Author: admin_shaman

  • Т. ГАЛСАН ГУАЙН ДӨРВӨН МӨРТҮҮД ГАЙХАМШИГТАЙ

    БАГТААМЖ:
    Ус, гал хоёрыг нэг гэрт хадгалж болно.
    Ухаантан, тэнэг хоёр нэг гэрт амьдарч болно.
    Арслан, Хонь хоёр нэг ууланд бэлчиж болно.
    Аз жаргал, Сархад хоёр нэг гэрт үл багтана.
    ТОРНИХЫН НУУЦ:
    Идэш ууш сайтай хүүхэд СӨӨМ өсдөг.
    Инээд баясал дунд ТӨӨ өсдөг.
    Итгэл хайран дунд ТОХОЙ өсдөг.
    Эрдэм ажил дунд АЛД өсдөг.
    ЭЗЭН:
    Үнэгэн харанхуйгаар сэрж, ОД, МИЧИД-ээ бүртгэнэ.
    Үүр цүүрээр гадаалж, ТЭНГЭРИЙН ЦАРАЙ шинжинэ.
    Наран мандахаас өрсөж, НАЙМАН ЗОВХИС-оо халиана.
    Малчин Монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН.
    ХОТОЧ НОХОЙ МИНЬ:
    Хотондоон чоно оруулсан нохой
    Хорь хоног өөрийгөөн химлэн гаслав.
    Чухам л тэр өдрөөс хойш би
    Чулуугаар нохой шидэхээн болив.

  • ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ЖИНХЭНЭ ЗУРАГ (ПАТИАР)

    Гэрэл зургийн аппарат 1820-иод онд үүссэн гэж үзвэл 15 жилийн дараа мэргэжлийн аялагч судлагчдын хэрэглээд аль хэдийнэ нэвтэрсэн байж таарна. Нутгийн хүмүүсээр газарчлуулж, морь, тэмээ хөлөглөн, үлэмжхэн ачаа хөсөгтэй явдаг байсан гадныхан зураг угаах төхөөрөмжөө хүртэл авч явдаг байсан юм болов уу. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ зургийг хутагтын бодит гэрэл зураг мөн гэдгийг хуучцуулын яриагаар баталж өгсөн юм. Зураач У.Чимэддорж гэж Догмид гуайн ах найз байж. Одоо байсан бол 100 шахсан буурал байх байж. Аймгийн төлөөлөгчөөр Хутаг уулын хошуунд явж байгаад оройхон нэг айлд ортол настай хөгшин бурхандаа мөргөж байжээ. Гэрийн баруун талд суунгаа бурханыг нь харвал нэг лам хүний гэрэл зураг байв. Эмгэн мөргөж дуусаад авдар дээрх хүрдийг эргүүлэн залбираад гийчдэд цай идээ тавьж өгчээ. Чимэддорж гуай жавдан дээр суусан номын хувцастай хуврагийн зургийг хараад “Эмээ, энэ ямар нэртэй бурхан бэ?” гэж асуувал “Говийн ноён хутагтын патиар” гэж. “Үнэн үү? Ноён хутагтынх гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэвэл “Мэдэлгүй яахав. Өвөг маань адис жанлавыг нь хүртэж байсан хутагтыг сайн мэдэх хүн. Манай өвөг дээдсийн гурван үеийн шүтээн” гэж итгэлтэй хариулжээ. Чимиддорж гуай хуулбарлахаар авсан уг зургийг халамцуудаа хаячихаж гэж их халаглаж байсан гэдэг. Гэтэл хаа хойно түүний шавь, зураач Халтарын эхнэр Цэрмаа нөхрийнхөө номын завсраас олж бөөн хөөр баяр болжээ. Үнэндээ Чимэддорж гуай хаяж үрэгдүүлээгүй, харин Халтарт “Би хаячихаж магадгүй, чи хямгадаж бай” гээд өгснөө өөрөө мартсан байж.
    Эрт цагт вспышка буюу гэрэл цацруулагч гэж байгаагүй болохоор сүмийн үүдэнд хутагтыг залаад нарны өөдөөс харуулж суулгаад өмнө номын ширээг нь тавьж авсан бололтой. 1830-аад оны үед Саран хөхөөг үзэж байсан хүүхэд багачуул, 1900-гаад оны үеийн настнууд уг зургийг хараад ноён хутагтын патиар мөн болохыг хөгшинд хэлж байсан удаа ч бий гэдэг.
    Via:Gun-Uils Dugarsuren

  • ЕСӨН ХҮСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    2. ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л үхэн үхтэл үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Гэхдээ л өвчтэй бол орон байр, унах унаа, тансаг хоол, үнэтэй хувцас байгаад ч яалаа. Тэгэхээр эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Үгүй бол эдтэй байгаад түүндээ ханаж баясах нь үгүй. Эрүүл энхийн хүсэл дээр эдийн хүсэл суурилна.
    3. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд ассан байна. Яагаад хоол идэх ёстой, яагаад дулаан хувцаслах ёстой, яагаад юм сурах ёстой юм, яавал эрүүл байх вэ, эдийг яаж бүтээх вэ гээд л өөрийн хүслээ өөрөө хангахад суралцана. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй. Танин мэдэхүйд тэмүүлэхгүй, хүсэл үгүй бол ирээдүйн төсөөлөлгүй, төлөвлөгөөгүй, идэх уухаас хэтрэхгүй амьтан төдий л байна гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл дээр энэ хүсэл суурилна. Энэ 2 хүслээ хэнээс ч хамааралгүй дүүргэдэг болохын тулд танин мэдэх шаардлага тулгарна.
    Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ юм. Арал дээр ганцаар орхигдсон ч энэ хүслээ хүн ганцаараа, өөрийн чадлаар гүйцэлдүүлж чадна. Өөрөө хүсэхгүй, хичээхгүй л бол бусад хүмүүс 1000 хүсээд тэр хүний өмнөөс нь өвдөхгүй байж, өлсөхгүй даарахгүй байж, эрдэм сурч барахгүй, чадахгүй, бутэхгүй. Тиймээс энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Энэ хүслийг биелүүлэхийг өөр хүнээс нэхэх нь утгагүй зүйл, арчаагүйн шинж.
    Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.
    4. ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Эхний 3 хүслээс улбаатай. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ. Эхний 3 хүслээ дүүргээгүй хүнд энэ хүсэл биелэх нь юу л бол. Эдгээр хүслээ дүүргээгуй хүн үргэлж өвчин зовлон ярьж, бусдаас хоол унд нэхэж, тусламж хүсэж, дээрээс нь мэдэх чадах юм юу ч үгүй байх тул тэгсгээд л холддог нь үнэн. Дэм дэмэндээ гэж, бусдыг дэмнэх чадалтай байж байж л анд найзтай болно. Хүссэн хүсээгуй өөрт дутууг нөхөх, чадахгүйг дэмнэх хүнтэй л ойртож нөхөрлөдгөөс байнга л өөрөөс нь авч байдаг, огт өгдөггүй хүнтэй найзалдаггүй нь үнэн. Багаас нь хамтруулж сургадгаас өрсөлдүүлж сургадаггүй байсан нь энэ хүсэл дүүрэхийн эхлэл юм.
    5. ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна. Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хамтарч сураагүй хүн хань болж чадахгүй. Авахаасаа илүүг өгөх шаардлага ханийн хүслээ дүүргэхэд чухал. Аваа, өгөөг тэнцүүлж явдаг андын нөхөрлөлтэй адилгүй нь энэ. Нэг нь өгөөд л нөгөө нь аваад л байдаг бол айл болж чадахгүй, нэг нь давраад л нөгөө нь уучлаад л явдаг бол амьдрал утгагүй. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь. Мэдээж өвчин тусч нэгнээ зовоох нь, идэх уухаа бэлдчих чадалгүй нь, эхнэр нөхөр, эжий аав байхад яахаа мэдэхгүй нь аз жаргалтай амьдралын саад болдог.
    6. ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Хань хүсээгуй хүн үр хүсэхгүй. Сууя, гэрлэе гээгүй бол юу юугүй хүүхэдтэй болохоо болих хэрэгтэй. Тэгчихээд хөөрхий нялх үрийг “хүсээгүй хүүхэд” гэж цоллоод үрийн заяаг гомдоож, хүний тавиланг доройтуулах ямар хэрэг байна? Хэдий хүсээгүй ч эхийн сэтгэл зөөлөрдөг бол эрийн сэтгэл зөөлөрдөггүй. Учир нь тэр хүсээгүй. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг.

    Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Нэг хүнтэй найзлахыг хүсэвч нөгөөх нь хүсэхгүй бол бүтэхгүй, нэг хүнийг хайрлавч нөгөөх нь хайрлахгүй бол бүтэхгүй, үртэй болохыг хүсэвч хань үгүй бол бүтэхгүй, тийм л хүсэл. Үрийн хүслийн тухайд нэг нь хүсээгүй ч хүүхэдтэй болоод байдаг ч хамтдаа өсгөж, хайрлаж энэрэхгүй байхаар үрийн хүсэл яаж дүүрэх билээ. Ээж ааваасаа хөтлөхийг хүссэн хичнээн үрийн хүсэл дүүрээгуй бол? Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог. Эдгээр хүслээ дүүргэж барахгүй бол нийгэм даяараа асуудал, зовлонтой байх нь үнэн. Хэдий эрүүл саруул, өмсөх зүүхээр дутахгүй, эрдэм номд нэвтэрсэн ч анд нөхөдгүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй, өөрөөр хэлбэл санаа тавих хэн ч үгүй хувиа л хичээсэн хүмүүсээр дүүрэн бол нийгэм ямар байхыг төсөөлөөд үзнэ биз. Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.
    7. ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал. Энэ биеэ хариуцаж чадахгүй бол бусдын үгээр явахаас яахав. Эд хөрөнгөө хариуцаж чадахгүй бол бусдын идэш болохоос яахав. Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ хариуцаж түгээж байж эзэн эрхээ эдлэхээс хаяж гээгээд явбал булаах хүн гарч ирнэ. Андын харилцаандаа хариуцлага үгүй бол найз минь гэж дуудах эрх үгүй. Амраг ханиа хариуцаж чадахгүй бол алдахаас яахав. Үр хүүхдээ хариуцаж чадахгүй бол эжий аав гэгдэх эрхгүй гэхчилэн. Хариуцаж чадаж байж эзэн эрхийн хүслээ дүүргэнэ. Эзэн байна гэдэг өмчлөхийн нэр биш, харин хариуцаж, хамгаалж, оршоож чадаж байж л эзэн гэгдэнэ. 6 хүслээ дүүргэж бараагүй, хариуцаж оршоогоогүй хэнд ч эзэн эрх олгогдохгүй нь үнэн. Хэн хүлээн зөвшөөрч, хэн үнэлэх билээ.
    8. ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл. Нийтээрээ биеэ засаад гэрээ засчихвал атаархал хорсол, хулгай дээрэм, аллага хүчирхийлэл гарахгүй ЭНХ АМГАЛАН ноёлно. Энх амгаланг хуссэн хүмүүс нь өөрийн нутгаас дайжиж өөр сайхан газар очлоо гэхэд эзэн эрхийн хүсэл дундарна. Гадны хүн гэж үргэлж сортлогдож үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь сэтгэлийн амар амгаланг үгүй болгоно. Тиймээс л эзэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тэр л газартаа энх амгаланг цогцлоохыг хүснэ. Энх амгалан үгүй бол бүтээсэн бүхэн, өөрөө ч хормын төдийд үгүй болох магадлал өндөр. Дашрамд хэлэхэд, биеийн зовлонгүй амьдралыг амар амьдрал, сэтгэлийн зовлонгүй амьдралыг амгалан амьдрал гэдэг байж. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.
    9. МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм. Энэ бол Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үзэл санааны үндэс юм. Амьдрал мөнх орших боломжтой гэж үзэж, мөнх оршоохын тулд яах ёстойгоо томъёолсон нь Тэнгэр үзэл юм. Чингис хаан Чанчун бумбыг залаад мөнхийн амьдралын тухай асуусан гэдэг. Өнөөх нь “мөнх амьдрал гэж үгүй” гэж хариулахад их бэлэг сэлт өгөөд буцаасан гэдэг. Мөнх амьдрахыг хүссэн тэнэгдүү хааныг эрдэм ухаанаараа дийлсэн мэргэн бумбын тухай домог байх. Мохос миний таамгаар, “би үхээд л амьдрал дуусна” гэх утгат хариулт нь “дэргэдээ шадарлуулах хүн биш аж” гэж бодуулсан ч юм бил үү? Амьдралын мөн чанарыг олж чадсан бол дэргэдээ үлдээч л гэх байсан байх. Нэг бодьгалын үхэх төрөх нь амьдралын нэгхэн хэсэг, амьдралын жам болохоос амьдрал бүхлээрээ биш юм. Амьдрал яг цаг хугацаа шиг төгсгөлтэй эсэх нь үл мэдэгдэнэ. 1 цаг эхлээд 60 минут яваад дуусахад цаг зогсдоггүй шиг 1 хүн төрөөд 60 жил наслаад одоход амьдрал зогсолгүй үргэлжилдэг нь үнэн. Өөрийгөө бодвол амьдрал 1 л өдөр дуусна, харин бүхнийг бодвол амьдрал хэзээ дуусах нь үл мэдэгдэнэ. Эндээс хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ.
    Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм. Иргэд нь эзэн эрхтэй, энх амгалан амьдралтай, энэ нь мөнхөд үргэлжлэх эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Төр үгүй бол энэ хүсэл биелэхгүй. Эзэн эрхийг төр л баталгаажуулдаг. Энэ миний байшин гээд нэг хүн ирэхэд “үгүй шүү, эзэн нь би шүү” гээд төрийн гэрчилсэн гэрчилгээг үзүүлсэн нь л эзэн нь болно. Оюуны өмчөө батлуулж, шинэ нээлтээ бүртгүүлж, эхнэр нөхрөө, үр хүүхдээ ч батлуулна, гэрчлүүлнэ. Эзэн эрхийг төр батлахад шударга ёс яригдана.
    Энх амгаланг төр тогтоодог. Зөвийг тэтгэн түгээж, бурууг цаазлан хорьж байж энх амгалан тогтоно. Зөв бурууг төр тогтоосон цагт нийтийн зөрчил үгүй болдог. Төр түүнийг тогтоогоогүй цагт хүн бүрийн зөв буруу зөрчилдөж, энх амгалан үгүй болдог.
    Төр өөрөө хүнийг бодвол мөнх орших чадамжтай тул мөнх оршихуйг төр л хариуцдаг. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг.
    Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.
    Хамгийн эхний хүсэл төрөхөөс өмнө эхэлсэн бол хамгийн сүүлийн хүсэл үхсэний дараа ч үргэлжилнэ.
    Эцэг өвгүд минь эдгээр хүслийн зүй тогтолыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтухай гэж ерөөл өргөн үлдээжээ.
    Та бүхний ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!…

  • НАГРАНЗ ЗАЙРАН ЭРГЭН ИРСЭН НЬ

     

    Ийнхүү 1930-аад оны сүүл үеэр аянганд ниргүүлж нас барсан гэх Награнз бөө бүр хожим1950 -иад оны дунд үеэр Баян, Тэс суманд машины жолооч болчихсон ирсэн гэх цуу яриа нутгийн олны дунд гарчээ. Учир нь хотоос тээвэр хийж дөрвөн машин тус сумаар дайрч өнгөрөхөд нэг машины жолооч нь Награнз бөөг мөн байсан гэж тус нутгийн ард “улаан” Жамган анх таньжээ. Улаан Жамганы аав Осор нь дээр нэгэн цагт Награнз бөөгийнхтэй айл саахалт олон жил явсан бөгөөд Жамган багадаа хүнд өвчин тусч, бие нь муу байхад Награнз бөө ар нуруунаас нь маш их цустай идээг шахаж гарган амийг нь аварч байсан гэдэг.
    Жамган анх танихдаа тэднийх замын ойролцоо намаржиж байсан аж. Жолооч нар тэднийд хоол унд идэж, тэндээ хоноод өглөө эртлэн хөдлөхөөр болжээ. Шөнө гурван жолооч нь машиндаа унтахаар болж, харин хижээл насны нэг жолооч тэднийд хоноглохоор болж, ор дэр засуулжээ.
    Хүүхдүүд унтсан хойно гэрийн эзэн хоттой хонио эргэчихээд орж ирээд хэвтэхээр болоход нь мөнөөх жолооч сэрүүн хэвтэж байгаад өндийн сууж “Миний нөгөө нурууны янзалсан сорви одоо бүр эдгэж чадсан уу?” хэмээн гэнэт асуусан гзнэ. “Улаан” Жамган ч тэрхүү жолоочийн хэн болохыг нь таньж гайхан бишрээд, тэр хоёр шөнөжин хууч хөөрсөөр үүр цайлгажээ.
    Харин тэд чухам юу юу ярьсан нь тэр шөнийн нууц хэвээр үлдсэн бөгөөд харин Жамган хойт жил нь бие өвчтэй гэсэн нэрийн дор нэгдлийн даргаасаа чөлөө авч, ойр ойрхон хэдэнтээ хот явжээ. 1970 -аад оны үеэр “Улаан” Жамганых хотруу нүүжээ.
    Н.Машбатын бичиглэн өгүүлсэн Баруун Монгол даяр нэр цуу нь түгэж байсан Урианхайн сүүлчийн том бөө Награнзын ид шид, домог мэт амьдралыг таньд зориулан хүргэлээ.

  • НАГРАНЗ ЗАЙРАН

    жижгийг том, томыг жижиг БОЛГОДОГ ЧАДВАР
    Награнз бөө ганц бор /цагаан/ мориороо өвөл зунгүй хэрэн хэсэж явахдаа ердөө ганц хар богцтой л явдаг байсан гэдэг. Гэхдээ зарим үед айлд ороод бөөлөх болоход хаанаас ч юм бэ? Бөөгийнхөө өмсгөл, хувцас, цан хэнгэргийг гаргаад ирдэг байсан гэх бөгөөд гэнэт гарч ирсэн цан хэнгэрэг, хувцас хунар нь яагаад ч тэр жижиг хар богцонд багтахааргүй зүйлс бөгөөд мөн л гарч ирсэн шигээ нэг мэдэхэд л байхгүй болдог байжээ.
    Мөн нэг өвөл Награнз бөө Баян Тэсийн нэг айлд очиж хоносон аж. Гэрийн хар хүн бөөгийн морийг аргамжихдаа “Зайрантан минь өнөө шөнө гайгүй л байгаа даа. Би ч нэг сарын дотор хоёр ч сайхан морио “чононд” өгчихлөө. Энэ өвөл чоно их ширүүн байна” хэмээн ярьжээ. Өглөө гэрийн эзэн бөөгийн бор /цагаан/ морийг авч ирэхээр аргамжаан дээр нь яваад очтол тэр хавьд дөрвөн чоно үхчихсэн хэвтэж байсан бөгөөд харин зайрантны бор морь юу ч болоогүй юм шиг зогсож байсан гэдэг юм билээ

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН НАЯН ДОЛООДУГААР ХУРАЛДААН

    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16.00 цагаас Эрдэнэхарханы багийн хурлын зааланд болов. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

    Нэг. ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
    1. МБНЭ-ИЙН ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ДҮН.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУРЫН ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн удирдагч: Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн

    3. ХӨВСГӨЛ НУУР БА ЭРДЭНЭХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР-т нэмэлт оруулах тухай
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дэд удирдагч,
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • АРВАН НЭГ. ЦАГААННУУР СУМЫНХАН

     

    Баянзүрх, Улаан уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува иргэд амьдардаг бол Чандмань-Өндөр суманд урианхай, Цагаан-Үүр суманд буриад, Шинэ-Идэр, Галт, Жаргалант суманд халх, бусад суманд хотгойд ястнууд голлон амьдардаг.
    Дархадын цэнхэр хотгор бол ёстой л диваажин юм аа. Хүмүүс Швейцарьтай зүйрлэх. Тэр Европын орон зайг Монголтой минь жишиж болно гэж үү. Бас л давчуу шүү дээ. Монгол минь сайхан, уужим дэлгэр, дутуу юмгүй үзэсгэлэнтэй.
    Шишгэдийн хотгорт 230 орчим нуур бий. Цэнгэг уст Хөвсгөл нуураас гадна хужир давс ихтэй Сангийн далай, Бүст, Гандан, Жугнай, Ачмаг, Эрхэл, Цэнгэл гэх мэт давст нуурууд бий. Идэр, Тэс, Дэлгэр мөрөн, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай. Анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбартын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг
    Хотгор болгондоо нуур, цөөрөм бүхий Дархадын хотгороор тойрч Цагааннуур сум хүрэхээр боллоо. Зуслан гол, Ходон голоо гарч багасаж дундарч байгаа Цойцон нуурын дэргэдүүр өнгөрөв. Хогоргын Тарган нуурын хөвөөгөөр дархадын цагаан адуутай уралдан гишгэсээр явав. Доод цагаан нуураа дагаж эмжсээр Цагааннуур суманд ирлээ. Хуучин Загасны аж ахуй байсан, сум болоод удаагүй энэ жижиг суурин Хармайн голын хөндийд, Цагаан нуурынхаа эрэгт, байгалийн сайхныг сонгон суурьшжээ.
    Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн нурууны уулархаг мужид оршдог. Гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл, Тагна, Соёны уулс багтана. Хамгийн өндөр цэг Дэлгэрхаан уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 3491 метр, аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс дээш 1650-2050 метр өндөрт оршино. Хөвсгөл аймгийн Цагааннуур нь сум юм. Тус сум нь засаг захиргааны Төвийн, Тайга гэх 2 багтай, 5,410 км² газар нутагтай.
    Гадна дотны жуулчид ихээр зорьдог байгалийн үзэсгэлэнт газар ихтэй сум юм. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино. Цагааннуур сумыг 1985 онд Рэнчинлхүмбэ сумаас таслан байгуулсан хуучнаар Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу. Гурвансайхан, Хармай гэсэн 2 багийн нийт 445 өрхөд 1673 хүн амьдардаг. Хүн амын нягтралаар хамгийн бага сум юм.
    Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын хэмжээнд амины орон сууц, гэр сууц зонхилдог юм. Эрүүл мэндийн төв 1 эмч, 5 сувилагч нийт 21 ажиллагсадтай. Монголд алдартай Дархадын цагаан загас энэ нутгийн бренд билээ.

  • АРАВ. МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГ МАНДАН БАДРАГ.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шүтлэгтэн олны өмнө хэлсэн үгийн товч агуулгыг танилцуулж байна.
    1990 онд тэнгэр шүтлэгт бөө мөргөл хүн амын 1 хувь нь шүтдэг болж, ухралтын эцсийн цэгтээ тулж ирсэн байсан. Нийгэмд гарсан өөрчлөлт оюуны орон зайд томоохон өөрчлөлт авчирсан. Энэ үед Монголд том өөрчлөлт хийж, өөрийн орон зайгаа эзлэхээр дэлхийн шашины 36 урсгал ажиллаж эхэлсэн байдаг. Энэ цаг үетэй зэрэгцэн Монголд үндэсний шүтлэг болох Тэнгэр шүтлэгт бөө мөргөл дэлгэрэх болсон. Манайд үндэсний шүтлэг маань 2 чиглэлээр дэлгэрч эхэлснээс уламжлалт бөө мөргөл нь өөрийн мөн чанараа алдалгүй өнөөг хүртэл оршсоор байна. Харин орчин цагийн хэв агуулга бүхий бөө мөргөл нь маш эрчимтэй өрнөлөө. Нэг талдаа монголын тэнгэр шүтлэгийг өрнөн дэлгэрэхэд их үүрэг гүйцэтгэсэн сайн тал бий ч шинээр бий болгосон дэг журам гээд олон зүйлд цоо шинэ хандлагыг бий болгож байна. Тэд шүтэн бишрэгчидээ бараг бүгдийг нь бөө болгох аянд мордсон юм. Чанар хийх гэсэн олон мянган шүтэн бишрэгчид оролцсон бөөгийн зан үйл болж хэдэн зуу, мянган шавь нар бүхий их багш нар бий болсон юм. Зарим нь чанар хийх нэрээр архидан согтуурч хоорондоо зодолдож хүн амины хэрэг гаргасан тохиолдол бий. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан зарим төлөөлөл төрийн өндөрлөгийн энэ асуудал хариуцсан зөвлөхийг тойрон эргэлдэж нөлөөлөл үзүүлсээр байна. Угтаа бол ийм ёс зүйгүй асуудалд орооцолдсон иргэд монгол тэнгэр шүтлэгээс өөрсдөө сайн дураар зайлах ёстой билээ.
    Монгол бөөгийн ёс заншилыг судалдаг нэр бүхий зарим эрдэмтэд олон улсын тавцанд цөөнгүй жил нэр барин сүжирч ирлээ. Тэд монгол бөөд эргээд нөлөөлөх талаар бараг ажил хийсэнгүй.
    Олон мянган шавь нэртэй шүтэн бишрэгчдийн амьдралаар тоглосон он жилүүд ард хоцорч байна. Цаг хугацаа бүхний хэмжүүр, шалгуур билээ.
    Монголын тэнгэр шүтлэгтэнүүдийн нэг хэсэг нэгдэж, Тэнгэр шүтлэгээ зөв голдиролоор хөгжүүлэх чиглэлээр МБНЭ-ийг байгуулсан билээ. МБНЭ нь үе, үеийн тэнгэр шүтлэгээ дээдэлж, уламжлалаа зөв авч явахын тулд их ажил хийлээ.
    Эхлээд монгол тэнгэр шүтлэгээ цэгцэлэхийн тулд “Монгол бөөгийн ёс зүй” гарган ажилласан билээ. Үүнийг дагаж мөрдөх болсноор, түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаас бөө мөргөл нь эргээд задрах үйл явц өрнөсөн. Зуунаар тооцогдох байгууллага бий болсон.
    Энэ ороо бусгай үед олон түмэнд итгэл үнэмшилийг баталгаатай болгох зорилгоор цол хэргэм олгох болсон. Хэдий олон хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа боловч иргэд албажуулсан баримт бүхий улаачтай харьцах сонирхол их болсон. Олон хуурамч бөө нараас ялгах арга нь “албажуулсан” баримт юм. Энэ нь цаашдаа улам боловсронгүй болж цэгцлэгдэх нь зайлшгүй байх аа. Хүн ам төвлөрсөн хот суурийн газарт бөө нарын тоо хэдэн арван мянгад хүрсэн. Одоо үйл явц тооноос чанарт шилжих түүхэн үедээ явж байна. Олон хүн өөрсдийгөө бөө биш шүтлэгтэн юм гэдэгээ ойлгож эхэлж байна.
    Өнөөдөр тэнгэр шүтлэгт энэхүү соёлын биет болон биет бус өвийг уламжлан авч яваа гол төв нутаг нь Хөвсгөл болж байна. Энэ бол түүхийн өмнө хүлээсэн асар том хариуцлага юм.
    Монголын төрөөс анх удаа тэнгэрийн улаач нарыг хүлээн авч уулзсан билээ. Түүний дараа тэнгэр шүтлэгийн зан үйлээр төрийн тахилгыг хийх тухай хэлэлцсэн байдаг. Энэ бүхэндээ тэнгэр шүтлэгийн соёлыг авч яваа улаач нарыг оролцуулахгүй байгаа нь олон асуудалд эргэлзэхэд хүрч байгаа юм. Ингэснээрээ бид хожихгүй харин алдах болно. Монгол тэнгэр шүтлэгийн уламжлалд тэнгэр шүтлэгээ уламжлалт ёсоор авч яваа Та бүхнийг ад үзэх ёсгүй. Ийм зүйлийг та бүхэнд цаг үед нь төлөөллөөр дамжуулан мэдээлж байх болно.
    Өнгөрсөн хугацаанд бид олон зүйл дээр аядуу байр суурь баримталж ирсэн. Одоо цаг үе биднийг зайлшгүй зарим зан үйл хийж, арга хэмжээ авахад тулгаж байна. Бид хариу “хөдлөх” ажиллах болно. Шударга ёс мөн тэнгэрт ноёрхож байдаг.
    Хоймор болсон нутгийн ард иргэдтэй уулзаж явахад тэнгэр шүтлэгээ эрхэмлэн дээдэлсээр яваад талархаж байна. Хаана ч очсон өвөг дээдэс, онгон байгалиа эрхэмлэн шүтдэг ард түмний зан үйл, уламжлал, соёл оршсоор байгаа нь харагдаж байна. Та бүхнээс сурах зүйл их байна.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
    Мөнх тэнгэрийн шүтлэг мандан бадраг.

    djmedia:560
  • ЕС. ДАРХАДЫН АЛДАРТ ЦЭНД УДГАН АГАРЫГ ТАХИСАН НЬ.

    Цэгмид удган нь Улаан хуулар (хуулар,соян гэдэг нь тува овог) онгод, Соён онгод, уул усны эздээр, Агарын гурван хайрханаар сүлдэлж бөөлдөг чадалтай удган байжээ. Хамгийн сүүлд Агар хайрханыг үнэн бодит зөв тахиж чадсан ганц удган бол Цэгмид удган юм. Агарын хайрхан ихэд догширч хүн малд аянга бууж 200 гаран хонийг уул шиг овоолоод дээр нь эзнийг нь тавьсан байж, тиймээс Агар хайрханыг аргадаж зөөлрүүлэх гэж 1991 оны 4 н сард Цэгмид удганыг залсан байдаг. Цэгмид удганы гэрт 69 машин ирж тэдний садангийн Цагаан гэдэг авгай ирж тантай уулзуулах хүн байна гэж Баянзүрх сумын дарга Нямсүрэн хадаг гаргаж бариад хайрханыг аргадаж өгөөч гэж гуйгаад арван хонь өгье гэсэн гэдэг. Удган хадгийг авч тавиад би ч чадах болов уудаа гээд төмөр хуураа нэг татаж үзээд Улаан уул сумын төв ороод дахин нэг мэргэлж үзэх хэрэгтэй гэж, тэгээд сумын төв ороод айлд мэргийн чулуугаа татаж үзээд за яахав дээ тэгдэг л болж дээ гээд аяга цай ууж аваад өөрийн хүү болох Чулуунбаатарыг дагуулан шууд Баянзүрх сум явахаар болжээ. Баянзүрхээс бүр хол Агар мөрөн голыг гарч очдог байж.

    Бригадын төв дээр бүтэн хонины шүүс чанаж бэлдээд, гурван ширхэг зулзаган хуш мод өргөлд бэлдээд олон өнгийн даавуун цуйдар уяж чимгэлжээ. Олон төрлийн цагаан идээ бэлдүүлж архи,тамхи хүртэл зэхүүлжээ. Агарын хайрханы асар пүнз уулийн оройд дэвсэг газар байрладаг бөгөөд, хүү Чулуунбаатарыг асарт орж эмхэлж янзал гээд бүү айгаарай гэж хэлж байж, асар дотор нэг авдар хоёр тэвш байсан гэдэг асар дээврийг янзалж хог шороог нь цэвэрлэж эвдэрсэн зүйлсийг цэгцэлж авдарт нь ил гарсан зүйлсийг нь хийж доороос нь банз шорлож байрлуулж. Хэдэн улсаар банз зөөлгөн бэлдүүлж байгаад Нямсүрэн дарга нэг гинж олоод үүнийг хаясан хүн байна уу гэж асуухад хаясан хүн байхгүй байсан бөгөөд удган хайрхан өгч байна далд хий гэжээ. Асар луу зассан шаттай түүн дээр нь цагаан эсгий дэвсээд гурван хушан өргөлөө байрлуулж идээ цагаагаа тавин явган бөөлж бараг асар дотор орох шахам хуурдаж, хуурийн дуу улам чангарч морьд нь шилгээгээд л тэр үед гурван том бүргэд ирээд эргэлдэж байсан бөгөөд нэг ч хүн дуугарч болохгүй гэж удган хэлсэн байна.

    djmedia:559
  • НАЙМ. ДАРХАДЫН АЛДАРТ ЦЭНД УДГАНЫ ТАХИЛГА, ТАЙЛАЛ БОЛОВ.

     

    Цэгмэд удганы тахилга, тайлгыг хийхээр нутгийн олон цугларсан байлаа. Хээрийн бөөлөөг дархадын алдарт удган М.Цэгмид, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлж бөөллөө. Энэ удаа олон сайхан шавь, дэмжигчидтэй ирсэн байлаа.
    Тахилга тайлгын нээж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Түүний дэвшүүлсэн санааг нутгийн олон талархан хүлээж авсан билээ. Дараа нь сумын Тамгийн газрын дарга, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар нар үг хэлж дэмжсэн байна.
    Түүний араас Монгол бөөгийн тэргүүн удган Лхагвадулам хуяглан босч бөөллөө. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Эрдэнэбаатар, Бахаамаазагд нар хуяглан бөөлж, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Болортунгалаг нар хуур манжигаар дэмжиж бөөллөө.
    1989 онд Цэгмид удган дээр Элбэгдорж, Бат-үүл С.Зориг тэргүүтэй хүмүүс ирж уулзан цаашдын ирээдүй үйл хэргээ хэрхэн болох тухай асуухад удган бүтэмжтэй юм байна гэсэн байдаг.
    Тахилгад ирсэн түмэн олон алдарт удганы онгогоос адис авч мөргөж байсан. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар цугласан олонд хандаж талархалыг үг хэлсэн билээ.
    Тахига дээр Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатарын нутагтаа амьдардаг хүүхдүүд нь бүгд ирсэн байсан.
    Тахилга эхлэхийн өмнө онгоны гол баганад Монгол төрийн соёмбо байрлуулах ажлыг зайрангийн удирдлагаар түүний шавь нар хийсэн байна.

    djmedia:558