Author: admin_shaman

  • МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛТЭЙ ЭЛЧИН САЙД ТАНИЛЦЛАА.

     

    Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл бол Хүннү гүрнээс өнөөг хүртэл Монгол үндэстнүүдийн шүтэж ирсэн гол шүтлэг билээ. Их Хүннү гүрний үед Монгол төр мөнх тэнгэрийн үзлийг төрийн гол шүтлэг болгосноос хойш 2230 жил өнгөрчээ. Тэр үеийн сурвалж бичигт тахилгын талаар олонтой бичсэн байдаг ч гадны төлөөлөл оролцож байсан тухай уншиж байсангүй.
    Монголын их хаадын үед төрийн тахилгын зан үйл уламжлагдан хийгдсээр ирсэн ч маш тодорхой баримт бас л ховор байдаг.
    Харин энэ удаа Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Нарны тахилгад оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон гурав дахь нэр хүндтэй зочин болж байсан элчин сайд маань монгол ёс заншилаар хийж байгаа Нарны тахилгад оролцсон анхны гадаадын нэр хүндтэй эрхэм зочин байж чадлаа. Тэрээр тахилгын явцыг сууж үзэхээс татгалзан зарим үйлийг ойроос харж сонирхон үзэж байлаа.
    Хүндэт зочин, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф Өглөөний Нарны тахилгын дараа Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, энэ тахилгыг гардан зохион байгуулж байгаа Х.Майцэцэг Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Б.Нарангэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Лхагва-Эрдэнэ, Монгол бөөгийн тэргүүн удган, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Цэндсүрэн, Монгол бөөгийн удган, Залуучуудын зөвлөлийн удирдагч Т.Анхмаа, Монгол бөөгийн удган Болортунгалаг Наранцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс, Хөвсгөлийн баруун тайгын зайран Ганбаа нартай уулзаж, ярилцаж, дурсгалын зураг авахуулсан билээ.

    djmedia:549
  • 1924, 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИУДЫН ТАЛААРХ БОДРОЛ

    Мэдээлэл ч үгүй, мэдлэг ч үгүй, тэр мөртлөө мэдэмхийрэх өвчин эрт олсон, түүгээрээ өөрөө ихэд бахархдаг нэр, хаягаа нуусан “ухааны, оюуны ба ёс суртахууны хомсдолтой” хүмүүсийн тоо ухаалаг утасны тооны өсөлттэй пропорционалаар мөн өслөө. Нийгмийн сэтгэл зүй ба ухамсарт хор хүргэж, сөргөөр нөлөөлж болох энэ үзэгдэлтэй тэмцэхийн чухлыг анхааруулдаг хүмүүсийн тоо ч мөн өссөөр байна. Гэвч нийгмийн бодит амьдрал, түүний өөрчлөлт, хөгжил нь бусармаг явдал ба буруу сэтгэлгээтэй хүмүүсийн элдэв санаа, зоригт ер захирагддагүй, ард түмэн ч тэдэнд хууртдаггүй юм. Тэр дундаас Монголчууд бол ер бусын ул суурьтайгаар, тун ч сийрэгхэн сэтгэдэг ухаалаг хүн зон билээ. Энэ ард түмэн бүхий л түүхийнхээ туршид оюунлаг хөвгүүд, охидоор дутагдаж, гачигдаж байсангүй. Ухаалаг, оюунлаг иргэд цаг цагтаа л бэлхнээ байж, тулгарсан ямар ч асуудлыг шийдсээр ирсэн түүхтэй…
    1992 оны Үндсэн хууль битгий хэл 1924 оны Үндсэн хуулийг тун ч богино хугацаанд хоёр ч хувилбараар боловсруулж чадсан билээ. Магсаржав хурцаар толгойлуулсан комисс “хязгаарлагдмал эрхтэй хаан бүхий Бүгд Найрамдах улсын Үндсэн хууль”-ийг Англи, Бельги, Голландын жишгээр, яг л тэр цаг үеийн Монголын онцлогт тохируулан боловсруулжээ.
    Энэ ажилд судар бичгийн хүрээлэнгийн ажилтнууд ч оролцжээ. Гэвч Богд хаан таалал төгсч нөхцөл байдал өөрчлөгдсөний учир шинээр хоёр дахь комисс томилогдоод тун ч богино хугацаанд Зөвлөлт Оросын Үндсэн хуультай ижлэвтэр өвөрмөц төсөл боловсруулж Улсын Анхдугаар Их Хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Үндсэн хуулийн эрх, эрхийн философийн үүднээс үнэлж, дүгнэх аваас мөнхүү хоёр хувилбар нь “байдаг л хуулиуд” гэгдэхээр бичвэрүүд мөн болно. Энэ ажилд оролцсон хүмүүсийн боловсрол, туршлага, юм үзэж нүд тайлсан байдал, гадаад хэлний мэдлэг зэргийг сонирхох аваас тэдний дунд Хятад, Манж хэлтэй, мөн Герман, Англи, Орос хэлтэй, Өрнийн болон Дорнын соёлтой биечлэн танилцчихсан эрхмүүд ч байжээ.

    1990-1992 оны нөхцөл, байдлыг 1924 оныхтой харьцуулж үзэхтүн! Тэмээ, ямаа хоёроос ч их ялгаа байх бизээ… Хэдэн ч янзын төсөл боловсруулчих чадамж бэлхнээ байсан юм шүү.

    Ар Монголыг Хятадын салшгүй хэсэг болохыг нууцаар хүлээн зөвшөөрцгөөсөн Орос ба Хятадын нууц хэлэлцээрийг яаралтай сөрж “Бүгд Найрамдах Улс”-ыг тунхаглан ил, шууд тэмцэхээр шийдсэн Монголын эх орончид Улсын Анхдугаар Их Хурлын товыг яаравчлан зарлажээ. Уралдах, өрсөх, хоёр хөршийн нууц хэлэлцээрийн мөрөөр практик арга хэмжээнүүд авагдахад саад болох тулгамдсан шаардлага ийнхүү “урагш нь довтлоход” хүргэсэн байна. Хоёр хөрш маань 1924 оны 5-р сарын 31-нд нууцаар тохиролцсон бол Монголчууд мөн оны 11-р сард Улсын анхдугаар Их Хурлаа хийж “Монгол Улсыг тунхаглаж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлж, Ардын ардчилсан бүгд найрамдах засаг төр, парламентын суурийг тавьж, шинэ үндсэн хуулиа баталжээ.” Энэ их хуралд уригдаж оролцсон Коминтернийн төлөөлөгч Рыскулов, Оросын элчин Юдин, Зөвлөлт Казахын төлөөлөгч Хангелдинов, Буриадын ерөнхий сайд Ербанов, мөн Төвд, Барга, Хөлөнбуйр, Ордосын төлөөлөгчид Монголчуудын эрс шийдэмгий байдал, эв нэгдэл, улс төрийн зоригтой алхмыг гайхаж, ихэнх нь дэмжиж байжээ. Зөв зүйлийг зоригтой сэдэж, оновчтой хэрэгжүүлэхийн урлагийг Монголчууд ийнхүү үзүүлж чаджээ.
    Улсын анхдугаар их хуралд 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь хүрэлцэн иржээ. Тэд хурлын явцад тун идэвхтэй оролцож зарим нь бүр 15 удаа үг хэлж, онц чухал асуудлуудаар тайлбар шаардаж, дүгнэлтүүдийн үндэслэлийг ч нэхэж байжээ. Хурал 21 өдөр үргэлжилж ажил хэрэгч шинжээрээ гадаадын төлөөлөгчдөд гайхшрал төрүүлж байв. Анхдугаар их хурлаас дарга, 7 гишүүнтэй байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал (Парламент), 12 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг байгуулжээ.
    Энэ их хурлын зорилго, бэлтгэл, явц, үр дүнгээс үзэхүл тэр цагийн Монголчуудын улс төрийн мэдрэмж, соёл, боловсролыг голох, гоочлох аргагүй байна.
    Одоо 1992 оны Үндсэн хуультай холбогдуулж цөөн зүйлийг өгүүлье. 1988, 1989, 1990, 1991 оны сонин, сэтгүүлүүд дэх улс төийн сэдэвтэй нийтлэлүүд миний өгүүлэх зүйлийг гэрчилнэ, бас нотолно.

    1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн найруулах даалгавар авсан Ж.Батмөнх даргатай комисс 1990 оноос өмнө ажиллаж байв. Энэ ажилтай холбоотой нийтлэлүүд ч төвйин сонингуудад үзэгддэг байлаа. МУИС-ийн хуулийн тэнхэмийн багш нар, Философи, Социологи, Төр эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон онол-арга зүйн семинараар, мөн намын улс төр-гэгээрлийн дээд шатны дугуйлангуудад Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг шүүн хэлэлцдэг байв.

    Гэвч энэ ажил 1990 оны тэмцэл, хөдөлгөөний улмаас орхигдсон билээ. Нийгмийн амьдралыг ардчилахын төлөө өрнөсөн тэмцэл өргөжих, хот хөдөөгүй дэмжлэг олохын хэрээр 1960 оны Үндсэн хуульд эн тэргүүнд оруулбаас зохих өөрчлөлтийн талаар хурцаар яригдаж, хэрэг дээрээ ч түргэн хийгджээ. 1990, 1991 оныг дамнан буй болсон шилжилтийн шинжтэй төр засаг (Ерөнхийлөгчийн алба, Улсын бага хурал, эвслийн маягийн Засгийн газар) Ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлахын чухлыг хаа хаанаа мөн сайтар ойлгосон байв.
    1990 оны 10 сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлын 15-р тогтоолоор Шинэ Үндсэн Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 16 хүний бүрэлдэхүүнтэй (дарга нь П.Очирбат, орлогч дарга нь К.Зардыхан) байгуулжээ. Төсөл боловсруулах, Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлаар хэлэлцэх, батлах хооронд 1 жил, 4 сар өнгөрчээ. Эрхийн философи, төр эрхийн онол, төрийн байгуулалт, Үндсэн хуулийн эрх, үндэсний төр эрхийн түүхэн уламжлал, улс орны хөгжлийн хэтийн төлөв, ардчилсан Үндсэн хуульд тавигдах шаардлага, энэ талаарх бусад орны ололт, туршлага, зэргийн гүнзгий мэдлэг, мэдээлэлд тулгуурлан нягт нямбай үйлдэгдэх, зохион байгуулагдах, учиртай байсан тэр ажил ерөнхийдөө бүх талаараа л шаардлагын түвшинд бус байв. Мөнхүү цаг үед Монголд Үндсэн хуулийн эрхийн асуудлуудаар нарийн мэргэжсэн судлаачид, эрдэмтэд байсангүй.
    1990 оны 10-р сарын 18-ны өдөр уг ажлыг зохион байгуулах комиссын 01-р тогтоолоор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг (нийтдээ 39 хүн, 4 хэсэгтэй) байгуулжээ. Мөнхүү ажлын хэсгүүдийн боловсруулсан төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцэж сайшаагаад, Ардын эрх сонинд нийтэлж олон түмнээр хэлэлцүүлж эхэлсэн байна. Хэлэлцүүлэг бүтэн гурван сар үргэлжилжээ.

    Хэлэлцүүлгийн явцаас харахад түүнд хүн амын бүх давхраа идэвхтэй оролцжээ. Төслийн бүх бүлэг, зүйл шүүмжлэлд өртөж, тоймгүй олон санал гарч тэр бүхнийг төсөлд тусгах, эс тусгах талаарх асуудлыг судалж шийдвэрлэх нь тулгамдсан зорилт болжээ.

    1991 оны 7-р сарын 26-ны өдөр зохион байгуулах комиссын 01 дугаар захирамж гарч “Монгол улсын Их цаазын төслийн талаар иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналыг судалж төсөлд тусгах, нэгтгэн дүгнэх ажлын хэсгүүдийг дахин шинэчлэн байгуулжээ.” Энэ удаа нийтдээ 90 хүнээс бүрдсэн 10 хэсэг байгуулагджээ. Эдгээрээс яг Үндсэн хуулийн төслийн бүлэг, зүйлүүд дээр ажилласан нь II, III, IV хэсэгт хамрагдсан 32 хүн байв. Захирамжид нэр орсон 90 хүнээс зөвхөн 20 гаруй нь л “Үндсэн ажилчид”, идэвхтэй, бас ч хэрэг болох түвшний мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байлаа. Захирамжид нэр заагдан орсон 90 хүний 40 орчим хувь нь хааяа нэг үзэгдэхээс өөр үүрэггүй шахам байсныг хэлэх нь зүйтэй байх… Энэ хоёр дахь ажлын хэсгийнхний буй болгосон хувилбарыг л Улсын Бага Хурлаар хэлэлцээд дараа нь Анхдугаар Их Хурлын чуулганд оруулж батлуулжээ. Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлын чуулганы аль нь ч төслийн мөнхүү хувилбарыг бараг л тэр хэвээр нь шахам үлдээж баталсан болно. Анхдугаар Их Хурлын чуулган 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг төслийг 70 гаруй хоног сунжруулан хэлэлцсэн хэдий ч эцсийн дүндээ зарим нэг багаахан засварыг эс тооцвол яг л байснаар нь баталсан юм. 2 сар гаруй хэлэлцсэн явцыг шударгаар үнэлэх аваас тэдний хэлэлцэх хэр чадвар, мэдлэг, мэдээллийн түвшин яахын ч аргагүй жолдож ихэнхдээ дутуу, мөчидхөн ойлгосны улмаас л хэрэггүй шахам маргаан, мэтгэлцээнээр цагийг дэмий үрж их зардал, сүйтгэл гаргасан болно. Хий хоосон сүржигнэл, хэрэггүй улс төржилт, өнгөц буруу ойлгосноос үүдсэн маргаан, үндэсгүй болгоомжлол, хардаж ба хаяагаа манаж хэлсэн явуургүй, холчиргон үгс мэт нь мэдлэг, мэргэжил, ухаан шаардсан мөнхүү ажилд зөвхөн л саад болж, саатал, тасалдал авч ирж байлаа. Их ч цаг алдсан юм.
    Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэгдсэн комисс ч тэр (16 хүнтэй), мөнхүү хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй эхний ажлын хэсэг ч тэр (39 хүнтэй), мөн хоёр дахь өргөтгөсөн ажлын хэсгүүд ч тэр (90 хүнтэй) бүгд л ихэд улс төржүүлсэн байр сууринаас хандсан бүтэц, бүрэлдэхүүнтэй байв.
    Олон, олон шинжлэх ухааны уулзвар, хослолын үүднээс яригдаж, боловсрогдож, бүтээгдэх учиртай оюуны үйлдвэрлэлийн онц чухал үр дүнг яг өөрт нь тохирсон арга технологиор л буй болгох, бүтээх ёстой билээ. Ийм шаардлагын үүднээс ярих, үнэлэх аваас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, олон шатаар хэлэлцэж чамбайруулах, бусад орны өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, тухайн салбарын нарийн мэргэжилтнээс санал авах, нэр томъёо, бичлэг найруулгын хувьд жигдлэх, Ардчилсан Үндсэн хуульд XX зууны өндөрлөгөөс тавигдах болзол, шаардлагад нийцүүлж чанаржуулах зэрэг ажил, арга хэмжээ тун хангалтгүй гэхээр түвшинд зохион байгуулагдаж, хэрэгжжээ.
    Улс төр, хууль эрхийн ямар ч асуудлыг ард иргэд өөр өөрийн байр сууринаас хэр чадлаараа шүүн хэлэлцэх чадвартай байдаг хэдий ч улсын Үндсэн хууль мэтийн чухал баримт бичгийг зөвхөн л шаардлага хангахуйц түвшний мэргэжилтнүүдийн баг л боловсруулж, чамбайруулж, эцэслэн хэлбэржүүлж чаддаг нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон, практикаар шалгагдсан үнэн билээ.

    Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 8 жилийн дараа түүнд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд ч гэсэн өмнөхийн нэгэн адил хөнгөн, гоомой ажил, арга хэмжээ болж түүхэнд үлдэх нь эргэлзээгүй.

    Парламентын гишүүн ба Засгийн газрын гишүүний эрх, үүргийг давхар эдэлж, гүйцэтгэж байхын сөрөг тал, муу үр дагаврыг Франц улс дэлхий нийтэд аль хэдийнээ нотлон харуулсан бэлэн туршлагыг мэдэх, тооцох ухаан тэр үеийн Улсын Их Хурлын гишүүд ба намуудын дарга нарт байсангүй. Францын томоохон улс төрчид, судлаачид энэ талаар бүр онцгойлон анхааруулж бичиж, сурталчилж байсан билээ.
    XXI зууны өндөрлөгөөс үзэх, хэлэх аваас мэдлэгийн тухайн салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг аль болох өргөнөөр татан оролцуулж байж л чухал, тулгамдсан асуудал нэг бүрийг шийдвэрлэж байгаа нь үнэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилго яг л ийм арга, хандлагын үр дүнд амжилттай хэрэгжих болно. Тохиолдлын, мэргэжлийн бус хүн өнөөдөр ямар ч өндөр албан тушаал хашиж байгаа ч гэсэн “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэхийн адил илүүц байх болно.
    Дор дурдсан 2 тогтоол, 1 захирамжид нэр заагдан орсон хүмүүсийн ажил, мэргэжил, нийгмийн байдлаас үзэхэд зөвхөн хоосон улс төржилтийн улмаас л бүтсэн бүрэлдэхүүнтэй байв. Өөрөөр хэлбэл тогтоол, захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд нь өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадваргүй байлаа.
    Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас сүүлийн жилүүдэд удаа дараа томилсон ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн ч гэсэн өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадамжгүй нь мөн илт харагдаж байв.
    Өнгөрсөн 25 жилийн дотор Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг төр барьж байсан намууд тусгайлан үзэж бэлтгэж болох байлаа. Энэ ажил хийгдсэнгүй. Ядаж л Үндсэн хуулийн бүлэг, зүйлүүдэд албан ёсны бус онолын тайлбар хийлгэж болох байв. Энэ талаар ч анхаарсангүй. Ингэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглаж болох нарийн мэрэгшсэн хүн хүч өнөөдөр ч гэсэн залуу улс төрчдийн дунд алга шахам байна.
    Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд өмнө нь хэдэн сараар дайчлагдан ажиллаж байсан гол гол хүмүүс өнгөрсөн 25 жилийн дотор тун ч ихийг эргэцүүлэн бодож, дүгнэлт хийж, юу юунд анхаарах, юу юуг хэрхэн өөрчлөх талаар сэтгэсэн, товлосон байх учиртай. Иймээс тэдэнтэй ярилцлага хийх, заримыг нь уг ажилд дахин томилон оролцуулах хэрэгтэй. Тэдний зарим нь Үндсэн хуулийн эрхийн асуудлаар судалгааны өгүүллүүд, нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээлийн бүлэг, зүйлүүд олныг бичиж хэвлүүлжээ. Тэдний үгийг сонсох нь Үндсэн хуулийг чанаржуулж өөрчлөх нэгэн эх сурвалж болж ашиглагдах ёстой. Энэчлэн бодох тооцох юм их байна!
    Үндсэн хууль боловсруулах болон төв төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны Үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улс төрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн, туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, Үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ. Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байлцжээ.
    АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа анхны Үндсэн хуулиа боловсруулж эхэлжээ. Тусгаар улс болсны дараа 12 жилийн турш дахь улс төрийн амьдарлын практик нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVII зууны эцэс дэх Үндсэн хуулийн эрхийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж уг Үндсэн хуулийг боловсруулжээ.

    Анхны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ.
    Парламентын хоёр танхимын хатуу хяналтын доор ажиллах нэг хүнээр засгийн газрыг удирдуулж, зөвхөн тэр ганц хүнтэй хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж тэд үзэцгээжээ.

    1787 оны 9-р сарын 17-нд эцэслэн батлагдсан, АНУ-ын Үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл болсон юм.
    АНУ дахь улс төрийн шинэ нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь Америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн Ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл, хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүхтэй…

    х х х

    1924 онд тун богино хугацаанд боловсрогдож батлагдсан Үндсэн хуульд Коминтернийн төлөөлөгчдийн нөлөө, Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн жишээ, загвар, Оросын элчин болон зөвлөхүүдийн нөлөө аргагүйн эрхээр шийдвэрлэх хэмжээгээр туссан нь хэнд ч илэрхий хэрэг болно. Яг тэр цаг үед өөр гарц, хувилбар байсангүй. Байх ч боломжгүй нөхцөл бүрдсэн билээ.
    1992 оны Үндсэн хуулийн тухайд бол 1924 оны үеийнх шиг шахаа, дарамт, гадны оролцоо үгүй байв. Харин улс төрийн үйл ажиллагааны хувьд шинээр байгуулагдсан Ардчилсан намын “жулдрайчуудаас” хэд дахин илүү их туршлага, атгаг санаа бүхий “Ах намын” гол хүмүүс, нөлөө бүхий хүмүүсийн ил, далд явуулга, санаархал “хэргээ хийж” чадаж байв. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76, үүнээс ч олон байхын чухлыг тэд далдуур ухуулж, “нарийн учрыг” нь шивнэлдэн зөвшилцдөг байв. Тэдний гол үндэслэл нь “гишүүдийн тоо олон байх аваас 1992 оны сонгуульд МАХН олонхи болох магадлал бараг 100%”, “энэ шалдан банди нараас дээд тал нь л 20 хүн сонгогдох бизээ” гэсэн тооцоо юм. Тэд мөн “Улсын Их Хуралд сонгогдох насыг 30 болгоё энэ ч бас том хаалт шүү” гэцгээж байв. Гэхдээ далдуур, ойр зууртаа шүү. “Ерөнхийлөгчид сонгогдох насыг 50 болгох аваас сөрөг хүчнээс ойрын 15-20 жилд Ерөнхийлөгч гарч ирж харагдаа ч” гэж шууд хэлцгээдэг байлаа. “Улсын Их Хурлыг 6 жилээр сонгох нь зөв, ирэх 6 жилийн дотор манай нам (МАХН)-ын гарт бүх зүйл дахин орох л болно” гэж ил хэлдэг хүн ч цөөн бус байлаа. Энэ бүхэн нь шинэ Үндсэн хуулийн төсөлд суучихсан буюу үргэлжлүүлэн суусаар, үлдсээр байсан юм шүү! Иймэрдүү атгаг санаа, тооцооны илрэлүүдийг Улсын Бага Хурлын гишүүд ч олж тогтоож, бодож хүрэхгүй байлаа. Ардчилал, шинэчлэлийн хувь заяанд чин сэтгэлээсээ зовниж, боломжтой бүхнийг далдуур хэлж, хийж байсан цөөн хүмүүсийн хүчин чармайлт л олон зүйлийг засаж, зөөллөж чадсан нь аз, ёндоо гэгдэхээр байж билээ. Энэчлэн ярих, дэлгэх аваас их зүйл бий. Бусад хүмүүс ч олныг өгүүлэх байх…
    1989-1992 оны үйл явдлууд түүх болон үлдэх, тодрохын цагт “Ах намын” элдэв явуулга, махинаци, санаархал эзэн, холбогдогчтойгоо цуг нийтэд ил тод болж танигдах бизээ! Чухам тэр үед л ард олон үнэнийг олж сонсох, мэдэх, бас гайхшрах болно.
    Зөвхөн түүхэн үнэн, яг яс үнэн л эзэд ба гэрчлэгчидтэйгээ түүх болон үлдэхийн цагт хэн нь хэн байсан нь тодордог жамтай билээ. Улс төрийн янз бүрийн хүчин, популист намуудын худал зохиомж, рекламаар “гавъяатанг төрүүлж”, Төрийн Ордонд зургуудийг нь тавиад байж хэрхэвч таарахгүйг учир мэдэх хүмүүс олонтой анхааруулсаар ирсэн ба одоо ч анхааруулсаар байна.
    Ах нам “МАН” хууль бүхнийг, бүр Үндсэн хууль, сонгуулийн хуулиудыг ч гэсэн зөвхөн өөртөө ашигтай байхуйцаар боловсруулж баталсаар ирсэн нь шударга ёсонд харш үйлдэл болно. Энэ намын ёс зүйтэй гишүүд, залуучууд намаа шинэчилж чадахгүй байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ нам бүрэлдэхүүн бүх хэсгээрээ ялзарчихсан юм гэж үү?
    УИХ-ын сонгуулийн хуулийг УИХ-аар биш, харин улс төрийн бүх намын төлөөлөл оролцсон хурлаар хэлэлцэж дийлэнх олонхийн нь саналаар баталдаг болмоор байна.

    Судлаач, профессор
    Д.Чулуунжав

  • “ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.

    Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Азид алдартай Лениний музейн эрхлэгч хийж байсан бөгөөд мөн ази тивд алдартай Чингис хааны музейг нээх хувь түүнд тохиожээ.
    ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ МАНДТУГАЙ…
    Өнөөдрийн гол трэнд асуудал, үйл явдал бол Чингис хааны музей байлаа. Ард түмэн түүх соёлоороо бахархам сайхан үйл явдал гэхээсээ эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал Солонгос улс түүх соёлоо кино урлагтай холбож бусад орныг “эзлэн түрэмгийлж” байгаа билээ. Тэд түүхээ таниулах зорилгоор хоол ундаанаас өгсүүлээд хувцас хунараа хүртэл бусад оронд худалдах жишээтэй. Чингис хааны музейд 11 мянган үзмэр тавигдсан, нэг хүн үзээд явахад 7-8 цаг болно гэсэн тооцоо бий. 2000 гаруй жилийн түүхтэй Хүннү болон Эзэнт гүрний түүх аргагүй том. Тун удахгүй дэлхийн кино урлаг Чингис хаан, Их Монгол улсын түүхээр амьсгалах болов уу. Монгол Улс энэ утгаараа бие даасан Соёлын яамтай болж хууль гарган энэхүү музейн эх үүсвэрийг тавьсан байдаг. Монголчуудын түүх дэлхийд тод ул мөрөө үлдээсэн бахархам түүхээ гадны зочид төлөөлөгч үзүүлж боломжтой болов. Зүгээр нэг музей биш эдийн засагт нөлөө үзүүлэхүйц (үйлдвэр нээгдлээ) арга хэмжээ байв шүү.

    Б.Жаргалсайхан (Буянгийн)

    Өнөөдөр Чингис хааныхаа музейн нээлтэнд оролцож магнай тэнийв. Сайхан болжээ. Үзмэрийн чанар чансаа, дэглэлт үнэхээр сайхан. Хүмүүсийн магтдаг Бээжингийн төв музейгээс илүү юу гэхээс дутах юм алга. Аугаа дээдэстэйгээ мэдрэх шиг боллоо. Музей төдийгүй соёл ш/у, соён гэгээрлийн төв, улс үндэстний бахархал, бишрэл хүндэтгэлийн ордон, их хаад, дээдсийн шүтээн цогцолбор болжээ. Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуайтай таарч, гар барив. Сонгуулиар нь би сөрөг байр суурь баримталсан, бүр хоржоонтойхон шүлэглэж ирээд жаал эсэргүүцэж билээ. Гэтэл тэнэгэр эр юм, нүүр дүүрэн сайхан учрав . Энэ хүнд үед монгол улсад үнэхээр аугаа үйлс бүтээж чаджээ. Аугаа бүтээн байгуулалтыг биширч, догдолсон түүхч, архивч, археологич, музейнхэн нээлтийн ёслолийн үед сэтгэл тэнэгэр, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл хорогдсоор сая л гэрээ зүглэлээ.

    Хоролдамба Дамдинсүрэн (Ph доктор)

     

    djmedia:548
  • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААС ЭРТНИЙ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ХААД ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШ ОЛДЖЭЭ

    Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.
    Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог.
    Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.
    Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв.

    Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.
    Ташрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй.
    Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1, 2 дугаар курсийн оюутнууд багтаж байгаа гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

    djmedia:547
  • МАЧИР ЗАЙРАН

    Сар бүрийн шинийн 3 нд ийм бөө бөөлөхөд нь хотол даяараа чуулан амь бие эд малаа даатгадаг байжээ. Энэхүү Бурианы онгодыг анхлан тахиж авч явсан хүн нь Мачир зайран бөгөөд зарим хүмүүс ярихдаа Мачир зайраны онгод гэлцдэг. Мачир зайран нь Хогоргийн Буриа, Эрдэнийн Сүмбэр хайрхан, Хонин өндөр уул зэргийг аргадаж авч бөөлдөг байсан учир байгаль эх буянаа хайрласанаар агуу хүчийг олж нээсэн хүч чадалтай зайран байсан. Мачир нь агуу том зайран байсан нь энэхүү түүхээс илт юмаа. Зайран 2 эхнэртэй байсан ба эхний эхнэрээс гарсан хүү нь Пунцаг зайран бөгөөд дархадын нисдэг 7 бөөгийн нэг нь болж явсан алдарт зайран , нөгөө эхнэрээс гарсан охин нь Ховин юм буюу бөөлөөд нисэж Ховдод буусан Дулам удган юм. Энэ хайрхан нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт Хогоргийн голын зүүн суганд байрлах Бурианы амны эхэнд хоёр хөгшин бүдүүн саарал модыг бодит байдлаар нь хэлж дүрсэлж болох юм. Энэ онгодыг одоо авч яваа зайран бол дархад нутгийн Мөнхөө зайран гэх ч юм.Үе үеийн дархадаас төрсөн олон бөө удганууд сүүгээ өргөж тахин дээдэлж даатган залбирдаг онгод нь Хогоргийн Бурианы эх онгод юм.

    Choigoo Shamanic Path

  • Гурав. ГАЛЫН ИХ ТАХИЛГА

    Гурав дахь жилээс эргээд нарны тахилгаа Хүй долоон худагт үргэлжлүүлж хийж билээ. Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бамжаргал нар гурван жил дараалан Нарны тахилга хийж байсан.
    Ийнхүү энэ удаагийн тахилгыг Монгол бөөгийн удган Х.Майцэцэг амжилттай сайн зохион байгууллаа. Энэхүү тахилгад монгол нутгийн аймаг сумдаас ирсэн төлөөлөл хүрэлцн ирж дэмжин оролцсон. Хамтарч нэгдэж ажиллахын нэг онцлог энэ. Ганц, ганцаараа, эсвэл гал галаараа, багштйнхаа удирдлага дор бөөгийн зөн үйлийг хийсээр ирсэн. Олон улаач нар нийлж байгаа үзэл бодол дээрээ нэгдэж ажиллах нь тулгамдаж байгаа асуудал юм. Бид энэ чигт л явж байна.
    Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор бүгд гар нийлэмжтэй ажиллаж галын тахилгын бэлтгэл ажлыг хангалаа. Галын тахилга эхлэх үед олон хүн нэмж ирсэн. Тус галын их тахилгад сонгогдсон хорин нэгэн удгад зайрангууд Төр, Түмэн олноо даатгаж мөн зорин ирсэн бүхнийг ивээлдээ багтааан бөөлсөн билээ.
    Монгол бөөгийн хамтарч бөөлөх, хүсэл зорилгоо нэгтгэн эх орон, түмэн олныхоо төлөө залбирахад бөөгийн зан үйлийг хатуу сахилга дэг журамтай хийх нь маш чухал байдаг.
    Энэхүү галын тахилгыг хамтран зохион байгуулсан улаач нартаа баярлалаа. Бас талархал илэрхийлье.
    Галын тахилгыг дэг журамтай сайхан зохион байгуулсан нь өөр зүйл хүсч байсан зарим хүмүүсийн дургүйг хүргэж байгаа бололтой. Энэ бол бидэнд байгаад байдаг хаявал зохих зан авир билээ.
    Урьд өмнөх галын тахилгууд толгойлж бөөлөх улаач зан үйлээ эхлэнгүүт араас нь дуртай нь хуяглан бөөлж замбараагүй байдал газар авчихдаг байсан. Энэ удаа толгойлон бөөлж буй улаач зан үйлээ хийхдээ дэг журмаа хатуу баримтлан зохион байгуулж хийлээ.
    Харин тахилга дээр гэнэт ирсэн зочин тэрхүү дэг журмыг эвдэн Тахилгын галд дураараа юм өргөх гэж “дайрсан” байдаг. Үүний цаана зориуд хэл ам өдөх гэсэн оролдлого явж байсан. Бусдынхаа үйлийг үл хүндлэх зан чанар энд харагдаж байна. Хэдий бид хүний эрх чөлөө ярьж, дураараа байх зарим эрх эдэлдэг гэлээ ч тахилгад хатуу дэг журам баримталж ажиллахгүй бол галаа “сэвтээдэг” гашуун туршлага бий. Түүнээс сэргэмжилж нэгдсэн удирдлагаар галын дэг журмыг сахиж ажиллах ёстой.
    Зав муутай нэгэн байх юм бол тахилгад зорьж очихын хэрэг юун билээ. Бүр болохгүй бол бусдадаа захиж өргөлөө хэлээд орхиж болно шүү дээ. Бөө нар бусдынхаа хийж буй зан үйлийг чин сэтгэлээсээ дэмжихийн оронд зориуд хэл, ам гаргаж маргаан үүсгэх шаардлага үгүй билээ. Зохион байгуулагч үл зөвшөөрсөн бол түүний шаардлагыг биелүүлэхэд л ямарч хэл ам гарахгүй өнгөрөх боломж бүрдэнэ. Тахилга зохион байгуулагчийн нэр хүндийг гутаах гэж их л оролдох шиг боллоо. Харин би бодохдоо залуу хүн гэхэд маш сайн зохион байгууллаа гэж дүгнэж байна.
    Хүн муулсан хүн өөрийгөө л таниулж байдаг. Дэлхий нийтээр тогтсон ёс зүйн хэм хэмжээний доод төвшинд очихоороо бие хүний хувийн чанарыг муугаар төсөөлөх гэж оролдох, нэр гоч өгөх, доромжлох гэж оролддог. Ийм ёс зүй ичигвэтэр болсон хэв хэмжээ, өөрийнхөө сул талыг илэрхийлсэн алхам байдаг. Юун хүнээр уучлал гүйлгах, бусдын үйлийг үймүүлсэний төлөө, өөрөө цугласан олноос уучлал гуйж сурах хэрэгтэй болов уу.
    Түмэн олондоо зориулсан Нарны тахилга амжиллтай болж өнгөрлөө.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс бүгдийг ивээх болтугай.

    djmedia:546
  • Гурав. НАРНЫ ТАХИЛГАД ЗОРИУЛСАН НААДАМ

     

    Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнхчулуун өмнөх намрын тахилгуудаар үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж хэвшсэн.
    Бөхийн барилдаан нь тахилгын зан үйлийн дараа зохион байгуулдаг үндэсний наадмын гол хэсэг юм. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.
    Энэ жилийн нарны тахилгын үеэр үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх оролцов. Хүч үзсэн барилдаанд Мөнхболд, Ганбаяр, Азбаатар, Элдэв Очир нар шөвгийн дөрөвт үлдэж, түрүүлж, үзүүрлэлээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөюөгт үлдсэн бөхөд Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”, ”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг(сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуу сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно.
    Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.
    Энэ удаагийн Нарны тахилгад хүчээ сорьсан сурын харваачдаас эхний байруудад шалгарсан харваачдыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар эхний гурван байранд шалгарсан сурын харваачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”,”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна. Энэхүү наадмын бэлтгэл гарсан дааганы уралдааныг Нарны тахилгын наадамд шандас сорин уралдуулав.
    Миний хувьд олон жил дотроо бодож явсан Тахилгын үед наадам зохион байгуулахад ямархуу дүр төрхтэй байх талаар төсөөлөл минь ажил болж хэрэгжив. Өмнө бид Цаст хайрхан болон Хөх уулын тахилга дээр наадам амжилттай зохион байгуулсан туршлага бий. Харин хотын ойролцоо үндэсний их баярын өмнө бэлтгэл ажлын үед наадам зохион байгуулбал ямар байх талаар таамаглал төсөөлөл тодорхой боллоо.
    Нарны тахилгад зориулсан хурдан дааганы уралдаанд айргийн тавд орсон даагийг цоллож, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур харвааны шагнал гардууллаа.

    djmedia:545
  • Нэг. ӨГЛӨӨНИЙ ӨНГӨ БА НАРНЫ ТАХИЛГА.

     

    Нарны тахилгын өглөөний нарыг хэрхэн мандах бол, үүлтэй, бас бороотой байх болов уу гэж сэтгэлээ шаналгасаар шөнийн уртыг өнгөрүүлдэг. Нарны тахилгыг зохион байгуулах их ачаалалыг нуруундаа үүрсэн хоёр залуу маань энэ шөнийг догдлон өнгөрүүлсээр нойргүй хонож байгаа. Шөнө бороо хаялсан болохоор өглөө битүү үүлэрхэг байх магадлал өндөр байсан билээ.
    Үүрйин гэгээ орох үед тэнгэр бүрхэг харагдаж байлаа. Зүүн зүгээс тэнгэр онгойх сэтгэлийг гэгэлзүүлсээр тэнгэрийн хаяагаар хөх тэнгэр найдвар төрүүлэн мэлтийнэ.
    Тахилга хийхээр цугларсан олон гэр, асараа тойрон журамтай буусан харагдана. Өглөөгүүр шүтлэгтэн олны цуваа тасралгүй нэмэгдсээр нарны тахилгын талбай зон олноор дүүрэн харагдана. Энэ бол 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хүй долоон худагийн Цагаан хөтөлд болох Нарны тахилгын эхлэлийн дүр зураг байлаа.

    Өглөөний гэгээ орж, нарны туяа уулсын цаанаас аажимхан нэмэгдсээр шинэ өдрийг тунхаглан Наран мандах мөчид Хорин нэгэн морин хуурч хуурийн эгшигэнд монгол ардын уртын дууг тоглож уужим талд ард олны сэтгэл сэргэж, баярын сэтгэлийг огшоож цуурайтуулав. Юутай сайхан монголын минь нэг өглөө.
    Монгол морин хуурын эгшиг үргэлжилж, Хорин нэгэн уртын дуучид Монголын уртын дуугаа нарандаа илгээхэд хорвоо дэлхий юутай сайхан хослон үзэгдэнэ вэ.
    Нарны их тахилга, залбиралийн үйлийг эхлэж, Монгол бөөгийн удган, Гооршчууд Х. Майцэцэг толгойлж бөөлж эхэллээ. Бөөлөх явцдаа бие даасан бол хамтарч, нэгдэж бөөлөх үйл ажиллагааг сайн зохион байгуулжээ. Нийтэд болон нийгэмд бөөлөлтийг харуулах уялдаа холбоог гаргаж чадлаа.
    Энэхэн мөчид Хорин нэгэн алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулсан алдарт ээжүүд сүүн цацлаан нарандаа өргөн залбирцгаалаа.
    Толгойлон бөөлөлтийн араас Хорин нэгэн удгад зайрангууд нэгэн зэрэг нарны залбирал үйлдэж төр түмэн олноо Алтан шар нарандаа даатган бөөлөв.
    Байгаль дэлхий олон төрх өнгөө гайхуулж, тэнгэрт солонго татав. Энэ бүхэн тахилгын нэг содон тэмдэгийг илэрхийлнэ. Маш нарийн тогтсон эмх журам, ёс заншил үргэлжилсээр Нарны тахилгын эхний хэсэг өндөрлөсөн билээ. Үүлэрхэг тэнгэр онгойж цэнхэр тэнгэр хурц нар дэлхийг соёрхолоо.
    МБНЭ-ээс зохион байгуулж байгаа нарны тахилгыг гурван жилээр нэгэн улаач хариуцан хийдэг нь уламжлал болж байгаа билээ. Эхний гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн зайран Цагаанхүү, дараагийн гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Батжаргал нар хийсэн билээ. Тэдний тахилга нь өөр, өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц өнгө аясыг агуулсаар ирсэн байдаг.
    Харин энэ удаагийн тахилгыг бөөгийн олон багийг нэгтгэн зангидаж зохион байгуулснаар онцлог байлаа. Тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн түшээ, Ерөнхий зохицуулагч Гончигын ажил зохион байгуулах туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхийг хүсч байна. Нөгөө талдаа Майцэцэгийн санал санаачлага, ур чадвар тод харагдаж байлаа. Энэ хоёр мөн чанар нэгдэн Нарны тахилгыг өвөрмөц өнгө аясыг бий болгож чадлаа.
    Хамтарч арга хэмжээ хийх, бие даасан багуудын чадварыг нэгтгэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг тод томруун харагдаж байлаа.
    Ажил хийж байгаа хүнд алдаа гаргах нь бий. Түүндээ сургамж авч, давтахгүй байж чадвал дараагийн алхамдаа улам чамбай байх болно.
    Бөөгийн арга хэмжээний нөгөө тал бол хамтарч хийх ажлын санхүүжилтээ босгох асуудал юм. Санаа нийлсэн хамт олон бүрдүүлж тахилгын арга хэмжээг сайн зохион байгуулж чадсан байна. Манай зарим хуучинсаг хэсэг томоохон арга хэмжээг хийхэд зарцуулах хөрөнгийг бөөлөхийн тулд төнгө авлаа гэж буруутгах өнцөгөөс шүүмжилж байгаа нь харагдсан. Тийм бишээ. Одоо цаг үед зохиож байгаа ажлын нэг тал санхүүгээс шууд хамааралтай болохыг хүн болгон мэддэг болсон байх аа.

    djmedia:544
  • АРМИЙН БҮХИЙ Л ШАГНАЛ ХҮРТСЭН МОНГОЛ МОРЬ

    Олон олон орноор аялж явдаг циркчин морь биш мөртлөө дайны хүнд хэцүү он жилүүдэд хамгийн олон орон дамжсан байна. Тэрхүү морины түүх Солонгосоос эхэлсэн. Морь мэддэг хүмүүсийн харцыг булаасаар дуудлага худалдаа дамжин улмаар Америкт ирсэн байна. Эх нутагтаа эргэн ирж чадаагүй ч түүнийг монгол морь гэдгийг хүн бүхэн мэддэг байсан гэдэг. Монгол морины шинж тэмдэг бүгд бүрэлдсэн зүсчилбэл хул морь байсан ажээ.

    Анхны дуудлага худалдаагаараа 250 ам.долларын үнэд хүрч хүмүүсийн нүд чихийг сэртийлгэж байсан юм. Түүний Солонгос эзэн нь Ким Хук Мүн гэгч залуу хүү байсан бөгөөд хайртай морио зарах болсон шалтгаан нь эгчдээ хиймэл хөл хийлгэх шаардлагатай байснаас болжээ.

    Харин түүнийг Эрик Педэрсэн гэгч америк эр худалдан авснаар хул морины амьдрал өрнөд зүгт хөтлөгджээ. Америкт очсон хойноо ч олон тулаанд оролцож байсан бөгөөд, цэргийн жанждын итгэлтэй хүлэг байсан тухай олон хүн дурсан ярьдаг.

    Реклэс тун ухаантай амьтан байснаараа хүмүүсийн хайрыг татаж байж. Бага морь байхаасаа л цэргүүдтэй хамт байж, дайн тулаанд оролцож явсан түүний хамгийн сайн найзууд нь усан цэргүүд байжээ. Америкчууд Солонгосын хойгийн дайнд татагдан орж олон америк дайчид Номхон далайгаар Азийг зориход Рэклес ч хамт явсан юм.

    Урт холын аянд явахдаа цэргүүдийн хайрыг татах аргаа мэддэг тэрхүү морь шар айраг ууж, лууван иддэг байсан талаар хүмүүсийн тэмдэглэлд ихээхэн үлдсэн байна. Цэргүүд ч түүнд хайртай байсан бөгөөд өглөө сэрмэгцээ цэргүүдтэйгээ цайндаа орж хэдэн хэрчим гамбир болон кофе уудаг байсан аж. Амттанд дуртай байсан нь бялуу, чихэр, кока кола уух дуртай байснаас нь илт.

    Дайнч морь байсан тухай олон хүн ам дамжин ярьдаг байсан аж. Тэрээр хүн явахад бэрх газруудаар тэсрэх бөмбөг, буу зэвсэг хүргэж өгдөг байжээ. Өрнөдийн, эсхүл солонгос морьдыг бодоход бие жижигтэй ч гэсэн маш хүчтэй, ухаантай морь байсан хэмээн ярьдаг.

    Зэвсэг ачаад чиглүүлээд явуулахад 45 хэмийн налуу хэд хэдэн уулыг давж цэргүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан аж. Таван өдрийн турш хятад болон хойд солонгосчуудтай ширүүн тулалдахад өдөрт 50 орчим удаа баазаас дайны зурвас руу зэвсэг зөөж байсан гэдэг. Нийтдээ таван тонн зэр зэвсэг зөөсөн байгаа юм.

    Дайны дараагаар Реклэст баатар цол өгч, үндэсний баатар болгон шагнасан юм. Реклесийн шагналууд нь тэр үеийн шилдэг байлдагч, дайчдын авдаг бүгдийг хамарч байсан. Тэрээр Армийн нил ягаан зүрхтэн цол, Сайн удирдагчийн медаль, Ерөнхийлөгчийн хүндэт одон, Үндэсний Батлан хамгаалахын медаль, Усан цэргийн медаль гэхчлэн бүхий л цэргийн цол хэргэмээр шагнуулж байсан ажээ.

    Реклэс 1960-аад оноос тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ хугацаандаа ч хуучныхаа адил цэргийн анги дээрээ байрлаж, цэргүүдтэйгээ шар айргаа уун амардаг байсан. Реклэс 1968 онд нүд аньсан юм. Баатарлаг морины дурсгалыг хүндэтгэж Пенделтоны армийн цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг барьж дурсгалыг нь хүндэтгэсэн юм.

  • БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

    Баярын арга хэмжээг нээж Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю үг хэлж, МАХН-ын нарийн бичгийн дарга Батбаяр, төрийн бус байгууллагын тэргүүн Содбаатар нар үг хэллээ. Баярын арга хэмжээний төгсгөлд Солонгос бүсгүйчууд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
    Баярын арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Их зайран, МБНЭ-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү, Монгол бөөгийн дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал оролцлоо. МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-ын нутагт байдаг Монгол хатны бунханд зочлох таатай боломж олгосонд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хон Гю болон Элчин сайдын яамны зөвлөх Ан Сен Ир нарт талархал илэрхийллээ.
    ТАНИЛЦУУЛГА: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умар Солонгос-дорно Азийн Солонгосын хойгийн умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай (ихэнх), Оростой (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.
    Кужусониос эхтэй солонгос улс 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд эзэрхэг Японы ивээл орон болсон бөгөөд 1945 онд Япон ялагдахад тусгаар тогтножээ. 1991 онд хоёр улс НҮБ-д эрх тэгш гишүүнээр элссэн.
    Умар Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ир Сений байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Жон-Ун нь удирдаж байна. БНАСАУ нь «Чүчэ», «Соньгүнь» зэрэг үзэл баримтлалтай.
    Б.Банзрагч

     

    djmedia:543