Хурц үрэвсэл намдсан, архаг үрэвсэлтэй үед өөх тосгүй, махтай гурилтай хоол, бантан, ногоотой шөл, төрөл бүрийн ногооны зутан, нухаш, хярам, ногоон цай, талх, тос багатай боов, алим бусад исгэлэн бус шинэ жимс идэхийг зөвлөж байна. Харин шарж хайрч болгосон малын гаралтай өөх тостой хоол, даршилсан төрөл бүрийн хүнс, хоол амтлагчууд, хорхог, боодог, гэдэс, борц, хүйтэн хоол, архи, дарс, айраг, хийцтэй болон өтгөн цай, хийжүүлсэн ундаа, хүйтэн унд, цай, хөөлгөгчөөр исгэсэн гурилан бүтээгдэхүүн, тосорхог жигнэмэг, боов, шоколад идэхийг хориглодог. Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн эмээр бус хоолоор эмчлэгддэг, өвчтөн зөв дэглэм барих эсэхээс их шалтгаална.
Author: admin_shaman
-
НАРНЫ ТАХИЛГА-2021 БОЛЛОО
Учир нь галын бөөлөнд оролцсон улаач нар шөнөжин бөөлж, үндсэн үйл ажиллагаа эхлэх үед оролцох чадваргүй болчихсон байдаг туршлагаас улбаалан ингэж шийдвэрлэсэн байна.
2021 оны 6 дугаар сарын 22-ны наран мандах мөчид Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал нарны тахилга, залбирал бөөлөөгөө эхэллээ. Дараа нь Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал хуяглан, халх бөөгийн өвөрмөц дэг жаягыг харуулсан бөөлөлт хийсэн. Тэрхэн мөчид тэнгэрт солонго татаж, Нарны тахилгадаа хүч нэмж буйг дахин илэрхийлэв. Ийнхүү хоёр өдөр дараалан тэнгэрт солонго татан тодорлоо.
Нарандаа өргөх идээний дээжээ тавьж, аргал бүхий тулган дээр есөн тогоонд дахь сүүгээ буцалж байлаа. Наран мандах үед Морин хуурын эгшиг, уртын дууны аянд Нарны тахилганд хүч нэмэн залбиралд оролцогчид уухайлан түрлээ. Олон зан үйл монгол уламжлалыг илтгэн харуулж байлаа. Нөгөө талдаа халх бөөлөний онцлогыг илэрхийлж чадсан.
Энэ удаагийн нарны тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа шавь нарын хамт идэвхтэй оролцсоныг тэмдэглэхийг хүсч байна.
Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй.
Нарны тахилгын дараа Үндэсний бөхийн аймаг, сумын цолтой бөхийн барилдаан сонирхолтой сайхан болж өнгөрлөө. Мөн урд өдөр нь үндэсний сурын харвааны сорилт боллоо.
МБНЭ-ийн Ерөнийлөгч Д.Жаргалсайхан дүн гаргаж үг хэлэхдээ “6 дугаар сарын 22-ны өдрийн Нарны тахилга нь Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн Тахилгын өдөр төдийгүй, Үндэсний бөх, сурын харвааны сорилын болдог, хурдан марины их, бага сунгаа болдог, наадмын өнгө зүсийг тодорхойлдог өдөр болон хэвших болтугай гэж ерөөв.
-
МОНГОЛ ТУУРАГТАНГУУД, ӨВӨРМОНГОЛЧУУД НАРНЫ ТАХИЛГАА ХИЙЛЭЭ.
Тахилгын араас гурван өдөр дараалан хур бороо орж олны сэтгэлийг байсгаж байна.
МБНЭ-ийн гишүүн удган, зайрангууд нэр төртэй сайн ажиллаж байгааг тэмдэглэж байгаа. Манай зарим гишүүд мөнгөний хойноос улайран хөөцөлдөж байгааг бид сэрэмжлүүлэн мэдээлж, зарим улаачид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн билээ. Энэ бүхнийг онцлон анхааруулах нь зүйтэй болов уу.
-
ЛУС САВДАГТАЙ ТААРАЛДСАН ӨВГӨН
Аргал, янгир, ирвэс дүүлэн чухам л баялаг бүхэн сүлэлдэн орших эл үзэсгэлэнт уулнаас нутгийн хүмүүс оготнын хамраас ч цус гаргадаггүй уламжлалтай. Ямар сайндаа л миний өвөө амьд сэрүүн үедээ /1970аад оны үед Цүлтэм бандихай хэмээн алдаршсан өвгөн лам байлаа/ авга ах Лханаажавт «Халзан бүргэдтэйд буу дуугаргаж болохгүй. Савдаг нь хилэгнэвэл хэцүү шүү» гэж аминчлан захидаг байжээ. Яагаад гэвэл авга ах маань энэ уулын өвөр дэх Налгар хэмээх нэртэй газар өвөлждөг байснаас тэр.
Нэгэн удаа гэрээс нь холгүйхэн малын сэгэн дээр үнэг эргэлдээд байхаар нь очоод буудаж орхижээ. Маргаашнаас нь эхлээд мал нь үхэж эхэлсэн бөгөөд өвөө ном уншиж Халзан бүргэдтэйд тахил өргөснөөр мал хорогдох нь зогсчээ. Түүнээс хойш Лханаажав авга маань эл хайрханаа шүтэн тахиж явах болсон аж. Тэгснээрээ ч мал ахуйгаа энх тунх өсгөснөөр тухайн үедээ алдар хүндийн оргилд гарсан билээ. Өвөл авга маань Халзан бүргэдтэй ууланд явж байгаад нэгэн сонин амьтантай хэдэнтээ тааралджээ. Юм юм үзсэн хүн гэхэд тэр амьтанд яг таг оноосон нэр өгчихөж чадсангүй. Бугатай төстэй хэрнээ эвэргүй, жижигхэн толгой, тарган том биетэй цав цагаан зүстэй тэр амьтантай гурван удаа тааралдсан бөгөөд үүнийхээ дараагаар ёс юм шиг нэгэн шагнал хүртдэг байсан гэнэ.
Энэ тухайгаа өвөөд хэлэхэд «Чи их хувьтай хүн юм. Энэ бол Халзан бүргэдтэйн савдаг юм гэнэ лээ. Би л олж харж чадаагүй юм даа» гэж хэлдэг байсан аж. Мэдээж хэрэг хатуу хүтүү үе байсан учраас хүн амьтанд хэлсэнгүй. Харин 1990-ээд оны эхээр хүргэн С.Нохойжав нь явж байгаад мөнөөхөн савдагтай тааралджээ. Тэр тухайгаа авга ахад маань хэлэхэд «За яамай даа. Би хүн үнэмшихгүй байх гээд одоо хүртэл дуугараагүй юм» гэжээ. Өнөөдөр Оросын геологичид Халзан бүргэдтэй уулыг зэс, фосфор, вольфромын асар их нөөцтэй хэмээн тогтоогоод байгаа. Хэрэв зээ ухаж төнхвөл савдаг нь хилэгнэх байхдаа гэж бодохоос өөрийн эрхгүй айдас төрдөг юм хэмээн Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Цагаан гуай нэгэнтээ сэтгүүлчид хөөрсөн нь энэ аж. -
ТУВА, ХАКАС, ЯКУТ, АЛТАЙН ХЯЗГААР, СИБИРИЙН БӨӨ НАР ЦУГЛАРЧЭЭ.
ОХУ-ын сибирийн Камерова хотын Яшин дүүргийн байгалийн хадны зураг бүхий цогцолборт Тува, Хакас, Якут, Алтайн хязгаар, сибирийн бөө нар цугларчээ.
2021 оны 6 дугаар сарын 22-нд тэрхүү байгалийн цогцолборт Тува, Шориа уулын Шориа, Хакасси, Якутиа, Алтай, Томскийн бөө нарын томоохон уулзалт болжээ. Писанаяа тосгон, Яшкинский хотоос Юрга дүүргийн хот хүртэл 140 га талбай бүхий ойн бус, өргөн нутагт 50 км-ийн зайд сунасан чулуу хадан зурагнууд байдаг ажээ.
Тува, Шориа, Хакасси, Якутиа, Алтай, Томскийн бөө нар уулзаж хамтарсан бөөлөө хийж, ярилцаж, санал бодлоо солилцож, урлагын хамтарсан тоглолт хийдэг ажээ.
-
НАРНЫ ТАХИЛГАД ЗОРИУЛСАН ГАЛЫН ЗАЛБИРАЛТ, БӨӨЛӨЛТ ХИЙЛЭЭ.
Галын залбирал дэг журамтай, Дэг журамтай сайхан болж өнгөрлөө.
Нарны тахилгаа хамтарч хийх бодлогыг дэмжиж оролцсон улаач нар, шүтлэгтэн олондоо баярлалаа. Монгол бөө мөргөл нар минь нэгдэн тэлж, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай.
-
МБНЭ-ИЙН ДҮРЭМ-ЭЭС
5.7. Дээд цэцийн хуралдайн ээлжит хурлыг 1,5 сар дутам нэгээс доошгүй удаа хуралдуулна. Бөөгийн үйл ажиллагаа, тахилгын ажиллагаанаас шалтгаалан зуны улиралд 6-9 дүгээр сард хуралдахгүй байж болно.
5.8. Дээд цэцийн Хуралдай нь Тэнгэрийн улаач, эрдэмтэн судлаачид, шүтэгчид, ивээн тэтгэгч, дэмжигчидээс уламжлалт жаягаар томилогдож, сонгогдоно.
5.9. Дээд цэцийн хуралдайн гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хүчинтэй гэж үзнэ.
5.10. Дээд цэцийн хуралдайг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулна. Хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч болон Бөөгийн зөвлөлийн шийдвэрээр гишүүдэд мэдээлнэ.
5.11. Дээд цэцийн хуралдайн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Дээд цэцийн хуралдайн шийдвэр бичгээр гарч Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, “Дээд цэцийн Хуралдайн шийдвэр” нэртэй гарна.
5.12. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн нь хуралдааныг шалтгаангүйгээр гурван удаа тасалбал чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөн тухай нийтэд мэдээлнэ.
5.13. Дээд цэцийн хуралдай нь Бөөгийн зөвлөл, Төлөөллийн, Залуучуудын зөвлөлийн салбар хуралдаантай байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Гишүүдийг аль зөвлөлд байхыг батална. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн удирдагч, дэд удирдагч нар зөвшилцөж шийдээд МБНЭ-ийн Ерөнхийлөгчид мэдэгдсэний дараа гишүүдэд зарлана.
5.14. Дээд цэцийн хуралдай дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
5.14.1. МБНЭ-ийн бөөгийн хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлох.
5.14.2. МБНЭ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх. Томилогдсон албан тушаалтнуудын ажил үүргийн хуваарийг батлах.
5.14.3. Нийгэм, эдийн засаг, улс төр, бөөгийн асуудлаар санал дүгнэлт гаргах.
5.14.4. Бөөгийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх.
5.14.5. МБНЭ-ийн Дээд хуралдай болон Дээд цэцийн хуралдайн шийдвэрийн биелэлтийг хангаж, өдөр тутмын ажлыг удирдах.
5.14.6. Салбар байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагааны тайланг сонсож хэлэлцэх, зөвлөмж өгөх.
5.14.7. Дүрэмд бөөгийн сонгуульт байгууллагын хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах.
5.14.8. МБНЭ-ийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай заавар, журмыг санаачлан батлах, мөрдүүлэх.
5.14.9. Дээд цэцэд хэлэлцүүлэх асуудлаар санал, зөвлөмж оруулах.
5.14.10. Бөөгийн шагнал бий болгох, түүнийг олгох журам, батлах.
5.14.11. Дээд хуралдайн чөлөөт цагт бүрэлдэхүүнд орон гарвал нөхөн сонгох.
5.14.12. Дээд цэцийн хуралдайд энэ дүрэмд заасан хугацаанд татвараа бүрэн төлсөн гишүүн саналын эрхтэйгээр оролцоно. -
ХУРДАН ХҮМҮҮС
Үнэг гүйцдэг Тогооч
Хэнтий аймгийн хуучин Идэрмэг сумын нутагт Зээгийн Тогооч гэж их хурдан хүн байжээ. Тиймээс нутаг усныхан нь “зээр гүйцдэг Зээгийн Тогооч” гэцгээдэг байсан гэнэ. Нэг удаа нутгийн анчид Баянхутаг уулыг үргээгээд үнэг хөөж гаргахад З.Тогооч Талын толгойн урд бэлээс явган хөөж Талын толгойг хоёр, гурав тойруулан элдээд гүйцэн “намнаж” байсан гэдэг юм. Тэрхүү хурдан З.Тогоочийн хүү “Мичин” Чоймбол гэж арван засгийн наадмын начин цолтой гучаад оны эхээр ч юм уу даа жин тээж явсаар “Идэр жинчин” цол хүртэж байсан БНМАУ-ын хорин жилийн ойн тухай журналд ч дүр нь мөнхөрсөн хүн байлаа. Лагс зузаан битүү хууз сахалтай цэнхэр нүдтэй Т.Чоймбол өвгөний бидний үеийнхэн ихэд хүндэтгэн “манай нутагт Маркс төрсөн” хэмээн хөөрцөглөн ярилцдаг байсан юм.
Хурдан хоёр
Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт “Тонгоон” Осор, “дээхэн” Ядам гэдэг ихэвчлэн явган гүйж явдаг сонин хүмүүс амьдарч байжээ. Тэрхүү Осор, Ядам хоёр залуудаа Баруун Харгана уулын бэлээс өглөө эрт Тэсийн голын усанд орж сэлнэ, сэрүүцнэ гэж явган гарч хоёр өртөө гаруй зайтай байх голын усанд орж сэлж зугаацаж байгаад тэндээс гарч гүйсээр үдийн хонь сааж байхад эргэж ирж байсан гэнэ. Энэ нь Осор, Ядам хоёр жар, далаад км газрыг явган гүйсээр 8-9 цагт туулсан хэрэг юм.
“Гүйдэг” Гэндэн
Хуучин Сэцэн Хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошуунд “гүйдэг” Гэндэн гэж их хурдан гүйдэг, яггүй тэнхээтэй нэгэн амьдарч байжээ. “Гүйдэг” Гэндэн нэг удаа арваад мод газраас морьтой хүмүүстэй жанжин Чойр хүртэл явган уралдаад морьтон нөхдөөсөө түрүүлж байсан гэдэг. Бас нэг удаа нутгийнхаа “сэрүүхэн” Ёндон, “халуун” Боожоо, “Галаа” Тавхай гуравтай бяр чадлаа сорьж үзэхээр ярилцан Ламын жас дээр нутгийн жинчдийг тосч очооод хүн бүр 12 пүү хэмжээтэй тэмээний тэнгийн ачаа дөрвөн хунз цайг үүрээд Зүүн Чойр хүргэхээр алхацгааж дээ. Жинчид ч тэднийг бараадаад хөдөлсөн юм биз. Газрын дунд хүрэв үү үгүй юу “Сэрүүхэн” Ёндонгийн хөлс нь цутгаад хөл нь гуйвлаад сөгдөж ойчин ачаагаа жинчдэд өгчээ. Удалгүй “халуун” Боожоо, “галаа” Тавхай хоёр ч тэнгийн тээртэй ачаагаа буулгаж нуруугаа амраасан гэнэ. Харин “хурдан ” Гэндэн ер алжааж ядарсан янзгүй аажуухан алхан хажуугаараа зэрэгцэн яваа тэмээн ачааг зориуд шүргэж “сахилгагүйтсээр” Чойр дээр ирж ачаагаа буулгаад нөгөө гуравтаа “би та нарыг бодвол арай илүү тэнхээтэй тэнгийн ачаа даахтай юм шив дээ” гээд инээж суусан гэдэг хууч яриа байх юм.
Ю.САНЖААГОНЧИГ -
МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ШИЙДВЭР, Нэгдсэн байгууллага гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг
Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна.
1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
4. МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан,
Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:
Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн дээд Удган цолтой болгосугай.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН -
ТҮШЭЭ ГЭЖ ХЭН БЭ?
Мөн улаач өөрөө өөрийн талын хамгийн сайн хүнээ сонгож болдог. Хүн харахад л Бөөгөө дагаад л яваад нэхсэн юмсыг нь авч өгөх үүрэгтэй харагдавч ТҮШЭЭ бол маш хариуцлагатай хэцүү үүрэг, хүнд ажил. Түшээ хүн ч өөрийн үүрэг хариуцлагаа сайн ухамсарлах ёстой. Хэрэв түшээ хүн онгод тэнгэрээс ч илүү эрх мэдэлтэйгээр даналзан, хүн амьтан загнан, шуналд автах, ашиг харах, ирсэн олныг ялгаварлан хандах, Улаачыг буруу үйлд уруу татах, өргөлийг зориулалтын зүйлд нь зарахгүй өөртөө ашиглах гэх мэт ёс суртахууны доголдол гаргаад байвал Шүүлтэнд хамгийн адгийн газарлуу очно гэдгээ мэдэх хэрэгтэй. Жишээ нь зарим нэг улаач бага балчир, түшээ нь аав, ээж нь юмуу , ахмад хүмүүс их байдаг. Энэ хүмүүс балчир улаачынхаа өөрийгөө авч явах чадвар, нас нь болоогүйг далмидуулан муу үлгэр дуурайл үзүүлэн, буруу үйлд хөтлөх үйлийг огт хийж болохгүй.
Онгод Тэнгэр гутвал улаачийн чинь амийг нь таслана. Өөрт чинь ч муу. Тэд бүгдийг харж байдаг, бас заавал шүүлт ирдэг. Онгодыг буухад нь хүний орчлонд дасгаж бусдад таниулж бусдыг таниулах ёстой хүн бол түшээ хүн билээ. Гэвч түшээ хүнийг дан ганц энэ утгаар нь хүлээж авч болохгүй юм. Түшээ хүн хэлмэрч хийхээс гадна онгодыг залж явах хүмүүсийн нэг юм.
Онгодыг улаач хүн залж явдаг гэдэг тэр бол онгод буугаагүй байх үед л байх ёстой үйл онгод буусан үед улаач бус түшээ хүн онгодыг буруу үйл, яриа хийлгэлгүй зөв залж явах ёстой хүн юм. Тиймээс түшээ хүн бол зарим хүмүүсийн боддог шиг онгодын боол биш бас ноён биш байх ёстой. Онгодтой учрахад мэндлэх хүндлэх ёсноос эхлээд монгол ёс жаяг бүгд хэрэглэгдэнэ. Түүнийг түшээ ирж буй хүмүүст таниулах заах, ойлгуулах үүрэгтэй хүн. Түүнээс гадна түшээ хүн улаач хүнийг буруу үйл яриа гаргасан үед ч мөн адил засаж, зэмлэх эрхтэй хүн юм. Иймээс онгод, улаачийг түшээ хүнгүй төсөөлөх аргаггүй.
Мөн ТҮШЭЭ хүн бол онгодын ч үйлчлүүлэгчдийн ч итгэлт хүн нь ёстой. НУУЦ-ыг чанд сахих нь маш хариуцлагатай явдал. Хэрэв ам нь халаад л улаачийнхаа хамаг бүхнийг дэлгэвэл атаатан дайсан тэрнийг нь мэдэж аваад улаачийг чинь хорлоно. Мөн үйлчлүүлэгч түмэн олны нууцыг хадгалах нь хэлэх хэлэхгүй үг ямар хүний дэргэд гэдгийг ямагт сайн тооцож байх нь ах дүү, хамаатан садан, найз нөхөд, эхнэр нөхөр, ажлын түнш ,дарга цэрэг, ахмад буурлууд, хүүхэд багачууд, гээд дуулгах дуулгахгүй олон асуулт гарч ирнэ. Энэ бүгдийг гарамгай овжин зохицуулж байх нь эрхэм үүрэг нь юм. Энэ бол замбативийн хүн ёсны ёс суртахуун, жаргалтай хүн бол БӨӨ дээр ирэхгүй. Ямар нэгэн шалтгаан шаналан зовлон, хүсэл мөрөөдөл,ил далд, асуудлуудаа л шийдэх гэж тусламж хүсэж ирдэг. Хүний амьдрал л учраас ямар ч хүнд юу ч тохиолдож болно. Хүний зовлонг сонсоод гайхах биш надад ийм байвал яах вэ? гэж өөрсдөө мэдэрч байх ёстой.
Түшээ хүн энэ амьдарч байгаа замбативийнхээ амьдралыг сайн мэддэг. Буурлуудад сайн тайлбарлаж чаддаг, ухаантай хүн байх хэрэгтэй байдаг. Түшээ хүн ч Бөөгийн талаар, сүнсний талаар маш их мэдлэгтэй байх нь зүйтэй. Мэдлэг гэдэг нь тэр буурал тэгээд ингээд, ингэдэг тэгдэг гэж үйл явдал, болсон гайхамшгийг нь ярих биш. Дэг журам, нууц, учир холбоо, болох болохгүй үйл, ёс суртахууны өндөр мэдлэгтэй байхыг хэлж байна. Дэг жаягийг улаачид, онгодод, балчируудад маш сайн зааж дэгийг сахиулах учиртай. Хэлсэн үгний наана, цааныг тунгаан ургуулж баяжуулж хийсэн үйлийг алдаа мадаггүй дамжуулан зааж өгөх гүүр нь зайлшгүй юмаа. Түшээгийн хариуцлага алдсан алдаанаас болж онгод (Баалах…) балчирууд хохирох онгодууд үл ойлголцох үйл эргэх харвах дайруулах сулрах гээд бидний ойлгохгүй олон асуудал ар араасаа дэгдэнэ. Зайран хүн нугархад эхнэрээс Удган хүн түшээгээс шалтгаалдаг гэдэг.
Онгодууд түшээгээ хэн хүнээс илүү ойлгож мэдрэнэ тиймдээ ч билгийн мэлмийг нээгээд зарим нэгэнд нь харах үзэх домнох засах шидийн авшиг. Түшээдээ зарим онго их тэнгэрүүд эрдэм чадалаасаа өвлүүлэн үлдээсэн тохиолдол цөөнгүй байдаг байна.
Онгод их тэнгэрүүдтэй хамгийн ойр заларч хэлцээ хийх хосгүй ховор хувь үүрч яваад нь улаач хүмүүн хүртэл атаархах буйзаа…
Түшээ болохоор сонгогдсон хүн эсвэл түшээ хийж байгаа хүмүүс олон зүйлийг ойлгож ухаарах хэрэгтэй :
-Онгод их тэнгэрүүдэд үйлчилж байгаадаа таатай байх хэрэгтэй, ундаалга эмх цэгцтэй, үйлний тагшийг хольж солихгүй байх сольсон тохилдолд онгод сэвтээх, улаач бие өвдөх, өөрөө яр шарх, мундас, хатиг, хомхой шавах, баригдах нигууртай. Улаачаас дутуугүй өвөг дээдсээ хүндэтгэх хайрлах сэтгэлийг оюун бодолдоо оршоох.
-Хэлж байгаа үг бүрээ бодолтой хэлэх хэрэгтэй яагаад гэвэл таны хэлсэн үг үсэг бүр нартын олон үрсүүдэд тэнгэрийн хэлсэн үг болон сонсогдох болно. Буруу зөрүү сонсож үйл гуйвуулсан үед, улаач шийтгүүлэх энгийн хүмүүс хохирох, өөрөө үйлэндээ ороогдох гээд бэрхшээл их бий.
-Юм үзэж нүд тайлж олон арван ном уншиж тэнгэрийн хэлсэн битүү үгийг тайлж гаргаж чадаг байвал тэр хүн жинхэнэ түшээ үр болох ажээ.
Түшээ хүн ганцхан тэнгэрийг түшээд зогсохгүй улаачын хувьд хамгийн дотно туслагч зөвлөгч байх хэрэгтэй байдаг.
ТҮШЭЭ гэж хэн хүссэн болон хийчихээр ажил биш гэдгийг та бүгд ойлгосон байх. Маш тэвчээртэй хатуужилтай, ажилсаг хүн байх нь наад захын шаардлага. Тэнгэртээ улаачтайгаа хамт андгай тангараг өгдөг учир урваж шарваж хөрвөх үг үйлдэл бүр нь онгод тэнгэртээ шууд хамааралтай учир чөлөөлөх асуудалдаа онгодтой зөвшилцөж дээд тэнгэрт таниулан мэдүүлсэний үндсэн дээр бүх зүйлтэйгээ хамааралтай гэдгээ хатуу сана…Онгодууд босох гэж буй улаачаар түшээгээ 3 жил хийлгэсэний дараа бүх зүйл гүйцэж угаа авахад бэлэн боллоо гэж үздэг байсан . Онгодууд сайн түшээгээ таалдаг учир угаа авах үед удмын биш таалсан онгод ч түшээд буух магадлал өндөр байдаг байна. За ингээд энэ эрхэм үүрэг хариуцлагыг үүрч дээд тэнгэрийн хөтөч хийж байгаа бүх түшээ нартаа арвин их үйлийг залгуулж олон түмэндээ хоёромгүй сэтгэлээр сайн сайхан бүхэн хүчин зүтэж байгаа тулгуур багана нь болсон та нарын минь үйлс нь сүү зам татуулан мөнх тэнгэрийн таалалд нийцэх болтугай гээд өчүүхэн бий сэтгэлээ уудлан дэлгэлээ…
Авах гээхийн ухаанаар хандаарай …
МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Боде