Өрнийн домогт гол төлөв цагаан өнгийн морь төрхтэй дүрслэгддэг бол дорно дахинд ялангуяа Хятадад луутай төстэй домгийн амьтан хэмээн төсөөлдөг ажээ. Хятадууд бэлгэт гөрөөсийг “чилэн” хэмээн нэрлэнэ.
Монголчууд уг амьтныг бүс, адууны тоног зэрэгт дүрслэн гоёл болгож байсан нь археологийн олдворуудаас харагддаг. Үүний тод жишээ нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас илэрсэн бүсний мөнгөн чимэг юм.
Бэлгэт гөрөөсийг Хүннүгийн үед их шүтэж байсан нь сүүлийн жилүүдэд Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олдсон эмээлийн хударга хөмөлдрөгний чимэгт олонтаа дүрслэсэн байгаагаас мэдэгдэнэ. Анх Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газрын 20-р булшнаас бэлгэт гөрөөсийн дүрстэй алтаар шарж мөнгөөр хөөмөлдөн хийсэн дугуй болон гонзгой хэлбэрийн хударга, хөмөлдрөгний чимэгнүүд олдсон ба түүний дараа Ноён уул, Гол мод-2 зэрэг дурсгалаас ч төстэй алт, мөнгөн чимэг олджээ.
Author: admin_shaman
-
Домогт гардаг ганц эвэрт амьтан.
-
ЧИНГИСИЙН УДАМ ЛИГДЭН ХААНААС ИЧГVVРГVЙГЭЭР УPBACAH АР, ӨВӨР МОНГОЛЫН НОЁД МАНЖТАЙ НЭГДСЭН !!!
Өвөр монгол ноёд Чингисийн алтан төрөөс, Чингисийн үрээс ичгүүртэйгээр урважээ. Өвөр ноёд Чингисийн төрийг алт мөнгө, цалин пүнлүүгээр Манж хаанд худалдаж, дагаар оржээ. Тэд Манжийн хаанд урваад зогсохгүй, манж цэргийн гол хүч болж, Чигисийн хойч Лигдэн хааныг сөнөөхөөр Цахарын нутагт цөмрөн ороход Лигдэн хаан цэрэг албатаа аван Хөх нуурын зүг зугтаажээ. Түвдийн өндөрлөгийг хянавал Лигдэн хаан Монголчуудад нөлөөлж, улам хүчээ авч буй Түвд шашны үзэл суртлыг хянаж, Манжид дагаар ороогүй монгол ноёдод хаант төрөөр нөлөөлж болох байв.
( Лигдэн хаан 1592 – 1634 )
Гэвч харамсалтай нь Лигдэн хаан 1634 онд аян замдаа халдварт өвчнөөр нас барж, Чингисийн байгуулсан их төр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон гэдэг. Лигдэн хааныг өөд болсны дараа 1636 онд Өвөр Монголын 49 ноён Манжийн нийслэлд цуглан манж хаан Абахайг бүх Монголын хаан болгон ширээнд залжээ. Энэ бол Өвөр Монголын ноёдын үйлдсэн асар том нүгэл байсан юм. Өвөр Монголын ноёд тэрхэн үедээ Манж хааны худ ураг болж, эд баялагт умбаж, Бээжинд ордонд сууж, манж хаанд шадарлаж байсан гэдэг.
( Лигдэн хаан 1603 – 1634 оны хооронд хаан ширээнд суусан )
Өвөр Монголын ноёд Чингисийн угсааны төрөөс бөөнөөрөө урваж, зальхай Манжийг дагах болсны дараа Халхын ноёд цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ үед Халхын хүчирхэг удирдагчдын нэг, Чингисийн удмын Цогт хунтайж эрс шийдэмгийгээр Лигдэн хааны талд зогссон аж. Цогт тайж нь бичиг номд нэвтэрсэн боловсрол өндөртэй, гүн ухааны шүлэг зохиодог хүн байсан бөгөөд Лигдэн хаанд зориулсан шүлгээ алдарт Дуутын хаданд сийлж үлдээжээ. Цогт тайж, Лигдэн хаан нар тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгчид байснаараа бусад ноёдоос эрс ялгарч байжээ.
( Цогт хунтайж 1581 – 1637 )
Лигдэн хаан монголчууд бурханы шашны номлолыг өөрийн хэлээр судлах ёстой гэж үздэг хүн байжээ. Иймд тэрээр буддын шашны Ганжуур, Данжуур хэмээх хоёр их хөлгөн судрыг ихээхэн хөрөнгө хүч зарж монгол хэл рүү орчуулуулсан байна. Цогт тайж энэ тал дээр Лигдэн хаантай адил бодолтой хүн байжээ. Хэрэв монголчууд эх хэлээрээ шашны номыг судалдаг болбол монголчууд Төвдийн шарын шашны нөлөөнд автах нь багасах учиртай аж. Гэтэл энэ нь буддын шашны номыг монголчуудад түвд хэлээр зааж, Монголыг оюун санаагаар нь удирдах гэсэн Түвдийн шарын шашныхны дургүйцлийг хүргэв.
Ингээд Төвдийн шарын шашныхны явуулгаар Далай ламын шашныг дагагч монгол ноёдын хувьд Лигдэн, Цогт нар “шашны дайсан” болж хувирсан аж. Өнөөгийн шарын шашны урсгалын монгол лам нар ч Цогт тайжийг “шашны дайсан” гэж үздэг. Ямар ч цаг үед “шударга эх орончид” ийнхүү ганцаардан шахагддаг ажээ. Нэг талаас Манжийн хаан болон Манжид урвасан ноёддоо шахагдсан Лигдэн, нөгөө талаас Чингисийн төрдөө үнэнч байж, Төвдийн шарын шашны оюун санааны түрэлтэд шахагдсан Цогт хунтайж нар хоюул тэмцэл хийх боломжит нутаг Хөх нуурын зүг цэргээ дагуулан хөдөлсөн ч зорьсондоо хүрэх хувь дутжээ.
( Цогт хунтайж 1581 – 1637 )
Ноёд нь Манжид урван, өөрөө хавчигдан зугтсан Лигдэн хаан хүчээ сэлбэж амжилгүй халдварт өвчнөөр нас баржээ. Харин Түвдийн Далай ламын зарлиг бүрийг үнэнчээр дагагч Ойрадууд өөрийн “эзэн” Далай ламаа аврахын тулд Цогт тайжийг цэрэглэн, байлдаж хөнөөжээ. Хувь тавилан Чингисийн их төрдөө үнэнч байсан эх оронч баатруудад хэтэрхий хатуу хандсан нь энэ бөлгөө. Цогт тайж эх орныхоо төлөө хэрхэн тэмцсэнийг “Цогт тайж” хэмээх уран сайхны кинонд харуулдаг билээ. Энэ киног үзэл сурталжсан гэж лам нар шүүмжилдэг боловч кинонд гарч буй хүмүүс, үйл явдлын ихэнх нь үнэн бодитой юм.
Цогт тайж бол уг кинонд харуулсан шиг үнэхээр Чингисийн хаант төрдөө үнэнч, цогтой эх оронч байжээ. Лигдэн хаан замдаа нас барсан тул Цогт тайж Түвдийн өндөрлөг Хөх нуурт түүнтэй хүчээ нэгтгэж чадсангүй. Тэр үед Далай ламын эсрэг тэмцэгч бүлэглэл болох Түвдийн улааны шашныхан түүнээс дэмжлэг хүсчээ. Цогт тайж улааны шашныхантай холбоолж, Монголд даяар хэтэрхий нөлөөтэй болж, хэрэг дээрээ монгол ноёдын “эзэн” нь болж буй Далай ламыг сөнөөхөөр цэргээ илгээсэн ч гол хүчийг нь захирч байсан түүний хүү Арслан тайж Далай ламд урвасан байна.
Тэрээр төрсөн хүүгээ үл өршөөж цаазалсан билээ. Тэр гэр бүлээсээ төрт улсынхаа эрх ашгийг дээдлэн хүүгээ цаазалсан нь жинхэнэ эх орончийн үйлдэл байв. Цогт тайж киноны зохиолыг их эрдэмтэн Б.Ринчен бичсэн нь бас л сонин хувь заяа аж. Цогт тайжийн өшөөг авч байгаа мэт шарын шашны сүм хийдийг үгүй хийсэн Х.Чойбалсан их эрдэмтэн Б.Ринченд эх орончийн тухай кино зохиол бичихийг даалгажээ. Гэхдээ Чойбалсан байлдан дагуулагч эзэрхэг хаад бус, харин Монголын төлөө зүтгэсэн хэн нэг эх орончийн түүхээр зохиолоо бичихийг хүсжээ.
( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )
Ринчин бодож байгаад Цогт тайжийн талаар зохиол бичихээр болсон байна. Гэтэл Б.Ринчен өөрөө Цогт хунтайжийн удам байсан нь хувь заяаны тохиол байсан гэлтэй. Өвөр Монголын ноёд Манжид урваж, бусад монгол ноёд нь өөрийн төрөө бодохгүй Түвдийн Далай ламын “дуулгавартай үйлчлэгч” болж байсан тэр хар бараан цаг үед Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн ямар их ганцаардаж байсан бол. Харин тэр цагт Лигдэн хаандаа Халхын хунтайж Цогт тайж ганцаараа үнэнч үлджээ. Тэд ганцаардаж, хүч тэнцвэргүй тэмцэлд мөхсдөж, дайсандаа ялагдсан.
( Билгүүн номч Б.Ринчен 1905 – 1977 )
Гэвч өнөө цаг үеээс харвал тэднийг дийлж байсан дайснууд хожим бүгд бууран доройтох буюу мөхжээ. Манж улс, манж үндэстэн мөхжээ. Төвд Хятадын эрхшээлд тарчилж, лам нар нь өөрөө зулын гол болж байна. Цогт тайжийг хөнөөж Түвдэд эзэн суусан Хошуудын Төрбайхын үр хойчис, албат нь ихэд бууран доройтож Түвдэд үндэсний цөөнх болсон ба хятад, төвдүүдэд гадуурхагдаж яваагаа Монгол улсаас ирсэн хүнд ярьсан байдаг. Гэхдээ хамгийн хэцүү хувь тавиланг өвөр монголчууд туулжээ. Тэд Маогийн соёлын хувьсгалаар хятадуудад хядагдаж, газар бэлчээргүй болсон.
Одоо тэд гишгэх газар байтугай ярих эрхгүй болж байна. Их хаанаа гомдоосон Өвөр Монгол ноёдын хойчсийг Лигдэн хааны сүнс харж ивээхээ больсон юм болов уу? Гэм үйлдсэн ноёдын хойчсыг Лигдэн хааны сүнс уучлан өршөөх болтугай.
Харин Чингисийн их төрд үнэнч үлдсэн Халхын Цогт тайжийн шударга тэмцлийн ачаар Чингис хаан тэнгэрээс Ар Халхыг ивээж байгаа нь гарцаагүй билээ. Өвөр Монголчууд Чингисийн онгонд мөргөдөг, харин Халхчууд Чингис хааны төрсөн нутгийг сахидаг. Ялгаа асар их байна. Чингис хааны төрсөн нутгийг сахин үлдэж, сүүлчийн их хаанд үнэнч байсан Цогтын тайжийн хойчсыг Их хаан үүрд ивээг.
( Чингис хаан 1162 – 1227 )
Түүх судлаач Э.Амар -
ТЭМЭЭНИЙ ИХ ТЭСВЭР ХАТУУЖИЛ НЬ ЗӨВХӨН БӨХӨНДӨӨ БИШ ӨӨР НАРИЙН УЧИР ШАЛТГААНТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭД НЭЭЖЭЭ, ЭНЭХҮҮ НЭЭЛТ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НЭН ЯЛАНГУЯА ДАРХЛААНД МАШ ИХ ТУСТАЙ ЗҮЙЛ БОЛЛОО.
Удаан хугацаанд хоол тэжээлгүй, ус уухгүйгээр амьдардаг чадвар нь бөхөнд нь байдаг гэдгийг захын хүүхэд мэднэ. Бөхнөөс гадна нарийн учир шалтгаан байсныг шинжлэх ухаан саяхан нээжээ.
Тэмээний цусны бүтэц маш онцгой аж. Дугираг биш зууван улаан эстэй. Энэ онцлог нь усгүй нөхцөлд цусны өтгөрөлд саад болж, судсаар цус чөлөөтэй гүйх нөхцөлийг хангадаг. Иймээс тэмээний цус бусад амьтдыг бодвол бие организмийн шингэн дутагдах үед шингэнээ хадгалж чаддаг ба тэмээний цусны эргэлт удааширах нь огт ажиглагддаггүй байна.
Тэмээний хамрын нүх маш онцгой хэлбэртэй, үүгээрээ тэрээр амьсгалж байгаа агаарт агуулагдах чийгийг хамар дотроо үлдээж, хув хуурай агаарыг буцааж гаргадаг ба үнэт чийгээ ийнхүү хэмнэж чаддаг аж. Биеийнхээ чийг алдалтыг багасгахын тулд биеийн температурыг ихэсгэж, багасгаж чаддаг нь сонин. Тухайлбал шөнөдөө 34-35 хэм болгож, өдөр 41 хэм хүртэл ихэсгэснээр хөлрөлтөөр чийг алдахаас сэргийлдэг бас нэгэн гайхалтай чадвартай. Энэ чадвараараа говьд байгаа илжигнээс 3 дахин удаан чийгээ алддаг.
Үүнээс гадна түүний онцгой чадвар нь 2 долоо хоногоос илүү хугацаанд огт ус уухгүй байж чаддагт оршдог. Цөлд хүн 1 хоногоос илүү усгүй байж чаддаггүй байхад тэмээ биеийнхээ шингэний 25%-ийг алдсан байхад ямар ч усгүйдлийн шинж тэмдэг илэрддэггүй, харин бусад жижиг амьтад 15%-ийн чийгээ алдахад үхдэг байна.
Тэмээ мөн давстай ус ууж чаддаг. Мөн ихэвчлэн хатсан өвс ногоо, мөчир энэ тэрхнээр хооллодог боловч шүүслэг ногоон тэжээл өгөхөд мэдээж дуртай, гэхдээ сайн хоол тэжээл удаан хэрэглэхэд бие нь тавгүй болдог нь сонин.
Мэдээж эдгээр чанарууд гайхалтай, гэхдээ сүүлийн үед эрдэмтдийг гайхшруулж байгаа зүйл бол түүний дархлааны систем юм.
Тэмээний дархлааны систем үнэхээр төгс бөгөөд бусад амьтдын үхдэг ямар ч нян паразитаар өвчилддөггүй. Түүнд том амьтад хүртэл хиардаг ямар ч тахал нөлөөлөхгүй. Тэмээний энэ чадварыг ашиглан зохиомлоор боловсруулж хүний эд эсэд оруулан вирусын өвчлөлийн эсрэг ашиглаж боломжтой гэж үзэж байна. Мөн тэмээний сүү үнэт шинж чанарыг агуулдаг ба бусад сүүнээс маш удаан мууддаг. Тэмээний сүү байгалийн антибиотик лактоферриныг ихээр агуулдаг ба мөөгөнцөрийн вирусын эсрэг шинж чанартай уургуудын бүлэг мөн их хэмжээгээр агууллагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тэмээний сүүнд дархлааг сэргээх, дэмжих их хэмжээний иммуноглбулинуудыг олжээ.
Дархлааг сэргээх тэмээний сүүн дэх иммунглобулинууд хүний эсэд амархан нэвтрэх чадвартай. Яг энэ бодис шинжлэх ухаанд аутоиммуны өвчлөлтөөс хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж тооцогдож байна. Өөр нэг тэмээний сүүнд байгаа гайхалтай зүйл нь түүнд инсулины бодис ихээр агуулагддаг байна. Тиймээс чихрийн шижин өвчинд шаналж байгаа хүмүүст тэмээний сүү маш ашиг тустай.
Ингэхээр бид тэмээнийхээ сүү, сүүгээр нь хийсэн бүтээгдхүүнийг ихээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд маш чухал юм байна.
Хөрвүүлсэн: Ц.Ганцэцэг -
ДОМОГ
Нүцгэн биеээрээ газар завилаж нэг их харанхуйд уусан одоод,гал дүрэлзсэн хаалган дээр ирж,болсон явдалаа эрлэгт өчин ойлгуулж бор таван хүү, хатан сайхан гэргийнхээ амь сүнсийг аван гарч чаджээ. Амь орсон тэд нь эцэг бөөгөө хайн олсонд өнөөх бөө амьгүй болж суусан газар нь хотойн могойн чуулган биеийг бүтэн ороож мөрнөөс дээш гаралгүй байгааг анзаарахад эцэг тэнгэр шонхор шувуу болж толгой дээр нь суун хүчит бөөгийн хойноос харуусан шагширч байсийн гэнэлээ.
Энэ явдалаас хойш могойг дүрсэлсэн манжига дээлтэй 8 лусад саадгүй, шувуун өдтэй малгай нь Хөх тэнгэрээр дүүлдэг,өнөөх бөөгийн тэр царайг бид дуурайлган урлан хийдэг болжээ.
Эрлэг онгод тэнгэрийн хань түшээ болон харанхуй тамд гацаж намайг аврах заяач бөөг ирэхийг хүлээн санасан хэргээ бүтээх болтугай гэж санан санан хүлээж суухдаа саатуулж хоргоохгүй явуулж байгаарай хэмээн сайн муу зүгийнхэнд захиж явдаг болсийм гэнэлээ.
Ийм домгууд сонсож өслөө сайхан хэдэн бууралуудаасаа мартахгүй санаж явдагаасаа сонирхуулж нэгийг бичин үлдээлээ.
Хуяг хувцас гэдэг бол алд биеийг тань хамгаалж байх эд эдлэл болохоос,гарсан орсон нэгэнд гангараа мэт харагдуулаад яах вэ? Нэгэн насаар хэрэглэх тул өнгө чимэг гэхээс илүү чанар хийц нь чухал юм шүү -
“ИХ ЗАСАГ” хууль
Монгол үндэстнийг нэгтгэж, төвлөрсөн хүчирхэг улсыг үүсгэн, хэзээ ч гандан бууршгүй мөнхөд дурсагдах гавьяа байгуулсан. Эзэн богд Чингисийн их засгийн үүсэл, шинж, онцлог, бүтэц түүнийг монголын ба гадаадын олон эрдэмтэн, мэргэд ихээхэн судалсаар ирсэн. Энэ хуулиас хааныг сонгох, бишрэх, төрийг засах тэгшитгэх, улсын гадаад, дотоод бодлогыг явуулах, цэрэг, иргэнийг захирах, улс үндэс, газар нутаг, ус бэлчээр, ан амьтан, мал сүрэг, хэв ёсыг хамгаалах, аж ахуй хөтлөх, худалдаа арилжаа хийх, шашин суртал, заншлаа хүндэтгэх тухай мэдэх болно. Чингис хаан зөвхөн хурдан хүлэг, хурдан зэвсэг, эр зоригоор улс гүрнийг нэгтгэн захирж, төрийг засан тохинуулж үл болно гэдгийг сайтар ухаж, засаг цааз, хэв ёс журам дүрмийг цэгцлэн тогтоож, иргэн бүхэнд даган мөрдүүлжээ. Чингис хааны хууль цаазыг зөрчсөн хэн боловч алагчалгүй шийтгэгддэг байжээ. Өөрөөр хэлбэл хууль цааз нь их эзэн хаанаас эхлээд иргэн бүрд тэгш үйлчилдэг байжээ. Ийнхүү шударга ёсыг өөрөөсөө буюу дээрээсээ тэгш хэрэгжүүлсэн нь Чингис хааны Их монгол улс байгуулж чадсаны нэгэн нууц юм. Дэлхийн олон улсад ихэд алдаршсан их засаг бол их монгол улсын хууль цаазын эмхтгэл, үндсэн хууль бөгөөд уламжлал шинжлэлийг үнэн мөнөөр, монгол ухаанаар эргэн харах болсон өнөө үед олон талаас нь шинжлэн үзвээс зохих монголын эртний хууль цаазын дурсгал бичиг юм. Засаг хэмээх үгийн язгуур нь ЗАСА- /засах/ билээ. Засах гэдэг үйл үг ямар утга илтгэдэг вэ гэвэл “Мууг сайн болгон халах”, тэнгэрийн доорх хэргийг шийдгэх, бичгийн үгийг зохистой сайн болгох, төвийг үзэн тушаа тушаа захиран тэгш нийгэм болгохыг засна хэмээдэг. Аливаа улс оронд төр байгуулагдаж, өөрийн тогтолцоогоо бүрэлдүүлэх бодлого зорилтоо тодорхойлохдоо хууль цааз тогтоон түүхээ биелүүлэх замаар хэрэгжүүлдэг нь нийтлэг зүй тогтол мөн. Ингэхлээр монголд феодалын тулгар төр байгуулагдахад түүнтэй нэгэн зэргээр улсын цааз бий болох нь зайлшгүй зүй тогтолд үйл явц байжээ. Үүний үндсэн дээр Чингис хааны их засаг хууль гарсан.чингис хааны байгуулсан гавьяаны нэг болох төрийн алтан буулга Их засаг хуулийг гаргасан. Уг хуулийн үзэл санаа нь монголд төдийгүй, Чингисийн эзэнт гүрний хэмжээнд үйлчилж байв. Чингис хааны монголыг нэгтгэх, дэлхийн эзэнт их гүрнийг байгуулах асах төвөгтэй үйл ажиллагааг амжилтад хүргэж даяарт алдаршсан суутан болох их засаг хуулийн гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм. Судлаачид их засаг хуулийг бичигдмэл хууль байсан гэдэг талаар санаа нийлж байдаг нь түүхэн эх сурвалжид үндэслэсэн хэрэг, харин зарим судалаачид санал нийлдэггүй.
Жишээ нь: Попов хэлэхдээ энэ хууль байсан ба хууль дахь монголын эзэнд гүрний Юань улсын хууль цаазын бичигт орох байсан, их засаг хууль бичигдмэл хууль байж чадаагүй хэмээж байна. 1204 онд найман аймгийг дарсаны дараа Уйгар угсааны Татунгаг Чингис хаан албандаа зүтгүүлж улс гүрний хэрэг явдлыг Уйгаржин монгол үсгээр бичиж тэмдэглэн хөтлөх болсон болохоор энэ хуулийн эхийг Уйгаржин үсгээр бичсэн. Их Засаг бол Монгол оронд Феодалын харилцаа тогтон төлөвших явдлыг хангасан Феодлизмын үеийн анхны хууль мөн. Үүнд түүний гол шинж нийгмийн үүргийн нэг чухал тал оршино. Монгол оронд анхны төр улс үүсэн тогтсноос хойш феодалын төвлөрсөн улс байгуулах хүртэл 1400 гаруй жилийн хугацаанд төр ёс, хууль цаазын зохих дэвшил гарч, туршлага хуримтлагдсан түүхтэй. Монгол оронд бүрэлдэн тогтсон феодалын харилцаа, төрт ёс, эрх зүйн журмын үндсийг тогтоон бэхжүүлсэнд Их Засагийн гол шинж чанар илэрнэ. Их Засагийг гаргахдаа хааны хэмжээгүй эрх, төрийг байгуулахад хүчин зүтгэж, хаанд үнэнчээ харуулсан хүмүүсд бусдаас илүү эрх дарх олгох, цэрэг байлдааны үед хатуу ёс суртал бий болгоход илүүтэй анхаарч улмаар энэ хуулийн тогтоомжид бодит тусгалаа олсон онцлогтой. Их Засаг цаазын тунхагласан өдрөөс эхлэн эзэн Чингисийг насан хутга болох хүртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан төгөлдөржүүлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байжээ.
Их засаг хуулийн зурвас бүрийн гол агуулгын тойм
Нэг. Ерөнхий буюу Үндсэн хууль
Энд их хааны халдаж болшгүй дархан эрхийг хамгийн дээдээр хамгаалан хөгжүүлж, тус хуулийн гол зорилгыг бататгажээ. Их хаан бол феодал ноёрхогчдын төлөөлөгч, улсын бүх эрх мэдлийн биелэл, төвлөрөл болсныг харуулсан байдаг.
1 дүгээр зурвас: “Мөнх тэнгэрийн хүчин дор их Монгол улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай”
Энэ бол монголын эзэнт гүрний төрийн тамганы бичээс бөгөөд “Мөнх тэнгэрийн хүчин” гэдэг ойлголтыг шинээр бий болгон төрт ёс, жам ёс хоёрыг холбон нэгтгэж өгсөн явдал мөн. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” жамыг илэрхийлэхийн хамт монголын эзэнт төр, их Чингис хаан чухамхүү ертөнцийн жам, хүмүүний ёс төр, хэрэгцээ шаардлага, эрхт дээд тэнгэрийн соёрхлоор бий болсныг тодотгон заажээ.
Их хааны зарлиг бол жам ёсны, эзэн тэнгэрийн хүсэл соёрхол болохын учир бишрэн дагахгүй байхын аргагүйг энд заасан бөлгөө.
2 дугаар зурвас: “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг эргэлзээгүй”
Чингис хаан оюун бодлоороо Мөнх тэнгэртэй үргэлж харилцаж, тэндээс хүч чадал, онгод зоригоо авч, түүний зарлигийг хэрэгжүүлж байсан агаад “Их засаг” хууль, “Билиг” сургаал зэрэг нь Мөнх тэнгэрийн зарлиг байлаа. Чингис хааны хийж хэрэгжүүлж байгаа бүхэн зайлшгүй байх ёстой гарцаагүй үнэн зөв зүйл мөнийг энд заажээ.
3 дугаар зурвас:“Хүүхэд нь эцэг эхээ, залуус нь ахмадаа, эхнэр нь нөхрөө үл сонсвол хуулийн хариуцлага хүлээнэ”
Нүүдлийн соёл иргэшилтэй малчин монголчуудын хувьд өрх айл нь төрийн болон нийгмийн мөн агаад айл өрх бат бол төр улс бат бэх байх ёстой болохыг зааж, өрхийн тэргүүнийг төрийн төлөөлөгч болгож, эрх дархыг нь хуулиар хамгаалсан зурвас юм. Өрх айлыг, ах захыг дээдэлсэн энэ заалт дэлхий нийтэд ихэд үнэлэгддэг.
Хоёр. Хаан төрийн тухай хууль
Эзэнт гүрний хаан төрийн түшиг болсон ихэс дээдэс, шадар ноён жанжнууд нь их хааныхаа өмнө тодорхой үүрэг хүлээсэн, үйл ажиллагаа нь зохих дэглэм журамтай байх ёстойг энэ хэсэгт тодруулан заасан байдаг.
4 дүгээр зурвас:“Хаан ширээг залгамжлахад заавал овог аймгийн ахмадууд ахлагчид болон алтан ургийн хурилдайгаар сонгох хэрэгтэй. Хараат улсын хаадыг ч мөн тийм журмаар сонгох хэрэгтэй.”
Тэр цагт Чингис хааны нэр алдар, эрх мэдэл асар өндөр байсан хэдий ч ганцаараа бүхнийг шийддэггүй бусдын үгийг сонсож, ухааныг эь дээдэлдэг байсныг эндээс харж болно.
5 дугаар зурвас:“Монгол хүмүүс улсын эзэн болон эрхэм язгууртан хаан, хан, ноёдын нэрийн дор зөвхөн тушаал зэргийг нэмж дуудна.”
Энэ нь хаан ба хан, ноёд элдэв цол өргөмжлөлд хэтэрхий бялуурч, төрийн хэргийг самууруулах, эсвэл ард олны зүгээс тэдэнд тал засаж, хуурамч магтаалаар чимж, зусар үгээр хуурч, төр ба ард олны хооронд ан цав гаран ажил хэргийг хохироосоо болгоомжилсон заалт юм. “Хаан” гэдэг эрхэм хүндэтгэлийг зөвхөн өөрийнхөө гавъяа зүтгэлээр олж авах хэрэгтэйг Чингис хаан өөрөө сурган “Хаан” гэдгээсээ өөр ямар ч цол өргөмжлөл хэрэглэдэггүй байв.
6 дугаар зурвас:“Ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч ажлаа тайлагнаж хааны сургаал зарлигийг сонсож, буцаж хариад биеэр үлгэрлэн гүйцэтгэж ард олноо сайтар удирдаж чадвал хамаг үйлс эеэр бүтнэ. Миний зарлигийг аман дээрээ дагаж, алс далд зөрчиж уснаа унасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна.”
Ноён хүн тухайн орон нутагтаа хааны нэрийн өмнөөс онцгой эрх дархыг эдэлдэг байсан ч эзэн хааныхаа өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээж, жилд 2 удаа хаанд бараалхан сургааль зарлигийг нь сонсоод нутагтаа очоод хэрэгжүүлэх ажлаа өөрсдөө гардан хариуцах ёстой байв. Ингээгүй тохиолдолд ард нийтийг захирах эрх мэдэл нь шууд хүчингүй болдог байсан нь харагдаж байна.
7 дугаар зурвас:“Аравтын даргын тушаалыг биелүүлж чадаагүй хүмүүсийг даруй чөлөөлж, тэрхүү аравтын дотроос өөр нэгийг олж сонгох хэрэгтэй. Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болбол сая биелүүлж болно. Гурван хүний дотор өөрийгөө оруулж тооцно. Өөрийн хэлсэнийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс зарлиг тушаалыг буулгаж үл болно.
Өрх айл болон аравтын тогтолцоо нь монголын нийгмийн харилцааны үндэс, гол судас байсан бөгөөд төр улсын бүхий л хэрэг явдал чухамдаа аравтаас эхэлж байжээ. Удирдлагын шинжлэх ухааны үүднээс үзэхэд нэг хүн араваас илүүг удирдаж үл чадах нь бүрэн батлагдсан бөгөөд дэлхийн улс орнууд бүхий л түүхэндээ аравтын тогтолцооноос илүүтэй зөв зохион байгуулалтыг олж чадаагүй байна. Ингэхлээр төр нийгмийн болон хөдөлмөр зохион байгуулалтын дээд хэлбэр болох аравтын даргын ажил үүрэг хичнээн чухал болохыг энд заажээ.
Нөгөө талаар аливаа удирдах хүний зоргоороо авирлах явдлыг хориглож асуудлыг хамтаараа шийддэг байхын чухлыг хуульчлан бататгасан байна.
Гурав. Цэрэг дайны тухай хууль
Монголын их гүрэн бодит нөхцөл, шалтгааны улмаас дайн байлдаанаас ангид оршиж үл болох нүүдэлчдийн улс байсны учир цэргийн зохион байгуулалт байлдааны арга ажиллагаа, зэр зэвсэг, хүлэг морьдыг бэлтгэх зэрэгтэй холбоотой заалтууд “Их засагт” чухал байр эзэлж байлаа.
8 дугаар зурвас: “Эр хүн хорин нас хүрвээс цөм цэргийн алба хаах хэрэгтэй” Чингис хааны үед 14-20 насыг гэр бүлийн нас хэмээн тооцож байсан агаад энэ хооронд гэр бүл болж үр үндсээ залган бэлтгээд 20 нас хүрсэн хойноо хэрэгцээтэй цагт эр хүн болгон аян дайнд мордоход бэлэн байх ёстойг илтгэж байна. Бие бялдар, оюун санааны хувьд бүрэн гүйцэж төлөвшөөгүй хүнийг байлдаан тулалдаанд оролцуулахаас сэргийлсэн ажээ.
9 дүгээр зурвас: “Хааны торгон цэргийн албанд аравт, зуут, мянгатын даргын хөврүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүү арван нөхөр, нэг дүүгээ, зуутын даргын хүү таван нөхөр, нэг дүүгээ, аравтын даргын хүү гурван нөхөр, нэг дүүгээ дагуулж ирэх хэрэгтэй.”
Хааны хишигтэн цэргийг үнэнч шудрага, найдвартай хүмүүсээр бүрдүүлэх арга барилыг энэ заалтаар бататгаснаас гадна нэгдсэн улсын цэцэн билэгт их хааны амь нас, өмч хөрөнгө, гэр бүлийг хамгаална гэдэг нь улс орны аюулгүй байдлын үндсэн асуудал болохыг тодруулж өгчээ. Бас, ноёдын хөвгүүдийн найз нөхөд нь төрийн нэгжид харъяалагдаж, язгууртнуудын амьдрал ахуйн орчинд өсөж хүмүүжин, төр улсын үйл хэргийн болон төрт ёсны мэдэгдэхүүнтэй болох бололцоог энэ заалтаар хангажээ.
10 дугаар зурвас: Ан авын ажиллагааг цэргийн сургуулийн суурь болгож хуульчлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Авын үед дайралдсан анг гурванг давхар бүсэлж, тойргоо хумьж авлагтун. Анг гадагш алдсан аравт, зуутын дарга нарыг огцруулж шийтгэх хэрэгтэй.
Ан ав хийж дайн байлдааны бэлтгэлээ хангах, цэрэг эрсийн эрдэм чадал, тэсвэр хатуужлыг боловсруулж, морь малаа зүгшрүүлэх, хүнсний хангамжаа бүрдүүлэх, улмаар дарга нарын удирдах арга чадварыг дээшлүүлж, хариуцлага сахилгыг нь батжуулах зэрэг ажлыг энэ заалтаар зохицуулж байв. Анг тойргоос гадагш гаргаж алдсан ноёдыг шийтгэж байсан нь тухайн цагийн цэрэг, дарга нарын хариуцлага, сахилгыг харуулж байгаа юм.
11 дүгээр зурвас: Дайны үед өтгөс залуус, эрхэм доорд ялгалгүй байлдагч, хорчин жадчин болж дайнд оролцох хэрэгтэй. Хүн бүрийн хэрэглэх зэр зэвсэг, унаа хөсгийг аравт, зуутууд хуваан авч хариуцах хэрэгтэй. Цэрэг цуглах үед бүхий л хэрэгсэлээ авч очих хэрэгтэй. Дайн дажны цагт хөгшин залуу, дээд доод ялгалгүй цэрэг эр болох ёстой гэсэн энэхүү заалтын ачаар ахмад туршлагатай хүмүүс залуучууд цөмөөрөө оюун бодлоо нэгтгэн улс гүрнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр тэмцдэг байлаа.
Ялангуяа ноёд дарга нар нь гол төлөв ахмад хүмүүс байснаас гадна ерөөсөө Чингис хаан, Мухулай, Сүбэдэй мэтийн жанжнуудаас авахуулан ихэнх монгол эрчүүд 60 өнгөрсөн насандаа ч мориноосоо үл буун дайтаж ялгуусан амжилтанд хүрч байжээ. Цэрэг цуглах үед хүн болгон хувийн бэлтгэлээ базааж очдог агаад бэлтгэл хангагдаагүй бол аравт, зуутын ноёд шийдгэл хүлээж байв.
12 дугаар зурвас: Жанжин захирагчаас эхлээд жирийн цэрэг хүртэл дайсангүй энх амар байсан ч гэлээ дайны бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Зарлиг тушаал буусан тохиолдолд даруй түргэн мордох хэрэгтэй. Яаруу түргэн мордох зарлиг буусан үед өчүүхэн ч саатаж болохгүй. Урьдчилан очиж ч болохгүй.
Нүүдэлчин монголчууд тайван цагт мал ахуйгаа маллаж, ан аваа хийхийн зэрэгцээ болзошгүй байлдаан тулалдаанд бэлэн байж чаддаг, хэрэгцээтэй цагт товлосон цаг хугацаанд бэлэн очиж ялалтанд хүрдэг байсан. Дэлхийн бусад орны цэрэг дайны түүхэнд огт байдаггүй хосгүй туршлага практикийг энэ заалтаар бататган бэхжүүлж бий болгожээ. Ялангуяа дайсан этгээдийн гэнэтийн довтолгооны цагт энэ байдал онцгой ач холбогдолтой байв.
13 дугаар зурвас: “Зарлиг тушаалыг цаглашгүй хичээн гүйцэтгэх хэрэгтэй. Жишээлбэл, мянгатын, түмтийн захирагч хааны байх газраас хол, наран гарахаас наран шингэх хүртэл байрлах авч ямар нэгэн осол эндэгдэл гаргасан тохиолдолд хаан тусгай элч бүхий морь цэрэг явуулж тогтоол зарлиг ёсоор шийтгэнэ.”
Хуулийн өмнө эзэн ноёноос эхлээд жирийн ард хүртэл тэгш эрхтэй бөгөөд хэрэг зөрчил гаргаж, хариуцлага алдсан тохиолдолд ямар ч эрх мэдэлтэй ноён, түшмэл байсан ч хатуу шийтгэл хүлээлэг байсныг хааны зарлиг ёсоор шийтгэгдэж буй ихэс дээдсийг ямар ч доод тушаалын хүн хичнээн ч хол газар очиж шийтгэсэн байлаа ч гэсэн заавал биелэгдэх ёстой гэдгийг энэ заалт бататгаж байгаагаас гадна, хааны зарлиг тушаал хичнээн нарийн чанд, хатуу бөгөөд цаг нартай зүйл болох нь эндээс харагдаж байна.
14 дүгээр зурвас: “Өөрийнхөө аравт, зуут, мянгатынхаа харъяанд байхаас биш өөр тийшээ дураараа шилжиж болохгүй, өөр газар очиж нуугдаж болохгүй, тийм этгээдийг нуун дарагдуулж болохгүй. Тус зарлигийг зөрчиж шилжигчдийг цэргийн өмнө алах ялаар шийтгэж, тухайн хүнд хорогдох орон зай олгогсдыг хүндээр шийтгэнэ.”
Дуртай болгон нь хүссэн газраараа сэлгүүцдэг байвал байлдааны бэлэн байдал үл хангагдаж, аравтын тогтолцооны үр дүн ач холбогдол үгүй болохоос гадна тэнэж яваа хэн хүнийг харъяандаа оргонуулах нь хор хөнөөлтэй байж болохыг энд зааж, сахтлга дэг журам, сонор сэрэмжийг дээшлүүлж, аливаа цалгардлаас сэргийлж буй заалт юм.
15 дугаар зурвас: Байлдааны талбарт шархагсдыг орхиж огт болохгүй. Байлдаж байхын цагт цэргийн туг буухаас урьд хэн ч байлдааны талбарыг орхиж сольж үл болно.”
Энэ нь цэрэг хүний эрхийг хүндэтгэж, урам зоригийг нь бадруулсан, бас байлдааны үед замбараагүй байдал гарахаас сэргийлсэн заалт юм. Энд бас байлдааны үеийн зохион байгуулалтыг чухалчилж байна.
16 дугаар зурвас: “Дайн байлдааны үед олзонд битгий шунагтун. Байлдаан хойно хуваалцах хэрэгтэй.”
Байлдааны үед олзонд шунаснаас цэргийн давшилт саарч эмх журам алдагдан, дарга цэргийн дунд шудрага бус явдал гарах аюулаас сэрэмжилсэн агаад ховдог шунахай занг цээрлэж, байлдаанд байгуулсан гавъяаг нь зохих ёсоор хөхүүлэхийг сайшаасан заалт юм.
17 дугаар зурвас: “Урван тэрслэх буюу байлдааны талбараас зугтаагсдыг алах ялаар шийтгэх хэрэгтэй.”
Урван тэрслэх буюу байлдааны талбараас дутаах нь ихээхэн уршигтай зүйл учир урьдчилан хуульчлан хориглосон энэ заалт нь монголчуудын байлдааны амжилтад зохих ёсоор нөлөөлж байсан нэн чухал зурвас юм.
18 дугаар зурвас: “Зарлиг зааваргүйгээр эвдлэн шатаах буюу олзлогсдыг дураараа шийтгэх тарчлаан зовоохыг орлдсон тохиолдолд алах ялаар шийтгэнэ.”
Ийм заалт оруулсан нь Чингис хааны болон монголчуудын нэр төрийг хамгаалсан энэрэнгүй үзлийг илэрхийлсэн хамгийн чанд сахилга бат, зохион байгуулалттай болохыг харуулах, шудрага агаад хүнлэг ёсыг дээдлэх зорилготой байжээ.
19 дүгээр зурвас: “Байлдааны талбарт нөхдийнхөө буюу дайн байлдааны олзыг хулгайлагсдыг алах ялаар шийтгэнэ.”
Дайн байлдааны үед ч гэсэн төрийн бодлогоо алдалгүй сахиж, эмх журамтай байдал шудрага үнэн үйлсийг ямагт дээдлэх үзлийг хэвшүүлэн тогтоож байснаараа энэ заалт чухал юм.
20 дугаар зурвас: “Хэрэв дийлэгдэн ухарвал эхний довтолсон байрандаа буцаж ирэх хэрэгтэй. Эхний байрандаа буцаж үл ирэгсдийг алах ялаар шийтгэнэ.”
Дайны үед ялагдаж ухарна гэдэг ихээхэн бэрх явдал байдаг ч байдлыг тэр дор нь засаж, тулалдааны зохион байгуулалтыг шинээр хйиж чаддаг байсан нь монголчуудын цэргийн эрдмийн нэгэн гайхамшиг байсан агаад энэхүү заалтын үр ач байлаа. Ухралтанд ороод сарнин бутарвал бүр мөсөн бут цохиулах аюул байдаг учир энэхүү нөхцөл байдлыг урьдчилан харж хуулиар зохицуулсан нь цэрэг дайчид ямар ч нөхцөлд эхний байрандаа ирж нөхөдтэйгээ хамтран дахин тулалддаг дадал заншил ёс суртахууныг монгол цэргүүдэд хэвшүүлжээ.
Жич: 17-20 дугаар зурвасуудад алах ялаар шийтгэхээр заасан нь эцсийн эцэст хүнээ алаад байх гэсэн хатуу харгис заалт бус, харин дээрх алдаа эндэгдэл гэм буруугаас урьдчилан сануулж сэрэмжлүүлсэн нарийн чанд атлаа энэрэнгүй бодлогын илэрхийлэл байсныг энд тэмдэглэхгүй өнгөрүүлж болохгүй юм.
21 дүгээр зурвас: “Цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрсийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй.”
Энэ нь дайн байлдааны нөхцөлд ар талын ахуй амьдралын аж төрлийн бүхий л салбар хүрээний ажил алба цалгардах удирдлагын хомсдол болохоос урьдчилан сэргийлэх улс нийгтйин ажил хэвийн явах баталгааг бий болгосон заалт юм.
Дөрөв. Ард иргэдийн хууль
Шудрага бөгөөд тэгш ёсыг дээдэлж, аливааг алагчлахгүй авч үздэг байх, хүн бүрийн эзлэх байр суурь нь иргэдийн өөрсдийн авъяас чадвар, зан чанараасаа хамаарахыг заасан чин шудрага байдал уг хуулийн мөн чанар болохыг энэ бүлгийн заалтуудаас үзэж болно.
22 дугаар зурвас: “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд гэж ялгаж үл болно.
Төр улсын зүгээс ард олноо баян, ядуу, эр эм, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан тэгш шудрага хандах ёстой гэдгийг энд ийнхүү хуульчлан заасан байгаа агаад тэрээр XIII зуунд хүний эрхийг дээдлэсэн, тэгш ёсыг хамгаалсан энэрэнгүй сайхан ийм хуулийг зөвхөн Чингисийн монголчууд л гаргажээ. Энэ заалт нь олон үндэстэн ястантай асар том гүрний оршин тогтнолын нэг тулгуур болж байлаа.
23 дугаар зурвас: “Өтгөстийг хүндэлж, ядуусыг тэтгэх хэрэгтэй. Богд мэргэд ба бясалгачдыг хүндэтгэвэл зохино.”
Оюуныг дээдэлсэн заалт. Амьдралын их туршлагаар алдар гавьяатай өтгөс ахмад, авьяас чадвартай ном эрдмийн мэргэд нийгэмд гоц хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
24 дүгээр зурвас: “Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн билэг хурц хүмүүсийг эрхбиш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар харгис болон элбэрэл журамгүй этгээдийг жигшин занагтун.
Сайныг дэмжиж саарыг жигших үзлийг нийгэмд хэвшүүлж, нийгмийн эрүүл саруул орчныг бүрдүүлэхэд чиглэсэн заалт болно.
25 дугаар зурвас: “Шашны хэргэмтэн, шавь нар, эмч сурагчаас бусад бүх ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй.”
“Төр буй дор татвар буй” хэмээх зарчмыг тунхагласан заалт. Гэхдээ ард олныг гэгээрүүлж, хүмүүжүүлж байдаг шашны байгуулага зүтгэлтнүүд л энэхүү ажил үүргийнхээ төлөө татвараас чөлөөлөгдөнө. Төр , шашин хоёр хамтран ажжиллаж, ард түмэндээ үйлчилдэг байхыг ийнхүү хуульчилжээ.
26 дугаар зурвас: “Хөвгүүд охид нь эцэг эхээ үл хүндлэгсэд, гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад, харьяат иргэд нь захирагчаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэнэ.”
“Хүн ахтай дээл захтай” байх зарчмыг тунхаглаж ах зах, төр ёсыг дээдлэхийг заажээ.
27 дугаар зурвас: “Ноёд түшмэд, ард иргэд нас барсны дараа түүний эд хогшил хичнээн байсан нь ч хамаагүй хөндлөнгийн этгээд ингэ, тэг гэж үл болох бөгөөд хэн ч тэр хөрөнгөд халдаж болохгүй. Нас барсан хүн залгамжлах үр хүүхэдгүй бол эд хөрөнгийг нь үнэнч шавь буюу зарцад нь өгөхөөс биш улсын сан хөмрөгт оруулж болохгүй.”
Аливаа өмч бол нийгмийн баялаг гэсэн төр улсынхаа төлөө сэтгэлгээг төлөвшүүлж, завших шамшигдуулах замыг хааж буй заалт байлаа.
28 дугаар зурвас: “Байлдааны талбарт амь үрэгсдийг боол зарц үүрэн гарч ирсэн бол түүний мал хөрөнгийг энэхүү боолд өгөх хэрэгтэй. Өөр хүн үүрч гарч ирвэл амь үрэгдсэн хүний гэргийг боол, зарц мөн эд хөрөнгийг цөмийг тухайн хүнд өгнө.”
Байлдааны талбарт нас барагсдын эхнэр хүүхэд өнчирч, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй олон гэр бүл үүсэхээс сэргийлсэн үр хүүхдүүд хүмүүжил сайтай эцгийн хайр халамжинд өсөх боломж бий болгосон бас амь үрэгсдийн ар гэр нь танил дотно хүмүүсийнхээ хүрээлэлд үлдэх нөхцөл бүрдүүлсэн ухаалаг заалт болно.
29 дүгээр зурвас: “Хүмүүс архи ууж согтвоос тэргүүнээ цохиулсан мэт аливаа оюун билиг хэрэггүй болмуй.”
Архи уух нь хортой зүйл боловч хүнд бага зэрэг архи уух хэрэгцээ байх тул хязгаар тогтоосон заалт энд оржээ.
Тав. Тусгай хуулиуд
Монголын эзэнт гүрэн дэлхийн тавцан дээр гарч ирснээр улс орны гадаад харилцаа ихэд хөгжиж, энэ талын асуудлыг зохицуулах хуулийн заалт аргагүй шаардагдаж эхэлсэн байна. Энэ хууль нь Чингис хааны гадаад бодлогын үндсэн чиг шугамын илэрхийлэл, гол зарчим байсан юм. Үүнийг олон улсын харилцааны хуулиндаа тусгажээ.
30 дугаар зурвас: “Хаант Монгол улс болбоос дэлхийн эл улсын нэгэн болохоос биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой.”
Монгол улс бол ердийн нэгэн улс биш, харин дэлхийн улс, бусад бүх улс орныг эзэгнэн захирсан аугаа гүрэн гэж Чингис хаан үзэж байсан нь энэ заалтаар илэрхийлэгдэж байна. Монголчууд монгол гүрэн бол тэнгэр заяатай учир “Мөнх тэнгэрийн хүчинд” ивээгдсэн онцгой төр засаг, хууль цаазтай өвөрмөц гүрэн мөн.
31 дүгээр зурвас: “Элч зарлагыг гутаан доромжилж үл болно”
Дэлхийн их гүрэн Чингис хааны элч бол онцгой эрх үүрэгтэй, хариуцлагатай дээд зиндааны хүмүүс мөний гадна ерөөсөө элч зарлага бол олон улсын харилцаанд гүн хүндэтгэл хүлээсэн байдаг. Иймд элч зарлагатай зүй бусаар харьцаж хэрхэвч үл болно. Элчийг доромжилно гэдэг нь бүхэл бүтэн гүрэн улсыг доромжилсон хэрэг мөн болохыг энэ заалт харуулж байна.
32 дугаар зурвас: “Улс хоорондын арилжаа худалдааг хамгаалах хэрэгтэй”
Их монгол улс нь өрнө, дорно хоёрыг холбосон торгон замыг сэргээж, өртөө улааны албыг бий болгосноос гадна энэхүү заалтыг хуулинд оруулснаараа хулгай худал, дээрэм тонуулгүй болгож олон улсын худалдаа наймааны ажилд асар их түлхэц үзүүлсэн байна.
33 дугаар зурвас: ” Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрэв эсэргүүцэлгүй бууж өгвөөс та нарын сайн сайхан амар түвшин батлагдана, хэрэв эсэргүйцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэдгийг зарлана.”
Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10 орчим улстай нь л дайтжээ. “Их засаг” хуулийн энэ заалтыг мэдэж ойлгосон Чингис хаан хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүй дагаар орсон байна.
б. Монгол улс нүүдлийн мал аж ахуйтай орон учир энэхүү аж ахуйг эрхлэн хөтлөхтэй холбоотой тусгай хуультай байсан нь аж ахуйн хууль болно.
34 дүгээр зурвас: “Бэлчээр газрыг эвдэж сүйтгэгчдийг хүндээр шийтгэ. Өвс ногоорсон хойно газар нүхлэсэн ба гал алдаж бэлчээр шатаасан хүмүүсийг гэр бүлийн хамт цаазлана.”
Бэлчээр муу бол мал сүрэг, түүний дотор нүүдэлчдийн гол эрдэнэ амьдрал ахуйн амин сүнс болсон агт морьд тарга тэвээрэг авахгүй тул үнэхээр зүйл бүрээр мухардан доройтох нь илт юм. Асар их ач холбогдолтой энэ заалт нь байгаль хамгаалах талаар ч маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
35 дугаар зурвас: “Дайн байлдаан дуусмагц унааны сайн морийг ус бэлчээрт тавих хэрэгтэй, унах ба гүйлгэхийг хориглоно. Агт морио сүйтгэгчдийг яллатугай. Ялангуяа морины толгой нүдийг занчигчдыг ална.”
Агт морьд бол монголчуудын нүүдлийн аж ахуйн чухал бүрэлдэхүүн хэсэг, зам харилцааны гол хэрэгсэл, дайн байлдааны хосгүй зэвсэг хань нөхөр учир жич дээдлэн үзэж хайрлан хамгаалах хэрэгтэй байв
36 дугаар зурвас: “Өвлийн анхны их цаснаас эхэлж дараа хавар ногоо соёолтол их ав хийж зэрлэг амьтдыг авлана.”
Дөрвөн улирлын байдалд зохицуулж нүүдэлчин малчин анчдын хөдөлмөрийн хуваарийг хийж байсныг энэ заалт гэрчилж буй ялдамд байгаль, ан амьтантай зөв харьцаж, зөв ашиглаж хэрэглэхийг хуульчлан заасан хэрэг болой.
37 дугаар зурвас: “Их авыг тусгай зарлигаар зохих бэлтгэлтэйгээр хийнэ”
Их авд өвөл гарах агаад хаан тусгай зарлиг буулгаж ойролцоох нутаг орны цэрэг дайчид тусгайлан бэлтгэл хийнэ. Аравт бүр зарлигийн дагуу хэдэн хүн томилж зэр зэвсэг болон авын хэрэгслийг тараана. Авын горимыг зөрчсөн хариуцлагагүй хандсан тохиолдолд шалтгааныг байцаан тодруулж гэм буруутныг хүндээр шийтгэнэ.
38 дугаар зурвас: “Өрхийн ба гааль гувчуурын хуулийг баримтална”
Монголчууд аливаа улс угсаатныг ноёрхсоноор өөрийн заншил аргаар өрхийн дүрэм тогтоох, цэргийн алба, өртөөний алба, ахуй хангамжид зориулан татвар гувчуур авна.
В. Арилжаа худалдаа хийх явдал нь аз сорьж амь дүйсэн хүчир ажил гэдгийг Чингис хаан сайтар ойлгосон учир тэр тухай асуудлыг хуулинд тусгасан нь арилжаа худалдааны хууль болно.
39 дүгээр зурвас: “Худалдаа наймаачдыг хамгаална”
Наймаа арилжааны хүмүүсийн амь нас, өмч хөрөнгө, зам тээврийн аюулгүй байдал шударга орчинг бүрдүүлэх зэрэг бүхий л асуудлууд энд оржээ.
40 дүгээр зурвас: “Итгэмжийн өртгөөр зээлээр бараа аваад алдагсад хоёр дахиа бараа авч болно. Хоёр дахиа аваад дампуурвал гурав дахь удаагаа бараа авч болно. Харин гурав дахиа дампуурвал алах ялаар шийтгэсүгэй.(Вернадский “Монголия и Россия” номонд буй)
Худалдаа наймааг хөгжүүлэх төрийн бодлого хүчтэй хэрэгжиж байсныг энэ нь харуулж байгаа агаад гурав дахин зээл өгнө гэдэг бол асар том итгэл. Харин гурав дахин дампуурна гэдэг бол эрүүл ухаантай хүний гаргаж болшгүй алдаа юм.
Г. Асар том гүрэнд зам харилцаа маш чухал байсан учир энэ талын асуудлыг тусгай заалтуудаар зохицуулж байжээ.
41 дүгээр зурвас: “Өртөө бүрд байх ёстой унаа морьдын тоо, хоол хүнсний зүйл, бусад зардлыг дааж, тэр бүхнийг мянгат түмэтүүдээс гаргуулж байхаар тогтоосон байна. Нэг замын өртөөг хоёр түмт хариуцаж хангах агаад түмтүүд нь өрх бүрдээ хуваарилан татварладаг байлаа.
42 дугаар зурвас: Өртөө бүрийг сар тутам түшмэл ирж шалган бүхий л асуудлыг байцааж буруутныг шийтгэнэ.
Сар бүр шалгана гэдэг уг асуудлыг хичнээн их анхаарч байсны илэрхийлэл. Хязгааргүй уудам монголын их гүрэнд зам харилцаа өртөө улаа үнэхээр чухал байжээ.
Олон янзын сүсэг бишрэл, шашин шүтлэг бүхий янз бүрийн үндэстэн, олон хэлний ард олонтой дэлхийн их гүрэн улсад шашин шүтлэгийн асуудлыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байлаа.
43 дугаар зурвас: Аливаа шашин болон түүнийг шүтэгчдийг онцгойлон үзэж бусдаасаа дээгүүр тавихгүй, басхүү хавчин дарамтлахгүй бөгөөөд харин шашин бүрийн төлөөлөгчид шүтэн бишрэгчид эзэнт гүрний өмнө адилхан үүрэг хүлээнэ гэсэн алсын хараатай ухаалаг заалт юм.
44 дүгээр зурвас: “Чингис хаан Чингисийн монголчууд мөнх тэнгэрийг шүтдэг байсан агаад бусад ямарваа шашныг дээр буюу доор үл үзнэ. Мөн ямарваа шашинтнууд Чингис хааны зарлигийг үл зөрчинө.
45 дугаар зурвас: “Аль ч шашны хэргэм мяндагтан, шавь нарыг алба, гувчуураас онцгойлон хэлтрүүлнэ.
Сүм хийд, шашны санваартнууд нь ард олны оюун санаа, боловсрол мэдлэгийн талаар тодорхой үүрэг гүйцэтгэж төрийн өмнө зохих үүрэг хүлээдэг учир аливаа албан татвараас чөлөөлөгдөнө. Гэхдээ өнөөгийнх шиг төр шашин хоёр бие биедээ хамаагүй гэсэн уриатай байж үл зохино. Ер нь төрд хамаагүй юу байх билээ.
Төр, нийгмийн үндэс бол өрх гэр, айл орон байдаг болохоор гэр бүл, эр эмийн асуудлыг төрөөс зохицуулах нь нийгмийн ёс журам, ариун нандин орчинг бүрдүүлж, үе үеийн залгамж халааг хангах, нөхөн үржилтийн асуудлыг зохистой болгох зөв эрүүл саруул байдлыг төлөвшүүлэх ач холбогдолтой учир ургийн хуулийг бий болгожээ.
46 дугаар зурвас: “Эр хүн санааны зоргоор олон эхнэр авч болно. Анхны гэргий нь эрхэм хүндтэй онцгой эрхтэй байх агаад энэхүү эрх нь түүний үр хүүхдүүдэд ч бас хамаарна. -
Судлаач Ганаа: Шарын шашны институтийн хямрал ба Монгол
Монголчуудын олонхи Шарын шашин, Далай лам болон Богдын институтын түүхийг их бага хэмжээгээр гадарлах учраас авч үзэх хязгаарыг 1990-ээд оноос эхэлье. Үнэхээр ч 1990-ээд оноос шарын шашныг тойрсон геополитикийн хүчтэй зөрчил эхэлж, МУ түүнд татагдан орсон нь хөдөлшгүй баримт юм.
Даяар зөрчлийн эхлэл
1990.01.01. Энэтхэг Улс Бакула ринбүүчийг МУ-д суух элчин сайдаар томилов. Хэсэг хугацаанд Бакула Монголд байгаа цорын ганц хутагт болов. Тэр ирэх үедээ 73 настай байсан ба түүнийг таалал төгссөний хойно Монголд хойд дүр нь тодорно гэж олон хүн таамаглаж байв.
1991 оноос. АНУ-ын Ерөнхийлөгч нар Далай ламтай албан ба албан бусаар байнга уулзах болов.
1991 он. АНУ-ын Конгресс: “Түвд бол олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу булаан эзлэгдсэн орон бөгөөд түүний жинхэнэ төлөөлөгч нь Далай лам, Түвдийн ЗГ мөн” гэсэн тогтоол гаргасан ба үүнийг Ерөнхийлөгч Ж.Буш дэмжив.
1991 оноос. Хятадын ЗГ шарын шашны талаар “эх оронч хүмүүжлийн” бодлого явуулж эхэлсэн ба лам нар “XIY Далай ламаас татгалзаж, улс төрийн сэдвүүдийг судлах” үүрэгтэй болов. Түүнчлэн Түвдийн мөргөлчдийг Непал, Энэтхэг рүү мөргөл үйлдэхийг зарим талаар хааж, буддын том лам нарт паспорт олгохоос татгалзах болов.
1993 он. Москвад Түвдийн Соёл мэдээллийн Төвийг нээсэн ба энэ нь ОХУ-д байгаа Далай ламын төлөөлөгчийн газар мэт ойлгогдох болов.
Дээрх цөөн жишээ шарын шашин тойрсон геополитикийн тэмцэл өрсөлдөөн Хятад, АНУ-ын хооронд эхэлснийг хангалттай нотолно. Энэтхэг, ОХУ хоёр, мөн Япон, Солонгос ч гэсэн эл асуудалд онцгой идэвхитэй биш ч гэсэн дам байдлаар оролцож эхлэв.
Энэ зөрчилд МУ өөрийн түүх, соёл, шашин уламжлалаараа хүссэн ч, эс хүссэн ч татагдан орох хувь заяатай байлаа. Энэ үеэс эхлэн МУ шарын шашинтай холбоотой ямар ч асуудлаар Хятад, АНУ болон бусад улсын дунд ацан сонголт (дилемма) хийх “мөнхийн зовлонтой” учрав.
Монголд шарын шашны дахин сэргэлт
1990 онд МУ ардчилал, зах зээлд шилжин орохын хамт түүхэн уламжлалаа сэргээх их хөдөлгөөн өрнөв. Манай түүхэн уламжлалаа сэргээх хөдөлгөөн: 1. Эзэн Чингисийнхээ нэр төр, их гүрний түүх, уламжлалыг сэргээх, 2. Хавчигдаж шахагдсан Шарын шашныхаа уламжлалыг сэргээх гэсэн 2 том чиглэлтэй байсан ба энэ удаад Чингисийн үзлийн сэргэлтийг авч үзэхгүй.
1991.09.20. XIY Далай лам ”бусдын хүсэлтийн дагуу” Соном Даргэг YIII Богдын хувилгаан дүр гэдгийг батламжлав. “Бусдын хүсэлт” гэдэг нь монголчуудынх гэдэг нь ойлгомжтой.
1991.11.29. Зохиолчдын Эвлэлийн дэд дарга Ж. Бямба, МАН-ын дарга Баасан лам нар Шинэ Дели хотноо Далай ламтай уулзан IX Богдыг сураглаж, Монголд урих хүсэлтэйгээ илэрхийлэв.
Гэтэл тэр дороо л эсрэг талууд бий болов.
1992.03 сар. Монголын дээд зиндааны нэг улс төрч Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Монголын иргэдээс Жавзандамбыг урьсан янз бүрийн урилгаас цэрвэж буй бөгөөд үүний цаана улс төрийн далд санаа байж болзошгүй. Бээжин үүнд илтэд дургүйцэж хариу барих вий гэдгээс Монголын албаны хүмүүс зовниж байна” гэж мэдэгдэв.
1993.05.01. Монголын зарим уран бүтээлч, сэхээтнүүд, түүний дотор YIII Жавзандамбын өргөмөл хүү Улаанбаатарт Богдын санг үүсгэн байгуулав.
Ингээд Шашнаа сэргээн мандуулах хөдөлгөөн эрч хүчээ авав. Гэсэн хэдий ч асар удалгүй зорилго чиглэл нь өөр өөр хэд хэдэн бүлэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэх болсонд гадны нөлөө орсон нь эргэлзээгүй. Энэ нь удалгүй 1996, 1999 оны үйл явдлуудаар батлагдсан юм.
Монголын төр арчаагаа алдав
1996.09.11. Монголын Сүсэгтний Холбооноос: ”Сүсэгтэн олон, сүм, хийд болон Монголын шашны байгууллагуудын хүсэлтээр” IX Богд энэ 10-р сард Монголд морилон ирэх болсныг “ЗГМ” сониноор зарлав. Хэрэв IX Богд Монголд заларч Мигжид Жанрайсигийг шүншиглэх ёслолд оролцвол их том бэлэгдэл болох ба Богдын институтыг сэргээх эхний алхам болох учиртай байв.
Хэдийгээр ил биш ч гэсэн Барууныхан үүнийг идэвхтэй дэмжсэн, Хятадын тал дургүйцэж шахалт үзүүлсэн нь тодорхой. Энэ нь М.Энхсайханы эвслийн ЗГ “IX Богдын хувьд хувилгаан тодруулсан дэглэм тодорхойгүй” шалтгаанаар виз олгохоос татгалзаж, “толгойныхоо өвчнөөс” салав.
1997 он. Энэ явдлын дараа АНУ-ын Төрийн департаментад Түвдийн асуудлыг хариуцсан тусгай зохицуулагчийн (координатор) албан тушаал бий болгов.
1998.02 сар. Чойжамц хамба: “Монголд X Богдыг тодруулахын тулд IX Богдыг хүлээн зөвшөөрч Монголд оруулах нь тун чухал” гэж хэлэв. Ийм шаардлагыг шашны болон ТББ-ууд олон удаа шаардаж байв. Мэдээж цаана нь улс төрийн тодорхой хүчнүүд байсан.
Монгол алх дөшинд хавчуулав
МУ 1999.07.15-18-нд БНХАУ-ын Ерөнхийлөгч Зян Зэминий төрийн айлчлалд бэлтгэж байтал 1999.07.13-нд IX Богд жуулчны визээр Монголд орж ирэв. IX Богд Москва дахь консулын ажилтан Б. Энхбаяр, Халимаг дахь консул Ш.Будбаяр нараас 2 виз авсан байлаа. Энэ нь яах аргагүй монгол төрийн албан ёсны зөвшөөрөл мөн юм. Тэрээр өөрийгөө Энэтхэгт цагаачлан амьдарч буй Жампил Намжил гэгч бөгөөд нутаг нэгт Чойжил-Юндэнг дагуулан явж байгаа гэж танилцуулжээ. Мөн МУ-ын иргэн Л.Баясгалан, Чимгээ нарын хувийн урилгыг үзүүлжээ.
IX Богдыг Монголд орж ирмэгц манай ГХЯ-ны ажилтнууд Монголоос гарч явахыг шаардав. Зян Зэминь, IX Богд нарын айлчлал давхцсаныг “санамсаргүй тохиолдол” гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Ингээд асуудлыг зохицуулахчаа аядаж “Зян Зэминийг Монголд байх үеэр олны өмнө гарахгүй” гэдгийг IX Богдоор өөрөөр нь “хэлүүлэв”.
1999.08.05. IX Богд Эрдэнэ-Зуу хийдэд хүрэлцэн ирэхэд Мэндбаяр, Нацагдорж, Дамбажав болон 17 хийдийн лам нар “Бурхны шашны Чуулган” зохион байгуулж, 68-тай Жамбалнамдолчойжижалцанг ”Халхын цагийг эзэлсэн Богд Гэгээн IX Жавзандамба хутагт” хэмээн өргөмжилж Монголын шарын шашны тэргүүнээр тодруулав.
1999.08 сар. Гандан хийдийн хамба, Далай ламын цагаач Засгийн газар, МУ-ын Засгийн газрын хооронд нааш цааш бичиг захидал чулуудалцаж эхлэв. Монголын ЗГ “визийн хугацаа дууссан”, ”дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон” гэх “тайлбар” хийж IX Богдыг эгүүлэн татахыг Далай ламаас дахин дахин “шаардав”.
1999.08.16. IX Богд хэвлэлийн бага хурал хийж ”Миний айлчлал ямар ч улс төрийн зорилго агуулаагүй…” гэж мэдэгдэв.
1999.08.23. Чойжамц хамба Далай ламд ”IX Богдын манай улсад эзлэх шашны статусын тухай албан ёсны тогтоол шийдвэрийг хүлээж байгаа учраас түүний буцахыг хойшлуулсан” гэж тайлбарлав.
1999.09.17. IX Богд ОХУ-аар дамжин нутаг буцав. Энэ үеэр IX Богд дараа жилээс Монголд ирж бүрмөсөн суух санаатай тухай мэдээ зарим хэвлэлд гарав.
1999.10.28. Энэтхэгийн элчин сайд Бакула Ринбүүчий энэ оны 12 сард Монголоос бүрмөсөн нутагтаа буцах болсон тухай ӨС сонин мэдээлэв. ”Монголд ясаа тавина” гэж байн байн ярьдаг хүндэт хүн гэнэт нутаг буцах болсон нь тун хачирхалтай.
Ийнхүү эрхэм дээд Богд жуулчны шугамаар Монголын ЗГ-ын консулын зөвшөөрлөөр ирж Монголын шарын шашны тэргүүнээр тодров. Тэгсэн атлаа Монголоос бараг хөөгдөж гарав.
Монголын төр засаг арчаагаа бүрэн алдаж, энэ асуудлаар ямар ч шийдвэр гаргах чадваргүйгээ тов тодорхой харуулав. Хамгийн зэвүүн нь монголын төр 2 хуваагдаж IX Богдыг улс төр-шашны нэг бүлэг нь дур мэдэн урьж, нэг бүлэг нь хөөсөн явдал МУ-ыг дэлхийн шившиг болгов.Том гүрнүүд чангалж эхлэв.
2000 он. Энэ үеэс эхлэн АНУ-ын ЗГ Түвдийн сан, Түвдийн мэдээллийн сан, Түвдийг дэмжих олон улсын кампанийг санхүүжүүлж эхлэв.
2002 он. АНУ “Түвд дэх улс төрийн тухай хууль” гаргаж, Түвдийн өөрийн ахуйг хадгалах, яриа хэлэлцээр өрнүүлэхэд оролцоно гэдгээ тунхаглав.
2004 он. ОХУ Далай ламыг Халимагт очуулсанд Хятад ихэд дургүйцсэн тул ОХУ-ын XIY Далай ламд цаашид виз олгохоо болив. Хятад “жижиг” Монголыг байтугай “том” Оросыг хүртэл шахаж “айлгаж” байгааг бид харж байна.
2007 он. Хятад “Хойт дүр тодруулах (реинкарнаци) тухай хууль” гаргав. Энэ хуулиар шарын шашны хутагт хувилгаадыг тодруулах, монголчуудын ярьдгаар “алтан бумбаар шодох” үйлийг Хятадын ЗГ мэдэж зохицуулахаар болгов.
2009 оноос АНУ-ын албан баримтуудад Түвд дэх шашин, Далай лам, хүний эрхийн асуудлыг байнга сөхөн тавих болов.
2012 он Ерөнхийлөгч Б.Обама: “АНУ өөрийн соёлыг хамгаалахын төлөө Түвдийн ард түмний тэмцлийг Хятадын дотоодод ч, хилийн чанадад ч бүхэлд нь дэмжинэ” гэж мэдэгдэв.
IX Богдын хойт дүрийг тодруулах улс төр-шашны тэмцэл
2011.11.02. Өмнөх сард Монголд заларсан Х.Богдыг Монголын Бурхны шашны сэнтийд залах ёслол болов.
2012.01.24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж IX Богдод “Монголын Буддын шашинтны тэргүүлэгч” гэсэн албан ёсны төрийн батламж олгов.
2012.03.01. IX Богд насан эцэслэж, мөнх бусыг үзүүлэв. Ер нь бол IX Богдыг “хурдан үхээсэй” гэж нэлээд улс төрч бодож байсан баримт бий.
2012.03 сар. IX Богдын хойт дүрийг тодруулах комисс байгуулав. Энэ комиссын бүрэлдэхүүн маш нууцлаг хэдий ч Гандан хийдийн нөлөө бүхий 6 ламаас гадна бүлэглэлүүдийн дээд мяндагтнууд оролцов. Монголын улс төр-шашны бүлэглэлүүд “өөр өөрийн” Богдыг бэлтгэж эхэлсэн ба энэ тоо 4 хүрч байлаа…
Монголын Шарын шашны бүлэглэлүүд
Жирийн хүмүүс монголын шашны бүлэглэлүүдийг сайн мэддэггүй. Монголын дээд лам нар хэд хэдэн том бүлэглэлд хуваагдах бөгөөд эдгээрийн тэмцэл өрсөлдөөн маш нууц байхын хамт улс төрийн том бүлэглэлүүдтэй ихээхэн нягт бөгөөд далд холбоотой.
Монголын лам нарын бүлэглэлийг эрдэмтэд янз бүрээр ангилдаг. Жи: ОУ-ын харилцааны Хүрээлэнгийн ЭШАА, доктор Д.Базардорж: 1. Доржшүгдэн сахиусны, 2. Далай ламын, 3. Банчин Эрдэнийн гэсэн 3 бүлэглэлд хуваажээ. Харин судлаач Ө.Гонгор: 1. Гүрдаваа Ренбүүчийн, 2. Ажа Гэгээний, 3. Гандан болон Дарамсалагийн, 4. Бусад буюу Монгол бүлэглэл гэж ангилдаг.
Мөн Богдын институтын түүхийн талаар МУҮИС-ийн багш, германы иргэн Удо Баркман багш монголчуудаас илүү сайтар судалж хэд хэдэн өгүүлэл бичсэн боловч түүний тоож уншдаг улс төрч сэхээтэн Монголд бараг байсангүй. Эрдэмтдийнхээ үгийг тоохоо байхаар эхлээд улс төр-шашны бүлэглэлийн, улмаар олонхи сэхээтний “тархи хамуурдаг” зүй тогтолтой.
Дан ганц лам нарын бүлэглэлүүд өрсөлдөн тэмцэлдэж байгаа гэж үзэх нь маш буруу. Лам нарын цаана улс төр-бизнесийн том бүлэглэлүүд байдаг ба би үүнийг нийлүүлээд “улс төр-шашны бүлэглэл” гэж нэрлэж байгаа юм. Бас үүний цаана Хятад, АНУ, Энэтхэг, ОХУ зэрэг улсуудын оролцоо, нөлөө байгаа нь ямар ч эргэлзээгүй.
Энэ бүхэн холилдоод ирэхээрээ геополитикийн, улс хоорондын, улсын дотоод дахь улс төр-шашны бүлэглэлүүдийн, хувь хүний гэсэн олон түвшний зөрчил тэмцлийн бантан болж хувирдаг ба үүний учрыг олдог хүн Монголын төр, шашинд л лав байхгүй.
Ахиад л будлиан хутгав.
2016 онд Монголд хийсэн XIY Далай ламын айлчлал дэлхий дахинд болон Монголд их будлиан тарьж, монголын төр засаг шившгээ хутгасан юм. Үүнийг хронологийн дарааллаар товч авч үзье:
2016.10 сар. XIY Далай лам Монголд ирэх тухай мэдсэн Хятадын ЗГ: “Дурын оронд, дурын шалтгаар, дурын хэлбэрээр явуулж буй Далай ламын хятадын эсрэг салан тусгаарлах идэвхийн эсрэг шийдвэртэй тэмцэнэ” гэж сануулав.
Хэд хоногийн дараа “Хоёр талын харилцааг тогтвортой хөгжүүлэх өргөн хэтийн төлөвийг сайтар санаж, энэ талаар өгсөн амлалтаа биелүүлэхийг бид Монголоос хатуу шаардаж байна. Далай ламын ирэхийг зөвшөөрч болохгүй. Түүнтэй хамтран ажиллаж, Далай ламын салан тусгаарлах гэмт бүлгийг дэмжиж болохгүй” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Генг Шуань мэдэгдэв. Үүнийг Монголын эрх баригчид үл ойшоожээ.
2016.11.18-23. XIY Далай-лам Монголд зочлов. Ирсэн зорилго нь X Богдыг тодруулах явдал байв.
Хятад үүнд уурсаж монголын уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмж, Монгол өгөхөөр тохирсон 4,2 тэрбум ам.долларын зээлээ царцааж, агаарын болон төмөр замыг зогсоож, хилээ хаав. Далай ламыг Монголд айчлах бүр ийм явдал болдог байв. Жи: 2002 онд Хятад хилээ хаасан, 2006 онд нислэг зогсоож, татвар нэмсэн.
2016.12.22. Монголын ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Хятадад очиж аргадав. Арай л өвдөг сөгдөн уйлахын наагуур болов. Тэрээр “Гандан хийдийн урилгаар XIY Далай лам Монголд айлчилсан нь бидний харилцаанд сөргөөр нөлөөлж, үүний улмаас үл ойлголцол үүсээд байна. Манай ЗГ үүнд харамсаж байна. Өнөөгийн ЗГ эрх барьж байхад Далай Лам Монголд ахин айлчлахгүй гэж бодож байна” гэж мэдэгдэв.
Ийм арчаагүй, хөгийн, үхээнц байж шашны талаарх “төрийн бодлоготой”, “төрийн нууцтай” гэж ярихаасаа ичих хэрэгтэй л дээ…
Х Богдыг тодруулах тэмцэл
2017.08.03. Яруу найрагч Ц.Хулан Ерөнхийлөгч Х.Баттулгын шашны асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдов. Ийнхүү Ц.Хулан дотоодын хувь хүмүүс, улс төр-шашны бүлэглэлүүдийн тэмцлээс эхлээд гадаадын геополитикийн сөргөлдөөн хүртэлх аварга том бөгөөд өршөөл энэрэлгүй том зөрчил тэмцлийн дунд оров.
2019.11.20. Ц.Хулан XIY Далай ламд Х Богдыг тодруулах талаар Монголд болж буй зөрчил будлианыг илчилсэн захидал илгээв. Захидлын агуулгаас үзэхэд X Богдыг тодруулах асуудал 2019 онд нэгэнт шийдэгдсэн байжээ. Түүнээс өмнө ч “шийдэгдсэн” байх өндөр магадлалтай. Нөхцөл байдал ийм атал Ц.Хулангийн Х Богдыг “жирийн ард олны дундаас” олж сонгох санал хүүхдийн гэмээр гэнэн мөрөөдөл байсан юм.
2020.12.08. АНУ-ын сенат “Түвдийн бодлого хийгээд түүнийг дэмжих тухай” хууль гаргаж, түвдийн ард түмний автономит эрхийг хүлээн зөвшөөрөв.
2020.05 сар. Ц.Хулан 2020 онд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших үедээ “Улстөрч.мн” сайтад ярилцлага өгснийг утгачлан товчилж сийрүүлье:
“Шашны эрх чөлөөний хуулийн анхны хэлэлцүүлэг 2018.10 сард болсон. Орчуулга шиг байхаар нь мөшгөөд сурвалжлаад үзэхэд энэ хууль гадаадаас 100 хувь захиалгатай нь тогтоогдсон. Энэ хуулийн англи хэл дээрхи анхны эх Ц.Нямдорж гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсныг “ГХЯ-ны” албан тушаалтны өрөөнөөс би олсон. Тэгэхээр манай хуульчид гаднаас захиалгаар хууль оруулж ирдэг юм байна. Ийм их ач холбогдолтой хуулийг намууд хоорондоо наймаалцаж байна шүү гээд баримтаа З.Энхболдод өгсөн. Тэгтэл 7 хоногийн дараа намайг дуудаад:”Чиний соёл, шашны гэдэг тодотголоос шашны гэдэг үгийг хасмаар байна. Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөх байх нь учир утгагүй юм байна” гэж хэлсэн…Бид нар чинь (би ?!) өөрөө амьд явмаар байна ш дээ…”
2021.03 сар. Байдены засаг захиргаа: “Далай Ламын хойт дүрийг тодруулахад Хятадын ЗГ ямар ч үүрэг гүйцэтгэх ёсгүй” гэж мэдэгдэв.
2023.01.19. Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ баривчлан хорив.
2023.03.08. Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам 8 настай монгол хүүг Халхын шашны тэргүүн, Х Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх ёслол үйлдэв. Богдын дараагийн дүрийг түрүүчийн Богд нас барснаас хойш 5 жилийн дараа тодруулах ёстой боловч 11 жилийн дараа тодруулав.
Өмнө нь олон заваан явдал болсон хэдий ч энэ бол яах аргагүй манай дотоод асуудал бөгөөд Монгол Богдтой болсон нь нэг том ахиц юм. Иймээс одоо энэ асуудлаар хэрүүл хийж, хэл ам татлах ямар ч шаардлагагүй.
Шарын шашны институтын хямрал
Алтан хан 1577 онд лам Содномжамцад “Далай лам” цол олгосноос эхлэн тоолбол Далай ламын институт одоо болтол үргэлжлэн 2023 онд 446 жил болж байна. Далай ламын институт бий болж төлөвшихөд монголчууд ихээхэн ач тус үзүүлсэн нь эргэлзээгүй.
Гэлэгва ёсонд Далай ламын дараа орох эрэмбэтэй Банчин богдын дэд институт нэлээд эртнээс улбаатай. Ойролцоогоор энэ үед бүрэлдэн тогтож, одоо 1995 онд Хятадуудын тодруулсан ХI Банчин Богд Гялцан Норов дээр үргэлжилж байна.
1640 онд Занабазарыг Монголын Анхдугаар Богд Жавзандамба гэж өргөмжилснөөс эхлэн тооцвол Богдын дэд институт 383 жил оршин байгаад түүхэн тодорхой шалтгаанаар 1924 онд тасалджээ.
Харилцан нягт уялдаа холбоо бүхий 3 тэргүүнтэй шарын шашны институт 400 гаруй жил “амар тайван” оршин тогтножээ. Яагаад гэвэл тэр үед Монгол, Түвд, Хятад гурвуулаа Манжийн мэдэлд байсан ба ганцхан Чин гүрний хуулийн дагуу шашны 3 тэргүүний хойт дүрийг тодруулж, энэ “ажилд” элдвийн хэл ам бараг гардаггүй байсныг би “амар тайван” гэж нэрлэж байна.
Гэтэл холоос яривал 1911 оноос, ойроос яривал 1990 оноос шарын шашны орчин нөхцөл эрс өөрчлөгдөв.
Маш бүдүүн тоймоор: Монгол: ганцхан Богдтой, Хятад: Түвд, Банчин Богд хоёртой боловч Далай ламгүй, АНУ: ганцхан Далай ламтай байгаа гэж зүйрлэж болно.
Шинэ зууны шинэ нөхцөл байдалд шарын шашны асуудлыг уламжлалт хуучин аргаар шийдвэрлэх боломж энэ асуудалд холбогдон буй том жижиг аль ч улсад байхгүй нь тодорхой. Гэхдээ одоохондоо шинэ аргыг хэн ч олоогүй байна…
Манай шарын шашны институт гүн гүнзгий хямралын байдалд оржээ. Энэ үгэнд цочирдох хэрэггүй. Учир нь шашин сөнөнө гэж хэзээ ч байдаггүй, харин үе үе хямралд ордгийг дэлхийн шашны түүх гэрчилнэ. Манай Зонхавийн шашин ч гэсэн тухайн цагтаа гүнзгий хямралд орсон буддын шашны согог гажуудлыг эсэргүүцэн төрж, маш их тэмцэл, дайн дажин туулж шашны том институт болон тогтсон. Шашин хямарсан тохиолдолд шашны реформ хийж гардаг. Харин шашны реформыг шашны институтын түвшинд сэтгэж, зөвхөн шинжлэх ухаанд тулгуурлаж байж хийж болно.
Үүнийг маш олон хүн олон жилийн турш ярьж байгаа ч хийсэн ажил оргүй шахам. Манайхан шашны тэргүүн хувь хүмүүс хийгээд шашны институтын ялгааг огт мэддэггүй. Эдгээр нь нягт уялдаатай боловч өөр өөр ойлголтууд. Шашны институт гэдэг нь шашны тэргүүн нарын удирдлага зохицуулалтаар ажилладаг шашны олон урсгал, олон мянган сүм хийд, хэдэн сая лам, сүсэгтэн олны харилцан үйлдэх харьцангуй бие даасан тогтолцоо (систем), түүний механизм юм. Энэ ялгааг ухаж ойлголгүйгээр шашны талаар “төрийн бодлого” явуулна гэж дайрах нь тэнэг хэрэг.
Манайхны өөр нэг том эндүүрэл нь “шашныг сэргээн мандуулна” гэдгийг YIII Богдын үеийнх шиг асар их эрх мэдэл, хүч нөлөөтэй болгох гэсэн хүсэл юм. Одоо бол яаж ч хичээгээд ингэх боломж байхгүй, учир нь дэлхийн геополитикийн болон МУ-ын хөгжлийн төлөв байдал, чиглэл, хандлага шал өөр болсон.
Х Богдыг залснаар шашны бүх асуудлаа шийдчихсэн бодож байвал тун их эндүүрэл. Харин ч даяар зөрчилт үйл явц одоо л дөнгөж эхэлж байна.
Би сургаар таамаглах дургүй. Гэхдээ илт тодорхой зүй тогтлыг хэлэх нь судлаач миний үүрэг юм.
1935 онд төрсөн XIY Далай лам эдүгээ 88 настай. Далай багш удахгүй жанч халах нь хэн бүхэнд ойлгомжтой. Өөрөө ч гэсэн хойт дүрийнхээ талаар хэд хэдэн удаа дурдсан. Энэ тохиолдолд Далай ламын дараагийн дүрийг тодруулах явдал олон улсын хурц өрсөлдөөний талбар болох нь гарцаагүй. Далай ламын хойт дүр “онолын” хувьд Түвд буюу Хятад, Монгол, Энэтхэгээс тодрох өндөр магадлалтай. Гэхдээ Далай лам өөрөө: “Би хаана ч, тэр ч байтугай эмэгтэй хүн болон төрж ч магадгүй” гэснийг харгалзвал уг асуудал маш хүнд болж таарна. Ямар ч гэсэн МУ энэ маргаанд татагдан орох нь гарцаагүй. Энэ нь Монголын хувьд нэлээд таагүй сорилт болох нь мэдээж…
Иймд одооноос эхлээд шашны талаар баримтлах төрийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд манай төрд шашны бодлого огт байгаагүйг 30 жилийн “ичмээр адал явдал”, “тэнэг хошин шогийг” өгүүлсэн энэ бичвэр хангалттай нотолно. Нэгэнт төрийн бодлого байхгүй тохиолдолд “төрийн нууц” гэж байхгүй. “Ямар нэг нууц” байж болох ч тэр нь “дараагийн дүр” тодруулахтай холбогдсон ач холбогдол багатай, хуйвалдааны шинжтэй “жижиг сажиг юм” байгааг тааж ядах юмгүй. Дашрамд Тагнуулын газар цаашид шашны асуудалд хутгалдан оролцохоо болих хэрэгтэй, энэ чинь ичмээр бөгөөд хууль бус зүйл…
Харин одоо бол Ц.Хуланг шашны талаар дахиж ганц ч үг дуугарахгүй гэсэн ам өчгийг нь аваад сулласан нь дээр гэдгийг би зориуд сануулж байна. Судлаач би хэчнээн дургүй хүрч байсан ч шашны нэрээр өрсөлдөж, тэмцэлдсэн бүх бузар булайг нарийвчлан дэлгэж, нэр бүхий хүмүүс болон Монгол Улсаа дэлхийн шившиг болгомооргүй байна. Өөрөө дотроо тэмцэлдэн хямарч, гадаад дотоодод ноцтой будлиан тарихгүй бол шашны асуудалтай зууралдах өчүүхэн ч хүсэл надад алга…
Х Богдоо залчихлаа, одоо болоо юм биш үү ?! Ц.Хуланг суллачихад хэн хохирох гээд байгаа юм ?! Харин шашны талаарх төрийн бодлогоо боловсруулах ажилдаа бушуухан орж үз. Том гүрнүүдийн зөрчлийн галыг дуудан авчирч өөртөө лай хураах хэрэггүй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Sonin.mn agency -
Шашны эрх чөлөөний талаарх уулзалт
“Монголын шашны удирдагчидтай Шашны эрх чөлөөний талаарх уулзалтыг энэ жил дахин зохион байгуулсандаа баяртай байна. Шашин шүтэх эрх чөлөө бол манай хоёр улсын үндэс суурийн салшгүй хэсэг бөгөөд энэхүү түгээмэл эрхийг хамгаалахын тулд бид тууштай хамтран ажиллаж байна.” – Элчин сайд Буанган
-
ДАЛ ШАТААЖ МЭРГЭЛЭХҮЙ
Далыг хүндэлж цэвэр газар хадгалж эсвэл (Дал давж урт удаан наслаарай далан улаан үхэртэй болоорой ) хэмээн хэлж хаядаг ба далыг халуун, хүйтэн талтай гэх. Мэргэ хийхдээ; Хонь мэргэн Дал мэргэн алтан ясны төлгө мэргэн алсын мэргэ үнэн тавиарай гэж шившэх нь ч бий.
Далын шатаахад анхаарах зүйл :
Далыг олон хүнтэй газар шатаахгүй байх. Хамгийн дээд тал нь 2-3 хүний дэргэд тавих.
Далыг түлж байхад гаднаас хүн оруулахгүй байх.
Далыг аргал болон, харганы зөөлөн гал дээр шатааж мэргэлэх.
Түлж байгаа дал тань шинэ сайхан, бүрэн бүтэн, махнаас бүрэн цэвэрлэсэн байх.
Боож үхсэн, усанд унасан, араатан жигүүртэнд бариулж идүүлсэн, ямар нэгэн хүчин зүйлээс болж үхсэн зэрэг малын далыг ашиглахыг цээрлэдэг.
Далаар төлөг тавьдаг хүн далыг муулж элдэв үгээр хэлэх, буугаар буудах, шидэж гэмтээх, хөлөө дэвслэх, усанд хаях, зориудаар хугалж гэмтээж болдоггүй ажээ. Харин төлөг тавиулж байгаа хүмүүс өөр хоорондоо ярих эсвэл хөлөө ачих, элгээ тэврэхгүйгээр мэргэлүүлэх хэрэгтэй. Энэхүү бүхнийг зөрчвөл дал худал хэлж мэргэ төөрөг төөрдөг гэж үздэг..
Далны таван оронд хар цагаан 2 замтай тус бүр өөрийн хамаарах шинжээрэй тайлагдана
Бурхны орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон гэх таван орноор болон тэнгэр газар, лус савдаг, эрлэг ад хорлол, бурхан шүтээн онгод гэх мэтээр хар ба цагаан замаар шатааж мэргэнд буулган төлгө шинжээ хийнэ. Мөн цааш лавшруулж таван төрлийн гал байдаг ба мөн таван төрлийн шинжээ бий түүнтэй холбон тайлах хэрэгтэй. Дээрхи мэргийг тайлан уншиж, хэрхэн тайлах нь мэргэч төлгөч хүний ухаан билиг, зөн совин хоёр мэддэг.
Далны мэргэ хийх нь залуу хүнд халгайтай гэж ярьдаг. Далыг худал уншиж тайлвал над шиг хувхайрч байгаарай гэж хараадаг гэлцдэг. Тиймээс мэдэх мэдэхгүйдээ цээр тавин хандаж, үл мэдэх зүйлдээ санааны мунхагаар бүү хандаж байгаарай хэмээн захъя.
А. Готов
-
МБНЭ-ИЙН АНХДУГААР ДЭЭД ХУРАЛДАЙД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД,
Монгол бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Бадарч хуралд оролцогчидтой дурсгалын зураг авахуулцгаажээ. Тэрээр өөрийн амьдралаа Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлд зориулсан нэгэн билээ.

-
ХАМАГ МОНГОЛЫН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХАРАА ИХТ “ХАР СҮЛД”-Д ЗАЛБИРАХ ТУХАЙ 2023.10.21
Монголын Хараа ихт Хар сүлдийг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хөвсгөл, Дорнод аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Өвөр Монголын Ордос зэрэг олон газруудад тахиж байсныг дурьдаж болохоор байна.
Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан байдаг. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар “…Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ.
Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн …Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
Түүнээс хойш олон удаа Их хар сүлдийг БХЯ-аас тахиж иржээ. Энэхүү тахилгад Монголын Тэнгэр шүтлэгт улаач нар сайн дурын үндсэн дээр зохион байгуулалт сайтаагаар оролцох болсон билээ. Учир нь энэхүү зан үйлийг Тахилгач Тэнгэрийн улаач гүйцэтгэж ирсэн байдаг. Бид тахилга, залбиралаа алсын зайнаас хийж, хүндэтгэл үзүүлдэг.
Гэвч Батлан хамгаалахын сайд Сайханбилэгийн үеээс эхлэн ХАМАГ МОНГОЛЫН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХАРАА ИХТ “ХАР СҮЛД”-ийг ард олон цугларахаас сэргийлэн “сэмхэн” шуурхай тахидаг болсон билээ. Энэ нь тэнгэр шүтлэгт түмэн олноо тахилгад залбирах, оролцох хүсэлтээс ихээхэн холдуулахыг эрмэлзэх болсон билээ. Мөн төлөөллөө Их хар сүлд оруулж залбирах хүсэлтэд олон жил хариу өгөлгүй дарсаар ирсэн байна. Энэ нь:
Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ 2. Хүнийг …шашин шүтлэг, үзэл бодол, …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг, “12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.
Хар сүлдны тахилгад оролцох, залбирал үйлдэх, хүсэлтэд олон жил хариу өгөхгүй байгаа тул бид аргагүй байдалд хүрч, чиглүүлэн догшруулах зан үйл хийхэд хүрлээ.
Мөн 2024 онд бид төвийн бүсэд Тахилч улаач нарын ажлын бүлгийг томилуулан ажиллуулах сурталчилгаа хийхэд хүргэж байна.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД