Author: admin_shaman

  • НОЁО ЗӨНӨГ БӨӨ ДҮҮГИЙНХЭЭ ӨШӨӨГ АВСАН НЬ

     

    Та баруун нүдээ яасан юм бэ? гэж асуухад өвгөн:
    Баруун хойд зүгийн нэг бөө морины амд автахдаа шороо шидэхэд баруун нүдэнд минь орж гэмтээлээ /автчихлаа/ гэж өвгөн ярив.

    Нэгэн үдэш орой болж байсан тул Ноёо зөнөгч бөө тэднийд хонохоор шийдэж өвгөнөөс “Миний онгод баалаад /онгод нь шоглоод, шийтгээд/ бие минь тааруу байна. Надад хуягаа хайрлаач” хэмээн гуйхад өвгөн:

    “Чи миний хуягийг өмсөж бөөлж болно” гээд өмсгөл хуягаа өгч гэнэ.

    Ноёо зөнөг бөө хуяг өмсгөлийг нь өмсөж үзвээс тэр өвгөний аман хүзүү гурван суувь дүүрсэн ажээ. Учрыг гайхан нягтлан харвал дүүгийнх нь аман хүзүү цустайгаа хатаж амжаагаагүй байв. Ноёо бөө орвоороо дүүгийнхээ аман хүзүүг аваад оронд нь өөрийнхөө аман хүзүүг аваад хийчихжээ.

    Бөөлж дууссаны дараа “бие минь илааршлаа” гэж хэлээд өмсгөлөө тайлж өгөөд өвгөнийд хонохоо больж, тэр шөнөдөө мордон хээр хоноод маргааш өглөө нь босоод цай чанаж ууж байтал хөтөлгөө морьтой нэгэн хүн ирж гэнэ.

    “Манай их бөөгийн бие муудлаа, та очиж үзэж өгөөч” гэхэд нь толио гаргаж үзвэл нөгөө өвгөний бие муу байж гэнэ. Тэгээд Ноёо зөнөг бөө хэлсэн нь:

    “Өчигдөр хуягаа надад өгөөд онгод нь баалсан байна. Одоо очиход тань зүгээр болно” гэж хэлээд явуулжээ. Тэндээсээ Өлийн даваанд ирж алаг зээхний мөр мөрдөхөөр гал түлж суутал үнэгний годон малгайтай сайхан хүүхэн ирээд Ноёо бөөг цайлж, орой болоход хамт унтахаар хэвтэхэд тэр хүүхний үнэр нь нартын хүний үнэр биш байхаар элэг рүү нь хутгалбал “эрийг минь алаад надад ямар өстэй вэ? гэж хэлээд зугатааж гэнэ.

    Маргааш өглөө хүүхний цусны мөрөөр мөрдвөл нэг муу гэрт сууж байхад нь ортол алаг зээхийн дүр олсон оросын Жөгд бөө босгон дээрээ унасан байв. Харин авгай нь тотгоо түшээд үхсэн байж гэнэ.

    Ингэж Ноёо зөнөг бөө Хаж дүүгийнхээ өшөөг оросын Жөгд бөөгөөс авсан юм гэдэг.

  • ЯВУУ ЯМАР УЧИРТАЙ, ЮУНД ИХЭЭР ХЭРЭГЛЭДЭГ ТАЛААР ?

    Нялх үрийн хамгаалалтад
    Алдар нэр хүртэж байгаа хүмүүн бол
    Олон түмний хов живээс хамгаалж
    Зарга үүсгэгчид бол
    Далдуур элдэв зарга үүсгэхээс хамгаалж
    Эл явууг шилэн хүзүү, зүрх, бүслүүрт голчлон хийнэ.
    Бүслүүрээс доош явууг байрлуулахыг хориглодог
    Явууны эзэн гомдоно гэж үздэг.
    Мөн цөөн тохиолдолд оройд явууг хэрэглэх нь
    Энэ нь хэлэх үг хурц
    Хийх үйл арвин
    Билэг оюун хурц
    Бэхлэх үг нь бүтэн байг гэсэн
    Өвгүдийн ерөөлөөр тэргүүнд залахыг зөвшөөрнөм.
    Явууг амилуулах арга
    Сарны гэрэлд рашаанд хийн хонуулах ажгуу.
    Лусын эздийн шидээр
    Саран ээжийн сүнсээр
    Хайртай үрийн төлөө
    Хамаг бүхний төлөө
    Явуу таныг би төдий хугацаанд урин залж
    Үр балчрийг минь хамгаалахыг хүсэж байна гэж хэлнэ.
    Энэ хугацаандаа явууг долоон гарагт нэг удаа
    Рашаанд тавьж байх ажгуу.
    Явууны хугацааг хэлдэгийн учир
    Явуунд гурван жилээс урт хугацаагаар
    Амь нь шингэдэггүй
    Энэ нь дээд хугацаа юм
    Тиймээс өөрөө дэгднэм.

  • БӨӨГИЙН ШИГИШЛЭГ

    Товолсон өдөрөө тогтож 5 хантай гэрийн дайны урц босгоод шар тосоор тосолж орхиод маргааш өглөө мандах улаан нарнаар шигишлэгэ эхлэхээр болж .
    Шигишлэгт орох зайрангын ээж нь удаг байсан байна тэгээд нэгэнт хүний эх болсон хойно хүүдээ санаа зож шөнө дөлөөр очиж баруун хатавчийг нь сийрэг болгоод усаар шавшиж норгоод мөлхөж гархаар нүх ухаад хөвдөөр дараад өглөө хүүдээ хэлж баруун хатавчинд суугаарай гэж шөнө хийсэн зүйлээ хэлж өгчөө товолсон цаг болж шигишлэгт орох бөө нарыг бүгдийг оруулан урцаа шатааж эхэлж утаа май их гал дүрэлзээд хоолой ам гашуу оргиж ихэл бөө нарч бөөлж ихэлж бөөн дуу орилоон гал гэдэг дүрэлзээд энэ үед нөгөө газарлуугаа зүтгээд мөлхөж ихэлж зүтгэсээр байгаад гараад ирж амьнаас хол боллоо гэх барагцаанд бөөлж ихэлээд л бараг хамаг түрүүн гач ирсэн болтой байна гэнэ . Зарим нь зад татан гар ч ирээд зарим нь түлэгдэж үхээдэл их хэцүү байсан гэдэг чадалтай нэг нь дүүлээд дүүлээд гараад ирдэг гэсэн иймэрхүү галын шигишлэгэ болдог байсан байна.
    Shamanic Path

  • УДГАН Г.ГЭРЭЛТУЯА: МОНГОЛЫН ХӨЛ УУЛ БУЮУ ХӨХ УУЛЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ БОЛГОХ НЬ ЗӨВ ЮМ

    -Магадгүй л дээ. Манайхны удамд сайн бөө олон байсан. Зургаан хүүхэдтэй айлын гурав нь бөө, хоёр нь лам байлаа. Харин удган байгаагүй. Одоогийн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаар нутаглаж байсан юм. ОХУ-ын Буриад улсаас нүүж орж ирсэн, Агын буриадууд.
    -Буриадууд “Ойханы 13 ноёд” гээд л залбираад байдаг юм билээ?
    -Ойханы 13 ноёд, 13 хатад гэж үргэлж мөргөж залбирч байдаг нь их учиртай юм. Тэд бол тэнгэрийн шүтээн гэсэн үг. Одоогийн ойлголтоор бол тэд бүгдээрээ сайдууд байжээ. Тус бүрдээ хариуцсан ажил үүрэгтэй. Буриадын бөө удганууд Ойханы 13 ноёддоо мөргөж залбарихгүй юм бол бөө удган гэж ярих хэцүү юм. Бид тэднэээс л бөө удганыхаа цол хэргэмийг хүлээж авдаг. Буриадын бөөг эрэгтэйг нь зайран, эмэгтэйг нь удган гэдэг. Дээд чанарт хүрсэн удганыг Дууриска удган гэнэ. Одоогийнхоор бол магистр докторын зэрэг дэв юм даа.

    -Таны онгод тэнгэрийн суудлыг сонирхож болох уу?
    -Манайхан дээд тэнгэр буюу Гэгээн мандалын оронд суудалтай гэж онгод маань буудаг юм. Ухаандаа, манай бөөгийн хэллэгээр бол Дааган чанарын дараа ийм суудалд суулаа гэсэн үг юм. Бөөгийн чанарын 12 дахь чанарыг дааган чанар гэдэг. Эрт цагт буриад бөө нар онгод шүтээнээ тахихдаа даага өрөлж, том ширмэн тогоонд чанаж тахидаг байж л дээ. Тэгээд хус модон дээр чанараа хийдэг байж.
    -Буриадууд “Хус модон цэрэгтэй” гэж ярьцгаадаг юм билээ?
    -Тиймээ, “Хус модон цэрэгтэй, хун шувуу гарвалтай” гэдэг юм. Буриадын 11 эцэг гэж ярьдаг шүү дээ. Хорилдай мэргэн гэж түүх домогт гардаг. Хун шувуу гарвал гэдэг нь эртний домогт хатан Балжинтай холбогддог юм билээ. Энэ хатан Байгаль нуурын усанд хун шувуу болж хувираад явж байсан гэдэг. Удганы ид шидийг тэр ингэж харуулдаг байжээ. Ингээд буриадын бөө удганууд “Хун шувуу гарвалтай, хус модон цэрэгтэй, 11 эцгийн ариун удган шүтээнтэнгүүд” гэж онгод тэнгэртэйгээ харилцдаг болсон юм.
    -Таны үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын чинь нэр “Хун хатан ижий” гэдэг нь Балжин хатны домгоос улбаатай хэрэг үү?
    -Тэгж ойлгож болно. Би бөө мөргөлийнхөө зан үйлээр Дорнод аймгийнхаа төвд ийм нэртэй төрийн бус байгууллагыг 2012 онд байгуулсан юм. Зан үйлийн өргөө маань Монгол гэр. Учир нь гэвэл одоогийн байшингуудад бөөгийн онгод буухдаа тааруу байдаг юм. Тиймээс би эсгий гэрт бөөлөх дуртай. Би урьд нь Монгол бөөгийн Голомт төвд арав гаруй жил ажилласан. Тэгээд тус төвийн арван жилийн ойгоор буриад бөөгийн зан үйлийн өргөөг анх байгуулж, буриадынхаа бүргэд сүлд, 11 эцгийнхээ тугуудыг байрлуулсан юм. Мөн буриад гэрийн есөн онгод гэж бий. Тэдгээрийг нь ч байрлуулсан. Тэр бүгд маань одоо Дорнод аймагт төвлөрч байна. Бөөгийн зан үйлийг ингэж сэргээн хөгжүүлэхэд Голомт төвийн тэргүүн Сүхбат, дэд тэргүүн Энхжаргал удган, миний төрсөн эгч Загдаа удган нарын зэрэг олон хүн тус болсон доо.
    -Загдаа удган бариа засал сайн хийдэг гэл үү?
    -Манай удмын сахиус болохоор ясны бариачийн сахиус юм. Эгч маань одоо Хуагчин удган гэдэг бөөгийн төвтэй. Америк, Солонгосын бөө нартай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ бид бүгдээрээ Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн туг дор нэгдээд байна.

    -Нэгдсэн эвлэл болж ажиллах нь илүү давуу чанартай байна уу?
    -Тэгэлгүй яахав. Улсын хэмжээнд, төрийн хэмжээнд ажиллах ийм том байгууллагатай боллоо. Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргалсайхан маань бөөгийн удам гарвалгүй, насаараа төрийн алба хашиж явсан хүн.
    -Нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч нь бөөгийн удамгүй болохоор зарим нь таагүй ханддаг уу?
    -Тэр яахав, хувь хүний л асуудал байх. Биднийг хэн удирдах нь хамаагүй. Гол нь нэгдмэл нэг зорилготой, хамтын эв нэгдэлтэй, нэг дээвэр дор ажиллах нь чухал болоод байна. Алийн болгон жалга довынхоо үзэл санаа, аминчлан бодлоор амь зогоож явах билээ.
    -Саяхан Дорнод аймагт томоохон тахилга хийгдсэн гэл үү?
    -Тэгсэн. Манай аймгийн Чулуун хороотын нутагт Хөх уул гэж сайхан том хайрхан бий. ОХУ-тай хиллэдэг хилийн зааг газар юм даа. Халх, буриад, барга зон олон маань өнө эртнээс Хөх уулаа дээдлэн шүтэж, цэргийн хар сүлдээ тахиж, цэнгүүлж байжээ. Энэ уулыг Монгол орны хөл уул гэдэг юм билээ.
    -Хөл уул гэсэн нь ямар учиртай юм бол?
    -Монголчууд эртнээс эх нутгийнхаа Толгой уул, Зүрх уул, Хөл уулыг нэрлэж тогтоосон байлаа. Толгой уул нь Баян-Өлгийд бий. Жаргалтхаан гэж сайхан том хайрхан байдаг. Зүрх уул нь Бурхан халдун. Эртний Бавж барс баатарын түүх домог Хөх буюу Хөл уултай салшгүй холбоотой. Хожим нь Манлай ван Дамдинсүрэнг өөд болоход нь тэнд Шинэ булаг гэдэг газарт нутаглуулсан байдаг юм. Хөх уул бол Монгол түмний цэрэг дайны асуудлыг боловсруулах, туг сүлдээ дээдлэх гол газар нь байсан юм байна. Энэ уламжлал Хамаг Монголын Хабул хааны үеэс эхтэй гэдэг. Хабул хаан ялалтаа Хөх ууланд ирж тэмдэглэж байсан. Хабул хаан энэ уулын оройд шилдэг сайн хүлэг мориныхоо толгойгоор тахилга өргөж байж. Бавж барс баатар мөн тэндэхийн Бор өндөр, Цогт өндөр гэдэг хайрхануудтай холбоотой бөгөөд одоо тэнд Бавж жалга гэж бий. Энэ жалга нь Хөх уулын доод хэсэг юм. Цэргийн окоп нуувч шиг хэлбэр төрхтэй том жалга юм л даа.

    -Хөх уулын тахилга олон жил тасарсан байв уу?
    -Олон жил тайж тахиагүй байжээ. 1942 онд тахиж, дараа нь 1972 онд тахисан байна. 1942 оны тахилгыг Санжжав гэдэг хүн санаачилж нутгийн цөөн бөө нартайгаа хийсэн байлаа. Тэгвэл бид энэ оны есдүгээр сарын 12-нд Монголынхоо өнцөг булан бүрээс Монголын таван язгуурын бөө нараа нараа урьж тахилгад оролцууллаа. Өөрөөр хэлбэл, нийт монголчуудынхаа хэмжээнд тахисан, өндөр түвшингийн тахилга боллоо. Ийм тахилга Чингис хаанаас хойш бараг тасарсан байсан болов уу. Уг тахилгыг би өөрөө санаачлан хийлгэсэн юм. Ер нь цаашдаа бид нутаг нутгийн уул овооны тахилга, төрийн хэмжээний томоохон тахилгыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. Монголынхоо Толгой уул, Зүрх уул, хөл уулын тахилгыг төрийн хэмжээнд хийж байх нь зөв гэж бодож байна. Бусад уул овоог тухайн орон нутаг бүс нутгийн хэмжээнд тахиж байх хэрэгтэй байх. Хөх уулыг бид тахисан нь энэ уулаа төрийн тахилгат их хайрхан болгох зорилготой байлаа. Тиймээс энэ удаа орон нутгийн удирдлага, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс зохион байгууллагатайгаар тахисан юм. Хөх уул бол Дашбалбар сумаас 90-ээд км зайд оршдог. Түүх уламжлалаа бодсон ч гэсэн энэ уул бол яах аргагүй Монголын тулгуур уул, төрөөс тахих ёстой уул юм. Хөх уулынхаа тахилгын үеэр бид нарны тахилга, мөнх хөх тэнгэрийн тахилга, галын тахилга, овооны тахилга зэргийг хийлээ. Олимпын аварга, хөдөлмөрийн баатар Баатаржав гуай маань очиж тэнгэр өөд нум сумаар харвах ёслол үйлдэж, есөн сум тавьсан. Дамдинхүү зайран овооны тахилгыг хийлээ. Эрийн гурван наадмаа бас бэсрэг байдлаар зохион байгуулсан. Нутгийн бүх нэгдүгээр ангийн хүүхдүүддээ болон ахмад настангууддаа дурсгалын зүйл гардууллаа.
    -Та бас л бусдын адил бөөгийн өвчнөөр өвчилж байв уу?
    -Би 21 дэх жилдээ удганы зан үйлээр замнаж байна. Урьд нь бөөгийн өвчнөөр өвчилж, унаж тусдаг хэцүүхэн л амьтан байлаа. Уг нь би багш хүн. 12 жил багшилсан. Тэгээд бие муудаад болохгүй болохоор нь бөө дээр очсон. Ингээд онгод сахиусаа авсан. Бие нь муудсан болгон бас бөө удган болдоггүй.
    -Зарим бөө нар үзэж харсан хүн болгоноо шахуу “Чи бөөгийн онгодтой юм байна” гээд л дагуулаад харайгаад байх юм?
    -Тиймэрхүү хүмүүс ажиглагдаж л байдаг. Бөө, удган бол удмын юм. Тухайн хүнийг олон бөө, удган үзэж хараад таарч тохирч байвал тэнгэр сахиусыг нь авч бариулах л хэрэгтэй болох байх. Түүнээс биш хэн нэг хүний хэлснээр л бөө болно гээд яваад байж болохгүй.

    -Таныг Ордос руу очих гэж байна гэж сонслоо. Ямар зорилгоор явах гэж байна вэ?
    -Манай Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн удирдлага болон судлаачид тэнд очих гэж байгаа юм. Зорилго нь гэвэл Ордост Чингис хааны нэрээр ямар их бүтээн байгуулалт хийгдэж вэ гэдгийг харж өнөөгийн Монгол оронтойгоо харьцуулж үзэх санаатай. Тэнд том шинэ хот байгуулсан. Чингисийн онго, хөшөө цогцолборуудыг ямар их хөрөнгө гаргаж хийгээ вэ. Аялал жуулчлалын маш мундаг менежментийг хийжээ. Тэгвэл Чингисийн өлгий нутаг Монгол маань ямархуу байна. Судалж харьцуулах, санаж сэдэх их юм бий.

    djmedia:512

  • ДӨРӨВ. ДАЛАНЗАДГАД ХОТОД

    Биднийг очсоны маргааш өглөө нь Өмнөговь аймгийн засаг дарга хүлээн авч харилцан санал солилцсон билээ. Монголын орон нутгийн удирдагчийн Тэнгэр үзлийн талаарх санаа бодол ойролцоо байлаа. Аймгийн засаг дарга бидэнд Баянмөнх даян хааны тухай СД-г дурсгасан юм.
    Өмнөх засаг дарга, өнөөгийн УИХ-ын гишүүн Наранбаатартай уулзаж байснаа санав. Хорин нэгэн аймгаас ирсэн бөөгийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа ганцхан хүсэлт тавьсан нь нутагт бороо оруулж ган тайлах талаар хүсэлт байлаа. Тэгээд бөөгийн нэгдсэн тахилга амжилттай болж, ган тайлагдаж бороо орж, үер болсон. Харин засаг дарга хүсэлтээ биелүүлж аваад утсаа унтраагаад чимээгүй алга болж билээ. Түүнээс хойш манайхан өмнийг зорих хүн олдохоо больж билээ. Өмнөх ийм л дурсамж үлджээ.
    Өмнөговьд очсоных Говь гурван сайханы Мөстийн амаар аялж, аймгийн төвийн хөшөө дурсгалаар очиж зургаа авахуулав. Говийн шөнө бөгчим байлаа.
    Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгсийн онгодын гэрт зочилж, бөө мөргөлөө хэрхэн авч яваа талаар ярилцлага хийсэн билээ. Нэг л мэдэхэд ажил ундарсан өдрүүд ард хоцорсон байлаа. Оройн сэрүүнд газар дөхөхөөр алсын замдаа гарсан билээ. Шинэхэн засмал замаар торолгүй давхисаар оройн бүрэнхийд Мандалговь хотод ирлээ.

    djmedia:511
  • Гурав. Говь дахь хээрийн онгод

    Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатарын олон үеээрээ амьдран ирсэн Хар толгой дахь Тэмээн хаданд хээрийн онгодоо байрлуулсан байна. Бөөгийн урц байгуулж, эргэн тойрныг байгалийн тогтоцтой уялдуулан байгууламжаа хийжээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар өөрийн хээрийн онгон дээрээ өөрийн болон нутгийн зон олны тухай сэтгэгдэлээ ярина билээ. Халх бөөгийн мөн чанарыг харуулсан, онцлогыг тусгасан уламжлалыг хөгжүүлэх талаар хийж буй их эрэл хайгуулын нэг нь энэ хээрийн онгодын урц байлаа. Энэ л Тэмээн хаднаас эргэн тойрон нутгийн байршил тов тодорхой харагдана. Хээрийн онгод дээр очсон энэ өдөр сэвэлзүүр салхи салхилсан дулаахан өдөр таарлаа. Энэ газар бол Ханбогд хайрхан, Таван толгой хайрхан, Цогт цэций сумын дунд орших говийн үзэсгэлэнт газар байлаа.

    djmedia:510
  • Хоёр. Өмнийн говийн Таван толгойд

    Цогтцэций сумаас урагш, Гашуунсухайт орох замаар 90 км давхиад Гавилуут багийг нутагт орж явчихлаа. Одоо нутгийн хадтай толгодыг сүлжин явсаар хоёр дахь сайр дээр зарим жижиг машин элсэнд суув. Хэдүүл түрсээр сайраас гарч нэг их явалгүй зорьсон газар болох Улаан овоогийн намаржаанд болох Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийнд ирлээ.
    Аян замын явцад цаг хугацаанд захирагдсаар яг шөнийн 00 цаг өнгөрөх мөчид ийнхүү зорьсон газраа ирлээ. Олон арван машин, зон олон, түүний шавь нар цугларч өргөө гэрийн үүдэнд цугларч гар барин мэндэлж биднийг хүндэтгэн угтаж авлаа.
    Гэрийн төвд идээ ундаагаа тавьж түүнийгээ тойрон суусан цугларсан олон, хотоос ирсэн бидэнтэй хөөрөг зөрүүлэн мэндээ асууцгаан танилцав. Зуны улирлын байдал, холын замын сонинг дурсах ярилцлага завсарлаад, шууд л ажилдаа орцгоолоо. Хэдий шөнө дунд эхэлсэн байсанч болзоо тавьсан ёс заншлын дагуу дараагийн ажил эрчимтэй эхэллээ.
    Энэ бол галын тахилга байлаа. Гол бадамлан асч эхэлмэгц Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээ хуяглан босч, галын тахилгаа толгойлон бөөллөө. Түүний араас шавь нар нь дэмжиж бөөлснөөр галын тахилга ид хүчээ авч өрнөлөө. Энд хүрэлцэн ирсэн шавь нар бүгд хуяглан боссон байлаа. Монгол халх бөөгийн дэг жаягийн дагуу ийнхүү галын тахилга сайхан болж өнгөрлөө.
    Өглөөний нар ургахтай зэрэгцэн дараагийн ажил эхэллээ. Есдүгээр сарын хичээлийн жил эхэлж байгаатай уялдан хүн болгонд хувийн ажил ихтэй байсан ч зон олон, нэр хүндтэй удганаа зорин цугларсан байлаа.
    Говийн малчин улаачид хэрхэн өөрсдийн онгод, сахиусаа залж явдаг талаар нийтэд бодит үлгэр жишээ болсон Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийн гэрийн онгодын өргөөнд зочлов. Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон гэрийн онгодоо залсан монгол гэр, түүнийгээ хамгаалан эргэн тойрон хашаа барьсан ажээ.
    Харин удганы хээрийн онгод монгол орныхоо тусгаар тогтнолын бэлэгдэл болсон удган модтой холбоотой юм. Улаан овоо хэмээх толгодын дунд орших Хар хадны ам хэмээх нутгийн домог болсон газар байдаг. Хар хадан дээр эртний монголчуудын үлдээсэн хадны зураг тод харагдана. Өвөг дээдсийн үлдээсэн хадны зургуудыг сонирхож явахдаа бахархах сэтгэгдэл аяндаа төрнө. Хар хадны дэргэд нэгэн удган мод байх бөгөөд түүнийг нутгийнхан Бөгтөр удган мод хэмээн хүндэлэн шүтнэ. Тэртээ хувьсгалын жилүүд болох 1920-иод оны үед хувьсгалаас даажин зүгтаж явсан гамингийн цэргүүд Хар хадны судгаар явж байхдаа энэхүү удган модыг сэлмээр цавжсан гэдэг домогтой. Цавжсан талруугаа улаан хөөс цахарч байгаад эдгэсэн гэх бөгөөд мод тэр талруугаа бөхийч эдгэрчээ. Тэгээд түүнийг нутгийнхан Бөгтгөр удган мод хэмээн нэрлэх болжээ. Харин Бөгтгөр удган модыг цавжсан гамингууд үерийн усанд живж үхсэн домогтой билээ. Одоо ч олон хүний яс гарч ирдэгийг гамингийн яснууд гэх бөгөөд домог нь түүхэн явдал байсныг гэрчилнэ.
    Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээ хээрийн онгод болох Бөгтгөр удган модондоо өргөл өгөх зан үйлээ хийсэн билээ. Тэгээд тэрхүү Бөгтгөр удган модны сүүдэрт сууж монгол бөө шүтлэгийнхээ тухай ярилцлага хийж билээ. Энэ жил бороо хуртай байсны илэрхийлэл болов уу, үерийн ус нэг тонны усны савыг хэдэн км урсган удган модны дэргэд авчирсан харагдана. Удган мод очихын тул хадтай толгод, элсэн сайрыг туулан бартаатай замыг туулан очно.
    Удган модонд очсоны дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийн шавь нар бөөлж, онгод, сахиусаа зална билээ. Ийнхүү говь нутгийн бөө нарын цугларалт өндөрлөж, цугласан олон тарцгаасан юм. Налгар сайхан халуухан өдрүүд байсан нь нутгийн олон цугларч залбирах боломжийг бүрдүүллээ. Тэндээс бид Цогтцэций сумыг зорьсон билээ.

    djmedia:509
  • КОВИДТОЙ ЗУНЫ АЯЛАЛ (2021)-ӨМНӨ ЗҮГ.Нэг. Дундговь аймагт

    Холимог үүлтэй өдөр байв. Буянт ухаагийн чиглэлэээр хуучин нисэхийн өмнө шинээр зассан хурдны замаар “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг зорьлоо. Хурдны замаар анхлан зорьчиж байгаа хэрэг. Уг замаар автомашин зорчих нь цөөн байгаа ажээ.
    Мандалговь хотод аялалын багт Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан нэгдэж цаашид аян замаа үргэлжлүүллээ.

    Дундговь аймгийн онцлог газраас дурьдвал:
    Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.
    Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг, хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд 2003 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.
    Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал байдаг.
    Бага газрын чулуу өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг.
    Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.
    Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.
    Энэ бүхнээр олонтой аялжээ. Өмнийн говийн энэ удаагийн аялал ажил үйлсээр арвин байгаа билээ.

    djmedia:508
  • Флорес арлын “хоббит”

     

    Зүүн талд “хоббит”-ын гавал баруун талд ердийн хүний гавалын яс Мацей Хенненберг нь хамтран ажиллагчдынхаа хамтаар Лианг Буа агуйгаас олдсон хэвийн бус хөгжлийн шинж тэмдэгтэй ганцхан гавалын ясыг үндэслээд шинэ зүйлийн хүн байсан гэж мэдэгдэх нь шинжлэх ухааны логиктой нийцэхгүй гэжээ.

    Лианг Буагаас олдсон гавлын ясаар дүр төрхийг нөхөн сэргээсэн байдал

    Лианг Буагаас олсон гавлын яснаас илэрсэн олон шинж тэмдэгийг зарим нь аустронез арьстаны олон төлөөлөгчдөд илэрдэг. Үүнээс гадна флоресийн хүний талаарх янз бүрийн таамгийг шалгах явц Индонезийн эрх баригчид эрдэмтэдэд ясыг судлах боломж олгохгүй байгаагаас ихээхэн хүндрэлтэй болсон.

    2004 онд “Nature” сэтгүүлд гарсан “хоббит”-ын тухай нийтлэлийн арга зүйн алдааг Мацей Хенненберг болон түүний хамтрагчид онцолж байна. Флоресийн гавалын эзэн Homo sapiens-тэй нэгэн үед буюу 74-12 мянган жилийн тэртээ хамт амьдарч байсан гэдгийг тооцож үзвэл шинэ зүйлийн хүн оллоо гэж дуулиан таригчид флоресийн хүний анатомийн онцлогийг хүний өвчин эмгэгийн үүднээс авч үзэх ёстой байсан ч тэгээгүй. Нуруу намхан байх, тархины хэмжээ бага байх нь хамгийн багаар бодоход л 50 гаруй хам шинжийн үед илэрдэг үзэгдэл.

    Иймд судлаачид Флоресийн хүнийг Лароны одой биеийн хам шинж гэсэн эмгэгтэй байсан гэсэн таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ судалгаа хийх явцад нүүрний ёс ба гавлын тэгш хэмт алдагдсан байдал, дух ба дагзныы хэмжээ, дунд чөмөг яс богино гэсэн гурван үзүүлэлтийг онцгойлон авч үзээд Флоресийн хүнийг Дауны хам шинжтэй байсан гэж үзжээ.

    Орчин үеийн индонезичүүдийн антропометрийн үзүүлэлттэй харьцуулж үзэхэд флоресийн хүний тархины хэмжээ ба нурууны өндөр нь Дауны хам шинжтэй аустронези хүний хувьд хэвийн байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл “хоббит” гэсэн нэрэнд тохирсон хүний тусгай төрөл зүйл байхгүй харин ердөө л Дауны хам шинжтэй аустронези хүн байжээ. Дауны хам шинж гэдэг нь илүү хромосомтой буюу 46 бус харин 47 хромосомтой үед илэрдэг хам шинж. Эх сурвалж: www.assa.mn

  • 28 ХҮНИЙГ ХАМТ ОРШУУЛНА ГЭДЭГ …

     

    #АЛТАН ХЭЭТ АВС: Язгууртны авсыг монгол гэрийн хана мэт хээлэн алтаар чимэглэж, эрдэнийн чулуу шигтгээ бүхийгээр хийсэн байдаг нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Мөн гол бунхан орчимд 21 адуугаар тахил үйлдэж, адууны хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн байсан.
    #ХААНЫ ЯС: Шаньюйгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэн байсан. Өмнө нь 100 орчим антропологийн олдвор байдаг ч хаад, язгууртных тэр бүр олдож байгаагүй учраас энэхүү ясны олдвор нь антропологийн хувьд ач холбогдолтой. ДНК-ийн судалгаа нь өнөөг хүртэл маргаантай байдаг хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг тайлахад хувь нэмэр болно гэж үзсэн. Дундад Ази, Казахстан, Киргизстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарал үүслийг булаалдсаар байгаа билээ.
    #СҮЙХ ТЭРЭГ: Бунханаас жижиг, том нийт 15 орчим сүйх тэрэгний эд ангиуд гарч ирсэн бөгөөд тэдгээрээс бүтэн угсрагдах боломжтой 6-7 тэрэг байжээ. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хан улсын хуанди бэлэг болгосон байх. Бусад сүйх нь хүннү хийцтэй, чимэг урлал онцгой байдаг нь Шаньюй нарын эрхэм тансаг хэрэглээг илэрхийлдэг. Тэрэг болон хөллөх морины тоног хэрэгслийг тэр чигээр нь алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимж, хүрлээр гайхалтай нарийн урлажээ.
    #ШАГАЙ ба ТАМГА: Шаньюйгийн булшны зүүн талаар байрлуулсан 3 дугаар дагуул булшнаас нэг нас 7 сартай хүүхдийн оршуулга олдсон юм. Тэрхүү хүүхдийн булшинд 200 шагай хийсэн байсны 20 гаруй нь тамганы дүрстэй. Тэдгээрт Чингис хааны “наран тамга”, Өгөөдэй хааныхны “дэгрээ тамга”, Мөнх хааны удам угсааныхны “сэрээ тамга” зэрэг нь яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь маш чухал баримт юм. Чингис хаан болоод боржигон овогтныг Хүннүгийн эзэнт гүрний Шаньюй нарын залгамжлагч нар гэдгийг баталжээ.
    #РОМ АЯГА: Судалгааны багийн ахлагч доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр Гол мод II малтлагын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалжээ. Хоёр өөр шилийг уусган хольж урласан аяга нь эртний Ромын хаадын ордны тансаг хэрэглээний нэг аж. Шилээр урлах арга нь НТ I зууны 2-р хагаст хамаарах эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Ийм аяга Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү Монгол Улсаас олджээ. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром ба Хүннү гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болдог.
    #ХАШ: Монголоос урьд өмнө олдож байгаагүй, зөвхөн Хятадын эртний хуанди нарын гарт байдаг, оршуулахад нь зүрхэн тушаа газар нь тавьж оршуулахад хэрэглэдэг “хаш” чимэглэлийг Гол модны энэ булшнаас олсон бөгөөд хэмжээний хувьд Хятад улсад ч олдож байгаагүй том юм. Хашийг хөвөөлөн адуу малыг хүртэл чимэглэсэн нь сонирхолтой. Эртний үгэнд “эрдэнийн хаш нь эзнийхээ биеийн байдлыг илтгэдэг” гэдэг. Гартаа барихад өнгө нь хувирч байвал эзэн нь өвчин эмгэг туссан, эсвэл хорлогдсон хэмээн мэддэг байжээ. Эл хаш чимэглэлийн олдворыг эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалж байна.
    #ГАДНЫ ТУСЛАМЖГҮЙ ҮНДЭСНИЙ МАЛТЛАГА: Гол мод II малтлага нь Монгол Улс гадны тусламжгүйгээр бие даан малтан судалсан хамгийн том судалгаа шинжилгээний ажил юм. Тус малтлагыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн. Төсөлд ЭША, археологич, антропологич 6, археологи болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан 80 гаруй, цэргийн албан хаагч 80, инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогооны гэх мэт 20 орчим, нийт 200 орчим хүний хүч хөдөлмөрөөр малтаж 2000 гаруй цул алт, мөнгөн эдлэлийг илрүүлж Монгол судлаач эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсон билээ.
    #Жич: Энэ малтлага судалгаа, олдвор бол Монголын түүх, археологийн салбарын ГАЙХАМШИГ, сод үйл хэрэг юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй.

     

     

     

    Хүннү язгууртны гол булш уруу харсан пирамид хэлбэртэй байдаг. Зүүн талд нь “дагуул булшнууд”-ыг үйлддэг.

    djmedia:507