довтолж ирэхэд Невийн Александр, Бат хааны жанжин Неврюйн хамт Ладог нуурын хөвөөнд угтан байлдаж, хиар цохисныг өдгөө түүхнээ агуу их тулалдааны зэрэгт тооцон хэлэлцдэг, түүнээс хойш Александр ванг Невийн (Невскийн) хэмээн алдаршуулсан болой.
    Орос нутгийн тэсгим хүйтэн өвөл хотонд гэтсэн чоно мэт довтолсон үй түмэн загалмайтан цэрэг хүч түрэн уулгалан ахуйд хур дэлтэй, намхан чийрэг морьд унаж, махир сэлэм далайн, өдөт сумаа шившин уухайлсаар, живэр сахалтай, үнэгэн малгайтай, бүргэдийн нүдэт татар монголчууд хуй салхи мэт, тэнгэрийн элч мэт довтолгон орж харийн дайсныг хиар цохин, нуурын цэл хүйтэн усанд үй олноор нь живүүлж буй тухай “Александр Невский” гэдэг түүхэн баримтат киног чухам яг Германчууд Оросыг довтолсон 1941 онд Зөвлөлтөд бүтээсэн нь тохиолдлын төдий хэрэг биш ээ.
    Учир юун хэмээвээс 1251 оны тэр түүхт тулалдаанаас найман зууны хойно монголчууд Оросын ард түмэнд дахин гар сунган тусалсан билээ. Харин энэ үед Евразийг дамнан оршсон Монголын их гүрэн хэдийн үгүй болж, Монгол орон туйлдан доройтсон байлаа. Гэвч яс махаараа нийлж, зүрх сэтгэлээрээ нөхөрлөсөн монголчууд хамгийн түрүүн Орос ах нартаа хүч хавсран тусалсан юм. Энэ удаа “Богатырь” хэмээгдсэн талын баатар эрэлхэг дайчид очсонгүй, харин эсгий гутал, нэхий бээлий, дээл дах, хоол хүнс, алтан бөгж, сувдан ээмэг… богоон богооноор умрыг чиглэн “Ах дүү зөвлөлтийн улаан армид“ гэсэн хаягтайгаар довтолгож байлаа. Бас гайхамшигтай нь найман зууны тэртээд Евразийн уудам тал нутгийг хэдхэн сарын дотор Хан Хэнтийн сугаас Хар тэнгисийн хөвөөнд хүртэл довтолгон туулж асан хур дэлтэй, чийрэг биетэй намхан монгол морьд сүрэг сүргээрээ богоон богооноор ачигдаж… домогт Будённийн морин хороонд гологдон шилэгдэн давхилдаж, дорнод Европын их балчиг намагт их буу чирэн унгалдаж, бас цэргийн гал тогоонд … сүүлчийн амьсгалаа хурааж байсан юм.
    Нэхэн санахул, Аугаа эх орны дайнд мөнөөхөн “богатырь” хэмээгдсэн баатар татар монголчуудын үр хойчоос олон олон жинхэнэ богатырууд эрэлхэг дайчин дээдсийн, яс маханд шингэсэн халуун сэтгэлээр амиа зориулж зориулж байсан нь тэд бол мөнөөх 13 дугаар зууны монголчууд, бас татар хэмээх нэрийг маань өвлөн авсан халимаг, балкар, башкир, кабардин, чечень, ингуш, киркиз, казах, узбек, буриад, авар,… “герой” нар байсныг хэн ч эс маргах буй заа. Өрнө дахинд монголчуудыг татар нэрээр нь түлхүү хүлээж авсан юм. Харин цагийн уртад татар нэрээр Алтан ордны улсын ази гаралтай, лалын шашинт хүн амыг нэрлэх болсон билээ. Бидний өвөг дээдэс бусдад алдар нэрээ үлдээн, өөрсдөө тэдэнд уусч цусыг нь сэлбэсэн түүх цөөнгүй. Гэвч энэ тухай жич өгүүлэх болно.
    Төр улсын болон гэр бүлийн элдэв учир шалтгаанаар татар монголын дээдэс язгууртнууд бүр Невийн Александрын үеэс Орос оронд тархан суурьшиж эхэлжээ. Тэд үнэн алдартны шашинд орж, орос эхнэр аван Шинэ Орос эх орондоо үнэнч тахимдуу зүтгэсэн юм. Тэд ганц хоёроороо биш олуулаа, зарим нь бүр нөхөр цэрэг, хүлэг баатдынхаа хамт очиж сууцгааснаас монгол, оросынхон зөвхөн дээдсийн хүрээнд төдийгүй эгэл доодсын зиндаанд ч цус холилдон нийлсэн гэсэн үг ээ. Оросын их түүхч Лев Гумилев энэ тухайд гүнзгийлэн судлалгүйгээр сонирхон шүүрдэж, монгол гаралтай вангийн 92 удам, бояр ноёны 50 удам, гүнгийн 13 удам болоод 300 гаруй эртний язгууртан удмын бүртгэл гаргаснаа чинагш бас олон үлдсэн, харин язгуур угсаагүй эгэл татаарын удам бол хэдэн мянгаар тоологдоно гэж бичсэн байдаг.
    Монгол язгуурт энэ олон удам угсааныхан хоёр гурав дахь үеэсээ л жинхэнэ орос үндэстэн болон өсч хүмүүжиж, олон зууныг элээх Орос эх орондоо төдийгүй дэлхий дахинд суурьшсан суутныг цөөнгүй төрүүлжээ. Тэдний дотор шинжлэх ухааны салбарт л гэхэд алдарт эрдэмтэн Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир (Гантөмөр), Карамзин, туйл судлаач Челюскин, Чириков, утга зохиолын ертөнцөд Достоевский, Тургенев, Державин, Языков, Давыдов, Куприн, Булгаков, тэр ч бүү хэл Лев Гумилевын төрсөн эх Оросын суут яруу найрагч Анна Ахматова хийгээд бас бус олон нэрт зохиолч яруу найрагч байдаг ажээ. Ертөнцийг донсолгогч Улъянов-Ленин ч татар угсааных бөлгөө. Цаашлаад урлагийн тэнгэрт алдарт бүжигчин Анна Павлова, Уланова, алдарт жүжигчин Ермолов, Каратыгин, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нарыг дурдсу.
    Татар монголын удмаас Орос оронд хоёр хаан Борис ба Федор Годунов заяаж, таван хатан хаан, тэдний дотор Их Петрийн эх Наталъя Нарышкина мэндэлжээ. Авъяаслаг баатад, жанжид болоод эх орны дайны эрэлхэг дайчид, генерал маршалуудыг тоочихын эцэсгүй олон тул үүгээр цэглэсү. Тэгэхлээр Орос орныг хүчирхэг гүрэн болох үндсийг тавьсан агуу их нэгдүгээр Петр хаан ч татар цустай байх нь. Дорно дахины анагаах ухаанд “Хүний ясыг эцэг бүрдүүлж, цусыг эх өгдөг” гэж үздэг. Үнэхээр ч Орос хэлэнд “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна” гэж нийтэд түгсэн хэлц үг байдаг нь санаанд орсон санамсаргүй үг ч биш ажээ! Хамт суралцаж байсан оросуудтай нийлэн ярилцаж суухад тэд “Бидний удамд монгол цус бий. Өвөг дээдсийнхээ удам угшлыг хөөн үзэхэд заавал монголтой холбогддог” гэж ярьдаг байж билээ. Орос үндэстний тухай энэ хэмжээнд авч үзэж болох бол Хятад үндэстний хувьд ч үүнээс дутуугүй түвшинд авч үзэх боломжтой, арвин их судлагдахуун бий.
    XIII-XIV зууны үеийн Монголын байлдан дагуулал, цаашдын ноёрхол нь олон улсын нийгмийн хөгжил төлөвшил, угсаатан үндэстнүүдийн төвлөрөл хувьсалд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. Энэ үед тогтсон “Рах Mongolica” буюу Монгол маягийн энх тайвны үр дүнд ази, европын олон улс орон нийгмийн харьцангуй шинэ түвшинд хүрч, өрнө дорнын соёл иргэншлийн аль алинаас нь өвлөн хүртэж, эв нэгдэлгүй, тархай бутархай байсан аймаг ханлигууд эвлэлдэн нэгдэж, чингэснээрээ угсаатны томоохон нийтлэг хэлбэрүүд төрөн гарахад хүргэсэн юм. Тухайлбал Хубилай хаан Хятадад ноёрхон суугаад олон шинэчлэл, хөгжилд хөтөлсний дотор засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Хятадын өнөөгийн муж аймгийн бүтэц үндсэндээ бий болсон бол Л.Н.Гумилёвын дүгнэснээр “Алтан ордны улсын нөлөөгөөр Орос орон, Византийн өндөр соёл, татарын гарамгай эр зоригийг өвлөн авч агуу их гүрний зэрэгт хүрсэн” авай.
    Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзэхэд монгол үндэстний оршин тогтносоор ирсэн амин чухал, хамгийн гол нэгэн хүчин зүйлийн тухай ойлголт гарч ирж буй нь “Төв Азийн эртний нүүдэлчин угсаатнууд, түүний дотор Монгол бол эрчимт үндэстэн мөн” гэсэн дүгнэлт. Тиймээ, Монгол бол эрчимт үндэстэн ажгуу. Эрчимт үндэстний нэг шинж бол эрчимт хүчээ бусдад өгөх, бусдад алдах үйл явц явагдаж байдаг байна. Үүнийг уусах, уусгах, цус холилдох, эрлийзжих, цус сэлбэлт гэж нэрлэдэг. Өөрөөр бас эрчимт хүчээ бусдад шимүүлэх, бусдын эрчимт хүчийг шимэх явдал гэж нэрлэж болно. Энэ үйл явцтай холбоотой ойлголтоос цааш ургуулан өөр нэг ойлголт гарч ирэх нь Шимэгч үндэстэн хэмээх ойлголт болой. Тийм ээ, шимэгч үндэстэн. Түүхээс үзэхүл Төв Азийн нүүдэлчин угсаатнууд, тэдний нэг болсон Монгол нь эрчимт үндэстэн, харин Орос, бас Хятад бол шимэгч үндэстнүүд юм. Энэ ойлголтыг мөхөс миний бие ерээд оны дунд үеэс хойш судалж, томьёолж ирсэн агаад өдгөө энд анхлан уншигчдад хүргэж байна. Эрчимт үндэстэн гэж байдаг бол Шимэгч үндэстэн байж таарна. Гэвч энэ тухай дараагийн удаад дэлгэрэнгүй өгүүлсү.
    Түүхийг түүхчид бичдэггүй, хүн төрөлхтөн өөрөө туурвидаг. Харин, түүхчид түүхийг судлан “цэцэрхдэг” болой. Тэгэхдээ өнгөрсөн түүхийг хэрхэн буй аснаар нь, бодит үнэнээр нь судлан тодотгож, үнэлэн дүгнэснээр нь тухайн түүхчийн, түүхийн өмнө хүлээх нүгэл буяны дэнс нь хөдөлдөг буй заа. Чөлөөт сэтгэлгээ, олон эшт үзэл хөгжсөн өнөө үед Монголын түүхийг үгүйсгэх, голж чамлах, хоцрогдсон дорой буурайгаар нь онцгойлон муулах үзэлтэн бодлоготон гадаадад ч, дотоодод ч байсаар байна. Тэд “Нүүдлийн соёл иргэншил гэж юу байсан юм, Чингисийн Монгол гэж юу юм? хэмээн элдвээр үгүйсгэн цэцэрхэж байгаа нь харамсалтай. Түүх бол өөр юу ч биш, түүх л билээ. Түүхээр өнөөдөр хүн амьдрахгүй, гүрэн хөгжихгүй. Харин түүнийг бодит үнэнээр нь сэргээн тодотгож, чин шударгаар үнэлэн цэгнэж, хойч ирээдүйн үе үеийнхэнд сайтар ухаж мэдүүлэх учиртай. Нэн ялангуяа өнөөгийн Монгол мэтийн бууран доройтсон бага жижиг улс үндэстэнд үндэсний бахархал, үндэсний үзэл хүчтэй байж гэмээнэ хүчирхэг олон улсын хүрээлэлд оршин тогтнож чадах болно. Үүнд өвөг дээдсийн баатарлаг түүхийн бахархал, мэдлэг л тус болно. Тиймээс, түүх түүхээрээ л үлдэнэ ээ.
    Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос… гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.
    Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай.
    Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.
    1998, 2018 он.

  • ШАРАВЫН ДАШДАВАА УДГАН

    Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай гэжээ…Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд аргал овоолоод тавьсан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод морьноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулан асагчихсан бсан гэдэг

  • Ес. САЯАНЫ НУРУУН ДАХЬ АРШААНЫГ ЗОРИВ

    Бас нээрээ манай “Шөлөндөө” хоолны газар бас энд “Шулөндө” гэсэн нэртэй байдаг ажээ. Замаа ахиухан хороох зорилгоор дараагийн маршрут руугаа шууд хөдөлцгөөлөө. Угаасаа буцахдаа Улан-үдэ дайрах тул тэр үед тухтай газруудаар явах юм. Ингээд 10:30 цагийн үед Улан-үдэ хотоос гараад давхилаа.
    Улан-үдээс гараад Аршан орохоор аялалдаа гарлаа. Замын дагуу өнгөрөх байгалийн сайхныг харсаар л биширсээр, үнэхээр хязгааргүй их ой мод байгаа нь атаархмаар ч юм шиг. Ийм сайхан газар нутаг манайх байсан бол яасан сайхан бэ гэсэн бодол дотор минь байн, байн орж ирж гол харлуулж байсныг нуух юун. Харамсмаар ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж байнга төрж байв.
    Газрын зургаас харахад замдаа бид 40 гаруй том жижиг тосгодуудыг дайрч явахаар харагдаж байв. Хаа очиж харин тосгодууд нь ойр, ойрхон байдаг юм байна лээ. Их хүн амтай улсад тэгдэг байх л даа. Ямар манайх шиг гуравхан сая хүн тэр их тал нутгаар тарж суурьшиж байгаа биш.
    Явсаар 13:00 цагийн үед зам дагуу хооллохоор зогсов. Каменскийн ойролцоо байх. Ачааны машинууд зэрэгцэн зогсчихсон, замын нөгөө талд тосгоны хүмүүс жимс, мөөгнүүдээ худалдан зогсоно. Эргэн тойрон битүү мод, алсын газрыг харах боломжгүй болгох ажээ.
    Зогсоод 00-ын үнэ 30 руб байлуу даа тэгэж санаж байна. Бүгд биеэ суллаж аваад л хоолны газар орцгоолоо. Модтой газар гэсэн шиг энэ хоолны газрын тохижилт нь дан мод байв. Яг ингээд явж байгаа нь энгийн буриад амьдралын соёлын бодит байдлыг мэдрээд л явж байгаа гэсэн үг. Төмстэй пирошки идээд хөдлөв. Мөн л өөрсдөө халуун савтай усаа авч ороод л цай кофе юу байна дуртайгаа уучихаж байгаа юм. Үнэхээр тухтай сайхан явж байна. Дахин ийм сайхан явалтыг хэзээ ч үзээ билээ дээ гэх ухааны юм бодоод л..
    Явсаар 14:30 цагийн үед байгаль далайн зах харагдаж эхэллээ. Юутай сайхан, далай үнэхээр сүрлэг цэнхэрлэн харагдана. Сэтгэл хөөрөөд л бүгд дуу алдан гайхширна. Зөвхөн зах хэсгийг нь харчихаад шүү дээ. Боярский тосгоноос эхэлж байгаль нуур харагддаг юм байна. Яг далайн өмнөд хэсгээр явж байгаа хэрэг. Баруун талд минь Байгаль нуур жирэлзэн өнгөрнө. Хурдны замаар явж байгаа тул зогсох боломжгүй харж биширсээр л явлаа. Хурдны замаа яг нуурын эрэг дагуу барьжээ. Зам дээр том том машинууд маш их зөрнө басхүү их хурдтай явах ажээ. Машин дотроо монгол дуугаа тавьчихсан, сэтгэл догдлоод л нэг л тийм тогтворгүй. Хоёр цаг гаруй нуурын эргээр хурдны замаар давхиад Слудянка гэх тосгон дээр ирлээ. Ямар гоё цэвэрхэн тосгон бэ. Тосгон гэхэд хөгжил сайтай, зам дагуу нилээн их барилга байрнуудтай, хотхон гэмээр улбар шар өнгийн нилээн их барилгууд барьчихсан. Зам дагуу шон дээр цэцэгнүүд өлгөчихсөн, энд тэндгүй мод цэцэг навч. Далайн эрэг дээр тул уур амьсгал нь хүртэл чийглэг үнэхээр сэтгэлд тод үлдсэн газар байлаа. Бүр энд баймаар ч юм шиг.
    Ингээд Слудянка өнгөрөөд огцом зүүн эргээд Аршаны зүг эргэлээ. Одоо замын хойд хэсгээр Саяаны нуруу эхэлж байгаа. Д.Дашдоржийн ”Хэнтий, хангай, саяаны өндөр сайхан нуруунууд” гээд “Миний нутаг” шүлэг урсаад эхлэв. Сүндэрлээд л сүрлэг харагдана гээч.Ингээд л үргэлжлээд Увсын чигтээ ард орших Саяаны даваа хүртэл үргэлжилнэ.
    Цааш явсаар л баруун талд Саяаны нуруу сүндэрлээд л нэг л тийм огшоод ч байгаа юм шиг сонин, сонин мэдрэмжүүдийг өнөөдөр их авлаа. Үүнээс цааш тосгодууд нь хоорондоо ер нь ойр, ойрхон байна. Энэ хавиар бол дандаа буриадууд амьдардаг юм байна. Модон байшин, өвс ногоо сайхан тал газар, хадлангаа авчихсан яг л зурган дээр гардаг шиг тансаг юм аа. Орос үлгэр дээр гардаг шиг л яг тийм сайхан газар үнэхээр таалагдлаа. Биширсээр л явна. Нүд баясаж сэтгэл жаргана гэж энийг л хэлдэг байх аа.
    Одоо Булган аймгийн харалдаа, хөвсгөлийн нутгийн захруу ороод ирсэн гэж байгаа. Зам үнэхээр сайхан нисээд л байх юм. Цааш явлаа Аршан гээд халуун рашаанлуу явж байгаа.
    Сая Эркут гол гарлаа. Хойно Саяаны нуруу сүрлэг үргэлжилэн харагдана. Ахалик гэх нарийн гол гарлаа, Харимта гол өнгөрөв гэх мэтчилэнгээр Слудянка өнгөрөөд 10-аад тосгоноор дайрсан байна. Бид төв замаас хойш эргээд 20-оод км яваад Аршан гэх цагаан өндөр хөшөөн дээр ирэв. Манайхаар бол хаалга бололтой. Бууж зургаа дараад төврүү нь хөдлөв.
    Төврүү нь орлоо үнэхээр тансаг байгальтай яасан сайхан нутаг вэ гэж багийнхан бүгд л дуу алдацгаав. Ардуур нь Саяаны нуруу сүндэрлээд үнэхээр сүрлэг юм аа. Аюуна Андрейгийн ажиллуулдаг газарт нь буусан. Тэд өөрсдөө Эрхүүгээс ирж яваа. Тухалж авчихаад орчиноо харж салхилахаар бүгдээрээ гарцгаав. Жоохон хүйтэн байна аа хүмүүс куртка өмсөөд байна. Энд бараг амьдарчихмаар санагдлаа. Амьдарчихмаар санагдсан хоёр дахь газар минь байлаа. Орой 22 цагийн үед Андрей, Аюуна хоёр ирлээ. Эднийх их сайхан амьдардаг юм байна. Ийм гоё газарт ийм гоё амралттай. Маш гоё ярианууд өрнөлөө. Андрейн дүү Александр гэх залуутай танилцав. Манайхаар бол эндхийн ИТХын Төлөөлөгч гэх болтой юм. За ирээд ресторандаа хоол унд бэлдчихсэн сайхан хооллоод 24:00 цаг өнгөрөөд унтахаар хэвтлээ.

    djmedia:765
  • Найм. УУДАМ ХӨНДИЙ БА УЛААН-ҮД ХҮРТЭЛХ ЗАМД

    ярилцаад зам дагуу зогсоод манайхаар бол цайны газар байхаар нь орж сонирхлоо. Нарасун гэдэг нэртэй газар байв. Хоолны меню харах зуураа зурагтаар гарч байсан хөл бөмбөгийг бас хараад амжив.

    Замд монгол нэрнүүд бүхий газрууд зэрэлзэн өнгөрнө. Сая Шара Ямат гэдэг газрын нэр өнгөрөв. Бүр яг л монгол нэр шүү бараг. Гэх мэтчилэн Монгол нэртэй самбар гарах болгонд дурсгал болгон зургийг нь явах зууртаа дарсаар явав.
    16:00 цаг болж, эндээс Улан-үдэ одоо 383 км байна гэж самбар дээр зогслоо. Бас хөөрхөн удаан явахаар байна шүү. Гол их тааралдах юм аа. Николаевское, Танга, Шаракул, Улястуй, Хохотуй гээд л замд ойр ойрхон тосгодууд дайралдана. Арай монголжуу нэртэй юмуу даа гэснүүдийгээ тэмдэглэн явсан нь энэ. Ингээд орой 18:00 цагийн үед Новапавлоюка дээр зам дагуу хоолонд орохоор боллоо. Эхлээд бензинээр банкаа дүүргээд замын нөгөө талд нь гараад “Кафе регион 75” гэсэн хоолны газар орлоо. Нилээн өлссөн байлаа. Борш, солянка, тефтель авцгаав. Нээрээ энд чинь төмс нь тусдаа, будаа нь тусдаа, мах нь тусдаа үнэтэй байдаг юм байна лээ. Нилээн таваг дүүрэн хоол идэе гэвэл тус тусад нь бүгдийг захиалж идэх хэрэгтэй.
    Бид ч өөрсдөө халуун савтай устай яваа тул кофе, цайгаа өөрсдөө найруулж уугаад л яваад байх нь тэр. Хооллож дуусаад цааш хөдлөв. Замд зөндөө сайхан онгоноороо байгаа тал газар, мод, гол юу л байна бүгд дайралдаж байгаа юм. Байгалийн сайхныг бишрээд л явж байлаа.
    Газрын зураг дээр ажиллаж, Петровск-Забайкальсийгаар ороод гарах замыг сонгосон юм. Энэ бол тойруу зам байлаа. Гэхдээ гаргасан шийдвэртээ баттай зогсож, багийн саналыг үл хэрэгсэв. Одоо шороон бас шавартай бартаатай замаар аялах боллоо. Ой мод бүхий бартаат зам үргэлжилнэ. Цааш Хонхолой, Харашибирь, Мухуршибирь, Хошун-Узур, Тарбагатай гэх зэрэг сайхан монгол нэртэй газар тосгодуудыг дайраад 22:00 цагийн үед Улан-үдэ хотод ирлээ. Бид хотын өмнө талаас Улаан-Үд орох байсан боловч хотын эгц араас орж ирсэн нь бидний тойрч явсанг тодотгоно.
    Бид өмнө бууж байсан “Алтан” гэх буудалд буухаар шууд ирэв. Буудлын үнэлгээ их өндөр болжээ. Тэгээд буудлын эрэлд гарлаа. Мап дээрээс хамгийн ойр заах буудлыг оллоо. “Иркут” гэх нэртэй буудал гарч ирлээ. Нэр нь яагаад ч юм дотно санагдав. Ингээд шууд очоод уулзаад орохоор болоод ачаа бараагаа зөөв. Бас л орой болсон байсан учир хөнгөн хооллоод амарцгаалаа. Энэ буудлын зохион байгуулалт нь яг гэр шиг байв. Дөрвүүлээ нэг өрөөнд орон дээр буйдан дээр газар гээд хуваагдан амарцгаалаа.

    djmedia:764