Author: admin_shaman

  • Арван зургаа. УЛААН-ҮДЭД, а. Туяана

    Удганы зааж өгсөн газар очиж ярьсан тохирсон гутлаа аваад бидний яаралтай ажил дуусав. Одоо харин хотын төвөөр явж зураг буулган хоттой танилцав. Төв талбай буюу Лениний хөшөөтэй талбай, мөн манайхаар гэрэлт гудамж шиг залуучууд хөдөлгөөн ихтэй гудамжаар зугаалав. Номын дэлгүүр, хүнсний зах, цэргийн дэлгүүр, баатруудын хөшөө гээд л хотын төдөөр нилээд явлаа. Нэг л мэдэхэд оройн 18:00 цаг болсон байлаа.

    djmedia:774
  • ХОЛХИОС САРАВЧЛАН СУУХ ХАЛИМАГ ТҮМЭН

    хөлбөмбөгийн тамирчин Юрий Жоркаев нарын зэрэг алдартнууд төрөн гарчээ. Пролетарийн их удирдагч хэмээх В.И.Лениний эмэг эх халимаг эмэгтэй байсан ч гэдэг.
    Халимаг түмэн хэдэн зууны тэртээ эх Монгол нутгаасаа алслан нүүсэн ч Монголоо гэх сэтгэлээ алдсангүй, Жангарын туулиа тасалсангүй, товшуур хөгжмөө тавьсангүй, хөхүүр суулгаа хагсаасангүй, бурхны шашнаасаа буруулсангүй.
    Халимагийн нийслэл Элстэйд хөл тавихад Монголынхоо нэг аймагт яваад очсон шиг л санагдана. Манай нэг аймгийн төвийн хэртэй дээ, Элстэй хот. Өчнөөн удаан нүүж зовж зүдэрсний хойно бууж төвхнөсөн газрыг нь ээ. Яльгүй элсэрхэг хөндий, явган зэрэглээ бэлээр нь бэдэрлэсэн эрэвгэр сэрэвгэр уул толгод. Яг л Монголын хээр тал мөн дөө. Нутгийн нүдийг олж агт морьдын эмээл хуулж, атан тэмээдийн тэгнээ буулгаж, шар үхрийн буулга мулталж, ханаа дугуйлж тооноо өргөхдөө чухам заяаны нутгаа олсон мэт сэтгэл тэнийн амс хийсэн биз ээ.
    Монгол зочдыг угтан хүндэт харуулд зогссон бор цэргүүд, цагаан хадаг дэлгэн “Үсэрсэн цусан,тасарсан мяхан минь манийгаа гэсээр хүрээд ирэв үү. Саравчлаад л хараад суудаг шүү, бидэн” гэсээр тосох эмгэд, бишүүрхэнгүй харах улаахан хацарт охид, замын турш хамгаалалтад гарсан бүсэлхий хавиараа зузаан намхан чийрэг цагдаа нар. Харангуут “Хаа хол ингээд сууж байх гэж дээ эд маань” хэмээн бодохуйд өөрийн эрхгүй хоолой торж нулимс мэлтрэх юм билээ. Урлагийн тоглолт нь гал цогтой. Уулынхан, кавказынхны маягаар хувцаслаж товшин товшин бүжиглэвч хэлэх үг нь монгол, царай төрх нь монгол, товшуур хөгжмийн хөг нь монгол. Монгол, халимагийн сэтгүүлчдийн уулзалт дээр бүжиглэсэн нэг охин санаанаас салдаггүй. Түүний эрэмгий гэдэг нь. Шир суран тоногтой хувцас өмсөж, Германы “Чингис хаан” хамтлагийн ижил нэрт дууны аянд үсрэн цойлон бүжихэд нүдэнд нь оч гялалзан бүх биеэс нь эрч цацрах мэт, бусад нь тойрон зогсож “Чингис хаан, Чингис хаан” хэмээн түрэх нь сүртэй.
    Халимаг нь Европ тив дэх цорын ганц Буддын шашинт улс. Бурхны шашны “Бурхан багшийн Алтан сүм” буюу халимагаар “Алтан сюмэ” хэмээх том төвд эргэлчин мөргөлчин тасардаггүй шинжтэй. Уг нэрийг Далай багштан морилон очихдоо хайрлажээ. Хийдийн гадна хаалганы өмнөх өндөр шатны хоёр талын тавцангаас ус тасралтгүй мяралзан урсах нь Алтайн өндөр уулсынхаа түргэн урсгалт голыг дүрслэн хийсэн болов уу гэлтэй.
    Хөдөө айлд зочлоход ч монгол ахуй тосно. Сүүтэй, задьтай шаргал цай самарч, шар тостой улаан боорцог чанаад жижигхэн гэрт хэдэн хүүхэн завгүй. Бүхэл мах тавьчихсан, монгол ердийн буузнаас арай томхон хонин бууз таваглачихсан. Амт шимт бол яг л монголоороо. Эх нутгаасаа нүүгээд хэдэн зуун жил болчихсон байхад ахуй амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй ажээ.
    Халимагчуудын туйлын мөрөөдөл бол Монгол нутагтаа ганц ч болтугай очиж Есөн хөлт цагаан тугандаа мөргөх. Тэдний нэг болох ОХУ-ын Халимаг Улсын иргэн, нутаг усандаа “Олны ээж Нимя” хэмээн өргөгдсөн 86 настай Нина Уланова хэдэн жилийн өмнө хүү болон өөрийн тэргүүлдэг “Өв” сангийн төлөөлөгчдийн хамт үндэсний хувцсаараа гоён Монгол төрөө ихэд хүндэтгэн Төрийн ордонд бараалхсан билээ.
    Нина Уланова Халимагийн язгууртан гаралтай хүн. Нагац ах нь Жангар туулийг 1910-аад онд Санкт-Петербургт анхлан хэвлүүлж байж. Тэдний өвөг дээдэс халимагийн морьт цэргийн манлайд тулалдан Францын Напалеон жанжны цэргийг Оросоос үлдэн хөөхөд гарамгай гавьяа байгуулж явжээ. Нина Уланова өвөг дээдсийнхээ шүтээн болох тугийн бумба /зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлсэн юм. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дөрвөдийн хорооны магнайдаа өргөж явсан тугийн зэв нь тэрхүү Монголд авчирсан бумба ажээ. Байлдааны тугийн зэвийг Нина Уланова гуай цагаан хадаг дээр залан Чингис хааны хөрөг, Төрийн есөн хөлт их цагаан тугийн сууринаас адис хүртээн “Нэгэн насны хэргээ бүтээлээ” хэмээн дахин дахин залбирч нүд дүүрэн нулимстай хөөрч догдолж байсан сан.
    Эх нутгаасаа холхид нүүсэн халимагуудыг оросууд Догшин Иван хааны үе 1574 онд хүлээн зөвшөөрч зарим цайзад худалдаа, наймаа хийх боломж олгожээ. Оросын I Петр их хаан Астраханьд биеэрээ морилж, халимаг цэргүүд Оросын өмнөөс олон дайнд их гавьяа байгуулсан алдрыг нь өргөмжлөн Халимагийн Аюух ханд алтан сэлэм бэлэглэж, алба гувчуураас чөлөөлж байсан үе бий. Гэвч төвхнөсөн нутагтаа бас амар тайвныг үзсэнгүй ээ.
    Екатерина II хатан хаан өмнөх бүхнийг үгүйсгэж, Хоо өрлөгийн тавдугаар үеийн хан Убашийн хэргэм цолыг хасаж, Туркийн дайнд олон цэрэг дайчилж, татвар гувчуур нэмж, суурин амьдралд татан христийн шашинд дагаар оруулахыг албадан тэсвэрлэхэд бэрх болсноос Убаши хун тайж 1771 оны эхээр, тэсгим хүйтний дундуур хагас хүнээ дагуулан аяны замд гарч орос, казах, киргизийн цэрэгтэй тулгарахын сацуу өлсөж, осгож, өвчинд баригдаж, тууж гарсан малаа барж хагас жилийн дараа сая Монголдоо эргэн ирсэн гэх. Дэлхийн түүхэнд хагас жил аяны зам туулсан их нүүдэл өөр гараагүй юм гэдэг.
    Нүүдэлчин цустай халимагуудаас түм илүү хүн Ижил мөрнөөс Дон руу нүүж Доны казакуудтай нийлэн улаантан, цагаантны цэрэгт элсэж бужигнуулж явсан удаатай. Төрөлхийн омголон дайчин халимагууд Оросын хааны морин цэргийн гол хүч болж 1665 онд Орос-Польшийн дайнд нэгэн түмэн цэрэг гаргасан бол 1668-1676 онд Турк, Крымын дайн, 1701 онд Орос-Шведийн дайн, мөн Орос-Персийн тулаан,1812 онд Францын Напалеоны цэргийг бут цохиход сумны зэв, жадны үзүүр болж явав. Түрүүхэний Орос-Чечений тулаан, өдгөө ид үедээ байгаа Орос-Украины дайнд ч халимаг цэргүүд “өргөж авсан”эх орныхоо төлөө тэргүүн эгнээнд явж буй.
    Дэлхийн II дайны үед гитлерчүүдэд Есөн цагааны бэлэг өргөж, армид нь хэсэг халимаг цэрэг элсэн тулалдсаны улмаас И.В.Сталины тушаалаар 1943 онд Зөвлөлт социалист Автономит Халимаг улсыг татан буулгаж, газар нутгийг нь Оросын ойролцоох мужуудад хуваан өгч, 120 мянган халимаг хүнийг Сибирь, Алтай, Сахалинд хуваан цөлсөн эмгэнэлт түүх бий. Улаан армийн бүрэлдэхүүнд олон халимаг тулалдаж байсан ч элэг нэгтнүүдээ цөллөгөөс аврахад тус болсонгүй. Ид өвлийн хүйтнээр Сибирь рүү ачааны галт тэргээр 15 хоногийг туулуулан байж цөлөх үед хамгийн голдоо балчир хүүхдүүдээ, түүний гадуур өвгөд хөгшдөө, тэгээд эмэгтэйчүүд, хамгийн гадна идэр эрчүүдээ хүрээ болгон зогсоож явсан ч олон хүн аяны хөл даалгүй хорвоог орхиж, цогцсыг нь галт тэрэгний явдал дунд хөлдүү гулууз мэт гаргаж чулууддаг байсан тухай торгууд хөгшид хуучилдаг билээ. Олон жил цөлөгдөж, хатуу амьдралд нухлагдсаны эцэст 13 жилийн дараа буюу 1956 онд Н.С.Хрущевын шийдвэрээр тэд нутагтаа эргэн ирж Автономит Халимаг улсаа сэргээн байгуулжээ. Өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Халимаг улсыг 1992 онд байгуулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болж, К.Илюмжинов анхны Төрийн тэргүүнээр сонгогдож байв. Холхиос Монголынхоо зүг саравчилж, эмээлийн бүүргээ урагш харуулан тавьж, “Элгэн саднаа нүдээ онийтол харуулдан суудаг даа” хэмээн элгэмсдэг халимаг түмний тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.
    Д.Оюунцэцэг

  • Зураг түүхийг авч үлддэг 6

    Монголчуудын мэдэлд байсан өргөн уудам бүс нутаг нь харьцангуй тайван, аюулгүй байдлыг тогтоож, түүхий эд материал, техникийн мэдлэг, дүрслэх урлал, чадварлаг гар урчуудын хөдөлгөөнийг хөнгөвчилж, улмаар 1256-1296 оны хооронд Ираныг захирч байсан Монгол Илханчуудын урлагт хувьсгалт дэвшил гарч ирсэн. 1353 он, 1295 онд Ислам шашныг батлав. Энэ дээл шиг алтаар ороосон торгон даавуугаар сүлжмэл тансаг нэхмэл эдлэлийг янз бүрийн газарт хийж Европ руу худалдаалж Тартар даавуу эсвэл панни tartarici гэж нэрлэх болжээ. Ага Хан музейн дээлний дугуйрлууд нь хуурамч бичгээр чимэглэгдсэн байдаг бөгөөд энэ нь Иран эсвэл Төв Азид хийсэн гэсэн үг юм. Энэ дээлийг доор нь үнэтэй, гоёмсог нэхмэл эдлэлийг илүү сайн харуулахын тулд богино ханцуйтай гадуур задгай гадуур хувцас өмссөн байх байсан. Дээлний гар нь ер бусын урт бөгөөд шуу орчмоороо түлхэгдэж, хамгаалалтын давхарга нэмж, эзэнд нь алтаар нэхсэн торгон элбэг дэлбэг байгааг онцолсон байв.
    Аугаа өвөг дээдэс таньдаа мэхийн ёслоё. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс өнө мөнх оршиг!

     

  • ЭРЭГСЭЛ БӨӨГИЙН ШИД

    Бөө түүний далан дээр нь гараа тавьтал цаадах нь “Намайг ингэж тарчлааж байхаар алаад өг” хэмээн улам гингэнэн орилох нь тэр. Түүний тайвширсаны дараа “Чи цай хөрөөгүй шахам хугацаанд юу үзсэнээ ярь” хэмээн лүндэгнэхэд цаадах нь хоолойгоо чичрүүлэн байж болсон явдлыг ярьжээ. До яамны төлөөлөгч гэртэй буугаа цзвэрлээд сууж байтал буун гал алдан эхнэрээ хөнөөж орхижээ. Тиймээс эхнэрээ санаатай алсан гэдэг гүжир хэрэгт гүтгэгдэн гурван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд байхад нь хүү, охин хоёр нь түүнтэй уулзана гээд явган гарсан сураг сонсогдохон тэр.
    Мань эр санаа зовохдоо өмнөөс гараад алхчихаж. Харамсалтай нь замдаа хүү нь хөлдөөд үхчихсэн, охин нь дагжин чичирч байхтаа тааралдаад байтал хойноос нь хайж ирсэн шоронгийн хуягууд охин хүү хоёрыг нь орхиод түүнийг цасан дээгүүр чирээд явж л дээ. Цай хөрж амьжаагүй бүлээн байсан боловч энэ гурван жилийн зовлонг үзсэнээр үс нь цайчихсан байж. Ингээд До яамны төлөөлөгч уйлан хайлан өвдөг сөхөрч өршөөл эрээд ул мөргүй алга болсон гэнэ.

  • ХОЁР АРД ТҮМНИЙГ ХОЛБОСОН 22 ЖИЛ

    Хятадын үе үеийн шилдэг залуусын хүсэл мөрөөдөл болсон Бээжингийн их сургуульд элссэн дараахан өөрийн сонирхол, ачит багш нарын зөвлөсний дагуу монгол хэлний ангид орсон нь түүний хувь заяаны төөрөг дахь нэн чухал эргэлт байжээ. 1898 оноос эхлэлтэй Хятадын ард түмний оюун санааны ундарга болсон Бээжингийн их сургуулийн нэрт эрдэмтэн Жи Шяньлинь профессорын үүсгэн байгуулсан Хятадын дорно дахин судлалын хамгийн эртний, хамгийн олон мэргэжлээр сургадаг, гадаад харилцаа гадаад худалдаа соёлын солилцооны үндсэн боловсон хүчин бэлтгэдэг Дорно дахины хэл утга зохиолын факультетад хуваарилагдан орсон Цай Вэньруй нь Хоү Ваньжуан нарын суут багш нараар хөтлүүлэн эрдэм номд шамдан монгол хэл заалгахын зэрэгцээ өнө эртний түүхтэй, найрсаг харилцаат хөрш орныхоо түүх соёлоос оюутны дөрвөн жилд онцгой хичээнгүйлэн суралцсан шилдэг оюутан байлаа.
    Төрөлх Хармөрөн мужийнхаа дунд сургуульд заадаг байсан орос хэлний мэдлэг нь түүнийг монгол хэл сурахад багагүй суурь болсон гэж тэрбээр хожим өгүүлсэн байдаг. Гадаад хэлний ур чадвар, түүх соёлын болон гадаад харилцааны мэдлэгээрээ үеийн нөхөд дундаа шагшигдаж, эрдэмтэн багш нартаа үнэлэгдэн 1985 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтнаар томилогдсон нь түүний дипломатын 40 шахам жилийн ажил амьдралын гарааны эхлэл байжээ.
    Залуухан дипломатч Цай Вэньруй 37 жилийн тэртээ 1986 онд Монгол нутагт анх хөл тавьж МУИС-д мэргэжил дээшлүүлэх сургалтын хугацаандаа манай улсын монгол хэл бичгийн сор болсон эрдэмтэд Чой.Лувсанжав, Ш.Чоймаа нараар хичээл заалгаснаар түүний монгол хэлний мэдлэг чадвар улам төгс болж сайжирсаар байв. Ачит багш нарыгаа дурсан ярихдаа тэрбээр “Багш нарынхаа ачийг Монголд хийх ажлаараа хариулна” үргэлж хэлдэг.
    Түүний дипломатчийн замналын харвал:
    1985-1986 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан
    1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
    1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе
    1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
    1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
    1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга
    1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
    2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга
    2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
    2000-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний ажилтан
    2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга
    2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин хотод суугаа Ерөнхий консул
    2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул
    2020-оны 1-р сараас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллажээ.
    Дээрх замналаас харахад манай улсын сүүлийн 40 жилийн өөрчлөлт шинэчлэл, хөгжил цэцэглэлт, тэр дундаа социалист БНМАУ-аас орчин үеийн ардчилсан Монгол улсыг хүртэлх нийгмийн том өөрчлөлтийн бүхий л цаг хугацаанд тэрээр Монгол, Хятадын харилцааны тэргүүн эгнээнд ажиллаж хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн найрсаг солилцоог ахиулахад оруулан хувь нэмэр асар их юм. Цай сайдын монгол хэлний онолын зузаан мэдлэг, урсам сайхан ярианы ур чадвар, Монголын түүх соёлын арвин мэдлэгийг уулзсан хүн болгон магтан онцолдог бөгөөд үүнийгээ тэрээр “Эрхэм багш нарын ач гавьяа, монгол хэл сурсан буян заяа” гэж үргэлж бэлгэшээж, харин монгол хэл сураагүй байсан бол элчин сайд болж чадахгүй байсан гэж монгол хэл соёлыг үргэлж онцгой хүндэтгэж өгүүлсэн байдаг.
    Түүнийг Элчин сайдаар ажилласан 2020-2023 онуудад даян дэлхийг хамарсан аюулт цар тахлын хүндрэлтэй цаг үе тохиосон хэдий ч тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг олонтоо зохион байгуулж, эдийн засгийн харилцаа бэхжиж, хоёр талын худалдаа эргэлт 2022 оны сүүлч гэхэд 12 тэрбум долларт хүрээд байна. Аюулт цар тахал нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед үргэлж идэвх зүтгэл гарган ажиллаж худалдаа тээврийн харилцаанд үүссэн бэрхшээл болгоныг шийдэн хамтаар даван туулж байлаа. Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30000 хонийг Хүбэй нутагт хүргэн өгч эрүүл мэндийн салбарт олонтоо тусламж дэмжлэг үзүүлэхэд оройлон ажиллаж байв.
    БНХАУ-аас Монгол Улсад суусан 17 дахь Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруйгийн дипломатчийн амьдралд олон онцлох зүйлс байгаагаас дурдвал: Монгол Улсад хамгийн удаан хугацаанд буюу 22 жил ажиллаж амьдарсан, хамгийн олон удаа буюу зургаан удаа томилогдсон, хамгийн анхны Ерөнхий консул ба Элчин сайдаар дараалан ажилласан, хамгийн анхны Элчин сайдын яамны бүх албан тушаалыг хашсан гээд хөвөрч өгнө. Бээжингийн их сургууль түүнд хожмын Элчин сайд болох замыг чиглүүлж монгол хэлийг нь зааж сургасан бол харин тэр өөрийн нэгэн насны халамжит ханиа мөн л монгол хэлний салбараасаа сонгожээ. Түүний гэргий Гао Фэнин нь ГЯЯ-ны системд олон жил зүтгэж тэр дундаа Монгол Улсад олон удаа томилогдон Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх хүртэл албан тушаалуудад ажилласан чадварлаг дипломатч, монгол хэлний сайн мэргэжилтэн, найрамдлын зүтгэлтэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг эх орондоо буцах гэж буйтай нь тохиолдуулан Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан бөгөөд энэ нь Монгол, Хятадын ард түмний хөгжил цэцэглэлт, найрамдал нөхөрлөлийн төлөө 40 шахам жил зүтгэсэн түүнд ирэх зүй ёсны хүндлэл байв. Эрхэм сайд Цай Вэньруй маргааш Элчин сайдын үүрэгт хугацаагаа дуусган эх орондоо бүр мөсөн буцах гэж байна. Ийнхүү дипломатчийн замналаа өндөрлөж болох ч хоёр зууныг өртөөлж хоёр ард түмнийг холбосон тэрбээр найрамдал нөхөрлөлийн үйл үйлсийг манлайлах их аяны түүчээгээ дөнгөж эхлүүлж байна. Монгол түмний чин сэтгэлийн бэлгэдэл болсон сүүн цацлаар аяны дөрөөг тань мялаая. Баярлалаа. Та сайн яваарай. Удалгүй Улаанбаатартаа уулзахын ерөөл тавья.
    Хятад судлаач, Орчуулагч Х.БААТАРХҮҮ

    djmedia:773
  • Зураг түүхийг авч үлддэг 5

    Норвегийн аялагч Оскар Мэймэн авсан энэ зургийнхаа тайлбарт үйл явдлыг огноог тодорхой бичээд, Богдын сүйх тэргийг чирч яваа лам нарын дэргэд бараа болон яваа Ханд ван (Hanta wang), Далай ван (Dalai wang) хоёр гэжээ. Олноо Өргөгдсөн Монгол улсын Гадаад явдлын яамны тэргүүн сайд Чин ван Ханддорж, Цэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ Далай ван Гомбосүрэн нар одоогоос 108 жилийн өмнө ийнхүү гэрэл зурагт мөнхрөн үлджээ.‬‬

  • НАСА: АМЬДРАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ГАРАГ ИЛРҮҮЛЛЭЭ

    Тодруулбал дэлхий дээр диметилсульфат /DMS/ хэмээх молекул зөвхөн амьдрал байх үед л илрэх боломжтой байдаг. Харин одоогоор К2-18b гэж нэрлэж буй тус гарагаас уг молекулыг илрүүлжээ.
    Мөн судлаачид гарагийн агаар мандлаас метан болон нүүрсхүчлийн хийг олсон нь тус гараг дээр далай байж магадгүйг илтгэж байгаа аж. Уг судалгааг удирдаж буй эрдэмтэд амьдрал байгаа эсэхийг тогтооход нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг дурдаж, жилийн дотор судалгааны үр дүнг гаргана гэв.
    Өмнө нь НАСА-ийн Hubble дуран К2-18b гарагийн агаар мандлаас усны уур илрүүлж байсан тул сайжруулсан Жеймс Вебб дурангаар хамгийн түрүүнд уг гарагийг судалж эхэлсэн байна. Ямар нэг гараг дээр амьдрах боломжтой эсэх нь агаарын температураас хамаардаг. Харин уг гарагийн агаарын хэм амьдрах боломжид нийцэж байгаа аж.
    Эх сурвалж: ВВС

  • ТӨР, ЗАСГИЙН ТОМЧУУД Л МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАЧИХЛАА

    Дээрээс бороо их орвол нам доор газарт төчнөөн л их намаг, шалбааг үүсдэг. Дээр тэнгэрт үүл хуралдаж, тэнгэр дуугарч, цахилгаан цахиж эхэлбэл доор газар дээр айдас, түгшүүр үүсэж амьтан, хүмүүс хоргодох газар эрэн бужигналддаг. Ингэж дээрээс л сайн, муу бүх зүйл үүдэгддэг байжээ.
    Хүмүүс дээшээ харж, тэнгэр шинжиж, шүтэж байсан нь улс орон дотроо мөн л дээшээ харж, хаад, түшмэдүүдээс жишээ авч, тэднийг дууриаж амьдрахад хүргэжээ. Улстөрийн намуудын дотоод амьдрал ч гэсэн мөн дээшээ харсан, дарга нараа дууриасан шинж, байдалтай нь үнэн юм. Байгалийн энэ дээрээс үүдэгддэг аюул, аврал нь бөө, удган нарын сурталд тусаж тэд “дээрээс, тэнгэрээс асууж байж” хэрхэхийг хэлдэг болжээ. Зурхайч нар ч гэсэн тэнгэр дэх од, гаригсын нөлөө хэмээж 100 хувь шахам худлаагаа үнэн болгож сурталчилдаг. Чингэж бөө, удган нарын сурталд түшиглэн, тэднээс улбаалж зурхай, зурхайчид анх үүсчээ. Хожуу нь шашны суртал ч гэсэн тэнгэр, бурхныг зааж, тэднээс улбаалуулан, тэдэнтэй холбон үзэл, сургаалаа боловсруулж, түмэн олонд номлох болсон байна.
    Нийгмийн хувьд, нийт ард иргэдийн хувьд бол тэдний дагах, дууриах, үлгэр жишээ авах хүмүүс нь хаад, түшмэдүүд, улстөрчид, сайд, дарга нар байдаг. Лам нар ч хамбуудаа дууриадаг, цэргүүд ч жанждаа дууриадаг, сурагчид ч багш нараа дууриадаг. Ингэхлээр нийгэм дэх муу болон сайн зүйлүүд мөн л дээрээсээ эхлэл, нөлөөтэй ажээ.
    “Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ ч олохгүй” хэмээхийн учир ийм юм. Ардчилсан нийгэмд ч гэсэн сайн, муу бүх зүйл мөн л дээрээсээ эхлэлтэй, төр засгийн томчуудаас үүдэлтэй байдаг. Ардчиллын алтан хараацайнууд бүгд авлигачид, хулгайчид болчих аваас нөхцөл, байдал яг л өнөөдрийн Монголынх шиг болчихдог ажээ. Эрх барьж ирсэн хоёр нам хоёулаа л “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө” гэж лоозогнодог шүү дээ…
    Байгаль дахь сайн, муу ч дээрээс, тэнгэрээс, мөн нийгэм дэх сайн, муу ч дээрээс, томчуудаасаа гэдэг нь үнэн юм. 1990, 1991, 1992 онд Монголын нийгэм, улстөр болон эдийн засгийн амьдралдаа шинэчлэлт хийж, 1960 оны үндсэн хуулийг халж, 1992 оны үндсэн хуулийг баталж, мөрдөх болсон үеэс л Монголын төр, засагт ажиллаж байсан эрхмүүд шударга, зарчимч, ёс суртахуунтай байж чадсансан бол ард түмний амьдрал шал өөр, сайхан болчихоор байв. Гэтэл Төрийн Ордонд 32 жилийн туршид хэн хэн байв аа? Бараг л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид! Тийм болохоор л тэдний жишгээр дунд, доод тушаалын дарга нар дагаад, тэднээс үлгэр аваад, дээдсийн мөрөөр ороод л мөн л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид болцгоочихжээ. Сайн, муу бүх зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг дээр дурдсан зүй тогтол Монголд маань яг хэргээ хийж, мөрөө үлдээлээ. Оросууд энэнийг “загас толгойноосоо эхэлж ялзардаг” гэж дүрслэн хэлдэг дээ.
    Аль ч улс орон, аль ч нийгэм дээдсээ, ихэсээ дагаж, дууриаж байдаг болохоор, муу, сайн аливаа зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг болохоор Монголын төр, засгийн томчууд л (эрх барьж ирсэн хоёр намын томчууд л) дунд үе, залуу үеэ уруу нь татаж, увайгүй байдалд оруулчихлаа.
    Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурсан нэртэй, үнэндээ бол мэдлэг цуглуулсан биш, зөвхөн диплом, хавтас цуглуулсан савангийн хөөс адил магистр, докторууд ч олон боллоо. Дээдсүүд нь хулхи болохоор цүнх баригчид нь дагаад л хулхи болцгоочихдог ажээ. Өнөөдөр төрийн өндөр алба хашиж буй 55-аас дээш насны хүмүүсийн дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдож байгсад, тэдний дараах үе болох 40-өөс дээш насныхны мөн олонхи нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, энэ хоёр үеийнхний араас явж буй 25-аас дээш насныхны мөн л олонхи нь хулхидуу, хуудуутай, шуналдаа хөтлөгдөж мэдэх хүмүүс болчихоод байна.
    Ардчилсан нийгмийг байгуулнаа гэсэн хүмүүс маань зөвхөн л дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний төр, засгийг буй болголоо. “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон нь жирийн иргэдийн амьдралд нэвтэрч хэрэгжсэнгүй. 8 сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбоглож шалгагдсаар, ял зэмлэл хүлээсээр л байна. Арга, заль хэрэглэн уснаас хуурай гарсан хүмүүс ч олон боллоо.
    Эрх баригч хоёр намын дунд үе, залуу үе нь бүгд л дээшээ харж, дарга нараасаа үлгэр, жишээ авч улам л том авлигач, улам том шахаа, чавчаа хийж, улам их хор найруулагчид болсоор байгаа нь хууль, хүчний байгууллагууд дээр мөрдөгдөж байгаа гэмт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Томчуудынхаа эхлүүлсэн гэмт, нууц үйлдлүүдийн залгамжлагчид болж, нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж, нам дамнасан хуйвалдаанд оролцсоор эцэсдээ гэмт хэрэгтний эгнээнд шилжиж буй залуус хөөрхийлөлтэй. 1990, 1991 оноос л гэмт хэргээ эхэлсэн (засгийн газрын 20-р тогтоолын нууц, алт диллерийн гэгдэх хэрэг, олон банкны дампуурал, өмч хувьчлал, лицензийн болон газрын наймаа гэх мэт) хууччууд нь тэрбумтан гэгдэж, тэргүүн зэргийн одон зүүж, гавъяатан гэгдэн “жүжиглэж”, харин тэдэнд уруу татагдсан хүмүүс ял зэмлэл хүлээсээр байна. Хууль, шүүхийнхэн маань яг л Манжийн үеийнхэн шиг “Хэргийн ихээр болохгүй, хээлийн ихээр шийднээ хө” хэмээн амандаа аялаж, шивнэж байх болцгоожээ.
    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ТАНЫ АЛГАН ДЭЭР М ҮСЭГ БАЙДАГ УУ?

    Хэрэв таны эргэн тойрон дунд алгандаа М үсэгтэй бол та түүнд худал хэлэх эсвэл мэхэлж чадахгүй гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Маш ухаалаг төдийгүй зөн совинтой тул алган дээрээ М үсэгтэй хүмүүс өөрсдийгөө худал хуурмаг зүйлийн золиос болох эсвэл хууртагдаж байгаагаа амархан мэдчихдэг. Алган дээрээ М үсэгтэй эмэгтэйчүүдийн зөн совин нь эрэгтэйчүүдээсээ ч илүү хүчтэй байдаг.
    Тэд амьдралын аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай бөгөөд тэдэнд байдаг нөөц, боломжуудаа ч хэрхэн ашиглахаа мэддэг. Өөрөөр хэлбэл “М” үсэг нь дараахь зүйлийг илэрхийлж болно.
    • Манлайлах ур чадвар
    • Аливаа зүйлийг хийх чадвартай.
    • Баяр баясгалантай
    • Маш сайн боломжууд хүрээлэгддэг.
    Зарим хүмүүст энэ тэмдэг нь нэг гарт нь байдаг бол цөөн хэдэн хувьд нь хоёуланд нь байдаг.

  • У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж байна

    Хатагтай, ноёд оо,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
    Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.
    Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.
    Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.
    Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна. Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.
    Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоох, итгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
    Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.
    Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэмхэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
    Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.
    Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.
    Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон.
    Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай. Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.
    Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилт, бэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна.
    Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ. Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах” хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ. Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ.
    Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна. Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан.
    Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн.
    Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна. Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.
    НҮБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр “Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно” гэдгийг онцлон сануулжээ.
    Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.
    Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан.
    Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг. Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
    Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.
    Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг. Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.
    Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна.
    Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.
    Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан. Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
    Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.
    Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.
    Эрхэм чуулганы дарга аа,
    Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
    Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэж байна.
    Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлого, санал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй. Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.
    Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
    Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.