Author: admin_shaman

  • ЦАХИМ ҮНДЭСТЭН-DIGITAL NATION 21 АРГА ХЭМЖЭЭ

     

    Нэг зүйл онцлоод хэлэхэд ирж үзэж байгаа залуучуудын 70-80% нь бараг 25-аас доош насны залуучууд харагдлаа. Энэ удаа E-Sports-ыг арга хэмжээний нэлээд чухал хэсэг болгосон нь энэ олон залуучуудыг татах бас нэг зөв арга байсан болов уу гэж бодогдлоо. Өмнөх жилүүдээс ICT Expo нь энэ жилийнх шиг ийм олон хүүхэд, залуучуудыг оролцож байсныг харж байсангүй. Нест академи, МТ сургууль, ФАРО төв зэрэг олон сургалтын төвүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, Оюу Толгой компани хүртэл хүүхэд залуучуудад олгож буй тэтгэлэг, боломжуудаа танилцуулж байлаа.
    Нэгэнт тоглоом тоглох дуртай болсон хүүхдүүд цөөнгүй хэсгийг бүрдүүлж байна. Технологийн эрин зуунд Монгол улс маань хоцрохгүй шиг хамт алхахыг эрхэмлэж, хичээж байгаа нь харагдаж байна. Төр нь бүх юм руу хушуугаа дүрэлгүй, яг өнөөдрийнх шиг уулзаж учрах “тайз”-ыг нь бий болгох буюу дэд бүтцийг нь бий болгож өгөөд, хууль эрхзүйн болон бодлогын зохицуулалтыг барьж, хувийн хэвшлээрээ хийж болох юу л байна бүгдийг нь өөрсдийн зардлаар нь хийлгээд, бэлэн болсон бүтээгдэхүүн үйлчилгээг нь нь дата хадгалах, өөр зорилгоор ашиглахгүй байх чанд нууцлалын болон хамтын ажиллагааны гэрээ хийн, олон олон үйлчилгээ бүтээгдэхүүнийг төрийн үйлчилгээндээ ашиглаад явчих боломж харагдаж байна.
    Хятадын Шанхай хотод зохиогдсон Expo-г зориуд очиж үзэж байж билээ. Бид хөгжил дэвшил зүг багахан ч гэсэн урагшилж байна.

    djmedia:502
  • МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ НЭН ХҮНД БАЙНА

    2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхлүүлэх болсноо зарлалаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болжээ. Тус хөтөлбөр цар тахлаас иргэдийн эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хамгаалж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэсэн маш тодорхой гурван зорилго тавьсан юм.
    Гэвч биелэлт нь онц муу дүн авахаар туйлын хангалтгүй байв. Цар тахлын вирусийг хэдэн сарын дотор дотооддоо нэгэнт алдаж, 21 аймаг, дийлэнх сумын иргэд ковидоор өвчлөөд байна. Нэг хэсэг хугацаанд сая хүнд оногдох өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлсэн.

    Тахлаар амь насаа алдагсад дөрвөн оронтой тоо давжээ. Иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан тухай олон баримт, жишээ дурдаж болно. Монгол Улсын Үндс эн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангаж чадсангүй.

    2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшиж, аж ахуй нэгжүүд хаалгаа барин иргэд ажил, орлогогүй боллоо. УИХ-ын чуулган дээр Сангийн сайд Б.Жавхлан, 2020 онд эдийн засаг саарсан хүнд үед 68 мянган ажлын байр алдсан гэж ам алдлаа. Харин Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон төдийгүй нийт 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй талаар мэдээлж байв.

    Засгийн газар эдийн засгаа хамгаалах, аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилгоор татвар төлөгчдийн асар их хөрөнгийг зарцуулаад ч нэмэр болоогүй жишээ дурдвал ийм байна. Улсын төсвөөс гадна гадаадын донор орнууд, олон улсын хандив тусламж олгогч байгууллагуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бараг тэрбум ам.доллар авсан боловч чухам юунд зарцуулагдсан нь бүрхэг үлдлээ.

    Гэвч өмнөх хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их хэмжээтэй төслийг хэдхэн хоногт боловсруулж хэрэгжүүлэхээ засаг амлав. “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг санхүүжүүлэхэд “мөнгө хэвлэхгүй, эдийн засгийн эргэлтийг сайжруулах найман их наяд төгрөг Төв банканд бий” гэж эрх баригчид мэдэгдлээ. Цогц төлөвлөгөө гэгчийг зарлах үед Монголбанкны үнэт цаасанд 8 их наяд төгрөг төвлөрсөн байв. Өнгөрсөн онд бодит байдалд огтхон ч нийцээгүй хэд хэдэн удаагийн хэт сүржин хатуу хөл хорионы улмаас жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж, зах зээл хямарч эхэлсэн юм. Ийм үед арилжааны банкууд хадгаламжид цугларсан мөнгөө зах зээл рүү гаргах нь тун эрсдэлтэй байсан тул ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авахыг илүүд үзсэн. Үүнтэй холбоотой Монголбанкны үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө төвлөрсөн нь үнэн.

    Арилжааны банкууд зах зээлд үүсэх хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Жижиг дунд бизнес эрхлэгч нарын зээлийн төлөлт хүндэрч байгааг банкууд л анх анзаарсан байж таарна.

    Манай улсын ДНБ-ний (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 18 хувийг ЖДҮ бүрдүүлдэг. Энэ салбарт 906.5 мянган хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн 67.3 хувь эзлэх томоохон үзүүлэлт юм. Засгийн газар Монголбанкинд хуримтлагдсан их хэмжээний хөрөнгийг зах зээлд гаргаж идэвхжүүлэх зорилтыг тавьсан. Ингэхдээ зээлийн эрсдэлийг төрөөс даахаа амлав. Санаа нь хэдий зөв боловч тооцоо судалгаа тааруу. Тиймээс өмнөх хөтөлбөр шиг ээ үр дүнгүй болох магадлал өндөр байна.

    Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан. Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байх юм.

    Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг үлдэх ёстой л доо. Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд зээл гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж үзсэн хэвээр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгаа аж. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлэхээр байна. Үүнийг банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байгаа статистик үзүүлэлтээс харж болно.

    ИНФЛЯЦ ӨССӨН ШАЛТГААН

    2021 оны долдугаар сард мөнгөний нийлүүлэлт 21.5 их наяд төгрөг байсан бол нэг жилийн дараа 27 их наяд төгрөгт хүрч манай улсын түүхэнд байгаагүйгээр огцом өссөн нь инфляцыг хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд 3.4 их наяд төгрөгийг зах зээлийн эргэлтэд оруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмжээ. Иймээс инфляц өсөх нь гарцаагүй юм. Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридманы “Инфляц бол хаана, хэзээ ч зөвхөн монетари үзэгдэл(феноменон) юм” гэж тодорхойлсон байдгийг энд нурших илүүц биз. Өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 7.9, улсад 7.4 хувьд хүрсэн байна. Гэвч энэ тооцоо ч бодит үнэн гэж үзэх эргэлзээтэй. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 33- 50 хувиар өссөн. Барилгын материалын үнэ 48 хувиас дээш нэмэгдээд байна. Энэ бүхнийг тооцож үзвэл инфляц хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлал маш өндөр. Үндэсний Статистикийн хороо инфляцыг тооцох аргачлал болон хэрэглээний сагсанд ямар бүтээгдэхүүнийг сонгож авахаас инфляцын хувь хэмжээ хамаарч таарна. Тэр бүр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн үнийн өсөлтийг зааж чадахгүй.

    Хэрэв Засгийн газар инфляцыг бага байгаа мэтээр иргэддээ харагдуулж, нийгмээ тайвшруулахыг хүсвэл ийм боломж тэдэнд бий. Уг нь инфляцыг бодит утгаар нь хэмжиж чадвал төр тухайн нөхцөл байдалдаа тохируулж бодлого хэрэгжүүлэх боломж байдаг юм. Цаашид Монголбанкны үнэт цаасанд хуримтлагдсан есөн их наяд төгрөгөөс зах зээл рүү хэт их мөнгө нийлүүлбэл инфляц хоёр оронтой тоонд тэр даруйдаа л хүрнэ. Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, Монгол төгрөгийн худалдан авах чадвар шалдаа хүртэл буурна.
    Инфляцыг өндөр орлоготой иргэд төдийлөн мэдрэхгүй боловч хоног өдрөө арай хийн залгаж буй дундаас доош орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын хүндээр тусдаг. Өдөр хоногоо арай ядан өнгөрөөдөг өрх, гэр бүл манайд дэндүү олон. Тиймээс төрийн аливаа буруу шийдвэрийн золиос нь Монгол Улсын нийт иргэдийн дийлэнх нь болдог.

    ТӨСВИЙН АЛДАГДАЛ ӨР НЭМЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН

    Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг зуршил тогтсон. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний мэдэгдэл УИХ батлаад байгаа. 2020 оны төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Ийм их хэмжээний алдагдал инфляцад нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай нь ийм тооцоолол хийчих мэргэжлийн байгууллага өнөөдөртөө манайд байхгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлээс харвал 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвар нэмэх эсхүл гадаад зээлээр барагдуулахаас өөр арга замгүй.

    Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол Улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрлээ.

    Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ийнхүү онилсон байгаа огт онохгүй байгааг дээр дурдсан эдийн засгийн макро үзүүлэлтүүд баталдаг. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой олон их наяд төгрөгийн хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
    Монгол Улсын цаашдын эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын орчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс ихээхэн хамаарна.

    ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ

  • “ФАКТ ҮНЭНЭЭС ЧУХАЛ”

    Гэвч нийтлэлийн зарим дүгнэлт, баримтууд ихээхэн эргэлзээтэй, эргэлзээтэй төдийгүй илт мушгисан, хувийн субьектив хандлагадаа хэт автан, туйлшруулан тайлбарласан нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэхээр бэлтгэж, их бага ямар нэгэн хэмжээгээр монголчуудын үндэсний ухамсар, эх оронч үзэл сэргэн идэвхжиж буй энэ цаг үед эргүүлээд ус цацаж буй мэт болжээ.
    .
    ***
    1. Баабар ийн бичжээ. “Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрлэдэг”.
    Оролцсон хүн хүч, хамарсан талбай, үргэлжилсэн хугацаагаар нь дайн мөн бишийг нь тодорхойлдог уу? Цэргийн шинжлэх ухааны тогтсон нэршлээр ямрыг нь дайн, ямрыг нь тулалдаан гэдэг вэ?
    Ердөө 38 минут үргэлжилж, хоёр талаас нийлээд 3000 хүрэхгүй цэрэг дайчид оролцсон, англи талаас нэг цэрэг шархдаж, нөгөө талаас нь энгийн иргэдийг оролцуулаад 500 хүн алагдаж шархадсан нэгэн үйл явдлыг дэлхийн түүхийн аль ч лавлах, тайлбар тольд “Англи-Занзибарын дайн” гэж / Anglo-Zanzibar War / Англо-занзибарская война / Guerra anglo-zanzibariana гэдэг. Гиннесийн номонд ч дайн хэмээн бичигдээд амжжээ. Энэ дайн 1896 оны 8 сарын 27-ны өглөөгүүр болжээ.
    Харин Халх голд болсон үйл явдал нь:
    – 1939 оны 5 сарын 8-аас 9 сарын 16 хүртэл 4 сар гаруй үргэлжилсэн нь Англи-Занзибарын дайнаас 4700 дахин урт хугацаанд болсон,
    – Халх голд хоёр талаас 135 000 цэрэг дайчид оролцсон нь Англи-Занзибарынхаас 45 дахин их.
    – Халх голд 33,420–95,768 орчим цэрэг дайчид амь үрэгджээ. /ЗХУ – Японы талын амь үрэгдэгсдийн талаарх мэдээлэл их зөрүүтэй байдаг/ Энэ нь Англи – Занзибарын дайнд эрсдэгсдийн тооноос 67-191 дахин олон.
    – цэргийн техник, зэвсэглэлийн хувьд харьцуулах ч боломжгүй. Танк, хуягт, их бууны тоо мянгаар тоологдоно. Орчин цагийнхаа хамгийн шилдэг зэр зэвсэг, техникийг ашигласан. Агаарын хамгийн олон онгоц оролцсон тулаан Халх голын тэнгэрт анх удаа болжээ.
    Цэргийн тооны хувьд ч, амь үрэгдэгсдийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч Халх голд оролцсоноос бага атлаа түүхэнд дайн / война / war / guerra / хэмээн тэмдэглэгдсэн үйл явдлууд цөөнгүй. Тухайлбал:
    – Хар тамхины I дайн / Первая Опиумная война / First Opium War /-д хоёр талаас 90 гаруй мянга цэрэг оролцсон.
    – Грек-Италийн / Italo-Greek War / дайнд 27 мянган цэрэг үрэгдсэн..
    – Итали-Этиофийн дайнд 25 мянган цэрэг үрэгдсэн.
    – Англи-Афганы III дайн 3 сар гаруй үргэлжилж, 3 000 хүрэхгүй цэрэг дайчид үрэгдэж, шархаджээ.
    – Коста Рикагийн иргэний дайн / Costa Rican Civil War / 1 сар, 1 долоо хоног, 5 өдөр үргэлжилж, 2000 орчим хүн үрэгджээ.
    Гэтэл хоёр талаас 2 сая гаруй хүн оролцож, 8 сар гаруй үргэлжилсэн Сталинградын тулалдааныг дайн гэдэггүйн учир юу вэ? Дэлхийн II дайны үндсэн том хэсэг болох ЗХУ-Германы фронтын хэсэгт болсон тулалдаан. Курскийн, Воронежийн, Киевийн, Москвагийн, Ленинградын гээд өөр олон томоохон тулалдаануудын л ижил Сталинградын тулалдаан нь том стратегийн нэг хэсэг. Гэхдээ хамгийн том, чухал хэсэг нь. Сталинградын тулааны цар зарим дайнуудаас хэдэн арав дахин том байгаа нь дэлхийн II дайны аварга цар хэмжээг илтгэнэ.
    Тэгэхээр зөвхөн оролцсон хүн хүч, хохирол, үргэлжилсэн цаг хугацаагаар нь дайн, эсвэл тулалдаан гэж ялгах шалгуур үгүй байх нь.
    1937-1945 оны хооронд Японы талаас Умард хятадыг эзлэн түрэмгийлсэн үйл явдлыг Япон-Хятадын дайн / Second Sino-Japanese War, 1939-1940 оны хооронд Финланд – ЗХУ-ын хооронд болсон үйл явдлыг Өвлийн дайн / Winter War гэх ба гэхдээ Дэлхийн II дайны нэг хэсэг гэж тооцдог ажээ. Гэхдээ л “дайн” гэдэг.
    Тийм атал Гитлерийн Герман Хойт Африк, Польш зэрэг орнууд руу хийсэн довтолгоонуудыг мөн Сталинградын тулалдааны нэгэн адил дайн гэхгүй, довтолгоон / Invasion гэдэг байна. Бас Дэлхийн II дайныг эхэлсэн албан ёсны хугацааг 1939 оны 9 сарын 1-нд фашистууд Польшид халдан довтолсноор тооцдог. Гэтэл Япон-Хятадын дайн, Өвлийн дайн нь түүнээс өмнө эхэлж, зарим нь бүр дуусчихсан байв. Их дайны энд тэнд өрнөсөн саланги стратеги бүхий нэг хэсэг байх, бас дайны үндсэн үйл явдлын нэг хэсэг байх хоёрт бас ялгаа бий аж.
    Хятад-Японы, ЗХУ-Финландийн дайнууд нь хэдий II дайны нэг хэсэг мөн боловч Станлинградын тулалдаан хийгээд германууд Хойт Африк, Польшид довтолсонтой харьцуулахад нэгдсэн том стратегийн нэг хэсэг бус, нэлээд бие даасан шинжтэй. Англи-Занзибарын дайн ч мөн дэлхийн колонийн дайны нэг хэсэг боловч бие даасан шинжтэй юм.
    Англи-Занзибарын дайнаар Занзибар тусгаар тогтнолоо алдаж, колони орон болсон бол Хар тамхины дайнаар Манж Чин гүрний мөхөл эхэлжээ.
    Эндээс дайн гэж нэрлэхийн нэг шалгуур нь харьцангуй бие даасан шинжтэйгээс гадна мөн ноцтой үр дагавартай, зарим нь бүр гарцаагүй түүхэн эргэлтийн гэж болохуйц үр дагавартай байгаа нийтлэг шинж байна. Хилийн мөргөлдөөн, тулалдаан, хэрэг явдалд тийм гүн гүнзгий шийдвэрлэх үр дагавар үгүй юм. Халх голын дайны өмнөхөн болсон Хасан нуурын тулалдаан ч, манай баруун хил дээр болсон Байтагбогдыг байлдаан ч улс орны хувь заяанд нөлөөлөхүйц цар далайцтай үйл явдал байсангүй.
    Дээрх жишгээр үзвэл Халх голын дайн нь харьцангуй бие даасан шинжтэй, Өвлийн дайн, Япон-Хятадын дайны нэгэн адил “дайн” хэмээн нэрлэж болохуйц дэлхийн II дайны нэг хэсэг, зарим судлаачдын үздгээр II дайны удиртгал, “Зарлаагүй дайны оршил” ч болно.
    Тэгэхээр зөвхөн цаг хугацаа, оролцсон цэргийн хүч, хохирлын хэмжээгээр Халх голын үйл явдлыг ч дайн биш ээ гэж хэлэх үндэслэл хангалттай биш байна.
    Стратеги, үйл явдлын далайц, үр дагавар, нөлөөллөөр Халх голын дайныг дайн биш гэж үзэх үндэслэл бүр ч бага болно.
    Олон улсын цэрэг дайн, улс төрийн бодлогын хэмжээнд,
    – Газар нутгаа Уралын нуруу хүртэл тэлэх санаархал бүхий Танакагийн меморандиум бодит эсэхээс үл хамааран Еврази болон Номхон далайн бүс нутгийн уудам орон зайд ноёрхох Японы дайнч түрэмгий санаархал нэн бодит бөгөөд Халх голд анх удаа тэрхүү санаархалд хүчтэй цохилт өгчээ.
    – Халх голын дайны үр дүнд 1941 оны 4 сарын 13-нд Москвад ЗХУ, Япон хоёрын хооронд гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээгээр / Пакт о нейтралитете между СССР и Японией/ 5 жилийн хугацаанд харилцан довтлолцохгүй байх үүрэг хүлээсэн нь ЗХУ дэлхийн II дайны үед хоёр фронтод зэрэг дайтах, байгалийн асар их баялагтай Сибир, алс Дорнодыг болон стратегийн нэн чухал Дорнод Сибирийн төмөр замыг хамгаалах боломжийг бий болгожээ. Энэ нь II дайны хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн. Японы тал ч хоёр талд зэрэг фронт нээхгүйгээр Хятад, Зүүн Өмнөд Ази, Номхон далайд чөлөөтэй дайн хийх боломжтой болсон. Зүрх зориг нь бадарч Сувдан эргийг / Pearl Harbor / хүртэл бөмбөгдөөд амжсан. /Гэхдээ хэрвээ Германууд Москваг эзэлж, Оросын хүчин сулрах тохиолдолд зүүн талаас нь товтлоход бэлэн, яг цөөвөр чоно шиг байдалтай/
    Монгол Улс, монголчуудын хувьд Халх голын дайн нь
    – хүчин буурай монгол орныг санаан зоргоор эзлэн, эрхшээлдээ орчуулчих боломжгүй, хүчирхэг хамгаалагч, өмгөөлөгчтэй болохыг санаархагч орон: Япон, Хятадад хатуу сануулга өгсөн. 1941 оны 4 сарын ЗХУ-Японы гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы тал БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэж болохуйц нэн чухал үйл явдал болсон.
    – аль 1915 оны үеэс л монголчуудын дунд Японыг дагаж хөгжих тухай санаархал өрнөж эхэлсэн ба энэ нь 1930-аад оны хэлмэгдлийн нэг үүсвэр шалтгаан болж байв. Халх голын дайны өмнө ч зүүн хил орчимд байсан цэрэг дайчдын дунд Японтой байлдаад дийлэхгүй гэсэн өөртөө үл итгэх байдал, айдас түгшүүр тодорхой байсан ба зарим цэргийн томоохон зүтгэлтнүүд ийм яриа гаргасны улмаас цэргийн шүүхэд татагдаж байжээ. Ер тэр үе хүртэл монголчуудын дунд, ялангуяа төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүдийн дунд Японыг дагах, ЗХУ-ыг дагах гэсэн хоёр үзэл санааны ялгарал тод байсан, Халх голын дайны үрээр энэхүү ялгарал үгүй болж, тууштай нэг талдаа гарчээ. Энэ нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын талд тууштай, итгэлтэй байхад хүргэж, өөрийн бяцхан эдийн засгаас нь гарамгүй их хэмжээний тусламжийг ЗХУ-д нийлүүлж /ландлизингтэй харьцуулахад/, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнд ч ЗХУ-тай мөр зэрэгцэн оролцсон нь Монгол Улсын статус квог олон улсын түвшинд тодорхой таниулж, Сталиний хүчтэй дэмжлэгийн үрээр 1945 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдээр /Англи, Америк/ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн. Цаг үргэлжид монголд санаархан шүлсээ савируулж байсан гоминданы болон коммунист хятадын амыг ч бас нам таглаж чадсан байна. Хятадууд Ар монголыг буюу одоогийн Монгол Улсыг Өвөр монголын нэгэн адил дээвэр туурган дороо нэгтгэж авахын төлөө хэрхэн улайран тэмцэж байсныг түүхийн олон баримтууд гэрчилдэг. Улмаар БНМАУ НҮБ-д элсэн, ТТ-оо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ нь Баабарын иш татаж бичсэнээр ЗХУ нь “Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхруулж, гадна ч, дотно ч талдаа ямар ч эсэргүүцэлгүй үнэнч боол болгож чадсан” явдал байсангүй. Тусгаар тогтнол гэдэг нь улс орны хувьд эрх чөлөө юм. Тэгвэл боолд эрх чөлөө олгох хэрэг юу билээ? Бид өнөөдөр тэр эрх чөлөөний буюу ТТ-ын үр шимийг хүртсээр яваа. (Соц системийн хүрээнд улс төр, эдийн засгийн хүчтэй интегралчлал байсныг, ЗХУ-ын ЭЗ-ийн болон улс төрийн эерэг болон сөрөг хүчтэй нөлөөлөл, нөмөр нөөлөг байсныг боолчлолтой хутгаж болохгүй юм.)
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth) гэдэг ч үнэн шүү.
    Бодит байдал, түүхэн баримт, үр нөлөө ийм байхад Баабарын хэлснээр “Тэд” буюу БИД нь Халх голын үйл явдлыг “тулалдаан”, “мөргөлдөөн” хэмжээнд үнэлэхийг голох нь зүйн хэрэг юм.
    Аль ч дайн, тулаанд оролцсон талуудад нийтлэг шинж байдаг нь өөрсдийн хохирлоо дарж, амжилтаа дөвийлгөдөг. Тэр бүү хэл өөрсдийгөө улайран зөвтгөдөг. Энэ жишгээр Зөвлөлт-Монголын тал өөрсдийн амжилтыг илт дөвийлгөсөн. Япон тал ч ялагдлаа дарсан, багасгасан. Тэр нь “Номунханы хэрэг явдал” гэхээр илэрдэг. /Нөгөө талаар Ази-Номхон далайн уудам оройн зайд өргөн царайтай дайн хийж байсан тэдний хувьд Халх голын үйл явдал нь жижигхэн харагдаж ч бас болно./ Тэр бүү хэл Японы тал Монголд халдан довтолсноо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бүр умард хятадыг эзлэн түрэмгийлж, сая саяар нь алж байсныхаа төлөө өнөө ч Хятадын талаас хангалттай хэмжээнд уучлал гуйгаагүй, маргаан мэтгээн дагуулсаар байгаа болно. Ийм нөхцөлд ялагдсан талын илт багасгасан байр суурийг хүлээн зөвшөөрч, дайн болоогүй ээ, мөргөлдөөн төдий байсан гэх нь хэт явцуу туйлшрал, эсвэл бодлоготой тархи угаалт болно.
    .
    ***
    2. Баабар гуайн нийтлэлд “Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин (Зөвлөлтийн) 1936-37 онд орж ирэн байраллаа” гэжээ.
    Харин тэр цаг үед ямар үйл явдал өрнөснийг эргэж харая.
    – 1934 оны 10 сарын 21-ээс 12 сарын 2-ны хооронд Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д сар гаруйн хугацаанд хийсэн айлчлал үеэр Сталин нартай уулзахад “цэргийн довтолгооны аюул заналуудыг аль болох аргаар зайлуулахаар урьдаас сэргийлэх хэрэгт бие биестээ туслах ба мөн хэрэв БНМАУ ба ЗХУ-д гуравдугаар этгээд довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” гэсэн аман хэлэлцээ байгуулжээ.
    – 1936 оны 1 сарын 9-нд болсон Монгол-Зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр Гэндэн “1935 оны 7 сард та бүхний явуулсан техникийн ангиуд бидэнд их хэрэг болж байна” гэсэн үг хэлсэн байдаг. Энэ нь тэр үед монголд өргөнөөр оруулж ирж байсан холбоо, газар тариалан, зам тээвэр, эмнэлэг, барилга бүтээн байгуулалтын техникийн тухай яриа биш, харин гагцхүү цэргийн техникийн тухай яриа юм. Сталин хариуд нь улаан армийн моторчилсон хоёр бригад бүхий хүчийг монголд оруулахаа мэдэгджээ.
    – Манай төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн тэргүүтэй төлөөлөгчдийн тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн туламж хүсэхээр шийдвэрлэжээ. Үүнд, нэг: …Улаан цэргээс тус улсын газар нутаг дээр моторчилсон бригад 2, дайран сөнөөгч онгоцны эскадриль 1, эдгээрийг нэн даруй хурдавчлан ирүүлэхийг хүсч явуулсугай. Хоёр:Манай улсын дотор байгаа улаан цэргийн ангиудыг хэвээр нь үлдээхийг хүсэх-ээр заажээ.
    – Хүсэлтийг ёсоор болгосноо 1936 оны 2 сарын 1-нд ЗХУ-ын тал Монголд мэдэгдсэн байна.
    – Дээрх уулзалт, яриануудын биелэл болж, 1936 оны 2 сарын 12-нд Улаанбаатарт БНМАУ, ЗХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д гарын үсэг зурав. Тэр үед Сталин “…Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. 1921 онд тусалсан шигээ тусална” хэмээн АНУ-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
    – 1937 оны 8 сарын эхээр Япон, Хятадын хооронд дайн өрнөж, япончууд Датун, Жанчхүүг эзлэн авсан. Ийм нөхцөлд болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж, уг оны 8 сарын сүүлээр ЗХУ-ын 17-р армийг Монголын нутагт оруулж иржээ.
    Тэгэхээр ЗХУ нь Монголын засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчинг Монголын нутагт оруулсан гэдэг нь худлаа болно. Хэд хэдэн удаагийн уулзалт яриа хэлэлцээ, манай яаравчилсан хүсэлтийн үр дүнд багадаа л гэхэд моторчилсон хоёр бригад, нисэх онгоцны эскадрил бүхий хүч монголд орж иржээ. Моторчилсон бригад гэдэг нь тариа бригадын хэмжээний зүйл биш шүү дээ. 1936 оноос ч өмнө ЗХУ-ын цэргийн ангиуд Монголд байсныг, нэмж тодорхой хүч яаралтай илгээхийг манайхан хүсэж байсныг, Зөвлөлтүүд хүсэлт ёсоор ч болгон цэрэг илгээснийг дээрх баримтууд нотлоно.
    Учир нь 1931 онд Япончуудын одоогийн хятадын умардын үлэмжхэн газар нутгийг эзлээд, 1932 онд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулж, далбаанд нь тэнд 1 сая хүнтэй Квантуны хүчирхэг армиа байрлуулчихсан байсныг тухайн цаг үед энхийг сахиулах үйл ажиллагаа гэж ойлгох ямар ч аргагүй юм. Нөгөө талаар 1935 оноос л Халх гол, Нөмрөг орчмоор хил зөрчсөн үйлдлүүд тогтмол гарч байсан тухай мэдээлэл манай хилийн цэргийн архив, үйл явдалд оролцсон ахмад дайчдын дурсамжуудад хангалттай бий. Ингэхэд тэдгээр баримтад эргэлзэх, үл итгэх ёстой юу? Бас Баабар гуай “Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан” гэжээ. Халх голын дайнд оролцсон хэдэн арван цэрэг дайчдын дурсамжинд баргатай биш, япон цэргийн хувцас өмссөн баргатай ч биш, үйлийн үргүй зүс буруу японтой л байлдсан, ноцолдсон, буудалцсан, ухарсан, дайрсан гэж гардаг даа. Тэдгээрийг сөхвөл энд багтахгүй, бүтэн ном болохоор арвин. Тэднийг бүгдийг нь худал гөрдчихжээ гэх ёстой юу? Сөрөг баримтууд гарч ирж буй бол харьцуулан судалж байж дүгнэх учиртайгаас биш, шууд л “Өө, энэ үнэн байна шүү дээ. Манайхан ёстой бүлтэрдэг байжээ” гээд гуяа алгадаад гүйгээд байх нь шинжлэх ухааны арга зүй лав биш ээ.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    .
    ***
    3. Мөн “Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж” гэсэн өгүүлбэр Баабар гуайн нийтлэлд бий. Цаашлаад Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан, дайныг Япон биш, Зөвлөлтийн тал, Сталин санаачилсан гэх мэтээр үргэлжилнэ.
    Халх, Баргын хооронд хилийн ямар нэгэн маргаан огт байгаагүй биш юм. Аль Манжийн үеэс Халхын сэцэн хан, болон одоогийн Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Баргын зүүн, баруун хошууны хооронд хилийн ужиграсан маргаан байсныг Япончууд зорилгодоо ашигласан.
    1934 оноос Халхгол, Хайлаас, Нөмрөгийн сав газраар байнга хилийн зөрчил, маргаан үүсэж, зөвхөн 1939 оны эхний гуравхан сарын хугацаанд тагнах турших маягийн зөрчил 40 орчим бүртгэгдсэн баримт бий. Хилийн зөрчил хоёр талаас морь малын араас явах, хулгайлах, санаатай, санамсаргүйгээр төөрч будилах нь ч байсан, гэвч ноцтой нь цэргийн, тагнуулын зорилгоор хил зөрчих нь зонхилж байжээ. Тухайлбал, 1935 оны 1 сарын 24-нд 13:00 цагийн орчимд Халхын сүм орчмоор хилээс 20км-ийн гүнд япон, манжийн зэвсэглэсэн 17 хүн хилчидтэй тулгарч буудалцсан, манай талаас нэр бүхий хоёр хүн алагдаж, харин нөгөө талаас алагдагсад дотор алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер байжээ. Маргаантай, одоо ч нэг мөр эцэслэн шийдэгдээгүй Халхийн сүмийн, мөн 1935 оны 12 сарын 24-нд болсон Булан дэрсний томоохон хэрэг явдлууд ар араасаа гарсан байна.
    Тэгсээр энэхүү хилийн маргаан будилааныг зохицуулах Монгол-МанжГо-гийн бага хурал нэртэй ч Японы тал шууд оролцсон, гурвалсан ч гэхээр хурал 1935 оны 6 сарын 3-нд Манжуур өртөөнд эхэлсэн. Гэвч МанжГо-гийн төлөөлөгчид “БНМАУ-ын нутагт байнга оршин сууж, чөлөөтэй явж, өөрийн засгийн газартай холбоо барьж байх эрх бүхий төлөөлөгч суулгах, үгүй бол Тамсаг сүмээс зүүн тийш байгаа цэргээ татах” гэсэн шаардлага тавьж, энэ нь манай эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн Монголын тал түр түдгэлзсэн. Японы талын шаардлагад нааштай хандсан гэдэг шалтгаанаар төлөөлөгчийн тэргүүний хувь заяа хэрхэснийг Баабар биччихсэн. Тохиролцож чадаагүй учир хурал завсарлаад 1935 оны 10 сарын 2-оос 11 сарын 25-ны хооронд дахин хуралджээ. Гэвч хоёр тал аль аль нь тавьсан саналаасаа ухраагүй тул Бага хурал мухардалд орж, завсарласан байна. Ганц манай тал гөжөөд байсан юм биш. Санал зөрсөн зүйл нь Монголын талаас хилийн маргаанийг шийдвэрлэхийн тулд бүрэн эрхт төлөөлөгчийн газар нэг нэгийг харилцан солилцох, манайх төлөөлөгчөө Манжуурт, Японы тал Тамсагбулагт суулгах санал тавьсан бол Японы тал, гурван төлөөлөгчийн газар байгуулж, Улаанбаатар, Баянтүмэн, Тамсагт Японы төлөөлөгч суух, манай төлөөлөгчидийг Чанчун, Хайлаар, Манжуур өртөөнд байлгах санал тавьсан байна. Манай тал мэдээж хэрэг Улаанбаатар, Баянтүмэнд тэдний төлөөлөгчийн газрыг байгуулах нь аюулгүй байдалд нэн эрсдэлтэй хэмээн үзэж зөвшөөрсөнгүй, харин нөгөө тал Улаанбаатар, Баянтүмэнд сууна гэдгээсээ ухарсангүй. Учир шалтгаан нь ч бараг тодорхой биз ээ. Ийм бэлээхэн баримт мэдээлэл байхад, зөвхөн Монголын талыг Сталины даалгавраар асуудлыг улам дэвэргэх гэж, хилийн асуудлыг эв зүйгээр тохиролцохгүйгээр гөжөөд байсан гэх үндэслэл бараг үгүй юм.
    Хэдийгээр нийтээр мэддэг, манай түүхийн архив, лавлах, боть, номд бичигдсэн ч эдгээр баримтууд нь хоосон худал санаанаасаа зохиосон зүйлс биш, үгүйсгэх боломжгүй бодит баримтууд юм. Гагцхүү нэг баримтыг нь ор тас орхичихоор асуудал огт эсрэгээр харагддаг, тийм л аргыг Баабар хэрэглэдэг.
    Япончууд гэмгүй номхон, зүв зүгээр байтал гэнэтхэн Монголчууд хил даван зөрчил үүсгэж, дайныг үүсгэсэн, тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулаагүй байсан гэх мэт суртал ухуулга өнөөдөр хүчтэй явдаг болсон. Үүнийг үгүйсгэх эх адаггүй олон баримт дурдаж болно. Гэхдээ эхлээд хоёр, гуравхан нь асуултад баталгаатай хариулт хэрэгтэй.
    – 1936 оны 3 сарын 31-нээс 4 сарын 1-ний хооронд хэдэн арван машин, их буу, танк, хуягт машин, нисэх онгоц бүхий хүч манай хил давж, Адагдулааны застав руу довтолсныг манай монгол цэрэг дан өөрийн хүчээр тогтоон барьж, буцаан хөөсөн. Үүнийг орос цэргүүд япон цэргийн хувцас өмсөж, япон техник танк хэрэглэн довтолсон гэх баримт нотолгоо бий юу? Эсвэл манай заставын цэргүүд МанжГо-гийн хил рүү халдсан хэрэг үү?
    – 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр хамтрах талаар пакт баримт бичигт гарын үсэг зурсны гол зорилго нь ЗХУ-ын эсрэг, улмаар холбоотон нь /Баабарынхаар боол нь/ болох Монголын эсрэг биш гэж үү? /Хожим 1940 онд Япон нь Герман, Италитай гэрээ байгуулсан/
    – Ерөөсөө Япончууд өчүүхэн ч гэмгүй номхон байсан юм бол юугаа хийж 1939 оны 6 сарын 27-нд Монголын хилийн гүнд, Буйр нуураас 40 гаруй км, Халх голын Сүмбэрээс 70 гаруй км-т байх Тамсагбулаг, бүр цаашлаад Баянтүмэн, Дорнод аймгийн төвийг хүртэл ирж 150 гаруй онгоцоор, хэдэн зуун бөмбөгөөр бөмбөгдсөн хэрэг вэ?
    – Японы үхлийн 731 анги 1939 оны 7 сард их хэмжээний янз бүрийн бактерийг яах гэж Халх голын усанд хаясан хэрэг вэ? Ариутгал хийх гээгүй нь лавтай.
    – Япончууд монголд довтлох ямар ч санаагүй байсан юм бол тэдний цэрэг техникийн их хүч нь 1939 оны 7 сарын 2-оос 3-нд шилжих шөнө Халх голыг зүүнээс баруун тийш Монгол орны нутгийн гүн рүү гаталж, Баянцагааны нуруунд үлийгээ хайж явсан хэрэг вэ? Төөрчихсөн хэрэг үү? Эсвэл Барга, Халхын хоорондох маргаантай нутгийг хүчээр тасалж авах гэсэн хэрэг үү?
    – Япончууд тухайн цаг үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүндэтгэж байсан аваас яах гэж Мана уулын хэсгийг гэнэдүүлэн довтолж, тэр чигт нь авч үлдсэн юм бол?
    – Японы хуурай замын ерөнхий штаб боловсруулж, эзэн хааны Төв штаб нь 1941 оны 9 сарын 6-нд баталсан Kantokuen /Сибирский поход японской армии/ гэх төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр Москваг германчууд эзлэнгүүт Амар мөрний уудам сав газар болон Монголын зүүн хэсгээр /Үүнд Улаанбаатар орно/ довтолж, Байгал далай хүртлэх газар нутгийг богино хугацаанд эзлэх, улмаар баруун тийш үргэлжлүүлэн довтлох, тэгэхдээ хими, бактерлиогийн зэвсгийг өргөн ашиглахаар тусгагджээ. Төв штабынх нь 1941 оны 12 сарын 3-ны 1048 тоот тушаалд “Оросын эсрэг довтолгооны бэлтгэл ажлыг эрчимжүүлж, 1942 оны хавар довтлоход бэлтгэ”-ийг тушааж байжээ. Энэ төлөвлөгөө огт худал зохиомол зүйл байсан хэрэг үү? Танакагийн меморандиумын адил?
    – 1946 оны 5 сарын 3-наас 1948 оны 11 сарын 12 хүртэл Токиод хуралдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн, монголын талаас гэрчээр оролцсон олон улсын шүүх хурлын шийдвэрийг хэрхэн үзэх вэ? Тэр шүүхээр япончуудыг хилс хэрэгт тулгаад яллачихсан болох уу?
    БНМАУ-ын Засгийн газар Японы талаас авах “дайны төлбөрөөсөө” татгалзсаны хариуд 500 сая иений мөнгөн тусламж хэлбэрээр шийдэгдэж, 1981 оноос ажиллаж, Монголын эдийн засагт төдийгүй Япон, Монголын харилцаанд ч үлэмжхэн үүрэг гүйцэтгэсэн Говь комбинат өнөө ч ажиллаж байгаа.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    1990 оноос хойш манайд хамгийн бодит туслалцаа үзүүлсэн улс орон Япон. Түүх нь түүхээрээ, 39, 45 онд япон бидэнд дайсан болон харагдаж байсан үе бий. Хэдий суларсан ч 90 он хүртэл тийм хандлага арилаагүй байв. Харин одоо японыг шууд дайсан гэх сэтгэхүй монголчууд дундаас хайгаад ч олоход бэрх. /хувь хүмүүсийн харилцаанд гарсан асуудлаас үүдэлтэй янз бүрийн хандлага байдаг ч тэр нь түүхэн цаг үеийг тодорхойлохгүй/ Японтой одоо монголчууд зөвхөн ЭЗ төдийгүй соёл, нийгмийг олон салбарт үр дүнтэй өргөн харилцаатай байна.
    Өнөө Халх голын дайны ойг тэмдэглэж байгаа нь Японыг дайсан гэж үзэх үзлийг дэвэргэх гэсэн сэтгэлгээ, хандлага ч биш юм. Түүх нь түүхээрээ үлдэг. сургамж, дурсамж, бас бахархал аль аль талд нь бий. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг байх аа.
    Халх голын дайны ялалтыг шууд утгаар нь үгүйсгэх, тэр үгүйсгэлдээ Орос руу хамаг бурууг чихэх замаар асуудлыг шийдэх гэвэл түүн шиг хадуурал байж болохгүй л дээ. Баабарын санааг эсэргүүцээд байгаагийн шалтгаан нь энд бий.
    .
    ***
    Харбин хотын ойролцоо нууцаар байгуулсан алдарт 731-р ангийг дан ганц шинжлэх ухааны зориулалтаар байгуулаагүй нь тодорхой бөгөөд тус ангид хийж байсан хүмүүн бус туршилтынх нь золиосны гол байд зөвхөн хятад, оросууд байгаад зогсоогүй монголчууд ч өртөж байсан. Хохирогч гуалингуудын нэрсийн жагсаалтан дотор монгол хүний нэрс дурайтал бичээстэй бий. Монголын армиас сураггүй болсон 32 хүний хэд нь тийш очсоныг тааж мэдэхгүй. 731 отрядын аймшигт туршилт судалгааны тайланг нууцаар авсныхаа хариуд АНУ хүн төрөлхтний эсрэг хийсэн тэдний гэмт хэргийг шүүсэн шүүх хурлын үр дүнг саармагжуулж, гол гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн, зөвхөн эрдэм судлалын ажил байсан мэтээр харуулахыг оролдсон нь ч бодит түүх юм.
    Ялагдсан Японы тал өдий хүртэл Халх голын дайныг “Номун ханы хэрэг явдал” хэмээн ач холбогдлыг нь бууруулан нэрлэсээр ирснийг гарцаагүй зөв хэмээн хүлээн зөвшөөрөх нь юуны өмнө Халх голд амь үрэгдсэн 274-280, амь өрсөн тулалдсан 4860, шархадсан 678, сураггүй алга болсон 32 монгол цэргийн цус, хөлс, эр зоригийг зохих ёсоор үнэлээгүй, тэр цаг үеийн монгол түмний тусгаар тогтнолоо хамгаалах хүсэл эрмэлзлийг үгүйсгэсэн, түүхэн бодит үнэнийг мушгин гуйвуулсан болно.
    Түүхэн судалгаа тэр бүр эцэслэн цэг тавигддаггүй, урагш ахисаар, шинэ ойлголт, шинэ үзэл хандлага, шинэ баримт материалаар баяжсаар байдаг, тэр хэмжээгээр танин мэдэхүй өргөжин тэлдэг нь зүй ёсны үзэгдэл. Харин олон эш баримтуудаас тодорхой хэсгийг нь тодруулах, бас нэг хэсгийг нь ор тас “мартах“ замаар улс төрийн үзэл санаа, ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх, тулгах хүлээлгэх нь шинжлэх ухааны танин мэдэхүй биш, биш байтугай бүр танин мэдэхүйд харш, тархи угаалт, үзэл суртлын дайн болно. Ийм дайныг Баабарын хамгийн ихээр эгдүүцэн, үзэн яддаг большевикууд, коммунистууд гарамгай хийсэн, бас түүний хамгийн ихээр талархан сайшаадаг коммунизмын эсрэг хүчин ч дутахгүй сайн хийсэн. Өнгөрсөн зууны дэлхий нийтийг хоёр лагерт хуваасан хүчирхэг үзэл суртлын тэмцлийн оролцогчид чухам хэн нь хэнийгээ гэхээргүй тархи угааж, пропаганда хийсэн дээ.
    Хүйтэн дайн дуусаагүй ээ, өнөө хоёрдахь шатлалын хүйтэн дайн ид өрнөж байгаа. Энэ хүйтэн дайны талбар нь тархи, арга технологи нь тархи угаалт, зэвсэг нь мэдээлэл. Ийм нөхцөлд ийш тийш үсчиж, ханарч, туйлшрах нь тун осолтой. Өнгөрсөн үеэ гутааж, мушгиж, зүхэж байж дур тавьдаг гаж дон ч гэмээр хэтэрсэн туйлшрал бүр хэрэггүй.
    .
    ***
    Дашрамд, өнөө цагт “Бид яах гэж Оросыг дагав аа? Хэрвээ Японыг дагачихсан бол, эсвэл Швейцар лугаа адил дундыг барьчихсан бол …” гэсэн гоншигнуур үгс ямагт сонсогддог болсон. 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр коминтерний эсрэг пакт хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан, 1940 оны 9 сарын 27-нд Япон нь Гитлерийн Герман, Муссолиногийн Италитай холбоотны гэрээ байгуулсныг, энэ гурвал нь 20 гаруй улсын оролцоо бүхий Тэнхлэгийн хүчний гол тулгуур болж байсныг санах хэрэгтэй.
    Түүхэнд “Хэрвээ…?” гэж байдаггүй гэдэг. Гэвч нэгэнт “Хэрвээ …?” хэмээж буй бол мөн тэр логикоор нь хариу өгөх шаардлагатай болно. ХЭРВЭЭ бид Японыг 1930-аад онд дагасан бол буутай хятад цагдааг хараад далжгасхийдэг Төвдүүдийн, эсвэл хүн амынх нь 37,8 хувь нь хятадад уусан, хүн далайд живэн алга болж буй өвөрлөгч ахан дүүсийнхээ хувь заяаг давтах магадлал 99,0 хувьтай байсан гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Яагаад вэ гэвэл, дэлхийн II дайнд Япон ялагдахад тэднийг даган далдаганасан, ар шилд нь хутга шаасан Монголыг Сталин хөгцтэй шүдэндээ хэрхэн чанга зуухаа мэдэх байлгүй. Тэр хэзээ ч “Гадаад Монгол зайлшгүй тусгаар тогтнох ёстой”, “Хэрэв Хятад улс гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол ЗХУ алс дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй, тэгэхээр Хятад улс удтал Японд эзлэгдсэн хэвээр байх болно гэдгийг би та нарт тов тодорхой хэлж байна. Гадаад Монголын ард түмний тухайд гэвэл тэд Хятад улсад нэгдэхийг хүсэхгүй, бас ЗХУ-д ч нэгдэхийг хүсэхгүй, тэгэхээр тэднийг тусгаар тогтнуулах л болно” гэж 1945 оны 6 сард Москвад хэлэлцээр хийхээр ирсэн Хятадын Үндэсний гүйцэтгэх Юуаны дарга Сун Зы Вень, Гадаад хэргийн яамны сайд Ван Шице нарын хятадын төлөөлөгчдийн тэргүүнд хандаж хатуу бөгөөд тодорхой хэлэхгүй. Ялтын гэрээний үеэр АНУ болон Их Британын төрийн тэргүүнүүдэд мөн яг энэ агуулгаар шахалт үзүүлэхгүй байв.
    Харин ч нойтон хамуу шиг Ар Монголоо авна гэж шалаад шалдаггүй Хятадуудад Японыг дагаж далдаганасан Монголын газар нутгийн 48-р өргөргөөс өмнөх хэсгийг нь тасдаж шидчихээд, арыг нь өөртөө хамаад авчихаж ч мэднэ. Бид 70 жил оросын нөлөөнд явсан атлаа өнөөдөр орос цусанд живчихсэнгүй, хэдий өртөг золиос ихтэй ч улс оронд байдаг нийгэм болоод улс ардын аж ахуйн бүхий л салбарын эх суурь тавигдсан тусгаар улстайгаа үлдэж чадсанаа зол гэж залбирах хэрэгтэй юм. Гэтэл Манжийн төрийн шинэ бодлогын үрээр 1900-аад оны үеэс Монгол нутагт хятад иргэд чөлөөтэй орох зам нээгдэж, ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Нийслэл хүрээний хүн амын 36 хувь, нийт хүн амын 22.5 хувь нь хятад болж, биднийг уусган алдсан гашуун түүхийг ч, одоогоос яг 100 жилийн өмнө 1919 онд хятад цэрэг Монгол оронд хүч түрэн орж ирж, манай ноёд цалин пүнлүүгээр барьцаалан Тусгаар тогтнолоо худалдаж, түүхэндээ анх удаа монголчууд тулгар төрийнхөө сүлдийг гудайлган, хятадыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхийг ч мартаж болохгүй юм. Хэрвээ тэр 70 жилд хятадын нөлөөнд явсан бол юу болох байсныг төсөөлж хэлэхээс зүрхшээм.
    Чухам 1939 онд Халх голд Зөвлөлттэй хамтран Японы эсрэг тулалдаж, нэг талдаа тууштай гарсны, II дайны турш найдвартай ар тал байсны, 1945 онд Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдсаны, бас ЗХУ-ын өмнөд өрд аюулгүй бүфэр бүс хэрэгтэйн тулд, Соц системд нь сул ч нэгэн бүл нэмж буйнх нь тулд Сталин Монголыг өмгөөлсөн, хамгаалсан, бас тусгаар тогтнолынх нь асуудалд хатуу зогсож чадсан юм.
    Орос судлаачдын бичсэн номын зарим баримтыг олзуурхан Баабарын бичсэн нийтлэлийн ерөнхий агуулга нь Халх голын дайнд бид хохирчихжээ гэсэн санаа. Мана уулаа алдсан маань хохирол мөн. Гэвч Халх голын дайнаас Монгол улс тусгаар тогтнолоо авч үлдэх өргөн боломжийг олж авсан маань том хожил. Ерөнхий дүнгээрээ бид хожсон. Манжуур хийгээд Өвөрмонголын зүүн хойт хэсгийг бүхэлд нь хамарсан 1,5 сая гаруй км хавтгай талбай бүхий уудам, баялаг газар нутгийг дээвэр туурган доороо нэгтгэсэн Хятад том хожсон. Харин том хохирсон нь манж нар. Хэрвээ бид Японыг дагаж, Нармай монгол улс байгуулчихсан байсан аваас өдгөө зүүд зэрэглээ шиг, хөөс шиг санагдах болсон Манж-Го улсын гашуун хувь тавилан биднээс тойрохгүй. Мөн цаг үедээ Японы ивээлд ороод, Тусгаар болоод авахыг оролдсон, хамжлагаасаа салахын хүсээгүй Дэ вангийн болон өвөрлөгч Монголчуудын маань эмгэнэлт түүх ч гашуун, мартаж боломгүй сургамж. Манай Данзан нарын саналаар явсан бол юу болж дуусах байсныг МанжГо, Дэ Ван хоёрын түүх харуулна.
    80 орчим улс орнууд татагдан орсон, 110 сая хүн зэвсэг барин биесийнхээ өөдөөс буудаж, 70 саяыгаа нухаж орхисон Дэлхийн II дайн болоод түүний өмнөх, хойнох цаг үе бол буурай нь байтугай бузгай гайгүй нь хүртэл Тусгаар тогтнолоо хамгаалахад хэцүү, ээдрээ будлиантай, улс орнуудын хувь заяа цөөхөн хэдэн их гүрнүүдийн дохио зангаагаар өөрчлөгдөж байсан эвгүй цаг үе байв. Тийм нөхцөлд 80 мянган ламтай атлаа 12 мянган цэрэгтэй, дэд бүтэц, аж үйлдвэр, боловсролын системийн сураг ч байхгүй монгол орны хувьд Швейцарь лугаа адил дундыг бариад хөгжчих боломж бараг 00 хувьтай, ялангуяа хятадын ховдог санаархлын ид оргил цаг үед бүр ч боломжгүй байв. Өнгөрсөн зуунд дэлхийг 2 хуваасан хүчирхэг системийн хуваагдлын гадуур, тэр дундаа үйл явдлын, нөлөөллийн бүсд буй Монгол орны хувьд соц системийн хүрээ, нөлөөлөлд орохоос өөр сонголт, зам байсан гэж үү? АНУ-ын монголч эрдэмтэн Христофер Этвүүд “Монголчууд тэнгэрээс удирдлагатай юм шиг, үйл хэрэг нь цаагуураа зөв байгаад байдаг” хэмээн ярьж байсныг чихээрээ сонсож суусан билээ. Хэдий 37 мянган ламаа хядуулсан ч, хэдий ЗХУ-ын нөлөөнд байж, Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүртдэг байсан ч, хэдий Баабарын логикоор бол “ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол” болсон ч, хэдий материалист үзэлд тулгагдан үндэснийхээ өв соёл, танин мэдэхүйгээс нэлээд хөндийрсөн ч XX зууны Монголын түүх нь бүхэлдээ зөв чигтэй явж ирсэн. Үр дүн нь өнөөдрийн сайн муу ч, хэрүүл тэмцэлтэй ч тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс. Төлбөргүй юм гэж байдаггүй, ялангуяа Тусгаар тогтнол бол хамгийн өндөр үнээр олддог, хамгийн эрхэм зүйл. Бид төлбөрөө ч хангалттай төлсөн. “Эрхэмлэж яваарай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та бүхэн үлдээлээ” хэмээн итгэл төгс үлдээж чадсан өмнөх үеийнхний алдаа оноотой ч эрмэлзэл тэмцлийн утга учир үнэ цэнтэйгээ байгаа. Харин цаашид хэрхэхийг зөвхөн бидний эрүүл ухаан, зүрх сэтгэл шийдэх болно.
    Зарим хэрэгт өвс мэт бөхийсөн ч зарим хэрэг уул мэт бат сууж чадсан, алдаж оносон ч авч үлдэхээ аваад үлдэж чадсан цөлх ухаантай өмнөх үеийнхнийхээ өмнө хүндэтгэн мэхийсү.
    Б.Номинчимэд
    /Жич: Баабарын уг нийтлэлд 1932 оны үйл явдлын Иргэний дайн хэмээн бичсэн байгаа. Бас л нэг хэтийдсэн туйлшрал. Яагаад ? Яагаад ? гэдэг талаар дараагийн нийтлэлдээ бичие/
    .
    Зураг: Манжуур Японы хуурай замын цэргийн Алс Дорнодод хийх цэрэг дайны төлөвлөгөө. 1941 он.
    Баасангийн Наминчимэд
    2019.08.16 ·

  • “Өвчний 90 хувь нь алхсанаар эдгэнэ” Нагао Казухиро гэх япон эмч бичжээ.

    Мөн хүнтэй хамт, эсвэл нохойгоо дагуулж алхвал окситоцин буюу хайрын даавар ялгарна. Хайрын даавар нэмэгдэхэд аз жаргалын даавар дагаад нэмэгдэнэ гэнэ.
    Хүн хөгшрөх тусам, ядрах тусам, өвдөх тусмаа алх. Сэтгэл гутрал, нойргүйдэл, ой санамж муудах, хавдар, чихрийн шижин, даралт ихсэх, үе мөчний өвчнийг даван гарах хүч алхалтаас эхэлнэ.
    Алхахын ач тус маш их:
    1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
    2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
    3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдлийг багасгана.
    4. Холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
    5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдлийг багасгана.
    6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.
    7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
    8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)
    9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
    10. Нойронд сайн болж стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэг тустай байх нь.

  • ХҮННҮГИЙН ҮЕИЙН ЦЭРГИЙН СУРАН БҮС

    Хүннү нар эртний нүүдэлчдийн нэгэн адил янз бүрийн бүс хэрэглэж байсан бөгөөд Өвөр Байгаль, Монгол, Умард Хятадын нутгаас их төлөв амьтны загварт урлагийн хэв маягаар хийсэн хүрэл ялтас, товруу, арал гэх мэт зүйлс цөөнгүй олдсон байна (Коновалов 1976, Давыдова 1995, Jenny and Emma 1995).
    Монголд явуулсан археологийн малталт судалгаагаар дээрхийн ижил цөөн тооны эд өлөг олдсон боловч ямар нэг чимэглэл. малгайн чимэглэл, пайз гэх мэтээр тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүрэл төмөр яс болон үнэт чулуу занар зэргээр хийсэн энгийн ба нарийн хийц маягтай бүсний тоног, чимэглэл дурдсан нутгуудаас опдсон ажээ.
    Энэхүү суран бүсийг 2012 онд Булган аймгийн Дашинчилэн сумын “Элст Ар’ хэмээх Хүннүгийн бүлэг оршуулгын газраас Монгол цэргийн музейн археологчид олж музейн сан хөмрөгийн цуглуулгад авчээ.

  • ТОРОЙ БАНДИ ГЭЖ ХЭН БАЙВ?!

    Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь “Торойгоос авсан” гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Торой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Торой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди “Төрийн бөөс” хэмээн алдаршсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад “Торой өгсөн” “Торойгоос авсан” гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.
    Домог хоёр.
    Торой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжтайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэргүүд нэхэн хөөсөн гэнэ. Торой банди баригдахгүйн тулд зугтаасаар л байж. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ.
    Торой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч мөн самбаатай эрс хойно, хэдийнээ мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад ихэд мэргэжсэн бололтой. Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ.
    Гэтэл моринд сайн, арга самбаатай Торой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ. Ийнхүү цагдаа нарын мэргэн гэсэн арга нь Торойн хэцүүг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн буугаад л бас нэхэж гэнэ. Нэхээд нэхээд яахав дээ!
    Торой банди бараа сураггүй арилж өгчээ! Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд “Торойн зам” хэмээн нэрлэдэг.
    Домог гурав.
    Торой банди бас нэгэн удаа арван тавны цагдаад мөн л хөөгдөж байв. Торой банди цагдаа нараас зугтсаар байгаад мориных нь хурд хүч муудсан гэнэ. Цагдаа нар ч гүйцэхээр ойртжээ. Гэтэл самбаатай сэргэлэн Торой банди их элсэнд ороод мориныхоо эмээлийг авч чөдөрлөж орхиод хэсэг үхэр байснаас нэгийг барьж унаад дээлээ эргүүлж өмсөөд цагдаа нарыг өөдөөс явж гэнэ.
    Гэтэл цагдаа нар түүнтэй уулзаад “Торой аль зүг рүү гарав” хэмээн асуужээ. Торой хариуд нь “аа? Бүү мэд! Тоорой ч юм уу? Хэн ч юм бэ? бүү мэд, нэг ядарсан морьтой хүн урагшаа явж гарсан, тэр гүдгэрийн араар саяхан орлоо гээд алсыг заачихаад явчихсан” гэнэ.
    Цагдаа нар одоохон Торойг барих минь гээд зөрөөд л ум хумгүй давхиж одоцгоожээ. Торой банди цагдаа нарыг тэгж хуурч өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан явжээ. Цагдаа нар үхэр унасан хүний зааснаар яваад яваад юу ч олсонгүй, бараа ч харсангүй тэр ч байтугай мөр ч олж үзсэнгүй гэнэ.
    Тэд хуурагдсанаа мэдээд түрүүчийн газраа ирэхэд үхрээс өөр юм байсангүй. Ингээд орой болж нар жаргаад цагдаа нар буцаж Торой банди тэднээс мултарч чаджээ.
    Домог дөрөв.
    Торой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Торой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ. Бас энэ нүхний мухрыг нь үзээгүй байгаа.
    Ийм л хоёр юм чаддаггүй улс даа гэж хэлэв. Ингээд Торой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье!
    Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхөөд явчихна. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдоггүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад энгэр цээжиндээ дүүртэл нохой боорлож, сандрахдаа “чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ.
    Морь нь эмээлтэйгээ эзэн Торойдоо давхиад ирж, Торой ч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ.
    Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж сууж гэнэ. Ээ зайлуул! Тэгэлгүй яахав!? Ноёнтонд хоол унд орон байр… гээд их л хал болж байна гэнэ. “Ноён” /Торой/- тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж.
    Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. “Ноёнтон” дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад өөрөө, унтаа мэт байсан чинь өглөө сүйд майд болжээ. “Ноёны морь алга”, “хулгайч алга”, “мөнгө алга” хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй болж дээ!
    Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Торой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.
    Домог тав.
    Хүрэхгүй, очихгүй газар үгүй байсан Торой банди өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр, хэтээ болгоолгох бололтой говийн их мэргэн ноён хутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход Ноён хутагт “Шагайт” зооглон сууж байсанд Торой мэнд амрыг нь асуун суужээ.
    Гэтэл ноён хутагт Торойгоос үг ч хүлээлгүй, “Шагайт”-ынхаа шагайг мулт мушгаад нэг хоёр орхитол “морь” босчээ. Ноён хутагт тэр морио “морь” чигт нь Торойд үг хэлэлгүй өгөөд санасанчилан уншлага залбирал үйлджээ. Түүнийг нь аваад Торой энэ мэргэн хутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хийморь чинь дэлгэрнэ. Морьтой нөхөрлө, морь чиний хань гэсэн айлтгал байна гэж ухаараад буцсан гэдэг..

    Ganzorig Chuluunbor

  • XX ЗУУНЫ БАРУУН МОНГОЛЫН ДОМОГТ ХӨВГҮҮД

    Манжийн талхидалаас хагацан салахыг уриалсан Жа лам хэмээх Догшин хутагт Дамбийжанцан, Жалханз хутагт Дамдинбазар нарын уриалгыг Дөрвөд, Баяд, Урианхай, Торгууд, Захчин, Өөлд бүгдээр хүлээн авч түрэн босож Манжийн 150 гаруй жилийн талхидал, дарангуйлалыг халсан түүхтэй. Ховд хотыг бүслэн хааж, Алтайн цаанаас байнга нэмэгдэн ирсэн Хятад цэрэгтэй тулалдсан энэ байлдаанд 3000 гаруй цэрэг эрс оролцсон юм.

    Доор намтрыг нь товч бичиж буй баатар эрсээс гадна заавал дурдах ёстой хүмүүс бий. Энд нэрлэж буй баатрууд чин зориг үзүүлж цэрэг захирч гарамгай амжилт гаргаж байсан бол зарим нь алтан амиа өргөсөн баатар юм. Үүнд

    – Дөрвөдийн Зоригт ханы хошууны мэйрэн Баатар, бэйс Аюурзана,

    -Баядын Ерөөлт засгийн хошууны мэйрэн Нацаг,

    – Дөрвөдийн Далай ханы хошууны тайж Түмэнбадам-Аюурзана, мэйрэн Дагдан, занги Нацагдорж, цэрэг Хөхөлдэй,

    -Баядын дайчин засгийн хошууны Засаг, ван Самданжамцой, залан Эбэй, занги Түвширэх,

    – Баядын Жонон засгийн хошууны занги Надмид, Үйзэн засгийн хошууны залан Бүргэд, Саруул засгийн хошууны тайж Парчин, Сэцэн засгийн хошууны мэйрэн Очир, Эрдэнэ засгийн хошууны занги Мөхөлдөг, Эетэй засгийн хошууны мэйрэн Даваа нарыг онцгойлон нэрлэе.

    Улиастай, Хүрээнд суух Манжийн амбан Монголчуудад бууж өгч нутаг руугаа хөөгдсөн тэр үед ганцхан Ховдод суугаа Манж амбан бууж өгөх нь байтугай “сайн дураар бууж өгч Монгол нутагаас явах”-ыг шаардахаар очсон Торгуудын Төмөржин ноёныг эрүүдэн хороож, гарцаагүй дайн тулаанаар шийдвэрлэх арга замгүй байдалд хүргэсэн билээ. Ийнхүү 1912 оны зуны эхэн сараас эхлэн Ховдын дайн эхэлж, намрын эхэн сард шийдвэрлэх тулалдаан болсон түүхтэй. Баруун Монголын ард олныг өөрийн биеэр үлгэрлэн дагуулсан ноёдуудыг товч танилцуулъя.

    ҮНЭН СҮСЭГТ ЗОРИГТ ХАН СОДНОМЖАНЦОЙ

    Дөрвөдийн хошой чин ван Гомбожавын ахмад хүү, тэрбээр 1880 онд төржээ. Зургааннастайдаа эцгээ залгамжилж 1686 онд Засаг, хошой чин вангийн хэргэм зэргийг хүртжээ. Хар багаасаа төрийн хэрэгт суралцсан тэрбээр 1925 он хүртэл хошууг захирч явжээ. Түүний үед Улаангомын Дэчинравжаалин хийдэд шинэ дацангууд нээгдэж, хүрээ хийд өргөжин тэлж байжээ. Мөн энэ үед хошууны хүн ам өсөж 12 сумтай болов.

    1912 онд Богд хаант Монгол улсад харъяат чуулганы бусад гурванхошууны хамтаар дагаж орох өргөдөл гаргасан тул Үнэн Зоригт хан цол, ханы хэргэм хүртээжээ. 1912онд Ховд хотыг Манжуудаас чөлөөлөх тэмцэлд өөрийн хошуунаас 500 шахам цэрэг удирдан оролцсон төдийгүй өөрийн биеэр хүчин зүтгэж Богд хаанаас хүрэн жолоо, шар торгон өргөмжлөл хүртэж байжээ. Содномжанцой 1912 онд Зоригт ханы хэргэм хүртэж байхдаа 32 настай байжээ.

    Дөрвөдийн хоёр чуулганы хамтарсан их хурал 1921 оны 7-8-р сард хоёр хошууны зааг нутгийн ойролцоо одоогийн Түргэн сумын нутаг Мөстийн бэлчир хэмээх газар хуралдаж, Баруун Монголын ардын засгийн газрыг байгуулахад Зоригт хан Содномжанцой тус засгийн газрын дэд сайдаар тохоогдож байжээ. 1911-12, 1921 оны хувьсгалын үед эх нутгаа харийн цэргээс чөлөөлөх үйлсэд бие сэтгэл, эд хөрөнгөөр хүчин зүтгэж, мөн Чуулган, аймгийг толгойлон удирдаж ирсэн Содномжамцой ханыг судлаж түүхэнд эзлэх байр суурийг нь зохих ёсоор эзлүүлэх ёстой.

    ХАРЛАГ БЭЙС АЮУРЗАНА

    Хошой чин ван Гомбожавын хүү Аюурзана 1883 ондтөрсөн. Чин улсын Бадаргуулт төрийн 27-р он (1901)-д тайж болсон. 1912 онд харъяат аймгийн хан, да жанжин, олон засгуудын хуучин тамгуудыг халж, шинэ тамга цутгуулах, мөнгө хүргэх, бас Богд гэгээнд мөргөхөөр очсон учирт бэйсийн зэрэг хүртжээ.

    Олонд “Харлаг бэйс” хэмээн алдаршсан нь насан багадаа хийдэд шавилж байгаад шар шувталж хар болсонтой холбоотой Сэргэлэн авхаалжтай, эрдэм номтой тайж байв. Өөрийн хөрөнгөөс ядарч зовсон лам, хар олонд өглөг их тараадаг ноён байсан гэлцдэг. Тэрбээр 1913 онд Баруун хязгаарыг тохинуулахын сайдын хамтаар баруун хязгаарыг Хасгууд уугалан түвээсэнд цэрэг авч амжилттай дайтаж байжээ.

    1913 оноос Зоригт ханы хошууны хэргийг эрхлэн шийтгэж, 1920 онд Автономик засгийгсэргээх асуудлаар Бээжинд очсон Монголын төлөөлөгчдийн дунд баруун хязгаарыг төлөөлөн бэйс очиж байв. 1920 онд Ховдын сайдаар тохоон томилогдож байсан. 1921 онд Мөстийн бэлчирт байгуулагдсан Баруун монголын Ардын засгийн газрын дотоод яамны сайдаар томилогдсон. 1922 онд Ховдод суух төлөөний сайдаар Гомбо-Идшин гүн томилогдсоны дараа Аюурзана бэйс Дөрвөдийн баруун чуулганы даргаар тохоогдож байсан байна.

    1923-1924 онууд Монгол улсын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад чөлөө мэдүүлэн уул нутагтаа иржээ. 1928 онд “Дөрвөдийг тусгаарлах гэсэн шар Санжийн хэрэг”-т холбогдон байцаагдаж байгаад 1929 онд нас баржээ. Тэрбээр Орос хийцийн хоёр давхар байшин бариулж байсан нь одоо хүртэл Улаангом хотноо буй. Хоёр давхар байшингийнхаа хажууд хүнсний зориулалт бүхий урт цагаан байшинг ердийн тоосгоор бариулсан байдаг. Хоёр давхар байшинг Богдын өвлийн ордонтой төстэй, хэлбэр хийц нь Европ маягтай, шавар дээвэр, модон тааз, тоосгон ханатай, дээд давхарт гадны зочин гийчин буудаг, нарийн модон вандантай байсан, доод давхарт Хятад маягийн халуун ханзтай, дээд давхарт гадна талаас нь шатаар ордог, Аюурзана бэйс өөрөө хавар, намрын цагт сууж амьдардаг гэх зэргээр судлаачид тодорхойлон бичсэн байна. Дөрвөд аймагт анхны хоршоо байгуулагдахад тэрбээр орон сууцаа өгч байсан мэдээ бий.

    ТӨГС ХҮЛЭГ ДАЛАЙ ХАН ТҮМЭНДЭЛГЭРЖАВ

    Дөрвөд далай хан Галсаннамжилын ахмад хүү. 1874 онд төржээ. 1912 онд Засаг, Төгс хүлэг Далай хан цол залгамжилсан. Бат ерөөлт, үнэн сүсэгт, төгс хөлөг Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржав 1911 оны Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцэлд эрслэн босож, Ховд хотыг чөлөөлөхөд өөрийн хошууны 700 цэргийг удирдан оролцжээ. Үүний учир Богд хаанаас өндөр хэргэм зэрэг шагнуулжээ. 1912-1913 онд Засагт хан аймгийн Дайчин засаг Жалчингомбодоржийн хошуунд нэвтрэн дээрэм тонуул хийж байсан Хасгийн дээрэмчдийг Ховдын сайд Ноён хутагт Дамбийжанцангийн хамтаар 500 шилдэг цэргээ дагуулан очиж бут цохиж байжээ.

    Дөрвөдийн зүүнгарын чуулган (нийт 12 хошуутай)-ыг удирдахын хамт аймгийн хан, хошууны Засаг ноён байж, 1914 оноос 1917 он хүртэл Ховдын хэрэг шийтгэх сайд, 1916 онд Монгол улсын сангийн яамны дэд сайд, 1917-1919 он хүртэл Ховдын сайдын албыг хашиж явжээ. 1921 оны ардын хувьсгалын ялалтыг Баруун Монголд үргэлжлүүлэн тэндээс гадаадын цэргийг хөөхөд хүчин зүтгэл гаргасан хүн юм. 1921 оны 7-р сард Баруун Монголын Ардын засгийн газрыг байгуулж тус Засгийн газар татан буугдтал Ерөнхий сайдаар ажиллаж байв.

    1921-1925 он хүртэл Ховдод сууж хэрэг шийтгэх сайдаар ажиллаж байгаад дараа нь энгийн ардын ёсоор 1937 он хүртэл амьдарчээ.

    1922 Ховд хязгаарыг төвхнүүлэх төлөөний сайд, Жанжин, Хичээнгүй баатарбэйл Магсаржаваас Ардын Засгийн газрын Цэргийн яаманд айлтгасан нэгэн бичгээс түүнийг тухайн үед хэрхэн үнэлж байсныг мэдэж болно. Тус бичигт

    “Дөрвөдийн сайн заяат зүүн гарын сайд Далай хан Түмэндэлгэржав болбоос язгуураас шашин Монголын их хэргийн тул чармайн зүтгэсээр ирсэн бидний улсын нэгэн их гавъяа журамтан мөн. Ялангуяа Ардын эрхт засгийг анхнаа үүсгэн явуулах цагаас төлөөний их түшмэд Дамбадорж, Хасбаатар, Нацов нар лугаа нийтлэн онц тусламжийг үзүүлсэн хэргийн улмаас цагаан намын хулгай нарт баригдан амь бие буснихад хүрч, басхүү албат ард нь нэн бэрхээр зовж зүдэн ардын намын цэрэгт үнэн журмаар тусалсан нь гавъяагүй гэвэл үл болох мэт бөгөөд зүй нь учрыг барж туйлын газраас лавлан тогтоовоос зохихын тулд энэхүү сайдын урьд олгосон хишиг жавшааныг сүүл дор тодорхойлон гаргаж Монгол Ардын Засгийн газарт яаравчлан мэдүүлж явуулаад хүрмэгц байцаан томилж энэ зүйлийн хоцрогдсон гавъяаг илэрхийлэн харъяат сайдыг хууль ёсоор сайшаан хөхүүлбээс болох амой. Үүний тул өргөн илгээв” гэжээ.

  • ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ ИНГЭЖ БҮРДҮҮЛЖЭЭ

     

    Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл буулгаж, оронд нь З.Бат-Отгон гэгч эмэгтэйг сонгохоор болжээ. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө “Эмэгтэй Чингис” хэмээн нэрлэж чадах тийм зоримог, өргөн мэдлэгтэй нэгэн учраас тэр гэнэ. Лав нэг удаа “Мандухай бол эмэгтэй Чингис” хэмээн хэлж сууна лээ. Тэгэхээр тэр маргааш “З.Бат-Отгон би вээр эмэгтэй Чингис мөн билээ” хэмээн хэлж чадна. Ингэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биш З.Бат-Отгон болой. Гэхдээ З.Бат-Отгонд нэг том өрсөлдөгч бий. Тэр нь зохиолч Н.Нагаанбуу. Тэрээр Чингисийн төрсөн өдрийг тогтоож, бараг би төрсөн хүүхэд нь гэж хэлэхээ шахсан. Үүнээс нь харвал Н.Нагаанбууд Чингисийн алтан ургийн сүүлчийн хаан болох хүсэл байх нь дамжиггүй. Тэгэхээр энэ хоёр эрхэм “тэнгэрт хоёр нар байдаггүйтэй адил Монголд хоёр хаан байх учиргүй” хэмээн хэн нэгнийгээ хөнөөж магадгүй. Эсвэл шинэ цагийн ёсоор өрсөлдөж болох юм. Гэхдээ л сонгуульдаж энэ тэр болж, мөнгө гарздахгүй, шууд нэгнийхээ нурууг хугалаад хаячихна биз дээ. Магадгүй, томоохон тохироо хийж, нэг нь Ерөнхийлөгчөөр үлдэж нөгөө нь Засгийн газарт дээгүүр морилох магадлал бий.
    Эх сурвалжийн хэлж байгаагаар хамгийн маргаантай салбар нь эрүүл мэнд. Тиймээс Эрүүл мэндийн сайдад бараг л монголын өрх бүрээс нэг хүн өрсөлдөж буй бололтой. Яагаад гэхээр бүгд л хүн анагаадаг, босгодог ид шидтэнгүүд учраас энэ салбарынхаа сайдыг өөр зарчмаар тодруулах юм гэсэн.
    Харин мань фортуна Н.Батбаяр “би ч гэсэн ид шидтэй, тэнгэрийн амьтан. Тэгэхээр энэ засагт би хэрэгтэй” хэмээн дайрч байгаа аж. Гэтэл цаадуул нь энэ Н.Батбаяр ханаж цадтлаа идэж уусан. Яасан хахаж үхдэггүй дурак вэ. Сүүлдээ бүр биднийхээ нэрийг бариад хүртэл идэж уудаг болжээ. Яасан ч чамайг засгийн хаалгаар шагайлгахгүй. Харин Төрийн ордны хамгаалалтын албаны даргаар үлдвэл үлд, эс чадвал зайл гэсэн аж. Нөгөө талаас Эдийн засгийн хөгжлийн шинэхэн сайдаар томилогдоод байгаа “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл “Яахав, хөөрхий сайд байсан хүнийг ядахад яаманд жолоочоор боловч үлдээж болохгүй юу” гэхэд Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч П.Давааням “ийм зүйл ярих юм бол чи өөрөө манай засгаас зайлаарай. Наад фортунаг чинь шоронд хийхгүй үлдээж байгаа нь их юм шүү” хэмээн заналхийлсэн байх юм. Ерөөсөө энэ шинээр байгуулагдах Засгийн газарт найдах нь зөв хэмээн хүмүүс үзэж байна. Өдгөөгийн Засгийн газарт мөнгө тогтоодог, далладаг нэг ч сайд байхгүй, бүгд өөрсдөө идэж ууна. Энэ Засгийн газарт өвчин анагаадаг нэг ч сайд байхгүй. Тэгээд сүнс судалдаг, хорт хавдар эдгээдэг, сүнстэй ярилцдаг ямар сайд хаана байгаа юм. Тэгэхээр л ард түмэн шинээр байгуулагдаж буй Засгийн газарт итгэсэн хэрэг. Ингээд шинэ Ерөнхийлөгч болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Тэдний ирүүлсэн мэдээллийн дагуу шүү дээ. Хараахан өдгөө зарим сайдаа тодруулж чадаагүй бололтой юм. Өдгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд арваад сайдын нэрсийг тодруулчихсан байна лээ.
    1.Монгол Улсын Ерөнхийлөгч-З.Бат-Отгон /Хас гурвалжин ТББ-ын тэргүүн/
    2.Ерөнхий сайд- П.Давааням /Чингис хаан академийн тэргүүн Ерөнхийлөгч/
    3.Шадар сайд-Н.Нагаанбуу /түүхч зохиолч/
    4.Эдийн засгийн хөгжлийн сайд- Г.Оюунгэрэл /Орифлэймийн/
    5.Сангийн сайд-Б.Сарандаваа /Монгол аура төвийн тэргүүн/
    6.Соёл спорт аялал жуулчлалын сайд- Ш.Сүхбат /Голомт төвийн тэргүүн/
    7.Боловсрол шинжлэх ухааны сайд-Д.Одгэрэл /Сүнс судлаач, зураач/
    8.Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд- Д.Бямбадорж /Төрийн зайран/
    9.Хууль зүйн сайд- Г. Өлзийхутаг /Бөө судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч, Дэлхийн шашин судлалын салбарын шинжлэх ухааны доктор, Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн зайран/

    С. Баяр

  • МБНЭ-ИЙН САР ШИНИЙ ЗОЛГОЛТ БОЛЛОО.

    Согтууруулагч хэмээх Хөхөгчин хонь жилийн шиний таваны билэгт сайн өдөр МБНЭ-ийн сар шиний золголт болж өнгөрлөө. Уламжлал болсон золголтонд маань үндэсний хувцасаараа гоёсон бөө зайран, удган нар маань үгийн сайхныг хэлэлцэж ерөөлийн дээдээр золгон мэдчиллээ. Сар шиний золголт дээр маань Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичигээр 5 хүн шагнагдсан нь баяр дээр маань улам их баярыг нэмсэн үйл явдал боллоо. Ирж байгаа хонин жил бөө нарын хувьд шагналын хур бууж эхлэж байгаа нь билэгшээлтэй байна. МБНЭ-ийн гишүүн бөө нараас нийт 3 хүн төрийн их шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Энэ тухай мэдээллийг удахгүй бид та бүхэндээ хүргэх болно.
    Мөн энэ жилийн бас нэг онцлог зүйл бол Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр МБНЭ-ийн бөө нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авсан явдал байлаа.

     

    djmedia:501
  • ГАЛ ГОЛОМТЫН ТАХИЛГА, ЭЗЭН ТЭНГЭР

     

    “…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заяасан гал, галайхан ээждээ
    Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

    Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

    Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

    Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

    Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

    Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

    Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

    Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

    Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

    Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

    Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

    Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

    Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.