Author: admin_shaman

  • “БИ МОНГОЛ ХҮН”

     

    Аргалын утаа боргилсон
    Малчны гэрт төрсөн би
    Атар хээр нутгаа
    Өлгий минь гэж боддог
    Цэнхэр манан суунагласан
    Алсын бараа ширтээд
    Цэлгэр сайхан нутгаа
    Сэтгэл бахдан харахад
    Үлээж байгаа салхи нь
    Үнсээд байгаа ч юм шиг
    Өршөөлт ээжийн минь гар
    Илээд байгаа ч юм шиг
    Энэрэнгүй сайхан санагдахад
    Элэг зүрх минь догдолж
    Хосгүй баярын нулимс
    Хоёр нүдий минь бүрхдэг.
    Өргөн сайхан нутгийнхаа
    Өвчүүн дээр нь төрөөд
    Өнөр уудам талынхаа
    Өнгөт амьдралын төлөө
    Амь биеэ зориулдаг
    Ариун нандин заншилтай
    Өвгөд хөгшид дээдсийн минь
    Үрээ гэж найдаад
    Үлдээж надад өгсөн
    Өнөр Монгол орны
    Нар нь намайг гийгүүлж
    Нарийн салхи нь үлээж
    Намираа хур нь тэжээж
    Найртай сайхан орон минь
    Надтай хувь нэг байдаг тул
    Унасан энэ нутгаа би
    Өөрийн бие шиг хайрлаж
    Угаасан тунгалаг мөрнөө би
    Эхийн сүү шиг санадаг
    Энэ нутагтаа би эзэн нь юм
    Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
    Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох
    Их үүрэг хүлээсэн юм
    Хэрэв хүн, эх орноо
    Хамгаас үнэтэй гэдэг бол
    Хээр тал нутгаа
    Юунаас ч илүү санадаг бол
    Ажиллах хөдлөх бүрдээ
    Алхах гишгэх болгондоо
    Аугаа орныхоо төлөө бол
    Алтан шороо руугаа дайрсан
    Атаатны хорт сумыг
    Аюуш шиг цээжээрээ таглан
    Амиа өгөхөөс буцдаггүй бол
    Энэ хүн Монгол хүн
    Эх орондоо хайртай хүн,
    Энэ хайр нь монголчуудад
    Эртнээс хэвшсэн хайр гэнэ
    Би монгол хүн болохоор
    Биндэрьяа нутгийнхаа төлөө
    Бие амь, бүх насаа
    Авч байгаа амьсгаагаа
    Оргилж байгаа зоригоо
    Алины нь ч хайрлалгүй зориулдаг
    Төрөлх нутгаа гийгүүлсэн
    Нарны туяанд хайртай би
    Төвшин талдаа цууриатсан
    Эгшигт дуунд дуртай би
    Ханагар чөлөөт нутгаа
    Харах тусмаа баясаж байна
    Халуун амиа дүйхгүй
    Зүтгэх зориг нэмэгдэж байна.

    …Ч.Чимид гуай Зөвлөлтийн зохиолч Н.Федоренкотой цуг хөдөөгүүр явж байжээ. Нэг өдөр гадуур явж байгаад Федоренко “Танайд ардын зохиолч байдаг юмуу” гэж асуусан гэнэ. Тэгэхээр нь тулгамдахдаа “Байлгүй яахав, жишээ нь би байна” гэжээ. Тэдний ойролцоо хэдэн хүүхэд тоглож байж. Тэр хоёр тэдэн дээр очиж. Чимид гуай “Хүүхдүүдээ та нар “Би монгол хүн” гэдэг шүлэг мэдэх үү” гэж асууж. Тэгсэн чинь нөгөөх гурван хүүхэд жагсан зогсож байгаад асуусан шүлгийг нь хоолой нийлүүлэн уншиж. Хоёр зохиолчийн сэтгэл зэрэг хөдөлж, тэгэхдээ яагаад ч юм Федоренкогийнх илүү хөдөлсөн гэдэг юм. Тэрбээр,
    -Чимид чи үнэн хэлжээ. “Би монгол хүн” шиг ийм шүлэг бичсэн хүн ардын зохиолч байхыг зөвшөөрнө. Хүүхдүүд чиний шүлгийг уншихыг сонсоод ямар шүлэг зохиосныг чинь ойлгож, чамд биширлээ гээд Чимид гуайн гарыг талархалтайгаар атгасан гэдэг.

  • АНТИ УЛСТӨРЧИД

    Төрийн шагнал авахгүй ээ гээд тэрээр нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, сумынхаа зон олонд ил захидал бичиж орхисон. Тэнэг гэхэд дэндүү тэнэг. Монголын ирээдүй болсон хүүхдүүд гудамж, траншейнд амьдарч байгаа цагт энэ төрөөс ямар ч шагнал авахгүй гэж гүрийсэн хэрэг. Энэ бол Монголд анхны тохиолдол байлаа. Төрийн шагналд нэрээ дэвшүүлэн, араас нь хэл сураг тавьж, нутгийн зөвлөл, танил тал, нэг намын нөхөд энэ тэрээрээ хэлүүлж, дэмжүүлж, хөөцөлддөг бичигдээгүй хуулийг манай баатар ингэж юу ч үгүй болтол нь үгүйсгэсэн юм. Энэ бол иргэний том эсэргүүцэл байлаа.

    Эсэргүүцэх эсэргүүцэхдээ тэрээр бүр зах зээлийн гэх эд мөнгөний төлөөх өлөн ховдог, улангассан эдийн засгийн харилцаа, хүнлэг энэрэнгүй, ардчилсан гэх атлаа тэр бүхнийхээ эсрэг яваад байгаа улс төрийн тогтолцоог ул сууриар нь, уг мөн чанараар нь эсэргүүцэн тэмцэл зарласан юм. Бүр эвлэрэшгүй тэмцэл. Тэгэхдээ тэрээр нам, хөдөлгөөн байгуулж гудамж, талбайд жагссангүй. Өлсгөлөн суулт зарласангүй. Тэгсэн хэрнээ маш хүчтэй, бүр асар хүчтэй оюун сэтгэлгээний эсэргүүцэл, үл эвлэрэл, эс үйлдэх тэмцэлд бүхнээ зориулж, одоо ч гэсэн зүрх сэтгэлээ шатаасаар яваа.
    Үүгээрээ тэр бол Монголын хамгийн том улстөрч. Бас үзэл бодлоосоо ухраагүй цорын ганц улстөрч ч байж мэднэ. Мэднэ гэдгийн учир нь түүн шиг өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай улстөрчид өөрийгөө хэзээ ч зарлан тунхаглаж, олны танил болох гэж омтгойрон зүтгээд байдаггүй тул тэднийг өнөөгийн нийтлэг олонхийн үнэлэмж, шалгуураар хайн бэдрэхэд нэн бэрх. Ямар ч байсан тэрээр яах аргагүй Монголын нийгэм, улс төрийн амьдралд хамгийн идэвхтэй оролцож, хүчтэй нөлөө үзүүлж буй “эс үйлдэгч” улстөрч мөн. Тэр хүн Сүхбаатарын талбайгаар зүүн хойноос баруун урагш, баруун урдаас зүүн хойш гэсэн ганц жимээр л алхахаас бусдаар Төрийн ордонд огт ойртож байгаагүй шахуу. Яам, тамгын газрууд хаана байдгийг бол бүр мэдэхгүй. УИХ-ын 76 гишүүнийг ч танихгүй. Тиймээс бүгдийг нь “Миний дүү” л гэж нэрлэдэг. Тэр нь ч амар. Мань хүний философи угаасаа тийм юм. Бусдыг үл алагчлах. Тиймээс хүн л бол хүн. Дүү л бол дүү. Бүх хүн дүү нь. Тийм л халуун дулаан, зөөлөн эевэрүү сэтгэлээр бүхэнд хандана. Харин аль нэг дүү нь ядуу дорой амьдарч байгаад, хэн нэг дүү нь хог ухан голоо зогоож, бас өөр нэг дүү хүүгийнх нь хүүхэд гудамж, траншейд хоног төөрүүлж байгаад тэрээр улаан голоо гогодуулсан мэт, цээжээ халуун төмрөөр хайруулсан лугаа адил халуунаар энэлэн, сэтгэл зүрхэндээ эмзэглэн шархирч түүнээсээ болоод зах зээлийн гэгдэх энэ харгис хатуу, хахь хүйтэн нийгэмтэй иргэний үл эвлэрэл зарласан юм. Иргэний үл эвлэрэл зарлаад зогсохгүй “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөнийг байгуулан 20 гаруй жил энэ бүхэндээ үнэнчээр тууштай тэмцэж буй. Бүхэл бүтэн 22 жил байтугай хоёр жилийн өмнөх байр сууриасаа 180 градус эргэдэг улстөрч өнөөдөр борооны дараахь мөөг шиг олон болжээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, нам, тойрог, найз нөхөд алив бүхнээ тун амархан сольчихдог, хувийнхаа явцуу эрх ашигт хөтлөгдсөн тийм улстөрчид олшрох тусам манай баатрын дүр улам тодорсоор байгаа юм.
    1997 он. Улс төр ч, эдийн засаг ч бужигнаантай хэвээрээ л байлаа. Анти улстөрч маань ч асар бухимдалтай, гутранги шатанги хэвээр тэмцлээ үргэлжлүүлсээр. Иргэний үл эвлэрлийн тунхагаа зарласныхаа дараахан тэрээр ард түмэндээ хандсан захидал сэтгэмжүүдээ бичив. Хөхөө өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлан улс төрийн тэмцэл өрнүүлсэн “Цогт” нэгдлийнхнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ухамсар, ёс суртахууны хүлцэшгүй доройтлыг үл тэвчин тэмцэхээ дахин учирлав. Тэрээр “Үнэнийг бүү ялгаварлагтун” гэсэн чиг шулуун үгээ тэр үед хэлсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайдад хандан хатуу үгтэй ил захидал бичин, ард түмнийг агшин хугацаанд ч золиосолж үл болно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр тухайн үед УИХ-ын гишүүдийн албан тасалгааны тоног төхөөрөмж, Их тэнгэрийн харшийн зоог гүнцэгт зориулж хямрал хүндрэлтэй эдийн засгаа үл тоон улсынхаа багахан төсвөөс асар их хөрөнгө мөнгө төсөвлөөд байсныг ийнхүү шүүмжлэн буруушаасан хэрэг.
    Тухайн үед улс төрийн намуудыг мань хүн хурцаар шүүмжилж эрүүгийн бүлэг хэмээн нэрлэсэн юм. Үүнийгээ тэрээр “Өнөөгийн улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагаа бол нидэртээ ухна, хуц хоёрын л “моносекс” чанартай үйл ажиллагаа байна шүү дээ. Тэд хоорондоо хэчнээн өөр, хэчнээн сөрөг үзэл бодолтой байлаа ч ард түмний минь халаасыг суйлах, өөрсдөө хөрөнгөжих ашиг сонирхол дээрээ тулахаар ганц ч сөргөлдсөн үг ганхийлгүй гар барилцдаг” хэмээн тодотгосон байдаг. Энэ үгийг өнөөгийн улстөрчид уншаад өөрсдийгөө толинд харах шиг л болох вий.
    1998 он. Улс орны нөхцөл байдал уруудан доройтсонд сэтгэл зовнихдоо тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандид хандан ил захидал өргөн барив. Уг захидалдаа улс төр, нийгмийн тогтолцооны таван бурууг илчлэн оношилсон юм. Тэр нь нэгт, Монголын төр өөрийн ачаагаа хөнгөлж, үүрэг хариуцлагагүй болсон, хоёрт, нийгмийн үйлдвэрлэх хүчнийг бусниулсан өмч хувьчлал явуулсан, гуравт, хөрөнгөлөг цөөнхөд зориулсан ганц “орц”-той ардчиллыг бий болгосон. Монголд хэрэгжиж буй ардчилал үнэн чанартаа жинхэнэ ардчиллын эсрэг шинж чанартай үйл ажиллагаа, хуурамч хээ хуартай баг хэмээн палхийтэл хэлсэн юм. Мъянмарын ардчилагч Ан Сан Су Чи Монголын ардчиллыг “Дүр эсгэсэн ардчилал” гэж тодорхойлохоос арван таван жилийн өмнө манай хүн ийнхүү голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Дөрөвт, нийгэмд хүлээх иргэний үүргээс ангид, ажлын хариуцлагын гадна оршигч эрх чөлөөг тэрээр буруутгасан байдаг. Тавд, зах зээлийн харилцаа бол Монголын түүхэн ахуй нөхцөлд, монголчуудын унаган зан заншилд үл тохирох буруу тогтолцоо хэмээн үзсэн юм. Ард түмэн хэрэглэх юмаа хийж чаддаг, хийж чаддаг юмаа хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энгийн бөгөөд үнэн бодитой үзэл баримтлалыг тэр бас гаргаж тавьсан. Түүнчлэн ард түмнээ “хоосолдог” нийгэмд утга зохиол үйлчлэх ёсгүй хэмээн тэр үзэг нэгт нөхдөдөө хандан уриалсан билээ.
    1999 онд төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсан руу чиглэсэн гүтгэлэг, доромжлол, эсэн бусын дайралт хэрээс хэтрэхэд тэрээр их найрагчийг өмөөрөн хамгаалж үнэн, халуун үгээ хэлсэн юм. Ийнхүү О.Дашбалбарын баримталдаг газар хувьчлахын эсрэг хатуу, зөв байр суурийг дэмждэгээ энэ үед хурцаар илэрхийлсэн билээ. Энэ бол анти улстөрчийн маань бас нэг том суурь үзэл баримтлал нь. Тэрээр хүн төрөлхтний дайсан бол эд баялаг. Хүнийг зөв ухаалаг амьдрахад, жинхэнэ аз жаргалыг мэдрэхэд эд баялаг саад тотгор учруулдаг гэж үздэг. Энэ үзлийнхээ үүднээс газар өмчлөлийг эрс буруушааж, эсэргүүцсээр ирсэн билээ. Хүний амьдралын бодит хэрэгцээнээс илүү хэт их баялаг хуримтлуулсан хүмүүсээ гэмт хэрэгтэнд тооцдог болсон цагт нийгэм сая нүгэлгүй, хэрэг зөрчилгүй, цэвэр ариун болно гэж тэрээр итгэдэг, үүнийгээ ч байнга ярьж, бичдэг. Хүний нэг насны хэрэгцээ байтугайгаас хэд дахин давсан мөнгө хөрөнгөө оффшор дансанд нуудаг болсон өнөөгийн улстөрчид, бизнесмэнүүдэд энэ үг ялын тогтоол шиг л сонсогдох байх. Жинхэнэ сонгодог ардчиллыг өмчийн сэтгэхүйгүй нийгмийн харилцаа, эв хамт, нийгэм журамт ёсны бурханлаг, дээд хүмүүнлэг оюунлаг харилцаа гэж үздэг анти улстөрч маань тэр бүхэнд зөвхөн үнэн шударга хамтын хөдөлмөрөөр хүрнэ гэж итгэдэг. 1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг тэр чигт нь үгүйсгэн буруушаах бөгөөд арчилсан чөлөөт сонгуулийг ч мөн үл хүлээн зөвшөөрнө.
    Ингээд тоочоод байвал анти улстөрчийн маань анти үзэл баримтлал тун олон. Хамгийн гашуун нь түүний 20 гаруй жилийн өмнөөс ярьж, илэрхийлж ирсэн тэр бүхэн анти биш амьд, зөв үзэл байсан ажээ. Үүнийг ойлгоогүй бид дөнгөж өнөөдөр л үнэнтэй улаан нүүрээрээ тулна гэдэг ямар хэцүүг мэдэрч сууна. “Үнэн улстөрждөггүй” хэмээн тэрээр хэлсэн нь үнэн байж.. Улстөрч Урианхайн хувьд үнэнтэй хамт амьдарсаар ирсэн. Харин үнэний “үгэнд ордоггүй” ардчилагч хүүхдүүдэд тэр үгээ хэлэхээс залхсан уу, эсвэл бүр тэмцлийн хурц хэлбэртээ шилжсэн үү. Ямар ч байсан сүүлийн арваад жил нам гүмхэн, анир дүнсгэрхэн байх болов. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний тэмдэг гэдэг өнгөцхөн аксиом бий. Мөн чанарыг, үнэнийг оносон Урианхай гуай шиг анти улстөрч хүний хувьд дуугүй байх шиг хурц, ширүүн тэмцэл гэж үгүй. Тэрээр ард түмнийхээ хувь заяаны төлөө, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тэр цээжин чинаддаа аргалын гал мэт уугих амин халуун бодол, шаналандаа шатаж, дагжиж яваа. Агуу их шаналан гуниг үг дуугүй байдаг гэдэг дээ.
    “Ардын эрх” сонины сэтгүүлч Г.Сонинбаяр

    5Хишигтийн Цэрэнбат and 4 others

  • ШАШНААР БИЗНЕС ХИЙЖ, ӨРГӨЛ БАРЬЦАД ШУНАГЧ НҮГЭЛТНҮҮД Л МУХАР СҮСГИЙГ ДЭВРЭЭЖ ИРЖЭЭ

    Үгүйсгэлийн үгүйсгэл бол алга болгож, хоосолж, устгаж буй бус харин өөрчилж, хөгжүүлж, дэвшүүлж байгаа үйл явц мөн. Бидний дээд өвөг болох хүн дүрстэй мич үүсээд, бич болж хувьсаад, хөгжин хөгжсөөр бичин хүн болжээ. Бичин хүмүүс тохиолдсон бүх бэрхшээлийг даван туулсаар оюун ухаант хүний зэрэгт хүрчээ. Энэ үйл явцад өмнөх нь удаахдаа урган орсоор ирснийг хувьсал гэх ёстойгоос биш нэлэнхүйд нь “хоосон чанар” нэрээр үгүйсгэж боломгүй. Амьтад мэдээжээр мөнх наслахгүй. Ийм процессыг элдвээр шашинжуулж, эсвээс үгүйсгэж, аль нэг шатыг нь таслан авч хийсвэрлэн дөвийлгөх хэрэггүй юм.

    Дорнын философи сэтгэлгээ бүх зүйл хоосон чанартай, амьгүй болон амьтай бүх биет эвдэрч устдаг, биет бүхэн бие үгүй болдог гэж үзсэнээрээ биетүүдийн дараачийн хэлбэр, дүрсүүд нь хоосноос (микро ертөнцөөсөө) үүсдэг болохыг дам хүлээн зөвшөөрдөг байжээ.

    Хоосон гэдэг нь эртний утгаараа нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах, хэлбэр, дүрсгүй, жин хэмжээгүй оршлыг тэмдэглэж байв. Орчин үеийн ойлголтоор бол хоосны хоосон нь вакуум юм. Аливаа бүхэн макро байгаад микро болдог. Мөн микро байгаад макро болдог гэх утга бол хоосон чанар ажээ.
    Чанар бүхэн хоосон чанарт шилжих, эргээд удаах чанарыг үүдэх, биет бүхэн биегүйдэх, эргээд биеийг бүтээх, хэлбэр бүхэн эвдрэх, эргээд удаах хэлбэрийг олох талаарх оюун дүгнэлт бол дорнын философи сэтгэлгээний том ололт байжээ.

    Хувьсал бол аажим, бараг үл ажиглагдаж хэрэгждэг өөрчлөлт ажээ. Хувьсалд үзэгчид, шүүгчид, хөгжөөн дэмжигчид байх боломжгүй. Хувьсалд хэнийг ч болов гэрчээр татах цаг хугацааны хийгээд орон зайн нөхцөл мөн үгүй. Иймээс хувьслыг зөвхөн үзэгдлүүдээр нь таних боломжтой.

    Манай галактик, манай дэлхий үүсээд, тогтвортой систем болон “нэр, нүүрээ олсон” тэр цагаас нааш өнөөг хүртэлх хэдэн тэрбум жилийн турш дахь хувьслын зам, мөр, үлдэгдэл тун олон хэлбэр, аргаар хадгалагдан хоцорчээ. Товчилж хэлбэл тоолох, тооцохын аргагүй хэмжээний их баримт үлдсэн нь үнэн юм. Энэ их баримтыг, бодитой, биетэй оршин буй үлдэгдлийг олон салбар шинжлэх ухаан судалж үнэн мэдлэг, мэдээллийг буй болгосоор иржээ. Шинжлэх ухааны салбарууд, эрдэмтэд үнэн мэдлэг, мэдээллийн их санг буй болгоод, мөн зэрэгцүүлээд тоо томшгүй олон төөрөгдлийг бас залруулжээ. Хүн төрөлхтөн хэрхэн төөрөлдөж, хуурагдаж байсны түүхийг нэн эртнээс XXI зууны эхэн хүртэлх тууш хугацаагаар бичих аваас мөн ч зузаан ном, баялаг түүх туурвигдах бизээ. Яг энэ он, энэ өдөр гэхэд л төөрөгдөл, хуурагдал хэргээ хийсээр, наад зах нь ид шидтэн гэгдэгчид хэтэвчээ дүүргэсээр л байгаа билээ. Багаар бодоход л тэрбум илүү хүн бурхадыг шүтсээр, буг чөтгөрөөс эмээсээр, ид шидэнд итгэсээр, заяа төөргөө даатгасаар, зам мөрөө “засуулсаар” л байгаа ажээ. Гэвч урьдчилан, уншлага, утлагаар засагддаг заяа төөрөг, зам, мөр гэж үгүй шүү дээ…
    Хоосон чанарыг, үүссэн бүхэн хувьсдагийг, төрсөн бүхэн үхдэгийг, мөнхөд орших чанар гэж үгүйг засварлах, үгүйсгэх арга байж болох уу? Тасралтгүй сэргээх, нэг л төлөв байдлыг нь хадгалах, тордох замаар оршлыг нь мөнхлөх боломжийг онолын хувьд бүрэн үгүйсгэх аргагүй юм. Нийгэмд, оюун ухааны хүчээр “мөнхлөх туршилт” хийж ч болох билээ. Ингэхлээр хоосон чанартай сөргөлдөж, түүнийг харьцангуй болгохоор оролдож ч болох ажээ. Гэхдээ энэнийг шашин биш, бурхад биш, хутагт, гэгээнтнүүд биш зөвхөн шинжлэх ухаан л шийдэх боломжтой. Нэгэн чанарыг мөнхлөх боломжийг эрж хайх цаг ирэх л байх. Чухам тэр үед “хоосон чанарын” талаарх элдэв тайлбар, ойлголтууд хэнд ч хэрэггүй болох бизээ.

    Бүрэлдсэн бүхэн задардаг, төрсөн бүхэн үхдэг, тэгэхдээ үүсээд л устаад л, дахин үүсээд л, мөн устаад л байхаас биш хорвоо хоосроно гэж үгүй. Буй бүхэн үгүйсгэгддэг, гэвч бүхэл бүтэн шинэ үе гараад л ирдэг.

    Үгүйсгэгч өөрөө үгүйсгэгдэх цагт удаах үгүйсгэгч нь мэндэлж л байдаг ийм гинжин холбоо, ийм барилдлага орон зай бүхнийг эзэлж, цаг хугацаа бүгдийг элээж улиран үргэлжлэн оршсоор иржээ. Оршсоор байх, мөн хоосорсоор байх нь мөнх ажээ. Ингэхлээр хорвоо ертөнцөд нэгэн эзэн, бүхнийг, бүгдийг бүтээгч нэгэн субъект, дээдийн дээд бурхан, доодын доод заяатан гэж байх учиргүй юм. Энэ бүхэн бол гүнзгий төөрөгдөл болж анх үүсээд, дэлхий даяарыг төөрөгдүүлэн төөрөгдүүлсээр өнөөг хүрчээ. Оюун ухаант амьтны төөрөгдөх боломж ийнхүү нэн их, бүр хязгааргүй шахам ажээ…
    Олон янзын уг, үндэс бүхий, олон талын зорилго, санаархал бүхий том жижиг олон шашин хүмүүсээр өөрсдөөр нь бүтээгджээ. Бүтээгдсэн бүхэн нуран унадаг жам том шашнууд, тэдгээрийн урсгал нэгбүрийг ч тойрохгүй нь тодорхой юм.
    Байгалийн, бас нийгмийн, сэтгэхүйн талаарх үнэн бүхэн л үлдэж чадах авч тэдгээрт хандах, тэдгээртэй харьцах хүмүүсийн хоорондын харилцаа итгэмээргүй олон янз байж болдог нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нотлогджээ. Өнөө гэхэд ч энэ байдал улс орон нэгбүрд ажиглагдсаар л байна.

    Ямар нэгэн шашныг хаа нэгтэйгээс импортолж аваад улмаар ард түмнээ мухар сүсэг, сохор шүтлэгтэй болгож мунхруулаад, мунхарсан хүмүүст үйлчилдэг лам, хувраг, хутагт, хувилгаад гэгдэгч мөлжигч давхрааг нийгэмдээ буй болгох нь тэнэглэлийн дээд тэнэглэл, ард түмнээ арчаагүй болгох гутамшигт зам, мөр юм. Жинхэнэ эх оронч сэхээтэн хүн хэзээ ч ийм юм хийдэггүй, хийж ч байгаагүй. Оюунлаг хүмүүс, жинхэнэ сэхээтэн хүмүүс лам хувраг боллоо ч, хутагт хувилгаад гэгдлээ ч мухар сүсэг, сохор шүтлэгийг хэзээ ч дэмжиж, дээдэлж байгаагүй түүхтэй. Шашнаар бизнес хийж, өргөл барьцад шунагч нүгэлтнүүд, мөлжигчид л мухар сүсгийг, сохор шүтлэгийг өөгшүүлж, бүр дэврээж иржээ. Дэлхий дахинд үнэн, мөн нь биш, харин худал, хуурмаг нь ноёрхох хүртэл нь дэврээжээ.
    Номч мэргэн гавж, бандита нарын дунд мухар сүсгийг, сохор шүтлэгийг, хойд дүр тодруулдаг булхай, луйврыг эсэргүүцдэг хүмүүс цөөнгүй байжээ. Албажиж хүчирхэгжсэн, төрөөс дэмжлэг авдаг шашин-сүм хийдийн том тогтолцооны нөлөө, дарамт тийм хүмүүсийн тэмцлийг нуга дардаг, бүр гэсгээж цээрлүүлдэг ч байсан нь баримттай зүйл билээ.

    ХХ зууны эцэс, XXI зууны эхэн үеийн жишээ, баримтуудаас үзэх аваас шашин ба шинжлэх ухаан хоёрын хооронд “илжиг болон жороолж” өөрийгөө ч, бас өрөөлийг ч будилуулж байгаа том толгой лам нар аль ч шашны хувьд цөөнгүй боллоо. Энэ хэрэгт зарим физикчид мөн татагдан оржээ. Өөрсдийгөө өөрөө ч ойлгохгүй байгаа, өрөөл бусад нь ч тэднийг ойлгох боломжгүй хэмжээнд будилчихсан физикчид манай оронд ч бас бий. тэдний зарим нь зэрэг, цолны гадаад, дотоод олон хавтас, үнэмлэхтэй…

    Дэлхий дахины түүхээс үлдсэн сургамж бол эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, баян ядуу, дээд доод гарвалтан, хаан хатан, харц боол хэн боловч үнэн мэдлэгт, зөв мэдээлэлд, шинжлэх ухааны ололт, амжилтанд тулгуурлаж байж л эрүүл байж, урт насалж, удаан жаргаж, хүссэн зорьсондоо хүрч байжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгт автсан, бүр хэтэрхий автсан хүмүүс дандаа л муу, муухайгаар эцэслэж, төгсөж иржээ. Амьдрал, оршлын энэ үнэнтэй маргах хүн гарахгүй бизээ…

    Мөнхрөх хүсэлд автах, дахин төрнө гэж найдах, диваажин болон тамд, мөн бурхан болоод чөтгөрт итгэх нь зөвхөн өнгөрсөн түүхэнд л байсан гэнэхэн мөрөөдөл болж үлдэх цаг ирнээ! Худал зүйлд, байхгүй зүйлд итгэж, бүр шүтэж өнгөрөөсөн олон мянган жилийн хохирол, сүйтгэл, луйвар, мэхлэлтийн жинхэнэ эзэд нь хэн хэн бэ? гэж арагшаа эргэж нягтлах нь ч зүйд нийцнэ. Иймэрхүү ухаарал, тодотгол хийгдэх л болно.

    Хүн төрөлхтөн өнгөрөөсөн түүхэндээ төөрөлдөж явжээ. Одоо мөн төөрөлдсөөр байна. Тэгвэл цаашид үргэлжлүүлэн төөрөлдөхгүйн тулд яах, юу хийх хэрэгтэй байна вэ? Энэ талаар улс орон нэгбүрийн оюунлаг хүмүүс бодох, судлах, зөв шийдлийг олох ёстой. Энэ бол төр засгийн, шударга сэхээтнүүдийн журамт үүрэг мөн. Харамсалтай нь энэхүү журамт үүргээ ухаарах, сахих, чингэхийг бусдаасаа хүсэх хэмжээ, түвшний боловсрол, мэдлэгтэй ерөнхийлөгч, ерөнхий сайд, төрийн түшээд өнгөрсөн 30 жилд бараг л байсангүй. Тэдний олонхи нь шинэ, шинэчлэгдсэн цаг үеийн мэдлэг, мэдээлэл агуулсан судалгааны ном, бүтээлүүдтэй ч танилцаж байсангүй. Тэдний олонхи нь боловсрол, соёлын байвал зохих түвшнээсээ 50 орчим хувиар доор байсан нь ч үнэн юм.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН НАЯН ЁСДҮГЭЭР ХУРАЛДААН

    Үүнд:

    Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
    1. МОНГОЛ ТУУРГАТАН БӨӨ НАРЫН ЭРДЭМ, СУДАЛГАА, ПРАКТИКЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. Өмнөд солонгосын бөө нартай хийсэн арга хэмжээний тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    3. Католик шашины ойн арга хэмжээнд оролцсон тухай
    Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч,
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    4. Шашны удирдлагуудын ээлжит хуралдааны тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    5. Якутын бөө нартай хамтарч зохион байгуулсан ажлын дүн
    Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул
    6. Христийн шашин Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн арга хэмжээний тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    7. Дэлхийн Христийн шашины бүсийн удирдагч, Хойд ази номхон далайн бүсийн удирдагч нартай хийсэн зоогт оролцсон тухай.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • 2. БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЦУГЛААН БОЛОВ.

    Солонгосын ард түмний гарамгай удирдагч Ким Ир Сений 110 жилийн ой, жанжин Ким Жон Ирийн 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн цуглааныг Монгол морин хуурын аялгуут сайхан эгшгээр эхэлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэлийн цуглаанд баяр хүргэж үг хэлж нээлээ.
    Баярын цуглаанд оролцсон, уг арга хэмжээг зохион байгуулсан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжид хүндэтгэлийн үг хэлэв. Хэлсэн үгэндээ “Жанжин Ким Жон Ир аугаа их Ким Ир Сений бие даасан сэтгэлгээний уламжлалыг залгамжилж жүчегийн үзэл санааг нэгтгэн хөгжүүлсэн бөгөөд эдүгээ энэ үзэл санаа нь солонгосын ард түмэн, Солонгосын Хөдөлмөрийн Намын хувьсгалт тэмцлийн замыг заагч тэргүүлэх үзэл санаа хэвээр байсаар, солонгосын өнөөгийн хөгжлийн бодит туршлагаар баяжин, улам бүр төгс төгөлдөр болсоор байгаа билээ.
    Эдүгээ залуу удирдагч Ким Жон Уны жолоодлого дор солонгосын ард түмэн солонгосын хувьсгалын замыг идэвхтэй үргэлжлүүлэн шургуу тэмцэж, хөдөлмөрлөсөөр байна. Солонгосын Хөдөлмөрийн намын 8-р Их хурлыг амжилттай зохион байгуулж, түүнээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ баярын өдрүүдэд Солонгос маягийн социалист соёл иргэншлийн хөгжлийг илэрхийлсэн хөшөө дурсгалт архитектурын байгууламжууд болох Пхеньян хотод Потон голын үзэсгэлэнт эрэг дээр дэнж бүхий байшингийн өвөрмөц хэсгийг ашиглалтанд оруулж байна. БНАСАУ-ын нийслэл хотын олон зуун жилийн өөрчлөлтийн бас нэгэн нотолгоо болох Потхон голын эрэг дээрх орон сууцны шинэ салбар нь БНАСАУ-ын Төв Хорооны улс төрийн үзэл баримтлалыг агуулсан шинэ эрин үеийн гайхамшигт бүтээл юм.” хэмээн тэмдэглэн ярилаа.
    Мөн Өмнөговийн бөөгийн хүрээлэнг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар баяр хүргэж үг хэлэхдээ “Солонгосын ард түмэн аугаа их удирдагч Эрхэмсэг ноён Ким Жөн Унын удирдлагаар Эх орныхоо их бүтээн байгуулалт, Алс Дорнод болон даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ тэрчлэн эх орноо нэгтгэхийн төлөө ариун үйлсдээ баатар зоригт Солонгосын ард түмэн, түүний Засгийн газар, СХН, ардын армид их амжилт олохыг чин сэтгэлээсээ дахин хүсэн ерөөе.” гэлээ.
    Баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж талархалын үг хэллээ.
    Баярын хуралдаан дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь МЗХ-ны “Залуу зүтгэлтэн” медалиар Б.Батсайханд, Ц.Борт дурсамж гардууллаа.
    Баярын цуглаанд зориулсан “БНАСАУ-ын өнөөгийн хөгжил, дэвшил” сэдэвт фото зургийн үзэсгэлэнтэй БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл танилцав.
    “Монгол дахь бөө мөргөлийн шашины өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулга хийсэн. Тэрээр “Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах” зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан явсан эрхэм зочидтойгоо хамтарч өдрийн хоол идэж, хаврын ажил бүтээлээ харилцан ярилцлаа.

    djmedia:567
  • БНАСАУ-ЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД О СЫН ХО ЖИРИЙН МАЛЧИН АЙЛ , ОНГОД ТЭНГЭРИЙН ӨРГӨӨНД ЗОЧИЛОВ. 1. МОНГОЛЫН ЭРТНИЙ ХӨШӨӨТЭЙ ТАНИЛЦАВ.

     

    Хаврын хүйтэн салхитай өдрүүд байсан ч хүндэт зочин ирэх өдөр салхи тогтож, дулаахан хаврын өдөр угтлаа. Хотоос зайтайхан газар очихоор бид цуваанд орж хөдөлсөн юм. Замын дунд бид хээрийн цай, кофе уусан билээ. Тэгээд эртний түүхт буган хөшөөний дэргэд Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Тэд хамгийн хол нь 500 км алсаас угтсан билээ.
    Хүндэт зочин БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П. Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Анхмаа, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Батсайхан, Л.Мөнх-Очир, Ц.Тамжид, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Б.Батжаргал, Н.Байгальтөгс, Монгол бөөгийн удган Б.Солонго нар болон бусад төлөөлөл угтан авсан.

    djmedia:566
  • НОЁ ЗӨНӨГ БӨӨ

    Харин доороос минь өөд арц шатааж сан тавиад өгөөрэй. Би ариун тэнгэртээ дэгдэж нарт хорвоогоос халих болно гэж ээ.Энэ үгийг сонссон гэргий нь ноё бөөг тоонныхоо цамхагаас гараад зөвхөн хоёр хөл нь цухуйж байтал олон жил ханилсан нөхрөө явуулахгүй гэж хөлөөс нь татчихтал буугаад ирсэн гэдэг. Тэр цагаас хойш 20-иод жил болж 120-н насыг насалж тун их зөнөглөсөн юм байжээ. Тэгээд “Ноё зөнөг” , “Ноё бөө” , “Зөнөг бөө” , “Зөнөг аав” гэх мэтээр нэрлэгдэх болжээ. Үүнээс гадна Ноё зөнөг том биетэй сайхан эр байсан гэдэг.Тэрээр бөөлөхдөө: “Гучин булганы арьсаар Хүрэм хийгээд хүрээгүй Гунан шарын ширээр Гутал хийгээд хүрээгүй Зургаадай зандан таяг минь Зуун хорин нас минь Ноё Зөнөг нэр минь” гэж дууддагаас үзхэд 1670-1690-ээд онд амьдарч байсан бололтой.Манж ноён Ноё бөөг чавчин алахаар завдтал Ноё бөөгийн хоёр мөрнөөс хоёр хөхөө гараад Тэнгэсийн шар даваа өөд эргэж харан харан нисэн оджээ. Үүнийг үзсэн Манж ноён ихэд гайхан Ноё бөөг завчин алахаа болив. Ноё бөө хүмүүст “Эзэн төр гэдэг үнэнхүү их хүчтэй юм байна. Сахиус минь нисээд явсанаас хойш хэрвээ цавчсан бол миний бие ямар ч эзэнгүй байсан шүү” хэмээн ярьж байсан гэдэг.
    Ноё зөнөг бөө нисдэг бөө болох гэж газраас тохой хэртэй хөөрөөд бие нь даагдаагүй ажээ. Тэгтэл бөгсөн биенийх нь нэг сүүж нь хүрэл болчихсон байсан гэдэг.
    Бас нэгэн домогт Ойн тонуулчид Ноё бөөг барьж аваад толгойг нь сэлмээр цавчихад даалгүй тугалга шиг болоод байхаар нь тугалган сумтай буугаар буудсан юмсанж. Бас нэмэр болсонгүй гэнэ. Ноё зөнөг бөө “за хүүхээд сумаа авагтий” гээд бүсээ тайлахад өврөөс нь сум нь асгарч унасан гэдэг. Дийлэхгүй болохоороо тонуулчид түлээ овоолж байгаад голд нь Ноё зөнөг бөөг суулгаад гал түлэхэд нь түүний зөвхөн сахал нь цантчихсан “За хүүхэд галаа засагтий” гээд сууж байсан гэнэ. Дараа нь та нар намайг дийлэхгүй юм байна. Одоо миний ээлж боллоо. Та бүхэн нэг нэг дүнз аваад энэ Тэнгисийн гол рүү орцгоо. Жаргалын орон энд бий. Эхнээсэй ороод байхтий” гэж хэлээд тэр ёсоор болгож, Тэнгис голын хүрхрээнд тонуулчидыг живүүлж алсан гэдэг. Сүүлд Ноё бөөг таалал төгсөх болоход “ясных нь юм” салахгүй, шар нохойн сэмжээр толгойг нь ороож, гурав төрсөн бүсгүйн өмдөөр гурав шавхуурдаж байж таалал төгссөн гэдэг. Түүний шүтдэг байсан лусын догшин эздийг бусад хүн эзэмшиж, хадгалах боломжгүй тул түүнийг залгамжилсан бөө одоогоор төрөөгүй юм гэнэ лээ

  • МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Наян зургаадугаар хуралдаан

     

    Нэг. ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
    МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТУХАЙ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн удирдагчаар:
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дэд удирдагчаар
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    Монгол бөөгийн тэргүүн зайран П. Эрдэнэбаатар
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээр
    Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул
    Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн
    Монгол бөөгийн удган Болортунгалаг
    Удган Наранцэцэг

    Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
    КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭТРИН ИВКОФ НАРНЫ ТАХИЛГАД ОРОЛЦСОН ТУХАЙ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • БНТУ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАД ОРОЛЦОВ.

    Тиймээс энэ удаагийн хүндэтгэлийн хүлээн авалт БНТУ-ын байгуулагдсаны 99-н жилийн ойд зориулагдсан юм. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атеш Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаар эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
    Турк-Монголын арга хэмжээнд анх удаа Батлан хамгаалахын сайд Сайханбаяр оролцов.
    Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд Турк улсад айлчилахад, Туркийн талаас Ерөнхийлөгч А.Н.Сэзэр 2002 онд, Ерөнхий сайд Р.Т.Эрдоган 2005 онд Монголд тус тус айлчилахад ҮАБЗ-д ажиллаж байсан билээ.
    Мөн Туркын ЕАБЗ-ийн нарийн бичгийн дарга Кылынчийг монголд айлчилахад уулзаж байсан билээ. Энэ үед Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах (1 сая ам.доллар,), Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих (6.7 сая ам.доллар) хөрөнгө оруулсан ажиллагаатай танилцаж явсан билээ.
    Хүлээн авалтын үеэр Д.Жаргалсайхан, АНУ-ын Элчин сайд Ричард Буангантай танилцаж, Туркын эртний хамтрагч нартай уулзаж ярилцлаа. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сайханбаяртай уулзаж ярилцлаа.
    Монгол Улс-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.
    Хоёр улс 1969 оны 6 дугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Түркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа. Хоёр улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж байгаа билээ.

    djmedia:565