Author: admin_shaman

  • ӨМНӨД СОЛОНГОСЫН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ.

    Өмнөд солонгост болсон НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Бөөгийн фестовальд МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хуяглан бөөлж, зан үйлээ хийж байсан түүхтэй.
    2020 онд Өмнөд солонгосын 60 орчим бөө нар монгол ирж МБНЭ-ийн удирдлагатай уулзалт хийж байсан билээ. Харцангүй бага хугацаа өнгөрсөн ч монгол-солонгосын бөөгийн хамтарсан ажиллагаа өндөр төвшинд байгаа гэж хэлж болно.
    Солонгосын бөөгийн шашин, Мусок-Шинанг эсвэл Мугёо гэж нэрлэдэг нь эртний үеэс эхлэлтэй буддизм ба даоизмын талаас ихээхэн нөлөөлсөн шашин юм. Энэхүү шашинд үнэнч хүмүүс сүнслэг эсвэл ер бусын ертөнц байгаа гэдэгт итгэдэг бөгөөд сүнс тэднийг удирдан чиглүүлэх, хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байдаг.
    Энэ удаагийн Өмнөд солонгосын бөө нар Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэлийн онгодын өргөөнд зочилсон билээ. Өмнөд солонгосын бөө гарын хүсэлтээр Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн медальтан, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медальтан, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунсувд нар хуяглан бөөлж, мөн бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна.
    Өмнөд солонгосын бөө нар монгол бөөд сүсэглэн мөргөж, зан үйлээр үйлчилсэнд манай бөө нарт талархал илэрхийлсэн байна.
    МБНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан байдаг. Тэд харилцан санал солилцож, 2023 онд хийгдэх арга хэмжээгээ тохиролцсон байна.

     

    djmedia:669
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

    1. БНТУ-ын Элчин сайдыг Монгол бөөгийн өргөөнд хүлээн авсан тухай дүн.
    2. Якутын төлөөлөлтэй хийх уулзалтын тухай
    3. Гадаад томилолтын тухай мэдээлэл
    4. Шашины удирдагч нарын хүлээн авах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Хоёр. БОДЛОГЫН АСУУДАЛ
    5. 2023 онд хийгдэх арга хэмжээний ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ хугацааг эцэслэн батлах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.
    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Б.Нарангэрэл, Б.Мөнхчулуун, Бямбасүрэн, Ц.Тамжид, Анхмаа, Ш.Нямдорж, Улаанцэцэг, Ууганцэцэг нар таслалаа. 3 гишүүн өвчтэй буюу чөлөөтэй байлаа. Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана.

  • УЛАМЖЛАЛТ ХҮНДЭТГЭЛИЙН ТАХИЛГА ХИЙВ.

    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
    Тиймээс МБНЭ-ийн Залуучуудын байгууллагыг энэ өдөр томоохон арга хэмжээ зохион байгуулж байхаар тохоосон билээ. Харамсалтай нь өнөөдөр монголын бөөд зүтгэж байгаа залуус хүчээ нэгтгэн сайхан арга хэмжээ хийх төвшинд хүрээгүй байна.
    Жил бүр галын тахилга хийж, залуус чөлөөтэй бөөлөх хэлбэрээр өнөөг хүрч ирлээ. Энэхүү арга хэмжээнд монгол үндэсний бөхийн барилдаан, урлагын тоглолт хийж байсан.
    Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, удган Нямжав улаанбаатар хотод ирж, Хүй долоон худагийн хөндийд хүндэтгэлийн бөөлөөн хийсэн билээ. Тайгын уламжлалт бөөлөлтийг харуулсан өвөрмөц бөөлөлт хийсэн. Бид тэр холын тайгаас улаачийг залж авчиран бөөлөлт хийлгэлээ, залууст үзэж харах сайхан боломж бүрдүүлсэн. Ийм боломжийг ашиглан бага ч гэсэн зүйлийг мэдээд, сураад авах боломжийг олгосон.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшмээр байна. Олонд хүргэж чадвал бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Энэхүү бөөлөлтийн дараа удган Майцэцэг бөөгийн зан үйл хийсэн билээ.

    djmedia:668
  • МОНГОЛ ДАХЬ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

    Монголд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон шашны төлөөллүүд 2022 оны 9 дүгээр сарын 13-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн Баянзүрх байранд шашны нэгдсэн дөрөвдүгээр хурлаа хийлээ. Энэхүү хуралд Даш Чойлон хийд, Монголын Мусульманы холбоо, Монгол дахь Японы Шинто шашин, Монголын Евангелийн Эвсэл, Монголын Бөөгийн нэгдсэн эвсэл, Католик сүм, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм зэрэг шашны төлөөллүүд оролцжээ.

    Уг шашны хуралд Бригам Янгийн их сургуулийн хууль болон шашин судлалын олон улсын төвийн захирал, Профессор Элизабет А.Кларк уригдан ирж, илтгэл тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ, “Монголын олон шашны төлөөлөгчид хамтран ажиллаж байгаа нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Би тэнд ирсэн шашны төлөөлөгчидтэй Монголын өнөөгийн шашны эрх чөлөөний хуулийн орчны зарим асуудлыг ярилцсан нь үр өгөөжтэй хэлэлцүүлэг болж өнгөрсөн бөгөөд өөр шашнуудын нүүр тулж буй янз бүрийн асуудлуудыг ойлгоход надад тусалсан.” Гэлээ.
    Хуралдаанд Монгол гэгээнтэн залуус дуугаа дуулснаар эхэлсэн билээ.
    Энэхүү уулзалтаараа Монголын шашны удирдагчид болон гишүүд хамтран тулгамдсан асуудлаа зөв тодорхойлох, монголчууд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлаар санал бодлоо солилцож байлаа.

     

    djmedia:667

     

  • БНАСАУ-ЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

    1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна.
    БНАСАУ байгулагдсаны ойг тохиолдуулан баярын цуглаан хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улс-БНАСАУ-ын парламентийн бүлгийн дарга Анужин, УИХ-ын гишүүн Цогтбаатар, БНАСАУ-д сууж байсан элчин сайд Ломбо нар байлцлаа.
    Баярын ажилагааг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо баяр хүргэж үг хэлээ.
    Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхтэй.
    Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
    Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
    Энэхүү баярын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.

    БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 73 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баярын арга хэмжээ зохион байгуулав.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ.
    Оролцогчид мэндчилгээндээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн зүтгэлтэн, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж байлаа. Мөн БНАСАУ-ын ард түмэнд эрүүл энх, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

    djmedia:666
  • ДИПЛОМАТУУТЫН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

    Энэхүү арга хэмжээний үеэр Монгол дахь Элчин сайдуудтай уулзах таатай боломж бүрддэг. Энэ боломжийг ашиглан хийгдсэн уулзалтууд хийгдэх ажлуудаа улам тодорхой болгож өгсөн билээ.

    djmedia:665
  • САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

     

    Цаг хугацааны эрхшээлд, цацсан шагай шиг алс хол газар амьдран суугаа, төрт улсынхаа даалгавраар тэндээ үлдсэн ард олны үр сад болох Хөх мөнх тэнгэр, Эзэн Чингис хааныхаа ариун сүнсэнд залбирч, идээнийхээ дээжийг өргөн суугаа Монгол туургатан болох хатан зоригт Халимагууд, хад мэт түшигт Тувачууд, буцалж амьдарсан Буриадууд, Дэлхийн хамгийн том эзэнт улсыг байгуулж, Хаант төрөө цэцэглүүлж, хүчирхэг гүрнээ байгуулцаж явсан Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Хянган, Хайлаар, Жинин, Зост, Цахар, Улаанцав, Урад, Баяннуур, Ордос, Алшаа, Хөх нуурын, ойрад дүрвэд, Урианхай, шинжаны нутаг дахь монгол гурван бүлэг монголчууд, түүний улаач нараа
    Миний Монгол туургатан, Тэнгэр язгуурт Хөх толбот Ард түмэн минь ээ. Ирж буй туулай жилдээ элгэн саднаараа эрүүл энх Түмэн олноороо түвшин жаргалтай байж Тэнгэр язгуураа дээдэлж, төрийн хар, цагаан сүлдэндээ залбирч, тайван сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
    САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

    МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД НАР
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН
    МОНГОЛ БӨӨГИЙН ДАРХАН ЗАЙРАН П.БАТЖАРГАЛ
    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Д.ОДОНХҮҮ
    МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН
    ТӨЛӨӨЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ,
    МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД УДГАН А.ОЮУНТУУЛ
    ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН УДИРДАГЧ, МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН Т.АНХМАА

  • ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ХЭЗЭЭ ЯМАГТ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭР ИЛҮҮРХСЭН ОЮУНЛАГ ХҮМҮҮС БАЙЖЭЭ

    Ази, Европ, Африк, Австрали, Америк хүмүүсийн бие эрхтний бүх үзүүлэлтийн алтан дундаж нь монгол төрхтөн (монголоид). Өндөр намын дундаж, арьсны өнгөний дундаж, биеийн жингийн дундаж, хамар, ам, нүд, чихний дундаж, зөв царай зүсний дундаж нь монгол хүнийх гэсэн үг…
    Дэлхийн хүн амын дунд ази хүмүүс л байнгад олонхи нь байжээ. Одоо ч тийм байна.

    Дэлхий даяарт хэрэгжсэн бүх нүүдлийн чиг Азиас л дөрвөн зүг, найман зовхист байсан нь үнэн юм. Ингэхлээр Азиас л хүмүүс тархан тархсаар Европ хүрчээ, Африк хүрчээ, Австрали хүрчээ, Америк хүрчээ. Хүйтэн, сэрүүн бүс нутагт байршаад аажимдаа цагаан арьстай, өндөр нуруутай, халуун дулаан бүс нутагт удаад хар арьстай, намхан нуруутай, Америк тивд нүүдэллэн очоод улаан арьстан, Австралид удаад аборигенүүд болжээ. Яг иймэрдүү өөрчлөлт бусад хөхтөн амьтны хувьд ч гарчээ. Жишээ нь өндөр сэрүүн газарт аргаль, янгир мэт, нам доор газарт хонь, ямаа адил, бие нь том бага, жин нь их бага, зүс нь өөр өөр байдаг. Баавгай гэхэд л цас, мөсний оронд бие томтой, зүс цагаан, халуун дулаан оронд бие жижиг, жин бага, зүс нь хүрэн бор, алаг…

    Монголчууд бие бялдрын хувьд, царай зүсний хувьд, хувцас хунарын хувьд Ази төрх, маягийн байхын дээр оюун санааны амьдралын хувьд ч мөн Азийн, Дорно дахины шинжтэй байж иржээ. Энэнийг гэрчлэх баримтууд бүр нийтийн тооллын өмнөх үеэс, одоогоос 2500 жилийн өмнөх үеэс эхлэн олдсоор байна.

    Жишээ болгон үзүүлэх, дурдагдах археологийн олдвор, эд өлгийн зүйлс ч олон бий. Ер нь Ази тивийн гол гол үндэстнүүд шашин суртал, гүн ухаан, анагаах ухааны хувьд эрт дээр цагаас холбоо, харилцаатай байж, нэг нэгэндээ хүчтэй нөлөөлж ирсэн нь аман түүх, домог, бичмэл түүхээр ч нотлогддог.

    Энэтхэгт анхны эзэнт гүрнийг байгуулсан Ашока хааны (МЭӨ 265-232) үед эдийн болон оюуны соёл ихэд хөгжиж, нийгмийн амьдралд үзүүлэх шашин суртлын нөлөө нэн хүчтэй болжээ. Энэ үеийн Энэтхэгт Эллиний соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ III-II зууны үеийн Европын болон Азийн урлаг, шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд нэвтэрч, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байв. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлогчдыг илгээж байжээ. Буддизмын энэ үеийн дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин хүннүчүүдэд мөн хүрчээ. Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна. Түүхэн энэ үед Хүннү болон Хятад улсын хооронд болсон дайны үеэр хятад цэргүүд хүннүчүүдээс алтан бурхан (Будда) олзлон авсан баримт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед хүннүчүүд Энэтхэгийн Ашокын эзэнт гүрэн төдийгүй Грек, Ром зэрэг Европын улсуудтай ч харилцаж байсныг гэрчлэх археологийн олдворууд, эд өлгийн зүйлс мөн олдсон юм. Тэгэхлээр тэр үед ч гэсэн монголчууд хорвоогоос хоцрогдсон нүүдэлчид биш байжээ. Европын болон Өмнөд Азийн материаллаг хийгээд оюуны соёлтой хүннүчүүд танил байсан төдийгүй бүр харилцан суралцах, ойлголцох түвшинд холбоотой байж, тэр цагийн нэр, цуутай сэтгэгчдийн бүтээл, сургаалыг судалж, ашиглаж иржээ. Монгол улсын өнөөгийн болон өмнөх үеийн түүхэн газар нутгийн хөрснөөс МЭӨ үеийн сүлжмэл хивс, бүс даавуу, шаазан аяга, шилэн эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс олдсоор л байна.

    Энэтхэг, Жагарын суут сэтгэгчид, нэртэй оточ нар, анагаах ухааны ном судар, мөн эрхтний Хятадын суут сэтгэгчид, анагаах ухааны бүтээлүүд, шашны том зүтгэлтнүүдийн нэр, цуу, Төвдийн эрдэмтэн лам нарын бүтээлүүдтэй Монголын хаад, оюунлаг хүмүүс цаг цагтаа танил байж, заримыг нь урьж уулзаж, хаадын ордонд ажиллуулж иржээ. XIII-XV зуунд Чингис хаан, Өгэдэй хаан, Өгэдэй хааны хөвгүүд, Мөнх хаан, Хувилай хаан, түүний залгамжлагчид цаг цагийнхаа нэрд гарсан сэтгэгчдийг, оточ нарыг, одон орон судлаачдыг урьж уулзаж, ордондоо үлдээн ажиллуулж, тэдний бичсэн ном судрыг барлан олшруулж, төр ба иргэний хэрэгт өргөн ашиглаж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод тэр цагийн олон шашны лам нарын дунд ярилцлага, мэтгэлцээн хүртэл зохиож байсан мэдээ, баримт үлджээ. Монголд уригдан ирж байсан, хааны ордонд үлдэж ажиллаж байсан харь орны эрдэмтэн, мэргэдийн нэрсийг тоочих аваас наад зах нь хориод хүн нэрлэгдэж байна. Харь орны эрдэмтэн мэргэдийн бичсэн зохиол бүтээлийг хэвлэсэн, орчуулж хэвлэсэн тоо, баримт гэвэл наад зах нь 400 хүрэхээр олон бий. Тэдний дунд олон хуудастай том суурь бүтээлүүд ч цөөнгүй буй.

    Байгаль орчин, нар, сар, од мичид, ган, зуд, цасан болон шороон шуурга, ус үер, өвчин тахлын талаарх монголчуудын мэдлэг цаг цагтаа бусад аль ч ард түмнийхээс ер дутаж байсангүй. Дайн тулалдааны үед, бүр алс хол руу аялсан зөөврийн дайны үед ч монголчууд байгалийн бэрхшээлийг өөрсөддөө ашигтайгаар, эсрэг этгээддээ хортойгоор гэтэлж чадаж байжээ.

    Нар сарны байрлал, од мичидээр баримжаалж дадсан цэрэг, арми нь ер төөрч будилж байсангүй. Монголын цэрэг, армийн нэгэн том давуу тал бол орчны байдлыг ашиглан маневарлах чадамж, түүний өндөр хурд, хүчээ задлах болон зангидах олон хувилбар, таахад хэцүү элдэв мэх, занга, отолт, хуурамч ухралт, гэнэтийн цүүцэн цөмрөлт, өдөөх хуурамч давшилтууд зэрэг байжээ. Бага хохиролтойгоор том ялалтанд хүрч байсан арга, тактик нь тэр цаг үеийн харийн жанждыг гайхшруулж, мохоож байв. Энэ талаас нь үзэж дүгнэлээ ч гэсэн нүүдэлчин монголчууд зэрлэгүүд, бүдүүлгүүд биш байжээ.

    Монголчууд нь X-XII зуунд хүй нэгдлийн байгуулалд байсан гэж Орос, Зөвлөлтийн академичид голдуу эрдэмтэд үзэж, бичиж байснаас болж нэн эртний түүх, соёл, уламжлал, төр, ёс бүхий монгол угсаатныг саяхны бүдүүлгүүд мэтээр ойлгох, дүгнэх нь ихэд газар авчээ. Наад зах нь 3000 гаруй жилийн төр, ёсны түүхтэй, Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ гүрэн, Их Нирун улсыг байгуулж Төв Азидаа жанжилж ирсэн Монголчуудыг, нүүдлийн соёл-иргэншлийг дутуу таних, доошлуулж үнэлэх энэ дутагдал одоо ч бүрэн арилаагүй байна. Энэ алдаа, дутагдал нь танин мэдэхүйн хийгээд улстөрийн шалтгаантай байсан нь үнэн юм. Орос, Зөвлөлтийн, мөн Хятадын зарим судлаачдынхаар бол монголчууд МЭӨ бараг л бичин хүмүүс байсан, Хятадын Ся, Шан, Чжоу улсын жанжид чулуун зэвсэгтэй хүй нэгдлийн монгол эрчүүдтэй тулалдаж ялж, ялагдаж явсан болж таарч байна. Гэтэл үнэндээ бол Хятадын Ся (НТӨ XXI-XVI), Шан (НТӨ XVI-XI), Чжоу (НТӨ XI-III), анхны хүчирхэг эзэнт гүрэн Цинь (НТӨ III), мөн Хан (НТӨ III- НТ III зуун) гүрний дайчидтай тэр үеүдийн Монголын дайчид эн тэнцүү цэрэг-улстөрийн хүчин байжээ. Энд түүх гуйвсан шиг гуйвжээ. Түүх энэнээс илүү ихээр гуйвж байсан тохиолдол бараг л үгүй болов уу. Энэ гуйвуулгыг манай ихэнхи түүхчид 1990 он хүртэл хүлээн зөвшөөрч, давтан, дууриан бичсээр, ярьсаар иржээ.
    Монголчуудын эртний түүхийг танин мэдэж чадаагүйн улмаас гуйвуулах, охорхон болгох нь уучилж болох үзэгдэл мөн хэдий ч харин цэвэр улстөрийн зорилгоор, санаатайгаар гуйвуулах, охорхон болгох үзэгдэл нь нийт хүн төрөлхтний ёсзүйн үүднээс бол гэмт хэрэг мөн болно.

    х х х

    Хүннү гүрний хувьд гэхэд л Хятадын нэг бус жанжид ялагдаж, олзлогдоод Хүннүгийн шаньюгийн ордонд үлдэж, эхнэртэй болж, хүннүчүүдэд зөвлөж байжээ. Хятадын хааны ордны том түшмэл Хүннүд урваж ирсэн удаа ч гарч байжээ. Хүннүчүүдэд ялагдаж олзлогдсон, эсвэл том алдаа гаргаж олон цэргээ алуулсан, олзлуулсан жанждын ар гэрийнхнийг гурван үеэр нь цаазлан хороож байсны улмаас олзлогдсон хятад жанжид Хүннүгийн хаанд зүтгэхээс өөр замгүй болдог байв. Хожуу үеийн баримт гэхэд л Даогийн сурталтан том лам, Кунзын сурталтан том лам, Төвдийн сажа бандида Гунгаажанцан, Пагва лам гэхчилэн олон жишээ дурдаж болох байна. Чингисийн үе гэхэд л Чан чун бумба, хожуу үе гэхэд Рашид-ад-дин гэхчилэн олон нэр бий.

    Монголчуудын түүхэн уламжлалаар бол эрдэм номтой, их туршлагатай хүмүүсээ, ахмад үеийнхнийгээ хүндэлж, дээдэлж, тэдний үг, зөвлөгөөг дагаж ирсэн түүхтэй. Гэрийн сургалтаар эрдэм номтой хүмүүсээ бэлдэж байсан нь үнэн билээ. Харин Монголд шарын шашин дэлгэрснээр нас барагсдын хойд дүрийг тодруулах, ухаалаг цовоо сэргэлэн хүүхдийг хэн нэгний хойд дүр гэж зарлах, тэр мөртөө ингэж тодруулсан хүүхдүүддээ өөдтэй боловсрол олгож ч чаддаггүй бурангуй ёс тогтжээ. Хутагт, гэгээнтэн гэгчдийн хойд дүрийг эцэсдээ VIII Богд мөнгө, хандив авч, үнэлж, худалдаж тодруулах болсноор жинхэнэ эмгэнэлт байдал буй болжээ. Нэр цол, албан тушаал, хэргэм зэргийг худалдах бусармаг ажиллагаа ийнхүү эртний улбаатай ажээ.
    Америк тив, Австрали тив, томоохон арал дээр амьдардаг хүмүүсийг Азийнхан, Еюропынхан мэддэггүй, тэр тивүүүд нээгдээгүй байх үед (XIII зуунд) тэр цагийн дэлхий дахиныг бүхэлд нь шахам эзэлсэн монгол хаад, монгол жанжид мөн л мэдлэг, мэдээллээр илүүрхэж байж л том том ялалт байгуулжээ.

    Цэрэг удирдах, зөөврийн дайн хийх, эсрэг этгээдээ бүх талаар аргагүй байдалд оруулах, элдэв зэвсэг хэрэглэх, хана хэрэм нураах, худал мэдээлэл тараах, сэтгэлзүйд нь нөлөөлөх сүртэй үйлдлүүд хийх талаараа монгол жанжид үнэхээр хосгүй байж чадсан юм.

    Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хүннүгийн нийслэл байсан Луут хотын тууриас олдож буй эд өлгийн зүйлсээс үзэхэд хүннүчүүд бичиг үсэгтэй, олон барилга, байгууламж бүхий том нийслэл хоттой, барилгын материалыг өөрсдөө бэлддэг, цэргийн том байр-казармтай, цэргийн агтны том хашаа хороотой, ус ба тэжээлийн нөөц, сантай байсан нь илэрчээ. Хятадын Цинь, Хан мэтийн том улсууд хүннүчүүдээс ихэд болгоомжилж, хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, найрамдал-ургийн харилцаа тогтоож байсан нь тэр цагийн нүүдэлчин монголчуудын хөгжлийн түвшин, цэрэг-зэвсгийн чадавхи, мэдлэг, мэдээллийн өндөр чадамжийг илтгэн үзүүлж буй юм.
    Нүүдэлчин монголчууд нэн эртнээс эхлэн цаг цагийнхаа онцлогт нийцэх, дүйцэх мэдлэг, мэдээллээр бусад улс орноос ер дутуугүй, зарим талаараа бүр илүүрхэж байсныг түүх, түүхэн баримтууд ийнхүү нотолсоор, гэрчилсээр байна.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ТАВАН ТОЛГОЙН БУЛШ

    2004 онд Д.Навааны малтсан 1-р булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүн илэрч, түүнийг дагалдуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж, 2-р булшнаас морь адууг дагалдуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан бол 2005 онд малтсан 5-р булшнаас мөн л бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил илэрч, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтаг малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илэрчээ. 2007 онд малтсан 11-р булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ. Судалгааны үр дүн өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн ба булшнуудаас илэрсэн хүний ясанд хийсэн палеогенетикийн судалгааны үр дүн мөн хэвлэгдэн гараад байна.
    2010 онд Ц.Төрбат нарын малтсан Их Монгол улс-Юань гүрний үед холбогдох 57, 59 ба 61-р булшны хоёр нь эрт цагт тоногдож эвдэрсэн, зөвхөн 57-р булшны хүний оршуулгын хэсэг огт хөндөгдөөгүй байсан онцлогтой билээ. Энэхүү гурван булшнаас олон арван сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсний дотор урьд өмнө судалгааны хүрээнд огт илрээгүй хэд хэдэн онцгой ховор нандин олдвор гарсан юм. Үүний дотор, 57-р булшнаас гарсан малгайн алтан дог ба духавч, хоромсого ба сумнууд, төмөр илд, төмөр жадны гилбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг, 59-р булшнаас гарсан бичээс бүхий ясан тамга, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, мөн дээрх булшнуудаас гарсан төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтаснууд зэрэг нь урлагийн болон соёлын өндөр ач холбогдолтой олдворууд болно.
    Таван толгойн морьтой оршуулгууд нь дагалдуулан тавьсан эд өлгийн төрөл зүйл баялаг төдийгүй тухайн цаг үеийн зөвхөн язгууртан дээдсийн эдэлж хэрэглэх зүйлс, оршуулгын зан үйлийн онцгой төрх зэргээрээ дундад зууны монголчуудын булш оршуулгаас эрс ялгардаг бүлэг булш билээ. Эдгээр булшинд оршуулсан хүмүүс Юань улсын үеийн дээд язгууртнууд байсан нь эргэлзээгүй юм. (Ц.Төрбат)

  • ХҮН ҮНДЭСТЭН МОНГОЛЧУУДЫН ТӨӨРӨГДӨЛ

    Угтаа бидний нүүдлийн соёл иргэншил хэмээгч нь дөрвөн улиралаа даган өвс ургамалын гарц, уул усны байршилын онцлогоос шалтгаалан өвөлжөө, хамаржаа, намаржаа, зуслангаа тойрон нүүдэллэж, аж төрөх амьдралын нэгэн хэв маяг билээ. Энэхүү мал ахуйтан ард түмний амьдралын гол учир шалтгааныг дутуу ойлгосноор тэдгээр ард түмнүүд хаа дуртай газраа хэрэн тэнүүчилж, харсан зүгтэй ямар нэгэн зорьлогогүйгээр эсхүл дээрэм тонуулын мөрөөр нүүдэллэн амьдарч байдаг гэсэн ташаа ойлголтоос үүджээ.
    Гагцхүү өөрсдийн амьдарч байсан уугуул нутгаа орхин хэдэн зуун жилээр, алс холыг зорин нүүдэллэх ГАНЦ Л ШАЛТГААН байсан нь тухайн ард түмнүүдийн овог аймаг хоорондын зөрчил, газар нутаг бэлчээр усаа булаацалдан тэмцэлцэх буюу үндсэндээ дайн байлдаанаас үүдэн гардаг байжээ. Ийн нүүсэн бүлэг нүүдэлчид харин хэсэг хугацаанд ямар нэгэн зорилгогүй, дээрэм тонуулаар аж төрж болох бөгөөд бусдын нүдэнд харагдсан зөвхөн энэ нэг талын өнцөгөөр мал ахуйтан ард түмний түүхийг төсөөлж, бичиж ирсэн байх талтай юм.
    Одоогийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт оршин байсан аливаа нэгэн төрт улс нуран унаж, дараагийн нэгэн төрт улс залган гарч ирэхэд өмнөх улсын ард иргэд тэр чигтэй нүүдэллэн алга болох эсхүл бүрэн шахагдаж, оргүй хоосон газар нутагт тэр эзэлсэн улсын ард түмнүүд оршин суудаг мэтээр нүүдэлчид гэдэг ухагдахууныг нааж бидний түүхийг санаатай юмуу санаандгүйгээр тайлбарлаж ирсэн байна. Бид ч энэ мэтээр төсөөлж иржээ.
    Чухамдаа Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэр болоод эдгээр их уулсыг тойрон мал ахуйгаа даган аж төрөх нэг хэл соёлтой, олон овог аймагт хуваагдсан (соёлын хувьд хол зөрөөгүй, хэл ижил ч аялга ондоо) ард түмнүүдийн ээлжлэн төрөө байгуулж, бусдыгаа эрхшээн ДАГУУЛЖ байгаа үйл явц нь хэдэн мянган жилийн турш явагдасаар ирсэн байна.
    Түүхэнд бичигдэж, цаасанд буусан нь Хүн гүрний үеэс эхэлжихүй. Энэхүү одоогийн Монголын тэгш өндөрлөгт болж байсан зөрчил тэмцэл нийт хүн төрөлхтөнийг хөдөлгөөнд оруулж байсан нь Хүн гүрэн болоод дараагийн төрт улсуудын мандал бадрал, мөхөл сүйрлүүдээс тод харагдана. Хүн гүрнээс өмнө энэ үйл явц хэдэн удаа, яаж өрнөж байсан нь гагц бичигдэж үлдээгүйн улмаас бид одоо мэдэхгүй болжээ. Таамаглавал Шумерийн үе (эртний перс?), Скифийн (индо-европ?) үетэй ч холбоотой байж болох юм. Эдгээр одоо ч бүрэн судлагдаагүй, гарал үүсэл нь тодорхой биш, маргаантай нүүдэлчин овог аймгууд мөн л баруун тийш шахагдсанаас (хэсэг бүлэг нь) их нүүдлийг үүсгэн (энэ үйл явц хэдхэн жилийн бус хэдэн зуун жил дамнана), хүн төрөлхтөний нэгэн гайхамшигтай түүхийг бичилцэж ирсэн. Чухам хаанаас гарч ирээд тийн болсон нь тодорхойгүй ч нөгөөх л ГАНЦ учир шалтгааны улмаас үүдсэн байж болно. Шалтгаангүйгээр эх нутаг, газар усаа орхин нүүхгүй билээ.
    Хүн гүрэн мөхөж задран унахад эрх мэдэл бүхий ноёд язгууртнууд нь өөрсдийн захиргааны хэдэн мянгаас хэдэн түмэн өрх айлаа дагуулан эх нутгаа орхин явсанаас биш тухайн Хүн гүрний бүх ард түмнийг дагуулан явна гэсэн ойлголт байж боломгүй асуудал. Үндсэн ард түмэн бол байдаг газраа үлдээд дараагийн шинэ төрөө дагаад тэдний улсын туган доор аж төрөн, тэдний хойчис нь мөн л дараагийн шинэ төрөө дагах мэтээр үргэлжилнэ. Энэ нь овог, аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж, төр улсын нэрийг өөрсдийн овог, аймгийн нэрээр нэрлэж буй явц бөгөөд үндсэн ард түмнүүд байдгаараа л байна.
    Өөрсдөө мэдэлгүй түүхийн хулгай хийх болсон үндэслэл
    Манай түүхийн үүсээд буй гол асуудал Түрэгийн эзэнт гүрний үеэс эхэлнэ. Түрэгийг дээдсээ болгосон Турк, Казакууд манай түүхийг булааж биднийг энэ газар усны уугуул бус суугуул болгох хүртэл хэмжээнд асуудал нэн их хурцаджээ.
    Жужан гүрний үед төмрөөр алба барьж дагаар орсон Ашина овгийн 500 өрх анх Алтайн нурууны Дуулга ууланд ирж суурьшжээ. Хэдэн зуун жил өнгөрөхөд хүчирхэгжин МЭ VI зуунд Этүгэнд төрөө байгуулах хэмжээнд хүрсэн байна. Ашина түрэг овгоос, Түрэг аймаг болж, аймгаас Түрэг улс болж, улсаас эзэнт гүрэн болсон хэдэн зуун жилд анх 500 өрх байсан ардууд Этүгэнийг бүхлээр нь Түрэгжүүлэхүү эсхүл олонх байсан Хүн гүрний хойчис Этүгэн ард түмний дотор уусах уу? Модуны үед оргил үедээ 300-400 мянган морьт цэрэг гаргах хүчин чадалтай Хүн гүрний хойчис Түрэгт эзлэгдэсэнээр бүгд түрэгжих үү? Эсхүл Ашина түрэгүүд хаанаас ирсэн хэн байлаа ч гэсэн анх Алтай орчмыг нэгтгэн Түрэг аймаг болохдоо Хүн гүрний хойчис баруун дээдсийн хэл соёлд уусан Түрэг гэдэг нэр л үлдсэн байж болох уу? Тэд ямар хэлээр ярьдаг ямар үндэстэн байв? Үсүнь газар усны ардууд уу? Энэ бол бидний эхлээд шийдэх асуудлын нэг нь. Үсүнь гэдэг бол Каспийн тэнгисээс Алтайн нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах ойлголт.
    Ямартай ч Түрэг төрийн үеийн хадан бичээсэнд Хүн хэлээр ярьдаг байсныг Sergelen International Expedition -ны судлаачид тогтоож буй нь талархуйштай. Үүнээс гадна тэдний судалгааны ажил маш олон зүйлийг ухааруулж, сэхээрүүлж байгаа билээ.
    Ашина түрэгүүд анхнаасаа Хүн хэлээр ярьдаг байв уу? Хүн соёлд автав уу? гэдэг нь бас нэг тусдаа асуудал. Гэхдээ тэд Этүгэний ард түмнээс тэс ондоо хүмүүс биш байсан болов уу? Соёлын багахан зөрөөтэй, аялага өөр байснаас их хэтрэхгүй гэж бодож байна. Жужаныг цохиж бүгдийг нь шахаж үлдсэн орон зайг Түрэг ардууд эзэлсэн гэх үлгэр яавчиг логик ухагдахуунд буухгүй. Яг энэ нүүдэлчин гэдэг ухагдахуунаар Хүн гүрнийхэн бүгд шахагдаад үлдсэн орон зайг Сүмбэ эзэлсэн, Сүмбийг Жужан, Жужаныг Түрэг, Түрэгийг Уйгар гэх мэтээр үргэлжилнэ. Их Монгол улсыг ч мөн ингэж үзнэ.
    Түрэг гэдэг нэр хэрхэн яаж яваад Хүн үндэстэн Монголчуудын түүхээс салсан нь тэдний байлдан дагуулалтай холбоотой асуудал юм. Алтайн нуруунд анх 500 өрх айл ирж суурьшихаас эхлээд хэдэн зуун жилийн дотор одоогийн Монголын өндөрлөгийг нэгтгэн Этүгэнд төрөө байгуулсанаар өмнөх болон дараагийн төрт улсуудынхаа адилаар Үсүнь газрын ардуудыг дагуулжээ. Чухам энд л бидний төөрөгдөлийн шалтгаан тайлагдах учиртай юм. Үсүньчүүд Түрэгийн ноёрхолд орсон нь мөн л бүгд Түрэгүүд болно гэх ойлголт байхгүйг бид мэднэ. Гагц Түрэгийн соёлын нөлөөнд их бага хэмжээгээр автаж тэдний туган доор тэдний нэрээр цаашид аж төрөх тухай ойлголт юм. Цаашлаад эзэнт гүрэн болсон Түрэгүүдийн байлдан дагуулалт лалын ертөнцөд тэлэхэд Түрэг удирдагчидтай Үсүнь ардуудын нэр тухайн бүс нутагт Түрэг нэрээр үлджээ гэж ойлгож болно. Үсүньчүүд газар усныхаа эздийн хувиар олонх байсан учир он цаг өнгөрөх тусам ноёлогч анги нь үндсэн ард түмнийхээ дотор уусаж алга болдог нь зүй тогтол. Үсүнь газар усны ардууд өөрийн газар усандаа Хүн төрийн үед ч байсан, Түрэг төрийн үед ч байсан, Их Монголын төрийн үед ч байсан мөн одоо ч байсаар л байгаа энэ Казакын ард түмэн юм. Ерөнхийдөө Их Монголын эзэнт гүрний үед Алтан ордны улсын ноёлогч анги нь Монголчууд, ихэнх ард түмэн нь Кипчагууд байсантай ижил юм.
    Чухам яагаад Түрэг гэдэг нэр бусдаасаа илүү Үсүньд үлдсэн нь сонирхолтой. XI зуунд арабын Махмуд ал Кашгари хэмээгч хүн Түрэг хэлний тайлбар толь зохиосон нь “Диван лугат” юм. Энэ толийг бичих шаардлага гарсан нь тухайн үед Түрэг хэлээр ярьдаг төр ямар нэгэн хэмжээгээр байсныг илтгэнэ. Харин XIX зуунд Османы эзэнт гүрний үед ижил шашинтай учир зарим нэг үгийг тайлж уншсанаар манай эртний хэл юм байна гэсэн өнгөц ойлголт авч тухайн толин дээр гарах Түрэг гэх улсын нэрээр XX зуунд улсаа нэрлэсэн байх үндэслэлтэй юм. Одоогийн Анатолын хойгт суурьшсан Сельжүкүүд суугуул ардууд учир өөрсдийн түүхийн эрэл хайгуулаа хийж явахдаа буруу замаар орсон нь энэ юмаа. “Диван лугат” толь дээрх Түрэг үгсийн 70 хувь орчим нь одоогийн бидний хэлтэй дуудлагаараа ижил, жирийн хүн ч ойлгохоор тодорхой байгааг судлан гаргажээ. Харин үлдсэн 30 хувь нь Үсүнь хэлний үгс аж. Эндээс одоогийн Турк, Казак болон СТАН-ны орнуудын дээдэс бол Үсүньчүүд гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд анх түүхийн хулгай хийж байгаагаа мэдээгүй байсан бол одоо мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
    (Мустафа Камиль пашагийн үеээсээ улсаа Турк гээд нэрлэчихсэн хүмүүс үүнээсээ буцна гэдэг бас хүнд асуудал шүү!!!)
    Түрэгүүд Хүн хэлээр ярьдаг байсныг шинжлэх ухаанчаар нотлох нь бидний эхний хийх алхам гэдгийг дахиад дурдъя.
    Өөрсдөө түүхийн хавханд орж буй Монголчууд
    Асуудал хэдий ийм боловч шийдэхэд хамгийн том бэрхшээл нь Их Монголын эзэнт гүрний үетэй холбогдоно. Учир юун хэмээвэл Тэмүчин Чингис хаан бол бидний Монголчуудын хамгийн ихээр бахархан, хүндэтгэдэг их эзэн хаан.
    Бидний түүхийг өмчлөх, булаах үйл бид Чингис хааны Их Монголын төрийн түүхээр түүхээ хардагаас болж буй хэрэг. Үүнээс болж энэ үеийн түүхээ өмнөх эртний түүхүүдтэйгээ шинжлэх ухаанчаар холбож чадалгүй мухардалд ордог байдал. Түүхийг төрийн биш ард түмний түүхээр бичсэнээр бид мухардалаас гарна.
    Уншигч та гайхаж буй байх. Учрыг сийрүүлье:
    Монголын нууц товчооны хамгийн эхний бүлэг ЧИНГИС ХААНЫ ДЭЭД ЯЗГУУР БӨРТЭ ЧОНО ГЭРГИЙ ГУА МАРАЛЫН ХАМТ ТЭНГИС ДАЛАЙГ ГЭТЛЭН ИРЖ ОНОН МӨРНИЙ ТЭРГҮҮНЭЭ БУРХАН ХАЛДУН УУЛАНД ИРЖ НУТАГЛАЖ буй тухай хэсэг. Мөн Рашид Ад Диний “Судрын чуулган” дахь Эргүнэ хунгийн домог, бусад сурвалжууд зэргээс үзэхэд Чингис хааны дээд өвгүүд хэзээ ч Этүгэнд ирж төр барьж байгаагүйг харж болно. МЭ VIII-XIX зууны үед л Бөртэ чоно тэнгис далайг гэтлэн ирж Бурхан Халдунд иржээ. Энэ бол хөдлөшгүй баримт. Чухаг нь бас нэгэн судлах ухагдахуун бол Хамаг Монголчуудын гарал үүсэл юм. Үүнд Шивэй аймгуудын түүх, Жужаны хиан, чонос 2 овгийн Эргүнэ хунд шургасан явдал хийгээд Бөртэ чонотой хэрхэн холбогдож байгаа түүхийг сэргээх нэн шаардлагатай.
    Этүгэн бол Хангайн нурууг тойрсон гол ус ихтэй, өвс ургамал тэгширсэн төв нутаг. Орхоны сав бол үе үеийн төрийн голомт. Чингис хаан бүх овог аймгуудыг нэгтгэж Орхоны савд Хархорумыг байгуулсан нь тохиолдол биш ээ. Үеэс үед хамгийн их хүнтэй, малтай нутаг бол ЭТҮГЭН нутаг, одоо ч хэвээрээ.
    Төрийн түүхээр түүхээ бичнэсээр бид гадныхны зохиосон нүүдэлчин гэдэг ухагдахуунаар суугуул иргэд болоод байгаа нь ийм учиртай. Турк, Казакууд Түрэгийг дээдсээ гэж үзсэнээр (асар их хөрөнгө хаяж судалж байна, суртчилаж байна, Турк улс Түрэгтэй холбон нэрээ ч сольж байна) биднээс 700 гаруй жилээр урт түүхтэй болж энэ газар усны уугуул эзэд болоод зогсохгүй Хүн гүрний түүхийг өмчлөх хэмжээнд тулан ирээд байна. Мэдлэггүй, мунхагаасаа болж бид өөрсдөө хавханд гүйн орж дотроо ч учираа олохоо байжээ. Чингис хааныг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Чингис хаан хэдий агуу хаан ч гэлээ, Их Монголын эзэнт гүрний түүх эгнэшгүй ч гэлээ түүнээс өмнө ч бид агуу хаадуудтай, мөн л эгнэшгүй түүхүүдтэй байсан.
    Хүн гүрний задралаас хойш олон овог аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж ард түмнүүд нь нэрээ сольж, хаанаа сольж байсан шиг тэдгээр олон овог аймгуудын нэг болсон Хамаг Монголчууд өөрийн төрөө байгуулж байжээ гэдгийг ухах хэрэгтэй. Тухайн XIII зууны үед хэл болоод соёлын онцын ялгаагүй Хамаг Монголчууд зүүн хойд захын жижиг аймгаас Чингис хааны суу ухаан, авъяас билэгээр Этүгэнд ирж төрөө байгуулсан байна.
    Этүгэн дэхь төвийн төр хуваагдалтай, хүч дорой байснаас Түрэгийн Буман хаан Тэлэг цохин дагуулж, улмаар Жужан төрийг нураан ноёрхох болжээ. Чингис хааны үед төвийн төр нь Хүн гүрний шууд хойчис болсон Этүгэн дэхь Хэрэйдүүд (Хэрэйдүүд дотроо маш их хагаралтай байсныг бид “Монголын нууц товчоо” –оос мэднэ) байж. “Монголын нууц товчоон” -д Ван хан Тоорилыг хамгийн эртний хаадын отгон нь хэмээн хүндэтгэсэн байдаг, мөн Хамаг Монголчуудыг “дорно зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу?” гэж Найманы Таян хан өгүүлдэг. Энэ нь XIII зуунд тухайн үедээ Хэрэйдүүд хамгийн их хүн амтай, малтай аймаг нь байж, Их Монгол улсын ард түмэн хийгийд үндсэн соёл нь Хэрэйд давамгайлсан, төр нь Хамаг Монголчууд байжээ гэж үзэж болно. Ялангуяа Хэрэйд хатантай Тулуйн угсаа зэвсэг зөрүүлэлгүй төрийн эргэлт хийсэн нь түүний хөвгүүдийн ард Хэрэйдүүд дэмжиж байсантай холбоотой юм. Алтан ордны Бат хааны дүү Бэрх 3 түмэн цэрэгтэй хуралдайд ирээд Мөнхийг хаан болгож байхад Их хаан Өгөөдэйн угсаа эх нутагтаа Бэрхийн 3 түмэн цэргээс эмээсэндээ хаан ширээг талбин өгсөн байх учир байхгүй юм.
    Үүнтэй ижил нэг тохиолдол өмнө нь дэлхийн түүхэнд ч тохиолдож байжээ дурдсуу.
    МЭӨ IV зуунд Грекийн хойд захын Македон хэмээх жижиг муж улс суут байлдан дагуулагч Агуу Александр болон түүний эцэг Филиппийн үед бүх Грекийг нэгтгэж дуусган бага Азийг байлдан дагуулжАхеменидийн Персийн эзэнт гүрнийг мөхөөж зүүн зах нь Энэтхэг, Бактриа (одоогийн Афганистан орчим) хүрчээ. Биднээс ялгаатай нь Грекүүд улсаа Македон гэж төрийн нэрээр нэрлэсэнгүй түүнээс өмнөх эртний Грек хэмээх нэрээр улсаа нэрлэжээ. Одоо үед Агуу Александрыг хэн ч Грек хүн биш гэж хэлэхгүй. Грекүүд эртний Македоны түүхийг 100% өмчилж байна. Балканы хойгт Югославын задралаар шинээр бий болсон слав гаралтай үндэстэн Македон хэмээх нэрийг авч улс болоход Грекүүд эсэргүүцсээр байгаад саяхан 2019 онд улсынх нь нэрийг Хойд Македон болгон өөрчлүүлж чадаж байна. Агуу Александрыг жанжид нь Грек хатан авахыг хүсэхэд зөрүүдэлсээр байгаад Бактриагаас хатан авсан нь түүний босгосон эзэнт гүрэн мөхөх нэг шалтгаан нь болжээ. Александрыг нас нөгчмөгц жанжид нь хатан, хан хүүг нь хороож эзэнт гүрнийг нь хуваан захирдаг. Энэ бас манай түүхээс бас нэг ялгаатай тал нь. Их Монгол улсын хаан угсаа Хэрэйд эхтэй Тулуйн хөвгүүдэд шилжсэнээр Хүн гүрний шууд хойчис Хэрэйдүүд тэдгээр хөвгүүдийг хаанаа хэмээн хүлээн зөвшөөрч Чингис хааны байгуулсан их улсыг задраалгүй авч үлджээ. Нөгөөтэйгүүр Өгөөдэй хаан амьд сэрүүн байх үедээ Хэрэйдийн бэлэвсэрсэн хатан Сорхугтани Бэхийг хүү Гүегтэй эртний Монголын авга түших ёсын дагуу авч өгөх гэсэн нь тохиолдолын хэрэг биш бөгөөд өөрийн удмын хаан угсааг хадгалан үлдэх гэсэн холын бодол байжээ. Дөрвөн том болсон хөвгүүдтэй, хөгшин эмэгтэйг зөвхөн өөрийн хүүдээ авч өгөх гэсэн нь өөрөөс нь хойш төр хямрах үйл явцыг ухсан байж. Борчигуны угсаанаас Гүегээс өөр авга түших эр олдохгүйдээ тэгсэн хэрэг биш юмаа.
    Одоо уншигч та санааг ойлгож буй байхаа. Хүн гүрний задралаас үүссэн олон овог аймгийн нэг Хамаг Монголчууд XIII зуунд өөрсдийн төрөө байгуулжээ. Грекээс ялгаатай нь бид улсаа Хүн гэж нэрлэсэнгүй Монгол гэж нэрлэсэн нь төөрөгдөлд оруулж байгаа юм. Басхүү Монгол гэж нэрлэсэн нь буруу гэж байгаа зүйл биш гэдгийг ухах хэрэгтэй. Төрийн түүх, үндэстэний түүх гэдэг ялгааг ойлгож, үндэстэнийхээ буюу ард түмний түүхээр өнгөрсөнөө харж, сэргээж чадвал би Хүн гүрнээс хойших үе үеийн бүх төрийн түүхүүдээ давхар өмчилж чадах билээ.
    Мал ахуйтан Хүн үндэстэний 2200 жилийн түүхэн дэх зөвхөн XIII зуунд хамаарах хэсэг нь Их Монгол улсын үе юм шүү.
    Анхаарал тавин уншиж дуусгасанд гялаалаа!
    Бичсэн: Оюунбаатарын Наранбаатар. 2022 оны 07 сарын 28 өдөр.
    Гол эх сурвалж: Sergelen International Expedition -ны судалгаа