Author: admin_shaman

  • ХЯТАД ХҮН МОНГОЛ ЭХНЭР АВАХЫГ ХОРИГЛОСОН ТУХАЙ ХУУЛЬ, ТҮҮНИЙГ МЭДЭГДЭЖ ЗАРЛАСАН БИЧИГ

     

    Гадаад монголын төрийг засах явдлын яамны бичиг. Халхын Сайн ноён аймгийн хамаарсан чуулганы дарга төрийн жүн ван Дэмчигжав нарт тушаан илгээв.

    Явуулахын учир. Манай журганаас айлтгасан нь. Зарлигийг дагаж хэлэлцээд айлтгахын учир.

    Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын шинийн тавнаа цэргийн тухайн газраас хуулж гаргасан Халхын ван Цэвэгжавын нутгийн хэргийг шийтгэж илгээв.

    Улиастайн хэбэй сайд Юнбүүгийн газраас монгол газарт хоргодож суусан иргэдийн байдал дүрсийг хянан үзэж, иргэд монгол эм авах явдлыг чангалан цаазалж урьд нэгэнт авсаныг нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж цөм дараа дараагаар аваачуулахаас гадна, үүнээс урагш жич зорин явж зоргоор авах нь буй бөгөөс иргэдийг ямар мэт хүнд ял тогтоох, харъяат засаг монголыг хэрхэх ял болгох явдлыг журганд тушаан илэрхийлж, нэг хууль тогтоож дотоод, гадаад засагт нийтээр явуулж, үүрд дагаж явуулах ажаамуу хэмээн Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын шинийн дөрөвнөө айлтгасан нь.

    Зарлиг монгол журган хэлэлцээд айлтгагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хуулж журганд хүрч иржээ. Түшмэл манай хэлэлцсэн нь. Юнбүүгийн газраас Халхын дөрвөн аймаг, дотоод газраас баахан хол, энгийн учир хэрэглэх цай тамхи бүсийн зэрэг юм зүйл цөм худалдаа гүйлгээ ардад итгэж даамжиран авч ирээд арилжиж хэрэглэмой.

    Үүнд язгуураас одоо болтол тасралгүй хойш урагш явсаар маш жил удав. Үүний дотор харилцан төлөөсөлж авсан юм зүйлийн өр жил жилийн шинэ хуучин залгалдаж татлаж цугларсаар нэг цагт хэрхэвчээр хямдын тодорхойлон үл чадахын учир.

    Иргэд монгол газарт суусаар өр авах нь буй бөгөөд монгол иргэн харилцан боловсон учирт зарим нь эм үгүй иргэн хоёр этгээд дуртайг үзэж бас монгол эмийг эм болгож авч улам улмаар өрх хөрөнгө байгуулж хөвгүүд ач нар төрж биеээ татуулж эл хөтлөн чадахгүй даруй монгол газарт хоргодож суусан нь бас ч маш олон.

    Тэнгэрийн тэтгэсний тавин хоёрдугаар он.

    Журганаас иргэн Цой Мин Лиян монгол эмийг алба хэрэгт эдүгээ дотоод гадаад нэг гэр, иргэн монгол цөм нэг адил монгол цаазын бичгийн дотор, иргэд монгол эмийг эм болгож авахыг цаазласан нэг зүйлийн хуулийг айлтгаж хассан учирт түүнээс эл цаазласангүй иргэд илэрхий монголчууд эмийг эм болгож авч явсан нь эл олон болсон гагцхүү авсан хойно хөвгүүд ач нар аж төрж хөвгүүд эмийг эсвээс иргэдийн дураар уг газарт аваачуулах эсвээс үл аваачуулах хэрхэх болгох явдлыг огт илэрхийлж хууль тогтоосонгүйн тул иргэд монгол эмийг авсаны хойно цөм аймшиггүй дотор газарт аваачихгүй хагацаж үл чадахуйд даруй төрсөн хөвгүүд ач нарыг хамтаар монгол газарт суусаар хоёр гурван үе нь цөм буй.

    Үүнд нэгэнд өрийн учир хоргодож сууж, нэгэнд харин хөвгүүд эмийн учир биеэ татуулж хойш буцаж үл чадах нь их дундуур буй.

    Боолын мунхаг санаанд монгол газарт хоргодож суусан иргэн олон болсоны хойно дараа дараагаар хөөж шийтгэх будилиан болохоос харин ч тэдний хоргодож суух учрыг хянан илэрхийлж хууль тогтоон дагаж явуулж өөрсдөө удаж хоргодож суухуйд хүргүүлэхгүй болгож шийтгэвээс монгол иргэн хоёр этгээд цөм тус бүхүй мэт байцааваас.

    Эдүгээ дотоод гадаад нэг гэр монгол иргэн цөм нэг адил. Богд эзний албат иргэд монгол эмийг эм болгож авахыг цаазлахгүй тэдний дуртай өгөх авахуйн тулд авсан хойно чингэж зүй нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж хөвгүүд эмийг хамтаар иргэний дураар аваачуулваас болох явдлыг илэрхийлж хууль тогтоон ухуулахуйд тэдний өчнөөн яс махыг далбаруулахуйд үл хүрэх бөгөөд, хоргодож суусан нь өөрсдөө цөөн болмой.

    Үгүй болвоос үүнээс урагш иргэд монгол эм авах явдлыг чангалан цаазлаад урьд нэгэнт авсаныг нь тэдний хоёр этгээд дуртайг үзэж цөм дараа дараагаар аваачуулахаас гадна жич зорин явж зоргоор авсан нь буй бөгөөс иргэдийг ямар мэт хүнд ял тогтоох харъяат засаг монголыг хэрхэх ял болгох явдлыг цаазлаж нэг хууль тогтоож үүрд дагаж явуулбаас үүнээс хоргодож суусан нь бас ч өөрсдөө улам улмаар цөөхний тул, хоёрд цөм тус болох мэт нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг гуйх нь.

    Богд эзэн гэгээний толилж журганд тушааж хэрхэх болговоос зохих явдлыг илэрхийлж нэг хууль тогтоож дотоод гадаадад нийтээр явуулж үүрд дагаж явуулах ажаамуу хэмээн айлтгажээ.

    Байцааваас тогтоосон хуульд: Иргэн монгол эм авах явдлыг чандалан цаазламой. Гагцхүү Тэнгэрийн тэтгэсний тавин хоёрдугаар он Шүүх явдлын яамнаас иргэн Цой Мин Лиян монгол эмийг алба хэрэгт хэлэлцэж, монгол цаазын бичигт иргэн нар монгол эмийг эм болгож авахыг цаазласан нэг зүйлийн хуулийг айлтгаж хассан учирт.

    Үүнээс цаазлах хууль зүйлгүйд иргэн нар илэрхий монгол эмийг эм болгож авч, хөвгүүд ач нар төрж үе улиран монгол газарт хоргодож, тэдний яс махыг талбараж үл чадахад хүргүүлжээ.

    Эдүгээгээс хэрэв хууль тогтоож үл цаазлах болвоос иргэд монгол газарт хоргодож суусан нь улам улмаар эл олонд хүрээд, тариа тарьж худалдаж бүхүйд зальт зусар иргэд зүйл зүйлээр арга зохиогоод монголчуудын мал адуулж аж төрөх хуучин ёсыг хохируулж хойч өдөр мэхлэн хөөж нэхүүлэвч магадын будилиан аж төрөхөө бодож, иргэд сууж одоод бас нүүж үл чадах явдал буй.

    Эдүгээ Юнбүүгийн хуульчилан айлтгасан иргэд монгол эм авах явдлыг мөнхүү хуучин ёсоор цаазлах нэгэн зүйлийг хянаваас урьд айлтгаж цаазлах хуулийг хассанаас иргэн монгол эм авах нь эл олонд хүржээ.

    Зүй нь хуучин ёсоор хуулийг дахиулваас зохихын тулд амбан бат олдвоос үүнээс урагш иргэд монгол эм авах явдлыг мөнхүү хууль ёсоор чангалан цаазалж урьд нэгэнт авсаныг нь бас ч Юнбүүгийн айлтгасан ёсоор тэдний хоёр этгээдийн дуртайг үзэж цөм дараа дараагаар уг нутагт авчруулсугай.

    Гагцхүү цаазласан хойно басхүү зоргоор монгол эмийг авах нь буй бөгөөс бусад хүнд заалдаж гаргасны хойно нэгэнт авсан эмийг ховхоруулж төрхөмд тушааж эргэж эм өгсөн хүнийг гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсэний хойно зуун ташуур ташуурдаж, хуулийг зөрсөн иргэнийг бас ч гурван сарын дөнгө өмсүүлж өдөр дүүрсэний хойно зуун ташуур ташуурдаж таалуулан уг нутагт илгээсүгэй.

    Монгол эмийн харъяат тайжийг гурван есний мал торгож, байцаахыг алдасан харъяат засгийг зургаан сарын пүнлүү хасаад цээрлэл үзүүлсүгэй. Хэрэв харъяат засаг тайж бие байцааж гаргаваас ял хэлэлцэхийг хэлтэрүүлсүгэй.

    Нийлэлцэх үл нийлэлцэх явдлыг зарлиг буулгасны хойно дотоод засгийн зургаан чуулган Халхын дөрвөн аймагт нийтээр тушаан явуулж нэг адил дагаж явуулахаас гадна, үүнийг мөнхүү монгол цаазын бичигт оруулж тогтоосон хууль болгож үүрд дагаж явуулсугай хэмээмой. Үүний тул хичээнгүйлэн айлтгав.

    Зарлигийг гуймой хэмээн Сайшаалт Ерөөлтийн зургадугаар он намрын тэргүүн сарын хориноо айлтгасанд. Зарлиг хэлэлцсэн ёсоор болго хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг Халхын Сайн ноён аймгийн хамаарсан чуулганы дарга Төрийн Жүн ван Дэмчигжавд тушаан илгээв. Сайшаалт ерөөлтийн зургадугаар он намрын дундад сарын шинийн долооноо.

    Түүхийн Баримтын Төв
    Ө.Оюун-Эрдэнэ

  • МОНГОЛЫН ХИТАН ГҮРЭНИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЕЛЮЙ АБАУЖИ ХААНЫ ЗАРЛИГ: (876-926)

    “Би нангиад хэлээр ярьж чадамой. Гэвч миний хитан ард түмэн байгаа цагт би хэзээ ч тэр хэлээр ярих ёсгүй. Хитаны ард түмэн нангиадуудыг дуурайж, аажим аажимаар энэ нь нэмэгдэх болуузай гэхээс би айна”.
    Елюй Абаужи хаан Умард Хятадыг байлдан дагуулж Хитан гүрэнийг үндэслэсэн юм.
    МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГЭЭ ХАЙРЛАЦГААЯ.

    БОДОНГУУД ДӨШ

  • Далдын хар хүч шүглэсэн газарт дандаа хүмүүс эрсддэг

    1941 оны зун буюу зургаадугаар сард Зөвлөлтийн эрдэмтдийн экспедиц Узбекийн Самаркандын нутгаас эртний баатрын булш олсон нь Тамерлан хэмээгдсэн Төмөр хааных байжээ. Монгол гаралтай “доголон” Төмөр хааныг асар харгис, догшин хүн байсан гэх яриа бий. 1941 оны зургаадугаар сарын 19- ний шөнө Төмөр хааны булшийг задлахад Самарканд хотын өвгөд хөгшид ихэд цээрлэн сэжиглэж, “Төмөрийн булшийг битгий хөндөөч, аймаар юм болно” хэмээн гуйсан байна. Гэвч тэдний гуйлтыг хэн ч сонсоогүй бөгөөд яг хоёр шөнийн дараа Германы цэрэг Зөвлөлтийг нутаг руу халдан дайрч дөрвөн жил үргэлжилсэн аймшигт их дайн дэгдсэн аж. Үүнийг узбекууд Төмөр хааны хараал хүрч дайн гарсан хэмээн үздэг бөгөөд энэ нь цаг хугацааны тохиолдол гэсэн дүгнэлтийг хүлээн авдаггүй гэнэ.

    Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Чингис хааны хэрмэн зам бий. Бас Японы эсрэг дайтахад ухаж зэхсэн цэргийн окопууд зөндөө байдаг. Тийм нэгэн окопноос эмэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хүчиндээд амийг нь хөнөөсөн гэж ярьцгаадаг ч тэр хэн байсан нь мэдэгдээгүй гэдэг юм. Яг тэр үхдэл олдсон окопны хавьд Сүхбаатар аймгийн хоёр эр тарвагачилсан байдаг. Тээврийн тэрэгтэй тэдгээр эрс зөвхөн тарвагчлах гэж тэнд очоогүй нь лав. Бэр гуйх гэж ирээгүй гэлцдэг. Ямартаа ч жанжны нутгийн залуус байсан аж. Машины ноймор нь Сү гэхээр тодорхой. Тэд тааруухан анчид байсан уу мөнөөх окопны хажууд тарваганы нүх ухсан байдаг юм. Ус цутгалгүй зүгээр л хүрздээд, хагалаад окоп хүртэл төнхсөн байна. Гайхалтай нь, тэндээс тарвага гарсан эсэх нь мэдэгддэггүй. Ямартаа ч тэднүүс тарвага идээгүй нь тодорхой байлаа.

    Хамгийн хачирхалтай нь мөнөөх хоёр гийчин хоёулаа ухсан нүхэн дээрээ дамналдаад нас барсан байхад нь хүн олжээ. Ямар шалтгаанаар үхсэн нь ч мэдэгдээгүй. Хэн нэгэнд хорлогдов уу гэхээр биен дээр нь ямар ч ил шарх, сорви байсангүй. Хүмүүсийн ярилцсанаар тэднийг лус савдгийн хорлолд өртөв үү гэсэн байна. Яагаад гэхээр болохгүй өдөр, цагт газар хөндсөнөөс юм уу эсвэл тэр нутгийн савдгийн элч болсон тарвагачны нүхийг ухаж төнхөж, саад тээр болсноос хорлогдсон гэсэн яриа гарсан юм. Түүнээс хэдэн жилийн дараа яг тэр окопны нүхэнд малчин өвгөн мориноосоо унаад өнгөрсөн үү, гэнэт бие нь өвдөж нас барсан уу, тийм нэгэн явдал болжээ. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь эдний аль нь ч биш байжээ. Хөвсгөл нутгаас дорнын тал нутагт малчин болохоор нүүж ирсэн таван ам бүлтэй айл яг мөнөөх окоп, ухсан нүхний дэргэд буудаллан хоноглоод газар дээрээ цөм өнгөрчихсөн гэх яриа бий. Тэр шөнө ямар нэг салхи шуурга бүү хэл бороо цас ороогүй, маш нам гүм сайхан тогтуун өдөр байжээ. Харин энд нэг сонин яриа түгсэн нь сайхь шөнө галт тэргээр явсан ганцхан хүний нойр хулжсан тул цонхоор харанхуй талыг ажаад явж байтал эзгүй харанхуйн буйдаас жигтэйхэн тод ногоон гэрэл туяарч улмаар тэрхүү гэгээн дотроос амаа арзайж, соёо шүдээ ярзайлгасан үлгэрийн бирд шиг амьтан тамхины утаа шиг суунаглаж байснаа гэв гэнэт замхран ууссан гэнэ. Энэ ярианд үнэмшиж итгэсэн хүмүүс олон бус боловч нээрэн тийм байсан бол яахав гэж эргэлзэгсэд нь илүү элбэг байсан юм.

    Хамгаас хачирхмаар нь бүсгүй хүний цогцос олдсон байлдааны окоп нүх нэг л өдөр шороогоор битүүлэгдсэн байсан гэх бөгөөд ойр хавиар нь машин тэрэгний дугуйны мөр гараагүй байсан гэдэг юм. Харин түүнээс хотын тэр хавиар явсан хэнд ч ахин аюул эрсдэл тохиолдохгүй болсон байдаг. Сүүлд нэгэн бөөгийн хэлснээр бол бусдын хүчирхийлэлд өртсөн бүсгүй хараасан учраас тэр жатга зүхлийн хар хүч зөвхөн энүүхэн орчингоороо тэнүүчлэн оршоод өөртөө ойртож дөхсөн бүхний аминд хүрчээ гэж өгүүлсэн байна. Тэгэхдээ окопны нүх яагаад өвлийн улиралд гэнэт хар шороогоор битүүлэгдсэний учрыг мөнөөх бөө “далдын хүч” хэмээсэн гэх юм билээ.
    Эх сурвалж wikimon.mn

  • СҮНСНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ,

    Тухайлбал хүний дүрсгүй бие болох сүнс нь огторгуйд урган хүний төрөл олохдоо хар зурхайн ёсны мэлхийн биеийн баруун хойд зүгээс эхийн хэвлийн зүүн өндгөвчинд урсан орж ирээд тэндээс эргэлдэн улмаар баруун өндгөвч баруун бөөрийг энхрийлэн түшиж дүрс орон хүн үүсэж эхэлдэг гэж үздэг. Монголчууд үүнийг хий нас хэмээн нэрлэдэг. Бас хүний насны наран жаргах үед мэлхийн биений баруун хойд зүгт сүнс огторгуйд урган орж ирээд эргэлдэн наран ургах зүг модон махбодид оюуны сүнс огторгуйд дэгдэнэ гэж тайлбарласан байна.

    Сүнснээс хүний бие биежин бүтэхдээ эцгийн цагаан дусал эхийн улаан дусалтай шим лугаа нэгдэн таван махбодиос цогцлон бүрэлддэг байна. Сүнсэнд итгэх итгэл /анимизм/ монголын нийгмийн зэрэг дэв, түүний олон янз байдалд зохицсон нэн гүнзгий, ихэд төгөлдөржсөн байжээ. Монголын бөөгийн шашин бол хүний хойд нас, там, диваажингийн тухай ухагдахуун биш. Үхэхэд хүний сүнс хүүрнээсээ зөнгөөрөө салж гараад бусад амьтны сүнсүүдийн дунд нийгмийн байгууламжтайгаа хамт оршдог гэж бөө нар үздэг юм.

    Өрхийн тэргүүлэгч нас баржээ гэхэд сүнс нь өрх гэрээ сахиж, том язгууртан өөд болжээ гэхэд сүнс нь өөрийнхөө овгийг сахиж үлдэх, анчин хүний сүнс бас амьтны сүнс агнаад л явж байх жишээтэй. Дайн, энхийн хоёр сахиусанд хувь заяагаа даатгасан монгол хүн бүгдээрээ эзний цагаан сүлдэнд залбирч мөргөдөг. Сүнсэнд итгэх итгэл яв явсаар амьтан төдийгүй, амьгүй эд юмс ч эзэн сүнстэй гэж үзэхэд хүргэж байв. Орон дэлхий эзэн савдагтай тул уулын овоонд чулуу нэмж, тахил өргөж, хүндэтгэл үзүүлэн аргадах ёстой болдог байна. Чингэхээр аливаа юмс бүрмөсөн алга болохгүй. Хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг багаж зэмсэг, гал тогооны хэрэглэл ч мөн зүйлийг эзэнтэй гэдэг. Юм бүхэн эзэнтэй гэж монгол бөөгийн шашин үздэг. Санамсаргүй алдаж унагаад ч юм уу амсрыг нь эмтэлсэн, цав суулгасан аяганы сүнс зайлсан байж болох тул тийм зүйл зочинд барих нь муу ёрын хэрэг болно. Тиймээс өөрийн нь эд юмсын сүнсийг талийгаачийн сүнснээс төөрүүлчихгүй гэж урьдаар тэдгээрийг эвдэж хэмхэлж сүнсийг нь зайлуулаад эзний нь хүүртэй хамт булж хойлго үйлддэг байжээ. Үүнд, эмэгтэй хүний хүүрийг хугархай хайч, зүү, тэвнэтэй, цэрэг хүнийхийг хугархай сэлэм, нум сумтай нь цуг оршуулж байв. Тэгэхээр талийгаач булш дотроо ч, гадна нь ч өөрийнхөө бүх юмстай дайралддаг гэсэн хийсвэр ойлголт бий болжээ.

    Том язгууртан өөд боллоо гэхэд л бүх юмтай нь хамт оршуулах гэж түүний морь, нохой, зарц шивэгчин нарыг хүртэл алж хойлго үйлддэг тохиол бишгүй байжээ. Үхэл аваачтал сүнс хүний биед оршин байдаг. Харин монгол бөөд хүн зөвхөн ганц сүнстэй биш, зуурдын хоёр, үүрдийн нэг, нийт гурван сүнстэй гэдэг. Тэр гурав нь бөөгийн шашинтны үздэгээр эхээс заяасан “махан бодийн сүнс”, эцгээс шингэсэн “ясны сүнс”, бас “тэнгэр сүнс” буюу “тэнгэр” гэж байдаг. Хүн үхээд хүүр нь өмхөрч ялзарч дуустал “махан бодийн сүнс” цогцостоо л байна. “Ясны сүнс” үхдэлийн сүүжний ясанд хоргодоод түүнийг үрэгдэж үгүй болтол тэндээ л байгаад байх. Харин “тэнгэр сүнс” нь “махан бодийн сүнс”, “ясны сүнс” хоёрыг бүрмөсөн алга болсон цагт сая дэгдэж арилдаг аж.

    Энэ шүтлэгийн үүднээс оршуулгын ёслол онцлог байжээ. Монгол бөөгийн шашинд оршуулгын ёслол үе үед өөр өөр, тус бүр нарийн ялгавартай байсан. Үхдэлийн амьддаа эдэлж хэрэглэж явсан юмсыг хугалж хэмхлээд хүүртэй нь хамт голцуу газар булдаг. Зарим овог аймаг нэртэй, хүндтэй өтгөс бөөгөө таалал төгссөний хойно түүний “тэнгэр сүнс”-ийг гурван жилийн туршид хажуудаа байлгадаг заншилтай байв. Тэгж удахаар цогцос хатаж занданшина. “Махан бодийн сүнс”, “ясны сүнс” байгаад байвал “тэнгэр сүнс” ч тэдэнтэй хамт байгаад байдаг гэж үздэг.

    Монголчууд хүний цогцсыг хатааж занданшуулахаас гадна бас шатааж хайлуулдаг. Энэ аргыг занданшуулахаас илүү элбэг хэрэглэдэг байж. Нэг том ноён өөд боллоо гэхэд түүний овгийн гишүүд бүрлээч тэргүүнгийхээ ивээн тэтгэгч бүх сүнсийг цогцсоос аль болох түргэн салгаж дэгдээхийг бодох тул чингэдэг байжээ. Өөрөөр хэлбэл, “тэнгэр сүнс”-ийг “махан бодийн сүнс”, “ясны сүнс”-тэй хамт бушуухан явуулах гэж цогцсын мах, ясыг яаран үгүй болгож байгаа нь тэр. Талийгаачийнхаа сүнсийг цатгалан яваасай гэхдээ хайлуулах ёслолын өмнө оршуулгын идээ тайлга үлдэнэ.

    Газарт булах, занданшуулах, хайлуулахаас гадна монгол бөөгийн ёсонд үхэгсдийг хээр газар ил тавьж алга болгодог бас газарт тавилгүй газраас дээш хөндий модон ор засаж түүн дээр тавьдаг ёс бий. Үүнийгээ бөөгийн асар гэдэг. Оршуулах хойлоглох ийм таван арга байжээ.

    Анчин хүн насаараа амьтан алдаг тул өшөө авах хуулиар ч гэх үү түүний золиос болдог амьтад анчны хүүр дээр найрлаж хариугаа авдаг аж. Эзгүй хээр тавьсан цогцсоор махчин шувуу, зэрлэг араатан хооллодог. Харилцан авцалдсан энэ бүх үйлдлийг эцсийн бүлэгт гагцхүү мал, ан, уул гал гурван, гол ажилд тулгуурласан нийгэмд мах ясны бэлэгдлээс үүдсэн хоорондоо маш нягт холбоо бүхий утга зүйн үүднээс сая тайлбарлаж болно. Мянган жилийн уламжлалтай, машид гүйцсэн дэг жаяг, гүн ухаан, ёс суртахуунтай бөөгийн их шүтлэг бурханы их шашинтай XIII зууны үес зэрэгцэн оршиж энэ шашин Монгол оронд нэвтрэхийн хэрээр олон зан үйлийн адил саяхи зан үйл аажмаар үгүй болжээ. Монголчууд төрийн элч /амбан сайд/, тэнгэрийн элч /бөө/, эрлэгийн элч /сүнс дуудагч/ гэж ертөнцөд гурван элч байдаг хэмээн үздэг. Сүнстэй холбогдох эрлэгийн элч гэдэг нь үхлийн эзэн сүнс авагч юм. Эрлэгийн элч нь дотроо нарийсан төрөлжсөн байх бөгөөд нэг эр хүний, хоёр эм хүний, гурав эрэгтэй хүүхдийн, дөрөв охидын, тав амьгүй юмсын сүнсийг авч явдаг гэж сүсэглэн үздэг. Ийм учраас хүүхэддээ элдэв зүйлийн нэр өгдөг байжээ.

    Жишээ нь: Муунохой, Бааст гэх мэт. Энэ нь нэн эртний уламжлалтай бөгөөд боржигон монголчуудын дээд өвөг болох Бөртэ-Чоно, Хоо-Марал гэдэг хүний нэр бөгөөд энэ нь зөвхөн боржигоны монголчуудын овог удам юм. Эрх танхи тогтдоггүй хүүхэддээ ийм нэр өгдөг ул улбаа одоо ч байдаг. Бөртэ-Чоно, Хоо-Марал гэсэн сүнс авагчид өөрийн хүүхдийн сүнсийг зайлуулахын тулд нэр өгч нөгөө талаар даатгадаг байжээ. Сүнсээ даатгаж ирсэн чоныг онгод хэмээн үзэж марал бугыг хөшөө дурсгалдаа мөнхлөн тахиж иржээ.

    Монгол бөө нар ертөнцийн бүх юм сүнстэй гэж үздэг. Энэ үзэл санаа археологийн олдор, бусад мэдээ сурвалжуудаар батлагддаг. Бас эртний сяньби нар хүн үхэхээр оршуулчихаад тэжээж таргалуулсан нохойг эрээн дээсээр оосорлон хөтөлж мөн талийгаачийн унаж явсан морь, хэрэглэж байсан хувцас юмсыг шатааж үддэг байжээ. Ийнхүү монгол нутагт байсан эртний овог аймаг улсуудын үед үхэгсэдийнхээ хамт түүний амьд ахуйдаа хэрэглэж явсан морь, мал, эд өлгийн зүйлийг хагаслан /эвдэрхий, хагархай, өрөөсөн болгож/ оршуулах юмуу шатаадаг ёсыг монгол бөөгийн шүтлэгтэнүүд нарт хорвоогоос харанхуйн оронд дэгдсэн эзэн хүний сүнстэй нь хамт түүний эдэлж хэрэглэж явсан морь мал болон эд өлгийн зүйлүүдийг нь сүнсийн хамт оршуулах юм уу эсвэл энэ бүхний сүнсийг утаагаар дамжуулан дэгдээж байгаа хэрэг юм хэмээн үздэг байсан.

    Сүнс хэмээх хий юм нь аливаа шашины амин чухал үзэл ойлголт байдаг. XIV далай лам нэгэн удаа “Хэрвээ шинжлэх ухаан сүнс байхгүйг нотолж чадвал миний бие бурханы номыг орхиход бэлэн” гэжээ. Монголын эртний бөөгийн сүсэг бишрэл ямарваа амьд амьтанд гурван янзын сүнс байна гэж үзсээр иржээ. Энэ нь амьдарч орших сүнс, сэтгэл санааны буюу түр зуурын сүнс, эргэн төрөх сүнс гурав болой.

    Б.Ренчин “Аливаа амьтны нэг дэх сүнс нь үхэхэд оюун ухаанаас дэгдэн одох, хоёр дахь сүнс нь аман хүзүү нь биенээс салах үед сарнин арилах, гурав дахь сүнс нь сүүжний ясны сэнж тасрахад тэнгэрт хальдаг” хэмээн тайлбарласан байна. Иймээс ч монгол хүн идэж уусан сүүжний ёсыг гэртээ хонуулах, сүүжний сэнжийг таслахгүй ил задгай хаяхыг цээрлэдэг.

    Малыг хүн алж мах шөлийг нь идэж, ууж хоёр амьтны хооронд өс хонзон гэмээр холбоо үүсдэг учраас ингэдэг аж. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй орших оюун санаа онгодыг төрүүлдэг. Сүнс өнгөтэй аж. Агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхтэй хар муу сүнс гэж байдаг ажээ. Сүнс нь эр, эм бэлэг чанартай. Онгод сүнснээс төрнө. Удам дамжин уламжлагдана.

    Сүнс дуудах ёс.Монгол бөө нар тодорхой зан үйл үйлдэж сүнс нь зайлсан хүний сүнсийг эзэн биенд нь эргүүлж дуудаж авчирдаг байсан. Бөө бүхэн сүнс дуудах өөр өөрийн аргатай байжээ. Ийнхүү сүнс дуудаж ирүүлэх ёсыг сүнс дуудах ёс гэдэг.

    Сүнс зайлах нь. Гэнэт айж цочсон зэрэг шалтгаанаас улбаалан амьд байх үед биенээс салж явах тохиолдол мэр сэр байдаг. Үүнийг бөө нар сүнс зайлах үйл явц гэдэг.

    Сүнс төөрөх үйл явц. Нэгэн бие хүний сүнс ийнхүү хүнд шилжихдээ шилжих хүнээ олохгүй төөрөлдөх явдал байдаг хэмээн бөө нар үздэг бөгөөд ингэж төөрөлдөж тэнэсэн тэнэмэл сүнсийг хөмөрсөн тогоон дор хийж хөөг нь хусахад газарт хар тойрог үүсч тэнэмэл сүнсийг битүү хүрээлснээр сүнс цаашид тэнэж чаддаггүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл төөрч будилсан сүнснээс гал голомтоо хамгаалж түүнийг ийнхүү “хорьж” хаяад гал голомтоо зайлуулж нутаг солин нүүдэг байжээ.

    Сүнс хөллөсөн бөө. Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увдисын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увидасын хэмжээнд хүрдэггүй гэдэг. Сүнс хөллөсөн бөөд өөд болсон бөөгийн онгодын дүрс үзэгдэхдээ түүхийн өнгөрсөн үеийн хувцас хэрэглэлтэй, тохой хирийн өндөр буюу заримдаа түүнээс ч жижигхэн хүний дүрс тоононы цамхагаар буюу хаяагаар орж ирээд /дээрээс ирсэн нь/ унь дамжин уруудаад татсан онгодын цаагуур хаяанд орж байгаад гэнэт үсрээд бөөгийн биед наалдчих шиг болсоны дараа ухаан алдчихдаг. Түүнээс хойш чухам юу болсныг би мэддэггүй юм гэж бөө нар тайлбарладаг.

    Сүнс шилжих нь. Монгол бөөгийн шүтлэгтэнүүдийн нарт болон харанхуйн орны тухай ойлголт бол нэг утгаараа хүн амьтанд “хойд нас” гэгч юм байхгүй гэсэн үзлийн илэрхийлэл болно. Өөрөөр хэлбэл хүн амьтан нарт хорвоод нэг л удаа амьдарч, тоотой насаа төгсгөөд үхдэг. Үхсэнээс хойш сүнс нь харанхуйн оронд очоод тэнд мөнхөд оршдог ч гэсэн сүнс нь зарим тохиолдолд хүний сүнс адгуусан амьтанд, адгуусан амьтны сүнс хүнд шилжих буюу нөлөөлөх үзэгдэл байгаль дээр байдаг талаар баримт жишээ олон буй. Бас нарт хорвоогоос халин одогсдын амин сүнс эргээд хүний биед шилжин орохдоо эхийн хэвэлд хэрхэн шингэдэг талаар “Монголын нууц товчоо”-нд тодорхой тэмдэглэсэн байдаг.
    Амин сүнс. Хүний оюун ухаан, ухамсар, хүн амьтны зан төрх, авъяасыг амин сүнс гэдэг.

    Амин сүнс хүнд орших. Эхийн хэвэлд буй үрийн биед дээдсээс шилжин ирснээс хойш амин сүнс нь тухайн хүний насны туршид уураг тархи, нугас мэдрэлийн судсуудаар өдөр өдрөөр байраа солин шилжиж оршдог гэж бөө нар үздэг. Амин сүнс тухайн өдөр биеийн аль хэсэгт оршиж буйн тэндээс аюул болзошгүй учир анхааралтай, тайван амгалан байх хэрэгтэй гэдэг.

    Амин сүнс хүнд ирэх. Хүний үр бүрэлдсэний хойно өөд болооч дээдсийн амин сүнс нүдэнд үл үзэгдэгч гэрлэн туяагаар эхийн хэвэлд нэвтрэн, бүрэлдэн буй үрийн нь зүүн гарын ядам хуруугаар дамжин биед нь орж, тэр үр хөдөлж эхлэхийг амь нь буюу амин сүнс нь дээдсээс шилжин ирлээ гэж бөө нар үздэг.

    Амин сүнс хүнээс зайлах. Гэнэт их айж цочсон зэргээс амин сүнс биеэс зайлан одож болзошгүй. Ийнхүү зайлахдаа баруун гарын ядам хурууг дамжин зайлдаг учир тэр хуруундаа есөн эрдэнийн аль нэгийг оролцуулсан буюу дагнасан бөгж зүүвэл сүнс зайлж гарах замыг боох сайн талтай гэдэг.

    Амин сүнс хүнээс үүрд дэгдэх нь. Насны төгсгөл болоход амин сүнс нь өөд болоочийн аман хүзүү, хатан хүзүү хоёрын завсарт түр оршоод, гавлын яс их биеэс салмагц өөрөөсөө хүний нүдэнд үл үзэгдэгч гэрэл-туяа сацруулан ариун тэнгэртээ дэгдэн оддог гэдэг.

  • ТЭНГЭР САХИУСНЫ ДУУДЛАГА

    Ахар насы минь уртатгаж
    Алтан мэлмийдээн багтаана уу
    Хөх тэнгэр хөвчилгэтэнгүүд минь
    Хөрс Алтан дэлхий гүүцтэнгүүд минь
    Хүйтэн хошуут малд минь
    Хөшөө болж хайрла
    Халуун хошуут малд минь
    Хашаа болж мана
    Ханат гэрт минь харж
    Хадгалсан буяны минь манаглаж
    Тоотой хэдэн толгойг минь
    Тоглон харж, товчлон манаж хайрла
    Уруултай амьтан уугаагүй
    Улаан хонгор цайны дээж өргөж
    Амтай амьтан амсаагүй
    Амтат идээний дээж
    Ширээ дүүрэн ямба
    Ширдэг дүүрэн хунду тавьж
    Ёсыг ёсолж
    Ямбыг ямбалж
    Хий хивис битэнгүүд минь
    Хий салхин гүцтэнгүүд минь
    Өргөн хормойгоо дэвсч
    Өөхөн өвдгөө нугалж
    Мөрт тань мөргөж
    Замд тань залбирч байна
    Заяа болсон тэнгэр сахиус минь
    Харанхуйд минь гэрэл болж
    Харцаганд минь живэр болж
    Халтирсан газарт минь ивээлт болж
    Харан сахиж яваат намайгаан
    Харанхуй газар минь гэрэл болсон
    Хан буурал тэнгэрүүд минь
    Хурдан морины туурайнаас
    Хурц жадын үзүүрээс
    Зайлуулан соёрхож хайрла
    Бүдүүн хус бөхөлзүүлж
    Нарийн хус нахилзуулж
    Ямба ёсы тань гүйцэтгэж
    Яндар чимгий тань бүрэлдүүлж
    Хошуутай билээв гэж өчиж байнав
    Элгэн тал эмгэггүй
    Толгой тал томуугүй
    Тоотой насы минь
    Товчилан харагтай
    /1958 он. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ив багын ард Уйгур овогт 31 наст Даваажаваас тэмдэглэж авбаа. Харачинтай онгодоор бөөлдөг бөө. Эх нь Төмөрсүрэн удган, эцэг нь Маадын Ориг бөө. Уйгар онгодтой хүмүүн/

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУЧУУД-2” АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

     

    “Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд 2015 оны 2 дугаар сарын эхний арав хоногт зохион байгуулж энэ хүрээнд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараасан билээ. Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
    “Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд 2015 оны 2 дугаар сарын дунд арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
    Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
    Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
    Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
    “Тэнгэрлэг залуус-2” аянд МБНЭ-ийн гишүүн Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалтаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нарын гишүүд идэвхи санаачлагатай ажиллаж байгаад нь МБНЭ-ийн болон дээд цэцийн гишүүдийн зүгээс баяр хүргэж байна.
    Б.Банзрагч

    djmedia:491
  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

    Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан,
    тэнгэрийн “Улаач”, түшээ, шүтлэгтэн нарт

    Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
    Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
    Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • УРИЛГА

    Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн Галын тахилга хийгдэнэ.
    Төв хэсэгт Монгол Улсын төрийн далбаа, Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн далбааг байрлуулсан байна.

    11.00-Монгол үндэстэн баатруудынхаа амиа зориулсан газраас хүндэтгэлийн шороо залсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа.
    (Их, бага баатруудын аманд) Дээд цэцийн хуралдайн гишүүд

    12.40-Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. (Толгойтын Цагдаа толгойн ойролцоо)
    12.45- Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэн зориулсан Галын тахилгад зориулсан хүндэтгэлийн үг хэлнэ
    Д.Жаргалсайхан -МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    12.55- “Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай”, МБНЭ-ийн зорилтын мөн чанар, агуулга” үг хэлнэ.
    Д.Одонхүү- МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн Их зайран

    13.00-Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх Галын тахилгад зориулсан өсвөр насны хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаан

    14.00- Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх Галын тахилгын тахилгын ажиллагаа
    Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнхчулуун

    14.00-Нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийх.
    17.00-Нийт оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулж хаалтаа хийнэ.

     

  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГА-(2021-3)

    Бүгд майханаа барьж оройн хоолоо идчихээд цугларсан олон гал түшин, элдвийг ярилцсаар шөнө дөл болсон байлаа.
    Өглөөний наран мандаж, энэ өдөр тэнгэр цэлмэг биднийг угтлаа. Их замаар Хар зүрхний Хөх нуур зоригсод тасралтгүй цувна. Жин үдэд тахилга эхлэх байсан учраас өглөөний ажиллагаа тайван аажуухан үргэлжилж бэлтгэл ажиллагаа хангагдав.
    Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас багахан доошлож тахилга хийх газраа сонгожээ. Энэ нь тодорхой шалтгаантай байсан. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассав. Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч байрлалаа зассан харагдана.
    Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болсон Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан. Тахилгын бөөлөө хийх газрыг тойрон улаач нар, шүтлэгтэн олон хоёр эгнээ болж суудлаа эзлэв.
    Цаг агаар тогтуун мөнх хөх тэнгэр хагас үүлгүй шахам харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
    Тамлага юугаа дуудаж, онгодоо дараалан залж, бөөлөлт үргэжилж байна. Олон зүйлийг эндээс харж болохоор байна. Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул олны итгэлийг даахуйц хэмжээнд хүрсэнийг түүний бөөлөлт харууллаа. Олонтой шүүмжилж байснаас нэг ирээд харчих нь улаач нарт хэрэгтэй байдаг.
    Өнгөрсөн жил тавьсан болзоондоо ирж залбирч, бөөллөө. Энэ их хэл ам, хатуу хөтүүг даван туулж бөөлөөний болзоондоо ирсэн улаачдаа таларханам. Хайрхан болон галын тахилгын хувьд улаач нарт нь бэрхшээл тохиолдож бөөлөх боломж гарсангүй. Улаач хүний зүтгэл өөрөөс гадна өрөөлөөс хамааралтай байдаг. Тийм л явдал боллоо. Сайн улаачид саад мундахгүй. Бэрхшээлийг давах дутам чиг хандлага чинь улам тод томруун болно. Саад бэрхшээлийг улаач хүндээ голдуу сорил болон тулгадаг нь олон жилийн туршлагаас харагдаж байна.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга сайхан болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгаар Эх орон, олон түмнийхээ төлөө, сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа зорилгоо тэнгэртээ уламжлан хүргэлээ.
    Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа залуу төлөөлөл юм. 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, 2015 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. 2021 онд ийнхүү Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг гуравдахаа толгойлон бөөллөө. Залуу үе маань монгол соёлын үнэт өвөө нэр төртэй залгамжлан авч яваад таларханам.
    Энэ удаа уламжлал ёсоор залуу улаач нартаа бөөлөх боломж гаргасан болно.
    б. ДҮНГИЙН ХУРАЛ
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийлээ. Улс орны маань орчин цагийн жаягаар шинэ хаанаа сонгосон жил билээ. Энэ бол түүхэн цаг мөч. Мөнх тэнгэр үнэнч шударгыг эрхэмлэдэг. Тиймээс шинэ хаанаа түүхэн их сорилгод оруулж байгаа. Дэлхий даяар тархсан нийтийг хамарсан өвчин, хүнд хатуу өвөл, улс төрийн нөхцөл байдал, улам бүр хүнд сорилын өмнө аваачиж байна. Олон зүйл амьдралаар шалгагдаж, улс төрчдийн нүүр царай тодорхой болно. Хүссэн ч, эс хүссэн ч луйварчид зайлж одох он жилүүд эхэлсэн билээ. Эх орноо аваад явчих олон сайхан залуу үе бэлэн болжээ.
    Ийм үед Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Нэг хэсэг нь бидэнтэй өрсөлдөн тахилга нэртэй зүйл хийнэ. Хаяахан нийлж хийдэг тахилга бол улаач нарын байнгын хийдэг зан үйл билээ. Бусад шашин байгууллагуудтай өөрсдийн үйл ажиллагаагаа харьцуулаад бодоод үзээрэй. Тэд байнгын ажиллагаатай, олон давуу зүйлүүдтэй, сүм хийд, лам, пастер гээд орон тооны ажилтантай, сурталчилгааны телевизтэй, эдийн засгийн хүчирхэг дэмжлэгтэй. Тэр түвшинд хүрэхэд бид нэгдэж байж л ойртох болов уу. Манайхан шалтгаан олоходоо гаргуун тэгээд тэд шашин, бид зан үйл хэмээн тайлбарлах байх. Хуулиндаа будда, иссус, бөөг адилхан шашин гэж тодорхойлдог.
    Хувь хувиа хичээн бөөлж явдаг цаг хугацааг хичнээн магтлаа ч, хамгааллаа ч тэр бүхэн цаг хугацаатай хамт хувь улаачийн зүтгэл болон үлдэх болно. Оромдоод явдаг тэр цаг үе дуусч байна. Харин улаач хүн өөр, өөрийн замналаар явдаг ч нэгдэх цаг болсоныг цаг үе мэдрүүлж байгаа билээ. Өөрийгөө товойлгох гэж хичнээн мэрийгээд нэмэргүй, цаг хугацааны “цавчаанд” жинхэнэ зүйл л үлдэж хоцорно. Нэгдэж чадахгүй бол бид бусдын амны “зугаа” болно. Хувь хувиа амиа бодоод хичнээн цамнавч тэр хэмжээгээр олон түмэн биднийг зөв ойлгохгүй. Зуу, зуугаар тоологдон бүртгэгдсэн бөөгийн байгууллага байгаа боловч бөөгөө тогтвортой сурталчилаад олон түмэнд хүргээд ажиллаад байгаа нь бараг, байхгүйтэй адил юм. Хаяахан нийлээд хийх тахилга, бөөлөөгөө бичихээс илүү чадваргүй, нийгэмд тэнгэр үзлээ, бөө мөргөлөө бодлогын чанартай сурталчилсан байгууллага үгүйлэгдсээр байна.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурал дээр Монголын их эзэн Чингис хааныг өргөмжилсөн энэ л газар “Мөнх хөх тэнгэр, бөө мөргөлийн өмнө тулгарч байгаа бэрхшээл түүнийг даван туулах зорилтын тухай” МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийсэн билээ. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул онгодын айлдвараа хуралдаан дээр танилцуулав.
    Дүнгийн хуралд МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийг төлөөлөн, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Төлөөллийн зөвлөлийг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Залуучуудын зөвлөлийг төлөөлж, Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн удган Сэргэлэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Монгол бөөгийн удган Анхмаа, Н.Лхагваа, Хөвсгөлийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар оролцсон байна.

    djmedia:490
  • Монгол бөөгийн Тэргүүн зайран Д. Дарьчулуун төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭ-ийн Дээд Цэцийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Их Өөлөг ястай, Урайнхай омгийн Дольгор бөөгийн Көк багшийн удам, Т.Чойсүрэнгийн ач хүү, найм дахь удамын зайран юм.
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Монголд бөөгийн анхны байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын бөө нар нэгдсэний 3 жилийн ой “Хонь” жилд тохионо. Энэхүү түүхэн явдлуудыг тэмдэглэх жилийн эхэнд МБНЭ-ийн нэг зүтгэлтэнг Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Мөнх тэнгэрээ шүтэгчид бид булган сүүлтэй шагнал хэмээн хүлээн авч байна.
    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭвлэл үүсгэн байгуулагдсанаас хойшхи 3 жилийн хугацаанд Тэнгэр язгуур, Бөө мөргөлийн олон зай үйлд оролцож байсан билээ. 2011 онд Баян-Өлгийн аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Буянт сумын Засаг Даргийн Тамгийн газартай хамтран “Атаа таван тэнгэр”-ийн их тахилага зохион байгуулсан. Тэр 2012 .05.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    Д.Дарьчулуун нь 2013.05.25-26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн түүхтэй.
    Мөн 2013.10.4-6-ны өдрүүдэд БНСУ-д болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    Д.Дарьчулуун нь 2014.05.15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгын Хайраны Тахилгыг толгойлж бөөлсөн байна. Түүнчлэн 2014.06.22-ны өдрийн Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д идэвхтэй оролцсон.
    Тэрээр МБНЭ-ийг төлөөлж 2014 оны 8-р сард болсон Монгол, Зөвлөлтийн цэрэг “Халхын гол”-д ялалт байгуулсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон билээ. 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд толгойлж бөөлсөн.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж, 2011 онд “Их Эзэн Чингис Хааны 850” жилийн ойн медаль, МБНЭ-ийн 2013 оны шилдэг зайран, МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичгээр шагнагдаж байлаа.
    Мөнх тэнгэрийн төлөө хийсэн зүйлсийг нь үнэлэн төрийн дээд шагналыг хонин жилийнхээ босгон дээр авсанд нь МБНЭ-ийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж байна. Монгол бөөгийнТэргүүн зайран Д.Дарьчулууны маань энэ шагнал булган сүүл дагуулж олон тэнгэрийн улаач нар төрийн их шагналыг хүртэх болтугай.
    Д.Төмөрөө