Author: admin_shaman

  • ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙ ОРОХ ИХ УЧИР БАЙНА.

    Миний хувьд агуйаас зайдуу байж Цагаан-Үүр уялган гол суман гол гээд хэдэн жилийн нүүр үзэж сая л нэг хайрхан орох нөхцөл бүрдсэнээр даян дээрхийн агуй орлоо.
    Хотоос гарч шууд уялган гол орлоо. Очиход бороо хэд хоног тасралтгүй орж байлаа. Энэ өдрүүд 2021 оны 08 сарын 01-3-ны хооронд байлаа. Байгаа айлын хүмүүс энэ чигээрээ хур ороод байвал Дайн дээрх орж чадахгүй байх хэмээн ярихад миний сэтгэл хөдлөж орой болоход ихэд хөөрч хөөр юугаан татаж уул усанд, тэнгэртээ дуулгаж хур бороо оруулахаа болиулахыг гуйж залбирлаа. Гэтэл 4-ний өглөөнөөс үүл нимгэрч бороо зогслоо. Тэр өдөр өөр зүйлсийн үйлэнд шамдлаа. 5-ний өглөө болж морин цаг болмогч дээрхийн агуйн зүг замчтай хамт мотоциклоор замд гарлаа. Даян дээрх хүртэл 10 гаран км юмаа. Замдаа өндөр уул, ой шугуй, тал гол, намаг балчиг туулсаар зорисон газраа хүрлээ.
    Агуйн доод бэлээс сүсэгтэн олонт сануулга самбар байрлуулж тэр байтугай бие засах газар, сүүдрэвч бэлдсэн байлаа. Бэлээс авхуулаад залбирах газар нь залбирч бодсоор дээш өгсөөд 100 орчим метр өндөрлөгт матсаар агуйн аманд дөхөж ирэхэд 3-н хэрээ эргэж угтаж авлаа. Мөн ургаа модонд их хэмжээний хадаг яндар уясан харагдана. Уг нь ургаа модонд хадаг уяахыг хэзээнээсээ хийж эхэлсэн бэ гэдгийг бид бодох ёстой. За ингээд агуйд орлоо.
    Хүссэн газраа ирсэн минь сэтгэл ихэд догдлов. Сониуч зан минь хөдөлж бүх зүйлийг нэгд нэгэнгүй харж сонирхлоо. Үүний дараа гол ажилдаа орж, хуур татсанаа Даян дээрхийн онгодтой холбогдож мэдээлэл авлаа.
    Цагаан морь унасан, цагаан саарал дээлтэй шүтээн үзэгдэж ийн хэлэв: 33-н дааганы чадалтай 33-н салаатай энэ агуй уул минь гэж хэлээд чамд одоо шидээ үзүүлье гээд олон шувуу ирнэ гэж хэллээ. Гэтэл удалгүй хэдэн зуун хараацай шувуу агуйн амаар эргэлдлээ. Энэ мэдэрсэн зүйлээ хамт яваа хөтөчдөө ярьж дуулгалаа.
    Мөн бид 2-ыг агуйгаас буцасны дараа хур орно гэсэн билээ. Яг хэлснээр нь болж бид Уялган гол ороход бороо орж билээ. За ингээд Монгол улсынхаа хилээ бүтэн даатгаж зон олон, улаачууд, МБНЭ даатгаж залбирсан билээ. Энэ үйл явдлаа дүрс бичлэг болгон авсан болно. Учир мэдэх нутгийн зайрантай хөөрөлдөж үзлээ. Уг нь бол Даян дээрхийн агуйн дэргэд онгодоо оруулах бөөлөх заахан тиймэрхүү байдаг хэмээн ярьлаа. Шинээр улаач болох олон хүмүүс ирдэгч, онгод нь ордоггүй улаач цөөнгүй байдаг хэмээлээ. Ингээд Даян дээрхийн онгодод залбираад хүслээ биелүүлээд, үйлээ гүйцээгээд буцлаа. Сайхан байлаа.
    Б.Мөнхчулуун

     

    djmedia:500
  • Гурав. МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨСӨН БААТРУУУДАА ЗОРИУЛСАН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

     

    Их, бага баатруудын онгон орших энэ л газарт олон зуун бөө нар цуглан хүндэтгэл үзүүлж, дурсгалын самбараа байгуулж байсан. Одоо тэр газар бусдын эзэмшилд очиж, бид ч хүндэтгэл үзүүлэх боломжгүй болгосон байгаа. Тиймээс төлөөлөн болон очиж, хашааг даван орж, дурсгалын самбартаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хэзээ нэг цагт монголчууд олноороо дурсан хүндэтгэл үзүүлэх цаг үе ирнэ.
    Үүний дараа Толгойтын зүүн салаанд Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилга болох газарт бид очсон. МБНЭ-ийн төв асарын өмнө монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг залсан байв. Төв хэсэгт галын тахилгаа хийхээр бэлтгэлээ хангажээ.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан тахилгын ажиллагаа өсвөр үеийнхэний үндэсний бөхийн барилдаанаар эхэллээ. Үндэсний бөхийн барилдаанд залуу бөх Хаш-Эрдэнэ түрүүлж, Баасанжав үзүүрлэж, Пүрэвдагва, Мөнхбат нар шөвгөрсөн байна.
    Үндэсний бөхийн барилдаан өндөрлөх мөчид Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын нээлтийг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Хэдий цар тахал газар авсан хэдий хүндэтгэлийн арга хэмжээг таслалгүй хийж байгааг онцлон тэмдэглэлээ.
    МБНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгохын ач холбогдлын талаар онцлон ярилаа.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан тахилгын талаар мэдээлэлийг энэ ажиллагааг зохион байгуулж байгаа Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун танилцууллаа.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад тусласан багш Бат-Өлзийд бөхийн шагналыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдлага гардуулж өглөө.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун толгойлон бөөлж ийнхүү эхэллээ.
    Галын тахилгыг Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэнгийн гал, Монгол бөөгийн зайран Ц.Тамжидын гал, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Лхагва нарын гал, Монгол бөөгийн удган Сарантуяа, Удган Сайнзаяагийн гал тус тус бөөлөө.
    Ийнхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгад Увс аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлж Болд, Дархан-уул аймгийн Хөтөл тосгоноос, Өмнөговь аймгиас төлөөлөл оролцлоо.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгад 81 удган, зайран, шүтлэгтэн нар оролцлоо.
    Арга хэмжээний эхний хэсэг болох Богд хан уулын ард, хатан Туул голын урд эрэг дээр байрлуулсан Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан дурсгалын самбарт цэцэг өргөх үйл ажиллагаа хэтэрхий сунжирсантай холбоотой, галын тахилгын ажиллагаа 2 цагаар хоцорч эхэлсэнд уучлалт хүсье.

     

  • Хоёр. ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН НАР ДАЙЧИН УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА.

    djmedia:497

    Энэ үнэт зүйлээ улам боловсронгүй болгож удирдахуй ёсонд энэхүү шүтлэгийн эрдэмийг ашиглаж ирсэн нь их хаадын ялалт, амжилтын үндэс байсан юм. Удирдахуй ухаанд далд мэдрэхүйг ашигладаг байсан гэж би хэлэхийг хүсч байна. Тухайлбал ганцхан жишээ дурдая. Халуун орны мөрний эрэгт хэдэн зуун мянган цэрэгт бүслэгдсэн цөөхөн монгол цэрэг үхлийн аюулд тулгарахад Цэргийн жанжин нь зарлиг буулган улаачаа бөөлүүлэн их цас оруулж, бээрсэн дайсны цэргийн дундуур ямарч хохиролгүй цэргээ гаргаж байсан түүх байж л байна. Гол асуудалдаа оръя.
    Дэлхий даяар түгсэн, олон зуун сая шүтэн бишрэгчтэй, тэднээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, олон мянган жилийн туршлага хуримтлуулсан баялаг түүхтэй, материалаг бааз суурь нь бэхжсэн, мянга, мянгаар тоологдох сүм хийдтэй, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй, өөрийн телевиз, радиотой, лам, пастор гээд бие даасан тусгай бэлтгэгдсэн олон мянгаар тоологдох хүний нөөцтэй, нэгдсэн удирдлагаар явуулдаг өдөр дутмын үйл ажиллагаатай энэ их хүчирхэг гадны шашины эсрэг, тус тусдаа үйл ажиллагаа явуулах сонирхолтой хэсэг бүлэг, галууд, тэд хаяахан нийлж тахилга, чанар хийдэг, олон зуун хүнийг даатгал ивээлдээ багтаан залбирдаг бие даасан хувь улаач нар, их мэдэгчид, шүүмжлэхийг эрхэм болгон шүлсээ үсчүүлдэг, бие биендээ “тамын тогоог” санагдуулдаг, нэр бүхий хэдэн бөө нараас бид бүрдэж байгаа.
    Нэгдсэн тахилга гэж юу юм бэ? гэж зарим нь шүүмжилдэг. Тийм зүйл байгаагүй гэж зарим нь бичиж байна. Тиймээ, сүүлийн олон зуун жил ингэж олуулаа нэгдэж тахилга хийж байгаагүй. Тэгэхдээ цаг, цагаараа байдаггүйг бүгд мэднэ. Бид олон жил хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан дэвшүүлсэн билээ. Тэдгээрийн эхэнд нэгдсэн тахилга хийх асуудал байсан. Энэ асуудалд даруй есөн жил зориуллаа. Нэгдсэн тахилга хийх нь монголын төрт ёсонд тэнгэр үзэл гол үндэс болох цагт бид төрийн тахилга хийх аргачлалыг боловсруулахыг зорьсон хэрэг юм. Зарим байгууллага зүгээр л бидний үйлийг дууриаж “хөглөж” байлаа.
    Хэрэг дээрээ бид олуулаа нэгдэж, долоон өвгөн одны тахилга, хайрханы тахилга, лусын тахилга, тэнгэрийн тахилга, атаа таван тэнгэрийн тахилга зэргийг тус тусад хийж байсан. Тахилга бүрийн онцлог энд харагдаж байсан. Энэ бол их эрэл хайгууль байсан. Бид төрийн тахилга хийх боломжийг эрж, хайж, судалж байсан хэрэг юм. Тэгээд бид зорьсондоо хүрсэн. Бусад шашинууд лус савдагийн унтаа байдалд байлгаж тахидаг бол монголчууд бид жинхэнэ утгаар нь сэрээж, идэвхижүүлж, амилуулж тахидаг, бидний нэг онцлог энэ билээ. Төрийн тахилгад толгойлж нэг л бөө хайрхан, лус, савдаг, тэнгэрийн болон бусад тахилгыг нэгтгэн тахиж хийх болно. Энэ бол хоёр дахь онцлог, гэхдээ уламжлаад ирсэн зүйл.
    МБНЭ-ийн ДЦХ-н даландолдугаар хуралдаан дээр бид төрийн тахилга хийх аргачлалын эхний хувилбарыг тавьж хэлэлцэж тодотгосон. Одоо бид төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийхэд бэлэн гэж хэлж чадна.
    Дараа нь хэрэгжүүлэх гэж байгаа бодлого зорилт бол Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”, түшээ нар манлайлан жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгохыг зорьсон билээ. Будда, иссус нар өөрийн өдөртэй байхад монголын тэнгэр шүтлэгтэнгүүд яагаад өөрийн өдөртэй байж болдоггүй юм.
    Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж, монголчууд малын тараг, тэвээрээ үзэж ирэх өвлийг хэрхэн давах бэлтгэлээ хэрхэн хангаснаа шинждэг өдөр юм.
    Хамгийн утгатай асуудал болох Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх өдөр болно. Амьд дээр баярлуулж байя л даа. Зөндөө бичдэг зүйлээ ажил хэрэг болгоё л доо. Жилдээ ганц өдрийг эцэг, эх, эмээ өвөө нартаа зориулж болохгүй гэж. Ямар ч завгүй байсан эцэг, эх, эмээ өвөө нараа баярлуулая. Энэ тийм хэцүү юм гэж үү.
    Дээр өгүүлсэн “онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж” гэдэг нь тэнгэрт байгаа өвөг дээдэс, өвгөд буурлууд, эцэг эхдээ мөн л хүндэтгэл үзүүлэх зан үйл юм. Энэ бүхэн нийлээд иж бүрэн монгол зан үйлдэл болж байгаа юм.
    Эцэст нь Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийхийг зорьж байна. Дэлхийн хуурай газрын бүхэлд нь хамарсан мянга орчим газарт бидний өвөг дээдсийн хувь заяатай холбоотой дурсгал үлдээжээ. Тэд өнөөгийн энэ их газар нутаг, хүн ардынхаа төлөө амиа өгсөн баатруудын хөрс, цус амь нь шингэсэн дурсгал билээ.
    Энэ их хувь тавиланг бидэнд үлдээсэн баатруудынхаа дурсгалыг нь өнөө үе бид, залуучууд дурсахгүй юм бол өөр хэн дурсах юм. Тэдний сүнсэнд залбиран мөргөж талархалаа илэхрийлэхгүй юм бол хэн үүнийг хийх юм.
    Бид улаач нараа тэнгэрийн тамгатай гэдэг, тэнгэрийн тамгатай юм бол тэнгэрт нь хүртэл баатруудынхаа сүнсийг баярлуулахгүй юм бол өөр хэн баярлуулах юм бэ.
    Энэ удаагийн зан үйлийг МБНЭ-ийн залуучууд удирдаж хийлээ. Энэ их үйлийг санаачилан хийж байгаа залуусдаа баярлаж байна. Тэдний үйлд алдаа оноо байж болно. Даахин доороос эр босдогын адил, залуухан улаач нар дотроос хүчирхэг зайран, удган нар босох л болно.
    Биднийг шүүмжлэхийг, шоолохыг үл тоо, залуучууд ирээд оролц, бөөл, өөрийгөө сорь. Залуу нас алдаа оноон дээр босдог юм.
    Шүүмжлэгч хүний шүлс нь үсэрч байхад, Хөдөлмөрч хүний хөлс урсаж байдгийг санагтун…
    ХИЙНЭ гээд явж байгаа хүнд ерөөл өг
    ХИЙГЭЭД явж байгаа хүнд урам өг
    ХИЙСЭН хүнд шагналыг нь өг
    ХИЙНЭ ДЭЭ Ч байхгүй хүнд ЮУ Ч БҮҮ ӨГ
    Мөнх тэнгэрийн хүчин дор
    Их эзэн хаан Чингисийн ариун сүнс ивээх болтугай.

  • МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨСӨН БААТРУУДАА ДУРССАН ТАХИЛГА БОЛЛОО. Нэг. ОГТ ДЭМЖИГДДЭГГҮЙ ҮЙЛ ХЭРЭГ

    Нэг л мэдэхэд МБНЭ-ийн төвийн бяцхан өрөө шороо бүхий саваар дүүрсэн байлаа. Нэгэн дипломатын охин, удган энэ ажлыг хийжээ. Хамгийн баруун цэг нь Шайо голын хөвөөнд европын шигшмэл 85 мянган цэргийг хиар цохин 65 мянган цэргийг нь устгасан, монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн монголын 1000 дайчдын булшнаас тэдний алдар гавъяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсан байдаг. Дараа нь Польшийн Легницийн тулалдааны болсон газраас монгол цэргийн булшнаас хүндэтгэн залсан шороо бий.
    Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатрууд, Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нарын түүхэн газрууд материал ирэв.
    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үлдээсэн газар нутаг, хамгийн зүүн цэг Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нарын оршуулганаас шүншиглэсэн шороог авчирав.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн бунханаас залсан шороо ирлээ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа нэр бүхий газар, Өмнөговийн Булган сум, Ховдын Дарив сумын бөөгийн овооноос шүншиглэсэн шороог залж иржээ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ бахархан дурсаж тэр л газраас залж ирсэн шороо байна. Дээрх түүхийн дийлэнх нь монголын хатан зоригт цэрэг эрсийн түүх байдаг.
    Тэгээд энэ олон цугларсан шороо хөрсөнд нь шингээж байрлуулах шаардлага тулгарав. Ийм шаардлагаас улбаалан Засгийн эрхийг барьж байсан Монгол Ардын нам, Монголын ардчилсан нам, МАХН-д учир зовлонгоо айлтгаж Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтнүүдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлагыг дэмжиж өгөхийг хүссэн билээ. Харамсалтай нь энэ санаачлагыг аль ч намууд ажил болгон дэмжээгүй юм.
    Тэгээд арга ядаад, цугларсан шүншиглэсэн шороогоо Их богд уулын ард, хатан Туулын урд хөвөөнд хүндэтгэн залах ажиллагаа зохион байгуулсан байдаг. Залуучууд их цуглардаг энэ газар шүншиглэсэн шороог залав.
    Энэ ариун хүндэтгэлтэй газарт хэрхэн хүндэтгэлийн газар байгуулахаа тэр үед зөвлөлдөн ярилцаж ийм шийдэлд хүрсэн байдаг. Тэгээд тэнд бүгд цугларан дурсгалын самбар босгож шүншиглэсэн шороогоо залах ажиллагаа хийсэн билээ. Тэрхүү зураглалаа энд тавьж байна.
    Гэвч удалгүй хэн нэг нь тэрхүү газрыг тойруулан хашаа барьж улмаар уулын сэтэлж хэд хэдэн хөшөөг нураан зам тавьж эхэлсэн. Монголын бөө нар ч зүгээр байсангүй, их бага баатруудын онгонд учрыг мэдүүлж, уулынхаа савдагыг догшруулах зан үйл хийсэн. Түүний дараа Тува, буриадаас ирсэн бөөгийн төлөөлөгчид бөө нарын хийсэн зан үйлийг дэмжиж, монгол бөө нарынхаа бүтээсэн зүйлийг нураасан эздэд зориулж хатуу зан үйл хийж билээ. Одоо тэрхүү газрыг “онгичсон эзэн” нь байхгүй болоо биз ээ. Ийм үйл явдал өрнөсөөр нилээд хэдэн жил өнгөрлөө.
    Бид ч үйл ажиллагаагаа өргөтгөн Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэг хүрээлэн байгуулах санаачлага болгон өргөтгөн төр барьж байгаа МАН-ын удирдагад хүсэлт болгон тавсан байдаг, дэмжиж байна гэж хүлээж авсан байдаг.
    Гэвч энэхүү үйл хэрэг ажил болоогүй огт дэмжигдээгүй өнөөг хүрч ирлээ. Монгол төрийн төлөө амиа өргөсөн баатруудаа хүндэтгэдэг цаг үе ирнэ. Түүнд огт эргэлзэхгүй байна. Үүнийг монголчууд бид өөрсдөө хийнэ. Бидний төлөө харийнхан зүтгэхгүй гэдгийг бүү мартагтүн.

    djmedia:498
  • Дөрөв. ЗАМАА ХАРЬЦУУЛАН БОДОВ.

    Ихэнх шийдэлтэй танилцаж явахад Орос, манай улсад нарийхан зам тавьдаг. Оросод бол тавсьсан зам дээрээ асфальтаа зузаалаад явдаг. Манайхан бол бүгдийг шинээр хуулж дахин тавьдаг арга барилтай. Хятад бол олон улсын стандартын дагуу тавьдаг. Манайханыг зам тавихдаа дээрээс нь, хажуугаас нь төсдийг тандаг туршлагатай гэж иргэд ярьцгаадаг. Ямар ч байсан манайханы хувьд цөөхөн жилийн настай, дахин дахин зам тавих сонирхолтой улс төрчидтэй. Тавьсан зам нь хэдхэн жил болоод голдуу ус, хөрсний үерээс болоод цоорч, гэмтдэг. Тэгээд дахиад засах, тавих төсөв яригддаг. Төсөв батлагдтал хугацаа их орно. Тэр хооронд иргэд хохирно. Манайд бол энэ бүх стандартын дагуу тавьсан үлгэр жишээ зам гэвэл Ховдын Улаан даваа, хавцалын зам юм.
    Харин энэ удаагийн Дархан-Улаанбаатарын 4 эгнээ зам найдвар төрүүлж байна. Яагаад гэвэл энэ олон жилд анх удаа олон улсын стандартын замтай болох нээ. Олон жил дуншиж байж энэ зам эхэлсэн. Гадаадын олон хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож байсан. Гэвч манай улс төрчид тэднийг “үтэр түргэн” үргээсэн.
    Хөрш зэргэлдээ хятад улс замын асуудлаа тун богино хугацаанд шийдвэрлэсэн байдаг. Миний хувьд Эрээнээс Түвд хүртэл тэр тавьсан замаар нь машинаар аялсан болохоор бага ч гэсэн харьцуулж бичих боломж байна. Ийм стандартын хурдны зам тодорхой зааг дээр үйлчилгээний газар болох, амралт, хоол, дэлгүүр, засвар, 00-ийн цэг-тэй байсан. Энэ нь аваар осол гээд олон асуудалд урьдчилан сэргийлэх, байгаль орчиноо бохирдуулахгүй байх ач холбогдолтой. Маш өндөр уулын туннель бүхий олон мянган км стратегийн замыг бараг 2 жилд дуусгасан байдаг. Бид өөрсдийгөө өмөөрч тайлбарт нь олон зүйл, шалтгаан бичиж болох байхал даа.
    Манай замууд олон жил зам баригдаж байгаа нь олон учиг шалтгаантай. Голдуу улс төрийн сонгуулийн “багт наадам” болгоод байдаг. Харин азийн өндөр хөгжилтэй орнуудад стратегийн ач холбогдолтой асуудлыг улс төржүүлэхээс сэргийлсэн хуультай байдаг. Энэ нь манайд байдаггүй болохоор улс төрийн сонгууль замын ажилд хүртэл нөлөөлөөд байдаг.
    Миний хувьд өмнөд хөршийн Хөх хот Чингисийн цогцолборын хурдны зам тавих ажилтай танилцах завшаан тохиолдсон юм. Хуучин зам нь өнөөгийн зам шиг нарийхан байж билээ. Тэр замын хажуугаар шинэ замаа тавихдаа замын хөдөлгөөнд саад болоогүй. Одоо ч хуучин замаар хүнд даацын нүүрс зөөсөн автомашин яваа харагддаг. Түүнийгээ төлбөргүй зам гэж танилцуулж байсан. Хурдны энэ зам тодорхой км яваад төлбөр төлдөг. Гэмтэл гарангуут дор нь засч байгаатай таарсан. Төсөв хүлээдэггүй, замын хуримтлалаас засвараа хийчихдэг. Гол нь зам эзэнтэй байх зарчим юм. Зам улсын мэдлийнх, гэхдээ хариуцсан хэсгүүдийг тодорхой компани хариуцна. Хариуцлага алдвал тэдгээр компанийг өөрчилж болдог. Замын буруугаас хохирол гарвал тэд бас тухайн зорчигчийн хохирлыг барагдуулна.
    Анх хурдны замаар зорчиж байхад төлбөр багагүй л төлж байсан. Одоо тун бага төлбөр төлөх болсон байна лээ. Тэгээд би зориуд сонирхосон юм. Яагаад багассан бэ гэхэд автозамаар зорчигчдоос авсан төлбөрөөр замаа тавьсан зардалаа нөхсөн. Улмаар хангалттай хуримтлал, нөөцтэй болсон. Тиймээс замаар зорчигчдоос авах төлбөрөө бага хэмжээтэй болгосон гэж байв. Эргээд бодоод үзэхэд 10-16 жилд тавьсан замын зардалаа төлж, улмаар шинэ зам тавих зардалаа олжээ хэмээн тооцов. Замыг зөв тавьж, ашигтай ажиллавал улсад их ашигтай ажээ. Төсөлөөс төслийн хэмжээтэй эдийн засгийн ашиг олж чадаж байна. Харин манайд бол өөр байна. Бидэнд үнэхээр шинэчлэлт хийх хэрэгтэй байна.
    Бас нэг хөндөх сэдэв бол нэгийг босгож нөгөөхийг нураах ажиллагаа юм. Зам тавьж байна гэж байгаль орчиндоо хамаагүй хандах явдал манайд хэрээс хэтэрсэн харагддаг. Гадаад дотоодын компаниуд бид зам тавьж байгаа гэсэн шиг замбараагүй газар онгичих нь их байна. Өм, өм ухсан уул нуруудаа харахад эзний сэтгэл дутаад байгаа мэт санагддаг юм.

    Д.Жаргалсайхан

    djmedia:496
  • Гурав. ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ.

    Багц 1 буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто зам: Ажлын гүйцэтгэл – 85.43%.
    Багц 3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам: Нийт ажлын гүйцэтгэл – 89.49%.
    Багц 5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам: Нийт ажлын гүйцэтгэл – 92.82%.
    Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр уг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Уг замын ажлын,
    Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Ажлын явц: 28.17%
    Багц 2: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Ажлын явц: 15.16%
    Багц 3: Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Ажлын явц: 14.76%
    Багц 4: Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Ажлын явц: 10.39%
    Багц 5: БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн.
    Дархан-Улаанбаатарын зам тавилтын өнөө цагийн түүх ийм байлаа.

    djmedia:495
  • Хоёр. Дарханаас Алтанбулаг хүртэл, чөлөөт бүс

    Сүхбаатар хотод хоноглоод өглөө эрт Алтанбулагийг зорьлоо. Худалдааны чөлөөт бүсээр оров. Миний хувьд өмнө Эрээн, Хөх хотын чөлөөт бүстэй танилцаж байсны хувьд чөлөөт бүс гэж өөр зүйл харсан билээ. Чамлахаар чанга атга гэгчээр ямар ч байсан чөлөөт бүс ажлаад эхэлжээ. Хоосон байсан чөлөөт бүсийн хашаанд цөөнгүй худалдааны төвүүд баригдсан байна. Тэдгээрийг холбосон зам тавигджээ.
    Миний үзсэн чөлөөт бүс нь хил дээр бус нутгийн гүнд эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалт ихээр татсан үйлдвэрлэлт, ажилчдын байрлах хороолол, эмнэлэг, сургууль, захиргааны төв байрласан, амралт цэнгэл, зугаалгын газартай цогцолбор газар байсан.
    Хил дээрээс бид зорчигчоо аваад тогтсон дэглэмийг хатуу баримтлан замдаа зогсолгүй явсаар Дулаанхааны хяналтын цэг дээр ирж лацаа авч улмаар хот руу хөдөлсөн билээ.
    Улаанбаатар хот руу орохдоо Хүй долоо худагийн замаар явсан. Чөлөөтэй зорьчиж байсан тул автомашины хөдөлгөөн ихтэй байлаа. Хүй долоон худагийн засмал зам борооны усанд идэгдсэн бололтой хонхрууд байсхийгээд таарна. Нүх нь гүн. Болгоомж алдаж автомашины дугуйгаа нүхэнд “тааруулчихвал” явах эд анги эвдэх, цаашлаад осол гарах ч эрсдэлтэй. 61-ийн гарамаас баруун аймгийн замруу ороход ороход яг 24 км туулж байв.

    djmedia:494
  • КОВЕДТОЙ ЗУНЫ АЯЛАЛ-(2021 он) ХОЙД ЧИГЛЭЛД Нэг. Улаанбаатар-Дархан чиглэл, Өнөөгийн байдал

    Бидний хотоос гарахдаа Гүнтийн замаар явсан. Хуучин 22 товчооноос Рашаант хүртэл зам засвартай байв. Хятадын Төвөдөд аялж явахад уулын замыг цоолон тавих замыг 2 жилд багтаан хийсэн байсантай таарч байсан. Манай тавьж буй зам бол тал газрын зам билээ.
    Рашаантаас тавьсан шинэ тавьсан зам урамтай сайхан байна. Жолооч нар ч шинэ зам дээр гарсантай зэрэгцэж, хурдаа нэмж нийт 20.5 км туулаад шороон зам руу оров. Энэ нь Улаанбаатараас хөдөлснөөс хойших 44.5 км-т сайжруулсан шороон зам руу орж буй хэрэг юм. Сайжруулсан зам учир дэржигнүүртэй, шороо босох, энхэл донхол гээд тав тухтай зорчих талаасаа шаардлага хангахгүй нь ойлгомжтой. Энэ хатуу хөрстэй замаар яг 3.8 км зорчиж байна.
    Сайжруулсан шороон зам дуусч Дарханы хатуу хучилттай хуучин зам дээр гарч ирэв. Энэ нь ямар нэг засвар, шинэчлэл хийгдээгүй, хуучин зорчиж байсан хатуу хучилттай зам гэсэн үг. Уг хэсэг замыг өмнө нь хааж, жолооч тээврийн хэрэгсэл шороон замаар зорчиж байсан юм. Тэгвэл одоо зорчих хөдөлгөөний хурдад бага ч болов нэмэх зорилгоор хуучин замаа нээсэн бололтой. Хуучин зам эвдрэл ихтэй ч сайжруулсан шороон замтай харьцуулахад илүү тухтай юм. Гол нь хурдаа зөв тохируулж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэгт анхаарал болгоомжтой байхгүй бол замын эвдрэлээс болж ноцтой хохирол амсах эрсдэлтэйг анхаараарай. Уг замаар 14.3 км зорчиж, хотоос гарснаас хойш 62.6 дахь км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Өөрөөр хэлбэл, асфальтаар хучихаас бусад ажил нь гүйцэтгэгдсэн бололтой зам юм. Уг зам урт үргэлжлэхгүй. 1.2 км яваад, Дарханы хуучин зам руу дахин нийллээ. 1.9 км явснаар 65.7 дахь км дээр шороон зам руу ороод явчихав. Энэ хэсэгт авто замын ажил ид бужигнах аж. Жолооч бүр л дуртай замаараа давхилдана. Автомашины хөдөлгөөнд хөрс нь сийрэгжсэн тул цагаан тоос улам дэгдэнэ. Үүнээс болж зэрэгцэж явахад урд талын машин харагдахгүй байх, цаашлаад бүхээгт шороо тоос орох зэргээр бэрхшээлүүдтэй. Энэ хэсэгт салаа зам гарах, урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийг сайтар ажиглах зэргээр анхаарал болгоомжтой зорчихгүй бол осол гарах эрсдэл өндөртэй ажээ.
    Хэрвээ бороо хуртай бол энэ зам шавар болж, шарвалт ихсэж, замд тогтсон усны гүнийг мэдэхгүйгээс хурд бүр бага явахад хүрнэ. Энэ удаа бороо ороогүй тул зам таатай байлаа. Шороон замаар “туучихад” хөрс нь зөөлөн тул сайжруулсан шороон замаас илүү хурдтай явах боломжтой байв. Ийнхүү явсаар 71 дахь км-т дахин Дарханы хуучин хатуу хучилттай зам руу нийлж байна. Бид Баянчандманыг өнгөрөв. Шороон замаар 5.2 км явсан гэсэн үг. Уг замаар 15.9 км явсаар, Улаанбаатараас гарснаас хойш 87 дахь км-т шинэ зам дээр гарч ирлээ. Шороон замаар зорчиход өгсүүр, уруу ихтэй, бартаа саадтай хэсэгт тавигдсан уг зам жолооч нарын ая тух, аюулгүй байдлыг сайн хангаж байна.
    Мэдээж ямар ч сайхан зам дээр хурдаа зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчих нь жолооч бүрийн ухамсар, хариуцлага билээ. Шинэ зам 24.2 км үргэлжиллээ. Хотоос гарснаас Урьхан хоолны газрын дэргэдүүр өнгөрөнгүүт нэг км орчим зайг хуучин замаар туулснаар дахин шинэ замтайгаа золгов.
    Уг зам 20.7 км үргэлжилж байна. Энэхүү замын эхэнд хурдны дээд хязгаарыг 30 км гэсэн тэмдэг тавьжээ. Шинэ замд дээр ийм хурдтай явах нь зохисгүй аж, гэхдээ дүрэм бол дүрэм билээ. Жаргалант руу салдаг хөндийд цагдаа нар хурд хэмжиж буйтай таарав. Мэдээж ийм сайхан зам дээр ихэнх машин хурдаа дүрэмд заасан 60 км хурдтай явахад л торгуулна.
    Хэрэв Улаанбаатараас Дархан чиглэлийн 200 гаруй км зам бүхэлдээ ийм болчихвол хоёр цаг гаруй давхиад л хүрчих аж. Жигд хурдтай давхихад шатахуунд хэмнэлттэй, автомашинд эвдрэл гэмтэл үүсгэх энхэл донхол байхгүй, ялангуяа, ачаа тээвэрт тун сайхан боломжийг нээж өгөх нь ээ. Том чингэлэгтэй автомашины цуваа, ногоо ачсан “портер”-уудын жолооч нар шороон замаар тун төвөгтэй зорчих юм. Бороо ус ихтэй үед бүр ч аргаа барж байна. Ингэж нэг юм зүтгэсээр сайжруулсан, эсвэл шинэ зам дээр гарч ирэхээр зоо нуруу нь тэнийдэг байх нь ээ. Харин жижиг тэрэгтэй жолооч нарын хувьд сайжруулсан зам тун зовлонтой. Хатуу хөрстэй, дэржигнүүр ихтэй учир жаахан хурд авахад л хамаг дугуй, эд анги нь салах гэж байгаа мэт ойж бууна. Амортизатор, явах эд ангиас эхлээд энэ зам дээр л хамгийн их “зовлон зүдгүүрийг туулдаг” нь гарцаагүй.
    Шинэ замаар явсаар Баруун хараа дөхөөд 133 км-т сайжруулсан шороон зам руу нийлж байна. Уг зам 2.3 км үргэлжилж, 135 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу нийлэв. Энэ зам 12 км үргэлжилнэ. Ингээд 147 дахь км дээр шороон зам руу орж, тоос татуулсаар манаргалаа. Уг замаар зургаан км явж, 153 дахь км дээр сайжруулсан шороон зам руу дахин нийлсэн юм. Улмаар хоёр км явж, нийслэлээс гарснаас хойш 155 дахь км дээр Дарханы хатуу хучилттай хуучин зам руу орлоо. Энэ зам 21.6 км урт. Ийн явсаар 177 дахь км дээр шинэ зам дээр гарч ирэв. Уг зам Цайдамын хөндийгөөс эхлээд Хонгор сумыг өнгөрч Дархан хот хүртэл үргэлжилж байна. Улаанбаатар-Дархан чиглэлд 210 км орчим гэж тооцвол уг зам 30 км үргэлжилж байна. Уг замыг дөрвөн цаг орчим туулсан юм. Хамгийн их хурд саарсан нь сайжруулсан болон шороон зам байлаа.
    Хот хооронд байнга зорчдог жолооч нарын хувьд замын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад сайжирсан гэж ярьж байгаа ч зорчиж явахад ихэнх газар замын ажил үргэлжилсээр байна. Мөн огт ажил хийгдээгүй хэсгүүд ч байлаа. Саяхан шинэ 130 км замыг хүлээн авч, хөдөлгөөнийг нь нээсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явсан билээ. Харин бид 96 км-ийг шинэ замаар туулсан юм. Үлдсэн нь сайжруулсан шороон зам, Дарханы хатуу хучилттай хуучин зам хэвээр байв.

    djmedia:493
  • Э.БАЯСГАЛАН: “ОЮУТОЛГОЙ”-Н ТУЗ-ӨӨР “РИО ТИНТО”-ТОЙ ХОЛБООТОЙ ХАРИУЦЛАГЫН БАГЦ АСУУДЛЫГ ЯРИНА

    -“Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн. Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

    Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой.

    “Оюутолгой”-н ТУЗ-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг наймдугаар сарын 25-нд хэлэлцэж, танилцаад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Есдүгээр сарын эхээр хуралдах ТУЗ-ийн хурал дээр зөвлөмжийг яаж авч хэрэгжүүлэх болон менежментийн алдаа гаргасан асуудалд ямар хариуцлага тооцох талаар ярилцана. Мөн зардал хэтрэлтийг даамжруулахгүй байх арга хэмжээ авах, ер нь менежмент солигдох ёстой юу гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой. “Рио Тинто” менежментийн төлбөр гэж авсан мөнгөө авч үлдэх нь зөв үү, үгүй юу гэдгийг хөндөнө. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудлыг багцаар нь ярихаас гадна хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмжийг ярих ёстой. Шаардлагатай бол тусгай хороо байгуулж санхүүгээр мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийг томилж ажиллуулах болно.

    -ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор “Рио Тинто”-гоос тайлбар авсан уу?

    -Наймдугаар сарын 25-нд болсон ТУЗ-ийн хуралд “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Ж.Болд оролцоогүй. Оронд нь өөр хүн төлөөлсөн. Оюутолгойн гүйцэтгэгч компанийн төлөөлөгч хуралд оролцож, ТУЗ-ийн гишүүдийн асуултад хариулаагүй нь тун харамсалтай. Одоо болтол “Рио Тинто”-гоос хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны хариулт авч чадаагүй. Зарим нэг зүйлтэй эвлэрч, санал нэгдэж байна гэснээс биш албан ёсны хариулт өгөөгүй.
    “Рио Тинто” үнэхээр менежментийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бол ямар арга хэмжээ авч, гэрээндээ ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэрээ бол хоёр талын эрсдэлийг бууруулах механизм учраас ийм том хэмжээний эрсдэл үүссэн үед маш чухал асуудал. Хамгийн анхны 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд 1.5 тэрбум ам.долларын зардал хэтрүүлсэн байхад хөнгөн хэмжээнд авч хэлэлцэх асуудал биш байх. Тиймээс хариуцлагын асуудал ярихаас гадна цаашид зардал хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр ойлголцох ёстой.

    -Хариуцлагын асуудлыг хэрхэн харж байна. ТУЗ-ийн гишүүдээс хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмж өгсөн гэлээ. Зөвлөмжид юу тусгасан бэ?

    -Хоёр байгууллага ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байхад гүйцэтгэгч нь ажлаа сайн хийхгүй их хэмжээний нэмэлт зардал гаргаж дээрээс нь байнга татаас аваад байвал яах вэ. Ажил нь хоцрогдож, зардал нэмээд байгаа асуудал дээрээ бүрэн дүүрэн хариулт өгөхгүй худал ярьж төөрөгдүүлээд байгаа учраас хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх гэж бодож байна.
    “Рио Тинто” компани менежментийн төлбөр гэж Оюутолгойгоос их хэмжээний мөнгийг тухайн жил эхлээгүй байхад урьдчилаад бэлнээр авдаг. Ингэж урьдчилж мөнгө авч ажиллачихаад сэтгэлд хүрэхгүй, мэхэлсэн тохиолдолд мөнгөний асуудал ярих ёстой. Их хэмжээний мөнгө авах нь үндэслэлтэй юу гэдгийг хөндөх ёстой. Мэдээж цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал байгаа ч цаашид яах вэ гэдгээ тодорхой болгож нарийн тооцох шаардлагатай. Менежмент зөв явсан эсэхээс шалтгаалаад зардал хэтэрсэн асуудал яригдана.

    Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс зардлаа мэргэшсэн хүмүүсээр хянуулах ёстойг зөвлөсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт хамгийн анх батлагдсан 5.3 тэрбум ам.доллар даваагүй байгаа. Тиймээс 6.8 тэрбум ам.долларыг нягтлах ёстой гэж зөвлөсний дагуу ТУЗ-ийн хуралд тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байна.

    -Хөндлөнгийн шинжээчид өмнө нь “Рио Тинто”-д ажиллаж байгаад гарсан учраас буруутгаж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байсан. Шинжээчдийн багийг хэрхэн сонгосон бэ?

    -Хөндлөнгийн шинжээчдийг томилох гэж 2-3 сар болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд далд уурхай болон төслийн менежмент, худалдан авалт, геотехник, зардлын хяналтаар мэргэшсэн мундаг баг бүрдүүлсэн. Мөн энэ багийн гаргасан дүгнэлтийг дахин мэргэжлийн хүмүүсээр хянуулсны үндсэн дээр хөндлөнгийн шинжээчийн баримтад ач холбогдол өгч байгаа. Дүгнэлтийн үнэ цэн хэлэлцээрийн үеэр харагдах байх гэж итгэж байна.

    -Далд уурхайг эхлүүлэх асуудал хүлээгдэж байна. Юунаас шалтгаалж байна вэ?

    -Засгийн газар есдүгээр сард багтаан далд уурхайг эхлүүлэх байр суурьтай байгаа. “Рио Тинто” компани техникийн хувьд бүрэн боломжтой гэсэн хариултыг өгсөн ч өнөөг хүртэл эхлэхгүй явсаар байна. Албан бус мэдээллээр далд уурхайгаа эхлүүлэхгүй бол сар бүр 100 сая ам.долларын зардал гарна гэсэн тооцоог “Туркойз хилл” компани хийсэн юм билээ. Энэ мэтээр зардал хэтрэхээс гадна төслийн үнэ цэнийг бодолцох ёстой. Өдөр өнгөрөх тусам мөнгөний үнэ цэн унаж байгаа үед төслийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй.

    Далд уурхайг эхлүүлэх нь хоёр талд харилцан ашигтай учраас аль болох шуурхайлах шаардлагатай байтал Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажлууд дээр шантаажилж байгаа гэж харж байна. Тухайлбал, Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авахдаа мэргэжлийн зөвлөлөөр оруулж, нарийн судлах учиртай.

    Гэтэл Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авсны дараа далд уурхайг эхлүүлнэ гэсэн шантаажилсан, барьцаалсан арга барилаар явж байгаа нь удаан хугацааны түншлэл үүсгэхэд хүндрэлтэй. Дубайн гэрээн дээр ч ийм асуудал үүсэж байсан.

    -Лондоны шүүх дээр арбитрын маргаан үүсгэсэн. Цаашид үргэлжилнэ гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байна. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

    -Ерөнхий сайдад илгээсэн захиаг нь хараагүй. Хэлэлцээр байгуулах ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг мэдэхгүй учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй. Мөн арбитрын маргаанд огт оролцоогүй.

    – Засгийн газрын эзэмшиж буй “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасныг Засгийн газар мэдэгдлээ?

    -Миний хувьд Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг “Рио Тинто” компани ярилцъя гэдэг бол сонин л сонсогдож байна.

    -Ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ гэж байгаа. Хэрхэн үргэлжлэх бол?

    -Хэлэлцээрийн шатанд сайн зөвлөхүүд ажиллуулах ёстой. “Рио Тинто”-гоос санал өглөө гэхэд шийдвэрээ хурдан гаргахаас илүү ул суурьтай хандах хэрэгтэй байх. Монголд ашигтай талаас нь нухацтай судлахаас гадна өөрсдөө санал тавих, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцах ёстой. “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд бүрэн дүүрэн хариулт өгөөгүй байхад тавьсан саналыг нь яаран хүлээж авч шийдвэрлэх шаардлагагүй гэж бодож байна.

    Далд уурхайг эхлүүлэхэд хэлэлцээр өрнөж, төгсөх шаардлагагүй. Тэр болгоныг хэлэлцээртэй холбох нь утгагүй. Хоёр талдаа ашиггүй, эдийн засгийн алдагдалтай шийдвэр гаргаж болохгүй.

    -“Оюутолгой”-н ТУЗ тэр бүр нээлттэй байдаггүй. Тиймээс Монголын талын байр суурийг хамгаалахад ямар үүрэг, хариуцлага, нөлөөтэй байдаг талаар нийгэмд хариулт нэхсэн олон асуулт байдаг?

    – “Оюутолгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын талаас, гурвыг нь “Рио Тинто”, “Туркойз хилл”-ээс томилдог. Одоо Монголын талаас Н.Баганбанди, З.Ган-Очир бид гурав ажиллаж байна. З.Ган-Очир бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдсон. Ажлаа аваад есөн сар болж байна. Миний хувьд аль болох олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж байгаа. ТУЗ улирал тутам буюу жилд дөрвөн удаа хуралддаг. Хороогоор хэлэлцсэн асуудлыг ТУЗ-д танилцуулж, компанийн захирлууд тайлангаа тавьдаг. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг ТУЗ батлахаас гадна 250 сая ам.доллараас дээш мөнгөний хэлэлцээрийг заавал хэлэлцүүлдэг. Санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчийн асуудал гэсэн олон асуудал бий.
    Миний хувьд гэрээний дагуу Санхүү, аудитын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулж нэлээдгүй цаг авч ажиллаж, шаардлага тавьсны үр дүнд 157 хуудас шинжээчийн дүгнэлт гаргууллаа.
    ТУЗ-өөр хэлэлцэж байгаа ихэнх асуудал олонхийн саналаар шийдэгдээд явдаг. Жишээлбэл, харилцан хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудалд Монголын талын байр суурийг хэчнээн хамгаалсан ч олонхийн буюу “Туркойз хилл”, “Рио Тинто”-гийн зургаан гишүүн батлаад явах боломжтой байдаг. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талын гурван хүн орчихоод зүгээр суудаггүй. Компанийн тухай хуулиар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахаас гадна “Эрдэнэс Оюутолгой” компаниас удирдамж авдаг.

    С.Уянга
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МАРШАЛ ГЭЛЭГДОРЖИЙН ДЭМИД

    Дэмид тус хүрээнд амьдарч ажиллаж байсан Хятад, Орос, Төвд, Дани, Монгол лам хуварга худалдаачин, түшмэл, бичээч зэрэг таван хэлийн олон янзын хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, арилжаа наймаа, худалдаа үйлчилгээ, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч өөрөөр хэлбэл олон янзын хүмүүсийн дунд орж, ажилласан нь тухайн үедээ, тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан нь ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгчээ.
    Г.Дэмидийг 17 настай байхад Хан-Өндөр уулын хошууны төвд Наянт вангийн гутгаар хүү Артаасэд Бээжингээс ирж Монгол бичгийн сургууль “Тэнхим” байгуулсан нь түүний холыг харах, алсыг ухааруулах, билгийн нүдийг нээжээ. Тэнхимийн “Эрдмийг суръя гэвэл бичгийг сур. Эрүүлийг хүсвэл цэврийг сахь” гэсэн уриа дуудлага нь Дэмид хүүгийн сэтгэлд яв цав тохирч, бичиг үсгийг шамдан сурч, алсын замд гарч холыг зорих эрдмийн аянд баттай дөрөөлүүлжээ.
    Г.Дэмид 21 настайдаа 1921 онд шинэхэн үүсэж байсан ардын журамт цэрэгт ах Надмидынхаа оронд сайн дураараа элсэн орж, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцож явсан аж. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1921 онд Алтанбулаг хотод МАХН-д гишүүнээр элсжээ.
    Дэмид багадаа хурдан морь унадаг, ажнай хүлгийн уяачдынхаа тоосонд хийморь сэргэдэг байсан нь хожим нь моринд дуртай болгож цэргийн жанжин болсон үедээ ч тэр хүслээ хөглөсөн. 1926 онд Зөвлөлт Орос улсын Тверь хотын морин цэргийн сургууль онц дүнтэй үлгэр жишээ суралцсан байдаг.
    Цэргийн зөвлөлийн гишүүн Г.Дэмидэд Англи Улсаас морин цэргийн сайхан эмээл бэлэглэсэн байдаг. Энэ эмээл болон түүний эдэлж хэрэглэж байсан цэргийн дүрэмт хувцас Монгол цэргийн музейн үзмэрт бий.
    Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол Ардын Хувьсгалт Цэргийг өөрчлөн шинэчилж, эхний ээлжинд механикжсан морьт цэрэг, улмаар орчин үеийн арми болгох зорилтыг дэвшүүлж байв. Түүний санаачилгаар 1930-аад оны дундуур Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт техникийн цэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Г.Дэмидийг “техникжсэн морьт цэргийн онолыг үндэслэгч”, “цэргийн шинэчлэлийн анхдагч” хэмээн дүгнэдэг. Г.Дэмид Монгол, Зөвлөлтийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын зарчимд тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, зөвхөн дайны цагт Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах, бусад үед техник-эдийн засгийн тусламж авах тухай байр суурийг баримталж байв.
    Маршал Г.Дэмид ЗХУ-ын БХЯ-ны сайд К.Е.Ворошиловын урилгаар Зөвлөлтийн цэргийн маневрын сургуулийг үзэхээр явж байгаад 1937 оны 8 дугаар сарын 27-нд ЗХУ-ын нутаг Сибирийн төмөр замын Тайга өртөөнд учир битүүлгээр нас баржээ. Тухайн үедээ түүний үхлийг хоолны хордлогоос болсон хэмээн тайлбарлаж байсан боловч энэ нь зохион байгуулалттай улс төрийн аллага байсан гэж судлаачид дүгнэдэг. Түүнийг нас барсны дараахан “Дэмид бол хувьсгалын эсэргүү, Японы тагнуул” байсан хэмээн зарлаж, аав Гэлэгдорж, эхнэр Навчаа болон төрсөн ах, дүү нарыг нь баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.
    Маршал Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.

    djmedia:492