Author: admin_shaman

  • ВЬЕТНАМААС НУТАГТАА ГҮЙЖ ИРСЭН МОНГОЛ АЗАРГА

    Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

    Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан догширч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг.
    Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.
    Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар гагцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ…
    Хаянхярваа Хаянаа

  • РИНЧИН ГУАЙН ЦЭДЭНБАЛД БИЧСЭН ЗАХИДАЛ

    Миний бичсэн “Монгол бичгийн хэлний зүй. Хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг минь устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар төлүүлэх шийдвэр гаргаж нэг үзсэнээ 1967 оны 3-р сарын 29-нөө танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад өнгөрөгч оны адгаар академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ.
    Академийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал Хорлоо номыг минь худалдаанд гаргуулалгүй хориг саад хийж дөнгөөд өдгөө би мөнгө төлөхгү, номыг устгахгүй болоод ирэхлээр миний саналыг асуулгүй уул номыг өөрчилж дахин хэвлэх нь “зүйтэй” гэж тулган шаардаж байна.
    Тэгтэл энэ завсар олон багш, оюутан миний номыг хэвлэх үйлдвэрээс “арын хаалгадан” зарим хэсгийг нь хэдүйнээ олоод авчихжээ. Бас мажар оюутнуудаар дамжин Мажар ард улсын академид миний ном хүрч Мажарын монголч эрдэмтэд түүнийг уншаад үг бүтээхүй, язгуур үг дагаварын бүтцийг цоо шинээр тайлбарласан монгол хэлний хэлбэр судлалын талаар тун олон шинэ баримт олжээ. Монгол хэлний тооны айг би эрс ондоогоор тайлбарласныг эрдэмтэд тоож үзээд энэ нь монгол хэлний талаар бичсэн хэл зүйч нар латин хэл зүйгээс хуулбарлан монгол хэлэнд оруулсан европ хэл зүйн уламжлалт ганц, олон тоо гэдгээс язгуураараа ялгаатай болохыг ажиглажээ.
    Язгуур үгнээс дагавар бүтдэгийг ашиглах боломж олгосон монгол хэлний язгуур үгийн бүтцийг миний номд анх түрүүн задлан шинжилсэн юм.
    Хорлоо бол эрдэм шинжилгээний дээд төвшинд хүртлээ бэлтгэгдээгүй хэл бичгийн мэргэжилтэн тул монгол хэлний хэл зүйн талаар гарсан эрдэм шинжилгээний ном зохиолыг мэдэхгүй учраас орчин цагийн ерөнхий хэл шинжлэлийн баримтад тулгуурлан миний дэвшүүлсэн шинэ шинэ үндэслэлийг огт хайхралгүй гагцхүү Дамдинсүрэнгийн нэр төрийг “унагаж” болохуйц зүйл гэж өөрт нь санагдсан тийм өө сэвийг номоос минь хайжээ.
    Шинжлэх ухааны үндэс бүхий хэлзүйд Хорлоо чингэж хандсаныг Марксын үгээр илэрхийлж болох. Үүнд “жинхэнэ шинжлэх ухаанаас нь гаргаж ирээгүй(уг шинжлэх ухаан хичнээн алдсан байлаа ч) харин гаднын ондоо юмнаас гаргаж ирсэн үзэл, шинжлэх ухаанд харш, түүний тухайд өнгөцхөн гадна талын ашиг сонирхлын үүднээс гаргасан тийм үзэлд шинжлэх ухааныг аялдуулан зохицуулах гэж оролддог тийм этгээдийг би арчаагүй амьтан гэж нэрлэдэг” хэмээжээ.
    Эдийн засгийн ухааны талаар Марксын дэвшүүлсэн шаардлагыг миний бие хамаг ухамсарт амьдралаа зориулсан монголын хэл шинжлэлд ч тавьж болох агаад Маркс томьёлохдоо “нэг нэгдээ харшилдсан үхширмэл номнолын оронд уул номнолын далд цаад шалтгаан байдаг бие биетэйгээ таардаг баримт сэлт, жинхэнэ зөрчлийг авч үзсэн тийм тохиолдолд, гагцхүү ингэж чадсан нөхцөлд л сая улс төр, эдийн засгийн ухааныг эерэг нааштай ухаан болгон хувиргаж чадна” гэжээ.
    Нэг нь нөгөөтэйгөө харшилдсан “Үсгийн дүрмүүд” нь монгол хэлний хууль, түүний бүтэц, хэл хөгжих тодорхой зүй тогтол зэргээс үүдэн гарч буй өдгөө цагийн байдал зэргийг шинжлэх ухааны ёсоор тайлбарлаж чадахгүй агаад гэтэл эл бүхнийг ерөнхий хийгээд монголын хэл шинжлэлд бузгай сайн тусгасан авч үүнийг “үсгийн дүрэм” зохиогч нь, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дарга нь ч мэдээгүй хоцорсон хэрэг.
    Хорлоогийн хориглосон номтой өдгөө зөвлөлтийн мэргэжил нэгт нөхөд минь танилцаж, тэд түүнийг уншаад, монгол хэл, түүний хэлбэр судлалын тухай уг бүтээлд гарч буй цоо шинэ баримтыг тусгасан эрдэм шинжилгээний шүүмж бичихээр завдан буй. Чингээд энэ ном аль хэдийнээ хэвлэлээс гараад хэлний мэргэжилтнүүдийн бүтээл болсон байх аа гэж зөвлөлт нөхөд минь санаж байна. Тэд түүнийг хураан хориглохуйц сэжигтэй гэмтэй зүйлийг номоос минь олоогүйн дээр эрдэм шинжилгээний зохих төвшинд бичигдэж монгол хэл зүйгээр дагнан ажилладаг монголч эрдэмтдийн анхаарал татахуйц ном болжээ гэж үзсэн юм.
    Мажарын ч, Зөвлөлтийн ч эрдэмтэд уг номоос Дамдинсүрэнг доромжилсон зүйл огт олоогүй бөгөөд хоёр удаа тааралдаж буй ДҮД (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэдгийг хураангуйлсан үг) гэсэн хураасан үг тэдэнд хараал зүхэл гэж ерөөсөө санагдаагүй байхад Хорлоо үүнийг хараал хэмээн мушгиад номын залруулгад ДҮД гэдгээ ҮД (Үсгийн дүрэм) болгож засъя гэдэг саналыг хэрэгсэхгүй байна гэлээ. Хэрэв Хорлоо орос хэл арай жаахан дөнгүүр мэддэгсэн бол ҮД болгоно гэхийнхээ оронд харин ч ҮД гэснээс болж уг номыг дахин хэвлэе гэж зүтгэх ёстой байлаа. Учир нь энэхүү ҮД гэдгийг оросоор орчуулбал даруй “бэлэг эрхтэн” гэж буух тул чингэснээрээ үсгийн дүрмийг ч “доромжилсон” хэрэг болно шүү дээ.
    Хэрэв зээ 1966 онд би Хорлоогийн даргалан тогтоосон нэр томьёо утгагүй дэмий болсныг зааж хэлээгүйсэн бол өдийд миний номыг хориглохгүй зүгээр өнгөрөөж болох байсан бөгөөд Хорлоо миний эрдэм шинжилгээний ажилд элдвээр саад чирэгдэл учруулах гэж оролдохгүй байлаа. Гэвч миний бие шинжлэх ухаанд ч, ард түмэндээ ч эрдэмтэн хүнийхээ үүргийг биелүүлэх гэж бодсоор явдаг.
    Миний зөвлөлт нөхөд Хорлоогийн хориглосон номыг минь уншаад, Хорлоо надад яаж ханддагийг дуулаад Ленинградад урьд дорно дахины судлалын төв байсан сайхан уламжлалыг сэргээхийн үүднээс намайг тийшээ урих гэсэн саналаа надад ирүүлж монгол судлалын ховор сонин хэрэглэгдэхүүнийг боловсруулах, монголч эрдэмтэн бэлтгэх, давтан сургах ажлаар таван жилийн хугацаатай ирнэ үү гэж хүссэн билээ.
    Мажарын нэгэн залуу монголч эрдэмтнийг ч бас мөн ийм ажлаар Ленинград руу урьжээ. Одоо би 63 настай, таван жил Ленинградад сууна гэдэг бол миний амьдралын эцсийн жилүүд байх болно. Чингээд би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл энд эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм. Намайг түмэн хилсээр нэрийг минь бузарлан гутааж байсан он жилүүд нэгэнт улиран одож энд эх орондоо чадах бүхнээ Монголын шинжлэх ухаанд зориулж болох байх гэж итгэж найдаж байна.
    Шинжлэх ухаантай хавилдах нийлэх юм ер байхгүйгээр миний номоос учир утгагүй өө сэв дэмий эрэн гоочилж буйг зогсоож шинжлэх ухааны алдар хүнд нь манай даргын “албархуу сэтрийг” дийлж бас би амьдралынхаа эцсийн жилүүдийг зориулан буй шинжлэх ухаанд огт хамаагүй Хорлоогийн элдэв явуулгыг ялж гарна гэдэгт итгэнхэн найдмуй.
    Манай академийн ерөнхийлөгч надтай ярилцахдаа Хорлоо, намын хорооны шинэ нарийн бичгийн дарга Дугар нар л нэг шийд гаргаж чадна гэж байна. Гэтэл эд номын минь эрдэм шинжилгээний баримт сэлтийнх нь үүднээс бус гагцхүү яаж ийгээд гоочлох юу байна гэдэг талаас нь өө сэв эрсэн болохоор би аргаа баран мухардаж байна. Ардын эрхт Мажар улс, ЗХУ-ын жинхэнэ эрдэмтэд уг зохиолыг сайнаар үнэлж хэн нэг хүний нэр хүндийг муучилсан гэмтэй зэмтэй юм олоогүйн дээр хэлний хувьд урьд мэдэгдээгүй цоо шинэ зүйл олж үзсэн нь миний сэтгэлийг тайтгаруулан дэвтээж байна.
    Эл ялдамд өгүүлбээс дундад эртний монгол хэлийг гарамгай судалсан Японы монголч эрдэмтэн Мураяма Монголын нууц товчоог Дамдинсүрэн хөрвүүлсэн нь шинжлэх ухааны үндэс нотолгоо муутайг хэвлэлээр мэдэгдэж, бас эртний нангиад хэлнээ дүрс бичгээр Гоялсылой гэж дуудагддаг, өнөөгийн бэйжин аялгаар бол Госыло гэж уншдаг Төвдийн Жалсрай нэрт хүнийг нангиад сударт Госыло хэмээх нэртэй гардаг байсан Гэсэрийг Дамдинсүрэн түүхт хүн гэж “нээснийг” нангиадач, төвдөч эрдэмтэн Штейн өөрийн хоёр ч номд няцаасан билээ.
    Нэрт монголч Серриус Дамдинсүрэнгийн “Үсгийн дүрэм” нь (оросоор “правила букв” гэж орчуулдаг бөгөөд хэл шинжлэлийн ухаанд ийм нэр томьёо байдаггүйг нэрнээсээ эхлэн харуулдаг) монгол хэлний тухай шинжлэх ухааны өнөөгийн байдалд харшилж, монгол хэлний авиа зүй, хэлбэр судлалд тохирдоггүй болохыг шүүмжилсэн өгүүлэл гаргажээ.
    Өнгөрсөн оны адгаар ЗХУ-д дорно дахиныг судлаач Оросын гарамгай эрдэмтэн Ю.Рерихийн дурсгалд зориулан ЗСБНХУ-ын ШУА-аас түүний сонгодог бүтээлийн номыг хэвлэж уг номд Рерихийн англиар бичсэн “Лин Гэсэр хааны туульс” бүтээл орсныг үзэхүл, эл туульсыг эрдэм шинжилгээний үүднээс гүн ултай задлан шинжээд монгол Гэсэрийн туужид дайралддаг Гэсэрээс төвдөд зээлдэн хэрэглэсэн бүх нэрийг тайлан тайлбарлажээ.
    Штейн, Рерих нарын бүтээл нь Дамдинсүрэнгийн бүтээлийг талаар болгож байгаа боловч уран зохиолын судлал, хэл бичгийн ухаанд гардаг гүехэн өнгөц үзлийн оронд судалж буй үзэгдлээ шинжлэхүй ухааны үүднээс задлан шинжилгээг дэвшүүлж чадсан эрдэм шинжилгээний тэдгээр бүтээлийг дээрх орнуудад хэн ч хориглон хаагаагүй билээ.
    Миний талаар, миний бүтээлийн талаар манай захирлын авч байгаа догшин хэрцгий арга хэмжээ бол манай хүрээлэнгийн дөрвөн ханан дотор амь бөхтэй зууралдсан нудрага зангидан дүрэмддэг ёсны үлдэгдэл даруй мөн боловч ингэдэг ёсыг манай захирлын хоншоор дутдаг тийм газарт аль хэдийнээ шинжлэх ухааны дэвшлээр буруушаан таягдаж хаясан гэдэгт би итгэмүй.
    Хориглоод байхад ч шинжлэх ухааны хүмүүс олоод мэдчихсэн монгол хэлний хэлбэр судлалын олон шинэ баримтыг хаахад хүргэж, зарим хүний дургүйцэх аян шалтаг болсон ДҮД гэдгийн эхний золгүй “Д” үсгийг нийтдээ хоёр мянгахан хувь хэвлэснээс одоо үлдээд буй мянга гаруйхан хувьд нь гараараа хусан арилгаж болох бөгөөд номыг минь худалдаанд гаргаж хориглон хаасныг нь болиулж үзнэ үү гэж би танаас дахин гуйж энэхүү захидлыг өргөн барив аа.
    Таныг хүндэтгэн ёсолсон хэл бичигийн ухааны доктор Ринчин.
    1968.1.16
    Жич. Энэ захидлыг сэтгүүлч, орчуулагч Цэвэгжавын Цэрэн гуай оросоос монгол хэлэнд хөрвүүлэн 1988 онд “Утга зохиол” сонинд хэвлүүлж байжээ.
    Харин уг захидлын тухайд бол нааштай хариу аваагүй бөгөөд хэвлэх үйлдвэрт дараатай байсан Б.Ринчен гуайн уг номыг тус үйлдвэрийн хашаанд шатаан устгасан гэж Ц.Цэрэн гуай “Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой” номдоо дурдсан байдаг.

  • ДОНРОВЫН НАМДАГ

     

    Бага насандаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
    1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн байна. Намдаг Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
    1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. 1926 – 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 – 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улаанбаатарын дунд сургуулийн багшаар ажиллав.
    1930 онд (19 нас) Ард кино театр баригдав. Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ. 1931 онд (20 нас) 8-р сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн Үнэн жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглсон байна.
    1932 оны 5-р сарын 16-нд До яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет хэмээх зохиомол хэргээр баригдаж байжээ.
    1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл явагдав. 10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв. 1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ. 1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав. 1947 онд (36 нас) Эрх чөлөө 7-р сарын 10-нд наадмийн өдөр 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байсан ажээ.
    1962-1964 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.
    1963 онд (52 нас) Нүгэл буян кино гарсан.
    1983 онд хошой Төрийн шагнал хүртсэн.
    1984 он нас барсан.
    Sogoo

     

  • Нууц түүх: Зуун умайн хонхор

    1921 оны 03 сарын 11-18 ны хооронд ” АЗИЙН МОРИН ДИВИЗ “-ийн Барон Унгерны дараах хүн болох, хошууч генерал Резухинаар удирдуулсан Цагаан цэргүүд, Барга, Цахарын тусгай ангийн хамтаар Говьсүмбэр аймгийн Чойрт үлдсэн, ДИУ-ын нөөц 5000 хүнтэй цэрэгтэй гарнизоныг өршөөлгүй хядсан байдаг. Зугтсан Гоминданы Хятад цэргүүдийг Азийн морин дивизийн тусгай анги болох Дугар Мээрэнгээр удирдуулсан тусгай гэзэг даран нэхэн устгахдаа нэгэн эмгэнэлтэй үйл явдлыг үйлдсэнийг өнөөгийн бид мэддэггүй. Тэр нь Хятад цэргүүдийн эрхшээлд, бэлгийн боолчилолд ЗУУ орчим Монгол эмэгтэйчүүд, эрхшээгдэн хамтаар явж байжээ, тэднийг бөөнөөр Дугар Мээрэн цэргүүдийн хамтаар буудан хүйс тэмтэрсэн байдаг. Хожмоо Монголын ард түмэн чухам тэрхүү эмгэнэлт үйл явдал болсон газар
    ( ЗУУН ЭХИЙН ДУРСГАЛД .1979.06.30 ) -БИЧЭЭСТЭЙ ГЭРЭЛТ ЧУЛУУН ХӨШӨӨГ БОСГОСОН БАЙДАГ.
    Зуун эмэгтэйг буудсан хонхор газрыг
    ( ЗУУН УМАЙН ХОНХОР )- хэмээн гэм зэмгүй, тэр эмэгтэйчүүдэд харууссан, нутгийнхан гэгээн дурсгалын хүндэтгэн нэрлэжээ.
    #МАРКО #ПОЛО -#Page-

  • БОГД ХААН УУЛЫН ШИНЭ ХУУЧИН ТАХИЛГЫН БИЧГҮҮДЭЭС

    Хэл бичгийн ухааны доктор профессор Л.Хүрэлбаатар (1945-2010) энэхүү Богд уулын сав, Их хүрээний газрын хуваарийн сансолх, тайлга тахилгын номуудыг олж бүртгэх ажлыг анхлан удирдаж хийлгэснээс хойш нилээн хэдэн ном судар олсны дээжсээс та бүхэнд толилуулж байна. Энэхүү тайлгын бичгүүд тун удахгүй ”Монголын Төвд судлалын цуврал” -ын XVI боть болох ”Газрын шинж оршивой” номд бүрэн эхээрээ орох болно.
    Г.Ням-Очир

    Чин улсын үеийн Богдхан уулын тахилгын бичиг
    Түгээмэл Элбэгтийн Тавдугаар Хөхөгчин туулай жил хөх бичин 7-р сарын шинийн 4-ий хөхөгчин өдөрөө
    Хуандибээр
    Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайд тэргүүн зэрэг хиа Миннай-г гаргаж,
    Хануулын
    Тэнгэртээн тайх үг. Сэтгэвээс
    Тэнгэрийн эрдэм нь амгалан хүндийн тул гавъяа нь ивээн хамгаалахуйд тэнхцэлдвэй.
    Зуун модны баруун этгээдэд оршоод Монголын аймагт гавъяа байгуулсан нь
    Сайл бүрины бичигт илэрхийлвэй. Жавхлангаар Сэлбийн даваалугаасүндэлээдумрын хязгаар дахинаа буяныг бадруулж хамгаалан сахив. Хөндлөн гулдаг таван мянган бээрийн агуу их өргөн бүрнээр тойрон хүрээлсний сүрд итгэвэй. Далан дөрвөн хошууны адууны сүрэг адгуулан дэлгэрүүлэн үржүүлэхийг нь нийтээр илт өршөөх хишгийг хүртээв. Би бээр туйлыг байгуулж буяныг түгээмэл тархаан
    Тайх эрхэм хуулийг тогтоохын тул, олон аймгуудын гуйн айлтгасан үнэнхүүг нь сайшааж элсэх эзлэх адил хамаг ородыг хамгаалзсаныг сэтгэж амттан ба үнэртэнээр
    Тайх хуулийг явуулж хишиг өглөгийг нийтээр бадруулж тархаав.
    Тайх эдийг бэлтгээд үнэнхүүгээн гарган залбирах ба хариулахын ёсыг үүрд тасалдах үгүй болговой. Эдүгээ намар цагийн тул тусгайлан
    Тайх ёсыг явуулавай.
    Тэнгэрээр айлд.
    Энэ нь
    Хан уулын Дайчин улсын үед тайж явсан зарлигийн үг болой.
    Тайлбар: Энэхүү тайлга тахилгын бичгийг Манжийн эзэн хаанаас жил бүр илгээдэг байсан бөгөөд тахилгын үед шар торгон дээр бичин тэнгэр төргөдөг байжээ. Эндээс үзвэл тухайн үед болсон Зуун модны тулаанд гүйцэтгэсэн үүргийг чухалчилж үзэж тахилга хийдэг байжээ.”Дайчин улсын монгол магад хууль”-ийн дотроос Түгээмэл Элбэгтийн 5-р оны 7-р сарын илтгэл айлтгалуудыг шүүвэл монгол эхэд лавтай тохиолдсонгүй. Өөр бусад данс эвхмэлээс энэ тухайг арчиж болох юм.Мөн тэр үеийн Халхын 74 хошууны адуун сүрэг цэргийн агтыг цуглуулан тэнсдэг суурин газар маягтай байсан байж болох байна. Мөн хөндлөнгулд 5000 бээрийн доторхи уул хайрхадыг сүрээрээ дарсан хэмээн магтсан байгаагаас үзвэл их чухал цэгт тооцогдож байжээ.
    1923 онд Богд хаан уул болгон өргөмжилсөн Богд хааны тахилгын бичиг
    Олноо өргөгдсөний 12-р оны зуны дунд сарын шинийн 8-ы цогучрал бүрдсэн эрхэм сайн өдрийг сонгон тохиолдуулж
    Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт
    Богдхаан бээр зарлигаа тухайлан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд гүн Дэндэвийг гаргаж
    Шашныг тэтгэгч Их Богдхаан хайрхан уулын
    Тэнгэртээн тайх учир, би сэтгэвээс эрт цагаас эдүгээд хүртэл
    Их Богд хаан хайрхан уулны сахиулсан тэнгэрийн аугаа хүчин тус эрдэм маш гайхамшигтай бөгөөд, олон Монголын гол охь манлай газарт батад оршоод сүр жавхланг түмний газар түгээмэл хүртүүлэн зөв буруу сайн мууг машид ялгаж, зөв сайнд нь нөхөрлөн ивээж, буруу мууг нь сөнөөн эцэслэгэж, бурхны шар шашныг сахин тэтгэж, хамаг амьтны буянчуулганыг хураалган туслахын тухай дөрвөн улиралыг зүйгээр тэгшлэн зохилдуулж ивээсээрийн ач маш их дээр, нэн ялангуяа тусгайлан тулгар төр байгуулах чухал цагт онц ивээн хамгаалж, харгалзан тусалсны тэмдэг илэрхийеэ мэдэгдсэний тулд, тухайд гавъяаг илэрхийлэн,
    Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан цолөргөмжлөөд, тухайлан тэргүүн сайдыг гаргаж, тайлгасан бөлгөө.
    Эдүгээ зун / намарын сайн улирал орж элдэв бодис шинээр түрэн ирэх / жигдрэн шингэх баяртай сайн цаг тохиолдсон үүнд
    Эрхэм их тэнгэрийн өршөөн тэтгэж ивээн хамгаалах гүнээ ачийг сэтгэж гүйцэшгүйн тул, тухайлан тэргүүн сайдыг ном унших лам нарын хамтаар гаргаж, ач хариулахын тахил балин, хүж торго сэлтийг өргөн хүргүүлж, ном уншуулан Эрхэмлэн тайх ёслолыг гүйцэтгэв.
    Шашныг тэтгэгч Их Богд хаан хайрхан уулын сахиулсан тэнгэр олон нөхөд сэлт бүгдээр баясан хүлээн авч, рид хувилгаана угаах үчинээн улам уламаар дэлгэрүүлж, арван зүг дэхь Монгол улсын харъяат газар орны зах хязгаар хүртэл огт алгасал үгүй харж сахин, ил далдын элдэв муу хөнөөлт дайн дайсан хур салхи хүн малын өвчин тэргүүтэн бүхнийг агшинзуураа тохиолдуулалгүй түргэнээ устган амирлуулж, ялангуяа шар шашныг өчүүхэн хиргүйгээр тэтгэн дэлгэрүүлж, Их төрийг гадаад дотоодоос цаг бусын хорлолгүй өнө удаан батад оршуулж хишиг өглөгийг бадруулан түмэн бодис шимийг хотод төгсөөр жигдлүүлэн гүйцэлдүүлж, олон монголчуудыг хэзээ ямагт буян чуулганыг хураалган, хүү санэд тавар эрдэм чадлаар баян элбэг бүрэн гүйцэт, өнөег, тавтай тайвнаар энхжүүлэн амгалан жаргалан лугаа төгсгөн тэтгэсээр ахуйг тусгайлан даатгаж, чин үнэн хүүгээс хичээнгүйлэн Тайлгасан үүнийг Эрхэм их сахиулсан тэнгэрээр цөм анхааран хүлээн авч итгэмжилэн даатгасан ёсоор үргэлжид өршөөн тэтгэхийг зөвшөөн Соёрхож Айлдан Айлд
    Энэ нь Монгол өөртөөн улс болсны хойно тайж яваа
    Зарлигийн үг болой.
    Энэхүү хануулыг жил бүр зуны тэргүүн сард нижгээд удаа тахина. Тайх тухай бүрт Нийслэл хүрээнээс лам нар гарч, хоёр өдөр хурал хурна. Тайхад сум нэг, торго нэг бүхэл, нэг багц хүрэн хүж өргөнө. Бас бүхэл үхрийн мах гурав, бүхэл хонины мах арван тавыг өргөж таймуй. Эдгээр тайлгын зүйлийг цөм улсын сангаас гаргамуй.
    Тайлбар: VIII Богд Жавзандамба хутагтын бараг хамгийн сүүлд гаргасан зарлигуудын нэг. 1911, 1919, 1921 оны хэрэг явдал болоод цагийн самууныг тухай бүр Богд ууланд даатгаж байсан бөгөөд Монгол улсыг бүрнээ аварсан тул энэхүү тахилгын бичгийг бичсэнээс гадна 8 шолго магтаал төвд хэлээр зохиосон нь эдүгээ олдохгүй байна.
    Мэдээний эх сурвалж: http://time.mn/157_5654

  • Бөө болоогүйн төлөө хүлээсэн цээрлэл

    Тиймээс хүмүүст мэдээлэл өгөх үүднээс болон сэрэмжлүүлэх зорилгоор бодит амьдралд тохиолдсон зүйлийг дор сийрүүлэв. Саяхан Дархан-Уул аймагт 18 настай хүү хамаатныхаа айлд хонох гэж очоод бурхан болчихсон аж. Эцэг, эх нь сандраад хууль хяналтын байгууллага энэ тэрээр явсан хэдий ч биед нь ямар нэгэн гадны нөлөөлөл ороогүй гэдэг нь батлагджээ. Тэд буян номынх нь ажлыг дуусгаад, нэгэн бөө дээр очиж үзүүлтэл “Танай хүү сахиусандаа хорлогджээ. Хэрвээ сахиусаа хүлээгээд авчихсан бол нэлээд гайгүй сайн бөө болох төөрөгтэй байж. Тиймээс танай хүү сахиусаа хүлээж аваагүй болохоор хорлогдсон байна” гэсэн зүйлийг хэлж гэнэ. Гэтэл хүүгийн бие одоогоос жилийн өмнө их өвдөх болсон байна.

    Мөн зан аашинд нь нэлээд их өөрчлөлт орж, уурлаж, ундууцах нь элбэгшжээ. Аав, ээж хоёр нь шилжилтийнхээ насан дээр яваа гээд төдийлөн анзаараагүй гэдгээ ойр дотныхондоо хуучилсан байна. Түүнчлэн ямар ч хүнд очоод үзүүлсэн тэнгэрийн цээрлэл, сахиус нь түүний амийг нэхсэн байна гэх зэрэг учир начир нь үл олдох зүйлийг хэлжээ. Гэтэл тэдний удамд бөө, удган бүү хэл лам хүн ч байхгүй гэнэ лээ. Энэ бүх зүйл болсны дараа нутгийн гэх лам дээр очоод учир байдлаа хэлээд үзүүлтэл насны хэмжил болжээ. Угаасаа богино настай байсан байна. Бөө болох байсан гэсэн төөрөг зураг огт байхгүй байна гэжээ. Одоогоос 20-иод жилийн өмнө Улаанбаатар хотын “Дэнжийн 1000” захын ойролцоох нэгэн айлын охины нүд гэнэт сохорсон байна. Тэднийх хоёр хүү, ганц охинтай аж. Охин багаас сэргэлэн цовоо, сурлагаараа сургуульдаа дээгүүрт ордог байж. Гэтэл охин нь үе, үе татаж унадаг болоод, 3-4 жил болж байгаа аж. Тэдний хамаатны дундаас төрсөн нэг бөө “Охин чинь удган юм байна. Түүний сахиус нь эмээ ээж байна. Тиймээс түүнд сахиус нь ирэх гээд үе, үе татаж унадаг болжээ. Одоо сахиусаа авчихвал бие нь зүгээр болно. Тиймээс сахиус, онгод, хувцас, хэрэглэлээ авахад зургаан сая төгрөг болох юм байна. Надад охиноо шавь оруул. Сахиус онгодоо хүлээж авсны дараагаар түшээг нь сонгоно” гэсэн байна.

    Охины эцэг, эх хэлснийх нь дагуу охиноо удган болох гээд хэлсэн бүх зүйлийг нь биелүүлсэн байна. Гэтэл охин нь юун удган болж сахиус энэ тэр авч, татаж унах нь зүгээр болох манатай нүд нь юм харахаа болижээ. Тэгээд эцэг, эх хамаатны бөөгөөсөө охин маань татаж унах нь зүгээр болох нь бүү хэл нүд нь ерөнцийг харж чадахааргүй болчихлоо шүү дээ хэмээн учирлахад “Та нарын сүсэг бишрэл их муу байжээ. Охин чинь удган болохгүй гэж бодож явдаг байсан байна. Тиймээс сахиус нь түүнийг ийнхүү шийтгэжээ” гэжээ. Арга барсан эцэг, эх эмнэлгээр явсан боловч охин чинь хэзээ ч хараагүй орохгүй гэсэн үгнээс өөр юм дуулаагүй байна. Тиймээс аливаа зүйл тоглоом биш гэдгийг хүн бүрт сануулах гэсэн үүднээс бичиж байгаа юм шүү. Учир нь монголчууд өвдлөө, муухай зүүд зүүдэллээ, манай тэр унаж тусаад байна, бөө болох гэж байгаа байх гэж бодох бүртээ мухар сүсэгтээ хөтлөгдөөд хэн дээр ч хамаагүй очдог. Тэгэхээр хүнээ таниагүй мухар сүсэг дээрх шиг байдалд хүнийг хүргэдэг юм байна шүү.

    Б.Яруу

  • Дөрвөн их хайрханы минь эзэн тэнгэр өршөө…Улаанбаатар хотын 4 хайрхан Баянзүрх, Цэцээ гүн, Чингэлтэй, Сонгинохайрхан аа бид мэддэг билүү .

    Тийм ч учраас Чингэлтэй уулын энгэр бэлээр шашны өргөө сүм, дуган дацан олноор байгуулагдаж, эрдэм номын нянба бясалгал их хийгддэг байжээ. Чингэлтэй уулын урд бэлээр Гандантэгчилэн, Дамбадаржайлин, Автай сайн хааны өргөө, Гэсэр сүм, Шар орд, Бэтүб хийд, Чойжин ламын сүм зэрэг бурхан шашны оронгууд баригджээ..Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр гэх мэт жижиг амуудтай. Эдгээр амнуудаас 20 орчим жижиг гол горхи урсан гарч Сэлбийн гол болж улмаар Туул голд цутгадаг. Эдүгээ нийслэлийг тойрон хүрээлэх дөрвөн уулыг тахихдаа Чингэлтэй уулаас эхлэн тахидаг уламжлалтай.
    БАЯН ЗҮРХ УУЛ
    Бидний зүүн урд орших сүрлэг уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1846 /1860/ метр өндөр. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модтой уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрх хэлбэртэй бөгөөд эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог. Тийм ч учраас Хужирбулангийн цэргийн анги байрлаж, олон агт адууг идээшлүүлж иржээ. Баянзүрх уулын сахиус Лусын дагина ажээ. Уулыг Ар, Өвөр Баянзүрх хэмээн нэрлэж, Ар Баянзүрхийг тахиж иржээ.
    ЦЭЦЭЭ ГҮН
    Цэцээ гүн бол Богд хан уулын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 2268 м метр өндөр өргөгдсөн. Зарим түүхэн сурвалжид энэхүү уулын эзнийг “Цэц Гүн Ноён” гэгдэг байсан гэх ба улмаар он цагийн аясаар Цэцээ гүн хэмээн нэрийдэх болсон байна.
    СОНГИНО ХАЙРХАН
    Бидний баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.
    Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг.
    Тогтмол Эрдэнэ-Очир

    djmedia:701

     

     

     

  • ЦЭВЭЭН УДГАН

    Энэ удган явганаар бөөлж арга засал хийж өгөхөөр хус модон өргөл чимэглэж бэлтгээд хуурдаж эхэлтэл голомтын орчимд хатгасан өргөл нь их чимээ гарган дундуураа цуурч унав. Тэгмэгц Цэвээн удган /Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр догширч гэж үзээд/ “Өө энэ чинь бүр ийм дээрээ хүрээ юу? За тэгвэл хуяглаад үзнэ дээ” гээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Энэ нутагт байгаа цагт үхэх юм байна. Тийм учраас та охиноо долоон хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёул татгалзаж, танихгүй мэдэхгүй нутаг руу эцгээ хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдаж унажээ.

    Энэ үеэр Цэвээн удган эцэгт нь “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэвэл долоо хоног өнгөрүүлээд үүнээс илүү нулимс асгаруулах нь дээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв. Гэтэл хэдхэн хоромын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь огт үгүй болж харин ч болохноо түргэн явья гэсэн бодолтой болсон байв. Үүний учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ.
    Цэвээн удган Сампилыг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилуулаад, бүсгүй хүн учир Сампилын зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсоноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих ч дургүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэ оёж шидсэн юмыг чи хаана л хүрнэ, тэр нутагтаа очоод задлаарай, наана нь хэрэггүй шүү” гэжээ. Энэ ёсоор Улаанбаатарт ирсэнийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийж бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцгээ авч дэргэдээ асрахаар төрсөн нутагтаа эргэж очсон боловч 5 хоногийн дараагаас хууч өвчин нь хөдөлж буцаж явахыг шаарджээ. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр нутагт ирсэнээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь ямар ч эмчилгээгүй бүрэн эдгэсэн гэдэг.

     

  • БАРОН УНГЕРНЫ АЛТ ЭРДЭНЭС ОДОО ХЭР НЬ ОЛДООГҮЙ ГЭДЭГ.

    Даашинхүүгийн пүүс гэхэд л олон арван хөсөг болхоор алт мөнгөн гулдмайтай байсан гэдэг. Гэвч тэр хөсөг яг хаашаа очсон нь одоо болтол олдоогүй . Нэг их холдоогүй Монголоос гараагүй нь ойлгомжтой байдаг. За тэр ч яахав. Сүүлийн үед Унгерныг хэт шүтэх байдал гараад байх шиг . Зарим нэг гавьяа бий л дээ гэхдээ Унгерний ард Богд хаан болон Халхын Чин ван Цэвээн тэргүүн нар байсан . Богдын тагнуулын албаны дарга Баатар захирагчаар Богдтой холбоо барьж байсан Цэвээн тэргүүн даалгавар авч Баатар захирагчийн хамтаар Барон Унгернийг дагуулж ирсэн байдаг. Баатар захирагч бол гадаад тагнуулын хэрэг эрхэлсэн Богд хаант Монгол улсын ёстой үхэхээс бусдыг үзсэн олон орноор тагнуулын хэргээр явж байсан жинхэнэ шалгарсан захирагч. Цэвээн тэргүүн бол Монголын толгой баячуудын нэг Богд хаант Монголын сангийн сайд улсын дөрвөн эрх мэдэлтэний нэг байсан хүн. Унгерн большевикууддаа алуулангаа алдаад армиа дагуулан Атаман Семёновтой нэгдэхээр Манжуур луу зугтаж явсан хэрэг. Баатар захирагчийн тагнуулын мэдээллээр дүрвэж яваа Унгернийг мэдсэн Цэвээн тэргүүн замд нь тосож уулзан Монгол руу очиж хятадуудыг устгаж өгвөл алт эрдэнэс цэрэг зэвсэг эрх мэдэл бүхнийг хангаж өгнө гэж амлан замыг нь өөрчлөн Хүрээ рүү дагуулж ирсэн байдаг. Үнэхээр өөрийн хөрөнгөөр агт морь хоол хүнс гарган цэрэг армийг нь хангаж мөн Монгол нутаг аймаг хошуудаас Богдийн нэрээр хөрөнгө мөнгө цэрэг хоол хүнс дайчлан гаргуулж Түрэмгий баатар Баяр гүнээр удирдуулсан монголын армийг бүрдүүлсэн байдаг. Тэр бүхнээ цэрэг дайны туршлагатай Унгернээр удирдуулан хятад цэргийн эсрэг довтлуулсан . Мөн Хүрээн дотроос Саж ламаар удирдуулсан цэвэр төвдүүдээс бүрдсэн Богд хааны хамгаалтын хорооны шадар цэргүүд хятадуудыг ёстой алж хядсан амь хайргүй тулалдсан байдаг. Зүгээр л Богдын төлөө амиа өргөх ёстой тусгай алуурчидын бэлтгэгдсэн хороо. Унгерн ч монгол ноёдын амлалтанд итгэсэн өөр явах ч газаргүй болсон хүн ёстой амь хайргүй өөрийн армиа золиослоод ч хамаагүй Хятад цэргийг устгахаас өөр аргагүй болсон. Олон дахин оролдож Монгол цэргээр хүч нэмж байж Хүрээн дэхь хятад цэргийг ховх цохисон байдаг … Цэвээн тэргүүн Унгерн рүү явсанаас яг хоёр хоногийн дараа Бодоо Данзан нар улаан орос руу тусламж гуйхаар явсан байдаг. Цэвээн тэргүүн Бодоо нар нь нэг багшийн шавь улстөрийн санаа зорилго нэгтэй байсан хүмүүс. Унгерн хятадуудыг устгаж чадвал дараа нь түүнийг улаан оросуудаар цохиулах хэрвээ Унгерн чадахгүй бол улаан оросуудаар хятадын Хүрээн дэхь цэргийг цохиулахаар төлөвлөж байсан байдаг. Энэ бол ухаант Монгол өвөг дээдсийн минь эх орноо улс гүрнээ гэсэн цөхрөлтгүй тэмцэл уран ухаан чин сэтгэл байсан болохоос хэн нэг орос гадаад баатар ирээд Монголыг хамгаалдаггүй авардаггүй юм гэдгийг ойлгож ухаант эх оронч өвөг дээдсээрээ бахархдаг судалж мэддэг байгаасай гэж хүснэ. Хэн нэг орос хятадыг шүтэхээсээ өмнө амь хайргүй эх орноо өдий хүртэл авч ирсэн өвөг дээдсээ шүтэн хайрлаасай мэдээсэй гэж хүснэ.

    Чука Бат