Author: admin_shaman

  • МОНГОЛ УЛС ЭЛЭГ, ХОДООДНЫ ХАВДРЫН ӨВЧЛӨЛӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

     

    Монгол Улсад 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг ба нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.

    Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгджээ.

    Үндэсний статистикийн хорооноос тоон гаргасан мэдээгээр 19 жилийн өмнө Монгол Улсын хүн амын тоо 2.5 сая ба тухайн жилд хорт хавдраар оношлуулсан хүний тоо 4625 байсан бол 3.4 сая хүн амтай өнөөгийн Монголд хорт хавдраар жилд бараг 7000 хүн оношлуулсан гэх харамсалтай тоо мэдээ гарлаа.

    Монгол Улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтаар, ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.
    Хавдраар оношлогдсон 6885 хүний 87 хувь нь 45-аас дээш буюу ид ажил хөдөлмөр эрхлэх насныхан байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй бол 2040 онд хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргаж, сануулга өгчээ.

    НИЙТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН 33.2 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖ БАЙНА

    Графикт дээрх хорт хавдрын өвчлөлийн бүтцийг харахад Монгол Улсад нийт хавдрын 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.
    Элэгний хавдрын өвчлөл 7-8 жилийн 38-40 хувийг дангаараа эзэлж байсан бол жил ирэх тусам хавдар дотор элэгний хорт хавдрын өвчлөлийн хувь аажмаар буурсаар буй нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн хэмээн ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа дүгнэж байв.

    Н.ЭРДЭНЭХҮҮ: ХСҮТ 2022 ОНД 150 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН
    Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тус эмнэлгийн үйл ажиллагаа болон өвчлөлийг бууруулах ямар гарц шийдэл байгааг тодруулсан юм.

    Тэрбээр, Монгол Улсад хатуу хяналттай хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж хардаг. Манай улс 3.4-хөн сая хүн амтай. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хамгийн чанартай амьдрах, хийж бүтээх насандаа хавдар болон бусад өвчний улмаас эрт нас барах, эсвэл баялаг бүтээх бус групп тогтоолгон халамжийн гэх ангилалд шилжиж байна. Энэ бол хувь хүний амьдралын чанар хийгээд улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн ахуй амьдралд ч сөрөг үр дагавартай. Эдийн засагчид үүнийг тооцох ёстой юм.

    -Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
    -Хавдар судлалын үндэсний төв 2022 онд 150 мянган хүнд үйлчилсэн, энд үйлчлүүлэгчийг дагаж ирж байгаа хүний тоог оруулаагүй. Долоо хоногт 120-140 мэс засал хийж байна. Хамгийн их хүлээлэгтэй нь элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдрын мэс засал ордог. Энэ хоёр хавдар манай улсад тэргүүлж буй учир ачаалал ихтэй байна. Элэгний мэс засал жилд дунджаар 500-600-г хийдэг байсан бол 2022 онд 1000 хүрсэн.

    -Яагаад ингэж огцом нэмэгдэв?
    -Тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Ходоодны мэс заслын тоо мөн адил нэмэгдсэн. Тэгэхээр эрт илрүүлэх арга хэмжээ чухал байгаа юм. Гэхдээ нэг удаагийн улс төрийн шийдвэрээр хийх биш, улс орны эрүүл мэндийн салбарын тогтсон тогтолцоо бүрдүүлэх ёстой юм гэлээ.

    ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ МОНГОЛД /100 МЯНГАН ХҮН АМ ТУТАМД/ 2022 ОНД 4548 ХҮН ХОРТ ХАВДРЫН УЛМААС НАС БАРЖЭЭ

    2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Үүнээс 1636 буюу 36 хувь нь элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Хорт хавдрын улмаас нас барсан иргэдийн 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэйчүүд. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 66 хувь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна. 42.4 хувь нь 5 болон түүнээс дээш жил амьдарч байна.

    Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хүйс харгалзахгүй хамгийн өндөр байгааг та зургаас харж болно. Эрэгтэйчүүд дунд уушгины хавдар өвчлөлийн гуравдугаарт орж байгаа бол энэ төрлийн өвчлөл эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны долоодугаарт эрэмбэлэгджээ. Харин эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаар шалтгаан нь хүний папиллома вирусийн халдварын улмаас үүсдэг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

    ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70.4 ХУВЬ НЬ ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕДЭЭ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН
    Иргэд хорт хавдрын өвчлөлийн аль үе шатандаа оношлогдсоныг дараах графикаас харж болно. Эмнэлэгт хандсан иргэдийн 70.4 хувь нь өвчний сүүлийн шат буюу III-IV үедээ оношлогдож, жил хүрэхгүй хугацаанд амьдраад хорвоог орхиж байгаа эмгэнэлтэй мэдээ энэхүү статистикаас харагдаж буй юм.
    Монголд зонхилон тохиолдож буй хавдруудаас нойр булчирхайн хавдраар оношлогдсон иргэдийн 86.6 хувь нь хавдрын сүүлийн үе шатандаа оношлогдсон нь анхаарал татаж байна.

    УЛСЫН ХЭМЖЭЭНД 26347 ХҮН ХАВДРЫН ЭМЧИЙН ХЯНАЛТАД БАЙНА
    Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 26347 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байна.

    ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТЫН 70 ХУВЬ НЬ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД ТОХИОЛДОЖ БАЙНА

    ДЭМБ-аас 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас барсан хэд болох тооцооллыг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон гаргажээ. Монгол Улсад жил бүр 3000 гаруй хүн хорт хавдраар оношлогдог бөгөөд 2040 онд энэ тоо 5000 давна гэж тооцоолжээ. Эрэгтэйчүүдийн дунд хорт хавдар 90.8 хувиар өсөх гэсэн тооцоолол гарчээ. 2040 он гэхэд Монголд нийт хорт хавдрын өвчлөлд 11 мянгыг давах нь гэсэн тооцоолол хийж, урьдчилан анхааруулсан байна.
    Хорт хавдрын улмаас дэлхий дахинд жилдээ 10 сая гаруй хүн хорт хавдраар өвчилж байна. Хавдрыг бууруулах тулд улс орнууд юу ч хийхгүй бол энэ тоо 13 сая хүрнэ.
    Хавдраас урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулбал хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй иргэдийг эрт илрүүлэн эмчлэх боломжтой. Хорт хавдрын нас баралтын 70 орчим хувь нь буурай хөгжилтэй улс орнуудад тохиолдож байна. Үүнд Монгол Улс багтаж байна.
    Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай бүх төрлийн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд ихэнх нь хорт хавдрын тусламж үйлчилгээ авах татгалздаг. Тиймээс бүх хүнд ээлтэй эрүүл дэлхийг бүтээе гэсэн уриалгыг дэвшүүлж байна.
    Амь насыг хамгаалбал мөнгийг хэмнэдэг. Хэрэв урьдчилан сэргийлэхэд 11.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд хавдрын эмчилгээнд зарцуулах 100 тэрбум доллар хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ. Хавдрын өвчлөлийг үл тоовол дэлхий нийтээр хөдөлмөрийн бүтээмж муудаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал өснө, айл өрхийн орлого буурна хэмээн анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө зарцуулахаас бүү ай хэмээн ДЭМБ-аас улс орнуудад уриалж байна.
    Инфографикийг А.Эрхэмбаяр

  • МАНЖ гэдэг үгний утга

    Шишү гэдэг түүхийн бичигт Мөхэ бол эртний үеийн дорно зүгт байсан үндэстэнүүдийн ИДИ-гийн нэг бөгөөд Шишин Чишин ч гэж бичдэг байжээ.
    Сүмө, Бөйдү, Анчегү, Пүкун, Хуши, Хар ус, Цагаан ус зэрэг 7 аймаг нь цөм Сүшин овогтон боловч бас Диеоуху, Пүниеэ, Хуши зэрэг аймаг ч тусдаа байжээ. МӨХЭ улсын тухай сударт НТӨ 11-р зуунд Баруун Жин улсын үед Сү Шин, НТӨ 3-р зуунд Ило гэж, НТ 4-6-р зуунд Вэй улсын үед Үжи, 6-7-р зуунд Тан улсын үед Мөхэ гэж бичдэг байжээ. Сүшин ард түмэнийг Мөвэ ху хүмүүс гэдэг. Мөвэ ху хүмүүс нь гол мөрний эргээр амьдарч тариалан тарьж амь зуудаг хагас суурьшил иргэд байлаа.
    Нангиадын Сүй улсын үед Зөрчидийн дээд өвөг Сүйшиний долоон аймгийн дотор Сү-Мө, Хэ-Сүй, Хар ус хоёр аймаг маш хүчирхэг болж, Сүмө аймгийн ахлагч Дазувэрун гэгч Бөхай хаант улсын тэргүүн болоод зүүн хойд 3 муж нутагийг эзэлж, зүүн зүгийн бэлчээр нутаг, Хар мөрөнөөс доошхи олон аймгийг харьяандаа авч “Зүүн Далайн улс” буюу Хай Дүн гэж хөгжсөн байна.
    916 оны үед Зөрчидийн Бөхай улс мөхөж , монгол-хитанчуудын Хитан улс мандаж зөрчидийн олон аймгийг эзлэн авчээ. Түүнээс хойш Түүхий зөрчидийн Ваниян аймгийн толгойлогч Хахудай /Агуда/ баатар хэмээх баатарлаг эр төрж их цэрэг дайчлан Сунгари мөрний сав газарыг эзлэн 1115 онд өөрийгөө хаан өргөмжилж, улсын нэрийг Алтан улус /Жин улс/ гэж нэрлэжээ. Зөрчидийн Алтан улс 1124 онд хитаны Их Төмөр улсыг мөхөөж, мөн 1125 онд нангиадын Хойд Сүн улсыг унагаж Их Алтан улсаа мандуулсан байна.
    1209-1213 онуудад Чингис хаан тэргүүтэй Монголчууд Зөрчидийн Алтан улсыг довтолж, 1231-1234 онд Өгэдэй хаан тэргүүтэй Монголчууд зөрчидийн Алтан улсыг мөхөөв. Тэр үед зөрчидийн Пүшанваннү ван гэгч хүн гарч Ляо Ян хэмээх газарт “Зүүн Алтан улс” –ыг байгуулж дараа нь Дэвманжин мөрөний урсгал дагуу шилжин нүүсэн боловч монголчуудын довтолгоон ч ширүүсч Зүүн Алтан улсыг бутниргэжээ.
    1368 онд Монгол улсын захиргаанаас Зөрчидүүд гарч чадсан боловч хятадын Мин улс тэднийг шууд эрхэндээ оруулжээ. Мин улс доройтох үед Зөрчидүүд нь Жанжү зөрчид, Хайши зөрчид, Еэрэн зэрлиг зөрчид гэж 3 хуваагдсан байна. 1
    XVI зууны сүүлээр зөрчидийн Айшин Гиро овогийн Нурхачи баатар хэмээх эр Жанжү зөрчидийн зүүн хэсгийн ахлагчаар гарч Жанжүгийн зөрчидийг нэгтгэж, улмаар XVII зууны эхээр Хайши зөрчидийг дагуулж дараагаар нь Зөрчидийн бүх овогтоныг нэгтгэж 1616 онд Нурхачи баатар хаан, их ор сууж “Хойд Алтан улс”-ыг байгуулсан байна.
    Зөрчидүүд 1619 онд Ляо Дүн дэхь нангиадын Мин улсын их цэрэгийг бутцохиж Мүгдэн хотноо нийслэллэж, бүх зөрчидийн газар нутагийг эрхэндээ оруулсан юм.
    Зөрчидүүд 1632-1636 онд Өвөр Монголыг эзэлж, 1636 онд Солонгосыг эзэлж, улсын нэрийг “Ариун улс” /Чинг улс/ гэж халсан байна. 1644 онд Нангиадын Минг улсын самууныг дарах нэрийдэлээр Зөрчидүүд нангиадын боомтонд орж Бээжин хотыг эзэлж Нангиад ороныг эрхэндээ оруулж эхэлжээ.
    1688 онд болсон Халха-Ойрадын дайныг ашиглаж Зөрчидүүд 1691 онд Халх Монголын хан ноёдыг эрхэндээ оруулж 1696 онд Халх Монголыг эзэлж авав.
    1755 онд Ойрадын Зүүнгарын дотоод самууныг ашиглаж Халх-Монгол, Өвөр-Монгол, Ойрад-Монгол зэрэг цэргээр бүрдсэн манж-зөрчидийн цэргийг Зүүнгарт оруулж эзэлж авав.
    Манж зөрчидүүд цөөхүүлээ атал 1653-1668 он хүртэл 15 жилийн хооронд нангиад иргэдийг зөрчидийн төрөлхи газар нутаг уруу нүүлгэн тариа тариулж эхэлсэнээр өөрсдийн мөхөлийн үндэсийг тавьжээ. Манж-Зөрчидийн хаад ард түмэнээ соёлжуулах, ашиг олж амьдралаа дээшлүүлэх гэсэн нь бүхэл бүтэн үндэстэнийг, бүрэн ард түмэнийг Хятадын цусанд уусан шингэхэд хүргэсэн нь нэгийг бодууштай.
    Манж Чин гүрэнд 12 хаан үе залгамжлан сууринд сууж байсан:
    1. Нурхачи баатар хаан. 1616-1626
    2. Абахай сэцэн хаан. 1627-1643
    3. Эеэр засагчи хаан. 1644-1661
    4. Энхэ Амгалан хаан. 1662-1722
    5. Найралт төв хаан. 1723-1735
    6. Тэнгэр тэтгэгчи хаан. 1736-1795
    7. Сайшаалт Ерөөлт хаан. 1796-1820
    8. Гэрэлт төр хаан. 1821-1850
    9. Түгээмэл элбэгт хаан. 1851-1861
    10. Бүрэн засагчи хаан. 1862-1874
    11. Бадаргуулт төр хаан. 1875-1908
    12. Хэвт Ёс хаан. 1909-1911.
    Манж-зөрчидийн уг гаралын домог.
    Урт цагаан уулын наран мандах зүгт Бүгүри уул, Бөлгүри нуурнаас Манж-зөрчидүүд уг гаралаа домоглодог байна. Бүгүри уулын хормой Бөлгүри нуурт Энгүлэн, Жингүлэн, Пүргүлэн гэдэг нэртэй тэнгэрийн гурван дагина ирж биеэ угаагаад хувцасаа өмсөх гэтэл Пүргүлэн охины хувцас дээр сахиусан шаазгай шувуу улаан жимс зууж ирээд тавьсаныг охин олж аваад амандаа үмхэж хувцасаа өмстөл жимс хоолойд нь орж бие жирэмсэн болоод нэн гайхамшигтай хөбүүнийг төрүүлжээ. Ээж нь хөвүүнээ 6 нас хүртэл барсын сүүгээр тэжээж хөвүүнтэйгээ хоёулаа Хар мөрөнд завиар яваад хөвүүндээ сургаж хэлсэн нь “Чи тэнгэрийн зарлигийг дагаж самуурсан улсыг засагтун” гээд тэнгэртээ нисэж оджээ. Тэр хөвүүнд Шижин Алтан овог /Айшин Гиро/ Бэкүрий Юнжин хэмээх нэр өгчээ. Зөрчидийн гурван овогийн хүмүүс харилцан тэмцэлдэж байсанаа зогсож, цугларан зөвлөлдөж бидний улсын эзэн бэйлэ өргөмжилж, Бэйлигэгэ гэгчийг хатун болгож өгөв. Тэгээд Бэкүрий Юнжин нь Цагаан уул наран гарах зүгт Омохой нэртэй хээр талын Одоли хэмээх хотод сууж олон аймгийн самууныг дарж зөрчидийн эхний улсыг МАНЖҮ хэмэээгээд Манж улсын өвөг дээдэс ингэж үүссэн гэдэг домогтой.
    Манж-зөрчидийн тотём сүлд шүтээн нь шаазгай шувуу болно. дээрх домог болон өөр домгуудаар ч энэ нь батлагддаг.
    “Манж” хэмээх нэр бий болсон нь.
    Дээр үед дорно зүгийн И-Чүв (зэрлэг бүдүүлэг) хүмүүсийн ахлагч нь Нангиад лугаа анхны байлдаанд орж ялагдан зугатааж байхдаа баригдахаас болгоомжилж гахайн жижиг байшинд орж нуугдав. Нангиад цэрэгүүд зөрчид ахлагчийг хайж нэхэж ирэхэд түүний мөр нь алга болжээ. Нангиад цэрэгүүд гахайн жижиг байшинг шагайж үзсэнд ахлагч нь гахайн ард нуугдаж байсан тул олж чадсангүй буцав. Тэр үеэс эхлэн мэгж гахайн “-жү” үсгийг хэрэглэж, ахлагчийн амь аврагдсан нэгэн шинэ Вант улс бий болж байжээ. Мөн хуучин нэр нь Зөрчидийн Жүшин буюу Сүшин гэж бичдэг болжээ. Жанжү зөрчидийн ахлагч байсан нь илэрхий байна.
    1777 онд Тэнгэр тэтгэгчи хаан зарлиг буулгаж хуучин Зөрчид “Жү-Шин”-ийг “Манжү” хэмээх үсгээр сольж хэрэглэж байв. “Ман”гэдэг нь дүүрэн, бүрэн, элбэг гэсэн утгатай. “Жү” нь анх гахайн мэгжний үсэг байсан ба сүүлдээ өөрчилж “газар орны нэгэн тив” гэсэн утгатай өөр “Жү” үсэг хэрэглэх болжээ.

    БОДОНГУУД ДӨШ

  • ОВООНД ЯАГААД ЧУЛУУ ӨРГӨДӨГ ВЭ? ХӨДӨӨ ГАДАА ЯBAXДАА CAHАЖ ЯВААРАЙ…

    Хүннүгээс улбаатай, Монгол цэргүүд дайнд явахдаа хилийн дээсэн дээрээ нэг нэг
    чулуу овоолох маягаар хаяж үлдээгээд дайнаас ирэхдээ өргөсөн чулуунуудаа буцааж авдаг

    (зарим эрдэмтэд vхсэн, амьд цэргүүдийнхээ тоог гаргадаг байсан ч гэж үздэг) байсан.
    амьд эргэж ирээгүй цэргүүдийн чулуу тэр газартаа овоорч vлддэг байв.
    Түүнийг хvндэтгэн тойрч тахил өргөж ёсолдог байв.

    Хожим 15-р зууны эхэн үеэс шарын шашин дэлгэрэхдээ бөөrийн болон уул, ус, овоо тайх олон ёс заншлыг
    өөртөө уусгаж өгсөнөөр энэхүү овоо тайх явдал шашны буян хишигийн лус савдгийн шинж чанартай болсон.
    Залуус минь бидний түүхэнд их юм бий шүү.

  • МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛТЭЙ ЭЛЧИН САЙД ТАНИЛЦЛАА.

     

    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2230 жил өнгөрчээ. Тэр үеийн сурвалж бичигт тахилгын талаар олонтой бичсэн байдаг ч гадны төлөөлөл оролцож байсан тухай уншиж байсангүй.
    Монголын их хаадын үед төрийн тахилгын зан үйл уламжлагдан хийгдсээр ирсэн ч маш тодорхой баримт бас л ховор байдаг.
    Харин энэ удаа Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Нарны тахилгад оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон гурав дахь нэр хүндтэй зочин болж байсан элчин сайд маань монгол ёс заншилаар хийж байгаа Нарны тахилгад оролцсон анхны гадаадын нэр хүндтэй эрхэм зочин байж чадлаа. Тэрээр тахилгын явцыг сууж үзэхээс татгалзан зарим үйлийг ойроос харж сонирхон үзэж байлаа.
    Хүндэт зочин, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Өглөөний Нарны тахилгын дараа Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, энэ тахилгыг гардан зохион байгуулж байгаа Х.Майцэцэг Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Лхагва-Эрдэнэ, Монгол бөөгийн тэргүүн удган, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Цэндсүрэн, Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч Т.Анхмаа, Монгол бөөгийн удган Болортунгалаг Наранцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс, Хөвсгөлийн баруун тайгын зайран Ганбаа нартай уулзаж, ярилцаж, дурсгалын зураг авахуулсан билээ.

    djmedia:659
  • ХАВХ БӨӨГИЙН ХАРААЛ

    Энэ үеэр дэргэдүүр нь хэдэн бүсгүй морьтой давхиж өнгөрсөн бөгөөд нэг нь үнэхээрийн хацар гоо үзэмжит нэгэн байсан болохоор Догсуу сээтэн хаях санаатай дуудаж орхисон байна. Мөнөөхөн бүсгүйчүүл дунд байсан Жаргал хэмээгч бүсгүй үнэхээр царайлаг нэгэн байлаа. Догсуу хачин аялгаар ярих хэдий ч өндөр чийрэг нуруу, өтгөн хар хөмсөг, хүдэр бадар бие тэргүүтэн нь Жаргалд ч гэсэн таалагджээ.
    Ингээд гэр орныг нь заалган очиж хоол, унд идэхээр тохиролцжээ. Маргааш өглөө нь Догсуу найзынхаа хамтаар нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмссөн шиг Жаргалын гэрт зочлон очив. Жаргал аав, ээж хоёртойгоо амьдардаг айлын ганц охин аж. Нэг их баянд тооцогдохгүй ч боломжийн тов хийсэн амьдралтай айл байлаа. Эцэг, эх хоёр нь ч холын хүүхдүүдийг хоол, цайгаар дайлан хөл алдав. Энэ мөчөөс эхлэн Жаргал, Догсуу хоёр бие биендээ сэтгэл алдран уулзаж учрах болов. Хүрээнд долоохон хоноод нутаг буцах ёстой байсан Догсуу сэтгэлт бүсгүйдээ хоргодон зуслаа. Ингэж байтал нь Манжийн амбаны газарт томоохон алба хашиж байсан Дондов зангийн хүүд Жаргалыг эхнэр болгохоор сүй бэлэг иржээ.
    Аав, ээж нь охиноо Догсуутай хайр сэтгэлийн холбоотойг мэдээгүй юу, аль эсвэл мэдсэн ч хаа холын хүнтэй суулгахыг хүссэнгүй юу сүй бэлгийг нь авчихжээ. Тэгээд ч бурханы шашны үнэнч сүсэгтэн эцэг, эх нь Догсууг бөөгийн хүү гэж мэдвэл охинтойгоо суулгахгүй байсан байх. Жаргал нэгэн орой Догсуугийн байшинд уйлан хайлсаар иржээ. Догсуу нэгэнт бүсгүйд татагдсан учраас майхан жодгорт амьдрахаа больж гурван жангийн байшин хашаатай нь худалдаж аван түр хугацаанд аж төрж байв. Харин Дархадын хотгорт байгаа аав, ээждээ өртөөгөөр захидал явуулжээ. Уйлан хайлсаар ирсэн Жаргал өөрийгөө хүнд очих болсноо хэлэв. Угаас дураараа өссөн Догсуу юмны цаад наад нарийн ширийнийг ойлгохгүй хөдөө зангаараа,
    – Би тэр новшнуудыг чинь болгоод өгье хэмээн цамнав. Жаргал найзтай нь ятгасны эцэст арайхийн тайвшруулжээ. Гэвч тэр нутагтаа зайрангийн хүү гэдгээрээ бүхнийг дийлдэг бардам зангаа татаж чадахгүй байлаа. Эцсийн эцэст тэр гурав ярьж байгаад нэгэн шийдвэр гаргасан нь ихээхэн тэнэг явдал болсныг дор өгүүлэх зүйлээс аяндаа тодорхой болох буй заа. Учир юун гэвээс Дондов зангийнд очиж энэ бүх явдлыг хэлбэл хүндэтгэж үзнэ. Тэгээд ч өөр хүнийх гэдгийг мэдвэл Дондов зангийн хүү дур нь гутаад болино байх хэмээн найджээ. Ингээд Догсуу Дондов зангийн гэрт очжээ. Түүний үгийг сонссон Дондов зангийн царай барайгаад явчихлаа. Дондов занги хэсэг бодлогоширч байснаа,
    – Тэр яатуу тэгээд манай хүүтэй бус чамтай сууна гэж байгаа юм уу? хэмээн асуухад Догсуу ч,
    – Тийм, тийм хэмээн бөхөлзлөө.
    – За, чи хаана байдаг хүн бэ? гэхэд нь Догсуу гэр орноо зааж өгөн, явуулын хүн гэдгээ ч нуусангүй.
    – Чи одоо яв. Би ямар ч байсан чамд туслахыг бодно гэж хэлээд гаргажээ. Нэгэн гудамжны цаана хүлээж байсан амраг хайрт Жаргал, анд найз Дэлгэр хоёр дээрээ Догсуу инээд алдчихсан гүйн ирлээ.
    – Ямар ч байсан Жаргалыг хүнтэй гэдгийг сонсоод хүүгээ болиулахаар шийдсэн гэхэд нь нөгөө хоёр нь дэвхцэн баярлав. Ингээд Жаргал гэртээ харихаар, нөгөө хоёр нь байшиндаа очиж хэвтэхээр явлаа. Маргааш өглөө нь Догсууг орондоо хэвтэж байхад нь амбаны газрын манж, монгол цэргүүд очиж баривчлав. Мөн найз Дэлгэрийг нь ч хамтад нь барьсан байна.Чухам ямар хэргээр баригдаж буйгаа ч мэдэхгүй Батцагаанд хоригджээ. Нэг хоносны дараагаар түүнийг тулган байцаалаа. Амбаны газрын нэгэн манж түшмэл Туулын бургасанд бусдад хорлогдон нас барсан хэргийг тулгажээ. Ингээд л хоёр залуу эрүү шүүлтэнд тарчилж эхлэв. Энэ хооронд хайртай залуу нь усанд хаясан чулуу шиг алга болсонд гайхсан Жаргал бүсгүй бөөн эрэл сурал болж байлаа. Ийм маягаар сар гаруй хугацаа өнгөрсөн боловч сураг ажиг сонсогдсонгүй.
    Нэгэн орой Жаргалыг гэрээс нь хүн дуудуулжээ. Гартал хайртай залуугийнх нь найз Дэлгэр нүүр нь нилдээ шарх сорви болчихсон зогсож байх нь тэр. Болсон явдлыг сонссон Жаргал ч уйлан хайллаа. Нэгэнт хэрэг нь мухардсан Догсуу найзыгаа аварч, ар гэртээ хэл өгөхийн тулд өөр дээрээ хамаг анхаарлыг татаж суллажээ. Үнэхээр Догсууг л хэрэгт унагах шаардлагатай болохоос бус хаа хамаагүй Дэлгэрийг сонирхох хүн байсангүй. Хэсэг чимээгүй байснаа Дэлгэр,
    – Энэ бол Дондов зангийн хийж буй ажил гэж палхийтэл хэлэв. Энэ үгийг сонсоод Жаргал ч хачин ихээр гунигласан нь ойлгомжтой.
    – Би тэгээд яах вэ?
    – Нээрээ би Дондов зангийн хүүтэй суучихвал Догсуу маань аврагдах болов уу?
    – Мэдэхгүй юм даа. Ийм л яриа боллоо. Маргааш нь Хүрээ даяар ийм яриа тархлаа. Манж түшмэлийг хөнөөсөн Догсуу хэмээх дархад эр шоронгоос оргох гэж байгаад хуягийн суманд өртөж үхсэн болох нь тодорхой болжээ. Энэ цуу яриа үнэн худал алин болохыг мэдэхээр Жаргал, Дэлгэр хоёр Батцагааны гяндангаар очжээ. Жаргалын таньдаг хүнээс лавлахад,
    – Тийм ээ. Хөөрхий залуу оргосон гэсэн. Тэгээд л манж цэрэгт буудуулсан байна лээ. Уг нь мүглэнд байсан. Оргоно гэж баймааргүй юм даа гэжээ. Найз Дэлгэр нь цогцсыг нь авч оршуулах гэсэн авч өгсөнгүй. Аль хэдийн Даландавхарт аваачаад хаячихсан гэжээ. Ингээд Дэлгэр эцэг, эхэд нь хэл дуулгахаар хөдлөв. Түүнийг хөдлөхөд Жаргал нулимс дуслуулан байж,
    – Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь би амьд яваад юүхэв гэхэд нь Дэлгэр,
    – Чи тэгж болохгүй ээ. Үхсэний хойноос үхэлтэй биш, амьд явахаа бод. Харин тэр новшийн хүүтэй л бүү суугаарай гэж чандлан захиад морджээ. Түүний явсны хэдхэн хоногийн дараа Жаргал Туул голд унаж амиа хорлосон гэдэг.
    Хагас сар шахам явсны эцэст Дэлгэр нутагтаа очин Догсуугийн эцэг Хавх зайранд болсон явдлыг мэдүүлжээ. Зайран энэ явдлыг сонсоод цурхиртал уйлж байлаа (эхнэр нь ч мөн адил). Бүтэн хоног уйлсны эцэст зайрантан Дэлгэрт,
    – Миний нулимсыг үзлээ. Би барагдахгүй их нулимстай ажээ. Тэд ч гэсэн барагдахгүй их нулимстай байх ёстой гэж шүд зуун хэлжээ. Тэгээд Дэлгэрийг дагуулан Хүрээнд ирсэн ажгуу. Түүний ирэхэд Жаргал амиа хорлочихсон байсан нь зайрантанг бүр ч хилэгнүүллээ. Тэрбээр ,
    – Тэнгэр эцэг минь, хэнгэргийг минь хэн өвлөх юм бэ? Адаглаад амин ганц үрийнхээ амраг хүүхнийг харах ч өнгөрлөө. Би тэр Дондов гэгчийг хармаар байна гэжээ. Тэрбээр холоос зангийг харснаа,
    – Энэ хүнийг би тийм ч амар үхүүлэхгүй. Харин гурван үеэр нь хараана гэж хэлсэн гэдэг. Мөн зайрантан энэ бүхнийг түүнд өөрт нь мэдэгдэхийг хүсчээ. Тэгээд Дондов зангийн гэрт нь шууд явж оржээ. Их л хачин үс гэзэг нь сэгсийсэн бөө байрын хүн орж ирсэнд Дондов занги ихээхэн гайхаж байлаа. Зайран гэнэтхэн,
    – Чи миний хүүг хөнөөсөн. Гэхдээ би чамайг алахгүй. Харин би чамайг гурван үеэр чинь харааж байж дуусгана. Түй! хэмээн нулимхад гэгээн цагаан өдрөөр гэр дотор тас харанхуй болсон гэдэг. Хэсэг хугацааны дараа байдал хэвэндээ ороход гэнэтхэн үс нь цайсан Дондов занги уйлан хайлан өмнө нь сөхрөн унажээ. Ихээхэн сонин нь тооно нь хувхайрч, тулга нь зэвэрсэн байсан аж.
    – Өршөө намайг, өршөө гэхэд нь
    – Би чамайг гурван үеэр чинь хараалаа. Чи үхэхгүй ээ. Харин тарчилна гэж хэлээд гарсан гэдэг. Энэ цагаас хойш зайран чухам хэрхсэн нь тодорхойгүй. Харин Дондов занги ёстой л гурван үеэрээ муугаа үзсэн гэдэг. Удаа ч үгүй хүү нь эхнэр авахаар болов. Ер нь залуу нь сүүлийн үед нэг л маанагдуу ч юм шиг болсон байлаа. Тэр нэгэн эмэгтэйтэй дэр нэгтгэх болсон нь эцэг, эхийнхээ хараанаас мултарсангүй. Дондовын хүү Пэрэнлэйгийн сэм ханилах болсон эмэгтэй нь гарал үүсэл нь тодорхойгүй айлын зарц эмэгтэй байлаа. Эцэг нь уурлаж хилэгнэсэн авч эрх ганц хүү нь сайхь эмэгтэйгээс салсангүй. Бас хориглочихвол яах ч юм билээ гэж бодоод арга буюу зөвшөөрчээ. Үнэндээ бараг л зайрангийн хараал цаанаас нь зохицуулсан гэж хэлбэл зохилтой.
    Ингээд Борогчин хэмээн тас хар царайтай хорчгор эмэгтэй Дондов зангийн мантгар цагаан залуутай ханилах нь тэр. Есөн сарын дараа хүү төрсөн нь нэг л сонин бас хачин муухай байжээ. Энэ нь хоёр хүйстэй хүүхэд байлаа. Манин гэсэн үг л дээ. Үүнээс болоод Дондов зангийн хатан сэтгэлээр унаж хачин маанагдуу болжээ. Дараа жил нь нэгэн хүү төрсөн нь эв эрүүл, сав саруул нэгэн хүү байлаа. Энэ хооронд яагаад ч юм Дондов занги хилс хэрэгт гүтгэгдэн гянданд хоригдож есөн эрүү тулгагджээ. Есөн эрүү гэдэг нь манай үеийн хамгийн харгис эрүү шүүлт байлаа.
    Хумс руу хулс шаах, мүглэнд жийх, хонгор азарга гээд л бараг бодохоос ч айдас хүрэм зүйл гэсэн үг. Ингэж ингэж нэг юм хэрэг нь шийдэгдсэн аж. Гэхдээ бүх хөрөнгөө хураалгасан нь хамгийн хүнд цохилт болжээ. Дондов маанаг эхнэр, хүү, бэр, хоёр ачтайгаа гудамжинд хөөгдөн гарчээ. Тэдэнд хэн ч элгэмсэг сэтгэлээр хандсангүй. Харин тэнэж зовлон үзсэн хорчгор бэр нь л тус болсон гэж хэлж болно. Бэр нь нэг өдөр сураггүй алга болчихов. Урин дулааны цаг учраас гадаа хонож байтал нь сарын дараа бэр нь дөрвөн ханатай навтгар хар гэр ганц тэмээнд ачаалчихсан иржээ. Ингэж толгой хоргодох оронтой боллоо.
    Дондов зангийн эхнэрээс бусад нь айлын хар бор ажил хийж гол зогоох юм олно. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, манж нарыг хөөхөд ч гэсэн амьдрал ахуй нь дээшилсэнгүй. Эрх танхи өссөн хүү нь улам бүр унхиагүй болж, эхнэр нь бараг нүдэн дээр нь элдвийн эрстэй загас наадуулна. Энэ бүхнээс болоод Дондов занги амиа хорлох гэж оролдсон авч бүтсэнгүй. Хорвоо түүнийг амьд байлгаж зовоохоор шийджээ. 1919 онд Хүрээнд гамин цэрэг орж ирэхэд хамгийн их баярласан хүн бол Дондов байжээ. Тэрбээр гамингийн Сийлэнбуугийн яаман дээр очиж өөрийгөө танилцуулан ажил төрөлд орохыг хүсчээ. Энэ бүхэн нь хүсэлт ёсоор болж Дондов хүүтэйгээ хоёулаа гамингийн талд зүтгэх болжээ. Тэдэнд Маймаа хотод (Амгалан) нэгэн хашаа байшин өгсөн ажгуу. Хамгийн муухай нь Дондовын том ач манин жаалыг нь гаж донтой гамин цэргүүд ээлжлэн эдлэж байгаа нь олон түмэнд маш жигшүүртэй байлаа. Ер нь Дондовт ч гэсэн эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ өлсөж үхэх гэж байсан хүмүүст энэ нь бараг л хамаагүй хэрэг болжээ. Мөн бэр нь Маймаа хотын өвгөн луухаануудтай самууран цэнгэнэ. Хүү нь гэж бүтэлгүй амьтан хужаа нарын шээс зөөгөөд л явна.
    Энэ маягаар эх орноо худалдаж, харийнхны өмнө бөхөлзөж гэдэс цатгалан явах “аз жаргал” нь даан ч богинохон хугацаатай байжээ. 1921 онд хувьсгал ялж гаминг хөөснөөр дуусгавар болжээ. Төр, засаг ч тэдэнтэй хариуцлага тооцож сүйд болсонгүй. Тэд Хятадын пүүсний хар бор ажил хийн нохойн махаар гол зогоох болсон аж. Эхнэр нь нас барснаар Дондовын зовлон бага ч болов нимгэрч байлаа. Тэр маш урт насалсан юм. 1931 онд хүүгээ эсэргүү хэрэгт татагдаж Дотоодыг хамгаалахын шоронд нүд анихад хүртэл амьд байжээ. Дондов хужаа нарын дэвсгэр болсон бэр, хэдэн ачтайгаа үлджээ. Хоёр ч ач нь нүдэн дээр нь шалтгаангүйгээр үхэж, шөнө дунд бэр нь өвгөн луухаан дагуулж орж ирээд амьсгаадан загас наадуулах зэрэг нь ямар байх нь тодорхой. Дондов амьсгаадан үхэх гэж хэвтэхдээ ач хүүдээ,
    – Энэ бүхэн бидний буруу. Намайг тэр зайрангийн нүд байнга харж байдаг юм гэж хэлсэн гэдэг. Ач нар нь ч гэсэн айл хунар болоод олигтой амьдарсангүй. Социализмын үед траншейны хүн гэж байхгүй байхад л орц хонгилд хонож өнжиж ядарч байжээ. Эдний удмын сүүлчийн хүн нь 1990 онд үхсэн аж. 1990 онд шоронгоос суллагдсан Олдох гэгч залуу сүүлчийнх нь удам байжээ. Тэрбээр вагонд дайрагдаж үхсэн бөгөөд цээж нь салчихсан байхад нүд нь эргэлдэж, зүрх нь цохилж байсан гэдэг. Хаа хол 100-аад жилийн тэртээх Дондов гэгч эрийн хийсэн балаг Хавх зайрангийн хараалыг хөдөлгөж, ийнхүү гурав бүр дөрөв дэх үеэрээ ч тарчлан зовсоор сая нэг амарсан нь энэ. Дашрамд сонирхуулахад Хавх зайран харын бөө байсан учраас ихээхэн хүчтэй нэгэн ажээ.

  • ҮАБЗ-ИЙН 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.

    Миний бие ҮАБЗ-ийн Ажлын албаны анхны даргаар томилогдсон билээ. Анх арав хүрэхгүй хүнтэй байгууллага хүлээж авч байж билээ. Тэгээд өөрийн гэх байр, барилгатай болох ажлаас анхлан үйл ажиллагаа эхэлсэн.
    Хуулийн дагуу ҮАБЗ-ын ажлын албаны дарга нь Төсвийн Ерөнхий менежерийн үүрэг, хариуцлага хүлээж, Байгууллагын санхүү, аж ахуйг бие даалгах гээд олон ажил өрнөсөн.
    ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга дундажаар 1,5 жил болоод Элчин сайдын албанд томилогддог онцлоготой байсан тул Албаны дарга их ачаалалтай ажилладаг байлаа.
    ҮАБЗ-ийн гишүүдийн идэвхитэй туслалцаатайгаар ҮАБЗ нь бие даасан барилгатай болсон билээ. Ингээд бид өөрийн байртай болсон түүхтэй. Энэ барилгыг байгуулахад захиалагчийн хувьд их ажил өргөсөн байдаг.
    Тэгээд ч алба маань өргөжиж, хэд хэдэн албатай болсон. Дараа нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн барилгын ажилд шуурхайлан орж, хүлээж авсан. Ажлын алба нь Стратегийн судалгааны Хүрээлэн, эрдэмтэн, судлаачдаар өргөжин тэлсэн. Улмаар Ажлын алба нь төрийн яамны хэмжээний зуу гаруй хүнтэй байгууллага болсон. Алба маань улс орныхоо бүх анхаарал татсан газарт хүрч ажиллдаг байлаа.
    Энэ бол түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ эрүүл саруул, элбэг хангалуун, энх амгалан амьдралын төлөө он удаан жил чин сэтгэл, мэргэн ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж ирсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл үеийн Тэргүүн, гишүүд, Нарийн бичгийн дарга, ахмад ажилтнууд болон өнөөгийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, шинжээчид, эрдэмтэн, судлаачдын Үндэстний үнэт зүйлсээ нандигнан хадгалах, төр улсынхаа язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэн ажиллаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалахын төлөө, бүх хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн он жилүүд байлаа.
    Энэ байгуулагад ажиллаж байсан мэргэжлийн хүний хувьд сүүлийн жилүүдэд ҮАБЗ-ийн зөвлөмж, аж ахуйн шинжтэй болж байгаад санаа зовниж сууна.

    Д.Жаргалсайхан. ҮАБЗ-ийн анхны Ажлын албаны дарга, Зэвсэгт хүчний хурандаа

    djmedia:658
  • МОНГОЛ УЛАМЖЛАЛАА ТОД ХАРУУЛСАН НАРНЫ ТАХИЛГА БОЛЖ ЧАДЛАА.

     

    Нарны тахилгын өглөөний нарыг хэрхэн мандах бол, үүлтэй, бас бороотой байх болов уу гэж сэтгэлээ шаналгасаар шөнийн уртыг өнгөрүүлдэг. Нарны тахилгыг зохион байгуулах их ачаалалыг нуруундаа үүрсэн хоёр залуу маань энэ шөнийг догдлон өнгөрүүлсээр нойргүй хонож байгаа. Шөнө бороо хаялсан болохоор өглөө битүү үүлэрхэг байх магадлал өндөр байсан билээ.
    Үүрйин гэгээ орох үед тэнгэр бүрхэг харагдаж байлаа. Зүүн зүгээс тэнгэр онгойх сэтгэлийг гэгэлзүүлсээр тэнгэрийн хаяагаар хөх тэнгэр найдвар төрүүлэн мэлтийнэ.
    Тахилга хийхээр цугларсан олон гэр, асараа тойрон журамтай буусан харагдана. Өглөөгүүр шүтлэгтэн олны цуваа тасралгүй нэмэгдсээр нарны тахилгын талбай зон олноор дүүрэн харагдана. Энэ бол 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хүй долоон худагийн Цагаан хөтөлд болох Нарны тахилгын эхлэлийн дүр зураг байлаа.

    Өглөөний гэгээ орж, нарны туяа уулсын цаанаас аажимхан нэмэгдсээр шинэ өдрийг тунхаглан Наран мандах мөчид Хорин нэгэн морин хуурч хуурийн эгшигэнд монгол ардын уртын дууг тоглож уужим талд ард олны сэтгэл сэргэж, баярын сэтгэлийг огшоож цуурайтуулав. Юутай сайхан монголын минь нэг өглөө.
    Монгол морин хуурын эгшиг үргэлжилж, Хорин нэгэн уртын дуучид Монголын уртын дуугаа нарандаа илгээхэд хорвоо дэлхий юутай сайхан хослон үзэгдэнэ вэ.
    Нарны их тахилга, залбиралийн үйлийг эхлэж, Монгол бөөгийн удган, Гооршчууд Х. Майцэцэг толгойлж бөөлж эхэллээ. Бөөлөх явцдаа бие даасан бол хамтарч, нэгдэж бөөлөх үйл ажиллагааг сайн зохион байгуулжээ. Нийтэд болон нийгэмд бөөлөлтийг харуулах уялдаа холбоог гаргаж чадлаа.
    Энэхэн мөчид Хорин нэгэн алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулсан алдарт ээжүүд сүүн цацлаан нарандаа өргөн залбирцгаалаа.
    Толгойлон бөөлөлтийн араас Хорин нэгэн удгад зайрангууд нэгэн зэрэг нарны залбирал үйлдэж төр түмэн олноо Алтан шар нарандаа даатган бөөлөв.
    Байгаль дэлхий олон төрх өнгөө гайхуулж, тэнгэрт солонго татав. Энэ бүхэн тахилгын нэг содон тэмдэгийг илэрхийлнэ. Маш нарийн тогтсон эмх журам, ёс заншил үргэлжилсээр Нарны тахилгын эхний хэсэг өндөрлөсөн билээ. Үүлэрхэг тэнгэр онгойж цэнхэр тэнгэр хурц нар дэлхийг соёрхолоо.
    МБНЭ-ээс зохион байгуулж байгаа нарны тахилгыг гурван жилээр нэгэн улаач хариуцан хийдэг нь уламжлал болж байгаа билээ. Эхний гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн зайран Цагаанхүү, дараагийн гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Батжаргал нар хийсэн билээ. Тэдний тахилга нь өөр, өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц өнгө аясыг агуулсаар ирсэн байдаг.
    Харин энэ удаагийн тахилгыг бөөгийн олон багийг нэгтгэн зангидаж зохион байгуулснаар онцлог байлаа. Тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн түшээ, Ерөнхий зохицуулагч Гончигын ажил зохион байгуулах туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхийг хүсч байна. Нөгөө талдаа Майцэцэгийн санал санаачлага, ур чадвар тод харагдаж байлаа. Энэ хоёр мөн чанар нэгдэн Нарны тахилгыг өвөрмөц өнгө аясыг бий болгож чадлаа.
    Хамтарч арга хэмжээ хийх, бие даасан багуудын чадварыг нэгтгэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг тод томруун харагдаж байлаа.
    Ажил хийж байгаа хүнд алдаа гаргах нь бий. Түүндээ сургамж авч, давтахгүй байж чадвал дараагийн алхамдаа улам чамбай байх болно.
    Бөөгийн арга хэмжээний нөгөө тал бол хамтарч хийх ажлын санхүүжилтээ босгох асуудал юм. Санаа нийлсэн хамт олон бүрдүүлж тахилгын арга хэмжээг сайн зохион байгуулж чадсан байна. Манай зарим хуучинсаг хэсэг томоохон арга хэмжээг хийхэд зарцуулах хөрөнгийг бөөлөхийн тулд төнгө авлаа гэж буруутгах өнцөгөөс шүүмжилж байгаа нь харагдсан. Тийм бишээ. Одоо цаг үед зохиож байгаа ажлын нэг тал санхүүгээс шууд хамааралтай болохыг хүн болгон мэддэг болсон байх аа.
    Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй. Тэдгээрийн нэгэнд уул ус, тэнгэр тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний овоо, лусын тахилгаа цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.
    Энэ жилийн нарны тахилгын үеэр үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх оролцов.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөюөгт үлдсэн бөхөд Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”, ”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Энэ удаагийн Нарны тахилгад хүчээ сорьсан сурын харваачдаас эхний байруудад шалгарсан харваачдыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар эхний гурван байранд шалгарсан сурын харваачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”,”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна. Энэхүү наадмын бэлтгэл гарсан дааганы уралдааныг Нарны тахилгын наадамд шандас сорин уралдуулав.

    Ийнхүү энэ удаагийн тахилгыг Монгол бөөгийн удган Х.Майцэцэг амжилттай сайн зохион байгууллаа. Энэхүү тахилгад монгол нутгийн аймаг сумдаас ирсэн төлөөлөл хүрэлцн ирж дэмжин оролцсон. Хамтарч нэгдэж ажиллахын нэг онцлог энэ. Ганц, ганцаараа, эсвэл гал галаараа, багштйнхаа удирдлага дор бөөгийн зөн үйлийг хийсээр ирсэн. Олон улаач нар нийлж байгаа үзэл бодол дээрээ нэгдэж ажиллах нь тулгамдаж байгаа асуудал юм. Бид энэ чигт л явж байна.
    Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор бүгд гар нийлэмжтэй ажиллаж галын тахилгын бэлтгэл ажлыг хангалаа. Галын тахилга эхлэх үед олон хүн нэмж ирсэн. Тус галын их тахилгад сонгогдсон хорин нэгэн удгад зайрангууд Төр, Түмэн олноо даатгаж мөн зорин ирсэн бүхнийг ивээлдээ багтааан бөөлсөн билээ.
    Монгол бөөгийн хамтарч бөөлөх, хүсэл зорилгоо нэгтгэн эх орон, түмэн олныхоо төлөө залбирахад бөөгийн зан үйлийг хатуу сахилга дэг журамтай хийх нь маш чухал байдаг.
    Энэхүү галын тахилгыг хамтран зохион байгуулсан улаач нартаа баярлалаа. Бас талархал илэрхийлье.
    Галын тахилгыг дэг журамтай сайхан зохион байгуулсан нь өөр зүйл хүсч байсан зарим хүмүүсийн дургүйг хүргэж байгаа бололтой. Энэ бол бидэнд байгаад байдаг хаявал зохих зан авир билээ.
    Урьд өмнөх галын тахилгууд толгойлж бөөлөх улаач зан үйлээ эхлэнгүүт араас нь дуртай нь хуяглан бөөлж замбараагүй байдал газар авчихдаг байсан. Энэ удаа толгойлон бөөлж буй улаач зан үйлээ хийхдээ дэг журмаа хатуу баримтлан зохион байгуулж хийлээ.
    Харин тахилга дээр гэнэт ирсэн зочин тэрхүү дэг журмыг эвдэн Тахилгын галд дураараа юм өргөх гэж “дайрсан” байдаг. Үүний цаана зориуд хэл ам өдөх гэсэн оролдлого явж байсан. Бусдынхаа үйлийг үл хүндлэх зан чанар энд харагдаж байна. Хэдий бид хүний эрх чөлөө ярьж, дураараа байх зарим эрх эдэлдэг гэлээ ч тахилгад хатуу дэг журам баримталж ажиллахгүй бол галаа “сэвтээдэг” гашуун туршлага бий. Түүнээс сэргэмжилж нэгдсэн удирдлагаар галын дэг журмыг сахиж ажиллах ёстой.
    Зав муутай нэгэн байх юм бол тахилгад зорьж очихын хэрэг юун билээ. Бүр болохгүй бол бусдадаа захиж өргөлөө хэлээд орхиж болно шүү дээ. Бөө нар бусдынхаа хийж буй зан үйлийг чин сэтгэлээсээ дэмжихийн оронд зориуд хэл, ам гаргаж маргаан үүсгэх шаардлага үгүй билээ. Зохион байгуулагч үл зөвшөөрсөн бол түүний шаардлагыг биелүүлэхэд л ямарч хэл ам гарахгүй өнгөрөх боломж бүрдэнэ. Тахилга зохион байгуулагчийн нэр хүндийг гутаах гэж их л оролдох шиг боллоо. Харин би бодохдоо залуу хүн гэхэд маш сайн зохион байгууллаа гэж дүгнэж байна.
    Хүн муулсан хүн өөрийгөө л таниулж байдаг. Дэлхий нийтээр тогтсон ёс зүйн хэм хэмжээний доод төвшинд очихоороо бие хүний хувийн чанарыг муугаар төсөөлөх гэж оролдох, нэр гоч өгөх, доромжлох гэж оролддог. Ийм ёс зүй ичигвэтэр болсон хэв хэмжээ, өөрийнхөө сул талыг илэрхийлсэн алхам байдаг. Юун хүнээр уучлал гүйлгах, бусдын үйлийг үймүүлсэний төлөө, өөрөө цугласан олноос уучлал гуйж сурах хэрэгтэй болов уу.
    Түмэн олондоо зориулсан Нарны тахилга амжиллтай болж өнгөрлөө.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс бүгдийг ивээх болтугай.

     

    djmedia:657
  • ХӨВСГӨЛД АЯЛАВ

    Шавь нар нь надтай нийлээд хэдэн машин алсын аянд дөрөө харшуулан хөдөллөө. Эртнээс төлөвлөж бэлтгэсэн хөвсгөлийн аялал Дархан зайрангийн хүсэлтээр Улаан-Уул суманд нилээд хэд хонохоор болж Цэгмэд удганы хээрийн онгонд зураг авах болсон. Тэр хэсэг зураг авалтын оргил хэсэг юм хэмээн бодож явлаа.
    Булганы нутагт Дархан зайрангийн шавь Өлзийхутаг зайрангийнд түр буудаллаж, хийж бүтээсэн их ажилтай танилцаж билээ. Олон жил уулзаагүй шавь багшийн харилцаа эргээд сэргэж, бодол саналаа хуваалцан ярилцаж суулаа. Тэгээд багшдаа бэлэглэхээр бэлтгэсэн нандин зүйлээ дурсгаж уулзалт халуун дотно болж өнгөрөв. Багш шавийн харилцаа хэвийн болсонд хамт явсан бид сэтгэл хангалуун байлаа.
    Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт Босго даваа өнгөрүүт төв замаас гарсан нь Зайран гэргийн хамт хадам аав, ээж хоёрын нутаглуулсан газарт очиж буй хэрэг байлаа. Тэндээс хөдлөөд Ачмаг нуур хүрмэгц урагш эргэж цөөхөн км яваад хадамуудын амьдралаа өнгөрүүлсэн буурин дээр очлоо. Багагүй өндөрлөг газарт байрладаг тул ойр хавийн нутаг алган дээр байгаа мэт харагдана. Зайран зан үйл хийх бэлтгэлийг хангаж, машинаас морин хуур авчирч байгаа нь харагдав. Гэргий нь морин хуурын эгшигээр эцэг, эхийнхээ бууриндаа жавар үргээн хуурдана. Дараа нь зан үйл хийж, дурсгалын зураг авснаар өндөрлөв.
    Хагас цаг давхиад Мөрөн хот оров. Зайрангийн шавь П.Эрдэнэбаатар биднийг угтаж авч энэ оройг хамтдаа өнгөрөөлөө. Энэ өдөр зайран шавийнхаа онгодын өргөөнд буусан юм. Дархан зайран шавьдаа онгод залж өгөв. Бид түүнд оролцож, бүгд хуур манжигаар хүч нэмэн бөөлсөн билээ.
    Маргааш өглөө нь аймгийн захиргаа орж, нутгийн удирдлагатай уулзаж ярилцав. Хошин шог аясаал зайран маань биднийг инээлгэж л явлаа.
    Аяны замаа үргэлжлүүлж Мөрөнгөөс гарч Эрдэнэхайрхан буюу 50 ба 100-ын цогцолборт хүрч ирлээ. Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар хуур манжигаар бөөлж, хайрханы тахилгаа хийх хугацаагаа мэдүүлсэн. Хайрханы дэргэдэх багийн төвд хонож эртлэн хөдлөхөөр товлов. Нэгэнт чөлөө цаг байгаа учир хайрханы агуйд очив. Бүгд агуйд орж, элдвийг хүүрнэн баясалдан ярилцав. Хөгжөөнтэй, хошин яриа орой амрах хүртлээ үргэлжлэв.
    Хөвсгөл аймгийн Улаан уул сум руу явах замд Хорьдол сардагийн нурууны өмнөд хэсгээр буюу Өлийн Халзан даваан дээр Дархад ястны тахин шүтэн дээдэлдэг 13 овоо бий. Даваанаас цааш 25 км яваад Улаан уул суманд очлоо.
    Сумын багууд хөдөлмөр дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлын тайлангаа тавьж байлаа. Завшаантай л тохиолдол гэж бэлэгшээв. Сум орон нутаг боломжоо ашиглан брэнд бүтээгдэхүүнээ тодорхойлох гэж зүтгэж байна. Зайран, манай багийнхан нутгийн музейг үзэж сонирхлоо. Гараад бид Дархадын цагаан адуунд зориулж сумын төвд босгосон хөшөөнд очиж дурсгалын зураг авахуулж, хуучлан ярилцаж билээ.
    Тэндээс шууд сумын зүүн талд ойн төгөлд сумын бүх ахмадууд цугларсан тул бид очиж уулзсан билээ. Бас л сонин тохиолдол байлаа. Бид аян замын зорилгоо ярьж, хамгийн өндөр настай буурал, сумандаа 40 жил эх барьсан эмчид дурсгалын зүйл, МБНЭ-ийн шагнал мөнх тэнгэрийн төлөө хүрэл шонхор медаль гардуулсан юм.
    Дархан зайранг нутгийнхан Шархүү зайран гэнэ. Сумын начин цолтой сайн ч барилдаж явжээ. Дарга хэмээн намайг дуудсан нь цэрэгт хамт алба хааж байсан андуудтай хамт зургаа даруулахаар зогссон байв. Тэр гурав надаар дурсгалын зургаа даруулж, үлдээд нилээд хуучлан ярилцана билээ.
    Тэндээс бид байгаль хамгаалагчдын санаачлан байгуулсан музейг үзэж сонирхосон. Зайран маань үе, үе залуу насны хурц хөдөлгөөн шогч чанар илэрч шоглож наргина.
    Энэ хэдэн өдөр дархан зайран маань хамаатан садан, нутгийн олонтой уулзаж байлаа. Нутагтаа ирээгүй цөөнгүй жил болсон болохоор хэн, хэнгүй л нэг нэгнээ санасан харагдана.
    Болзсон өдөр болж бид тахилга хийхээр хөдөллөө. Эхлээд ууган охиныд очлоо. Яриа хөөрөөтэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй бүсгүй ажээ. Энд ирээд нэг зүйлийн ойлгосон. Олон жил салангад явсан эцэг, хүн үр хүүхдүүдтэйгээ уулзаж, санаа бодлоо ойлголцож, сэтгэл нь тайвширсан болов уу.
    Өндөрлөг газар хээрийн онгод оршино. Гол хөшөөний оройд соёмбо хийж, суулгахаар авчирсан байв. Түүнийгээ залсаны дараа зайран сэтгэл өндөр байлаа.
    Дархадын алдарт удган Цэгмэд удганы хээрийн онгонд хийх тахилга жин үдэд эхэллээ. Дархан зайран хуяглан босч онгодоо дуудав. Бөөлөлт дундаа орох үед маш их олон шувууд сүрэглэн ирж тойрч нисээд одов.
    Нутгийн зон олон цугларч, ар талдаа үлдсэн хүмүүс радио станцаар бөөлөлтийн тамлага, дуудлага, бөөлөлтийг дамжуулж сонсгоно билээ. Түүний араас гэргий, Лхагва-Эрдэнэ удган, шавь нар нь бөөлсөн. Харин хүүхдүүд нь ирж бөөлөөнд оролцох болов уу гэсэн горьдлогоор өнгөрсөн. Тахилганд ирсэн олон дархан зайрандаа мөргөж адис авах харагдав.
    Гол даган буудалсан хэд хэдэн айлаар оров. Энэ газар нутагт бөөгийн зан үйл илт давамгай шүтдэг ажээ. Мунгараг олын дагуу байрлаж майханаа дэлгэж, хоноглохоор буудаллав.
    Зайран шөнийн од түгэх мөчид галын тахилгаа хийв. Энэхүү тахилгадаа хүүгээ ирж оролцох болов уу гэж их харсан. Шавь нарын хамт тахилга болж өнгөрөв.
    Орой болохын алдад зайрангийн том хүү нь хорхог хийж биднийг дайлахаар ирэв. Энэ өдөр тэднийг хаваржаанаас буюу голын дээд хэсгээс нүүдэллэж, төв замын дагуу зусландаа буудалсан ажээ. Их ажлаа амжуулчихаад бидэнд дээр ирсэн бололтой.
    Монголын улаач нар нэгдэж хамтарч ажиллах тухай уриалгыг нутгийн зон олон, улаач нар талархан дэмжиж байлаа. Тэгээд ч олон хүн бидэнтэй уулзаж байв. Тэдний дунд зайрангийн хүүхдүүд байсан.

    djmedia:656
  • ХАМБАТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

     

    Уулзалтын эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Кардинал Жиоржио Маренгод 2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхагласаныг тохиолдуулан баяр хүргэж, нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгод Монголын улаач нарын өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаар танилцуулж, түүхэн явц, өнөөгийн байдлыг танилцууллаа. Мөн харилцан сонирхосон асуудлаар санал солилцлоо.
    Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
    1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.

    djmedia:655

    1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
    2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан.
    2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.

    КАРДИНАЛ ЖИОРЖИО МАРЕНГО
    2022-11-09
    Share Tweet

    Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.
    1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ.
    1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
    2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан. Энэ хугацаандаа шашин хоорондын харилцаа болон соёлын судалгааны нэгэн жижиг төвийг Хархорин хотод санаачлан эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Папын дэргэдэх шашин хоорондын харилцааны зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон.
    2022 оны 8-р сарын 27-нд Ромд хотод Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхаглалаа. Нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үйлчлэлд зүтгэж буй Кардинал Жиоржио Маренгодоо Монгол дахь нийт католик сүмүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

    Тайлбар: Ромын хамба лам буюу Папын шашны хариуцлагатны үйл ажиллагааг дэмжих зэмсэг гэсэн утгаар кардиналуудын коллежиумын (нийт бүрэлдэхүүний) нэгдлийг бэлгэдэхийн тулд Кардинал болж буй хүнд Ром дахь шашны хүрээнд хамаарах сүмүүдээс эсвэл Ромын ойролцоох шашны хүрээнүүдээс аль нэгийг нь сонгон оноодог бөгөөд тухайн оноосон газрын нэр нь түүний цол гуншин болдог.