Author: admin_shaman

  • ЦААТАН, ДАРХАД БӨӨГИЙН ОНГОД

    3. Хорхой толгой (хорхойн толгой шиг цоохор дүрст онгод) гурав болно.
    Н.Суувъян удганд ч бас эдгээр онгод буй бөгөөд өөрийнх нь ясны онгод саялиг шувуу буюу хөх цэцгий болох нь 1992 оны долдугаар сарын 29- ний бөөллөг хийгээд хэллэг дуудлагаас тодорхой байв. Мөн Н.Суувъян гуайн онгодод баавгай онгод орж ирж урцны модыг (алаажийг) хүрхрэн самарч, сүр жавхлантай орж байлаа. Н.Суувъян гуай ч ер дөхсөн настан биш, хөвчийн хүчирхэг хүрэн мэт харагдаж байв.
    Энэ мэтчилэн бүргэд, шар шувуун дүрт онгодууд ч байдаг байна. Дархад бөө нараас цаатан бөөгийн гол ялгагдах онцлог нь тэдний онгодын хэц-тэлүүрт арав хорь гэх мэт их олон онгод байдаггүй харин ч дөрвөөс тав, ихэвчлэн хоёр гурван л онгод байдаг байна. Уул усны эздийн хувьд цаатан ястны эртнээс идээшсэн нутаг Агыя, Үтэг Хаяа, Жангыс тайга, Тэнгис голын эздийг голчлон шүтдэг байна.

     

  • ЭЦЭСТ НЬ ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?

    Энэ тогтолцоо үнэхээр болж байгаа эсэхийг дүгнэе гэвэл өнгөрсөн 30 жилийн түүхээ өндийж босоод нэг гүйлгээд харахад л ойлгомжтой шүү дээ. Бүр гараанаасаа эхлээд бид сонголтоо ч үнэн зөв хийж байгаа нь баталгаагүй байна. Хар машинаар өгсөн сонгууль маань яаж уншигдаж хаагуур яваад хаана дүн нь гарч хэн хянадаг ч юм бүү мэд. Ард түмэнд бас нэг багцаа байдаг даа. Үнэхээр үнэн юм бол УИХ-д яагаад ядаж арав хорьхон эх оронч хүмүүс гардаггүй юм бэ? Яагаад хэн ч гарна гэж төсөөлөөгүй мэдлэг чадвар дутмаг хүмүүс ялаад гараад ирдэг юм бэ? Бид ийм сохор сонголттой болчихсон гэж би лав боддоггүй. Уул нь шилэн хоргонд саналаа хийлээ нүдэн дээр нь асгалаа тооллоо, нэг хүн улс даяар давхардалгүй нэг л удаа саналаа өгсөн эсэхийг нягталлаа гүйцээ юм шиг л санагдах юм. Яагаад заавал хүндрүүлээд, бөөн зардал, хэл ам болон болон хар машиныг хэрэглэх ёстой гэж. Сонголт үнэн зөв явагдвал цаашид маш их зүйл өөрчлөгдөнө. Ганцхан Ганбаатар ордонд салхи оруулж чадаж байхад ядаж арваад эх оронч байхад тогтолцоог ч өөрчилж болно гэж бодох юм. Мөн улсын амин судас болсон мөнгөний эрх мэдлээ (Монгол Банк) улс авахгүй бол алийн болгон зээл тусламж горьдож хорионд орлогогүй болсон иргэндээ ганц сая төгрөг ч өгч чадахгүй сууж байна гэж. Монгол Банкны үндсэн үүрэг нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах биздээ. Хариуцсан байгууллага нь байсаар байхад эзэнгүй айл шиг юмны үнэ байнга өсч, төгрөгийн ханш нь унасаар байдаг нь ямар учиртай юм бэ? Өнгөрснөө хэр хол харж чадна ирээдүйгээ төдий чинээ багцаадаж чаддаг гэдэг. Ой санамжаа арай урт хугацаатай болгон чагталж баймаар байна шүү.
    Б. Аззаяа

  • БӨӨ БОЛСОН ӨДӨР

    Хажуугаас 2 багшын шахаан дуу орж гараад л ганганы үнэрт мансуураад л зүрх сэтгэл огшоод омогшиж дуу минь чангарч орилж хашгирч уйлж дуулж цөхөрч шантарж аргадаж эрхэлж зовж зүдрэн байж “Тэнгэр шүтээнээ залгуулсан 9 жилийн ойн өдөр” юм.
    Өдийг хүртэл дэргэд минь дэм хайрласан ээж аав,элгэн садангууд,өргөн түмэн жандагууддаа, багшаасаа сэтгэл урваагүй шавь нартаа,хамт олон найз нөхөддөө баярлалаа.Та бүгдийн минь үйлийн үр нь холуур байж,өвчингүй зовлонгүй эрүүл саруул байх болтугай. Хурай! Хурай! Хурай! Өнөөдөр онгод чуулах өдөр. Шинийн-9 Дашнямтай өдөр” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

    2015 оны 5 сарын 27

    Эх сурвалж: www.grandnews.mn

  • КОН АЯА: ТЭТГЭВЭРТ ГАРСНЫХАА ДАРАА МОНГОЛД ИРЭХЭД АМЬДРАЛЫН МИНЬ ХОЁР ДАХЬ ҮЕ ЭХЭЛСЭН

    – Юуны өмнө Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг хүртсэнд баяр хүргэе.
    – Баярлалаа. Энэхүү шагналыг авах болсныг надад гурван сарын өмнө хэлж байсан ч ковидын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсаар саяхан хүртлээ. Элчин сайд Кобаяаши уг шагналыг гардуулах үеэрээ хэлэхдээ япончуудад Монголын тухай мэдээ мэдээллийг хүргэж, 25 жилийн турш зохиогдаж буй “Тал нутгийн марафон”-ы зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсээр ирсэн, “Янзага” хүүхдийн явуулын номын сангийн үйл ажиллагаа болон япон хэлний багшаар ажиллаж буй үйл хэргийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон хэмээсэн.
    Анх ирэнгүүтээ онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн.

    – Та хамгийн анх Монголд ирж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач? Тухайн үед Монгол ардчилсан улс болоод удаагүй байсан цаг.
    – Анх ирээд зочид буудалд буулгүй, малчин айлд байрласан. Тухайн үед зун цаг байсан ба онгоцны буудлаас шууд хөдөө явж байхдаа Монголын өргөн тал нутаг, хөх тэнгэр, байгалийг сайхныг хараад сэтгэл хөдөлсөн. Би зурагт ном дуртай, тэгээд хотын номын дэлгүүрээр зурагт ном хайж нэлээн явж билээ. Зочид буудалд байрлаж байхад 00-ын ус нь татагддаггүй эсвэл цахилгаан гэнэт тасарчихдаг, хоолонд нь ногоо байхгүй гээд багагүй бэрхшээлтэй зүйл байсан. Энд ирэхээсээ өмнө “Сүхийн цагаан морь” хэмээх зурагт ном дээрээс Монголын тэнгэрт татсан давхар солонгыг үзээд ирэх хүсэл маш их төрсөн.
    – Та давхар солонгыг харсан уу?
    – Харалгүй яах вэ. Хөдөө байшин барилга байхгүй учраас давхар солонго маш гоё харагддаг. Энэ 20 жилийн хугацаанд 4-5 удаа харсан. Тухайн үед одоогийнх шиг ухаалаг утас байхгүй учир давхар солонготой хамт авахуулсан зураг плёнк дээр л үлдсэн дээ.
    – Та ирэнгүүтээ Монголд айлд буусан гэж байна. Тухайн үед хэцүү санагдах зүйл байв уу?
    – Хоолны хувьд асуудалтай тулгарсан. Сав дүүрэн хонины мах урд тавиад том, том огтлоод өгнө. (инээв) Би хонины мах идэж, үнэрийг нь ч авч чаддаггүй юм. Бас Японд байхдаа л сүү ууж чаддаггүй байсан. Тиймээс ирээд удаагүй байхдаа “Яана аа, би энд удаан байж чадах юм болов уу” гэх бодол төрж байлаа. Мөн нийслэлд өвлийн цагт энд тэнд халтиргаа үүсчихдэг. Халтирч унаснаасаа болж бэртээд нутаг буцсан япончууд байдаг учраас халтирч унахаас маш их айдаг байсан. Гэсэн ч маш олон удаа халтирч унасаар байсан ч одоо бол мөстсөн зам дээр халтирахааргүй явж сурсан. (инээв)
    – Хоол гэснээс та ямар монгол хоолонд дуртай вэ?
    -Ихэнхдээ гэрийн хоолонд дуртай. Тэр дундаа бууз, хуушуурт дуртай. Гадуур хооллохоор тос ихтэй байдаг юм.
    – 20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Залуу ч бай ахмад ч бай, хүн амьдралынхаа бүхий л хугацаанд аливаа зүйлсийг ойлгож, таньдаг гэж би боддог. Та Монголд амьдарч байх хугацаандаа юуг илүүтэй ойлгож, таньж авсан бэ?
    – Тэтгэвэрт гарсныхаа дараа Монголд амьдрахаар ирэхэд амьдралын минь хоёр дахь үе эхэлсэн гэж хэлж болно. Энд мөнгөөр ч худалдаж авахааргүй үнэт зүйлс байдаг. Тэр бол байгалийн сайхан үзэсгэлэнт байдал. Мөн гэр бүлийн үнэ цэн, хүүхдээ хайрлаж буй нь сайхан. Монголчууд маш гэр бүлсэг ард түмэн. Нэг үгээр Монголд байхдаа хүний амьдралын өөр нэгэн үнэ цэнийг олж харсан. Нөгөөтээгүүр миний хувьд тэтгэвэрт гарсны дараа багшилж оюутнуудтай ажиллаж байгаа минь надад одоо хүртэл эрч хүчтэй, идэвхтэй амьдрах үндэс болсон гэж боддог.
    – Та Японд ажиллаж байхдаа ямар салбар хариуцсан сэтгүүлч байсан бэ? Монголын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл байдалд анзаарсан давуу болон сул тал юу байна вэ?
    – Би Японд байгаль орчны сэтгүүлч байсан. Монголд ирж ажиллахад анзаарсан нэг зүйл маань ТВ, сонин, радио гээд ямар ч төрлийн хэвлэлийн байгууллагад залуу үеийнхэн их байгаа нь ажиглагдсан. Гэхдээ энэ нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын сул тал гэх гэсэнгүй, харин ч давуу тал байж болох юм.
    Харин Японд эсрэгээрээ, сургуулиа төгссөн залуу сэтгүүлч нийтлэл бичих эрх бараг байхгүй, 30-40 насандаа чухал ярилцлага, сурвалжилганд явж эхэлдэг. Мөн хэлтсийн дарга нар нь ихэнхдээ 50 наснаас дээш хүмүүс байдаг. Нэг үгээр Японд сэтгүүл зүйд гэлтгүй улс төрд ч туршлагыг чухалчилдаг. 2003 онд Монгорү Цүүшин сонин анх нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу 2004 онд тус сонинд ажилд орсон. Тухайн үед мөн л ажлын хамт олон маань залуучууд байв. Би оюутнууд болон хамт олноосоо үргэлж эрч хүч авдаг.
    МОНЦАМЭ үндэсний агентлаг байгууллага гэсэн тодотголтой байдаг учраас улс төрийн асуудал хөндөхгүй гэх хандлага байдгийг анх хараад гайхаж байлаа. Мэдээж үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага учир аливаад цензуртэй хандах нь зүй ёсных юм.
    – Энд ажиллаж байхдаа хугацаандаа сэтгэлд тань хамгийн их хүрсэн өөрийн тань сурвалжилга, нийтлэл юу вэ?
    – Сониндоо “Хонины нүд” хэмээх жижиг буланд нийтлэл бичдэг байсан. Улс төр, нийгэм, соёл урлагийн тухай өөрийн өнцгөөр бичдэг байсан нь надад маш урамтай, сайхан санагддаг байв. Тэр булангаар дамжуулаад энд амьдардаг япончуудыг Монголын талаар ойлголттой болгох, аливааг өөр өнцгөөр харах боломж олгож байсан хэмээн боддог.
    – “Тал нутгийн марафон”-ыг анх зохион байгуулж байсан дурсамжаасаа хуваалцвал?
    -“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнийг Фүживара Тацүичи гэдэг Япон хүн анх эхлүүлсэн. Тэрээр Монголын өргөн их тал нутгийг хараад, марафон зохион байгуулах саналыг Монголын Олимпын хороонд тавьснаар Төв аймгийн Өндөр дов гэдэг газарт 1997 онд эхлүүлж байсан гэдэг. Тухайн үед сайн дурын гишүүд зохион байгуулдаг байсан.
    Би 2001 онд ирэхэд Фүживара гуайн бие тааруу байсан учир намайг марафоныг зохион байгуулаач хэмээн хүсэлт тавьсан юм. Олон идэвхтэй оюутан, сайн дурынхны ачаар өнөөг хүртэл амжилттай зохион байгуулсан. Япон Монголын найрамдалт харилцааг дэмжих хүрээнд Фүживара Тацүичигийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү ажлыг миний хувьд түүнийг нь тасалдуулахгүйг хичээж байна. Оюутнууд маань байхгүй байсан бол энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж чадахгүй. Тэднийхээ дэмжлэгээр л “Тал нутгийн марафон”-ыг зохион байгуулдаг даа.
    – Энэ жил уг нь марафоны тэгш ой тохиож байгаа юм байна шүү дээ.
    – Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас болоод Японоос тамирчид ирж чадаагүй. Энэ жилийн хувьд иргэдийг вакцинжуулалтад бүрэн хамруулаад, ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болчихвол есдүгээр сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилийн хуьд 25 жилийн ой тохиож байгаа учир ойгоо тэмдэглэж, марафондоо гүйхийг хүсэж буй япон, монголын маш олон тамирчин, сайн дурынхан бий. Жил бүр дунджаар 3000 хүн оролцдог. Мөн “Тал нутгийн марафон” тэмцээний ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци ажилладаг ба тус байгууллагын 25 жилийн ой ч мөн тохиож байгаа учир энэ жил бид тэмцээнээ зохион байгуулахыг тэсэн ядан хүлээж, цар тахлыг үгүй болоосой хэмээн бүгд л хүсэж байна.
    – Та мэдээж Монголоор аялсан байх. Хамгийн сайхан санагдсан газар, нутаг аль нь байв?
    – Баян-Өлгий аймаг их сэтгэлд хүрсэн. Тэнд их сайхан өндөр уулс бий. Би спортоор хичээллэдэггүй ч ууланд авирах дуртай. Японд байхдаа ч мөн ууланд авирдаг байсан. Энд байхдаа мөн Гачууртад очихоороо ууланд заавал гардаг.
    – Таныг монгол гэрт амьдардаг гэж дуулсан.
    – Тийм ээ. Гачууртад гэр минь бий. Амралтын өдрүүдэд тэр гэртээ очдог.
    – Япончууд монголчуудад их элэгтэй байдаг. Үүний учрыг та юу гэж боддог вэ?
    – Монголчууд их уужуу тайван зантай хүмүүс. Жижиг сажиг зүйлд хэт их ач холбогдол өгөөд байхгүй аливаад уужуу ухаанаар ханддаг мэт санагддаг. Нөгөөтээгүүр хийе гэсэн юмаа цагийг нь тулгаж хийсэн ч маш сайн гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, аливааг богино хугацаанд маш их хүч, ухаан гаргаж хийж чаддаг. Маш толгой сайтай хүмүүс учир хамтран ажиллахад ч сурах зүйл их, урамтай байдаг даа. (инээв)

    Монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог.
    Монголчууд япончуудаас ялгаатай нэг өөр зан нь би төвтэй байдал. Жишээ нь “Ээж хөдөөнөөс ирж байгаа, би амармаар байна” гэдэг. Эсвэл “Миний толгой өвдөөд байна, чөлөө авъя” гэнэ. Японд энэ нь эсрэгээрээ байдаг. Ямар ч тохиолдолд ажлыг нэгдүгээрт тавьдаг ба хичнээн ханиад хүрээд бие нь тааруу байсан ч ажлаа хийхийг эрмэлздэг. Гэхдээ монголчуудын тэр байдлыг би эхэндээ их гайхдаг байсан ч одоо их ойлгож хүлээн авдаг болсон. Хүн ажил, амьдрал, эрүүл мэнд гээд аливааг тэнцвэржүүлэх ёстой шүү дээ. Харин япончуудын ажлаа нэгдүгээрт тавьдаг занг монголын залуус хэрхэн хүлээж авах бол, та юу гэж бодож байна?
    – Япончуудыг хөдөлмөрч ард түмэн гэдгийг бид мэддэг. Тиймээс ажлаа нэгдүгээрт тавьдаг занг би хувьдаа гайхан хүлээж авахгүй.
    – Япончууд дайны дараа маш богино хугацаанд эдийн засгийн хувьд хүчирхэг улс болж чадсан ба ингэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн ард түмэн. Түүнээс хойш уламжилж ирсэн энэхүү чанар нь өдгөө зарим сөрөг үр дүнг дагуулдаг. Тиймээс толгой өвдөх төдийд амрах нь нэг талаараа зөв ч юм шиг санагддаг. Хэтэрхий их ажиллах нь ар гэртээ анхаарах аргагүй болгодог. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа яваад, унтсан хойно нь гэртээ ирсээр нэг л өдөр хүүхэд нь “Энэ хүн хэн бэ” гэж асуух вий гэсэн хошин яриа ч бий. Харин монголчууд маш гэр бүлсэг хүмүүс учир яг л хүний ёсоор амьдарч байна гэж боддог доо.
    “БИ ХҮНИЙ АМЬДРАЛЫГ БАЯЛАГ, СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ЗҮЙЛСИЙГ ҮЗЭЖ ХАРЖ, БИШРЭХ ДУРТАЙ”

    – Гэр бүл, ач зээ, үр хүүхдээ хааяа санадаг уу?
    Би гурван хүүхэд, зургаан ач зээтэй. Одоо цагт царай царайгаа хараад ярьчихдаг давуу талтай учир нэг их санаад байдаггүй. Жил бүрийн цагаан сар, зун нутаг буцаад ирдэг байсан ч өнгөрсөн жил ковидын улмаас очиж чадсангүй. 20 жилийн өмнө анх ирснийхээ дараа ч гэрээ санадаггүй байсан. Би ач зээ нартаа маш их хайртай эмээ. Бараг тэдэнтэйгээ уулзахаар л Япон явдаг даа.

    Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг.

    – Таны хүүхэд, ач зээ нар Монголд ирсэн үү?
    – Тэд хааяа зун ирдэг ба морь унаж, аялаад яг л над шиг Монголын сайхан үзэсгэлэнт нутгийг үзээд “Ямар гоё юм бэ” гэсээр л буцдаг.
    – Та хамгийн сүүлд хэзээ нутагтаа очсон бэ?
    – Коронавирусаас болж сүүлийн хоёр жил явсангүй. Хамгийн сүүлд 2019 онд явсан. Тэнд очоод ач зээ нартайгаа л цагийг их өнгөрөөдөг юм.
    – Хүүхдүүд тань “Ээж ээ, хүрээд ирээч” гэдэг үү?
    – Дандаа тэгж хэлдэг. (инээв) “Хэзээ Японд бүр ирэх вэ” гэж байнга асуудаг. Хурдан ирээрэй л гээд байдаг юм.
    – Та хэзээ нутаг буцах төлөвлөгөөтэй байна вэ?
    – Бие маань чилээрхвэл бүр буцах байх даа. Одоо бол бие минь эрүүл саруул сайхан л байна.
    – 80 настай гэхэд та маш ануухан харагдаж байна.
    – Тэтгэвэрт гарсныхаа дараа энд ирээд оюутан, ажлын хамт олон гээд дандаа залуу үеийн хүмүүсээр хүрээлүүлж ажиллаж байсан болохоор нэг талаараа эрч хүчтэй, цог золбоотой байх, наснаасаа залуу харагдах шалтгаан болсон байж болох юм. Ер нь хүн тэтгэвэрт гарсныхаа дараа залуучуудтай харилцах, сайн дурын үйл ажиллагаанд оролцоход илүүдэхгүй. Түүнээс гадна дуурь, үзэсгэлэн үзэх, ном уншдаг дадал минь нөлөөлдөг байж магадгүй. Монголд ирээд дуурийн урлагийн сайхныг биширсэн. Одоо зав, боломж гарах бүрийд л дуурь, урлагийн тоглолт үзэхийг эрмэлздэг. Хүний амьдралыг баялаг, сонирхолтой болгох зүйлсийг үзэж харах, бишрэх дуртай.
    Мнгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог.

    – Та жил бүр “Кон байна уу” сэтгүүлийг гаргадаг гэсэн. Энэхүү сэтгүүлдээ Монголын талаар юу багтаахыг зорьдог вэ?
    – Япончууд Монголын талаар төдийлөн сайн мэддэггүй байсан. Өдгөө Монголыг сумо бөхөөр эсвэл түүхийн талаас нь л мэддэг. 20 гаруй жилийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр траншейний хүүхдүүд эсвэл нүүдэлчдийн амьдралыг л хүргэдэг байлаа. Тиймээс би Монголын бодит байдлыг япончуудад хүргэхийг хүсэж жилд нэг удаа хэвлэгддэг “Кон байна уу” сэтгүүлээ гаргадаг болсон. Үүндээ Монгол орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, жил бүрийн ахиц дэвшлийг тэдэнд хүргэхийг зорьдог.
    – Сэтгүүл дээрх мэдээллийг үзээд Монголын талаарх өөр ойлголттой болсон хүмүүс танд сэтгэгдлээ хуваалцдаг уу?
    – Сэтгүүлийг маань үзээд “Монгол орон ийм их хөгжөө юу” гэх хүмүүс байдаг. Мөн хамгийн анхны дугаар дээрээ нэрийг нь одоо яг сайн санахгүй байна, Монголын нэгэн алдартай моделийн талаар нийтэлсэн юм. Гэтэл япончууд түүнийг үзээд “Пөөх, Монголын загвар өмсөгчид ийм сайхан бүсгүйчүүд байдаг юм уу” хэмээхийг нэг бус удаа сонсож байсан. Монгол загвар өмсөгчид японыхоос илүү царайлаг, ганган дэгжин, загварлаг байдаг. Сэтгүүлийг маань уншдаг хүмүүс ч мөн үүнийг хэлдэг. Мөн сэтгүүлээс Монголын эдийн засаг, байгалийн баялагтай холбоотой мэдээллийг нь илүү сонирхдог юм. Япон жуулчид “Кон байна уу” сэтгүүлийг гэрийнхэн, найз нөхдөдөө бэлэглэхээр авч явах тохиолдол их бий.

    Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагдаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.

    – Миний эргэн тойрны хоёр ч монгол хүн япон гэргийтэй. Япон бүсгүйчүүдийн зарим нь монгол эртэй гэр бүл болох сонирхолтой байдаг гэж дуулсан.
    – Монголд анх ирэхэд хэрэв би залуухан байсан бол монгол малчин залуутай суух байсан байх гэж бодогдсон. (инээв) Монгол эрчүүд бие бялдар, хүч чадал, зан аашийн хувьд жинхэнэ эр хүний шинжийг агуулсан гэж япон эмэгтэйчүүд боддог. Морь унаад давхиж буй дээлтэй монгол эрийг харсан япон эмэгтэйн сэтгэл татагдана гэдэгт эргэлздэггүй. Миний эргэн тойронд монгол хүнтэй суусан арав гаруй япон бүсгүй бий. Тэд бүгд маш жаргалтай амьдардаг. Ер нь япон эмэгтэйчүүд мөнгөтэй хүнд татагддаггүй, харин жинхэнэ эр хүн шиг хүнд л татагддаг.
    – Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
    – Баярлалаа. Би Монголд амьдарч байна гэхээсээ илүүтэй, Монгол намайг амьдрах боломжоор хангаж байна гэж бодон талархдаг. Эргэн тойрны маш олон хүмүүсийн тусламжаар энд сайхан амьдарч байна. Өнөөг хүртэл тусалж, дэмжсэн хүмүүстээ маш их баярлалаа.

    djmedia:394
  • АЛМАС ХАР ТЭНГЭРИЙН ТАМЛАГА

    Зөөлөн нинжин ороггүй хайрхан
    Энэ сүү шиг цагаан морийг
    Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
    Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
    Булт бүрэн сонсогтий
    Санасан бодсон хоёр өнгөнд
    Босоо бугшмал эзэн бологтий
    Буурал дэлхийн заяаг
    Буянтай сайхан нартаас
    Хуучин үеийг алдаагүй
    Хойтын ёсыг дагаагүй
    Хорвоо ертөнцийн өнгөнд
    Хоттой бүлэг тэнгэрийг
    Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
    Хуучин ёсын залбирлыг
    Алдаагүй залбирлаа гэж
    Амины гэмшилгүй
    Амьдын үйлс хасахгүй
    Аврал магад хайрлагтий.

     

  • ИЙМ НЭГЭН МЭДЭЭ БАЙНА.

    Дөрөвдүгээр сарын 22 нь НҮБ-ын Дэлхийн өдөр бөгөөд ёслол цар тахлын улмаас онлайнаар Zoom-ээр явагдах юм.
    Ёслолд ОХУ-ын Буриад, Сибирь, Урал, Москва, Хятад, Монгол, Герман, Австрийн бөө нар оролцоно. Мөн Африкийн бөө мөргөлийн тэргүүн Мессана Амадегнато нийт 40 орчим холбоогоо төлөөлөн оролцох болжээ.
    М.Сугар-Эрдэнэ. Zindaa.mn

  • ДАРЬГАНГА

    2. Зvvн гар адуучин. Ухаандайн салаанаас Харгилтай хvртэл Асгат, Дарьганга сумдын нутаг Орлой гурван зээрдээр нутаглана.

    3. Баруун гар тэмээчин. Хєшєє цагаан хєєврєєс Тєгрєг жирэм Аргалын уул хvртэл Баяндэлгэр сумын нутаг Дєхєм, Баян, Тээгийн говь буюу Орлой гурван зээрдээр нутаглана.

    4. Зvvн гар тэмээчин. Сэвх vvл, Баян булагаас Жингэр цагаан тэмээт, Єєш морин хошууны говь буюу Халхзан, Баяндэлгэр, Онгон, Тєвшин ширээ, Уулбаян сумдын зааг нутагт бїхий говирхог газраар нутаглана.

    5. Хоньчин. Их уулаас Дарьганга, Молцогийн онгон элс, Баруун булаг, Шардат, Таван толгой, Бударын чулуу буюу Дарьганга, Онгон, Наран сумд Баяндэлгэрийн Хонгор, Дєхєм бригадын нутгаар сууна.
    Дарьгангын сvрэгчин нь Чин улсын vед Жанчхvvгийн Гусай амбанд захирагдан <Дарьгангын таван гар> нэртэй засаг захиргааны нэгжид харъяалагдан байгаад 1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дvрэм батлагдан хуучин таван гарыг єєрчлєн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн тєв Ихбулаг гэдэг газар тєвлvvлжээ. Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан ба 1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга (Сїхбаатар) аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум, 2, 10, 11-р багаар Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Ихбулаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.

    Ийнхvv Дарьгангын одоогийн байршил тогтож, Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.
    Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мєнгє дархлах урлалаар монгол даяар нэрлэгтэй билээ.

    Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм.Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.
     
    Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотынТүмэн-Амгалан тордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.

    Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, “хөл” Галай, “жараахай” Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна.

    Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм
    .
    “Матаад давтаад хийнэ л биз
    Мангийн Зунзуй нь байхгүй биш
    Матар арслан сийлнэ л биз
    Дахиад давтаад хийнэ л бизээ
    Дондов дархан нь байхгүй биш
    Тахиа нохой сийлнэ л бизээ” гэсэн яриа ч нутгийн ард олны дунд түгсэн байдаг.

    Дарьгангын нэрт дархчуудын уран ухаан, нарийн ур хийцийг төр засаг өндрөөр үнэлж,  Дамбын Молом, түүний дүү Д.Дүйнхэр, М.Балдан-Осор, М.Зундуй, Содов нарыг урин залж  төрийн захиалгаар алт, мөнгөн эдлэл, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийлгэж байсан түүхтэй.

    2011-12-08 15:53:23
    Мэдээ оруулсан: И.Чулуунболд

     

  • Ертөнцийн тав дахь суурь хүч байна гэсэн нотолгоо олдов

    Ертөнцийн үндсэн суурь дөрвөн хүчний нөлөөгөөр огторгуй ертөнцийн бүх биет хоорондоо хэрхэн харилцахыг шийддэг билээ. ИБУИНВУ-ын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл “Туршилтын үр дүнд ертөнцөд хүн төрөлхтний нээн илрүүлж амжаагүй суурь хүч, дэд атомын бөөмсийн харилцан үйлчлэл бий гэдгийн хүчтэй нотолгоо олдлоо. Гэхдээ энэ нь одоохондоо шинэ нээлт гэхэд эрт байна” хэмээн мэдэгдсэн байна.
    Туршилтыг удирдан зохион байгуулсан профессор Марк Ланкастер “Муонуудс (одоогоор мэдэгдэж буй хамгийн жижиг, цаашид дахин задрахгүй биетүүдийн нэг)-ын харилцан үйлчлэл өдгөө дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн стандарт загварын онолтой нийцэхгүй байгаа нь анзаарагдсан” гэжээ. Харин Манчестерийн их сургуулийн судлаач “Үүнээс харахад бидний өмнө хүн төрөлхтний хэзээ ч олж анзаараагүй суурь хүч, маш том нээлт хүлээж байгаагийн баталгаа юм” хэмээн ярьжээ.
    Хорвоо ертөнцийг бүрдүүлэгч атомоос ч жижиг хэсгүүд олон. Тэдгээр дэд атомуудын зарим нь цааш улам жижиг хэсгүүдэд задардаг бол зарим нь цааш дахин задрахгүй суурь хэсгүүд болдог. Муон гэдэг нь тэдгээр суурь хэсгүүдийн нэг юм. Муон электронтой төстэй хэдий ч массын хувьд 200 гаруй дахин их байдаг аж.
    Туршилтыг хийхдээ эрдэмтэд 14 метрийн цагариг дотор муонуудыг тарааж, соронзон орноор үйлчилжээ. Одоогийн баримталж буй стандарт загварын дагуу тэдгээр дэд атомууд соронзон орны нөлөөнд ормогцоо тогтмол хурдаар чичрэх ёстой. Гэтэл түүний оронд муонууд санаснаас хэтэрхий хурдан чичирч байв. Эрдэмтэд үүнийг өмнө нь огт мэдэгдэж байгаагүй шинэ хүчний нөлөө байж магадгүй хэмээн дүгнэсэн байна.
    Гэвч одоохондоо тус болзошгүй шинэ хүч муонуудаас бусад зүйлд чухам хэрхэн үйлчилдгийг хэн ч мэдэхгүй байна. Түүнээс гадна зарим эрдэмтэд дээрх туршилтын үр дүнг мэдэгдээгүй суурь хүч биш, илрүүлж амжаагүй өөр дэд атомтой холбоотой хэмээн үзэцгээж байгаа аж.
    Хүн бүрд хэдийн танил болсон таталцал болон цахилгаан соронзон хүчнүүдийг бодвол чанга, сул хүчнүүд нь дэд атомуудын харилцан үйлчлэлийг зохицуулдаг суурь хүчнүүд юм. Харин тав дахь болзошгүй суурь хүч сүүлийн хэдэн арван жил эрдэмтдийн толгойг гашилгаж буй зарим асуултуудад хариулт болж магадгүй юм. Жишээлбэл, орчлон ертөнц эрс хурдтай тэлж байгааг ихэнх эрдэмтэд нууцлаг хар энергитэй холбон тайлбарладаг ч зарим судлаачид үүнийг ертөнцийн тав дахь хүчтэй холбоотой байж магадгүй хэмээн үздэг.
    Эх сурвалж: BBC

  • БИ ХӨХ ТОЛБОТОЙ БУРИАД-МОНГОЛ ХҮН

    -Таны хүргэн Эрдэнэ найруулагч таны талаар тун ч их бахархангуй ярих юм билээ. “Манай хадам аав зоригтой, дайчин, хичээнгүй хүн байдаг. Монгол гэхээр л сүйд болдог” гэсэн?
    -Баярлалаа. Би Агын Хөвдүүд овогт хорь буриад хүн. Би одоо цагт, өнөөдрөөрөө амьдардаг. Өмнө нь болж байсан муу зүйлийн тухай боддоггүй. Үргэлж сайхан бодолтой, тэвчээртэй, хүнд болон өөртөө үнэнч, сэтгэлээрээ амьдардаг. Хэнээс ч, юунаас ч айдаггүй ч хүнд гэм хийчихвий гэж болгоомжилдог. Надад хангалттай эрч хүч, чадал чадвар бий. Миний хамгийн том баялаг бол гэр бүл, үр хүүхдүүд, мэдлэг боловсрол. Үр ач нартайгаа, ах дүүстэйгээ, цэргийн андууд, орос, монгол, хятад итгэлт нөхөдтэйгээ үргэлж холбоотой байхыг хичээдэг. Бурханы хайрласан өдөр бүрт азжаргалтай байгаадаа баярладаг. Монгол угсаатай гэдгээрээ хэзээ ч хаана ч бахархаж, таниулах үедээ таниулж, тэрсэлдэх үедээ тэрсэлдэж явлаа.
    -Аргагүй цөс ихт буриад хөвүүн юм, та. Тийм ч учраас цэргийн хүн болсон байх. Та Монгол нутагт хэдэн удаа ирж байсан бэ?
    -Би 1979 онд Новосибирскийн Цэргийн дээд командлалын сургуулийг төгсөж, 1980-1982 онд Афганистаны дайнд явж, ирээд Узбекистанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би анх 1973 онд Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд Улаанбаатар орчим жил зургаан сарын хугацаатай байсан. Дараа нь 1992 онд мөн Улаанбаатарт ирж, Зөвлөлтийн сүүлчийн цэргийг гаргахад оролцсон. 2007 онд “Байкальские амазонки” авто клубын Монгол улсад хийж буй 3 дахь аялалд эхнэрийн хамт ирж Говь Гурван Сайхан, Даланзадгадаар аялж байлаа. Энэ талаар Монгол, Буриадын сонин хэвлэлд бичигдэж байсан. Манай худгий ч (Эрдэнэ найруулагчийн ээж) энэ шугамаар Монголд ирж байсан. Сүүлд 2012 онд очжээ.
    -Та орос хэл мэддэг монгол хүнтэй оросоор ярихыг хүсдэггүй. Гэтэл хорь буриад аялга сартуул аялгыг бодвол халх хүн ойлгоход жаахан төвөгтэй. Сайн сонсвол жинхэнэ монгол хэл буриад хэлэнд байх шиг. Учир нь нэлээд үгс монгол бичгийн хэлээр байгааг ажиглалаа?
    -Та зөв ажиглаж. Манай хуучны эрдэмтэд болох Ц.Жамсрано, Д.Ринчино нар “Бид монгол бичгээ алдвал буриадаа алдана. Модны үндэс хатвал мод хатна. Монгол манай үндэс” гэж дурьдаж байсан. Бид 1931 он хүртэл монгол бичигтэй байгаад энэ үеэс хойш латин, кирилл бичгээр солих явдал эхэлсэн. 1930-аад оны хэлмэгдүүлэлт, 1958 онд Н.С.Хрущёвын улаан харандаагаар улсынхаа нэрнээс “Монгол” гэдэг үгийг даруулснаар бидний хэл соёл, түүх замхрах үе харамсалтай нь эхэлжээ. Мөн түүхийн гурван зуугаад жилийн туршид орос үг их холилдсон. Нэг өгүүлбэрт бүх үг нь орос, зөвхөн дагавар, нөхцлийг монголоор залгаад ярихад буриадууд ойлгох жишээтэй. Энэ бол инээдэм биш ханиадам. Зарим буриад хүмүүс өөрсдийн хэлийг монголоос тэс ондоо, түрэг гаралтай гэж үздэг. Мэдээж би үүнээс болж нутаг нэгтнүүдтэйгээ маргалдана. “За, тийм бол тоо тоолж өгөөч” гэхэд таг болно. Бид нэгэн, хоёр, гурбан, дөрбөн, табан гэж л тоолдог. Маргалдаанаас болж би буриад түмэндээ дургүй хүн болно. Би дуугай байхгүй “Бид яагаад элэнц хуланцаа үгүйсгэж байна?!” гэж сөргөнө.
    Зарим нөхөд “Чи монгол хүн, Монгол руугаа яваач” гэнэ. Хариулт бэлэн, “Миний төрж өссөн хайртай нутаг Буриад. Би Монголдоо очвол Байгал нуураа, нутаг орноо аваад явна!” гэж хэгжүүрхэнэ. Газар нутгийн байршил зэргээс шалтгаалж буриад хэл хэд хэдэн аялгатай ч бид эх хэлээрээ ярьвал хэн нь ч ойлгоно. Яагаад гэвэл, бидний бичиг соёл нэг байсан юм. Буриад хэл бол монгол хэлний умард аялга. Халх, буриад, халимаг, хамниган, захчин, үзэмчин, барга, дөрвөд, ойрад бид бүгд монгол үндэстэн. Биднийг нэгтгэж буй хэл, соёл, бичгээ өөрийгөө монгол гэж бодож байгаа хэнбугай ч ямар ч оронд амьдарч байсан сурч, эзэмшиж, нандигнах ёстой. Монгол бичиг бол монголчуудын түүх, соёл, бэлгэдэл, бахархал юм. Энэ хэлний асуудлыг монгол эрдэмтэд нотолж болох хэдий ч улс төрийн асуудал болж өргөжих байх. Монголчууд бид цөөхөн мөртлөө улам цөөн болох хэрэггүй. Одоо казак, татарууд Богд Чингис хааныг маань өөрийн болгох гэж өвчигнөж байна. 
    -Та ийм үзэл бодолтой хүн учраас босоо монгол бичгээ сурч, тийм үү?
    -Бидний үед тавдугаар анги хүртлээ буриад сургуульд явж, аравдугаар ангиа орос сургуулиар төгсдөг байлаа. Намайг 16 настай байхад аавын минь ижий, эмээ минь надад монгол бичиг нууцаар зааж өгсөн юм. Морин дэл дээр ч тэмдэглэл хөтлөх боломжтой дэлхийд цорын ганц босоо монгол бичиг минь. Чаддаг бол Нобелийн шагнал өгмөөр. 
    -Одоо буриад сургууль байхгүй. Харин Бадам Чагдар хоёрын хүүхэлдэйн кино буриад зоныг нэлээд хөдөлгөөнд оруулж, юм бодогдуулсан байх. Ингэхэд, та гэр бүлээ бидэнд танилцуулаач?
    -Тийм ээ, та бүхэн миний хүргэн, охин, зээг маш сайн танина. Би харин ингэж бурж байгаа нь зөв ч юмуу, буруу ч юмуу, бүү мэд (инээв). Манай гурав анх улсын ямар ч дэмжлэггүйгээр гэртээ суугаад л хүүхэлдэйн киногоо хийсэн. Одоо бол өөр хэрэг. Улс, ард олон дэмжиж байгаа. Нэн ялангуяа монгол ахан дүүс маань манай хүүхдүүдийг маш их дэмжиж, эрч хүч, урам зориг өгдөг. Энэ л сайхан шүү дээ. Манайх нэг хүү, хоёр охин, гурван ач, гурван зээ, нэг бяцхан зээнцэр охинтой. Хөвүүн Зоригт цэргийн хошууч, бага охин Жаргал П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн улсын консерваторид дуурийн дуучнаар суралцдаг. Хүргэн минь цаг үеэ олсон маш зөв төсөл эхлүүлсэн. Элэг нэгтнээ сэрээж буй эерэг хандлагын нөлөөллийн үр ашгийг би таашгүй.
    Дашрамд дурдахад, Бадам бол миний том ач хүү. Шагдар гэдэг нэрийг сартуул аялгад Чагдар гэдгээс улбаалж Эрдэнэ ийм нэрс өгсөн. Яагаад хоёр өөр аялгаар ярьдаг хөвүүд зохиолын баатар болсныг та бүхэн ойлгож байгаа байх. Эрдэнэ сартуул буриад, эхнэр нь хорь буриад. Ингэснээрээ ч хүүхдүүдэд хэл сурахад илүү өгөөжтэй. Хань бидэн хоёр миний ажил, Эрхүү, Улаан-Үдийн хооронд хэдэн хүүхдүүдийнхээ дунд эргэлдэж явна даа. 

    -Таны эхнэр ач нартайгаа зэрэгцээд чаргаар гулгаж байсан. Та бас хөгжилтэй, наргианч, сэргэлэн баавай шүү?
    -(инээв) Хүн хөгшин, залуу байх нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. Хэрвээ өтөл насандаа тэнэглэмээр санагдаж байвал өөрийгөө азжаргалтай, залуу хүн байна гэж бод. 
    -Таныг илэрхийлэх нэг дайчин чанар гайхалтай. Та тэтгэвэрт гарсан хойноо хятад хэлийг бие даан үзэж, Өвөр Монголын жүжигчин Б.Баасанжавын тоглосон “Чингис хаан” олон ангит киног буриад хэлэнд буулгасан гэсэн. Энэ талаараа хуваалцаач?
    -Баярлалаа, би эрхэм баян-эрдэм ном гэж бодож явдаг энгийн нэгэн. Би тэтгэвэртээ гарсан ч бие минь эрүүл саруул байгаа цагт санаанд багтсанааараа амьдралаас зулгааж л явна. Хятад хэл сурсанаар Хятадад олон удаа очиж, ажиллаж амьдарч байсан. Тэнд орчин үеийн байшин, нийтийн байр, үнэтэй ресторан, ажилчдын хоол, гудамжны хоол гээд бүгдийг мэдэрч, амсаж, хятад ертөнцийг жаахан таньсан. Өмнөд Хятад, Бээжинд монголтой холбоотой гэсэн музей болгоныг үзсэн. Болж өгвөл монголын түүхтэй хамаатай газар орноор аялаж, зугаалахыг хүсдэг. Одоо ч миний ажилд хятад хэл хэрэг болдог. Бямбын Ринчен гуай хар гэрт сууж байхад харгалзагч “Та ийм настай хүн эндээс гараад юу хийхэв?” Ринчен гуай “Бух хөгшрөхөөрөө мах болдог. Буриад хөгшрөхөөрөө хэлмэрч болдог” гэж. Би Ринчен гуайн хэлснээр бол зөв л явж байх шиг байна (инээв). Күнзийн нэгэн сургаалыг та бүхэнд сонирхуулъя. “Хүмүүс үхэхгүй юм шиг амьдраад, үхэх дөхөөд ирэхээр амьдраагүй юм шиг загнадаг.” Танд ямар санагдаж байна?
    -Загнадаг гэдэг үг загнах гэсэн утгатай биш, тийм зан гаргадаг гэсэн үг гэдгийг залуу уншигчдад тайлбарлах ёстой байх. Мөн энэ асуултыг хоёулаа уншигчдад үлдээе.
    -Тэгье, тэгье. Та бас айхтар байна шүү.
    -Та өдөр болгон Күнзийн нэг сургаал цээжилж, Катюша дууг хятад хэл рүү орчуулж байгаагаа орхичихлоо шүү? 
    -Манай буриадууд үеэс үед “Нүгэл гавьяагүй явъя, аргаараа явъя” гэж хүүхдүүддээ сургасаар ирсэн. Байгалиас заяасан даруу монгол зангийн нэг хэлтэрхий юм болов уу. Жишээ болгоход, Буриадад Дэлхийн хоёрдугаар дайнд гавьяа байгуулсан жинхэнэ баатрууд олон байвч сайрхдаггүй байсан. Тува хүмүүс ч ялгаагүй. Намайг бага байхад тува, буриад хүмүүс нийтлэг монгол хэлээрээ харилцан ярьдаг байсан. Одоо нэг ч тува монгол хэл ойлгохгүй. Буриад бид ч онигор нүдтэй оросууд болж байна. Миний яриа хэлний мэргэжилтэн шиг хэл рүү орчихоод байх юм. Бүх монголчуудын голомт Монгол нутгаас холбогдож байгаа болохоор тэр юм уу. Та өршөөгөөрэй!
    -Зүгээрээ, таны яриа маш сонирхолтой байна. 
    -Одоо миний ажиллаж буй Алтайн улсын ихэнх нь уугуул ойрадууд боловч төрөлх хэлээ үзэхээ больсон. Шалтгаан нь том гүрний жижиг ард түмэнд мөнгө хуваарилж ирсэнтэй холбоотой. Тэд хэл, аялгаа мартаж эхэлсэн. Олон монгол гарал угсаатан монгол бүх зүйлээс алсарч байна даа. Өвөр Монгол ч ялгаагүй. Гадаад хэл бол хэрэгцээ, эх хэл бол дархлаа.
    Монголчууд: Монгол монголдоо муу, мод ярандаа муу.
    Буриадууд: Монгол монголдоо муу, мод барьсан хүн нохойд муу.
    Өвөр монголчууд: Монгол монголдоо муу, модон хүрз шаварт муу.
    Монголчууд өвөр монголчуудыг муу хужаа, буриад бусад хүмүүсийг муу бага ястан гэх. Бид бие биедээ хүндэтгэлтэй, дотно байж бидний удам үргэлжилнэ. Бид бүгд адилхан хөх толботой монгол ахан дүүс. Эртнээс их гүрнүүдийн удирдагчид “Монголчуудыг нэгтгэж болохгүй, эс тэгвээс дахин Чингис хаан төрнө” гэж айдаг. Энд тэнд явж, элдвийг үзсэн хүний үгийг авах гээхийн ухаанаар хандаж ойлгоорой, эрхэм монголчууд минь.
    -Би хувьдаа жинхэнэ буриад хүний сэтгэл зүрхийг таньж мэдлээ гэж бодож байна?
    -Ийм бодолтой хүн ганц би бишээ. Монголоо гэсэн нууцхан сэтгэл олон буриад хүний элгэнд байдаг. Агын тосгондоо амьдарч буй миний багын найз зураач Гүрийн Равдан гэж хар залуугаасаа Монгол гэж хашгирч ирсэн сайхан буриад байна. Надаас илүү Монголдоо элэгтэй. Сайхан байна аа, хөх монголын үр сад газрын хол оршин суугаа ч хүсвэл сэтгэл зүрх нь хамт цохилж байна. Би яах вэ, миний хүүхдүүдийг дэмжихэд болно. 
    -Баярлалаа, тантай ярилцах тун таатай байлаа. Таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Мөн хүн төрөлхтөн анх удаа сансарт ниссэний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе!
    -Маш их баярлалаа. Сансрыг эзэмшинэ гэдэг хүн төрөлхтний нэгэн агуу нээлт. Шинжлэх ухаан бол хөгжлийн гарц. Дэлхийд алдраа дуурсгах олон монгол эрдэмтэд төрөх болтугай!
    М.Саруулсайхан

  • ТАВ. НИЙСЛЭЛ ПХЕНЬЯН ХОТОД

    Эхний өглөө зочид буудлаас гараад машин хүлээж зогсохдоо замын голд зогсох зохицуулагч цагдааг анзаарав. Гудамжаар бараг машин явахгүй байх бөгөөд уулзварын
    гэрэл ажилладаггүй ажээ. Хаяа ирэх машинд зохицуулагч чигийг нь зааж зохицуулалт хийнэ. Бидэнд үйлчлэх “бензүүд” ирлээ.
    Эхний бенз бусдаас ялгарна, хоёр дахь машины моторт нь клапаны тохиргоо алдагдсан, гурав дахь нь бөгсөнд араа солисноос улбаатай улих дуу гарна.
    Олон жил ашигласан ийм машин 500 гаруй байдаг тухай манай элчингийн жолооч хожим тодотгон ярьсан юм. Учир нь гадаадын төлөөлөгчийг ийм унаагаар үйлчилдэг бөгөөд нэгэн баярын арга хэмжээний үед дээрх тооны бенз цугларсан тухай ярьж байсан.
    Пхеньяны төвөөр өнгөрөх өргөн голын эрэгт байрлах Солонгосын бэлэгдэл болсон алх, хадуур, бийр бүхий хөшөөнөөс миний аялал эхлэв. Хөшөөний доор байрлах музейд хүлээх танхимтай. Бүх танилцуулга Солонгосын их удирдагчдын тухай түүх, тэрхүү объектод хэдийд, хэдэн удаа ирж байсан тухай яриагаар эхлэнэ. Их удирдагчид хэдэн удаа ирсэнийг улаан дэвсгэр дээр бичсэн он, сараар тодорхой мэдэж болохоор ажээ.
    Бүх шинэлэг зүйл зөвхөн Их удирдагчдын санаачилга, бүтээлч санаагаар эхэлсэн тухай тайлбарлагч заавал ярина. Тэндээс бид Их удирдагчдын нэрээр нэрлэсэн цэцгийн үзэсгэлэнд очлоо.
    Энэхүү цэцгийг хэрхэн бүтээж, аугаа их удирдагчид нэрийг өгсөн тухай уг үзэсгэлэн өгүүлнэ. Энэ үзэсгэлэн хотын төв хэсэгт орших бөгөөд түүний дэргэд их удирдагчийн санаачилга, өгсөн үүргийн дагуу байгуулсан орчин үеийн нэгэн микрорайон байх бөгөөд Солонгосын бэлэгдэл болох алх, хадуур, бийр бүхий сүрлэг хөшөө сүндэрлэх ажээ.
    Бидний дараагийн үзэх зүйл нь алдарт Парисын хаалганаас арван метрээр өндөр, Пхеньяны хотын сүрлэг хаалга байлаа. Энэ хаалганы эргэн тойронд спортын цогцолбор, стадион байрлана.
    Солонгосын телевиз хоёр сувгаар теле нэвтрүүлгэ цацна.
    Эндээс холгүй орших телевизорын цамхаг нь 300 метр өндөр юм. Телевизын тогтмол хоёр сувагтай бөгөөд ням гаригт нэг суваг нэмэгддэг. Голдуу их удирдагч болон эх орончдын тухай түүхэн сэдэвтэй кино гарах ажээ.
    Парисын хаалгатай өрсөлдөн, түүнээс өндөр барьсан энэ хаалга ур хийц өгүүлэмжээр сонин шийдэлтэй.
    ЗУРГАА. ЭМНЭЛЭГҮҮД, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЛЭЭ
    Цэргийн эмнэлэгийн академи дээр очиход байгууллага бүрт байдаг зочдыг хүлээн авч ажлаа танилцуулдаг танхимд оров. Улаахан хамартай эмнэлэгийн орлогч дарга бидэнд ажлаа танилцууллаа.
    Энэхүү эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд нь 2002 он үйлдвэрлэсэн хаягтай. Дорно дахины эмнэлэгийн үйлчилгээнүүд хийж байгаатай танилцуулав. Гол үзлэгийн танхимуудаар орж, эхо, зүрхэний бичлэг, зүү төөнүүр, шүдний эмчилгээ хийж байгаа үзлэгийн танхимуудаар оруулав. Өрөөнүүдийн тавилага нилээд хуучирч, олон жил ашигласан дүр төрх тодорно.
    Эмч нарын ур чадвар, боловсон хүчний нөөц боломж ихтэй. Бүх үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтийн зарчимд тулгуурлан зохицуулдаг байна.
    Тариа хураалтын цаг учраас албан байгууллагуудын хүмүүсээ тариа хураалтад оролцуулахаар хөдөө явуулсан учир хотод хүн болон машины хөдөлгөөн бага байгаа тухай элчингийнхэн ярина билээ. Манайд байгаад аль хэдийн үзэгдэхээ байсан ГАЗ-51 машин нь солонгосын музейд байгаа фото зурганд аль хэдийн 50-аад оны үеээс үлдсэн байх бөгөөд өнөөдөр хүртэл ашиглагдсаар байна. Хаяа нэг ЗИЛ-130 маягийн ачааны авто машин явах бөгөөд түүнтэй төстэй хэлбэрийн ачааны авто машин өргөн хэрэглээнд байдаг нь харагдана. Тэднээс олонх нь зам дээр “хамар”-аа онгойлгон засвар хийн зогсохтой олонтой таарах болно. Хожим мэдэхнээ шатахуунаа хэмнэж уураар ажилладаг автомашинууд усаа хөргөхөөр зогсож байсан нь тэр байлаа.
    Орой ажил тарсаны дараа автомашины хөдөлгөөн бага зэрэг ихсэх бөгөөд голдуу хуучин маркын суудлын машин харагдана. Тралейбус, хоёр давхар автобус байх авч ажил тарах үер хүмүүсийн маш их урт дараалал үүсэх ажээ. Хүмүүс нь хотоос тариа хураалтад оролцохоор явсан үед ийм байгаа юм чинь бусад үед бол автобус хүлээх урт дараалал үүсдэг болов уу гэж дотроо төсөөлөн бодож явлаа.
    Миний дараачийн очих газар нь 1500 эх, хүүхдэд үйлчлэх зориулалтай эхчүүдийн төрөх эмнэлэг байлаа. Энэ эмнэлэгээ бас л их удирдагчийн санаачилгаар байгуулагдсан гэх бөгөөд жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүд олноор ирж эмнэлгээр үйлчлүүлдэг . Миний үзсэн аль ч эмнэлэгт эмчийн өрөөний үүдэнд суудал байдаггүй нь харагдсан. Энэ эмнэлгийн коридорт эмчээ хүлээн явган суусан өвчтөнтэй олон таарав.
    Нэгдүгээр давхарт төрсөн эхчүүдтэй давхар бүрт холбоо барих тусгай камер байх бөгөөд энэхүү камераар эх нь уулзах хүмүүстэйгээ ярилцаж бас хүүхдээ үзүүлэх боломжоор хангагдсан байдаг.
    Солонгосын ард түмний бүтээн байгуулсан зүйл асар их байх бөгөөд түүгээр бахархах сэтгэл төрж байлаа. Гэвч дотоод нөөц бололцоогоо ашиглана гэсэн уриа лозун нь бусдын богино хугацаанд хүрсэн амжилтыг үл тоон өөрсдийн хүчээр зүтгэн цаг их үрэх, хэтэрхий хүч хөдөлмөр зарах замаар удаан урагшилж, улмаар зогсонго байдалд хүрчихсэн дүр төрх тодорч байв. Энэ байдлыг өнгөлөн далдлах үйлдэл нь хэт үзэл сурталчилсан сурталчилгаа байлаа.
    Шинжлэх ухаан техник технологийн үзэсгэлэн зургаан хэсэг барилга бүхий үзвэртэй бөгөөд бид тэднээс их удирдагчийн үйл хэргийг харуулсан эхний хэсэг, хүнд аж үйлдвэрийн болон сансрын технологийн хэсэг зэрэгтэй танилцлаа.
    Хүнд аж үйлдвэрийн хэсэг нь голдуу уул уурхайн аж үйлдвэрийн техник, технолог байх бөгөөд тэнд солонгос-өмнөд солонгостой хамтран байгуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүн болох автомашин, мотоциклын шинэ загвар тавьжээ. Гэвч бүтээгдэхүүнийг нь худалдан авагч байхгүй учир үйлдвэр нь зогсонги байдалд байгаа тухай мэдээ байв.
    Сансрын ололт амжилтын тухай музейн дугуй танхимд
    сонирхолтой үзмэр үзэх болно.
    Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм. Үзэсгэлэнгийн эхэнд их удирдагч энэхүү музейг хэрэхэн санаачилан байгуулсан тухай, хэдэн удаа ирж заавар зөвлөгөө өгсөн тухай өгүүлнэ.
    Үзэсгэлэн байрлуулсан Солонгосын хамтарсан үйлдвэрийн
    үйлдвэрлэсэ Автомашины загварууд байв.
    Бидний ажлын уулзалт харилцан санал бодлоо солилцож, дараа нь оройн зоогоор барьсанаар өнөрдөрлөв
    ДОЛОО. ИХ УДИРДАГЧ КИМ ИР СЕНИЙ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, СОЁЛ, УРЛАГ, ИХ СУРГУУЛИУДТАЙ ТАНИЛЦЛАА.,
    БНАСАУ-ын төв талбайд байрлах их удирдагч ким ир сений хөшөөн дээр очлоо. Их удирдагчийн хөшөө нь өвөрмөц материалаас хийсэн бөгөөд өнгө, үзэмж нь өвөрмөц содон байлаа.
    БНАСАУ-ын төв талбайд байрлах их удирдагч Ким ир сений хөшөөн дээр очлоо. Хөшөөний ар тал, хажууд их удирдагчийн тухай бүхэл бүтэн музей байрладаг. Гурав дөрвөн тасалгаа дутам нэг ведио бичлэг гаргах төхөөрөмж тавьжээ. Музейг үзэх үед олон залуучуудыг жагсаалаар авчирч үзүүлж байлаа. Зарим тасалгаанд тэднийг суулган тайлбарлагч яриа хийж байгаа харагдав.
    Пхеньяны техникийн их сургуулийн цогцолборын хамгийн сүүлд ашиглалтад орсон элекроны номын сангаар зочлов. Төв корпус нь дагнасан номын сан, уншлагын болон компьютерийн танхимуудаас бүрдэх бөгөөд уг номын санд оюутнууд нь тусгай карт бүхий нэвтрэх үнэмлэхээр орно.
    Энэхүү номын сан, уншлагийн болон компьютерийн танхимууд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, интернетид орохдоо тусгай зөвшөөрөл авдаг.
    Солонгосын нийслэлийн орчин үеийн хорооллын барилгуудтай танилцах завшаан тохиов. Хот төлөвлөлт, орчинтойгоо зохицсон байдал зэрэг нь манай хотын ажил хариуцсан хүмүүст туршлага болохоор санагдана.
    Шөнийн цагаар зочид буудлын цонхоор харахад оршин суугчдын барилгуудын цонх харанхуй харагдах ба цахилгааны хэмнэлтээс болоод тэр үү хот шөнөдөө харанхуй байх агаад харин хоёр барилга бусдаас тодрон гэрэлтэнэ.
    Бидэнд үйлчилж байгаа жолооч нар зөвхөн хотын батлагдсан маршрутаар явна. Яг огцом хөдөлдөг тоглоом мэт замын уулзварт зохицуулагч цагдаа үйлдэл хийнэ. Тэд өдрийн халуун, хөдөлгөөнөөс шалтгаалан уулзварт зохицуулах цаг нь 10-20 миутад ээлжлэн зогсдог гэсэн.
    Хаяа нэг дээрээ дохиотой замын цагдаагийн машин харагдах бөгөөд мотоцикл бүхий офицерууд, шууд удирдах дарга нь тэднийг шалгаж яваа нь харагдана. Уулзварт зөвхөн эмэгтэй зохицуулагч үүрэг гүйцэтгэх ажээ.
    Хотоос гадна явахдаа дугуй унасан замын загдаа явж байхтай тааралдав. Хот хооронд өдрийн цагт автомашинтай тааралдах нь ховорхон байв. Анх би ачааны автомашин дээр 200-300-ийн пошка ачсан машин явж байна гэж бодож байсан нь эндүүрэл байжээ. Тэрхүү пошканаас уур савсан байх нь уураар ажилладаг автомашин явж байгаа нь тэр бөлгөө.
    Мёхян уулнаас буцаж 180 орчим км замыг туулж явахдаа ганц ачааны машин, нэг бензтэй таарсан билээ.
    Хүүхдийн ордон, иж бүрэн цогцолбор нь орчин үеийн барилгын өвөрмөц шийдлээр баригдсан, төрөл бүрийн дугуйлангууд ажилладаг. Энэ удаа хүүхдийн ордонд концерт тоглох тул зочид их байлаа.
    Эхлээд сонгодог бүжиг болон ардын уламжлалт бүжгийн дугуйлангийн хичээлэлтийг үзэв. Дараа нь үндэсний хөгжим болон баян хөгжмийн хүүхдүүдийн дугуйлангаар орж тэдний чадварлаг тоглох нэг, нэг номеруудыг үзэж сонирхов. Монгол болсон тэмцээнд энэ ордоны хүүхдүүд оролцож нэгдүгээр байр эзэлсэн тухай өгүүлж байлаа.
    Ханз бичгийн дугуйланд долоон настай нэг охиныг бидэнтэй танилцуулсан бөгөөд тэр ханз үсгийг бийрээр уран чадварлаг бичиж сурахыг ихэд хичээж байв.
    Үзэгчдийн их танхимд бидний суудал хамгийн урд эгнээнд төв хэсэгт байв. Энэхүү суудлын байрлал нь бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Суудалд суухын өмнө орчуулагч бидэнд цэцэг авахыг санал болгов. Тоглолтын эцэст төлөөлөгчид урлагын тоглолт хийсэн хүүхдүүдэд цэцгийн баглаа бэлэглэдэг уламжлалтай .
    Удалгүй гадаадын зочин төлөөлөгч суудал эзлэв. Тайзны өмнө оргилох усан оргилуурууд гэнэт зогсож, хөшиг онгойн тайз эргэж, эгнэн зогссон хүүхдийн найрал дуучид гарч эрэв. Шалны янз бүрийн хэсгээс микрофонууд машины автомат антенн шиг дээш сунан гарч, дуучид байрлалуудаа эзлэв. Сүрлэг сайхан дуугаар концерт эхлэх бөгөөд нэг цаг гучин минут үргэжилсэн концерт мөн л найрал дуугаар өндөрлөв. Тайзан дээр цэцгийн баглаа барьсан хүмүүсээр дүүрч, тэдэн дотор монголчууд бидний төлөөллийн цэцэг өргөн баригдлаа. Хүүхдүүдийн чадварлаг тоглолт, өөрсдөдөө итгэлтэй хөдөлгөөн, авьяас чадвар, энэ бүхэн цаанаа багш нарын ур чадварыг давхар илтгэж байлаа
    Биднийг гарахад үүдэн дээр машинууд тулж ирж зогсон суулгаад зочид буудлын зүг хөдлөв.
    Бидний дараачийн үзэх зүйл нь Солонгосын төв музей байлаа. Энэ музей нь Пхеньяны төв талбайд байрлах бөгөөд Солонгосын ард түмний түүхийг тусгасан гол музей юм. Музейн хаалгаар оронгуут их удирдагчийн сууж байгаа дүр бүхий хөшөө угтах бөгөөд бүх музей, үзвэрийн газрын үүдэн хэсэгт ийм хөшөө, эсвэл дурсгалын самбар заавал байрлуулсан байна.
    Уг музейг тохижуулахад ихээхэн анхаарал тавьсан нь мэдрэгдэнэ. Хоол идэх цаг тулсан байсан тул музейг бага хугацаанд хурдан үзэв. Эхний хэсэг бидэнд заадаг байсан хүний нийгмийн хөгжлийн үе болох хүй нэгдлийн үеэр эхлэнэ. Солонгосын олон ангит киноноос үзсэн эртний солонгосын тэнгисийн цэргийн жанжины хэрэглэж байсан хуягт усан онгоц харвах төхөөрөмжийн загварууд байна.
    Монгол хатадын оршуулгийн макет байна. Тэр талаар тайлбарлагч яагаад ч юм үг дуугаралгүй өнгөрөв. Түүхийн нэгэн үед монгол хатад солонгосын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэж байсан түүх музейд өөрийн гэсэн байраа эзэлсэн байна.
    Хүний нутагт байгаа миний нутгийн тасархайн эзэн буюу БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ломбо гуйатай уулзаж, нутгийн болон одоо цагийн сонин сайханыг хуучлан ярилцав. Хаана ч ажлаа мэддэг хүмүүс хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тийм хүмүүсийн нэг нь элчин сайд байлаа. Би дотроо эртний болон одоо цагийн солонгосын түүх бас хамтын ажиллагааны амьд түүх болсон тэр хүнээр бахархаж байлаа. Эмч, багш, цэрэг, дипломат зэрэг удах дутам туршлага нь арвижаж үйл ажиллагаа нь төгөлдөржиж байдаг хүмүүсийн хүчийг зөв ашиглавал төрийн ажилд тун хэрэгтэй, манай орны хөгжил дэвшилд том хүч болох билээ.

    НАЙМ. СОЁЛ УРЛАГ, МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ.
    Америктай хийсэн дайны явцад тодорсон нэгэн үйл явдлаар музей байгуулсан нь олзлогдсон Америкын цэргийн усан онгоц байх агаад тэрхүү түүхээр хоёр ч баримтад кино хийж түүнийг тус онгоцыг үзэгчдэд сурталчилна.
    Миний хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн газрын нэг бол Пхеньяны хөгжмийн сургууль байлаа. Сургалтын материалаг бааз, сурах орчин дээд зэргээр бүрдүүлсэн энэ газар монгол хүнийг сургахсан гэж дотроо бодож явлаа.
    Сургуулийн хичээлийн танхим нь бүлгээр болон ганцаарчилан сургалт явуулах танхим, бичлэгийн студи хэсэгчилсэн болон театрын хэмжээний тоглолт явуулах боломжтой юм. Сургалтын байрны ар талд оюутнуудын жагсааж нэг нь урд нь зргсоод цэрэгт үүрэг өгч байгаа шиг зогсохтой тааралдав. Танхимуудад оюутнуудтай багш нь нэг бүрчлэн сургалт явуулж, бидэнд зориулж ямар нэг номёр тоглолт хийж байлаа. Хамгийн том зааланд оркёстер бүрэн бүрэлдэхүүнээр сууж сургуулилт хийх бөгөөд нэгэн баатарлаг, сүрлэг аялгууг бидэнд зориулан тоглолоо.
    Сургуулийн өмнөхөн трамбайн эцсийн буудал байх агаад ажлын цагаар трамбай ажилладаггүй, ажил тарах, цугларах үед л явах нь үзэгдэнэ. Зарим газруудад зорчигч нь трамбайгаа түрж яваатай нэг бус тааралдав.
    Солонгосын угсаатны зүйн музейг сонирхов.. Энэхүү музейн байдал олон жил анхааралаас хол байсан сэтгэгдлийг надад төрүүлэв. Үзвэрүүдийн тайлбар гараар бичигдсэн, зураг тавигдсан зарим зүйл хэт хуучирсан нь анзаарагдана.
    Зарим танхимын үзвэрүүд давхардан тавигдсанаас гадна агааржуулах систем байхгүйгээс танхимуудаас содон үнэр ханхалж, амьсгалахад хэцүү ч газрууд таарч байлаа. Угсаатны зүйн музейн барилга нь манай байгалийн түүхийн барилгатай төстэй хэлбэртэй бас ойролцоо үед баригдсан байж магадгүй юм билээ.
    Циркийн зүг хүүхдийн жагсаал цуварна. Бид хүлээлгийн танхид сууж байлаа. Солонгосын байгалийн сайханыг зурсан гурван том зургийг хананд өлгөжээ. Удалгүй биднийг үзэгчдийн танхимд урьсан бөгөөд хүндэтгэлийн тусгай зассан ложенд суудалд суулгалаа.
    Цирк нь манайхтай адил дугуй талбайтайгаас гадна тусгай тоглолтын тавцантай тэр нь хөтөлгөөнтэй бөгөөд урагш тэлж томхон концертийн тавцан болж хувирах боломжтой хийгджээ. Циркын тоглолтууд жүжүигчдийн ур чадварыг илтгэнэ. Номёруудын хооронд завсар байхгүй нягт төлөвлөн тоглолтыг зохион байгуулжээ.
    Хүүхдийн хөгжөөнтэй шуугиан баясгалантай дуутай хамт нэг цаг хагас үргэжилсэн тоглолт өндөрлөв. Сумогийн их аварга Даваадорж энэхүү циркын хамт олны тоглолтыг монголд тоглуулахаар урьсан тухай бидэнд танилцуулж байлаа.
    ЕС. МЁХАН УУЛАНД ЗОЧИЛОВ.
    Өглөө эрт Мёхян уул руу хөдөллөө. Энэ уул хүртэл 160 гаруй км замыг туулна. Хотоос бидний өмнө комби “өвгөн” бенз яваа нь оросын төлөөлөгчид байлаа. Бид тэднийг гйүцэж түрүүлэв. Мёхян уул хүртэл машинтай таарсангүй. Замын хажууд эвдэрч зогсоод зорчигчдоо буулган зогсох нэг автобус таарсан. Замын дагуу алсыг зорин яваа хүмүүс харагдана.
    Уулсын хоорондыг дүүргэх тариан талбайд хүмүүс ургац хурааж байгаа нь үзэгдэнэ. Замын хоёр талаар мод тарьсан байх агаад түүний завсараар хот, тосгод үзэгдэж, тариан талбай тэдгээрийг холбоно. Хаяа шороо босгон хурдлах автомашин үзэгдэх бөгөөд тэр нь тун ховор тохиолдох зүйл юм.
    Өмнө конус хэлбэрээр барилга тодрон ирсэн нь бидний зорьсон Мёхян ууланд хүрч ирсэн хэрэг байлаа. Энэхүү зочид буудлын өмнө бидний машин ороод гурван автоманшин зогсож байгааг бодоход өнөөдөр хүн цөөтэй хэрэг биз ээ.
    Зочид буудалд хоолны захиалга өгч 22 ам доллар тушаав. Тэгээд цааш хөдлөн нэгэн харуулын цэг дээр ирж зөвшөөрөл авав. Тэрхүү байшингаас үндэсний хувцас өмссөн бүсгүй гарч ирсэн нь бидэнд тайлбарлах музейн ажилтан байлаа.
    Дээш өгссөөр нэгэн барилгад тулж ирсэн нь их удирдагч Ким ир сений музей байх агаад түүн дотор ороход уг байшингаас цааш үргэжилэн уулын доор байрлах бэлгийн үзэсгэлэнгийн том тасалгаануудад явж очно. Эхний тасалгаа нь уламжлал ёсоор их удирдагчийн хөшөө байх бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлж мэхийн ёслоно.
    Гадаадын орнуудаас өгсөн бэлэг нь вагоноос авахуулаад автомашин, алтан сэлэм зэрэг үнэхээр зүйл бүрийн бэлгээр арвин ажээ. Энд тухайн үеийн улс орнуудын хөгжлийн байдал онцлогыг тусгасан үзвэр, бэлгүүд байдаг. Тэдний дотор монголын төлөөлөгчдийн өгсөн морин хуур, хивс, мөнгөн аяга, бөгж зэрэг зүйлс байх ажээ.
    Бэлгийн үзэсгэлэнгийн дээд давхарт амрах тавцан байх бөгөөд тэнд сууж цай ууж, сэтгэгдэлээ тусгай цаасан бэлтгэсэн цаасан дээр үлдээнэ. Миний хувьд байгалийн сайханы тухай, хүмүүс хамтран энх тунх амьдарч болох тухай сэтгэгдэлээ бичиж үлдээв.
    Энэхүү уулын доор байрлах томоохон үзэсгэлэнгийн танхимууд хүү Ким чен ирийн бэлгийн музейд мөн адил үргэжилнэ. Тэнд монголын төр засгийн төлөөлөгчдөөс өгсөн бэлэг байрлана.
    Хоёр үзэсгэлэнг үзсэний дараа уулын ширүүн урсгалт голын эрэгт тусгай зассан тавцан дээр бэлтгэсэн зүйлээр мах шаран өдрийн хоолоо хээрийн нөхцөлд идэв. Хээрийн нөхцөлд гэдэгт махаа тусгай шарагч дээр хоёр кг нарийхан зүссэн бэлтгэсэн мах шарж, хэдэн төрлийн ногоо будаагаар хачирлан хооллохыг хэлнэ.
    Мёхян ууланд байрлах буддагийн хийдэд солонгосын эртний их хэмжээний ном судрууд байсан бөгөөд түүнийг сэргээн хадгалах нүсэр их ажлыг эрдэмтэд, ажилтнууд хийж гүйцэтгэжээ.
    Мёхян уулнаас буцаж явахдаа хамт яваа солонгос хүмүүстэйгээ сэтгэгдэлээ хуваалцаж явав. Харилцан бие биенээс их зүйл сурсан тухай тэмдэглэн ярьж байлаа.
    Цэргийнхэний их удирдагчдаа өгсөн бэлгийн музей байх бөгөөд тэр харуул хамгаалалттай нэгэн цэргийн ангид байрладаг. Цэргийн анги салбарын дайчин бүр сэтгэл, зүтгэл гарган хэдхэн мм-ийн жижиг сувд болон далайн зүйлийг цуглуулан хамт олноороо урлан бүтээсэн хөрөг зураг, макет зэрэг урлагын бүтээлээс үзэсгэлэн бүрдэнэ. Танхим болгоны эхэнд их удирдагчийн морьтой, маршилын мундиртай зураг байх бөгөөд ямар нэг өндөр уулын орой дээр салхи татуулан давхиж ирээд амыг нь огцом татан зогсоох сүрлэг дүр зураг нүдэнд буух ба орост Кутузовын ийм зураг харж байсантай тун төстэй байлаа.
    Дараа нь цэргийн түүхийн музей үзсэн бөгөөд голдуу хоёр солонгосын хоорондын дайны түүхийг өгүүлж, байгуулсан ялалтаа өгүүлнэ. Үзэсгэлэнгийн макетууд тун өвөрмөц хийсэн байдаг. Ийм нүсэр хийцтэй макетуудыг амьдралдаа анх удаа харж байгаа билээ. Тухайлбал өндөр уулыг даван баатарлаг гавъяа байгуулсан жолооч нарын тухай өгүүлсэн макет тухайн үйл явцыг тайлбартай үзүүлэн танилцуулна.
    Хамгийн дээд давхарт нэгэн хотыг эзлэсэн түүхэн тулалдааныг өгүүлсэн макет нь үзэгчид голд нь сууж 15 минутын хугацаанд тавцан нь эргэлдэж тухайн үеийн түүхийг өгүүлнэ. Музейн подвальд нисэх онгоц, танк, их буу, усан онгоц, автомашин зэрэг дайны үеийн түүхийн үзвэрүүд байна.
    Солонгост байх хугацаа дуусч галт тэрэгний буудалд очиж, вагонд суулаа. Энэ удаа өмнө хил дээр цуг нэгэн купед сууж ирсэн хүн мөн л хамт буцахаар нэг купенд таарав. Энэ удаа манай купе идэж уух, зүйлээр бүр ч элбэг баян, бүх төрлийн хоол, пиво, архи бүгд байв. Хуучин танилаас гадна хичээл насны нэг хүн, түүний харцаар ажиллах нэг залуугийн хамт бид бээжинг зорин хөдөллөө.
    Тэд намайг дэлгэж тавьсан хоолоороо дайлж, ундаалав. Тэдний хувьд лаазтай шар айрагийг хэрхэн онгойлохыг мэдэхгүй будилсаныг эс тооцвол хооллолт сайхан болж өнгөрөв. Бидний суусан вагонд Зам тээврийн сайд явсан бөгөөд түүнийг дагалдан яваа хүмүүс вагоныг дүүргэж байлаа. Вагон нь тусгай, жирийн вагоныг бодвол өөр, цэвэрхэн. Төмөр замын зогсоолууд өмнөх явалтыг бодвол хүний хөдөлгөөн бага, дэг журам сайтай, цэргийн хүмүүс үзэгдсэнгүй. Хил дээр ч нэг их нарийн шалгасангүй. Харин дөрвөн суудлын вагоноос гурав нь үлдэж, нэг нь бээжингийн зүг хөдөллөв. Анх хил дээр угтаж нэгэн купенд сууж, танилцсан нөхөр буцахад ч нэгэн купенд хамт явав. Тэгээд тэр нөхөр хятадын хил дээр үлдэв. Умард солонгост өнгөрүүлсэн хэдэн өдөр ийнхүү ард хоцров. Хаалттай гэж ярьдаг боловч монголчуудад нээлттэй энэ улсад байсан өдрүүд надад олон сонин сайхан дурсамж үлдээсэн билээ.

    djmedia:393